Categories
мэдээ улс-төр

Тусгай хяналтын дэд хороо хуралдаж байна

УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны хуралдаан өглөөний 8:30 царт зарлагдсан ч гишүүд нь дөнгөж сая цуглалаа. Дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн С.Батболд ажилладаг бол гишүүдээр Я.Санжмятав, Н.Энхболд, Г.Занданшатар, Д.Цогтбаатар нар ажилладаг. Энэ удаагийн хуралдаанаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Шадар сайд У.Хүрэлсүх нарын тагнаж, чагнасан асуудлыг хэлэлцэх юм. Хуралд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Н.Цэрэнбат, Ё.Баатарбилэг, Ц.Цогзолмаа нарын гишүүд ирээд байна.

Дэд хорооны хуралдаан хаалттай горимд хуралдаж эхэллээ.
Мөн УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын зүгээс мөн дэд хороонд өргөдөл гаргаад байгаа билээ.



Categories
мэдээ нийгэм

Олон улсад магадлан итгэмжлэгдсэн 5 их дээд сургуульд батламж гардуулав

ЗурагЭнэ сарын 6-нд буюу лхагва гарагт БСШУС-ын сайд, Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлийн дарга Г.Чулуунбаатар Отгонтэнгэр их сургууль, ЭЗҮДС, ХУИС, ОУЭЗБДС, ШУТИС-ийн Геодизи хөтөлбөрийн хамт олонд олон улсад магадлан итгэмжлэгдсэн батламж гардуулав.

АНУ-ын Бизнесийн сургууль, хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн зөвлөл (ACBSP)-өөр магадлан итгэмжлэгдсэн Эдийн засгийн үндэсний дээд сургууль, Отгонтэнгэр их сургууль, ХУИС, ОУЭЗБДС-д уг батламж, гэрчилгээг гардуулж өгөв. Мөнн ХБНГУ-ын Инженер, мэдээлэлзүй, байгалийн ухаан, математикийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлэх агентлаг (ASIIN e.V.)-аар магадлан итгэмжлэгдсэн ШУТИС-ийн Геодизи хөтөлбөрийн хамт олонд батламж, гэрчилгээ олгов.

Тус зөвлөл АНУ-ын Дээд боловсролын магадлан итгэмжлэлийн зөвлөл (ACBSP)-тэй 2009 оноос хамтран ажилласан бөгөөд 2011 онд хамтын ажиллагааны гэрээг байгуулж, 2014 оны зургадугаар сард шинэчлэн баталсан. Тус гэрээг байгуулснаар манай улсын эдийн засаг, бизнесийн чиглэлээр сургалт явуулдаг сургуулиуд тус зөвлөлтэй танилцаж, өргөн хүрээнд хамтран ажиллах боломжтой юм.

Өнөөдрийн байдлаар манай улсын 14 сургууль тус зөвлөлөөр магадлан итгэмжлэгдэж, долоон сургууль нэр дэвшигч, гишүүн сургуулийн статустай, магадлан итгэмжлэлд бэлтгэж байна.

Дашрамд дуулгахад, АНУ-ын Дээд боловсролын магадлан итгэмжлэлийн зөвлөл (ACBSP)-ийн магадлан итгэмжлэл нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд дэлхийн 50 орчим улсын 1000 гаруй сургууль гишүүн нь болжээ.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар уулзав

ОХУ-ын Владивосток хотод болж байгаа Дорнын эдийн засгийн форумд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Бүгд Найрамдах Солонгос Улс /БНСУ/-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар өнөөдөр уулзав.

Уулзалтад Монголын талаас Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг нарын албаны хүмүүс оролцов.

Уулзалтын эхэнд БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Монгол Улсын Төрийн тэргүүнээр сонгогдсонд нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад баяр хүргэлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар хоёулаа Төрийн тэргүүн болоод удаагүй байгаа учир харилцан бие биедээ баяр хүргэсэн юм.

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нь бизнесийн салбараас төрсөн улстөрч, УИХ-ын гишүүн, хоёр удаа сайдаар ажиллаж байсан туршлагатай хүний хувьд ажлаа амжилттай хийнэ гэж итгэж байна. Ялангуяа авлигатай тэмцэх, улс орноо хөгжүүлэх хүсэлтэй хүний хувьд энэ талаараа бид хоёр адилхан гэж бодож байна.

Монгол Улс, БНСУ-ын хооронд хэл, түүх, газар зүйн хувьд ижил төстэй зүйлс байдаг учраас ах дүүс гэж боддог. Монголоос олон хүн БНСУ-д ажиллаж,амьдарч Солонгосын эдийн засагт хувь нэмрээ оруулж байгаа.

Бидний уулзалт хоёр орны харилцааг улам хөгжүүлэх сайхан уулзалт болоосой гэж хүсч байна” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНСУ-ыг асар богино хугацаанд үсрэнгүй хөгжилд хүргэсэн удирдагчдын түүхийг сонирхон судалсан талаараа дурдаж, тус улсын Ерөнхийлөгчтэй анх удаа уулзаж байгаа хэдий ч цаашид нягт хамтран ажиллаж, хоёр орны найрсаг хамтын ажиллагааг илүү амжилттай хөгжүүлж чадна гэж найдаж байгаагаа илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс БНСУ-д ажиллаж амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн талаар баримтлах бодлогодоо уян хатан хандахыг хүсээд улс орон маань хөгжиж монголчууд тус улсад ажиллах гэж биш жуулчилж очдог болох цаг ойрхон байгаа гэж боддогоо хэллээ. Мөн Монгол Улсын иргэд БНСУ-д зорчих боломжийг илүү нээлттэй болгож, визгүйн хэлэлцээрт анхаарал хандуулахыг хүсэв.

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин визгүйн хэлэлцээрт анхаарал хандуулах болон тус улсад ажиллаж амьдарч байгаа монголчуудын талаар баримтлах бодлогодоо анхаарна хэмээн амлав. Мөн Зүүн Хойд Ази түүний дотор Солонгосын хойгийн аюулгүй байдлыг сахин хамгаалах, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцаж Монголын талын Улаанбаатарын яриа хэлэлцээ санаачилга болон Түмэн голын төсөл зэрэг төсөл хөтөлбөрүүдийг эрчимжүүлэхээр ярилцав.

Хоёр орны Ерөнхийлөгч бүхий л салбарт хамтын ажиллагаа өргөжүүлэн хөгжүүлэхэд санал нэгтэй байгаагаа илэрхийлээд бие биеэ тун удахгүй харилцан айлчлал хийхийг урилаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Мээм байцаагч түшмэл” нийтлэл хэвлэгдэн гарлаа

.“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийсэн талаарх тойм мэдээлэл нэг болон тавдугаар нүүрт нийтлэгдлээ. Г.Доржзодовын “Нотлох баримтыг хүлээлгэн өгөхөд байцаагч надаас “Энэ яг эх файл нь мөн биз” гэж олон удаа асуусан” хэмээх ярилцлагыг нэг болон долдугаар нүүрээс уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болж байдаг гуравдугаар нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Мээм байцаагч түшмэл” нийтлэл хэвлэгдэн гарлаа.

Улстөрийн ярилцлагын дөрөвдүгээр нүүрт МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Н.Дэмбэрэл “Одоо манай үеийнхэн нэг алхам ухарья” хэмээн ярьжээ.

Баримт үйлд явдлын зургадугаар нүүрт “Дорвитой алхам хийхгүй бол Монголын хүний эрхийг хамгаалагчид урьдын адил дарамт шахалт, хүчирхийлэлд өртсөөр байх болно” хэмээн хүний эрхийн байгууллагын төлөөллүүд ярьж байна.

Цаг үе, үйл явдлын арваннэгдүгээр нүүрт, судлаач Д.Дашдаваа “Биднийг хуурсаар өнөөдрийг хүрлээ. Тиймээс аргаа бараад Үндэсний Аюулгүйн зөвлөлд хандсан” хэмээн их хэлмэгдүүлэлтийн талаар ярилцлага өгчээ.

Спорт мэдээллийн 12 дугаар нүүрт Универсиад их наадмын пүүл биллиардын аварга Б.Нарантуяагийн “Миний дараагийн зорилго дэлхийн аварга болох” гарчигтай ярилцлага гарлаа. Өөрөөс нь хэмээх 13 дугаар нүүрт олноо тогдгор хэмээн алдаршсан, гавьяат жүжигчин, алиалагч нэрт лимбэчин Д.Галдсантогтохын ярилцлага нийтлэгджээ.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Баруун аймгийн малчдын дийлэнх нь оторлоно гэлээ

Related image

Өнөө жил Монгол орны нийт нутгаар олон жилийн дунджаас давсан хэт их халалт, хуурайшилт, гантай жил тохиолоо. Ялангуяа Ховд, Завхан, Говь-Алтай, Увс зэрэг баруун аймгийн нутгаар өнгөрсөн зун хур бороо төдийлөн сайн ороогүйн улмаас ургамлын гарц муудаж, бог, бод мал намрын сарыг үзтэл төдийлөн тарга тэвээрэг авч чадаагүй байна. Улмаар малчид ирэх өвлөөс урьтан хэдэн малаа зарж борлуулах зэргээр эдийн засгийн эргэлтэд оруулж эхэлсэн. Зарим малчид өвс, ургамал сайтай хангайн бүс нутгаар малаа оторлсоор байгаа гэнэ.

Энэ талаар Ховд аймгийн Дарви сумын хоёрдугаар багийн малчин Б.Базартай холбогдоход “Өнгөрсөн бичин жилийн өвөл манай нутгаар төдийлөн цас ороогүй. Уулаараа жаахан цастай, нийт нутгаар цоохор л өвөлжсөн. Хэт их хүйтэрч, цас, зуд гэхээр зүйл болоогүй ч хаврын хэдэн сар хүйтэрч, бог, бод мал идэх өвсгүй болсон. Улмаар зуны сар гарч байж л шинэ өвс зулгааж эхэлсэн. Гэвч бороо орохгүй, хэт их халж, шороон шуургатай байснаас болоод намрын сар гартал мал олигтой тарга авч чадаагүй ээ. Одоо ирэх өвөл хэдэн малаа яаж онд оруулна даа гэж санаа зовсоор л сууна. Манай нутгийн зарим малчид малаа Баянхонгор, Архангай зэрэг аль болох өвс сайтай хангайн нутгаар оторлож байгаа. Манайх ч удахгүй нүүнэ дээ” хэмээв.

Categories
мэдээ эдийн-засаг

Өнөөдөр 19 хувьцаат компанийн 60,389 ширхэг хувьцаа арилжжээ

Related image

Өнөөдөр I, II, III ангиллын 19 хувьцаат компанийн 60,389 ширхэг хувьцаа арилжигдсанаас 9 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 8 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Монгол нэхмэл’ компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 8.7 хувиар өссөн бол ‘Шарын гол” компанийн ханш хамгийн өндөр буюу 11.73 хувиар уналаа.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 680 ширхэг үнэт цаас 66,300,000 төгрөгөөр арилжаалагдлаа. Компанийн өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 61 ширхэг үнэт цаас 6,100,000 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Энэ өдөр ‘MSE ALL’ индекс 960.0 нэгж болж 1.51 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1,805,150,205,629 төгрөг болсон байна.

Categories
мэдээ нийгэм

Жолооч нарыг шөнө гэрлээ шилжүүлж байхыг сануулав

Related image

Орон нутгийн замд жолооч нар шөнө машины гэрлээ шилжүүлдэггүйгээс авто замын осол их гардаг. Тиймээс гэрлээ шилжүүлж, эсрэг урсгалаар зорчиж байгаа жолооч, зорчигч нарын аюулгүй байдлыг хангах шаардлагатайг албаныхан санууллаа.

Сүүлийн жилүүдэд автомашины марк, загвараасаа хамаарч гэрэлтүүлэг нь илүү хурц, тод болсоор буй. Иймд жолооч нарыг стандарт бус гэрэлтүүлгийг тээврийн хэрэгсэлдээ суурьлуулахгүй байхыг ЗЦГ-аас сануулж байна.

Categories
мэдээ нийгэм

Орхончууд автомашиндаа “ОРК” гэсэн дугаар авахаас дургүйцэв

Шинээр автомашин худалдан авч буй иргэд өөрт ээлтэй, бэлэгшээлтэй улсын дугаар авч, болвол “Азын” гэх дугаарыг авах сонирхолтой байдаг. Азын дугаар гэх сонин ойлголт зөвхөн Монголд байдаг. Гадаадынхан бол гар утас, унаа машин, гэрийн хаалганы дугаар хэд байхыг төдий л тоодоггүй.

Гэтэл монголчууд тооны бэлгэдлийг тооцож, аль болох азын дугаар, эс бөгөөс ард урдаасаа адилхан уншигддаг байх, үгүйлээ л төрсөн он, сар өдөртэйгээ ижилсгэхийг хүсдэг. Үүнээс болж автомашины азын дугаар, алт, мөнгө, хүрэл дугаарын бизнес нэг хэсэг цэцэглэж, дугаар олголтынхонтой найз нөхөд, ах дүү хамаатан садан болохыг мөрөөдөхөд хүрч байв. Аятайхан дугаартай машин арай өндөр үнээр зарагдах жишиг ч тогтоод амжиж. Шинэ сери задармагц азын дугаар авна гэсэн хүлээлт хүртэл үүсээд байсныг үгүйсгэх аргагүй.

Мөн орон нутгийн дугаарын өмнөх буюу ДАХ, ЗАА, ХӨВ, УВА, ХОА, ГАА, АРА, гэх зэрэг серийн дугаар бий. Эдгээр серийн дугаарыг холбон унших, үүгээр утга илэрхийлж, бие биенээ шоолох тохиолдол бишгүй дээ л бий. Саяхан Орхон аймагт “ОРО” хэмээх серийн дугаарын лемит хэтэрсэн тул шинээр “ОРК” хэмээх серийн дугаар гаржээ. Гэтэл орхончууд энэхүү улсын дугаарыг голсон байна. Зарим нь бүр “Бид нарыг доромжилж байна уу” хэмээн нутгийнхаа Авто тээврийн бүртгэлийн байгууллагад гомдол гаргасан ажээ. Учир нь сүүлийн жилүүдэд нийслэлийн иргэд хөдөө, орон нутгаас орж ирсэн иргэд болон бүдүүлэг зан авир гаргаж буй хүмүүсийг “ОРК” хэмээн шоолох болсонтой холбоотой гэнэ.

Categories
гадаад мэдээ

Зика вирусыг устгах аргыг олжээ

Related imageУргийн тархины хөгжлийг зогсоон хэвийн бус буюу хэт жижигхэн толгойтой хүүхэд гарахад хүргэдэг “Зика” хэмээх вирусийг насанд хүрсэн хүний тархины хорт хавдрыг эмчлэхэд ашиглах боломжтой гэсэн хачирхалтай мэдэгдлийг Америкийн эрдэмтэн судлаачид хийлээ. Үүнийг дэлхий нийтээрээ “эрүүл мэндэд онц аюул учруулах вирус” гэж үзэж байснаас биш “эмчилгээний арга” гэж харж байгаагүй юм.

Тэгвэл Америкийн Вашингтоны их сургуулийн Анагаах ухааны сургууль болон Калифорни муж улсын Сан-Диегогийн анагаах ухааны их сургуулийн судлаачдын хийсэн судалгааны тайланд дурдсанаар, энэ вирус нь насанд хүрсэн хүний тархины эрүүл эсийг гэмтээлгүйгээр хорт хавдрын эсийг сонгон устгаж чадах аж. Тэд судалгааны тайлангаа “Experimental Medicine сэтгүүлд саяхан нийтэлсэн байна.

Тархины хорт хавдартай хулганад “зика”-тай тарилга хийхэд хавдартай эсүүд устаж байсан гэнэ. Хүн дээр туршилт хийгээгүй байгаа хэдий ч амь насанд аюултай хавдрыг авах мэс засал хийхдээ “зика”-тай тариа хийж болно гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Америкийн судлаачид 18 сараас хэтрэлгүйгээр хүн дээр туршилт хийхээр төлөвлөж байгаа аж. Вирус ашиглан хорт хавдартай тэмцэнэ гэдэг шинэ санаа биш хэдий ч саяхан л дэлхий нийтийг түгшээж байсан “зика” вирус хавдрын эмчилгээ болж хувирсан нь хүмүүсийг гайхашруулж байна. Их Британийн Кембрижийн их сургуулийн судлаачид ч мөн дээрхтэй адил туршилтыг хийж эхэлсэн аж.
“Зика” гэж юу вэ?

Энэ бол шумуулнаас хүнд халдварладаг вирус

Халвар авсан хүн бүрт ноцтой шинж тэмдэг илэрдэггүй боловч жирэмсэн хүн халдвар авсан тохиолдолд хэвийн бус буюу хэт жижигхэн толгойтой хүүхэд гарна

Энэ вирусийн улмаас хэт жижигхэн толгойтой хүүхэд төрсөн тохиолдол 30-аад улс оронд бүртгэгдээд байна

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​АН-ын бүлэг УИХ-ын даргад анхааруулга хүргүүлжээ​

УИХ дахь АН-ын бүлгээс УИХ-ын дарга М.Энхболдод анхааруулга хүргүүлжээ. Уг бичигт дурдахдаа “Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, УИХ-ын дэгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 болон 38.2 дахь хэсгүүдэд заасны дагуу Засгийн газрыг огцруулах эсэх талаар шийдвэрлэх эцсийн хугацаа 2017 оны 9 сарын 6-ны өдөр буюу өнөөдөр билээ хэмээн сануулаад “МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудалтай холбоогүй асуудлаар завсарлага авахаар санал гаргасныг УИХ-ын дарга хууль зөрчин хүлээн авч ноцтой үйлдэл гаргалаа” хэмээн “донгоджээ”.

Түүнчлэн “Хуулийн хугацаандаа Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж чадахгүйд хүрвэл Үндсэн хууль зөрчиж, Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэх үндэслэл болохоос гадна УИХ-ын даргад хариуцлага тооцох нөхцөл үүсч болзошгүй”-г уг бичигт сануулжээ.