Categories
мэдээ улс-төр

МАН-ын Удирдах зөвлөл Засгийн газраа тогтвортой байлгах чиглэл бүлэгтээ өгч, тогтоол гаргажээ

МАН-ын Удирдах зөвлөл Төрийн ордонд өчигдөр шөнө дүл болтол хуралдаж, Засгийн газраа тогтвортой ажиллуулах чиглэл УИХ дахь МАН-ын бүлэгтээ өгч, тогтоол гаргажээ. Уг тогтоолыг өнөөдөр 11 цагаас УИХ дахь бүлэг нь хэлэлцэх юм. Уг хуралдаанаар Засгийн газраа тогтвортой ажиллуулах, бэхжүүлж сайжруулах, намын дүрмээ хэрэгжүүлэх шийдвэр гаргасан байна.

Удирдах зөвлөлийн хуралд засаг огцруулахаар гарын үсэг зурсан гишүүдээс УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Ц.Даваасүрэн, Д.Амарбаясгалан нар оролцжээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулгын анхны албан ёсны айлчлал ОХУ-аас эхэлж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр анхны албан ёсны айлчлалаа эхлүүллээ. Тэрээр Дорнын эдийн засгийн форумд оролцохоор өчигдөр ОХУ-ын Владивосток хотод ирэв. Форумд оролцох манай улсын төрийн тэргүүнийг ОХУ-ын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч И.Е.Левитин, Гадаад хэргийн дэд сайд В.В.Моргулов, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа нарын албаны хүмүүс Владивостокийн нисэх онгоцны буудалд угтан авсан. Жилээс жилд цар хүрээгээ тэлж буй энэхүү форумыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин гурван жилийн өмнө санаачилсан бөгөөд түүнээс хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа юм байна. Энэ удаагийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас гадна ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нарын төр, засгийн тэргүүнүүд оролцож байгаа. Мөн БНХАУ, Энэтхэг, Вьетнам, Индонез зэрэг орны албан ёсны төлөөлөгчид, Зүүн хойд Ази, Номхон далайн бүсийн орнууд, АНУ, Канад зэрэг орны бизнесийн 3000 гаруй төлөөлөгч оролцоно. Ерөнхийлөгч Х.Баттулгын тухайд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нартай уулзаж албан ёсны яриа, хэлэлцээр хийх юм. Түүнийг дагалдан Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг нарын албаны хүмүүс форумд оролцож байна.

Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд өнөөдөр дэлхийн далайн тээврийн хамгийн томд тооцогддог Восточный боомтын үйл ажиллагаатай танилцана. Энэхүү боомтоор манай улс нүүрсээ гуравдагч орнуудад гаргах боломжтой хамгийн дөт зам юм. Харин маргааш ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Солонгосын төрийн тэргүүн Мүн Жэ Ин, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нартай уулзаж албан ёсны яриа, хэлэлцээр хийнэ.

Categories
мэдээ улс-төр

Засгийг огцруулах асуудлаар хуралдсан МАН-ын Удирдах зөвлөл шийдэлд хүрч чадаагүй байна

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр үдээс хойш Төрийн ордонд хуралдлаа. Хурлаар Засгийн газрыг огцруулах асуудал, Бага хурлын хугацааг товлох ёстой байв. Гэвч тэд тодорхой шийдэлд хүрч чадаагүй тарсан болохыг эх сурвалжууд дуулгав. Өнгөрсөн долоо хоногийн даваа, мягмар гаригт МАН-ын бүлэг хуралдаад Засгийн газрыг огцруулахаар өргөн барьсан асуудалд байр сууриа нэгтгэж чадаагүй. Харин Бага хурлынхаа товыг ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааны дараа товлох нь зүйтэй гэж үзэцгээсэн. Өчигдрийн байдлаар тэдний энэ шийдвэр хэвээр байлаа.

УИХ-ын даргын гаргасан захирамжийн дагуу ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан энэ сарын 7-ны дотор болох ёстой. Тиймээс МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, Ж.Эрдэнэбатын засгийг унагах уу, авч үлдэх үү гэдгээ тодорхой болгох юм байна. Ямартай ч МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар өчигдөр протокол гаргажээ. Юун тухай ямар учиртай протокол гаргасныг хэд хэдэн МАН-ын гишүүдээс тодруулсан боловч тоймтой хариулт өгсөнгүй. Зарим эх сурвалжийн хэлснээр энэ протоколдоо МАН-ын Бага хурлыг хуралдуулах шаардлагагүй тухай дурдсан гэх. Харин Их хурлаа зарлаж, нам доторх асуудлаа цэгцлэх ёстой гэж үзсэн бололтой.

М.МӨНХ

Categories
мэдээ цаг-үе

Л.Энхболд: Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх хоёрыг битгий эвлэрээсэй гэсэн нэг хэсэг байна

“Өдрийн сонин”-ы 2017.08.29-ний мягмар гаригийн №183 (5750) дугаараас авч нийтлэв.


УИХ-ын гишүүн Л.Энхболдтой ярилцлаа.


-МАн доторх талцал дэвэрчихлээ. Ялангуяа сонгуулиас хойш эрчимжиж байна. нуух зүйлгүй ил цагаандаа гарлаа. нам доторх асуудлуудыг харж байхад ямар бодол төрөх юм?

-Би хоёр зарчмын байр суурьтай байгаа. Нэгдүгээрт, 60 тэрбумын асуудлаас салах цаг болсон. Нэр холбогдсон хүмүүс нь албан тушаалаа шууд өг. Асуудлаа шийдчихээд эргээд ир. Уг нь үүнийг УИХ-ын сонгуулийн дараа шийдчих байсан юм. Өнөөдрийг хүртэл шийдэж чадаагүй тул Орон нутгийн сонгууль, Ерөнхийлөгчийн сонгуульд асар их нөлөөллөө. 60 тэрбумыг хэрэгжүүлэх процесс явсан гэдэгт эргэлзэж байна. Харин санал тавиад тийм яриа өрнөсөн эсэхийг үгүйсгэхгүй. Үнэхээр тийм зүйл яригдсан юм бол яаж шийдэх ёстой тэр замаар нь шийдэх л хэрэгтэй. Ингэж намаа цэвэрлэж, 60 тэрбумаас салах ёстой.

Нөгөө талдаа Ерөнхийлөгчийн сонгуульд манай нам ялагдчихлаа. Би ч гэсэн аймгийн намын хорооны дарга байсан хүн. Ялагдсаны дараа хариуцлагаа хүлээсэн. Намын дүрмээрээ ч ийм байдаг. Намын даргын албан тушаалд хүмүүс тэмцэлдэж байна гэхээсээ илүү тэр орон зай бий болчихлоо. М.Энхболд дарга цааш нь намаа авч явахгүй нь тодорхой болчихсон. Өөрөө ч үүнийгээ хэлсэн. Энэ хүмүүс зөвхөн намын даргын суудлын төлөө биш намын шинэчлэлийн төлөө тэмцэлдэж байгаа болов уу гэж боддог. Намын гишүүний хувьд энэ бүхнийг харж байна. Намын даргад өрсөлдөх хүмүүс учраа олоод явах нь чухал. Ингээсэй ч гэж горьдож байгаа. Энэ хүмүүс битгий зөвшилцөж, ойлголцож, эвлэрээсэй гэсэн нэг хэсэг байна л даа. Тэр нь илүү давамгайлаад байгаа юм болов уу.

-Зөвшилцөж, ойлголцуулахгүй байх ямар шалтгаан байгаа юм бэ?

-Гадаад хүчин зүйл байхыг үгүйсгэхгүй. Намын даргын суудлын төлөөх шударга өрсөлдөөн гарах ёстой.

-Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан. Та ч мөн гарын үсэг зурсан…

-Ерөнхийлөгчийн сонгуулиар Монголын ард түмэн нэг зүйлийг дүгнэсэн. Тэр нь юу гэхээр МАН болохгүй байна гэсэн. Тиймээс МАН-аас Ерөнхийлөгч сонгохгүй гэчихсэн. Бид хариуцлагын тогтолцоо, шударга ёсыг бий болгоно гэж ярьсан. Ард түмэн үүн дээр сая дүн тавьсан. Наад зах нь яагаад эдийн засаг уруудах болов. Манай томчууд ярихдаа гадаадын зах зээлд түүхий эдийн үнэ унасантай холбоотой гэдэг. Гадны судлаачид Монгол Улсад хулгай нүүрлэсэн. Санхүүгийн сахилга батгүй болсон. Улс төржилт хэрээс хэтэрсэн нь эдийн засгийн хямралд тодорхой нөлөө үзүүлсэн гэдэг. Хулгай хийсэн хүмүүстээ хариуцлага тооцоогүй байж ард түмэнд татвар нэмж хариуцлага тооцсон. Үүнд л ард түмэн дүнгээ тавьсан. Засгийн газар хариуцлага тооцдог байх хэрэгтэй. Үүнийгээ хийх хэрэгтэй. Үүн дээр нь би шүүмжлэлтэй ханддаг. Ямартай ч Засгийн газар эдийн засгийн хямралыг даван туулаад гарч ирсэн. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахын тулд ард түмэнд амласан амлалтаасаа ухран байж шийдвэр гаргасан. Энэ Засгийн газрын давуу тал нь энэ.

-Засгийн газрыг огцруулах нь зөв юм уу?

-Ийм нөхцөл байдалд Засгийн газар хариуцлага тооцохгүй явбал ямархуу нөхцөлд хүрэх вэ. Хариуцлага тооцож чадахгүй байна гээд Засгийн газрыг огцруулах нь эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ гэдэг нь сонин байна. Яахав ээ, сэтгэл дундуур зүйл байна.

-Татвар нэмэх асуудлаас эхлээд ард түмэн бухимдсан нь үнэн. Та ч бас дурдлаа. Бүлэг дээрээ энэ асуудлуудаа ярьж байж шийдсэн байлгүй. Засгийн газар тогтвортой байх нь дээр биш үү. Засгийн газар огцорлоо гэхэд сайжрах дүр зураг байна уу?

-Засгийн газар огцрох нь хэвийн л үзэгдэл. Засгийн газрын хоёр гишүүн намын даргын өрсөлдөөнд орохоор ингэж байгаа нь асуудлыг улам хүндрүүлээд байгаа юм. Миний зүгээс хувийн ямар нэгэн шалтгаан байхгүй.

-Цагаан хадны гаалийн хяналтын бүсийг татан буулгах асуудал танай тойргийнхны анхаарлыг татаж байх шиг байна. Ялангуяа тээвэрчид бухимдалтай байгаа юм шиг байна лээ. Өмнөговь аймагт ямар асуудал үүсээд байгаа юм бол?

-Гашуун сухайт боомтын ойр орчимд үүсээд буй дугаарын асуудал бий. Өмнө нь өдөрт 1500 орчим авто машин хилээр гардаг байсан бол Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш өдөрт 300-400 авто машин явж байна л даа. Энэ нь өөрөө олон шалтгаантай. Өмнөд Монголын 70 жилийн ой болсон тул тэр үед хилийг чангатгаж татан төвлөрүүлэлт багассан. Нөгөө талдаа хууль бусаар нүүрсэн доор хориотой зүйл хийж хилээр нэвтрүүлж байна гэсэн маргаан гарч байгаатай холбогдуулан үүнийг шалгахаас эхлээд нүүрс ачсан тээврийн хэрэгслийн хилээр нэвтрэх чадвар удааширсан. Нөгөө талдаа геополитикийн асуудал байхыг ч үгүйсгэхгүй. Засгийн газрын гишүүдтэй уулзсан. Нөхцөл байдал амаргүй байна. Монгол Улсын эдийн засгийг хамгийн их дэмжиж байсан түүхий эд нүүрс байсан. Өдөрт хилээр гарах нүүрсний хэмжээ багасахаар ямар олиг байхав дээ. Тиймээс энэ тал дээр яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй. Удахгүй өөрөө газар дээр нь очиж ярилцана. Зам тээврийн сайдын оруулсан саналаар Цагаан хад гээд суурьшмал болж буй гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гарсан юм байна. Би Зам тээврийн хөгжлийн сайдтай уулзахад богинын рейст бага зэрэг садаа болж байгаа гэж байсан. Гэхдээ богинын рейсээс болж Цагаан хадыг хааж байгаа юм биш гэж байсан л даа.

Эхний ээлжинд яаралтай замыг нь засч дуусах ёстой. Гашуун сухайт чиглэлийн зам дээр 13 тэрбум төгрөг тавиад их засвар хийж байгаа. Засгийн газар хоёр талын хэлэлцээрийг яаралтай хийж нэвтрэх чадварыг нэмэгдүүлэхгүй бол энэ асуудал үргэлжлэх юм байна. Засгийн газрын гишүүд болон орон нутгийн гишүүдтэй хамтарсан ажлын хэсэг яаралтай байгуулах хэрэгтэй. Цагаан хадыг зогсоох ямар шалтгаан байна вэ, цаашид хэрхэн үргэлжилбэл зохистой вэ гэдгээ нэг талд нь гаргаж шийдэх ёстой. Засгийн газар энэ тал дээр анхаарах байх.

-Даруйхан нэг талдаа гаргаж шийдэхгүй бол нэлээд хүндрэлтэй байгаа юм биш үү. Нүүрсний үнэ өндөр байгаа үед ахиухан нүүрс экспортолж байж эдийн засагт эерэг үзүүлэлт гарах байх…

-Урд хөршийн талаас ч гэсэн энэ асуудалд хойрго хандаж байгаа. Энэ тал дээр яаралтай шийдэл гаргах нь чухал.

-Төмөр замын асуудлыг манайхан байнга ярьдаг. Үүнийг шийдэх боломж байгаа юу. Монгол Улсын Ерөнхийлөгч төмөр зам барих ёстой гэж байсан л даа?

-Монгол Улсын эдийн засаг амаргүй байгааг бид хаана хаанаа мэдэж байгаа. 2017 оны төсвийг батлахад эдийн засгийг гурван хувьд хүргэнэ гэж Засгийн газар төсвөө оруулж ирж байсан. Төсөв оруулж ирэхэд эдийн засгийг гурван хувьд хүргэх хүчин зүйлсэд экспортыг нэмэгдүүлэх, Таван толгой цахилгаан станц, төмөр зам барих, Оюу толгойн ажлыг эрчимжүүлэх гээд том төслүүдийн асуудлыг оруулж байсан л даа. Эрдэнэс Таван толгой дангаараа үйл ажиллагаагаа хэвийн явуулсны дүнд өрөө дарж, орлого ч давж эхэлсэн. Дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өссөн. Нөгөө талдаа ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан нь Монгол Улсын эдийн засагт таатай боломжийг бий болгосон. Улсын төсвийн орлого 500 тэрбум төгрөгөөр давж, хасах 1.3 хувь болон буурч байсан эдийн засаг 5.3 хувь болтлоо өслөө. Ганц Таван толгой хөдлөөд эдийн засагт ийм эерэг өөрчлөлт авч ирж байгаа юм бол бусад том төслүүдийг яаралтай хөдөлгөх ёстой гэдгийг харуулж байгаа юм. Төмөр замын асуудлаар Д.Ганбат сайдтай уулзаж байсан. Нөгөө талдаа боомтын үйл ажиллагааг сайжруулах ёстой. Тэгэхгүйгээр экспорт хурдтай явж чадахгүй. Уг нь ажил бага багаар урагшлаад байгаа. Улам эрчимжүүлэх хэрэгтэй.

Сангийн сайдаар ахлуулсан “Хөгжлийн хөтөч” гээд боомтын үйл ажиллагааг сайжруулах том төсөл эхэлсэн. 2018 оны төсөвт 19.9 тэрбум төгрөг тавьсан, дахин төлөвлөлтийн зураг төсөл нь хийгдчихсэн. Цагаан хаданд төрийн үйлчилгээ хүрч чадахгүй байгаа суурьшлын бүс. Тэнд 6000 орчим жолооч, 3000 гаруй хүн туслах үйлчилгээ үзүүлдэг. Тэнд хүмүүс ажиллаж, амьдарч байгаа болохоор анхаарал хандуулах нь чухал. Цагдаа, эмнэлгээс эхлээд багийн төвийн эзэнгүй байсан гурван байшинд засвар хийн оруулж байгаа. Орон нутаг болон улсаас анхаарсны дүнд явж байна. Гэтэл төмөр зам нь явдаггүй. Нэг далан барьчихсан. Цаад талаас нь Шинхуа гээд компани манайхаас нүүрс авч, төмөр замтай холбоотой асуудлыг шийдвэрлэлцье гэж байсан юм билээ. Харамсалтай нь эндээс явсан далан Шинхуагийн хилийн цаана хүртэл тавьсан зам хоёрын хооронд маш том зөрүү гарсан.

-Тэгээд нийлүүлчихэд юу нь болохгүй байгаа юм?

-Холбохын тулд 130 сая ам.долларын асуудал босч ирсэн. Энэ мэтчилэн ээдрээтэй зүйлс байнаа бас. Одоо бол эхний ээлжинд боомтоор нэвтрэх үйл ажиллагааг сайжруулах нь чухал.

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

“Өдрийн сонин”-ы дөрвөн замын уулзвар ашиглалтад орлоо

“Өдрийн сонин”-ы 2017.08.29-ний мягмар гаригийн №183 (5750) дугаараас авч нийтлэв.

Сүхбаатар дүүргийн X хороонд байрлах “Өдрийн сонин”-ы дөрвөн замын уулзвар ашиглалтад орлоо. Тус дөрвөн замын уулзварын нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр болон бусад албаныхан оролцсон. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, “2030 оны хөгжлийн чиг хандлага” баримт бичигт замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг дээшлүүлж, түгжрэлийг бууруулах зорилгоор гол гудамж, замын уулзварын өргөтгөл шинэчлэлтийг барьж байгуулан нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэхээр тусгасан байна.

Энэ ажлын хүрээнд Авто замын сангийн хөрөнгөөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, “Өдрийн сонин”-ы уулзвар, тавдугаар хороонд байрлах “Өгөөж чихэр боов” ХХК-ийн баруун урд уулзвар, Хан-Уул дүүргийн XV хороо, Богд Жавзандамбын уулзвар, 11 дүгээр хороо, ХААИС-ийн уулзварын өргөтгөл шинэчлэлийн ажлыг тус тус хийж гүйцэтгээд байгаа юм байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэхэд бас нэг чухал алхам бол уулзваруудыг өргөтгөх явдал юм.

Хотын төв замуудын уулзвар нь ашиглалтад орсноос хойш өргөтгөл шинэчлэлийн ажил хийж байгаагүй. Тиймээс энэ жил дөрвөн томоохон уулзварыг шинэчилж байна” хэмээн онцолсон. “Өдрийн сонин”-ы уулзварыг өргөтгөн шинэчлэх ажлын хүрээнд Их тойруугийн өргөн чөлөө хоёр талдаа зургаан эгнээтэй байсны дээр баруун тийш эргэх нэг эгнээ нэмжээ. Мөн хойно нь байх хоёр эгнээг тав, урд талынхыг гурав болгон өргөтгөсөн байна. Энэхүү өргөтгөл шинэчлэлтийн ажлыг хийснээр Их тойруу дахь 100 айл, “Өлзий төв”-ийн ачаалал 20-30 хувь буурна гэж албаныхан үзэж байгаа юм.

Харин энэхүү уулзварыг иргэд “Өдрийн сонин”-ы уулзвар хэмээн тодотгон нэршиж эхэлжээ. Хэрэв Авто плазагийн уулзвар хэмээн нэрлэвэл бусад Авто плаза төвүүдтэй андуурагдах учир ийн нэрлэх болсон байна. Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Г.Бат-Эрдэнэ “Өдрийн сонин”-ы дөрвөн замын уулзвар сайхан болжээ. Хэдэн ажилчид халуун нар, хүйтэнд бороонд ажилласны үр дүнд сайхан зам хийсэн байна. Анх зай талбай нь хүрэлцэж, дөрвөн замын уулзвар болох юм болов уу даа гэж эргэлзэж байлаа. Харин ажлын үр дүн нь давгүй шүү. Замын ачаалал багасаж л байна гэдэг чинь дэвшил шүү дээ. Бид энэ уулзварыг “Өдрийн сонин”-ы гэж нэрлээд байгаа юм. Авто плазагийн уулзвар гэвэл хүмүүс андуураад будилж мэднэ. Авто плаза нэг, хоёр гээд хаа сайгүй байдаг болохоор “Өдрийн сонин”-ы дөрвөн замын уулзвар гэвэл хүмүүс андахгүй сайн мэднэ” гэсэн юм.

Харин Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр “Байнгын ачаалалтай байдаг Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд байрлах энэ уулзвар нь 1990, 2010 онд өргөтгөл шинэчлэлт хийж байсан юм.

Хотын авто замын хэт түгжрэл, иргэдээс ирсэн саналыг үндэслэн энэхүү уулзварыг нийслэлийн Авто замын сангийн хөрөнгөөр энэ онд засварлахаар шийдвэрлэсэн билээ. Тус ажлын гүйцэтгэгчээр “Велтэд лайн Монголия” ХХК ажиллаж, гэрээт хугацаандаа ажлаа дуусгасан” гэлээ.

Түүнчлэн “Өгөөж чихэр боов “ХХК-ийн баруун урд уулзварт өргөтгөл шинэчлэлт хийснээр тус замын зорчих хэсгийн өргөн 17-24.5 метр, явган хүний зам 1.5-аас гурван метрийн өргөнтэй болжээ. Харин эгнээний тоо таваас ес болон нэмэгдсэн байна. Ингэснээр уг уулзварын нэвтрүүлэх чадвар 20-30 хувь нэмэгдэж, замын хөдөлгөөний ачаалал бууран, иргэдийн аюулгүй байдал сайжирч, зорчигч, тээвэрлэгчдийн цаг хугацааг хэмнэх ая тухтай байдлыг бүрэн хангах боломжтой юм байна.

Categories
мэдээ цаг-үе

Д.Оюунтунгалаг: Авагддаг ч бай авагддаггүй ч бай насан туршийн хиймэл шүд гэж байхгүй

“Crystal” шүдний эмнэлгийн согог заслын их эмч Д.Оюунтунгалагтай ярилцлаа.


-Шүд өвчлөх гол шалтгаан юу байна. Шүдээ хэрхэн бэхжүүлэх ёстой вэ?

-Амны хөндий дэх бактерууд нь чихэр, гурилан бүтээгдэхүүн гэх мэт нүүрс ус агуулсан хүнсний нөлөөлгөөр хүчил ялгаруулдаг. Энэхүү хүчлийн байнгын нөлөөнд шүдний хатуу эд эрдэсгүй болно. Ёотонг усанд хийхээр уусдаг шиг шүдний хатуу эд эрдэсгүй болохоороо уусч зөөлрөх байдлаар шүдний цоорол явагдана. Түүнээс биш хорхой гэж амьтан шүд ухаж идээд байгаа юм биш. Үүнээс сэргийлэхийн тулд шүдний өнгөрөө сайтар угаах хэрэгтэй. Хүмүүс зөвхөн чихэр идэхээр шүд цоордог гэж ойлгоод байдаг. Хамгийн гол нь шүд өөрөө их хатуулаг байх ёстой. Шүдээ угаадаггүй ч яралзсан цагаан шүдтэй хүмүүс байдаг шүү дээ. Энэ нь тухайн хүний шүдний хатуулаг, бат бэх чанартай холбоотой юм. Шүдний өөрийн ясыг хатуу болгохын тулд амин дэмтэй хоол хүнс хэрэглэнэ, аль болох хатуу, зажлууртай хүнс сонгож хэрэглэх нь зөв. Мөн сүү цагаан идээ түлхүү хэрэглэвэл сайн. Шүд хатуулаг биш байх тусам тэсвэрт чанар муу болж амархан цоорч, гэмтдэг.

-Орчин цагт шүдний өвчлөл өөр болсон уу. Хатуулаг чанартай хүнс хэрэглээгүйгээс болж шүдний ямар өвчлөл их гарах болов?

-Сүүлийн үед шүдний битүү цоорол гэх нэр томьёо их яригдах болсон. Энгийн нүдээр харахад бага зэргийн хар толбо, зураас юм шиг, зовиургүй хэрнээ, эмнэлзүйн үзлэгээр үзэхэд шүдний хатуу эд их гэмтсэн, зарим тохиолдолд сувгийн эмчилгээнд орох хэмжээнд хүрсэн байх тохиолдол ч байдаг. Энэ нь бидний хоол хүнсний хэрэглээ, түүний шим тэжээллэг чанартай холбоотой. Гэтэл зөвхөн угаавал сайн гэж ойлгоод фтортой оогоор шүдээ угаагаад байдаг ч шүдний хатуу эдийн өнгөц хэсэг нь фторын хүчээр хатуулаг болчихдог. Уг нь шүд өөрөө хатуулаг, бат бэх байх нь хамгийн чухал. Харин хуучны хүмүүсийн шүд их хатуулаг байсан. Тамирчид булчингаа хөгжүүлэхийн тулд дасгал хийдэгтэй яг адилхан бид шүдээ бат бэх болгохын тулд зажлуур сайтай хоол хүнс идэх хэрэгтэй. Хатуу зүйл зажлахаар шүд, буйлны цусан хангамж сайжирч шүд яс хоёрыг холбож байгаа холбогч эдэд бодисын солилцоо сайн явагдана. Ингэж шүд бэхжинэ гэсэн үг. Шүдээ угаавал сайн гэхээр гутал сойздож байгаа юм шиг хүмүүс хэт үрж угаах гээд байдаг. Хэт үрэхээр шүдний хатуу эд элэгдэж, паалан гэмтдэгийг анхаарах хэрэгтэй.

-Шүдийг хэрхэн цайруулах боломжтой байдаг юм. Шүд шарлах гол шалтгаан юу вэ?

-Шүд шарлах, өнгө нь хувирах олон шалтгаан бий. Тухайлбал зарим говийн аймгуудын ундны ус хэт эрсдэлжилттэй учраас хүмүүсийн шүд шарладаг. Түүнийг цайруулах арга өөр. Энгийн хүмүүсийн шүд аажимдаа идэж ууж буй хоол хүнс тухайлбал өнгө оруулагчтай хүнсний бүтээгдэхүүн, кофе, тамхи зэргээс шалтгаалж шарладаг. Мөн сувгийн эмчилгээ хийлгэсэн, архаг үрэвсэлтэй шүдний өнгө аажимдаа шарлаж, хөхөрдөг. Дээрх шалтгаан бүрт цайруулах арга өөр өөр. Тиймээс мэргэжлийн эмчид үзүүлж өөрт тохирох цайруулах эмчилгээг хийлгэх хэрэгтэй.

-Шүдний цоорол маш их бий. Цоорсон шүдийг аль болох авахуулахгүйгээр эмчлүүлэх нь зөв үү. Шүд авсан тохиолдолд хэдий хугацаанд хэрхэн ямар шүд хийх ёстой вэ?

-Шүдний цоорол маш их байна. Тэр тусмаа бага насны хүүхдүүдийн дунд цоорол хамгийн их тохиолдож байгаа. Хүн амын дунд шүд цоорол их байгаатай холбоотой шүдний эгнээний согог буюу шүдгүйдэл их гарч байгаа юм. Насанд хүрэгчдийн арван хүн тутмын бараг ес нь аль нэг шүдээ авахуулсан байдаг. Шүдийг авахуулсан бол аль болох хурдан хугацаанд тухайн согогт тохирсон протезоор нөхөн сэргээх ёстой. Учир нь нэг шүд авахуулахад зэргэлдээх шүд налах, хоршигч шүд нь сунах, үлдсэн шүднүүдэд хэт ачаалал ирэх гэх мэт амны хөндий болон эрүүний үенд маш олон өөрчлөлт явагдана. Тухайн алдагдсан шүдийг хурдан нөхөн сэргээх тусмаа гарах үр дагавар, хүндрэлүүд бага байдаг.

-Хиймэл шүдний чанар юунаас хамаардаг вэ?

-Хиймэл шүдэлбэрийг авагддаг болон авагддаггүй гэж хоёр төрөлд хуваадаг. Аль ч тохиолдолд тухайн хиймэл шүдний чанар нь шүдэлбэрийн аль төрөл болох, тухайн шүдэлбэрийг хийж байгаа арга техник, шүдэлбэрийн зохиомж, хийж буй материалын хэрэглэгдэх хугацаа, ажилбарын дэг журам, хувь хүний амны хөндийн арчилгаа дэглэм гээд маш олон зүйлээс шалтгаална.

-Шүдээ авахуулах эсэх ээ зөв шийдэх ёстой юм байна. Аль болох шүд авахуулахгүй байх нь зөв байх нь?

-Тийм. Шүдээ өвдтөл нь, авахаас өөр аргагүй болтол нь хүндрүүлэхгүй л байх ёстой. Мөнгө төлж шүдээ авахуулчихаад, дараа нь дахиад мөнгө төлж хиймэл шүд хийлгэнэ. Хиймэл шүд хэзээ ч өөрийн шүдийг гүйцэхгүй шүү дээ. 80 мянга,100 мянган төгрөгөөр эмчилгээ хийлгээд өөрийнхөө шүдтэй үлдэх үү, хэдэн жилийн дараа хоёр гурван сая төгрөг төлөөд, хиймэл шүд хийлгэх үү гэдгээ бодох хэрэгтэй. Хиймэл шүд наад зах нь цэвэрлэгээ арчилгаа сайн байх, тогтмол хяналтанд үзүүлж байх зэрэг асуудал их гарна. Хиймэл шүдийг насан туршдаа юм шиг санадаг. Авагддаг ч бай авагддаггүй ч бай насан туршийн хиймэл шүд гэж байхгүй.

-Мөн эмчээ зөв сонгож, мэргэшсэн эмчээр шүд хийлгэх ёстой юу?

-Шүдний эмч нар чиглэл чиглэлээр мэргэшсэн байдаг. Тиймээс эрүү нүүрний согог заслын эмчид үзүүлж, оношлуулсны дүнд өөрт тохирох протезийг хийлгэнэ.

-Шүд бүрэх үйлчилгээ хэр найдвартай вэ. Эрүүл шүдийг хүртэл бүрүүлэх нь зөв үү, буруу юу?

-Бүрээсийг шүдний цөгц их хэмжээгээр гэмтсэн, зарим сувгийн эмчилгээ хийлгэсэн шүд, авагддаггүй шүдэлбэрийн тулгуур шүдийг бүрэх, мөн гажиг заслын аппарат зүүх боломжгүй шүдэнд гажиг засах зорилгоор хийдэг. Мөн цайруулах эмчилгээгээр цайрах боломжгүй болсон шүдний гоо сайхныг нөхөн сэргээх зорилгоор хийдэг. Бүрээс болон нүүрэвч хийх шүдний хатуу эдийг тодорхой хэмжээгээр зорж засдаг учраас шүд болон шүдний эгнээнд согог, гажиг мөн хатуу эдийн эмгэг байхгүй бол заавал бүрээс хийлгэх шаардлагагүй л дээ. Шүдний өнгийг сэргээх зорилготой бол цайруулах эмчилгээ хийлгэж болно. Ер нь өөрийн эрүүл шүдийг аль болох оролдохгүй байгаагаар нь хадгалж үлдэх нь зөв шүү.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хэрээс хэтэрсэн цамаан зан

“Эдийн засаг хэцүүдлээ. Улс орон мөнгө төгрөггүй боллоо. Бүгдээрээ бүсээ чангалах хэрэгтэй боллоо”. Ингэж орилолдох мөртлөө манайхан найгүй цамаархах юм аа. Хэрээс хэтэрсэн цамаан зан энэ улс орныг туйлдуулж сульдааж дуусах нь. Шинэ сайд ирээд албатай юм шиг унаагаа томсгон цоо шинийг худалдаж авдаг номтой. Мөнгө нь улсаас гарч байгаа юм чинь гээд хамгийн үнэтэй гоёыг нь авч тансаглана. Өрөөгөө томсгоно. Орон тоогоо нэмнэ гээд хэрэггүй зүйлд даанч их зарлага гаргах юм.

Саяхан Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийг дөрвөн тэрбум төгрөгөөр шинээр хэвлэж байгаа талаар мэдээллээ. Өнөө жил дунд сургуульд нийт 140 гаруй төрлийн сурах бичиг ашиглахаас бага ангийн сурах бичгийг хэвлэж тараажээ. Дунд ахлах ангийн шинэчлэх шаардлагатай 45 нэр төрлийн сурах бичгийг есдүгээр сард хэвлэж тараах нь. Дунд, ахлах ангийн сурах бичгийн 40 хувийг төрөөс хөрөнгийг шийдвэрлэж, хэвлэдэг бол үлдсэн 60 хувь нь зах зээлд борлуулагддаг юм байна.

Жилийн жилд л сурах бичиг хэвлэхэд төрөөс ийм хэмжээний мөнгө гардаг. Энэ бол бидний үрэлгэн цамаан зангийн нэг илрэл нь юм. Хавар хүүхдүүдээс хуучин сурах бичгийг нь хурааж аваад намар дараагийн ангийнханд нь өгдөг энгийн нэг журам тогтооход л овоо их мөнгө хэмнэнэ. Урагдаж элэгдсэнийг нь сэлбэлээ гэж бодоход бүх номын 10-20 хувийг л хэвлэнэ шүү дээ. Үүнийг хэрэгжүүлэхэд нэг их ажил өрнөж, явдал суудал болохгүй. Хавар багш нар нь ном авахдаа нарийн тэмдэглэл хөтөлнө. Хүүхдүүд заавал номоо хураалгах ёстой.

Намар бас өөрсдөө дээд ангийнхнаасаа ном авна. Ийм энгийн нэг тойрог үүсгэчихэд хэдэн тэрбумаар тоологддог сурах бичгийн хэвлэлтийн зардлыг хэмнэж болох юм. Нэг номыг 5-6 удаа дамжуулан хэрэглэх ёстой гээд тогтоосон ч болохгүй юмгүй. Бид бүү хэл дэлхийн хүмүүс жишээ болгон даган дуурайдаг Америкийн дунд сургуулиуд ч яг ингэж номоо дамжуулдаг. Тэнд номоо ариг гамтай сайхан хэрэглэсэн хүүхдүүдэд яг тийм цэвэрхэн сайхан номнууд өгдөг. Муухай ном хураалгасан хүүхдэд мөн л тийм ном ногддог. Тийм болохоор номоо хураалгах болохоор цэгцэлж наах, баллуурдах, хавтаслах их ажил хүүхдүүдийн дунд өрнөдөг байна. Хэн л ноорхой ном тэврэхийг хүсэх билээ дээ. Энэ нь хүүхдүүдийг багаас нь хариуцлагатай, эмх цэгцтэй болгодог төдийгүй алив зүйлд өөриймсөг хандах хандлагыг суулгадаг. Цаашлаад нийгэмд өөрийгөө зөв авч явах хүмүүжлийн суурь болдог төдийгүй адаглаад л гудамжны сандлыг эвдэхгүй, ханан дээр эрээчихгүй амьдралын жирийн хэвшилд сургаж байдаг.

Манай зарим нэг сургууль хавар хичээл тарахад хүүхдүүдээсээ сурах бичгийг нь хурааж аваад намар дараагийн ангийнханд нь өгдөг сайхан уламжлал байдаг юм билээ. Үүнийг бүх сургуулиуд ягштал мөрддөг, бүр тодруулбал ийм журам гаргачихвал бидний цамаан зангаасаа болж үрдэг мөнгөний нэг хэсэг нь хэмнэгдэх учиртай.

Тайваньд сургуульд сурахаар очсон манай нэгэн танил бичсэн байсан. Азийн цахиурын хөндий гэгддэг Тайвань бол дэлхийн цахим орчин, компьютерийн эд ангийн ахиухан хувийг үйлдвэрлэж гаргадаг газар. Их сургуулийн номын санд нь ороод мэл гайхсан гэдэг.

Учир нь бид аль хэдийнэ хэрэглээнээсээ хассан Пентиум компьютерийн эхний загварууд өрөөстэй, ид ажиллаж байжээ. Гайхсан мань эр багшаасаа “Танайх ийм өндөр хөгжилтэй байж яагаад ийм компьютер ашигладаг юм бэ” гэхэд “Бид хэрэглээндээ тааруулж амьдардаг” гэжээ. Үнэндээ номын сангийн тэр компьютерүүд гацаж унтрахгүй, ямар ч асуудалгүй ажиллаж байсан бөгөөд түүнээс өндөр хүчин чадалтайг авах ямар ч шаардлага байсангүй. Тэгвэл манайхан яадаг билээ. Яам тамгын газрын дарга нар албатай юм шиг DELL, Ap­ple MACBook гээд хамгийн сүүлийн үед гарсан өндөр үзүүлэлттэйг нь өөрийнхөө ширээн дээр залдаг. Ойр зуур мэйл бичих, интернэт ашиглах зэрэгт түүнийгээ нээх төдий ашигладаг. Дараагийн дарга нь өндөр хүчин чадалтайг дахиад шинээр авдаг. Ийм л цамаан хүмүүс дээ, бид.

Ер нь дэлхий дахинаа энгийн хялбар амьдралыг чухалчилдаг болоод удаж байна. Гял цалыг биш бөх батыг, ганган хээнцрийг биш байгаль болоод хүний биед ээлтэйг, хэмжээ хязгааргүй ихийг биш өөртөө яг таарч тохирсныг сонгож хэрэглэдэг болсон. Ийм энгийн амьдралаас таашаал авч, аз жаргалтай амьдарч байна. Үүнтэй харьцуулахад бидний амьдрал хэтэрхий хэлбэр хөөсөн, хөнгөн хялбар, хэврэг гялгар бүхнээр хүрээлүүлжээ. Ялангуяа төрийн албанд энэ байдал хамгийн ихээр илэрдэг. Номыг сурагчдаас сурагчдад дамжуулан хэрэглэдэг болбол хэн нэгэн даргын хэвлэлийн бизнес дампуурах учраас хэн ч үүнийг ярьдаггүй. Харин ч номын хүртээмж бага байна, хүүхдүүд сурах бичиггүй боллоо хэмээн улиглан дуулсаар байгаад илүү ихийг хэвлэхээ бодно.

Хэмнэх, хэрэглээндээ тааруулах гэдэг үг бидний амьдралаас хасагдаа юу гэмээр. Юм болгоноос ашиг унагах, хонжоо харах сэтгэлгээтэй болж, тэрийг нь тойрсон бизнес цэцэглэж байдаг юм чинь, аргагүй биз ээ. Бидний хувийн амьдрал дээр ч энэ байдал ажиглагддаг. Бусдаас дутахгүй гээд лизингээр том жип авчихдаг. Хүнээс дор яваагаа харуулахгүй гээд нэг биендээ өмсөж зүүж барахгүй хувцас, гоёл авдаг. Хэзээ ч ид хавыг нь гаргахгүй том компьютер дээр тоглоом тоглож суудаг хүмүүс бол бид.

Юмгүй хэрнээ цамаан, цатгалан зантай бидний энэ байдал засагдаж гэмээнэ хаана хаанаа амьдрал дээрдэнэ. Сэтгэлгээний ийм гажуудал хэр удаан үргэлжилж, хичнээн хол замыг ингэж туулж байж засралыг олох юм бол.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“М.Энхболд, У.Хүрэлсүх нар хөтлөлцөөд далд орж үзээч”​ хэмээх нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.


Уламжлал болгон зохион байгуулдаг “Инвест Монголиа” чуулга уулзалт 11 дэх удаагаа болж байна. Өчигдөр эхэлсэн энэхүү уулзалтад 1100 орчим хөрөнгө оруулагчид оролцож байгаа юм. Чуулганд оролцож буй хөрөнгө оруулагчдын тоо болон хөрөнгө оруулалт 60 орчим хувиар өссөн гэдгийг зохион байгуулагчид онцолж байв. Энэ талаар бэлтгэсэн сурвалжлагыг манай сонины тэргүүн нүүрнээс хүлээн авч уншаарай.

Улс төрийн хоёрдугаар нүүрнээс Ардчилсан намын дарга С.Эрдэнэтэй хийсэн ярилцлагыг сонирхон хараарай. Тэрбээр “Би АН-ын дарга байгаа цагт МАН-тай хамтарсан Засгийн газарт хэзээ ч орохгүй” хэмээн онцлон хэлжээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болж байдаг алдарт гуравдугаар нүүрэнд нийтлэлч Д.Мөнгөндалайгийн “М.Энхболд, У.Хүрэлсүх нар хөтлөлцөөд далд орж үзээч” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Үндсэн хуулийг зөрчих замаар Үндсэн хуулийг өөрчилж болохгүй”, “13 настай охины амиа алдсан хэргийн
талаар цагдаагийн байгууллага худал
мэдээлэл өгсөн үү”, хэмээх мэдээ мэдээлэл, сурвалжлагыг баримт, үйл явдлын долдугаар нүүрнээс харах боломжтой.
“Эмоци” продакшны жүжигчин, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан О.Тэмүүжинтэй хийсэн ярилцлагыг манай сонины 12 дугаар нүүрнээс хүлээн авч уншаарай. Тэрбээр “Манай продакшны
дараагийн мөрөөдөл
драмын жүжигт хүч сорих” хэмээн онцлон хэлжээ.

13 дугаар нүүрэнд Шинжлэх ухааны академийн Техникийн салбарын Бага чуулганы эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Г.Пүрэвдоржтой ярилцсанаа хүргэж байна. Тэрбээр ” Оюун ухааны эрдэм бол эцсийн дүндээ улс орныг залдаг” хэмээн хэлжээ.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн форумд оролцохоор Владивосток хотод хүрэлцэн ирлээ

Image result for Ерөнхийлөгч Х.Баттулга

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн форумд оролцохоор ОХУ-ын Владивосток хотод өнөөдөр хүрэлцэн ирлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины бие төлөөлөгч И.Е.Левитин, Гадаад хэргийн дэд сайд В.В.Моргулов, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа нарын зэрэг албаны хүмүүс Владивостокийн нисэх онгоцны буудалд угтан авав.

Дорнын эдийн засгийн форум нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины санаачилгаар 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаагийн форумд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нарын зэрэг төр, засгийн тэргүүнүүд оролцож байгаа юм. Форумд БНХАУ, Энэтхэг, Вьетнам, Индонез зэрэг орны албан ёсны төлөөлөгчид, Зүүн хойд Ази, Номхон далайн бүсийн орнууд, АНУ, Канад зэрэг орны бизнесийн 3000 гаруй төлөөлөгч оролцож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга форумын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нартай уулзана.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг дагалдан Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг нарын зэрэг албаны хүмүүс ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

116-р тусгай сургууль “хөдөлгөөн, орон зайн баримжаа олгох” кабинеттай боллоо

imageБоловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Г.Чулуунбаатар өнөөдөр /2017.09.01/ Нийслэлийн сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургууль болон Харааны бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургуулийн 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн нээлтийн үйл ажиллагаанд тус тус оролцлоо.

2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо. 2017-2018 оны хичээлийн жилд улсын хэмжээнд ерөнхий боловсролын тусгай 6 сургууль үйл ажиллагаа явуулна. Түүний нэг болох 29 дүгээр тусгай сургууль нь 21 аймаг, нийслэлээс сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүүхдүүдийг элсүүлэн сургадаг бөгөөд тэдгээрийг дотуур байранд амьдрах орчин нөхцөлөөр ханган, бага, суурь, бүрэн дунд болон мэргэжлийн анхан шатны боловсрол олгож байна. Энэ хичээлийн жилд тус сургуульд нийт 311 сурагч суралцахаас нэгдүгээр ангийн хоёр бүлэгт 17 сурагч шинээр элсчээ. Хичээлийн жилийн бэлтгэлийг хангах хүрээнд БСШУС-ын сайдын 2017 оны “Тусгай цэцэрлэг, сургуулийн талаар авах зарим арга хэмжээний тухай” А/195 тоот тушаалын 4 дүгээр заалтын дагуу Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын тусгай хэрэгцээт боловсролын сургалт хариуцсан арга зүйч, 29 дүгээр тусгай сургуулийн захиргаа, НХХЯ-ны харьяа Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвийн дохионы хэлний багш нар хамтран 10 өдрийн дохионы хэлний сургалтыг наймдугаар сарын 21-27-ны өдрүүдэд зохион байгуулжээ. Сургалтад нийт тус сургуулийн багш, удирдлага, сургалтыг дэмжих ажилтнууд бүхий 81 хүн хамрагдсан аж. Сургалтад шаардагдах 15 сая төгрөгийг Багшийн мэргэжил дээшлүүлэх инстиут санхүүжүүлжээ. Энэхүү дохионы хэлний эрчимжүүлсэн сургалтаар хичээл тус бүрт түлхүү, өргөн хэрэглэгдэх түлхүүр үгсийг дохионы хэлээр хэрхэн илэрхийлэх чадвар эзэмшүүлсэнээр тухайн сургуулийн багш, ажилтан, албан хаагчдын дохионы хэлний чадварт тодорхой ахиц гарсан юм. 116 дугаар тусгай сургууль нь харааны бэрхшээлтэй хүүхдэд боловсрол олгодог улсын хэмжээний ганц сургууль юм. Тус сургууль 1964 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд өнөөг хүртэл 53 дахь жилдээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Энэ хичээлийн жилд тус сургуульд нийт 311 сурагч суралцахаас нэгдүгээр ангийн хоёр бүлэгт 17 сурагч шинээр элсчээ. Суралцагчдын 36 хувь нь бүрэн хараагүй, 64 хувь нь сул буюу үлдэгдэл хараатай хүхдүүд суралцаж байна. Тус сургуулийн хичээлийн жилийн нээлтийн үеэр Австрали улсын Элчин сайдын яамны 25 сая төгрөгийн санхүүжилтээр шинээр байгуулагдсан “Хөдөлгөөн, орон зайн баримжаа олгох” кабинетыг нээх ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа. Тус кабинет нь харааны бэрхшээлтэй суралцагчдын онцлогт нийцсэн хөдөлгөөн орон зайн баримжаа, ахуйн баримжаа, ахуйн дадал хэвшил олгох, чадвар эзэмшүүлэхэд зориулалтаар байгуулагдсан юм. Түүнчлэн Австрали Улсын Элчин сайдын яамны санхүүгийн дэмжлэгтэйгээр “Боловсролын цонх нээлттэй мэдээллийн төв” ТББ нь тус сургуулийн хичээлийн 23 ангийн самбар, самбарын гэрэл 160 ширхэг ширээний гэрлийг хийж сурагч бүр ширээний гэрэл хэрэглэх боломж бүрдүүлсэн байна.

image