Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн Ж.Батзандан хуулиудын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсов

УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр (2017.09.04) Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг, Цагдаагийн ерөнхий газрын Хуулийн хэлтсийн дарга Л.Нямдаваа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Захиргаа, удирдлагын газрын дарга Б.Нямгомбо нарыг хүлээн авч уулзав.

Уулзалтаар Захиргааны хэргийн тухай, Эрүүгийн хэргийн тухай болон Зөрчлийн тухай хууль тогтоомжуудын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонссон юм.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Ард иргэдийн амьдралд шууд нөлөөлөх шийдвэр гаргахдаа оршин суугчдаас асууж, хэлэлцүүлэг өрнүүлээгүйн улмаас иргэдийн эрхийг зөрчих, эсэргүүцэл, үйл ойлголцолтой тулгардаг. Энэ нь ажил явуулахад хүндрэл учруулдаг тул анхаарч ажиллах нь зүйтэй” хэмээлээ.

Энэ үеэр дээрх хууль тогтоомжуудын талаар иргэд, мэргэжилтнүүдийг хамарсан хэлэлцүүлэг ойрын үед зохион байгуулахаар тогтлоо.

Categories
мэдээ нийгэм

Эзэмшил газраа өмчлөх аян өнөөдрөөс эхэллээ

Нийслэлийн Газрын албанаас иргэдэд оршин суугаа газраа өмчлөхөд дэмжлэг үзүүлэх зорилгоор 3 сарын аяныг өнөөдрөөс эхлүүллээ. Гурван сарын хугацаанд хэрэгжүүлэх энэхүү аяны хүрээнд нийслэлийн төвийн 6 дүүргийн 43 хорооны 3442 нэгж талбарт иргэний ахуйн зориулалтаар газар эзэмшиж буй иргэдэд газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх юм.

Өөрөөр хэлбэл, судалгаанд хамрагдсан 3442 нэгж талбарын эзэмшигч иргэдэд хороогоор дамжуулан тараах материал, зөвлөмж өгч, Газрын албаны мэргэжилтэн тухайн айл бүрт очиж, иргэдтэй уулзан газар өмчлөлийн материалыг бүрдүүлэн авах юм. Ингэснээр газар дээрээ олон жил амьдарсан ч өмчлөж аваагүй байгаа иргэд газраа өмчлөн авах боломжтой болж байна.

Аянд хамрагдсан 3442 нэгж талбарт Сонгинохайрхан дүүргийн 1, 3, 4, 20, 22, 23, 27, 30, 31 дүгээр хорооны 366, Хан-Уул дүүргийн 10,11 дүгээр хорооны 13, Баянзүрх дүүргийн 2, 4, 5, 8, 9, 10, 12, 13, 14, 16, 17, 19, 22, 24, 27 дугаар хорооны 2251, Баянгол дүүргийн 9, 10, 11, 16, 20, 21, 22 дугаар хорооны 269, Чингэлтэй дүүргийн 8, 9, 10, 11, 12, 13 дугаар хорооны 209, Сүхбаатар дүүргийн 9, 11, 12, 13 дугаар хорооны 334 нэгж талбар багтаж байна.

Нийслэлийн Газрын албанаас өмчлөгдөх боломжтой гэж үзэж буй 79985 нэгж талбар байна гэсэн судалгааг гаргаад байгаа бөгөөд үүнээс 3442 нэгж талбарыг аяны хүрээнд өмчлүүлэх юм. Цаашид үлдсэн 76543 нэгж талбарыг өмчлөлд хамруулах ажлыг дүүргийн Газрын албатай хамтран 2018 онд хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Энэхүү аяны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг иргэдэд өгөх зорилгоор өнөөдөр Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт “Иргэд мэдээлэл өгөх өдөрлөг” зохион байгууллаа. Аяны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг иргэд өөрт ойрхон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдийн аль ч салбараас авах боломжтой гэж Нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Х.Баделхан, Г.Солтан нар ЕАБХАБ-ын төлөөлөгчидтэй уулзлаа

УИХ-ын гишүүн, УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга, УИХ дахь Монгол-Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын ассамблейтай харилцах бүлгийн дарга Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн Х.Баделхан, Г.Солтан нар өнөөдөр (2017.09.04) ЕАБХАБ /Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага/-ын Үндэсний цөөнхийн асуудал эрхэлсэн Дээд комиссарын албаны улстөрийн ахлах зөвлөх М.Фумагалли, хуулийн ахлах зөвлөх Л.Хадирка нарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар хэлсэн үгэндээ “Монгол Улсад тавтай зочлохыг хүсье. Үндэсний цөөнхийн нөхцөл байдалтай танилцахаар зорьж ирсэнд баяртай байна. Гурван сая гаруй хүн амтай манай улсын Баян-Өлгий аймагт үндэсний цөөнх казак үндэстнүүд оршин суудаг. Энэ уулзалтад Баян-Өлгий аймгаас УИХ-д сонгогдсон хоёр гишүүнийгээ урьж оролцуулж байгаа. Манай улсын Үндсэн хуулийн нэг бүлэг хүний эрх, эрх чөлөөнд зориулагдсан байдаг. Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно гэж Үндсэн хуульдаа заасан. Үндсэн хуулийн энэ заалтдаа төрийн бүх бодлого суурилж явдаг. Эрх зүйн хувьд хүний эрхийг хааж боосон зөрчил байхгүй ч амьдрал дээр зарим асуудал гардаг. Тухайлбал, Баян-Өлгийд олон хүүхэд монгол хэлээр ярьж чаддаггүй. Сургуульд ороод бүх мэдээллийг казак хэл дээр авч, монгол хэл сурч чадаагүй нь эргээд насанд хүрсэн хойноо ажлын байртай болж чадахгүй байх эрсдэл үүсдэг. Тиймээс үүнийг ч гэсэн сэтгэл, хөрөнгө гаргаж засах ёстой гэж боддог.

Үндэсний цөөнхтэй холбоотой зарим тохиолдолд эдийн засаг, соёлын хувьд автомат ялгарал гардаг учир тэр бүгдийг цаг хугацаанд нь засч залруулж явахыг эрмэлздэг. Дэлхий дээр казак хэл, соёлоо хамгийн сайн хадгалж үлдсэн нь манай улсын Баян-Өлгий аймаг гэж боддог. Энэ талаар олон удаа талархал сонсч байсан. Хүн амын тоогоор төлөөлөл нь УИХ-д сонгогддог манай улсын бусад аймгуудын жишгээр Баян-Өлгий аймгаас гурван гишүүн хууль тогтоох байгууллагад сууж байна. Гүйцэтгэх засаглалд нэг дэд сайд бий. Миний бие энэ тал дээр гүйцэтгэх засаглалд шүүмжлэлттэй ханддаг. Үндэсний цөөнхийн талаар баримтлах бодлогын хүрээнд гүйцэтгах засаглалд үндэсний цөөнхийн төлөөллийг заавал оруулж байх нь зүйтэй юм. Энэ нь ялгаварлаад байгаа асуудал биш ч бодлогоороо шийдэж явах ёстой гэж боддог. Үндэсний цөөнхийн талаар аливаа улсад төгс төгөлдөр шийдвэрлэсэн зүйл гэж байхгүй болов уу. Дутуу бодсон, анзаараагүй асуудал байж болно. Та бүхэн явж танилцахаар мэдэгдэнэ. Монгол Улсын иргэн хэн боловч боломжийг эрх тэгш эдэлдэг. Манай систем маш нээлттэй. Хаана ч очоод ямар ч хүнтэй уулзаж ярилцах нь чөлөөтэй байдаг. Олон эх сурвалжаас мэдээлэл аваад, санал дүгнэлтээ зөвлөмж болгон бидэнд өгвөл дуртайяа хүлээн авч үзэх болно” гэв.

Дараа нь ЕАБХАБ-ын Үндэсний цөөнхийн асуудал эрхэлсэн Дээд комиссарын албаны улстөрийн ахлах зөвлөх М.Фумагалли хэлсэн үгэндээ “Биднийг найрсаг дотноор хүлээн авч, тодорхой, дэлгэрэнгүй мэдээлэл, тайлбар өгсөнд талархал илэрхийлье. ЕАБХАБ-ын Үндэсний цөөнхийн асуудал эрхэлсэн Дээд комиссарын алба нь 1993 онд Нидерландын Гааг хотноо байгуулагдсан. Гишүүн улсад, эсвэл хөрш орнуудын хооронд үндэсний цөөнх оролцсон мөргөлдөөн, хурцадмал байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх, дипломат арга замаар хязгаарлан зогсоох, шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэгтэй. Үүргээ биелүүлэх үүднээс тухайн улс, бүс нутагт очиж нөхцөл байдалтай танилцдаг.

Монгол Улсад асуудал байна гэж ирээгүй. Газар дээрээ ямар байна гэдэг ерөнхий мэдлэг, ойлголт авах гол зорилгоор ирсэн. Бидний уулзалт, айлчлалыг дээд түвшинд зохион байгуулахад тусалж байгаад талархаж байна. Бид зөвхөн нийслэл Улаанбаатарт ирээд буцах биш, үндэсний цөөнх амьдардаг газар нутагт ч очиж үзэх, айлчлах хүсэлтэй байна. Та яриандаа үндэсний цөөнх хэл, соёлоо хадгалж үлдэхээс гадна олонхийн хэл, соёлыг сурсан байх ёстой талаар дурьдсан. Энэ үнэхээр чухал юм” гэлээ.

Үргэлжлүүлэн төлөөлөгчид УИХ-ын гишүүдээс үндэсний цөөнхтэй холбоотой сэдвээр асуулт асууж, хариулт авсан юм. “Өнгөрсөн удаагийн сонгуулийн системийг үндэсний цөөнхийн төлөөллийг хууль тогтоох байгууллагад багтаах боломжтой систем гэж та бүхэн харж, шийдсэн үү” гэсэн асуултад УИХ-ын гишүүн Х.Баделхан хариулахдаа “Парламентад үндэсний цөөнхийн төлөөлөл байнга сонгогддог. Сонгуулийн ямар тогтолцоотой байхаас үл хамаараад хүн амын тоогоор төлөөлөл нь сонгогддог учраас гурван гишүүн байнга суудаг” гэлээ. Тэрбээр мөн “Монгол Улсад суурьшсан казак иргэд энэ жил 150 жилийн ойгоо тэмдэглэнэ. Энэ 150 жилд хэл, соёлоо сайн хадгалж үлдсэн нь үндэсний цөөнхийн талаар зөв бодлого явуулсан Монгол төрийн ухаан юм” хэмээв.

Хоёр цаг орчим үргэлжилсэн уулзалтаар талууд үндэсний цөөнхийн талаар санал солилцож, асуулт, хариулт өрнүүллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Прокурор “60 тэрбумын хэрэг”-ийг хаажээ

Нийслэлийн Прокурорын газрын хяналтанд байгаа олны анхаарал татсан зарим хэргүүдийн шийдвэрлэлт, явц байдлын талаар Нийслэлийн Ерөнхий прокурорын орлогч, Ж.Ариунаатай ярилцлаа.

-Сүүлийн үед олон нийтийн анхаарлыг татаж байгаа ‘МАН-ын удирдах албан тушаалтнууд Төрийн албыг ашиг болгон үнэлж ’60 тэрбум” төгрөг босгосон гэх хэргийн явц байдал ямар шатандаа явж байна?

-Энэ асуудал 2016 оны Улсын Их хурлын сонгуулийн өмнө олон нийтийн дунд сошиал орчинд аудио бичлэг тарж эхэлсэн. Үүний дагуу хуулийн байгууллагаас холбогдох шалгалтыг хийж гүйцэтгэн тухайн асуудал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжгүй байна гэж дүгнээд 2016 онд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байдаг.

Гэтэл 2017 оны 5 сараас тухайн асуудал дахин яригдаж эхэлсэн бөгөөд аудио бичлэгийн хэмжээ ихэсч 40 минутын, 90 минутын, 162 минутын бичлэгүүд шинээр гарч ирсэн. Үүнтэй холбогдуулж Улсын Ерөнхий прокурорын газраас дээрх шинээр ирүүлсэн бичлэгүүдийг шалгах шаардлагатай гэж үзээд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж Авлигатай тэмцэх газар, Тагнуулын Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газрын хамтарсан ажлын хэсгээр мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар шийдвэрлэсэн. Ингээд хамтарсан ажлын хэсгээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж Төрийн албаны зөвлөл болон Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс төрийн албаны удирдах албан тушаалтнууд өөрөөр хэлбэл ахлах мэргэжилтэн, хэлтэс, газар, агентлагийн дарга, төрийн нарийн бичгийн дарга, дэд сайд, сайд гэхчлэн 3000 гаруй алба хаагч нарын судалгааг гаргасан. Үүнээс 2016 оны сонгуулийн үр дүнгээс хойш төрийн албанд ахлахаас дээш албан тушаалд томилогдсон, дэвшин томилогдсон нийт 1446 албан хаагчийн төрийн албанд томилогдсон байдлыг шалгасан. Түүнчлэн Монгол Ардын намаас 2016 оны сонгуулийн өмнө Сонгуулийн ерөнхий хороонд гаргаж өгсөн санхүүгийн тайлан, бусад холбогдох санхүүгийн баримт, материал, нэр бүхий хүмүүсийн дансны хөдөлгөөн, Монгол Ардын намд 2016 оны сонгуулиар авсан хандив, тусламж өгсөн хувь хүн, албан тушаалтан, хуулийн этгээдүүдийг шалгасан.

Мөн Сонгуулийн Ерөнхий хорооны дарга, холбогдох албан тушаалтнуудаас мэдүүлэг авч, 2016 оны Улсын Их хурлын болон орон нутгийн сонгуулийн үйл ажиллагааны явц, үр дүнгийн талаар шалгахад сонгуулийн үйл ажиллагаанд хэн нэгэн албан тушаалтан, нам эвсэл, улс төрийн хүчний зүгээс хөндлөнгөөс нөлөөлсөн, санал тоолох машин /хар машин/-ыг хакердсан, сонгуулийн үр дүнг зориудаар өөрчилсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл, сонгуулийн үйл ажиллагаанд ямар нэгэн будлиан зөрчил үүсээгүй, хууль, журмын дагуу хэвийн явагдсан болох нь тогтоогдсон.

Дээрх шалгалтын хүрээнд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Монгол Ардын намын дарга М.Энхболд, Нийслэлийн Монгол ардын намын дарга Ц.Сандуй, түүний зөвлөх А.Ганбаатар нар төрийн албан тушаалыг үнэлж, бусдаас хахууль авч, төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан, сонгуулийн үйл ажиллагаа, үр дүнд хууль бусаар нөлөөлсөн гэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй тул прокуророос хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн.

-Монгол Ардын намын дарга М.Энхболд, Нийслэлийн Монгол Ардын намын дарга Ц.Сандуй, түүний зөвлөх А.Ганбаатар нарын дуу хоолой бүхий аудио болон видео бичлэг цахим орчинд тавигдсан. Тухайн бичлэгийн талаар шинжилгээний байгууллагаас ямар дүгнэлт гаргасан бэ?

-Бичлэгтэй холбогдуулан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс 6 удаагийн шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур өөр шинжээчдийн бүрэлдэхүүнтэй 1 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан.

Олон нийтэд тараагдсан М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарын зургийг оруулсан мөн бичгийн хэлбэрээр текст оруулсан дуу, дүрсний бичлэгийн хувьд эвлүүлэг, монтаж хийгдсэн байна гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Өөрөөр хэлбэл, гурван хүний харилцан яриа бүхий дууны бичлэгт эвлүүлэг хийж дүрс, текст оруулж, монтаж хийсэн гэдэг нь тогтоогдсон. Харин сүүлд шинээр гарч ирсэн зөвхөн дууны бичлэг болох 40 минут, 162 минутын гэх бичлэгүүд нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасан ‘Шинжилгээний обьект нь эх хувь байна” гэсэн шаардлагыг хангаж чадаагүй учраас шинжилгээ хийж, дүгнэлт гаргах боломжгүй гэсэн хариуг шинжилгээний байгууллагаас гаргасан байдаг.

Бид аливаа хэрэг маргааныг шийдвэрлэхдээ зайлшгүй тусгай мэдлэг шаардагдсан тохиолдолд мэргэжлийн байгууллагад хандаж дүгнэлт гаргуулдаг. Гэтэл Шүүхийн шинжилгээний тухай хуульд шинжилгээний обьект нь заавал эх хувь байна гэдэг заалттай. Энэ утгаараа дээрх бичлэгүүд нь эх хувь биш хуулбар байсан тул шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй байдлыг бий болгосон байгаа.

Ер нь цаашид эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүндрэл бэрхшээл учруулж байгаа нэг асуудал бол Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасан ‘Шинжилгээний обьект нь эх хувь байна” гэсэн заалт болоод байгаа учраас прокурорын байгууллагаас Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн зэрэг байгууллагад дээрх хуулийн заалтыг эргэж харах, дэлхий нийтийн жишигт нийцсэн техник тоног төхөөрөмж, өндөр мэдлэг боловсрол бүхий боловсон хүчинтэй болох тэдний чадавхыг дээшлүүлэхэд анхаарч ажиллах талаар албан бичиг хүргүүлэхээр тогтсон.

Хэдийгээр олон нийтэд тараагдсан аудио бичлэгт шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй нөхцөл байдал үүссэн хэдий ч хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар 2014 онд Ц.Сандуй, А.Ганбаатар нар 2016 оны Улсын Их хурлын болон орон нутгийн сонгуульд оролцох Монгол Ардын намын бодлого, мөрийн хөтөлбөр, стратеги төлөвлөгөө, санхүүжилт зэргийн талаар ярилцаж байсан болох нь тогтоогдсон гэж үзсэн. Гэхдээ тухайн яриа, төлөвлөгөө нь бодит байдал дээр хэрэгжсэн нөхцөл байдал баримтаар тогтоогдоогүй.

-Улсын Их хурлын гишүүн асан Ц.Оюунгэрэл 90 минутын гэх бичлэгт Америкийн Нэгдсэн улсад шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулсан энэ талаар?

-Улсын Их Хурлын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн гаргаж өгсөн Америкийн Нэгдсэн Улсын ‘Нью Йорк” хот дахь ‘Аудио Пэйнт” ХХК-ийн салбар болох шүүх шинжилгээний үйлчилгээний ‘Легал Аудио Видео” компаниар гаргуулсан шинжээчийн дүгнэлт гэх баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй учраас нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх, прокурор, мөрдөгчийн шийдвэрээр шинжээч томилж, тухайн хуульд заасан шинжээчийн эрх эдэлж, үүрэг хүлээсэн, хэрэв санаатайгаар худал дүгнэлт гаргавал Эрүүгийн хариуцлага хүлээнэ гэдгийг ойлгож, үүнийгээ баталж дүгнэлт гаргаж буй шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэх хуулийн зохицуулалттай. Тэгэхээр УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн гаргаж өгөөд байгаа шинжээчийн дүгнэлт гэх баримтыг бид нотлох баримтаар үнэлэх боломжгүй.

-А.Ганбаатар хэвлэлийн хурал хийж, ’60 тэрбум” төгрөг босгох тухай уулзалт, ярианд Монгол Улсын шадар сайд У.Хүрэлсүх, Улсын Их хурлын гишүүн Ц.Оюун-Эрдэнэ, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар оролцсон гэж мэдэгдсэн. Энэ асуудлыг шалгаж тогтоосон уу?

-Төрийн албыг үнэлж мөнгө босгох тухай яриа уулзалтанд Монгол Улсын шадар сайд У.Хүрэлсүх, Улсын Их хурлын гишүүн Ц.Оюун-Эрдэнэ, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар оролцсон гэх нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаагаар болон А.Ганбаатарын өөрийнх нь гэрчээр өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдоогүй.

-‘Монголын төмөр зам” ТӨХК-тай холбоотой Монголын төмөр замын суурь бүтэц барих ажлыг хууль бусаар явуулсан хэрэгт төрийн нэр бүхий албан тушаалтнууд холбогдсон асуудал ямар шатандаа шалгагдаж байна вэ?

-Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2, 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар Зам Тээврийн Яам болон ‘Монголын Төмөр Зам” ТӨХК-ийн албан тушаалтнуудад холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн хэрэгт Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс, Эрүүгийн Цагдаагийн Газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн хамтарсан ажлын хэсэг мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Хэрэгт Гашуун сухайт Ухаа худаг чиглэлийн 267 км төмөр замын суурь бүтэц барих-ашиглах-шилжүүлэх концессыг холбогдох хууль тогтоомж зөрчин ‘Монголын төмөр зам” ТӨХК-д шилжүүлж улмаар БНСУ-ын ‘Самсунг Си энд Ти” ХХК-тай концессын гэрээ байгуулан улсад их хэмжээний хохирол учруулсан гэсэн үндэслэлээр Зам тээврийн сайдаар ажиллаж байсан А.Гансүх, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Цогтбаатар, ‘Самсунг Си энд Ти” компаний Монгол дахь ‘Эс Си Ти Си Эм” ХХК-ний захирал БНСУ-ын иргэн Лий Жонг Ёл нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж 2017 оны 03 дугаар сард шүүхэд шилжүүлсэн. Анхан болон давж заалдах шатны шүүхээс 2017 оны 07 дугаар сарын 29-нд нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай гэж үзэн хэргийг буцааж, шүүхийн захирамж, магадлалд заасан ажиллагааг хамтарсан ажлын хэсгээс хийж гүйцэтгэн одоо А.Гансүх нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын хяналтанд ирүүлснийг хянаж байна.

-Энэ хэрэгт Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байсан Х.Баттулгыг холбоотой гэж яригдаж байсан. Ямар хамааралтай болох талаар мэдээлэл өгнө үү?

-Эрүүгийн 201501000154 дугаартай А.Гансүх нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын явцад ‘Монголын Төмөр Зам” Төрийн өмчит хувьцаат компанийн захирлаар ажиллаж байсан П.Бат-Эрдэнэ, ‘Либерти партнерс” ХХК-г үүсгэн байгуулсан Ч.Ганбат нар нь эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдахаас өмнө Монгол Улсын хилээр гадагш гарсан бөгөөд П.Бат-Эрдэнэ, Ч.Ганбат нар байхгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн учир тухайн үед хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасны дагуу П.Бат-Эрдэнэ, Ч.Ганбат нарт холбогдох хэргийг тусгаарлан мөрдөн байцаалтын ажиллагааг явуулсан. Ажлын хэсгээс хэргийн холбогдогч нарт шинээр мөрдөгдөж эхэлсэн хуульд нийцүүлэн яллагдагчаар татах санал гаргаж ирүүлснийг прокуророос хянаж үзээд Х.Баттулга нь Ч.Ганбат, Б.Батзаяа нартай урьдчилан үгсэн тохиролцож Даланзадгад Чойбалсангийн чиглэлийн 1100 орчим километр төмөр замын суурь бүтэц барих төсөлд Зөвлөх үйлчилгээ үзүүлэх багаар ‘МакКинсэй энд Компани” компанийг холбогдох хууль тогтоомж зөрчин сонгосон, Зам тээврийн сайдаар ажиллаж байсан А.Гансүхтэй бүлэглэн Концессын хууль холбогдох бусад дүрэм журмыг зөрчин Гашуун сухайт Ухаа худаг чиглэлийн 267 км төмөр замын суурь бүтэц барих, ашиглах, шилжүүлэх концессын гэрээг хууль бусаар ‘Самсунг Си энд Ти” компанид шилжүүлсэн зэрэг үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоогүй байна гэж дүгнээд Х.Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгэрэ зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татах мөрдөгчийн саналыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Харин дээрхи хэрэгт Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Батзаяаг мөрдөгчийн саналын дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт яллагдагчаар татан одоо мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

-Сайншанд аж үйлдвэрийн цогцолборын бүтээн байгуулалтын ажилд нэр бүхий улс төрийн албан тушаалтнууд 4.4 тэрбум төгрөгийн төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх асуудал ямар шатандаа явна вэ?

-Эрүүгийн цагдаагийн газрын Гүйцэтгэх ажил эрхэлсэн тасгаас дээрх мэдээллийн талаар шалгаж 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4, 1661 дугаар зүйлийн 1661.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн хамтарсан ажлын хэсгээс мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад, тухайн үед ‘Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны зарим албан тушаалтнууд болон ‘Натур фрейндли” ХХК-ний гүйцэтгэх захирал Г.Буяндэлгэр, Сайншанд аж үйлдвэрийн цогцолборын байгаль орчны төлөв байдал, нийгэм эдийн засгийн суурь судалгаа хийх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны дарга М.Баянмөнх, нарийн бичгийн дарга Г.Түвшинжаргал, Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Х.Золжаргал гэх зэрэг 20 гаран хүмүүсийг холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 264 дүгээр зүйлийн 264.2, 273 дугаар зүйлийн 273.2, 1661 дугаар зүйлийн 1661.3, 148 дугаар зүйлийн 148.4 дахь хэсэгт зааснаар шалгасан. Хэрэгт цугларсан баримтаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, ‘Сайн шанд аж үйлдвэрийн цогцолбор” ХК, ‘Натур Фрейдли” ХХК-ний хооронд 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан гэрээний дагуу Дорноговь аймгийн Өргөн сумын нутаг дэвсгэрт орших 3519.7 га, шинэ суурьшлын бүс байгуулах Сайншанд сумын нутаг дэвсгэрт орших 508.9 га талбайд болон Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг дэвсгэрт орших ‘Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор”-ын 24623 га талбайн ‘Байгаль орчин, нийгэм эдийн засгийн төлөв байдлын үнэлгээ”-ний хүрээнд бодит ажлыг гүйцэтгэсэн нь тогтоогдсон. Тиймээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нараас прокурорт гаргасан гомдлын дагуу хэргийг хянаж ‘Натур Фрейндли” ХХК нь Сайншанд аж үйлдвэрийн цогцолборын байгаль орчны төлөв байдал, нийгэм эдийн засгийн суурь судалгаа хийж гүйцэтгэх гэрээний дагуу улсын төсвөөс нийт 4.4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг гаргуулан авч, зориулалтын дагуу зарцуулаагүй, холбогдох албан тушаалтнуудын хамт завшиж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан, олсон орлогын хууль бус эх сурвалжийг нуун далдлах зорилгоор бусдад шилжүүлж, мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хангалттай нотлогдож тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

-Оффшор бүсэд данс эзэмшдэг хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар мэдээлж байсан. Шалгалтын явц байдал хэр үр дүнтэй байна?

-Олон улсын сэтгүүл зүйн нийгэмлэг /ICIJ/ цахим хуудсанд оффшор бүсэд данс эзэмшдэг аж ахуй нэгж, компани, хүмүүсийн талаар мэдээлэл гарсан энэ дунд ‘Монгол улс” гэсэн бүртгэлтэй 49 буюу 48 иргэн, 1 аж ахуй нэгжийг мэдээлэл бүртгэгдсэн бөгөөд үүнийг нарийвчлан шалгаж үзэхэд Монгол Улсын 29 иргэний нэр дээр бүртгэлтэй 42 аж ахуй нэгж тогтоогдсон. Үүнээс 23 нь төрийн албанд ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа хүмүүс болон уг хүмүүстэй хамаарал бүхий хүмүүс байдаг. Тухайн хүмүүсийг ХАСХОМ-ийн мэдээллийг хянаж үзэхэд оффшор бүсэд данс эзэмшдэг талаар огт мэдээлэл бичээгүй болох нь АТГ-ын Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтсийн шалгалтаар тогтоогдсон тул 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 2-д зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байгаа хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

-Оффшор данстай холбогдуулаад дэлгэрүүлж асуух зүйл байна. Олон нийтийн сүлжээгээр Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогт, Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр нар оффшор бүсэд данс эзэмшдэг гэж гарч байсан ч, тухайн асуудалд нэр холбогдсон эрхмүүд үгүйсгэж байсан энэ талаар хариулт өгөөч?

-Оффшор бүсэд данс эзэмшдэг гэх 23 иргэний мэдээлэл дотор таны сая асуусан хоёр хүн байгаа. Тухайн хүмүүсийн хамаарал бүхий этгээдүүдийг олж тогтоох болон бусад мэдээлэл нь энэ хэрэгт шалгагдаж байгаа. Харин энэ хэрэгт гадаад улсын нутаг дэвсгэрт бүртгэлтэй дансны мэдээллийг шалгах шаардлага гарч байгаа нь Олон улсын эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээний дагуу гадаад улсын нутаг дэвсгэр дээр мөрдөн шалгах ажиллагаа явуулах, хүсэлт хүргүүлэх болон хариу материал авах зэргээр цаг хугацаа нэлээн шаардсан ажиллагаатай бөгөөд одоо энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа тул илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.

-Сүүлийн асуулт. УИХ-ийн гишүүн Д.Гантулгатай холбоотой гэх хэрэг олон нийтийн анхаарлыг их татаж байна. Энэ хэргийн талаар?

-2017 оны зургадугаар сарын 12-ны өдөр иргэн Ч.Наранзаяа нь бусдад хүчиндүүлсэн гэх гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргаж, уг гомдол мэдээллийг тус хэлтсээс шалгаж, Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байдаг. Уг шийдвэрийг Ч.Наранзаяа эс зөвшөөрч Улсын Ерөнхий Прокурорын газарт хандаж гомдол гаргасны дагуу материалыг Улсын Ерөнхий Прокурорын газраас хянаад нэмэлт нотлох баримт цуглуулж, шалгах шаардлагатай гэж үзэж 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, одоо мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.

Categories
мэдээ нийгэм

Хотын дарга Их, дээд сургуулиудыг хотоос гаргах ажлыг эхлүүллээ

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах Ажлын хэсгийн хуралдаан 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр болсон билээ. Хуралдааны үеэр хотын дарга С.Батболд цаашид замын хөдөлгөөний ачааллыг бууруулах талаар хэд хэдэн үүрэг, даалгавар өгсний нэг нь “Их, дээд сургуулиудыг нийслэлээс гаргах” ажлыг судалж, хэрэгжүүлж эхлэх явдал юм.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод төрийн болон хувийн хэвшлийн 96 их, дээд сургууль, коллежид 150 мянган залуус суралцаж байна. Сүүлийн 7 жилийн турш эдгээр сургуулиудыг хотоос гаргах, суралцагч оюутнуудын нийгмийн хэрэгцээг нь хангасан дотуур байр, бусад дэд бүтцийг бий болгосон оюутны хотхонуудыг дагалдуулан барьж байгуулах талаар олон талаас нь ярилцаж байгаа ч үр дүнд хүрэхгүй байсаар олон жилийг ардаа орхилоо.

Жил жилийн намар их, дээд сургуулиудыг хотоос гаргах яриа гардаг боловч дорвитой алхам хийгдэхгүй байсаар энэ байдлаараа олон арван жилийг үдэж, сургуулиудыг байрны ашиглалтын хугацаа ч дуусч эхэлжээ.

Тэгвэл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд их, дээд сургуулиудыг хотоос гаргах талаар санаачилга гарган Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Г.Чулуунбаатарт хамтран ажиллах санал хүргүүллээ.

Хотын дарга хамтран ажиллах саналдаа:

…төвлөрлийг сааруулах чиглэлээр Улаанбаатар хотын зүгээс шинэ бодлого боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатай байгаа болно. Үүний нэг нь Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж байгаа томоохон их, дээд сургуулиудыг мэргэжлийн чиглэлээр нь харгалзан, үе шаттайгаар дэд бүтэц, харилцаа холбоо, аж үйлдвэр хөгжсөн Дархан, Эрдэнэт хотууд болон газар тариалангийн бүс нутаг Сэлэнгэ аймаг, Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүдэд шилжүүлэн байршуулах арга хэмжээ гэж үзэж байна… гэжээ.

Мөн энэхүү албан бичигтээ Хотын дарга их, дээд сургуулиудыг хотоос гаргах ажлыг судалж санал боловсруулах үүрэг бүхий Ажлыг хэсгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам хамтран ойрын хугацаанд байгуулахыг хүсэж, Ажлын хэсгийн талаарх саналыг боловсруулан хүргүүлсэн байна.

Мэргэжилтнүүдийн зүгээс энэхүү арга хэмжээг нэг талаас хүн амын хэт төвлөрлөөс үүдэлтэй хүндрэл, бэрхшээлийг шийдвэрлэхэд эерэг нөлөө үзүүлэх бөгөөд нөгөө талаас орон нутгийг эдийн засгийн хувьд бэхжүүлж, төсөв, санхүүгийн оновчтой, зөв хуваарилалтын бодлого хэрэгжүүлэхэд дэмжлэг болно гэж үзэж байгаа юм.

Мөн түүнчлэн Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотод цаашид шинээр их, дээд сургууль байгуулахыг зогсоож, шаардлагатай тохиолдолд дээр дурдсан хотууд болон нийслэлийн алслагдсан дүүргүүдэд дээд боловсролын сургуулиуд байгуулахыг зөвшөөрөх нь зүйтэй гэдгээ илэрхийллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны газрын маргааныг шийднэ

Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуунд Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны иргэдийн төлөөлөл хандаж тус хороонд үүсээд байгаа газрын маргаантай асуудлыг шийдэж өгөх хүсэлт тавьсан билээ. Энэ дагуу ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Өнгөрсөн амралтын өдөр нийслэлийн Газрын албаны дарга болон ажлын хэсгийн төлөөлөл Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны маргаантай газруудад очиж, иргэдийн санал гомдлыг сонсож, асуудлыг хэрхэн шийдэх талаар иргэдтэй ярилцлаа.

Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун “Та бүхний тавьсан хүсэлтийн дагуу ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Өнөөдөр ажлын хэсгийн хүмүүстэй газар дээр нь ирж үзлээ. Маргаантай айлуудын асуудлыг ажлын хэсэг нэг бүрчлэн үзэж шалгана. Та бүхний ярианаас сонсоход тухайн үед иргэдийг төлөөлж газар өмчлөх ажилд оролцож байсан хүмүүс газрыг цааш нь хууль бусаар дамлаж зарсан асуудлаас үүдэлтэй маргаан байна. Гэхдээ та бүхний хохироохгүйгээр асуудлыг нааштай шийдэх арга замыг судалж, шийдэх болно” гэлээ.

Энэ үеэр иргэдийн төлөөлөл “Баянзүрх дүүргийн 20 хороо буюу Гүнжийн амны энэ маргаантай асуудал долоо, найман жилийн турш яригдаж байна. Энэ хугацаанд нийслэл, дүүргээс албаны төлөөлөл ингэж ирж бидний үгийг сонсож байгаагүй. Өнөөдөр нийслэлийн Газрын албаны дарга холбогдох албаны хүмүүстэйгээ газар дээр нь ирж, асуудлыг шийдэж өгөхөөр ажиллаж байгаад баяртай байна. Олон жил маргаж, шүүх цагдаагаар явсан ч одоо болтол шийдэгдэхгүй байгаа энэ асуудлыг нааштай шийдэж өгнө гэдэгт итгэж байна” гэдгээ хэлж байв гэж Нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Ж.Эрдэнэбат: Эрсдэлийг боломж болгоход Монголын үндэсний брэндийн зөвлөл томоохон үүрэгтэй

Монголын үндэсний брэндийн зөвлөлийн анхдугаар зөвлөгөөн Гадаад харилцааны яамны зөвшилцөл танхимд боллоо. Зөвлөгөөнийг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Монголын үндэсний брэндийн анхдугаар зөвлөгөөнд хүрэлцэн ирсэн гадаадын улс орны Элчин сайд нар, олон улсын байгууллага, бизнесийн байгууллагын төлөөллүүд, Эрхэм зочид Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Монголын Үндэсний брэндийн зөвлөл нь дэлхийд Монгол Улсын үнэлэмж, байр суурь, монгол хүний үнэ цэнийг нэмэгдүүлэн таниулах бодлогыг зохицуулах, гадаадын улс орнуудад Монгол Улсын байр суурь, ард түмэн, түүх, өв соёл, үйлчилгээ, бүтээгдэхүүнүүд ямар түвшинд танигдан үнэлэгдсэн талаарх шат дараалсан судалгааг мэргэжлийн төвшинд хийж, кампанит ажил өрнүүлэх чиг үүрэгтэй юм. Мөн дотооддоо байгаа боломжит нөөц бололцоо, тулгамдаж буй асуудлуудыг судалгаан дээр үндэслэн тооцож, улс орны хэмжээнд өндөр өгөөжтэй хөгжлийн бодлогын төслийг боловсруулах, санал дүгнэлт гаргаж мэдээллээр хангаж ажиллана.

Гадаадын улс орнуудад эдийн засгийн тогтвортой өсөлт, иргэдийнхээ төрд итгэх итгэлийг дээшлүүлэх ач холбогдол бүхий бие даасан ийм байгууллагуудыг 1990 оны сүүл, 2000 оны эхээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайдынхаа дэргэд газар, агентлаг, компанийн хэлбэрээр байгуулсан байдаг. Ингэснээр улс орныхоо хөгжлийн гарцыг оновчтой тодорхойлж, амжилттай хэрэгжүүлж ирсэн жишээ олон байна. Улс орны хөгжил зогсонги байдалд орох эсвэл эдийн засгийн хэт уналтанд орсон тохиолдолд л үндэснийхээ брэндийг Засгийн газрынхаа түвшинд дэмжин ажилладаг байна. Учир нь үндэсний брэнд бол тухайн улс, ард түмний үзэл санаа, эв нэгдэл, хүрэх мөрөөдөл, урагш явах зүг чиг болдог байна. Монгол Улс ийм үндэсний брэндтэй, үндэсний үзэл санаа, мөрөөдөлтэй, явах зүгтэй болохоор Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд үндэсний зөвлөл байгуулан ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн зорилт болох эдийн засгийн хүндрэлийг даван туулах онцгой бодлого, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлого, нийгмийн бодлого, байгаль орчин, ногоон хөгжлийн бодлого, засаглалын бодлогуудтай үндэсний брэндийн үйл ажиллагаа салшгүй холбоотой явах учиртай юм. Мөн Засгийн газрын баталсан “Дэлхийн Монголчууд” хөтөлбөр, “Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр”-үүдийг амжилттай хэрэгжүүлэх нь үндэсний брэндийн зөвлөлтэй хамтарч ажиллахаас ихээхэн шалтгаална.

Монголчууд бидэнд бусдын сонирхлыг татах, Монгол Улсаа дэлхийд эерэг сурталчлах, ард түмнийхээ эв нэгдэл болж чадах үнэт зүйл олон бий. Тэдгээрээс хамгийн оновчтойг нь мэргэжлийн байгууллагаар, мэдлэг, олон улсын судалгаанд тулгуурлан сонгоно. Ингэснээр Монгол орноо хөгжлийн шинэ шатанд гаргах, монгол хүний үнэ цэнийг нэмэгдүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээг үндэсний брэнд болгож дэлхийд таниулж чадна гэдэгт итгэлтэй байна.

Бид алдаанаасаа суралцах ёстой. Бидэнд гаргасан бодлого, шийдвэр цөөдөөгүй. Харин тэдгээрийг мэдлэг, тооцоо судалгаанд тулгуурлаж гаргаагүй учир тэр бүр амьдрал дээр хэрэгжихгүй, үр дүнгээ өгөхгүй байна. Сүүлийн 5-6 жилийн хугацаанд гэхэд эдийн засгийн өсөлт 17-гоос 1 хувь болтлоо унахад гадаад зах зээлийн орчин нөлөөлсөн хэдий ч дотооддоо бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчдын зүгээс гарч болох үр дагаврыг нь дутуу тооцсон, судалгааны үндэслэл, тооцоолол муутай шийдвэрүүд гаргаж байсан нь эдийн засаг, бизнесийн орчинд сөргөөр нөлөөлсөн гэж манай судлаачид дүгнэдэг юм. Иймд Монголын үндэсний брэндийн зөвлөл нь эхний ээлжинд зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүн, түүхий эдийн үнийн өсөлтөд тулгуурлаж хөгжихийг бус, нэн түрүүн байгаль цаг уурын онцлог, нүүдэлчин соёл, язгуур урлаг, биет болон биет бус өвийг сурталчлах, Монгол Улсын язгуур дүр төрхийг тодруулж, ард түмнийхээ итгэл үнэмшил, эерэг хандлагыг нэмэгдүүлэхэд чиглэсэн кампанит ажлыг өрнүүлэх, тэдгээрийг дэлхийн улс орнуудад урт хугацаанд, давтамжтайгаар сурталчлан таниулах ажлын эхлэлийг тавиад байна.

Өнөөдөр улс орны нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал амаргүй байгаа хэдий ч эдийн засгийн хямралыг богино хугацаанд хүндрэл багатай давахын тулд хямрал, хүндрэлийнхээ гол шалтгааныгсудалгаанд тулгуурлан тогтоох нь хамгийн чухал юм. Бид урьдын адил тойрч зугтахгүйгээр хямрал хүндрэлтэйгээ нүүр тулж, нүцгэн гараараа ч хамаагүй тэмцэх ёстой. Энэ тэмцэлд ялахад бүх эрсдлийг тооцсон, үр дүнг урьдчилж харсан тооцоо судалгаа хэрэгтэй. Хэрвээ бид бодлого шийдвэр бүрээ тооцоо, судалгаан дээр үндэслэж гаргавал бүх эрсдэл маань боломжоор солигдоно.

Эрсдэл боломжоор солиход Монголын үндэсний брэндийн зөвлөл их үүрэг гүйцэтгэнэ, ихийг хийнэ гэдэгт итгэлтэй байна.

Анхаарал хандуулсанд баярлалаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Шинэхэн тавьсан замаа эвдэж, засварын ажил хийж эхэлсэнд иргэд дургүйцэж байна

Өнгөрсөн хавраас буюу дөрөвдүгээр сарын эхээр нийслэлийн хэд хэдэн газарт автозамын засвар хийж, шинэчлэн өргөгтгөх ажлыг явуулж эхэлсэн. Өдөр бүр л хотын хаа сайгүй том машин, техникийн нүргэлсэн их дуу чимээ, тоос, шороо босгон автозамын засварын ажлыг хийдэг. Нэг талаасаа нийслэлийн дэд бүтцийг сайжруулж байгаа хэдий ч нөгөө талаасаа автозам дагуу оршин суугаа иргэдийн тав тухыг алдагдуулдаг нь бодит үнэн. Гэвч амьдарч буй орчныг нь янзалж байгаа болохоор хэдэн сар тэвчихээс өөр аргагүй юм. Иргэдийг ийн бухимдуулж, замын түгжрэлийг нэг хэсэгтэй нам гацаан барин шинэ зам тавьж, бүрэн тохижилт хийж дуусгана. Гэтэл асар их хөрөнгө мөнгө гарган, иргэдийн амар тайван байдлыг алдагдуулан байж барьсан шинэ зам, тохижилтын ажлаа нэг өглөө сэрхэд л дахиад л ухаж, сэндийлгээд хаячихдаг нь харамсалтай. Иймэрхүү дүр зураг зуны гурван сар нийслэлийн хаа сайгүй л үзэгдэх болсон. Хамгийн ойрын жишээ нь Баянгол дүүргийн 5, 6 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу бидний сайн мэдэх 10 дугаар хорооллын туслах замын 812 мерт зам талбайн тохижилтын ажил юм.

Энэхүү ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны захиалгаар Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн хийсэн зураг төслийн дагуу “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ нь дөрөвдүгээр сарын 10-ны өдөр эхлүүлж, өнгөрсөн зургаадугаар сарын 10-ны өдөр бүрэн дуусгасан билээ. Мөн ажлын хүрээнд 144 у/м борооны ус зайлуулах шугам шинээр тавьж, 191 ширхэг автомашины зогсоол, 3890.7 м2 явган хүний зам, 5825 м2 зүлэг, 1220 у/м ургамалан хашлага, 46 ширхэг гэрэлтүүлэг, 70 ширхэг сандал, 31 ш хогийн сав, 12 ширхэг сүүдрэвч бүхий иж бүрэн тохижилтын ажлыг гүйцэтгэж дууссан. Дээрх тохижилтын ажлыг хийж гүйцэтгэхэд нийслэлийн төсвөөс 80 гаруй сая төгрөг зарцуулсан гэж байсан. Сул шороо ихтэй, автомашинуудаа эмх замбараагүй байрлуулдаг, иргэд хөлөө амраагаад суух ганц ширхэг сандалгүй, ойрын хэдэн жилд тохижилтын ажил огт хийгдээгүй энэ газарт авто зогсоол, ногоон байгууламж, хогийн сав, гэрэлтүүлэг, амрах сандал зэрэг иж бүрэн тохижилтын ажил хийгдсэнд иргэд баяртай байгаа.

Гэтэл шинэ автозам, ногоон байгууламж, амар тайван алхах явган хүний зам зэргийг дахин сэндийчиж, өөр нэгэн төрийн байгууллага засвар хийгээд хэдийн эхэлсэн байна. Тодруулбал 10 дугаар хорооллын туслах замын баруун уулзвар буюу “Жаст” шатхуун түгээх станцын зүүн урд уулзвараас зүүн тийш 100 орчим метр зам, талбайг ухаж, доогуур нь дулааны шугам, хоолойг сольж эхэлсэн байна. Энэхүү ажлыг “Байгууламж” ХХК гүйцэтгэн хийж байгаа аж. Оршин суугаа иргэдийн амар тайван байдлыг хэдэн сар алдагдуулж барьсан замаа дахиад л нурааж байна. Нийслэлийн төсвөөс гарсан тэр их хөрөнгө ийн шороон дор оржээ. Үүнд тухайн хороонд оршин суугаа иргэд, болоод автозамын хөдөлгөөнд оролцож буй жолооч, зорчигч нар бухимдалтай байгаагаа илэрхийлж байсан юм.

БГД-ИЙН ИРГЭН Б.ЖАРГАЛ: НИЙСЛЭЛИЙН УДИРДЛАГУУД, УИХ-ЫН ГИШҮҮД ИРЖ СҮРТЭЙ НЬ АРГАГҮЙ Л НЭЭЖ БАЙСАН ШИНЭ ЗАМАА ДАХИАД ЭВДЭЖ, ЗАСВАР ХИЙДЭГ НЬ ЯМАР УЧИРТАЙ ЮМ БЭ

Энэ талаар Баянгол дүүргийн 5 дугаар хорооны иргэн Б.Жаргал: Өнгөрсөн наймдугаар сарын дундуур энэ ажил эхэлсэн. Манайх энэ газраас холгүйхэн байдаг. Өдөр, шөнөгүй л энэ том машины дуу чимээ шороо тоос цонхоор орж ирж, тайван байлгах эцэсгүй болгож байна. Өнгөрсөн хавраас л эхэлсэн ажил шүү дээ. Тэгээд хэдхэн сарын өмнө нийслэлийн удирдлагууд, УИХ-ын гишүүд ирж сүртэй нь аргагүй л нээж байсан биз дээ. Дахиад энэ замаа ингэж эвдэж, засварын ажил хийдэг нь ямар учиртай юм бол доо. Оршин суугаа иргэний хувьд хэцүүхэн л байна. Одоо энэ ажил хурдан дуусаасай л гэж бодох юм” гэлээ. Мөн энэхүү засварын ажлын талаар хэд хэдэн иргэдтэй уулзахад дээрх иргэнтэй адилхан сэтгэгдэлтэй байсан юм.

Учир байдлыг тодруулахаар Нийслэлийн захирагчийн албаны хүмүүстэй уулзах гэсэн боловч, гадуур ажилтай хэмээн хэвлэлийн ажилтан нь хэлж байв. Нэг ажлаа энэ мэтчилэн хоёр хийгээд байвал улс орон яаж хөгжих билээ. Анх засварын ажлаа хийж эхлэхдээ, зураг төслөө гаргахдаа бусад төрийн байгууллагуудтайгаа уулзаж, мэдээлэл солилцож хамтран ажиллаж байгаад нэг ажлыг эхлүүлэх хэрэгтэй хэмээн олон нийт шүүмжлэж байна. Төрийн өмчийн компани, байгууллагууд хоорондоо харилцдаггүй, бие биенээсээ өрсөн тендэр авч, яаруу сандруу ажил гүйцэтгэдгийн балтгаар татвар төлөгчийн мөнгө салхинд хийссээр байгааг анхаарах хэрэгтэй.

Э.МӨНХ

Categories
мэдээ нийгэм

Монгол банкны “Эрдэнэсийн сан”-г үзэхэд том хүн 5000 төгрөг төлнө

Image result for МонголбанкМонголбанкны “Эрдэнэсийн сан” нь эртний хүрэл зэвсгийн үеэс эхлэн дундад зууны түүхэнд холбогдох олон ховор үзмэрүүдтэй. Үүнээс гадна угсаатны зүй, Буддын шашны холбогдолтой Өндөр гэгээн Занабазарын дэг жаягийн шүтээн, Түвдийн бурхан тахилын эд зүйлс, худалдааны мөнгөн тэмдэгт болон XVIII-XX зууны түүх, соёлтой холбоотой үзмэрүүд зэрэг монголчуудын хэл соёл, зан заншил, өв уламжлал, ахуй амьдралыг тод харуулсан нэн ховор үзмэрүүдтэй танилцах боломжтой юм.

Монголбанкны Эрдэнэсийн сангийн үзмэрийг төлбөртэй болгох тухай Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалын дагуу том хүн 5000 төгрөг, хүүхэд 1000 төгрөгөөр үзүүлж байна гэж Монгол банкнаас мэдээлэв. Та бүхэн үзмэрийн төлбөрөө төлөхдөө өөрт хамгийн ойр орших арилжааны банкин дээр очиж Монгол банкны дансанд төлбөрөө төлөөд дансны хуулгаа авчрах учиртай юм байна. Бас хүн бүр бичиг баримттайгаа ирэх ёстой гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Шүлхий өвчний голомтод хорио цээрийн дэглэм үргэлжилж байна

Шүлхий өвчний голомтод хорио цээрийн дэглэм үргэлжилж байнаНийслэлийн Сонгинохайрхан дүүргийн I хорооны Нарангийн гол “Халзангийн ам”-д оршин суугч иргэн М-ийн үхэр сүрэгт өвчний шинж тэмдэг илэрч, Улсын Мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн хийсэн шинжилгээгээр 7 дугаар сарын 27-ны өдрийн 17-1522 дугаар шүлхий болох нь тогтоогдсон.

Дүүргийн Засаг даргын 07 дугаар сарын 30-ны өдрийн А/368 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоож, нийт 68 үхрийг устгасан байна. Одоогоор шүлхийн голомтод дүүргийн онцгой байдлын хэлтэс, мэргэжлийн хяналтын хэлтэс мал эмнэлэг үржлийн алба, эрүүл мэндийн төв, цагдаагийн хэлтсээс нийт 22 албан хаагч, 12 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж байна.

Мөн Хан-Уул дүүргийн X хороо, Морингийн задгай хаягт байрлах иргэн Ц-ын нэг үхэрт шинж тэмдэг илэрсний дагуу УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2017.08.26-ны өдрийн 17-1775 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь тогтоогдсон билээ.

Дүүргийн Засаг даргын 2017.08.26-ны өдрийн А/268 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон. Тус голомтын бүсэд 15 өрхийн 1388 толгой мал нутаглаж байгаа талаар эх сурвалж мэдээлж байна. Дүүргийн онцгой байдлын хэлтэс, цагдаагийн хэлтэс, замын цагдаагийн хэлтэс, мэргэжлийн хяналтын хэлтэс, мал эмнэлэг үржлийн алба, эрүүл мэндийн төв, Нийслэлийн Зооноз судлалын төвийн нийт 71 албан хаагч, 17 автомашинтайгаар голомтод үүрэг гүйцэтгэж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.