Categories
мэдээ улс-төр

Ээлжит бус чуулган хориодхон хором үргэлжлээд завсарлалаа

Засгийн газрын хувь заяаг эцэслэн шийднэ хэмээн олон нийт хүлээж байсан УИХ-ын ээлжит бус чуулган ердөө л 20-иодхон хором үргэлжиллээ. Өглөө арван цагт эхлэхээр товлогдсон тус хурал ирц бүрдэхгүй байгаа шалтгаанаар 11.40 цагт эхэлсэн юм. Чуулган 57.9 хувийн ирцтэйгээр хэлэлцэх асуудалдаа орлоо. Ээлжит бус чуулганыг УИХ-ын дарга М.Энхболд нээж цөөн хором үг хэлсэн. Дараа нь Засгийн газрыг огцруулах эсэх асуудлаар хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтийг Д.Тогтохсүрэн гишүүн танилцуулсан юм. Наймдугаар сарын 30-ны өдөр тус байнгын хороогоор нэр бүхий 30 гишүүний санал болгосон Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж, огцруулах саналыг дэмжээгүй гэлээ. Танилцуулга сонссоны хойно Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат санал гаргаж, МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа түүнийг нь хүндэтгэж буйгаа илэрхийлсэн юм. Тэрбээр тодорхойгүй хугацаагаар завсарлага хүссэнээр чуулган завсарлав. Чуулганы танхимд хэн, юу хэлснийг та бүхэнд бүтнээр нь хүргэж байна.


М.ЭНХБОЛД: ИЙМ ҮЛ ОЙЛГОЛЦЛЫГ УДААН АЖИГЛАЖ СУУХ, ӨДӨӨН ТУРХИРАХ ЭРХ УЛСТӨРЧ БИДЭНД БАЙХ ЁСГҮЙ

УИХ-ын ээлжит бус чуулганыг нээж УИХ-ын дарга М.Энхболд ийнхүү хэллээ.

-2016 оны сонгуулиар ард түмэн МАН-д асар их итгэл хүлээлгэсэн. МАН сонгуулийн үр дүнд үнэмлэхүй ялалт байгуулан УИХ-д 65 суудлыг авч чадсан. Энэ удаагийн УИХ-ын сонгууль ард түмний итгэл хүлээлт хоёр дээр суурилсан гэдгийг би хэлэхийг хүсч байна. Сонгуулийн өмнөхөн эдийн засгийн өсөлт -1,6 хувьд хүрлээ. Төсвийн алдагдал 1,2 их наяд төгрөгт хүрсэн. Монгол Улс төлбөрийн чадваргүйд тооцогдоход ойрхон байсныг та бүхэн санаж байгаа байх. Өнгөрсөн хугацаанд ОУВС-тай хамтран өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэнээр Монгол Улсын санхүү, эдийн засгийн суурь үзүүлэлтүүд сайжран гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдсэнийг дурдах нь зүйтэй гэж үзэж байна.

2017 оны эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн бодит өсөлт 5,3 хувьд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 4 пунктээр өссөн байна. Эдийн засаг сэргэх энэхүү байдал нь өөрөө аяндаа бий болоогүй. Энэ бүхэн төсвийн үндсэн үзүүлэлтүүдийг сайжруулж, төсвийн орлогын тогтвортой эх үүсвэр бий болгох, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулах, зарлагын үр ашгийг дээшлүүлэх талаар та бидний гаргасан бодлогын шийдвэр амжилттай хэрэгжсэний үр дүн юм.

Эрхэм гишүүд ээ, энэхүү ээлжит бус чуулганаар Засгийн газар, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр та бид цуглаад байна.

Сүүлийн өдрүүдэд энэ асуудал нь зөвхөн эрх баригч намын дотоод асуудал биш болон хувирч, ард иргэдийг талцуулан хуваасан, үл ойлголцсон байдалд хүргэж байгааг хэлэх нь хэрэгтэй байна. Ийм үл ойлголцлыг удаан ажиглан суух, өдөөн турхирах эрх улстөрч бидэнд байх ёсгүй юм. Энэхүү ээлжит бус чуулганаар хэлэлцэх Ерөнхий сайд, Засгийн газрыг огцруулах асуудалд гишүүн болгон нухацтай хариуцлагатай хандаж төр засаг тогтвортой байх нөхцлийг бүрдүүлж, олон нийтийн хуваагдал үл ойлголцол эцэс болж, улс орны өмнө хүлээгдэж байгаа нийгэм, эдийн засгийн илүү чухал асуудалд та бид анхаарал хандуулж ажиллах нь чухал гэдгийг хэлэхийг хүсч байна.

УИХ-ын ээлжит бус чуулганы ажиллагаа нээснийг мэдэгдье гэв.


Ж.ЭРДЭНЭБАТ: ШАДАР САЙДЫГАА ТАГНАЖ ЧАГНАСАН ГЭСЭН АСУУДЛЫГ ЭЦЭСЛЭЖ, БАЙНГЫН ХОРООДООР ХЭЛЭЛЦҮҮЛЖ ӨГӨХИЙГ ХҮСЧ БАЙНА

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үг хэлэхдээ:

-Саяхан нэр бүхий гишүүд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэтбат миний биеийг огцруулах саналыг УИХ-д гаргасан байгаа. Гэхдээ энэ огцруулах хүсэлт гаргахаас өмнө нийгэмд сошиалд ард түмний дунд нэгэн мэдээлэл тархсан. Үүнийг манай гишүүд бүгдээрээ мэдэж байгаа байх. Тэр нь юу гэхээр Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнасан чагнасан гэсэн зүйлийг хэвлэл мэдээллийн байгууллагуудаар нэлээд их явуулсан. Миний бие бодохдоо энэ тагнасан чагнасан гэсэн мэдээлэл нь олон хүнд эргэлзээ тээнэгэлзээ төрүүлсэн. Тэр битгий хэл ард түмний дунд ч гэсэн үнэхээр энэ Ж.Эрдэнэбат гэдэг хүн Шадар сайдыгаа тагнаж чагнасан юм байна гэсэн эргэлзээ төрсөн байгаа. Энэ асуудлыг би шийдүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд наймдугаар сарын 22-ны өдөр албан бичгээр хүсэлт гаргуулсан. Үүнийг хаалттай байдлаар хэлэлцүүлж өгөөч гэсэн хүсэлт гаргасан. Мөн есдүгээр сарын 1-ний өдөр Тусгай хяналтын дэд хороонд бас хүсэлт гаргасан байгаа. Энэ асуудлыг хэлэлцэж, ямар нөхцөл байдал үүссэн юм бэ гэдгийг тодорхойлж өгөөч гэж хүссэн. Би залуу хүн цаашдаа ийм нэр хүндээ унагаасан асуудалд холбогдож явах сонирхол байхгүй. Өнөөдрийн хурлаар ямар ч шийдвэр гарсан бай Ерөнхий сайд нь Шадар сайдыгаа тагнаж чагнасан гэсэн асуудлыг эцэслэж, байнгын хороод болон дэд хороогоор хэлэлцүүлж өгөхийг хүсч байна. Энэ хүсэлтийг маань хүлээж аваач гэж УИХ-ын даргаас хүсэх байна гэсэн юм. Түүнийг санал хэлсний дараа УИХ-ын дарга М.Энхболд “Ерөнхий сайд тодорхой санал тавьж байна даа. Гишүүний эрхийг анхаарч үзэх ёстой байх” гэж дуугарав.


Д.ХАЯНХЯРВАА: ТУСГАЙ ХЯНАЛТЫН ДЭД ХОРООГООР МЭДЭЭЛЭЛ СОНСООД, ШИЙДВЭР ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа ярихдаа:

-Өнөөдөр үүссэн нөхцөл байдал манай намын дотоод асуудал гэхээсээ илүү төрийн асуудал руу орчихоод байна л даа. Сая Ерөнхий сайдын хэлсэн саналыг хүндэтгэж үзэх ёстой гэж би бодож байна. Манай бүлгийн дийлэнх гишүүд 30 гаруй хүн одоо бүлгийн даргын өрөөнд байна. Өнөөдөр бид энэ хуралдаанд орохгүй. Хэрэв энэ асуудлыг Тусгай хяналтын дэд хороогоор шийдэж өгөхгүй бол бид сөрөг хүчинтэйгээ нийлж засгаа унагах шийдвэр гаргамааргүй байна гээд сууж байгаа. Тагнасан чагнасан асуудлаар би байр сууриа тодорхой илэрхийлж байсан. Өөрөөр хэлбэл өнөөдөр нийгэмд юу явчихав гэвэл тагнасан чагнасан гэдэг асуудалд холбогдсон хоёр хүний хэн буруутай нь тодорхойгүй болсон. Нэг хэсэг нь дээрээс үүрэг өгөөд У.Хүрэлсүхийг хэлмэгдүүлэх гэж байна гэж нийгэмд цацсан. Нийгэм тийм ойлголттой болсон. Нөгөө хэсэг нь Ерөнхий сайд өөрөө үүрэг өгөөд, нөгөө нөхрөө тагнуулж чагнуулаад араас нь бас хууль хяналт, хүчний байгууллагуудад үүрэг өгөөд энэ асуудлыг хүчээр шийдэх гэж оролддог юм байна гэсэн хандлага нийгэмд бий болчихоод байна. Үүнийг бид ямар ч тохиолдолд нэг талд нь гаргах ёстой. Хууль хяналтын байгууллагуудын үйлдэл буруу бол бид заавал сонсох ёстой гэж бодож байна. Би Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдын саналыг хүндэтгэж байна. Яагаад гэвэл энэ хүн ямар нэг байдлаар үнэн зөвөө олох ёстой. Бид ч тодорхой түвшинд мэдээлэл сонсъё гэж байгаа юм. Бид хэргийн материалтай танилцъя гээгүй. Тусгай хяналтын дэд хороогоор тэр мэдээллийг нь сонсоод, түүнд үндэслэж шийдвэр гаргах шаардлага байна. Та бүхэн бүгд мэдэж байгаа. Хууль хяналтын байгууллагын энэ нэг заваан юмыг нэг талд нь гаргаж шийдэх хэрэгтэй. Цаашдаа энэ хэргийг энэ хоёр хүний хэн нэг нь хийсэн бол хуулийн хариуцлага үүрэх ёстой. Энэ хоёр хүн хийгээгүй тусгай албад хийсэн бол энэ нийгэмд амьдрахад бэрх болж байна гэж олон хүн хэлж байгаа. Тийм учраас тусгай хяналтын дэд хороо хуралдах хүртэл бүлэг завсарлага авъя гэлээ.

Завсарлага авна гэсэн үгийг сонсоод УИХ-ын танхимд эсэргүүцсэн дуу хоолой сонсогдов. Харин УИХ-ын дарга М.Энхболд “Бүлгийн дарга завсарлага гуйж байгаа учраас завсарлага өгч байна” хэмээн эрсхэн хэлээд, алхаа тогшсоноор чуулган завсарлав. Тусгай хяналтын дэд хороо хуралдтал гэсэн тодорхойгүй хугацаа хэлж, МАН-ын бүлэг завсарлага авсан учраас хүлээх л үлдлээ.

Б.ЭГШИГЛЭН

Categories
мэдээ улс-төр

ФОТО: Ээлжит бус чуулган гэрэл зурагчны дуранд

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

П.Орхонд LAND 200 маркийн автомашин гардуулан өглөө

Чөлөөт бөхийн тамирчин П.Орхоны 2017 оны ДАШТ-ний аваргын алтан медалийг “Батсол” ХХК төмөр хүлгээр мялаалаа. Тус компанийн захирал Батсайхан Дэлхийн аварга П.Орхонд 2016 оны LAND 200 маркийн автомашиныг өнөөдөр гардуулан өгөв. Энэхүү төмөр хүлэг нь 150 сая төгрөгийн үнэтэй юм байна.

Мөн энэ үеэр П.Орхоны багш гавьяат тамирчин Ц.Цогтбаярт “ОСХ” ХХК-иас Хан-Уул дүүрэгт байрлах “Flora tower” хотхоны хоёр өрөө байрны түлхүүр гардуулан өгөв.

Categories
мэдээ спорт

Чөлөөт бөхийн өсвөр үеийн дашт өнөөдөр эхэлнэ

Чөлөөт бөхийн өсвөр үеийн ДАШТ өнөөдөр эхэлнэЧөлөөт бөхийн өсвөр үеийн ДАШТ өнөөдөр Грек нийслэл Афинд эхэлнэ. Манай тамирчдын салхийг охидын 38, 43, 49, 56, 65 кг-ын жинд хагална.

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо наймдугаар сарын сүүлээр Францын нийслэл Парист болсон насанд хүрэгчдийн ДАШТ-ий үеэр хуралдаж, нэг жингийн барилдааныг хоёр өдөр зохион байгуулах шийдвэрийг гаргасан. Анхных нь өсвөр үеийн ДАШТ-ээс эхлэн хэрэгжиж эхэлж байгаа нь энэ.

Манай улсаас өнөөдөр охидын 38 кг-д Баянхонгор аймгийн тамирчин Энхболдын Буман-Аюуш Украины Мария Томиштай, 43 кг-д Чингэлтэй дүүргийн тамирчин Батбаатарын Энхзул Туркийн Сейма Кизмазтай, 49 кг-д Сэлэнгэ аймгийн тамирчин Дагвадоржийн Отгонжаргал Энэтхэгийн Анкуштай, 56 кг-д Баянхонгор аймгийн тамирчин Өлзийсайханы Пүрэвсүрэн ОХУ-ын Александра Прокинатай, 65 кг-д “Женко” клубийн тамирчин Дэлгэрцогтын Түмэнхүслэн Болгарын Сияка Ивановатай тус тус эхний тойргийн барилдаанаа хийх юм.

Урьдчилсан шатны барилдаан монголын цагаар 17:30 минутад эхэлнэ.

Categories
мэдээ улс-төр

Ж.Эрдэнэбат: Шаардлагатай гэвэл огцруулах асуудал тавьсан хүмүүст өөрийнхөө хийсэн ажлыг үзүүлэхэд бэлэн байна

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах асуудлыг УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх байлаа. Гэвч УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авснаар энэ асуудал ирэх долоо хоног хүртэл хойшиллоо. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж чагнасан гэх асуудлыг хэлэлцүүлэх саналыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Тусгай хяналтын дэд хороонд гаргаад буй. Энэ хороод асуудлыг хэлэлцсэний дараа УИХ-ын чуулган хуралдах юм.

Энэ асуудлаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат сэтгүүлчдэд товчхон мэдээлэл өглөө.


-Таныг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Та ямар байр суурьтай байна вэ?

-Ерөнхий сайд миний биеийг огцруулах асуудлыг тавьсан байгаа. Энэ асуудлын өмнө Шадар сайдыгаа тагнаж чагнасан гэх мэдээллийг хэвлэлээр нийгэмд цацсан. Үүнээс үүдэж нийгэмд эргэлзээ үүссэн. Тиймээс би Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд энэ асуудлыг хэлэлцүүлж өгөөч гэсэн хүсэлтийг тавьсан. Дараа нь есдүгээр сарын нэгэнд Тусгай хяналтын дэд хороонд энэ асуудлыг хэлэлцүүлж өгөхийг хүссэн. Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж байгаа энэ үед асуудлыг нэг талд нь гаргах ёстой гэж үзэж байна. Би залуу хүн. Цаашдаа олон жил улс төрд ажиллана. Ийм бохир асуудалд хутгалдаж, улс төрд явахыг хүсэхгүй байна.

-Огцруулах үндэслэлийг та хэрхэн харж байгаа вэ?

Түмний хүүхдэд Хүүхдийн мөнгийг алагчлалгүй олгоно гэсний төлөө огцруулна гэж байгаа. Мөн өмнөх Засгийн газрын үед байгуулсан концессуудын хугацааг нь сунгаж, 50 тэрбум төгрөгөөр хямд гэрээ байгуулсныг буруу гэж үзсэн. Шаардлагатай гэвэл огцруулах асуудал тавьсан хүмүүст өөрийнхөө хийсэн ажлыг үзүүлэхэд бэлэн байна.

-Таныг огцрох өргөдлөө өгсөн гэсэн мэдээлэл гарсан?

-Тийм зүйл байхгүй. Өргөдлөө өгөөгүй.

Э.ЭНХ

Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатар түншлэл” үзэсгэлэн маргааш эхэлнэ

“Улаанбаатар түншлэл” үзэсгэлэн маргааш эхэлнэҮндэсний бараа бүтээгдэхүүнийг олон улсад сурталчлан танилцуулах, дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилго бүхий “Улаанбаатар түншлэл-2017” олон улсын үзэсгэлэн энэ сарын 7-10-нд “Мишээл Экспо” төвд болно. НЗДТГ, МҮХАҮТ хамтран зохион байгуулж буй энэхүү үзэсгэлэнд Монгол, ОХУ, Тайвань, Хонгконг, Чех зэрэг зургаан орны 70 гаруй аж ахуйн нэгж, 120 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцоно гэдгийг гэдгийг МҮХАҮТ-ын Маркетингийн газрын дарга П.Анхтуяа мэдээллээ. Тэрбээр, “Аливаа үйлдвэрлэл үйлчилгээ явуулахад сав, баглаа, боодол болон тоног төхөөрөмж худалдан авах, түгээх зэргээр олон аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах шаардлага бий болдог. Үзэсгэлэнгийн үеэр аж ахуйн нэгжүүд бусад компаниудтай хамтран ажиллах боломжийн талаар ярилцах, судлах, түншээ олох боломж бүрдэх юм” гэлээ.

Үзэсгэлэнд оролцогч аж ахуйн нэгжүүд хямдрал, урамшуулал болон сугалаат худалдаа явуулах аж. Мөн үзэсгэлэнд байгаль, экологид ээлтэй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжөө танилцуулсан тэргүүлэх аж ахуйн нэгжүүдийг НЗД-ын нэрэмжит шагналаар шагнана хэмээн Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Г.Бат-Орших дурьдав.

Үзэсгэлэнд Тайваний аж ахуйн нэгжүүд эмнэлэг, цахилгааны тоног төхөөрөмж, хүнс, гоо сайхан болон мод боловсруулах, Чехийн компаниуд сүү, сүүн бүтээгдэхүүний тоног төхөөрөмжөө танилцуулах юм. Мөн Хонгконгууд сувд шүрэн эдлэл, гоёл чимэглэл, ОХУ-аас зөгийн бал, хүнсний бүтээгдэхүүнээ сурталчлах аж. Харин дотоодын аж ахуйн нэгжүүд барилга, эм, гоо сайхан, ноос ноолуур, хүнсний бүтээгдэхүүн болон үндэсний онцлогийг шингээсэн гар урлалаа танилцуулах юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Приморийн хязгаартай хийх монголчуудын наймаа дөрөв дахин нэмэгдсэн

ОХУ-ын Приморийн хязгаарын захирагч В.Миклушевский Дорнын эдийн засгийн форумын өмнө Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхжээ. Одоохондоо Приморийн хязгаар Монгол улсын хооронд экспорт, импортын харилцаа байдаг юм байна. Харин хоёр тал нутаг дэвсгэрийн хэмжээнд бусад олон салбарт хамтран ажиллах талаар санал солилцжээ. Приморийн хязгаарын захирагч Монголыг Улсын Ерөнхийлөгч тус бүсэд анхлан ирсэнийг билэгшээгээд энэ оны эхний зургаан сард Монгол Улс тус бүсийн худалдаа эргэлт дөрөв дахин нэмэгдсэнийг тэмдэглэв. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч тус хязгаар нутгаар дамжин өнгөрөх тээвэр, логистикийн бэлэн төслийг захирагчид танилцуулав.

Х.БАТ

Categories
мэдээ улс-төр

Д.Эрдэнэбат: МАН дотоод зөрчлөө төрийн танхимд оруулж ирж байгаад харамсаж байна

УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос ирүүлсэн Засгийн газрыг огцруулахгүй байх тухай санал дүгнэлтийг хэлэлцэх байсан ч УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагийн хүсэлтээр ээлжит бус чуулганыг түр завсарлуулав. Үүнтэй холбоотойгоор УИХ дахь Ардчилсан намын дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Өнөөдөр бүх асуудлыг Үндсэн хуулийн дагуу эцэслэн шийдэх эцсийн өдөр. Өөрөөр хэлбэл, өнөөдөр ямар ч байсан энэхүү ээлжит бус чуулганы хуралдаанаар Засгийн газрын асуудлыг нэг тийш нь шийдэх ёстой. Харамсалтай нь 65-ын олонхийн бүлэг намынхаа дотоод зөрчлүүдийг төрийн танхим оруулж ирлээ. Ийм үйлдэл гаргаж байгаад бид их харамсаж байна. Чуулганы хуралдаан цаашид хэрхэн үргэлжлэх нь ойлгомжгүй байдалд үүсч байна. Хоёрдугаарт, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга “Олонхийн бүлгийн нэг хэсэг нь Ардчилсан намтай хамтарч Засгийн газрыг унагах гэж байна” гэсэн туйлын хариуцлаггүй мэдэгдэл хийлээ. Би өмнө нь энэ талаар байр сууриа илэрхийлсэн байгаа. 65-ын үнэмлэхүй олонхийн бүлэг Засгийн газраа хэрхэх нь тэдний асуудал. Түүнээс энэ асуудал сөрөг хүчинд ямар ч хамаагүй. Ардчилсан нам өөрийнхөө улстөрийн байр суурийг тодорхойлчихсон гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Бид энэ байр суурь дээрээ байгаа. Засгийн газраа авч үлдэх үү, эс авч үлдэх үү гэдэг нь МАН-ын дотоод зөрчилдөөн, дотоод асуудал нь юм гэдгийг би дахин хэлэхийг хүсч байна. Мөн дөнгөж сая чуулганы хуралдаанаар нэг асуудал гэнэт орж ирлээ. Тэр нь Тусгай хяналтын дэд хороогоор Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэх тухай асуудлыг оруулж ирж хуралдааныг түр завсарлуулж байгаа нь хууль бус. Учир нь өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар ганцхан асуудлыг хэлэлцэхээр орж ирсэн. Ээлжит бус чуулган зөвхөн хэлэлцэх асуудлын хүрээнд асуудал ярьдаг. Түүнээс бусад асуудлыг хэлэлцдэггүй юм. Төрийн байгуулалтын байнгын хороо энэ асуудлыг хэлэлцээд шийдвэрээ гаргачихсан. Одоо энэ асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар л хэлэлцэх учиртай. Аливаа нэг Засгийн газрын асуудал Тусгай хяналтын болон бусад дэд хороонд үл хамаарах зүйл. Хэрвээ өнөөдөр Үндсэн хуулийн эцсийн хугацаа болох 15 хоногийн хугацаанд ээлжит бус чуулганаар Засгийн газрын асуудлыг шийдэж чадахгүй, хугацаа хэтрэх юм бол УИХ-ын дарга Үндсэн хууль зөрчсөн үйлдэл рүү орно гэдгийг би эрх баригчдад дахин сануулахыг хүсч байна” гэлээ.

Э.ЭНХ


Categories
мэдээ улс-төр

Т.Аюурсайхан: УИХ-ын чуулган хууль бус шийдвэр гаргалаа

УИХ-ын чуулганыг завсарлуулсны дараа Т.Аюурсайхан гишүүн мэдээлэл хийсэн юм. Тэрээр “УИХ-ын дэгийн тухай хуулийн 38.2-т Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайдыг огцруулах, эсэх санал дүгнэлт гаргаснаас хойш долоо хоногийн дотор УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ гэсэн байдаг. Тэр өдөр нь өнөөдөр дуусгавар болж байна. Хоёрдугаарт, ээлжит бус чуулганыг тодорхой асуудлаар зарлаж хуралдуулна гэсэн хуультай. Энэ удаагийн ээлжит бус чуулган хуралдуулах саналыг УИХ-ын дарга гаргасан. Гэтэл өнөөдөр Ерөнхий сайд, Шадар сайд хоёртой холбоотой тагнасан, чагнасан гэх асуудлаар завсарлага авчихлаа. Ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудалд үүнийг тусгаагүй. Ганц хэлэлцэх асуудал байсан нь 30 гишүүний гарын үсэг зурж өргөн барьсан Засгийн газрыг огцруулах асуудал. Гэтэл түүнийг хэлэлцэхийн оронд өөр асуудлаар завсарлага авсан нь хууль зөрчсөн асуудал” гэв.

С.АЛТ

Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлэг хоёр талд хуралдав

Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийсэн. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын зүгээс Шадар сайдыг тагнаж, чагнасан асуудлыг Тусгай хяналтын дэд хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хэлэлцүүлэх хүсэлтэй байгаа хэлсэн. Харин УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа энэ асуудлыг нэг талд нь гаргах хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлэв. УИХ-ын дарга Тусгай хяналтын дэд хороо, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо хуралдааны дараа чуулганы хуралдааныг үргэлжлүүлэхээр болж завсарласан юм. Үүний дараа МАН-ын бүлгийн гарын үсэг зураагүй гишүүд бүлгийн даргын өрөөндөө цугласан бол Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан гишүүд Шадар сайд У.Хүрэлсүхийн өрөөнд хуралдлаа.

Э.ЭНХ