Categories
мэдээ нийгэм

Цөмийн оношилгооны тасагт ажиллах эмч, мэргэжилтнүүд БНСУ-д урт хугацааны сургалтад хамрагдаж байна

“Үндэсний оношилгоо, эмчилгээний төв байгуулах” МОН-8 төслийн хүрээнд өнөөдөр Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат Бүгд Найрамдах Солонгос Улсын Олон Улсын Эрүүл Мэндийн Сангийн Ерөнхий нарийн бичгийн дарга Инсеон Кимийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар ЭМЯ-тай хамтран ажиллаж “Үндэсний оношилгоо, эмчилгээний төв байгуулах” МОН-8 төслийн хүрээнд Цөмийн оношилгооны тасгийн үйл ажиллагаа, удирдлагыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэн Монгол Улсад шинээр бий болж буй изотоп үйлдвэрлэх циклотрон, цацраг идэвхт эм, тариа бэлтгэх лаборатори, цацрагийн халуун цехд ажиллах эмч, мэргэжилтнүүд сургалтад хамрагдаж байгаа талаар ярилцлаа. Мөн эхний ээлжийн сургалтын үр дүн, хэрэгжилт, 2 дугаар ээлжийн сургалтын агуулга, чиг үүрэг, төлөвлөгөө, төслийн үйл ажиллагааны хэрэгжилттэй холбогдон гарах үйл ажиллагааны талаар санал бодлоо солилцсон юм. Энэ үеэр Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат хэлэхдээ Солонгос Улсын Олон Улсын Эрүүл Мэндийн Сангийн Ерөнхий нарийн бичгийн дарга Инсеон Ким болон Монгол, Солонгос 2 улсын Эрүүл мэндийн салбарын цаашдын хамтын ажиллагаанд амжилт хүсээд сургалтад хамрагдаж байгаа 5 эмчийн талаарх мэдээллийг сайн авч байгаа бөгөөд эмч нарын ЭМД-ыг таслалгүй ЭМЯ-наас төлж байгаагаа дуулгасан юм. Цаашид Олон Улсын Эрүүл Мэндийн Сантай харилцан тохиролцсоны дагуу тус сангийн дэмжлэгтэйгээр төвийн цөмийн оношилгооны тасагт ажиллах 2-р ээлжийн эмч, мэргэжилтнүүдийг сонгон шалгаруулж 2018 оноос урт хугацааны сургалтад хамруулна.

Categories
мэдээ спорт

Олимп, дэлхийн медальтнууд маргааш эх орондоо ирнэ

“Будапешт-2017” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчид маргааш эх орондоо ирнэ. Энэ жилийн Дэлхийн аваргад Монголын жүдочид эрэгтэй, эмэгтэй тус бүр есөн тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож, нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж, шагналт тав, долдугаар байр тус тус нэгийг эзэлснээр багийн амжилтаар дэлхийн 126 орноос гуравдугаар байрт шалгарсан юм.

Categories
мэдээ нийгэм

Ногоон санхүүжилтийн анхдугаар чуулган өнөөдөр боллоо

Бизнес эрхлэгчдэд Монгол Улсын ногоон хөгжлийн бодлого, дэмжлэг, олон улсын чиг хандлагыг таниулан, эрчим хүчний хэрэглээг бууруулах, байгальд ээлтэй бизнес эрхлэхэд шаардлагатай мэдлэг мэдээллийг хүргэж, санхүүжилтийн хүндрэл бэрхшээлийг даван туулах боломжуудыг танилцуулан, гарц шийдлийг санал болгох зорилготой Ногоон санхүүжилтийн анхдугаар чуулган өнөөдөр боллоо. ХасБанкнаас зохион байгуулж буй уг чуулган “Туушин” зочид буудалд болсон бөгөөд БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, ХасБанкны удирдлагууд, Даян дэлхийн уур амьсгалын хамтын ажиллагааны сан болон жижиг, дунд бизнес эрхлэгчид оролцсон юм.

Анхдугаар чуулганаар Уур амьсгалын ногоон сан, түүний санхүүжилт, бизнесээ хэрхэн ногооруулах, түүнд тулгарч буй асуудлууд зэрэг тодорхой сэдвүүдийн хүрээнд явагдлаа.

Энэ үеэр БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Ногоон санхүүжилтийн анхдугаар чуулганыг нээж “Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал сайнгүй, ган гачиг, түймэр, үер ус зэрэг уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай байгаль цаг уурын аюул гамшиг ойр ойрхон тохиолдож эдийн засгийн өсөлт, ард иргэдийн аж ахуй эрхлэн амьдрах боломжийг хумьж, бэрхшээл дээр бэрхшээл нэмж байна. Ийм учраас уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөл байдлыг зөв оношилж, сөрөг нөлөөг нь гарз хохирол багатай даван туулах, эерэг боломжийг урьдаас харж бүрэн дүүрэн ашиглах, нэг ёсондоо уур амьсгалын эргэлтгүй болсон өөрчлөлтөд дасан зохицох хэрэгцээ улам нэмэгдэж байна. Ялангуяа, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө нь нийгмийн эмзэг ядуу бүлгийн иргэдэд хамгийн хүндээр тусч байгаа билээ. Дасан зохицох үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгө мөнгийг Засгийн газар дангаараа хариуцах боломжгүй нь тодорхой бөгөөд олон талт хамтын ажиллагааны хүрээнд хийгдэх ажил юм. Иймд төр-хувийн хэвшлийн түншлэлийг гүнзгийрүүлж, аж ахуйн нэгж, бизнесийн салбарын байгууллагууд улс орны тогтвортой хөгжлийн амин чухал энэ ажилд идэвхтэй оролцох, хувь нэмрээ оруулах зайлшгүй хэрэгцээ гарч ирж байна.

Өнгөрсөн 2016 онд Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцыг хэрэгжүүлэх шинэ арга хэрэгсэл болж байгаа Парисын хэлэлцээрт нэгдэн орж, уг хэлэлцээрийн хүрээнд ажиллаж буй санхүүжүүлэгч байгууллагуудтай түншлэх талаар нэлээд хүчин чармайлт гаргаж байна. БОАЖЯ нь НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын Уур амьсгалын Ногоон сантай Монгол улсыг төлөөлөн хамтран ажиллахаар тохоон томилогдсон байгууллагын хувьд бусад яамд, олон улсын хөгжлийн болон банк санхүүгийн байгууллагуудтай хамтран эрчим хүч, хөдөө аж ахуй, дэд бүтцийг, ногоон хөгжил болон уур амьсгальд дасан зохицох бодлоготой уялдуулан хөгжүүлэх чиглэлээр хэд хэдэн төслийн санал боловсруулаад байна.

Бид энэ ажилд хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийг өргөн оролцуулах бодлого баримталж байна. Үүний нэг тод жишээ бол байгаль орчны чиглэлээр нэлээд идэвхтэй ажилладаг, энэ талаараа Монголын тэргүүлэх арилжааны банкнуудын нэг болох Хас банк нь Уур амьсгалын ногоон сангийн анхны итгэмжлэгдсэн байгууллагаар сонгогдож, батлагдсан явдал юм.

Төлөөллийн болон итгэмжлэгдсэн байгууллагууд Уур амьсгалын ногоон сантай богино хугацаанд идэвхтэй хамтран ажилласны дүнд томоохон хөтөлбөр эхлүүлэх боломж нээгдэж, түүний гарааны арга хэмжээг ногоон санхүүжилтийн анхдугаар чуулган нэрээр өнөөдөр энд зохион байгуулж байна. Уг хөтөлбөрийн санхүүжилтийн цөм 20 сая долларыг Уур амьсгалын ногоон сангаас гаргаж дээр нь Даян дэлхийн уур амьсгалын хамтын ажиллагааны сан, Европын сэргээн босголт, хөгжлийн банк зэрэг банк санхүүгийн байгууллагууд хамтран санхүүжүүлэгчээр оролцож нийтдээ 60 сая долларын санхүүжилт бүхий хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж нээгдэж байгаад баяртай байна. Монгол улсын эдийн засаг хүндрэлтэй өнөөгийн нөхцөлд энэ хөтөлбөр цэвэр эрчим хүчний үйлдвэрлэл, эрчим хүчний хэмнэлттэй хэрэглээ, ногоон барилга байгууламж, техник тоног төхөөрөмж, жижиг дунд бизнес эрхэлж буй эмэгтэйчүүдийг дэмжих зэрэ Монгол улсын ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн үндсэн зорилтуудад нийцсэн үйл ажиллагааг хөхиүлэн дэмжих нэн чухал арга хэрэгсэл болж байна.

Энэхүү чухал хөтөлбөрийг гардан хэрэгжүүлж байгаа Хас банкныханд тусгайлан баяр хүргэж амжилт хүсэхийн ялдамд, уг хөтөлбөрийн үндсэн санхүүжүүлэгч Уур амьсгалын ногоон сан, хамтран санхүүжүүлэгчид болох Даян дэлхийн уур амьсгалын хамтын ажиллагааны сан, Европын Сэргээн босголт хөгжлийн банк болон бусад түншлэгч байгууллагуудад Монгол улсын Засгийн газрын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж байна” гэсэн юм.

Дашрамд дурдахад, Уур амьсгалын ногоон сан нь НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн хүрээнд байгуулагдсан шинэ төрлийн санхүүжилтийн механизм юм. Уг мехнаизм нь хөгжингүй орнуудаас хөгжиж буй орнуудад хөрөнгө оруулалт хийх замаар хүлэмжийн хийг бууруулж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилготой. Мөн Уур амьсгалын ногоон сан нь зөвхөн тус сангаас магадлан итгэмжлэгдсэн байгууллагуудаар дамжуулан Монгол Улсын төр, олон нийт болон хувийн хэвшлээс хэрэгжүүлэх байгаль орчинд ээлтэй ногоон төслүүдийг санхүүжүүлэх аж.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн аварга шалгаруулах “Мэргэжлийн Аврагч 2017” тэмцээн болно

Нийслэлийн Онцгой байдлын газрын аварга шалгаруулах “Мэргэжлийн Аврагч-2017” тэмцээн энэ сарын 7-8-ны өдрүүдэд зрхион байгуулагдах гэж байна. Тэмцээнд нийслэлийн Аврах анги, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах ангиудын нийт 15 багийн 120 гаруй тамирчид оюун ухаан, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөх юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын үндэсний чуулган зохион байгуулна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын үндэсний чуулганыг Есдүгээр сарын 12-ны өдөр Төрийн ордны Их танхимд зохион байгуулах гэж байна.

Уг үндэсний чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ХХААХҮЯ, Монголын хүнсчдийн холбоо, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран зохион байгуулж байна.

Монгол Улсын хүнсний салбарын өнөөгийн байдлыг тодорхойлох, хүн амын гол нэрийн хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах, хүнсний хангамжийг сайжруулах, хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр авах шаардлагатай арга хэмжээний саналыг боловсруулж, шийдвэрлүүлэхэд “Монгол Улсын хүнсний аюулгүй байдал” сэдвээр хийх үндэсний чуулганы зорилго оршиж байгаа юм.

Үндэсний чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ХХААХҮЯ, МХЕГ, ГЕГ зэрэг Төрийн захиргааны байгууллага, мэргэжлийн холбоод, хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэн, судлаачид, газар тариалан эрхлэгчид, хүнсний үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөл оролцоно.

Үндэсний чуулганы өмнө салбар хуралдаанууд болсон бөгөөд 8 дугаар сарын 28-ны өдөр Мах, махан бүтээгдэхүүн, өндөг, гахай, тахианы мах үйлдвэрлэгчдийн тулгамдсан асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, 8 дугаар сарын 29-ний өдөр Сүү, ус, ундаа, тос үйлдвэрлэгчдийн тулгамдсан асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, 8 дугаар сарын 30-нд Төмс, хүнсний ногоо, гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн тулгамдсан асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам сэдэвт салбар хуралдааныг тус тус хийж хүнсний үйлдвэрлэл эрхлэгчдийн санал бодлыг сонссон юм.

“Монгол Улсын хүнсний аюулгүй байдал” сэдвээр үндэсний чуулган зохион байгуулснаар хүнсний салбарын хувийн хэвшилд тулгамдсан асуудлыг хэлэлцэж, тэдгээрийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох, төрөөс авч хэрэгжүүлэх шаардлагатай бодлогын арга хэмжээний саналыг боловсруулах, төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг үр дүнд хүрнэ хэмээн зохион байгуулагчид үзэж байна.

Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн асуудлаар хамтарч ажиллана

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн асуудлаар хамтарч ажиллана

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Ажлын албаны дарга Ч.Алтангэрэл, Хүний эрхийн боловсрол, судалгааны хэлтсийн дарга Ц.Адъяахишиг нар Японы олон улсын хамтын ажиллагааны Жайка байгууллагын “Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих” төслийн ахлах зөвлөх Чиба Хисао, төслийн мэргэжилтэн Тэрүя Эми, төслийн ажилтан Г.Амаржаргал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийг дэмжих хэлтсийн ажилтан Б.Болороо нарыг хүлээн авч уулзлаа.

Манай улс 2009 онд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай конвенцид нэгдэн орж, 2016 онд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай хуулийг баталсан билээ. Жайка байгууллагын “Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих” төсөл нь 2016 оны 5 дугаар сараас манай улсын нийслэлд хэрэгжиж эхэлсэн бөгөөд дөрвөн жил үргэлжлэх юм байна.

“Монгол Улсын хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хуулиар хамгаалж буй хэдий ч, хуулийн хэрэгжилтэд зайлшгүй шаардлагатай дэд бүтэц, мэдээлэл, хүмүүсийн ойлголт, ухамсар зэрэг нийгэм, хүрээлэн буй орчны нөхцөл байдлын хувьд учир дутагдалтай асуудал байсаар байна. Төслийн хүрээнд нийгмийн саад бэрхшээлийг арилгах зорилгоор нөлөөллийн ажиллагаа явуулж, энэ хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг “Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдлын тухай” сургалтад хамруулж, сургагч багш бэлтгэн төрийн байгууллагууд, боловсрол, бизнесийн салбарт сургалт зохион байгуулж байгаа. Мөн дэд бүтэц, мэдээллийн хүртээмжийг сайжруулах зорилгоор төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран үнэлгээ хийх ажилд оролцож байгаа талаар ярилаа. Тус төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сургагч багшаар бэлтгэн, өөрсдөөр нь хичээл заалгах болсон нь илүү үр дүнтэй гэж үзэж байгаа аж. Өнөөдрийн байдлаар 16 сургагч багшийг бэлтгэжээ. Хүний эрхийн Үндэсний Комисстой сургалт, сурталчилгааны чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа төслийнхөн илэрхийлэв.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн асуудлаар хамтарч ажиллана
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн асуудлаар хамтарч ажиллана
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн асуудлаар хамтарч ажиллана

Уулзалтын үр дүнд 2017 онд Япон болон Монгол Улсад зохион байгуулах “Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдал” сэдэвт сургалтуудад Хүний эрхийн Үндэсний Комиссын ажилтныг хамруулах, Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэдэх “Хүний эрхийн төлөө сэтгүүлчид” клубтэй хамтрах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн асуудал, мэдээллийн хүртээмжтэй байдлыг сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

Categories
мэдээ нийгэм

Эсгийгээр урласан “Монголын нууц товчоо”-г үзэсгэлэнд тавина

Эсгий зээгт ширмэлээр “Монголын нууц товчоо”-г зургаар харуулсан 108 метр урт эсгий ширмэл бүтээлийг олон нийтэд танилцуулах ёслол энэ сарын 13-нд Сүхбаатарын талбайд болно.

Энэхүү дүрслэх урлагийн бүтээлийг 21 аймаг болон ӨМӨЗО, Тува, Буриад, Халимаг, Киргиз зэрэг монгол туургатны 5000 гаруй урлаач, үйлчид оролцож хоёр жилийн хугацаанд урлажээ.урчууд Уг бүтээлд 108 метр цагаан эсгий, 2000 км зээг, 20000 км тэмээний утас, 120 ширхэг тэвнэ, 120 ширхэг зүү, 32 өнгийн 100 гаруй литр будаг, 288 метр нягтруулагч таар, 110 метр цагаан даавуу оржээ.

Н.ГАН

Categories
мэдээ нийгэм

Гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлыг хангахад чиглэгджээ

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг, Гамшиг, гал түймрээс хамгаалах Монголын нийгэмлэгийн тэргүүн С.Баатарсүрэн нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааны зорилго нь байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, аюулгүйн норм, стандартыг хэрэгжүүлэх, сургалт сурталчилгаа зохион байгуулахад мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах ажиллах, сурч хүмүүжих нөхцлийг бүрдүүлэхэд чиглэгдэж байгаа юм.

Мөн хамтын ажиллагааны хүрээнд аж ахуйн нэгж, байгууллага, иргэд, оюутан, сурагчид, сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд гамшгаас хамгаалах мэдлэг чадварыг олгох сургалт, сурталчилгааг хамтран зохион байгуулах, аж ахуйн нэгж байгууллага, обьектод гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх, гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах, барилга байгууламжийн зураг төсөлд хийгдэх галын аюулгүй байдлыг магадлал хийх, дүгнэлт гаргах, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хүсэлтээр галын аюулгүй байдлыг хангах талаар зөвлөмж өгч ажиллах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Categories
мэдээ улс-төр

Бутаны Вант Улсын Гадаад хэргийн сайд Дамчо Доржи-ийн Монгол Улсад хийх айлчлал эхэллээ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр Бутаны Вант Улсын Гадаад хэргийн сайд Дамчо Доржи 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод хүрэлцэн ирлээ. Бутан Улсын Гадаад хэргийн сайд Дамчо Доржи-ийг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн тэргүүтэй албаны хүмүүс угтаж авлаа.

Бутан Улсын Гадаад хэргийн сайд Дамчо Доржи Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад бараалхаж, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилтой албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгтэй уулзаж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Аялал жуулчлалын яамны хүмүүстэй санал солилцоно.

Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатар түншлэл-2017” үзэсгэлэн маргааш болно

Үндэсний бараа бүтээгдэхүүнийг олон улсад сурталчлан танилцуулах, дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилго бүхий “Улаанбаатар түншлэл-2017” олон улсын үзэсгэлэн энэ сарын 7-10-нд “Мишээл Экспо” төвд 42 хоёр дахь жилдээ болно. НЗДТГ, МҮХАҮТ хамтран зохион байгуулж буй энэхүү үзэсгэлэнд Монгол, ОХУ, Тайвань, Хонгконг, Чех зэрэг зургаан орны 70 гаруй аж ахуйн нэгж, 120 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцоно гэдгийг гэдгийг МҮХАҮТ-ын Маркетингийн газрын дарга П.Анхтуяа мэдээллээ. Тэрбээр, “Аливаа үйлдвэрлэл үйлчилгээ явуулахад сав, баглаа, боодол болон тоног төхөөрөмж худалдан авах, түгээх зэргээр олон аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах шаардлага бий болдог. Үзэсгэлэнгийн үеэр аж ахуйн нэгжүүд бусад компаниудтай хамтран ажиллах боломжийн талаар ярилцах, судлах, түншээ олох боломж бүрдэх юм” гэлээ.

Үзэсгэлэнд оролцогч аж ахуйн нэгжүүд хямдрал, урамшуулал болон сугалаат худалдаа явуулах аж. Мөн үзэсгэлэнд байгаль, экологид ээлтэй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжөө танилцуулсан тэргүүлэх аж ахуйн нэгжүүдийг НЗД-ын нэрэмжит шагналаар шагнана хэмээн Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Г.Бат-Орших дурьдав.

Үзэсгэлэнд Тайваний аж ахуйн нэгжүүд эмнэлэг, цахилгааны тоног төхөөрөмж, хүнс, гоо сайхан болон мод боловсруулах, Чехийн компаниуд сүү, сүүн бүтээгдэхүүний тоног төхөөрөмжөө танилцуулах юм. Мөн Хонгконгууд сувд шүрэн эдлэл, гоёл чимэглэл, ОХУ-аас зөгийн бал, хүнсний бүтээгдэхүүнээ сурталчлах аж. Харин дотоодын аж ахуйн нэгжүүд барилга, эм, гоо сайхан, ноос ноолуур, хүнсний бүтээгдэхүүн болон үндэсний онцлогийг шингээсэн гар урлалаа танилцуулах юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.