Categories
мэдээ нийгэм

О.Чинзориг: Mэдээллийн технологийг ашиглан иргэдэд нээлттэй хотыг бий болгоно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрт технологийн шийдлийг ашиглан иргэдэд нээлттэй “Ухаалаг хот бий болгоно” гэсэн зорилт дэвшүүлсэн. Уг ажлын хүрээнд төрийн үйлчилгээг цахим системд нэвтрүүлэх байнгын ажиллагаатай ажлын хэсгийг байгуулсан бөгөөд энэ талаар нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.ЧИНЗОРИГТОЙ ярилцлаа.

-Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор цахим системийг нэвтрүүлэх ажлын хэсэг байгуулсан. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нь хотынхоо 1.3 сая иргэнд төрийн үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй үзүүлэхийн тулд энэ ажлын хэсгийг байгууллаа. Нийслэлээс үзүүлж байгаа төрийн үйлчилгээг цахимжуулах, Нийслэлийн засаглалын үйл ажиллагааг мэдээллийн технологийн шийдлүүдийг ашиглан сайжруулах, нийслэлийн иргэдийг ил тод мэдээллээр хангах бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг юм.

– Мэдээллийн технологийн чиглэлээр ямар ямар ажил хэрэгжүүлж байна вэ?

-Нийслэлийн орон зайн дундын мэдээллийн санг бий болгох томоохон ажил ид өрнөж байна. Нийслэлийн харьяа байгууллагуудад төрөл бүрийн мэдээллүүд байдаг боловч энэ мэдээллүүдийг нэгтгэн харж дүн шинжилгээ хийх боломж хязгаарлагдмал байна. Үүнээс шалтгаалан судалгаа шинжилгээ муутайгаар шийдвэр гаргах явдал байдаг. Үүнийг шийдвэрлэх зорилгоор орчин үеийн хотуудын ашиглаж байгаа газарзүйн мэдээллийн системд суурилсан мэдээллийн сантай болж байгаа юм. Энгийнээр тайлбарлавал, орон зайн буюу газарзүйн байршилтай холбоотой мэдээллийг бусад нийгэм, эдийн засгийн статистикийн тоон мэдээллүүдтэй хамтад нь харж хотын удирдлагууд дүн шинжилгээ судалгаанд суурилсан шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх, иргэдийг нээлттэй мэдээллээр хангах гээд олон давуу талыг бий болгоно.

– Авто тээврийн хэрэгсэлтэй холбоотой аппликейшн нэвтрүүлэх гэж байгаа талаар тодруулбал?

-Нийслэлд өдөр тутмын хөдөлгөөнд оролцож байгаа 460 мянга орчим тээврийн хэрэгсэл байна. Тээврийн хэрэгсэлтэй холбоотой асуудлууд олон байдаг шүү дээ. Тухайлбал, жолооч, тээврийн хэрэгсэл, даатгал, оношлогоо, торгууль, татвар осол, мэдээж замын түгжрээ, зогсоол агаарын бохирдол такси, нийтийн тээвэр гэх мэт олон асуудлыг зохицуулах шаардлага үүсч байна. Иймд Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас иргэдийн амьдралын өдөр тутмын хэрэглээ болсон авто тээврийн хэрэгслийн мэдээллийн дундын санг бий болгож тээврийн хэрэгсэлтэй холбоотой мэдээ мэдээллийг иргэд олон нийтэд нэг дороос өгөх боломжийг бүрдүүлэх, үйлчилгээг хурдан шуурхай тэгш хүртээмжтэй хүргэхээр SmartCar цахим системийг нэвтрүүлэхэд бэлэн болоод байна. Уг цахим систем болон ухаалаг утасны аппликейшнээр дамжуулан эзэмшиж буй тээврийн хэрэгслийн мэдээллийг хянах, aгаарын бохирдлын татвар, зам ашигласны төлбөрөө орон зайг үл хамааран онлайнаар төлөх боломжтой болж байгаа юм.

– Нийслэлийн хөрөнгө оруулалтаар ямар ажил хийж байна вэ?

-Нийслэлийн төрийн үйлчилгээнд Төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системээр дамжуулан нэгэн шинэ системийг нэвтрүүлж эхэллээ. Иргэд төрийн үйлчилгээг авах гэж өөр төрийн байгууллагаас лавлагаа хуулбар авдаг, чирэгдэл үүсдэг асуудлыг шийдэх зорилготой юм. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөс үйлчилгээ авч буй иргэд цахим үнэмлэхтэйгээ байхад зарим төрлийн лавлагааг хуулбар нотариат шаардахгүй төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах, хөрөнгө мөнгө, цаг хугацаа хэмнэх боломжтой болж байна. Мөн нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа бүтээн байгуулалтыг иргэд олон нийт хянах, дугаар хорооны иргэн манай хороонд эсвэл дүүрэгт нийслэлээс ямар бүтээн байгуулалт хийх гэж байгаа, ямар төсөвтэй, ямар гүйцэтгэгч гүйцэтгэж байгаа, ажлын явц ямар байгаа зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг харж болох орон зайн мэдээллийн системд суурилсан Шилэн тендер системийг хөгжүүлж 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс олон нийтэд танилцуулахаар ажиллаж байна.

-Нийслэлийн албан хаагчид тоон гарын үсэг хэрэглэж байна гэж мэдээлэл авсан. Энэ талаар тодруулбал?

-Мэдээлэл технологийн салбар хурдацтай хөгжиж байгаа энэ үед интернэт орчинд төрийн үйлчилгээ авах, гэрээ хэлцэл хийх болон албан бичиг илгээх, хүлээн авах зэрэг олон төрлийн хэрэгцээ үүсч байна. Эдгээр хэрэгцээг хангахад цахим орчинд холбогдсон хүмүүс хоорондын итгэлцлийг бий болгох, мэдээллийг аюулгүй дамжуулах, нууцлан хамгаалах, бүрэн бүтэн байдлыг хангах, цахим орчинд иргэнийг таних, аливаа үйлдэл, хэлцэл, баримт бичгийн эзэн, эх сурвалжийг тогтоох, түүнээсээ үл татгалзах шинжийг хангах зайлшгүй шаардлага тулгаран гарч байна. Иймд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлдэг үйлчилгээ, албан бичиг, иргэд аж ахуйн нэгжүүдэд үзүүлэх үйлчилгээнд тоон гарын үсгийг нэвтрүүллээ. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад анх удаа тоон гарын үсэг ашиглах болсноор албан хаагчид албан хэргийг цахимаар хөтөлж эхлээд байна. Тоон гарын үсгийг нэвтрүүлж цаасан бичиг баримт солилцох асуудлыг цахимаар шийдсэн нь цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэсэн шийдэл юм. Цаашид тоон гарын үсгийг зөвхөн албан хэрэг хөтлөлтөөр зогсохгүй төрийн үйлчилгээнд хэрэглэх нь төрийн үйлчилгээ ухаалаг болоход томоохон дэвшил авчирна. Түүнчлэн тоон гарын үсгийг нэвтрүүлснээр үйл ажиллагааны зардал, бичиг хэрэг, шуудан хүргэлт, архивын зардал багасгах, нийслэлээс үзүүлж буй үйлчилгээний шийдвэрлэлтийн явц хурдсах, үйлчилгээний хүртээмж чанар сайжирч байгаа юм. Цаашид нийслэлээс үзүүлж буй үйлчилгээг онлайнаар үзүүлэх боломжтой болно.

-Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх анхан шатны нэгж нь хороо байдаг. Нийслэлийн 9 дүүргийн хороодод төрөөс үзүүлж байгаа үйлчилгээг нэвтрүүлэх ажил ямар шатандаа явж байна вэ?

-Нийслэлийн засаг захиргааны анхан шатны нэгж болох хороодоос иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, нутгийн захиргааны байгууллагууд хоорондоо өндөр хурдны сүлжээгээр мэдээлэл солилцох, орчин үеийн ухаалаг тоног төхөөрөмж, системийн шийдлүүдийг нэвтрүүлэх, мэдээ мэдээллийг цаг алдалгүй, түргэн шуурхай авах боломжийг НМТГ бүрдүүлэн ажиллаж байна. Тухайлбал, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар болон 23 хороог нийслэлийн нэгдсэн өндөр хурдны шилэн кабелийн сүлжээнд холбосноор өндөр хурдтай, найдвартай, түргэн шуурхай үйлчилгээ авах боломжоор иргэдийг хангалаа. Ингэснээр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, нийслэлийн Газрын алба, нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Төрийн сан, нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн Мэдээллийн технологийн газар зэрэг зургаан байгууллагаас үзүүлж буй үйлчилгээг Баянгол дүүргийн 23 хороонд шууд үзүүлэх боломж бүрдсэн.

-Цахим сүлжээг нэвтрүүлсэн нь сайн боловч мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах нь чухал. Энэ талаар юу хэлэх вэ?

-Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын цахим мэдээллийн сангийн аюулгүй байдал, найдвартай ажиллагааг хангах, мэдээлэл солилцох, төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээг түргэн шуурхай, нэг цэгээс үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн Дата төвийг 2011 онд байгуулсан бөгөөд сервер, систем болон гадаад, дотоод сүлжээ, шилэн кабелийн үндсэн тоног төхөөрөмжүүдийн өдөр тутмын хэвийн найдвартай ажиллагааг хариуцан ажиллаж байна. Иймээс мэдээллийн аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарч, хадгалах тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, сүлжээ, серверийн хэвийн найдвартай ажиллагааг хангах стандартын шаардлага хангасан өрөөний зай багтаамжийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулж хэт шахуу байрласны улмаас нэмэлт тоног төхөөрөмж суурилуулах боломжгүй, хөргөлт, чийгшүүлэгч систем бүрэн хүчин чадлаараа ажиллахгүй, засвар үйлчилгээ үзүүлэхэд хүндрэлтэй байсан зэрэг асуудлыг шийдвэрлэсэн.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.

Танилцуулгын дараа нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд нийслэлийн нутгийн захиргааны зарим байгууллагын шинээр томилогдсон удирдах албан тушаалтнуудыг танилцууллаа.

Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 26302 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 1.1 хувиар, гэмт хэргийн шинжтэй 1021 үйлдэл бүртгэгдсэн нь 8.8 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна. Явган эргүүлийн 2588 чиглэлд 4168 цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа, сонсогч, машинт эргүүлд 56 автомашинтай 112 офицер, цагдаа үүрэг гүйцэтгэн бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 1841 иргэнийг саатуулж, биеэ авч явах чадваргүй 294 иргэнийг ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч, 78 гэмт хэргийг халуун мөрөөр нь илрүүлж ажилласан” гэж танилцуулав.

“Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 3355 дуудлага мэдээлэл ирснээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 112, зөрчлийн шинжтэй 966 дуудлагад очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулан, 1078 ослыг материалжуулан шалгаж байна. Гудамж замд хийсэн шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.4 хувиар буурсан байна” гэж Замын цагдаагийн албаны Замын хөдөлгөөнийг зохицуулах хэлтсийн дарга хурандаа Б.Батболд хэллээ.

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн байдалд хийсэн шалгалтад 636 аж ахуйн нэгж байгууллага хамрагдсан. Эдгээрээс 192 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг зохих орон тоонд ажиллуулаагүй, ажлын байрны төлбөрийг төлөөгүй байна. Улсын байцаагчийн 116 акт үйлдэж 348 сая төгрөгийн нөхөн төлбөр тавьснаас 97 байгууллагад 277 сая төгрөгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн санд төвлөрүүлсэн. Мөн 125 аж ахуйн нэгж байгууллагад 25.4 сая төгрөгийн захиргааны хариуцлага ногдуулж, 100 аж ахуйн нэгжид 6 заалт бүхий улсын ахлах байцаагчийн зөвлөмжийг хүргүүлсэн” гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.

Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Засгийн газраас гаргасан “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” албан даалгаврыг хэрэгжүүлж, үр дүнг сар бүрийн 5-ны дотор тайлагнаж ажиллах, төсвийн сахилга батыг сайжруулж, байгууллагын үргүй зардлыг багасгаж, нийслэлийн өмчийн үр ашгийг дээшлүүлэх, дотоод хяналт шалгалтаа сайжруулж, үр дүнг шаардаж ажиллах нь зүйтэй” гээд Нийслэлийн эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлээс хөрөнгө шаардагдахгүй ажлуудыг эрчимжүүлж ажиллах, он дуустал үлдэж буй хугацаанд төсвийн орлого бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэн, төсвийн орлогын ногдол төлөлтийг бүрэн хийж, өр авлагыг барагдуулах, газрын дуудлага худалдаа, өмч хувьчлалыг шуурхай зохион байгуулснаар төсөвт төвлөрөх орлогын бүрдүүлэлтийг ханган ажиллах, нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэд, аж ахуйн нэгжээс ирүүлсэн албан бичиг, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд бүх шатанд анхаарч, дутагдал гаргасан холбогдох албан тушаалтанд тухай бүр хариуцлага тооцож ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

05 цагаас эхлэн цас цэвэрлэж, 67 тонн бодис цацав

Нийтийн эзэмшлийн зам талбайн цасыг цэвэрлэж байнаНийслэлийн Хот тохижилтын газрынхан өнөө өглөө 05.00 цагаас эхлэн хариуцсан нийтийн эзэмшлийн гудамж талбай, авто зам, явган замын цасыг түргэн шуурхай арилгах арга хэмжээг авахаар нийт 37 машин техник, 360 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Өнөөдөр 10.00 цагийн байдлаар давс бодис цацах зориулалтын 11 камаз машинаар Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Нийслэл хүрээ өргөн чөлөө, Зайсангийн гудамж, Баянхошуу, Толгойт, Дүнжингарав, Наадамчдын зам, Баянзүрхийн товчоо зэрэг газарт 67 тонн бодис цацав. Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбайн цас цэвэрлэгээнд 3 машин, явган хүний замын цэвэрлэгээнд бичил механик шүүр, цас үлээгч төхөөрөмжүүдийг ашиглаж байна гэж нийслэлийн Хот тохижилтын газраас мэдээллээ.


Categories
мэдээ улс-төр

УИХ дахь МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна

УИХ дахь МАН-ын бүлэг Төрийн ордонд хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга баасан гарагт Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль тус бүрт бүхэлд нь хориг тавьсан. Төсвийн тодотголд хориг тавьснаар тус хууль хэрэгжих боломжгүй байдалд хүрсэн тул цаг алдалгүй хэлэлцэх шаардлага үүссэн юм.

АН-ын бүлгийн гишүүд орон нутагт томилолттой яваа тул бүлгийн хуралдааныг маргааш хуралдуулахаар болжээ.

Categories
мэдээ нийгэм

Залуу судлаач, эрдэмтдийг дэмжиж хамтран ажиллахаар болов

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Нийгмийн Шинжлэх Ухааны Залуу эрдэмтдийн холбоо төрийн бус байгууллагатай хамтран оны шилдэг бүтээл шалгаруулах “Хүрэлтогоот-2017” эрдэм шинжилгээний бага хурлыг 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Одон орон судлалын Хүрэлтогоот цогцолборт зохион байгууллаа.

Тус хурлыг нээж Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир, Монголын Залуу Эрдэмтдийн Холбооны тэргүүн Д.Баттогтох, Ниигмийн Шинжлэх Ухааны Залуу Эрдэмтдийн Холбооны тэргүүн Б.Пүрэвсүрэн нар үг хэлэв.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир “Залуучуудын хөгжил судлалын залуу эрдэмтэн, судлаачдын судалгааны ажил, тоог нэмэгдүүлэх, эрдэмтдийн залгамж халааг бэлтгэх, шинжлэх ухааны салбарт өндөр технологи, инновацийн бүтээлч тогтолцоог бий болгох, залуу эрдэмтдийн эрдэм шинжилгээний бүтээл, судалгааны ажлыг дэмжин олон нийтэд таниулах, төсөл хөтөлбөрт хамруулах боломжийг бий болгоход томоохон хувь нэмэр оруулж буй “Залуу эрдэмтдийн холбоо” ТББ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хүрэлтогоот-2017” эрдэм шинжилгээний бага хурлыг хамтран зохион байгуулж байна.

Энэ оноос тус эрдэм шинжилгээний бага хурлын нийгмийн ухааны салбар хуралдаанд “Залуучууд судлал”-ыг тусгай чиглэл болгон оруулах болсныг Та бүхэнд уламжлахад таатай байна. Энэ жил нийгмийн ухааны салбар хуралдаанд илтгэлээ хэлэцүүлж буй 14 залуу судлаачдад Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын нэрэмжит мөнгөн шагнал, мэдээллийн технологийн чиглэлийн нарийн мэргэжлийн хоёр сургалтад үнэ төлбөргүй суух эрхийн бичгээр шагналаа” хэмээв.

Залуу судлаач, эрдэмтдийг дэмжиж хамтран ажиллахаар боловТус хуралд Залуучууд судлалын хөгжлийн чиг хандлага сэдэвт илтгэлийг МУИС-ийн Социологи Нийгмийн ажлын тэнхимийн багш доктор П.Цэрэнбазар танилцууллаа. , МУИС-ийн Монгол хэл, хэлшинжлэлийн тэнхимийн багш, доктарант Т.Эрдэнэ-Очир “Хэлний судлалын үүднээс метофорыг харьцуулан судлах арга зүй” сэдвээр илтгэл хэлэлцүүлж нэгдүгээр байрт, ХСИС-ийн докторант Б.Мөнхдорж “Хорих ялыг дүйцүүлэн тооцоход математик, статистикийн аргачлал ашигласан нь” сэдэвт илтгэл хэлэлцүүлж хоёрдугаар байрт, ШУТИС-ийн докторант М.Бурмаа “Ухаалаг хотын түвшний үнэлгээ” сэдэвт илтгэл хэлэлцүүлж гуравдугаар байрт тус тус шалгарав.

Нийт 14 илтгэл хэлэлцүүлснээс магистр Н.Батзоригийн “Моргейжийн зээлийн социал үр дагавар, зээлдэгчдэд үзүүлж буй нөлөө”, докторант Б.Дөлгөөний “Нийтийн тээврийн үйлчилгээний эдийн засагт гүйцэтгэх үүрэг, нөлөөлөх хүчин зүйл”, зэрэг илтгэлүүд сонирхол татахуйц, дэвшүүлсэн асуудлыг нарийвчлан судалж, хэрэгжүүлж болохоор давуу талтай байлаа. Дашрамд хэлэхэд эхний хоёр байрт шалгарсан илтгэгчид БСШУСЯ-ны сайдын нэрэмжилт мөнгөн шагнал болох дөрвөн сая төгрөгөөр шагнуулж, судалгаа шинжилгээний ажилдаа зарцуулахаар болсон юм.

Цаашид Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар залуу эрдэмтдийг дэмжих, залуучууд судлалыг хөгжүүлэхэд онцгой анхаарч ажиллах болно гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Л.Бадамцэцэг: Өөртөө итгэлгүй, бэлгийн амьдралдаа хангалуун бус этгээд хүүхэд сонирхдог тал бий

НҮБ-ын байранд болсон “Сургуулийн орчин дахь жендерт суурилсан хүчирхийллийг бууруулах нь” үндэсний бага хурлын үеэр Гэр бүл, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн, сэтгэлзүйч Л.Бадамцэцэгтэй ярилцлаа.

-Сүүлийн үед хүүхдийн эсрэг хүчирхийллийн тухай мэдээлэл их цацагдах боллоо. Бага насны хүүхдүүд хүчирхийлэлд өртөж байгаа нь юуг харуулж байна вэ, энэ нийгэм зэрлэгшээд байна уу, сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүс олшроод байна уу?

-Хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа хүчирхийллийг өссөн үү, буурсан уу гэдэг дээр харьцуулах суурь судалгаа байхгүй байна. Хүүхдийн эсрэг хүчирхийлэл байх ёсгүй зүйл, учир нь манай улс хүүхдийн эсрэг хүчирхийллийг хуулиараа бүрэн хориглосон дэлхийн цөөхөн орны нэг. Нэг тохиолдол гарсан ч олон хүн санаа зовж, ийм хэргийг дахин гаргахгүйн тулд ярилцах нь зөв л дөө.

Хүчингийн гэмт хэрэг дотор ураг төрлийн хүчингийн гэмт хэрэг бараг гуравны нэгийг нь эзэлдэг. Гэр бүлд болж байгаа асуудал зөвхөн тухайн өрхийн асуудал гэж олон нийт орхихгүй байгаасай гэдгийг энд хэлээд байгаа юм. Хүүхдийг хүчирхийлсэн гэмтэн гэр бүлийн бус гадны хүн байвал маш хурдан хуулийн байгууллагад мэдэгддэг. Ураг төрлийн хүчингийн хувьд хохирогч нь хүчирхийлэл үйлдэгчээсээ сэтгэл санааны, эдийн засгийн, хамаатан садны гэх мэтээр маш олон хамааралтай байдаг учраас нуугаад өнгөрөх нь цөөнгүй. Гэмт этгээд баригдчихвал тухайн ам бүлийн үлдэж байгаа хэдэн хүн тэжээгчээ алдахаас айдаг. Гэхдээ тэжээгч гэдгээр гэмтнийг хаацайлах ёсгүй. Магадгүй өнөөдөр хүүхэд хүчирхийлээд баригдсан хүн урьд нь удаа дараа хүүхэд хүчирхийлсэн тохиолдол байдаг. Өөртөө итгэлгүй, бэлгийн амьдралдаа хангалуун бус, магадгүй насанд хүрсэн эмэгтэйтэй бэлгийн харьцаанд орлоо гэхэд өөрийгөө голдог этгээд юу ч мэдэхгүй хүүхдийг сонирхдог тал бий.

Тодорхой насанд хүрэхээр хүнд бэлгийн сэрэл үүсдэг. Үүнийг ухамсар, оюунаараа зохицуулна. Хүүхэд хүчирхийлсэн этгээдүүд бусадтай зүв зүгээр харьцаад явдаг. Сэтгэцийн өвчтэй байлаа ч, гудамжинд хүний хүүхдийг барьж авахгүй л байгаа биз дээ. Энэ бол хэрэг хариуцах чадвартай, хэргээ нууцалж байна гэдэг бол эрүүл ухаантай хүний л шинж. Олон улсын судалгаа ч бий. Хэрэгтний сэтгэцийн эрүүл мэндийг оношилж, хэрэг хариуцах чадвартай эсэхийг хамгийн түрүүнд тодорхойлдог. Бага насны хүүхэд эмзэг, хүчирхийлэлд өртлөө гэхэд уйлна уу гэхээс биш өөрөөр яаж илэрхийлэх вэ.

Ийм тохиолдолд эцэг эх, ах эгч нь уйлагнаад байгаа хүүхдийн эмзэг, хэсгүүдийг нь шалгаж, шарх, шалбархай, цусны болон бусад өнгөтэй толбо, сорвийг үзэх хэрэгтэй.

-Гурван настай хүүхдийг төрсөн эцэг нь хүчирхийлсэн тухай мэдээлэл сошиалаар цацагдсан байна лээ?

-Гэр бүлд гарч байгаа хүүхдийн эсрэг хүчирхийллийн дараа ихэвчлэн ээжийг буруутгадаг. Гэтэл тэр ээж өөрөө гэр бүлийн хүчирхийлэлд байнгын дарамтанд байх тохиолдол олон. Хүний заяагдмал чадвар нь өөрийгөө хамгаалах байдаг. Өөрийгөө ч хамгаалж чадахгүй, хүчирхийлэл дарамтанд олон жил байсан хүн хүүхдээ хамгаалж хүчрэхгүй байгааг буруутгахад хэцүү. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэнийг мэдсэн анзаарсан хүн болгон мэдээлдэг байхаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх болон Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудад заасан. Хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдэгдсэн, эсхүл үйлдэгдэж болзошгүй тохиолдлыг мэдсэн иргэн заавал мэдээлэх үүрэгтэй. Ялангуяа багш ажилтан, эмч, төрийн байгууллагын албан тушаалтнууд хуулиараа цагдаа, цагдаагийн ажилтан эзгүй, боломжгүй тохиолдолд тухайн нутаг дэвсгэрийн Засаг даргад заавал мэдээлэх үүрэгтэй.

-Сая дурдсан тохиолдолд ээж, гэр бүлийнхний зүгээс мэдээлэл өгөөгүй юм байна. Хүүхдийг үзсэн эмч мэдээлэл өгч, холбогдох газар нь хандсан юм билээ?

-Тэр эмч үнэхээр хариуцлагатай байна. Эмч, цэцэрлэгийн багш, хичээл зааж байгаа багш нар хүүхэд цовоо цолгиун байна уу, тусламж шаардлагатай байна уу, өвчиндөө шаналаад байна уу гэдгийг ялгаж, хүчирхийллийн шинж тэмдгийг таних нь чухал.

Хүүхэд өөрийгөө хамгаалах чадвартай болтол нь эцэг эх, хамаатан садан, багш эмч, бүх нийтээрээ хүүхдийг хамгаалах учиртай.

-Таагүй мэдээлэл ар араасаа цацагдаж, эцэг эхчүүд ч түгшиж байна. Яаж хүүхдээ энэ бүхнээс хамгаалах вэ?

-Манайд энэ талын эрх зүйн орчин хангалттай, ял шийтгэл ч чанга талдаа. Гол нь хүүхэд хүчирхийлүүлж байгааг оройтож мэдэж байна. Хүүхдийг хэлд орох цагаас нь эхлээд л эцэг эхчүүд, багш нар хүрэхүйн тухай ойлголтыг заах хэрэгтэй. Хүүхдүүдэд гэр бүлийн боловсрол, бэлгийн боловсрол, бусадтай харилцах урлаг, бэрхшээлийг даван туулах, бусдаас тусламж хүсэх талаар сургах хэрэгтэй байна. Хүүхдийг багаас нь хаана нь хэн хүрч болохгүй вэ, биед нь, эмзэг хэсэгт нь хүрч, өвтгөж, хүч хэрэглэсэн тохиолдолд хэнд хандаж болохыг ээж, аав болон багш нар заах хэрэгтэй байна. Хүүхдийг харах хүнгүй бол цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээ зэрэгт заавал хамруулах хэрэгтэй.

Хүүхдийн байгууллагынхан мэргэшиж, гэр бүлийн үйлчилгээнүүд тодорхой байх учиртай.

-Ер нь хэн хүчирхийлэгч байх магадлалтай вэ? Боловсролын байдал болон зан чанарын онцлог байдаг уу?

-Хэн хүчирхийлэгч вэ гэдгийг гадаад төрх, биеэ авч яваа байдлыг нь хараад таних аргагүй. Сайхан хувцасладаг, боловсролтой, ажил дээрээ нэр хүндтэй хүмүүс, бас архичин, гудамжны зэрэг нийтээрээ жийрхдэг хүмүүс ч үйлдсэн байдаг. Хэрэг гарсны дараа хүмүүс “Тэр тэгсэн гэж үү дээ, худлаа байх” гэхээр хүн ч амьдрал дээр тохиолддог.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй орчинд хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдэгддэг. Ураг төрлийн хүчирхийллийг хойд эцэг нь үйлддэг гэсэн андуу ташаа ойлголт бий. Гэтэл сайн хойд эцгүүд зөндөө байна. Хүчирхийлэгч хэн ч байж болзошгүй учраас хүн бүр хүүхдийг хамгаалах л чухал байна.

-Бусад оронтой харьцуулахад хүчирхийллийн түвшин Монголд өндөр байдаг уу?

-Хүчирхийллийн тохиолдлууд зөвхөн Монголд ч биш хаана ч байдаг асуудал. Нэр алдартай, олны танил хүүхэд ч өртөж болно. Спорт урлагаар багаасаа хичээллэж, нэр алдарт хүрсэн охид, бүсгүйчүүд хүртэл продюссер, дасгалжуулагчийнхаа эрхшээлд автсан гадаадын тохиолдлууд яригдаж байна. Ер нь хүчирхийлэл насны хувьд, хүчний хувьд, эрх мэдлийн хувьд тэнцвэргүй харилцаа гэдэг нь харагдаж байгаа биз. Надад ч спортын шигшээ багт байдаг охин хандаж байсан. Дасгалжуулагч нь “Чиний жинд өрсөлдөгч олон байна” гээд бэлгийн сонирхлоо илэрхийлж, хүлээж авахгүй болохоор нь тухайн хүүхдийг багаас нь хасах бүх арга хэмжээг авсан тохиолдол гарсан. Хүн бүр хүүхдээ анхаарч, юу тохиолдож байгааг нь мэддэг байх учиртай.

-Та хүүхдийн хүчирхийллийн асуудлаар удаан хугацаанд ажилласан хүн. Хамгийн бага насны хохирогч нь хэдтэй байв?

-Бие махбодийн хүчирхийлэлд өртсөн зургаан сартай хүүхдийн ээж хандаж байсан. Бэлгийн хүчирхийллийн хувьд надад дөрвөн настай хүүхэд ирж байсан. Хүүхдээ цэцэрлэгт оруулж чадаагүй, айлд орхидог хүмүүс бий. Хөрш айлын 13 настай хүүд хүүхдээ орхиод аав, ээж нь ажилдаа явдаг байсан. Гэтэл хөршийн хүү дөрвөн настай хүүхдийг хүчирхийлсэн тохиолдол гарсан. Хохирогч хүүхэд уйлаад л байдаг. Залуу эцэг, эх өөрсдөө таамаглаад, мэргэжлийн сэтгэл зүйчид хандъя гээд ирсэн юм. Хүүхэд юу болсныг хэлж мэдэхгүй. Юу болсныг зурахыг хүсэхэд цаасан дээр ор зураад хоёр толгой давхралдсан байдлаар зурсан юм. 13-тай хүүхэд хүчингийн гэмт хэрэг үйлдсэн нь үнэн. Хэрэг хариуцах чадамжгүй учраас хэрэгсэхгүй болоод өнгөрсөн. Гэр бүлийн амьдралын замбараагүй байдал бэлгийн бойжилт нь явагдаж байгаа хүүхдүүдийн сонирхлыг татдаг. Хүүхдийнхээ дэргэд сексийн харилцаа үүсгэдэг аав ээжүүд байна. Тэрийг хараад бэлгийн бойжилт нь дөнгөж эхэлж байгаа хүүхэд сонирхдог. Зурагт, интернэтээр замбараагүй мэдээлэл цацагдаж байна. Үүнээс суралцдаг. Хэзээ ч өөрт нь байгаагүй мэдрэмж төрөхөд үзчихвэл яах бол гэсэн сонирхлоор насанд хүрээгүй хүүхдүүд ийм хэрэг үйлдэж байна.

-Хүчирхийлэлд өртөж амь насаа алдсан 13 настай хүүхдийг буруутгах хандлага ч гарсан. Ер нь эмэгтэй л бол хохирогчдыг буруутгах хандлага ажиглагдах юм. Хүүхэд гэнэднэ шүү дээ?

-Гэмт хэрэг гарсан газар зочид буудал. Олон хүн хамрагдсан болохоор хэргээс хуурай гарах гэсэн оролдлогууд байна. Хүчингийн гэмт хэрэг гэдэг хүч хэрэглэсэн л гэсэн утгатай. Хүч хэрэглэхээс гадна хууран мэхлэлт, итгэл эвдэх асуудал байжээ. Өөрийнх нь хувьд, хамгийн хэрэгтэй, үнэ цэнэтэй зүйлийг нь булаагаад авчихаар хүүхэд түүнийхээ араас явна. Хүүхдийн анхдагч хэрэгцээ нь утсаа тэр хүнээс салгаж авах байж. Дээр нь хэрэгтэн танихгүй хүн биш. хөршийнх нь ах байсан. Магадгүй энийг уучихвал чамайг явуулна гэх мэт яриа, тохироо байсан ч байж болзошгүй. Ер нь тийм юм болдог. Тэгэхээр охиноос хүч хэрэглэж утсыг нь булаангуут хойноос нь дагаж ирнэ гэдгийг тооцоолж, ирэхээр нь хуураад буудалд ороод согтоож, хүслээ гүйцээнэ гэсэн тактикийг гэмт хэрэгтнүүд аль хэдийнээ бодож олсон хэрэг биз дээ. Иймээс хүчингийн гэмт хэргийн хохирогчийг буруутгах хэрэггүй.

-Хүүхэд хохироход хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагууд юу хийж байна вэ гэсэн асуудал хөндөгддөг. Энэ хэргүүд дээр ямар оролцоотой байгаа вэ?

-Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэргэд Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв ажилладгийг хүмүүс мэднэ. Түүний дэргэд яаралтай тусламж үзүүлэх, хамгаалах байр ажиллаж байгаа. Хүүхдийн байгууллагад мэдээлэл ирсэн л бол яаралтай тусламж үзүүлэх боломж бүрдсэн. Хэрэг гарсан хойно хүүхдийн байгууллага яачихав гээд байдаг. Мэдээлэл чухал. Урьдчилан сэргийлэх ажлыг хороо суманд ажиллаж байгаа хамтарсан баг хийх үүрэгтэй. Мөн аймаг дүүрэг бүрт Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хэлтэс ажиллаж байна. Мөн хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх хүүхдийн ТББ-уудад хандаж болно. Хамгийн гол нь мэдээлэл чухал, бас урьдчилан сэргийлэх ажлын үр дүн айл бүрт, сургуулийн анги бүрт хүрдэг байх юм бол хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэрэг буурна.

Таван настай хүүхэд хүчирхийлэлд өртсөн өртөөгүй гэж яригдаад байна. Бэлгийн зорилгоор хүүхдийн хувцсыг тайлаад биед нь хүрсэн л бол хүчингийн хэрэг үйлдэгдсэн гэсэн үг. Заавал онгон хальс урагдсны дараа хүчин юм байна, хүрчихээгүй, хөндчихөөгүй юм байна гэж эргэлзэх хэрэггүй.

-Сургуулийн орчин дахь жендерт суурилсан хүчирхийллийг бууруулах тухай ярьж байна. Хүүхдийг гэмт хэрэгт өртөхөөс сэргийлэхэд багш нар, нийгмийн ажилтнууд юу хийж чадах вэ, ээж аав нарт хэн зөвлөх вэ?

-Энэ асуудал зөвхөн өнөөдөр яригдаж байгаа юм биш. Хүүхдийн эрхийн байгууллагууд олон жил ярьсан. Хүүхэд хамгийн их хугацааг боловсролын орчинд өнгөрүүлдэг. Хүүхэдтэй хэн ажиллаж байна гэхээр сургууль, цэцэрлэгийн багш нар. Багш нарын ойлголт мэдлэгээр дамжаад хүчирхийллийг таньж, өөрийгөө хамгаалах мэдлэг олгох тухай яригдана. Хүчийг дийлэхгүй ч хүнд дуулгах, хүчирхийллийг эсэргүүцэх, найздаа туслах гэх мэт нас насандаа өөрийгөө хамгаалах чадварыг хүүхдэд эзэмшүүлж болно.

Багш өөрөө хүчирхийлэл үйлддэггүй байх талаар ч яригдаж байна. Энэ хурлыг зохион байгуулагч байгууллагууд сургуулийн орчин дахь хүчирхийллийн асуудлаар судалгаа хийжээ. Өсвөр насны хүүхдүүд үерхэж, болзоонд явдаг. Болзооны үеэр бэлгийн харьцаанд орох санал тавих нь байж болох зүйл гэж судалгаанд оролцсон хөвгүүдийн 40 хувь нь хариулсан бол охидын 37 хувь нь мэдэхгүй гэж хариулсан байна. Мэдэхгүй хүн эрсдэл рүү алхаж ороход маш амархан. Багш нар ч хүүхдийг зодож болно гэж хэлээгүй ч “Хэлээд ойлгохгүй бол би яах юм бэ” гэж байна. Яахыгаа мэдэхгүй байгаа хүн чаддагаараа зодох, доромжлох, сэтгэл санааны болон бие махбодийн шийтгэл үзүүлэх, ангиас хөөж гаргах гэх мэт аргыг хэрэглэнэ. Гэтэл энэ нь хуулиар хориотой. Гэхдээ багш нарыг буруутгах гэсэн юм биш. Сахилгагүй хүүхдийг яах вэ гэхээр та хүмүүжлийнхээ аргыг өөрчил гэж дэлхий нийтийн шинэ хандлага онол гарч ирсэн, үүнийг “Хүмүүжлийн эерэг арга”гэж нэрлэж байна. Үүнийг багш бэлтгэдэг сургуулиудад хөтөлбөр болгож оруулж болно шүү дээ.


Categories
мэдээ улс-төр

Дэлхийн банкны Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Жэймс Андерсоныг хүлээн авч уулзлаа.

Дэлхийн Банкны групп өнгөрсөн 26 жилийн турш олон талын дэмжлэг туслалцаа үзүүлж 100 гаруй төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлсэнд Шадар сайд талархал илэрхийлэв.

Мөн ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн санхүүжилтийн багцад нэгдэж, “Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах” болон “Эдийн засгийн удирдлагыг сайжруулах Хөгжлийн бодлогын зээл”-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байгаа нь Монгол Улсын эдийн засгийн суурийг бэхжүүлэн, тогтвортой өсөхөд хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна гэв.

Шадар сайдаар томилогдсонд нь Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Жэймс Андерсон баяр хүргээд хэрэгжүүлж буй ажлынхаа талаар товч танилцууллаа.

Дэлхийн банкны групп ирэх таван жилд Засгийн газартай хамтран ажиллах Түншлэлийн стратегиа боловсруулж эхлэн, оролцогч талуудтай зөвлөлдөх уулзалт хийсэн байна. Мөн энэ сард Захирлуудын зөвлөл нь хуралдаж манай улсад санхүүгийн болон төсөв, санхүүгийн салбарыг дэмжих зорилготой “Эдийн засгийн удирдлагыг сайжруулах Хөгжлийн бодлогын зээл”-ийг олгох эсэхийг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ.

Бага орлоготой иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ядуурлыг бууруулах, нийслэл, орон нутгийн эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлж, алдагдлыг бууруулах, гамшгийн эрсдлээс урьдчилан сэргийлэхтэй холбоотой төслүүдээ Дэлхийн банк амжилттай хэрэгжүүлж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

11 цагийн байдлаар хаагдсан зам даваа байхгүй байна

Image result for цастай зам“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ–аас “11.00 цагийн байдлаар хаагдсан зам даваа байхгүй байна” гэж мэдээллээ.

Тус төвөөс орон нутгийн автотээврийн төвүүд, холбогдох байгууллагуудтай шуурхай холбогдож замын нөхцөл байдлын талаар мэдээг тогтмол авч байгаа аж. Гэхдээ хүчтэй салхи шуурганы үеэр авто замын зорчих хэсэгт хальтиргаа гулгаа үүсч, хальтиргааны улмаас зам тээврийн осол гарах, тээврийн хэрэгсэл олноор замд саатах, холбоо тасрах, зорчигчдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл үүсэх магадлалтайг сэрэмжлүүлэв.

Мөн ард иргэд онцын шаардлагагүй бол хувийн тээврийн хэрэгслээр зорчихгүй байх, зорчих тохиолдолд хурдаа зөв тохируулан замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцох, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, хамгаалах бүсээ тогтмол хэрэглэж, аюулгүй байдлаа сайтар ханган хөдөлгөөнд оролцох, мэргэшсэн жолоочтой, 24 цагийн хяналттай тээврийн хэрэгслийг сонгон үйлчлүүлэхийг анхааруулж байна.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулганаар энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ

11 дүгээр сарын 06-ны Даваа гарагт

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг Байнгын хороо болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Монгол Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;

Монгол Улсын гадаад харилцааны тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;

Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас “В” танхимд.

11 дүгээр сарын 07-ны Мягмар гарагт

1.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд

Хэлэлцэх асуудал:

Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/.

2.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;

Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;

Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг.

3.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;

Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай.

4.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;

Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2017.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/.

5.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;

Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/.

6.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.30 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;

Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд, Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2017.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/.

7.Тусгай хяналтын дэд хорооны хуралдаан 15.30 цагаас “Г” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Хаалттай.

8.Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаан 16.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/.

11 дүгээр сарын 08-ны Лхагва гарагт:

1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг;

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Засгийн газар 2017.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/.

11 дүгээр сарын 10-ны Баасан гарагт:

1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Засгийн газар 2017.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг/.

ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

11 дүгээр сарын 09, 10-ны Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:

Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг.

“Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Засгийн газар 2017.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг /;

Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/;

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Засгийн газар 2017.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав, дөрөв дэх хэлэлцүүлэг/;

Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2017.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Нийслэлийн агаарын бохирдлын хэмжээг бууруулах чиглэлээр хийж буй ажлууд болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариуг сонсох.

Categories
мэдээ нийгэм

Шинээр томилогдсон цагдаагийн дарга нар хэн бэ

Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар ЦЕГ-ын даргаар Тэргүүн комиссар С.Баатаржавыг томилсон билээ. Хууль сахиулах их сургуулийн захирлаар ажиллаж байсан тэрбээр цагдаагийн байгууллагад 30 гаруй жил ажиллаж байгаа юм. Түүнчлэн Хууль Сахиулах Их сургуулийн дэд дарга, хурандаа Д.Ядамдоржийг Цагдаагийн Ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын даргаар, ЦEГ-ын тэргүүн дэд даргаар цагдаагийн хурандаа Р.Отгонжаргалыг, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дарга асан цагдаагийн хурандаа З.Дашдавааг ЦEГ-ын дэд даргаар томилсон. Харин Нийслэлийн Цагдаагийн газрын дарга асан цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболдыг ЦEГ-ын Санхүү аж ахуйн газрын даргаар, ЦEГ-ын тэргүүн дэд дарга асан цагдаагийн хурандаа П.Батбаатарыг Улсын мөрдөн байцаах газрын дарга болгоод буй. Мөн Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дарга, дэд хурандаа П.Энхбаярыг Эрүүгийн цагдаагийн газрын даргаар тус тус томилсон билээ. Тэгвэл Монголын цагдааг удирдахаар болсон дарга нарыг хэн бэ гэдгийг уншигч та бүхэнд танилцуулж байна.

ЦЕГ-ЫН ДАРГА С.БААТАРЖАВ

Тэргүүн комиссар С.Баатаржавын хувьд 1985 оноос Монголын цагдаагийн байгууллагад ажилласан туршлагатай. Жирийн мөрдөгчөөс агентлагийн дарга болтлоо тасралтгүй ажилласан гэдгийг эх сурвалжууд хэлж байв. Тэрбээр ОХУ-ын Дотоод явдлын яамны сургуулийг төгсч ирээд анх Төв аймгийн Цагдаагийн газарт мөрдөн байцаагчаар ажлынхаа гарааг эхэлж байсан түүхтэй. Удалгүй Төв аймагтаа эрүүгийн төлөөлөгч, ахлах эрүүгийн төлөөлөгчөөр хэдэн жил ажилласан юм. С.Баатаржав Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын дэд даргаар ажиллаж байсан. Үүнээсээ албан тушаал ахиж Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт, шалгалтны хэлтсийн даргаар томилогдож Улаанбаатарт ирсэн байдаг. Мөн эргээд Дархан-Уул аймгийн цагдаагийн даргаар очсон юм. Үүний дараа Нийслэлийн засаг даргын дэргэдэх цагдаагийн газрын дарга, Улсын мөрдөн байцаах газрын дарга, Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газрын дарга, Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Хууль сахиулахын их сургуулийн захирлаар тус тус ажиллаж байсан билээ. С.Баатаржавыг Хууль зүйн сайд Ц.Нямдоржын ойрын хүн гэх мэдээлэл байдаг. Гэхдээ эгэл жирийн цагдаа нарын ажлыг ойлгож, зовлон бэрхшээлийг мэдэх хүн гэдгийг уулзсан хүн бүр хэлж байв. С.Баатаржав өмнө нь ЦЕГ-ын даргаар ажиллаж байхдаа олон зуун цагдааг орон сууцанд хямд үнээр оруулж байсан гэдгээрээ бусдынхаа дунд нэлээд ам сайтай байдаг юм байна лээ.

НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН ДАРГА Д.ЯДАМДОРЖ

Д.Ядамдорж дэд комиссар Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд төрсөн.Аймгийнхаа нэгдүгээр арван жилийг 1982 онд төгсч, 1983-1987 онд Нийгмийг аюулаас хамгаалах яамны Цэргийн дээд сургууль төгссөн юм. Сургуулиа төгсөөд Өвөрхангай аймагтаа хэсгийн төлөөлөгчөөр ажлынхаа гарааг эхэлж байсан аж. Д.Ядамдорж ахлах төлөөлөгчөөр есөн жил ажиллаад Булган аймгийн цагдаагийн хэлтэст эрүүгийн ажил эрхэлсэн дэд дарга, Сэлэнгэ аймгийн Мандал суманд сум дундын цагдаагийн хэлтсийн даргаар тус тус ажиллаж байжээ. Тэндээсээ Дорнод аймгийн цагдаагиин хэлтсийн даргаар томилогдож очсон байна. Дараа нь ОХУ-ын Дотоод явдлын яамны академид гурван жил суралцсан. Тэндээсээ Замын цагдаагийн дарга болон дэвшиж байсан. Замын цагдаагийн хэлтэст ажиллаж байхдаа эмх замбараагаа алдаад байсан нийтийн тээврийн салбарыг эмх журманд нь оруулж өгсөн. Мөн байнга дүрэм зөрчдөг жолооч нарт хатуухан арга хэмжээ авч байсан билээ. Д.Ядамдорж ЦЕГ-ын дэд даргаар ажиллаж байсан туршлагатай нэгэн юм. Сүүлд ШШГЕГ-ын даргаар томилогдож ажилласан. Тэрбээр ажлаа өгөх болсон шалтгаан нь цагдан хорих төвд Ашигт малтмал газрын тосны газрын дарга Д.Амарсайхан амь насаа алдсан. Үүнтэй холбоотойгоор “Хэн нэгэн хариуцлага хүлээх бол би хариуцлага хүлээхэд бэлэн байна” хэмээн мэдэгдэж байсан.

Үүний дагуу түүнийг ШШГЕГ-ын даргын албан тушаалаас буулгаж байсан. Үүний дараа Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн даргаар ажиллаж байгаад ХСИС-ийн дэд захирал болсон билээ. Д.Ядамдорж мөн л насаараа цагдаагийн байгууллагад ажиллаж байсан нэгэн. Тэрбээр Замын цагдаа, ЦЕГ-т ажиллаж байхдаа “Сандлаасаа босдоггүй, өрөөнөөсөө гардаггүй дарга нарыг ажлыг нь хийлгэдэг болно” хэмээн мэдэгдэж шуугиан тарьж байсан билээ.

ЦЕГ-ЫН ДЭД ДАРГА Р.ОТГОНЖАРГАЛ

ЦEГ-ын тэргүүн дэд даргаар томилогдсон цагдаагийн хурандаа Р.Отгонжаргалын хувьд Говь-Алтай аймгийн Чандмань сумынх. Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдоржийн дүү гэдгээр нь хүмүүс андахгүй. Улсын мөрдөн байцаах газарт Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст ажиллаж байхдаа нэлээд хэл аманд өртөж байсан. 2008 оны долдугаар сарын 1-ний хэрэгтэй холбоотойгоор О.Магнай, Б.Жаргалсайхан нарыг цагдан хорьж, мөрдөн байцаалт хийж байсан юм. О.Магнай ганц худагт хоригдож байгаад биеийнх нь байдал муудаж, эмнэлэгт хүргэгдэж байсан. Үүнээс үүдэлтэйгээр Иргэний хөдөлгөөний гишүүд Р.Отгонжаргалд нэлээд таагүй ханддаг. Мөн “Дедиктив” гэх нэртэй нэвтрүүлэг гарсантай холбоотойгоор прокурорт гомдол гаргаж, нэр төрөө сэргээлгэж байсан түүхтэй. Р.Отгонжаргал “Улаанбаатар” хэвлэх үйлдвэрийн хувьчлалтай холбоотой хэрэгт мөрдөн байцаагчаар ажиллаж байсан. Н.Энхбаяр болон, дэд сайд М.Тулга нарт холбогдох хэргийг шалгаж байсан юм. Ер нь УМБГ-ын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст ажиллаж байхдаа монголын томоохон гэгдэх эдийн засгийн гэмт хэргийг шалгаж байсан. ЦЕГ-ын тусгай ажиллагааны газрын даргаар ажиллаж байгаад ийнхүү дээшээ албан тушаал ахиад байгаа юм.

УДАМ ДАМЖСАН ЦАГДАА Ж.ЭРДЭНЭБОЛД

ЦEГ-ын Санхүү аж ахуйн газрын даргаар томилогдож байгаа хурандаа Ж.Эрдэнэболд удам дамжсан цагдаа. Түүний аав Эрүүгийн цагдаагийн газрын дарга, Улсын ерөнхий прокурорын орлогчоор ажиллаж байсан Ц.Жамъянсэнгээ агсны хүү. Цагдаагийн анхан шатны нэгжээс эхлээд ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, ЦЕГ-ын Гадаад харилцааны хэлтэс, Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтэс, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх асуудал хариуцсан дэд дарга, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргаар ажиллаж байгаа залуухан хурандаа нарын нэг.

МӨРДӨН БАЙЦААХ ГАЗРЫН ДАРГА П.БАТБААТАР

Цагдаагийн ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байгаад Мөрдөн байцаах газрын даргаар томилогдон ажиллаж байгаа хурандаа П.Батбаатар 1974 онд төрсөн, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй нэгэн. Нийслэлийн 24 дүгээр сургуулийг төгссөн тэрбээр 1993-1996 онд Цагдаагийн дээд сургуулийг төгссөн юм. Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасагт Мөрдөн байцаагч, Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст ахлах мөрдөн байцаагчаар ажиллаж байсан. Мөн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга, Мөрдөн байцаах газрын Эрэн сурвалжлах, хулгайн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга болон дэвшиж байсан. 2012-2014 онд Замын цагдаагийн газрын Дэд бөгөөд, Гэмт хэрэгтэй тэмцэх газрын даргаар ажиллаж байгаад Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга болсон байдаг. Үүний дараа 2016 оны есдүгээр сараас ЦЕГ-н Тэргүүн дэд даргаар томилогдон ажилласан. П.Батбаатар онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст байхдаа олон ноцтой хэргийг илрүүлж байсан гэдгийг эх сурвалж онцолж байсан юм.

ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН ДАРГА П.ЭНХБАЯР

Дэд хурандаа П.Энхбаяр нь Цагдаагийн сургуулийг 1996 онд төгсөөд Сэлэнгэ аймагт хэсгийн төлөөлөгчөөр ажлынхаа гарааг эхэлж байсан гэнэ. Цагдаагийн байгууллагын анхан шатнаас эхэлж дээшээ дэвшин ажиллаж байгаа цөөн хүмүүсийн нэг нь П.Энхбаяр аж. 2002 онд Эрүүгийн цагдаагийн газарт ажиллаж байгаад Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга болсон байдаг. Налайх дүүргийн цагдаагийн даргаар ажиллаж байхдаа “Хаан” банкинд гурван хүн рүү буудсан А.Бат-Ялалтын хэргийг шуурхай илрүүлж байсан түүхтэй.

2014 онд Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын даргаар ажиллаж байгаад Булган аймгийн цагдаагийн хэлтсийн дарга болсон. Мөн Орхон аймаг, Сэлэнгэ аймагт цагдаагийн хэлтсийн даргаар ажиллаж байсан юм. Хөдөө орон нутагт ажиллаж байсан тэрбээр өнгөрсөн жил Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн даргаар томилогдож ирээд ажиллаж байсан билээ. Дэд хурандаа П.Энхбаяр Сэлэнгэ аймагт хүн шатаасан хэрэг, Хүдэр суманд нэгэн иргэнийг онц хэрцгий аргаар амь насыг нь хөнөөсөн хэргийг хурдан шуурхай илрүүлж байсан нь тухайн үедээ шуугиан тарьж байсан юм.