Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сураггүй болооч

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ


Лувсан өвгөн гэрээсээ гараад тэр чигтээ сураггүй болжээ. Тамхи авахаар ойролцоох дэлгүүр гарсан юмсанж. Дэлгүүрийн касс охинд зургийг нь үзүүлээд ч огт санадаггүй. Сураггүй болсон 74 настай өвгөнийг хэд хоног хайгаад хаанаас ч олсонгүй. Эмнэлэг, морг, хамаатан садан, траншэйн гээд сураглаагүй газар үгүй. Цагдаа эхэндээ сүрхий хайлцсан боловч долоо хоногийн дараагаас илэрхий идэвх нь буурчээ.

Өвгөн бараг тавин жил хамт амьдарсан чавганцтай, Гурван хүү, нэг охинтой ч тэд хэдийнээ бүгд эмээ өвөө болчихсон. Ач гуч олонтой, олонтой. Архи дарс уудаггүй томоотой нэгэн. Урьд нь ингэж гэрээсээ дайжиж байсан ганц ч тохиолдол үгүй. Гэрээсээ бараг нөмгөн гарсан болохоор хүн амьтанд дээрэмдүүлээд байх мөнгө цаас түүнд байгаагүй. Өвгөний араас нэхэл дагал болсон, сурагласан хэн ч үгүй.

Ингэсээр гурван жил өнгөрчээ. Чавганц нь өнгөрлөө. Хүүхдүүд нь ээжийгээ оршуулахдаа сураггүй болсон эцгийгээ хамтад нь оршуулахаар шийдсэн байна. Мэдээж шарил нь олдоогүй болохоор төлөөлүүлж эдэлж хэрэглэж байсныг нь оршуулна гэсэн үг. Бунхан дээр нь хоёулангийнх нь нэрийг бичив.

Лувсангийн том хүү эцгийгээ төлөөлөн оршуулснаас жил орчмын дараа гудамжинд аавтайгаа яг улаан нүүрээрээ тулан тааралджээ.

-Аав аа! – хэмээн цочирдон уулга алдав.

Харин “аав” нь юу ч болоогүй юм шиг хажуугаар нь зөрөн өнгөрлөө. Хүн андуурчихсан юм болов уу гээд эргэж ухасхийн өвгөний урдуур ороогоод:

-Аав аа, та миний аав мөн л байна шүү дээ.

Лувсан өвгөн хар залуугийн хөмсөгнийхөө дээр тод сорвитой. Үүнийгээ багадаа үхэрт мөргүүлчихсэн гэж тайлбарладаг байв. Үхрийн эвэр яагаад ч юм нүдийг нь арай онолгүй аяганых нь амсраас дээш сэжин хөмсгийг нь дайруулсан учир тэнд нь үс ургахгүй халцархай гялтгар сорви тод үлджээ.

Өвгөн илт дургүйцэн төвөгшөөсөн царай гаргаад хүүгээ хүчтэй түлхэн:

-Та хүн андуураа байлгүй, алив хойшоо!

Хүү нь ч мөчөөгөө өгөхгүй Лувсангийн энгэрээс зууран авч:

-Та чинь ямар сонин хүн бэ. Яахаараа биднийг хаяад алга болчихов? Ээж нас барсныг мэдсэн үү? Таныг хүлээж санаа сэтгэлээр унасаар хөөрхий үхсэн. Таныг бид оршуулсан…

Ноцолдож буй хоёр дээр хүмүүс шаваад ирлээ. Үнэндээ хэн ч харсан эцэг хүү хоёр гэмээргүй. Нас өндөр хоёр өвгөн л барьцалдчихсан, энгэр заамнаасаа зууралдана. Харин ч Лувсан хүүгээсээ ч толиотой харагдана. Ная шахаж байгаа тэрээр цэвэрхэн хослолтой, зангиатай, догь бүрхтэй, тулах гэхээсээ гангарч буй гэмээр таяг гартаа барьжээ. Тэгэхэд хүү нь эрээн хүүрчиг эв хавгүй өмссөн, толгой нүцгэн түүний халзан зулай наранд гялбана. Хүү нь аавыгаа ингэж дэгжин хувцасласан байхыг хэзээ ч үзээгүй. Лувсан заамыг нь атгасан гарыг таягаараа чанга цохин тавиулаад цугларсан олноос санаа зовсон бололтой нүүр буруулан хурдан алхан одлоо.

Хүү нь аавыгаа бүтэн өдөржин дагав. Хаана орогнож байгааг нь мэдэх гэсэн байх. Харин өвгөн араас нь дагаж буйг мэдээд мөн л өдөржин хотоор холхино. Үе үе гудамжны сандал дээр суун амрангаа зүүрмэглэнэ. Хүү нь бас л нас дээр гарсан хүний хувьд ядарчээ.

Бүрэнхий болсон хойно Лувсан өвгөн цэцэрлэгийн нэгэн сандал дээр суун амарлаа. Дагасан хүү нь нэлээд хол бас нэг сандал дээр суув.

-Эрдэнэ ээ, нааш ир! – хэмээн өвгөн гэнэт дуудлаа.

Эрдэнээ дөлсөөр ойртов.

-Зүгээр зүгээр, энд ирээд суу- гээд сандлаа зайчлав.

-Аав та яах гэж ингэж байдаг юм бэ?

-За ямар чиг байсан суу. Би чамаас юу ч асуухгүй. Ямар ч сонин чамаас сонсмооргүй байна. Харин би чамаас яагаад зугтаагаад байгаагаа тайлбарлая. Чи миний ярихыг сонсчихоод шууд эндээс яваарай. Дахиж надтай уулзах гэж оролдож болохгүй шүү. Би залуудаа нэг хүүхэнтэй явдаг байлаа. Бид биендээ их сайн. Гэрлэхээр шийдчихсэн байсан юм. Яг тэр үеэр би ээжтэй чинь санаандгүй учраад… чи олдсон. Энэ миний залуугийн нүгэл л дээ. Нэгэнт хүний үрийг жирэмсэн болгосон болохоор би ээжтэй чинь гэрэлсэн.

Бидний хооронд хайр дурлал байгаагүй байхаа. Гэхдээ би хүн чанартай нэгэн. Бид 50 жил хамт амьдарсан. Зовж шаналсан юм байхгүй. Иргэний сайн гэр бүл байсан. Би гэр орноо сайн авч явсан. Юугаар ч дутааж байгаагүй. Дөрвөн хүүхэдтэй боллоо. Ач гучтай боллоо. Та дөрвийг би бүгдийг нь боловсролтой, гэр оронтой болгосон. Би сайн нөхөр, сайн эцэг, сайн өвөө байсан. Би бүхий л үүргээ гүйцэтгэсэн гэж боддог. Чи худлаа гэхгүй биз дээ?

-Тэр үнээн, ааваа. Та бол үлгэр жишээ эцэг…

-Гэхдээ би иргэний, хүний, өрхийн тэргүүний, эцгийн хувьд үүргээ онц биелүүлж байсан ч насан туршдаа дотроо шаналж явсан. Би өөрийн буруугаас хайртай дуртай хүнтэйгээ гэр орон болж чадаагүй. Ингээд би та нараас нэг л өдөр холдсон. Би цаашид олон жил амьдрахгүй. Нэгэнт би та нарын өмнө үүргээ биелүүлсэн болохоор үлдсэн цөөхөн жилийг өөртөө зориулахаар шийдсэн юм. Би одоо тэр хүүхэнтэйгээ амьдарч байна. Та нарын хувьд би нас барсан. Өдий насалсан би тийм байж болно биз дээ.

-Та тэгээд одоо жаргалтай байна уу?-хэмээн Эрдэнэ ээрүүтэн асуув. Нүднээс нь нулимс сул урсана.

Өвгөн босоод:

-Баяртай хүү минь. Намайг битгий дагаарай. Надад өөрийнхөөрөө амьдрах богинохоон хугацаа өгчих- гээд таягаа сугандаа хавчуулан эргэж харалгүйгээр цааш алхан одлоо.

Эрдэнэ балмагдан суусан чигээрээ хоцров. Мөр тэгш, алхаа шулуун, залуу хүн шиг эрч хүчтэй эцгийгээ булан тойрон алга болтол нь араас нь ширтэн суусан тэрээр:

-Баяртай ааваа, үүрд баяртай- хэмээн амандаа бувтналаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Нийгэм төлөвшихөд бидэнд дахиад олон жилийн хугацаа хэрэгтэй байна” хэмээн Баабар “Өдрийн сонин”-д өгүүлжээ

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэн гарлаа.

“Монгол нүүрс дэлхийн зах зээлд Владивостокоор дамжин зарагдана” хэмээн тэргүүн нүүрт өгүүлжээ.

МАН-ын “Цэгцрэх” хөдөлгөөний зөвлөх, доктор М.Найданхүү: Албан тушаал зардаг, гишүүдээ ялгаварладаг, нэр дэвшигчдийнхээ эсрэг ажиллаладаг байж хэрхэвч болохгүй хэмээн ярьжээ.

Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр “Засгийн газар мэргэжлийн оновчтой шийдэл гаргаж ажиллаж байна” хэмээн дүгнэсэн байна.

УИХ-ын гишүүн М.Билэгт: Засгийн газрыг огцруулах гол үндэслэл гэгдэж буй концессыг бүлгийн хурлаар дэмжиж байсан хэмээн ярьжээ.

“Нийслэлийн МАН-ын дарга Су.Батболд болох уу?” хэмээн “Улс төр” нүүрт өгүүлжээ.

“Баримт, үзэл бодол” нүүрт “Нийгэм төлөвшихөд бидэнд дахиад олон жилийн хугацаа хэрэгтэй байна” хэмээн Баабар өгүүлжээ.

“Дэлхийн мэдээ” нүүрт БРИКС-ийн гишүүн орнуудын удирдагчид юу хэлэлцсэн тухай онцолсон байна. Өглөгч орны жагсаалтад Монгол Улс 29 дүгээрт жагссан гэнэ шүү.

“Өд. бэх” нүүрт СГЗ эрдэмтэн, зохиолч Ш.Цэнд-Аюуш “Улс төр бол бэлтэнүүдийн цугладаг ресторан юм” хэмээн тодорхойлжээ.

“Эдийн засаг” нүүрт “Монголчууд хөрөнгө оруулалт авахад бэлэн үү, яаж ажиллах юм гэж гаднынхан асууж байв” хэмээн мэдээлжээ. “Инвест Монголиа-2017” чуулга уулзалтын талаар энд өгүүлжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-ы Улс төр, гадаад мэдээллийн албаны даргаар Д.Мөнгөндалайг томиллоо

“Өдрийн сонин”-ы Ерөнхий эрхлэгч Ж.Мягмарсүрэнгийн тушаалаар тус сонины Улс төр, гадаад мэдээллийн албаны даргаар Д.Мөнгөндалайг томиллоо.

Д.Мөнгөндалай нь 1999 оноос “Өдрийн сонин”-д парламентын сурвалжлагч, тоймч, Эрэн сурвалжлах тоймчдын албаны даргаар ажиллаж байна. “Өдрийн сонин”-ы оны шилдэг бүтээлийн дээд шагналыг хэдэнтээ хүртэж байсан Монголын шилдэг нийтлэлчдийн нэг юм.

Түүний бичсэн “Ерөнхийлөгч өө, үхсэн хүн үг хэлэхгүй ч үг хэлэх үр хүүхэд үлддэг юм шүү”, “Галзуучуудын эх орон”, “Эрх баригчид идүүрээ томсгож, ард түмэн аягаа багасгах уу”, “Засаг төрөх нь заан тугаллахаас удаан байх юм”, “Араасаа дагуулах хойч үегүй ардчиллын өвгөчүүд өөрсдөөрөө дуусах уу” зэрэг улстөр, нийгэм, эдийн засгийн тойм, анализ нийтлэлүүдийг нь уншигчид байнга хүлээж, унших дуртай байдаг юм. Нийгэмд шуугиан тариад байгаа 60 тэрбумын хэргийн талаар “шүгэл үлээгч” Г.Доржзодовтой хэвлэлд анхлан ярилцаж, эрх баригчдын төрийн албыг асар их мөнгөөр наймаалцдаг нууц яриа хэлэлцээрийг ард түмэнд тодорхой дэлгэсэн хүн нь сэтгүүлч Д.Мөнгөндалай билээ. Төрийн дээд шагнал “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль болон байгууллагын болон салбарын шагналуудыг удаа дараа хүртэж байсан.

Тэрбээр Төрийн шагналт яруу найрагч О.Дашбалбарын ууган охин юм.

Categories
мэдээ нийгэм

“Цахим засаглал-хэтийн төлөв” сургалт болж байна

Гадаад харилцааны яаманд “Цахим засаглал-хэтийн төлөв” сургалт болж байна. Хөтөлбөрийн үйл ажиллагаа нээснийг мэдэгдэж Нийслэлийн мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг үг хэлэв.

Засгийн газрын тохируулагч агентлаг, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар болон бусад холбогдох байгууллагаас зохион байгуулж буй энэ хөтөлбөрт яам агентлагууд мэдээллийн аюулгүй байдлын талаар санал солилцож буй юм. Тухайлбал, төрийн үйлчилгээний байгууллага болон иргэд тоон буюу цахим гарын үсэг ашигласнаар арын үсэг зурсан этгээд буюу эзэн, хариуцагч нь хэн бэ гэдгийг нотлох, мэдээллийн үнэн зөв байдлыг хадгалах боломжтой юм. Хэдийгээр гарын үсэгтэй ижил боловч гар бичмэл шиг хуулбарлах боломжгүй гэдгээрээ давуу талтай. Тоон гарын үсгийг төрийн үйлчилгээний зарим байгууллагад ашиглаж байгаа гэв.

Манай улсад цахим засаглал, мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилгоор УИХ-д 2001 оноос хойш хэд хэдэн тогтоолыг шинэчлэн баталсан байдаг. Хамгийн сүүлд Засгийн газрын 2016 оны 151 дүгээр тогтоолыг мөрдөн хэрэгжүүлж байгаа юм гэж Нийслэлийн мэдээллийн технологийн газраас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

140 мянган ухаалаг гар утас ба таблет кибер халдлагад өртжээ

ЗурагВАШИНГТОН. /NHK/. Томоохон компаниудын мэдээллийг хулгайлахын тулд хакерчид дэлхийн хэмжээнд 140 мянган ухаалаг гар утас болон таблетыг хакердсан болохыг АНУ-д төвтэй “Akamai Technologies” компани өнөөдөр мэдэгдлээ.

Тус компанийн мэдэгдсэнээр, 100 гаруй улс оронд Андройд үйлдлийн системтэй гар утас болон таблетууд хакерчдын халдлагад өртсөн байна.

Эздэд нь мэдэгдэлгүйгээр хувь хүн болон компаниудын гар утсыг нь алсаас удирдан хянаж байжээ.

Ийм кибер халдлагыг өнгөрсөн наймдугаар сарын эхээр хийж эхэлсэн бөгөөд мөн сарын дунд үе хүртэл халдлага үргэлжилсэн гэж тус компани мэдэгдэв. Кибер халдлагын улмаас АНУ, Европ болон Азийн 50 гаруй компани онлайнаар гүйлгээ хийж чадахгүйд хүрч байжээ.

Хакерчид “Google” компанийн албан ёсны цахим хуудсаар дамжуулан үнэ төлбөргүйгээр вирустэй аппликейшнууд тарааж байсан аж. Ийм 300 гаруй аппликейшн, тэдгээрийн дотор дүрс бичлэг тоглуулдаг аппликейшн тараасан нь одоогоор тогтоогдоод байгаа гэнэ.

Жирийн аппликейшнуудаас ялгагдахааргүй вирустэй аппликейшнуудыг “Google” компани олж илрүүлэн устгаж эхэлсэн байна.

“Akamai Technologies” компанийн ажилтан Казүхиро Наканиши энэ кибер халдлагыг “байнга интернэтэд холбоотой байдаг ухаалаг гар утаснуудыг хакердах шинэ арга” гэж тодорхойлжээ.

Categories
мэдээ нийгэм

Хилийн эрүүл ахуй, хорио цээрийн чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа

Хилийн эрүүл ахуй, хорио цээрийн чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан “Монгол-Хятадын Хилийн эрүүл ахуй, хорио цээрийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд болон 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Бээжин хотод баталсан 2 талын хамтын ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг хангах зорилгоор 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Манжуур хотод хилийн эрүүл ахуйн хорио цээрийн чиглэлээр уулзалт зохион байгууллаа.

Энэхүү уулзалтын үеэр МХЕГ, БНХАУ-ын ЧХШХЦЕГ хооронд нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед шуурхай мэдээлэл солилцооны тогтолцооны санамж бичиг, Хавирга-Архашаат, Баянхошуу-Өвдөг, Сүмбэр-Рашаант боомтууд хооронд хилийн эрүүл ахуй, хорио цээрийн чиглэлээрх хамтран ажиллах санамж бичиг, нийт 4 санамж бичигт 2 талаас гарын үсэг зурж баталгаажууллаа.

Дээрх санамж бичгүүд зурагдсанаар хил дамжин халдварлах хүний хөл хориот өвчин болон бусад халдвараас сэргийлэх механизм бүрдэж, түүнчлэн боомтууд хооронд туршлага солилцох, боловсон хүчнийг сургах, хамтарсан тандалт хийх, мэдээлэл солилцох, техник, тоног төхөөрөмжийн туслалцаа авах зэрэг хилийн боомтуудын чадавхийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчин бүрдлээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сургуулийн барилга байгууламжийг сайжруулах төслийн багийг хүлээн авч уулзав

Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бригадын генерал Г.Ариунбуян өнөөдөр Японы Олон Улсын Хамтын ажиллагааны агентлаг /ЖАЙКА/-ийн “Монгол Улсын Улаанбаатар хотын бага, дунд ерөнхий боловсролын сургуулийн барилга байгууламжийг сайжруулах” төслийн бэлтгэлийн судалгааны багийн зочид, төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

ЖАЙКА-гийн төслийн баг Улаанбаатар хотын бага, дунд ерөнхий боловсролын сургуулийн барилга, байгууламжийг сайжруулах төслийн хүрээнд 2016 оны 11 дүгээр сараас эхлэн судалгааны ажлыг эхлүүлсэн байна.

Улмаар 2017 оны 11 дүгээр сард Япон Улсын сайд нарын зөвлөлөөс зөвшөөрөл олгосноор төслийг албан ёсоор хэрэгжүүлж эхлэх бөгөөд төслийн үйл ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотод дөрвөн дунд сургуулийг байгуулах юм байна.

Хоёр сургуулийн барилгыг шинээр барьж, 75-р сургуулийн биеийн тамирын заал болон Чингэлтэй дүүргийн 7-р хороонд дунд сургуулийн барилгыг хүчитгэх зорилготойг уулзалтын үеэр танилцуулав.

Сургуулийн барилгын ажлын явцад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан, байгалийн гамшгийн үед хоргодох байр болгон ашиглах, шаардлагатай нөөц барааг хадгалах агуулахыг мөн хамт барих боломжийг судлан ажиллаж байгааг дурьдсан юм.

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян дээрхи төслийн судалгааны багийнхантай хамтран ажиллахад таатай байгаагаа илэрхийлэн, шаардлагатай тусламж үзүүлж, дэмжин ажиллахаа илэрхийллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хэлмэгдэгсдийн ар гэрийнхний хохирлыг барагдуулах хүсэлт хүргүүлнэ

Зураг“Цаазлагдсан улс төрийн хэлмэгдэгчийн хүүхэд” ТББ-аас Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлд хэлмэгдэгсдийн ар гэрийнхний хохирлыг нэн даруй барагдуулах хүсэлт хүргүүлэх болжээ.

Энэ талаар өнөөдөр тус ТББ-ын тэргүүн Д.Дашдаваа мэдээлэл хийв. Тэрбээр, “1930-1940 онд хэлмэгдсэн хүмүүсийн ар гэрийнхнийг дарамталж, ажлаас халж, хүүхдүүдэд нь боловсрол олгох эрхийг хассан гээд олон зовлонг туулсан. Хэлмэгдэгсдийн хүүхдүүд өнөөдөр хамгийн бага тэтгэвэр авч, ядуу зүдүү амьдарч байна. Хэлмэгдсэн хүмүүсийг цагаатгаад 60 жил болж байхад Монгол Улс огт нөхөн төлбөр төлсөнгүй. 2015 оны дөрөвдүгээр сард хэлмэгдэгсдийн асуудлаар Олон улсын бага хурал болсон. Тэр үед хэлмэгдэгсдийг цагаатгаж, нөхөн төлбөр олгох нь чухал гэж ярьж байсан ч одоог хүртэл шийдвэр гараагүй байна. Их хэлмэгдүүлэлтийн үеэр би аав, нагац ахыгаа алдсан. Эсэргүүний хүүхэд гэсэн нэр зүүж, амьдралынхаа олон сайхан боломжийг алдсан. Хэлмэгдсэн хүмүүсийн үр хүүхдүүдэд судалгаа хийж, орон сууц олгож, амьдралд маань нэг удаа ч болов туслах ёстой гэж бодож байна” хэмээв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Херо”-гийн Б.Баатарын утасны яриаг цацсан нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж ХЭҮК үзжээ

Image result for “Херо”-гийн  Б.Баатар

“Херо энтертайнмент”-ийн найруулагч Б.Баатар болон Шадар сайд У.Хүрэлсүх нарын утасны яриа цахим орчинд цацагдсан. Б.Баатар хууль, хяналтын байгууллагууд болон Хүний эрхийн үндэсний комисст уг асуудлаар ханджээ.

Хүний эрхийн үндэсний комиссоос түүнд хариу ирүүлсэн байна. Тэрхүү хариунд:

“Иргэн Б.Баатарын олон улсын гэрээ, конвенц, дотоодын хууль тогтоомжоор баталгаажуулсан захидал харилцааны нууц, халдашгүй байх эрхийг зөрчиж, өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр утсан харилцааны мэдээллийг нь олон нийтэд түгээсэн үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй тул гомдлыг шийдвэрлүүлэхээр Монгол Улсын Ерөнхий прокурорт шилжүүллээ” хэмээжээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улс дахь үндэстний цөөнхийн эрхийн асуудлаар санал солилцлоо

Монгол Улс дахь үндэстний цөөнхийн эрхийн асуудлаар санал солилцлооЕвропын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Үндэстний цөөнхийн асуудал эрхэлсэн Дээд Комиссарын хуулийн ахлах зөвлөх Л.Хадирка, улс төрийн ахлах зөвлөх М.Фумагалли, төслийн ажилтан Михайл Ангерман нар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст 2017 оны 9 сарын 04-ний өдөр зочилж, Комиссын дарга Ж.Бямбадорж, Ажлын албаны дарга Ч.Алтангэрэл нартай уулзав.

Үндэстний цөөнхийн асуудал эрхэлсэн Дээд Комиссарын төлөөлөгчид манай улсад анх удаа айлчилж буй бөгөөд Комиссарын албаныхаа үйл ажиллагааг танилцуулж, Монгол Улс дахь үндэстний цөөнхийн эрхийн асуудлаар мэдээлэл авч, харилцан санал солилцлоо.

Хүний эрхийн Үндэсний Комисс нь байгуулагдсан цагаасаа үндэстний цөөнхийн эрхийн асуудал анхаарал хандуулж ирсэн бөгөөд ялангуяа казах, тува хүүхдийн сурч боловсрох эрхийн асуудлаар судалгаа, дүн шинжилгээний ажлыг хийж, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 2004, 2010 илтгэлүүдэд үндэстний цөөнхийн эрхийн асуудлыг тусгайлан оруулж санал, зөвлөмжийг холбогдох албан тушаалтан, байгууллагуудад хүргүүлж, УИХ, Засгийн газраас тухайн асуудлаар тогтоолуудыг баталж хэрэгжүүлж ирсэн юм.