Categories
мэдээ цаг-үе

Г.Пүрэвдорж: Оюун ухааны эрдэм бол эцсийн дүндээ улс орныг залдаг

Монгол хүүхдүүд дэлхийн оюуны спорт, шатар, даамын тэмцээн, математик, физик, химийн олимпиадад тогтмол амжилттай оролцож олон улсын хэмжээнд эх орныхоо нэрийг өндөрт өргөөд байгаа. Сүүлийн жилүүдэд энэ төрлөөр амжилт үзүүлж байгаа хүүхдүүдийн тоо улам нэмэгдэж байгаагийн нэг жишээ нь өнгөрсөн сарын 26, 27-нд Ой тогтоолтын Ази тивийн аварга шалгаруулах оюуны спортын тэмцээнээс манай баг 28 алт, 25 мөнгө, 20 хүрэл медаль буюу 90 медалийн 73 медалийг хүртэж үнэмлэхүй ялалтыг байгуулсан явдал юм. Монгол Улс оюуны спортын зарим төрлөөр дэлхийд чанараараа нэгдүгээрт бичигдэж байгаа бол манай өсвөрийн шатарчид ч олон улсын хэмжээнд дээгүүр эрэмбэлэгддэг.

Оюуны бядтай хүүхдүүд, сурагчид, оюуны өндөр боловсролтой иргэдийнхээ энэ их авьяас билиг, ур чадварыг эргүүлээд эх орондоо “шингээж” шинжлэх ухаан, техник технологийн хөгжилд ашиглах нь үнэлж баршгүй том хөрөнгө оруулалт болох учиртай. Гадны орнууд төрийн бодлогоор оюуны чадвар өндөртэй хүүхдүүдийг багаас нь анхаарч ирээдүйд амжилт гаргах салбарт нь чиглүүлж өгдөг.

Энэ талаар Шинжлэх ухааны академийн Техникийн салбарын Бага чуулганы эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Г.Пүрэвдоржтой ярилцсанаа хүргэж байна.


-Монголчууд олон улсад оюунаараа өрсөлдөж өөрсдийгөө дэлхийд өрсөлдөх хэмжээний оюуны чадавхитай үндэстэн гэдгээ харуулаад байгаа. Бид эргүүлээд тэдгээр амжилт гаргаад байгаа хүүхэд, залуусаа шинжлэх ухаан, техник технологийн салбартаа ашиглах нь маш чухал асуудал болоод байна?

-Оюуны спорт гэдэг бол ухаантай хүний л хийдэг ажил. Төрөлхийн ухаантай, ухаалаг хүн байж байж, тэр чиглэлээр тодорхой хэмжээний дадлага, сургуулилтыг багаасаа эзэмшсэний үр дүнд шатар, даам, математик гэх мэтчилэнгийн өндөр оюунтай буюу ухаантай хүний хийдэг ажлыг хийж чадаж байгаа нь монголчуудын төрөлхийн оюун ухаан сайтай байгаагийн нэгэн илрэл мөн. Эдгээр хүүхдүүд шатар, математикаар багаасаа тусгайлан хичээллээд тэгж дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц хэмжээний амжилт гаргаж байна гэдэг нь монгол хүнд зөв юмыг зааж сургаад, тодорхой зорилготойгоор авьяасыг нь хөгжүүлбэл амжилтад хүрч чадах юм байна гэдэг нь ойлгогдож байгаа юм.

Ер нь улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлох, эдийн засгийн болоод техникийн нарийн тооцоонуудыг тэр хүмүүст эзэмшүүлчихвэл хийж чадна. Монголчууд ийм хүмүүсээ ашиглах ёстой, чиглэл чиглэлээр нь дахин мэргэшүүлээд.

Шатрын спортоор хичээллэдэг хүн тэр спортоороо л хичээллээд байвал Монгол Улс хөгжинө гэж байхгүй. Тэрэнтэй ижил математикаар ч Монгол Улс хөгжинө гэж байхгүй. Математик сайн хэрэглэж чаддаг хүнээр тусгайлан Монгол Улсын эдийн засаг ч юм уу, уул уурхайн үйлдвэрлэлийг яаж хөгжүүлбэл дэлхийн зах зээл дээр бүтээгдэхүүнээ өндөр үнээр зарж болох вэ эсвэл Улаанбаатар хотын замын түгжрэлийг яаж бууруулах вэ гэдэг аргыг математик, шинжлэх ухааны аргаар эзэмшүүлж, бодуулаад зөв зүйтэй хувилбарыг нь гаргуулаад тэрийг нь хэрэгжүүлвэл Монгол Улс энэ хүмүүсийнхээ оюуны потенциалыг ашиглаж байна гэсэн үг.

Харамсалтай нь өнөөг хүртэл шинжлэх ухаанд ийм хүмүүсийн оюун ухааныг тодорхой зорилготойгоор ашиглаж байгаа нь ховор байна. Шинжлэх ухаан гэдэг нь худлаа биш. Үнэний цензур бол шинжлэх ухаан. Яагаад вэ гэвэл эцсийн дүндээ шинжлэх ухаанаар л нотлогдсон бол тэр зүйл үнэн. Энэ нь анагаах ухаан дээр хүртэл харагдаж байгаа юм. Хорт хавдрын эсийг үгүй болгочихдог, тэрийг байхгүй болгочихдог эм гаргана гэдэг маш олон жилийн туршлагын үндсэн дээр хийлээ, тэр хүн эдгэлээ. Тийм л зүйл байхгүй юу. Иймээс энэ авьяастай залуучуудыг дайчлан, тусгай зориулалтаар бэлтгэвэл Монголд ихээхэн ач тусаа өгнө. Монголд төдийгүй дэлхий нийтэд ач тусаа өгөх зүйлийг энэ хүмүүс бүтээж чадах байх.

-Монголын шинжлэх ухааны түүхэнд ийм гоц авьяастай, оюуны өндөр чадвартай хүүхдүүдийг онцгойлон анхааралдаа авч байсан тохиолдол хэр байдаг юм бол?

-Байлгүй яахав. Ерөнхий боловсролын тодорхой сургуулиуд бусдаасаа арай илүү, ухаалаг хүүхдүүдийг авч сургаад тэмцээн уралдаанд оруулаад амжилтад хүрч байна. Энэ бол ерөнхий боловсролын сургуулийн ажил, хүүхдийн бага насны боловсрол. Дараагийн боловсролд энэ хүүхдүүд дээр илүү анхаараад улс ардын аж ахуйн ямар юманд хэрэгтэй байна вэ, магадгүй Microsoft-той өрсөлдөхүйц хэмжээний программ хангамжийг бий болгоно гэвэл АНУ-д юм уу арван хүүхдийг яг энэ чиглэлээр сургачихад ядаж л Монголоо программ хангамжаар хангаад байж болно. Гэх маягаар энэ хүмүүсийг сургавал болно оо. Гагцхүү тэр нь зөвхөн төрийн нарийн бодлогоор зохицуулагдахгүй, зах зээл гэдэг нэрийн дор дур дураараа л хүмүүс яваад байна л даа. Үнэхээрийн авьяастай хүүхдүүдийг сургах ёстой.

Хуучин бол олон улсын математик, физик, хэлний олимпиадад түрүүлсэн, гарамгай амжилт гаргасан хүүхдүүдийг тусгай сургуульд нь явуулдаг байсан. Эргээд хүүхдүүд өндөр боловсрол эзэмшин ирж тун удалгүй эрдмийн зэрэг хамгаалаад шинжлэх ухааны байгууллагуудад ажилладаг байлаа. Ер нь бол онц сурдаг байсан хүүхдүүдийг л гадаад, дотоодын тусгай сургуульд явуулдаг байсан юм. Тэр дотроо шатар, математик зэргээр амжилт гаргасан оюун ухааны өндөр чадвартай хүүхдийг бас сургадаг байсан шүү дээ. Тэр зарчмаар эдгээр хүүхдүүдийг тодорхой зорилготойгоор сургаад явуулбал үр шим нь дороо ургаад гараад ирнэ.

-Ирээдүйд Монголын шинжлэх ухааныг авч явах хойч үеийг бэлтгэх тал дээр төрийн зүгээс хэрхэн анхаарч байна вэ?

-Социалист системээс зах зээлийн систем рүү шилжих явцад Монгол Улсын бүхий л салбарт арван жилийн тасралт гарсан. Шинжлэх ухаан, урлаг, спорт, эдийн засаг, үйлдвэрлэлийн салбарт ч тасралт гарсан. Хуучин бүхнийг нурааж хаясан тэр тасралт одоог болтол арилаагүй л байна. Өмнөх системийн үед тэдгээр гоц хүүхдүүдэд анхаарч байсан анхаарлыг одоо үед төдийлөн тавьж, тусгай мэргэжил эзэмшүүлж чадахгүй байна.

-Ажиглаад байхад спорт, урлагийн чиглэлд л түлхүү анхаараад байдаг болчихсон?

-Харин спортын чиглэлээр их анхаарч байна. Багаасаа хичээллэж урлаг, спортын амжилт гаргаж байгаа хүүхдийг тусгайлан шигшээ багт авч ажиллуулаад цалин өгч, ивээн тэтгэгч олон байгууллага гаргаад сая нэг спортын одод болон гарч ирж байна. Спорт бол хүний нүдэн дээр өрсөлдөгчтэйгээ тодорхой хугацаанд хүч чадлаа үзээд ялбал ялаад ялагдвал ялагдаад өнгөрдөг. Оюун ухаан гэдэг бол тийм биш. Тоо бодоод сууж байгаа хүн чимээгүй л тоогоо бодоод суудаг. Тэр хүн сонирхолтой биш. Шатар тоглож байгаа хүүхэд нүүдэл хийгээд л байна. Олон хоног тоглоно. Хэдхэн хормын асуудал биш. Тэгэхээр энэ бүхнийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Монголчууд “Хүлэг төрвөл хурдан болоорой, хүүхэд төрвөл эрдэмтэй болоорой” гэдэг. Эрдэм ном бол монголчуудын хамгийн дээд эрдэнэ. Эрдэм бол олон янз. Спортын эрдэм байна, урлагийн эрдэм байна, оюуны ухааны эрдэм байна. Оюун ухааны эрдэм бол эцсийн дүндээ улс орны хөгжлийн бодлого, улс орныг залдаг зүйл. Нөгөөдүүл нь бол чимэглэл. Спортын эрдэм нь чимэглэл, урлагийн эрдэм нь мөн адил чимэглэл. Тэд ч ялгаагүй улс орны сайн сайхныг харуулна. Гэхдээ оюун ухаан өндөртэй хүнээр улс орныг удирдуулж, улс орны хөгжлийн бодлогыг боловсруулж, улс оронд хэрэгтэй зүйлүүдийг хийлгэж чадвал сая тэнд амжилтад хүрнэ.

Мэдээ уншаад сууж байхад Хойд Солонгос устөрөгчийн бөмбөг туршлаа, цөмийн бөмбөг туршлаа, тив алгасагч пуужин харваж байна гэсэн мэдээлэл их байна. Хойд Солонгосын оюун ухаан өндөртэй хүмүүсийг нэгдүүлээд тусгайлан ажиллуулаад тэр амжилтад хүрч байгаа байхгүй юу.

-Амжилт гаргаад байгаа оюуны хөгжил өндөртэй хүүхдүүдийн бага нь таван настай бол дээд тал нь эхнээсээ их, дээд сургуульд элсчихлээ. Тэдний оюуны чадварыг ашиглая гээд анхаарал хандуулбал хэдэн жилийн дараачаас үр дүн нь гарч эхлэх вэ?

-Хүн бол 18 нас хүртлээ энгийн сургалтын түвшин буюу ерөнхий боловсролын сургууль төгсөнө. Үүний дараа дахин таван жил сураад 23 орчим насандаа дээд боловсрол эзэмшиж дуусаад 3-5 жилийн хугацаанд үйлдвэрлэл дээр дадлагажаад дараагийн таван жилд нь эрдмийн зэрэг хамгаалахад тэр хүн Монгол Улсад бэлтгэгдсэн дээд зэргийн өндөр боловсрол, өндөр чадвартай, ажиллах чадвар сайтай тийм хүн болж төлөвшдөг.

-30-33 нас байх нь шүү дээ?

-Хүний оргил нас бол 25-30. Та бүхэн хар л даа. Улсын Дархан аварга болж байгаа бөхчүүдийн амжилтыг үз. 24, 25 насандаа түрүүлээд 32, 33 нас хүртлээ л сайн барилддаг. Улсад түрүүлэх хэмжээнд барилддаг гэсэн үг. Тэрнээс хойш тэр бөх Дархан аварга цолтой ч барилддагаараа барилдана. Дандаа түрүүлж чадахгүй шүү дээ. Гэхдээ Х.Баянмөнх, Ж.Мөнхбат, Б.Бат-Эрдэнэ нарын онцгой авьяастай хүмүүс л дөч хүртлээ барилдаж байна. Улсад ганц удаа түрүүлж байгаа арслан бол 30-33 насандаа нэг түрүүлээд л тэгээд дуусдаг.

Тэгэхээр оюун ухаан үүн шиг буурдаггүй. 30 насанд нь тэр хүнийг боловсруулж авлаа шүү дээ.

-Тэглээ?

-Тэгээд тэрнээс хойш тухайн хүн насан эцэстлээ ажиллах чадвартай болчихсон байдаг. Оюун ухааны онцлог нь тэдэндээ байдаг юм. Жишээ нь, сэтгүүлч мэргэжилтэй хүн мэргэжлээ 30 насандаа л төгс эзэмшиж чадаагүй бол цаашид сайн сэтгүүлч болно гэж байхгүй. 30 насандаа сэтгүүлчийн мэргэжлээ сайн эзэмшээд авчихвал тэрнээс хойш 60, 70 хүрсэн ч сайн сэтгүүлч хэвээрээ л явна. Оюун ухаан гэдгийн онцлог нь энэ. Оюун ухаан хөгширдөггүй гэдэг дээ. Ийм учраас оюун ухаанаар ажилладаг залуучуудыг багаас нь бушуухан тэр хүрэх түвшинд нь хүргээд нэгэнт тэр түвшинд нь хүрчихсэн оюун ухаан сайтай хүнийг төр нь бүхий л салбарт ашиглана, аяндаа.

-Нобелийн шагналтнууд ихэвчлэн 40, 50-иас дээш насныхан байдаг гэдэг. Тэгэхээр эдгээр хүүхдүүдийн дундаас тийм шагналтан төрнө гэвэл дахиад 20 жил хэрэгтэй юм байна?

-Хоёр янз байдаг юм. Онолын нээлт хийдэг буюу их нарийн математикаар ажилладаг хүмүүс нэлээд залуудаа нээлт хийдэг. Туршдаг хүмүүс байна. Дээр би ярьсан даа, хавдрын эсрэг эм гаргах гээд байгаа хүн бол хэдэн мянган ургамлыг туршиж, давтаж байж сая нэг 60, 70 насандаа хавдрын эс гэдэг чинь ийм юм байдаг байх нь. Энийг ингэж эмчлэх нь гэдгийг мэдэж авна гэсэн үг. 30, 40 жилийн туршилтын үр дүнд тэгж нээлт хийдэг. Ийм л юм байдаг.

Тэгэхээр оюун ухаан гэдэг бол хэзээ ч хөгшрөхгүй. Тийм учраас онцгой авьяастай хүмүүсийг маш багаас нь төрөөс тодорхой бодлогоор ч юм уу эсвэл томоохон компаниуд аваад ирээдүйд компанийнхаа шинэ технологи боловсруулах, том том эмнэлгүүд шинэ өвчнийг анагаах том эрдэмтэн бий болгож аваад дэлхийд нэртэй эмнэлэг болж болно шүү дээ. Ингэж л ажиллавал монгол хүний оюун ухааныг ашиглаж байна гэж хэлж болно. Хөрөнгө мөнгөтэй, хувийн компаниуд мөн төр тодорхой зорилгоор эдгээр хүмүүсийг ашиглах хэрэгтэй. Ашиглах гэхээр муухай сонсогдож байж магад. Гэхдээ тэр авьяасыг ашиглах хэрэгтэй. Төр ашиглана гэдэг гурван сая иргэн ашиглана гэсэн үг. Цаашилбал дэлхийн зургаа, долоон тэрбум хүн ашиглана. Оюун ухаан гэдэг бол нийтийн сайн сайхны төлөөх л ажил.

Categories
мэдээ цаг-үе

Б.Түвшинбаяр: Олон улсын стандартаар зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүн сургуулийн орчинд алга

Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан сургуулийн орчинд зарагддаг хоол хүнсний чанар, аюулгүй байдал, хадгалалт, хэрэглээний талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан Б.Түвшинбаяртай ярилцлаа.


-Танай байгууллагаас ерөнхий боловсролын сургууль түүний орчинд хадгалагдаж буй хоол хүнсний чанар аюулгүй байдлын талаар судалгаа хийсэн байдаг. Эндээс та бүхэн ямар дүгнэлтэд хүрсэн бэ?

-Бид энэ судалгааг 2015 онд нийслэлийн 15 сургуулийн орчинд явуулсан. Сурагчид юу идэж байна, өдөрт хичнээн төгрөг зарцуулж байна, сонголтод юу нөлөөлж байна, хоолны хордлогоор өвчилж байсан эсэх гэх мэт хэд хэдэн асуумжтай. Сургуулийн орчинд худалдаалагдаж буй сурагчдын өргөн хэрэглэдэг 67 нэр төрлийн бүтээгдэхүүнээс дээж авч шинжилсэн. Судалгаанд оролцсон хүүхдүүдийн 98.4 хувь нь ерөнхийдөө байнга сургуулийн орчноос хүнс авч хэрэглэдэг. Бага ангийн хүүхдүүд сургууль дотор худалдахыг хориглосон чихэр, чавга, чипс, бохь зэргийг сургуулийн ойр орчимд байгаа хүнсний мухлаг, дэлгүүрээс худалдан авдаг бол дунд болон ахлах ангийн сурагчид сургууль дотроос пирошки, ороомог, мантуун бууз, бэлэн гоймон зэргийг авч иддэг. Ерөнхийдөө ундаа, пирошкиг сурагчид хамгийн их худалдаж авдаг юм билээ. Хүүхдүүд өдөрт дунджаар 1000 төгрөгийг идэх юманд зарцуулдаг. Тэр мөнгөнд нь таарч байгаа нь дээр дурдсан зүйлс. Хоол аваад идье гэхээр 3000-4000 төгрөгийн үнэтэй. Хүүхдэд зориулсан бага порцтой, хямд төсөр хоолыг сургуулийн хоолны газар хийдэг болох хэрэгтэй байна. Тэгээд л хамгийн их илчлэг, калоритай пирошкиг өл дарах зорилгоор долоо хоногт 3-4 удаа худалдан авдаг.

-Эдгээр бүтээгдэхүүн, тухайлбал пирошкиг тогтмол хэрэглэх нь сурагчдад ямар хортой вэ?

-Судалгаагаар хоолны хордлогод орж байсан уу гэхэд 17.8 хувь нь тийм гэж хариулсан. Тэдний тал хувь нь пирошкиноос хордсон гэж байна. Нийт сурагчдын 42 хувь нь пирошки авч хэрэглэдэг. Мөн шууд гараараа барьж иддэг бургер, кимбаб, мантуун бууз, ороомог байна. Пирошкиг маш их тосонд шарж болгодог болохоор тослогийн хэмжээ маш их гэсэн үг. Өнөөдөр дэлхий нийтээр транс тосноос татгалзаж байна шүү дээ. Тийм болохоор пирошкиноос сурагчид аль болох татгалзах хэрэгтэй.

-Сахарын агууламж ихтэй ундаа, шүүс, нарийн боов, печень чихрийг сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон эрүүл мэндийн сайдын тушаал 2013 онд гарсан байдаг. Гэвч өнөөдрийг хүртэл сурагчид хамгийн их худалдан авсаар байна. Эдгээр нь хүүхдэд ямар сөрөг нөлөө үзүүлэх вэ?

-Сургуулийн орчинд 100 грамм бүтээгдэхүүнд агуулагдаж байгаа сахарын хэмжээ 10 граммаас их байвал сахар ихтэй бүтээгдэхүүн гэж үздэг. Олон улсын энэ стандартаар бол өнөөдөр сургуулийн орчинд зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүн алга байна. Чихэр ихтэй бүтээгдэхүүн их хэрэглэснээр хүүхдийн анхаарал сулрана. Мөн таргалалтад нөлөөлж буй гол хүчин зүйл болж байна. Өнөөдөр нийт сурагчдын арав гаруй хувь нь илүүдэл жинтэй болчихоод байгаа нь үүнтэй холбоотой. Мөн нийт сурагчдын 60 хувь нь сахар ихтэй төрөл бүрийн жүүс, газтай ундаа хэрэглэдэг. Жүүснүүд коланаас илүү сахарын агууламжтай байдаг. Тухайлбал, Анар жүүс хамгийн их сахарын агууламжтай юм билээ. B15, Fuzetea-д сахар арай бага ч хүнд металл агуулагддаг юм билээ. Эцэг эхчүүд хүүхдэдээ 10 хувиас бага сахарын агууламжтай ундаа, 50 хувиас дээш жимсний шүүсний агууламжтай өтгөрүүлсэн шүүс эсвэл ус сонгох хэрэгтэй. Зайрмагны хувьд түгээмэл худалдаалагдаж буй Батос зайрмагт 100 граммд 22.7 грамм, I-berry 14 грамм сахарын агууламжтай болох нь тогтоогдсон.

-Хүнсний бүтээгдэхүүнд хүнд металл агуулагдах зөвшөөрөгдсөн хэмжээ гэж байдаг байх. Түүнээс хэтэрсэн хэмжээгээр агуулагдсан хүнсний бүтээгдэхүүн байсан уу?

-Нийт дээжийн 3.2 хувь нь кадьмийн агууламж өндөртэй байсан бол 10 хувьд нь хар тугалганы агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс их илэрсэн.

Тодруулбал, ундаа жүүсэнд кадьми, зөв аарцны ундаа, fuze tea, джек, счастливый день, хрустик, контик, мон-амур бүгдэд нь хар тугалга зөвшөөрөгдөх хэмжээнээс их илэрсэн. Мөн будаатай хуурга, хуушуур, ороомог, соустай будаа, цуйванд хар тугалгын хэмжээ нэмэгдсэн байх жишээтэй. Хоолнуудаас цуйванд хүнд метал, мөөгөнцөр илүү илэрсэн нь цуйвангийн гурилыг урьдчилж бэлтгээд хүнсний бус уутанд хадгалдагтай холбоотой болох нь тогтоогдсон. Зориулалтын бус гялгар уутанд нэг өдөр хадгалахад л хүнд металлын бохирдолд өртөх боломжтой. Тийм болохоор цуйвангийн гурилыг урьдчилж битгий бэлдээч гэж хэлмээр байна. Мөн нян судлалын шинжилгээгээр e coli нийт дээжийн хоёр хувьд, хоолны хордлого үүсгэгч нян арван бүтээгдэхүүний нэгд, хөгц мөөгөнцөр 3.6 хувьд нь илэрсэн. Төрөл бүрийн өвчин үүсгэгч нян арчих төдийд арилдаггүй учраас сургуулийн орчинд ажиллаж буй хүнсний дэлгүүрүүд жимс жимсгэнийг угааж зарах хэрэгтэй.

-Бэлэн гоймонг худалдахыг хориглодог гол шалтгаан нь юу юм бол?

-Шинжилгээнд орсон нийт дээжийн 92.5 хувь нь давс ихтэй бүтээгдэхүүн байсан. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөснөөр насанд хүрсэн хүн өдөрт таван грамм давс хэрэглэх ёстой. Гэтэл бэлэн гоймонд байдаг давсны агууламж маш өндөр бөгөөд ямар ч шимт бодисгүй байдаг. Чанадаг гоймонд 2000 мг давс агуулагддаг юм билээ. Энэ нь хүүхдийн ходоодны хүчлийг нэмэгдүүлж, цочролд оруулж улмаар цоороход хүргэнэ. Мөн өндөг уургийн агууламж өндөртэй, хүүхдэд маш сайн бүтээгдэхүүн боловч сургуулийн цайны газрууд хүнсний аюулгүй байдлыг хадгалж чаддаггүйн улмаас эргээд хор болох аюултай байна. Нүдэлж шарсан өндгийг овоолоод тавьсан байгаа харагдсан шүү.

-Гадаадын киноноос харахад хүүхдийнхээ өдрийн хоолыг эцэг эх нь бэлтгэж явуулж байгаа харагддаг. Дэлхийн улс орнууд сургуулийн орчин дахь хүнсний аюулгүй байдлыг яаж шийдсэн байдаг юм бол?

-Судалгаанд хамрагдсан хүнсний дэлгүүр, цайны газрууд хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын дагалдах шинжилгээний бичиггүй, кекс, торт, наполеон зэрэг зориулалтын хөргүүртэй орчинд хадгалах ёстой бүтээгдэхүүний 89 хувийг, пицца, хотдог, бургерийн 15 хувийг ил задгай хадгалж байсан. Мөн 61.8 хувь нь ямар нэгэн шинжилгээ, дагалдах лабораторийн бичиггүй байгаа юм. Үүнээс гадна манай улсад хүнсний нэмэлтийг огт хориглодоггүй, ямар ч хяналтгүй байна. Зарим улсууд эдгээрийг хориглодог. Жишээ нь Норвеги, Швейцарь, Англид “E-102”-г хүүхдийн хоолонд хэрэглэхийг хорьсон байдаг. “E-102” нь шоколадтай үрэл, “Bebetto” резинэн чихэрт агуулагддаг. Энэ нь астма үүсгэдэг, хүүхдийг хэт хөдөлгөөнтэй болгох сөрөг талтай юм. Тайваньд сургууль, дэлгүүр, эцэг эхчүүд гурвалсан гэрээ байгуулж хүнсний бүтээгдэхүүнээ сонгодог бол Солонгост сургуулиас 200 метрт ногоон бүс бий болгож эдгээр бүтээгдэхүүнийг зардаггүй байх жишээтэй. Харин АНУ савласан бүтээгдэхүүний илчлэг 2000 калориос ихгүй, нийт тослогийн хэмжээ 35-аас ихгүй, ханасан тос нийт илчлэгийн 10 хувиас ихгүй байх, сахарын хэмжээ төд байна гэхчлэн тодорхой заасан байдаг. Ийм зохицуулалт манайд дутагдаж байна.

-Та бүхэн судалгааны үр дүнгээ танилцуулаад хоёр жил болжээ. Үүнийг амьдралд хэрэгжүүлж, бодитой үр дүн гаргахад ямар асуудал тулгамдаж байна?

– Эрүүл мэндийн яамнаас хориглосон бүтээгдэхүүний жагсаалтыг шинэчлэх шаардлагатай байна. Сүүлийн таван жилийн байдлаар хоолны хордлогын 37 дэгдэлт гарсны 31 нь Улаанбаатар хотод , 32 хувь нь хүүхдийн байгууллага буюу цэцэрлэг, сургууль, дотуур байранд гарсан байна. Тийм болохоор үүнд хяналт тавих хэрэгтэй. Үдийн цай хөтөлбөр дээр эцэг эх, багш, гал тогоо хамтарч ажилламаар байна.

-Та эцэг эх, багш сурагчдад ямар зөвлөгөө өгөх вэ?

-Сахарын агууламж багатай жимсний шүүс, тослог багатай, бүхэл үрийн печень жигнэмэг, нарийн боов, мантуун бууз, шарах шүүгээнд жигнэсэн хоол, бага тосонд шарсан хуушуур, майонезгүй кимбаб, бургер, хачиртай талх, шинэ ногооны салат, зууш, чанасан өндөг, цагаан идээ, давсгүй самар хэрэглэж дадаарай гэж зөвлөмөөр байна.

СУРГУУЛИЙН ОРЧИНД ХОРИГЛОХ ХООЛ ХҮНСНИЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТ:

1. Чихэр, мөхөөлдөс, шоколад зэрэг энгийн нүүрс ус ихтэй хүнсний бүтээгдэхүүн

2. Нийлэг буюу химийн аргаар гарган авсан кремтэй бүтээгдэхүүн

3. Бүх төрлийн цуужуулсан, утсан, лаазалсан, бүтээгдэхүүн (давсалсан самар, цуу, загас, хиам, махан бүтээгдэхүүн, зайдас)

4. Өндөг, хуурай өндөг, майонез

5. Байгалийн бус өтгөрүүлсэн сироп ашиглаж үйлдвэрлэсэн бүх төрлийн шүүс

6. Бүх төрлийн хийжүүлсэн ундаа

7. Кофе

8. Их тосонд шарсан бүтээгдэхүүн, хоол хүнс (шарсан төмс, шаржигнуур тахиа)

9. Түргэн хоол (пицца, гамбургер, хотдог)

10. Төрөл бүрийн нийлэг химийн аргаар гаргаж авсан хоол амтлагч (вигор, дошида)

11. Шөлний тос, өөхөн тос түүгээр хийсэн бүтээгдэхүүн (гэрийн хайрсан боорцог, мушгиа боов)

12. Хайлуулсан элсэн чихэрт дүрж амталсан гурилан бүтээгдэхүүн

13. Дулааны боловсруулалтад орсноос хойш тасалгааны хэмд 3 цаг буюу түүнээс дээш хугацаанд хадгалсан болон хоносон хоол, хүнсний бүтээгдэхүүн

14. Холбогдох хяналтын байгууллагаас эрсдэлийн үнэлгээ хийлгээгүй хувиргасан амьд организмаас гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, биологи (бактер буюу нян, хөгц мөөгөнцөр г.м) болон химийн бохирдол (ариутгагч бодис, шавьж устгалын бодис г.м)-оор бохирдсон хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдээр бэлтгэсэн хоол хүнс

15. Технологийн горим мөрдөөгүй хийсэн (дулааны боловсруулалтад дутуу оруулсан, боловсруулалтын хугацаа алдагдсан г.м) хоол хүнс

16. Төрөл бүрийн гүн болон хагас хөлдөөсөн бүтээгдэхүүн

17. Дагалдах бичиг баримтгүй (шинжилгээний бичиг, гарал үүслийн бичиг) хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдээр бэлтгэсэн хоол хүнс

18. Хувь хүнээс (гар дээрээс) шууд худалдан авсан хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдээр хийсэн хоол хүнс

19. Хоол, хүнсний бүтээгдэхүүн бүхэлдээ буюу зарим хэсэг нь бохирдсон, ялзарч муудсан, эсвэл хүнсний хэрэгцээнд тохирохгүй болсон

20. Өвчтэй болон үхсэн мал, амьтны мах, дотор эрхтэн

21. Мах махан бүтээгдэхүүнд хөнөөл учруулах, хордуулах, ялзруулагч бодис агуулсан материалаар хийсэн сав, боодол ашигласан


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Энхболд, У.Хүрэлсүх нар хөтлөлцөөд далд орж үзээч

“Өдрийн сонин”-ы 2017.09.05-ны мягмар гаригийн №189(5756) дугаараас авч нийтлэв.

Монголд улс төрийн нам гэвэл ганц МАН л байна. Энэ намыг оросууд байгуулж өгсөн. 1921 оноос өнөөг хүртэл оршин тогтнож ирлээ. Байгуулагдсан цагаасаа энэ улсын хөгжлийн бодлого, ирээдүйн төлөвлөгөөг боловсруулж, улс орныг өнөөг хүртэл авч явж ирэхэд энэ институц чухал үүрэгтэй байлаа. Чухам яагаад институц гэж хэлээд байна вэ. Институц гэдэг нь нэг зорилготой, үйл ажиллагаагаа нэг зарчим дүрмээр явуулдаг байгууллагын нэгдэл. Манай нийгэм улс төрийн амьдралд голлох үүрэгтэй оролцдог хоёрхон намын нэг нь МАН. АН-ыг харин улс төрийн ажиглагчид МАН шиг институцын хэмжээнд хүрээгүй гэж үздэг. Гэтэл өнөөх МАН нь ингэж дотоодын зөрчлөө дийлэхгүй хямарвал улс орон яах болж байна. Монголыг дайн байлдаантай үед ч, энх цагт ч удирдаж, өнөөг хүртэл алдаа, оноотой, хойд хөршийн оролцоотой хэдий ч удирдаж ирсэн 90 гаруй жилийн түүхтэй энэ нам өнөөгийн Монголын хувь заяатай яалт ч үгүй холбоотой.

Мэдээж улс төрийн нам учраас энэ хооронд дэлхийн улс төрийн намуудад тохиолддог бүхий л саад бэрхшээл тохиолдож байсан. Тэглээ гээд энэ нам тарж бутарсангүй, улс орноо сүйрүүлчихгүйхэн авч явсаар өдийг хүрсэнтэй маргах юм алга. Цагийн цагт улс төрийн намд шүүмжлэгчид, эсэргүүцэгчид, намын шинэчлэгч гэх нөхөд, намаа хагалан бутаргахыг оролддог л байсан. Аль ч намд хагалан бутаргагч, томоохон улстөрчид үеийн үед байсаар ирсэн. Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нарын улстөрчдийг эхний эгнээнд нэрлэж болно. Эднээс үлдэж хоцорсон нь одоо энэ У.Хүрэлсүх, М.Энхболд нар. Аль аль нь өмнөх үеийн томоохон хагалан бутаргагч нарын үргэлжлэл, цагтаа дохио зангаагаар нь ажиллаж, удирдлага дор нь их зүйлийг сурсан улс. Тэд сурснаа ч сайтар хэрэгжүүлж намаа самарч эхэллээ. Тэр байтугай дараа үеийн залуусыг энэ тэмцэлдээ татан оролцуулж хэрүүл, тэмцлийнхээ талбарт тэднийг ашиглаж байна. Түүгээр ч зогсохгүй төрийн, хууль хүчний байгууллагыг оролцуулж байна. Монголын төрийн шинэ үеийн түүхэнд хоёр дахь удаагаа ийм хийрхэл, хязгааргүй атаа хорслоос 1937 онд Монголын түүхэнд арилшгүй хар толбо үлдсэн. Гэхдээ энэ толбыг монголчууд гэхээсээ илүү оросууд тавьсан гэж үздэг. Тэгвэл өнөөдөр Н.Багабанди, Н.Энхбаяр нарын үргэлжлэл болсон М.Энхболд, У.Хүрэлсүх хоёр хөтлөлцөөд далд орвол шинэ үеийн залуус, улс орныг удирдаж авч явахаар улстөрчид гарч ирж магад. Энэ хоёрын нэг нь казино, Хадгаламж банкны 14 тэрбум, УИХ-ын гишүүнийг шанаадсан хэрэг, нөгөө нь нийслэлийн газрыг зарсан, Худалдаа хөгжлийн банк, Нийслэлийн засаг дарга байхад нь Испанийн засгийн газрын шугамаар цэвэрлэх байгууламж барихад зориулж өгсөн 30 сая доллар сураггүй алга болсон, жаран тэрбумын гээд яривал тоймгүй олон асуудалтай. Хоёр биенээсээ нэг их ялгагдаад байхааргүй л хар хэрээнүүд. Тийм хоёр хүн л өнөөдөр Монголын төрийн эрхийг барьж байгаа том намыг сүйд хийж байна. Колониос салсан Африкийн орон ямар нөхцөл байдалтай байгаа билээ. Оросын хараат байдлаас дөнгөж салаад байгаа бид одоо л эрх чөлөө эдэллээ гэтэл институцын хэмжээнд хүрсэн ганц намаа улстайгаа сүйдлээд тэдэн шиг болох хэрэг үү.

МАН-д томоохон хагалан бутаргагчид үеийн үед байсан гэдгийг дээр дурдсан. Хичнээн хагарч, хэрэлдэж, хэдэн тийшээ харсан ч намаа бүтнээр нь үгүй хийчихэж чадаагүй. Гэхдээ одоо энэ намд үүсээд байгаа улстөржилт, бүлэглэл хоорондын тэмцэл У.Хүрэлсүх, М.Энхболд, Ж.Эрдэнэбат нарын тэмцлийн үр дүнд энэ институц байхгүй болгох нь. Бүр ил цагаандаа гарч, нэгийгээ албан тушаалаас унагах асуудал биш намаа нурааж, тэр нь улс орныг тэр чигт нь хүндхэн байдалд оруулахад хүргэх нь байна. Нам гэдэг бол дээрмийн бүлэг биш. Гэтэл өнөөдөр энэ хоёр бүлэглэлийн зодооноос бид яг л тэгэж ойлгохоор байна. Биесийнхээ хамаг мууг эрээгүй илчилж, хайр найргүй тэмцэж байгаа энэ хэдэн улстөрчийн тэмцэл дээр эднийг дөгөөж хөгжөөсөн, МАН л байхгүй бол Монгол гэнэт сайхан болчих юм шиг үлгэр ярьсан дэмжигчдийн дэвэргээнээс энэ нам устах шинжтэй болоод явчихлаа. Энэ намыг ингэж устгаснаар Монголын төрд хаос буюу хоосон орон зай үүснэ. Дараагийн институц өдий болтол бойжиж чадаагүй л байна. Сүүлийн 25, 26 жил өдий дайны улстөрийн хүчин бий болох гэж зүтгэсээр ирсэн. Ийм дайных нь гараагүй гэдгийг хэн ч мэднэ. Энэ янзаар байвал Монголын төр монгол хүмүүсд маш хохиролтой юм болно. Эдний оронд тэгээд хөрөнгө чинээгээрээ нийлсэн, хүч чадалтайгаараа түрээ барьж, өчүүхэн жижиг эрх ашгийн төлөө Монголын төрийг хувааж зарсан ийм эмх замбараагүй байдал үүсэх шинжтэй байна. Энийг дагаад эдийн засаг сүйрээд эхэлнэ. Долларын ханш хяналтаас гарч цадигаа алдаж, хөрөнгө оруулагчид нүүр буруулж, эдийн засаг элгээрээ хэвтвэл энэ бүхний эцэст монголчууд бид л хохирно. Бид л ядарна. Энэ хэдхэн хүний хоолны төлөөх, албан тушаалын төлөөх тэмцэл, бүлэглэлүүдийн дайны хөлд Монголын ард түмэн л элгээрээ хэвтэнэ. Дээр нэр дурдагдсан хүмүүс албан тушаалаа өгөөд явж үзээ. Энэ нам та хоёр төдийхнөөр дутаагүй өдий хүрсэн. Бид та нартай биш, улс оронтойгоо үлдмээр байна. Хэнийх нь ч талд орж, хэнийг нь дэмжээд байх юм алга. Хэнийх нь зөв гээд өмөөрөх хэрэг алга. Хэн нэгнээсээ дордоод, дээрдээд байх ч юм алга. Харин та нарын энэ их тэмцэл хэрүүл дунд иргэдийн итгэл алдарч, “Ясаа цайтал тэмцэнэ” гээд байгаа энхрий хайрт нам чинь үрэгдэх нь байна шүү. Энийг МАН-ын гишүүд ч эрхбиш мэдэж байгаа байх. Тоглоом тоотой нь дээр гэдэг. Одоо нам, улсаараа тоглохоо болио. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй. Мөнхийн албан тушаал гэж байхгүйгээс хойш өгөх нь жам юм.

Хэрэлдэж байгаа хоёр тал хоёулаа холдоход оронд нь албан тушаал хаших хүмүүс МАН-д захаасаа аваад бий шүү дээ. УИХ-ын даргыг Д.Цогтбаатар, Н.Энхболд өлхөн хийчихнэ. Боловсролтой чадалтайг нь гайхаад байдаг Ч.Хүрэлбаатар, Ц.Мөнх-Оргил нарын хэн нь ч намын дарга, Ерөнхий сайдыг хийчихнэ. Ардын намд улс орноо аваад явчих, албан тушаал хашаад явчих өчнөөн олон боловсон хүчин байна. Ерөнхий сайдаа солих гээд байгаа бол сольчих. Засгаа аваад үлдчихэж болно. Их хурлын дарга, намын даргаа сольчихож болно. Улсаа авч үлдэх хэрэгтэй байна. Тийм амь тэмцээд алалцаад байх юу болчихоод ингэтэл эрээ цээрээ алдаж талцана вэ.

Нэг бүлэглэлээ дарж авах гэж намаа, улсаа сүйдэлчихгүйхэн шиг энэ айхтар хямрал, тэмцлээс гарах хэрэгтэй байгаа юм. Тэгэхгүй бол МАН-ын энэ дотоод зодоон, хямралын үнийг монголчууд амьдралаараа төлөх гээд байна. Энэ бүлэглэлүүдийн аль нэг нь ялж, энэ нам сүйрвэл М.Энхболд, У.Хүрэлсүх хоёрын хэн нь ч байсан “Монгол ялахгүй”.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Хөшигний ар дахь улс төр” нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Нэгдүгээр нүүрэнд бид УИХ-ын гишүүн Л.Болдын “Том донсолгооны үр дүнд жижиг МАНАН үүсвэл тун удахгүй онхолдоно” гэсэн гарчигтай ярицлагыг онцоллоо.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болж байдаг алдарт гуравдугаар нүүрт Хөшигний ар дахь улс төр” нийтлэл хэвлэгдсэн байна.

Харин зургаадугаар нүүрнээс дэлхийн улс төрийн нөхцөл байдлын талаар “The Washington post” сонинд нийтлэгдсэн “Солонгосын хойгийн асуудлыг шийдэхэд ОХУ идэвхтэй оролцох хүсэлтэйн учир шалтгаан” нийтлэлийг сэтгүүлч Ю.Дэлгэрмаагийн орчуулгаар хүлээн авна уу.

Баримт, үйл явдлын долдугаар нүүрнээс Монголын чөлөөт ахмадын холбооны тэргүүн Г.Баасан “Авлигатай тэмцэх газар 173 ажилтантай, жилийн 9.3 тэрбум төгрөгийн төсөвтэй” хэмээн ярьсныг хүлээн авч уншина уу.

Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал, доктор Ц.Мандахтай хийсэн ярилцлага нийтлэгдлээ. Ц.Мандах: “Эдийн засгийн хямрал нүүрлэхэд гэмт хэрэг эрс нэмэгддэг” хэмээн ярьсан байна.

Уламжлалт танин мэдэхүйн нүүрнээс “Ланд-300” гэгдээд буй 85 мянган доллараар зарагдах “Прадо”-ийн шинэ загвар болон өнөөдөр худалдаанд гарах хэзээ ч үл зурагдах дэлгэцтэй Iphone-8 утасны талаарх мэдээллийг унших боломжтой.

Мөн долоо хоног бүрийн мягмар гаригт нийтлэгддэг “Эмч” булангаар “УБ Сонгдо” эмнэлгийн урологийн мэс засал, эрэгтэйчүүдийн эмч М.Мөнхжаргалтай ярилцлаа. Тэрбээр эрчүүдэд хандан өдөртөө хулууны үр, хасарваань жимс идэж байхыг зөвлөсөн юм.

Харин Дэвжээ нүүрэнд улсын арслан Л.Сосорбарамтай хийсэн ярицлага нийтлэгдлээ. Улсын арслан Л.Сосорбарам: “Монгол бөхийн гадаад байдлыг их сайхан хөгжүүлсэн, одоо дотор тал буюу бөхчүүдийн ёс, жудгийг засах хэрэгтэй” хэмээн ярьжээ.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

Та бүхэн манай сонины цахим хувилбарыг https://admin.dnn.mn/plugins/news/login/ хаягаар хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Зураач Ц.Цацрал Монголын анхны үнэртэй усыг хийжээ

Берлин хотноо амьдардаг зураач Ц.Цацрал Монголын анхны үнэртэй усыг хийж, зах зээлд нийлүүлж эхэлжээ. Зураач бүсгүй “Цас чихэр”, “Шамбалын орон”, “Үүрийн цолмон” нэртэй гурван сүрчгээ тус бүр 500 ширхэг үйлдвэрлэж, Монгол болон Германы зах зээлд гаргажээ. Энэхүү сүрчгийг европчууд ихэд сонирхож байгаа аж.

Зураач Ц.Цацрал Монголын анхны үнэртэй усыг хийжээ

Сонирхуулахад, “Цас чихэр” сүрчиг нь дөнгөж орсон цасны сэргэг, сэрүүхэн мэдрэмж төрүүлэхүйц юм байна. “Үүрийн цолмон” хэмээн дүүгийнхээ нэрээр нэрлэсэн ус нь хэрэглэгчдэд зөөлөн мэдрэмжийг төрүүлэх гэнэ.

Categories
мэдээ нийгэм

“Энэ өвөл олон жилийн дунджаас ДУЛААН байх боловч ЦАС их орох төлөвтэй байна”

Тахиа жилийн өвөл урьд урьд жилийнхээсээ хүйтэн болж, зуд болно гэх таамаг гараад байгаа. Энэ талаар мэргэжлийн байгууллагын хүнээс тодрууллаа.

ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал “Энэ жилийн хүйтний улирлын төлөвийг найман сарын сүүлчээс эхлэн зургаан сараар тооцож гаргасан. Энэхүү ерөнхий төлөвөөс харахад энэ өвөлдөө олон жилийн дундаж орчим, олон жилийн дунджаас дулаан байх нь анзаарагдаж байна.

Нэгдүгээр сар болон хоёрдугаар сард нутгийн хойд хэсэг, баруун болон Хангайн уулархаг нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байгаа.

Өвлийн улиралд харьцангуй их хур тунадас орно. ЦУОШГ-ын зургаан сарын өмнөөс гаргасан цаг агаарын төлөв байдал яг тэр чигээрээ үнэн байна гэсэн үг биш. Манай орон эрс тэс уур амьсгалтай гэдгийг санах хэрэгтэй.

Урт хугацааны прогноз гаргах амархан ажил биш.

Улирлын төлөвүүдийг манайх сар сараар гаргадаг. Бусад орны цаг уурын байгууллагууд улирлаар буюу гурван сараар төлөвлөгөөгөө гаргаж байгаа” хэмээн тайлбарлалаа.

ГУРВАН САРД ОЛОН ЖИЛИЙН ДУНДЖААС ДУЛААН БАЙНА

Харин ирэх хавар цаг агаар ямар байх талаар дараах тайлбарыг өглөө.

Гурван сард олон жилийн дунджаас дулаан. Баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд нутгаар хур тунадас их орно.

Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дундажийн орчим хур тунадас орохоор байна” гэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголын өнөөгийн байдлыг гадаадын хэвлэлүүд ийн дүгнэж байна

Related image

AGENCE FRANCE-PRESSE: УЛС ТӨРИЙН ТОГТВОРГҮЙ БАЙДАЛ МОНГОЛЫН БАЙНГЫН АСУУДАЛ БОЛЖ БАЙНА

Монголын парламент Ерөнхий сайдаа авлига, эрх мэдлээ хэтрүүлсэн гэх үндэслэлээр огцрууллаа. Санал хураалтад Улсын Их Хурлын 73 гишүүн оролцсоны 42 нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулахын төлөө санал өгчээ. Эрх баригч Монгол Ардын намын олонх нь Ж.Эрдэнэбатыг огцруулснаар 45 хоногийн дотор шинэ Ерөнхий сайдыг томилохоор болжээ.

Хууль тогтоогчид Ж.Эрдэнэбатыг Засгийн газрын сайд нартай холбоотой найман компанид 800 тэрбум төгрөгийн (328 сая ам.доллар орчим) концессыг олгосон, сонгогчдод хууль бусаар бэлэн мөнгө тараасан, олон нийтэд муу имиж харуулсан гэж буруутгасан байна. Харин Ж.Эрдэнэбат үүнийг эрс үгүйсгэж, Ерөнхий сайдаа огцруулах Монголын жишиг нь улс орны хөгжил, эдийн засагт хортой нөлөөтэй хэмээн мэдэгджээ. Тэрбээр “Бидний зарим нь гадны хөрөнгө оруулагчдыг эдийн засгийн алуурчид гэж чичилдэг боловч бодит байдал дээр улстөрчид бол эдийн засгийн дотоод алуурчид, өөрсдөө өсөлтөө боомилж байна” хэмээн мэдэгдсэн байна.

Ж.Эрдэнэбатын засгийн үед Монголын эдийн засаг сайжирч, Хятадын нүүрсний эрэлт нэмэгдсэнээр 2017 эхний хагаст гайхалтай өсөлтийг харуулсан. Гэвч улс төрийн тогтворгүй байдал Төв Азийн залуу орны хувьд байнгын асуудал болж байна. Монгол Улс 1992 онд Үндсэн хуулийг баталснаар коммунист засаглалыг халсан. Монголд өнгөрсөн хугацаанд 15 Засгийн газрын нүүрийг үзэж, нэг Засгийн газрын ажилласан хугацаа дунджаар 1.5 жил үргэлжилжээ.

Албан тушаалыг 25 сая ам.доллараар үнэлсэн гэх цуурхлын дараа хууль тогтоогчид Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах өргөдөлд гарын үсэг цуглуулж өргөн барьсан юм. 2016 оны парламентын сонгуульд Монгол Ардын нам УИХ-ын 76 суудлын 65-ыг нь авснаар ялалт байгуулж, Ж.Эрдэнэбатаар тэргүүлсэн Засгийн газрын байгуулсан юм. Гэвч түүнийг улс төрийн ашиг сонирхлын үүднээс намын гишүүдийг тандаж, чангасан хэрэгт буруутгажээ.

Эх сурвалж: AFP

ASSOCIATED PRESS: МОНГОЛ УЛС НЬ ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ТҮҮХИЙ ЭДИЙН ҮНЭ ХАНШААС ИХЭЭХЭН ХАМААРАЛТАЙ

Засгийн газрын гурван сайдтай холбоотой компаниудын 328 сая ам.долларын өртөгтэй концессын гэрээтэй холбогдуулан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг авлига, хариуцлага алдсанд буруутган албан тушаалаас нь огцруулах санал хураалт боллоо. Эрх баригч Монгол Ардын намын хууль тогтоогчдын тал нь сөрөг хүчинтэй нийлэн 14 сарын настай Засгийн газрыг огцрууллаа. Санал хураалтад оролцсон 73 гишүүний 57,5 хувь нь огцруулах санал өгсний 33 нь Монгол Ардын нам, үлдсэн ес нь сөрөг хүчин, бие даагч байв. Шинэ Засгийн газрыг 45 хоногийн дотор дахин байгуулах бөгөөд тэр болтол Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдын албыг түр орлон гүйцэтгэнэ. Ардчилсан намын хууль тогтоогч Ж.Батзандан Засгийн газрыг авлигатай тэмцэж чадаагүй, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын захиргаа “хулгай” хийж байгааг буруутгажээ. Концессын гэрээнд барилгын хоёр том компанитай Хууль зүйн сайд, замын компанид хамаатай Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, гэр бүлийн гишүүн нь олборлолтын компанитай Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд нар холбогджээ.

2016 онд Ерөнхий сайдаар сонгогдсон Ж.Эрдэнэбат нь өнгөрсөн долдугаар сард болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө олон сая ам.долларын хүүхдийн мөнгө тараасан нь санал худалдан авах оролдлого хэмээн буруутгажээ. Гурван сая хүн амтай, далайд гарцгүй Монгол улс нь байгалийн баялгийн арвин нөөцтэй боловч гадаадын хөрөнгө оруулалт, түүхий эдийн үнэ ханшаас ихээхэн хамааралтай юм. Мөн Засгийн газар нь Рио-Тинто гэх мэт томоохон хөрөнгө оруулагчидтай маргаантай байна.

23 тэрбум ам.долларын өртэй Монгол улсын Засгийн газар энэ онд Олон улсын валютын сантай тохиролцож, 5.5 тэрбум ам.долларын сантай тусламжийн хөтөлбөрт хамрагдах болсон юм. Өнгөрсөн долдугаар сард популист бизнесмен, жудогийн аварга Х.Баттулга Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин ялалт байгуулжээ.

Эх сурвалж: Associated Press


REUTERS: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ЯЛАГДАЛ ХҮЛЭЭСНИЙ ДАРАА ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАВ

Монгол Ардын нам нь өнгөрсөн долдугаар сард болсон Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсний дараа парламентад есдүгээр сарын 7-нд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах санал хураалт явуулсан талаар эх сурвалжууд мэдээлж байна. Орос, Хятадын дунд хавчуулагдсан байгалийн баялаг ихтэй Монгол Улсад 2004 оноос хойш нэг ч Ерөнхий сайд дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаагаа гүйцээгээгүй. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулахын төлөө парламентын 73 гишүүний 42 нь санал өгчээ. Тэрбээр Монгол улс сүүлийн 25 жилд 13 засгийн газрын нүүрийг үзлээ хэмээн мэдэгдсэн юм. “Ардчилсан парламентад Засгийн газрыг огцруулах нь хэвийн үзэгдэл, гэхдээ энэ хэрээс хэтэрвэл муу үр дагавартай” хэмээн Ж.Эрдэнэбат мэдэгджээ. Монгол улс нь 1990 онд парламентын ардчилалд шилжсэн. Монгол Ардын нам 2016 оны дундуур болсон парламентын сонгуульд Улсын Их Хурлын 76 суудлын 65-ыг нь авснаар ялалт байгуулсан. “Алтан бумба” санхүүгийн группын захиарл Дэйл Чой “Намын бага хурлаар шинэ Ерөнхий сайдыг сонгох бололтой. Би үүнийг Засгийн газрын тогтвортой байдал гэж бодохгүй байна. Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсний дараа намын дотор цэвэрлэх ажиллагаа явуулж байгаа нь энэ” хэмээн дүгнэжээ.

Ерөнхийлөгчийн сонгуульд эрх барих нам ялагдаж, Ардчилсан намын нэр дэвшигч Х.Баттулга ялалт байгуулсны дараа өнгөрсөн наймдугаар сард Улсын Их Хурлын 30 орчим гишүүн Ерөнхий сайдыг огцруулах өргөдөлд гарын үсэг зуржээ. Энэ ялагдал нь эрх барих Монгол Ардын намын хэмнэлтийн бодлого болон авлигын дуулианд ард түмэн хэрхэн хариу үйлдэл үзүүлснийг харуулж байна.

Монголын парламентын ардчилалд Ерөнхий сайд бол засгийн газрын тэргүүн, харин Ерөнхийлөгч нь хууль санаачлах, хориг тавих эрхтэй хязгаарлагдмал эрх мэдэлтэй юм.

Энэ он гарсаар нүүрсний үнэ өссөн нь байгалийн баялгаас хамааралтай эдийн засагт өсөлт авчирсан юм. Гэвч гадаадын хөрөнгө оруулалт зогсож, түүхий эдийн үнэ унаснаас Монгол Улс олон улсын валютын сангийн 5.5 тэрбум ам.долларын сантай тусламжийн хөтөлбөрт хамрагдах болсон юм. Ингэснээр хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, төсвийн алдагдлыг бууруулахыг зорьж байна.

Эх сурвалж: Reuters

Categories
мэдээ улс-төр

ОУПХ-ны Хүний эрхийн хорооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны гишүүн Ж.Батзандан нар өнөөдөр (2017.09.11) Олон улсын парламентын холбооны Хүний эрхийн хорооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Афганистан Улсын парламентын гишүүн, Олон улсын парламентын холбооны Хүний эрхийн хорооны ерөнхийлөгч, хатагтай Фавзиа Күүфи, Бахрейн Улсын парламентын гишүүн, хуульч, Олон улсын парламентын холбооны Хүний эрхийн хорооны гишүүн, ноён Али Аларади болон Олон улсын парламентын холбооны Хүний эрхийн хөтөлбөрийн ажилтан, хатагтай Гаелл Ларок нар багтсан байлаа.

Төлөөлөгчид хүний эрхийн тухай хууль, тогтоомжууд Монгол Улсад хэрхэн мөрдөгдөж байгаа талаар болон улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хэрэг, энэ хэргийн шүүх хуралдааны талаар мэдээлэл авахыг хүсэж байгаагаа илэрхийлэв.

Бахрейн Улсын парламентын гишүүн ноён Али Аларади хэлэхдээ “Цаасан дээр биш хөрсөн дээр байгаа зүйл бол хүний эрх юм. С.Зориг агсны хэрэг хэрхэн шийдэгдэхийг Олон улсын парламентын холбоо ажиглаж байгаа гэдгийг хэлмээр байна” гэв. Мөн тэрбээр, залуу, ардчилсан оронд туршлага хэрэгтэй. Хүний эрхийн талаарх ойлголтыг нэг хүн биш, ард нийтээрээ ойлгох нь чухал юм. Эцэст нь хэлэхэд ямар ч хэрэгт шүүх зөвхөн бие даасан, хараат бус шийдвэр гаргаж байх ёстойг онцлон хэллээ.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар Олон улсын парламентын холбооны Хүний эрхийн хорооноос хүний эрхийн асуудлаарх хууль эрх зүйн тогтолцоог сайжруулах асуудлаар дэмжлэг, зөвлөгөө авч, хамтран ажиллахыг хүслээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Архангайд гемодиализийн аппаратны эмчилгээ нэвтэрлээ

ЗурагАрхангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт гемодиализийн эмчилгээний хоёр аппарат суурилуулж, эмчилгээ хийж эхэллээ. Гемодиализийн эмчилгээ хийх 2 эмч, 2 сувилагчийг сургалтад хамруулж бэлтгэжээ. Аймгийн хэмжээнд 14 иргэн бөөрний архаг дутагдалтай бөгөөд гемодиализийн аппаратны эмчилгээнд Улаанбаатар хот болон Өвөрхангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт байнга эмчилгээ хийлгэдэг байна.

Бөөрний архаг дутагдалтай хүн сард ойролцоогоор 600,000 төгрөгөөр эмчлэгддэг гэдгийг аймгийн ЭМГ-аас мэдээлж байна. Харин төр засгаас эмчилгээний төлбөрийг дааж, аймаг орон нутагтаа эмчилгээнд орох нөхцлийг бүрдүүлж өгсөн нь өвчтөний биеийн байдалд шууд нөлөөлж сайжрахаас гадна гэр бүлийнхэн нь ч санхүүгийн бэрхшээлээс гарах боломжтой боллоо гэдгийг аймгийн удирдлагууд хэлж байв.

Дашрамд дуулгахад 2016 оны сүүлийн хагас жилийн байдлаар аймгийн Нэгдсэн эмнэлэг, сумдад түргэн тусламжийн 10 гаруй автомашиныг олгож, нэгдсэн эмнэлэгт 132,0 сая төгрөгийн өртөг бүхий дурангийн хагалгааны тоног төхөөрөмжийг нийлүүлсэн. Мөн Бүгд Найрамдах Франц улсын “ACTIONS MONGOLIE” төрийн бус байгууллагын санаачилга, хандиваар 15457.35 еврогийн үнэтэй “Olympus” фирмийн 2017 оны шинэ дурангийн хагалгааны иж бүрдлийг Нэгдсэн эмнэлэгт суурилуулан эмэгтэйчүүд, хүүхдэд дурангийн хагалгаа хийж эхлээд байна.

Categories
мэдээ улс-төр

“Хүний эрхэд суурилсан хандлага” сэдэвт сургалт боллоо

Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд, Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороонд харьяалагддаг гишүүдийн зөвлөх, туслахууд өнөөдөр (2017.09.11) Төрийн ордны Нээлттэй сонсголын танхимд зохион байгуулагдсан “Хүний эрхэд суурилсан хандлага” сэдэвт сургалтад хамрагдав.

Энэхүү сургалтыг Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Цогтбаатар, Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж, Улсын Их Хурлын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал нар удирдсан юм.

Сургалтыг нээж УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Цогтбаатар хэлсэн үгэндээ “Хүний эрхийн асуудал бол төрийн амин сүнс нь юм. Үндсэн хуулийн бүтэн нэг бүлэгт хүний эрхийн асуудал багтдаг. Төрийн оршин тогтнох гол үндэс нь Монгол Улсын иргэн бүр эрх чөлөөтэй, айх аюулгүй, ажилтай, суралцах, эрүүл энх амьдрах боломжоор хангагдах явдал юм.

Төрийн үйл ажиллагаатай холбогдож, хүний эрхийн асуудал байнга гарч байдаг. Тиймээс төрийн албан хаагчид энэ асуудалд онцгой анхаарч байх ёстой. Энэхүү сургалтыг бид цаашид тогтмол зохион байгуулж байх нь хүний эрхийг хүндэтгэх, төрийн албан хаагчдын ёс зүй, харилцааны соёлыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой учраас цаг үеэ олсон арга хэмжээ болж байна гэж бодож байна” гэв.

Дараа нь Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж “Үндсэн хууль дах, хүний эрхийн хамгаалалт болон Монгол Улс дахь хүний эрхийн нөхцөл байдал” сэдвээр илтгэл тавилаа. Уг илтгэлд хүний эрхийн тухай ойлголт, Үндсэн хуулийн тухай анхдагч ойлголт, хүний эрхийн асуудлыг Монгол Улс Үндсэн хуульдаа тусгаж ирсэн түүхэн товчоон, Шинэ Үндсэн хуульд хүний эрхийн асуудлыг хэрхэн тусгасан болон энэ нь хүний эрхийн тухай олон улсын тунхаг, конвенц, протокол зэрэг баримт бичиг, өндөр хөгжилтэй, ардчилсан орнуудын Үндсэн хуулийн үзэл санаатай хэрхэн нийцэж байгаа зэрэг асуудлыг хөндөв.

Түүнчлэн Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэг “Хүний эрхийн олон улсын гэрээний хэрэгжилт ба хүний эрхийг хамгаалах олон улсын механизм”, “Эрүү шүүлтээс ангид байх эрх чөлөө” сэдвүүдээр илтгэл тавьсан юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.