Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн иргэд спорт явган аялалаар өрсөлдлөө

Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хуулийн 10 дугаар зүйл, Засгийн газрын 2014 оны 34 дүгээр тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2013 оны А\333 дугаар захирамжаар Нийслэлийн Иргэдийн спортын VI наадмыг спортын 8 төрлөөр, хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн 5 үе шаттайгаар 2017 оны дөрөвдүгээр сараас арваннэгдүгээр сарын 10-ны хооронд зохион байгуулж байна. Энэхүү наадам нь ”Биеийн тамир, спортыг айл өрх, иргэн бүрт хүргэх” уриатайгаар Нийслэлийн хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, тэдний идэвхи сонирхлыг дэмжих, Нийслэлийн иргэдийг хөдөлгөөний хомсдлоос сэргийлэх, нийтийн биеийн тамирын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой юм.

Наадмын эхний төрөл болох Спорт явган аялалын тэмцээний V үе шат буюу Шигшээ тэмцээн 2017 оны есдүгээр сарын 9-10-ны өдрүүдэд “Улаанбаатар- Баянзүрхийн товчоо- Налайх дүүрэг дэх “Номин” дэлгүүр – Сонгинохайрхан Хайрхан уул – Налайх дүүргийн Төв талбай – Ургах гаран хороолол- Баянзүрх хайрхан – Хар усан тохой – Улаанбаатар” гэсэн чиглэлээр аялахдаа машинаар 90 км, явганаар 20 км замыг туулж амжилттай явагдлаа.

Налайх дүүргийн Төв талбайд болсон нээлтийн ажиллагаанд Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Баттулга, дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга Д.Мөнхбаяр нар оролцов.

Нийслэлийн 9 дүүргээс шалгарсан 117 баг тамирчид /баг тус бүр 6 эрэгтэй, 6 эмэгтэй, 1 дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэй/ спорт явган аялалын тэмцээнд оролцохын зэрэгцээ “Газрын зураг дээр зай чиглэл тодорхойлох”, “Байгальд нуувч илрүүлэх”, “Холимог буухиа” /техник тактик, хөгжилтэй буухиа хосолсон/ гэсэн 3 төрлийн тэмцээнээр хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр хатуужлаа сорин амжилттай өрсөлдсөн юм.

Аялалын тэмцээнд ирц, аялах явц, сахилга бат, зохион байгуулалт, багийн бэлтгэл, хувийн бэлтгэл, эмийн сан, аялалын тэмдэглэл, байгаль орчин, отгийн ариун цэвэр, галын наадам, урлагийн тоглолт, бэлэг солилцох гэсэн үзүүлэлтийг харгалзан дүгнэж байр эзлүүллээ.

1-р байрт Ю.Батсайхан дасгалжуулагчтай, Л.Уянга ахлагчтай Баянзүрх дүүргийн 5-р хороо 118 оноогоор тэргүүлж цомын эзэн боллоо.

2-р байрт Б.Пүрэвсүрэн дасгалжуулагчтай, Б.Баттөр ахлагчтай Баянгол дүүргийн 22-р хороо 116 оноогоор удаалав.

3-р байрт Г.Тэмүүлэн дасгалжуулагчтай, Т.Хүдэрчулуун ахлагчтай Багахангай дүүргийн 1-р хороо 115.5 оноогоор гутгаар байранд шалгарлаа.

4-р байранд Б.Хаштогтох дасгалжуулагчтай, Б.Энхбаяр ахлагчтай Сонгинохайрхан дүүргийн 3-р хороо 115 оноо,

5-р байранд П.Идэрхангай дасгалжуулагчтай, С.Батбилэг ахлагчтай Налайх дүүргийн 2-р хороо 115 оноогоор,

6-р байранд Ч.Болдсайхан дасгалжуулагчтай, Ж.Алтантуул ахлагчтай Чингэлтэй дүүргийн 19-р хороо 111.5 оноогоор,

7-р байранд Б.Угтахбаяр дасгалжуулагчтай, З.Түвшинжаргал ахлагчтай Хан-Уул дүүргийн 8-р хороо 109 оноогоор,

8-р байранд Ж.Болдбаатар дасгалжуулагчтай, Г.Батжаргал ахлагчтай Багануур дүүргийн 3-р хороо 104 оноогоор,

9-р байранд А.Хоролсүрэн дасгалжуулагчтай, Ц.Цогт-Од ахлагчтай Сүхбаатар дүүргийн 18-р хороо 99.5 оноогоор тус тус шалгарлаа.

Тэмцээний ерөнхий шүүгчээр аялалын спортын мастер Ж.Энхтайван, эмч шүүгчээр спортын мастер Р.Энхцэцэг, спортын мастер Д.Далантай зэрэг туршлагатай шүүгчид хамтран ажиллалаа гэж нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Аэробикийн ААШТ Улаанбаатар хотноо зохиогдоно

Аэробик гимнастикийн Ази тивийн аварга шалгаруулах зургадугаар тэмцээн энэ сарын 13-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна.

Тэмцээнд 10 орны 210 гаруй тамирчид гурван насны ангилалд долоон төрлөөр өрсөлдөх юм. Тухайлбал, аэробик гимнастикийн ганцаарчилсан эмэгтэй болон эрэгтэй, хосын төрөл, гурвалсан, багийн төрөл, аэробик бүжгийн төрөл, степ аэробик гэсэн төрлөөр өрсөлдөнө.

энэ удаагийн ААШТ-д БНХАУ-аас 19, Хонконгоос-11, Энэтхэг улсаас 21, Иран улсаас найм, Япон улсаас-15, БНСУ-аас15, Филиппин улсаас-10, Узбекстан улсаас-6. БНВУ-31, Монгол улсаас 70 хүний бүрэлдэхүүнтэй нийт 10 улсын баг оролцохоор мэдүүлгээ өгсөн байна.

Тэмцээний зохион байгуулах хороо даргаар Монголын гимнастикийн холбооны ерөнхийлөгч Б.Лхагважав, Дэд даргаар Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц ажиллаж байгаа бол Нарийн бичгийн даргаар МГХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Ерөөлбат томилогджээ.

Categories
мэдээ спорт

Азийн танхимын болон тулааны спортын V наадамд оролцох баг тамирчдаа үдэх ёслол болов

ЗурагӨнөөдөр Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны хурлын танхимд “Ашгабат 2017” Азийн танхимын болон тулааны спортын тав дахь удаагийн наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдыг үдэх хүндэтгэлийн ёслол болов.

Туркменистан улсын Ашгабат хотноо энэ сарын 17-27-ны өдрүүдэд болох тус наадамд энэ удаа Азийн 63 орны тамирчид спортын 22 төрлөөр хурд, хүч, ур чадвараа сорино. Харин Монгол Улсаас спортын 12 төрөлд 64 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцох юм. Монголын баг тамирчдын ахлагчаар МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ж.Түмэн-Аюуш томилогджээ.

“Ашгабат 2017” Азийн танхимын болон тулааны спортын V наадамд оролцох баг тамирчдаа үдэх ёслолд МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын газрын дарга С.Чинбат, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган тэргүүтэй төлөөлөгчид оролцож баг тамирчиддаа Туркменистаны тэнгэрт Төрийн далбаагаа мандуулж өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөв.

Энэхүү ёслолын үеэр тус наадмыг зорих баг тамирчдаа төлөөлж жюү жицү спортын ОУХМ Б.Ариунцог, багш дасгалжуулагч Д.Энэбиш нар тангарагаа өргөсөн юм.

Дашрамд сонирхуулахад, Манай баг тамирчид анх удаа болсон 2005 оны наадмаас эхлэн тасралтгүй оролцож 2 алт, 7 мөнгө, 14 хүрэл нийт 23 медаль хүртээд байна. Тус наадам нь Батгкок хотноо 2005 онд, 2007 онд Макаод, 2009 онд Ханой хотноо Азийн танхимын спортын наадам нэртэй зохион байгуулсан. Харин 2013 онд БНСУ-ын Инчеон хотноо Азийн танхимын болон тулааны спортын наадам нэртэйгээр анх удаа болсон юм. Дөрвөн жилийн өмнө энэ наадамд Монгол Улсын баг 54 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож, нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн билээ.

Categories
мэдээ нийгэм

Халаасанд багтах нийтийн тээврийн хөтөч бий боллоо

Их хотын завгүй амьдралд нийтийн тээврийн тухай мэдээллийг хялбархан авч хэрэглэхэд танд туслах “UB Smart Bus” аппликэйшны дараагийн хувилбарыг “Улаанбаатар смарт карт” компаниас гаргаад байна. Та тус аппликэйшнээс нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүдийн эхлэх, дуусах цаг, яг тухайн цагт автобус аль буудал дээр байгааг, автобусны буудлуудын мэдээлэл, тус автобусны буудалд ямар ямар чиглэл ирдэг, U money карт цэнэглэх борлуулах цэгүүдийн байршлын мэдээллийг авах боломжтой. Энэхүү аппликэйшн нь Android болон IOS систем дээр ашиглах боломжтой учир бүх смарт утсанд суулгаж болно. “UB Smart Bus” аппликэйшныг гар утасныхаа AppStore-оос татан авч нийтийн тээврээр зорчихдоо ашиглаарай гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.



Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Тэнүүнболд: Өсвөрийн шатарчдын ДАШТ-д оролцож байхдаа таван сартай дүүгээ их санасан

Өсвөрийн шатарчдын ДАШТ-ээс хүрэл медаль хүртээд ирсэн “Монгол Оюун” цогцолбор сургуулийн гуравдугаар ангийн сурагч Б.Тэнүүнболдтой ярилцлаа. Тэрбээр энэ удаагийн тэмцээнд амжилттай оролцсоноор дэлхийн шатрын холбооны дэд мастерын болзол хангасан бөгөөд өдөрт таван цаг шатраар хичээллэдэг юм байна.


Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Бразил улсын Покос Де Калдос хотод зохион байгуулагдсан. Миний дүү энэ тэмцээнд хичнээн найзынхаа хамт оролцсон бэ?

-Манай улсаас долоон хүүхэд явсан. Хоёр найз маань тусгай байрын шагнал хүртсэн. Миний хувьд нийт 11 өрөг тоглосноос долоо хожиж, гурав тэнцэж, нэг хожигдсон. Нийт 11 оноо авахаас 8.5 оноо авч хүрэл медаль хүртсэн.

Өсвөрийн ангилалд хичнээн орны тамирчин оролцсон бэ?

-Өсвөрийн хөвгүүдийн ангилалд 30 орны 68 хүүхэд оролцсон.

-Энэ удаагийн тэмцээн дээр хамгийн хэцүү өрөг чинь юу байв?

-Оросын тамирчин Ветокин Савватай тоглох тоглолт маш хүнд байсан. Тэр өрөгт би заавал хожих ёстой байсан. Мөн Энэтхэгийн тамирчин Даевик Вадхавантай 5 цаг 20 минут тоглоод хожигдсон.

Тэгвэл хамгийн гоё хожлынхоо талаар хуваалцаач?

-Вьетнамын тамирчин Зүүн ази болон Ази тивийн аварга Пхам Тран Гиа Пукийг хожсондоо баяртай байгаа.

– Шатрын спортоор хичээллээд хэдэн жил болж байна вэ?

-Таван настайдаа шатар сурсан. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын “Алаг морьт” шатрын клубт Д.Ганбаатар багшаар анх шатар заалгаж дуртай болсон. Одоо дэлхийн шатрын холбооны мастер Н.Төвсанаа багшийн удирдлага дор Улаанбаатар хотын “Гобичесс” клубт хичээллэж байгаа.

-Дэлхийн аваргын хүрэл медалиас өмнө ямар тэмцээнүүдэд амжилттай оролцож байв?

– Нийслэлийн аварга, Өсвөрийн шатарчдын улсын аварга, сурагчдын улсын аварга, Азийн хүрэл, зүүн Азиас мөнгөн медаль тус тус хүртэж байсан.

-Шатар тоглохын юу нь гоё вэ?

-Бодоод хожих нь гоё.

-Шатрын мундаг мастеруудын хэнийг хүндэлж, тоглолтыг нь үзэх дуртай вэ?

-Магнус Карлсон, Сергей Карьякин нарын тоглолтыг үзэх дуртай. Тэдний уран нүүдэл хийж хожиж байгааг нь харахад сайхан санагддаг.

-Гэртээ хэн хэнтэйгээ амьдардаг вэ?

-Аав ээж, хоёр дүүтэйгээ амьдардаг. Энэ удаагийн тэмцээнд очоод таван сартай дүүгээ их санасан.

-Тэмцээнд явахдаа хэн хэнтэй хамт явсан бэ?

-Аав ээж хоёртойгоо хамт явсан. Өнгөрсөн жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ээж хамт яваагүй болохоор жаахан хэцүү байсан. Харин энэ удаад ээж маань “Зоригтой байгаарай” гэж хэлэхэд их сайхан байлаа.



Б.Наран

Categories
мэдээ нийгэм

Э.Навчаа: Нэг хүний тарваганы мах идэх хүсэл нэг сая иргэний аминд ч хүрч болзошгүй

Жил бүрийн дөрөвдүгээр сараас буюу тарвага ичээнээсээ гарснаар идэвхжиж найм, есдүгээр сард ид оргил үедээ хүрдэг байгалийн голомтот хурц халдварт тарваган тахал өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Э.Навчаатай ярилцлаа.

-Тарваган тахал гэж юу вэ. Энэ өвчний талаарх ерөнхий ойлголтыг өгнө үү?

-Энэ өвчин нь мэрэгч амьтдаас хүнд халдварладаг байгалийн голомтот хурц, халдварт өвчин. Монгол орны хувьд 137 газарт тарваган тахлын идэвхжилтэй голомт байдаг. Мэргэжлийн байгууллагын судалгаагаар энэ жил 80 орчим голомт идэвхтэй, ялангуяа баруун аймгуудын тодорхой сумдад идэвхжилтэй байна.

-Өвчин хэрхэн хүнд халдварладаг юм бэ?

-Хэд хэдэн замаар дамжиж халдварлана. Үүнд тахлаар өвчилсөн тарваганы арьсыг өвчих, махыг нь эвдэх явцад арьс салстаа гэмтээх, мэрэгч амьтны бөөс, бүүрэгт хазуулах, тарваганы түүхий эд, эрхтэнг эмчилгээний зорилгоор хэрэглэх үед халдварлана.

-Хүнээс хүнд халдварлах уу. Урьдчилан сэргийлэх арга замууд нь юу вэ?

-Тарваган тахлаар өвчилсөн хүнээс хүнд дамжин халдварладаг. Мөн өвчтөнийг асарч сувилах, халдвартай эд зүйлстэй хамгаалалтгүй харьцах нь эрсдэл дагуулна. Түүнчлэн тахлаар өвчилсөн тарваганы арьсыг өвчих, махыг нь эвдэх явцад тухайн хүн арьс салстаа гэмтээхгүй, мэрэгч амьтны бөөс, бүүрэгт хазуулахгүй, тарваганы түүхий эд, эрхтэнг эмчилгээний зорилгоор хэрэглэхгүй, олноор үхсэн мэрэгч амьтны сэг зэмд хамгаалалтгүй хүрэхгүй, ан агнуурын хориотой үед тарвага агнахгүй, нохойд бариулсан болон хавх, урхинд орсон тарвагыг ямар нэгэн зорилгоор хэрэглэхгүй байх, тарваган тахал өвчний эсрэг сайн дурын дархлаажуулалтад хамрагдах нь урьдчилан сэргийлэх арга зам юм.

-Өвчний шинж тэмдэг яаж илэрдэг юм бэ?

-Халдварт өвчний нууц хугацаа гэж байдаг. Хүн эрсдэлтэй тохиолдолд өртсөний дараа ойролцоогоор 3-7 хоногийн дараа халдварт өвчний ерөнхий шинж болох халуурах, бүх биеийн булчин шархирч өвдөх, толгой өвдөх, дотор муухайрах, хэвлий гэдсээр өвдөх, бөөлжих, суулгахаас гадна булчирхайнууд томорч эмзэглэх, ханиалгах, цустай цэр гарах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Нэгэнт эрсдэлтэй тохиолдолд өртсөн, мөн дээрх шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эрүүл мэндийн байгууллага болон бусад холбогдох газарт яаралтай хандаж, халдварт өвчнийг цааш тархахаас зайлшгүй сэргийлэх шаардлагатай.

-Нийслэл хотод уг өвчний тохиолдол гарсан уу?

-Нийслэлийн Засаг даргын захирамжаар НОБГ, МХГ, ЦГ, НЭМГ, ЗӨСҮТ зэрэг төрийн байгууллагууд жил бүр хөдөө орон нутгаас нийслэл рүү ордог авто замын шалган нэвтрүүлэх цэгүүдэд байнгын хяналт, шалгалтыг хийдэг боловч иргэд тарваганы түүхий мах, тулам, эд эрхтэн, боловсруулаагүй арьсыг нууцаар оруулж ирэх, мөн хот руу орж ирдэг баталгаат бус замаар тарвага болон түүний эд, эрхтэнг зөөвөрлөх асуудал зогсохгүй байна. Мөн эрсдэлд өртсөн /тахлаар өвчилсөн тарвагыг өвчих, махыг нь эвдэх үедээ арьс салстаа гэмтээсэн, түүхий мах, эрхтэнг эмчилгээний зорилгоор хэрэглэсэн/ орон нутгийн ард, иргэд хот руу орж ирэх нь энэ халдварт өвчин дэгдэх эрсдэлийг дагуулж байдаг. Тухайлбал саяхан тарваган тахал өвчний сэжигтэй шинж тэмдэг илэрсэн иргэн хөдөө орон нутгаас нийслэлд ирж, гурав хоногийн турш олон нийтийн газраар явсны дараа мэргэжлийн байгууллагад хандсан тохиолдол гарсан. Энэ нь Монгол Улсын хүн амын 60 орчим хувь нь амьдардаг, нягтаршил ихтэй нийслэл хотод олныг хамарсан халдвар дэгдэх аюул ойрхон байгааг харуулж байна. Хоёрдугаарт аюултай шүү гээд анхааруулж, сэрэмжлүүлээд байхад өөрөө өөрсдийгөө эрсдэлд оруулж байгаа нь хувь хүмүүс ухамсаргүй байгааг харуулж байна. Мөн урьд, урьдын жилүүдэд эрсдэлд өртсөний дараа эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага болон бусад холбогдох газарт хандахгүй лам, бөөгөөр явж хугацаа алдан, амь насаа алдсан тохиолдол ч байсан.

-Халдварт өвчнийг эмчлүүлэхгүй, хугацаа алдсан тохиолдолд хор уршиг нь хэр юм бол?

-Өвчин үүсгэгч нь мэрэгчдийн арьсанд 23 хоног, хоол хүнсэнд 2-4 сар, өвчтөний цэр, идээ, цусанд 4-165 хоног өвчин үүсгэх чадвартайгаар хадгалагддаг. Тарваган тахлын өвчин хүндэрвэл уушгины хэлбэрт шилжинэ. Энэ нь үхэлд ч хүргэх аюултай төдийгүй халдвар тараах эрсдлийг эрс нэмэгдүүлдэг.

-Намрын саруудад идэвхиждэг тарваган тахлын голомт хэдийд хэвийн байдалдаа ордог вэ?

-Тарваган тахлын байгалийн голомт дөрөвдүгээр сараас идэвхжиж, найм, есдүгээр сард ид оргил үедээ хүрдэг. Едсүгээр сарын хувьд оргил үедээ байгаа гэсэн үг. Харин аравдугаар сарын дунд үеэс хэвийн болно.

-Урьдчилан сэргийлэх дархлаажуулалтыг хэзээ хийдэг юм бэ?

-Дархлаажуулалтыг аливаа халдварт өвчин дэгдэхээс өмнө угтуулж хийдэг. Жил бүрийн долдугаар сарын 29 гээд дархлаажуулалт хийгдэж дууссан байдаг. Иймд голомтот бүс нутагт амьдардаг, халдварт өртөх магдлал өндөртэй иргэд сайн дурын дархлаажуулалтад хамрагдах, уг өвчний хор уршгийн талаар мэдлэг, хандлагаа дээшлүүлэх хэрэгтэй байна.

Categories
мэдээ улс-төр

Энэ сарын 28-ны өдөр НИТХ-ын даргыг сонгох уу?

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Сандуй албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлсэн. НИТХ-ын даргаас гадна Нийслэлийн намын хорооны дарга гэсэн улс төрийн том албан тушаал суларсан гэж хэлж болно. Хэн дарга болох вэ гэсэн яриа таамаг нийслэлийнхний дунд байна. Ирэх долоо хоногт Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид хуралдах гэнэ. МАН-аас сонгогдсон 11 төлөөлөгч багтдаг бөгөөд тэд тэргүүлэгчдийн хурлаараа НИТХ-ын хуралдаан буюу чуулганаа хийх хуралдааны товыг тогтооно. НИТХ-ын нэгдсэн хуралдаанаар НИТХ-ын шинэ даргыг томилох нь бололтой. Тэгээд ч дэгээрээ сар бүрийн сүүлийн долоо хоногийн пүрэв гаригт НИТХ-ын ээлжит хуралдааныг явуулдаг. Нийслэлийн тэргүүлэгч 11 гишүүн хурлаа яаралтай хийх хэрэгтэй гэж үзвэл наана нь хурал болох магадлалтай. Гэхдээ засаг огцорчихоод бужигнаанатай байгаа үед Нийслэлийн асуудлыг яаран шийдэхгүй нь бололтой. Тэгэхээр есдүгээр сарын 28-ны пүрэв гаригт болох НИТХ-ын ээлжит нэгдсэн хуралдаанаар НИТХ-ын даргыг сонгох нь бараг тодорхой болжээ.

Б.ОДМАА

Categories
мэдээ нийгэм

“Цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдал” сургалт хийлээ

Цөм цацрагийн бэлэн байдлын сургуулилтыг зохион байгууллааЦацрагийн үүсгүүрийг төрөл бүрийн салбарт өргөн хэрэглэж байгаатай холбоотойгоор цацрагийн аюулгүй байдлыг хангуулах, цацрагийн болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх шаардлага зайлшгүй тавигдаж байдаг. МХЕГ-аас энэ шаардлагын хүрээнд цацрагийн аюул, осол, гамшгийн голомтод ажиллах шуурхай штабын бүрэлдэхүүнд оролцох холбогдох байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, шуурхай хариу арга хэмжээ авах, ослын үеийн бэлэн байдлыг хангах зорилгоор “Цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдал” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Сургалтаар олж авсан мэдлэгээ бодит байдалд турших дадлага сургуулилтыг ОБЕГ-ын харьяа Аврах тусгай анги дээр хийж гүйцэтгэсэн ба тус сургуулалтад 18 байгууллагын 23 мэргэжилтэн оролцлоо. МХЕГ-аас Олон Улсын Атомын Энергийн Агентлагаас гаргасан зөвлөмжийн дагуу цацрагийн ослын үед дагаж мөрдөх төлөвлөгөө боловсруулах, зарлан мэдээллийн системийг бэлэн байдалд байлгах, тогтоосон дохиогоор ажиллах арга, ажиллагаанд албан хаагчдыг сургах, мэргэжлийн ангид шаардлагатай техник, материалын судалгааг гаргах ажлуудыг хийж гүйцэтгэж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Багш нарын онц их хурлыг зохион байгуулж, ажил хаялт зарлах болно гэв

Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хорооноос дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэд цалин нэмэгдүүлэх шаардлагыг Засгийн газарт хүргүүлээд нэг сар болж байгаа бөгөөд энэ удаад 21 аймаг, 365 сумын багш нарын төлөөлөл тэдэнтэй нэгдсэн байлаа. Багшийн цалин нэмэгдүүлэх түр хороо энэхүү тэмцлээ үр дүнд хүргэхийн тулд нийслэл болон бүх аймгуудад байрлах багшийн цалин нэмэгдүүлэх түр хорооны зохицуулагч, тэргүүлэгч нартай өчигдөр уулзалт зохион байгуулжээ. Улмаар Монголын нийт багш нарт хандаж уриалга гаргасан бөгөөд түүнийг Завхан аймгийн багш нарын төлөөлөл болж ирсэн Д.Пүрэвдорж танилцуулсан юм. Тэрбээр “Дэлхийн багш нарын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны хүрээнд явагдах шагнал гардуулах, баяр тэмдэглэх зэрэг “цаасан малгай” өмсүүлсэн нэр бүхий үйл ажиллагаанд оролцохоос татгалзах болно. Харин цалин нэмэгдүүлэх төлөвлөгөөт үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, Монголын нийт багш нарын Онц их хурлыг ирэх аравдугаар сарын тавны өдөр зохион явуулах бэлтгэл хангаж байгаа. Бүхий л шатны үйл ажиллагаанд багш бүр идэвх, санаачлагатай оролцох, энэ тэмцлийн өрнөлөөр үүсч болох ажил хаялт, түүнтэй уялдан үүсэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, холбогдох бэлтгэлийг бүх шатанд хангахыг уриалж байна” гэсэн юм.

Ж.ЭНХБААТАР: БАГШ НАРЫН ЭДИЙН ЗАСГИЙН АСУУДАЛ МАШ ХҮНД БАЙНА

Мөн энэ үеэр сэтгүүлчид Засгийн газар огцроод байгаа энэ цаг үед та бүхэн шаардлагын хариугаа хойшлуулах боломжтой юу хэмээн асуухад багш нарын цалин нэмэгдүүлэх түр хорооны ерөнхий зохицуулагч Ц.Мөнхтуяа “Дараагийн засгийн газар томилогдтол энэ засгийн газрын үйл ажиллагааг орлон гүйцэтгэх хүмүүс байх ёстой. Тийм болохоор бид багш нар цалинг нэмэгдүүлэх шаардлагын хариугаа энэ сарын 15-ны дотор авах болно. Бидний цалинг нэмэгдүүлтэл бид зогсолтгүй тэмцэнэ. Хэрвээ бидэнд нааштай хариу өгөхгүй бол багш нарын онц их хурлыг зохион байгуулж, ажил хаялт зарлахад бэлэн байна” гэсэн юм. Харин Говь-Алтай аймгийн багш Ж.Энхбаатар хаа байсан Говь-Алтай аймгаас 1,400 км замыг туулаад өнөөдөр мэдэгдэл хийх гээд ирлээ. Цалинг нэмэхгүй бол 1000 километрийн холоос ч хамаагүй бид дахин ирэх болно. Өнөөдөр багш нарын эрх зүй, эдийн засгийн асуудал маш хүнд байна. Төр засаг үүнд анхаарлаа хандуулаач” гэж ярив.

Н.ЛХАГВАСҮРЭН: БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ЧАДВАРЛАГ ЭРЭГТЭЙ БОЛОВСОН ХҮЧИН ДУТАГДАЖ БАЙНА

Мөн Завхан аймгийн залуу багш Н.Лхагвасүрэн “Миний хувьд багшаар ажиллаад долоон жил болж байна. Өнөөдөр би залуу хүн, бас айл гэрийг авч явах ёстой гэрийн эзэн. Гэтэл би гэр бүлээ тэжээхэд цалин хаанаа ч хүрдэггүй. Өнөөдөр боловсролын салбарт багшаар ажиллах эрэгтэй боловсон хүчин дутмаг байна. Ихэнх чадвартай боловсролтой залуучууд цалин сайтай инженер, технологийн салбарын мэргэжил сонгож байна. Бидний гарт Монголын ирээдүй байдаг. Багш нарын цалин хангамжийн асуудал Монголын ирээдүйтэй шууд холбоотой. Тиймээс хамгийн түрүүнд хамгийн чухал салбар болох боловсрол эрүүл мэндийнхээ салбарт анхаараач гэж хүсье гэж байлаа.

Багш нар сая 600 мянган төгрөгний цалингаа хэрхэн зарцуулах вэ?

Багш нар түр хорооны уулзалтын үеэр тэдний цалинг нэг сая 600 мянган төгрөг болговол хэрхэн яаж зарцуулах тухай тайланг мөн гаргасан байв. Энэ талаар Дархан уул аймгийн багш Х.Алтанцэцэг танилцуулсан юм. Тэрбээр“ЕБС болон СӨБ-ын багш нарын ихэнх нь сард 570 мянган төгрөгийн зээлтэй байна. Ийм учраас багш нарын цалинг сая 600 мянган төгрөг болгох юм бол 570 мянган төгрөгөөр нь банкныхаа зээлийг төлнө. Нэг таваг хоолны үнэ хүрэхгүй 8000 төгрөгөөр гуч хоног амьдарна гэж үзвэл 240 мянган төгрөгийг хоол хүнсэндээ зарцуулна. Мөн тал модны үнэ хүрэхгүй 3000 төгрөгөөр өдрийн аж ахуйн зардлаа тооцвол сард 90 мянган төгрөгийг ахуй хэрэгцээндээ зарцуулна. 5000 төгрөгийг харилцаа холбоондоо зарцуулна. Нэг номын үнэ хүрэхгүй 5000 төгрөгийг боловсрол эрүүл мэнддээ зарцуулна гэж үзвэл 150 мянган төгрөг болж байгаа юм. Харин 300 мянган төгрөгийг хувцас хэрэглэлдээ зарцуулж, 100 мянган төгрөгөөр хуримтлал үүсгэнэ. Хэрвээ цалин нэмэгдвэл бид өмсөх иж бүрэн хувцастай болж, 36 сарын дараа 40 мянган банкны чанаргүй зээл байхгүй болж, 40 мянган өрх өрнөөс гарна” хэмээн ярилаа.

Б.НАРАН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Төрийн ордонд нам гүм байна

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдах товтой байсан ч Төрийн ордонд нам гүм байна. Ихэнхи гишүүд хөдөө гадааг зорьсон сурагтай.

Засгийн газрын тухай хуулийн дагуу засаг унаснаас хойшхи 30 хоногийн дотор УИХ-аар шинэ бүтцийг хэлэлцэж, батламжлах учиртай. Харин намын дүрмээрээ Удирдах зөвлөл дээр сайд нарын нэрийг тогтож, бүлгийн хурлаар гишүүдийн олонхийн дэмжлэг хүлээсэн эрхмүүдийг чуулганы хуралдаанд оруулах юм. Засгийн газрын энэ удаагийн бүтэц намын шинэ даргын томилгооноос хамааралтай байна.