Categories
мэдээ улс-төр

АТГ яагаад Шадар сайдыг өөрийгөө тагнаж чагнасан гэж үзсэнийг сонсчээ

Image result for Н.НомтойбаярТусгай хяналтын дэд хорооны хуралдаанаар Eрөнхий сайд, Шадар сайдыг тагнаж чагнасан гэх асуудлыг хэлэлцсэн юм.

Дэд хорооны хуралдаанд оролцоод гарч ирсэн Н.Номтойбаяр гишүүн “Манай бүлэг дээр ярилцахдаа Eрөнхий сайд тагнаж чагнах ажиллагаа явуулсан бол огцруулах бус, бүр хуулийн хариуцлага хүлээлгэх асуудал яригдана. Эсрэгээрээ Шадар сайд өөрөө өөрийгөө тагнаж чагнасан гэж тогтоогдвол түүнд хариуцлагын асуудал яригдана гэсэн хоёр шийдэлд хүрсэн. Тиймээс энэ асуудлыг эцэслэхээр Тусгай хяналтын дэд хороог хуралдтал чуулганаас завсарлага авсан юм. Сая Тусгай хяналтын дэд хорооны хуралдаанаар АТГ-ын өмнө нь хийсэн мэдэгдлийг нарийвчилж сонслоо. Ямар гаргалгаагаар Шадар сайд өөрийгөө тагнасан гэж үзсэн талаар сонссон гэсэн үг. Бусад асуудал нь нууцын зэрэглэлтэй учир хэлэх боломжгүй” гэлээ. УИХ-ын чуулган энэ асуудлаар хаалттай хуралдаж эхэллээ.

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын гишүүн Н.Оюундарь БНХАУ-ын бизнесийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь өнөөдөр (2017.09.07) БНХАУ-ын Жөзян мужийн Ханжоу хотын бизнесийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдлын талаар товч мэдээлэл хийгээд, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллах үүд хаалга нээлттэйг хэлэв.

Уулзалтаар талууд эрчим хүч, барилга, мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулах боломжийн талаар санал солилцон, хоёр улсын хувийн хэвшлийн байгууллагуудыг холбох чиглэлд цаашид хамтран ажиллахаар тохиролцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар уулзав

ОХУ-ын Владивосток хотноо Дорнын эдийн засгийн чуулганд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзав.

Уулзалтад Монголын талаас Монгол Улсаас Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг нарын албаны хүмүүс оролцов.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин уулзалтын эхэнд хоёр улсын харилцаа сүүлийн жилүүдэд хэрхэн амжилттай хөгжиж байгаа талаар тодорхой төсөл хөтөлбөрүүдийг дурдлаа. Тэрээр Монгол Улстай хамтран ажиллах харилцаанд хөдөө аж ахуй, тэр дундаа монгол малыг эрүүлжүүлэх болон дэд бүтцийн салбарын хөгжилд ихээхэн анхаарал хандуулж цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Үүнээс гадна транзит тээврийн хөнгөлөлттэй тарифын хэлэлцээр, хоёр улсын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд шинэчлэл хийх зэрэгт тус улс ихээхэн анхаарал хандуулж байгаа хэмээн ярилаа.

Мөн Монгол Улсад 2020 онд зохион байгуулагдах Азийн хүүхдүүд олон улсын спортын наадмыг амжилттай зохион байгуулахад бүхий л талаар туслах боломжтой талаараа дурдлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-тай эдийн засгийн хамтын ажиллагаагаа улам бүр идэвхжүүлж, хоёр улсын харилцааг шинэ түвшинд гаргах хүслээ илэрхийлээд тодорхой саналууд тавив. Тухайлбал, ОХУ-аас рублийн зээл авч хоёр улсын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-д шинэчлэлт хийх болон Монгол Улсаас дэлхийн зах зээлд тус улсаар дамжуулан олон улсын зах зээлд гаргах экспортын бүтээгдэхүүнд транзит тээврийн хөнгөлөлт үзүүлэх тухай хэлэлцээрийг баталгаажуулах гэх мэт саналууд тавьж ярилцсан юм. Мөн хоёр улсын хооронд соёл, боловсролын салбарын хамтын ажиллагаа, орос хэлний сургалтыг нэмэгдүүлэх, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар яриагаа форумын үеэр үргэлжлүүлэхээр болсон юм.

Монгол Улс, ОХУ-ын төрийн тэргүүнүүд өнөөдөр Дорнын эдийн засгийн форумын өргөтгөсөн хуралдаан болон Владивосток хотод болж буй залуучуудын жүдогийн тэмцээний хаалтын арга хэмжээнд оролцоно.

Categories
мэдээ улс-төр

УИХ хаалттай хуралдаж эхэллээ

УИХ-ын чуулган хаалттай хуралдаж эхэллээ. Т.Аюурсайхан гишүүн “Ерөнхий сайд, Шадар сайдыг тагнаж чагнасан асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцэх ёсгүй. Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх ёстой” гэлээ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж чагнасан асуудлыг чуулган хаалттай горимоор хэлэлцэх юм.

Тусгай хяналтын дэд хорооны дарга Сү.Батболдын мэдээллийг хаалттай горимоор сонссоны дараа Засгийн газрыг огцруулах асуудлыг нээлттэй хэлэлцэнэ.

Э.ЭНХ

Categories
мэдээ нийгэм

47 согтуу жолоочийг илрүүлж, хуулийн дагуу хариуцлага тооцжээ

Image result for согтуу жолоочийг илрүүлж

Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 47 жолоочийг илрүүлэн саатуулж, хуулийн дагуу энэ сарын 6-нд хариуцлага тооцжээ. Тухайн өдөр Замын цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 393 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 330 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас нийт арван хүн гэмтэж бэртжээ. Үүнээс зургаа нь бага насны хүүхэд байсан гэнэ. Бүгд явган зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцож байх үедээ зам тээврийн осолд өөртөж гэмтэж бэртсэн байна. Бүртгэгдсэн осол, хэргийг гарсан хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн таван ослын улмаас есөн хүнд хөнгөн байдлаар гэмтэж, мөргөлдөх хэлбэрээр таван осол тус тус бүртгэдсэнийг шалгаж байгаа гэв. Тухайлбал, Баянзүрх дүүргийн нутаг Д.Нянтайсүрэнгийн гудамж Улаанхуарангийн замд “V.touareg” маркийн автомашины жолооч Б нь явган зорчигч 26 настай М, 4 настай С, хоёр настай С, долоон сартай С нарын дөрвөн хүнийг мөргөж гэмтээсэн хэргийг Замын цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэст шалгаж байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

Бутаны Вант улстай эрүүл мэндийн салбарт тодорхой чиглэлүүдээр хамтран ажиллахаар боллоо

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнөөдөр Бутаны Вант улсын гадаад хэргийн сайд Дамчо Доржийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үер талууд Монгол улсын эрүүл мэндийн яам болон Бутаны Вант улсын эрүүл мэндийн яамтай хамтран ажиллах, уламжлалт анагаах ухааны чиглэлээр талууд хамтран ажиллах боломжийн талаар харилцан ярилцаж, санал солилцлоо.

Уулзалтын эхэнд сайд А.Цогцэцэг Бутаны Вант улсын гадаад хэргийн сайд Дамчо Доржийг Монгол улсад ажлын айлчилд нь амжилт хүсч, Монгол, Бутан хоёр улс түүх, соёлын өв, шашин шүтлэгийн хувьд ижил төстэй бөгөөд уламжлалт анагаах ухааны эртний түүхтэй орнууд учир цаашид уламжлалт, болон орчин үеийн анагаах ухааны салбарт бүс нутгийн түвшинд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийллээ. Мөн түүнчлэн Монгол улс Бутаны Вант улстай 2012 оноос дипломат харилцаа тогтоосноос хойш 2 улсын анагаах ухааны салбар, тэр дундаа Уламжлалт анагаах ухааны салбарт дахь хамтын ажиллагаа хөгжиж, Бутаны Вант улсын эмч мэргэжилтнүүд энэ чиглэлээр суралцаж эхэлсэн болохыг тэмдэглэв. Манай улсын эмнэлгийн тусламж үзүүлдэг төрийн өмчтэй бүх эрүүл мэндийн байгууллагуудын дэргэд Уламжлалт анагаах ухааны салбар, тасаг, нэгж, кабинет байгуулагдан үйл ажиллагаа явуулдаг арвин туршлагатай. Тиймээс манай улстай мөн адил Уламжлалт анагаах ухаан өндөр хөгжсөн Бутаны Вант улстай хамтран ажиллаж, Уламжлалт анагаах ухаанд нэн шаардлагатай ховор зүйлийн эмийн ургамал нийлүүлэх, Дэлхийд алдартай Монголын шаваран эмчилгээг нэвтрүүлэн, энэ чиглэлээр судалгаа шинжилгээг эхлүүлэх боломж нээлттэй байгааг онцлов.

Ноён Дамчо Доржи Уламжлалт анагаах ухааны олон жилийн түүхтэй Монгол улстай энэ салбарт хамтран ажиллах боломж нээлттэй болж байгаад баяртай байна. Монгол улсын Уламжлалт анагаах ухааны салбарт өргөн ашиглагддаг шаваран эмчилгээ Бутаны Вант улсад төдийлөн нэвтрээгүй учир, энэ чиглэлээр эмч мэргэжилтэн бэлтгэн, сургалт, дадлага явуулах нь зүйтэй гэдэгт сайд А.Цогцэцэгтэй санал нийлж байгаагаа хэллээ. Монгол улсын Эрүүл мэндийн яамтай олон чиглэлээр хамтран ажиллах албан ёсны хүсэлт тавин 2 улсын улсын эрүүл мэндийн яамдуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд өөрийн зүгээс дэмжин ажиллана гэдгээ илэрхийллээ.

Categories
мэдээ улс-төр

Тусгай хяналтын дэд хороо хуралдаж дууслаа

УИХ-ын Тусгай хяналтын дэд хороо хуралдаж дууслаа. Дэд хорооны хуралдаанаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Шадар сайд У.Хүрэлсүх нарын тагнаж, чагнасан асуудлыг хэлэлцсэн юм. Дэд хороо санал дүгнэлтээ Их хуралд танилцуулахаар бэлдэж байна. Чуулганы нэгдсэн хуралдаан 15 цагт товлогдсон тул гишүүд чуулгандаа орохоор цуглаж эхэллээ.

Categories
мэдээ улс-төр

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн үр хүүхдэд нэмэлт нөхөн олговор олгох хуулийн төсөл өргөн барив

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр (2017.09.07) Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Я.Санжмятав өргөн мэдүүллээ.

УИХ-аас 1998 онд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийг баталсан бөгөөд уг хуулийн дагуу улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн иргэдийн нэр төрийг сэргээн цагаатгах, тэдэнд тусламж дэмжлэг үзүүлэн нөхөх олговор олгох, дурсгалыг мөнхжүүлэх ажлыг хийж байгаа юм. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2014 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр зөвлөмж гарган цагаатгуулах өргөдөл хүлээн авах болон нөхөх олговор олгох хуулийн хугацааг хоёр жилээр сунгаж, энэ хугацаанд цагаатгагдаагүй иргэдийн хэргийг шалгаж цагаатгах үүрэг өгчээ. Өнөөдрийн байдлаар улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж цаазаар авахуулсан болон хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчдийн төрсөн үр хүүхэд 400 гаруй байдаг аж.

Иймд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Төсөлд өмнө нь орон сууц, гэр болон түүнтэй тэнцэх нөхөх олговор аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч, хэрэв хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр буюу нөхөр, хэлмэгдэгчийг амьд байхад нь төрсөн болон үрчилж авсан, түүнчлэн хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд нэмэлт нөхөх олговорыг нэг удаа олгохоор тусгасан байна. Түүнчлэн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн гэж үзэж байгаа этгээдийг цагаатгуулах тухай гомдлыг хүлээж авах болон нөхөх олговор олгох хугацааг хуулийн төсөл батлагдсан өдрөөс хойш хоёр жилийн хугацаатай байхаар тусгажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ФОТО: Дэлхийн медальтнууд эх орондоо ирлээ

Өнөө жилийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчид эх орондоо ирлээ. Жүдо бөхийн ДАШТ өнгөрсөн наймдугаар сарын 28-наас энэ сарын 3-ны хооронд болж өндөрлөсөн. Энэхүү тэмцээнд Монголын жүдочид эрэгтэй, эмэгтэй тус бүр есөн тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож, нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилтаар 126 орноос гуравдугаар байрт шалгарсан амжилттайгаар оролцсон юм.

Дэлхийн чансааг тэргүүлж буй тамирчин Д.Сумъяаг хүндэтгэн хүлээн авах ёслолын үеэр МУГТ дасгалжуулагч О.Балжинням тэргүүтэй хүмүүс хэвлэлийн хурал зарлаж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Энэ үеэр Монгол Улсын гавьяат дасгалжуулагч О.Балжинням “Энэ удаагийн ДАШТ-ээс зургаан медаль авсан амжилттай оролцож, эх орондоо ирлээ. Монголын түүхэнд байгаагүй амжилт гаргаж чадсан гэж бодож байна. Бидэнд тусалж дэмжсэн тамирчдын минь гэр бүл, дасгалжуулагчид, Монголын жүдо бөхийн холбоо, Монголын ард түмэндээ баярлаж, талархаж байгаагаа илэрхийлье. Олон хүний хүч хөдөлмөрөөр бид ийм амжилт гаргаж чадлаа” гэв.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дэд дарга Я.Санжмятав “Улс төрийн хэлмэгдүүлэлт шалтгаан, үр дагавар, сургамж” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд оролцов

Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурлын гишүүн, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын дарга Я.Санжмятав өнөөдөр (2017.09.07) “Улс төрийн хэлмэгдүүлэлт шалтгаан, үр дагавар, сургамж” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд оролцов.

Тэрбээр бага хурлыг нээж, хэлсэн үгэндээ “Улс төрийн хэлмэгдүүлэлтийн талаархи үнэн бодит шалтгаан нөхцлийг түүхэн үйл явц төдийгүй тухай үеийн нийгэм, улс төрийн болоод шашин, үзэл суртал, хувь хүн талаас нь судлан, бодит байдлыг тодорхойлж, улмаар өнөө болон хойч үеийнхэндээ сургамж болгон үлдээхэд энэ эрдэм шинжилгээний хурлын ач холбогдол орших болно.

Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжлийн түүхийн оноо нь ч, алдаа нь ч бидэнд өв болон үлдэх учиртай. 20 дугаар зууны Монголын түүх бол бидний дээд өвөг Чингис хаан, Хөх монголчуудын түүхийн үргэлжлэл учраас Хэлмэгдүүлэлт хэмээх гунигт боловч үнэнд гүйцэгдсэн түүхийг Монголын түүхээс баллуурдах юм уу, бүхнийг өнгөрсөн цаг хугацаанд тохож болохгүй. Түүхээ бодитоор нь шастирлан үлдээж, түүхэн үйл хэрэг, түүхэн хүн, түүхэн цаг үеийг бодитой зөв үнэлэн дүгнэж өнөөгийн болон хойшдын ажил амьдралын зам мөртөө зөвөөр тусгаж чадаж гэмээнэ бид ирээдүй рүүгээ итгэлтэй замнаж чадна. Эрдэм шинжилгээний хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье” гэв.

Тус эрдэм шинжилгээний бага хуралд ХБНГУ, ОХУ, Япон болон Шинжлэх ухааны академи, МУИС, МУБИС, БХИС-ийн эрдэмтэн судлаачид, “Конрад-Аденауэр” сан, Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо зэрэг байгууллагын төлөөллүүд оролцож, илтгэл хэлэлцүүлж байна.

Монгол Улсад улс төрийн хэлмэгдүүлэлт нийгмийн олон салбар, давхаргыг хамран өрнөсөн 1937 оны есдүгээр сарын 10-ны өдрөөр төлөөлүүлэн жил бүрийн есдүгээр сарын 10 –ныг “Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр” болгон улс орон даяар тэмдэглэх тухай УИХ-ын тогтоолын дагуу энэ өдрийг 22 дахь жилдээ тэмдэглэж буй юм.

“Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр”-ийг угтан Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос “Улс төрийн хэлмэгдүүлэлт шалтгаан, үр дагавар, сургамж” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.