Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр эзэмшил газраа өмчлөх аяны талаар мэдээлэл өгнө

Related imageНийслэлийн Газрын албанаас иргэдэд оршин суугаа газраа өмчлөхөд дэмжлэг үзүүлэх зорилгоор гурван сарын аяныг зохион байгуулахаар болсон. Энэхүү аяны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг иргэдэд өгөхөөр өнөөдөр Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт “Иргэд мэдээлэл өгөх өдөрлөг” зохион байгуулах юм.

Эзэмшил газартаа олон жил амьдарсан иргэд энэхүү өдөрлөгт ирж, тус аянд таны оршин суугаа газар багтсан эсэх, ямар бичиг баримт бүрдүүлэх, зөрчилтэй бол зөрчлөө хэрхэн арилгах зэрэг мэдээлэл авах боломжтой.

Гурван сарын хугацаанд хэрэгжүүлэх энэхүү аяны хүрээнд нийслэлийн төвийн зургаан дүүргийн 43 хорооны 3442 нэгж талбарт иргэний ахуйн зориулалтаар газар эзэмшиж буй иргэдэд газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх юм.

Аянд хамрагдсан 3442 нэгж талбарт Сонгинохайрхан дүүргийн 1, 3, 4, 20, 22, 23, 27, 30, 31 дүгээр хорооны 366, Хан-Уул дүүргийн 10,11 дүгээр хорооны 13, Баянзүрх дүүргийн 2, 4, 5, 8, 9, 10, 12, 13, 14, 16, 17, 19, 22, 24, 27 дугаар хорооны 2251, Баянгол дүүргийн 9, 10, 11, 16, 20, 21, 22 дугаар хорооны 269, Чингэлтэй дүүргийн 8, 9, 10, 11, 12, 13 дугаар хорооны 209, Сүхбаатар дүүргийн 9, 11, 12, 13 дугаар хорооны 334 нэгж талбар багтаж байна.

ЭЗЭМШИЛ ГАЗРАА ӨМЧЛӨХДӨӨ ДАРААХ МАТЕРИАЛЫГ БҮРДҮҮЛНЭ

1.Газар өмчлөхийг хүссэн өргөдлийн маягт бөглөнө.
2.Хорооны Засаг даргын тодорхойлолт
3.Газар эзэмших эрхийн гэрчилгээ /эх хувыг хавсаргана/
4.Иргэний үнэмлэхний хуулбар
5.Газрын кадастрын зураг /эх хувь/
6.Газрын төлбөр төлсөн баримтуудыг тус тус хавсаргаж харъяа дүүргийн газрын албанд газар өмчлөх хүсэлтээ гаргана гэж Нийслэлийн газрын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Ж.Эрдэнэбат: Монгол Улс бизнестээ эргэн ирлээ, Та бүхнийг урьж байна

Монгол Улсын Засгийн газар, үнэт цаасны “Frontier” компанийн хамтран зохион байгуулж буй хөрөнгө оруулагчдын “Invest Mongolia” чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Энд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт зочид, Элчин сайд нар, хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.

Юуны өмнө Монгол Улсын тогтвортой хөгжлийг болон эдийн засгийн өсөлтийг хангахад хувь нэмрээ оруулж, харилцан ашигтай хамтран ажиллахаар хүрэлцэн ирсэн хөрөнгө оруулагчид Та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Монгол Улс хөгжиж байгаа дэлхийн бусад улс орны нэгэн адил эдийн засгийн өсөлт, нэг хүнд ногдох орлогоо нэмэгдүүлэх замаар хөгжлийн илүү өндөр түвшинд хүрэхийг зорьж байна. Энэ зорилтдоо хүрэхэд гадаадын хөрөнгө оруулалт нэн чухал. Манай Засгийн газар хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, тэдний өмнө тулгарч байгаа саад бэрхшээлийг бууруулах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэн ажиллаж байгаа.

Сүүлийн 10 гаруй жилд Монгол Улсад шинээр орж ирсэн гадаадын хөрөнгө оруулалтын дийлэнх хувь нь зөвхөн уул уурхай болон түүнтэй шууд хамаарал бүхий салбаруудынх байна. Энэ хэрээр манай эдийн засаг олборлох салбараас хэт хамааралтай хэвээр явна. Эдийн засгийн өрөөсгөл энэ бүтэц болон бусад хүчин зүйлээс хамааран эдийн засгийн өсөлт тогтвортой бус, хэлбэлзэл ихтэйг та бүхэн сайн мэднэ. Сүүлийн 5-6 жилийн дотор гэхэд эдийн засгийн өсөлт 17,0 хувиас 1 хувь болтлоо эрс унасан бол, энэ оны эхний хагас жилийн байдлаар эргэн сэргэж, өсөлт 5,3 хувьд хүрлээ. Гадаад худалдааны эргэлт, улсын төсвийн орлогын бүрдэлт, инфляцийн түвшин, мөнгөний бодлого зэрэгт олон эерэг өөрчлөлт гарлаа. Гадаад талдаа Монгол Улсад итгэх итгэл эргэн сэргэж, Бизнес эрхлэлтийн орчны индексээр 2017 онд найман байраар урагшиллаа. Үүний нэгэн баталгаа нь энэ удаагийн хөрөнгө оруулагчдын чуулганд оролцогч олон улсын байгууллага, хөрөнгө оруулагчдын тоо өмнөх жилүүдийнхээс нэмэгдсэнээс харагдана. Гадаадын хөрөнгө оруулагчид “Монгол Улс бизнестээ эргэн ирлээ” гэж тодорхойлж буй ийм цаг үед энэ удаагийн чуулган болж байгаад Монгол Улсын Засгийн газар ихээхэн ач холбогдол өгч, үр дүн хүлээж байна. Хөрөнгө оруулагчид Та бүхний өмнө Монгол Улс нээлттэй засаглалтай, бизнесийн таатай орчинтой, бизнес хийх зах зээлтэй улс хэвээр байна.

Та бүхний өмнө одоо бэлэн байгаа хамгийн ойрын боломжуудаас би хэдхэн жишээ дурдъя.

-Оюутолгой, Тавантолгой төслийн үйл ажиллагаа эрчимжсэнтэй холбоотойгоор өмний говьд цахилгаан станц, боловсруулах үйлдвэр, төмөр зам барих зэрэг ихээхэн хөрөнгө оруулалт шаардсан томоохон бүтээн байгуулалтууд эхэлж байна.

-Ашигт малтмалын шинэ орд газрууд ч илэрч байна.

-Монгол Улс, ОХУ, БНХАУ-ыг дамнасан дэд бүтцийн олон улсын томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр харилцан тохиролцож, эхний шатны бэлтгэл ажлуудыг хангалаа.

· Түүхий эдийн үнэ ханш өсч, Оюутолгойн далд уурхайн олборлолт эхлэх болсноор гадаад худалдаа, үүний дотор экспортын урсгал илүү тогтвортой байх урьдчилсан нөхцөл харагдаж байна.

· Монгол орны шавхагдашгүй нөөц болсон мал сүргийн тоо толгой 70,0 гаруй саяд хүрч, хөрш болон бусад улс оронд мал аж ахуйн бүтээгдэхүүн, түүхий эдийг экспортод гаргах чиглэлээр гэрээ хэлэлцээр хийж байна. Энэ нь хөдөө аж ахуйн салбарт ч хөрөнгө оруулалтын шинэ боломжууд нээгдэж байгааг илтгэх үзүүлэлт юм.

Цөөн энэ хэдэн жишээнээс харахад л Монгол Улс та бүхний сонирхох бизнестэй, хөрөнгө оруулах ирээдүйтэй зах зээлтэй улс хэвээр байгаагийн нотолгоо юм. Харин бизнес эрхлэх, хөрөнгө оруулах орчны тухайд нэг талаас хөрөнгө оруулагчид та бүхэн, нөгөө талаас Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд миний байр суурь ялимгүй зөрөхийг үгүйсгэхгүй. Магадгүй, зарим хөрөнгө оруулагч манай улсын хөрөнгө оруулалтын орчныг “Сайнгүй, эрх зүйн орчин хангалтгүй” гэж болох юм. Үүнтэй би Ерөнхий сайдын хувьд санал нийлэхгүй. Өнөөдөр манай эдийн засгийн голлох салбарууд, ялангуяа томоохон хөрөнгө оруулалт татдаг уул уурхайн салбар нэлээд жигдэрсэн, хөрөнгө оруулагчдыг хамгаалсан, болзошгүй эрсдлийг зохих төвшинд хаасан, олон улсын жишигт ойртсон эрх зүйн орчинтой болсон гэж Монгол Улсын Засгийн газар үзэж байгаа. Мэдээж, аливаа хамтын ажиллагаа тал талынхаа эрх ашигт нийцэх эрх зүйн орчинтой байх ёстой. Энэ бол бизнесийн зарчим. Харин ямар ч тохиолдолд хөрөнгө оруулагчдад бус, баялгийн эздэд илүү боломж байх ёстой нь бизнесийн хууль гэдгийг энд сануулахад илүүдэхгүй ээ.

Сүүлийн жилүүдэд Монгол Улс хөгжиж, төсвийн орлогын хэмжээ жил бүр өсөн нэмэгдэж байгаа. Ард иргэдийн маань зарим хэсэг сүрхий хөлжиж, хөрөнгөжлөө. Энэ нь сайн хэрэг ч, бодит амьдрал дээр улсын хөгжил иргэддээ наалдахгүй, монгол хүний үнэ цэнэ өсөхгүй улам унаж байна. Энэ бол уул уурхайгаас олсон мөнгөө хөгжлийн гол салбарууддаа тэр бүр оруулахгүй, хүндээ онож хөрөнгө оруулж чадахгүй байгаатай холбоотой юм. Бодлогын энэ алдааг засахад хөрөнгө оруулагчид та бүхний дэмжлэг бас хэрэгтэй. Манайхан, хөрөнгө оруулагчид та бүхэн ч манай баялгийг түүхийгээр нь зөөх гээд байдаг. Хэрвээ харилцан ашигтай, бизнесийн зарчмаар их ашиг олъё л гэвэл Монголд нэмүү өртөг шингээх боловсруулах үйлдвэрүүдэд, мөн баялгийг эрсдэлгүй, богино хугацаанд тээвэрлэх авто болон төмөр замын бүтээн байгуулалтад хөрөнгө оруулахыг та бүхэд уриалж, бас урьж байна.

Энд ганц жишээ дурдахад, Дэлхийн банкнаас гаргасан улс орнуудын Ложистикийн хөгжлийн үзүүлэлтээр Монгол Улс 2016 оны байдлаар дэлхийн 160 улс орноос 108 дугаарт эрэмбэлэгдэж байна. Үүний гол шалтгаан нь зам тээврийн салбарт сүүлийн жилүүдэд дорвитой хөрөнгө оруулалт болон бодитой ажил хийгээгүйтэй холбоотой. Бид улсын төсвийн хөрөнгөөр орон нутгийн шинж чанартай автозамд багагүй хөрөнгө зарцуулж, аймгуудыг хатуу хучилттай автозамаар холбох зорилтыг хэрэгжүүлж байгаа. Харин улсын гадаад худалдааны ачаа эргэлтийн гол чиглэлийн авто болон төмөрзамын тээвэрлэлт, түүний ложистикийн хөгжил сул хэвээр байна. Тухайлбал, манай түүхий эдийн экспортын 30 гаруй хувийг тээвэрлэдэг говийн бүсийн, Гашуунсухайтын боомтын чиглэлийн дэд бүтэц, хилийн нэвтрүүлэх чадварыг эрс нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулалт хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын баялгийг зөвхөн олборлоход бус, түүнийг боловсруулах, тээвэрлэхэд хөрөнгө оруулах зах зээл та бүхний өмнө нээлттэй байна. Монгол Улс уул уурхайн салбараа ингэж цогцоор хөгжүүлэх нь тэндээс орж ирсэн орлогоор хүндээ хөрөнгө оруулж, хүнээ болон нийгмийн бусад салбараа хөгжүүлж, тэтгэх зорилготой юм.

Эрхэм хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид ээ.

Манай улсад эрдэс баялгаас бусад салбарт хамтран ажиллах өргөн боломж бий. Монгол Улс 2030 он хүртлэх урт хугацааны хөгжлийн бодлогын нэг гол зорилтоо эдийн засгийг төрөлжүүлж, олон тулгууртай эдийн засгийн тогтвортой өсөлтөд хүргэх явдал гэж тодорхойлсон. Манай Засгийн газар энэ зорилтын хүрээнд хөдөө аж ахуй, дэд бүтэц, аж үйлдвэр, үйлчилгээ зэрэг уул уурхайн бус салбарын хөгжлийг түлхүү дэмжин хөгжүүлэх бодлого баримталж байгаа. Тийм учраас та бүхэн энэ удаа зөвхөн уул уурхай бус, хөрөнгө оруулалтын бусад бодит боломжийн талаар ярилцаж, хамтын ажиллагааны шинэ эхлэлийг тавина гэдэгт итгэлтэй байна.

Эцэст нь та бүхэнд нэг зүйлийг зориуд онцолж хэлье.

Монгол Улсад хөрөнгө оруулах нэг л зорилготой чуулганыг бид янз бүрийн нэршил дор сүүлийн 10 гаруй жил зохион байгуулж ирлээ. Заримдаа жилд хоёр, гурваар нь хийлээ. Цаг зав, хөрөнгө мөнгөө зарцуулаад олон ч хөрөнгө оруулагч ирж байна. Гэвч эдгээр чуулганы бодитой үр дүн амьдрал дээр тэр бүр харагдахгүй, үүнээс болж арга хэмжээ маань өөрөө үнэгүйдэх хандлага байгааг зохион байгуулагчид анхаарах хэрэгтэй. Бид цуглаж суугаад ирээдүй цаг дээр олон жил ярилаа. Хөрөнгө оруулалтын ийм чуулганууд одоо хэлбэрийн хувьд дараагийн шатандаа орох хэрэгтэй. Ярьж чуулахаас илүүтэй, хамтарч хийдэг бүтээдэг бодитой хамтын ажиллагаа чухал байна. Энэ удаа үр дүнгүй цугларалт болоод өндөрлөхгүй гэдэгт итгэж байгаа бөгөөд аль салбарт ямар компани хамтын ажиллагааны эхлэл тавьсан, гэрээ байгуулсан, эргэж уулзахаар болсон гээд чуулганы бодит үр дүнгийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг Засгийн газарт ирүүлэхийг үүрэг болгож байна. Засгийн газар тэр бүгдийг хуулийн хүрээнд бүх талаар, бодитой дэмжиж хамтран ажиллах болно.

Чуулганы ажиллагаанд амжилт хүсье.

Categories
мэдээ эдийн-засаг

Хөрөнгө оруулалтын чуулган болж байна

Инвест Монголиа чуулга уулзалт “Шангри-Ла” зочид буудлын хурлын танхимд яг одоо болж байна. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд үг хэлсэн бол түүний дараа нь ЗГХЭГ-ын дарга, Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн дарга Ж.Мөнхбат илтгэл танилцуулна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн нутаг дэвсгэрт тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүллээ

Шалган нэвтрүүлэх товчоодын бэлтгэл бэлэн байдлыг шалгавТарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Баянзүрх, Багахангай, Налайх, Багануур, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн авто замын постуудад холбогдох мэргэжлийн байгууллагуудын хамтарсан хяналт шалгалт хийгдэж байна.

Нийслэлийн Засаг даргын “Хүн, мал, амьтаны гоц халдварт өвчин, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” А/594 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр баталсан хуваарийн дагуу дүүргүүдийн хяналт шалгалтын байнгын цэг болон хөдөлгөөнт эргүүлүүдийн үүрэг гүйцэтгэлтэд хяналт тавих, дутагдлыг газар дээр нь аригуулах зорилгоор нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн хошууч Ц.Эрдэнэчимэг, мэргэжилтэн, ахлах дэслэгч Ж.Дамбадаржаа, Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, ахмад Г.Энхцолмон, махлах дэслэгч Б.Баатар нар 2017 оны 09 дүгээр сарын 02-03-ны өдрүүдэд Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх, Налайх, Багахангай дүүргүүдэд байрлах авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодын бэлэн байдлыг шалгаж ажиллав.

Ингэхдээ нийслэлийн Засаг Дарга, Дүүргүүдийн Засаг даргын захирамж, тушаал, , постын байрлал тохижилт, жижүүрийн хуваарь, рапортын дэвтэр, албадын үүрэг гүйцэтгэлт, зөрчлийн бүртгэл, албан хэрэг хөтлөлт, ажил үүргийн хуваарь, ажил үүргийн хуваарь, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны явцтай үзэж танилцлаа.

Одоогоор 6 дүүргийн шалган нэвтрүүлэх товчоодод 7671 тээврийн хэрэгсэл, 16419 зорчигчдод хяналт шалгалтыг хийсэн байна.

Хяналт шалгалт 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэл үргэлжилнэ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

112233445566

Categories
мэдээ нийгэм

”Мора” хүүхэлдэйн кино нээлтээ хийлээ

‘Өргөө’ кинотеатрт Монголын анхны бүрэн хэмжээний анимейшн уран бүтээл ‘Мора’ хүүхэлдэйн кино нээлтээ хийлээ. Киноны нээлтэнд ноён Бондгор, дуучин Н.Мөнгөнхонх зэрэг рок попын хамтлаг дуучид хүрэлцэн ирж, ая дууны мэнд дэвшүүллээ.

Тухайн хүүхэлдэйн кино нь бүх насныханд зориулсан холливүүдийн стандартаар хийгдсэн гэдгээрээ онцлог юм байна. ‘Өргөө’ кинотеатрт нээлтээ хийсэн уг киног гадны кино компаниуд ихэд сонирхож байгаа талаар мэдээлэл цацагдаж эхлээд байна. ‘Мора’ анимейшн хүүхэлдэйн киноны ерөнхий найруулагчаар СУИС-ийн багш, найруулагч Ч.Отгонбаяр ажилласан бол анимейшныг ‘Амжилт’ студийн хамт олон хоёр жилийн хугацаанд, өөрсдийн хөрөнгөөр санхүүжүүлэн хийсэн гэнэ.

‘Мора’ бүрэн хэмжээний анимейшн хүүхэлдэйн кино нь өнөөдрөөс эхлэн ‘Өргөө’кинотеатрт өдөр бүр дэлгэцнээ гарч байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Их, дээд сургуулиудын хичээл эхэллээ

Өнгөрсөн баасан гарагт буюу есдүгээр сарын 1-нд цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулиуд хичээлийн шинэ жилийн нээлтээ хийсэн бол өнөөдөр их, дээд сургууль, коллежууд хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ. 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн өдөр нийслэлийн автомашины ачаалал, түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлийн Засаг дарга С.Батболдоос ирүүлсэн хүсэлтийн дагуу БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Ган-Эрдэнэ ийнхүү их, дээд сургууль, коллежийн захирлуудад хичээлийн нээлтээ гурван хоногоор хойшлуулж, есдүгээр сарын 4-ний өдөр эхлүүлэхийг үүрэг болгосон юм.

Categories
мэдээ нийгэм

Азийн авто замын сүлжээгээр автотээвэр хийнэ

ОХУ-ын Улаан-Үүд хотноо Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Тээврийн сайд нар зөвлөлдөж, “Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилт болон бэлтгэл ажлын талаар зөвлөлдсөн билээ. Тус уулзалтанд Монголын талаас Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл, ОХУ-ын талаас Тээврийн сайд М.Ю.Соколов, БНХАУ-ын талаас Тээврийн дэд сайд Лью Шяомин тэргүүтэй албаны төлөөлөгчид оролцсон юм.

Энэхүү зөвлөлдөх уулзалтын үеэр Монголын талаас ОХУ-ын талтай хоёр талын уулзалт хийж, Монгол, Оросын хооронд зам, тээврийн салбарт хэрэгжүүлж буй хамтын ажиллагааг өргөжүүлэх, бэхжүүлэх хүрээнд хэд хэдэн асуудлаар санал солилцлоо.

Өнгөрсөн оны 12 дугаар сард Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Москва хотноо “Азийн авто замын сүлжээгээр автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулж байсан бол хэдхэн сарын дараа энэхүү хэлэлцээрийг хэрэгжүүлэх, дамжин өнгөрөх тээвэрлэлтийг зохион байгуулах, бодит ажил хэрэг болгохоор гурван улсын Тээврийн сайд нарын хурал ийнхүү зохион байгуулагдаж байгаа нь ихээхэн ач холбогдолтойг талууд уулзалтын эхэнд онцоллоо.

Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын Тээврийн ажлын хэсгийн 12 дугаар хуралдаанаар талууд Монгол Улсын Сэлэнгэ аймгийн Сүхбаатар– ОХУ-ын Улаан-Үүд хотын чиглэлд зорчигчдын байнгын тээврийн чиглэлийг шинээр нээхээр тохирсон байдаг. Монголын тал “Сүхбаатар-Улаан-Үүд” чиглэлд зорчигчдын байнгын тээврийн үйлчилгээг эхлүүлэх хугацаа, үнэ тариф, давтамжийн талаарх саналаа ОХУ-ын Тээврийн яаманд албан бичгээр хүргүүлээд байгаа тул тээвэрлэлтийн үйл ажиллагааг ойрын хугацаанд эхлүүлэх хүсэлтэй байгаагаа дэд сайд Б.Цогтгэрэл танилцуулав.

Түүнчлэн “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн жагсаалтад орсон төмөр замын төслийн нэг болох Зүүн коридор буюу Борзя-Соловьевск-Эрээнцав- Чойбалсан-Хөөт-Бичигт-Шилийн гол- Зиньжоу чиглэлийн төмөр замын төслийг хэрэгжүүлснээр Ази-Европыг холбосон транзит тээврийн шинэ гарц бий болно гэдгийг уулзалтын үеэр онцоллоо.

Улаанбаатар-Улаан- Үүд хотын хооронд тогтмол, шууд нислэг энэ оны зургаадугаар сараас гүйцэтгэж эхэлсэн бөгөөд хоёр улсын хил орчмын хамтын ажиллагаа, нийгэм, соёл, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Цаашид энэ чиглэлийн агаарын тээврийн үйлчилгээг жигдрүүлэх, тогтмолжуулахын тулд зорчигчдод үнийн хямд нөхцөл санал болгох нь чухал байгаа тул агаарын зам ашигласны хураамж, нисэх буудлын буулт хөөрөлтийн хураамж, зорчигчийн такс, бүртгэх цэгийн хураамж зэрэг төлбөрөөс хөнгөлөх, чөлөөлөх асуудал дээр ОХУ-ын талаас дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

ОХУ-ын талаас Тээврийн сайд М.Ю.Соколов “Тээврийн салбарын хамтын ажиллагаа амжилттай өргөжин хөгжиж, худалдаа, эдийн засаг гээд бүхий л чиглэлд үр өгөөжөө өгч байна. Тухайлбал, УБТЗ ХНН-ийн дизель түлшний онцгой албан татварыг Монголын талаас хөнгөлснөөр УБТЗ-ын эдийн засгийн тогтвортой ажиллагаа хангагдсан бөгөөд энэхүү ажилд хүчин чармайлт гаргасан та бүхэнд гүн талархал илэрхийлье” гэв. Тэрээр дээр дурдсан төмөр замын томоохон төсөл, хөтөлбөрүүдийг бүрэн дэмжиж байгаа бөгөөд Кызыл-Курагино чиглэлийн төмөр зам Монгол Улсын Овоот –Эрдэнэт чиглэлийн төмөр замтай холбогдсоноор Олон Улсын тээврийн гарц бий болох ач холбогдолтой хэмээн онцлов. Монголын талаас хөндөж тавьсан асуудлыг зөвхөн хоёр талын бус олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарч, бүхий л боломжоор дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ.


Categories
мэдээ нийгэм

ХЭЛЭХ ЭРХИЙН ИНДЭР: Сошиалаар элийрсэн тэнэгүүдийг үзэхгүй байхад л болно шүү дээ

СХД-ийн IX хорооны иргэн Э.Туяацэцэг

Фэйсбүүк гэж ажлын садаа, амьдралын дайсан, өсвөр үеийнхэнд сөрөг нөлөө үзүүлэгч эд байх юм. Ажиглаад байхад фэйсбүүкээр элийрсэн нөхдүүдийн бичлэгийг монголчууд сонирхон харж, дараа дараагийн элийрлийг нь хүлээдэг болсон нь эмгэнэлтэй санагдана. Жилийн өмнөөс өөрийн фэйсбүүк хуудаснаа лайв бичлэгээр элийрсэн Осоржамаа хэмээх залууг фэйсбүүкчид зарим нь харааж, зарим нь өрөвдөж, хийсэн лайвуудыг нь үзсээр байгаад олны танил болгосон. Эцэст нь нийгмийн хог шаар болголоо. Хөөрхий мэдрэлийн өвчтэй залууг ийн хог шаар мэт болгох хэрэг байсан уу, үгүй юу. Ер нь иймэрхүү элийрч байгаа нөхдийг цагдаагийн байгууллага шалгаж, таслан зогсоох ёстой юм шиг ээ. Цаад хүндээ ч хэрэгтэй. Нийгэмд янз бүрийн ааш, араншин, өөрийн гэсэн үзэл бодолтой хүмүүс байх нь ойлгомжтой. Сэтгэцийн өвчтэй хүмүүс ч бий. Ийм хүмүүс олон нийтийн сүлжээнд ороод ирвэл өөрөө ч өрөөлдөө ч гай болно. Үүнийг болиулах хэрэгтэй. Фэйсбүүкээр явж буй бичлэг, зөвлөгөө, танин мэдэхүйн шинж чанартай төрөл бүрийн эмхтгэлүүдийг цэгцлэх,тодорхой хариуцлагатай болгомоор байна. Фэйсбүүкээр тархсан элдэв янзын гоо сайхны зөвлөгөөг өөрийн амьдралдаа туршиж үзсэнээс болж, хүний нүүр харах аргагүй болсон залуус, охид их л байна. Бусдын чадах зүйлийг дуурайж байгаад амиа алдах тохиолдол их ээ. Үүний нэг тод жишээ нь сая болсон Эрдэнэт хотын есөн давхар барилгаас хоёр охин үсэрч амиа хоролсон хэрэг. Эдгээр охид энэ гайтай фэйсбүүкнээс л болсон гэж бодном. Эцэст нь эцэг эхчүүд та бүхэн өөрийн хүүхэд болоод өөрөө фэйсбүүк хэмээх баримт нотолгоогүй шар мэдээгээр дүүрсэн хуудаснаас болж өөрийн амьдрал, ажлаа алдахгүй байхыг анхааруулж байна. Сошиалаар элийрдэг тэнэгүүдийг үзэхгүй, түүнийг дэмжихгүй байхад л болно шүү дээ. Сонирхон хараад бусдад түгээх ямар ч хэрэггүй. Муу зүйлийг бусдад тараах нь ёстой нөгөө “гэмгүй буруутан” гэдэг чинь л болох юм.

“Өдрийн сонин”-ы “Хэлэх эрхийн индэр”-т оролцон үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл 99650208 дугаарын утсаар холбоо барина уу.

Тэмдэглэл хөтөлсөн Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр орсон аадар борооны үеэр үер усанд автсан тухай долоон дуудлага иржээ

2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр нийслэл хотод орсон түр зуурын усархаг аадар борооны үеэр Нийслэлийн Онцгой байдлын газарт үер усны нийт долоон удаагийн дуудлага ирсэн байна.

Дуудлагаар ОБЕГ-ын харьяа Аврах тусгай анги, нийслэлийн Аврах анги, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид шуурхай ажиллан иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Хилчний 16 дугаар гудамжинд айлын гэр, хашаа усанд автсан, тус тоотод оршин суугч иргэн 57 настай, эрэгтэй осголтын байдалтай байсныг дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа А.Батбаяр, хэлтсийн орлогч, Гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч Ц.Лхагвасүрэн, тус хорооны Засаг дарга н.Тэмүгэ нар тухайн иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн аюултай бүсээс гаргаж яаралтай тусламжийн эмчид хүлээлгэн өгсөн.

Мөн тус дүүргийн 20 дугаар хороо, Цэргийн хотхоны баруун талд үерийн сувгийн ус хальж өндөр настай иргэн усанд боогдсон байна гэсэн дуудлагыг ирүүлснээр нийслэлийн Аврах ангийн алба хаагчид хүрэлцэн очиход иргэн 74 настай, эмэгтэй, 12 настай, эрэгтэй, 10 настай, эрэгтэй нар үерийн усанд боогдсон байсныг аюулгүй газар гаргасан.

Далангийн голд иргэд усанд боогдсон гэсэн дуудлагын дагуу Аврах тусгай ангийн алба хаагчид шуурхай ажиллан Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны иргэн 12-13 настай, 3 хүүхдийг эрсдэлтэй бүсээс гаргаж амь насыг нь аварсан байна.

Ус цаг уурын байгууллагаас гаргасан цаг агаарын урьдчилсан мэдээгээр ойрын өдрүүдэд нийт нутгаар цаг агаар сэрүүсч нутгийн зарим хэсэгт хур бороо орох төлөвтэй байгаа тул иргэд болзошгүй үерийн аюул, усны ослоос урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.

Categories
мэдээ цаг-үе

Д.Тэрбишдагва: Олон засаг огцрууллаа гээд онож байсан нь ховор

“Өдрийн сонин”-ы 2017.08.28-ны даваа гаригийн №182 (5749) дугаараас авч нийтлэв.

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагватай ярилцлаа.


-Сонгуулиас хойш та ямар ажлууд амжуулав. Хэд хоног хөдөө орон нутгаар яваад ирэв үү…

-Эрх мэдлийн төлөөх шунал, дайсагнал, хагарлыг зогсоож, саад тотгор болсон “зааг”-тай тэмцэл хийж, түүнийг нурааж, монголчууд өөрсдөө хөгжил дэвшлээ түүчээлэх учиртай гэсэн итгэл үнэмшилдээ тууштай байгаа болохоор миний хувьд амрах зав алгаа. Энэ зунжингаа л ажиллаж байна. амралт гэдэг алхайж суух биш ажлаа өөрчлөхийн нэр.

Энэ зун Монгол Улсад суугаа ОХУ, БНХаУ, Герман, Францын Элчин сайдууд, дипломат байгууллагуудын төлөөлөл, ОУвС зэрэг хэд хэдэн олон улсын байгууллагынхантай уулзалт хийж, БНСУ-ын Дэд бүтэц, зам тээврийн байнгын хорооныхон манай улсад айлчилсныг хүлээж авлаа.

Мөн өөрийн зүгээс боловсруулж байгаа “ажилсаг Монгол” хөтөлбөрийнхөө хүрээнд Германы мэргэжлийн хүмүүстэй хамтран ажиллах талаар уулзалт, зөвөлгөөн хийлээ. Түүнчлэн 1990 оноос хойш манай улс хэдий хэмжээний зээл, тусламж гаднаас авч, чухам юунд зарцуулсныг судалж үзэхэд тун айхтар байдалтай дүгнэлт гаргахад хүргэлээ. Санхүүгийн чөлөөт бүс байгуулах талаар гишүүдтэй уулзаж, хамтран санал боловсруулж байна. Түүнээс гадна зав зайгаараа сууж энэ оны гуравдугаар сард нээлтээ хийсэн “Зааг” номоо герман уншигчдад хүргэх зорилгоор товчилж, нягтруулж, найруулж байна даа.

Сая хэд хоног хөдөө явахдаа “ажилсаг Монгол” хөтөлбөртөө малчид, орон нутгийн иргэдийг хэрхэн хамруулах талаар хэлэлцүүлэг, уулзалт, судалгаа хийлээ. Сум, дүүргийг шинэ төлөвлөлт, шинэлэг арга барилаар иргэдийн өөрсдийн оролцоотой хөгжүүлж байгаа туршлага судалсны үр дүнд Сонгинохайрхан дүүрэг болон Архангай аймгийн хэд хэдэн сумуудыг хөгжүүлэх талаар судалгааны багийг сонгон бүрдүүлж, иргэдтэй анхны уулзалтаа амжилттай зохион байгуулаад ажилдаа ороод байна. Үүнээс гадна энэ зун эртнээс хүсэн мөрөөдөж байсан нэг ажлаа эхлүүлээд авлаа.

-Тэр нь юу юм бэ?

-Архангай, Өвөрхангай аймгийн хэд хэдэн сумын нутгаар археологич, эрдэмтэн судлаач, зохиолч, түүхчдийн баг бүрдүүлэн Хүннү, Түрэг, Уйгур, Кидан, Их Монгол Улсын агуу түүх оршсон Орхон, Тамир, Хануй, Хүнүйн голын сав нутгаар нэлээд хэд хоног судалгаа хийн аяллаа. Монгол үндэстнийхээ түүх, бидэндээ үлдээсэн дэлхийн энд зэрэгцэх түүхэн олдворууд уул хад, талаар дүүрэн, тэр ч байтугай жирийн малчны хонины хотны хажууд байгааг хараад биширч, үүнийгээ хямгадан хойч үедээ бүрэн бүтнээр үлдээх ажил хийх ёстойг улам ухаарлаа. Дэлхийн түүх бидний газар нутгийн хөрсөн дор байна шүү дээ. Энэ бүхнийг улсын хамгаалалтад авч, хэд арван төгрөгний төлөөх шуналт сэтгэлтнүүдийн савраас хамгаалах ажлыг төлөвлөгөө гарган, археологич,палентологич, түүхч эрдэмтдээ дэмжих цаг аль хэдийнэ болжээ гэдгийг хэлмээр байна. Миний хүй цөглөсөн газраас 50-хан метрийн зайд маш том хиригсүүр байх жишээтэй. Үнэхээр гайхалтай олон буган хөшөө, балгас хиригсүүртэй танилцлаа, мөн ч ихийг бүтээж босгож, бидэндээ үлдээсэн өвөг дээдсээ шүтэн бахархаж, түүнээс эрч хүч ч их авлаа. Үүнийг хайрлан хамгаалах, судлах талаар улам ихийг хийх хэрэгтэй юм байна гэдэгт бүр итгэлтэй болсон. Ер нь бүтээх, босгох шиг амьдралын аз жаргал байдаггүй юм шүү дээ.

-Сүүлийн үед болсон улс төрийн нөхцөл байдлыг юу гэж үзэж байна вэ?

-Саяхан болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар нэр дэвшигчид дорвитойхон бодлого дэвшүүлж, улс орноо хөгжүүлэх хөтөлбөрөөрөө уралдах биш, бие биеийнхээ шавар шавхайг ухаж, гутаан доромжлохыг харууллаа. Хүн хүндээ, тэр дундаа улстөрчдөд итгэх аргагүй болтлоо хүмүүний ёс зүйг алдагдуулж байна. Улмаар нэг намын журмын нөхдүүдийн дундах үл ойлголцлыг бусад нь зориудаар бүр дэвэргээж, нам доторх хагарал, ангалыг улам гүнзгий болгож байх шиг байна.

Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш улс төрийн нөхцөл байдал ороо бусгаатай байх шиг байна. Улс төрийн хүчнүүдийн хоорондын тэмцэл гэхээсээ илүүтэйгээр нам доторх зөрчил тэмцэл хурцдаж байна уу гэж харж байна. Ийм үед сөрөг хүчин ч яаж зүгээр хараад суухав. Дэврээх гэж чулуу шидэж л байгаа байлгүй. АН-ын толгойны өвчин болсон бүлэглэл, фракцуудын зодоон манай намд халдварлаж, бүр улайм цаймдаа гарч байна. Ингэх нь сайны дохио биш. Бусдын давтсан алдааг бид тойрч гараад, тэр замаар нь замнаж боломгүй л байх юм. Эрх барьж байгаа нам дотроо хагаралдах тусам ажил урагшлах биш улам л хойш нь чангааж таараа. Бүтээхэд биш хэрүүлдээ илүү их цаг хугацааг зарсаар хүч тамираа барна.

Монголчууд бид ардчиллыг хариуцлага, зах зээлийг цэгцтэй, бодлоготой, төлөвлөгөөтэй үйл ажиллагаа гэж бодолгүй, өөрийн бодож, санаснаараа “дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж болно”, анархизм гээд ойлгосон юм шиг байгаа юм. Уг нь сүүлийн 30 –аад жилийн дотор улс төрийн намууд нь соёлтой болж төлөвшөөд, улстөрчид нь туршлагажиж бэлтгэгдсэн байхаар хангалттай цаг хугацаа өнгөрлөө. Гэтэл төрийн түшээд нь цэц булаалдаж улстөржин, хийрхэлд автан, нэг нэгнээ хор найруулж унагаж, хийж бүтээхийн оронд ийнхүү дэмийрхэлд дэндүү харамсалтайгаар автаж байна. Цаг хугацаа их алдлаа даа. Хаа байна, нөгөө гоё сайхан амлалтууд, УИХ, Засгийн газраас баталсан олон хөтөлбөрүүд. Цаасан дээр бичсэн болгоноо бодитой бүтээн байгуулалт болгосон бол өдийд Монгол Улс дэлхийд биш юмаа гэхэд Азидаа хөгжлөөрөө гайхуулж явах алтан боломжтой байлаа. Хэдэн парламентын турш тулга тойрч, бие биетэйгээ хэмлэлдсээр байгаад улсаа ч олигтой хөгжүүлсэнгүй, ард түмнийхээ амьжиргааг ч дээшлүүлж чадсангүй. Үүний улмаас улс төрийн намууд, улстөрчдөд итгэх ард түмний итгэл доод шатандаа ортол буурсаар байна.

-Уг нь ард түмэн МАН–д 65 суудал өгөхдөө өнөөдрийнх шиг нөхцөл байдлыг хүлээгээгүй нь лавтай?

-Тийм болохоор л бид энэ дөрвөн жил нэг зүгт харж, хөгжил дэвшил өөд хүч хавсран зүтгэж, хүн ардынхаа аж амьдралыг дээшлүүлэхийн төлөө хөдөлмөрлөх учиртай. Улстөрчдийн зөв манлайлал, үлгэрлэл юун юунаас чухал байна. Бидэнд одоо улс төрийн зодоон биш улс орноо өөд татах хийж бүтээснээрээ уралдах цаг хэдийнээ ирсэн. Хөдөө орон нутгийн дийлэнхэд нь ган болж, хадлан авах боломжгүй болж, газар тариаланчдад хүнд цохилт болж байна. Монгол Улсыг тэжээж ирсэн энэ салбар хямарвал хэцүүдэхийн дохио. Ийм үед уламжлалт болон хагас эрчимжсэн мал аж ахуйг хослуулан хөгжүүлэх оновчтой төлөвлөлт хийж хэрэгжүүлэх гээд хийх ажил маш их байна. Улстөрийн энэ ойлгомжгүй байдал бизнесийн салбарт хар сүүдэр тусгаж эхлээд байна. Гадаадаас хийх хөрөнгө оруулалт нь танай засаг төр бас л тогтворгүй байна, хэсэг харзная гээд хүлээлтийн байдалд шилжлээ гэж бизнесмэнүүд ярьцгааж байна. Хийрхэл, хэрээс хэтэрсэн улс төрийн замбараагүй байдал эргээд улс орны эдийн засагт тун ч сөргөөр нөлөөлдөг. Тэр хэрээр улстөрчид биш улс орон, ард түмэн л хохирно. Цаг хугацаа, тулгарсан бэрхшээл биднийг хүлээхгүй. Хэсэг бүлэг хүмүүсийн албан тушаал, эрх мэдлийн төлөөх тэмцэлдээн үнэндээ ард түмний дургүйцлийг хүргэж, туйлдуулж байна. Дараагийн ээлжийнхэн л хоолондоо орохоор өөр хоорондоо бүлэг болон тэмцэлдэж дөрвөн жилээ тэвчиж хүлээж чадахгүй байгаа бололтой гэцгээж байна шүү дээ. Энэ мэт нийгмийн сэтгэл зүйг анхаарахгүй байх тусам дараагийн сонгуулиар ард түмэн дүнгээ хатуухан тавьж болохыг одооноос ойлгон мэдрэх нь чухал. Засгаараа тоглоод ирэхээр завхрахын цондон. Олон засаг огцрууллаа гээд онож байсан нь тун ховор шүү дээ.

-Юунаас болоод танай намынхан ингэж бужигналдах болов?

-Ийм нөхцөл байдалд яагаад хүрэв гэсэн бодол өөрийн эрхгүй орж ирж байна л даа. Энэхүү байдал 2008 оны УИХ-ын сонгуулийн дараанаас буюу долдугаар сарын 1-нээс эхлэлтэй бөгөөд өнөөг хүртэл олон жил үргэлжилж байна. Өөрөөр хэлбэл, “Сонгогчдын олонхийн дэмжлэг авсан улстөрийн хүчин нь засгийн эрхийг барина, цөөнх нь хяналтаа тавина” гэсэн эцэг хууль буюу Үндсэн хуулийн зарчмаас гажиж, стандарт бус Засгийн газрыг байгуулсан. Дараа нь намын гишүүдээрээ хэлэлцүүлж, санаа оноог нь сонсч байж асуудлыг ярилцах ёстой байтал хэдхэн гишүүдийн хүрээнд Тэрэлжийн хуйвалдаанаар МАХН гэдэг нэрийг сольж орхисон. Засгийн ажил ч урагшлахаа байж, ажил сайжруулах гэж үг хэлсэн нэгнээ хавчдаг, хэдхэн хүн асуудлыг шийдээд гишүүдэд тулгадаг байдал хэтийдэж эхэлсэн дээ.

2016 оны сонгуулиар намаа удирдаж ялалт байгуулчихаад МАН-ын дарга өөрөө шууд засгаа толгойлж, шийдэмгий, зоримог ажиллах байсан юм. М.Энхболдод ямар туршлага дутна гэх биш. Ер нь л аливаа зарчмыг гажаад ирэхээр буруудахын шинж. Үүнээс хойш ялалтын дараах албан тушаалын хуваарилалт, боловсон хүчний талаарх харалган бодлого, хэсэг нөхдийн увайгүй үйлдлүүд зэрэг нь нам доторх ан цав үүсэхэд нөлөөлсөн байх талтай. Саяхан болсон ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн нь дэвэрч мэдэхээр, байдлыг улам хурцатгаж орхив. Хэрвээ нам олон нийтийн сэтгэл зүйг тандаж, нөхцөл байдалдаа дүн шинжилгээ сайн хийж, илүү ухаалаг, алсын хараатай, олон талаас нь харж хандсан бол асуудлыг савнаасааа халиулалгүй нам дотроо хариуцлагатай хэлэлцэж, дорвитойхон шийдвэр гаргах бололцоо байсан л юм.

-Ийм байдал үүсэхэд ямар хүчин зүйлс нөлөөлсөн гэж үзэж байна вэ?

-УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээс эхлээд албан тушаалтнуудын дунд хариуцлага гэж үгүй болов. Төрийн хүнд суртал газар авч, ард түмний амьдралаас тасарч, улстөрчид ёс суртахуунгүй байдал, увайгүй үйлдлүүдийг гаргах болжээ. Сонгуулиас сонгуулийн хооронд ашигладаг өнөөх хар технологи, тактик, сонгогчдод нөлөөлөх арга барил нь улам бүр нарийсч, “боловсронгуй” болж байна. Эх нутгийн минь хэвлий дэх асар их баялаг улс гүрэн дамнан бизнес хийдэг харийнхан бол манай оффшорчид, хэсэг нөхдийн шуналыг соронздож, хорхойг нь гозогнуулж байна. Нам, нам дамжсан хамаатан садан, ах дүүс, гэр бүл, найз нөхдийн сүлжээ улам бэхжин, оффшор бүсэд зарим хөрөнгөө нууж, үндэстэн дамнасан гадаадын эдийн засгийн алуурчдын гар хөл болж, Монгол Улсыг улам сулруулж байна гэж хардаад байгаа. Тэд ч сонгуулийн үеэр мөнгөний урсгал нээдэг ч байж мэднэ. Ийм хавханд орсон бол монголчууд бид өөрсдөө л гарч чадна. Монголчууд эх орныхоо төлөө хоорондоо эвтэй, ажилсаг байгаа цагт бид хүчирхэг байж, хөрөнгө оруулагчдыг хошууруулж, дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдөнө.

Буурал түүхээ сөхөхөд монголчууд эв эвдрэхэд нуран доройтож, эвлэж нэгдэхээрээ мандан бадарч бүүр дэлхийн чихийг дэлдийлгэж ирсэн. Түүх бол ирээдүйн сургамж юм. Энэ нь хөгжлийг ухрааж харж байгаа биш, урагшаа харж байгаа хэрэг, туулж өнгөрүүлсэн амьдралын алдаа, оноо, сургамжийн гэрч юм шүү дээ.

-Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан юм чинь хариуцлага тооцох ёстой юм биш үү?

-Хэн нэгнээр хариуцлага тооцуулахыг хүлээх цаг биш. Хариуцлагаа өөрөөсөө эхлэх нь улстөрчийн соёл, ёс зүйтэй холбоотой асуудал. Улсын Их Хурлын дарга, намын дарга хүн үлгэр болж ялагдлын шалтгаанаа зөв үнэлж, өөрөөсөө эхлэх ёстой. Хийрхэх цаг биш, хийх цаг болсон. Хариуцлага ярих цаг аль хэдийн болжээ. Яагаад ялагдсанаа, хэн хариуцлагагүй ажилласнаа шат шатандаа хэлэлцээд, хариуцлагыг нь үүрүүлэх, хариуцлага тооцох хэрэгтэй. Намын удирдлагууд, сонгууль удирдаж ажилласан, пиар менежментийг хийсэн хүмүүс хариуцлага хүлээх шаардлагатай шүү дээ.

2016 оны сонгуулиар ард түмэн бидэнд итгэл өгч, нам ялалт байгуулсан болохоос биш өнөөдрийн 65 гишүүн мундагтаа сонгогдоогүй гэдгийг мартаж болохгүй.Өөрөөр хэлбэл, 65 гишүүн, МАН сайн байсандаа биш эрх барьж байсан АН муу байсан учраас сонгуульд бид ялалт байгуулсан. Олонхи болсон ялалтдаа эрдэж, засгийн эрхийн төлөө өөр хоорондоо дайсагналцаад ширээ суудлын төлөө гүйлдэх ч сайны ёр биш шүү. Хүн хүссэн амттандаа хэт их дурлаж шунаж идэхээрээ бялуурч хорддог доо. Яг л тийм хувь заяа тосох болно.Эхнээсээ ард түмний итгэлийг даалгүй хөсөрдүүлж эхэлснийг Ерөнхийлөгчийн сонгуулиар харууллаа. Энэ хэвээрээ хоорондоо хөлөө жийлцээд олигтой ажиллахгүй бол 2020 онд дүнгээ тавиулна. Энэ намар цаг товлоод намынхаа шат, шатны хурлыг хуралдуулаад, гишүүдийн санал шүүмжлэлд бодитой дүгнэлт хийж, ямар ч асуудлыг тогоон дотроо ил тод, ажил хэрэгчээр хэлэлцэж, шийдэх бүрэн бололцоотой. Уг нь бид улс эх орноо хөгжүүлэх, эдийн засгаа сайжруулахын төлөө чөмгөө дундартал зүтгэх хэрэгтэй байдаг.

-Ардын нам дотоод асуудлаа шийдээд явах нь намдаа гэхээс илүү улс оронд илүү ашигтай. Учир нь МАН эрх баригчид гэдгээ мартаж болохгүй. Гэтэл хоёр талд талцаж суучихаад асуудлаа шийдэх биш хагарлаа улам дэвэргээд байгаа юм биш үү. Зарчим, ёс зүй гээч нь хаашаа алга болов?

-Намын бүлгийн хаалттай хуралдаан дээр бүгдийг нь цуглуулж, бодит мэдээллийг бүрэн сонсч, асуудалд олон ургальч үзлээр хандан, илэн далангүй ярилцан, дараа нь олон нийтэд зөв мэдээлэл өгөх хэрэгтэй. Хуралдаанаас гараад хэн хэнгүй дур мэдэн мэдээлэл хийж улам зөрчил үүсгээд байх нь намд л хортой. Хэн нь зөв яриад, хэн нь худлаа яриад байгааг cүүлдээ ойлгохын эцэс алга.

Үнэхээр ийм асуудал байгаа бол хууль хяналтын байгууллага шалгаж, авлигад идэгдсэн, буруу үйлдэл хийсэн эсэхийг тогтоон, хариуцлагаа үүрүүлэх биз ээ. У.Хүрэлсүх УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүртэл хүсэлт илгээсэн гэсэн. Хэрэв хүсэлт илгээсэн л бол энэ асуудлыг шуурхай хэлэлцэх хэрэгтэй. Асуудлыг дор дор нь шийдээд явбал үл ойлголцол үүсэхгүй.

-60 тэрбум авлига бодитой юм биш үү?

-Үүнийг би нотолж, батлах субьект нь биш учраас үнэн байна лээ эсвэл худлаа гээд мэдэмхийрэхгүй ээ. Хамгийн гол нь хууль, хүчний байгууллага үүнийг шалгаад үнэн мөнийг нь даруй таслан зогсоох учиртай. Асуудал ингэж даамжрах тусам нийгэмд буруу зөрүү мэдээлэл газар авч, асуудлыг даамжруулаад байгаа юм.

Гэхдээ өрнөөд байгаа үйл явдлуудыг хараад байхад эргэлзээтэй, хоорондоо зөрчилтэй зүйл ажиглагдах болсон шүү. Зохион байгуулалттайгаар тагнах, чагнах ажиллагаа хийчихээд түүнийгээ наймаалцаж, тохиролцож, шантаажилж мөнгө олдог юм биш байгаа. Санал болгосон мөнгийг нь өгөхгүй гэхээр өрсөлдөгчдөд худалдсан уу гээд бас давхар шалгах зүйл бишгүй л байгаа юм шиг санагдсан. 60 тэрбумын асуудалд нэр нь холбогдсон улстөрчид бүгд өөрсдөө байр сууриа тодорхой илэрхийлэх хэрэгтэй. Эхлээд гурван хүний нэр яригдаж байсан бол сүүлдээ хэнчээн хүн нэмэгдэв. Миний бодлоор Ц.Сандуй ийм байдал үүсгэснээрээ өөрөө уучлал гуйж огцрох хэрэгтэй.Улстөрчдөд хамгийн чухал зүйл бол улстөрийн соёлтой байх. Тэр бичлэгийг эвлүүлэг гэж үзэж байгаа бол албан тушаалаа өгчихөөд хуулийн байгууллагаар шалгуулаад зөв,буруугаа тогтоолгочих л доо. Гүтгүүлсэн бол нэр нь аяндаа цэвэрлэгдэнэ. Идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут ургадаг гэгчээр. Дараа нь нэр цэвэр, нүүр бардам ажилдаа орж, энэ нь улстөрийн карьерт нь ч эерэгээр нөлөөлнө.

Германд л гэхэд нэг улстөрч докторын ажлаа бичихдээ сонин дээр гарсан нийтлэлээс эх сурвалжийг нь дурдалгүй ганцхан өгүүлбэр ашигласандаа хүлцэл өчиж огцорч байсан. Албаны унаагаар эхнэр, хүүхдээ ажил, сургуульд зөөсөн нь мэдэгдэнгүүт уучлал хүсээд чөлөөлөгдөх өргөдлөө өгч байсан сайд ч байна.

Гэтэл бүхэл бүтэн намыг, нийгмийг тэр чигт нь бужигнуулчихаад албан тушаалдаа шигдээд байж болохгүй биз дээ. Нам гэдэг бол ашиг сонирхол дээр тулгуурласан хэсэг бүлэг хүмүүсийн орогнодог, бамбай болдог байгууллага биш.

-Засгийн газрыг огцруулахаар 30 гишүүн гарын үсэг зуран өргөн барилаа даа. Огцруулах цаг үе нь мөн үү?

-Наад мэдээллийг чинь хэвлэлийн мэдээллээс л харсан.

-Та Засгийн газрыг хамгийн их шүүмжилдэг байсан шүү дээ. Тэгээд огцруулахыг дэмжихгүй байгаа юм уу?

-Аливаа асуудлаар байр суурь өөр байх бол байдаг л үзэгдэл. Тиймээс зөрүүтэй асуудлаараа хамтарч ярилцаад, яаж сайжруулах талаараа Засгийн газарт шаардлага хүргүүлж болно. Харин удаа дараа ярьж зөвлөлдчихөөд, шаардлага хүлээн авсан атлаа дорвитой алхам хийхгүй, хийсэн ажлаа тайлагнахгүй байвал асуудлыг өөрөөр ярьж болно. Юу юугүй унагаана, огцруулна гээд л гарын үсэг зуруулаад байх нь шилдэг арга зам биш ээ. Нийтийн, хамтын, олонхийн, ард түмний, сонгогчдын эрх ашиг гэдгийг мартаж болохгүй. Ажлаа мэддэггүй, муу хийдэг хариуцлагагүй, албан тушаалаа далимдуулан авилгач болсон, гадны эрх ашигт үйлчилдэг аль ч албан тушаалын хүмүүстэй харин хайр найргүй тэмцэх ёстой. Энэ байр сууринаасаа би хэзээ ч ухрахгүй.

-Та тэгээд гарын үсэг зурах юм уу?

-Одоогоор зураагүй л байна. Над дээр гарын үсэг зураад өгөөч гэж хэн ч орж ирсэнгүй. Бас хэн нь ч нийгэм, эдийн засгийн байдал ийм байна, ингэж өөрчилмөөр байна гэсэн гарц тайлбар хэлж орж ирээгүй. Үнэхээр засаг огцруулах гарцаагүй шаардлага хэлээд, эдийн засгаа сайжруулах ажил хэрэгч төлөвлөгөөтэй хүн байвал бодох асуудал.Би хэн нэг хүний үгэнд орж гарын үсэг зурахгүй, хэн нэгнийг зур, битгий зур гэж турхирахгүй, шахахгүй. Үнэхээр дараагийн Ерөнхий сайд хэн болох, ямар шинэчлэл хийх, хэрхэн өөрчлөлт хийх зэргийг мэдэхгүй байж яаран сандран шийдэл гаргахгүй.Дубайн гэрээ, Эрдэнэтийн хуудуутай хувьчлал шиг асуудал дэгдээх Ерөнхий сайд гараад ирэхийг ч таашгүй. Тиймээс Ерөнхий сайдын гарт улс эх орноо хөгжүүлэх, эдийн засгаа сэргээх ямар гарц, томоохон стратеги төлөвлөгөө байгааг мэдэх нь чухал. Өмнөхөөсөө дордож, засаг төр тогтворгүй болох вий гэсэн болгоомжлол төрж байна. 1990-ээд оноос хойш Засгийн газар огцорсон талаар судалгаа хийж үзсэн. Бодоод үзэхээр нэг Засгийн газрын дундаж насжилт нь 1.8 жил болж байна. 1.8 жилээр тооцогдох Засгийн газартай улс манайхаас өөр байхгүй дээ. Ийм байхад яаж бодлого, үйл ажиллагаа тогтвортой ч байхав дээ. Шинэ гүйцэтгэх засаглалын тэргүүн гарч ирээд өмнөх зөв зүйтэй бодлогыг залгамжлах, үргэлжлүүлэх гэхээсээ илүүтэйгээр дахиад өөр зүйлд анхаарал хандуулдаг нь нууц биш болсон шүү дээ. Одоо бид 65-уулаа байж, Засгийн газартаа хяналт тавьж, шахаж шаардаж ажиллуулах үүрэгтэй. Иймийн тулд улс төрийн тогтвортой, баталгаатай байдлыг хангагч нь бид 65. Сонгосон, байгуулсан Засгийн газраа унагаагаад байх нь чухал биш, харин муу ажилласан, шаардлага хангаагүй сайд нарыг солих нь зүйтэй.

Засгийн газрыг байгуулагдсан цагаас нь хойш “хурд дутаад байна, амралтын өдөр ч амрахгүй ажилла, төрийн албан хаагчдын цонх хямралтай энэ үед 24 цаг гэрэлтэй бай, бодлого, хуулийн төслөө чамбай сайн боловсруулж, УИХ дээр олигтойхон хамгаал, ажлаа хийж чадахгүй байгаа нөхдүүдэд хариуцлага тооц” гэх зэргээр олон удаа зөвлөгөө өгч, гарах гарцтай, шийдэлтэй асуудлыг танилцуулж, ярилцаж байсан. Хатуухан үг ч хэлдэг. Энэ бол нэр төр олох гэсэн зүйл биш, сонгогчдын элч болж хууль тогтоох дээд байгууллагад сууж байгаагийн хувьд ингэж хэлэх нь үүрэг. Ажил хийж байгаа хүний алдаа, дутагдлыг олж хэлэх нь ажлыг сайжруулах гэсэн сэтгэлийнх. Хатуу үг сонсоход амаргүй ч хэтийн ажилд тус дэмтэй байдаг. Гэхдээ надад засаг төрийг огцруулж, бужигнуулъя гэсэн ямар ч бодол алга. Цөвүүн цагт эвийг хичээж, цавыг гагнаж, үл ойлголцлыг зөөлрүүлэхийг эрхэмлэж байна. Та хэд албан тушаал булаалдаж болно, үзэл бодол зөрчилдөж болно, зэвүүцэл гаарч болно, харин цаана чинь улс орон нэлэнхүйдээ эвгүйтээд байна гэдгийг уулзсан хүн болгондоо хэлж, ярьж л явна. Одоо монголчууд, тэр дундаа улстөрчид бидэнд намаар талцах, фракцаар хуваагдах, амин хувийн эрх ашигтаа хүлэгдэх эрх даан ч байхгүй. Иргэн бүр ажилсаг, хариуцлагатай байж улс орноо хямралаас гаргаж, хөгжлийг гацааж байгаа заагийг зад татах цаг ирсэн юм шүү.

-Танай намын зарим нөхдүүд эхнээсээ АН-руу гүйлдээд хамтарч ажиллах талаар ярилцах болсон гэх бор шувуу нисээд эхэллээ. Та үүнд ямар байр суурьтай байгаа вэ?

-Би Үндсэн хуулиа чанд мөрддөг л нэгэн. Нэгэнтээ 2008 оны сонгуулийн дараа МАН олонхи болчихоод АН-тай хамтарсан засаг байгуулна гэх үед хурал дээр “Ийм байж болохгүй, иргэдийн сонголтыг үл тоож байна. Мөн сонгуульд гутлынхаа улыг эргэтэл явж зүтгэсэн гишүүд рүүгээ нулимж байна. Манай нам үнэмлэхүй ялалт байгуулчихаад байхад Үндсэн хуулиа зөрчин АН-тай хамтрах гээд байгаагийн учир юу байгаа юм. Ингэх байсан юм бол сонгууль хийхийн хэрэг алга” гэж эсэргүүцэж үгээ хэлсэн цөөн хүний нэг. Одоо ч би энэ байр суурь дээрээ хатуу байгаа. Олонхи болчихоод АН-тай хамтарч Засгийн газар байгуулна гэдгийг хүлээн зөвшөөрч чадахгүй. Хэрэв асуудал иймдээ тулбал УИХ тарах хэрэгтэй гэж бодож байна. Би өөрийнхөө амин хувийн эрх ашгийн төлөө Үндсэн хуулиасаа татгалзаж, үзэл бодлоосоо ухардаг өчүүхөн нэгэн биш. “Хадаг бариад гуйгаад ирсэн ч стандарт бус Засгийн газарт орж ажиллахгүй” гэдэгтээ хүрч сул гишүүн явж үзсэн түүх ч бий, надад.

-М.Энхболд даргыг МАН-ын залуу гишүүд үл тоосон байдалтайгаар намаасаа бараг хөөгөөд эхэлчихлээ. Тэр хүмүүс нь Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө намын даргаа хэрхэн дэмжиж хөөрч байсан ч ялагдангуут нь буруу хараад өшиглөөд эхлэх юм…

-Тэртээ, тэргүй намынхаа даргыг өгнө гэчихсэн байхад нь адгийн шаар мэт балбаад хэрэггүй л дээ. Дарга болонгуут дугаарлачихаад, ялагдангуут өшиглөөд хаячихдаг түүх бий. Н.Энхбаяр дээр бүгд л тэгсэн. Албан тушаалтай байх үед нь бөгсийг нь долоох шахаж байсан хүмүүс албаа өгөнгүүт нь танихаа больсон биз дээ.

Нам ялалт байгуулсны дараагаар миний бие М.Энхболдын өрөөнд нь орж чадахгүй байсан үе бий. Үүдэнд нь дүүрэн хүмүүс дугаарлаад суучихсан, зарим нь бүр үүдийг нь сахиад суучихдаг байсан. Ийм дүр зурагтай, төрхтэй байлаа шүү дээ.

Сонгуулийн өмнө М.Энхболд даргатай уулзахдаа “Тойрон хүрээлэгчид вакум бий болгочихдог юм шүү. Та яг ялах нь, та мундаг гэж байгаад “алдаг” юм шүү, би танд шулуухан үнэнийг нь хэлчихье, Долдойнууд аюултай шүү. Хотын тойргууд дээр сайнгүй байна” гээд хэлж байлаа. Хотын дүүргүүд амаргүй, чаддаг, мэддэг зүйл байвал харамгүй хэлж ажиллая. Хамгийн олон хүн амтай дүүргээс дөрвөн удаа сонгогдсон учраас бага ч гэсэн туршлага бий гэсэн. Гэтэл ерөнхийлөгчийн сонгуулиар сурталчилгаа хийж байгаа болон намын штабын хүмүүсийн хэн нь ч надтай уулзаж, асууж, лавлаж, зөвлөж байгаагүй. Улаанбаатар хотод нэр дэвшээд ялж үзээгүй, сонгуульд өрсөлдөж үзээгүй хүмүүсээр нийслэлийн сонгуулийн ажлыг хариуцуулсан. Үүнд нь гомдоод байгаа юм биш. Гэхдээ энэ бол хэлэх л ёстой зарчмын нэг асуудал шүү. Хүнийг унахаар нь дээрээс нь дэвсэлдэг ёс зүйгүй, хүний мөс чанаргүй зүйлс гаргаж байгаа нь буруу. Сонгууль болоод нэг нь ялдаг. Нөгөөх нь ялагддаг. М.Энхболд дарга шийдэмгий бус, зориглохгүй цаг алдаад байж болохгүй. Улсын Их Хурлын дарга, МАН-ын даргын хувьд үүсээд байгаа асуудалд бодитой мэдээлэл өгч, байр сууриа тодорхой хэлэх цаг болсон. Үүнийг ч намын гишүүд төдийгүй, ард түмэн хүлээж байгаа гэж бодож байна.