Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Бутаны Вант Улсын Гадаад хэргийн сайд Дамчо Доржийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж өнөөдөр (2017.09.07) манай улсад албан ёсны айлчлал хийж буй Бутаны Вант Улсын Гадаад хэргийн сайд Дамчо Доржи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Бутаны Вант Улсын Гадаад хэргийн сайдын түвшинд хийж буй анхны айлчлалын үеэр анх удаа бутан хүмүүстэй уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлээд “Хоёр улсын хооронд 2012 онд дипломат харилцаа тогтоосноос хойш 2016 онд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил танай улсад айлчлал хийсэн нь идэвхтэй харилцаа, хамтын ажиллагааны эхлэл болсон бөгөөд энэ удаагийн Таны айлчлал энэ үйл хэрэгт ихээхэн чухал хувь нэмэр оруулна гэж үзэж байна” гэсэн юм.

Тэрбээр цааш нь Монгол Улсын төрийн байгуулалтын тогтолцоо болон УИХ-ын талаар товч мэдээлэл өгөхдөө “Манай парламент 1992 онд байгуулагдсан, 25 жил болж байна. Энэ уулзалтад Монгол-Бутаны парламентын бүлгийн гишүүн, УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, Н.Учрал нар оролцож байна. Бутан Улс 2008 онд анх сонгууль явуулж, шинэ тутам парламент байгуулсан. Цаашид парламент хоорондын харилцааг хөгжүүлэхэд хоёр орны парламентын гишүүд идэвхтэй ажиллана гэдэгт найдаж байна” хэмээн тэмдэглэлээ.

Мөн хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт, түүний дотор аялал жуулчлал, түүх соёл, мал аж ахуй, эрүүл мэндийн салбарт хөгжүүлэх өргөн боломжтойг тэмдэглэв.

Бутаны Вант Улсын Гадаад хэргийн сайд Дамчо Доржи “Намайг болон манай төлөөлөгчдийг цаг гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлье. Анх удаагаа Монгол Улсад айлчилж байна. Богино хугацаанд олон зүйлтэй танилцлаа. Монгол Улсын Засгийн газар биднийг найрсаг дотноор хүлээн авсанд талархаж байна. Бид айлчлалынхаа хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Эрүүл мэндийн сайдтай уулзаж, мал аж ахуй, уламжлалт анагаах ухааны салбарт хамтран ажиллах талаар ярилцсан.

Манай улс хаант засаглалтай байгаад 2008 онд ардчилсан сонгууль явуулж, парламент байгуулсан. Энэ хугацаанд хоёр удаагийн сонгууль явагдсан. Дараагийн сонгууль 2018 онд болно.

Хоёр улсын парламентын харилцааг хөгжүүлэхэд парламентын бүлгийн гишүүд идэвхтэй ажиллах ёстой. Энэ талаар парламентын даргадаа уламжилж, гишүүдийн харилцан айлчлалыг дэмжинэ. Харилцааны эхлэл тавигдаж, өргөжиж байгаад талархалтай байна” гэлээ.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Бутаны Вант Улсын Гадаад хэргийн сайд Дамчо Доржи тэргүүтэй төлөөлөгчдийн айлчлалд амжилт хүссэн юм.

Бутаны Вант Улс нь Хималайн уулсын зүүн талаар оршдог, үзэсгэлэнт байгаль, буддын сүмүүд, эртний хэрэм цайзуудаараа нэрд гарсан халуун бүсийн орон юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

64 сая төгрөгийн өртөг бүхий зөөврийн эмнэлгийн багаж хэрэгсэл хандивлалаа

Нийслэлийн Шүд, эрүү, нүүрний төв нь ХБНГУ-ын “Хил хязгааргүй шүдний эмч нарын холбоотой хамтран өдгөө хоёр дахь жилдээ ажиллаж байгаа билээ. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд өнгөрсөн 2016 онд тус холбооноос Шүд, эрүү, нүүрний төвийн Нүүр амны эмчилгээний тасагт ISO стандартыг бүрэн хангасан, “Western dental standard”-аар үйлчлэх кабинетыг иж бүрэн тохижуулж суурилуулан хүлээлгэн өгч байсан юм.

Тэгвэл өчигдөр тус төвд “Хил хязгааргүй шүдний эмч нарын холбоо”-ноос нийт 64 сая төгрөгийн өртөг бүхий зөөврийн шүдний эмнэлгийн 15 сандал, 4 бор машин, шүдний багажнууд, нэг удаагийн хэрэглэгдэхүүн зэргийг хандивлалаа. Зөөврийн эмнэлгийг хүлээлгэн өгөх арга хэмжээнд Нийслэлийн эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, “Хил хязгааргүй шүдний эмч нарын холбоо”-ны гүйцэтгэх захирал М.Туул, нийслэлийн Шүд, эрүү, нүүрний төвийн захирал Л.Хэнтий нар оролцсон юм. Монгол Улсад сүүлийн жилүүдэд тулгамдаж байгаа боловч олны анхаарлын төвд төдийлөн орж чадахгүй байгаа шүдний өвчлөлийг бууруулах, нэн ялангуяа хот суурин газраас алслагдсан хөдөө, орон нутагт мэргэжлийн тусламж, үйлчилгээг чанартай үзүүлэхэд тус хандив нь чухал үүрэг гүйцэтгэх талаар эмнэлгийн удирдлагууд хэлж байлаа гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

“Роснефть” нийгэмлэгтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

“РОСНЕФТЬ” НИЙГЭМЛЭГТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛААЗам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат ОХУ-ын Владивосток хотод зохион байгуулагдаж буй Дорнын эдийн засгийн форумд оролцох үеэрээ ОХУ-ын “НК Роснефть” Нээлттэй хувьцаат нийгэмлэгтэй Монгол Улсын Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх буудлын агаарын хөлгийн шатахуун түгээх гидрант системийг техникийн оновчтой шийдлээр ашиглалтад оруулж, шатахуунаар хангах тухай хамтран ажиллах Санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.

Манай орны нөхцөлд тохируулж, олон улсын дэвшилтэт техник технологийг ашиглан, эдийн засгийн үр ашигтай, оновчтой шийдлээр Роснефть нийгэмлэг өөрийн хөрөнгөөр гидрант системийг өөрчлөн тохируулж, шатахуун хангамжийг тогтвортой байлгах, харилцан үр ашигтай, урт хугацаагаар хамтран ажиллахаар болжээ.

Роснефть нийгэмлэгийн Ерөнхий гүйцэтгэх захирал И.И.Сечин Санамж бичигт гарын үсэг зурах үеэрээ Монгол Улс, ОХУ-ын хамтын ажиллагаа улам өргөжин хөгжиж, зам, тээврийн салбарт үр өгөөжөө илүү өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлын “онгоц сумалдаг” системийн онцлог нь өндөр ачааллын үед ашиглагдахаар барьж байгуулсан байдаг. Тиймээс өөрийн орны өнөөгийн нөхцөлд тохируулж техник, технологийн шинэчлэл хийх шаардлагатай болсон. Энэ хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яамнаас Европын холбооны улсуудын гидрант системийн талаар мэргэшсэн тэргүүлэх зэргийн инженерүүдийг урьж, мэргэжлийн болон хөрөнгө оруулалтын туслалцаа авах санал тавьжээ. Ийнхүү Роснефть нийгэмлэгээс техникийн шийдлийг мэргэжлийн өндөр түвшинд гарган, хөрөнгө оруулалтыг хийж ашиглалтад оруулахаар тохирон Санамж бичигт ийнхүү гарын үсэг зурлаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг хязгаарлах асуудлаар хамтран ажиллах хүсэлт тавив

Монгол Улсын Их Хурлын даргад М.Энхболд Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэгийн тусгай элч, Японы парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга Мото-о Хаяаши тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд болж буй энэхүү айлчлалд Японы талаас М.Хаяаши тэргүүтэй 60 гаруй төлөөлөгчид оролцож байгаа юм.

Ноён М.Хаяаши саяхан Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн Японы парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошимагийн мэндчилгээг УИХ-ын дарга М.Энхболдод уламжиллаа.

Уулзалтын үеэр хоёр орны харилцаа Стратегийн түншлэлийн төвшинд хөгжиж, парламент хооронд болон улс төр, худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, соёл боловсрол гээд бүхий л хүрээнд өргөжин гүнзгийрч байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэв.

Бэрхшээл, хүндрэл тохиолдсон үе бүрд Японы ард түмэн, Засгийн газар тусламж дэмжлэг үзүүлсээр ирсэнд монголчууд гүн талархалтай ханддаг бөгөөд өнгөрсөн гуравдугаар сард миний Япон Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр Стратегийн түншлэлийн харилцааны Дунд хугацааны хөтөлбөрт хоёр орны Гадаад харилцааны сайд нар гарын үсэг зурж, манай улсын ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрт дэмжлэг үзүүлж, 850 сая ам долларын дэмжлэг үзүүлэхээр болсноо Японы Засгийн газрын тэргүүн Ш.Абэ илэрхийлсэн нь найрсаг харилцаа, нөхөрсөг хамтын ажиллагааны нэгэн илэрхийлэл юм гэж М.Энхболд онцоллоо.

Ноён М.Хаяаши бүс нутгийн аюулгүй байдалд ноцтой заналхийлэл учруулж буй Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг хязгаарлах асуудлаар Монгол Улс хамтран ажиллах, 2025 оны олон улсын ЭКСПО-г зохион байгуулахаар нэрээ дэвшүүлсэн Осака хотыг дэмжих саналыг УИХ-ын дарга М.Энхболдод хандан тавилаа.

-Зүүн хойд Азийн бүс нутгийн орны хувьд БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийн асуудалд Монгол Улс ихээхэн санаа зовж байна. Энэ хурцадмал байдлыг намжаахад дэлхийн хамтын нийгэмлэгийн зүгээс онцгой анхаарч байна. Монгол Улсын хувьд асуудлыг яриа хэлэлцээ, харилцан ойлголцлын зарчмаар шийдээсэй гэж хүсдэг. Бидэнд “Улаанбаатарын уулзалт” хэмээх харилцан ойлголцлын механизмыг амжилттай хэрэгжүүлж байсан туршлага бий. Тиймээс энэ механизмыг цаашид үргэлжлүүлж, идэвхтэй хамтран ажиллахад бэлэн байна. 2025 оны ЭКСПО-г зохион байгуулахаар нэрээ дэвшүүлсэн Осака хотыг дэмжих шийдвэрийг манай Засгийн газар гаргасан гэж УИХ-ын дарга М.Энхболд хэлэв.

2020 онд Японы нийслэл Токио хотноо болох Олимпийн наадамд оролцох Монголын баг, тамирчдын бэлтгэлийг хангах, дасгал сургуулилалт хийхэд тус дэм үзүүлэх УИХ-ын дарга М.Энхболдын хүсэлтийг ноён М.Хаяаши хүлээн авч байгаагаа тэмдэглэлээ.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Японы Чиба мужийн төлөөлөгчид багтжээ. Тиймээс орон нутаг, аймаг, муж хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь чухал гэж үзэж байгаагаа УИХ-ын дарга М.Энхболд тэмдэглэв.

Уулзалтын үеэр Японы Парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн Т.Кавамура, Т.Укишима, К.Акиба, Ё.Ито болон Чиба мужийн төлөөлөл өөрсдийн санал бодлоо илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

“Улс төрийн хэлмэгдүүлэлт: шалтгаан, үр дагавар, сургамж” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болж байна

Жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай бөгөөд өнөө жил 22 дахь удаагаа тэмдэглэнэ. Монгол Улсад улс төрийн хилс хэрэгт хоморголон хэлмэгдүүлэлт болсны 80 жил тохиож буй энэ онд хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх 9 дүгээр сарын 10-ны өдрийг тохиолдуулан хэлмэгдэгсдийг хүндэтгэн дурсах, мөнхжүүлэх, түүхэн гашуун сургамжийг ард иргэдэд таниулан сурталчлах олон талт үйл ажиллагаа зохион байгуулж байна.

“Улс төрийн хэлмэгдүүлэлт: шалтгаан, үр дагавар, сургамж” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр 09:00-18:00 цагт Нийслэлийн төр захиргааны Хангарди ордны Хурлын танхимд болж байна. Хуралд Монгол Улс, ОХУ, Япон Улс, ХБНГУ-ын эрдэмтэн судлаачид оролцож илтгэл хэлэлцүүлнэ.

Хурлын нээлтэд Улсын Их Хурлын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Я.Санжмятав, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан, Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбооны тэргүүн Д.Цогтбаатар болон албаны бусад хүмүүс, эрдэмтэн судлаачид, хэлмэгдэгсдийн үр хүүхдийн төлөөлөл оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан хурлын нээлтэд хэлсэн үгэндээ:

“Эрхэмсэг ноёд хатагтай нар аа,

Хүндэт зочид оо,

Монгол Улсын болон гадаадын эрдэмтэн судлаачид аа,

Туулсан түүхийнхээ хар хуудсыг харц дальдралгүй эгцлэн харж, сургамж авч чадах эсэхээр аливаа төр, ард түмний ухааны царааг хэмжиж болох билээ. Ихийг үзэж туулсан хүн төрөлхтөний түүхэнд ч ховор Монголын ард түмний эмгэнэл харууслын туйл болсон их хэлмэгдүүлэл ард түмнийхээ хамгийн оюунлаг, шилдэг нийгмийн давхрааг үгүй хийсэн цуст яргаллаас хойш 80 жил өнгөрчээ. Гэвч 80 жилийн салхи бороо ард түмний ой дурсамжаас энэхүү аймшигт он жилүүдийг угааж, баллуурдаж чадсангүй. Учир нь энэхүү хэлмэгдүүллийг дахин бүү давтагдаасай гэсэндээ төрд, ард иргэдэд, олон улсад ямагт сануулж байдаг шилдэг оюунт эрдэмтэн мэргэд байсаар ирсэн юм. Өнөөдөр ч гэсэн Монголын Улсын маань болон гадаадын олон эрдэмтэн судлаачид энэ бодит шалтгаанаар хуран цуглараад байна. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

Хэлмэгдүүллийг зүгээр л нэг болоод өнгөрсөн үзэгдэл төдийхөн биш, хэлмэгдэл гээч ойлголтыг ёзоор мөн чанараар нь судлан илрүүлэх, хэсэг бусаг хүмүүсийг цагаатгаж, нөхөн олговор олгох төдийгөөр ам таглаж аргацаах төдий биш, цаг хугацааны болон үйл явдлын өргөн цар хүрээнд шинжлэн, улс төрийн дүгнэлт гаргах эр зоригийг өнөө цагийн Монголын төрөөс ард иргэд маань шахаж шаардаж байна. Энэ бол цаг үеэ олсон хождуулж болохгүй захиалга юм. Тийм ч учраас их хэлмэгдүүллийн сэдэв эрдэмтэн судлаач Та бүгдээс улам олон шинэ баримт, түүн дээр үндэслэсэн баталгаа нотолгоог ар араасаа нэхэж байна. Монголынхоо төр улсын заяаг атгаж ирсэн өвөг дээдсийнхээ уламжлалт төрийн бодлогыг их хэлмэгдүүллийн гүн хар ангалаас өнөө үе рүү татан авч, сэлбэн сэргээж, нөхөн тордож, уламжлуулан хөгжүүлж байж Монгол Улс хөгжлийнхөө зөв голдрилд орно. Энэ нь та бүгдийн судалгаа шинжилгээний нөр их хөдөлмөрөөс хамаарах нь гарцаагүй. Хэлмэгдүүлэл гээч хувирамхай, олон нүүртэй, зальхай харгис, гэмт үйлдлийг танин мэдэж, хор хохирлыг нь бүрэн гүйцэд тогтоож, олон улсад хүлээн зөвшөөрүүлж байж хэлмэгдүүлэл дахин давтагдахаас бид сэргэмжилж чадна.

Үндэсний язгуур эрх ашгаа дээдлэх, ард түмнээ намч үзэл суртлаар талцуулахгүй, эв нэгдлээ сахин хамгаалах үзэл санаа, Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын мөрийн хөтөлбөрийн зорилготой эрдэмтэн та бүгдийн хүмүүнлэгийн энэ үйлс ч яв цав нийцэж байгаа юм.

Анхаарал тавьсанд баярлалаа.

Хурлын үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье” гэсэн юм.

Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд 2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 12:00 цагаас Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дэх Хамбын овоон дахь хэлмэгдсэн лам нарт зориулсан их суваргад хүндэтгэл үзүүлэх, Улсын драмын эрдмийн театр болон Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид улс төрийн хэлмэгдүүллийн тухай жүжиг, уран бүтээлээс хэсэгчлэн тавьж, ард иргэдэд сонирхуулах арга хэмжээг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Цагаатгах ажлыг удиран зохион байгуулах улсын комисс хамтран зохион байгуулна. Мөн 9 дүгээр сарын 10-ны өдөр “Хэлмэгдэгсдийн хөшөө”, Сонгинохайрхан ууланд байрлах хэлмэгдэгсдийн булшинд цэцэг өргөх юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаан хувьсгалч ба усанд ордог хувьсгалч

-Соёлын довтолгоо: /1959-1964/ Нүүдлийн амьдралаас хотын аж төрөх ёс руу (“ХХ зууны монголын түүх, соёлын зарим асуудал” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хуралд тавьсан илтгэл. 2017.8.28)-

ОРШИЛ.

Монгол оронд өрнийн маягтай соёл нэвтрүүлэх хүсэл эрмэлзэл эхэлсэн үеийг XIX-XX зууны зааг гэж үзэж болно. 1911 онд ялсан Үндэсний эрх чөлөөний хувьсгалын гол үзэл санаа нь өрнөдийн маягтай орчин үеийн улс болж хөгжин, тусгаар тогтнолоо бататгах явдал байв. Учир иймээс монгол орныг Хятад-Дорнынхоос өөр соёл иргэншилд хөтлөн оруулах нь тусгаар тогтнолын нэгэн баталгаа гэж үзэж байсан бололтой. Манж- хятадын нөлөөний бүсээс гарахын тулд тусгаар тогтнолоо зарлах нь зөвхөн их үйлсийн эхлэл төдий зүйл. Харин монгол орон нь соёл, ахуй, ертөнцийг үзэх үзлийн хувьд “Дорнын бус” улс орон болсноор Манж, улмаар Хятадад татагдах ямар ч үндэсгүй, тусгаар соёл бүхий тусгаар улс болох тухай санаа байж болох юм.

ХХ зууны босгон дээрээс эхтэй энэ үзэл санаа нь 1921 оны ардын хувьсгалаар хүчээ аван 1990-ээд оныг хүртэл үргэлжилсэн. ХХ зуун бол монголчууд Оросоор дамжуулан өрнөдийн соёлд суралцан, түүнийгээ амьдралд нэвтрүүлсэн эрин байв. Энэхүү эрин зууны уриа нь ардын дунд зүйр үг маягтай тархсан нь “орос хэл, оньсон техникт суралцах” гэдэг хэллэг байв. Албан ёсны хамгийн том мессеж нь Нам төрийн удирдагч Ю.Цэдэнбалын хэлсэн“Орос хэл бол эрдэм мэдлэгийн түлхүүр” гэсэн ишлэл болно.

НЭГ.

Социалист Монголын үед энэ сэдэв кампанит ажил, процессын хувьд бараг хөндөгдөөгүй үлдсэн байдаг. Харин тодорхой хэсгүүд буюу Эрүүлийг хамгаалах, Ардын боловсролын салбарт хамаарагдах хэсгүүд нь өргөнөөр судлагдсан. Ч.Дашдаваа. (БНМАУ дахь соёлын хувьсгал: түүхэн туршлага орчин үеийн асуудал.1989.) Б.Сумъяа (Феодалын аж төрөх ёсноос социалист аж төрөх ёсонд), зэрэг бүтээлд мөн л боловсрол, соёлын салбарын ололтууд, нүүдэлчний амьдралаас социалист аж төрөх ёсонд шилжиж орсон зэргийг голлон авч үзсэн байдаг. БНМАУ-ын Соёлын түүх (1981, 1989 онуудад хоёр боть нь гарсан),Монголын соёлын түүх(1999он. гурван боть) зэрэг бүтээлд “Соёлын довтолгоон”-ны сэдэв тусгайлан тусгагдаагүй. Харин 1990-ээд оноос хойш, доктор Б.Пунсалдулам нарын судлаачид энэ сэдвээр судалгаа хийсэн байна.

Соёлын довтолгооны гол салбар нь “ариун цэврийн хувьсгал” буюу өглөө бүр нүүр гараа угааж хэвшихээс эхлээд шүдээ угаах, усанд орох, хумсаа авах, дотуур хувцас өмсөж сурах, цагаан даавуутай хөнжилд унтах, бөөснөөсөө салах зэрэг суурин амьдралын хэвшлийн анхан шатны элементүүд байв. Ийм хувьсгал хийхэд хүргэсэн шалтгаан нь хувьсгалчдын хувьд “ярихад санаа зовмоор” хоцрогдол байсан нь албан ёсны судалгаанаас гадуур үлдэхэд хүргэсэн байж болох талтай. Албан ёсны үзэл суртал нь 1921 онд ардын хувьсгал ялснаар феодалын хоцрогдлоос амжилттай салж эхэлсэн гэж үзэж байсан учир ХХ зуун хоёрдугаар хагастаа ороод арваад жил өнгөрчихсөн байхад усанд ордоггүй, хумсаа авдаггүй байсан баримтыг ил зөвшөөрөхөд амаргүй байсан ч байж магад. Харин түүнийг Хятадад болсон “Соёлын хувьсгал”-ын самуунтай эндүүрэгдэхээс болгоомжлон хувьсгал гэдэг үг хэрэглэхээс цэрвэж ирсэн бололтой.

ХОЁР.

Өмч хураах ажил 1928 онд эхэлж, мөн оны 7 сарын 13-нд “феодалын хөрөнгө хураах төлөвлөгөө” батлагдсан байна. Энэ ажил 31 жилийн дараа 1959 онд малыг нийгэмчилж дуусснаар оргилдоо хүрэв. Ийнхүү малчин ардууд өмчөөсөө салж, нүүдэлчин амьдралаас чөлөөлөгдөж эхлэв. 1960 он гэхэд малчдын хөрөнгийн 50-иас доошгүй хувийг нийгэмчлэх зорилт тавьж байсан боловч санаснаас амархан хэрэгжсэн байна. “Энэ жил хоршоолж дууслаа. Ардын аж ахуйтны 99,3 хувь” нийгэмчлэгдсэн хэмээн мөн оны сүүлээр төвийн хэвлэлд мэдээлсэн байна. Ингэснээрээ улсын бүх иргэн нь улсын(болон хоршооллын) секторт хамаарах болсон нэгдсэн хяналт тавих боломж бүрдсэн.

Эндээс уламжлаад хот руу чиглэсэн миграци болов. Бэлчээрээс чөлөөлөгдсөн малчид хот руу бөөнөөрөө шилжив.1955 онд Улаанбаатарын хүн ам 55,5 мянга орчим байсан бол 1960 онд 150 шахам мянга болсон аж.

Хот суурины ямар ч дэг журамд суралцаагүй нүүдэлчдийн томоохон хот айлууд буюу бөөгнөрлүүд үүсгэж эхлэв. Улаанбаатар болон бусад томоохон суурьшлын цэгүүд нь урбан хот гэхээсээ илүү маш олон малчид түр айлссан үлэмж том хот айлын шинжтэй бөөгнөрөл болоход хүрэв. Иймээс урбан амьдралын цоо шинэ дэг ёсонд сурах зайлшгүй хэрэгцээ гарлаа. (Наад зах нь, хуучин Богдын хүрээний оршин суугчид ил задгай бие засч заншсан ба тэдгээрийн ялгадсыг хэдэн зуугаараа сүрэглэсэн золбин ноход идэж устгадаг байв. Цаашдаа нохойгүй хот байгуулах цагт ямар амьтан ариун цэврийг сахиулах нь тодорхойгүй)

Юуны өмнө, бичиг үсгийн шинэчлэл амжилттай болсон нь ахуйн хувьсгал явуулах боломж олгожээ. 1930-аад оноос “Боловсролын жагсаал” нэртэйгээр эхэлсэн бичиг үсэгт тайлагдах хөдөлгөөн бүх олон нийтийн урам зоригийг бадрааж, нийтийн үйл болон хөгжив. 1931 онд эхэлсэн латин үсэг сурах хөдөлгөөн жил хэртэй өрнөж байснаа сулран зогссон нь Зөвлөлтийн олон үндэстнүүдийг кирилл Мефодийн цагаан толгойгоор үсэг бичигжүүлэх шийдвэр гарсантай холбогдоно. Улмаар 1941 оны гуравдугаар сарын 25-нд МАХН-ын Төв хороо, СнЗ-ийн хамтарсан тогтоол гарч “тус орны соёл боловсролын цаашдын хөгжил гагцхүү ЗХУ-ын…соёлыг эзэмших замаар явах болно…монгол бичгийг шинэ орос үсэг дээр шилжүүлэн авах явдал чухал…” хэмээн дүгнэжээ.

1950 оны наадмаар бүх нийтээр кирилл монгол бичигт шилжсэн нь нийтээр бичиг үсэгт тайлагдах, орчин цагийн монгол бичиг болон утга зохиолын хэл бүрэлдэх эхлэлээ.Улмаар 1960-аад он гэхэд шинэ бичиг үсэг нь зүгшрэн, олон нийтэд түгээх боломж бүрдэв.

1920-иод оны сүүлчээр эхэлсэн, нийгмийн халдварт өвчинтэй тэмцэх, хүн амыг эрүүлжүүлэх хөтөлбөрүүдийн үр дүн гарч, төрөлт нэмэгдсэн. Зөвлөлт улсаас 1926 оноос хойш арьс өнгөний өвчнийг илрүүлэх, эмчлэх дөрвөн том экспедицийг ирүүлснээс гадна, олон тооны эмнэлэг-ариун цэврийн болон эрдэм шинжилгээний ангиуд ирж ажиллажээ. 1948 оны тэмбүү илрүүлэх отрядын мөрөөр тийм морьт отряд 1950-иад онд долоон удаа гарч байв.

1960-аад он хүртэлх эрүүлийг хамгаалах салбарын гол зорилт нь нийтийг хамарсан арьс өнгөний өвчинтэй тэмцэх, эцсийн утгаараа хүн амын хэвийн нөхөн үржихүйн нөхцлийг хангахад голлон анхаарч байлаа. 1947 онд гэхэд эхчүүдийн 47 хувь эмнэлэгт амаржиж, 1958 онд 1200 хүнд нэг их эмч, 840 хүнд нэг бага эмч ногдож, 235 суманд төрөх тасаг нээгдсэн байлаа. (Монгол улс 1990 оныг хүртэл эрүүлийг хамгаалах салбарын чансааг “ой хүрээгүй хүүхдийн эндэгдэл, дундаж наслал”-таар бус харин “нэг их, бага эмчид ногдох хүний тоо, 10.000 хүнд ногдох эмнэлгийн ор” гэдэг нэгжээр илэрхийлж байсныг анзаарна уу)

1926 дундаж наслалт эрэгтэй эмэгтэйгээрээ 52/52 байсан бол 1957 он гэхэд 54/55 болж ирсэн байна.

ХХ зууны дунд үеэс эрдэм номтой, дээр нь эрүүл саруул амьдрахын тулд амьдрах орчин, амьдралын хэвшлээ шинэчлэх хэрэгтэй болох нь анзаарагдав. Эрүүл мэндийн салбарын ололтууд нь ариун цэвэрч бус амьдралын хэвшилтэй нь зөрчилдөх боллоо. Ялангуяа арьс өнгөний өвчинтэй тэмцэх талаар хийсэн асар их үйлс нь нэн хэврэг, нурахад амархан байлаа. Тухайлбал, тэмбүүгийн идэвхтэй хэлбэр огт буурахгүй, жишээ нь 1952-1956 онуудад энэ хэлбэрээр нийтдээ 4370 хүн өвчилсөн бол 1958-1960 онд 4040 хүн өвчилсөн байх жишээний. Эндээс ургаад монголчуудын аж төрөх ёс, ахуйн соёлд хувьсгал хийхгүй бол энэ ажил амжилт олохгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн бололтой.

ГУРАВ.

1928 оны наадмаар (7сарын 13-нд) феодлын хөрөнгө хураах төлөвлөгөөг баталж байсан бол 31 жилийн дараа яг тэр өдөр (1969.07.13)“Орон даяар соёлын довтолгоо явуулах” Нам засгийн шийдвэр гарав.

Нэгдүгээрт, бөөнөөрөө нэг дор цугларсан, урт удаан хугацаанд, ган зудаас үл хамааран айлсан амьдрах болсон нүүдэлчин ардуудыг хот суурины дүрмээр зохион байгуулах шаардлага гарлаа.

Хоёрдугаарт,нэгэнт хувийн өмч устаж социализм эдийн засгийн утгаараа ялсан боловч хүн амын ухамсар соёлын түвшин түүнээсээ “сүрхий хоцорч” байна гэж үзсэн байна.

Гуравдугаарт, Зөвлөлт маягийн нэг том улс болж бүх социалист орнууд нэгдэхэд монголчууд соёл, ялангуяа ахуйн соёл, ариун цэврийн хувьд бэлэн биш байна гэж үзсэн. МАХН-ын төв хорооны Улс төрийн товчооны “Орон даяар соёлын довтолгоон явуулах тухай” тогтоолд өгүүлсэнчлэн, ЗХУ тэргүүтэй бүх социалист орнууд нийлж нэг “улс” болох (албан ёсны нэр нь “Ойртон нягтрах бодит зүй тогтол”) учиртай бөгөөд нэгдэн нийлэхийн цагт БНМАУ-ын иргэд нь ахуйн соёл, боловсролын хоцрогдсон түвшнээрээ ялгарах учиргүй аж.

(Философийн утгаараа “Ойртон нягтрах бодит зүй тогтол”, эдийн засгийн талаасаа “социалист интеграци” гэхчилэнгээр нэрлэж байсан энэ ойлголтыг хоёр янзаар хялбархан тайлбарлаж болно. Өөдрөг талаас нь харвал социалист лагерийн орнууд эдийн засаг, нийгмийн хөгжлийн түвшингөөрөө жигдрэн нэгдэж өнөөгийн “европын холбоо” маягийн тогтолцоо болох тухай санаа юм. Пессемист утгаараа, социалист орнуудын улс төрийн тогтолцооны ижилсэл нь бараг л төр- засаг захиргааны нэг систем болтлоо ойртож Зөвлөлтөд нийлэх явдал гэж ч хардаж ч болохоор зүйл.)

Ингээд Иргэний боловсролын салбар буюу бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгах, нийгмийн халдварт өвчинтэй тэмцэх замаар хүн амыг эрүүлжүүлэх, улмаар ариун цэвэр ахуйн соёлын хувьсгал хийх, байгаль орчныг хамгаалах шинэ соёлд суралцах үндсэн чиглэлээр хувьсгал хийхээр “Соёлын довтолгоо” зарлажээ.

Соёлын довтолгооныг процессын хувьд дөрвөн үе шаттайгаар авч үзэж болмоор байна.

Эхний үе. Ардын хувьсгалын 40 жилийн ой угтан гурван жилийн хугацаатай (1959-1961) зарлажээ. Хоёрдугаар шат. 1961 онд Соёлын довтолгооныг дахин гурван жилээр сунгасан байна. “Бичиг үсэг бага мэдэгч нь дунд мэдэгч болох”…зэргээр өмнөх амжилтаа шат ахиулах нь энэ удаагийн довтолгооны гол зорилт байв.

Гуравдугаар шат, соёлын довтолгооны гурав дахь шатыг албан ёсоор шинэчлэн зарлаагүй боловч “Соёлын довтолгоо” албан бус байдлаар “Төрийн яамны үзлэг”, “Эмнэлэг гэгээрлийн өдөр” нэртэйгээр 1990-ээд оныг хүртэл үргэлжилсэн байна.

Дөрөвдүгээрт,Соёлын довтолгоон нь ерээд оноос хойш барууны соёлд суралцах бүх нийтийн эрмэлзлэлээр солигдсон гэж үзэж болно.

ДӨРӨВ.

Соёлын довтолгооныг гурван хүрээнд хийхээр намзасгийн шийдвэрт заасан байдаг. Соёлын довтолгооны гол чиглэл нь ариун цэврийн салбарт өрнөсөн ба үүнийгээ “хүн бүр хувцсаа угааж цэвэр боловсон өмсөх, халуун усанд тогтмол орж байх…ариун цэврийн анхны мэдэгдэхүүнтэй болох” хэмээн томьёолжээ.

Хоёрдугаарт, ард нийтээр иргэний боловсролын хувьд шат ахих явдал байв. Үүнийг “ Бичиг үсэггүй хүн бичиг үсэг мэддэг болох, анхан шатны боловсролтой болох, анхан шатны боловсролтой нь дунд, дунд шатных нь бүрэн бус дээд боловсролтой болохын тулд ахиц хийх…” хэмээн тодорхойлсон байдаг.

Гуравдугаарт, нүүдэлчид хотшин суурьшиж эхэлсэнтэй холбогдуулан гарч ирсэн шинэ зорилтыг томъёолсон байдаг. Энэ бол хамтран амьдрах дэг ёс, хотших урлагтай холбоотой асуудал бөгөөд үүнийгээ “Нийтийн хэв журам” хэмээн тодорхойлжээ. Улмаар хууль цаазын ертөнцөд нэвтэрсэн “нийгмийн хэв журмыг зөрчих” гэдэг ойлголт нь иргэншил, хотшлийн дэг ёстой харшсан үйлдэл гэсэн утга агуулан орж ирсэн. Манай нэгэн үеийнхний сайн мэдэх “301-д орох, 111-д суух” зэрэг хэллэг нь монгол нутагт хэзээ ч гарч байгаагүй эрх зүйн зохицуулалтууд юм.(Ардын их хурлын тэргүүлэгчдээс гаргасан, нийгмийн хэв журам зөрчигсдөд хүлээлгэх хариуцлагыг чангатгах тухай зарлигуудын дугаар. Их төлөв архидан согтуурч, олон нийтийн газар жижгээр танхайрсан этгээдэд энэ зарлигаар хариуцлага хүлээлгэн захиргааны арга хэмжээ авч байв. Түр баривчлах, албадан хөдөлмөрлүүлэх зэрэг арга хэмжээ авахдаа үсийг нь их төлөв хусдаг учраас “111.301”-д орсон хүн андашгүй байсан. Тэр үед архи уудаг хүмүүсийг шүүмжилсэн “Гудамжны голоор гуйванхан, Гурван зуун нэг рүү дайванхан” гэсэн шог шүлэг хүртэл гарч байлаа.)

Энэ зорилтыг МАХН-ын Төв хорооны тогтоолд “ Хүн бүр боловсон зан суртахууныг эзэмшиж, архи ууж агсам тавих, бусдыг доромжлох, хулгай хийх, хуурч мэхлэх үл бүтэх явдлуудыг үзэн ядаж тэмцэх…” хэмээн томьёолсон байна. Соёлын довтолгооны хүрээнд хуучны хот (айл) гэдгээс ялгамжтай хот (суурин) хэмээх ойлголт бас шинээр үүслээ. 1961 оны зун гарсан Ардын Их хурлын Тэргүүлэгчдийн 136 дугаар зарлигт “…олонх нь цалин хөлсөөр, цөөнх нь аж ахуйн орлогоор амьдардаг 4000-аас дээш хүнтэй суурин, 3000-аас доошгүй хүн байнга оршин суух аж үйлдвэрийн газруудыг хот хэмээн” үзэхээр тогтсон байна. Иймээс “аж ахуйн орлого”-оор амьдардаг цөөнх гэдэг нь нүүдэлчний амьдрал, малаас шууд гарах орлогоор амь зуудаг хүмүүсийг хэлсэн хэрэг бөгөөд монгол орон цаашдаа малчин биш, малаас шууд хамааралгүй хүмүүсийн цоо шинэ нийтлэгтэй болсны илэрхийлэл нь энэ зарлиг гэж үзэж болно.

ТАВ.

Соёлын довтолгооны тэргүүлэх зорилт нь “иргэний хувийн ариун цэвэр” байсан учраас кампанит ажлын үндсэн зохион байгуулагч БНМАУ-ын Эрүүлийг хамгаалах Яам (түүний харьяа Улсын Ариун цэврийн Ерөнхий газар) байв. Тийм ч учраас Соёлын довтолгооны хамгийн сүүлийн үр хөврөл нь 1990-ээд оныг хүртэл үргэлжилсэн “Эмнэлэг гэгээрлийн өдөр” (Долоо хоног бүрийн лхагва гариг) буюу эмнэлгийн ажилчид гадуур явж айл өрхийн ариун цэвэр, бие засах газрын ариутгалын байдал зэргийг шалгадаг үзлэг байв. Энэ үзлэгийн дүнгээс хамааран айл өрхт “Соёлч өрхийн диплом олгож байлаа.

УАЦШБЕГ-ын удирдамжаар төр, аж ахуйн бүх салбарууд өөрийн ариун цэврийн дүрмийг боловсруулан мөрдөж эхэлсэн байна. Эндээс Нийтийн хоолны, дунд сургуулийн, хүнсний дэлгүүрийн, хүүхдийн цэцэрлэг яслийн гэхчлэнгийн ариун цэврийн дүрмүүд салбарлан гарч, нийгмийн амьдралын өдөр тутмын хэм хэмжээ болж эхэлсэн байна.

Эдний шууд харьяаны, өдөр шөнийн аль үед айл өрхөд чөлөөтэй нэвтэрч, айл өрх, албан байгууллага, хувь хүний аль ч хэсгийн ариун цэврийг үзэх, харин Засан хүмүүжүүлэх байгууллага буюу шорон зэрэг тусгай хамгаалалттай обьектод зөвхөн ажлын цагаар нэвтрэх онцгой эрх бүхий улсын байцаагч нараас гадна байгууллага хамт олны хамгийн жижиг бүтцийг хүртэл хамарсан “орон тооны бус байцаагч”, “ байгууллага, анги бүлгийн ариун цэврийн комисс” ажиллаж өргөн эрх эдэлж байв.

Тэд байгууллагын орчны ариун цэвэр байдлаас гадна иргэний хувийн ариун цэвэр, гэр орны ариун цэврийг шалгана. Дунд сургуулийн анги бүлгийн ариун цэврийн комиссынхон сурагчдын хумс, дотуур хувцасны хир, усанд орсон байдал, бөөсийг тогтмол шалгана. Харин насанд хүрэгчдээс бүрдсэн комиссынхон айл гэрээр явж, хөнжлийн даавуу, хөлийн саарь, дотоож болон хөхний даруулга хэрэглэж хэвшсэн эсэхийг үзнэ.

1959 онд гарсан “Хот, хөдөөгийн сургуулийн ариун цэврийн заавар”ёсоор сурагч бүр гурван ээлжийн дотуур хувцас( хамгийн гол нь турсик) ор дэрний хэрэгслэл, нусны алчууртай байх, түүнчлэн долоо хоног бүр усанд орж, хумсаа авдаг журмыг хэвшүүлэхээр заасан байна. Мөн бие зассаны дараа ба хоол идэхийн өмнө гараа угааж хэвшүүлэхийг зорьжээ. Цаашдаа техник мэргэжлийн сургуулийн(ТМС буюу одоогийн МСҮТ) сурагч охидыг сарын тэмдэг ирэх үед хэрэглэх “эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэгслэл”-ээр хангах, хэрэглүүлж сургах асуудлыг ч бас авч үзэж байсан байдаг.

1960 онд гарсан УАЦШБЕГ-ын даргын 8 тоот тушаалд “..нэг хүн жилд 52 удаа усанд орох” бөгөөд нэг удаа орохдоо 45 минутаас багагүй хугацаагаар биеэ угаах заавар гарсан байна. Мөн “халуун усны газарт очиж усанд орохдоо хиртэй хувцсаа аваачиж угаахыг хориглосон” нь амьдралаас урган гарсан шийдвэр бололтой.Улмаар 1963 онд Сайд нарын Зөвлөлийн 436 дугаар тогтоол гарч, хүн бүр тогтмол усанд ордог заншилтай болох үүрэг өгчээ. Шийдвэрийг биелүүлэх хүрээнд 1959-61 онд сумын төвд 383, бригадын төвд 196, аймгийн төвд 40-ийг шинээр байгуулсан тайлан хадгалагдан үлджээ.

Соёлын довтолгооны мөрөөр, долоо хоногийн бямба, ням гариг нь ерөнхийдээ иргэдийн халуун усанд орох өдөр болж хэвшсэн ба байнгын халуун устай орон сууцанд амьдардаг мөртлөө хагас бүтэн сайнд л усанд орж хэвшсэн нэгэн үеийнхэн ингэж бий болсон юм.

Соёлын довтолгооны олон бригад төвөөс орон нутагт, аймгаас сумдад, сумаас баг бригадад томилогдон ажиллаж байлаа. Тэд үсээ хумсаа хэрхэн авахаас эхлээд, биеэ яаж угаахыг биечлэн зааж байсан.

Соёлын довтолгооны хоёр дахь зорилт нь нийтээр бичиг үсэг тайлагдах явдал байлаа. Эхний хоёр жилд 57.000 хүн бичиг үсэг бага мэдэгч, 76,000 хүн сайн мэдэгч болж Булган, Өмнөговь, Ховд, Сэлэнгэ аймаг 13-14 насныхныг бүгдийг нь бичиг үсэг сургасан хэмээн тайлагнасан аж. Бичиг үсэгт тайлагдах ажил “хэн үсэг мэднэ тэр заана” гэдэг зарчмаар явж, гэрийн сургалт дугуйлангуудад дунд сургуулийн сурагчдыг дайчлан багшлуулж байв.

1960 оны зуны гурван сарыг Соёлын довтолгооны хүрээнд “Бичиг үсгийн цохицтой ажлын сар” болгов. Сарын хүрээнд “бичиг үсэг үл мэдэгчдийг илрүүлэх” операци гэдгийг зохиожээ. Энэ нь “хуурамч бичиг үсэгтэн” буюу бичиг үсэгт сурсан, сургасан мэтээр худал тайлан явуулагчидтай хийх тэмцэл байлаа. Ингээд шалгалтаар “илэрсэн” 52,000 орчим хүнийг албадан бичиг үсэг сургах ажил өрнүүлсэн байна. Ингээд 1972 бүлгэмд 1605 багш, 400 орчим оюутан ажиллуулан “илэрсэн” хүмүүсийн 47000 орчмыг сургалтандаа хамруулж чадсан байна. 1971 онд БНМАУ бүх нийтээр бичиг үсэгт тайлагдсан учир ЮНЕСКО-гийн алтан медаль хүртэж байв. Түүнчлэн бүх нийтээр бүрэн бус дунд буюу 8 жил, бүрэн дунд буюу 10 жилийн боловсрол эзэмших хөтөлбөрийн үндсэн хөрсийг соёлын довтолгоон бүрдүүлж өгсөн болно.

Соёлын довтолгооны хүрээнд гарсан нэг том хувьсал бол монголчуудын хүнсний салбарт гарсан хувьсгал юм. Соёлын довтолгооны хоёр дахь шатны зорилтуудын дотор “хоол ундны хольцыг сайжруулах, төмс идэшний ногоо, талхыг өргөн хэрэглэх…” заалт орсон байна. Энэ цаг үетэй зэрэгцэн атар газар эзэмших, хүнсний ногоо тариалах томоохон ажлууд бас эхэлсэн байдаг. МАХН-ын Төв Хороо, Сайд нарын Зөвлөлийн хамтарсан 83/78 тогтоолд “Нийтийн хоолны газрууд, тодорхой хэлбэл больниц, сургууль, цэргийн анги, үйлдвэрийн газрын гуанзанд “нэг хүн хоногт 180 грамм төмс, 150 грамм хүнсний ногоо…ясли цэцэрлэгт 90 грамм төмс, 80 гр хүнсний ногоо” идэж байхаар тогтоосон байна.

Анх удаа “нийтийн хоол” гэдэг ойлголт гарч ирсэнтэй холбогдон олон зүйлийг цоо шинээр журамлан мөрдүүлэх хэрэгцээ гарч ирсэн байна. Тухайлбал хүнсний байгууллагад ажиллах хүмүүсийн ариун цэвэр эрүүл мэндийг эхлээд шалгах, үлдэгдэл хоолон дээр шинэ хоол хийх, хоносон хоолыг халааж үйлчлэхийг хориглох гэхчлэн. “Хүнсний худалдааны ариун цэврийн дүрэм”-ээр худалдагч нарын ажлын халаа өмсөх ба түүнийхээ халаасанд хувийн эд зүйлсээ хийхгүй байх, бас жорлонд орохдоо түүнийгээ тайлахыг зааж өгсөн байх жишээний.

Түүнчлэн эрүүл аж төрөх ёсонд суралцах, ялангуяа нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх талаар томоохон алхмыг Соёлын довтолгооны далбаан дор өрнүүлсэн байна. 1931 оны намар “Биеийн тамир сайжруулах стадион” гээч зүйл анх нээгдснээс үүдэн “Биеийн тамир” гэдэг үг гарсан бололтой. Нийтийн биеийн тамир нь нэлээн хувьсгалч агуулгаар эхэлсэн ба 1936 оноос “Улс орон ба Үйлдвэрийг батлан хамгаалахад бэлхэн” тэмдгийн норм гарсан бөгөөд ажилчин албан хаагчид тэдгээрийг биелүүлэх ёстой байсан юм. Улмаар бүх нийтээрээ биеийн тамирын дасгал, гимнастик заавал хийж сурах үүрэг хүлээлээ.

1959 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн “Ажилчид албан хаагчид, сургуулийн сурагчид үдийн завсарлагаар бие махбодийг чийрэгжүүлэх 8-10 минутын дасгал хийж байх” журам гарчээ. Улмаар энэ дасгалыг Радио өргөн нэвтрүүлгээр удирдан хийлгэх болсон бөгөөд алдартай хөтлөгчийн “Өдрийн гимнастиктаа бэлтгээрэй…хөлдөө мөрний хэмжээний зай авч…” гэсэн хэллэг нэгэн үеийхний чихэнд хоногшин үлдсэн байна.

Дүгнэлт. СОЁЛЫН ДОВТОЛГООНЫ АЧ ХОЛБОГДОЛ

Соёлын довтолгоо нь 1911,1921 оны хувьсгалуудаас эхтэй тусгаар тогтнолын үзэл санааны үргэлжлэл мөн. Энэ зорилгын хүрээнд хятад-дорнынхоос өөр иргэншил соёлын замналтай Оросыг дагаж хөгжих, ингэснээр европ маягаар замнах зорилт орж байв. Соёлын довтолгоо нь Орос-Зөвлөлтийн маягаар (цаад утгаараа европ маягаар) иргэншин суурьших, хотшин хөгжих сургуулийн үе шат болж хэрэгжсэн гэж үзэж болно.

Соёлын довтолгоо нь бүх нийтээр боловсролтой болох, нийтээрээ эрүүлжих, хот суурины амьдралын дүрмээр “боловсон ёс”-оор аж төрөх аргын цогц сургууль байв.

Соёлын довтолгоон нь ариун цэврийн дэг журам, хамтран амьдрах соёл (буюу иргэншил хотшлийн анхан шатны сургууль гэлтэй) салбарт голлон тулгуурласан нь онцгой ач холбогдолтой болов. Учир нь монголчууд бичиг соёл, анагаах ухааны өв уламжлалтай ч хот суурины соёлоос хол хөндий явж ирсэн юм.

Нэг талаасаа төрийн хүчирхийлэл, албадлага хосолсон ч нөгөө талаас нь олон түмэн соёлын довтолгоог халуунаар хүлээн авсан юм. Учир нь соёлын довтолгоон нь хоцрогдсон байдлаас нийтээр гарч, соёлт ертөнцийн хүн ардтай мөр зэрэгцэн хөгжих үндэсний эрмэлзлийн нэг хэсэг байсан бөлгөө.

ХХ зууны сүүлийн хагаст монголчууд нийгмийн халдварт өвчнөөс салж эрүүлжсэн, үүнээс улбаалаад төрөлт нэмэгдэж хүн ам анх удаа нэг саяд хүрсэн, дундаж наслалт уртассан, шинэ шинэ хотууд үүсч хөгжсөн, боловсрол эрүүлийг хамгаалахын маш сайн системтэй болсон зэрэг эрин зууны ололтуудын туг нь Соёлын довтолгоо байсан гэж үзэж болно.

Мөн социалист монгол буюу БНМАУ-ын (1921-1990) үеийн хамгийн том үзэл санааны бүтээн байгуулалт, нийгмийн амьдралд эерэг ул мөрөө үлдээсэн хувьсгалт кампани нь Соёлын довтолгоо байжээ гэж үзэж бас болмоор байна.

Соёлын довтолгооны үр дүнд хот айлын амьдрал нь хот суурины амьдрал болон төлөвшиж, олноороо нэг дор байнга амьдрах соёлд монголчууд амжилттай суралцсан байна.

Боловсрол, эрүүл мэнд, ахуйн соёлын (ариун цэврийн)гурван хүрээнд явуулсан Соёлын довтолгоо нь монголчуудын аж амьдрал, оюун санааг шинэчилсэн хамгийн том ололт амжилт байсан. Мөн 1990 онд ардчилсан хувьсгал ялахад үлдээсэн БНМАУ-ын социалист тогтоцын хамгийн том өв бол Соёлын довтолгооны үр шим болох Нийтийг хамарсан боловсролын тогтолцоо, бүх нутгийг хамаарсан эрүүлийг хамгаалах систем, бүх нийтийн өдөр тутмын амьдралд дадуулсан ариун цэвэр-эрүүл ахуйн дэг ёс байсан гэж үзэж болно.

Categories
мэдээ нийгэм

Хамгийн эрэлттэй 40 мэргэжлийн жагсаалт

Image result for Мэргэжил

Чи ямар мэргэжил эзэмшихээ шийдсэн үү. Хэт сэтгэлийн хөөрлөөр нэг мэргэжил сонгодог ч хөдөлмөрийн зах зээл тэрхүү мэргэжилээр “ханачихсан” байвал чамд өрсөлдөгч олон, тэдэн дундаас цойлж гарах нэг бэрхшээл тулгарна. Гэхдээ мэдээж чи чин сэтгэлээсээ хүсээд, баттай амжилт үзүүлнэ гэсэн итгэл төгс байхад болохгүй зүйл байхгүй л дээ. Гэхдээ мэргэжил сонголтоо эцсийн байдлаар хийхээс өмнө тэрхүү мэргэжлээ сайн судалчихсан байх шаардлагатай. Тиймээс чамд тус болохуйц мэдээллийг хүргэе.

Манай улсад хамгийн их эрэлттэй байгаа 40 мэргэжил тэдгээрийн давуу тал, цалин хангамжийн дундаж мэдээллийг доорх хүснэгтээс аваарай.

Categories
мэдээ нийгэм

Тусгай дуут дохио зөвшөөрөлгүй хэрэглэсэн 34 жолоочид хариуцлага тооцжээ

Image result for Тусгай дуут дохио

Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар баталсан А/62 дугаартай “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэх журам”-ын хэрэгжилтэнд хяналт тавих болон “Тээврийн хэрэгсэлд ашиглах тусгай дуут болон гэрлэн дохио, ерөнхий шаардлага” MNS4979:2016 стандартын хэрэгжилтийг хангуулах ажлыг эрчимжүүлэх зорилготой Замын цагдаагийн алба, ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төв хамтран зохион байгуулж байгаа “ЭРЧИМЖҮҮЛЭЛТ” гудамж, замын шалгалт үргэлжилж байна.

Дээрх арга хэмжээ 2017 оны 9 дүгээр 10-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд шалгалтаар зөвшөөрөлгүй тусгай дуут гэрэл дохио тавьж ашиглах, хэрэглэж явсан тохиолдолд хуулийн заалтаар хариуцлага тооцож, тусгай дуут гэрэл дохиог тээврийн хэрэгслээс авхуулж зөрчлийг арилгаж ажиллах юм.

“Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэх журам”-д зааснаар

1.Төрийн тусгай хамгаалалтын тээврийн хэрэгсэлд-ХӨХ

2.Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий цагдаа, дотоодын цэрэг, Авлигатай тэмцэх газар, Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албаны албан ажлын хэрэгцээнд үйлчилдэг тээврийн хэрэгсэлд-хөх улаан, Цагдаагийн албаны гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах болон шуурхай албаны тээврийн хэрэгсэлд – ХӨХ-УЛААН

3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, тахарын алба яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, ялтан шилжүүлэх, эрэн сурвалжлах болон шуурхай албаны ажлын хэрэгцээнд, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай зориулалтын (хэргийн газрын үзлэгийн болон цогцос зөөвөрлөх), онцгой байдал, уул уурхайн аврах ангийн шуурхай албаны тээврийн хэрэгсэлд – УЛААН

4.Хүн, мал эмнэлгийн яаралтай тусламжийн тээврийн хэрэгсэлд – НОГООН

5.Цахилгаан, дулаан, ус суваг, холбоо, хот тохижилтын болон харуул хамгаалалтын байгууллага, байгаль хамгаалах, замын арчлалт, техникийн хяналт үйлчилгээний чирэгч-ачигч, автотээврийн хяналтын тээврийн хэрэгсэл ослын шуурхай дуудлагын зориулалттай тээврийн хэрэгсэлд–ШАР өнгийн гэрлэн дохио хэрэглэнэ гэж заасан байна.

Хяналт шалгалтаар зөвшөөрөлгүй тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэсэн 34 иргэнд, тусгай дуут гэрлэн дохионы өнгийг сольж хэрэглэсэн зургаан иргэнд хуулийн дагуу арга хэмжээ тооцоод байна.

Categories
мэдээ нийгэм

“Мэргэжлийн Аврагч-2017” тэмцээн эхэллээ

Нийслэлийн Онцгой байдлын газрын аварга шалгаруулах “Мэргэжлийн Аврагч-2017” тэмцээн ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн Тахилт дахь сургалтын талбайд өнөөдөр эхэллээ. Тэмцээнд нийслэлийн Аврах анги, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах ангиудын нийт 15 багийн 120 гаруй тамирчин оюун ухаан, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.

Тэмцээн өнөөдөр байрзүйн цэг олох, тоостой буюу утаажсан өрөөнөөс нэрвэгдэгсдийг гаргах, алдагдсан химийн хорт бодисыг аюулгүй болгох, буухиа гүйлт, өндөр барилга байгууламжаас нэрвэгдэгсдийг буулгах, нуранги доороос нэрвэгсэгдийг гаргах төрлүүдээр явагдах юм.

Харин маргааш усанд нэрвэгдэгсдэд анхны тусламж үзүүлэх, буухиа сэлэлт, усны гүнээс эрэн хайх, аврах ажиллагаа зэрэг төрлүүдээр үргэлжлэн шилдгүүдээ шалгаруулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд тусгай хяналтын дэд хорооны хурлаас гарч ирлээ

УИХ-ын Тусгай хяналтын дэд хороо Төрийн ордны Г танхимд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Шадар сайд У.Хүрэлсүх нарын тагнаж, чагнасан асуудлаар хуралдаж буй. Тэгвэл Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат дэд хорооны хуралдаанаас гарч ирлээ. Тусгай хяналтын дэд хорооны хуралдаан үргэлжилж байна.