Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нийслэлийн МАН-ын дарга Су.Батболд болох уу?

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Сандуй албан тушаалаасаа огцрох өргөдлөө саяхан өгсөн. НИТХ-ын даргын албан тушаалаас гадна Нийслэлийн МАН-ын хорооны даргын албан тушаал эзгүйрч үлдсэн. Одоо энэ хоёр том албан тушаал дээр хэн очих вэ гэдэг тулаан ид өрнөж байна. НИТХ-ын даргад Ц.Сандуйг огцруулах хөдөлгөөнийг тэргүүлсэн гэгдэх МАН-ын Бага хурлын гишүүн төлөөлөгч С.Амарсайханы нэр явж байгаа бол нөгөө талаас буюу Ц.Сандуйг огцруулахад гарын үсэг зураагүй төлөөлөгчдийн нэг болох Ц.Сандаг-Очирыг нэр дэвшинэ гэсэн мэдээлэл байна. Нийслэлийн МАН-ын хорооны даргын улс төрийн албан тушаалын хувьд УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар дарга болох сонирхлоо ил цухалзуулж байгаа. Хэдийгээр эдгээр хүмүүсийн нэрс дуулдаж эхэлсэн ч нэгэн битүү морь сунгаанд давхиж яваа юм. Нэр нь огт яригдахгүй байгаа тэр хүн бол хотын дарга Су.Батболд. Ер нь МАН-д Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш хийж буй гол улс төр бол намын дарга нь Ерөнхий сайд болох тухай яриа болсон. Намын дарга нь Ерөнхий сайд болоогүйгээс өнөөдрийн хагарал хийгээд Засгийн газар огцрох хэмжээнд хүртлээ туллаа гэсэн шүүмжлэл хүчтэй яригдах болсон. Дашрамд дурдахад М.Энхболдыг УИХ-ын сонгуулийн дараагаар Ерөнхий сайд болно гэсэн хүлээлт байсан ч үүнийг эвдэж УИХ-ын дарга болсон. Одоо М.Энхболдын гол алдааг намын дарга байсан мөртлөө Ерөнхий сайд болоогүй гэж үзэж байгаа. Энэ нь засаг төдийгүй намын эв нэгдэл, бэхжилтэд сөргөөр нөлөөлсөн гэдгийг улс төрийн лидерүүд, ажиглагчид хэлж буй юм. Энэ үзэл санаа явсаар одоо Нийслэлийн МАН-ын хорооны даргын албан тушаал дээр яригдаж эхэллээ. Нийслэлийн Засаг дарга нь Нийслэлийн МАН-ын дарга байх ёстой гэсэн яриаг улс төрийн хашир туршлагатай хүмүүсийн амнаас дуулах боллоо. Ингэж байж улс төрийн хийгээд төрийн ажил урагштай явна гэсэн яриа нийслэлийнхний дунд ид яригдаж байна. Энэ яриа хуурай өвсөнд түймэр ассан мэт ид өрнөж байгааг хэлэх байна. Засгийн газраа огцруулахдаа тулсан МАН-ын бужигнааныг нэг толгойтой яваагүйгээс гэж өөрсдөө товчхондоо дүгнэчихсэн. Тиймээс Нийслэлийн намын хорооны даргын улс төрийн албан тушаалыг хотын дарга нь авч явах нь зүйтэй гэсэн хувилбарыг дэмжиж буй хүн олон гарч байна.

Тэгээд ч энэ нь байж болох боломжтой хувилбар юм. Сая Нийслэлийн намын дарга нь хотын даргаасаа тусдаа байснаас хоёр толгойтой болсон гэлцдэг. Нэг сүүлтэй 1000 толгойтой могойн үлгэр гэдэг шиг. Сая нийслэлийн ажилд шүүмжлэлтэй хандах болсон асуудлууд үүсэхэд ч цаад углуургаараа үүнээс болсон гэсэн дүгнэлтийг хийжээ. Тиймээс Су.Батболдыг намын даргаар тавихаар ярьцгааж байгаа гэдэг нь баараггүй болж байх шиг байна. Хотоо ч бодсон ирэх сонгуулиудаа ч бодсон нийслэлчүүдийн сэтгэлд нийцсэн ажлуудыг хийхийн тулд хот маш сайн ажиллах хэрэгтэй болоод байгаа. Ц.Сандуйгаас болж сэвтсэн нэрийг эргээд авах хэрэгтэй байгаа. Ийм үед улс төрийн хамгийн оновчтой шийдлийг Су.Батболд гэж харж байгаа бололтой.


Categories
мэдээ нийгэм

“COAL MONGOLIA -2017” олон улсын чуулга уулзалт эхэллээ

ЗурагМонголын нүүрсний дэлхийн зах зээл дэх өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой “Coal Mongolia -2017” олон улсын чуулга, үзэсгэлэн Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд эхэллээ.

Долоо дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү чуулган нийт 4 үндсэн хуралдаанаар үргэлжлэх юм. Эхний өдрийн нэгдүгээр хэсгийн хуралдаан “Нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нь” сэдвийн дор болж байна.

“Coal Mongolia” чуулга уулзалт, үзэсгэлэн нь “Нүүрсний салбарт хөрөнгө оруулалт татах, шинэ техник технологи нэвтрүүлэх, Азийн зах зээлд нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэж байна. Нүүрсний экспорт, худалдаа, тээвэр ложистик, хил гаалийн уялдаа холбоо, зохион байгуулалтыг сайжруулж, гадаад дотоодын компаниудын нүүрсний салбарт оруулсан хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх уриаг энэ жил дэвшүүлж буй юм.

Мөн энэ жилийн чуулганы гол онцлог нь “Монгол нүүрс ассоциаци”, БНХАУ-ын нүүрс ассоциациуд хоёр улсын нүүрсний салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, нүүрсний худалдааг дэмжих зорилгоор “Монгол-Хятадын нүүрсний салбарын бизнес форум”-ыг зохион байгуулж байна. Монгол-Хятадын нүүрсний салбарын бизнес форум”-ыг Фэнвэй Энержи Информэйшн Сервисез компанийн ТУЗ-ийн орлогч дарга ВК. Чан даргалах аж.

Чуулга уулзалтад Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, Монголиан Майнинг Корпорэйшн ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл, Хятадын Үндэсний нүүрс ассоциацийн Ерөнхийлөгч Ванг Шианг Зенг нарын албаны хүмүүс оролцож илтгэл тавих юм.

Чуулганы үеэр нүүрсний салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниуд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах үзэсгэлэнг нээжээ. Хоёр өдрийн турш үргэлжлэх энэхүү арга хэмжээнд гадаад, дотоодын төлөөлөгчид оролцохоор хүрэлцэн ирээд байна.

Categories
мэдээ улс-төр

Бутаны Вант Улсын Гадаад хэргийн сайдтай албан ёсны хэлэлцээ хийв

ЗурагГадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Бутаны Вант Улсын Гадаад хэргийн сайд Дамчо Доржи нар Гадаад харилцааны яаманд албан ёсны хэлэлцээ хийв.

Хэлэлцээний эхэнд хоёр улсын Гадаад харилцааны сайд нар Монгол, Бутан хоёр улс түүх, соёлын өв, шашин шүтлэгийн хувьд ижил төстэй бөгөөд Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжиж буй, далайд гарцгүй орнуудын хувьд хоёр талын болон олон улс, бүс нутгийн түвшинд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх эрмэлзэлтэй байгаагаа нотоллоо.

Сайд Ц.Мөнх-Оргил манай хоёр улс 2012 онд дипломат харилцаа тогтоосноос хойш Бутан Улсын Гадаад хэргийн сайд анх удаа Монгол Улсад айлчилж байна. Үндэсний өв соёлоо нандигнан хадгалж ирсэн бутанчуудаас суралцах зүйл их бий. 2016 онд Монгол Улсын Гадаад харилцааны сайдын хувиар Бутан Улсад айлчлах үеэр харилцаа, хамтын ажиллагааг хөдөө аж ахуй, аялал жуулчлал, эрүүл мэнд гээд олон салбарт хөгжүүлэх талаар ярилцсанаа онцлов.

Бутан Улсын Гадаад хэргийн сайд Дамчо Доржи “Монголын сайхан оронд анх удаа айлчилж байгаадаа баяртай байна. Бид монголчуудаас гаралтай хүмүүс. Хоёр улсын Гадаад харилцааны сайд нар богино хугацаанд харилцан айлчилж байгаа нь Монгол, Бутаны харилцаанд чухал үйл явдал болж байна” хэмээн тэмдэглэв. Мөн хөдөө аж ахуй, эрүүл мэндийн салбарт Монгол Улсын туршлагаас судалж, оюутан суралцуулах, Монголоос адуу, сарлагийн хөлдөөсөн үр, монгол банхар авах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагааны хүрээнд хамтын ажиллагааг эхлүүлж, манай “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны сургалтад оролцох хүсэлтэй байгаагаа нотлов.

Сайд Дамчо Доржи Монгол Улс Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг эх орондоо байгуулж байгаад баяр хүргээд энэхүү байгууллагад тус улс удахгүй албан ёсоор элсэхээр ажиллаж байгаагаа мэдэгдэв. Өмнөд Азид аялж буй монголчууд аяллынхаа маршрутад Бутаныг нэмээсэй, энэ чиглэлд төлөөлөгч солилцож, харилцан улс орноо сурталчлая хэмээх саналыг бутаны тал дэвшүүлэв.

Categories
мэдээ нийгэм

Шинэ технолги ашиглан хүүхдийн сонсголын эмгэгийг илрүүлж, эмчилнэ

Нярайн тандалт шинжилгээ буюу скринингээр илэрхий шинж тэмдэггүй төрөлхийн ба удамшлын өвчнийг энгийн, хурдан, аюулгүй аргаар баталгаатай технологи ашиглан, нярайн эрт үед илрүүлэн оношилж, эмчилгээнд хамруулна. Ингэснээр нярайн өвчлөл, эндэгдэл, хөгжлийн бэрхшээл үүсэхээс эрт сэргийлэх төдийгүй нийгмийн халамж, тусгай боловсролд зарцуулах зардлыг бууруулах нийгэм эдийн засгийн ач холбогдолтой. Жишээ нь Герман улс 100,000 хүүхдэд скрийнинг хийхэд жилдээ 200,000 ам долларыг зарцуулдаг бөгөөд хэрэв сонсголын скрийнинг хийж илрүүлээгүйгээс тухайн хүүхэд сонсголгүй болбол тухайн хүн 70 нас хүртэл амьдрахдаа эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамж зэргээс нийт 1,5 сая долларын зардлыг гаргадаг гэсэн тооцоо байна.

Сонсголын төрөлхийн бэрхшээл нь нярайд элбэг тохиолддог эмгэгийн нэг. Хүүхдийн сонсгол бууралтыг оройтож мэдсэнээр цаашдаа хэлгүй, дүлий байдалд хүргэдэг. Манай оронд нийт хүн амын 12.1%-д сонсголын эмгэг илэрч, одоогоор 240’000 гаруй хүн сонсголын өөрчлөлттэй байна. Иймд Улаанбаатар Пийс Авенью Ротари клуб нь 2016 онд хүүхдийн сонсголын илрүүлгийн 5 төхөөрөмжийг Улаанбаатар хотын төрөх болон ЭХЭМҮТ болон УНТЭ-д бэлэглэсэн. Мөн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдийн чадавхийг сайжруулах чиглэлээр “Нярай болон хүүхдийн сонсголын эмгэг илрүүлэх скрийнинг” сургалтыг АНУ-ын эмч, мэргэжилтэний тусламжтайгаар зохион байгуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Баянзүрх дүүрэгт нийслэлийн Засаг даргын бие төлөөлөгчөөр Д.Энхтөрийг томиллоо

Баянзүрх дүүргийн Засаг даргын томилгоотой холбоотой маргаантай асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэж, төрийн ажлыг гацаалгүй явуулах зорилгоор тус дүүрэгт Нийслэлийн Засаг даргын бие төлөөлөгчөөр Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч- Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөрийг томиллоо. Өнөөдөр нийслэлийн Засаг даргын Тамгын газрын холбогдох албан тушаалтнууд Баянзүрх дүүрэгт очиж, хотын даргын захирамжийг танилцууллаа. Нийслэлийн Засаг даргын бие төлөөлөгч Д.Энхтөр нь Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд МАН олон АН-аас сонгогдсон, бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн төлөөлөгчдийг хамтран хуралдуулж, тус дүүргийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хуулийн дагуу шийдвэрлүүлэх үүрэгтэй юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Шадар сайд У.Хүрэлсүх Тусгай хяналтын дэд хорооны хуралдаанд орлоо

Тусгай хяналтын дэд хорооны хуралдаан Төрийн ордны Г танхимд хуралдаж байгаа билээ. Дөнгөж сая Шадар сайд У.Хүрэлсүх дэд хорооны хуралдаанд орохоор өрөөнөөсөө гарлаа. Түшний араас Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг зурсан гишүүд гарч ирлээ. Тэд Шадар сайдын өрөөнд хуралдаад ийнхүү тарсан юм. Шадар сайдын өрөөнөөс М.Оюунчимэг, Н.Учрал, Л.Энхболд, Х.Нямбаатар, О.Батнасан, Ц.Гарамжав, А.Сүхбат, Г.Солтан, Ц.Даваасүрэн тэргүүтэй гишүүд гарч явлаа.


Categories
мэдээ цаг-үе

Н.Учрал: Дарга нарын хоорондох үл ойлголцол өнөөдөр МАН-ыг ийм байдалд хүргэлээ

“Өдрийн сонин”-ы 2017.08.31-ний пүрэв гаригийн 185(5752) дугаараас авч нийтлэв.

УИХ-ын гишүүн Н.Учралтай ярилцлаа.


-МАн-ын зарим гишүүн Засгийн газраа унагахаар гарын үсэг зурсан. Таны хувьд ямар үндэслэлээр Засгийн газраа огцруулахаар гарын үсэг зурсан юм бэ?

-Төр засаг тогтвортой байна гэдэг бодлого тогтвортой байхыг хэлж байгаа юм. Бодлого тогтвортой байна гэхээр нэг хүн, эсхүл нэг субьект тогтвортой ажиллахыг хэлж буй биш. Бодлого хэрэгжүүлэх хүн нь зөв, цаг үедээ нийцсэн, мэргэжлийн байх ёстой гэдэг утгаар асуудалд хандаж байгаа юм. Түүнээс биш Засгийн газрын гишүүдэд хувь хүнийхээ өнцгөөс хандсан зүйл байхгүй. Бодлого яагаад тогтворгүй болсон бэ гэвэл МАН 2016 оны сонгуульд мөрийн хөтөлбөрөө дэвшүүлээд оролцсон. Мөрийн хөтөлбөрийн 90 орчим хувь Засгийн газрын хөтөлбөрт суусан. Цаг үеийн шат дараалалтай хэрэгжээд явах ёстой байлаа. Гэтэл тэгж явсангүй. Хөтөлбөр хэрэгжиж чадахгүй байна гэдэг бодлогын тогтворгүй байдалтай холбоотой. Хэрэгжүүлэхгүй болохоор ард түмэн Ерөнхийлөгчийн сонгуулиар манай намд дүнгээ тавилаа. Бид нарт тавьж буй дүн шүү дээ. УИХ-ын гишүүн гэдэг гүйцэтгэх эрх мэдлийг төлөөлдөггүй. Хууль тогтоох эрх мэдэлтэй шүү дээ. Бидний амласан зүйлийг хэн хэрэгжүүлэх вэ гэхээр Засгийн газар. Нэг ёсондоо гишүүдийг төлөөлдөг төрийн субьект нь Засгийн газар. Энэ асуудлыг нэгдүгээрт харах ёстой. Хоёрдугаарт гэвэл өнөөдрийн Засгийн газар гаргасан шийдвэрээсээ маш олон удаа буцсан. Энэ нь Их хурлын гишүүдийг эвгүй байдалд оруулдаг. Засгийн газар шийдвэрээ гаргасны дараа бүлэг үүнийг эсэргүүцэж байна гээд буцаадаг. Намын бодлого юм чинь гээд чимээгүй дагаад өнөөдрийг хүрлээ. Цаашид яах юм, энэ маягаараа яваад байх уу.

-Огцруулах үндсэн шалтгааны нэг нь концессын гэрээ биз дээ?

-Энийг сөхөхөөс аргагүй. Нэр бүхий компаниудад концессын гэрээгээр ажлыг нь өгчихсөн байна. Уг нь бол концессын гэрээгээ зогсоох тогтоол гаргасан байсан. Гэтэл яахаараа өмнөх шийдвэрээ зөрчиж гэрээ байгуулдаг юм бэ. Энэ асуудлыг нь бүлгийн хурал дээр сөхөж ярихаар “Тэгвэл тэр концессыг чинь больчихъё, зогсоочихъё” гэдэг. Хүмүүсийг ярихаар шийдвэрээ цуцлаад, ярихгүй байхаар хэрэгжүүлээд байх юм уу. Ийм байдлаар цаашаа явна гэж байхгүй. Анх бид татвар нэмнэ гэж байхад нь за яахав, ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах гэж байгаа юм чинь гээд эсэргүүцээгүй. Засгийн газраа ямар ч тохиолдолд дэмжье, тогтвортой байлгая гээд явж байсан. Гэтэл нөгөө хэд маань гаргасан шийдвэртээ үнэнч байж чадсангүй. Хэрэв шийдвэртээ үнэнч байсан бол асуудал гарахгүй байсан. Гэтэл “УИХ-ын гишүүд ээ, энэ шийдвэрийг өөрчлөөд өгөөч” гээд оруулаад ирдэг.

-Яг ямар шийдвэрийг тэгж буцаагаад байсан юм бэ?

-“Приус” автомашины татварыг нэмье гээд нэмсэн. Гэтэл өөрсдөө дахиж оруулж ирээд болиулж байх жишээтэй. Хууль, шийдвэр гэдэг ард түмний дунд хэрэгжиж нийгмийн харилцааг зохицуулдаг. Хамгийн сайн хууль амьдралтай ойр байх ёстой. Амьдралд нийцсэн шийдвэрүүд тун бага гаргасныг ард түмэн дүгнээд дүнгээ тавьсан. Анхнаасаа шийдэмгий, гаргасан шийдвэртээ үнэнч байсан бол асуудал үүсгэхгүй, дэмжээд явах байсан. Угаасаа тэгж явсан бол бид дөрвөн жилийн дараа хамтдаа үр дүнгээ хүлээнэ. Амласан амлалтаа шат дараатай хэрэгжүүлэхгүй бол 2020 онд бид дахиад ард түмэндээ ярих хэлэх зүйлгүй болно. Өнөөдөр өөрөөсөө тав, гурван цаас гаргаж хичээлийн хэрэгсэл гардуулаад явж байна. Эмнэлэгт тоног төхөөрөмж хэрэгтэй боллоо гэхэд бас л хувийн хөрөнгөөсөө асуудлыг шийддэг. Би л гэхэд Сонгинохайрхан дүүрэгтээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүүхдэд зориулан цэцэрлэг бариулж байна. Ингэж бага багаар болгохоос өөр аргагүй. 72 сургууль, цэцэрлэгийг концессын гэрээгээр барина гээд л ярьж байсан. Гэтэл хамгийн хэрэгтэй ажлынхаа гэрээг хийж урагш явуулахгүй байж хаа хамаагүй гэрээ байгуулаад явах юм. Манай намын хамгийн түрүүнд хэрэгжүүлэх ажил “Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөр байсан. Гэтэл хүүхэд бүр цэцэрлэгт хамрагдаж чадаж байгаа юм уу. Гурван ээлжээр хичээллэж буй сургуулийг хоёр ээлжтэй болгоё гэхээр улсын төсөв хүрэлцдэггүй. Тиймээс бид ажлаа эрэмбэлэх ёстой. Ядаж хүүхдүүд нь цэцэрлэг, сургуульдаа ямар нэгэн сугалаагүйгээр явах хэрэгтэй байна. Үүний төлөө шийдвэртээ үнэнч бай гээд байгаа юм. Түүнээс биш Засгийн газрыг огцруулъя гэж 30 хүн гарын үсэг зураад бие биеэсээ урвасан зүйл байхгүй. Бид зарчим л ярьж байна. Яагаад гэвэл бид ард түмнийхээ итгэлийг хүлээж сонгогдсон. Бодлого зөв байвал хэн ч ажиллаж болно. Бодлогыг зөв болгохын тулд УИХ ажиллаж байна. Бас нэг зүйл бий. Их хурлын гаргасан шийдвэрийг Засгийн газар удаана гэдэг төрийн албаны хамтын ажиллагаа, уялдаа холбоо байхгүй болсныг харуулж байгаа юм. УИХ Эрдэнэтийн асуудлаар тогтоол гаргаад өгсөн, Хөгжлийн банк, Монголбанкийг шалгасан. Одоо хаана, хэнийг нь шалгаад байгаа юм. Шийдвэрийг хэрэгжүүлж байгаа нь хаа байгаа юм бэ. Засгийн газрыг хэрэгжилтийг хангаад өг гэдэг. Гэтэл тэгж ажиллахгүй байсаар өнөөдрийн нөхцөл байдалд хүрлээ.

-Та Засгийн газрыг шийдвэрээсээ буцдаг гэж байна. Гэтэл УИХ-ын гишүүд та нар шийдвэрээ буцаагаач гэж шахаад байдаг биз дээ?

-Засгийн газар өөрсдөө саналаа оруулаад ирж байгаа юм. Бид хууль оруулж ирсэн юм бол түүгээрээ яв гэсэн зарчим баримтална. Засгийн газар кабинетын зарчмаар ажиллаж байгаа юм бол багаараа шийдвэрээ гаргаад тэрэндээ үнэнч явах хэрэгтэй. Н.Учрал нэг юм хэлээд байна гээд шийдвэрээсээ буцах ёсгүй юм. Зарчим нь ердөө энэ. Бид УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд шүүмжилж болно, ярьж болно. Гэхдээ Засгийн газар шийдвэртээ үнэнч байх ёстой.

-МАН-ын бүлэг хоёр өдөр хуралдлаа. Юу ярив?

-Ямар үндэслэлээр Засгийн газрыг огцруулахаар өргөн барив гэдэгт тайлбараа тавьж байна. Асуулт асууж, хариултаа хэллээ. Тогоон дотроо байгаа учраас хүн бүр үзэл бодлоо хэлсэн. Түүнээс биш зурсан, зураагүй гэж хоёр хуваагдчихаад байгаа юм биш. Бид адилхан УИХ-ын гишүүд. Нэгнийхээ санал, дүгнэлтэд хүндэтгэлтэй хандаж байгаа.

-Одоо тэгээд тогоон дотроо учраа олж чадах нь уу?

-Саналаа хураая, гэхдээ гарсан шийдвэрийг бүгд хүлээн зөвшөөрье гэсэн байр суурьтай байгаа.

-Ер нь муу ажиллаж байгаа сайд нараа сугалж аваад тохироо хийж болохгүй нь уу?

-Миний хувьд МАН-д анх удаа ийм үйл явдал болохыг харж байна. Би энэ намын хамгийн том үнэт зүйлийг асуудлаа дотроо шийддэг, эв нэгдэл гэж харж байсан. Ингэж ч бодоод намдаа элссэн. Одоо бүр учрыг нь олохоо байлаа. Нэг ёсондоо үнэхээр урам хугарч байна. Нэг хүний асуудал биш шүү дээ. Кабинетыг удирдаж байгаа багийн зохион байгуулалтаас боллоо гэж харж байгаа. Бас нэг зүйл бий. Ер нь Засгийн газар тэргүүлж байгаа хүн улс төрийн албаа давхар хашихгүй бол шийдвэр гаргах боломжгүй болдог юм байна. Намын дарга Ерөнхий сайдаар томилогдохгүй бол ийм асуудал үүсдэг юм байна. Сонгодог парламентын засаглалтай улс оронд намын дарга нь Ерөнхий сайдаар ажилладаг. Тэгэхээр манай намын алдаа энэ байж. Энэ үнэт зүйлээ алдчихаж. Гэхдээ бид шинээр кабинет бүрдүүллээ гэхэд нам дотроосоо л сонгоно. Манай намын дарга нар асуудалд ухаалаг хандаж эвлэлдэн нэгдээсэй гэж бодоод байгаа юм. Өнөөдөр Ерөнхий сайд, Шадар сайд хоёр нь нэгийгээ тагнасан, чагнасан гэх хэрүүл хийж байна. Ингэхээр бид яаж Засгийн газраа дэмжих юм бэ. Хоорондоо ойлголцохоо больчихсон. Ийм байдал үүсээд байхаар УИХ-ын гишүүдэд итгэл, үнэмшил байх уу. Дарга нарын хоорондох үл ойлголцол өнөөдөр биднийг ийм байдалд хүргэж байна.

-Үүсээд байгаа асуудлыг хэзээ шийдэх юм бэ. Ээлжит бус чуулган хэзээ хуралдах вэ?

-Хуулиараа бол хүссэн хүсээгүй Байнгын хороо, чуулганаар орох ёстой. Ирэх долоо хоногийн лхагва гариг ээлжит бус чуулган хуралдаж шийдвэр гаргасан байх ёстой эцсийн хугацаа.

-Засгийн газрыг огцруулах гишүүдийг анзаараад байхад ихэнх нь шинэ, залуу гишүүн. Бас НАМЗХ-ныхон байх шиг. Жишээлбэл, таныг У.Хүрэлсүхийн хүн гэдэг. Ах нарынхаа өмнөөс залуучууд нь гүйгээд байгаа юм биш үү?

-Уг нь гарын үсэг зурсан гишүүдийг харвал тэгж их овоглогдоод байх хүмүүс биш. Би У.Хүрэлсүх даргатай ажиллаж байсан. Энэ хүнийг намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байхад намд орж ирсэн. Дэргэд нь ажиллаж байлаа. Мөн НАМЗХ-нд ажиллаж байгаа нь үнэн. Гэхдээ би өөрийн итгэл үнэмшлээр сонголтоо хийсэн. Зүгээр нэг сэтгэл хөдлөлөөр асуудалд хандахгүй.

-Гэхдээ нийгэм та нарыг гар хөл боллоо гэж харж байгаа?

-УИХ-ын гишүүдийг хөгшин, залуу гэж ангилдаггүй учраас, бүгд адилхан бүрэн эрхтэй учраас өөрсдийн итгэл үнэмшлээр гарын үсэг зурах, эсэхээ шийддэг. Одоогийн Засгийн газрын гишүүдтэй бүгдтэй нь сайхан харилцаатай. Асуудал дууссаны дараа бие биеэ хүндэтгээд хамтран ажиллана. Нэг хүнийг дэмждэг байлаа гэхэд тухайн хүнийхээ бүх шийдвэрийг дагана гэж байхгүй.

-Тагнасан, чагнасан асуудал юу болж байна. Сүүлдээ У.Хүрэлсүх өөрийгөө тагнуулсан болчихов уу?

-Тэр асуудлыг дотроо ярилцах ёстой. Нотлох баримт хангалтгүй зүйлийг АТГ яллагдагчаар тат гэсэн бичгийг прокурор руу шиднэ гэдэг байж боломгүй. Дээрээс нь өөрийгөө тагнаж, чагнасан гэх зүйл хаана байдаг юм бэ. Би энийг ерөөсөө ойлгохгүй байгаа. Хэрэгтэй нь танилцаагүй болохоор мэдэхгүй. Гэхдээ ийм зүйл гэж хаа ч байхгүй. Өөрийгөө тагнадаг, чагнадаг зүйл гэж ер нь юу яриад байгаа юм бэ. Тэгж яриулж байгаа хүмүүс нь ч гэсэн Засгийн газрын ордонд дээр, доороо сууж байж асуудлаа ярилцаад шийдчихэж болохгүй байна уу. Ер нь тэгээд төрийн эрхийг хууль бусаар авах гэж байгаа гэх зүйл ангийг яаж гаргаж ирээд байгаа юм бэ. Хэн Ерөнхий сайд болох гээд байна вэ. Хуулийн байгууллага хэвлэлийн мэдээгээр, эсхүл сургаар ажиллаж болохгүй биз дээ. Дээрээс нь би гарын үсэг зурснаар хүн чанар, ёс жудаг гэж юу байдгийг харж байна. Над руу “Чи яах гэж гарын үсэг зурсан юм бэ” гэж залгаж байгаа хүн ч байх юм. Зарим нь бүр хэвлэлээр янз бүрийн зүйл ч явуулж байх шиг. Гэх мэтээр миний нөхөр гэж бодож байсан хүмүүс жижигхэн асуудлаас үл ойлголцол гаргаж байгаад харамсаж байна. Өөр өөрсдийнхөө үзэл бодлыг хүндэтгээд энэ асуудлыг дуусгах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Ер нь хов живээр ажил хийдэг байж болохгүй. Дээрээс нь улс төрд хуулийн байгууллагыг хамруулах шаардлага алга. Үүнийг зогсоох ёстой.

-Гарын үсэг зурсан 30 гишүүний заримыг дарамталсан гэж дуулдсан. Нэг нь та юм байна?

-Тийм дарамт ирж л байна. Би бүлгийн хурал дээр ч хэлсэн. Би өөрийн үзэл бодлоороо гарын үсгээ зурсан. Одоо намайг шахаад, боль гэсэн зүйл ерөөсөө битгий шаард. Байр сууриндаа хатуу байна гэдгээ хэлсэн. Би яах гэж УИХ-ын гишүүн болсон юм бэ. Би өөрийн итгэл үнэмшилдээ үнэнч байх ёстой биз дээ. Дээрээс нь би сонгогчдоосоо асууж байна. Тэр хүмүүс санал бодлоо надаар дамжуулж байгаа. Өнөөдөр би 50 мянган иргэнийг төлөөлж УИХ-д сууж байгаа.

-Таныг бас шантаажилсан гээд байгаа?

-Би үзэл бодолдоо итгэж хууль зүйн үндэслэлүүдээ харж байгаад гарын үсгээ зурсан. Би өнгөрсөн сонгуулийн үеэр бүх аймгаар явж иргэдтэй уулзсан. Нөхцөл байдал ямар байгааг би дэндүү сайн мэдэрсэн.

-Сар гаруйн өмнө УИХ-ын гишүүн хүчингийн хэрэгт холбогдож нийгэмд шуугиан тарьсан. Таны нэр бас араас нь яваад эхэллээ. Тайлбар өгөөч?

-Наад хошин шогийн яриаг чинь дам сонссон. Тодорхой мэдээлэл алга байна. Ховоор сонссон гэх үү дээ.

-Таныг гарын үсэг зурсан болохоор нам дотроос чинь ийм мэдээлэл гаргаад байх шиг ээ?

-Тийм юм шиг байна. Би гарын үсэг зурсныхаа буянаар их зүйл дуулах бололтой. Гэхдээ иймэрхүү хов битгий ярь. Би хорхойд хоргүй хүн. Одоо улс төрийн халуун өдрүүд эхлэхээр эрчүүд нь хүчирхийлэгчид болох юм уу. Арай дэндлээ шүү дээ. Магадгүй нэг өдөр Г.Тэмүүлэнг, дараагийн өдөр Н.Цэрэнбатыг гээд насны дарааллаар бүгдийг нь ярих уу. Одоо ийм ховын асуудлаа больчихвол яасан юм бэ. Дээрээс нь ийм байдлаар улс төр хийх хэрэггүй. Ямар ч үр дүнд хүрэхгүй. Тиймээс ийм утгагүй, тэнэг зүйлийг тоогоод байх шаардлага ч алга. Надад тийм асуудал байхгүй.

-Таныг хүчиндсэн охиндоо “Лексус-570” машинаа өгч тохиролцсон гэж ч ярьж байна?

-Инээдтэй юм. Тийм зүйл байхгүй учраас үнэндээ юу гэж тайлбарлахаа ч мэдэхгүй байна.

-Дотроо учраа ололцохгүй байгаа энэ асуудал 2020 онд МАН-ыг унагах шалтгаан болж байх шиг. Өөрсдийгөө унагах зүйлээ та нар хийгээд байгаа юм биш үү?

-Засгийн газраа унагаж намын даргаа солилоо гэхэд тэр хүний үлдсэн гурван жилд хийх ёстой хамгийн чухал асуудал намын эв нэгдлийг хангах байх. Бид нэг нам гэдгийг ухаарсан хүн байгаасай. Ажлаа мэддэг, салбараа ойлгодог хүмүүсээр кабинетаа бүрдүүлээд ажиллах хэрэгтэй.

-Одоо тэгээд мэдэхгүй, чадахгүй байгаа сайдаа сугалж аваад Засгийн газраа үлдээж болохгүй нь уу. Ядаж л гадны хөрөнгө оруулагчдын итгэлийг алдахгүй биз дээ?

-Засаг яахав солигдож болно. Өөр нам засаг барих гээд байгаа зүйл алга. Нэг нам учраас асуудлаа шийдээд явна.

-Багш нар ажил хаяна гэж жагслаа. Та Залуу багш нарын холбоог тэргүүлдэг хүний хувьд тэдэнтэй уулзав уу?

-Багш нарыг цалинг нэмэх ёстой. Бага, дунд, ахлах ангийн багш нарын цалинг шат дараалалтай нэмдэг тогтолцоогоо бид алдсан. Насаараа ажиллаж буй багшийн цалин нэг жил ажилласан хүнийхээс дөрвөн мянган төгрөгөөр илүү байгаа. Ийм байж болохгүй. Тиймээс шийдэх л ёстой. Гэхдээ цалинг үе шаттай нэмэхэд хугацаа хэрэгтэй.


Categories
мэдээ цаг-үе

Цэн тогоруу сүрэглэсэн ногоон талаар давхисаар Цэцэн Сартуулын нутагтаа амгалан мориллоо

Зүрх сэтгэлд зүү оромгүй далд нэгэн нандин мэдрэмж, зөн совингийн үзүүрт энгэр цээж бялуурам бялхуулсан гоё зүүднийхээ хөшгийг нээхдээ залбирч боссон би үүр шөнийн заагаар аян замд гарав. Зүсэрсэн зөөлөн бороотой Улаанбаатар хотыг унтаагаар нь орхиж, хөөрч амжаагүй манан будан хүүшилсэн уулын энгэр бэлээр Ялгуусан хутагтыг даган хурдална. Архангай аймгийн Төгс Баясгалант Буян дэлгэрүүлэх хийдэд морилж, аяны жолоог цааш сунгах тул ийнхүү цувааг ширүүхэн хөтөлжээ. Цэн тогоруу сүргээрээ буусан ногоон талыг зүсэн баруун зүгийг зорьж явахад энгэр цээж уярлаар дүүрч явлаа. Магадгүй би бичгийн хүний билэг ерөөлөөр харсан байж болох юм. Сүрэг тогоруу бүгд баруун зүг харж толгойгоо мэхийлгэсэн байв. Хамт явсан дөрөвтөө “Цэн тогоруу сүрэглэжээ” гэж хэлсэн. Тэд дуу алдан баяссан ч нов ногоон тал дунд төв замаас 100 метр хүрэх үгүйтэй газар буун, толгойгоо баруун тийш мэхийлгэж, цөмцийн зогсоо хөх цэнхэр шувуудыг тогтоож харсан эсэхийг мэдэхгүй юм.

Бороо зүсэрсээр л… Цуваа ширүүхэн довтолсоор бага үдийн алдад Архангай аймгийн төв, Төгс Баясгалант Буян дэлгэрүүлэх хийдэд Ялгуусан хутагт бусад лам хуваргуудын хамт морилж, бурхан шүтээнд аврал одуулж явтал Бакула ренбүчигийн хойд дүрээр тодорч Монголд морилоод байсан хувилгаан лам залрав. Хутагт лам нар золгож, бид цааш хөдөлсөн юм. Булган уулыг энгэрээр нь нар зөв ороож баруун хойд даваагаар нь давах тул манайхан түрүүлж очин зураг дүрс авахаар болов. Цувааны машин ягуу зугуухан наашилж бид камер нисгэлээ. Ийнхүү хутагтын их цуваа даваа даван холдож, бид эргэж эзэндээ ирэхгүй алга болсон нисдэг камераа эрэн хадтай, модтой уулыг бүтэн хоёр цаг самнаж, арайхийн хэдэн хэсэг болсон камераа хагас дутуу олж аваад цааш хөдөлсөн юм. Эзэндээ эргэж ирээгүй хөөрхий камер маань уулын догшин салхины урсгалд цохигдон модны ёроолд тарж бутран унасан байлаа.

Бидний энэ цуваа бол Завхан аймгийн Идэр сумыг зорьж яваа эргэл мөргөлийн цуваа юм. Учир юу вэ хэмээвээс Ялгуусан хутагтын 17 дугаар дүрээр тодроод байгаа Данзинванчүг гэгээнтэнд урд дүрийнх нь шавь нутгийнхан хүндэтгэл үзүүлж, Бат оршил өргөх ёслол, Даншүг наадам зохион байгуулах тов дөхсөн тул бултаараа Завхан нутгийг чиглэн ширүүхэн шиг давхиж яваа нь энэ. Ялгуусан хутагтын 17 дугаар дүрээр Архангай аймгийн Цахир сумын харьяат, Халзанбүргэдэй уулын энгэрт төрсөн Чимээхүүгийн Бат-Амгалан тодорсныг 2016 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр Энэтхэг улсын Дели хотноо Дээрхийн гэгээн 14 дүгээр Далай лам Данзанжамц батламжлан соёрхож, Данзинванчүг хэмээх номын нэр хайрласан ажээ. Гэгээнтэнд бат оршил өргөх ёслолд МБШТөв, Гандантэгчэнлин хийд, Улаанбаатар хот дахь Идэр сумын Нутгийн зөвлөл, “Ялгуусан” ХХК, “Шинэ Ази” групп, Ялгуусан хутагтын төрөл тутмын шавь нар, олон олон өглөгийн эзэд, сүсэгтнүүд оролцохоор бараа болон нэгджээ. Мөн Говийн Ноён хутагт Данзанлувсантүдэв дээдэс урилга заллагыг нь болгоож, хутагтын шавдан бат оршихын ерөөлийг базааж, хутагт хувилгаадаа төлөөлөн оролцохоор морилсон байлаа.

Бид явсаар Цахир сумын баруун талд Тарантын зусланд зусч байгаа Г.Чимээхүү гуайн гадаа дөрөө мулталвал Хутагтын аав ээж хоёр хүүгээ угтаж зогслоо. Түрүүлж мэндэлсэн хэн нэгний өөдөөс “Сайн. Сайн явж ирцгээв үү? Олны дундаас хүүгээ л олоод харчих санаатай” хэмээн саравчлан харж, доороо өндөлзөн зогсох аав ээж хоёрыг нь ажвал эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд их үйлийг бүтээж яваа хувилгаан хүүгээ ихэд санасан бололтой. Гэрт орсон даруйд ээж нь нутгийнхны заншил ёсоор цагаан тос хольж, цай сүү, хоол унд болов. Энэ хооронд агаар тэнгэр хэдэнтээ хувирч, бороо зүсэрч, манан бууж, солонго татаж хүмүүний сэтгэлийг баясгав. Бороо орж солонго татах миний багад бол хэвийн л үзэгдэл байлаа. Гэвч солонго давхарлан татаж, нэг бүдгэрч, тэгснээ тодорч, бүр сарнин алга болж, тэгснээ бариад авмаар ойрхон татаж, солонгын олон өнгө хэн хүний дээлийн хормой дээр тусан, нүүр царайг гэрэлтүүлж байлаа. Маргааш өглөө нь нутгийн хийдийн лам хуврагууд Хутагтдаа мандал өргөж, хурал ном даган баяслаа. Хурал гадаалахын алдад Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан хүрэлцэн ирж, алд шар хадаг барин Ялгуусан хутагттай золгон, Завхан нутаг руу хөтлөв. Цэн тогоруу сүрэглэж угтсан Арын сайхан хангайн зүсэрсэн бороо, хүүшилсэн манан будан дундуур нь хурдлан давхисаар Завхан нутгийн хил давсан юм.

Солонготын даваа уруудан бууж, Тосонцэнгэл суманд үдлэн, дахин цааш аяны жолоо сунгав. Идэр, Тэлмэн хоёрын зааг дээр Идэр сумын засаг дарга Х.Баярмаа, “Ялгуусан” ХХК-ийн захирал Л.Санжаадорж тэргүүтэй нөхөд мөнгөн аягатай сүү барьсаар угтлаа. Хутагт урьд нь хувилгаанаар тодрохоосоо өмнө хэд хэдэн удаа энэ нутгаар ирж, сүсэгтнүүдтэй уулзаж, хангай лусаа аргадан, бурхан номын ажлаа үргэлжлүүлж байжээ. Харин Дээрхийн гэгээнээс өөрийн соёрхол батламжаа гардснаас хойш нутгийн зон олны хүндэтгэл, заллага айлтгалын дагуу анх удаа ёслол төгөлдөр морилж байгаа нь энэ юм байна. Завхан нутаг угаас хутагт хувилгаадын орон хэмээн Монгол түмний дунд алдартай. Өөр нутагт төрсөн байлаа ч дээдийн номын ерөөлт багшаа ийнхүү урин залж, дээдлэн хүндэтгэдэг нь шашин номын ёс мэт боловчиг Завхан нутгийнхан шүтлэг зузаан, эрэмбэ дараагаа мэддэг аргагүй л жудагтай түмэн гэдгээ даруухнаар харуулж байлаа.

Идэр сумын зүүн талд Завхан аймгийн Бурхны Шашинтны тэргүүн Жалханц хутагт Данзанчойживанчүг, лам хуврагуудын хамт хадаг барин угтлаа. Ийнхүү урьдын ерөөлт нутгийнхан нь Ялгуусан Хутагт Данзинванчүг гэгээнтнийг өндөр төртэйгөө, бурхан шашинтайгаа гүн хүндэтгэлтэйгээр тосон авлаа. Бид Сэвжидбалбар уулынхаа зүүн хойно, Идэрийн голынхоо хөвөөнд орон суурин болж тохижсон Ялгуусан хутагтын шавь нутгийнхны хөл хөдөлгөөн дундуур голоо өгсөн явсаар Ногоон нуурын эрэг дээр очиж байгалийн үзэсгэлэнт газар хутагтуудынхаа зураг хөргийг татаж, хорвоогийн нэгэн өдрийн нарыг жаргаалаа. Сайхан нутаг юм аа, хутагт дээдсийн номын авшиг шүншигтэй өлгий гэдэг арай л өөр ажээ.

2017 оны наймдугаар сарын 11-ний өглөөний наран Сэвжидбалбар уулын оройг гийгүүлсээр Идэрийн голын хөвөөнөө дуу шуутайхан нэгэн өдрийг эхлүүлж, Дашпэлжээданжаглин хийдэд Завхан аймгийн Бурхны Шашинтны тэргүүн Жалханц хутагт Данзанчойживанчүг, Говийн Ноён хутагт Данзанлувсантүдэв нар баруун, зүүн талын өндөр ширээнд заларчээ. Завхан нутгийн бүх сүм хийдийн хамба лам, лам хуврагуудын хамт гэгээнтнээ хүндэтгэн морилсон байв. Дашпэлжээданжаглин хийдэд Ялгуусан хутагтын 17 дугаар дүрийн гэгээнтэн Данзинванчүгт мандал өргөж, их ёслолын үйл ажиллагааг номын ёсоор эхлүүллээ. Хийдийн номын үйл өндөрлөснөөр Идэр сумын төв асарт лам хувраг, ноёд түшмэл, шавь сүсэгтэн, эгэл ард хуран чуулжээ. Арц хүж, бүрээ бишгүүр, сэмбрэм болсон олны дундуур алтан очирт малгай тэргүүндээ асаасан Ялгуусан хутагт морилж айсуй. Зургаан бэлгэ бираамидын бэлгэдэл бүхий арслант сэнтийг шавь нар нь тусгайлан захиалж, өндөр тайзан дээр засч, олбог юуг нь зузаалан Дээдийн номын авралт Гэгээнтнээ залав.

Бат Оршил өргөх ёслол нийтдээ есөн цаг үргэлжилсэн юм. Бат оршил өргөх ёслолыг МБШТөв, Гандантэгчэнлин хийдийн ловон лам Д.Авидынгэрэл, Тамгын газрын Боловсон хүчин, лам С.Даваапүрэв, Дэчингалба дацангийн шаргоо ловон Н.Даваасамбуу тэргүүтэй лам хуврагууд удирдан зохион байгуулж, бүхий л зан үйлийг шашины нарийн дэг жаягийн дагуу үйлдэж, Хутагтын нас буяныг батжуулах тухайтад ёслолыг өргөн дэлгэр эхлүүлсэн юм. Лам хуврагууд мандал өргөж, хутагт дээдсүүд нэг нэгэндээ хүндэтгэл үзүүлэн номын ёсыг барилдуулж, шавь нар дэг жаягийн дагуу өргөл өргөж, нас буяныг батжуулан Таван Хандын ёсолгоо үйлдэж, МУСТА Л.Нарантуяа, Г.Оюунцэцэг, “Монголын Буддист Эмэгтэйчүүдийн Холбоо”-ны тэргүүн Күнзэ нар Хутагтад зориулан ая дуугаа барив.

Бат оршил өргөх ёслолын өөр нэгэн сонин сайхан зүйл бол Гандантэгчэнлин хийдийн лам хуваргууд анх удаа хөдөө орон нутагт Жамсрангийн цамыг бүрэн бүтнээр нь Идэрийн голын хөвөөнөө дэглэсэн юм. Цам бүтэн дөрвөн цаг 30 минут үргэлжилсэн юм. Шашин номын томоохон үйлийн нэг болох Хүрээ цамын үед хот орон газрын үзэгчид суудлаа орхин оддог нь цөөнгүй байдаг тул бид ч бас нутгийн зон олныг харьж одох байх гэж таамаглаж байв. Гэвч тэгсэнгүй. Тэд суусаар. Үзүүлбэр бүрийг шимтсээр л байсан нь хачин сайхан санагдлаа. Гандан хийдийн лам нарын тайлбар сэлт ч орхиод гарахын аргагүй шимтэй юм. Шашины зан үйлийн нарийн дэг жаягийг МБШТөв, Гандантэгчэнлин хийдийн Тамгын газрын боловсон хүчин, лам С.Даваапүрэв тайлбарлаж, ловон лам Д.Авидынгэрэл, Дэчингалба дацангийн шаргоо ловон Н.Даваасүрэн нар ёс жаягийн дагуу дэглэсэн юм.

Наймдугаар сарын 12-ны өдөр Хутагтад зориулсан Даншүг наадам албан ёсоор эхэллээ. Улс аймгийн цолтой 256 бөх барилдаж, 6 насны хурдан морь дэнж хотойтол, ус голоо цалгитал, хангай дэлхийг баясган наадсан шиг наадлаа, Идэрийнхэн минь.

Наадамд оролцохоор очсон лам хуврагууд хийгээд зочид төлөөлөгчдийг Идэрийн голын хөвөөн дээр хэсэг хэсгээр отог аймаг болгон буулгаж, унд хоолны ариун тансагаар дайлан цайлсан юм. Гэвч идэж уухаас илүүтэй сэтгэл баясгах олон сайхныг дурдахгүй өнгөрч болохгүй билээ. Наадамд зодоглосон хүчтэнүүдээс улсын аварга Ч.Санжаадамба түрүүлж, Завхан аймгийн Их-Уул сумын харьяат улсын гарьд Б.Гончигдамба үзүүр булаалдан, Идэр нутгийн унаган хүү улсын гарьд Ш.Жаргалсайхан, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат улсын харцага Б.Бат-Өлзий нар шөвгөрлөө. Хурдан морины комисс эмх журмыг базааж, түмэн эх түрүү магнайг тодруулан түрүү морийг тус бүр гурван сая төгрөгөөр байлж, медаль өргөмжлөл, тэргүүтнээр урамшууллаа. Бүхий л тэмцээн уралдаанд түрүүлсэн, тэргүүлсэн тамирчдад Ялгуусан хутагт тусгайлан захиалж бүтээлгэсэн мөнгөн суваргыг соёрхон барьсан юм. Хутагт хутагтаа хүндэтгэнэ гэдэг сайхан юм. Жалханц хутагт Данзанчойживанчүг ахлагчтай “Цэцэн Сартуул” багийнхан шагайн харваанд тэргүүлсэн бол Гүшри хувилгаан Данзанчойжинямын шүдлэн үрээ түрүүлж, хурдан даага нь аман хүзүүдсэн нь бишрэлтэй байлаа.

Ялгуусан хутагтын төрсөн нутаг Архангай аймгийн Цахир сумынхан ч бас хүрэлцэн очсон байв. Гэгээнтний өмнөх дүрүүд Завхан аймгийн Идэр сумын хийдэд шавилан сууж, шавь нутаг захирах эрхтэй тамгатай хутагт байсны 14, 16 дүрийн хувилгаад Архангай аймгийн Цахир сумын нутгаас тодорч байжээ. Архангай аймгийн Цахир сумын ард иргэд гэгээнтнийхээ хонин сүрэгт сүрэг нийлүүлж ирэв. Магад 9 хувилгаан төрүүлсэн Цахир сумынхны хувьд Дээдсээ дээдэлж сурсан их ёсон биз ээ.

Ялгуусан хутагтын 16 дугаар дүрийн хувилгаан Чимэдцэрэн гэгээнтний ач хүү Ж.Жаргалсайхан Данзинванчүг хутагтыг гэртээ урьж, ах дүүсээрээ хүндлэл үзүүлэв. Ж.Жаргалсайханы гэрт 16 дугаар дүрийн хутагт Чимэдцэрэнд Богд Жавзундамбын бэлэг болгон өгсөн шаазан дарь эх, мөн өөрийнх нь сахиус бурхад байдаг юм байна. Гэгээнтний ач хүү Ж.Жаргалсайхан Ялгуусан хутагт Данзинванчүгт түүний урьд дүрийн хэрэглэж байсан алтан пүрэвийг барьсан нь билэгтэй сайхан үйл явдал байлаа.

Даншүг наадам өндөрлөсний дараа Ялгуусан хутагт судлаач Н.Жумдаан гуай Яруу сумын нутаг Бурхан толгой хэмээх газар Хутагтыг морилон очих заллага айлтгав. Тэд Хутагтаа гүнээ хүндэтгэж, ном судар, бурхан тахил, өргөө гэр, уналга гээд бүгдийг номын ёсоор барьсан юм. Өдгөө 80 нас даваад байгаа Н.Жумдаан гуай “Би энэ яваа насандаа ганцхан бурхан бүтээсэн хүн. Бурхан толгойн орой дээр байгаа суваргыг танд барьж байна. Үүнээс хойш та тахиж, нутгийн ард олныг минь ивээлдээ багтааж яваарай” хэмээн хоолой зангируулан нулимстай барьлаа. Бурхан толгойн орой дээр тайлга тахилгын ёс үйлдэж ахуй дор 3 шувуу эргэсээр л байсан юм. Тэд даруй 2 цаг орчим эргэлдсэн байх. Энэ нутаг хошуу бол Ялгуусан хутагтын шавь нутгийн нэгэн хэсэг билээ. Тэрхүү овоон дээр Ялгуусан хутагтын 16 дүрийн гэгээнтэн Чимэдцэрэн дээдэст зориулан бүтээсэн дурсгалын хөшөө ч бас байдаг юм байна. Өдгөөгөөс 14 жилийн өмнө тэрхүү дурсгалын хөшөөг бүтээжээ.

14 дүгээр дүрийн Ялгуусан хутагт Лувсансандүв Архангай аймгийн Цахир сумын нутаг Хутагт уул хэмээх газар, 16 дугаар дүрийн Ялгуусан хутагт Чимэдцэрэн мөн сумын Халзанбүргэдэй уулын энгэрт мэндэлжээ гэж судар бичигт тэмдэглэгджээ. 14 дүгээр Ялгуусан хутагт Лувсансандүвт 1867 онд Ялгуусан хутагтын шавь нарыг бүгдийг захирах “Шанзав засаг ламын тамга” гэж манж, монгол, тангад гурван үсгийн тамгаар шагнагдсан байна. Ингэж Халхын тамгатай 13 хутагтын нэгд Ялгуусан хутагт зүй ёсоор багтдаг болжээ. 16 дугаар дүрийн Ялгуусан хутагт Чимэдцэрэн 1938 онд хилс хэрэгт гүтгэгдэж, 25 насандаа жанч халснаас хойш өдгөө 80 шахам жилийн дараа Ялгуусан хутагтын 17 дугаар дүр мөн л Архангай аймгийн Цахир сумын нутаг Халзанбүргэдэй уулын энгэрээс тодорсон байна. Шавь сүсэгтнүүдийн эргэл мөргөл, цагийн сайныг онож дээдийн номын багш нь тодорч, шавь нутагтаа морилсонд тэд ч мөн туйлын баяртай байлаа.

Бидний аялал Бурхан толгойн энгэрээс эргэж, их хүрээг зорьсноор өндөрлөсөн юм. Цэн тогоруу сүрэглэсэн ногоон тал дундуур давхиж, цэцэн Сартуулын нутагтаа амгалан морилсон, ард олны дунд сүү усыг ялгасан хэмээн домогшсон, Халхын 13 тамгатай хутагтын нэг Ялгуусан хутагтын 17 дугаар дүрийн Данзинванчүг гэгээнтний цаашдын шашин номын үйлд даган баясаж явсан “Монголын Хутагт Хувилгаад” баримтат кино төслийн багийнхан ийнхүү бүтээлийн богцоо арвижууллаа. Номын цагаан буян ашид дэлгэрэх болтугай.

МЗЭ-ийн шагналт яруу найрагч, сэтгүүлч Б.Чулуунцэцэг

Categories
мэдээ цаг-үе

Ч.Батчулуун: Тав давчихаад туг тойроход гүйж харайх байтугай хуруугаа ч гозолзуулах тэнхэл үлддэггүй юм, уг нь

“Багануур” ХК, “Дүнжингарав” дэвжээний бөх, Монгол Улсын Өсөх идэр начин Ч.Батчулуунтай ярилцлаа.


-“Марко Поло” уран сайхны кинонд та тоглосон шүү дээ. Мундаг ширүүн төрхтэй баатрын дүр бүтээсэн байна лээ?

-Уг киноны Монгол дахь төлөөлөгчийн газраас монгол баатрын дүрд тохирох хүн хэрэгтэй байна гээд том биетэй, голдуу бөхчүүд дунд шалгаруулалт явуулсан юм билээ. Жүжигчин Н.Оргил ах надтай холбогдож “Тоглосон клип юмнууд байвал явуулаач” гэсэн л дээ. Тэгээд л нэг өдөр Н.Оргил ах “Баяр хүргэе. Чи кинонд сонгогдчихлоо” гэж утсаар ярьсан. Зураг авалт нь Малайзад болсон. Кинонд хэдхэн минут л гараад өнгөрдөг туслах дүр байсан юм. 13 хоног бэлдээд сүүлийн өдөр нь зургандаа орсон. XIII зууны үеийн монгол бөхийн дүр. Би нэг нөхөртэй барилдаад л, нөгөөх нь надтай тулалдаад байгаа тухай л гардаг юм.

-Танд кино, клипний санал их ирдэг үү?

-Их ирнэ. Би ямар мэргэжлийн жүжигчин биш. Тийм болохоор саналд нь татгалздаг юм. Миний хань харин намайг ятгасаар байж дуучин Нарангэрэлийн “Монгол бөхийн гэргийн дуу”-ны клипэнд тоглосон л доо. Тэр клипэнд тоглосноос хойш намайг Монголын хамгийн хурдан хөгширдөг хүн гэж цаагуур чинь яриад байна шүү дээ (инээв). Гэрийн хаяанд сууж байгаад л хүү нь гүйгээд ирэх хооронд хөгширчихсөн байдаг гээд.

-Манай тамирчид, бөхчүүд дунд өндөр бие хаатай содон хүмүүс олон шүү. Тэдэнтэй уулзахад өөрт тохиолддог хөгтэй явдал, бэрхшээлтэй талаа ярьцгаадаг. Машин тэргэнд суухаас эхлүүлээд таарах хувцас олдохгүй хэцүү л байдаг байх?

-Би чинь тийм айхавтар өндөр талдаа орохгүй л дээ. Хоёр метр гаран өндөртэй хүмүүс чинь л нэлээд хүндрэлтэй байдаг юм шиг байна билээ. Надад тэгж нэг их бэрхшээл тулгарахгүй. Япон машин унаад л яваад байдаг юм.

-Таны жин одоо хэд байна вэ?

-160 кг гарантай л байна шүү дээ.

-Та багадаа бөхийн өөр төрлөөр хичээллэж байв уу?

-Чөлөөтөөр хичээллэдэг байсан. Хотод орж ирээд Намшир багшид шавь орж байлаа. Би чинь их орой бөх рүү орсон хүн шүү дээ. 21-тэй хотод орж ирээд чөлөөт бөхөөр хоёр, гурван жил хичээллээд УАШТ-д ороод медалиас мултраад л явдаг байлаа. Тухайн үед 97 кг-ын жинд барилддаг байсан. Залуучуудын УАШТ-д хоёр ч удаа орж байсан. Чөлөөт бөхийн суурьтай л даа.

Харин үндэсний бөхөөр бол 15, 16 настайдаа улсын аваргад барилдаж л байсан. Тэгээд тэр дунд чинь цэрэгт яваад цэргийн албанаас халагдаж ирээд байж байгаад л хотод орж ирсэн нь тэр юм.

-Аав, ижийнхээ уг гарлыг сонирхуулбал?

-Аав минь Говь-Алтайн Тайширынх, ээж Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумынх. Би Төв аймгийн Баяндэлгэр сумынх.

-Аав, ээжийн тань хэнийх нь талд барилддаг, том бие хаатай хүмүүс байсан юм бол?

-Манай ээж том, биерхүү хүн байсан. Ээжийн талд барилддаг ноцолддог хүн байсан ч том цолтой хүн дуулдаагүй. Аавын талд сумын цолтой хүмүүс байсан л юм билээ.

-2014 оны наадмаар та Улсын начин цол хүртсэн шүү дээ. Тэр жилийн барилдааныхаа тухай яривал?

-2014 онд би аймаг, цэргийн хурц арслан цолтой байсан юм. Тэр жилдээ аймаг, цэргийн барилдаандаа хэд хэд, цагаан сарын барилдаанд нь ч түрүүлчихээд байсан л даа. Улсын цол авах хэмжээний бэлтгэлийг байнга л хийдэг байсан болохоор уулзсан хүн болгон л “Чи л цол авахгүй бол өөр хэн авах вэ дээ” гэсэн утгатай зүйл ярьдаг байсан. Бүтэн жилийн турш бэлтгэл сайн байсан болохоор тав даваад начин болсон л доо.

Тавын даваан дээр их хүнд барилдаан хийсэн болохоор зургаагийн даваан дээр муудсан шүү. Дөрвийн даваанд Цацабшир харцагатай барилдаад, тав дээр Сайнбаяр заантай зургаа сугалцаж байж давсан. Сүүлдээ хоёр гар ямар ч тэнхэлгүй болчихсон байсан. Тав давчихаад орж ирээд ундаа ууж байхад миний гарыг чичирч байсан гэж ярьдаг юм. Өөрийнхөө хүчээр барилдаж цол авсан болохоор үнэхээр тэнхэл барагдаж гарын тэнхээ муудчихдаг юм билээ. Тавын даваанд улсын цолтой, аймгийн цолтой хоёр хүн барилдах чинь өдөр, шөнө шиг ялгаатай. Улсын цолтнуудад алдах юм байхгүй, бүх зүйл нь чөлөөтэй. Аймгийн цолтонд унавал тэгээд л бүтэн жилийн хөдөлмөр нь талаар өнгөрнө. Хий гаргахгүй барилдана гэдэг хэцүү л дээ.

-Тав даваад улсын цолтон болж байгаа яг тэр агшинд юу бодогддог юм бэ дээ. Зарим нь гүйж харайх юм, зарим нь хуруу гараа гозолзуулж дэвхцээд янз янз л байдаг?

-Улсын цолтнуудын эгнээнд орчихлоо доо гэж бодогдсон. Хүмүүс тэгж гар хуруугаа гозолзуулж хөнгөн шингэн гүйгээд алга болчихож байгаа харагддаг л юм. Үнэндээ надад тэгж сэтгэлийн эмоци гаргах, гүйж харайх тэнхэл байгаагүй. Үнэн хүч бяраараа цол авсан хүнд тэгж гүйх хүч үлддэггүй юм байна лээ гэдгийг тэгэхэд л ойлгосон. Эсвэл би тийм хүнд барилдаан хийсэн юм уу. Гүйх байтугай, хуруугаа ч гозгонуулах хүч байгаагүй. Сэтгэл хөдлөл багатай болоод тэгсэн юм уу гэхээр би чинь сэтгэлийн хөдлөл ихтэй хүн л дээ. Уг нь бөхөд сэтгэл хөдлөлөө дэвээ шаваагаараа гаргах ч юм уу, тийм ёс жаяг байдаг. Гэтэл одоо бөхчүүд хөлбөмбөг, бусад спортыг дуурайгаад баярлаж байгаагаа гүйж харайж илэрхийлдэг болчихож. Тав давчихаад туг тойрч байхад аавыгаа л бодсон. Аавыгаа байхад тав давчихсан бол доо. Гэхдээ яахав бурхны орноосоо харж л байгаа даа гэж дотроо бодож билээ.

-Өнөө жилийн улсын баяр наадамд та дахин тав давж улсын начин цолоо баталсан?

-Өвөл үндэсний бөхийн бэлтгэл дутуу байсан. Наадмын өмнө Өмнөд Монголд барилдаанаар явж байгаад хоёр хавиргаа хугалчихсан. Өнөөх нь эдгэхгүй, бороолчихоод хөндүүрлээд л яваад байсан. Уг нь өнөө жил ямар ч байсан тав давна даа гэж бодож байсан. Гэхдээ яах вэ ямар ч байсан үзнэ дээ гэсэндээ үзсээр байгаад улсын наадамд дөрөв даваад тавын даваан дээр Б.Гончигдамба гарьдтай үзсээр байгаад начин цолоо баталсан. Бэртлээсээ айсан л даа. Сэдэрчихэж магад гэж их л болгоомжилсон нь онож гайгүй өнгөрсөн. Миний хувьд улсын заанаар улсын начин, улсын гарьдаар өсөх идэр начин цол хүртсэн гэдгээрээ онцлог юм уу даа.

-Та үндэсний бөхөөс гадна хүчний спортоор хичээллэдэг байх аа?

-Тийм, тийм пауэрлифтингийн “Хар хорум” клуб дээр хичээллэдэг. Хүчний бэлтгэлд цаг заваа гаргахгүй бол хүч, бяр нэмдэггүй юм. Үндэсний бөх өөрөө их хүнд бэлтгэлтэй байдаг болохоор пауэрлифтингийнхээ бэлтгэлд давхар анхаарах хэрэгтэй байдаг юм.

-Аливаа хүнд эзэмшсэн мэргэжил, албаараа бахархах мөч бишгүй дээ л таардаг. Танд бөх болсондоо баярлаж, бахархаж байсан мөч гэвэл?

-Сайхан л даа. Бөх чинь сайхан энергитэй. Үндэсний бөхөд өөрийгөө зориулж хар багаасаа л барилдлаа. Ээж, аавынхаа гараас гараад л бөхийн ногоон дэвжээн дээрээ барилдаж байна. Олон түмэн ах дүүс, олон сайхан багш нар, олон сайхан хүмүүстэй уулзаж учраад явж байна. Үндэсний бөхтэй холбогдоод, бөх гэж хэлүүлээд явж байгаа энэ хугацаандаа энэ спортыг сонгосондоо хэзээ ч харамсч байгаагүй. Ер нь бол нэлээд азтай, хийморьтой хүний ажил л даа.

-Хүндэлдэг шүтдэг байсан бөхчүүдийнхээ эгнээнд багтаад нэг дэвжээнд гарч ирээд бүр заримтай нь барилдана гэдэг бол том хувь завшаан байх шүү?

-Зургаан залуу зааныг бөхөөсөө больж байхад л би бараг бөх рүү орж байсан л даа. Өсөхбаяр аваргатай барилдаж үзсэн ш дээ. Бүгдийг нь би хүндэлж биширнэ. Хүүхэд байхаасаа л Бат-Эрдэнэ аваргын фэн байсан юм. Аваргатай барилдаж байсан. Бөхийн өргөөний барилдаанд таарч билээ. Барилдаад давах гэж л үзнэ ш дээ. Гэхдээ би Бат-Эрдэнэ аваргатай барилдах хэмжээнийх байгаагүй л дээ. Хүүхэд байсан. Шуудганд нь нэг хүрчих юмсан гэж бодсон ч юу гэж л намайг хүргэх вэ. Хүргэхгүй л хаяна ш дээ. Сайхаан, сайхан бөхчүүд чинь.

-Бөхийн найраа гэдэг зүйл үндэсний бөхийн нэр төрийг унагаж гүйцлээ. Та үүнд улсын цолтой бөх хүний хувьд өөрийн байр сууриа илэрхийлбэл?

-Бөхийн найрааг би мэдэхгүй. Мэдэхгүй юмны талаар ярих дэмий. Гэхдээ мэдэхгүй гээд хариулт өгөхгүй бол хүмүүс бүр хардах байлгүй. Кинон дээр гардаг шиг өгч, авч сурсан самбай хадаг гэдэг шиг нутгийнхаа начин болох хэмжээний барилдаж байгаа хүүхдийг амлаад авахад тэрийг нь найраа гэх юм уу. Эсвэл тэр олон зуун сая төгрөгт холбогдоод байгаа хүмүүсийг найраа гэх юм уу. Бас л харьцангуй ойлголт л доо. Гэхдээ нутаг орноо гэсэн сэтгэлтэй, бизнес хийдэг, боломжийн амьдралтай хүн улсын цол авчих хэмжээнд сайн барилдаж байгаа нутгийнхаа хүүг дэмжвэл тэрийг нь бас найраа гээд яриад байх уу. Ер нь бол хэцүү юм л даа. Гэхдээ ор тас байхгүй юмыг хүмүүс сөхөж ярихгүй шүү дээ. Байгаа болохоор л ярьж байгаа байх. Яг шударгаар барилдаж, өөрийнхөө хүчээр улсын наадамдаа шөвгөрдөг хүмүүст энэ найраа гэдэг яриа чинь хортойгоор тусаад байгаа юм. Маш хэцүү. Найраа гэдэг зүйлээс болж цол авах хэмжээний олон сайхан залуу цолгүй үлдэж байгаа. Миний хувьд олон жилийн хөдөлмөр, аз хиймориороо л улсын цол авсан болохоор их бахархдаг юм. Аз хийморийг худалдаж авна гэж байхгүй л дээ. Ард түмэн чинь бөхөө биднээс илүү мэддэг.

Ер нь үндэсний бөхөөр хичээллэж, цол авна гэдэг чинь маш их бэрхшээл, саадыг даван туулна гэсэн үг л дээ. “Нарантуул” бөхийн дэвжээнээс л би бөхийн гараагаа эхлүүлж өдий зэрэгтэй явахад надад тусалж дэмжсэн хүн гэвэл маш олон байна. Бүгдийг нь хэлбэл уртаас урт жагсаалт болох байх. Бэлтгэл сургуулилт хийх нөхцөл боломжийг минь гаргаж өгдөг Э.Номинчулуун захиралтай “Багануур” хувьцаат компани, “Дүнжингарав” дэвжээнийхэндээ, дэвжээний шинэ тэргүүн А.Ууганбаяртаа талархаж явдаг. Мөн Төв аймгийн бөхчүүдээ үргэлж дэмждэг М.Энхболд даргад баярлаж явдгаа илэрхийлье. Түүнчлэн Бадам-Очир начин, Сэрээтэр багш, “Хар хорум” клуб, Төв аймгийн удирдлагууд болох Батжаргал, Энхбат дарга нартаа баярлалаа. Мөн бөхөө дэмждэг нутгийн түмэн олон, бөх сонирхогчдодоо чин сэтгэлээсээ баярлаж талархаж явдгаа энэ дашрамд хэлье.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Мэргэжлийн шийдэлтэй чухал төслүүдээ хэрэгжүүлэх хэрэгтэй байна

Гэр хорооллыг орон сууцжуулах тухай яриа аль ч засгийн үед анхаарал татсан гол сэдвийн нэг байдаг. Газраа чөлөөлж иргэдийг орон сууцжуулах гэр хорооллын дахин төлөвлөлт ахицтай байсан ч нийт үр дүнгээрээ тийм ч амжилттай хэрэгжиж чадаагүй. Тэгтэл жил хүрэхгүй хугацаанд Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр нийт гэр хорооллын 30 хувийг амины орон сууцанд оруулах шийдлийг гаргачихсан байна. Нийслэлийн есөн дүүргийн гэр хороолол бүхий бүх хороод руу инженерийн шугам сүлжээ татаж бичил төв байгуулан халуун дулаан устай байлгах боломжийг тэр олж харжээ. Зөвхөн төлөвлөгөө төдий ч биш санхүүгийн эх үүсвэрээ БНХАУ-аас буцалтгүй хоёр тэрбум ам.долларын хөрөнгийг зарцуулах гэх зэргээр дэс дараатайгаар шийдвэрлэхээр болжээ. Энгийнээр хэлэхэд инженерийн шугам сүлжээг улсаас шийдээд өгчихвөл иргэд зээлээр хаусаа бариад явчихна гэсэн үг. Нэг айл 80 м2-аас ихгүй талбайтай хоёр давхар амины орон сууцыг ипотекийн зээлээр өөрсдийн хүссэн сонголтоороо барилгын компаниудаар бариулах юм байна. Одоо улсын хэмжээнд олгогдож буй ипотекийн зээлийн хэмжээ 300 орчим тэрбум төгрөг байгаа бол энэ онд нэг нугалж 700 гаруй тэрбум төгрөг болгон нэмэгдүүлэхээр болжээ. Дараа жилээс нь нэг их наяд төгрөгийг төсөвт оруулаад явчихвал үндсэндээ нийт гэр хорооллын 30 хувь нь амины орон сууцтай болно гэдгийг хэлж байна. Иргэдийн тав тухыг хангасан амины орон сууцтай зэрэгцээд агаарын бохирдол, хөрсний бохирдол зэрэг тулгамдсан олон асуудлууд хамт арилна. Мэргэжлийн яамны мэргэжлийн шийдэл гаргаж буй энэ Засгийн газрын инженер сайд Г.Мөнхбаярт санаачилга гаргаж, ажил хэрэг болгож буй олон шийдлүүд бий. Тухайлбал, цэвэрлэх байгууламжийн усыг үйлдвэрлэлд оруулах ажлыг хэдийнэ эхлүүлчихсэн яваа. Манай улс Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийнхаа усыг анх удаагаа үйлдвэрлэлд ашиглаж эхлэх гэж байна. Нойлынхоо усыг ундны цэвэр усаар биш дахин үйлдвэрлэлд орсон усаар ашигладаг цаг мөдхөн ирэх нь. Нийслэлд урьд хийгдэж байгаагүй инженерийн томоохон шийдлийг хийчихсэн хэрнээ ажлаа чимээгүй даруу хийж яваа Г.Мөнхбаяр сайд шиг яралзсан хэдэн сайд байхад л энэ Засгийн газар ган төмөр мэт бат бэх байх биз ээ. Ажил хийдэг хүн дуу чангатай байдаггүй гэж эртнээс монголчууд хэлдэг. Г.Мөнхбаяр сайдыг хэвлэлийнхэн ярилцлагад урьдаг ч ажлаа хийж байгаад дараа болъё гэх хариултыг хэлэх нь олонтаа байдаг. Хотын даргаар ажиллаж байсан Г.Мөнхбаяр хотын тулгамдсан асуудлыг андахгүй мэддэг аж. Хамгийн гол нь юу хамгийн чухал оновчтойг олж харж байгаа учраас жил хүрэхгүй хугацаанд чамгүй их ажил амжуулжээ.

Өнөөдөр засаг огцроно, огцрохгүй гэж яригдсаар л байгаа. Ямартаа ч ажлын арвин их туршлагатай, улс төрийн холын хараатай сайд нараа цааш нь ажлыг нь хийлгэхээс өөр арга зам харагдахгүй байна. Засаг солигдсон эс солигдсон бай ард түмэн гагцхүү сайн үр дүнг л хүлээдэг гэдгийг саная. Тиймээс мэргэжлийн шийдэлтэй маш чухал төслүүдээ хэрэгжүүлэхэд одоо төрийн тууштай бодлого хэрэгтэй байна.