Categories
мэдээ нийгэм

“Сэлэнгэ-2017” цэргийн сургуулилт боллоо

Image result for “Сэлэнгэ-2017” цэргийн сургуулилт боллоо

Өнгөрсөн пүрэв гаригт Орос-Монголын хамтарсан “Сэлэнгэ-2017” цэргийн сургуулилт амжилттай болж өндөрлөсөн талаар ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлснийг ТАСС агентлаг уламжлав.

Хэвлэлийн албаны мэдэгдэлд “Сэлэнгэ-2017” сургуулилт Монгол Улсын Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт орших Зүүнбаянгийн цэргийн сургалтын төвд боллоо. Хоёр улсын цэргийн алба хаагчид хууль бус зэвсэгт бүлэглэлийнхнийг говийн нөхцөлд түргэн шуурхай устгах буюу терроризмтой тэмцэх сургуулилт хийлээ” гэжээ.

Энэхүү сургуулилтад хоёр талын 1000 гаруй цэргийн албан хаагч оролцсон бөгөөд талууд 200 орчим нэгж байлдааны техникийг сургуулилтын үеэр ашигласан байна. “Сэлэнгэ” сургуулилтыг анх удаагаа говийн нөхцөлд хийснээрээ онцлогтой болжээ. Энэ нь Монголын зэвсэгт хүчний хувьд сүүлийн гурван жилийн хугацаанд оролцсон хамгийн том цэргийн сургуулилт байв.

Categories
мэдээ спорт

Зүүн Азийн жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Image result for Зүүн Азийн жүдо бөхийн аварга

Зүүн Азийн жүдо бөхийн аварга шалгаруулах анхдугаар нээлттэй тэмцээний нээлт өнөөдөр “Буянт Ухаа” спорт цогцолборт боллоо. Энэхүү тэмцээн нь хоёр өдөр үргэлжлэх бөгөөд Монгол Улс, ОХУ, БНХАУ, Казакстан, БНСУ, БНАСАУ, Вьетнам улс зэрэг нийт долоон орны 100 гаруй тамирчин, дасгалжуулагч, 30 орчим албаны хүмүүс оролцож байна.

Манай улс зохион байгуулагч орны хувьд эрэгтэй, эмэгтэй хоёр баг бэлтгэн оролцуулахаар бэлтгэл, сургуулилтаа хангажээ. Энэ удаагийн Зүүн Азийн жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээнд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний болон Дэлхийн цэргийн аварга шалгаруулах тэмцээний медальтнууд оролцож байна. Мөн Дэлхийн цэргийн спортын холбооны ерөнхийлөгч Абдулхакеем Алшино өөрийн биеэр оролцож байгаа гэдгээрээ онцлог болж буй юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Засгийн газрын бондуудын ханш буурлаа

Related image

Засгийн газрын голлох бондууд болох “Хуралдай бонд”-ын ханш өнөөдрийн арилжаа эхлэх үед 0.19 хувиар буураад байна. Харин “Чингис бонд”-ын ханш баасан гарагийн арилжаа эхлэх үед 0.38 хувиар буурсан боловч түүний дараа бага зэрэг сэргэж, уналтын хувь нь 0.16 хувь боллоо. Ирэх оны нэгдүгээр сард эргэн төлөлт нь хийгдэх 500 сая ам.долларын “Чингис бонд”-ын ханш харьцангуй хэлбэлзэл багатай, арилжаа эхлэх үед 0.1 хувиар буурсан. Ийнхүү Засгийн газрын тогтворгүй байдлаас үүдэж олон улсын бондын зах зээлд манай улсын бондын ханш буураад байна.

Categories
мэдээ нийгэм

Зөвшөөрөлгүй рентген ашиглаж байсныг зогсоосон гэв

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газар рентген оношилгооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 58 шүдний эмнэлэгт хийсэн шалгалтынхаа дүнг өнөөдөр танилцууллаа.

Шалгалтаар их эрсдэлтэй 16, дунд эрсдэлтэй 13, бага эрсдэлтэй 29 байгууллага үнэлэгдэж, давхардсан тоогоор 737 зөрчил илрүүлжээ. Үүний дагуу зөрчил дутагдлыг арилгуулахаар 28 байгууллагад улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн гэнэ.

Мөн тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан 24 байгууллагын рентген аппаратын ашиглалтыг түр зогсоосон бөгөөд холбогдох 18 албан тушаалтанд нийт 15.840.000 төгрөгийн торгууль ногдуулсон гэв.

Цаашид аж ахуйн нэгж, байгууллагууд нь цөмийн энергийн тухай хууль тогтоомжийг мөрдөж, рентген аппаратыг тусгай зөвшөөрөлтэйгөөр ашиглах, тоног төхөөрөмжид тохируулга, чанарын хяналтыг тогтмол хийлгэж, чанарын шаардлага хангасан рентген аппаратаар оношилгоо хийхийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотын худалдааны танхим “гишүүдийн уулзалт”-аа хийлээ

Улаанбаатар хотын худалдааны танхим “Гишүүдийн уулзалт”-аа хийлээНийслэлийн хөгжлийг дэмжиж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, бизнес эрхлэгчдийн нийтлэг эрх ашгийг хамгаалж, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор байгуулагдсан Улаанбаатар хотын худалдааны танхим гишүүн байгууллагуудаа хооронд нь холбох, тэдгээрийн санал санаачилгыг хотын удирдлагуудад хүргэх зорилгоор гишүүдийн уулзалтаа сар бүр хийдэг билээ. Энэ удаагийн уулзалтын зочноор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, НИТХ-ын төлөөлөгч Р.Дагва зэрэг хүмүүс оролцлоо.

Уулзалтын эхэнд тус танхимын Ерөнхийлөгч Ж.Оюунгэрэл өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудаа гишүүддээ танилцуулснаас гадна “Улаанбаатар хотын ногоон сан”-г санаачлан байгуулсан талаар мэдээлэл өглөө. Энэхүү сан нь нийслэлийн агаар, хөрсний бохирдол, хүлэмжийн хийг бууруулах, эрчим хүчний хэмнэлттэй, ногоон технологид суурилсан бүтээгдэхүүний эцсийн хэрэглэгч, бизнес эрхлэгч болон уг бүтээгдэхүүний худалдаа, үйлдвэрлэл, угсралт суурилуулалтын үйлчилгээ эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих зорилготой байна.

Мөн хотын дарга С.Батболд 2018 оны төлөвлөгөө, төслүүдийн талаар танилцууллаа. Ирэх онд нийслэлийн иргэдийн ая тухтай, аюулгүй амьдрах нөхцлийг бүрдүүлсэн ажлуудыг үргэлжлүүлэн хийнэ. Тухайлбал, эмнэлгийн гадна тохижилт, ногоон байгууламж нэмэгдүүлэх, сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг ажлууд хийгдэх талаар хэллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Ирээдүй үеийнхэнд зориулсан илгээлт гардуулав

ОХУ-ын Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн форумд оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Япон Улсын Ерөнхий сайд Ш. Абэ нар Алс Дорнодын холбооны их сургуулийн ирээдүй үеийн оюутнуудад зориулсан бортгон саванд хуйлж агуулсан илгээлтийг тус сургуулийн оюутнуудын төлөөлөлд гардуулан өгөх ёслол болов.

Алс Дорнодын холбооны их сургууль жудо бөхийн ордонтой болж буйд зориулан энэ үйл явдал болсон юм. Дээд зэрэглэлийн жудочдыг бэлтгэх олон улсын энэхүү төвийг тус сургуулийн оюутны хотхонд байгуулж байгаа юм.

Дорнын эдийн засгийн чуулганы хүрээнд жудогийн ордны барилгын ажлыг ийнхүү ёслол төгөлдөр эхлүүллээ.

Categories
мэдээ нийгэм

Зуслангийн бүсийн хаягжилтад технологийн дэвшлийг ашиглаж эхэллээ

Нийслэлийн Байгаль орчны газраас зуслангийн бүсийг технологийн шийдэл ашиглан хаягжуулах ажлын хүрээнд зусланд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, төрийн үйлчилгээний байгууллагууд, байгаль хамгаалагчийн байр, худаг, хогийн цэг зэрэг 200 байршилд “Гурван үгт хаяг” байрлуулж, иргэдэд энэхүү шийдлийг танилцуулах арга хэмжээ зохион байгууллаа. Улаанбаатар хотын зуслангийн тулгамдсан асуудлын нэг нь хаягжилт байдаг. Мэдээллийн технологийн дэвшилд тулгуурласан хаягжилтыг нэвтрүүлснээр хаягаа бусдад зааж өгөх, яаралтай дуудлага өгөх, тусламж авах, захиалга хүргэлтийн үйлчилгээ авахад хялбар болж байгаа юм. Гурван үгт хаягийн апликэйшн нь үнэ төлбөргүй тул бүх хүмүүс ашиглах боломжтой гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн шилдэг жолооч нарыг шалгарууллаа

Нийслэлийн Тээврийн газар, “Улаанбаатар Смарт карт” ХХК хамтран “Нийтийн тээврийн үйлчилгээний шугамын орлогоо хамгийн их өсгөсөн жолоочийг шалгаруулах нэг сарын аяныг зарласан билээ. Тэгвэл энэ сарын 6-ны өдөр шилдэг жолооч нарт шагнал гардуулах үйл ажиллагаа “Улаанбаатар Смарт карт” ХХК-ийн хурлын танхимд боллоо. Шагнал гардуулах үйл ажиллагаанд “Улаанбаатар Смарт карт” ХХК-ийн ерөнхий захирал Юүн Жун И, үйл ажиллагаа хариуцсан газрын дарга Р.Ган-Эрдэнэ, үйл ажиллагааны хэлтсийн дарга Ц.Түвшинжаргал болон бусад албаныхан оролцлов.

Нэгдүгээр байранд “Эрдэм транс” ХХК-ийн Ч:64 чиглэлийн 13-037 дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Ерөөлтдэлгэр, С.Хуягаа нар шалгарсан бол хоёрдугаар байранд “Зорчигч Тээврийн Нэгтгэл” ОНӨААТҮГ-ын 2 дугаар баазын 02-024 дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Нэргүй, Ц.Бямбаням, гуравдугаар байранд “Зорчигч Тээврийн Нэгтгэл” ОНӨААТҮГ-ын 1 дүгээр баазын 01-012 дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ү.Жавхлантөгс, П.Баатарсүрэн нар шалгарсан байна.

Шилдэг жолооч нарыг шалгаруулахдаа нийслэлийн Тээврийн газраас тогтоосон чиглэлийн орлогын доод хязгаарыг давуулан биелүүлсэн болон тухайн сард цагийн хуваарь, графикийн дагуу иргэдэд үйлчилж, ямар нэгэн осол, зөрчилгүй ажилласан зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан үзжээ. Дашрамд дурдахад тус аяныг цаашид үргэлжлүүлэн 9,10 дугаар сард дахин зохион байгуулахаар төлөвлөсөн гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.


Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанк энэ сард иргэд, байгууллагаас нийт 3 тонн 277.20 кг алт худалдан авчээ

Related image

Монголбанк энэ оны наймдугаар сард иргэд, байгууллагаас нийт 3 тонн 277.20 кг алт худалдан авчээ. Энэ нь өмнөх оны наймдугаар сарын статистиктай харьцуулахад, 249.7 кг-аар өссөн үзүүлэлт юм. Харин жилийн дүнгээрээ Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ 12 тонн 217 кг-д хүрч, өмнөх оны мөн үеэс 250 орчим кг-аар өссөн үзүүлэлттэй гарсан аж. Монголбанк өнгөрсөн наймдугаар сараас эхлэн “Монгол Алт” аяныг хэрэгжүүлж буй. Энэ хугацаанд алт тушаалтыг нэмэгдүүлэх зорилгоор иргэд аж ах ахуйн нэгжүүдэд чиглэсэн мэдээлэл өгөх, сургалт уулзалт зэргийг зохион байгуулан ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн цэргүүд эх орондоо ирлээ

Энхийг сахиулагчид эх орондоо ирлээБНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын VI ээлжийн батальоны эхний хоёр хэсэг эх орондоо ирлээ. Эх орон, Зэвсэгт хүчний удирдлагын өгсөн үүрэг, даалгаврыг амжилттай биелүүлж, монгол цэргийн нэр хүндийг өндөр өргөж, тэсвэр хатуужил, сахилга батаараа гайхагдсан залуусын төлөөллийг ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар, ЗХЖШ-ын АУГ-ын дарга, бригадын генерал Д.Ганзориг нарын албаныхан угтан авсан юм.

Бригадын генерал Д.Ганзориг эхний ээлжээр ирсэн энхийг сахиулагчдад хандаж “Эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн дэлхий дахинд монгол цэргийг дахин таниулсан дайчиддаа баяр хүргэе. НҮБ-д цэрэг хандивлагч улс орнуудын энхийг сахиулагчдын дунд бахархал, үлгэр дуурайлал болж мэргэжлийн ур чадвар, үүрэг гүйцэтгэх байдлаараа манлайлагч нь байсан та бүхнээр бахархаж байна” хэмээгээд шинэчлэн батлагдсан батлан хамгаалахын багц хуулийн хүрээнд командлалууд бие дааж эхэлсэн тухай, Зэвсэгт хүчинд ололт, амжилттай олон санаачилга биелсэн тухай, төлөвлөгөөт ажлууд хугацаандаа явагдаж байгаа тухай мэдээллийг хүргэсэн юм. Батальоны захирагчийн орлогч, хурандаа М.Болдбаатар “Манай батальон ажиллагааны газар оронд 2016 оны есдүгээр сарын 1-нээс үүрэг гүйцэтгэж эхэлсэн. Батальон маань тогтоосон дүрэм, журмыг баримтлан үүргээ амжилттай биелүүлээд эхний хэсэг нь эх орондоо ирж байна. Ажиллагааны газар оронд цагийн байдал тийм амар байгаагүй үед бид бүхэн дор бүрнээ чармайж ажилласныг онцлон хэлмээр байна. Бид үндсэн үүрэг гүйцэтгэлийн хажуугаар батальоны сургалтын орчныг сайжруулахад анхаарч хэд, хэдэн бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэлээ. Энэ бол манай залуучуудын хамтын хөдөлмөр юм” гэлээ.