Categories
энтертаймент-ертөнц

“ЗҮРХНИЙ ХИЛЭН” уран сайхны киноны албан ёсны ТРЭЙЛЕР цацагдлаа

“Фантастик” продакшн, F Studio, “Монгол Контент” ХХК-ийн хамтын бүтээл Манжийн дарлалын үеийг харуулсан “Зүрхний хилэн” түүхэн уран сайхны киноны албан ёсны трэйлер цацагдлаа.

Тус кино зохиолыг найруулагч Б.Тамир, жүжигчин Э.Алдар нар бичсэн бол гол дүрд нь “Фантастик” продакшны жүжигчин Б.Баярбат, Б.Барслхагва, МУГЖ Г.Золбоот, Ж.Алтаншагай, Э.Одбаяр, Э.Алдар зэрэг жүжигчид тогложээ.

Киног энэ есдүгээр сард дэлгэцнээ гаргахаар бэлтгэл ажлаа хийж байна.

“Зүрхний хилэн” УСК-ы КИНО БҮТСЭН ТҮҮХ#1- ийг энд, КИНО БҮТСЭН ТҮҮХ#2-ыг энд дарж үзээрэй.

Categories
мэдээ спорт

Увс аймагт 5000 ам.долларын шагналын сантай бөхийн барилдаан болно

Энэ сарын 15-ны өдөр Увс аймгийн Биеийн тамир, спортын газар үүсч байгуулагдсаны түүхт 70 жилийн ойн баяр тохиох ажээ. Тус ойд зориулан энэ сарын 16, 17-ны өдрүүдэд улс, аймаг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан болох бөгөөд хоёр давсан шилдэг 32 бөх тойргоор барилдах юм байна.

Увс аймгаас төрөн гарсан Монгол Улсын аваргуудын нэрэмжит энэхүү тойргийн барилдаан нь энэ жилээс “Увс нуур цом” нэртэйгээр зохион байгуулагдах ажээ. Барилдааны түрүү бөхийг шилжин явах цом, 5000 ам.доллараар шагнахаар төлөвлөсөн байна. Энэхүү тойргийн барилдааны ерөнхий ивээн тэтгэгчээр “Келсо центр” ажиллаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Шилдэг мөрдөн байцаагчид шалгарав

Мөрдөн байцаах алба байгуулагдсаны 71 жилийн ойг тохиолдуулан 2017 оны энэ сарын 6, 7-ны өдрүүдэд “Мэргэжлийн аварга мөрдөгч-2017” тэмцээнийг Хууль сахиулахын их сургууль, Сургалтын нэгдсэн төв, Зэвсэгт хүчний 318 дугаар ангитай хамтран амжилттай зохион байгууллаа.

Тус тэмцээнд Мөрдөн байцаах алба, Эрүүгийн цагдаагийн алба, Замынцагдаагийн алба, Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газар, Нийслэлийн 9 дүүрэг, Төмөр зам дахь Цагдаагийн газар болон Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газрын 30 гаруй мөрдөгч оролцсон юм.

Мөдөгчид хууль, эрх зүйн мэдлэг шалгах, гэмт хэргийн талаар бодлого бодох, Сэтгэн бодох чадвар, гадаад хэлний мэдлэг шалгах, компьютерт ажиллах чадвар шалгах, бие бялдрын шапгалт, буудлага, хэргийнгазрын үзлэг хийх гэсэн 8 төрлөөр хурд, хүч, мэдлэг оюунаа сорин өрсөлдлөө.

Тэднээс нэгдүгээр байранд Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад Н.Сайнбаяр, хоёрдугаар байранд Мөрдөн байцаах албаны хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч С.Ууганбаяр, гуравдугаар байранд Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөх хэлтсийн мөрдөгч,цагдаагийн ахлах дэслэгч А.Манлай нар шалгарав.

Categories
мэдээ нийгэм

Бага насны хүүхдүүд машины цонх хагалж хулгай хийж байгаад баригджээ

Image result for Бага насны хүүхдүүд машины цонх хагалж хулгай хийж байгаад баригджээ

Сүүлийн жилүүдэд бага насны хүүхдүүд хулгай, дээрмийн хэрэгт ихээр холбогдох болсон. Тиймээс эцэг эхчүүд үр хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг холбогдох байгууллагуудаас анхааруулсаар байна. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн амралтын өдөр бага насны хүүхдүүд бусдын автомашины цонх хагалж хулгай хийж байгаад үйлдэл дээрээ баригджээ.

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн тавдугаар хороонд “15-р байрны гадна сэжиг бүхий хүүхдүүд байна” гэсэн мэдээллийг авч шалгахад Чингэлтэй дүүргийн зургадугаар хороонд суух 28 настай эмэгтэй Б-ийн “Toyota Рrius-30”, мөн 51 настай эрэгтэй Х-ийн “Toyota Prius-20” автомашинуудын цонхыг хагалж, эд зүйлийг нь авсан байжээ.

Энэ хэргийг Баянгол дүүргийн 16-р хороонд суух 14 настай эрэгтэй Э, Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд суух, 13 настай, эрэгтэй П, Баянгол дүүргийн 17-р хороонд суух, 11 настай, эрэгтэй М нар бүлэглэн хагалж хулгай хийж байсныг үйлдэл дээр нь илрүүлэн Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатарт үйлдвэрлэв-2017”-гийн шилдгүүд тодорлоо

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв хамтран “Улаанбаатарт үйлдвэрлэв-2017” үзэсгэлэн худалдааг хоёр өдрийн турш амжилттай зохион байгууллаа. Тодруулбал, нийслэлээс жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих, борлуулалтыг нэмэгдүүлэх, бараа бүтээгдэхүүнийг гадны зах зээлд таниулан сурталчлах, хэрэглэгч захиалагчтай холбох зорилготой тус үзэсгэлэн худалдаа энэ сарын 9, 10-нд Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд болж, өнөөдөр шилдэг үйлдвэрлэл эрхлэгчдийг шалгаруулав.

Уг арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, НИТХ-ын тэргүүлэгч, нийслэлийн ЖДҮ-ийг дэмжих төвийн дарга Д.Баярсайхан, нийслэлийн 9 дүүргийн ЖДҮ-ийг дэмжих төвийн дарга нар болон үндэсний үйлдвэрлэгчид, худалдан авагчид оролцсон юм.

“Улаанбаатарт үйлдвэрлэв-2017” үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцсон шилдэг үйлдвэрлэл эрхлэгчээр “Мон ланс” ХХК, “Монгол шаглаа” ХХК-ийн хамт олон тодорлоо. Шилдэг 2 аж ахуйн нэгжид ӨМӨЗО-ны Хөх хотод зохион байгуулагдах “Монгол-Хятадын экспо” үзэсгэлэн худалдаанд үнэ төлбөргүй оролцох эрхийн бичиг, өргөмжлөлийн хамт гардуулав. Мөн “Улаанбаатарт үйлдвэрлэв-2017” үзэсгэлэн худалдаанд оролцогчдоос тусгай байранд 10 аж ахуйн нэгжийг шалгаруулж, тус бүр өргөмжлөл, 500 мянган төгрөгөөр урамшуулсан юм.

“Улаанбаатарт үйлдвэрлэв-2017” үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцож, шилдэг үйлдвэрлэл эрхлэгчээр тодорсон “Монгол шаглаа” ХХК-ийн төлөөлөл “Биднийг дэмжиж жил бүр тус үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон нийслэлийн Жжижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийнхөндөө баярлалаа. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье” хэмээв гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхайгаар өвөлжилтийн бэлтгэл хэлэлцэв

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нийслэлийн өвөлжилтийн бэлтгэж ажлын явцыг танилцууллаа. Нийслэлийн 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд нийт 1231 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөж, өнөөдрийн байдлаар 82 хувийн гүйцэтгэлтэй байна.

Эрчим хүчний эх үүсвэр буюу дулааны цахилгаан станцуудын өвөлжилтийн бэлтгэл 9 дүгээр сарын 6-ны өдрийн байдлаар 81 хувь, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлтгэл 84 хувьтай байна. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газрууд өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 236 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөж, 81 хувийн биелэлттэй байгаа юм. Дүүргүүдийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг гүйцэтгэлийг доор үзүүлэв.

Д

Дүүрэг

Төлөвлөсөн арга хэмжээ

Биелэлт

2017.09.06-ны байдлаар

1

БАГАХАНГАЙ

18

74%

2

БАЯНГОЛ

11

85%

3

НАЛАЙХ

39

87%

4

СОНГИНОХАЙРХАН

43

75%

5

ЧИНГЭЛТЭЙ

18

85%

6

БАЯНЗҮРХ

216

81%

7

СҮХБААТАР

38

75%

8

ХАН-УУЛ

32

85%

9

БАГАНУУР

13

81%

Нийт

428

81%

Үүнээс гадна Улаанбаатар хотын дулааны төв шугамд нийт 12 зогсолт хийхээс засварын ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж, 9 дүгээр сарын 5-ны өдрийн байдлаар 11 зогсолт бүрэн хийгдэж дууссаныг Ерөнхий менежер танилцууллаа. Мөн 2017-2018 онд өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 902 тн бодис, 1500 тн давс нэмж нөөцлөхөөр худалдан авах ажиллагааг зохион байгуулж, гэрээ байгуулан ажиллаж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Монгол Улсын хүнсний аюулгүй байдал” сэдэвт Үндэсний чуулган маргааш болно

Related image

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар “Монгол Улсын хүнсний аюулгүй байдал” сэдвээр маргааш буюу 9 дүгээр сарын 12-ны өдөр Үндэсний чуулган зохион байгуулах гэж байна.

Үндэсний чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлэх бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ХХААХҮЯ, Монголын хүнсчдийн холбоо, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран зохион байгуулна.

Монгол Улсын хүнсний салбарын өнөөгийн байдлыг тодорхойлох, хүн амын гол нэрийн хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах, хүнсний хангамжийг сайжруулах, хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр авах шаардлагатай арга хэмжээний саналыг боловсруулж, шийдвэрлүүлэхэд “Монгол Улсын хүнсний аюулгүй байдал” сэдвээр хийх үндэсний чуулганы зорилго оршиж байгаа юм.

Үндэсний чуулганыг угтан өнгөрсөн наймдугаар сараас салбар хуралдаанууд хийсэн юм.

Өнгөрсөн хугацаанд “Мах, махан бүтээгдэхүүн, өндөг, гахай, шувуны мах үйлвэрлэгчдийн тулгамдсан асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам”, “Сүү, сүүн бүтээгдэхүүн, ундаа, савласан ус, тос үйлдвэрлэгчдийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам”, Төмс, хүнсний ногоо, гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн тулгамдсан асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам”, “Монгол Улсын хүнсний аюулгүй байдал” сэдвээр 4 удаа салбар хуралдаан хийж хүнс үйлдвэрлэгч үндэсний үйлдвэрүүдэд өнөөгийн нөхцөлд тулгамдаж байгаа асуудлууд, монгол хүний эрүүл мэндийн байдал ба хүнсний аюулгүй байдлын харилцан хамаарал, цаашид хүнсний аюулгүй байдлын чиглэлээр хийх ажлын талаар эрдэмтэн судлаачид, эмч нар, үйлдвэрлэгчид, иргэдийн төлөөлөл өргөн бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцсэн юм.

Categories
мэдээ цаг-үе

“Халхын тэргүүн Юндэн” Б.Баттөрийн гэрт зочиллоо

Дуучин Б.Баттөр гэргий Т.Мөнгөнбөгж бага охин Урангоогийн хамт. 2017.09.03

Монголын дуурийн урлагийн алтан үеийнхний ар дээр шил даран гарч ирсэн цөөн уран бүтээлчдийн нэг нь Сэлэнгийн “том” Төрөөг гэдэгтэй маргах хүн гардаггүй билээ. Цагтаа дуурийн театрын шилдэг баритон хэмээн нэрлэгдэж, алдарт Чайковскийн нэрэмжит дуурийн дуулаачдын олон улсын уралдаанд эх орныхоо нэрийг өндөрт өргөн шилдэг 10 дуучны нэгээр шалгарч байсан түүх түүнд бий.

Түүнийг хоолойны цараараа гайхуулж явах үед буюу 1990 оны сүүл үед урлагийг дэмжих нь байтугай айл өрхүүд хоолтой, хоолгүй хонохын зааг дээр, төр улс нь төрийн албан хаагчдынхаа цалинг тавьж чадахгүй ажил хаялт болж, сургууль, цэцэрлэгүүд халаалтаа өгч чадахгүй завсардаж байсныг мэдэх юм. “Сэлэнгийн” хэмээх тодотголтой Балжиннямын Баттөр өдгөө 24 жил дуурийн урлагт үнэнчээр зүтгэж буй “цэрэг”. Халхын тэргүүн Юндэнгээр шалгарч явсан СУИС-ийн дуурийн дуулаачийн багш, докторант Балжиннямын Баттөрийнхөөс энэ удаагийн “Танайд өнжье” булангаа бэлтгэлээ. Өчигдөр өглөөний мандах нар Богд уулын оройг үнсэн мандаж байх үед “Сайхан амарсан уу.

Өнөөдөр ч сайхан өдөр болох нь ээ. 10 цагт Баянголын аманд манайд хүрээд ирээрэй” хэмээн гэртээ урив. Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын гавьяат жүжигчин У.Далантайтай яриа дэлгэн сууж байхад “Сайхан хоолойтой, дүрд хувирч чаддаг, сайн жүжиглэдэг дуучин. “Ламбугайн нулимс” дуурийн Лодонгийн ариг Баттөр шиг сайн дуулсан хүн одоогоор алга” хэмээн ярьж байсан нь одоо ч нэн тодхон.

Бид явсаар Баянголын аман дахь тэдний зусланд ирлээ. Тэр хавийнхан нь ч андахгүй юм. Төв замаас салаад “Дуучин Баттөрийнх хаана байдаг бол” хэмээн асуухад хашааны бетон суурь цутгаж байсан хоёр залуу “Зүүн гар талаа бариад яваарай, дээшээ нэлээд өгсөнө хө. Дүнзэн байшин байгаа. Хашааны суурь нь хээтэй, андашгүй” хэмээн зааж өглөө. Шороон замаар явсаар хашааных нь үүдэнд иртэл “Сайн явцгааж байна уу, орцгоогоорой” хэмээн чамин хээтэй хашааныхаа хаалгаар дагуулан орлоо. Цэлийсэн хашаан дотор том дүнзэн байшин байхын зэрэгцээ хашааны хаалганы хоёр талдаа овчарк нохойгоор хамгаалуулжээ.

Гэрлэлтээ батлуулна гэдэг нэг насны хамгийн сайхан агшин

Харин бага охин Урангоо нь “Сайн байна уу, сэтгүүлч ахаа” хэмээсээр мэнд мэдэв. Биднийг ирэхийн өмнө аав, охин хоёр хашааныхаа модыг усалж байсан гэнэ. Хашааных нь урд талд хоёр гэр байх агаад доод талын гэрийг нь дөнгөж өчигдөр барьчихаад байж байна гэсэн юм. Дуучин Б.Баттөрийн хувьд их хөлийн Улаанбаатараас зайдуухан зусландаа “бүгэх” дуртай аж. “Жинхэнэ амар амгалан чинь энд л байна шүү дээ” хэмээн инээмсэглэсээр байшиндаа дагуулан орлоо. Бугуйн дахь цагаа харвал 10:02 болж байв. Ямар ч байсан цагтаа ирлээ хэмээн бодохын зуур гэрийн эзэгтэй цайгаа ууцгаа хэмээн ширээний ард урилаа. Дуучин Баттөр “Өдийд манай нутаг сайхан байгаа. Айл бүр ногоотой шөл “Ургацын далай” хийгээд л…” хэмээн яриагаа үргэлжлүүллээ. Гэргий Т.Мөнгөнбөгж нь сүүтэй цай, бууз, “ургацын далай”, шорлогноос эхлээд усан үзэм, гадил, алим тэргүүт амттанаар ширээ дүүргэжээ. Гэрийн эзэгтэй “Өглөө эрт ирсэн хүмүүс цайгаа ууж амжаагүй байлгүй сайхан тухалж байгаад өглөөний цайгаа хамтдаа ууцгана шүү” хэмээгээд гал тогооныхоо зүг эргэлээ. Охин Урангоо нь хашааныхаа модыг услаад зав алга. Дуучин Баттөрийн хувьд Сэлэнгийн корпуст бага нас нь өнгөрчээ. Эрэгтэй л хүүхэд хойно сахилгагүй байж таараа. Гэхдээ бусдад түвэг учруулсан тийм зан байгаагүй гэдгийг багын найзууд нь ярьдаг.

Урлагийнхны гэрээр ороод гарахад ёс юм шиг төгөлдөр хуур байж л байдаг. Б.Баттөр, Т.Мөнгөнбөгж нар мөн л зуслангийн байшингаа төгөлдөр хуураар гоёсон байх юм. Ажиглаад байхад охин Урангоо нь төгөлдөр хуур тоглохын сацуу сайхан дуулчихдаг аж. Тэд ханьлаад хорин намраа үдэж буй бөгөөд Үүрийнтуяа, Урангоо гэдэг хоёр охинтой юм байна. Том охин Үүрийнтуяа нь МУИС-ийн Солонгос хэлний орчуулагчийн ангид суралцдаг бол бага охин Урангоо нь улсын тэргүүний Нэгдүгээр сургуулийн тавдугаар ангийн сурагч. Дуучин Баттөрийн зуслангийн байшин хоёр давхар. Нэг давхрынхаа хойморт зурагтаа тавьж, дээр нь жаазанд хийсэн мөнгөн зоос өлгөжээ. “Том” Төрөөгийн аав Балжинням гуай зоос цуглуулдаг байсан тул аавынхаа цуглуулганы дээжээс авсан зооснуудаа жаазлан ийнхүү хоймортоо залсан байна. Дуучин маань нутаг амьтайн дээр аав амьтай гэдэг нь түүний яриа бүрээс илтэд мэдрэгдэнэ. Анхны “Би…” хэмээх бие даасан тоглолтоо Улаанбаатар хотод хийж байсан бол 20 жилийн дараа төрсөн нутгийнхаа “Сэлэнгийн долгио” чуулгын тайзнаа “Сэлэнгийг минь яаж гүйцэхэв дээ” хэмээх уран бүтээлийн тайлангаа аавдаа зориулан тоглож байсан юм. Ямартай ч тухайн үедээ Улсын аварга Г.Эрхэмбаяр, Монгол Улсын гавьяат тамирчин Т.Үйтүмэнгээс эхлээд нутгийнхаа олны танил эрхмүүдтэй хамтран тайзан дээр дуулж шуугиан тарьж байлаа. “Тамирчдыг хүртэл тайзан дээр гаргаад дуулуулчихдаг адтай золиг шүү” хэмээн тухайн үед түүнд хүмүүс магтаалын үгийг харамгүй өгч байсан ч аавдаа л гэх чинхүү сэтгэл нь түүнээс ч илүү байсан гэдэг. Тэр үед аав нь хүндээр өвдсөн байсан тул чинээндээ л сэтгэлийн дэм өргөсөн нь тэр байж.

Б.Баттөр, Чинзориг нарын хүүхдүүд. Баруун гар талаас эхнийх нь
Б.Урангоо

Б.Баттөр “Би чинь гурван шар охинтой хүн шүү дээ” хэмээн ярих. “Та чинь хоёр л охинтой гэсэн биш үү” гэхэд “Ханийг хэлж байгаа юм. Хоёр охиноосоо дутахгүй эрх шүү дээ” хэмээн инээхэд “Наад Төрөө ах чинь байнга ингэдэг юм” гээд гэрийн эзэгтэй инээмсэглэв. Гэрийн чимэг болсон морин хуурын сувинер болон хийл хөгжим сонирхож байх зуур гэрийн эзний утас дуугарав. “Найз нь гэртээ байна аа. Эхнэр хүүхдээ аваад ирээрэй” гээд ярьж байх нь сонсогдсон юм. Ямартай ч зочин ирэх нь баараггүй болов. Дуучин маань “Хар багын найз Чинзо маань эхнэр хүүхдүүдтэйгээ өнөөдөр манайд ирэх юм” гээд ширээнийхээ ард суулаа. “Сэлэнгэ түмний шүтээн Ээж мод” гэсэн бичиг бүхий зураг гэрийн хойморт нь мөн залагджээ. “Аав минь нутагтаа ойрхон яваарай” гээд өгсөн болохоор нь хоймроо залчихсан юм. Зүгээр биз дээ” хэмээн инээмсэглэн зураг руу ширтэнгээ ямар нэгэн зүйлийг бодолхийлэв бололтой хэсэг чимээгүй суулаа. “Гадагшаа гарч салхинд жаахан суух уу” хэмээн гэрийн эзэн санал тавьсан тул хамтдаа гадагшаа гарлаа. Байшингийнхаа урд тоосго, төмөр тэргүүтнээр тохилог донжтой саравч барьжээ. Амралтын өдрүүдээр найз нөхөд, хамаатан саднаа уриад тэнд шорлог хийж өдрийг өнгөрүүлдэг байна. Саравчны доор цемент дээр Б+М гээд ард нь зүрх зурчихсан байх юм. Утга нь Баттөр+Мөнгөнбөгж гэсэн юм болов уу гээд сонирхон асуутал үнэхээр тийм байв. “Хэн ингээд биччихдэг юм бэ” гэтэл Баттөр дуучин “Би л ингэж сахилгагүйтэж байхгүй юу” гээд инээмсэглэлээ.

Дуучин Баттөрийг өнөөдрийг хүртэл зарим хүмүүс “гавьяат” хэмээн боддог. Энэ талаар түүнээс асуухад “Би чинь урлагаас авах юм аа авчихсан хүн шүү дээ. Эрүүл яваа минь энэ урлагийн том шагнал байхгүй юу” гэв. Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цолоо хэзээ ч бага гэж чамлаж яваагүй аж. Тэрбээр Сэлэнгэ аймгийн тавдугаар сургуулийг дүүргэн цэргийн албанд мордсон байдаг. Түүний хувьд дотоодын цэргийн 0805 дугаар ангид алба хаажээ. Цэрэгт байхдаа нутгийнхаа 10 гаруй залуустай хамт ангийнхаа 100 гаруй цэргийн өөдөөс нударга зөрүүлж явсан “ширүүн” толгой. Баттөрийг цэргийн албанаас халагдахад түүнийг цагдаа болгох хүсэлтэй олон хүн байсан ч цэргийн алба хааж байхдаа зодоон хийсэн шалтгаанаар цагдаа болгоогүй аж. “Уг нь миний үндсэн мэргэжил мужаан юм шүү дээ” гэв. Учрыг лавлахад багаасаа л гарын уртай юм бүхнийг хийж явсаар мужаан болсон” гэдгийг хэлсэн юм. Хоёр давхар байшингаа ч мөн адил гурван жил зүтгэж байж таван жилийн өмнө өөрийн гараар босгожээ. Байшин барихад мөнгө их шаарддагддаг тул гурван жил энд тэнд хөтлөгч дуучны “халтуур” хийж байгаад барилаа шүү дээ. Ариун цагаан хөдөлмөрөөрөө босгосон гээд бодохоор цаанаа л нэг өег байдаг юм даа гэсэн юм. Тэрээр “Эр хүн чинь байшингаа барьдаг байх хэрэгтэй байдаг юм” гэлээ. 10 гаруй жилийн өмнө тэднийх зуслангийн хашаагаа хатгаж байхад тэр хавь зэлүүд байсан тул найз нар нь “Чи энд байшин бариад хэрэггүй ээ, хүн амьтан ч байхгүй юм” гэдэг байж. Угийн өөрийнхөөрөө бүх асуудлаа шийдэж ирсэн хүн найзуудынхаа үгийг авалгүй “Та нар 10 жилийн дараагийнхыг хардаг ч болоосой” гэхэд тэд “Ядаж чамайг жорлон барьчих юм бол хоёр сая төгрөг өгье” хэмээн инээлдэж байсан гэнэ. Угийн өөрийнхөөрөө зүтгэдэг тул “Жорлон барьчихаад та нараас хоёр сая төгрөг авчихъя л даа” гээд тэнд амьдардаг хоёр залуугаар дөрвөн метр нүх ухуулаад ажилдаа оржээ. Найз нар нь нэг өдөр тэднийд цуглаад “Бас нэг амбаар барьчихжээ” гээд хөхрөлдөж байгаад нэг найз нь “Төрөө хаана бие засах уу” гэхээр нь “Тэр амбаарт ороод бие засчих” гэж. Нэг найз нь “Ямар сайхан ариун цэврийн өрөөтэй болчихсон юм бэ” гээд уулгалахад нөгөө найзууд нь бүгд очиж үзэхэд нь “Та нар хоёр сая төгрөгөө өгөөрэй” гэж. Найзууд нь оройдоо хот орцгоож ам алдвал барьж болдоггүйн үлгэрээр тэр мөнгөө өгцгөөсөн байна. Ийнхүү хашаа хороо, байшин ярьсаар гэрт орцгоолоо. “Том” Төрөө “Манай урд талд УИХ-ын дарга байсан Д.Дэмбэрэл гуайнх байдаг юм. Бид хоёр мод тарих хоббитой юм шиг байгаа юм. Хааяа тэднийхээр орж буу халнаа” гээд гэрийг нь заалаа. Төрөө дуучин хашаандаа 70 мод ургуулж байгаа гэдгийг гэргий Мөнгөнбөгж нь хэллээ. Нарс, хуш, гацуур, монос, буйлс зэргийг тарьжээ. Энэ моднууд нь бүгд эзэнтэй гэж байгаа. Найз нөхөд, хамаатан садан, шавь нар нь ирж мод суулгахдаа бүгд өмчлөөд авсан байна. Ирэх бүртээ миний мод сайхан ургаж байна шүү гээд усалж байгаад явдаг гэнэ. Аав нь волейбол тоглож байхдаа 12 дугаарын өмсгөлтэй байсан бол дуучин

Баттөрийн сагсны өмсгөл мөн л 12 дугаартай байж. Тиймээс үүнийг бэлгэдэн 12 мод суулгасан бол, аавыгаа өнгөрөхөд нь есөн мод суулгасан, хоёр охиндоо хоёр хоёр гацуур тарьсан гээд бүгд учир утгатай гэсэн юм.

Түүнийг 1993 онд цэргээс халагдаж ирээд байхад“Өргөн Сэлэнгэ-1993” дууны уралдаан Сэлэнгэд болж байж. Тэрээр уралдаанд оролцож байсан дуучдын дуулахыг сонсоод “Ямар сайхан юм бэ” гэж бишрэн үзэж суужээ. Миний аав, ээж хоёр их сайхан дуулна. Тэр нь ч намайг дуучин болоход нөлөөлсөн байх гэсэн юм. Аав үнэхээр сайхан баритон хоолойтой хүн байлаа. Нутгийнхан маань мэднэ дээ гээд инээмсэглэв. Түүнийг олонд таниулсан уран бүтээл бол

“Сэлэнгээ, Сэлэнгээ би

Сэлүүхэн дэнжийн чинь яргуй

Сэлэнгээ, Сэлэнгээ би

Сэрүүхэн усны чинь дусал аа” буюу “Сэрүүн дэнжийн яргуй” дуу билээ. Ийн яриа өрнөж байх зуур түүний найз Чинзориг, эхнэр Цэвэлмаа болон хүүхдүүдийн хамт тэднийд зочлов. Чинзоригийг хувьд Монгол Улсын консерваторын дуулаачийн факультетийн эрхлэгч буюу бидний мэдэхээр Хөгжим бүжгийн коллежийн дуулаачийн тэнхимийн эрхлэгчээр ажилладаг юм байна. Чинзоригийн хувьд өнгөрөгч хавар Болгар улсад урлаг судлалын чиглэлээр докторын зэрэг хамгаалсан анхны дуурийн дуучин болжээ. Ардын жүжигчин Д.Жаргалсайхан агсан нагац ах нь байсан гэнэ. Ийнхүү яриа өрнөхийн зуур төгөлдөр хуур дээрх зэрлэг гахайн сүрэг болон зурагтны өмнөх нүүдэлчдийн модон сийлбэр харц булаана. Энэ талаар Төрөө дуучнаас тодруулахад “Гэртээ сийлбэрийн бүтээлтэй болъё” гээд явж байтал манай сургуулийн төгсөгчид багш нартайгаа хамтран хийсэн энэ бүтээлийг авахгүй юу гэхээр нь хэн хэндээ хөрөнгө оруулъя гээд авчихсан. Цаашид та нар ч гэсэн урд хийсэн хачин юм авч байхаар өөрсдийн авьяастай хүмүүсийн хийсэн зүйлсийг авч байгаарай гэдгийг захив. Монгол Улсын гавьяат жүжигчин У.Далантай, Х.Болормаа, Жинжиймаа буюу жижиг Ц.Баттөр, “Би Монгол эр хүн” дууг дуулсан Б.Батболд, Чинзориг, “Том” Б.Баттөр нар нэг ангид сурч байж. Чинзориг “Намайг анх энэ ангид ороход Далантай, Болормаа, хоёр Төрөөгөөс эхлээд бүгд од болчихсон байсан. Анх ч өөртөө эргэлзэж байлаа” гээд инээмсэглэн ярихад Баттөр дуучин “Далантай, Батхуяг, Батболд, Жинжиймаа Төрөө бид тав их дотно нөхөрлөдөг юм” гэлээ. У.Далантай гавьяат “Том” Төрөөтэйгээ хамт урлагийнхны үнэлэмжийг нэмэгдүүлэх ёстой, урлаг дахь шударга бус зүйлсийг зогсоох хэрэгтэй гээд Дуурийн театрт байхдаа тэмцэж байсныг урлагийнхан мэднэ” гэж байсан билээ. “Том” Төрөөгөөс “Тэр үед танай хэд нийтийн дуугаар баллаж байсан даа. Та нийтийн дуугаар явахгүй яасан юм” гэхэд Пүрэвдорж багш маань надад “Нийтийн дуу руу хэт ороод яах вэ. Дуурь гэж сайхан урлаг байна. Мэргэжлийн урлаг руу түлхүү орно шүү, нөхөөр. Найрын дуу дуулаад битгий яваад бай” гэж хэлсэн юм. Тэгж л би дуурьт эргэлт буцалтгүй орсон” гэж байв. Ийнхүү яриа хөгжиж байх зуур гэрийн эзэгтэй ширээн дээрх хоол ундаа сэлгэн Чинзоригийн гэргий Цэвэлмаатай яриа өрнүүлж байлаа. Харин Урангоо Чинзоригийн хүүхдүүдтэй гадаа тоглоод гэрийн бараа харахаа болив. Хааяа орж ирж хөргөгчнөөс зайрмаг аваад нөгөө хэддээ өгнө. Дуучин Баттөр “Миний хайр” хэмээн охиноо өхөөрдөх аж. Гэргий Т.Мөнгөнбөгж “Миний охин чинь том болоод тусад орсон гэж жигтэйхэн. Намайг ажил ихтэй үед аавдаа хань болно гэж сүрхий шүү” гээд инээмсэглэв. Гэрийн эзэгтэйн хувьд өмнө нь “Монос”, “Монгол Эм импекс” концернд ажиллаж байгаад саяхан ажлаасаа гарчээ. “Хувиараа юм хийж үзэх хэрэгтэй юм байна” гэдгийг ойлгосон гэлээ.

У.Далантай гавьяат “Байгалиасаа төрмөл дуучид гэж байдаг юм. Тэднийг жаахан зөв чиглүүлчихэд чигээрээ явчихдаг. Манай үед байгалиасаа төрмөл дуучин “Том” Төрөө маань байлаа. Одоо ч гэсэн түүнтэй эн зэрэгцэх баритон ховор шүү. Одоо Амартүвшин, Ариунбаатар гээд сайхан авьяастай байгалийн өгөгдөлтэй залуус гарч ирж байна” хэмээн түүнийг үнэлсэн байдаг. Нэлээд олон жилийн өмнө зарим хэвлэл дээр дуучин Б.Баттөрийг “Цагаа олоогүй дуучин буюу цөвүүн цагийн богд” гэж бичиж байлаа. Учир нь урлагийг үнэлдэггүй буруу цаг үедээ төрсөн мундаг дуучин ингээд дуусах нь гээд халаглан бичдэг байв. “Өөрөөс чинь илүү хүн байгааг цаг ямагт санаж яв” гэдэг үгийг аав нь захидалдаа бичиж үлдээснийг уншаад одоо л ойлгож байна даа хэмээн үгээ залгив. Надаас илүү хүнгүй мэт, Баттөргүй тоглолт болохгүй мэт даанч дэврүүн явсан нас бий. Үүнийг арай эрт ойлгосон бол залуу насыг гамтай л үрэх байсан даа хэмээн санаа алдав.

Чинзориг доктор “Дорнодын Дашбалбараас тэс буриад хэлтэй нөхөр хотод ирэхэд хот гэдгийг үзүүлж, эхнэртэй маань холбож өгсөн хүн дээ” хэмээн ярихад “Яах аргагүй тийм зүйл болсон” хэмээн Төрөө дуучин ярианд эрч нэмэв. Дуучин Б.Баттөр волейболын спортын мастер “солгой” хэмээх Балжиннямын дөрвөн хүүхдийн нэг. Дээрээ нэг ах, нэг эгч, доороо нэг дүүтэй гэнэ. Түүнийг үеийнх нь найзууд нямбай, дэндүү сэргэлэн хэмээн тодорхойлдог. Тэрээр багаасаа өдрийн тэмдэглэл бичдэг байсан бөгөөд анхны тоглолтоо өдрийн тэмдэглэлээрээ найруулж утгачилсан тоглолт хийж байсан юм байна. Төрөөгийн хамгийн эрхэм зүйл гэр бүл. Үүний дараа СУИС-т хамт ажиллаж буй урлагийн бурхад болсон түшигтэй сайхан багш нар маань хэмээн тодорхойлов. Б.Баттөр дуучин гурван багшаараа бахархаж явдаг нь ярианаас нь тодрох аж. Түүнийг урлагт хөтөлсөн хүн нь Ардын жүжигчин Д.Баадайжав гуай. Харин магистрын багш нь Ардын жүжигчин А.Дашпэлжээ бол мэргэжлийн багш нь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Зууны манлай эрэгтэй дуурийн дуучин Цэвэгжавын Пүрэвдорж агсан юм. “Би чинь гурван Ардын жүжигчний гараар орсон хүн шүү дээ. Энэ хүмүүсээс сурсан бүхнээ СУИС-ийн дуурийн дуулаачаар суралцаж буй шавь нартаа сургаж байна даа” хэмээн бахархана. Зуслангийн байшингийнхаа хоёр давхрыг хоёр охиндоо зориулан тохижуулжээ. Хойморт нь Ц.Пүрэвдорж агсны томоо хөрөг зургийг байрлуулсан нь нүдэнд шууд тусав. 21 настайгаасаа урлагт зүтгээд 24 жил болсон байна. Бага хугацаа биш шүү хэмээн багшийнхаа зургийг харангаа хэлсэн юм. “Би чинь аавынхаа зургийг хоймортоо залаагүй байж багшийнхаа зургийг залчихсан хүн дээ. Ингэж болдог ч юм болов уу, бүү мэд” гээд инээмсэглэв. Харин аавынхаа үлдээсэн хамгийн үнэт өв болох баяан хөгжим, монгол гутал, шатар зэргийг нь нандигнадаг байна. Гэргий Т.Мөнгөнбөгжтэйгээ анх танилцаад айлын хажуу өрөө хөлслөн амьдарч байгаад “Арай ч ингээд яваад байж болохгүй” гээд зориг шулуудан 40 мянгатад байранд орж, Баянголын аманд зуслангийн байшин барьжээ. Одоо харин 10 дугаар хороололд аж төрдөг гэнэ. “Хүн өөрийн бүтээн босгосон амьдралаасаа кайф авч байх ёстой. Би Бөгжөөтэйгээ ханилаагүй бол энэ амьдралд нэлээд далийх байсан байх шүү. Хүний хань хамгийн чухал байдаг юм. Амьдрал надад ийм сайхан хань бэлэглэсэн” гээд ханиараа бахархав. Түүний хувьд өнгөрсөн амьдралдаа харамсдаггүй гэдгээ хэллээ. Учир нь Дуурийн театрт 2002-2007 онд ажиллаж байхдаа гоцлооч байж, Монгол Улсын нэрийг тахалж дэлхийд хүртэл дуулж байлаа шүү дээ. Мэргэжлийн дуучин хаа хүрч болдог юм тэр бүхэнд нь хүрэхээр явж байлаа гэв. Би СУИС-д багшилж байгаагаараа бахархдаг. Бүхэл бүтэн Монгол Улсын урлагийг бий болгочихсон. Амартүвшин, Ариунбаатар, Энхтайван, Гомбодорж, Бямбажав гээд мундагууд олон улсад гараад ирлээ хэмээн бахтай нь аргагүй ярьсан юм. Ингээд ярьж байтал эхнэрийнх ажлын дүү нар нь ирж тэднийд хөл нэмлээ.

Гэргий Т.Мөнгөнбөгж зочдод идээ бэлдэж буй нь

Төрөө дуучин эхнэртэйгээ танилцсан түүх нь бас л сонин юм билээ. Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Алтанцэцэг нарын дуучидтай хамт хөдөө тоглолтоор явахын өмнө нэг хүний хурим дээр дуулаад өгөөч гэхээр нь яваад очтол гэргий Т.Мөнгөнбөгжийнх нь ахын хурим болж байж. Төрөө дуучин хуримын арга хэмжээг нь хөтөлж ая дуугаа өргөөд авч. Хуримын дундуур одоогийн хадам ээжтэйгээ хундага тулгах зуураа тоглоом шоглоомоор “Хадам ээжтэйгээ нэг тулгачих уу” гээд ярьж байсан гэнэ. Хөдөөнөөс ирээд ах маань бид хоёрыг нийлүүлэх гүүр болсон доо хэмээн хөхиүн инээд дүүрэн чин сэтгэлийн баяртайгаар ярьсан юм. Энэ мэтчилэн гэр бүл, уран бүтээл, амжилтын тухай хүүрнээд байвал даанч их цаг шаардагдана. Түүнтэй яриа хөөрөө дэлгэн сууж байхад “Монгол Улсын урлагийн төлөө зүтгэе” гэсэн чинхүү сэтгэл байдаг нь улам л мэдрэгдэх аж. Цагтаа “Халхын тэргүүн Юндэн”-гээр шалгарч явсан авьяасын булаг, сэтгэлийн цэнэг “Сэлэнгийн Том Төрөө”-гийн амьдралын зах зухаас хүргэхэд ийм байна.

Найз Чинзоригийн хамт

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Ц.Энхжин: Би “Дэлхийн мисс”-т оролцох зорилго тавиад эртнээс бэлтгэсэн

“Miss Mongolia-2017” тэмцээний ялагч болж “Дэлхийн мисс”-т эх орноо төлөөлөн оролцох эрхтэй болсон Ц.Энхжинтэй ярилцлаа.


-“Дэлхийн мисс”-т оролцохоор болсонд тань баяр хүргэе?

-Маш их баярлалаа.

-Загварын тайзнаа алхаж буй бүсгүйчүүдийн хувьд хамгийн том мөрөөдөл нь “Дэлхийн мисс” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох. Харин таны тэр мөрөөдөл биелжээ?

-Жаахан байхад бүр, хоёр гурван настай байхад аав минь “Тавдугаар цэцэрлэгийн мисс Энхжин” гэж зарлахад нь л гараа даллаад алхдаг байлаа. Бага насны минь хүсэл мөрөөдлүүдийн минь нэг нь Дэлхийн мисс болох байсан болохоор зорилгын маань суурь тавигдсанд их баяртай байна.

-Хүн гэдэг бодгаль нэг алхам хийсэн бол дахиж нэг алхахыг хүсдэг. Үүнтэй адил та “Дэлхийн мисс”-т оролцохыг хүссэн бол одоо та түрүүлэхийн төлөө зүтгэнэ шүү дээ?

-Хүн ер нь зорилгоо том тавих хэрэгтэй гэж боддог. Ингэснээрээ зорилгынхоо 30-50 хувьд заавал хүрдэг гэж боддог. Хамгийн гол нь сэдэл нь зөв байхад үр дагавар нь эерэг байдаг шүү.

-Та хэдэн настайгаасаа загварын салбартай холбогдсон бэ. Бага насныхаа тухай ярихгүй юу?

-Анх 12 настай байхдаа “Lady” төвд загварын алхаа, ес суртахуун болон соёлын хичээлүүд заалгаснаас загварыг илүү сонирхон 15 настайгаасаа “Шилмэл загвар”-т явж эхэлсэн. Би багаасаа их идэвхтэй, урдаа тавьсан зорилготой үргэлж өөрийгөө хөгжүүлэхийг эрхэмлэдэг хүүхэд байсан болохоор өдрийн хуваарь гарган цагаа үр дүнтэй өнгөрүүлэхийг хичээдэг байсан минь надад их зүйлийг өгсөн.

-Та Кэмбрижийн их сургуулийг тун амжилттай төгсч, одоо өөрийн гэсэн загварын компани ажиллуулж байгаа гэсэн байх аа?

-Би Кэмбрижид сурч байхдаа өөрийгөө бүрэн дайчлан өдөр шөнөгүй төслүүд дээрээ ажилладаг байлаа. Энд сурч байх 4 жилийн дотор би яавал илүү их зүйлийг сурч мэдэж чадах вэ гээд анхнаасаа төлөвлөчихсөн байсан болохоор, олон улсын интерьер дизайны тэмцээнүүдэд сургуулиа төлөөлж оролцдог, шинэ соргог үзэсгэлэнд идэвхтэй оролцдог байсан. Мөн оюутны төлөөлөгчөөр сонгогдон ажиллахын хажуугаар доод курсийн оюутнууддаа зөвлөн улам сайжрахад нь туслах зорилгоор зөвлөх багш хийж байсан. Мөн Mineheart гээд компанид бүтээгдэхүүний дизайнераар ажилладаг байсан. Их хичээж сурсны үр дүнд би хамгийн өндөр оноотой оюутнуудад олгодог нэгдүгээр зэрэглэлтэй төгссөндөө их баярладаг.

-Таны аав Б.Цэвээндаш бол уулын спортын гавьяат тамирчин хүн. Таны инээмсэглэл, нүд, нүүр царай, төрх байдал тань яг аав юм гээч. Таныг харсан чинь аавын л охин байх гэсэн сэтгэгдэл төрж байна?

-Зарим хүмүүс намайг аавынхаа эмэгтэй хувилбар гэж ярьдаг. Миний ээж, аав хоёулаа миний төлөө бүхнээ зориулсаар ирсэнд би маш их талархаж явдаг.

-Уулын спорт бол асар их хатуужил шаардсан спорт. Таныг амжилтанд хүрэхэд, амжилтын төлөө зүтгэх тэр их хүчийг аав тань танд төлөвшүүлсэн байх?

-Аав минь их сэтгэлийн хаттай дайчин, өөдрөг сэтгэлгээгээр аливаа зүйлд ханддаг болохоор үргэлж дэмжин, урмын үгсээр намайг тэтгэж өсгөсөн нь зорилгодоо тууштай зүтгэсээр хүссэн зүйлдээ хүрч чадна гэсэн сэтгэхүйг суулгаж өгсөн гэж боддог.

-Аавтайгаа ууланд авирдаг уу?

-Би байгальтайгаа ойр байх дуртай. Манайх Богд уултай ойрхон болохоор, өглөө гэрийнхэнтэйгээ хааяа ууланд алхаж бясалгал йог хийдэг.

-Мисс гэхээр зүс царай, бие хаа сайтай ч эрдэм мэдлэг багатай хүмүүс байдаг гэдэг тийм хандлага нийгэмд нэг хэсэг байсан л даа. Харин сүүлийн жилүүдэд миссийн уралдаан тэмцээнд мэдлэг, боловсрол өндөртэй охид, бүсгүйчүүд ордог болжээ?

-Миссүүд улс эх орноо төлөөлөн явдаг учраас өндөр боловсролтой, мэдлэгтэй байх их чухал. Биднээр дамжин манай улсын хөгжлийн түвшин харагдана шүү.

-“Miss Mongolia 2017”-д хамт өрсөлдсөн бүсгүйчүүдээсээ та яг ямар чанараараа илүү байсан болохоор ялагч болсон гэж бодож байна вэ. Таны давуу тал юу байсан бэ?

-Би маш их хичээж бэлтгэлтэй оролцсон. Миний дэвшүүлсэн хүмүүнлэгийн төсөл өндөр үнэлгээ аван Зорилготой гоо бүсгүй төрөлд түрүүлсэн, мөн өөрийгөө англиар танилцуулан илэрхийлэх байсан шалгуур дээр эхэнд орсон. Бусад шалгуурууд дээрээ ч бас өндөр оноо цуглуулж чадсан учраас энэ хүндтэй шагналыг хүртсэн гэж бодож байна.

-Хүмүүсийн хувьд мисс, загвар өмсөгч гэхээр яагаад ч юм хэн нэгэн чинээлэг хүнээс санхүүгийн хувьд хараат гэж ойлгодог. Харин таны хувьд өөрийн хүч, оюунаараа зүтгэж яваа манай залуу үеийн төлөөлөл юм гэж бодогдож байна?

-Баярлалаа. Энэ дэлхий дээр ирсэн үүрэг зорилгоо бүрэн ухамсарласан учраас би туйлын зорилгодоо хүрэ-хийн тулд зорилгуудаа шат шатаар нь биелүүлээд явж байгаа. Бид бүхэн өөр өөрсдийн гэсэн үүрэгтэй ирдэг учраас хэн нэгэнд найдалгүй өөрөө хичээн зүтгэх ёстой гэж би боддог.

-“Дэлхийн мисс” тэмцээний бэлтгэлдээ хэзээ орох вэ. Төлөвлөгөөгөө гаргачихсан байлгүй?

-Би энэ тэмцээнд анхнаасаа орох төлөвлөгөөтэй байсан учраас аль эрт бэлдээд эхэлчихсэн байсан. Харин одоо дотроо ургуулан бодож байсан зүйлүүдээ ажил хэрэг болгон илүү эрчимтэй бэлдэнэ.

-Та найз залуутай юу?

-Байгаа, бид хоёр 10 жилдээ хамт сурдаг байсан юм.

-Та гэр бүл төлөвлөлтийн хувьд ямар бодолтой явдаг вэ. Сүүлийн үед залуус эрт гэрлэхээс татгалзаж 28-32 насандаа гэр бүл зохиох нь их зүйтэй гэх болж?

-Цаг нь ирэхээр аяндаа бүтнэ гэж боддог. Тэр болтол өөрийгөө тал бүрээр сайн хөгжүүлээд өмнө нь хийх ёстой ажлуудаа амжуулна.

-Таны биеийн харьцаа, өндөр, жинг сонирхож болох уу?

-Миний өндөр 174 см, жин 52 кг, 86x60x90

-Та их завгүй ажиллаж хөдөлмөрлөдөг ажил хэрэгч хүн бололтой. Чөлөөт цаг гарвал хэрхэн өнгөрүүлдэг вэ?

-Би их шахуу хуваарьтай завгүй байдаг болохоор цаг гарвал ном унших дуртай мөн йог бясалгал хийж өөрийгөө эрч хүчээр цэнэглэдэг.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хонхолзсон гэдэстэй багш нар

“Өдрийн сонин”-ы 2017.09.04-ний даваа гаригийн №187,188(5754,5755) дугаараас авч нийтлэв.

Есдүгээр сарын 1 болж, зунжин амарсан хүүхэд багачуудын хүсэн хүлээсэн хичээлийн шинэ жил эхэллээ. Харин ардын багш нар маань ажил хаялт зарлах шийдвэрээсээ ухрахгүй гэж байна. Тэд цалингаа нэмүүлэхийг Засгийн газраас шаардсан. Багш нарын үндсэн цалин ажилласан жилээсээ хамаарч сарын 535-650 мянган төгрөг байдаг гэнэ. Ийм өчүүхэн цалингаар өдөр хоногоо залгуулж байгаа хүмүүс өөдлөн дэвжихийн тухай санаад ч нэмэргүй. Монголын хойч ирээдүйг сурган хүмүүжүүлж, боловсрол олгож буй багш нарын ахуй амьдрал үнэхээр тарчиг байна. Тэр хэрээр сэтгэл санаа нь гундуу явна. Ард түмнээ мөр бүтэн амьдруулах нь төр засгийн үүрэг. Тэр дундаа сэхээтний давхаргыг бэлдэж байгаа багш нарын гэдсийг өлсүүлэхгүйн тулд цалин, хангамжийг нь сайжруулах ёстой. Гэтэл Засгийн газар “Мөнгө байхгүй” гэхчилэн багш нарын шаардлагыг саармагжуулах санаатай элдвийн зовлон тоочоод сууж байна. Салбарын сайд нь хүртэл гарч ирээд тэдний хүссэн цалинг өгч чадахгүй гэж байгаа харагдах юм. Үнэн хэрэгтээ эрх баригчдад мөнгө асар их бий. Ерөнхийлөгчийн сонгуулийг харахад л МАН ямар их мөнгө зарцуулсныг бүгд мэднэ. Хамгийн том даргаа Монгол Улсын Нэгдүгээр хүн болгохын төлөө яаж улайран шунасан билээ дээ. УИХ-ын дарга хэмээх өндөр албан тушаал нь багадаж, Төрийн тэргүүний сэнтийд санаархсан эрх баригчид дахин санал хураалтаар 310 гаруй тэрбум төгрөг салхинд хийсгэчихсэн. Үүний 140 тэрбумыг нь хүүхдийн мөнгөнд зориулсан гэсэн тайлбартай. Харин 173 тэрбум төгрөгийг нь ард түмний саналыг луйвардахын тулд тараасныг хуулийн байгууллага шалгаж байгаа.Дээрээс нь энэ Засгийн газар Монголын толгой баячуудыг улам баяжуулах гээд 800 гаруй тэрбум төгрөгийн концесс өгсөн. Хагартлаа баяжсан тэдгээр олигархиуд Монгол Улсад ямар ч ашиггүй. Сайндаа л татвар төлж, таван хүнийг ажилтай болгосон нэр зүүгээд хамаг мөнгөө гадаадад гаргана. Төрд ямар ч ажил хийдэггүй хэрнээ хамгийн өндөр цалинг нь аваад зоолоод сууж байдаг Дэд сайдын албан тушаалыг энэ Засгийн газар бий болгосон.Хэнд ч хэрэггүй, ажлаа мэддэггүй, залуу сайдууд цахимаар дүүлэлдээд байгаа харагдах юм. Сошиалаар хов базан ангалзаж, энд тэнд очиж хэхэрсэн хэдэн хүнийг төр тэжээж байна. Тэдний сарын цалин 1.4 сая төгрөг. Үүн дээр туслах, жолоочийнх нь цалин, утасны төлбөр, шатахууны зардал, бичиг хэргийн мөнгө зэрэг нэмэгдээд сард гурван сая хол давна. Дэд сайд гэдэг хүнд жилдээ 39 сая төгрөг зориулж байна. Одоогийн Засгийн газар дахь 13 Дэд сайдын жилийн цалин хагас тэрбум болдог гэсэн тооцоо бий. Энэ бол 20 багшийн дөрвөн жилийн цалинтай тэнцэх хэмжээ. Их хэмжээний мөнгө үрсэн бас нэг шийдвэрийг хотын удирдлагууд саяхан гаргасан.Гэнэтхэн нэг өглөө төв замаар зүүн эргэхийг хориглоод авав. Ийм автозамын зохицуулалт хийхийн тулд 900 гаруй сая төгрөг зарцуулчихаад удалгүй цуцалж байх жишээтэй. Ямар ч тооцоо, судалгаа хийлгүйгээр бодлогогүй шийдвэр гаргаж, улсын мөнгийг үрэн таран хийж байна. Энэ юу ч биш. Жил бүр автозамыг тэлнэ гээд төө, сөөмөөр өргөсгөж, боржур, явган хүний замуудыг сольдог. Автозамын засвар, шинэчлэл нэрээр төрөөс их хэмжээний мөнгө зувчуулах аргыг эрх баригчид чадамгай эзэмшсэн байдаг.

Тэд өөрсдөдөө зарцуулах болохоор ингэж их хэмжээний мөнгийг гаргаж чаддаг. Харин эмч, багш нарт бол“Юу ч байхгүй, хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж байна” гээд алгаа тэнийлгэдэггүй. Монголын сэхээтний давхаргыг бүрдүүлэгч, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалагч эдгээр эрхэм хүмүүсээс цалин харамлах хэрэггүй юм. Тэд бол өндөр цалинг авах эрхтэй хүмүүс. Багш хүн ямар ч сурлага муутай хүүхдэд итгэл найдварын өөдөө тэмүүлэх ганц үгийг хэлдэг юм. “Та нар Монголын ирээдүй юм шүү” гэдэг үгийг монгол багшаас өөр хэн ч сурагчдадаа хэлж чадахгүй. Харин эмч хүн бол монголчуудын эрүүл мэндийн манаанд нойр, хоолоо хугаслан зүтгэдэг буянтан. Энэ үүднээс нь харахаар хамгийн их ачийг нь санаж явах ёстой хүмүүс бол эмч, багш хоёр. Тиймдээ ч нүүдэлчин ард түмэн бид хэзээнээсээ багш, эмч нарт юугаа ч хайрлаж байгаагүй.

Хуучин цагт багшид хүүхдээ шавь оруулахын тулд өвлийн идэш, түлшийг нь бэлдэж өгдөг байлаа. Энэ бол “Багшийн маань гэдэс цагтгалан, гэр нь дулаахан байвал ардаа санаа зовох зүйлгүй хүүхдэд минь эрдэм сургана” гэсэн холч ухаан юм. Гэтэл өнөөгийн нийгэмд багш нар хамгийн ядуу, бэрх амьдралтай байна. Орон байр, унах унаа, өмсөх хувцас, өдөр тутмынхаа хэрэглээ гээд өмнөө тулгамдсан түмэн асуудлуудаа шийдэж дийлэхгүй байгаа. Хонхолзсон гэдэстэй, улайсан мөртэй багш нар самбарын өмнө нүүр бардам, өөртөө итгэлтэй зогсч чаддаггүй. Ийм хүн машин тэрэгтэй, тансаг хаустай, цатгалан гэдэстэй хүүхдүүдийн урд төвлөрч зогсоод хичээл заана гэдэг үнэхээр ичгүүртэй байдалд орж байна. Дээрээс нь оюун ухаан, эрдэм мэдлэг, урлаг, соёл ярьж, сургана гэдэг ардын багш нарын хувьд бараг гэмтэн мэт санагдана. Сурагчдаасаа дорд байдалтай байгаа багш яаж итгэлтэй хичээл зааж, тэдэнд зоригтой хатуу үг хэлж чадах юм бэ. Дарга хүнээр жишээ аваад үзье л дээ. Удирдагч өөртөө итгэлтэй байснаар дороо ажиллаж байгаа хүмүүстээ зааж, сургаж, чиглүүлдэг. Хэрэв өөртөө итгэлгүй байвал түүгээр удирдуулж байгаа хамт олон сүйрнэ. Яг үүнтэй адилхан багш нар өнөөдөр хүүхдүүдийнхээ өмнө хулчгар байдалтай байна. Шавь нартаа сул дорой байхыг заагаад өгчихдөг. Тэгээд ч хоосон ходоодтой хүнээс ямар ч хүнлэг чанар гардаггүйг бидний амьдарч буй нийгэм харуулж байгаа. Хүнлэг сэтгэлийг зааж өгөх ёстой багш өөрөө хүнлэг бус байхаар Монголын ирээдүй багш нарын амьдрал шиг бүрхэг болох нь ээ.

Багш нарын ажиллах нөхцөл хүнд байгаа нь үнэн. Хичээлд ашиглах үзүүлэн, бичиг цаасны асуудлуудыг нь салбарын яам анхаардаггүй хэрнээ үүнээс давсан үр дүн нэхнэ. Хүүхдүүдийнх нь хичээлд хэрэглэгдэх хэд гурван төгрөг татсаных нь төлөө эцэг, эхчүүд хэл ам гаргаж, багшийг шоронд явуулчих гээд амаргүй. Нэг багшид 35 хүүхэд оногдох стандарттай байтал өнөөдөр 50 гаруй хүүхдэд хичээл зааж байна. Ийм байхад хичээлийн хоцрогдол хэзээ ч арилахгүй. Тиймээс багш нарын орон тоог нь нэмэх шаардлагатай юм. Дээрээс нь хичээлдээ онц, сурлага сайтай хүнийг багш болгодог тогтолцоог боловсролын салбарт суулгамаар байна. Манай нийгэмд хамгийн онц сурлагатай нь нягтлан, эдийн засагч, тааруу нэгэн нь багш болдог жишиг бий. Сурлага сайтай хүүхдүүд мэдээж цалин өндөртэй, ирээдүйтэй мэргэжил сонгоно шүү дээ. Тэгэхээр багш мэргэжлийн үнэ цэнийг өсгөх цорын ганц гаргалгаа бол цалин хангамжийг нь нэмэгдүүлэх юм.

Багш нар цалингаа ахиулахыг шаардаж одоо дөнгөж дуугарч эхэлсэн юм биш ээ. Сануулахад 1995 онд долоон мянга орчим багшийг хамарсан том хөдөлгөөн орон даяар өрнөж, дараа жилийнх нь УИХ-ын сонгуульд одоогийн эрх баригч МАН навс ялагдаж байсан түүхтэй. Энэ хөдөлгөөн анх нийслэлийн 84 дүгээр сургуулийн багш нар удирдлагуудтайгаа байгуулсан хөдөлмөрийн гэрээнээс үүдэж байв. Тэдний маргаан хурцдаж, ажил хаялт зарлахад хүргэжээ. Хэдхэн хоногийн дараа хот, дүүргийн багш нар түр хороо байгуулж, тэр үед засаг төр барьж байсан МАН-д удаа дараа шаардлага хүргүүлсэн боловч үл ойшоосон байдаг. Энэ нь багш нарын бухимдлыг улам ширүүсгэж, орон даяар жагсаал цуглаан болж өргөжжээ. Тэдний тэмцэл дөрвөн сар гаруй хугацаанд үргэлжилж байв. Тухайн үед багш нарын байрлаж байсан өрөөнд цагдаагийн хурандаа До.Дамба гэж хүн савхин хүрмээ үлдээхдээ халаасанд нь чагнах төхөөрөмж хийж орхиод тэднийг тагнаж байсан гэх хэрэг ч мандаж байсан юм.

Ингээд Засгийн газар цагаан тугаа өргөж, багш нарын цалинг 40 хувь нэмэгдүүлж байлаа. Уг үйл явдал МАН-ыг сонгуульд унагааж, АН-ыг засгийн эрхэнд гарахад том түлхэц болсон юм. Энэ байдлаа бодсон ч эрх баригч МАН зоолсон дарга нараа цөөлж, багш нарынхаа цалинг нэмэх хэрэгтэй.Эрдэм ном зааж байгаа багш хүн омог бардам, эрмэг зоримог, хүнлэг байх ёстой.

М.МӨНХЦЭЦЭГ