Categories
мэдээ улс-төр

Тусгай хяналтын дэд хорооны гишүүд материалтайгаа танилцаж дуусаагүй байна

УИХ дахь МАН-ын бүлэг Тусгай хяналтын дэд хороог хуралдуулж Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж чагнасан асуудлыг хэлэлцэх ёстой гэж үзэж чуулганы хуралдаанаас завсарлага авсан. Түүнээс хойш Тусгай хяналтын дэд хорооны гишүүд тус дэд хорооны дарга С.Батболдын өрөөнд цуглаж Шадар сайдыг тагнасан гэх асуудалтай холбогдуулан хуулийн байгууллагаас ирсэн материалтай танилцсан. Энэ асуудлаар тодорхой мэдээлэлтэй болсныхоо дараа дэд хорооны хурлаа хийх нь зүйтэй гэж үзээд байгаа юм. УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд С.Батболд, Н.Энхболд, Г.Занданшатар, Д.Цогтбаатар, Я.Санжмятав нар байдаг ажээ. Засгийн газрыг огцруулах асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хуулийн хугацаа маргааш дуусах учраас Тусгай хяналтын дэд хороо түүнээс өмнө хуралдах ёстой. Гэвч дэд хорооны гишүүд хуулийн байгууллагаас ирүүлсэн материалтай танилцаж дуусаагүй байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч Х.Баттулга Японы Ерөнхий сайд Шинзо Абэтай уулзжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Владивосток хотод болж буй Дорнын эдийн засгийн форумд оролцож байгаа. Энэхүү форумын үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нартай уулзахаар төлөвлөсөн юм. Тэрээр өнөөдөр Японы Ерөнхий сайд Шинзо Абэтай уулзсан байна. Мөн одоо БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй уулзаж байгаа бөгөөд маргааш ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай уулзах ажээ.

Дорнын эдийн засгийн форум нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины санаачилгаар гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаагийн форумд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ зэрэг төр, засгийн тэргүүнүүд оролцож байгаа юм. Ерөнхийлөгч Х.Баттулгыг дагалдан Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг зэрэг албаны хүмүүс ажиллаж байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга Японы Ерөнхий сайд Шинзо Абэтай уулзжээ

Categories
мэдээ нийгэм

“Эко бүлэг” цэцэрлэг нээлтээ хийлээ

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх “Эко бүлэг” цэцэрлэг өнөөдөр үүд хаалгаа албан ёсоор нээлээ. Нийслэлийн дүүргүүдээс анх удаа Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар дэргэдээ цэцэрлэгийн “Эко бүлэг”-ийг нийслэлийн тэргүүний 41 дүгээр цэцэрлэгийн салбар цэцэрлэг болгон нээгээд байна. Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх цэцэрлэг буюу “Эко бүлэг”–ийг байгуулснаар Засаг даргын Тамгын газрын дэргэдэх, хэлтэс албадуудын ажилчин албан хаагчдын 60 гаруй хүүхэд эхний байдлаар хамрагдаж сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ авах боломж бүрдлээ.

Тус цэцэрлэг нээгдсэнээр ажилчин, албан хаагчид өглөө, оройд хүүхдээ авахад гардаг хүндрэл багасах, ажлын бүтээмж үр дүн өсөх зэрэг эерэг хандлагууд гарна хэмээн Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд цэцэрлэгийг нээж үг хэлэхдээ онцолсон юм. Засаг даргын мөрийн хөтөлбөрийнхөө хүрээнд Төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай, хүртээмжтэй хүргэх үүднээс Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх, хэлтэс албадын албан хаагчдын хүүхдүүдийг бүрэн хамруулах зорилт тавьсан. Энэ зорилт маань ирэх жил бүрэн хэрэгжиж “Эко бүлэг” цэцэрлэг дахин хоёр бүлэг нэмж 120 хүүхдийн хүчин чадалтай болгон өргөжүүлөх төлөвлөгөөтэй байгаа хэмээлээ.

Цэцэрлэгт орох гээд бүртгүүлсэн ч сугалаанаас гадуур үлдсэн хүүхдүүд олон байсан гэдгийг эцэг эхчүүд хэлсэн төдийгүй Хан-Уул дүүргийн удирдлагууддаа баярлаж талархсанаа илэрхийлж, эцэг эхчүүдэд ч, улсад ч ашиг тусаа өгөх, үр дүнтэй ажил болсныг уламжиллаа гэж Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Д.Ганбат: Тавантолгойн нүүрсийг Восточный боомтод хүргэх нь эдийн засагт онцгой ач холбогдолтой

ОХУ-ын Владивосток хотод болж буй Дорнын эдийн засгийн форумд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүтэй албаны хүмүүс өнөөдөр Находка дахь “Восточный” боомтын үйл ажиллагаатай танилцлаа.

Боомтын үйл ажиллагаатай танилцахад Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын 3 талт хамтын ажиллагаа болон эдийн засгийн коридорын асуудал хариуцсан бие төлөөлөгч А.Гансүх нар байлцлаа. ОХУ-ын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч И.Е.Левитин, ОХУ-ын Тээврийн сайд М.Ю.Соколов, “Оросын төмөр замууд” НХН-ийн ерөнхийлөгч О.В.Белозеров, ОХУ-ын Тээврийн дэд сайд бөгөөд Далайн болон голын тээврийн холбооны агентлагийн дарга В.А.Олерский нар далайн боомт дахь нүүрс дамжуулан тээвэрлэх үйл ажиллагааг газар дээр нь ийнхүү танилцуулжээ.

Тус боомтын үйл ажиллагаа, давуу тал, ач холбогдлын талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбатаас “Блүүмбэрг Монголиа” телевиз тодруулга авсныг хүргэж байна.

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат: Владивостокийн Восточный боомтоос Япон, БНСУ руу экспортлож байгаа нүүрсний илчлэг 6000 ккал буюу манай Тавантолгойн нүүрсээс 1000 гаруй ккал-оор бага илчлэгтэй байна. Тиймээс бид нүүрсээ угааж, тус боомтоор Япон, БНСУ-ын зах зээлд нийлүүлэх асуудлыг Оросын талтай хамтарч шийдвэл Монгол Улсын эдийн засагт өндөр ач холбогдолтой. Энэ үүднээс далайд гарцгүй манай орны хувьд төмөр замаар нүүрсээ тээвэрлэхийн тулд Тавантолгой-Сайншанд чиглэлийн төмөр замыг маш яаралтай барьж гол төмөр замтай холбох улмаар зүүн хойшоо Сайншанд-Хөөт- Чойбалсан-Эрээнцав чиглэлд төмөр замаа бариад холбочихвол бид зүүн коридорын төмөр замаар нүүрсээ тээвэрлэх боломж бүрдэх юм. Хэрэв Оросын талтай хөнгөлөлттэй тариф тохирч чадвал Тавантолгойн нүүрсний өрсөлдөх чадвар дээшлэх дүр зураг харагдаж байна. Саяхныг хүртэл тус боомт манай Өмнөговийн Цагаанхад шиг битүү хар тоос бужигнасан, ил задгай нүүрсээ буулгаж ачдаг байсан бол сүүлийн 5 жилд дорвитой хөрөнгө оруулалт хийж, дэд бүтэц, технологио шинэчилснээр маш их дэвшил гарсан байна. Мөн нүүрсний тоосжилтийг усан хөшиг үүсгэн дарж, ногоон байгууламж ихээр байгуулсан жишээг манай уурхайнуудад нэвтрүүлбэл ихээхэн үр дүнтэй гэдгийг харлаа.

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн алба хаагчид гурван хүний амийг аварчээ

Цагдаагийн алба хаагчид гурван хүний амийг аварчээ

Чингэлтэй дүүрэг цагдаагийн 2-р хэлтсийн эргүүлийн офицер цагдаагийн дэслэгч Б.Энхбаяр, цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Х.Ганзориг нар “5 ханатай Монгол гэр шатаж байна” гэх дуудлагын дагуу шуурхай ажиллаж шатаж байсан гэрээс иргэн Н-ийг 2 охины хамт гаргаж амь насыг нь эрсдэлээс аварч, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.


Categories
мэдээ нийгэм

Тусгай хяналтын дэд хороо хуралдах бэлтгэлээ хийж байна

ЗурагУИХ-ын Ээлжит бус чуулган завсарлаж, Тусгай хяналтын дэд хороо хуралдахаар бэлтгэж байна.

Тодруулбал УИХ-ын Ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нар “Ерөнхий сайд Шадар сайдыг тагнаж чагнасан” гэх асуудлыг хэлэлцүүлэн шийдвэр гаргуулахаар Тусгай хяналтын дэд хороог хуралдуулах хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг УИХ-ын дарга М.Энхболд хүлээн авч тус дэд хороо хуралдаж шийдвэрээ гаргах хүртэл МАН-ын бүлэгт завсарлага өгөөд байгаа юм.

Тусгай хяналтын дэд хороо хуралдах бэлтгэлээ хийж, материалаа хүлээн аван танилцаж эхэлсэн талаар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар хэллээ. Харин зарим гишүүд тус дэд хороог хуралдуулах шаардлагагүй гэж үзсэн байр сууриа илэрхийлж байгаа юм.

Тусгай хяналтын дэд хороо нь УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны бүрэлдэхүүнд багтдаг бөгөөд төрийн нууцын хадгалалт, хамгаалалт, тагнуул болон гүйцэтгэх ажлын талаархи хууль тогтоомжийн биелэлт, улсын хил хамгаалалт, төрийн тусгай хамгаалалтын асуудлыг хянан шалгах чиг үүрэгтэй юм. Тус дэд хороог УИХ-ын гишүүн Сү.Батболд ахалж, Г.Занданшатар, Н.Энхболд, Д.Цогтбаатар, Я.Санжмятав нарын гишүүд бүрэлдэхүүнд нь багтдаг.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Авангард бялууны үзэсгэлэн, шарсан бярууны зоогтой хоолны тэмцээн үргэлжилж байна

“Chinggis Khaan’s Challenge Cup-2017” олон улсын тогоочдын уралдаан, “Mongolian Culinary Festival-2017” үзэсгэлэн өнөөдөр МХАҮТ-д эхэлсэн билээ.

Монголд анх удаагаа болж буй энэхүү олон улсын тэмцээнд оролцож буй тогооч нарыг гадна, дотны зочид төлөөлөгчид болон шилдэг, мастер тогооч нар шүүж байна. Уг уралдааныг үзэгч цөөтэй, зохион байгуулалт тааруухан гэж дүгнэх хүмүүс байв. Учир нь хоолны томоохон тэмцээн болж байгаg гэхэд ойр орчимд нь амталгаат үзүүлэн худалдаа ховор байв. Харин тусгай зассан хэсэгт тогооч нар хоолоо хийж, шүүгч нарт танилцуулж байна.

Гэхдээ нутаг нутгийн брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн гарах ёстой байсан ч тун цөөн байна. Тухайлбал, Говь-Алтай аймгийн брэнд бүтээгдэхүүн болох цулхирын гурилтай зутан шөл, хийцтэй, борцтой цай аягыг нь 500-1000 төгрөгөөр худалдаалж байсан. Үүнийг хүмүүс ихэд сонирхож байв.

Мөн шарсан бярууны махнаас үзэгчдэд амтлууллаа. Харин Булганы айраг, шарсан загас, органик хоол амтлагч, тогоочийн хувцас хэрэглэл зэргийг зах зээлийн үнээр худалдаалж байсан.

Мөн амтат бялуу хийдэг, хувь хүн болон албан байгууллагууд, хэд хэдэн өвөрмөц загвартай бялуунууд үзэсгэлэнд дэлгэн тавьжээ.

Энэхүү үйл ажиллагааны үеэр “ЕӨК” компанийн ерөнхий захирал Ю.Ганболдоос дараахь зүйлсийг тодрууллаа.


Энэ тэмцээний онцлог юу байна?

Дэлхийн олон улсын тэмцээнүүд чиглэл, чиглэлээрээ явагддаг. 30 хүн ороцлоо гэхэд эхний гурван байрт орсон хүн алт мөнгө, хүрэл медаль авна гэсэн ойлголт байдаггүй. 70-аас дээш оноо авсан бүх хүн медальт байранд орно гэсэн үг. Солонгос, Энэтхэг, ОХУ, Хятад зэрэг орноос өндөр зэрэглэлтэй тогооч нар ирж шүүж байна. Мастер тогоочдын холбоо маш сайн зохион байгуулсан. Өмнөх өдрүүдэд нь улсын аваргаа зохион байгуулаад, ингээд дараа өдөр нь олон улсын аваргаа шалгаруулж байна. Тэгэхээр дан чансаа өндөр тогооч нар оролцож байна.

Шалгаруулалтыг хэрхэн явуулдаг вэ. Өнгө амт, үнэр чухал уу?

-Хоолны стандарт гэж бий. Ямар амттай, ямар стандарттай байх. Түүнээс биш хүн болгоны дуртай олон янзын юм холих нь чухал биш. Нэг л амттай, яг гаргах амтаа л гаргана. Шинэлэг дизайн, өнгө үзэмжийг сэтгэж хийж болно. Нэг хоолыг 7-8 төрлийн шалгуураар шалгаж байж дүн гаргадаг юм.

Дэлхийн тэмцээнээс бантан алтан медаль авч байсан гэдэг. Ямар чанараараа хамгийн шилдэг болж байв?

-Монгол оронд нэлээд олон жилийн өмнө нийтийн хоолны салбар хөгжиж эхлээгүй байсан. Гэхдээ социализмын үед бол орос школтой байлаа. Дэлхийн анхны нэг, хоёр дахь удаагийн тэмцээн байсан байх. Тэнд оролцохдоо тухайн үед маш олон цаг чанасан ясны шөлийг авч яваад, тэндээ бантан хийсэн. Нэгдүгээрт цаг хэмнэсэн, маш амтттай, маш чанарлаг байсан тул шилдэг хоолоор шалгарч алтан медаль хүртсэн түүхтэй.

Хоолны соёлд хэрхэн анхаарч байна вэ?

-Нэг үеэ бодвол анхаарч байгаа. Монголын Мастер тогоочдын холбоо маш сайн ажиллаж байгаа. Энэхүү тэмцээнийг зохиож байгаа нь маш том ололт. Чингисийн зурагтай медаль дэлхийд түгнэ гэхээр дэлхийд монгол тогооч нар, монгол хоол танигдана. Гэтэл тогооч нар дэлхийн тэмцээнээс медаль аваад ирэхэд үнэлэмж байдаггүй нь харамсалтай.

Эрүүл хоол, цагаан хоол сайн гэх боллоо. Ямар хоолыг эрүүл хоол гэх вэ. Монгол тогооч нар ямар бодолтой байна?

-Хоол бол хамгийн чухал зүйл. Хүний хөдөлгөөн бүрт энерги зарцууулагддаг. Энэ энергийг хоолноос нөхнө. Машинаар бол бензин. Гэхдээ хамгийн чухал нь тухайн цаг агаартаа зохицсон хоол хүнсийг сонгох нь чухал. Эрс тэс уур амьсгалтай тул манай орны нөхцөлд махаа идэж байх нь зөв. Эрүүл хоол гэж, монгол хөрсөнд ургасан органик ногоогоор амталж, монгол малын махаар хийсэн, гадны элдэв хольцгүй жинхэнэ монгол хоолыг хэлнэ. Цагаан хоол эрс тэс уур амьсгалтай манай нөхцөлд зохицохгүй. Цагаан хоолтон хүмүүсийн дархлаа 30 хувиар муу байдаг.

ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОЖ БУЙ АМТАТ БЯЛУУНУУД

СУЛХИРЫН ГУРИЛТАЙ ХУУШУУР, ЗУТАН ШӨЛ, ХИЙЦТЭЙ ЦАЙ

УРЛДААНД ОРОЛЦОЖ БУЙ ХООЛНУУД

УРАЛДААНД ОРОЛЦОЖ БУЙ ЗАРИМ, МАХТАЙ ХООЛНУУД

Н.ГАНАА

Categories
мэдээ нийгэм

Нью-йоркийн загварын долоо хоногт монголын 6 модель оролцоно

ЗурагДэлхийн загварын салбарын өнгийг тодорхойлдог “New York Fashion Week” буюу Нью-Йоркийн загварын долоо хоногт Монголоос зургаан модель оролцохоор болсон байна.

Тодруулбал дэлхийн миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байсан А.Баярцэцэг, Т.Батцэцэг болон топ модель Х.Бадамгэрэл, О.Пүрэвдулам, Б.Буджаргал, Д.Долгион нар энэ сарын 7-13-ны өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотод зохион байгуулагдах загварын долоо хоногт оролцох аж.

Нью-Йоркийн загварын долоо хоногт Монголын шилдэг моделиудыг оролцуулах ажлыг “Монголын үндэсний Дизайнеруудын холбоо” зохион байгуулж байгаа бөгөөд үндэсний оператор “G-Mobile” компани ивээн тэтгэгчээр ажиллаж байна.

Дэлхийн томоохон загварын долоо хоногуудын хувьд оролцогч орнуудын соёл, аялал жуулчлал, бизнес эдийн засагт чухал үүрэгтэй бөгөөд загвар өмсөгчдийнхөө чанар чансааг харуулах, хувцас загвараараа дамжуулан өв соёл, түүхээ сурталчлах боломжтой юм.

Categories
мэдээ спорт

“UB GARUDA” их дуулгын төлөө тайванийн гран прид өрсөлдөнө

ЗурагАлбан ёсоор 2020 оны Токиогийн олимпийн наамдын хөтөлбөрт багтсан сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Гран при тэмцээнүүд ирэх амралтын өдрүүдэд Германы Берлин, Тайванийн Тайчун хотуудад зохион байгуулах юм.

Дэлхийн чансаанд 12-т эрэмбэтэй Монго Улсын “Улаанбаатар Хангарьд” баг /UB Garuda/ Тайванийн Гран прид оролцохоор эх орноосоо мордоно. Тус тэмцээнд амжилттай оролцож эхний хоёрт шалгарсан тохиолдолд есдүгээр сарын 23-24-нд БНХАУ-ны Ченгду хотноо болох 3х3 Их дуулгад оролцох эрх авах юм.

Энэ удаагийн Тайванийн Гран при тэмцээнд Дэлхийн чансааны 2-т эрэмбэтэй Словений “Лубляана”, “Приран”, Дэлхийн аваргын мөнгөн медальт Нидерландын “Амстердам”, Европ тивийн аварга Латвийн “Рига” зэрэг хүчирхэг багууд өрсөлдөнө. Манай багийн хувьд “С” хэсэгт Латвийн “Рига”, Иорданы “Петра”, Тайванийн Тайчун багтай нэг хэсэгт багтжээ.

“UB Garuda” баг энэ удаад бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулж Э.Цэрэнбаатарын оронд А.Гансүхыг нэмж Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, Г.Цэнгүүнбаяр, дасгалжуулагч С.Тулга гэсэн бүрэлдэхүүнтэй өрсөлдөх юм. Мөн “UB Garuda” Тайванийн Гран при тэмцээний дараа есдүгээр сарын 19-23-нд Туркменистаны Ашгабат хотноо болох Азийн танхимын наадамд оролцоно.

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн алба хаагчдын сонгон шалгаруулалт явагдаж байна

Image result for Цагдаагийн албан хаагчидЦагдаагийн албан хаагчдын сонгон шалгаруулалт эхэлээ. Жил бүрийн хавар, намар болдог энэхүү сонгон шалгаруулалт дөрвөн үзүүлэлтээр явагддаг байна. Тодруулбал, эрүүл мэнд, сэтгэл зүй, бие ялдар, хууль эрх зүй гэсэн дөрвөн төрлийн шалгаруулалтыг оролцогчдоос авдаг ажээ. Өчигдөр эрүүл мэндийн үзлэг нь эхэлсэн бөгөөд эндээс тэнцсэн хүмүүс нь дараагийн шалгалтдаа орох боломжтой гэнэ. Дээрх дөрвөн төрлийн шалгалтыг давсан хүмүүс тодрхой хугацааны сургалтад суусны дараагаар судлагдаж буй цагдаагийн харьяа байгууллагадаа томилогддог юм байна.