Categories
мэдээ улс-төр

Банкны зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох заалт Банкны тухай хуульд ороогүй гэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Төвбанк (Монголбанк)-тай хамтран Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх танилцуулж, хэлэлцүүлэг хийлээ.

Эл арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир, УИХ-ын гишүүн Б.Жавхлан, М.Оюунчимэг, З.Нарантуяа болон Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, арилжааны банкнуудын төлөөлөл оролцсон юм.

Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Жавхлан хэлсэн үгэндээ “Монгол Улсын банкны систем 27 их наяд төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй. Үүнээс 12 хувь нь банкны хөрөнгө байдаг. Харин үлдсэн 88 хувь буюу олон нийтийн хөрөнгийн өмнөөс Төвбанк шийдвэр гаргадаг. Тиймээс хуулийн төсөлд Төвбанкны чадамжийг илүү хүчтэй болгох өөрчлөлт оруулж байгаа. Мөн банкны гүйцэтгэх удирдлагын нийгмийн хариуцлагыг өндөржүүлсэн заалтуудыг тусгасан” гэлээ. Харин олон нийтийн дунд яригдаад байгаа банкны зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох талаар зүйл, заалт энэ хуулийн үзэл санаанд ороогүй гэдгийг онцлон хэлэв.

Дараа нь Монголбанкны Хууль, эрх зүйн газрын захирал Б.Ганбат Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулгыг хийсэн. Тэрбээр хуулийн төслийн үзэл баримтлал, банкны эрсдэлд суурилсан хяналт шалгалт, зохистой засаглал, бүтцийн өөрчлөлт болон эрх зүйн хамгаалалтын талаар товч танилцуулсан юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, М.Оюунчимэг, З.Нарантуяа нар асуулт асуув. Тэд арилжааны компани охин компани үүсгэх эрхтэй эсэх, Төвбанкны бодлогын хүү, ипотекийн зээлийн хүүгийн аргачлалыг хэрхэн бодож байгаа талаар тайлбар өгөхийг хүссэн.

Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Банкны тухай хууль нь Монгол Улсын санхүүгийн зах зээлийн 95 хувийг зохицуулдаг чухал хууль гэдгийг тэмдэглээд, асуултад хариулав. Тэрбээр “Арилжааны банк нь өөр компанийн охин компани, мөн өөрөө охин компанитай байж болдог. Зөвхөн Санхүүгийн зохицуулах хорооноос олгодог долоон төрлийн зөвшөөрлийн хүрээнд охин компани үйл ажиллагаа явуулж болно.

Зээлийн хүүгийн дээд хязгаар тавих асуудал хууль эрх зүйн талаасаа болон онол, практикийн талаасаа боломжтой байдаг. Гэхдээ бүх зээлийн хүүнд дээд хязгаар тогтоох боломжгүй. Бид хуулийн төсөлд “зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоож болно/болохгүй” гэж нээлттэй байдлаар тусгасан. Асуудлыг тусад нь нухацтай авч үзэх шаардлагатай” гэлээ. Түүнчлэн Төвбанкны бодлогын хүү одоогийн байдлаар 12 хувь байгаа бөгөөд яваандаа буурах боломжтойг тайлбарласан.

Байнгын хорооны дарга Д.Дамба-Очир хоёр талын эрх ашгийг аль болох хангасан байхын тулд Төвбанк, арилжааны банкийг оролцуулан ажлын хэсэг байгуулах саналтай байгаагаа илэрхийллээ. Мөн банкны эргэлтийн хөрөнгийн 88 хувийг ард иргэдийн мөнгө эзэлдэг учир Монголбанк арилжааны банкинд хатуу хяналт тавьж, хянах нь зөв. УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн гаргасан арилжааны банк охин компанитай байхыг дэмжихгүй гэсэн саналыг дэмжиж байгаагаа энэ үеэр хэллээ.

Хэлэлцүүлгээр зээлийн хүүг бууруулах, зээлдэгчийн түүхийг харж барьцаа хөрөнгөгүй зээл олгох, арилжааны банкаар дамжуулж авсан гадаад банкны зээлийн суутгах татварыг болиулах, Валютын зохицуулалтын тухай хуулийг шинэчлэх зэрэг саналыг гаргаж байлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Эрээн хотын Цагдаагийн газраас Д.Сэржмядаг охиныг БНХАУ-ын хилээр нэвтрээгүй хэмээлээ

Хууль зүйн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороодын 2017 оны 12/28 дугаар тогтоолоор байгуулагдсан хамтарсан Ажлын хэсэг 2017 оны 11 дүгээр сарын 26-27-ны өдрүүдэд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах ажлын хүрээнд БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Эрээн хот болон Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллалаа.

Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Оюундарь ахалж, бүрэлдэхүүнд Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэг, Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэг, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх Б.Баасандорж болон холбогдох бусад албан тушаалтнууд ажиллав.

Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газрын үйл ажиллагаатай танилцах үеэр Монгол Улсаас Эрээн хотод суугаа Консул Ч.Амарболд гэмт хэрэг, зөрчилд холбогдсон монгол иргэдийн асуудлын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл хийв. Тэрээр, тус Консулын газарт 2017 онд 378, 2016 онд 368, 2015 онд 342 өргөдөл, гомдол ирүүлсэн, үүнээс биеэ үнэлсэн, хар тамхи татсан, хүний наймааны хохирогч болсон, бичиг баримтаа мөнгөний барьцаанд тавьсан, гээгдүүлсэн, бэлэн мөнгөө хураалгасан, зодуулсан, нас барсан зэрэг өргөдөл, гомдол дийлэнхийг эзэлж байгааг дурдав. Монгол иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, зөрчлийг бууруулах арга хэмжээний хүрээнд Эрээн хотын Засаг захиргаа, хуулийн байгууллагыханд хүсэлт гаргаж, хамтарч ажилласнаар нэн тэргүүнд монгол эмэгтэй биеэ үнэлэгчдийн тоог бууруулж, хяналтыг чангатгаж чадсан. Цаашид энэхүү хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, Монгол иргэдэд хуулийн зөвлөлгөө өгдөг төв байгуулбал гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд нэн ач холбогдолтой гэлээ.

УИХ-ын гишүүн, хамтарсан Ажлын хэсгийн ахлагч Н.Оюундарь, Улсын Их Хурлаар “Монгол Улс дахь хүний эрх, эрч чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэл”-ийг хэлэлцэж буй энэ үед тус Ажлын хэсэг сар орчмын хугацаанд дээрх дөрвөн хуулиудын хэрэгжилт дээр ажиллаж байна. Хяналт шалгалтын хүрээнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хүний эрхийн Үндэсний комисс зэрэг хэд хэдэн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, холбогдох албан тушаалтнуудаас дэлгэрэнгүй мэдээлэл авсан. Түүнчлэн нийгмийг цочирдуулж буй бага насны хүүхдийг хүчирхийлэх гэмт хэргийн эсрэг төрийн бодлогыг тууштай хэрэгжүүлэх шаардлагын үүднээс хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн асуудалд 2018 онд нэг тэрбум төгрөг төсөвлөсөн байсныг Ажлын хэсэг таван тэрбум төгрөгөөр батлуулж чадсан. Энэ ажлыг зөвхөн төр дангаараа бус төрийн бус байгууллагууд болоод хэвлэл мэдээллийн салбарын оролцоо, хамтын ажиллагаа чухал болохыг Консул Ч.Амарболдтой уулзах үеэр онцоллоо.

Дараа нь УИХ-ын гишүүн Н.Оюундарь Эрээн хотын Намын дарга Тиан Юүнтэй уулзлаа. Уулзалтын үеэр талууд хил дамнасан гэмт хэргийг саармагжуулах, мөн Замын-Үүд, Эрээн хотын хуулийн байгууллагуудын хамтын ажиллагааг тогтмолжуулах болон бусад сонирхсон асуудлаар санал солилцож ярилцлаа. Уулзалтад Эрээн хотын Засаг дарга Лиү Жыпин, орлогч дарга Дү Дэшинь, Эрээн хотын Намын хорооны Нарийн бичгийн дарга Юань Рүйдүн, хотын НАХГ-ыг дарга н.Зүрх, хотын Хууль зүйн газрын дарга Бао Юймэй, хотын Үйлдвэр худалдааны удирдлага ба хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах газрын дарга Юй Хүнли, хотын Иргэний худалдааны бүсийн захирагчийн албаны дарга н.Хасхүү, хотын Боловсролын дарга Түн Жинлин, хотын Гадаад харилцааны газрын дарга н.Улаанхуар, Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газрын дэд консул Г.Төмөрбаатар, дэд консул Д.Болд болон бусад албаны хүмүүс оролцов.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн хэрэгжилтийн байдалтай танилцахаар Ажлын хэсэг үргэлжлүүлэн Өвөрмонголын өөртөө засах орны Эрээн хотын 1-р дунд сургууль /Эрээн хотын олон улсын хэлний сургууль/-ийн удирдлагуудтай уулзаж, хүүхдийн сурах орчин, анги танхим болон хүүхдийн дотуур байрыг үзэж сонирхов. Тус сургууль нь 2006 онд байгуулагдсан ба 1600 гаруй сурагчтай, нийт 1700 мянган мкв талбайд 26 барилга байгууламж баригдсан бөгөөд Монгол Улс болон ОХУ-ын боловсролын байгууллагуудтай хамтран ажилладаг. Өнөөдрийн байдлаар бага, дунд, ахлах бүлэгт нийт 350 орчим монгол хүүхэд суралцаж байна.

Ажлын хэсэг үргэлжлүүлэн Дорноговь аймагт ажиллаж, Замын-Үүд сум дахь гэмт хэргийн нөхцөл байдлын талаарх мэдээлэл сонсов. Дараа нь аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатар Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 2017.11.02-ны өдөр найман настай Д.Сэржмядаг гэх эмэгтэй хүүхэд хичээлдээ явна гээд гэрээсээ гараад одоог хүртэл сураггүй, хаана байгаа газар нь тодорхойгүй алга болсон хэргийн талаар мэдээлэл хийж, эрэн хайх болон мөрдөн байцаалтын чиглэлээр танилцуулга хийв. ЦЕГ-ын Тэргүүн дэд даргын 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 21 дугаартай тушаалаар Дорноговь аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатараар ахлуулсан ЭЦА-ны зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, МБА-ны хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэс, эрэн сурвалжлах хэлтэс, аймгийн цагдаагийн газар, хэлтсийн алба хаагч нараас бүрдсэн 13 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилогдон ажиллаж байгаа юм байна. Тэрээр, эрэн хайх ажиллагаанд цагдаагийн хэлтэс, онцгой байдлын хэлтэс, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөллөөс бүрдсэн, давхардсан тоогоор нийт 1200 гаруй алба хаагч, ажилтан, иргэд, албаны эрэлч нохой, давхардсан тоогоор 118 тээврийн хэрэгсэлтэй Замын-Үүд сумын 1,2,3,4,5-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 24 байгууллага, 214 аж ахуйн нэгж, 4947 айл өрхөөр нэг бүрчлэн орж шалган, тус суманд шинээр баригдаж байгаа, бүрэн дуусаагүй, бүрэнд дууссан боловч ашиглалтад ороогүй 47 айлын орон сууц, 445 траншей, бохир усны нүхийг шалгаж, сумын нэгдсэн ус цэвэрлэх байгууламжийн усыг шүүж ёроолыг нь шалган, байшингийн дээврийн хонгил, байшин, хувийн сууцандаа подвал, зоорьтой 174 обьектод үзлэг шалгалт хийж гүйцэтгэсэн. Мөн БНХАУ-ын Эрээн хотод суугаа Монгол Улсын Консулын газарт холбогдох мэдээллийг хүргүүлж, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын Цагдаагийн газарт хамтран ажиллах “Санамж” бичгийн хүрээнд албан бичиг, Хөх хотын Цагдаагийн газарт Цагдаагийн ерөнхий газрын Гадаад харилцааны хэлтсээр уламжлуулан алга болсон охиныг эрэн хайх ажлыг Монгол Улстай хиллэдэг хотуудын цагдаагийн байгууллагад чиглэл өгүүлж, идэвхжүүлэн ажиллах талаарх хүсэлтийг албан тоотоор хүргүүлсэн. БНХАУ-ын Эрээн хотын Цагдаагийн газраас Д.Сэржмядаг охиныг БНХАУ-ын хилээр нэвтрээгүй, эрэн хайх, шалгах ажиллагааг хийж байна гэсэн албан бичиг ирүүлснийг хүлээн авсан. Одоогоор илэрсэн зүйлгүй, эрэн сурважлан олж тогтоох ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна хэмээлээ.

Ийнхүү гүйцэтгэх ажлын төлөвлөгөөний дагуу Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий хамтарсан Ажлын хэсэг ойрын хугацаанд 21 аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг хамруулсан томоохон нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулахаар ажиллаж байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Categories
мэдээ нийгэм

33 дугаар сургуулийн хажууд олгосон газрыг хүчингүй болгохоор мэдэгдэх хуудас хүргүүллээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд орон сууцны хорооллын дунд болон цэцэрлэг, сургуулийн орчимд 50 метр зайд орон сууц, бизнесийн чиглэлийн барилга бариулахгүй байх захирамжийг гаргасан. Энэ дагуу 33 дугаар сургуулийн баруун хойд талд олгосон газрын эрхийг хүчингүй болгохоор мэдэгдэх хуудсыг нийслэлийн Газрын албанаас хүргүүлээд байна.

Мэдэгдэх хуудаст “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан нөхцөл, болзол зориулалтын дагуу уг газрыг ашиглаагүй байгаа нь Монгол Улсын Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан нөхцөл бий болсон тул газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээг хүчингүй болгох болсныг мэдэгдье” гэжээ.

Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 33 дугаар сургуулийн баруун хойд талд нийслэлийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 6 өдрийн А/595 дугаар захирамжийн дагуу 140 м2 газрыг үйлчилгээний зориулалтаар гурван жилийн хугацаатай олгосон байдаг гэж нийслэлийн Газрын албанаас мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Тавантолгойн нүүрс тээврийг зохицуулах арга хэмжээг хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 15.00 цагт эхэлнэ. Энэ өдрийн хуралдаанаар Тавантолгойн нүүрс тээврийн зохицуулах арга хэмжээний талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар танилцуулах юм байна.

Өнгөрсөн Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх нүүрс тээврийг хэрхэн зохион байгуулах талаар санал боловсруулахыг сайд нарт даалгасан. Энэ дагуу сайд нар саналаа танилцуулж, Засгийн газрын гишүүдээр хэлэлцүүлэх юм байна.

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

1.

Чуулга уулзалтад оролцож, айлчлал хийсэн дүнгийн тухай

Д.ЦОГТБААТАР

2.

Хэлэлцээр батлах тухай

Д.ЦОГТБААТАР

3.

Гадаад харилцааны сайдын айлчлалын тухай

Д.ЦОГТБААТАР

4.

Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн тухай

Ч.ХҮРЭЛБААТАР

5.

Нүүрс тээвэрлэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай

Д.СУМЪЯАБАЗАР

6.

Гарын үсэг эрх олгох тухай

Ж.БАТ-ЭРДЭНЭ

7.

“Эмээлт хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн парк”-ийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын тухай

Б.БАТЗОРИГ

8.

Бусад асуудал*

У.ХҮРЭЛСҮХ

Танилцуулах асуудал

9.

2017 оны III улиралд иргэдээс төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар

Г.ЗАНДАНШАТАР

10.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын гадаад томилолтын талаар

Г.ЗАНДАНШАТАР

11.

Зам, тээврийн хөгжлийн сайдын гадаад томилолтын талаар

Г.ЗАНДАНШАТАР

12.

Гадаад харилцааны сайд ЕАБХАБ-ын уулзалтад оролцох талаар

Д.ЦОГТБААТАР

13.

Гадаад харилцааны сайд Дэлхийн худалдааны байгууллагын бага хуралд оролцох талаар

Д.ЦОГТБААТАР

14.

Эрүүл мэндийн сайдын гадаад томилолтын дүнгийн талаар

Д.САРАНГЭРЭЛ

Categories
мэдээ нийгэм

“Органик хүнсний баталгаажуулалт” сэдэвт сургалт болж байна

ХХААХҮЯ-аас 2 дахь жилдээ Азийн болон Монголын бүтээмжийн байгууллагатай хамтран “Органик хүнс хөдөө аж ахуйн Үндэсний II чуулган” ба “Органик хүнсний баталгаажуулалт” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна.

Сургалтад үйлдвэрлэгч, хэрэглэгч, төрийн болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, орон нутгийн хүнсний асуудал эрхэлсэн ажилтнууд зэрэг 100 орчим төлөөлөгчид хамрагдаж, үндсэн илтгэгчээр Азийн бүтээмжийн байгууллагын зөвлөх Ноён Лорензо Перис ажиллаж байна. Энэхүү сургалт МҮХАҮТ-ын байранд 2017 оны 11 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд болно.

Сургалт нь “Органик хүнсний баталгаажуулалт”-ын олон улсын туршлагаас суралцах, үйлдвэрлэгч өөрөө өөртөө баталгаа олгодог схемийн талаар үйлдвэрлэгчдэд мэдлэг олгох мөн хамтын оролцооны байгууллагын үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулахад суралцах зорилготой юм.

Түүнчлэн үйлдвэрлэгчид органик зарчимд нийцсэн үйл ажиллагаа явуулахын тулд анхаарах шаардлагатай цөм асуудлыг энэ сургалтаар тодорхойлно. Сургалтад амжилттай оролцсон төлөөлөгчдөд гэрчилгээ олгох юм.

Categories
мэдээ цаг-үе

О.Баасанхүү: Ж.Батзандан, Ц.Нямдорж хоёр тийм шударга юм бол нэг тойрог дээр хамт өрсөлдье

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.


-Та хойд солонгос яваад ирлээ. Яг ямар асуудлаар явсан юм бэ. сүүлийн үед хойд солонгостой холбоотой асуудал парламентын түвшинд янз бүрээр яригдаж байна. Хоёр хүн цаазаар авахуулсан ч гэдэг юм уу. Энэ талаар тэд ямар байр суурьтай байна вэ?

-Би Ази Номхон далайн парламентчдын холбооны дэд ерөнхийлөгчөөр ажилладаг. Ирэх онд Монгол Улсад 46 орны парламентчдыг оролцуулсан олон улсын хурал зохион байгуулах асуудал яригдаж байгаа. Мөн ирэх онд Монгол Улс БНАСАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой болно. Ойн хүрээнд ямар ажил хийх вэ гэдэг хүрээнд Монгол Улс хойд Солонгосын парламентын бүлгийн шугамаар явчихаад ирлээ. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороон дээр хойд Солонгостой холбоотой тодорхой асуудлаар чиглэл өгсөн тогтоол баталсан учраас айлчлалтай холбоотойгоор ҮАБЗ-тэй ярилцаж зөвшилцсөний үндсэн дээр ярих боломжтой.

Б.Хурц намайг хойд Солонгост айлчилж байхдаа Л.Болд гишүүнтэй холбоотой асуудлыг телевизээр ярьсан байна лээ. Нэр бүхий хүмүүс надтай болон монгол дахь БНАСАУ-ын Элчин сайдтай уулзсан байсан. Үүнээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломж алга.

-Манайд яригдаж буй асуудлууд дээр хойд Солонгосчууд ямар байр суурьтай байна вэ. Тэд энэ талаар дуулсан байна уу?

-Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.

-Б.Хурцын томилгоотой холбоотой нийтийн сонсголыг энэ долоо хоногт зохион байгуулна гээд байгаа. Нийтийн сонсголтой холбоотой гишүүд янз бүрийн зүйл ярьж байна. Зарим гишүүн гэрчээр дуудагдаж, зарим нь гүтгэгдлээ гээд байгаа шүү дээ?

-УИХ-ын тухай хуулинд сонсгол хийж болно гээд заалт байсан. Тэр хүрээнд төрийн албан хаагчдыг хоморголон халж, улсад хичнээн хэмжээний хохирол учруулсныг олон нийтэд дэлгэх зорилготой анхны сонсголыг хийсэн. Үүний дараа тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Нийтийн сонсголын тухай хуулийг өргөн барьж батлуулсан. Түүнд нь нийтийн эрх ашгийн сонсгол, томилгооны сонсгол, санхүү эдийн засгийн гээд хэд хэдэн төрөл байхаар заасан. УИХ-д Ж.Батзандан нарын 21 гишүүний оруулж ирсэн сонсголын заалт нь томилгооны сонсгол гэж орж ирсэн. Томилсон байгууллага нь томилгооны сонсгол хийнэ. УИХ-аас томилогддог гэхээр АТГ, Сонгуулийн ерөнхий хороо, Статистикийн газар, Монголбанк нарын томилогдох хүмүүс үүнд хамаарах юм. Элчин сайдыг Монгол Улсын Ерөнхийлөгч томилно гэсэн заалттай.

Манай гишүүдийн зүгээс томилгооны сонсгол хийе гэчихээд “Энэ хүний өмнө нь хашиж байсан албан тушаал нь нийтийн эрх ашгийг хөндсөн байна” гээд нийтийн сонсгол хийе гэж яриад байсан. Сонсгол явуулахад би санал нэг байна. Гэхдээ албан бичгийнхээ утгыг солиод ир гэж хэлсний төлөө надад асар их дайралт ирсэн. Би Батзанданг хувь хүний хувьд 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд явах хүн гэж харж байсан ч хувь хүн рүү дайрсан үг хэллэг хэлсэнд нь эмзэглээд байгаа юм.

-Ямар утгаар нь…

-Б.Хурцыг Англид баригдахад хэн очиж, ямар мэдээлэл өгснийг нарийн мэдэхгүй ч тухайн үед хэвлэлээр бүх процессыг нь бичиж, ярьж байсан. Үүний цаад санаа нь Б.Хурцыг Англид байлгах сонирхолтой хэсэг байгаа юм байна гэж тухайн үед харж байлаа. Ж.Батзандан мэдээлэл хийхдээ “Батын Хурц нь илэрсэн тагнуул. БНСУ түүнийг буцааж явуулах ёстой” гэж хэлснээрээ монгол төрийн нууцыг тээгч хүнийг цаашлаад өөрийн орны иргэнийг эс үйлдлээрээ матчихаж байгаа юм. “Энэ чинь зохисгүй үйлдэл байна шүү” гэдгийг өөрт нь хэлсэн. Ингэж нөхөр ёсны зүйл ярьж, “би чамайг дэмжинэ гэхдээ наад бичгээ солиорой” гэж хэлснээс болж хэлсэн үгийг минь мушгисан.

-Яг юу гэж мушгисан юм бэ?

-“Баасанхүү Батын Хурц гэдэг хүний талаар удахгүй файл дэлгэнэ гэсэн” гэж миний хэлээгүй үгийг хэлсэн болгож гүтгэсэнд харамсч байна. Би өөрийнхөө юу хэлж, юу хэлээгүйг ялгаж, салгах хэмжээний насанд хүрсэн хүн. Бид УИХ-ын гишүүн тул хэлж байгаа үг, хийж байгаа үйлдлээ бодож явах ёстой. Таамаг маягийн зүйл байгаа бол хууль хяналтын байгууллагаар шалгуулаад, тогтоолгоод явах ёстой. Өргөх бичиг дээрх зүйлийг нь харахаар С.Зоригийн амийг бүрэлгэсэн асуудал удахгүй ил болох гэж байгаа үед Б.Хурцыг Элчин сайдаар томилж болохгүй гэсэн байна лээ. Амь насыг нь бүрэлгэсэн гээд гурван хүн манай тойргийн иргэд. Би аав, ээжтэй нь ойрхон байдаг, найзууд. Зовж буй хүмүүсийн зовлон дээр битгий тогло л доо. Өнөөдөр (өчигдөр) би ТЕГ-ын дарга Д.Гэрэлд албан бичиг явуулсан.

-Ямар үндэслэлээр…

-Хэн ч хардах эрхтэй. Мөрдөн байцаасан процесст нэгдүгээрт, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн эсэх. Хоёрдугаарт, шалгаж байсан байцаагч нар нь хувийн болон ил, далд зөрчил байсан эсэх, гуравдугаарт, захиалагчийн хэмжээнд илрүүлсэн эсэх, илрүүлэх процесс явагдаж буй эсэх талаар албан ёсны мэдээллээ өгөөч гэж байгаа юм. Би бүх зүйлд зарчимтай хандаж байгаа.

Томилгоотой холбоотой зүйл дээр мэдэгдэл хийсний төлөө МАХН-аас хүртэл хөөсөн гэдэг хууль бус мэдэгдэл хийсэн байна лээ.

-Таныг намаас хөөгдөх хангалттай шалтгаантай хүн гээд байсан шүү дээ?

-Үүнийг би жудаггүй зүйл боллоо гэж харж байгаа. Би хойд Солонгост очоод ирлээ. Намайг намаасаа хөөгдсөн гэдэг мессэжийг тэд авах юм бол миний уулзалтын үр дүн буурна.

-Таныг очиход тэгээд намаасаа хөөгдсөн гэж байх юм уу?

-Тэд пуужин хөөргөдөг хүмүүс. Манайд Элчин сайдын яам нь байдаг болохоор бүх мэдээллийг авдаг. МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга байсан Э.Эрдэнэжамъян хойд Солонгост очоод протоколь зөрчин тэднийг асар их гомдоосон байна лээ. Тэр асуудлаар хойд Солонгосчууд надад гомдол мэдүүлсэн.

-Яаж гомдоосон юм бэ. Тодорхой ярихгүй юу?

-ҮАБЗ-ийнхөнтэй зөвлөлдөөд энэ асуудалд яаж хандахаа тодорхой болгоод би байр сууриа илэрхийлнэ. Н.Энхбаяр дарга Хятадад төрийн айлчлал хийж байхад монгол иргэд айлчлалтай давхцуулан хятад ресторануудыг хятад хаягтай байна гээд иргэдийг нь зодож, юм хумыг нь сүйтгэж байсан. Энэ нь тухайн үедээ Монгол Улсын Төрийн тэргүүний рейтингийг доошлуулж байлаа. Хятад үсгээр хаягаа бичсэн нь буруу байж болно. Гэтэл Төрийн тэргүүний айлчлалтай давхцуулан ийм солиорол хийж болохгүй гэж би хэвлэлийн хурал хийж байсан. Энэ мэтчилэн зүйлсийг маш сайн мэддэг хүн өнөөдөр хууль бус зүйл хийж, ярьж байгааг нь зогсоох ёстой. Тэдний гаргасан мэдэгдэл хууль бус.

-Яагаад…

-Манай намын дүрэмд гишүүн хөөх заалт байхгүй. Тиймээс тэд Бага чуулган гэж хуралдуулаад Улсын дээд шүүхэд “намын гишүүнийг хөөе” гэдэг заалтыг хүргүүлсэн байгаа. Шүүх шийдвэр гаргаагүй байхад хүнийг хөөлөө гэж ярьж болохгүй биз дээ. Мөн намаас хөөх шийдвэрийн үндэслэлүүд нь худлаа байгаа юм. Тухайлбал, С.Ганбаатарыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд эсрэг ажилласан гэж байгаа юм. Би Ганбаатарын эсрэг ажиллаагүй. МАХН Ганбаатарын эсрэг ажилласан. Яагаад гэхээр Эрдэнэчулуун, Нарангэрэл гэдэг хүмүүсийг нэр дэвшүүлье гэдэг санал тавихад нөхдүүд “Үгүй. Ганбаатарыг дэвшүүлнэ” гэсэн. Би тойргоос сонгогдсон учраас улсын хэмжээнд биш тойргийн хэмжээнд ажиллана гээд ажилласан. Тойрогтоо очоод самбар өлгөсөн байтал МАН, МАХН-ынхан “Энэ хүн хууль бус сурталчилгаа хийж байна” гээд намайг цагдаад өгсөн. Манай намын Шархүү цагдаад очиж “Энэ манай намын сурталчилгаа биш. Үүнийг авахыг хүсч байна” гэж ярьсан. С.Ганбаатарын сурталчилгааны ажлаар би таван удаа Орхон аймагт очиж ажилласан. 21 аймгаас хамгийн өндөр саналыг Орхон аймгийнхан Ганбаатарт өгсөн. Мөн Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудлыг хөндсөн байна лээ. Тухайн үеийн Засгийн газар нь шийдсэн асуудал. 49 хувь нь 51 хувиас давуу эрхтэй байна гэсэн тогтоол хүчингүй болсон. Тэр тогтоолыг 49 гишүүн кнопдож хүчин төгөлдөр болсон юм. 50 хүн кноп дарахаар хүчин төгөлдөр болчихдог юм биш. Асуудлын гол нь МАХН-ынхан 49 хүний баталсан УИХ-ын тогтоол зөв. Үүнд Баасанхүү оролцоогүй нь буруу гээд байгаа юм. Үүнийг буруу гэж үзэж байгаа. Хэрэв зөв байсан юм бол төр авчихгүй яасан юм бэ. Тэр тогтоол нь зөвшилц гэсэн байсан. Барын амнаас гараад арслангийн аманд орох тийм зүйл байлаа. Өнөөдөр тэр зүйл дээд цэгтээ хүрч бүлэглэлүүдийн зодоон явж байна. Манай нам 65-уулаа биш, 9-үүлээ биш. Ганц хүнд бүх бурууг тохож болохгүй. МАХН-аас 49 хувь дээр ингэж шийдээрэй гэсэн ганц ч албан бичиг ирээгүй. Энэ бүхний цаана арванхоёрдугаар сард багтаад намын Их хурал хуралдахаар бэлтгэл ажил хийж байгаад шаралхаж тэд ингэж байгаа юм. МАХН-ын нэрийн өмнөөс хэвлэлийн хурал хийж байгаа хүмүүсийн хувьд Баасанхүү гэдэг хүн тэдний бодож байгаагаар хамгийн муу хүн байх. Тэгвэл намын Их хурлыг хийчихгүй яасан юм. Хоёр жилд нэг удаа хийдэг хурлаа найман жил яагаад хийгээгүй юм бэ. Их хурлаа хий гэж хэлсэн Баасанхүү муу хүн юм уу. Би байхгүй байсан ч энэ хурал хийгдэх юм уу. Хийхгүй гээд байгаа байхгүй юу. Энэ мэдэгдлийг хийснээрээ МАХН-д 124 сая төгрөгийн хохирол учруулах гэж оролдож байна. Яагаад гэвэл суудалтай, суудалгүй нь эргэлзээтэй тохиолдолд Сангийн яам суудлын мөнгө гэж надад биш намд олгодог мөнгийг хааж байгаа юм. Намын Их хурлаар 124 сая төгрөгийг шилэн дансаар зарцуулна гэдэг шийдвэр гаргах гэж байхад түүнд саад болж байна.

Мөн Б.Хурцыг өмөөрсөн гэдэг үндэслэл гаргаж ирсэн байна лээ. Үүнийг нь хараад өөрийн эрхгүй инээд хүрсэн. Тэгээд би Ц.Нямдоржийг өмөөрөх юм уу. Би Б.Хурц гэдэг хувь хүнийх нь талаар яриагүй. Түүнийг тагнуулын байгууллагын ажлаас нь халаагүй. Шилжүүлэн ажиллуулж байгаа. Ямар шалтгаанаар гэдэг нь төрийн бодлого. Тайлбарлах албагүй. Үүнд саад учруулах гэснийг нь буруу байна гэсэн. Тэд нэг ч хуулийн байгууллагад хүсэлт өгөөгүй.

-Та тэгвэл намаасаа хөөгдөөгүй юм байна тийм үү?

-Намаас хөөгдсөн гэх ямар ч үндэслэл байхгүй. Намаасаа гарах эрх байхгүй, надад. Би даргын төлөө биш, эгэл жирийн гишүүдийнхээ дуу хоолой болж явна. Эд нар ганц хүн юу ч хийж чадахгүй гэж бодоод байна. Би хүүхдийн хүчирхийллийн талаар асуудал дэвшүүлснээрээ ҮАБЗ дээр яригдаж байгаа.

-Ц.Нямдорж гишүүн таныг хадам аавынхаа зургийг гишүүдэд зардаг гэж байсан. Үнэн юм уу?

-Ц.Нямдорж тэгж ярьсан. “Гишүүд та нар бизнестэй юм байна. Мөнгөтэй юм байна. Энэ улс төр чинь үнэтэй юм байна. Хадам аавын маань зурсан зургийг худалдаж аваач. Хадам аавдаа дэм болъё, үлдсэнээр нь би улс төрөө санхүүжүүлье” гэдэг. Сая тойргийнхоо 200 хүнд дээлийн өнгө, витамин өгсөн чинь үүнийг нь АТГ-аар шалгуул гээд байгаа юм. Хулгайчуудтайгаа тэмцэхгүй байж хуульч байсан, өөрийнх нь хууль зөрчсөнийг хамгаалсан Баасанхүүтэйгээ тэмцдэг ямар учир байнаа. 2020 онд би гишүүн болчихгүй байх вий гэхээс айдаггүй. Ж.Батзандан, Ц.Нямдорж хоёр тийм шударга юм бол нэг тойрог дээр хамт өрсөлдье гэж байгаа юм. Хоёулаа гарахгүй байгаад яаж амьдрахыг нь харъя. Би ганцаараа сөрөг хүчин. Бусад нь “төмсөгдүүлчихсэн”. Ямар азаар би сайд болчихоогүй юм. Манай намаас гэхэд З.Баянсэлэнгэ “төмсөгдүүлчихсэн”, Ц.Оюунбаатар баларчихсан. Энэ Их хуралд олигтой дуугарчих нохой ч байхгүй гэж өөрсдөд нь хэлдэг. Ганц чөлөөтэй хүн үлдчихээр тэдэнтэйгээ нийлж намайг ганцаардуулах гэдэг. Үүнд нь би шаналахгүй байна. Аав, ээж, найз нөхөд маань миний өмнөөс шаналчих юм.

Б.Хурц, Ц.Нямдорж, Ж.Батзандан, Л.Болд нарын хэрүүл надад ямар хамаатай юм бэ. Үүний төлөө намайг хонины хонхорт явдаг ч гэх шиг. Би явган явдаг нь үнэн. Хааяа төрөөс машин дуудаад явдаг минь ч үнэн. Ингэлээ гээд намайг хонины хонхорт явдаг гэж юу гэсэн үг вэ. Доромжлоод байгаа юм уу. Үнэндээ би энэ бүхнээс залхаж байна. Ядарч байна.


Categories
мэдээ цаг-үе

Б.Мөнхдорж: Урлагийн гал тогоонд хүн шатна, дэвэрнэ бас улам өрнөнө

Ардын жүжигчин, найруулагч Бирваагийн Мөнхдоржтой ярилцлаа.


-Сүүлийн үеийн кино, жүжиг үзэхээр “Энэ хэсэгт нь алдаа гаргачихлаа даа”, “Энэ жүжигчин энд алдчихаж” гэх бодол төрдөг үү?

-Тэгж бодогдохгүй. Ёстой тэгж бодож болохгүй. Аливаа уран бүтээлийг “Энэ дээрээ алдаа гаргаж байна” гэж үзэж болдоггүй юм. Яаж хийж вэ, дүрүүдийг бүтээж байгаа, дүрүүдэд хандаж байгаа жүжигчдийн тоглолт, зохиолыг найруулгаар баяжуулж байгаа илэрхийллийн арга, хэлбэр, хэллэг, уран сайхны хэлбэрээр хэр баяжигдаж вэ. Үүн дээр нэмэгдээд хөгжим, дуу чимээ, дүрслэлийн аргуудыг яаж ашиглаж вэ. Энэ бүхнээс нь манай уран бүтээлчдийн хийсэн жүжиг, киноны хийц, бүтэц нь ялгарч харагддаг байхгүй юу. Аливаа уран бүтээл бол тухайн уран бүтээлчийн нийгэмдээ хэлэх гэсэн сэтгэлийн эмзэглэлийн бодол, санаа үргэлжилж явдаг. Тиймээс тэр уран бүтээлчийн сэтгэлийн эмзэглэл, ертөнц нь тэр кино, жүжгийн тоглолтын үйл явдал, баримтаар дамжигдаж хүмүүсийн оюун санаанд хүрдэг. Ер нь уран бүтээл бол хүмүүсийн оюун санааг гэгээрүүлж, урагш авч явж хөтөлдөг. XXI зууны уран бүтээлийн гол онцлог бол тэр уран бүтээл үзэгчдийн сэтгэлд ямар байр суурь эзэлж байна вэ, тэдний оюун санааны амьдралд ямар өөрчлөлт нөлөө үзүүлэх вэ гэдэг талаас нь харах.

Тэгж байж авангард, урагшаа тэмүүлсэн тэмүүлэлт үзэл бодол руу орно. Тийм үзэл бодол, хэлбэр хийцүүд бол Монголын театрын урлаг болон бусад урлаг ямар хэмжээнд хийгдэж, жүжигчид ямар хэмжээнд үүнийг хүмүүст хүргэж байна вэ гэдэг бүтэц, арга хийц нь тодорхой нэгэн шатанд хуучнаас өөр алхмыг хийхдээ хуучныг огт үгүйсгэхгүйгээр шинэчилж чадсан тэр хэлбэрийг урлагийн амьд байх төрх, урлагийн энэ зуунд амьдрах, шинээр амьдрах эх булаг нь тэндээс үүсвэртэй гэж бодох хэрэгтэй.

-Жүжигчдээс найруулагчдаа загнуулаад уйлдаг байлаа гэх үгийг их сонссон юм. Найруулагч гэхээр л их ууртай, хүн загнадаг хүмүүс байдаг мэтээр төсөөлөгддөг. Харин таны хувьд өөр?

-(Инээв). Загнуулаад хүн болно гэдэгтээ биш л дээ. Уран бүтээлчдийн халуун гал тогоо байгаа юм. Тэнд шатна, дэвэрнэ, улам өрнөнө. Тэр бүх үйл ажиллагаа, шат бол найруулагч, тэрийг удирдаж байгаа багштай холбоотой. Тэр бүхэнд л жүжигчний оруулах хувь нэмэр, дүрдээ ажиллаж байгаа уран сайхны сэтгэлгээ, нийгэм, амьдралыг харах ертөнц нь ямар хүрээнд, ямар цар хэмжээгээр бидэнд хүрч ирж байна вэ. Дүрээ хэрхэн бидэнд хүргэж, дүрийнхээ мөн чанар, өнгө төрхийг хэрхэн ойлгуулах нь вэ гэдэг урлах эрдмээс нь харж жүжигчний дүрд баяр хүргэж “Сайхан дүр” болсон гэж үнэлдэг. Жүжигчин хүн мөнхийн эрэл хайгуулд явдаг. Мөнхийн амьд хүний ертөнцийг бүтээдэг учраас тасралтгүй эрэл хайгуулд явж зогсолтгүй оюун эрэлтэй хүмүүс болохоор амьдралаас нэг ч алхам хоцорч болохгүй. Амьдралыг дагаж болохгүй. Амьдралд тэмүүлэлтэй, урагшаа харж байж өөрийнхөө тоглож байгаа дүр, уран бүтээлээрээ хүмүүсийг уриалан дууддаг. Хүмүүсийн амьдрал, оюун санаанд эрч хүч нэмсэн ийм энерги уран бүтээлд байдаг. Тэр дундаа жүжигчин, найруулагч, зохиолчдод мөнхийн оршиж байдаг.

-СУИС-ийг найруулагчаар төгсч байгаа хүмүүсийн хувьд хамгийн том албан тушаал бол драмын театрын Ерөнхий найруулагч байх?

-Драмын театрын найруулагч болох. Цааш нь авьяас, туршлагаараа ерөнхий найруулагчийн зиндаанд хүрэх. СУИС-д боловсорсон, олж авсан мэдлэг боловсролоо амьдрал, нийгэмд нотлох, түүнийгээ хөгжүүлэх, тэрийгээ хэрхэн баяжиж байна вэ гэдгээ шалгуулах том шалгуур бол театрын амьдралд очиж байж биелэгдэнэ. Зөвхөн Улсын драмын театрт очсоноор биелж ч байгаа юм биш. Орон нутгийн сайхан мэргэжлийн байгууллагууд байна. Эндээс хүмүүс маш олон зүйлийг олж харна.

Орон нутаг өөр өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрх, хэлбэр дүрстэй. Ардын болон зан үйл тал дээр орон нутгийн театрууд судалгааны ажил ихтэй. Тэнд очсон залуу найруулагчид жүжиг тавихаас илүү тухайн орон нутгийн хүмүүсийн зан үйл, ахуй амьдрал, улс үндэстнүүдийн хоорондох хэл, яриа. Тэдний зан заншил, соёл, гоо зүйн талаар тодорхой нэгэн ойлголт мэдлэгийг ажлын туршлага, амьдарч байгаа орчноосоо олж явдаг. Тэгэхээр тэд улам эрэл хайгуул хийдэг. Эрэл хайгуулдаа улам хөгжиж явдаг. Ер нь ардын авьяастны бэлгэ тэмдэг гэдэг бол урлагийн үүсэл хөгжлийн хамгийн гол үндэс нь.

-Дээр үеийн монгол кино, одооны кинонуудын жүжигчдийн хооронд жүжиглэлтийн өдөр шөнө шиг ялгаа байдаг?

-Ялгаандаа биш. Амьдралын судалгаа гэж айхавтар юм бий. Хоёрдугаарт, манай шинэ төгссөн хүүхдүүдэд уран бүтээлийн эрч хүч, онгод хийморь бүгдэд нь байгаа. Сурсан мэдсэн бүх юм нь цээжинд нь багтаж ядаад хэлэх гэсэн хурд, энерги нь илүү байгаа юм. Тэр энерги нь уран бүтээлийг нь хүнд хүргэх гэсэн тэмүүлэл, урагшлах гэсэн хүсэл нь хөтлөөд байгаа юм. Тэр урагшаа тэмүүлсэн хүсэл нь амьдралыг харахдаа бодит байдлыг хэт урагшлуулж харах. Эсвэл өөрсдөөсөө тасархай харах алдаа гаргахыг үгүйсгэх аргагүй. Гэхдээ энэ алдааг гаргахгүй байх олон нөхцөл бий. Яагаад вэ гэвэл урлаг өөрөө амьдралын их сургууль учраас амьдралаа судалж байж ургаж гардаг учраас тэрний ард амьдрал өөрөө л байдаг. Амьдралыг судлахуйн ухаангүйгээр, амьдралыг танин мэдэх ойлголтгүйгээр урлагийг бүтээнэ гэдэг бол хийсвэр. Урлагт обьектив, субьектив хоёулаа байгаа боловч хамгийн гол нь обьективийг яаж уран сайханч сэтгэлгээгээр хийсвэрлэлээс гаргаж хүнд ойртуулах вэ, хүний оюун санаанд яаж үнэмшүүлэх вэ гэдэг бидний эрэл хайгуул хуучин 1940, 1950, 1970, 1980-аад оны социализмын урлагаас ялгаатай, чөлөөтэй байгаа юм.

Тэгэхэд үзэл суртал гэж нэг юм байсан. Намын бодлого, намын үзэл суртлыг сурталчлахад бүх зохиол бүтээл тэр рүү орж намын байгууллагаар хянуулдаг, намын дарга нар, Төв хороо хянадаг. Үзэл суртлын хувьд болох уу, үгүй юу гэдгийг хэлдэг. Хөдөлмөрийн баатар, сайн барилгачны тухай сэдэвтэй кино олон бий. Тэрэн дотор ёс суртахууны асуудлыг заавал чирч явдаг учраас тэр кино өнөөдөр ч оюун санааны хоцрогдлыг арилгахад онцгой нөлөө өгч байсан. Тиймээс XX зуун, социализмын үеийн бүтээл гэж хэлэгдэх боловч хүмүүсийн оюун санаанд орох өөрчлөлтүүдийг нэг намын тогтолцоотой, ангит, намч чанарын үед урлаг өөрийнхөөрөө гарч ирэхэд намын харьяаллыг алгасч чадах ч тэрэнд баригдахгүйгээр хэлж гаргах, илэрхийллийн аргыг хийж байсан ч хаагдмал байсан нь тодорхой.

-Та Улсын драмын театрт хэдэн жил найруулагчаар ажилласан юм бэ. Их олон жил болсон байх шүү?

-1976 оноос л театрт орж ажиллаад 33 жил болсон байна билээ шүү дээ.

-Тэгэхээр хичнээн жүжиг тавьсан бол оо?

-Тэр чинь 70, 80-аад юм болно. Орон нутагт тавьсан жүжгээ яривал бараг 100 гарна.

-Найруулагчийг зовоогоод байхгүй жүжиг гэж байх уу?

-Хэрвээ найруулагч жүжгийг зовохгүйгээр тавьдаг гэж үзвэл найруулагчийн хэрэг байхгүй. Хамгийн гол нь зохиолчийн зохиол бүтээлийг олж харж тэр бүтээлд нь хүндэтгэлтэй хандаж, хэлэх гэсэн санаа нь өнөөдөр манай нийгэмд, бидний дунд, хүмүүст байж байна., энэ жүжгийн санаагаар энэ нийгэм, хүмүүст хэлэхээс нааш бидний сэтгэлийн эмзэглэл тайтгарахгүй нь ээ гэж харж чадсан нөхцөлд тэр бүтээл гарч ирдэг. Сонгодог бүтээл бүхэн мөнх байдгийн нэг аугаа чанар нь аль ч нийгмийн тогтолцооны үед нийгмийн аль нэг асуудалд тэр бүтээлийн дүрүүдийн хэлэх гэсэн санаа бүхэн өөр өнгө, хэлбэрээр оршиж байдагт байгаа юм. Тэднийг олж харж сонгодог жүжгийн хэлбэрээр гаргаж тавьж чадвал бид сонгодог жүжгийг тавихын зэрэгцээ, орчин үеийн оюун санааны хэрэгцээнд Орос, Английн сонгодгууд бидэнд үүгээрээ хэрэгтэй байна гэж татаж гарч ирнэ гэдэг бол орчин үеийн сэтгэлгээ. Сонгодгийг орчин үеийн амьдралд ойртуулж ирж байгаа хандлага. Түүнээс биш ойртуулж байна гээд хувцас хунар, хөгжим чимэглэлээр нь ойртуулахыг хэлэхгүй.

-Жүжиг сонирхдог зарим хүн тухайн жүжигт хэн тоглосноос илүү хэн найруулсан бэ гэдгийг хардаг юм билээ?

-Дэлхийн театрын түүхэнд XX зуунаас хойш тийм байна л даа. Жүжигчдийн нэр төр, байр суурь өсөөд дүр бүтээх чадвар нь улс орондоо дуурсагдаад ирдэг. Тоглох жүжигчний ур чадварын асуудал бол их том боловсорсон үе шат юм. Тэрүүгээр нь үзэгчид тэр жүжигчнийг хүлээж, жүжиглэлтийг нь биширдэг. Тэгээд дараа нь тэр жүжигчин ямар дүрд тоглох бол гэж хүсэн хүлээх хүлээлтийг бий болгодог. Тэр бол жүжигчинд бурхнаас өгсөн авьяас билэг нь хөдөлмөрөөр баяжиж хүнд үнэмшигдэж, хүмүүсийн оюун санааны ертөнцөд эрэлт хэрэгцээ болж эхэлж байгаа нь тэр. Тийм учраас жүжигчнийг үзэгчид хүсдэг.

-Харин найруулагчийг?

-Найруулагч чинь зохиол, жүжигчин хоёрын ард байдаг. Зохиолчийг хүлээн зөвшөөрч жүжигчинд өөрийгөө уусгаж тэр найруулагчийн бүтээл үзэгчдэд 100 хувь очиж үзэгчид жүжигчдийг үзэх гэж байна гэдэг чинь найруулагчийг хамт үзэж байгаатай адилхан. Тэр бүхний өмнө найруулагч гүйгээд байна гэдэг биш. Найруулагчийн мэргэжлийн ёсзүйн хувьд ч таарахгүй асуудал.

-Найруулж байсан жүжгүүдээс тань сонирхолтой байдлаар тавигдсан эсвэл их цаг хугацаа орсон бүтээл гэвэл бий дээ?

-Үзэл суртлын үе хүнд хэцүү байсан. “Отелло” жүжгийг хоёр дахиа тавихад их хүнд байлаа. Уг жүжиг анх 1956 онд тавигдчихсан байсан. Үзэгчдийн сэтгэл санаанд Отелло гэдэг хүн бол Г.Гомбосүрэн гуайгаар төсөөлөгдчихсөн. Е.Гомбодорж гэж сайхан жүжигчин Ягод тоглож байсан. Энэ хоёр хүнээр хүлээн зөвшөөрөгдчихсөн байсан. Бас ардын жүжигчин Ч.Долгорсүрэн гуай байна, Дездемонд тоглосон. Энэ гурван хүний ансамбль бат байсан тэр байдлаар хүмүүс 1956 онд “Отелло” жүжгийг Английн Шекспир гэдэг хүн бичжээ. Отелло гэдэг ийм намтартай хүн байжээ. Гомбосүрэн, Гомбодорж, Долгорсүрэн гурав бидэнд үнэмшилтэй хүргэж иржээ гэсэн. Уран бүтээл оршин тогтоно гэдэг жүжигчнийг төрүүлдэг, жүжигчнийг нээж гаргаж өгдгөөрөө онцлог талтай. Тэрүүгээр нээгдэж гарч ирсэн манай алтан үеийн уран бүтээл бүхэн уламжлагдаж ирэн шинэ залуу үед дамждаг, хөгждөг. Үүний нэг залгамж халаа бол Ц.Гантөмөрийн тоглосон Отелло, Л.Жамсранжавын тоглосон Яго, Д.Мэндбаярын тоглосон Дездемон. Залгамж халаагаа үргэлжлүүлж тэрийгээ өөр өнцгөөс дүр бүтээх арга аргачлалтайгаа, 1980 онтойгоо холбож гаргаж ирсэн асуудал бол жүжигчний оюунлаг шинжийн асуудал. Оюунлаг жүжигчин дүрийн бодит мөн чанарыг хүний оюун санаанд яаж хүргэх вэ гэдэг эрэл хайгуулаараа хийж байгаа нэгэн цогц бүтээлийн нэг хэлбэр. “Отелло” жүжгийн ерөнхий санаа бол хардалт, хайр дурлалын тухай гэхээсээ илүү хардалт, хар санаанаас илүү яаж гэгээлэг юм руу очих вэ гэдэг тэмүүллийг тэнд хийх гэж оролдсон уянгын эмнэгэлт жүжиг.

-Монголчуудын хувьд таны аав Г.Бирваа гуайн нэрийг хүүхэд байхаасаа, дуу хөгжмийн номноос л уншиж мэдэж бүтээлтэй нь танилцаж өсдөг. Урлагийн гэр бүлд өссөн нь найруулагч болоход тань нөлөөлсөн нь мэдээж?

-Гарцаа байхгүй нөлөөлдөг. Манайх хөгжмийн гэр бүл. Миний ээж хөгжимчин. Аав өөрөө хөгжмийн зохиолч, удирдаач. Бас цэргийн хөгжимчин байсан шүү дээ. Халх голын дайнд бүрээ үлээж явлаа. Халх голын анхны бүрээ үлээж байсан гурван бүрээчний нэг нь манай аав. Миний дүү нар бүгд хөгжмийн сургуулиар дамжсан болохоор бид урлагийн ертөнц рүү их амархан орчихсон, татагдчихсан. Урлаг хүнийг нэг татвал соронзон мэт татчихдаг. Ухрах замгүй болдог. Тийм замаар би энэ мэргэжлийг олж авч сонгосон. Харин би хөгжмийн төрөл рүү биш драмын төрөл рүү татагдсан.

Сургуульд байхын л шүлэг уншдаг, концертод явдаг, найрал дуунд зогсдог хүүхэд байснаа дундаас нь кино жүжигчин болох сонирхолд хөтлөгдсөн, ес, аравдугаар ангиасаа. Тэгээд л “Монгол кино” үйлдвэрт анх ажилд ороод тэрнээс хойш Улсын хүүхдийн төв театрт дагалдан жүжигчнээр ажиллаж байгаад хойшоо сургуульд явж театрын мэргэжлээр төгсч ирсэн.

Гарцаа байхгүй нөлөөлөх нь нөлөөлнө. Аав, ээжийнхээ ажилладаг газраар явна. Улсын симфони найрал хөгжим, Улсын цирк, Улсын хүүхэлдэйн театраар очдог байсан. Эдгээр нь миний аав, ээжийн ажилладаг байсан газрууд байхгүй юу. Аль алинд нь очиж хөгжим сонсч, хүүхэлдэй үзэж байсан тэр он жил бол миний бага насыг тодорхой хэмжээнд хөглөж л байсан байгаа юм.

-СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн 60 жилийн ой эдгээр өдрүүдэд тохиож манай урлагийнхан, театр, киноныхон их л хөл хөөртэй байна даа?

-Монголын театрын урлагийн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэгдэж гарч ирсний 60 жилийн ой тохиож байна. Бид энэ ойгоо тэмдэглэж байна. 1957 онд МУИС-д найруулагчийн ангийг анх нээж Оросын мэргэжилтэн Никитин гэж манай театрт ажиллаж байсан хүн удирдаж, дараа нь 1959 онд Улсын багшийн дээд сургуулийн дэргэд Кино, драмын анги гэж жүжигчний мэргэжлийн дээд мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, дээд мэргэжилтэй жүжигчин төгсгөх сургууль нээгдсэн. Ингээд энэ оюуны цар хүрээ тэлж мэргэжлийн боловсон хүчнийг мэргэжилтэй болгох, мэргэшилтэй болгох тал руу сургаж хүмүүжүүлэх энэ бодлого хэрэгжиж эхэлснээс хойш эдүгээ 60 жил болжээ.

МУИС, Багшийн дээд сургуулийн дэргэд байгуулагдсан энэ хоёр анги бол Теартын урлагийн сургуулийн мэргэжлийн найруулагч, жүжигчдийг бэлтгэх, зураачдыг бэлтгэхэд өөрийн зохих хувь нэмрийг оруулж ирсэн учраас түүхт ойтойгоо золгож байна. Олон сайхан авьяаслаг уран бүтээлчдийг бэлтгэсэндээ сургууль нь бахархаж баяраа тэмдэглэх гэж байна. Энэ ойг тохиолдуулж манай сургуулийг үүсгэн байгуулсан, төгссөн үе үеийн ахмад мэргэжилтэн, найруулагчид, жүжгийн зохиолч, жүжигчид, одоо ажиллаж байгаа болон суралцаж байгаа бүх багш, оюутнууддаа түүхт ойн баярын мэндийг хүргэж, эрүүл энх аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Уран бүтээлийн онгод хийморь та бүхнийг минь үргэлж мялайж, хөглөж байхыг бэлгэдэн ерөөж байна.

Гэрэл зургийг Г.БАЗАРРАГЧАА

Categories
мэдээ цаг-үе

Монгол Улсын начин Б.Хишигбаатар: Олон ч наадмаас би нулимстай буцаж байсан даа

Өнөө жилийн наадмаар тав давж улсын цолны босго алхсан шинэ начин Б.Хишигбаатартай ярилцсанаа хүргэе.


-2017 он таны хувьд их амжилтын жил болж өнгөрч байна. Бүх цэргийн наадамд түрүүлж, аймгийн хурц арслан цол хүртсэн бол дараахан нь улсын их баяр наадамдаа амжилттай барилдаж улсын цолтнуудын өнөр бүлд багтлаа шүү дээ?

-Монголчуудтайгаа “Өдрийн сонин”-оор дамжуулж уулзаж байгаадаа баяртай байна. 2017 он миний хувьд ээлтэй сайхан жил байлаа. Аймаг цэргийн цолтой хамаг сайчууд чуулдаг Бүх цэргийн наадамд түрүүлж цолоо батлаад, дараахан нь улсын наадамдаа барилдаж олон жил мөрөөдсөн улсын начин цолоо хүртлээ. Сар гаруйн хугацаанд л хоёр цол авсан даа.

-Та Говь-Алтай аймгийн Чандмань сумаар овоглож барилддаг. Бага нас тань тэнд өнгөрсөн үү. Хүүхэд насны дурсамжаасаа манай уншигчидтай хуваалцаач?

-Тийм ээ. Би эцэг эхээс 11-үүлээ. Тэдний маань долоо нь эрэгтэй. Тэр сайхан говь, хангай хосолсон нутагт мал маллаж зав чөлөөгөөр нь барилдаж, эмнэг хангал сургаж энгийн л борог амьдралаар өссөн.

-Бөхийн ертөнцөд хэрхэн хөл тавьж байсан бэ?

-Хүүхэд байхад Р.Давааням заан нутагтаа ирэхэд манай нутгийнхан их сайхан хүлээж авдаг байлаа. Түүнийг хараад л энэ хүн шиг сайхан улсын цолтой бөх болохсон гэсэн хүсэл мөрөөдөл маань намайг бөхийн замд хөтөлсөн дөө. Тэр үед бөхийн дэвжээнд ид сайн барилдаж байсан зургаан залуу зааны өрсөлдөөнийг радиогоор сонсдог байсан маань бас энэ спортод дур сонирхолтой болгосон. Анх 2006 онд улсын гарьд Н.Ганбаатартай танилцаж багш шавийн барилдлага тогтоосноос хойш бөхийн ертөнцөд эргэлт буцалтгүй орсон гэж хэлж болно.

-Анх үндэсний бөхийн ямар цол хүртэж байв?

-2004 онд хүүхэд байхдаа сумынхаа 80 жилийн ойн баяр наадмын шигшээ 32 бөхийн барилдаанд түрүүлж, сумын начин цол хүртэж байлаа. Дараа жил нь ахтайгаа сумынхаа наадмын түрүү үзүүрт үлдэж сумын заан болж байсан. 2006 онд мөн л бид хоёр үзүүр түрүүнд үлдэж, ах маань давсан.

-Миний мэдэхийн та сумын заан цолтой зургаан жил барилдсан санагдаж байна. МҮБХ-ноос улирал бүр зохион байгуулдаг сумын цолтнуудын барилдаанд их амжилттай барилдаж байсан байх?

-2005 онд сумын заан цол хүртээд энэ цолтойгоо их удаан барилдсан шүү. Тэр үед бөхийн өргөөнд зохиогддог байсан сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан өрсөлдөөнтэй болдог байж. Би ч алгасалгүй зодоглож тогтмол шөвгөрдөг байлаа. Түрүүлж чадалгүй хоёр ч удаа үзүүрлэсэн санагдаж байна. Тухайн үед одоогийн улсын начин Б.Сугаржаргал, аймгийн арслан Б.Ерөөлт, У.Батгэрэл, Ж.Наранбаатар, Б.Мөнх-Эрдэнэ, аймгийн заан Б.Эрдэнэбаяр гээд бөхчүүд их сайн барилдаж байлаа. Өнөөдөр бүгд цолоо ахиулаад амжилттай барилдацгааж байна.

-Тантай нэг үед өрсөлдөж байсан залуус аймгийн цол аваад дээшээ яваад байдаг. Таны хувьд аймгийн наадамдаа очоод цолны даваанд хүрэлгүй унаад байсан. Амар байгаагүй болов уу?

-Нэг үед өрсөлдөж байсан залуус маань бүгд аймгийн цол хүртээд, зарим нь бүр арслан болоод тасраад явчихсан. Би л ганцаараа сумын заанаараа үлдсэн байсан шүү. Аймгийн наадамдаа очиж барилдаад гурав, дөрвийн даваанд уначихаад цол авч чадахгүй нь гээд уйлаад л буцдаг байлаа. Олон ч наадмаас би нулимстай харьсан даа. Энэ үе маань намайг илүү хурцалж өгсөн юм шиг санагддаг. Хэцүү байсан ч бэлтгэлээ хэзээ ч цалгардуулж байсангүй. Үүнийхээ үр шимийг үзэж дараагийнхаа цолд хүрсэн шүү.

-Таны цол авах ээлж 2012 онд тохиож бүх цэргийн наадмаар хамгийн анхны цэргийн харцага цолыг хүртэж байсан бил үү?

-Тийм ээ. 2012 оны бүх цэргийн наадамд Архангай аймгийн харьяат улсын начин Л.Шинэбаатарыг аймгийн арслан цолтой байхад нь зургаагийн даваанд орхиж харцага болж байлаа. Тэр наадамд манай дэвжээнийхэн одтой наадаж Б.Энхсайхан маань цэргийн начин болж байсан. Миний хувьд Бүх цэргийн наадам чансаа өндөртэй барилдаан болдог тул жилийн жилд л өндөр ач холбогдол өгч хичээж барилддаг байлаа. Тэр ч утгаараа надад ээлээ өгч 2017 онд миний ээлж ирж түрүүлсэн.

-Монгол бөхийг муухай харагдуулж, харлуулж байгаа зүйл бол найраа. Жил жилийн л Бүх цэргийн наадамд энэ асуудал хөндөгддөг. Харин таны хувьд өнгөрсөн жил бөх сонирхогчдоо хүндлээд шударга сайхан барилдаж түрүүлсэн?

-Миний хувьд хүнээс даваа гуйж, хүнд гуйлгаж худлаа барилдах үнэхээр дургүй. Яс үзээд л давбал давна, унавал унана. Өнгөрсөн жилийн тухайд бүх цэргийн наадам эхлэхээс тав хоногийн өмнө наадмын бэлтгэлдээ гарчихсан байлаа. Цэргийн наадамд гайгүй барилдаад байдаг болохоор ч тэр үү түрүүлчих юмсан гэсэн бодол тээж барилдсан. Түрүүлчихээд тугнаасаа адис авч байхдаа үнэхээр огшиж байсан. Цэргийн наадамд барилдаж байхад нутгийн минь бөхчүүд их нөмөр нөөлөг болсон.

-Анх улсын цолтой ямар бөхийг өвдөг шороодуулж байсан бэ?

-Бэлтгэл дээрээ дэвжээнийхээ бөхчүүдийг ганц нэг удаа давж л байсан байх. Анх цагаан сарын барилдаанд сумын заан байхдаа аманд гараад улсын арслан Н.Батсуурийн аав Г.Намсрайжав харцагыг давж их баярлаж урам авч байлаа. Улсын цолтой бөхчүүдтэй барилдаж болох юм байна гэсэн бодол тэр цагаас хойш л толгойд суусан даа. Амжилтын маань эхлэл тэр барилдаан байсан юм болов уу гэж бодогдох үе байдаг шүү.

-Хоёулаа ярианыхаа сэдвийг өнгөрсөн жилийн наадам руу чиглүүлье. Наадмын өглөө гэрээсээ цэнгэлдэх рүү гарахдаа юу бодож байв?

-Би өнгөрсөн жилийн турш барилдаан алгасалгүй зодоглож бэртэл гэмтэлгүй, бэлтгэл сайн байсан. Хажуугаар нь цэргийн наадамд түрүүлээд цолоо хурцалчихсан болохоор өөртөө итгэлтэй байсан шүү. Ер нь цэргийн наадамд түрүүлсэн хүмүүс тухайн жилийн наадамдаа амжилттай барилдаж цол аваад байдаг сайхан уламжлал байдаг. Энэ бүхнийг дотроо бодож л байсан.

-Наадмын өмнө улсын аварга цолонд хүндэтгэл үзүүлэх барилдаан төв Цэнгэлдэх хүрээлэнд болсон. Дээр үед зохиогддог наадмын сорилго барилдаантай дүйцэх хэмжээний томоохон барилдаан болоход та сайн барилдаж дөрөв давсан шүү дээ?

-Тийм. Хавар дулаарчихсан үед цэнгэлдэхэд бүх аварга арслангууд нь зодоглосон чанартай сайхан барилдаан болсон шүү. Тэр барилдаанд дөрөв давчихаад туг тойрохоор гүйж байхад үзэгчид шуугилдаж баяр хүргээд яг л наадам болж байгаа юм шиг санагдсан. Аварга арслангууд нь цолоо дуудуулаад л уур амьсгал хүмүүсийн хандлага нь заалны барилдаанаас шал өөр болж байгаа юм чинь.

-Наадмын өмнө цэнгэлдэхдээ зодоглоод цочоогоо гаргачихаад барилдахад дөхөм байсан байх. Энэ жилийн баяр наадмын даваануудынхаа талаар?

-Аваргуудын нэрэмжит барилдаанд гайгүй барилд-чихаад “Наадмаар надад боломж байна шүү” гэсэн бодол төрж байсан. Гэхдээ төрийн наадмын дэвжээ ч хатуу шүү дээ. Энэ жил л гэхэд шилдэг залуу начин Э.Даш маань нэгийн даваанд л өвдөг шороодож байх жишээтэй. Би нэгийн даваанд Архангайн сумын заан залуутай барилдаад хоёрын даваанд Дундговь аймгийн арслан О.Өлзиймөнхийг давсан. Гурав дээр Завханы Г.Баасандорж начин намайг амласан байсан. 2015 онд Г.Баасандорж маань начин болохдоо хоёрын даваанд намайг орхиж байлаа. Харин энэ жил би бариа зөрүүн дээр барьцгүй хавираад даваа авсан. Оноолтын даваанд Н.Батзаяа харцагатай таарч сугадаж мордоод давсан даа. Харцага удах тусам чангардаг тул хурдан барилдъя л гэсэн бодолтой гарч санасан мэхээ хийсэн маань даваа авчирсан.

-Улсын наадамдаа анх удаагаа дөрөв давчихаад туг тойрч байхад толгойд их юм бодогдоно биз?

-Их сайхан байсан. Барилдсан болгон начны даваанд босдоггүй наадам шүү дээ. Улсын цолонд хүрэхэд ганцхан даваа үлдлээ дээ гэж бодож байлаа. Өмнөх жил нь 1024 бөх барилдахад улсын цол горьдож барилдаад гурвын даваанд аймгийн заан Б.Түмэндэмбэрэлд уначихсан байсан болохоор ч тэр юм уу их баярласан.

-Улсын цолны даваанд таныг бөхийн замд хөтөлсөн багш тань амласан. Ам авахаасаа өмнө танд энэ тухай хэлсэн үү. Гарын даа дээр очоод нэр сонсох доо “Би юу харахав дээ, Хишигбаатарыгаа авъя” гээд буцсан гэсэн.

-Хэлээгүй ээ. Багш бид хоёр хамт сууж байгаад л ам авах болоход дуугүй босоод явчихсан. Би их юм бодоогүй байтал намайг Н.Ганбаатар амлалаа гэж зарласан. Би ч огшоод л явчихсан. Багш маань өөрөө ч дээшээ барилдаж цолоо баталж улмаар ахиулах хэмжээний бөх шүү дээ. Начин болоод туг тойрч байхад хөдөө зурагт үзээд сууж байсан том охин маань уйлсан чинь дүү нь дагаад уйлчихсан гэнэ лээ. Аавыгаа их харж байсан юм шиг байгаа юм.

-Таныг харж байхад давсан ч, унасан ч их шуурхай барилддаг. Бөх сонирхогчид ийм барилдааныг хүлээдэг. Гэтэл өнөө цагт барилдаж байгаа бөхчүүдээс ийм барилдаан ерөөсөө харагдахгүй байна. Үүнд зарим хүмүүс их шүүмжлэлтэй ханддаг.

-Яарч шуурхай барилддаг маань алдахдаа алдаж, онохдоо онодог юм. Гэхдээ бөхийн барилдааны дүрэм нь жин ихтэй л бол давах магадлал 70-80 хувь илүү болгочихоод байна л даа . Жин ихтэй хүн тэсэрч, хурдтай барилдах боломжгүй шүү дээ. Одоо үед гараад цаг хүлээж байгаад барьц сонгоод давчихъя гэсэн бодолтой бөхчүүд олон болсон байна. Тэднийг буруутгах аргагүй л дээ. Дүрэмтэйгээ уялдуулж бөхчүүд өөрийнхөө жинд таарсан барилдааны тактикийг сонгож барилдах нь зүйн хэрэг.

-Та бодибилдингийн спортоор багагүй амжилт үзүүлж хотын аваргаар хүртэл шалгарч байсан. Энэ талаараа ярихгүй юу?

-Хүмүүс намайг энэ спортоор хичээллэж байгаад бөх рүү орж ирсэн юм шиг ойлгоод байдаг. Би яг дагнаж хичээллээгүй л дээ. Хүүхэд байхдаа л бөхийн бэлтгэл хийгээд булчин суусан байх. Тэр үед хүчний бэлтгэл хийлгэдэг багш нар маань бодибилдингийн тэмцээнд орох санал тавиад 2009 онд Улаанбаатар хотын аваргад орж түрүүлж байсан. Дараа жил нь улсын аваргад орж мөнгөн медаль, 2011 онд хүрэл медаль хүртсэн. Анх оролцоод түрүүлсэн мөртлөө амжилт буураад л явчихсан байгаа биз.

-2003-2007 оны үед Говь-Алтай аймгаас начин Ду.Батбаяр тэргүүтэй 10-аад залуус монгол бөхөд хүч түрэн орж ирж байсан. Жил дараалан гарьд, заан цолтнууд төрж, төрийн наадмын өндөр даваанд Алтайн бөхчүүд босч байсан шүү дээ. Өнөө цагт барилдаж байгаа “Хантайшир” дэвжээний залуус ах нарынхаа хэмжээнд арай л хүрэхгүй байна уу даа?

-Тэр үед ч Ду.Батбаяр ахаар манлайлуулсан улсын гарьд Н.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Б.Соронзонболд, улсын харцага Ж.Амартүвшин, улсын начин Ш.Тогтохбаяр, Л.Гантулга нар хүчтэй гарч ирж байсан. Жил дараалан улсын гарьд, заан цолтон төрж байсан даа. Харин сүүлийн үед тэр оргил үе шигээ байж чадахгүй байна л даа. Гэхдээ удахгүй сайн барилдаад том цол авах нөөц бололцоотой залуучууд манай дэвжээнд олон байгаа. Тэд маань өдрөөс өдөрт нүдэн дээр сайжирч байна.

-Ирээдүйн зорилгынхоо талаар?

-Миний хувьд гуч гарч байж улсын цолны өндөр босгоор алхлаа. Чадахаасаа чадахгүй хүртлээ барилдана даа. Ард түмнийхээ энэ их хайр ивээлийг дааж, илүү хөдөлмөрлөж дараа дараагийн цолд хүрэхийг зорьж байна. Нутгийн зоноо олон удаа баярлуулахыг хичээнэ ээ.

О.ДАШНЯМ

Categories
гадаад мэдээ

Умард Солонгос дахин пуужин харвав

ЗурагБНАСАУ дахин шинэ пуужингийн туршилт хийсний хариуд Өмнөд Солонгос өөрийн пуужингийн туршилтыг хийлээ гэж мэдээллийн ЁНХАП агентлаг Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний штабын дарга нарын нэгдсэн хорооны эх сурвалжаас иш татан мэдээлэв.

Тус агентлагийн мэдээлснээр, орон нутгийн цагаар 3 цаг 23 минутаас 3 цаг 44 минутын хооронд Өмнөд Солонгосын хуурай замын цэрэг, тэнгисийн цэрэг болон агаарын цэргийн хүчний БНАСАУ-д цэгчилсэн цохилт өгөх пуужингийн нэгдсэн сургуулилт хийсэн байна. 300 км тусгалтай “Хёнму-2” баллистик пуужин, 1000 км тусгалтай “хөлөг онгоц-газар” ангиллын “Хэсон-2” пуужин, 57 км тусгалтай “агаар-газар” ангиллын “Спайс-2000” пуужингуудыг харваж туршижээ.

Өмнө нь мэдээлсэнчлэн, БНАСАУ 3 цаг 17 минутад Пхеньянаас холгүй газраас баллистик пуужин хөөргөснийг Өмнөд Солонгосын цэргийнхэн тогтоосон аж. Пуужин 1000 орчим км нисч, Японы нутгаас 210 км зайтай унасан байна.

АНУ-ын батлан хамгаалахын сайд Жеймс Мэттис тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахдаа Умард Солонгосын энэ пуужингийн нислэгийн муруй нь өмнөх бүх пуужингаас өндөр байсан гэж мэдэгджээ. “Умард Солонгос пуужин харвасан нь тус улсын асуудалд хандах АНУ-ын хандлагыг өөрчлөхгүй. АНУ нөхцөл байдлыг зохицуулж чадна” гэж АНУ-ын төрийн тэргүүн мэдэгдсэн байна.

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон БНАСАУ пуужин харвасныг буруушааж, тус улсын эрх баригчдад улам хүчтэй дипломат болон улс төрийн шахалт үзүүлэхийг дэлхийн бүх улсад уриалав.

Умард Солонгос энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн пуужингийн туршилтыг тогтмол явуулж ирсэн ба есдүгээр сарын 15-нд харвасан баллистик пуужин нь Японы нутаг дэвсгэр дээгүүр нисч өнгөрснөөс хойш нам гүм болоод байсан юм. Дэлхийн хамтын нийгэмлэг үл таашааж байгаа хэдий ч БНАСАУ пуужингийн хөтбөрөө хэрэгжүүлсээр байгаа билээ.

Эх сурвалж Montsame.mn

Categories
мэдээ спорт

Ёкозуна Харумафүжи зодог тайлах боллоо

Ёкозуна Харумафүжи өөрийн хүсэлтээр зодог тайлахаар шийдсэн тухай түүний дэвжээний багш, ояката Исэгахама дөнгөж сая мэдэгдлээ. Харумафүжиг гаргасан өргөдлийг багш нь өнөөдөр Сумогийн холбоонд хүргэж өгөх гэж буйгаа ч мэдээллээ. Уржигдар Ёкозунагийн зөвлөл хуралдаж түүнд хамгийн хүнд шийтгэлийг ногдуулах ёстой гэсэн саналд зөвлөлийн гишүүд санал нэгдээд байсан юм. Гэвч Харумафүжи ийнхүү цагдаа, шүүхийн дүгнэлт эцэслээгүй байхад асуудлыг хаахыг хүссэн бололтой.