Categories
мэдээ улс-төр

Ж.Эрдэнэбат: Шадар сайдыгаа тагнаж чагнасан гэсэн асуудлыг эцэслэж, байнгын хороодоор хэлэлцүүлж өгөхийг хүсч байна

Засгийн газрыг огцруулах эсэх талаар хуралдсан УИХ-ын ээлжит бус чуулганыг нээж УИХ-ын дарга М.Энхболд үг хэлсэн. Дараа нь Засгийн газрыг огцруулах эсэх асуудлаар хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтийг Д.Тогтохсүрэн гишүүн танилцуулсан юм. Наймдугаар сарын 30-ны өдөр тус байнгын хороогоор нэр бүхий 30 гишүүний санал болгосон Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж, Засгийн газрыг огцруулах саналыг дэмжээгүй гэлээ.

Уг танилцуулгын дараа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үг хэлэх зөвшөөрөл авсан юм.

Тэрбээр хэлэхдээ: Саяхан нэр бүхий гишүүд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэтбат миний биеийг огцруулах саналыг УИХ-д гаргасан байгаа. Гэхдээ энэ огцруулах хүсэлт гаргахаас өмнө нийгэмд сошиалд ард түмний дунд нэгэн мэдээлэл тархсан. Үүнийг манай гишүүд бүгдээрээ мэдэж байгаа байх. Тэр нь юу гэхээр Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнасан чагнасан гэсэн зүйлийг хэвлэл мэдээллийн байгууллагуудаар нэлээд их явуулсан. Миний бие бодохдоо энэ тагнасан чагнасан гэсэн мэдээлэл нь олон хүнд эргэлзээ тээнэгэлзээ төрүүлсэн. Тэр битгий хэл ард түмний дунд ч гэсэн үнэхээр энэ Ж.Эрдэнэбат гэдэг хүн Шадар сайдыгаа тагнаж чагнасан юм байна гэсэн эргэлзээ төрсөн байгаа. Энэ асуудлыг би шийдүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд наймдугаар сарын 22-ны өдөр албан бичгээр хүсэлт гаргуулсан. Үүнийг хаалттай байдлаар хэлэлцүүлж өгөөч гэсэн хүсэлт гаргасан. Мөн есдүгээр сарын 1-ний өдөр Тусгай хяналтын дэд хороонд бас хүсэлт гаргасан байгаа. Энэ асуудлыг хэлэлцэж, ямар нөхцөл байдал үүссэн юм бэ гэдгийг тодорхойлж өгөөч гэж хүссэн. Би залуу хүн цаашдаа ийм нэр хүндээ унагаасан асуудалд холбогдож явах сонирхол байхгүй. Өнөөдрийн хурлаар ямар ч шийдвэр гарсан бай Ерөнхий сайд нь Шадар сайдыгаа тагнаж чагнасан гэсэн асуудлыг эцэслэж, байнгын хороод болон дэд хороогоор хэлэлцүүлж өгөхийг хүсч байна. Энэ хүсэлтийг маань хүлээж аваач гэж УИХ-ын даргаас хүсэх байна гэсэн юм.

Categories
мэдээ улс-төр

М.Энхболд: Ийм үл ойлголцлыг удаан ажиглаж суух, өдөөн турхирах эрх улстөрч бидэнд байх ёсгүй

Image result for М.Энхболд

УИХ-ын ээлжит бус чуулганыг нээж УИХ-ын дарга М.Энхболд ийнхүү хэллээ.

-2016 оны сонгуулиар ард түмэн МАН-д асар их итгэл хүлээлгэсэн. МАН сонгуулийн үр дүнд үнэмлэхүй ялалт байгуулан УИХ-д 65 суудлыг авч чадсан. Энэ удаагийн УИХ-ын сонгууль ард түмний итгэл хүлээлт хоёр дээр суурилсан гэдгийг би хэлэхийг хүсч байна. Сонгуулийн өмнөхөн эдийн засгийн өсөлт -1,6 хувьд хүрлээ. Төсвийн алдагдал 1,2 их наяд төгрөгт хүрсэн. Монгол Улс төлбөрийн чадваргүйд тооцогдоход ойрхон байсныг та бүхэн санаж байгаа байх. Өнгөрсөн хугацаанд ОУВС-тай хамтран өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэнээр Монгол Улсын санхүү, эдийн засгийн суурь үзүүлэлтүүд сайжран гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдсэнийг дурдах нь зүйтэй гэж үзэж байна.

2017 оны эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн бодит өсөлт 5,3 хувьд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 4 пунктээр өссөн байна. Эдийн засаг сэргэх энэхүү байдал нь өөрөө аяндаа бий болоогүй. Энэ бүхэн төсвийн үндсэн үзүүлэлтүүдийг сайжруулж, төсвийн орлогын тогтвортой эх үүсвэр бий болгох, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулах, зарлагын үр ашгийг дээшлүүлэх талаар та бидний гаргасан бодлогын шийдвэр амжилттай хэрэгжсэний үр дүн юм.

Эрхэм гишүүд ээ, энэхүү ээлжит бус чуулганаар Засгийн газар, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр та бид цуглаад байна.

Сүүлийн өдрүүдэд энэ асуудал нь зөвхөн эрх баригч намын дотоод асуудал биш болон хувирч, ард иргэдийг талцуулан хуваасан, үл ойлголцсон байдалд хүргэж байгааг хэлэх нь хэрэгтэй байна. Ийм үл ойлголцлыг удаан ажиглан суух, өдөөн турхирах эрх улстөрч бидэнд байх ёсгүй юм. Энэхүү ээлжит бус чуулганаар хэлэлцэх Ерөнхий сайд, Засгийн газрыг огцруулах асуудалд гишүүн болгон нухацтай хариуцлагатай хандаж төр засаг тогтвортой байх нөхцлийг бүрдүүлж, олон нийтийн хуваагдал үл ойлголцол эцэс болж, улс орны өмнө хүлээгдэж байгаа нийгэм, эдийн засгийн илүү чухал асуудалд та бид анхаарал хандуулж ажиллах нь чухал гэдгийг хэлэхийг хүсч байна.

УИХ-ын ээлжит бус чуулганы ажиллагаа нээснийг мэдэгдье гэв.

Categories
мэдээ нийгэм

Халаасны хулгайчаас сэрэмжлүүлж байна

Image result for Халаасны хулгайч

Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан, Улаанбаатар хот руу ирэх иргэдийн болон тээврийн хэрэгслийн тоо эрс нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор халаасны хулгайн гэмт хэрэг өмсөх хандлагатай байгаа тул Нийслэлийн цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид хулгайн гэмт хэрэг удаа дараа үйлдсэн этгээдүүдийг илрүүлэн шалгаж байгаа аж.

Энэ оны эхний 7 сарын байдлаар улсын хэмжээнд хулгайн 5200 хэрэг гарсан. Үүний 65.6 хувь нь халаасны хулгайнх бөгөөд 97.6 хувь нь Улаанбаатар хотод үйлдэгджээ.
Мөн томоохон худалдааны төвүүд, тээврийн товчоо, зүүн баруун аймгууд руу зорчдог тээвэр үйлчилгээний төвүүдийн ачаалал ихсэж, зорчин явагсдын тоо эрс нэмэгдэж байна. Мөн Эрээн хотод их хэмжээний бэлэн мөнгө биедээ авч явж байсан Монгол улсын иргэн А-ийн 6000 юаныг мөн манай улсын иргэн Т хулгайлсан болохыг эрэн сурвалжилж тогтоон мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжүүлж байгаа юм. Иргэд та бүхэн биедээ их хэмжээний бэлэн мөнгө авч явахаас татгалзаж, цахим банк, бэлэн мөнгөний машиныг хэрэглэж хэвшин хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна. Тиймээс, олон нийтийн газар, автобусанд үйлчлүүлэхдээ сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Categories
мэдээ цаг-үе

Г.Мөнхбаяр: Засгийн газар мэргэжлийн оновчтой шийдэл гаргаж ажиллаж байна

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Барилга, хот байгуулалтын сайд, МАН-ын Бага хурлын гишүүн Г.Мөнхбаяртай ярилцлаа.


-Засгийн газар огцрох эсэх эцсийн шийдвэрийг өнөө, маргаашгүй гаргах гэж байна. Сайдын хувьд танд ямар хүлээлт байна вэ?

-Нэгэнт УИХ-ын 31 гишүүн гарын үсэг зурж огцруулах асуудлыг өргөн барьсан учраас УИХ-ын чуулганаар хэлэлцэх юм байна. Манай их хурлын гишүүд ухамсартай хандаасай, намын дотоод эв нэгдлийг хангаасай гэж найдаж сууна. Гишүүдтэй уулзаад явахаар Их хурал ийм шийдвэр гаргасан байхад Засгийн газар нь сөрж ийм ийм ноцтой алдаа гаргалаа гэсэн шүүмжлэл, хариуцлага тооцох тухай тайлбар алга байна лээ. Засгийн газрыг огцруулахгүйгээр ойлголцож болох хэмжээний тайлбарууд хэлж байна. Тиймээс би хоорондоо ойлголцчих юм байна гэж харсан.

-Засаг огцроход хэд хэдэн хувилбарыг яриад байгаа гэв үү. Танд ямар мэдээлэл байна?

-Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх МАН-ын бүлгийн хурал дээр биднийг оруулаагүй. Тийм учраас хэн юу гэж ярьсныг нь сайн мэдэхгүй байна, дүгнэлт хийх нь зохимжгүй байх. Засгийн газрыг буруутгаж байгаа үндэслэлүүдийг сонсож байхад тайлбараа зөв харилцан авчихвал ойлголцчих л юм билээ.

-Таны хувьд энэ Засгийн газрыг ямар хэмжээнд ажиллаж байна гэж дүгнэх вэ?

-Энэ Засгийн газар байгуулагдаад жил орчим хугацаа боллоо. Засгийн газар байгуулагдаж байсан Монгол Улсын тэр үеийн нөхцөл байдлыг өнөөдрийнхтэй харьцуулахад байдал хамаагүй дээрдсэн. Тухайн үед төсвөө яах юм, цалингаа яаж тавих вэ, гадны өрийг яаж дарах вэ гээд ойлгомжгүй олон зүйлтэй тулгарсан. Ийм хүнд нөхцөлд байгуулагдсан Засгийн газар харин ч өнөөдөр нийт эдийн засгийн хэмжээнд сайн үр дүнг харуулж эхэлж байна. Ялангуяа Сангийн сайдыг би магтмаар байна. Сангийн сайд эрчтэй, зөв ажилласнаар дампуурал руу явж байсан эдийн засгийг уналтад орохоос зогсоож чадлаа.

Олон улсын дэмжлэгийг авах нөхцөлийг Сангийн сайд бүрдүүлж чадсан нь үнэн. Салбар хариуцсан сайд бүр хичээж ажилласан, тэрний үр дүнд эдийн засгийн хувьд бидний санааг зовоож байсан асуудлын ард ямартаа ч гарчихлаа. Зарим нэг хүмүүс засгийг унагаачихъя, сайд болоод ажиллачих юм байна гэсэн итгэл төрсөн учраас засгийг огцруулах тухай идэвхийлэн ярьж байгаа болов уу. Хэрвээ энэ Засгийн газар муу ажиллаад эдийн засаг хүнд байсан бол ийшээ ингэж улайрч зүтгэхгүй дээ. Ямар ч байсан эдийн засгийн өсөлт хүний сонирхол татах хэмжээнд хүргэж чадсан байна. Монгол Улстай хөрөнгө оруулалт хийж хамтраад ажиллаж болно гэсэн гаднынхны итгэл үнэмшил ч сэргэсэн. Өнөөдөр гадаад, дотоодын хэн ч бай Монголд төр засгийн тогтвортой бодлого л маш их хэрэгтэй байна гэдгийг хэлж байгаа. Тэгэхээр бид хариуцлагатай байх ёстой юм. Хувиа бодох ёстой юм уу, эсвэл ард нийтийн эрх ашгийг бодолцох ёстой юу гэдгээ ухамсарлах хэрэгтэй л дээ.

-Таны хувьд Барилга хот байгуулалтын сайдаар томилогдож очсоноос хойш ямар ажилд гол анхаарлаа хандуулан ажиллав?

-Монгол Улсын гадаад өр өндөр байна. Бондын өр гэхэд л 560 сая ам.доллар төлнө. Дахиад 360 сая ам.доллар төлнө. Яамдуудад төсөв гэж үнэндээ цалин тавихаас илүү гарахгүй шахам тавигдсан. Гэхдээ байгаа боломжоороо асуудлыг шийдэж байна. Олон ажил хийгдэж байгаагаас гол хоёр ажлыг онцлон хэлье.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийг чухалчлан авч үзсэн. Барилгын компаниуд тодорхой хэмжээгээр хөрөнгө оруулалтыг хийсэн үү гэвэл хийсэн байна. Гэвч дэд бүтцийг шийдвэрлээгүйгээс болж энэ салбар уналтад хүрэхэд нөлөөлсөн.

Бид яамны төсвийн зардлаар Дэнжийн мянгын цагаан байр руу дэд бүтцийг шийдвэрлэж шугам сүлжээ татсан. Тийшээгээ халуун устай, халаалттай болж байна. Тэнд байгаа айлуудыг заавал нийтийн орон сууцанд ор гэж шахахгүй. Ипотекийн зээлээр 80 м2 талбайтай амины орон сууцтай байх бодлогыг энэ Засгийн газар эхлүүлэх гэж байна. Бид бүх шийдлээ гаргачихсан. Хэдийнэ үүнийг шийдээд явах боломж байсан ч өмнөх Засгийн газар эхлүүлээгүй цаг алдсан тал бий. 3, 4 дүгээр хороололд гэхэд дахин төлөвлөлтөд хамрагдсан барилгын компани найман тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн ч дэд бүтэцгүйгээс таг зогсчихсон байх жишээний. Өмнөх хотын удирдлагууд манайхыг өөрсдийн хөрөнгөөр барьж бай, шугам сүлжээг улсаас татаж өгнө, хүлээж бай гэж хэлсэн гэдэг. Баянгол дүүргийн X, XI хорооны нутаг дэвсгэрт байрлах энэ асуудлыг манайхаас шийдэж шугам сүлжээг хонгилын системээр шийдлээ. Мөн Нэхмэлийн шар байрууд байна. Гадна шугам сүлжээг шийдэлгүй байж актлагдсан Нэхмэлийн шар байруудыг хэдийнэ нураагаад эхэлчихсэн. Одоо гадна шугам сүлжээг шийдээд өгөхөөр Нэхмэлийн есөн байранд олон иргэд орох боломжтой болно. Энэ мэт байдлаар гэр хорооллын дахин төлөвлөлтийг дэд бүтцийг нь юуны өмнө шийдэж байж гацаанаас нь гаргана гэдгийг олж харж оновчтой шийдвэрүүдийг гаргаад явж байна даа. Түүнчлэн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Сэлбэ, Баянхошуунд дэд төв байгуулах ажлыг өмнө нь эхлүүлсэн байсан. Тэнд уурын зуух барина гэснийг нь би болиулчихлаа. Үүний оронд төвлөрсөн шугам сүлжээнд холбоод өгчихлөө. XXI зуунд гадны зээлээр татвар төлөгчдийн мөнгөөр эргээд төлөгдөх төсөл дээр уурын зуух барина гэсэн шийдлийг хийж болохгүй л дээ. Юуг хэлэх гээд байна вэ гэвэл бид байгаа мөнгөө зөв хөрөнгө оруулалтад зарцуулахгүй бол хэн юу бодсон нь тэрийгээ дураараа хийгээд байж таарахгүй. Мөн цэвэрлэх байгууламжийн усыг үйлдвэрлэлд ашиглах томоохон ажлыг эхлүүллээ. Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийн усыг манай улс анх удаагаа үйлдвэрлэлд ашиглаж нэвтрүүлнэ. Хөрөнгийн эх үүсвэрийг нь Мянганы сорилтын сангийн санхүүжилтээр шийдвэрлэж энэ ажлыг эхлүүлчихсэн байна. Польш болон Азийн хөгжлийн банкны зээлээр аймаг орон нутгийн цэвэрлэх байгууламжийг иж бүрэн шинэчилнэ. Миний хийсэн хоёр дахь том шийдэл энэ юм. Гүний усыг барилга байшин, цахилгаан станцын дотоод хэрэглээ зэрэг бүгдэнд нь шууд хэрэглэдгийг болиулна. Ядаж айлууд нойлынхоо усыг ундны усаар биш цэвэрлэх байгууламжийн усаар шийдэх цаг иржээ. Мэргэжлийн Засгийн газрын мэргэжлийн яамны мэргэжлийн шийдвэрүүд гэж үүнийг хэлэх байна. Миний зорьж байсан ажил хэрэг болж байгаад баяртай байна.

-Тэгэхээр гэр хорооллын иргэд амины орон сууцтай болох боломж тун ойрхон ирсэн гэсэн үг үү?

-Ипотекийн зээлээр гэр хорооллын иргэд амины орон сууцтай болох ажлыг эхлүүлчихсэн яваа. Дэд бүтцийг нь шийдэж байгаа нь энэ Засгийн газрын мэргэжлийн шийдэл юм. Засгийн газар үүнийг зүйтэй гэж дэмжиж БНХАУ-аас ирэх хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламжийг 2017-2020 оны улсын төсөвт үе шаттайгаар тусган инженерийн болон нийгмийн дэд бүтэц бүхий бичил дэд төвүүдийг байгуулах төсөлд зарцуулахаар болсон. Өөрөөр хэлбэл, гэр хорооллын гадна шугам сүлжээнд зарцуулна. Ингэхдээ хоёр хэлбэрээр шийднэ. Нэгдүгээрт, гэр хорооллын дахин төлөвлөлт гээд барилгын компаниуд хөрөнгөө хийчихсэн нөгөөтэйгүүр иргэдийг чирэгдүүлж буй асуудлыг гацаанаас нь гаргана. Хоёрдугаарт, бүх дүүрэгт олон хороод руу шинээр шугам сүлжээ татна.

-Нийт гэр хорооллын хичнээн хувийг шийдэж чадах юм?

-Гэр хорооллын 30 хувийг хамарна. Энэ Засгийн газар дөрвөн жилийн хугацаанд ийм л том амбиц барьж орж ирсэн. Тэр ажлаа хэдийнэ эхлүүлчихсэн. Нийт гэр хорооллын 30 хувийг утаанаас салгаж, халуун хүйтэн устай болгоод өгчихвөл эерэг үр дүн гарна биз дээ.

-Дэд бүтцээ шийдчихлээ гэж үзье. Амины орон сууцтай болох ажлыг хэрхэн эхлүүлэх вэ. Гэр хорооллын иргэдэд тэр болгон өөрсдөөсөө хөрөнгө гаргаад хаус барих боломж байхгүй?

-Ипотекийн зээлээр 80 м2 дотор амины орон сууц барина. 80 м2-аас илүү талбайтайг барихгүй. Нэг загварын хоёр давхар амины орон сууцны барилгын зургийг нь батлаад өгчихнө. Тэгэхээр гэр хорооллын иргэд амьдарч буй харьяа хороон дээрээ очиж энэ миний хашаа мөн гэсэн тодорхойлолтыг авна. Тодорхойлолт, амины орон сууц барих зураг төслөө бариад банкнаас зээл авна. Манай улсад маш олон барилгын үйлдвэрүүд ашиглалтад орчихсон байгаа шүү дээ. Тэндээс сонголтоо хийж амины орон сууцаа бариулна. Ойролцоогоор тооцоход 80 м2 амины орон сууцанд 58-60 сая төгрөгийн ипотекийн зээл олгогдох нь. Тиймээс бид энэ жил ипотекийн зээлийг нэмж төсөвт оруулж байгаа.

-Ипотекийн зээлийн төсвийг энэ Засгийн газар бүрэн шийдвэрлэх боломж бий юу. Эдийн засгийн хямралтай төсөв хүнд байгаа учраас асууж байна?

-Засгийн газар өөртөө байгаа боломжоороо шийдэж байгаа. Одоо ипотекийн зээлд 300 орчим тэрбум төгрөг төсөвлөгдөж байгаа бол энэ жил 720 орчим тэрбум төгрөг болгон нэмж төсөвт суулгахаар Сангийн сайдад саналаа хүргүүлчихсэн. 2019 он гэхэд жилд нэг их наяд төгрөгийг төсөвт тавьж чадах юм бол ипотекийн зээлээр амины орон сууцтай болох боломж үндсэндээ бүрдэнэ. Засгийн газар оновчтой бодлогоо тодорхойлж, ажлаа хийж байгаа. Бодлого байна уу байна. Хөрөнгийн эх үүсвэрийн шийдлийг олсон байна. Одоо гагцхүү тогтвортой төр засаг хэрэгтэй байна.

-Засгийн газрыг огцруулах болсон үндэслэл шалтгааны талаар эргээд хоёулаа ярилцъя. Энэ Засгийн газрын сайд нар 800 тэрбум төгрөгийн концессыг өөрсдөө дотроо хуваан авч байгаатай эвлэрэхгүй гэж УИХ дахь АН-ын бүлэг хийгээд манай МАН-аас сонгогдсон УИХ-ын 31 гишүүн үзсэн. Энэ нь засгийг огцруулах гол үндэслэлийн нэг болоод байгаа?

-Өмнөх засгийн газрын үед шийдэгдсэн концессууд юм билээ. Нэр бүхий сайдууд руу хаяглаж хэлээд байгаа. Шалгаад үзэх хэрэгтэй л дээ. Урьдны Засгийн газрын хийж байсан концессын үргэлжлэл хийгдэж байгаа. Бид урьд хийж байсан бүх зүйлээ баллуурдаад байж болохгүй биз дээ. Одоо үүнийг улс төр хийж татаж гаргаж байгаа юм билээ. Ул суурьтай шалгаж үзээд ярьсан зүйлээ нотлох хэрэгтэй л дээ.

-Тухайлбал, таны хариуцсан Барилга, хот байгуулалтын яамаар дамжсан концесс бий юу?

-Засгийн газар байгуулагдсан нэг жилийн хугацаанд манай яамаар концессын нэг ч гэрээ орж ирээгүй, оруулаагүй. Урьд нь хийгдээд эхэлчихсэн концесс бий. Засгийн газрыг унагаах хэмжээнд Ж.Эрдэнэбатын Засгийн газар алдаа гаргаж ажиллаагүй гэдгийг хэлэх байна. Угтаа нэг жил ажилласан суурин дээрээ дөрвөн жил ажиллавал илүү үр дүн гарна. Улс төр тогтвортой байх юм байна гэдэг дээр тулгуурлаж Олон улсын Валютын сангийн хөтөлбөр орж ирсэн болов уу. Хэрэв засаг унавал олон улсын итгэл улам л буурна.

-Ер нь Засгийн газрыг огцруулах хэмжээндээ хүртэл МАН-ынхан яагаад талцав?

-Засаг огцрох энэ асуудал бол УИХ-ын сонгуульд нэр дэвшиж мандат авсан гишүүн болгоны хариуцлагын л асуудал. Хаана ирчихэв, хэн болчихов, ямар ачаа үүрэг хүлээж байна гэдгээ тогтож сайн ухамсарлахгүй байна уу даа. Хувь хүний хариуцлагаас нийгмийн хариуцлага бүрддэг дээ. Ялангуяа шийдвэр гаргадаг хүмүүс алхам тутамдаа хариуцлагатай байх ёстой. Монголын улс төр гэхээрээ бужигнаантай байдаг юм биш шүү дээ.

-Таныг хотын буюу М.Энхболдын фракцид хамаардаг гэгддэг. Сая Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдал юунаас эхтэй байв. Төрийн албыг наймаалцах тухай 60 тэрбум төгрөгийн бичлэгийг та юу гэж харсан бэ?

-Нэгдүгээрт ойлгосон зүйл бол орчин үеийн сонгууль их өөр болчихож. Цаашдын ч сонгуулиуд өөр болох юм байна. Технологийн уралдаан болох нь л дээ. Түүнээс хэн ямар бодлого ярьж байгаа нь сонин биш байх нь. Хоёрдугаарт, шийдвэр гаргаж байгаа гэх юм уу улс төрийн намуудын түвшинд ажиллаж байгаа боловсон хүчний тавигдах шаардлага их өөр болох ёстой юм байна. Үнэндээ улс төрийн туршлагагүйгээс ийм яриа хөөрөөнд өртсөн л байхгүй юу. Тэрийг нь хөзөр болгочихсон хэрэг. Энэ бол улс төрийн туршлагагүй, ажлын туршлагагүйг харуулж байна. Намын гал зууханд байсан туршлагатай хүн хэзээ ч танихгүй хүн орж ирэхэд тэрэнд автдаггүй л байхгүй юу. Алсын хараатай зориудын ярианд хөтлөгдөж ороогдсон юм байна гэж харсан.

-Та үүгээрээ Ц.Сандуйг хэлээд байна уу?

-Ажил, амьдралын туршлагагүй нь харагдаж байна. Ийм эрүүл бус юм ярихад чи хаалгаа хаа гэж хэлэх ёстой. Сонгуулийн үеэр янз бүрийн технологи ярьцгааж л байдаг. Ийм технологи байна гэж ярьсан ч тэрэнд автаж болохгүй л байхгүй юу. Хүний өнөөдрийг хүртэл туулж ирсэн ажлын дадлага, туршлага, мэдрэмж, хандах хандлага харагдана. Бид залгамж халаагаа бэлдэж боловсон хүчнийг томилохдоо маш анхаарах ёстой юм байна.

-МАН-ын даргыг хэн болно гэж харж байна. Тан шиг улс төрд туршлагатай хүнтэй ярилцсаных үүнийг асуухгүй өнгөрч болохгүй байх?

-Уг нь намын сонгуулийн цикль нь УИХ-ын сонгууль. Намын хэмжээнд Их хурлын сонгуульд ялчихсан хэрнээ намын даргаа яагаад өгнө гэж хэлснийг нь сонсоод гайхсан. Гэхдээ яаран мэдэгдэл хийх хүн бас биш. Ер нь намын даргыг олоод тавихдаа хүрвэл хуралдаж байгаад л тавьж болно.

-Шадар сайд У.Хүрэлсүх ажлаа өгөх өргөдлөө гаргасан. Та үүнийг юу гэж харж байна вэ?

-У.Хүрэлсүх бол туршлагатай улстөрч. М.Энхболд, У.Хүрэлсүх нар хэн нэгний хөндлөнгийн оролцоогүйгээр бие биесээ маш сайн мэднэ. Хоорондоо учраа олчино доо.

-Саяхан төв замын хөдөлгөөнийг зүүн тийш эргэх шийдвэр гараад цуцлагдлаа. Та энэ шийдвэрийг дэмжсэн үү үгүй юу?

-Энэ шийдвэрийг хотын даргын эзгүйд гаргачихсан юм биш үү. Өөрөө энэ шийдвэрийг би гаргаагүй гэж хэлсэн байсан. Ямартаа ч зүүн тийш эргэх шийдвэр оновчтой шийдвэр биш. Ямар нэгэн шийдвэрийг иргэдээс асууж, аливаа хүний үзэмжээр шийдэх бус тооцоо судалгаан дээр үндэслэж гаргадаг юм. Ам нээснийх гэж хэлэхэд хотын хөдөлгөөнийг зохицуулахын тулд эдийн засгийн хөшүүрэг рүү оруулах цаг болчихжээ. Давхар замуудаа хийх ёстой. Нийтийн тээврээ хөгжүүлэх ёстой. Намайг хотын даргаар ажиллаж байх үед давхар зам хийх зураг төсөл нь бүгд бэлэн болчихсон байсан ч Э.Бат-Үүл дарга маань харамсалтай нь хийсэнгүй. Уг нь уулзвар өргөтгөсөн тэр өртгөөр давхар замуудаа хийж эхлэх ёстой байсан юм.


Categories
мэдээ нийгэм

“Chinggis Khaan’s Challenge Cup-2017” олон улсын тогоочдын уралдаан болж байна

Image result for олон улсын тогоочдын уралдаан“Chinggis Khaan’s Challenge Cup-2017” олон улсын тогоочдын уралдаан, “Mongolian Culinary Festival-2017” үзэсгэлэн өнөөдөр МХАҮТ-д эхэллээ.

Монголд анх удаа “ Chinggis Khaan’s Challenge Cup 2017” олон улсын тогооч нарын тэмцээн болж байгаа нь энэ юм. Энэхүү олон улсын тэмцээнийг Монголын мастер тогоочдын холбоо, Монголын кулинарын холбоо, Дэлхийн тогооч нарын холбоо, МҮХАҮТ, ХХААХҮЯ болон бусад мэргэжлийн холбоо, байгууллагуудтай хамтран зохион байгуулах гэж байна. Уг тэмцээний зорилго нь монгол үндэстний хоолын соёлыг олон улсад сурталчлах, монгол тогооч нарын ур чадварыг дэлхийд таниулах, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, худалдааг хамгийн их татдаг хоол үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршино.

Төв азид анх удаа олон улсын тогооч нарын тэмцээн болох гэж байгаагаараа онцлог. Одоогийн байдлаар ОХУ, БНХАУ, ХБНГУ, АНУ, БНСУ, Итали, Румын, Турк, Серби, Сири, Катар, Тунис, Польш, Швейцарь, Киргизстан, Казакстан, Узбекстан зэрэг орноос 100 гаруй тогооч нар оролцохоо илэрхийлээд байна. “ Chinggis Khaan’s Challenge Cup 2017” –ийн өмнө Манай улсын хувьд Залуучуудын аварга, Улсын аварга шалгаруулах тэмцээнүүдийг зохион байгуулна. Шалгарсан тогооч нар олон улсын тэмцээнд оролцох эрх авна.

Categories
мэдээ улс-төр

Тагнаж чагнасан асуудлаар Тусгай хяналтын дэд хороо дүгнэлт гаргатал МАН-ын бүлэг завсарлага авлаа

Related image

УИХ-ын ээлжит бус чуулган 52,6 хувийн ирцтэйгээр эхэллээ. УИХ-ын чуулган Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэхээр болсон ч Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хамгийн эхэнд санал хэлсэн юм. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Ерөнхий сайд нь Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнасан чагнасан гэсэн мэдээллийг мэдээллийн хэрэгслээр их явуулсан. Олон хүнд эргэлзээ төрсөн. Энэ асуудлыг шийдүүлэхээр УИХ-ын Аюулгүй байдлын байнгын хороо, Тусгай хяналтын дэд хороонд хүсэлт гаргаж, хаалттай байдлаар хэлэлцэж, ямар нөхцөл байдал үүссэнийг тодорхойлж өгөөч гэж хүссэн. Өнөөдрийн хурлаар ямар ч шийдвэр гарсан бай, Ерөнхий сайд нь Шадар сайдыгаа тагнасан, чагнасан гэдэг асуудлыг нэг мөр болгож өгөөч” гэж УИХ-ын даргаас хүслээ.

МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа Ерөнхий сайдын хүсэлтийг хүндэтгэж үзэх учиртай гээд “Тагнасан чагнасан асуудлаар Тусгай хяналтын дэд хороо хуралдах хүртэл МАН-ын бүлэг завсарлага авъя” гэснээр чуулган завсарлав.

Categories
мэдээ улс-төр

Ирэх өвөл, хаврын цаг агаарын төлвийг цаг уурчид тодорхойлжээ

Монгол орны 2017-2018 оны хүйтний улирлын цаг агаарын урьдчилсан төлөв

Аравдугаар сард. Уур амьсгалын дунджаар агаарын сарын дундаж температур Баян-Өлгийн баруун, Завханы хойд болон зүүн, Говь-Алтайн баруун болон хойд, Баянхонгорын баруун хойд, Хөвсгөл, Архангайн баруун, Төв аймгийн зүүн хэсгээр 0-4 градус хүйтэн, Говь-Алтайн зүүн өмнөд, Баянхонгор, Дорноговийн өмнөд хэсэг, Өмнөговийн нутгаар 5-9 градус, бусад нутгаар 1-4 градус дулаан байдаг. Увс, Булган, Хэнтийн зүүн хойд, Дорнодын баруун хойд хэсгээр 12-17 мм, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговийн ихэнх нутаг, Увс, Хэнтийн өмнөд, Завхан, Сүхбаатарын баруун, Өвөрхангайн зүүн хэсгээр 1-5 мм, бусад нутгаар 6-11 мм хур тунадас ордог.

Энэ сард агаарын дундаж температур Говь-Алтай, Өмнөговийн ихэнх нутаг, Ховд, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5-1.5 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Хур тунадас Баян-Өлгийн хойд, Увсын баруун, Хөвсгөл, Дундговийн зүүн, Булганы баруун хойд, Төв аймгийн зүүн өмнөд, Хэнтий, Дорнодын өмнөд хэсэг, Архангай, Говь-Сүмбэр, Дорноговь, Сүхбаатарын ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, Говь-Алтайн ихэнх нутаг, Ховд, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.

Арваннэгдүгээр сард. Уур амьсгалын дунджаар агаарын сарын дундаж температур Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсэг, Өмнөговийн нутгаар 2-8 градус, Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн баруун, Баянхонгорын хойд хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байдаг. Ховдын баруун өмнөд, Увс, Хэнтийн хойд, Хөвсгөлийн баруун, Архангайн өмнөд, Дорнодын баруун хойд болон зүүн өмнөд, Сүхбаатарын зүүн өмнөд хэсэг, Завхан, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн ихэнх нутгаар 5-11 мм, бусад нутгаар 1-4 мм цас ордог.

Энэ сард агаарын дундаж температур Ховд, Дундговь, Говь-Сүмбэр, Дорноговь, Сүхбаатарын ихэнх нутаг, Говь-Алтайн баруун, Өвөрхангай, Өмнөговийн зүүн, Төв, Хэнтий, Дорнодын өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5-1.5 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Баян-Өлгий, Ховд, Өвөрхангайн хойд, Увсын өмнөд, Хөвсгөл, Хэнтийн зүүн, Булганы баруун хэсэг, Архангай, Сүхбаатар, Дорнодын ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.

Арванхоёрдугаар сард. Уур амьсгалын дунджаар агаарын температурын сарын дундаж Увс, Завханы хойд, Хөвсгөлийн баруун, Баянхонгорын зүүн хойд, Сэлэнгийн зүүн хэсгээр 23-29 градус, Баян-Өлгий, Увс, Завханы өмнөд, Баянхонгорын хойд, Хөвсгөлийн зүүн, Архангай, Булганы баруун хэсэг, Ховд, Сэлэнгэ, Төв, Говь-Сүмбэр, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын ихэнх нутгаар 17-22 градус, бусад нутгаар 9-16 градус хүйтэн байдаг. Увс, Завханы хойд, Ховд, Хөвсгөлийн баруун өмнөд, Булганы зүүн хойд, Дорнодын зүүн өмнөд хэсгээр 5-7мм, бусад нутгаар 1-4 мм цас ордог.

Энэ сард агаарын дундаж температур Ховд, Дундговь, Говь-Сүмбэр, Дорноговийн ихэнх нутаг, Говь-Алтай, Сүхбаатарын баруун өмнөд, Өвөрхангайн зүүн хойд, Төв аймгийн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас 0,5-1,0 градусаар дулаан, Сэлэнгийн зүүн, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5 градусаар хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Баян-Өлгий, Хэнтийн хойд, Хөвсгөл, Говь-Алтай, Сүхбаатарын зүүн, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсэг, Булган, Сэлэнгэ, Өмнөговь, Дорнодын ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, Ховдын ихэнх нутаг, Увсын өмнөд, Говь-Алтайн баруун, Завханы баруун өмнөд, Дундговь, Дорноговийн хойд, Төв аймгийн өмнөд хэсэг, Говь-Сүмбэрийн нутгаар уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй.

Нэгдүгээр сард. Уур амьсгалын дунджаар агаарын температурын сарын дундаж Увс, Сэлэнгийн ихэнх нутаг, Завханы хойд, Хөвсгөлийн баруун, Ховд, Баянхонгорын зүүн хойд хэсгээр 24-32 градус, Баян-Өлгий, Завханы өмнөд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн хойд, Хөвсгөлийн зүүн, Архангай, Булганы баруун хэсэг, Ховд, Төв, Говь-Сүмбэр, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын ихэнх нутгаар 18-23 градус, бусад нутгаар 11-17 градус хүйтэн байдаг. Увс, Булганы хойд, Ховдын өмнөд, Завханы зүүн, Хөвсгөлийн баруун, Хэнтийн зүүн хойд, Дорнодын зүүн өмнөд, Өмнөговийн баруун хойд хэсэг, Сэлэнгийн нутгаар 2-3мм, бусад нутгаар 2 мм хүртэл цас ордог.

Энэ сард агаарын дундаж температур Хөвсгөлийн зүүн, Булганы хойд, Сэлэнгийн баруун хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5 градусаар хүйтэн, Өмнөговь, Дорноговийн өмнөд, Сүхбаатарын баруун өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Ховдын ихэнх нутаг, Баян-Өлгийн өмнөд, Завханы зүүн өмнөд, Архангайн баруун өмнөд, Баянхонгорын хойд, Дундговийн баруун хэсэг, Өвөрхангайн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, Өмнөговийн өмнөд, Сүхбаатарын баруун өмнөд хэсэг, Дорноговийн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй.

Хоёрдугаар сард. Уур амьсгалын дунджаар агаарын температурын сарын дундаж нь Увс, Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн баруун, Баянхонгорын хойд, Сэлэнгийн зүүн хэсгээр 21-28 градус, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсэг, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар 6-14 градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн байдаг. Ховдын өмнөд, Увсын хойд, Хөвсгөлийн баруун, Булганы зүүн, Баянхонгорын зүүн хойд, Архангайн өмнөд хэсэг, Завхан, Өвөрхангай, Төв, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын ихэнх нутгаар 1.5-3.5 мм, бусад нутгаар 1.5 мм хүртэл цас ордог.

Энэ сард агаарын дундаж температур Баян-Өлгийн ихэнх нутаг, Увсын баруун, Завханы зүүн өмнөд, Говь-Алтайн зүүн хойд, Баянхонгорын баруун хойд, Архангайн баруун өмнөд, Булган, Сэлэнгийн хойд хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5 градусаар хүйтэн, Өмнөговийн зүүн, Хэнтийн зүүн өмнөд хэсэг, Дорноговь, Сүхбаатарын ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Баян-Өлгийн ихэнх нутаг, Ховдын хойд, Увсын баруун, Говь-Алтайн зүүн хагас, Завханы зүүн өмнөд, Өвөрхангай, Өмнөговийн баруун хэсэг, Баянхонгор, Архангайн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, Төв, Сэлэнгэ, Дундговь, Өмнөговийн зүүн, Сүхбаатарын баруун хэсэг, Дорноговь, Хэнтийн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар уг дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.

Гуравдугаар сард. Уур амьсгалын дунджаар агаарын температурын сарын дундаж нь Увс, Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн баруун, Баянхонгорын хойд хэсгээр 11-17 градус, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсэг, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар 4 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байдаг. Увсын зүүн, Архангайн өмнөд, Булган, Хэнтийн зүүн хойд, Сүхбаатар, Дорнодын зүүн өмнөд, Өмнөговийн баруун хойд хэсгээр 5-7мм, Баян-Өлгийн хойд, Ховд, Хөвсгөлийн зүүн, Увсын өмнөд, Завханы баруун өмнөд, Говь-Алтайн баруун, Өмнөговь, Сэлэнгэ, Дорнод, Сүхбаатарын зүүн хойд, Дундговь, Дорноговийн ихэнх нутгаар 0.4-2.5 мм, бусад нутгаар 2.5-5 мм хүртэл цас ордог.

Энэ сард агаарын дундаж температур Булган, Хэнтийн хойд хэсэг, Сэлэнгэ, Дорнодын ихэнх нутгаар уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар уг дунджаас 0.5-1.5 градусаар дулаан байх төлөвтэй.

Баян-Өлгий, Булган, Сэлэнгийн ихэнх нутаг, Увсын баруун, Архангайн зүүн, Өвөрхангай, Төв аймгийн баруун хойд, Сүхбаатарын зүүн өмнөд, Дорнодын өмнөд хагаст уур амьсгалын дунджаас ахиу, Завхан, Баянхонгорын өмнөд, Дундговийн зүүн, Хэнтийн баруун өмнөд, Дорноговийн баруун хойд хэсэг, Говь-Алтай, Өмнөговь, Говь-Сүмбэрийн нутгаар уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар уг дунджийн орчим хур тунадас орох төлөвттэй гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Тавантолгойн нүүрсийг төмөр замаар дамжуулж дэлхийн үнэ цэн рүү ойртуулах боломжийг харлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол, Оросын бизнес форумын нээлтийн үйл ажиллагаанд оролцож үг хэллээ. Уг арга хэмжээ ОХУ-ын Владивосток хотноо болж буй Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд болж байгаа юм.

Чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, ОХУ-ын талаас ОХУ-ын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч И.Левитин, тус улсын Байгалийн нөөц, экологийн сайд С.Донской, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.Азизов, Оросын төмөр замууд хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхийлөгч О.Белозёров нарын албаны хүмүүс болон хоёр улсын 150 гаруй бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол, Оросын бизнес форумын нээлтэд оролцон хэлсэн үгэндээ “Эрхэмсэг хатагтай, ноёд оо.

Монгол, Оросын бизнес эрхлэгчид Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцогч ажил хэрэгч анд нөхөд өө.

Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая.

Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын хүндэт талбарыг ашиглан Монгол, Оросын үйлдвэрлэгчид, экспортлогчид, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа, бараа бүтээгдэхүүнийг сурталчлах, тэднийг холбох гүүр болсон энэ чуулга уулзалтыг зохион байгуулж байгаа зохион байгуулагчдад гүн талархал илэрхийлье.

Бизнесийн энэ чуулга уулзалт нь Монгол Улс, ОХУ хоорондын харилцааг сэргээн өргөжүүлэх, хөрөнгө оруулалт, худалдааг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой гэж бид үзэж байна.

Монгол Улс нь нээлттэй улс төрийн тогтолцоо, хариуцлагатай засаглалыг эрхэмлэж, байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөгжлийн гарцыг эрэлхийлж, эдийн засагтаа олон тулгуурт бүтэц бий болгох, дэд бүтцийг хөгжүүлэхэд ихээхэн хүчин чармайлт тавьж, мөнхийн хоёр хөрштэйгээ эвсэг найртай хамтын ажиллагааг бүхий л талаар өргөжүүлэн хөгжүүлэхийг эрмэлзэж байна.

Монгол Улсын хувийн хэвшил өнөөдөр дотоодын нийт бүтээгдэхүүний 80 гаруй хувийг бүрдүүлэн, эдийн засгийн гол хөдөлгөгч хүч нь болоод байгаа юм.

Эдийн засгийн бүхий л салбарт бид гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, манай улсын татварын хувь хэмжээ Ази, Номхон далайн бусад орнуудын татварын хувь хэмжээтэй харьцуулахад хамгийн бага түвшинтэйд орж байна. Тухайлбал, гаалийн татвар 5 хувь, НӨАТ 10 хувь, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 10 болон 25 гэсэн шатлалтайгаар явж байна.

Миний бие бизнес эрхлэгчийн хувьд 1990 оны эдийн засгийн хүнд шилжилтийн үеэс ганзагын худалдаачнаас үйлдвэрийн захирал хүртэлх замыг туулах явцдаа Оросын бизнес эрхлэгчидтэй нягт хамтарч ажиллаж байсан юм. Өнгөрсөн хугацаанд УИХ-д 3 удаа сонгогдож, Монгол Улсын Засгийн газарт 2 удаа сайдаар томилогдон ажилласан. Би Засгийн газрын гишүүнээр ажилласан хугацаандаа ХАА, дэд бүтцийн салбарт нэлээд анхаарч, судалгаа хийж ажилласан юм.

Монгол Улс Эрдэнэт үйлдвэрийг ОХУ-тай хамтарч байгуулж, Монголд зэс баяжуулах үйлдвэр барьсныг бид мэднэ. Энд судалгааг зөв хийж, боловсон хүчнийг цогцоор нь бэлтгэснээр одоо хүртэл Монгол Улсын эдийн засагт ашиг тусаа өгсөөр байгаа юм.

Үүнтэй адилханаар Монголын говьд, Дорноговь аймгийн төв Сайншандад Эрдэнэттэй тэнцэхүйц аж ахуй байгуулъя гэсэн ирмүүн хүслээр их хэмжээний судалгаа хийснээсээ бас танилцуулъя гэсэн бодолтой байна.

Энэ юу вэ гэхээр уул уурхайн бүтээгдэхүүнээ бид түүхийгээр нь экспортолдог биш, тодорхой хэмжээгээр боловсруулдаг арвин туршлагаа Эрдэнэттэй зүйрлэж барьж байгуулъя гэсэн санаа дэвшүүлж байгаа юм.

Монгол Улс нүүдлийн мал аж ахуй бүхий ХАА-н том салбартай. 70 гаруй сая толгой малтай болсон. Жилд 10-15 сая ширхэг арьс ширийг гадагш нь нэмүү өртөг шингээлгүйгээр экспортолж байгаа. Үүнийг боловсруулдаг болбол малчдын амьдрал, ХАА-н салбарт маш их өгөөжтэй салбарыг бий болгоно гэж нэлээд судалгаа хийсэн. ХАА-н салбараа бид сүүлийн 20-иод жилд нэлээд орхигдуулсан. Энэ салбарт нэлээд анхаарч ажиллана гэдэг саналыг форумд оролцогчид, бизнес эрхлэгчдэд дэвшүүлж байна.

Саяхан бид “Восточный” боомтод очоод ирлээ. Тэр боомтод Монгол Улсын нүүрсийг Зүүн Азид нийлүүлэх боломж байгааг харлаа. Тэнд Монголоос хол оршдог Хакасын нүүрсийг 8000 гаруй км тээвэрлэж авч ирээд зарж байна гэдэг бол Монгол Улсын Тавантолгойн сайн чанарын нүүрсийг төмөр замаар дамжуулж борлуулах боломж байгааг харуулж байна. Дэлхийн үнэ цэн рүү ойртуулах боломжийг өөрийн нүдээр төлөөлөгчдийн хамт очиж харлаа. Уул уурхайн бүтээгдэхүүнийг далайд гаргахын тулд бидэнд дэд бүтэц хэрэгтэй. УИХ-аар 2010 онд 5000 орчим км төмөр зам бүтээн байгуулах төсөл оруулж батлуулсан. Үүний Тавантолгойгоос Сайншанд хүртэлх эхний хэсгийн 458 км төмөр замын ажлыг ирэх жилээс бид эхлэх талаар ОХУ-ын Тээврийн сайд М.Ю Соколовт танилцуулсан. Үүнийг нэлээд найрсгаар хүлээж авлаа.

Энэ 5000 км төмөр зам дээр хөндлөн буюу ОХУ, БНХАУ-ыг холбосон 3 транзит тээврийн төслийг танилцуулж байгаа. Үүн дээр Дэд бүтэц гэсэн том төсөл байгаа. Энэ төслийг хоёр хөрштэйгээ хамтарч хэрэгжүүлье гэдгийг Владивостокийн уулзалтын үеэр та бүхэнд танилцуулахад таатай байна.

2017 оны эхний 7 сарын байдлаар Монгол Улс, ОХУ-ын худалдааны эргэлт 705,3 сая ам.долларт хүрсэн бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 46,8 хувь өссөн таатай мэдээ байна. Үүний дотор ОХУ-д гаргасан манай экспорт 33,4 сая ам.доллар буюу өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 8,5 хувь, ОХУ-аас импортолсон бараа, бүтээгдэхүүн 671, 9 сая ам.доллар буюу 49, 5 хувиар тус тус өссөн байна. Хэдийгээр өссөн дүн харагдаж байгаа ч 4000 орчим км хуурай газраар хиллэдэг хоёр орны хувьд чамлалттай байгаа. Үүнийг өргөжүүлж, бүс нутаг хоорондын харилцааг дэмжиж ажиллах хэрэгтэйг энэ статистик тоо харуулж байна.

ОХУ-тай хийх худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, худалдаанд тулгарч буй тарифын болон тарифын бус саад тотгорыг арилгахын тулд ЕвроАзийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудтай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах саналыг бас дэвшүүлсэн.

Ойрын үед ЕвроАзийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд манай саналыг хүлээн авч нааштай шийдвэр гаргана гэдэгт найдаж байна.

Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын эдийн засгийн коридорыг байгуулах нь Алс Дорнодын энэ бүс нутгийн хөгжил, дэд бүтцийн орчинг сайжруулахад чухал хувь нэмэр оруулна гэж үзэж байна.

Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Монгол, Оросын үйлдвэрлэгчид, экспортлогчид, бизнес эрхлэгчид өөрсдийн үйл ажиллагаа, бараа бүтээгдэхүүнийг таниулах, бизнесийн холбоо тогтоох, гэрээ хэлэлцээ байгуулах боломжийг эрэлхийлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд энэ чуулга уулзалт улам бүр хүрээгээ тэлж Ази, Номхон далайн асар уудам орон зай дахь бизнесийн тоглогчдын чуулга уулзалт болох ирээдүй харагдлаж байна.

Энэ чуулга уулзалтад би удаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар оролцож байна. Монгол, Оросын бизнес эрхлэгчдийн чуулга уулзалтад амжилт хүсье” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн 215 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүллээ

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 9 дугаар сарын 1-ны өдрийн А/655 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 2, Баянзүрх дүүргийн 27 иргэнд, Сүхбаатар дүүргийн 11 иргэнд,Чингэлтэй дүүргийн 13 иргэнд, Хан-Уул дүүргийн 15 иргэнд, Сонгинохайрхан дүүргийн 147 иргэнд нийт 215 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүллээ.

Өмнө нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар дундаа хамтран газар өмчилсөн 66 иргэний дахин газар өмчлөх эрхийг нээж өглөө.

Мөн нийслэлийн Засаг даргын 2017 оны 9 дугаар сарын 1-ны өдрийн А/654 дүгээр захирамжаар нийслэлийн зуслангийн бүсэд газар эзэмшиж буй Сүхбаатар дүүргийн 36 иргэнд,Чингэлтэй дүүргийн 32 иргэнд нийт 68 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүллээ гэж Нийслэлийн газрын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Олон улсын санхүүгийн корпорацийн төлөөлөлтэй уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Олон улсын санхүүгийн корпорацийн Ази, Номхон далайн бүс нутгийн төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан менежер Изабел Чаттертоныг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийслэлээс нийслэлийн Үйлдвэрлэл, инновацын газрын дарга, Б.Бат-Эрдэнэ, нийслэлийн Үйлдвэрлэл, инновацын газрын Төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын хэлтсийн дарга Ц.Батбаяр, ОУСК-ийн талаас Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалтын мэргэжилтэн Жулиа Бейкинг, О.Лхагвасүрэн болон бусад албаныхан байлцав. Энэ үеэр хотын дарга “Олон улсын санхүүгийн корпорацитай бид Эмээлтийн хөнгөн үйлдвэр, үйлдвэрлэл технологийн паркийн төсөл дээр хамтран ажиллаж байгаад талархаж байна. Нийслэлийн хэмжээнд хэрэгжиж байгаа болон хэрэгжих төсөл хөтөлбөрүүдэд гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нарыг татан оруулахад бидний зүгээс хөрөнгө оруулалтын чиглэлээр ихээхэн анхааран дэмжин ажиллаж байна. Хөрөнгө оруулагч нарт сайн төсөл хэрэгтэй бөгөөд энэ тал дээр олон улсын байгууллагуудтай хамтран бэлтгэл ажлыг хангах тал дээр ажиллаж байгаагын нэг нь танай байгууллага /ОУСК/ юм. Танай байгууллагын зүгээс Эмээлтийн хөнгөн үйлдвэр, үйлдвэрлэл технологийн паркийн төсөл дээр урьдчилсан байдлаар дүн шинжилгээ хийсэнтэй манай нийслэлийн холбогдох албаныхан танилцаж, судалсан. Эмээлт ХҮҮТ парк төслийн ажлыг идэвхижүүлэх үүднээс танай байгууллага болон бусад донор байгууллагуудтай хамтран дугуй ширээний уулзалт хийх бодолтой байна” хэмээн онцолсон юм. Тэрбээр төслийг хэрэгжүүлэхэд Олон улсын санхүүгийн корпорацийн чадвар, туршлага шаардлагатайг дурдаад цаашид уг төслийг амжилттай хэрэгжүүлэхэд хамтран ажиллан гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.