Categories
мэдээ спорт

”Зүүн Азийн жүдо бөхийн аварга” шалгаруулах тэмцээн болж байна

Энэ сарын 8-9-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо Дэлхийн цэргийн спортын ”Зүүн Азийн жүдо бөхийн аварга” шалгаруулах анхдугаар нээлттэй тэмцээн зохион байгуулагдаж байна. Тэмцээний нээлтийн ажиллагаанд Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, дэд сайд Т.Дуламдорж, ЗХЖШ-ын орлогч дарга бригадын генерал Ж.Бадамбазар, Дэлхийн цэргийн холбооны ерөнхийлөгч Абдулхакеем Алшино болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, тэмцээнд оролцогч орнуудын төлөөлөгчид оролцлоо.

Тус тэмцээнд Монгол Улс, ОХУ, БНХАУ, Казакстан, БНСУ, БНАСАУ, Вьетнам улс зэрэг нийт 7 орны 100 гаруй тамирчин, дасгалжуулагч, 30 орчим албаны хүмүүс оролцож байна. Монгол Улс зохион байгуулагч орны хувьд эрэгтэй эмэгтэй 2 баг бэлтгэн оролцуулахаар бэлтгэл, сургуулилтаа хангажээ. Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж буй энэхүү тэмцээнд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медальтан, цэргийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медальтангууд оролцож байгаагаас гадна Дэлхийн цэргийн холбооны ерөнхийлөгч Абдулхакеем Алшино өөрийн биеэр оролцож байгаа нь тэмцээний нэр хүнд, ач холбогдолыг өндөрт өргөж байгаагийн зэрэгцээ манай оронд анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой юм.

Дэлхийн цэргийн спортын холбоо /CISM/ нь Дэлхийн II дайны дараа үүсэн байгуулагдсан, 136 орныг эгнээндээ нэгтгэсэн улс орнуудын Зэвсэгт хүчин, цэргийн алба хаагчдын нөхөрлөл, харилцан итгэлцлэлийг бэхжүүлэх, спортоор дамжуулан улс орны найрамдлыг зузаатгах, энхтайвныг тогтоох зорилготой ”Friendship through Sport” уриан дор үйл ажиллагаагаа явуулдаг олон улсын байгууллага юм. Монгол Улс Дэлхийн цэргийн спортын холбоонд 1992 онд гишүүнээр элссэн. Зэвсэгт хүчний ”Алдар” спорт хороо Дэлхийн цэргийн спортын холбооноос зохион байгуулсан тэмцээн, уралдаан, арга хэмжээнд амжилттай оролцож өндөр амжилтуудыг гаргаж ирсэн. Тухайлбал, 2015 онд БНСУ-ын Мунгён хотноо зохион байгуулагдсан VI их наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцсон Зэвсэгт хүчний ”Алдар” спорт хорооны баг тамирчид спортын 8 төрлөөр оролцож 6 алтан медаль, 12 мөнгөн медаль, 6 хүрэл медаль хүртэж, дэлхийн 117 орны баг тамирчдаас багийн дүнгээр 16 дугаар байрт шалгарсан. 2015 онд АНУ-д зохион байгуулагдсан Дэлхийн цэргийн спортын холбооны чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 4 алтан медаль хүртэж, эрэгтэй баг нэгдүгээр байр, эмэгтэй баг хоёрдугаар байр эзэлсэн, 2016 оны Катар улсад зохиогдсон буудлагын тэмцээн, Швейцарь улсад зохион байгуулагдсан жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож 4 алт, 2 хүрэл медаль хүртэж, эрэгтэй багийн барилдаанд хүрэл медаль хүртсэн амжилтыг тус тус үзүүлсэн байна

Categories
мэдээ спорт

50 жилийн ойн нэрэмжит гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулна

Хурандаа генерал С.Равдангийн мэндэлсний 110 жилийн ой, Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Аврах тусгай ангийн түүхт 50 жилийн ойн баярын хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, нийслэл хүрээний Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагын дунд “Гар бөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах гэж байна.

Уг тэмцээн нь алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, нийтийн биеийн тамирыг сурталчлах, спортын ур чадварыг дээшлүүлэх, бие бялдрын хүмүүжил олгох, шилдэг анги, байгууллага шалгаруулах зорилготой бөгөөд энэ сарын 10-ны өдөр “Буянт-Ухаа” спортын ордонд болно.

Тэмцээнийг Монголын Волейболын холбооны шүүгчид шүүн явуулах ба тэмцээнд оролцож байгаа Олон Улсын хэмжээний мастер болон спортын мастер цолтой тамирчдад хүндэтгэл үзүүлэх юм.

Тэмцээнд Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын хүрээлэн, Уул уурхайн аврах анги, Хангалт үйлчилгээний анги, Давтан сургалт, сэргээн заслын төв, Аврагч техник спортын хороо, Улсын нөөцийн салбарууд, Нийслэлийн Онцгой байдлын газар, Аврах тусгай анги, Нийслэлийн аврах анги, Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв, Мэдээлэл, шуурхай удирдлагын төв, Хууль сахиулахын их сургууль, Ахмадын хорооноос нийт 30 баг оролцоно гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

​ Монголын анхны сүрчиг Германд худалдаалагдаж эхэллээ

Берлин хотноо амьдардаг зураач Ц.Цацрал Монголын анхны үнэртэй усыг хийж, зах зээлд нийлүүлж эхэлжээ. Зураач бүсгүй “Цас чихэр”, “Шамбалын орон”, “Үүрийн цолмон” нэртэй гурван сүрчгээ тус бүр 500 ширхэг үйлдвэрлэж, Монгол болон Германы зах зээл дээр гаргаад байна. Хуучин монгол бичиг бүхий энэхүү сүрчгийг европчууд ихэд сонирхож байгаа ажээ.

Сонирхуулахад,”Цас чихэр” сүрчиг нь дөнгөж орсон цасны сэргэг, сэрүүхэн мэдрэмж төрүүлэхүйц бол “Шамбалын орон” нь сахиусан тэнгэртэй учирч буй мэт байх ажээ. “Харин “Үүрийн цолмон” хэмээн дүүгийнхээ нэрээр нэрлэсэн ус нь хэрэглэгчдэд танхил, зөөлөн мэдрэмжийг төрүүлэх гэнэ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Хонгорзул хүрэл медаль хүртлээ

Чөлөөт бөхийн өсвөр үеийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Грекийн нийслэл Афинд үргэлжилж байна. Тэмцээний гурав дахь өдөр буюу өнөөдөр охидын 52 кг-ын жинд Баянхонгор аймгийн тамирчин Болдсайханы Хонгорзул хүрэл медалийн эзэн боллоо. Тэрбээр Монголын чөлөөт бөхийн тамирчдаас өсвөр үеийн ДАШТ-ээс 13 дахь медалийг эх орондоо авчирч байгаа юм.

Categories
гадаад мэдээ

​Ирма хар салхи Флоридаг чиглэсээр байна

Ирма хар салрхи АНУ-ын Флорида мужид удахгүй нүүрлэж гэж байна хэмээн цаг уурчид анхааруулжээ. Тиймээс тус мужийн засаг захиргаанаас 5.6 сая хүнийг нүүлгэн шилжүүлээд байна. Өчигдөр шөнө хар салхины хурд 250 км/цагт хүрсэн туухай мэдээллээ. Байгалийн гамшиг Кубад нүүрлээд байгаа туал тэнд амарч байсан ойролцоогоор 50 мянган жуулчин нутаг буцжээ. Байгалийн гамшигийн улмаас Кубын зарим нутагт цахилгаан тасарсан байна.

Categories
мэдээ улс-төр

“Монгол хүний эрүүл мэнд – хүнсний аюулгүй байдал” сэдэвт салбар хуралдаан боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар “Монгол Улсын хүнсний аюулгүй байдал” сэдвээр ирэх 9 дүгээр сарын 12-нд үндэсний чуулган зохион байгуулах гэж байна.

Уг үндэсний чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ХХААХҮЯ, Монголын хүнсчдийн холбоо, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран зохион байгуулах юм.

Монгол Улсын хүнсний салбарын өнөөгийн байдлыг тодорхойлох, хүн амын гол нэрийн хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах, хүнсний хангамжийг сайжруулах, хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр авах шаардлагатай арга хэмжээний саналыг боловсруулж, шийдвэрлүүлэхэд “Монгол Улсын хүнсний аюулгүй байдал” сэдвээр хийх үндэсний чуулганы зорилго оршиж байна.

Үндэсний чуулганы өмнө салбар хуралдаанууд хийж байгаа бөгөөд өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд “Монгол хүний эрүүл мэнд – хүнсний аюулгүй байдал” сэдэвт салбар хуралдаан боллоо.

Энэ удаагийн салбар хуралдаанаар хүнсний аюулгүй байдлын чиглэлээр судалгаа шинжилгээний ажил явуулж буй эрдэмтэд, эмч, анагаах ухааны мэргэжилтнүүдийн санал бодлыг сонсож, хүнсний аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл, хүнсний аюулгүй байдал монгол хүний эрүүл мэнд, генийн санд хэрхэн нөлөөлж буй талаар хэлэлцлээ.

Уг салбар хуралдаанаар “Монгол хүний эрүүл мэнд – хүнсний аюулгүй байдал”, “Анхан шатны эмнэлгийн байгууллагад хандаж буй өвчтөн, тусламж авч буй иргэдэд тохиолдож буй өвчлөлийн шалтгаанд хүнсний аюулгүй байдал нөлөөлж буй нөлөө”, “Монгол улсын сахарын хэрэглээ, түүний эрүүл мэндийн нөлөөлөл” зэрэг сэдвээр илтгэл сонсч, оролцогчид хэлэлцүүлэг өрнүүлэв.

Монголчууд зуны цагт сүү, цагаан идээ, өвлийн цагт махан хүнс хэрэглэж, экологийн цэвэр хүнстэй байх үедээ эрүүл чийрэг, таргалалтгүй байсан бол хүн амын дийлэнх хэсэг суурин амьдралд шилжсэнээр хүнсний хэрэглээ өөрчлөгдөж, европ маягийн хэрэглээтэй болж, тос, давс, чихэр ихтэй хоол хүнсэнд шилжсэнээр жин нэмэгдэх, даралт ихсэх, зүрх, судасны өвчин, шүдний өвчлөлд нэрвэгдэх, яс сийрэгжих зэрэг сөрөг байдал үүсэх болсныг ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн багш, доктор, профессор Б.Энхжарагл хэлж байлаа.

Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны “Наран манал” өрхийн эмнэлгийн эмч Г.Баярсайхан анхан шатны эмнэлэгт хандаж буй өвчтөнүүдийн дунд ямар өвчин түгээмэл байгаад судалгаа хийснээ танилцууллаа. Нярай, бага насны хүүхдийн дунд цус багадалт, өсвөр насны охидод төмрийн дутагдал, насанд хүрэгсдэд зүрх судас, элэг, чихрийн шижин, ясны сийрэгжилт, даралт ихсэх, хоол боловсруулах эрхтэн системийн хямрал элбэг байгааг дурдав. Эдгээр нь гол төлөв хоол хүнсний буруу хэрэглээнээс үүддэг байна. Ялангуяа чипс хүүхдийн элэг, ходоодыг гэмтээдэг нь анзаарагджээ.

Гаднаас оруулж ирж буй загас, гахай, тахианы мах нь хүнс гэхээсээ химийн бүтээгдэхүүн гэдэг ангилалд илүү хамаарна. Учир нь эричмжсэн аж ахуйд эдгээр амьтдыг олноор үржүүлж, махны гарцыг нэмэгдүүлэхийн тулд вакцин, химийн нэмэлт тэжээлээр бордсоор химийн хорт бодисын нөлөө, генийн өөрчлөлтөд орсон байдгийг судлаачид дурдлаа.

Сонгинохайрхан дүүргийн 67 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Оюун-Эрдэнэ хүүхдийн үдийн цай хөтөлбөр эрүүл хоолоор хангах тал дээр дутмаг гэдгийг хэлж байв. Улсын мэргэжлийн хяналтын байгуулллагаас шалгалт ирэх сургаар жилдээ ганц хоёрхон удаа хоолны амт, чанар маш ихээр сайжирдгийг тэрээр хэлсэн юм. Мөн үдийн цайнаас илүү гарсан ороомгийг дахин халааж өгдөг, муудсан төмсний гайгүй хэсгээр сурагчдад хоол хийж өгдгийг ч баримттай хэлж байлаа.

Монголчууд халдварт бус өвчин, хавдрын өвчлөлөөр дэлхийд хоёрдугаар байрт ордог нь буруу хооллолттой холбоотой. Арван хүүхэд тутмын найм нь буруу хооллолтоос шалтгаалсан шүдний цооролт, ходоод, гэдэсний хямрал зэрэг өвчтэй болохыг судлаачид сануулж байлаа. Мөн телевизээр газтай ундаа, чипс, тахианы мах зэрэг хүүхдийн сонирхол татам сурталчилгаа нэвтрүүлдгийг хориглох хэрэгтэйг ч дурдацгааж байв.

Сүүлийн жилүүдэд 26 удаагийн хоолны хордлогод 1575 хүн өртсөн. Үүний 29 хувь нь ЕБС-ийн хоолны газарт, 18 хувь нь ресторан, зоогийн газарт тохиолдсоныг тэмдэглэцгээв. Нийт хоолны хордлогын 72 хувь нь нэгдсэн журмаар хоол бэлтгэдэг, нийтэд үйлчилдэг газруудад илэрсэн байна.

Иймээс зөв хооллолтын хөтөлбөртэй болох, сургууль, цэцэрлэгийн наснаас нь хүүхдийг зөв хоолны дэглэмд сургах, монгол малын мах, сүү, цагаан идээг хүнсэндээ түлхүү хэрэглэх зэрэгт нэн түрүүнд анхаарал хандуулах цаг болсныг хэлэлцүүлэгт оролцогчид дэмжиж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар “Монгол Улсын хүнсний аюулгүй байдал” сэдвээр ирэх 9 дүгээр сарын 12-нд зохион байгуулах үндэсний чуулган үүнд чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээж байлаа.

Categories
мэдээ нийгэм

ЗЦГ Сүхбаатарын талбай дээр сургалт зохион байгуулж байна

Өнөөдөр ЗЦА-ны алба хаагчид Сүхбаатарын талбайд 6-7 насны хүүхдүүдэд замын хөдөлгөөнд аюулгүй оролцох мэдлэг олгох сургалт зохион байгуулж байна.


Хоёр дахь жилдээ болж буй уг арга хэмжээ нь хөгжөөнт тоглоомын аргаар замын хөдөлгөөний дүрмийн хичээл заадаг онцлогтой. Энэ нь зам тээврийн ослын хор уршгийг хүүхэд багачуудад таниулах, тэдэнд замын хөдөлгөөнд аюулгүй, зөв оролцох мэдлэг, дадал олгох зорилготой юм. Мөн бага насны хүүхэд зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлд олон нийтийн анхаарлыг хандуулах, эцэг эх, асран хамгаалагчдын үүрэг, сахилга хариуцлагыг дээшлүүлэх чухал ач холбогдолтой юм.


Оролцогч багачууд замын хөдөлгөөний дүрмийн хичээлээс гадна зураг зурах, дүрс эвлүүлэх, хүрд дээр жолоодлого хийх зэрэг олон уралдаанд оролцох боломжтой аж. Тус сургалтад хамрагдах хүүхэд бүрт зохион байгуулагчдын зүгээс батламж бичиг болон гарын бэлэг гардуулах юм.

Categories
мэдээ цаг-үе

Р.Амаржаргал: Манайд эдийн засгийн боломж их байгаа, Засгийн газар цаашид хэр ашиглаж чадах вэ гэдэг нь л асуудал

“Өдрийн сонин”-ы 2017.08.25-ны баасан гаригийн №181 (5748) дугаараас авч нийтлэв.

“Эдийн засгийн сэтгүүл” ТББ-аас зохион байгуулсан уулзалтад Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал оролцлоо. Түүнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Монголын эдийн засгийн байдлыг хэрхэн харж байна?

-Маш их боломжтой гэж үзэж байна. Жаахан эерэг үзүүлэлтүүд ажиглагдаж байгаа. Худалдааны тэнцэл сайн гарсан. Хөрөнгө оруулалт нааштай байна. Энэ байдлыг цаашдаа яаж авч явах вэ гэдэг нь асуудал.

-Засгийн газар эхний ээлжинд юу хийх ёстой вэ?

-Засгийн газрын зүгээс авах ёстой олон арга хэжмээ бий. Хамгийн наад зах нь намар болж байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлууд байгаа. Ургац хураалт гээд шил шилээ дарсан асуудлууд байна. Энэ асуудлуудыг өнөөдөр шийдэх ёстой. Цаг агаарын байдлаас шалтгаалаад ургацын 30 шахам хувийг алдаж байх шиг байна. Үр тариа, хүнсний ногоо ч асуудал үүсгэж байх шиг. Энэ тохиолдолд хүнсний импортын асуудал гарцаагүй үүснэ. Импортын асуудал ярихаар валютын ханш, улмаар валютын нөөцийн асуудал сөхөгдөнө. Тэр бүгдийг тооцож одооноос бэлтгэл ажлаа хангах хэрэгтэй.

-Ирэх оны төсөв нэлээд төвөгтэй болох уу?

-Ирэх оны төсөв ямар болох вэ гэдгээ бодох хэрэгтэй. Сонгууль өнгөрсөн тул популизмгүй, бодит байдалд тохирсон төсөв хийх хэрэгтэй болов уу. Дахиад популизм яриад эхлэхгүй болов уу. Ер нь миний харж байгаагаар засаглаж байгаа юм бол засаглах л ёстой. Элдэв популизм дагаж намираад байх шаардлага байхгүй.

-Засаглах л ёстой гэж юу гэсэн үг вэ?

-Энэ Засгийн газар бол нэг их гайхалтай өмнөхөөс мундаг Засгийн газар биш. Байдаг л нэг Засгийн газар. Гэхдээ газар доогуур ортол муулаад байх Засгийн газар биш.

-Огцрох тухай яриад эхэллээ.

-Энэ бол эрх баригчдын л шийдэх асуудал. Энэ нь ямар үр дагавартай, юунд хүргэдэг гэдгийг МАН-ынхан мэддэг байх гэж бодож байна.

-АН 1996-2000 засаглаж байхад хамгийн сүүлчийн Ерөнхий сайд байсан. Тэр үетэй өнөөдрийг харьцуулбал ямар байна?

-Намайг Ерөнхий сайд байснаас хойш 17 жил өнгөрсөн байна. Энэ хооронд ухаарвал ухаарах, ажиглах, дүгнэлт хийх олон зүйл болсон.

-Тухайн үед байдал ямар байсан бэ?

-Би нэг зүйлд баярлаж явдаг. Хүнээр жишээлбэл тухайн үед цусны эргэлт зогсчихсон байсан. Мөнгөний эргэлт байхгүй. Цалин, тэтгэвэр бага. Түүнийгээ тавьж чадахгүй хүнд үе байлаа. Энэ бүхнийг Засгийн газар шийдэж чадсан. Мөнгөгүй гэдэг байсан. Засгийн газар мөнгө босгож чадсан байхгүй юу.

Өөрөөр хэлбэл бие организм дотор цус чөлөөтэй гүйдэг болгосон. Тэрний ачаар эдийн засгийн эрчим нэмэгдсэн. Өнөөдрийн Засгийн газарт мөнгө олж, тэтгэвэр тавих асуудал байхгүй. Мөнгө бэлэн. Тэр мөнгийг тараах тухай л асуудал байгаа. Өөрөөр хэлбэл хүний цус хангалттай эргэж байгаа. Тийм учраас өнөөгийн Засгийн газар шал өөр асуудлыг шийдэх ёстой. Бүтцийн өөрчлөлтийн асуудыг шийдэх хэрэгтэй. Үүнийг олон жил ярьж байна.

-Яаж өөрчлөх ёстой вэ?

-Санхүүгийн зах зээлийн 95 хувь нь арилжааны банкнаас хамааралтай байна. Үүнийг өөрчлөх хэрэгтэй. Дээр нь хөрөнгийн бирж, даатгалын тогтолцоо, банк бус санхүүгийн байгууллага, валютын биржийн асуудал гээд олон асуудал шийдэгдээгүй байна. Харахад байгаа юм шиг боловч мөн чанараараа ажиллахгүй байна. Үндсэндээ байхгүй байна шүү дээ. Энэ бүхнийг шийдээгүй болохоор хүсэн хүлээгээд байгаад эдийн засгийн өсөлт гарахгүй байгаа юм. Ийм нөхцөлд эдийн засгийн томоохон өөрчлөлт гарахгүй. Дараагийн асуудал бол хөрөнгө оруулалтын үр ашиг. Хөрөнгө орууллын үр ашгийг яаж гаргах ёстой юм. Ямар механизм байх хэрэгтэйг тодорхой болгох хэрэгтэй. Энэ бүхнийг гарцаагүй бодох ёстой. Дээр нь боловсролын асуудал, хүний амьжиргааны чанар, чадварын асуудал гээд гарцаагүй яригдах олон асуудал хуримтлагдаад байгаа. Энэ олон асуудлыг шийдээд явах шаардлагатай байна.

-Бүс нутгийн асуудлыг та бас хөндөж байсан.

-Бүс нутгийн асуудлын хувьд бид хаана явж байгаагаа тогтоох ёстой. Ямар үүрэгтэй эдийн засагт оролцох вэ гэдгээ харах хэрэгтэй. Саяхан Ерөнхийлөгчийг ХХААХҮ-ийн сайдтай уулзаж байхыг зурагтаар харсан. Яриаг нь сонсож байхад махны ченжүүд л хоорондоо ярьж байх шиг санагдсан. Ингэж, тэгж мах зарах тухай л яриад байгаа юм. Уг нь сайд хүн чинь арай өөр, бодлогын чанартай юм л ярих хэрэгтэй байгаа юм.

-Жишээлбэл юу ярих ёстой байсан бэ?

-Хүнсний асуудал Үндэсний аюулгүй байдалтай яаж уялдах юм. Энэ нөхцөлийг яаж хангах юм гэсэн байдлаар, бодлогын чанартай асуудлыг л хөндөх ёстой байхгүй юу. Монголыг монголоор байлгах салбар мал аж ахуй мөн үү, биш үү. Хэрвээ мөн бол ямар бодлого хэрэгжүүлэх вэ гээд томоор харж бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй болоод байгаа юм. Төрийн зүгээс хэрэгжүүлэх бодлогоо танилцуулах хэрэгтэй. Түүнээс хэн нэгэн арьс ширний наймаачин шиг юм яриад суугаад байж болохгүй.

-Та Ерөнхий сайд байхдаа оросуудад хатуу үгтэй бичиг өгсөн гэсэн. Тэр юу болсон юм бэ?

-Тухайн үед эдийн засаг хүнд байсан. Бүтэц нь ч төвөгтэй. Тухайн үед баруун аймгууд оросоос цахилгаан авдаг байсан. Төлбөрийн асуудал үүсдэг байсан. Харин төлбөрөө хийсэн байхад оросууд цахилгаан тасалсан байхгүй юу. Тэгээд “Төлбөр хийчихсэн байхад цахилгаан таслах тухай асуудал байхгүй шүү” гэсэн бичиг өгсөн. Оросууд асуудлыг дор нь шийдсэн л дээ. Хатуу үг гэдгийн хувьд оросууд л тэгж бодсон байх. Түүнээс тийм хатуу гэхээр үг байгаагүй юм. Харин оросуудад Ерөнхий сайд үг хэлсэн анхны тохиолдол байсан байж магадгүй. Тэр асуудал маш хурдан, богино хугацаанд болоод өнгөрсөн болохоор нэг их нийгмийн анхаарал татаагүй байх. Ер нь бол томоохон сургамж л даа.

-Сургамж гэдэг нь юу гэсэн үг вэ?

-Зөвхөн оростой харьцахдаа биш. Ер нь эрчим хүчээ дотоодоосоо байнгын хангах нөхцөл бүрдүүлэх хэрэгтэй байгаа юм. Үндэсний аюулгүй байдал талаасаа ч, эдийн засаг талаасаа ч, гадны улсаас цахилгааны хараат байдалд байна гэдэг өндөр эрсдэл. Тухайн улс санаатай бус, ямар нэгэн осол гарлаа гээд цахилгаан нийлүүлэх боломжгүй болсон тохиолдолд цахилгаан станц барих гээд гүйж болохгүй.

-Өнөөдөр манайх хараат бус байж чадаж байгаа юу?

-Тавдугаар цахилгаан станц гээд олон жил ярьж байна. Бариагүй л байна. Гэтэл манайд цахилгааны нүүрсний нөөц асар их бий. Үүнийгээ бүрэн хэмжээнд ашиглаж, бүс нутгийн зах зээл рүү нийлүүлж чадвал маш их хөрөнгө босгох боломжтой.

-Манайхаас цахилгаан авах улс байна уу?

-Байгаа. Өмнөд хөрш, цаашилбал зүүн өмнөд Азийн орнууд ч их хэмжээгээр авна. Өнөөгийн нөхцөлд аль ч улс хаанаас ч эрчим хүч авах сонирхол их байгаа. Бид өөрсдөө л ажиллах ёстой байхгүй юу. Байгаа боломжоо ашиглаж чадвал эдийн засаг маань тийм ч их сульдсан юм байхгүй л дээ. Тавдугаар цахилгаан станцыг ярьж байгаад чимээгүй болчихлоо. Эрчим хүчний асуудал бол маш чухал. Энийгээ шийдэж чадвал маш олон зүйл, тэртусмаа эдийн засгийн асуудал томоор шийдэгдэнэ.

-Цахилгаанаас өөр чухал асуудал юу байна?

-Нефтийн асуудал маш чухал. Цахилгаан, нефтийн асуудлыг шийдэхэд маш олон эерэг үр дүн гарна. Цахилгаан их байх тусам эдийн засаг эрчимжинэ. Нөгөө талаас түлшний асуудлыг шийдэж чадвал нөгөө доллар гэдэг юмны эрэлт багасна. Энэ хэрээр эдийн засаг тэлнэ.

-Энэтхэгийн нэг тэрбум долларын зээлээр нефть боловсруулах үйлдвэр барина гэсэн яриа байгаа.

-Харин тийм яриа байгаа. Зориглоод хийчих л хэрэгтэй байхгүй юу. Сүүлийн үед бас дуу нь сулраад байгаа юм болов уу гэж хараад байна. Мөнгө нь шийдэгдсэн тохиолдолд шууд эхлэх хэрэгтэй. Дүлэгнээд, удах тусам хэрэгжих нь удааширна.

-Монголд МАНэрх барихаар либерал эдийн засагч нар чимээгүй болчихдог. Оросод бол байнга л үглэж суудаг гэсэн яриа байна.

-Үгүй л дээ. Манай эдийн засагч нар сонгуулийн дараа нэг хэсэг дуугүй болдог нь үнэн. Учир нь шинэ Засгийн газар ямар бодлого зарлахыг харна. Хэрэгжилт нь ямар байхыг хүлээнэ. Энэ утгаараа яаран дүгнэлт хийхгүй, эдийн засгийн бодлогыг харна гэж л хүлээдэг. Засгийн газрыг ямар нэгэн бодлого хэрэгжүүлээгүй байхад юуг нь шүүмжлэх вэ дээ. Одооноос эдийн засагчид тодорхой хэмжээний эдийн засгийн бодлогыг дүгнэх боломжтой болж байна. Эдийн засагчид тодорхой хугацаа өнгөрөөд зарласан бодлого, түүний хэрэгжилтийн үр дүнг харж байж дуугарна. Түүнээс зарласан бодлогыг сонсоод шууд буруу, зөв гээд байх зохимжгүй. Үр дүнг харж байж л үгээ хэлнэ. Манай эдийн засагчид ийм л зарчим барьдаг байх. Хоёрдугаарт нь эдийн засагчдын ярьсан юм нь эрэлттэй байх ёстой. Нийгэм өөрөө эдийн засагчийн үгийг сонсдог, хүлээлттэй байх ёстой. Тэр эрэлт нь байхгүй бол юу ч хэлээд хэрэггүй. Зүгээр л популизм маягаар Засгийн газрыг шүүмжлээд байх нь үр дүнгүй. Өөрөөр хэлбэл ярихын тулд яриад байж болохгүй л дээ.

-Заримдаа эдийн засагч нар нэг зүйлийг хоёр янзаар тайлбарлаад иргэдийг төөрүүлээд байх юм?

-Харин тийм. Эдийн засагч нар нэг хэлээр ярих хэрэгтэй байгаа юм. Жишээлбэл инфляцийн тухай би нэг юм яриад байдаг. Харин өөр нэг нөхөр бас инфляцийн тухай ярьж байгаа байж шал өөр зүйл яриад байдаг. Энэ нь энгийн иргэдэд их төвөгтэй байдаг. Тэгэхээр нэг хэлний түвшинд очсон хүмүүс л ярих хэрэгтэй байгаа юм.

-Эдийн засагчдын ярьж байгаа зүйлийг үнэн эсэхийг яаж мэдэх вэ?

-Ярьж байгаа зүйл нь ямар судалгаанд тулгуурласан, ямар зорилгоор ярьж байгаа зэргийг анзаарах хэрэгтэй. Зүгээр улс төрийн оноо авах, зарим нэг асуудал дээр эрх ашгаа шингээх зорилгоор ярьж байгаа бол нэг хэрэг. Харин том зургаа хараад, статистикийн тоогоо уншиж ойлгоод ярьж байгаа бол өөр хэрэг. Миний хувьд хараад байхад зарим мэдээлэл хэт цээжний пангаар, таван төгрөгний юм аваад арван төгрөгөөр зарснаа эдийн засаг гэж ойлгоод хамаагүй юм яриад байх шиг харагддаг. Хамгийн гол нь судалгаа нь зөв хийгдсэн, түүнийгээ боловсруулж байж ярих хэрэгтэй. Тийм хэмжээнд ярьж байгааг нь сонсох хэрэгтэй байх.

-Та яагаад ойрд чимээгүй байна?

-Би сая яриа хийлээ. Дуу сайн сонсогдоогүй юу. Миний нэг барьдаг зарчим байдаг. Диалектик хөдөлгөөнийг харж байж дүгнэнэ. Өнөөдөр болоод байгаа үйл явдлууд ямар учир шалтгаанаас үүдэлтэй байна. Хэзээ, хаанаас эхэлсэн байна. Эл нөхцөл байдал үүсэхэд юу нөлөөлөв гэх зэргийг харж, судлах хэрэгтэй. Үйл явдлын уялдаа нь хаана байна. Гэх мэтээр олон зүйлийг судалж байж дуугардаг. Тэр утгаараа хаа ч явсан, энд тэнд лекц уншиж явахдаа ч энэ л зарчмыг баримталдаг. Эдийн засгийн түүхийг их хардаг. Энэ үйл явдал маань ямар юм байснаа ямар болж хувирав гэдгийг л илүү хардаг.

-Яг юу болоод манай эдийн засаг ийм түвшинд хүрэв, сайн гэж үзэх үү, муу гэж үзэх үү?

-Дахиад олон хүчин зүйлийн хамаарлыг авч үзэх хэрэгтэй. 1990-ээд онд анх арилжааны банкууд яаж байгуулагдаж байсан гээд түүх эхэлнэ. Аж ахуйн нэгж өөрөө банк байгуулчихаад өөртөө зээл өгсөөр байгаад банкаа дампууруулж байсан түүх байдаг. 1990 оноос хойш 20 шахам банк дампуурсан. Хичнээн олон банкны удирдах ажилтан хэрэг түвэгт оров. Гэхдээ энэ түүх зүгээр л болоод өнгөрсөн юм биш. Маш их сургамж үлдээсэн. Өнөөдөр арилжааны банкууд шал өөр үйл ажиллагаа, өөрөөр хэлбэл банкныхаа зарчмаар ажиллаж байна.

-Яг өнөөдөр та Ерөнхий сайд байсан бол юу хийх байсан бэ?

-Шууд хэлж мэдэхгүй байна. Хэрвээ гэж яривал олон юм ярьж болно. Нэгэнт чамд итгэл хүлээлгэсэн бол хариуцсан ажлаа чин сэтгэлээсээ сайн хийх хэрэгтэй. Хоёрдугаарт нь хоёргүй сэтгэлээр шударгаар зүтгэх хэрэгтэй. Гуравдугаарт гол цэгээ тодорхой мэдэж байх хэрэгтэй. Тэр цэг дээрээ өнөөдөр анхаарал хандуулах ёстой. Тэр цэг нь өнөөдөр биш маргааш, магадгүй хэдэн жилийн дараа ч илэрч болно. Тэр утгаараа бол өнөөдөр санхүүгийн зах зээлээ барьж авах байсан. Өмчийн эрхийн тухай асуудлыг бас шийдэх хэрэгтэй.

-Өмчийн эрх гэдэг нь юу гэсэн үг вэ?

-Өнөөдөр хүн өмчтэй болж байна. Харамсалтай нь ямар ч хамгаалалт алга. Өмчтэй хүмүүсийг нийгэм элдвээр хэлж өмчтэй байснаас өмчгүй байсан нь дээр ч юм шиг нөхцөл байдал үүсээд байгаа юм. Өмч өөрөө айдас болж хувирсан. Хөрөнгө, мөнгөтэй хүмүүсийг нийгэм үзэн ядах сэтгэлгээтэй болж байна. Энэ ажиллагааг санаатайгаар зохион байгуулаад байгаа юм шиг харагдаад байгаа юм. Дээр нь өмч, хөрөнгөтэй хүмүүсийг жаахан амжилтанд хүрээд ирэхээр булааж авдаг механизм үүсчихсэн. Жижиг, дунд бизнесийг томчууд нь дээрэлхэж, дээрэмддэг үзэгдэл бий болсон. Жаахан юм хийгээд, бүтээгээд байгаа иргэдээ дарамталдаг болсон. Тэгсэн хэрнээ улс орноо хөгжүүлнэ. Сайхан болгоно. Эдийн засгаа тэлнэ гэх маягийн юм яриад суугаад байгаа байхгүй юу. Картель, монополь үүсээд байна.

-Яаж хүний өмчийг хамгаалах вэ?

-Хуулиар олж авсан өмчинд хэн ч халдах эрхгүй байх хууль эрх зүйн орчин бүрдүүлэх хэрэгтэй байгаа юм. Хэн нэгэн төрийн албан хаагч, тэр тусмаа хуулийнхан хүний өмчид халдахыг хуулиар хориглоно. Хэн ч байсан “Нөхөр минь чи хүний өмчид халдаж байна шүү” гэж хэлдэг байх ёстой. Мөн хүний бизнесийг хорих, саад хийх, булаах зэрэг үйлдлүүдийг хуулиар хориглох хэрэгтэй болчихоод байна. Тэгэхгүй томчууд жижгүүдээ дардаг тогтолцоо бий болчихсон.

-Хэрэгжүүлэхийн тулд ямар хууль гаргах шаардлагатай вэ?

-Нөхцөл бүрдүүлэхэд хамгийн чухал хууль нь хэлцлийн тухай хууль байдаг юм.

-Энэ хуулиар юуг зохицуулах вэ?

-Энэ хуулиар аливаа гэрээ хэлцлийг баталгаажуулна. Хоёр иргэн хоорондоо ямар нэгэн гэрээ хийсэн бол тэр нь хуулиар баталгаажаад, хамгаалагдаад явна.

-Одоо ийм хууль байдаггүй юм уу?

-Иргэний хуулинд хэдэн заалт байгаа. Өөр биеэ даасан хууль бол байхгүй. Миний яриад байгаа хуулиар бол хоёр хүн хоорондоо хуулийн хүрээнд ямар нэгэн гэрээ, хэлцэл хийсэн бол түүний дундуур хэн ч оролцох эрх байхгүй. Тэр хэлцэл шууд хуулиар хамгаалагдана. Гэрээ байгуулчихаад хүн хуураад алга болдог юм гардаг. Энэ тохиолдолд л төр оролцох ёстой. Хууль, шүүхийн байгууллагууд дуудаж авчраад “Нөхөр минь чи гэрээ байгуулсан байна. Үүнийг хуульчлан биелүүл” гэж шаардана. Бусад тохиолдолд хэн ч оролцох эрх байхгүй. Тийм орчин бүрдүүлж байж шинэ бизнесменүүд, шинэ бизнес хөгжинө. Ингэж байж л бидний яриад байдаг дундаж давхарга, эдийн засгийн өсөлт бий болно. Одоогийн байдал цааш үргэлжилбэл баян хоосны ялгаа л нэмэгдээд байна.

-Улсын үйлдвэрийн газрууд 20 гаруй их наяд төгрөгийн өмчтэй гэдэг. Төрд энэ их хөрөнгө байх шаардлагатай юу?

-Би бол хувьцаат компаниудын хувьцааг хөрөнгийн бирж дээр гаргах хэрэгтэй гэж үздэг. Ер нь бол шаардлагагүй өмчийг хувьчлах ёстой.

-Таван толгойн хувьцааг яах ёстой вэ?

-Таван толгойгоос гадна Эрдэнэтийн хувьцаа ч гэж байгаа. Эдгээрийг эргэлтэд л оруулах хэрэгтэй. Би эдгээр хувьцааг нийтэд өгөх нь зүйтэй гэж үздэг.

-Эрдэнэтийн 49 хувийг яаж шийдэх ёстой вэ?

-Миний бодлоор Эрдэнэтийн асуудал бол сонгуульд зориулсан шоу болж хувирсан. 2016 оны УИХ-ын сонгууль, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ашигласан. Хэрэв хэлцлийн хууль байсан бол өнөөдөр байдал шал өөр байх байсан.

-УИХ-ын тогтоол зөв үү?

-Буруу. Тухайн хэлцэл буруу, зөвийг арбитр л шийднэ. Түүнээс УИХ нь шүүх шиг өмчийн харьяаллын шийдвэр гаргаж болохгүй. Одоо шүүхийн шийдвэр буруу гэдгийг нотлоод байгаа сураг дуулдсан.

-Хэрвээ арбитр Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авсан гэрээ зөв байна гэчихвэл асуудал шийдэгдэнэ гэсэн үг?

-Тийм.

-Оюу толгойгоос дорвитой гадны хөрөнгө оруулалт алга. Яаж хөрөнгө оруулалтыг татах вэ?

-Оюу толгой тойрсон хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа л даа. Ялангуяа уул уурхайд сонирхож орж байгаа хөрөнгө оруулалт бий. Харин бусад салбарт бол бага байна. Гэхдээ хөрөнгө оруулалтыг зөвхөн биет хөрөнгөөр төсөөлж болохгүй. Засгийн газрын бондууд ихээр зарагдаж байгаа. Үүнийг хөрөнгө оруулалт гэж тооцох ёстой. Чингис, Самурай гэдэг ч бил үү дээ. Тэр бондуудыг гадныхан худалдаж аваад байна гэдэг чинь гадны хөрөнгө оруулалт байхгүй юу.

-Хэлцлийн хууль хөрөнгө оруулах таатай нөхцөл болж чадах уу?

-Яг зөв. Хэлцлийн хуультай бол хөрөнгө оруулагч бүр баталгаатай, итгэлтэй орж ирнэ. Тэд нар чинь ямар ч тохиолдолд хөрөнгө булаагаад авчихгүй юм байна, ямар нэгэн этгээд залилах боломжгүй юм байна гэдгийг гэртээ сууж байгаад л харчихна. Маш том итгэл төрнө. Монгол хүн ч ялгаагүй миний өмч баталгаатай болсон. Цаашид бизнес хийхэд хэн ч дарамтлахгүй юм байна гэдгээ ойлгож авна. Бизнес хийх сэдэл төрнө. Хэлцлийн хууль бол эдийн засгийн маш таатай орчин бүрдүүлнэ.

-Та АН-ын дотоод зөрчил туйлдаа хүрсэн хүнд үед Ерөнхий сайд байсан. Өнөөдрийн МАН-ын байдлыг хэрхэн дүгнэх вэ?

-Яахав дээ. Тухайн үед АН-ын гаргасан алдааг МАН давтаж байна. Шинэ үзэгдэл биш л дээ. Яг тэр үеийн алдааг давтаж байгаа нь л гайхал төрүүлээд байгаа юм.

-Та Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын оронд байсан бол юу хийх байсан бэ?

-Өнөөгийн Ерөнхий сайдтай харьцуулахад надад бол арай амар нөхцөл байсан.

-Яагаад?

-Нэгдүгээрт би отгон Ерөнхий сайд. Ерөнхийдөө тэр үед сонгуульд ялахгүй гэдэг нь мэдрэгдэж байсан. Тийм тохиолдолд улс төрийн ашиг хонжоо хайх, элдэв популизм хийх шаардлага байгаагүй. Бодитой юмнуудаа барьж аваад хийгээд явсан.

Х.Баттөгс

Categories
мэдээ цаг-үе

Д.Даваасүрэн: Манайхан нэг л их урлагжсан, спортжсон, түүхжсэн хүмүүс болжээ

-ХИЛИЙН ЦААНА БАЙГАА ЖАНЧХАЛСАН ЛАМЫН ШАРИЛД ХЭДЭН МЯНГААРАА ОЧИЖ МӨРГӨӨД ХӨГЖИЛД НЭМЭР БОЛОХГҮЙ ГЭДГИЙГ УХААРМААР ЮМ-

Үндэсний их баяр наадмын өмнөхөн Байгаль орчны гавьяат ажилтан цол тэмдгээр шагнагдсан “Соёолж” компанийн ерөнхий захирал Д.Даваасүрэнтэй ярилцлаа.


-Соёолж компаниа хэрхэн үүсгэн байгуулж байсан бэ. Хэрхэн, хэзээнээс энэ бизнест орох болов. Энэ тухай яриагаа эхэлье?

-Би 1990 онд Хилийн цэргийн дээд сургууль төгсөөд Дорноговийн Сулин хээрийн заставт 10 сар ажиллаад цалин болох 6000 төгрөгтэй баян хүн амралтаараа хотод орж ирсэн юм. Гэтэл хотод ирсний маргааш нь Засгийн газрын 20-р тогтоол гэдэг юм гарч халаасанд байсан 6000 төгрөг маань 3000 төгрөг болчихсон тул яах учраа олохгүй гайхаж билээ. Хилийн цэргийн олон офицеруудын гар дээрээ хадгалж байсан цалин мөнгө нь хоёр дахин үнэгүйдэж хохирсондоо. Тухайн үед офицеруудад цалингаа банкинд хадгалуулах ямар ч нөхцөл боломж байгаагүй юм шүү дээ. Ингээд би 1992 онд “Монгол хоршоо” банкнаас ээж, ах дүү нартайгаа нийлээд 100 мянган төгрөгийн зээл авсан, тэр үеийн 100 мянган төгрөг нь тухайн үеийн ханшаар 500 орчим доллартой тэнцэнэ. Зах зээл дөнгөж эхэлж байгаа, хүнсний гол бүтээгдэхүүнүүд картын системээс гараагүй байсан тэр үед би цэцгийн дэлгүүр нээж ажиллуулж эхэлсэн. Тухайн үед бараг хэний ч санаанд орохооргүй бизнес байсан байх. Гэсэн ч би алдаагүй юм. Тэр үед компанийн тухай ойлголт байхгүй шахуу, хууль нь ч батлагдаагүй, хувийн бизнесийг улсын бүртгэлд хувиараа аж ахуй эрхлэгч, хоршоолол гэсэн хоёр ойлголтоор бүртгүүлж зөвшөөрөл авдаг байсан үе. Радиогийн өглөөний мэдээллээр, менежер, брокер, хувьцаа, бизнес төлөвлөгөө гэж юу болох тухай тайлбарлаж ярьдаг байлаа. Би бизнес хийж эхэлсэн цагаасаа өдийг хүртэл ногоон бизнес болох цэцэг ургамал, хүнсний ногоо, мод үржүүлэг, ойжуулалт зэрэг чиглэлээр үйл ажиллагааг өнгөрсөн хугацаанд явуулсан, 2000 онд хүлэмжинд тарьсан сарнай цэцгээ Оросын Эрхүү хот руу экспортлож байсан юм. Яг одоогийн нөхцөлд манай компани 200 гаран ажилчинтай мод үржүүлэг, цэцэг хүнсний ногооны үйлдвэрлэл, гадаад дотоод худалдаа, барилга үл хөдлөх хөрөнгийн бизнесийн чиглэлд үйл ажиллагаа явуулж байна.

-Ингэхэд та аль нутгийн хүн билээ. Яагаад заавал энэ чиглэлийн бизнес хийх болсон юм бэ?

Миний аав Ю.Дашцэрэн гэж Төв аймгийн Заамарын хүн, харин ээж Л.Жавзанпагма маань Лүн сумынх. Би өөрөө 1966 оны үерийн жил төрсөн. Бага нас маань Улаанбаатарын есдүгээр дэлгүүрийн урд талд Рашаантын гудамж, 100 айл, Сэлбэ гол, Цагаан даваа, Хайлаастын гудамжинд өнгөрсөн. Аав маань 1970 онд МУИС-ийг цахилгааны мэргэжлээр төгсч тэтгэвэрт гартлаа Улаанбаатарын мод боловсруулах үйлдвэрт цахилгааны инженерээр ажилласан хүн. Бурхан болоод 10 гаруй жил болж байна. Ээж Жавзанпагма маань таван хүүхэд төрүүлж өсгөсөн. Би айлын хоёр дахь хүүхэд. Ээж маань одоо 70 гаруй настай боловч манай компанид худалдааны ажил хийсээр байгаа тэнхлүүн сайхан хүн бий. Аав мод боловсруулах үйлдвэрт 25 жил ажилласны хүчинд манайх 1978 онд улсаас өгсөн циркийн зүүн талын хоёр өрөө байранд орж бид магнай хагартал баярлаж байсан юм. Тэр үед амьдралын үнэ цэнэ хатуу бөгөөд шударга байж. Миний хувьд 1984 онд нийслэлийн гуравдугаар дунд сургууль, 1990 онд Хилийн цэргийн дээд сургууль, 2004 онд бизнесийн удирдлагын магистр хамгаалсан. Гэр бүлийн хувьд эхнэр, зургаан хүүхдийн хамт амьдардаг. Хоёр том хүү маань тусдаа гарсан, хоёулаа “Соёолж” компанидаа менежер хийдэг. Цаг хугацаа гэж урсаж буй уснаас хурдан мэт өнгөрөх юм. Нэг л мэдэхэд хүмүүс намайг гуай гэх болжээ.

-Танайх сүүлийн үед мод үржүүлгийн ажил нэлээд хийх болжээ. Мод үржүүлэх ач холбогдол, саад бэрхшээл юу байна?

-Манай компани Төв аймгийн Баянчандмань, Сэлэнгийн Хушаат суманд нийтдээ 200 га талбайд мод үржүүлгийн ажлыг хийж байгаа. Бидний гол зорилго бол Монгол орны ойн санг нэмэгдүүлэх, ойжуулалтанд нэмэр болох, хот суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, түүнд шаардлагатай байгаа модлог ургамлыг тарьж үржүүлэх зорилготой юм. Ажил маань эхний гурван жилд бэрхшээлтэй байсан боловч өнгөрсөн жилээс өөрийн гэсэн арга барилаа олж нэлээд урагштай байгаа. Ер нь Монголын цаг агаарын хэцүү нөхцөлтэй газарт мод үржүүлгийн аж ахуй байгуулж ажиллана гэдэг байгальтай тэмцэлдсэн хүнд хэцүү хөдөлмөр гэдгийг ойлгосон. Одоогоор манай талбайд 15 төрлийн мод бутлаг ургамлын үржүүлэг байна. Иж бүрэн усалгааны систем усан хангамжийг шийдсэн мөн цаашдаа мод үржүүлгийн аж ахуйд хэрэглэгдэж байгаа, сүүлийн үеийн тоног төхөөрөмж, техникийг хэрэглэн ажиллахаар анхаарч байна. Сэлэнгэ аймгийн Хушаат суманд байгаа мод үржүүлэг нь нэлээд онцлогтой. Бид мод үржүүлгийн аж ахуйг ойн арчилгаа цэвэрлэгээтэй хослуулсан юм. Тухайн хэсэгт нарсан ойн хэт шигүүрэлтэй ой бий. Үүнийг өмнөх жилүүдэд сум дундын ойн анги улсын төсвөөс зардал гаргуулан шигүүрэлтэй ургасан хэсгийг үндэснийх нь дээгүүр огтолж хаядаг байсан, энэ нь хуучирсан арга технологи юм. Хэт шигүүрэлтэй ойд хөрөнгө оруулалт хийн, зөв технологийг хэрэгжүүлбэл ойн маш их хэмжээний баялаг болдог. Шигүүрэлтэй ургасан нарсан ойн ургах боломжтой модыг сонгон авч мод үржүүлгийн бойжуулах талбайн системд оруулан ургуулна гэсэн үг. Энэ ажил маш амжилттай явж байгаа. Ажлын үр дүнд, хуучин ойн цэвэрлэгээний аргаар устгагдах гэж байсан ойг аварч түүнийг мод болгон ургуулсан. Ингэж Монгол орны ойн санг нэмэгдүүлж байгаа нь их ач холбогдолтой. Энэ технологийг Канад улсад 1970 оноос хойш ойн салбарт өргөн ашигласан байдаг. “Технологийг шилжүүлэн суулгаж амьдрал бэлэглэх” гэж нэрлэдэг. Цаашид энэ технологийг Монгол орны шигүүрэлтэй ургасан бүх ойд хэрэгжүүлэх боломжтой. Тиймээс энэ чиглэлд бидэнтэй хамтарч ажиллах сум орон нутгийн захиргаа, ойн байгууллага, нөхөрлөл байвал надтай холбогдож болно.

-Сүүлийн жилүүдэд хур тунадас багасч, хуурайшилт ихсэх боллоо. Ийм үед ойжуулалтын ажил хамгийн чухал байна уу?

-Цаг уурын хувьд нэлээдгүй өөрчлөлт орж хур тунадас багасч байна, ялангуяа өвөл цас барагтай орохгүй болох нь байна. Өвлийн цас хур тунадасны хамгийн сайн хэлбэр. Зуны цаг агаарын тааламжтай хугацаа маш богино байдаг боллоо. Эдгээр нь ургамлын бүрхэвч цаг агаар улмаар эдийн засагт сөргөөр нөлөөлж байна. Төр засгийн газраас ойжуулалтыг дэмжсэн зоримог шийдвэрүүд гаргахгүй юм. Хий дэмий байгаль орчныг хамгаалах, ойгоо ярьсан хүмүүс их болж, зөв шийдлийг гаргаж ирж чадахгүй байна. Мод үржүүлгийн аж ахуйнуудад газрын төлбөрөөс өөр ямар ч дэмжлэг алга. Томоохон компаниуд болон гадны хөрөнгө оруулалтгүй ганц салбар нь мод үржүүлгийн салбар болж байна. Үүний учир тодорхой, мод үржүүлгийн аж ахуй бол хавар тариад, намар хураагаад авдаг төмс тариалангийн аж ахуйгаас огт өөр олон жилийн хүлээлт, уйгагүй хөдөлмөр шаардсан, үр ашгаа удаан хугацааны дараа өгдөг аж ахуй байдаг . Цаашид Монгол орны экологийн тэнцвэрт байдлыг хангахын тулд доод тал нь нийт газар нутгийн 25-30 хувийг ойжуулах хэрэгтэй.

-Улаанбаатарын өвлийн утааны асуудлыг шийдвэрлэх талаар танд санал байгаа гэж сонссон, чухам ямар санал төлөвлөгөө байна вэ?

-Энэ талаар бид эхнээсээ асуудлаа буруу нэрлэж байгаа гэж боддог. Утааг арилгах, утааны эсрэг тэмцэл гэх мэтээр буруу ярьж байгаа нь цаашид асуудлаа улам хийсвэр тэнэг болгож байна. Хий хоосон утаатай тэмцээд яаж дийлэх билээ. Зөв нэрлэж ярих нь цаашдаа зөв сэтгэж, зөв хийх хөрсийг бий болгоно. Утаа биш агаарын бохирдол гэж бичиж, ярих ёстой байхгүй юу. Утааг арилгана тэмцэнэ гэхээр хий хоосон юмтай тэмцээд дийлэх үү. Чухам ямар утаа юм аргалын утаа юу, түймрийн утаа юу гэх мэт. Миний санал бол хамгийн прагматик бодитой санал юм. Чухам юу гэхээр нийслэлийн агаарын бохирдлыг багасгах арга зам нь манай ойн салбарт байна. Манай орны ойд олон сая м3 унасан, хөгширсөн ой бий. Судалгаагаар ойн цэвэрлэгээ хийгээд түүнээс гарсан модыг нүүрсний оронд түлээнд ашиглавал доод тал нь Улаанбаатарыг 25 жил хангах нөөц хаягдал байгаа юм. Монгол хүн идэр есийн хүйтэнд монгол гэртээ нүүрс түлэхгүй аргал модоор галлаад өчнөөн жил амьдраад гэртээ хөлдөж үхэж байгаагүй ирсэн биз дээ. Үүнд ойн цэвэрлэгээний бодит төлөвлөгөө, бага зэргийн хөрөнгө оруулалт, хуулийн зарим дэмжлэг байхад энэ асуудал бүрэн шийдэгдэнэ гэдэгт би итгэлтэй байдаг. Хуулийн талаасаа нийслэлд чулуун нүүрс түлэхийг бүрэн хориглох ёстой. Гэхдээ мэдээж түлэх модоо бэлтгэсний дараа нь шүү дээ. Хэдэн жилийн өмнө Засгийн газраас нүүрс хөтөлбөр гэдэг гамшиг дээр гамшиг болсон зүйл хийж сүүлдээ авлигын асуудал нь сөхөгдөж хөгөө чирж байсан. Үүний оронд миний энэ санаа бол дэргэд нь алт шиг санаа. Тодруулбал, ойн цэвэрлэгээ хийж ойгоо цэвэрлээд түүнээс гарсан модоор нүүрсний оронд түлээнд ашиглаад агаарын бохирдлоо зогсоох ёстой. Цэвэрлэсэн ой түймэрт өртөх нь бага, нөхөж сэргэж ургахдаа сайн. Цаашлаад ойн хүрээнд хамаарахгүй гол мөрний урсац нэмэгдэх ан амьтад олшроход ч ач холбогдолтой. Сүүлийн үед ухаан муутай ч юм шиг орон гаран, мартамхай өчүүхэн юманд цочир догшин ууртай хаа сайгүй уурлаж хэрэлдсэн хүмүүс их байх болж. Энэ нь нүүрснээс гардаг олон төрлийн хорт бодист хордоод байгааг харуулж байгаа юм. Нүүрсний найрлаганд хүхрийн ба азотын давхар исэл, хар тугалга, мөнгөн ус зэрэг хүнд онц хортой химийн бодис агуулагдаж байдаг. Өнгөрсөн жил агаарын бохирдол эхийн урагт хүртэл ихээр нөлөөлж эхэлсэн байгааг хэвлэлээс зөндөө харж байсан. Бид ярьсаар л байна. Хорт утаандаа хордсоор л байна. Одоо шийдвэрлэх цаг болоод өнгөрчих гээд байна шүү дээ. Зөв шийдвэрийг хэн гаргах юм бэ. Тэр шийдвэрийг нь хэн яаж хэрэгжүүлэх вэ. Цаашдаа бид үхэр шиг тэнэг, хонь шиг номхон амьдарсаар байх уу. Үүнийг хийж чадах хүн байхгүй юм бол надад эрх мэдэл үүрэг хариуцлагатай нь өгчих. Тэгвэл би Улаанбаатарыг 24 сарын дотор агаарын бохирдолгүй болгож чадна гэж энэ асуудлыг амлан авч байгаагаа танай сониноор энэ ярилцлагаараа дамжуулан мэдэгдье. Олон жил хордлоо, олон жил шийдэгдэх байх гэж хүлээлээ, олон тэрбумыг дэмий үрлээ. Миний хувьд цаашид тэвчих хугацаа дууслаа. Та бид хордож оюун ухаан бие сэтгэл маань хэврэг болсоор байвал бидний хамгийн их санаа зовдог тусгаар тогтнол маань үгүй болох нь байна.

-Компанийн удирдагч татвар төлөгчийн хувьд одоогийн эдийн засгийн байдал ямар байна, та бүхэнд яаж нөлөөлж байна вэ?

-Эдийн засаг бол улс орон оршин тогтнох үндэс, тусгаар тогтнолын баталгаа гэж боддог. Манай том дарга нар хөгжлийн гарц уул уурхай гэж харж, ярьдаг. Гэтэл тэнд нь интернациал бүтэц бүхий авлига мафийн эзэмшилд орсон байгаа нь ил тодоор харагдаж байна. Уг нь бидний хөгжлийн гарц монгол хүний гарт байгаа юм. Гэхдээ сэтгэх оюунлаг чадвар, буруутай тэмцэх зориг зүрхгүй ,бүтээж хийх хүсэл эрмэлзэлгүй залхуу тэнэг хүмүүс бусдын колончлолд амьдрах тавилантай. Заримдаа улс төр эдийн засгаа харахаар монголчууд бид чинь үхэр шиг тэнэг, хонь шиг номхон амьдарч байгаа мэт санагддаг. 1000 төгрөгний бараагаа 100 төгрөгөөр зарахаар ухаантай байх уу. Тэнэг байх уу?. Төр нь улсаа зөв удирдаж чадахгүй болохоор улс төр хүн бүхэнд хамаатай болчихож байгаа юм. Дарга болгон жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлнэ. Ажлын байрыг нэмэгдүүлнэ гэж ярьдаг. Монголын нөхцөлд жижиг үйлдвэрүүд үнэндээ хөгжих боломж муу бараг байхгүйтэй адил юм. Жижиг үйлдвэрт зовлон их. Мэргэжилтэй ажилтан олох түүнийгээ тогтвортой ажиллуулах, технологи, борлуулалтын зардал, валютын ханш, тээвэр өрсөлдөх чадвар энэ тэр гээд олон бэрхшээлүүдэд жижиг үйлдвэрүүд сөхөрч байна. Өрсөлдөх чадварын хувьд тэрбум хүнд зориулж хэт олноор үйлдвэрлэсэн өөрийн өртөг нь маш хямд хөрш орны үйлдвэрүүдтэй өрсөлдөнө гэдэг бол том бэрхшээл юм. Хүн ам цөөхөн зам тээврийн сүлжээ тааруухан энэ байдалдаа таарсан үйлдвэржилтийн бодлогоо өөрчлөх цаг нэгэнт болжээ. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлнэ, ажлын байрыг нэмэгдүүлнэ гэдэг нь төрийн нам дарга болгоны хоосон уриа болж дээ. Тийм биш бол монголчууд ажлын байр эрж гадаадад дүрвэсээр байх уу. Ядаж сум дундын зах зээл ер нь л том үйлдвэрүүд монголын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ. Өрсөлдөх чадваргүй жижиг дунд үйлдвэрүүд гэсэн гоё малгай одоо цаг үедээ таарахаа больжээ. Банш, бууз, хэрчсэн гурилын 10 хүнтэй жижиг үйлдвэр 50 сая төгрөгийн зээлээ төлөх гэж таван жил болж байна.

-Ямар хэв маяг, үзэл бодол, юу биднийг хөгжилд хүргэнэ гэж та бодож байна вэ?

-Би ч гэсэн монгол хүн. Манайхан их л урлагжсан, спортжсон, түүхжсэн хүмүүс болжээ. Агуулга, зорилго муу урлагийн олон янз шоу уралдаан телевизээр гарах нь хэрээс хэтэрлээ. Эдгээр нь залуу үеийг улам ихээр хэврэг сэтгэхүйтэй, бүтээлч хандлага огт байхгүй, зүрх зориг муутай болгож байна. Уран зохиол, урлаг соёлд түүхийн талыг баримтлах нь хэт их байна. Сүүлийн үед олигтойхон үг, аятай дуу ч гарахаа больж. Номын дэлгүүр орохоор түүхийн сэдэвтэй баахан ном тэгээд цааш гадаадын орчуулгын номууд байх. Хэдий болтол өнгөрсөн түүхээрээ бахархаж амьдрах вэ. Бидэнд одоо цаг, маргааш, нөгөөдөр гэж байгаа биз дээ. Одоо байгаа бэрхшээл асуудлаа хамгийн их бичиж шиийдвэрлэж амьдрах орон зайгаа ажил үйлсээр олж авах нь монголчуудын хөгжил дэвшлийн гарц мөн. Айл өрх, хүн болгон унаатай, бүгд л интернет ашигласан гар утастай боловч эдийн засаг маань хэврэг, асар их байгалийн баялагтай хэрнээ олон тэрбум валютын гадаад өртэй ирээдүйдээ итгэл муутай амьдарч байна. Улс орны хөгжил гэж гудамжаар явж байгаа машины тоо, гар утас, интернетийн хэрэглээгээр, баригдаж байгаа барилгын тоогоор нь харах нь гэнэн ойлголт. Ухаалаг, зоригтой, ажилсаг байх нь бидний тусгаар тогтнолын баталгаа юм. Улс төр гэснээс дарга нарыг сайжруулах гэдэг нэг хэрэг. Харин монгол хүн өөрийгөө оюун ухаан, үзэл санааны хувьд хатуужуулан сайжруулах, чанаржуулах цаг болсон байна. Хилийн цаана байгаа жанч халсан ламын шарилд олон мянгаараа хэдэн ч удаа мөргөөд хөгжил дэвшилд тус нэмэр болохгүй гэдгийг бид ухаармаар юм.


Categories
гадаад мэдээ

​Украины нийслэлийн төвд дэлбэрэлт болжээ


Украины нийслэл Киев хотын төвд өчигдөр орой дэлбэрэлт болсон байна. Тэсрэх бөмбөг тавьсан машин дэлбэрсэний улмаас тус улсын зүүн нутагт сайн дурын армид алба хааж байёсан Гүржийн иргэн амь үрэгдсэн тухай мэдээллээ. Машинд нэгэн эмэгтэй байсныг яаралтай эмнэлэгт хүргэсэн бөгөөд хажууд нь байсан машин эвдэрч сүйджээ.