Categories
мэдээ цаг-үе

​ Л.Гүндалай: Ерөнхий сайдын албанд Ж.Эрдэнэбат үнэндээ жулдсан

УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайтай ярилцлаа.


-Та юу хийж байна вэ. Ойрд хэвлэлийнхэн тантай уулзаагүй байх?

-Юу ч хийхгүй байгаа. Өөрийнхөө дур зоргоор байна. Кофе уугаад, аятайхан газар байвал хоол идчихнэ. Гадагшаа заримдаа явчихна. Гэр бүл ойр орчиндоо анхаарал тавьж байна. Юу дуртайгаа л хийж амьдарч байна даа.

-Бизнес хийж байна уу?

-Манай бизнес юу хийж байгаа нь товч тодорхой. Уул уурхай энэ тэр байхгүй. Би компанийнхаа өдөр тутамд оролцоод байдаггүй. Байгаа юмандаа сэтгэл хангалуун болж л байна. Саяхан 20 жилийн өмнө өөрийнхөө барьсан таван давхар байшингаараа орлоо. 1998 онд Монголд өөрийн хөрөнгөөр байшин барьчихдаг хүн байхгүй байлаа шүү дээ. Улс төрд орохоосоо өмнө хамгийн том бизнесийг хийж байсан байна. Би одоогийн энэ яриад байдаг оффшор данстай байвал байхаар баян хүн. Надад гэхдээ тийм данс байхгүй. Бодвол мөнгө нь илүүдсэн, бас нуух шаардлагатай хүмүүст оффшор данс хэрэг болдог байх.

-УИХ-ын сонгуулийн өмнө “Ард түмнээ хайрлая” нэртэй нам байгуулж сонгуульд оролцсон. Танай нам нийт хичнээн гишүүнтэй вэ?

-Идэвхтэй үйл ажиллагаа явуулсан зүйл алга. Сонгууль болохоор намуудын хийгээд хүмүүсийн улс төрийн идэвх илтэд сэргэдэг. Тухайн үед яах вэ гэдгээ харзная.

-Өнгөрсөн хавар Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө та АН-д орох хүсэлтээ илэрхийлэхэд таныг аваагүй гэсэн яриа бий?

-Намайг авахгүй гэж хэлсэн. Уг нь би АН-д ороод намын даргад өрсөлдчих санаатай очсон юм. Таны асуудлыг жич шийдье, намын удирдлагууд хуралдана гэж хэлчихээд дараа нь утсаар “АН таныг авахгүй” гэж хэлсэн. Надад бол хаалттай юм билээ.

-Та АН-д нийт хэдэн удаа орж, гарсан байдаг билээ?

-АН-д намайг буцаад ор гэж хэлж байгаад оруулж байсан. Би 2005 онд намаас гараад 2008 онд эргээд ор гэсэн хүсэлтийн дагуу орж байсан. Орсон гарсныг маань үүгээр ойлгочихож болно байх.

-УИХ-д 65 суудалтай МАН Засгийн газраа сая огцруулчихлаа. Та улс төрийн халуун энэ сэдвийг анхаарав уу?

-Болох ёстой юм болдгоороо л боллоо. Анхнаасаа ялсан намын Ерөнхий сайд Засгийн тэргүүн болох байсан. Тэгээд өөрийнхөө талын хүмүүсийг тавьчихсан. Тэнд мэдлэг, боловсрол, туршлага огт байгаагүй. Магадгүй хэн намдаа хэдэн тэрбум төгрөг өгсөн нь сайд болсон биз. Хотын хэмжээнд 60 тэрбум төгрөг гэсэн юм чинь улсын хэмжээнд хичнээн тэрбум төгрөг босгосон юм бүү мэд. Бодвол мөнгө босгосон хүмүүс нь албан тушаал авсан биз дээ. Анхнаасаа ийм байдлаар боссон Засгийн газар нэг их удахгүй л дээ. Энэ Засгийн газрын үйл ажиллагаа, нэр хүнд асар муу байсан. Засгийн газрын нэр хүнд нь ард түмний дөнгөж 19 хувийг хамарч байсан. Ард түмний 80 хувь нь энэ Засгийн газрын үйл ажиллагаанд дургүй байлаа. Нэр хүнд нь навс уначихсан байхад ч огцрохгүй гээд сандал ширээтэйгээ зууралдацгаасан. Уг нь намаараа яриад дундаа шийдвэр гаргаад явчихсан бол нэг нь огцрохгүй гэж гүрийгээд нөгөө нь огцруулна гэж хоорондоо байлдан булайгаа дэлгэхгүй байсан байх. Гадны улс оронд Засгийн газраа огцруулах нь гарч л байдаг зүйл. Соёлтой улс оронд бол өргөдлөө сайн дураараа өгөөд огцордог л байхгүй юу.

-Засгийн газар огцорсны сөрөг талыг та юу гэх вэ?

-Засгийн газар огцорсноор улс төр тогтворгүй болдог ч юм биш. Гол нь Засгийн газраа огцруулчихаад өнөөдөр долоо хоночихоод байхад таг болчихож болохгүй. Шинэ Засгийн газраа яаралтай эмхлэн байгуулах хугацаа болчихлоо. Аливаа зүйл тэргүүнээсээ буюу толгойноосоо удирдагддаг. Засгийн газрын тэргүүн нь хэрэгжүүлэх бодлогоо яаралтай гаргаж танилцуулаад ажилдаа шууд орох ёстой. Ер нь лидер удирдагчийн мэдлэг, туршлага, сэтгэлтэй их холбоотой. Төрийн ажил удаашрах, царцахыг чинь харин төрийн тогтворгүй байдал гэж нэрлэнэ. Шийдвэрээ гаргаж чадахгүйгээс болж энэ хугацаанд төрийн ажил зогсдог.

-Одоо Засгийн газар яаж ажиллах ёстой юм бэ?

-Гарч ирсэн лидер бодлогоо тодорхойлдог. АНУ-д Дональд Трамп гарч ирээд тэр хүний бодлого АНУ-ын бодлого болоод явж байна. Манай монголчуудын яриад байдаг төрийн залгамж халаа гэсэн зүйл тэнд огт байдаггүй. Бодлого гэдэг чинь лидерээр дамждаг. Манай Монголд өнгөрсөн хугацаанд даанч олигтой лидер төрөн гарсангүй. Ойроос нь яривал С.Баярын Засгийн газар таван төгөлдөршил гээд л ярьсан. Ямар үр дүн гарсныг нь мэдэхгүй. Н.Алтанхуягийн Засгийн газар шинэчлэл гээд л ярьсан. Ч.Сайханбилэгийн шийдлийн Засгийн газар эдийн засаг яриад л байсан. Сая мэргэжлийн засаг гарсан. Нүдэнд харагдах ямар үр дүн гарав. Улс төрийн лидерүүд бодлогоо тодорхойлж чадаагүйгээс гараас нь гардаг ажил гэж байдаггүй. Яг сэтгэлд нь толгойд нь хөгжлийн гарц, гаргалгаа байгаагүй л байхгүй юу.

-Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад таны хэлээд байгаа лидерийн манлайлал байв уу?

-Анхнаасаа Ж.Эрдэнэбат өөрийгөө Ерөнхий сайдад бодож, бэлтгээгүй хүн. Аймгийн Засаг дарга байсан, УИХ-д нэг удаа сонгогдсон, Сангийн сайд байж үзсэн хүн. Ерөнхий сайд болонгуутаа энэ хүн юу хийхээ мэдэхгүй балмагдсан. Хүний захиалгаар хэдэн сайд цуглуулаад өөрийнхөө компаниа удирдаад байгаа ч юм шиг нэг аймаг удирдан авч яваа юм шиг ажил хийх гэж оролдсон. Тэр нь тэгээд яаж бүтэхэв дээ. Ажилгүйдэл, ядууралтай эдийн засгийн хүчгүй байгаа улс орныг авч явна гэдэг чинь гарцаа олчихсон, мэдлэг чадвартай хүмүүсийн хийдэг ажил. Маш их мэдлэг, мэдээлэл, судалгаа, мэдрэмж, олон жилийн улс төрийн туршлага шаардагдана. Үгүйдээ дэлхий ертөнцөд юу болж байна вэ гэдгийг анзаардаг, эдийн засгийн бодлогыг нь мэдэрдэг, бусад улс орны туршлага, алдаа оноог дуулсан хүн Монгол орныг авч явна. Юу ч үзэж харж мэдээгүй, сонсоогүй, судлаагүй хүн бол ямар ч шийдвэр гаргаж чадахгүй. Зөв зам гарцаа олж чадахгүй. Ерөнхий сайдад Ж.Эрдэнэбат жулдсан. Ч.Сайханбилэг жулдсан. Н.Алтанхуяг ч мөн адил. С.Баяр ч гэсэн бүгд жулдсан.

-Жулдаагүй Ерөнхий сайд гэж байна уу?

-Байхгүй ээ.

-Одоо МАН-ын 65 гишүүн дотроос Засгийн тэргүүнээ сонгох байх. Энэ дотроос Ерөнхий сайд хийчих мэдлэг, чадвартай хүн харагдаж байна уу?

-Ч.Сайханбилэг, Н.Алтанхуяг нарыг би улс төрийн маш их туршлагатай гэж боддог. Харамсалтай нь нийгэм, эдийн засгийн мэдлэг чадвартай хүмүүс биш. Энэ 65 хүнээс Ерөнхий сайд хийчихээр аавын хүү ээжийн охин харагдахгүй л байгаа даа. Үнэндээ манай улс төрийн хууччуул хоцрогдлын туйл шүү дээ. Тэд нарт улс төрийн туршлага байгаа нь байгаа л байх. Гэхдээ нийгэм, эдийн засгийн тухайд А үсэг ч байхгүй хүмүүс. Ерөнхий сайд хийх хүн бол Монголын хамгийн номер нэг улстөрч байх ёстой. Яагаад гэвэл энэ хүнд улс эх орныхоо төлөө ажиллах бүх эрх мэдэл нь ирдэг. Томилгоогоо хийнэ. Багаа бүрдүүлнэ. Хийх ажлаараа ард түмэн, өөрийнхөө намын хийгээд сөрөг хүчнээ уриалан дуудах ёстой. Манайд үнэндээ манлайлал дутаад байна.

-МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболдод итгэл хүлээлгэж болох уу?

-Ерөнхийлөгчийн сонгуулиар ард түмэн дүн тавьчихлаа. Засгийн газрыг унагаж өөрийнх нь нам нь бас дүнгээ тавьчихлаа.

-АН-аас Ерөнхийлөгчөөр Х.Баттулга сонгогдсон. УИХ, засагт МАН дийлэнх байгаа үед Ерөнхийлөгчөөс хүлээлт хэр их бий вэ?

-Сонгогдсон хүн амласан зүйлээ хийх ёстой. Амлалтаа хэрэгжүүлэхээр явах байлгүй. Манай улсын Ерөнхийлөгчид мөнгөний эрх мэдэл анхнаасаа байдаггүй. Аливаа бүтээн байгуулалт, ажил хөрөнгө оруулалтгүйгээр явдаггүй. Эцсийн дүндээ бүх зүйлийг мөнгөөр хийдэг. Мөнгөний эрх мэдэлгүй Ерөнхийлөгч яг үнэндээ юу хийх юм бэ. Тэр тусмаа УИХ-д МАН олонх байгаа цагт АН-аас сонгогдсон Ерөнхийлөгчөөс хүлээлт бага юм даа.

-Энэ Засгийн газрын гол хийсэн ажлыг Олон улсын Валютын сангийн хөтөлбөрт орсон гэж хэлж болно. Энэ хөтөлбөрт орсноор ямар үр дүнг хүлээж болох вэ?

-Зээл тусламж авахын тулд энэ хөтөлбөрт орлоо. Зээл тусламж горьдохоосоо өмнө байгаа зүйлээ хэмнэж, концесс нэрэн дор хувааж идэж буй бялуу зэрэг үргүй зарж байгаагаа эхлээд багасгах хэрэгтэй. АН-ын Засгийн газар муу ажиллаж, өрөнд оруулчихсан. Бид өрнөөс гарахын тулд энэ нөхдүүдээс гуйж олон улсын хөтөлбөрт хамрагдсан гэдэг тайлбар гутамшигтай. Энэ чинь л Ерөнхий сайд ажлаа хийж чадахгүй байгааг харуулна. Ардын намын чадваргүйг харуулна. Ажил хийх боловсон хүчин, бодлого гаргаж буй нам юу ч хийж чадахгүй байгаагийн илэрхийлэл. Чадахгүй учраас бүдэрсэн.

-Манай улсын өнөөгийн нөхцөл байдал ямар байна. Ойрын үед хямралтай гэдгээс өөр мэдээ дуулдахаа байлаа?

-Монгол орон капитализмын зам руу явж байгаа. Хөрөнгөтний нийгмийн том сул тал нь баян нь улам баяжиж, том нь жижгээ залгидаг. Дэлхийн томоохон улс орнуудад ч ялгаагүй хэдэн корпорациуд нь бүгдийг залгидаг. Тэгээд нийт ард түмэн нь ядуурдаг. Капитализмын энэ гаж нөлөө Монголд маш тод гарч ирсэн. Одоо Монголын зах зээл хэдэн том корпораци, олигархи бүлэглэлд эзлэгдсэн. Ажилчин, малчин ардын гэр бүлээс төрж байгаа хүүхдэд дээшээ гарах боломж бололцоо бараг хаагдчихсан гэж хэлж болно. Нөгөөтэйгүүр дэлхийн 200 гаруй улс орон дотроо хүчтэй нь бусдыгаа залгидаг. Хүчтэй гэж юуг хэлж байна вэ гэхээр мөнгөтэй, ноухау патент, лизензтэйг нь хэлж байна. Нэгэнт түрүүлээд хөгжсөн улс орны араас хэзээ ч гүйцэхгүй. Капитализмын хатуу ширүүн тэмцэлд улс орондоо ч тэр олон улсын хүрээнд ч тэр Монгол ялагдчихсан улс. Энэ янзаараа бол бид хэзээ нэгэн цагт томорно, Азийн бар болно гэж горьдоод ч нэмэргүй.

-Бид ямар замаар явбал зүйтэй юм бэ?

-Бид барууны сонгодог капитализмыг дуурайж болохгүй юм. Монгол өөрийн гэсэн бодлоготой байх ёстой. Тэр тусмаа Монгол улс цөөн хүн амтай өвөрмөц онцлогтой. Өөрийн гэсэн арга замаар улс орноо удирдан жолоодоод аваад явах бололцоотой. Бид нийгмээрээ нийтээрээ аятай амьдрахын тулд зөвхөн баячуудаа тэтгэсэн тогтолцоогоо халах хэрэгтэй. Шинэ хүмүүсийг, шинэ компаниудыг, ядуусыг тэтгэсэн нийгмийн бодлого руу явах ёстой.

-Та цаашид улс төрд хэр идэвхтэй байх вэ. Таны ярьж байгаа хөгжлийн бодлогыг ямар арга замаар хэрэгжүүлэх боломжтой вэ?

-Сая сүүлд болсон сонгуулиас хойш би сэтгэл гонсойж, гомдох ч гэх юмуу улс төрөөс холдъё гэж бодсон тал бий. Гэхдээ улс төрөөс тэтгэвэрт гарчихъя гэхээр арай залуудаад байх юм. Хоёрдугаарт би бол их биеэ тоосон хүн л дээ. Нэлээн бардам хүн. Миний уншсан, судалсан, сурсан мэдлэг, туршлага, миний бодож явдаг сэтгэл зүрх минь улс төрөөс яг гарчихъя гэхээр наанаа байж бай гэж хэлээд байдаг. Би дотроо зөрчилдөөд явж байна. Нэг талаасаа монгол түмэнд чиний хэрэгцээ байхгүй юм байна. Чамайг бол авч хэлэлцэхгүй юм байна. Ийм байхад энэ хүмүүсийн төлөө чи явах хэрэггүй юм байна гэж бодогдсон. Тэгээд ч би ямар заавал төлөх ёстой өртэй биш. Нөгөө талаасаа жулдаж байгаа, сэтгэхгүй байгаа, ард түмнээр тоглож байгаа нөхдүүдийг харахаар арай ч дээ гэж бодогдох юм. Яг үнэндээ энэний оронд би байсан бол алаад өгөх байсан даа гэж хүртэл бодогдох юм. Цаг нь болохоор зам нь тодорно гэдэг Герман ардын зүйр үг байдаг. Зам минь хэрвээ тодрохгүй бол цаг нь болоогүй юм байна даа гэж бодоод явж байя.


Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх “104” төвтэй болно

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, НХХЯ болон “Юнител” групп хамтран Монгол Улсад анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Миний туслах 104” үйлчилгээг нэвтрүүлэхээр болжээ.

Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 100.993 иргэн байдаг бөгөөд 23 хувь нь хараа болон сонсголын бэрхшээлтэй аж.

Тиймээс тэдэнд зориулан дүрсээ харж ярилцах боломжтой тусгай аппликэйшн бүтээж байна. Жишээлбэл, харааны бэрхшээлтэй хүн төөрсөн тохиолдолд тусгай дугаар 104 рүү залгаснаар тухайн хүнд байршлын мэдээллийг нь хэлж өгөх бөгөөд тус дугаарт залган такси дуудвал жолооч нь харааны бэрхшээлтэй иргэнийг гэрээс нь авч, очих газарт нь хүргэж өгөх зэрэг үйлчилгээ үзүүлэх аж. Сонсголын бэрхшээлтэй иргэд тусгай дугаар руу залгаж, дохионы хэлмэрчтэй холбогдсоноор асуудлаа шуурхай шийдэх боломж бүрдэх юм байна.

Уг төв энэ сарын 16-нд нээлтээ хийх бөгөөд уг төвд ажиллах дохионы хэлний хэлмэрчдийг өнөөдөр 11.00 цагт шалгаруулах аж.

Categories
мэдээ соёл-урлаг

Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид Олон Улсын нүүдэлчдийн зам хүүхэлдэйн наадамд зочноор оролцлоо

Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан “Бяцхан хатагтайн хүүхэлдэйн театр” тоглолтыг энэ сарын 13-нд буюу өнөөдөр 16.30 цагаас тоглохоор болжээ. Тоглолтод орон нутгаас сонгогдон Үндэсний форумд оролцохоор ирсэн хүүхэд багачуудад үнэ төлбөргүй толилуулах аж. Мөн нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран замын осол аваараас сэрэмжлүүлэн аюулгүй зорчих 5 хоногийн аянг өрнүүлэхээр болжээ. Аяны зорилго нь иргэдийг гарц дохиогоор гарч сургахад чиглэгдсэн юм байна. Мөн энэ сарын 18-24-ний хооронд Сүхбаатар, Хэнтий, Багануурт “Алтан залаат азарган тахиа” жүжгээрээ хүүхэд багачуудтайгаа уулзахаар болжээ.

Дашрамд дуулгахад, Улсын хүүхэлдэйн театриын уран бүтээлчид энэ сарын 3-7-ны хооронд ОХУ-ын Улан-Үдэ хотноо таван жилд 1 удаа зохиогддог Олон Улсын нүүдэлчдийн зам хүүхэлдэйн наадамд зочин оролцогчоор оролцож, В.Катаевийн “Долоон дэлбээр цэцэг” жүжгээр амжилттай оролцоод иржээ.
Categories
мэдээ цаг-үе

М.Найданхүү: Албан тушаал зардаг, гишүүдээ ялгаварладаг, нэр дэвшигчийнхээ эсрэг ажилладаг байж хэрхэвч болохгүй

МАН-ын “Цэгцрэх” хөдөлгөөний зөвлөх, доктор М.Найданхүүтэй ярилцлаа.


-МАн дотор үүсээд буй нөхцөл байдлыг та хэрхэн харж байгаа вэ. “Цэгцрэх” хөдөлгөөний гол зорилго юу вэ?

МАН-ын “Цэгцрэх” хөдөлгөөн идэвхжиж эхлээд байгаа. Өнгөрсөн жилийн УИХ-ын сонгуулиас өмнө байгуулагдсан МАН-ын гишүүд, дэмжигчдийн үүсгэн байгуулсан хөдөлгөөн. Бид намаа цэгцрүүлж Монгол Улсаа зөв хөгжлөөр хөгжүүлж чинээлэг дундаж давхаргыг бий болгох хэрэгтэй. Цэгцрүүлэх гэдэг нь МАН-ыг бодлогын түвшинд, удирдлагын түвшинд, үйл ажиллагааны түвшинд тогтворжуулах, төлөвшүүлэх, төгөлдөржүүлэх гол зорилготой. МАН-аас сонгогдсон УИХ-ын 30 гаруй гишүүн Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах бичиг өргөн бариад байгаа. УИХ-ын чуулганаар олонхиороо шийдэх асуудал. Хэрвээ энэ Засгийн газар огцорвол шинээр байгуулагдах Засгийн газар цэвэр мэргэжлийн мөн давхар дээлгүй, дэд сайдгүй байх юм бол болж байна. Тэгэхгүй өөрсдөө сайд болох давхар санаа өвөрлөж байвал “сахил хүртээд шал дордов” гэгчийн үлгэр болно.

Мэргэжлийн Засгийн газар шинээр бүрдүүлж чадах л юм бол энэ алхам зөвдөнө. Нэмэгдэхүүний байрыг өөрчлөх төдий дүр эсгэж хийвэл харин ч олны дургүйг хүргэнэ гэдгийг эрхэм гишүүд тооцоолсон гэдэгт найдаж байна. Эс тэгвэл МАН-ын жирийн гишүүд бид намын дотоод ажил, амлалт, зөрчилдөөнөө хурдан цэгцэлж цэгцрэхийг бид шаардсаар л байх болно. Өнгөрсөн оны УИХ-ын сонгуульд өгсөн амлалтуудаа биелүүлж 2020 онд ард түмнээрээ дүнгээ тавиулах цаг хугацааны хуанлийн мөч эргэсээр л буйг мартаж болохгүй.

-Өнөөдрийн улс төрийн нөхцөл байдал зөвхөн МАн-тай холбоотой асуудлын хүрээнд өрнөж байна. улс төрийн нэг хүчин Монголын төрөөр хэтэрхий тоглоод байгаа юм биш үү. орны эрх ашгаас намын эрх ашиг илүү болчихсон юм уу?

-Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сoнгуульд манай нэр дэвшигч ялагдал хүлээсний дараа намын дотор бий болоод байсан дотоод зөрчлийн асyyдал ил тод болж гарч ирсэн.

УИХ-д 65 суудалтай намын хувьд яг тэгтлээ зөрчилдөөд хуваагдаж хямраад байгаа юм байхгүй. Гол нь хариуцлагаа хүлээх нөхөд л одоо зайгаа тавьж өгөх цаг нь болоод байна. Нам гэдэг ялангуяа МАН шиг улс төрийн хүчин хэдхэн хүний хувийн өмч биш шүү дээ. МАН бол үе үед л сэхээтнүүд удирдаж ирсэн Монголын улс төрийн гол нам.

Би УИХ-аас УИХ-д янз бүрийн аргаар сонгогдон эсвэл Засгийн газраас Засгийн газарт шилжин сайд, даргаар ажиллаад эсвэл сонгууль бүрийн дараа Шинэчлэл энэ тэр гэж худлаа яриад яваа улстөрч биш ээ. Өнгөрсөн жил Норвеги улсад доктор цол хамгаалж ирээд 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа нэлээд харлаа. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш бүүр дордсон учраас би одоо санаа бодлоо танилцуулж эхэлж байна. Бидний хамгийн түрүүнд хийх ажил бол Монголд нэг гэр бүлийн өдрийн орлогыг доод тал нь 100 мянган төгрөг болгох хөгжлийн бодлого туйлын ихээр хэрэгтэй гэдгийг онцолъё. Өөрөөр хэлбэл өдөрт 40 ам.доллар нэг гэр бүлдээ цалин болгоод өгчихөж чадахгүй дэндүү арчаагүй байдалд бид амьдарч байгаа шүү дээ. 500 мянган өрх гэрийн асуудлыг шийднэ гэсэн ойлголт юм. Үүний тулд бид баялгийн тэгш хуваарилалтыг Норвеги зарчмаар бий болгон ажлын байр бий болгох Үйлдвэржүүлэх бодлогыг шат дараалалтай хэрэгжүүлэх шаардлагатай л даа. Ийм бодлого тавьж чадвал монгол хүний бүтээлч чанар эрс нэмэгдэж хөдөлмөрч, бүтээлч ард түмэн болон дэвжин дээшилж цалингаараа эх орондоо сайн, сайхан амьдарцгаах хөгжлийн зөв голдрилдоо орно. Яг энэ үед багш нар цалингаа нэмэгдүүлэхээр тэмцэж байна. Үүнийг би маш зөв тэмцэл гэж харж байгаа. Ирээдүйгээ бэлтгэж боловсруулж буй багш нар 200-хан ам.долларын цалинтай байна гэдэг гутамшиг нөгөө талаар эмгэнэл юм. Энэ хэдхэн багш нартаа мянган ам.долларын цалин өгч чадах боломж бидэнд бий гэж хардаг. Байгалийн баялгийнхаа эзэмшил, өмчлөл, татварын асуудлыг үтэр түргэн шийдэх цаг болсон. Төр өмчлөлийн, татварын асуудлаа цэгцэлж байж л төсвөө зузаан бүрдүүлж тэрнээсээ л хөдөлмөрчдийнхөө цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмнэ. Дахин хэлэхэд цалингаараа Эх орондоо сайн, сайхан амьдарцгаах хөгжлийн бодлогыг л бид бий болгох хэрэгтэй. Хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэх эрх чөлөөгөө Монголчууд яагаад эдэлж болохгүй гэж. Бодит байдал Монголд хүнд байна. Боломж нь бол дүүрэн байна. Бодлого нь харин алга.

-Засгийн газрыг огцруулахаар танай намын УИХ дахь бүлгийн гишүүд өргөх бичиг өгөөд байгаа. Засгийн газрыг огцруулах шийдвэрийг хэр зөв гэж үзэж байна вэ?

-Энэ тал дээр хүмүүсийн бодол, санаа олон янз байна. Үнэндээ бол УИХ-ын гишүүдийн олонхиороо шийдэх асуудал. Үнэндээ бол Ж.Эрдэнэбатын Засгийн газар муу ажиллаж байгаа юм байхгүй. Нойл заачихсан байсан эдийн засгаа сэргээх гээд цаг наргүй л зүтгэж байна. Зовлонг нь би ойлгож байгаа. Аль ч улсад засаглалын тогтвортой байдал, тогтвортой хөгжил чухал. Энэ хөгжлийг бий болгох зарчмыг УИХ тогтоох ёстой. Дахин хэлэхэд баялгийн тэгш хуваарилалтыг бий болгохгүйгээр бид засаглалын хямрал, ажилгүйдэл, ядуурал гэсэн зовлонгоосоо салж чадахгүй. Албан тушаал, эрх мэдлийг мөнгө гэж харж байгаа тохиолдолд бидэнд бодит зөв хөгжил ирэхгүй. Авлига авч буйгаа амны хишиг, хулгай хийж буйгаа ухаан, худлаа ярьж буйгаа улс төр гэж ойлгож буй энэхүү сэтгэлгээнээсээ л салах хэрэгтэй. Яагаад би ийм дүгнэлтийг зоригтой хэлж байна гэхээр миний бие Норвеги улсад Их сургуулийн түвшинд 14-н жил ажилласан. Эрдмийн зэрэг цол хамгаалаад ирлээ. Дэлхийн олон орны хөгжлийн судалгаатай танилцлаа, алдаа оноог нь судаллаа. Баялагтай мөртлөө хөгжихгүй, ард олноо ядуу зүдүү амьдруулж зовоож буй улс, орнуудын гол шалтгаан засаглалын хямрал л байдаг. Засаг хямралтай бол баялаг үнэгүйтдэг, ард олон ядууралд автдаг, нийгэм зэрлэгшдэг зүй тогтолтой юм.

-Уг нь Засгийн газар тогтвортой байснаар улс орны эдийн засагт үзүүлэх нөлөөлөл нь эерэг баймаар юм. Ядаж л хөрөнгө оруулалтын орчин таатай байх биш үү?

-Тийм, тогтвортой байдал чухал. Тэгэхдээ энэ Засгийн газарт орсон гишүүд хувь шуналаа хязгаарлах хэрэгтэй байна. Концессээр асар олон тэрбyмын өртөгтэй гүйцэтгэх ажил авч буй нь ашиг сонирхлын зөрчлийг бий болгоод байна. Энэ тал дээр нь би шүүмжлэлтэй хандаж байгаа. Норвегид ч xувь хүний шунал байсан. Гэвч энэ бүгдийг хуулиар таслан зогсоосон. Хувь хүний татвар төлөлтийн ил тод байдал, шилэн дансны, намуудын гэх хуулиудаа баталж чанга хатуу мөрдөж эхэлсний үр дүнд мөн шударга иргэдийн итгэл зүтгэл дээр нь ажил хэрэгч, ажилсаг, ухаалаг дайчин удирдлагуудын хүчээр алга болсон юм шү дээ. Тал талын хүчин чармайлт, итгэл, хүндлэлийн үр дүнд энэ улс хамгийн баян тансаг улс гүрэн болон дэлхийд үлгэрлэж байна. Cарын 10-15 сая төгрөгний цалин өгөөд энэ уурхайг өөд нь тат, ард түмний хөрөнгийг ингэж өсгө гэж боломжийг нь өгвөл өдөр шөнөгүй зүтгэнэ дээ. Мэдлэгтэй, чадалтай монгол хүмүүс зөндөө л байна. Та хуулиа мэдэж танилцаад тангараг өргөсөн төрийн хүн хуулиа зөрчих юм бол гэдэг соёлт үүрэг бий болчихвол энэ улс дороо босно. Буруу юм хийвэл аюултай гэдэг айдаг, эмээдэг, болгоомжилдог нийгмийг л бий болгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл цаана нь аврагч гэх том дарга, нам зэрэг нь байхгүй болчихвол хуулиа зөрчих гээд үз л дээ. Хатуу арга хэмжээгээр хувь шуналыг тас татан зогсоох ёстой. Үүнийг л зөв хөгжил гэж нэрлэдэг. Хамгийн гол нь баялгийн орлогоо төрдөө төвлөрүүлж чадвал олигархиудаасаа нэг мөсөн салах боломж бүрдэнэ. Орлогоо олигархиуддаа хураалгачихаад ард олноороо тэднээс мөнгө царайчлан амьдарч байна.

Хөрөнгө оруулалтын хувьд хаана зөв бодлого, зөв хүмүүс байна. Тэнд л хөрөнгө мөнгөө нэмэгдүүлээд авах зорилго хүн бүрт бий. Монголд хямрал нүүрлээгүй хулгай нүүрлэсэн орон гэж нэг гадаадын эрдэмтэн хэлсэн байдаг. Хулгайтай газар хэний ч байсан Засгийн газарт хөрөнгө оруулалт ирэхгүй дээ. Авлига цэцэглэж, албан тушаалын наймаа ноёрхсон улсад хэн ч итгэхгүй нь ойлгомжтой.

-Энэ бүхнийг ажаад байхад намын дарга, Ерөнхий сайд болох амбиц л яваад байх шиг. Ер нь намын жирийн гишүүд дэмжигчдийнхээ үгийг хэр сонсож байгаа вэ?

-Ер нь бол МАН-д шинэчлэл явж л байгаа. Үүнийг манай “Цэгцрэх” хөдөлгөөн дангаараа яриад яваа ч юм биш. Нүүдэлчин зангаараа юмыг нурааж алга болгоод дахин шинээр бий болгоно гэдэг бодлоосоо салах хэрэгтэй. Боловсронгуй болгох, урагшлуулах, эрчимжүүлэх л бидний гол зорилго болох ёстой. МАН-ыг бодлогын түвшинд, удирдлагын түвшинд, үйл ажиллагааны түвшинд тогтворжуулах, төлөвшүүлэх, төгөлдөржүүлэх хэрэгтэй байна гэж би дээр хэлсэн дээ.

Өөрийн ард түмэн иргэдийнхээ төлөө нийгэм ямар байдгийг Скандинавын орнууд л үлгэрлэж байна. Скандинавын орнуудад төр нь эзэнтэй, засаг нь удирдагчтай, хаан нь хүндтэй, хөгжил нь бодлоготой, хүмүүс нь ажилтай, хөдөлмөрчид нь цалинтай, иргэд нь өмчтэй, мөнгө нь ханштай, хөгшид нь баяртай, хүүхдүүд нь жаргалтай, амьтад нь эрхтэй. Hамын хагаралгүй, иргэдийн хэрүүлгүй, мэдээллийн төөрөгдөлгүй, улс төрийн завааралгүй, улстөрчдийн дайсагналгүй, сонгуулийн булхайгүй, төсвийн хулгайгүй, төрийн тэрбyмтангүй байгаасай. Ийм л нийгмийг бүтээн байгуулах улстөрч, лидерийг хүмүүс хүсэж байна.

Тууштай хүн туйлд нь хүрдэг гэдэг үг байдаг. Би тийм журмаар л зүтгэж байгаа. Мэдээж зөвийг хүссэн хүмүүс олон болохоор болж л таарна. Нам гэдэг чинь том хамт олон шүү дээ. Тэд маань сайн, мууг ялгаж л суугаа. Бид үүссэн алдаагаа засах ёстой. МАН цэгцрэх ёстой. Албан тушаал зардаг, гишүүдээ ялгаварладаг, нэр дэвшигчийнхээ эсрэг ажилладаг байж хэрхэвч болохгүй.

-НИТХ-ын дарга Ц.Сандуй ажлаа өгөх өргөдлөө өгсөн. Энэ нь мэдээж 60 тэрбумын гэх асуудалтай холбоотой. Энэ процессийг та хэрхэн харж байгаа вэ?

-За, би нэг түүх ярья. 2013 онд хуралдсан МАН-ын 27 дугаар Их хурлаар би Норвеги улсаас ирж оролцсон. Тэр хурлаар Ерөнхийлөгчийн сонгуульд амжилтгүй ажилласан гэсэн шалтгаанаар Ө.Энхтүвшин дарга, ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар нарыг огцруулсан. Тэр хурал дээр би ах дүүс, найз нөхөд, албан тушаалын ямар ч холбоогүй энэ хоёр журмын нөхрөө өмөөрч боссон. Үнэндээ ганцаардсан. Тэр Их хуралд оролцсон төлөөлөгч нөхдүүд санаж л байгаа. Би жудагтай байх, ёс зүйтэй байхыг л журмын нөхөд төлөөлөгч нөхдөөсөө хүссэн. Тухайн үед Нийслэлийн есөн тойргоос ганцхан тойрогт ялсан, дээр нь Ерөнхийлөгчийн сонгуульд Б.Бат-Эрдэнэ нэр дэвшигчээ унагасан Нийслэлийн намын хороонд хариуцлага тооцож Ц.Сандуй нарыг мөн огцрохыг шаардсан. Ёстой гав ганцаараа боссон. Тэр хурал дээр намайг эсэргүүцэж Ц.Сандуй даргаа өмөөрч над руу хашгираад байсан нөхдүүд одоо эргээд л Ц.Сандуйгаа ноцож байна. Албан тушаал зарах, наймаалах тухай хэлэлцээд сууж байна гэдэг үнэндээ гэмт хэрэг. Гэмт хэрэг үйлдсэн болгонд бид хатуу хариуцлага тооцож байж л нам, нийгэм, төр маань цэвэршинэ. Баримт баталгаатай хэргийг шүүх, прокурор үнэн зөвөөр шийднэ гэдэгт итгэж байгаа. Одоо хүн болгон л Ц.Сандуйг өшиглөж, хүн болгон л энэ 60 тэрбумын хэргийг шүүж буй болохоор одоо би нэг их яриад байх сонирхолгүй байна л даа. Зөв буруу, үнэн худлыг тогтоох газар, эрх мэдэлтэнгүүд л ажлаа хийг дээ. Би бол хэлэх үедээ үгээ хэлсэн, босох үедээ айж эмээлгүй боссон.

Би ноднин Норвеги улсаас ирсэн. Одоо хүртэл ажилгүй л байна. Одоогийн намын удирлагуудын зүгээс тооцоо хийгээд байдаг юм болов уу даа гэж бодогддог.Зүгээр гадаадад байж байгаад ирсэн биш. Доктор цол хамгаалаад Их сургуулийн түвшинд ажиллаж байгаад бүүр тодруулж хэлбэл манай МАН-ын үзэл баримтлалын, зүүний хөгжлийн тод үлгэр жишээ болсон Норвеги улсад 14 жил ажиллаж, амьдарч байгаад ирсэн хүн шүү дээ. Ирээд зүгээр суулгүй өсдөг, ургадаг баялаг гэсэн хөгжлийн хөтөлбөр боловсруулаад УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайд нартаа хүргүүллээ. Дэмжлэг алга л байна. Хямд өртөгтэй нүүдлийн МАА-гаа хөгжүүлэх хөтөлбөр. Баг бүрт экспoртын чиглэлийн мал, мах бэлтгэх Эрүүл мэндийн бүстэй болъё гэсэн гол зорилготой. Малчдыг өөрөө өөрсдөөр нь хөгжүүлж, мэдлэгжүүлж, хөрөнгөжүүлэх гол зарчимтай. Энэ хамтран ажиллах зарчмыг Скандинавын орнyyдад хэрэгжүүлээд бараг 200 жил болчихлоо. Энэ миний үндсэн судалгааны ажил маань юм.

-Одоо бол НИТХ-ын дарга, Нийслэлийн МАН-ын даргын суудлын төлөөх марафон давхар эхэлчихлээ. Ажил хийнэ гэхээсээ илүү сандал ширээ булаацалдсан энэ бүх асуудал хэзээ цэгцрэх вэ?

-МАН-д цэгц хэрэгтэй байна. Цэгцрүүлэх гэдэг нь МАН-ыг бодлогын түвшинд, удирдлагын түвшинд, үйл ажиллагааны түвшинд тогтворжуулах, төлөвшүүлэх, төгөлдөржүүлэх гол зорилготой. Энэ зорилгодоо хүрч чадвал л энэ бүхэн бүгд эмх цэгцэндээ орно. Улс төрийн нам гэдэг бол хөгжлийн бодлого тодорхойлох институци. Гэтэл энэ үүргээ огоороод хэдхэн хүн албан тушаал булаацалдсан хэвээр байгаад байвал олон түмний итгэл, үнэмшил буурна гэдгийг л бид хатуу ойлгох хэрэгтэй. Энэ нялхсын өвчин маань сонгуулиас сонгуульд ужиграад байна уу даа гэж харж байгаа. Өөрсдөө хатуу хариуцлага хүлээж ял үүрэх ёстой хүмүүс бусдад хариуцлага тооцох асуудал хөндөөд яваа нь хачирхалтай санагддаг.

Миний дэвшүүлж буй хөгжлийн бодлогын гол чиглэл бол Байгалийн баялгийн тэгш хуваарилалтыг Монгол улсдаа бий болгох явдал. Өөрөөр хэлбэл Зүүний хөгжлийн үлгэр жишээ болсон Норвеги маягийн хөгжлийн загварыг нутагшуулахыг хүсдэг, судалдаг, сурталчилдаг. Монголчууд бидний өнгөрсөн 27 жилийн хөгжилд маш их алдаа мөн ололт байгаа. Бидний хөгжлийн гол алдаа нь баян ядуугийн хоёр туйл руу хуваагдаж дундаж давхаргын эзлэх хувь, байр суурь багасаж, хорогдож буйд л байна. Монголд эрх мэдлийн, хөрөнгө мөнгөний монопольчлол бий болж буй нь аймшигтай санагддаг. Таван сая хүн амтай Норвеги улс ийм нийгмийг бүтээж чадсан. Монголчууд бид бас чадах ёстой.


Categories
мэдээ цаг-үе

Хар тамхи хэрэглээ болж, хууль хяналтын байгууллага нүдэн балай өнгөрүүлж байна

Сүүлийн үед хар тамхины хэрэглээ эрс ихэсчээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн XI хорооны байрны гадаа автомашинд хар тамхи татаж байсан залуусыг энэ сарын 03-нд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаа нар илрүүлжээ. Тус дүүргийн XI хороонд оршин суух эрэгтэй, 22 настай З, Чингэлтэй дүүргийн XVIII хороонд оршин суух эрэгтэй, 17 настай О, мөн Чингэлтэй дүүргийн XVII хороонд оршин суух эрэгтэй, 20 настай Э нар аж. Эдгээр залуус “Toyota Prius-20” автомашинд мансууруулах бодис хэрэглэж байсныг илрүүлэн Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж эхэлсэн байна. Эд мөрийн баримтаар улаан өнгийн ахуйн хэрэглээний газ хоёр ширхэг, 500 граммын хуванцар савтай нойтон өвс хоёр ширхэг, 200 граммын хуванцар савтай хуурай өвс хоёр ширхгийг тус тус хураан авчээ. Мөн Баянгол дүүрэгт 18 настай дөрвөн охин нийлж үе тэнгийнхнээ дээрэмдсэн хэрэг өнгөрсөн сарын сүүлээр гарсан. Дээрэм хийсэн дөрвөн охины нэг нь мансууруулах бодис хэрэглэсэн нь цагдаагийн байгууллагын шалгалтаар тогтоогдсон байдаг. Энэ мэт хар тамхины хэрэгтэй холбоотой мэдээлэл цагдаагийн байгууллагаас гаргадаг хоногийн мэдээнд өдөр бүр гарах нь энгийн үзэгдэл болжээ.

Хар тамхи хэрэглэгч нарын тоонд хүүхдүүд, сурагчид албан ёсоор багтах болсон нь мэргэжилтнүүдийн санааг зовоосон асуудал болоод байгаа. Одоогоос хоёр жилийн өмнө Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 12-14 насны нэг ангийн 14 хүүхэд хар тамхи хэрэглэж байгаад саатуулагдсан байдаг. Харин энэ жилийн хувьд өнгөрөгч дөрөвдүгээр сард Сүхбаатар дүүргийн XI хороолол, Зуун айл орчмын байрнуудаас мансууруулах төрлийн бодис хэрэглэж мансуурсан хүүхдүүдийг цагдаа нар барьжээ. Сүхбаатар дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэр 23 дугаар байрны есөн давхраас 14 настай Б, 16 настай Г, 15 настай Ж нар зэрлэг олсны төрлийн ургамал буюу каннабис татаж мансуурч байгаад баригдсан байна. Тэд нэг сургуулийн сурагчид байсан гэнэ. Цагдаа нар хүүхдүүдийг шалгаж, СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлсэн байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Хархорин, нэгдүгээр хороолол орчмын байрны орцонд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид байнга мансуурдаг гэсэн мэдээлэл байгаа. Дээрх газруудын угсармал байрны оршин суугчид гэрээсээ орж гарахдаа ихэвчлэн цахилгаан шат ашигладаг. Харин шат нь цахилгаан шатны хажууд хаалгаар гардаг. Өөрөөр хэлбэл, тусгаарласан байдалтай байдаг. Гэрэлгүй, байнга харанхуй байдаг учраас сурагчид ашиглаж, ангиараа мансуурдаг гэж эх сурвалж мэдээлэв.

18 ХҮРТЭЛХ НАСНЫХАН ХАР ТАМХИНЫ ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДОХ НЬ ХОЁР ДАХИН ИХЭССЭН ГЭВ

Жүжигчин Б.Баатархүүгийн хүү Б.Хүслэн хар тамхи хэрэглэсэн үедээ 12 давхар байрнаас унаж амиа алдсан ноцтой хэрэг өнгөрсөн нэдүгээр сарын 29-нд гарсан. Тэрбээр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх “Рояал Кэстл” хотхоны 103 дугаар байрны 12 давхраас унаж амиа алдсан. Тус байр Ерөнхийлөгч Х.Баттулгын хүү Б.Хүлэгтийн гэр байсан бөгөөд хэрэг гарах үед байранд 11 залуу хоносон байдаг. Тэдний хоёроос бусад нь хар тамхи хэрэглэж мансуурсан болохыг Шүүх эмнэлгээс хийсэн шинжилгээгээр тогтоосон. Мөн залуусын байрласан гэрээс хар тамхи, тариур зэрэг эд зүйлс нэгжлэгийн үед олдож байв. Талийгаач Б.Хүслэн 22 настай, харин найзууд нь 21-28 насныхан. Мөн дээрх хэргээс хэдэн сарын өмнө 18 настай залуу хар тамхи, мансууруулах бодис хэрэглэн амиа алдсан байдаг. Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт ухаангүй хүргэгдсэн бөгөөд эмчилгээ авалгүй байсаар амиа алдсан. Талийгаачтай хамт 18-22 насны хоёр залуу мансууруулах төрлийн бодис болох каннабисыг татаж, мансуурсан болохыг цагдаагийнхан тогтоосон. Талийгаачийг тун хэтрүүлэн хэрэглэсэн гэж үзсэн билээ. Энэ мэтчилэн хар тамхитай холбоотойгоор амиа алдсан залуусын хэргийг сөхөхөд дундаршгүй.

Хар тамхины гэмт хэрэгт 2016 оны байдлаар 109 эрүүгийн хэрэгт 224 хүнийг холбогдуулан шалгалтын ажиллагаа хийгдсэн. 2017 оны эхний нэг сарын байдлаар таван эрүүгийн хэрэгт 14 хүнийг холбогдуулан шалгасан аж. Гэмт хэргийн гаралтыг өмнөх жилүүдтэй харьцуулбал өссөн үзүүлэлттэй гарсан гэдгийг албаныхан хэлж байлаа. 2015 оны байдлаар 79 хэрэгт 169 хүнийг холбогдуулан шалгаж байжээ.

Цагдаагийн байгууллагаас гаргасан албан ёсны тоон мэдээллээс харвал 18-35 насныхан энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох нь хамгийн их буюу нийт тохиолдлын 76.3 хувийг эзэлж байгаа гэнэ. Мөн сүүлийн хоёр жилийн хугацаанд 18 нас хүртэлх иргэд хар тамхи, мансууруулах бодисын гэмт хэрэгт холбогдох нь хоёр дахин өссөн нь анхаарал татаж байгаа юм. Ийнхүү жил ирэх тусам газар авч, өссөн үзүүлэлттэй байгаа хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлж, тэмцэхийн тулд иргэд, төрийн болон төрийн бус байгууллагын оролцоо маш чухал гэдгийг ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ё.Лхагвасүрэн онцолж байлаа.

Судалгаагаар сүүлийн арав орчим жилд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэг нийт гэмт хэргийн 0.2 хувийг эзэлжээ. Үүнээс 82 хувь нь Улаанбаатар хотод үйлдэгдсэн байна. Хэрэгт холбогдсон хүмүүсийн 65 хувийг 18-24 насныхан эзэлж байгаа аж. Өнгөрөгч тавдугаар сарын байдлаар 66 хүн ял эдэлж, 22 хүн сэжиглэгдэн шалгагдаж байгаа гэнэ. Түүнчлэн хар тамхи мансууруулах бодисыг улсын хилээр нэвтрүүлэх арга улам нарийсч, олон улсын шуудан илгээмж, цахилгаан бараа, өргөн хэрэглээний бүтээгдэхүүнд нууж нэвтрүүлэх, борлуулахдаа товлосон газар нууж үлдээх, төлбөр тооцоог урьдчилж бусдын данс ашиглан авах зэргээр зохион байгуулалттай болсон аж. Энэ талаар ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч С.Ариунболор ярихдаа “Хар тамхины гэмт хэрэг олон улсын хэмжээнд, нууц далд аргаар үйлдэгддэг. Энэ хэргийн талаар ямар нэгэн субъект мэдэгддэггүй, мэдээлэл өгдөггүйгээрээ онцлог. Манай улсад илрүүлэлтийн тоо өсч байгаа. Тэгэхээр үйлдэгдэж байгаа хэргийн тоо өсч байна гэсэн үг. Холбогдож байгаа хүмүүсийн олонх нь залуус. Энэ нь Монгол Улсын ирээдүйд нөлөөлж байна гэсэн үг. Хар тамхины хэрэглээ монгол хүний удмын санд нөлөөлөх эрсдэлтэй байгаа” гэсэн юм.

ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГА МАНСУУРАГЧДЫГ ХЯНАЛТААСАА АЛДААД ОЛОН ЖИЛ БОЛЖЭЭ

Хар тамхи, мансууруулах бодисын төрлийн 50 орчим ургамал байдаг гэнэ. Үүний тодорхой хувь нь манай оронд ургадаг. Манай улсын хэмжээнд 2010 он хүртэлх хугацаанд энэ төрлийн гэмт хэргийн ихэнх хувийг манай оронд ургадаг мансууруулах бодисын үйлчилгээтэй зэрлэг олсны төрлийн ургамлыг олж авах, хадгалах, борлуулах зэрэг эзэлж байв. Харин 2011 оноос химийн аргаар боловсруулсан сэтгэцэд нөлөөлөх бодис болох амфетамин, метафетамин агуулсан мөс буюу “ice” гэх нэршилтэй бодисыг хэрэглэх нь ихэсчээ. “Хар тамхи, мансууруулах төрлийн бодисыг хэрэглэснээр хүний биед буй хүч энергийн нөөцийг богино хугацаанд дайчилж гаргадаг. Харин тэрхүү эрч, энерги нь дууссаны дараа тархинд цус харвасан эсвэл зүрхний шигдээс үүссэнтэй ижил хэмжээнд бүх эрхтэнд цусан хангамжийн дутагдал, гүнзгий хордлого илэрч, эрхтэн бүрд жижиг үхжил үүсдэг байна. Энэ нь эргэж сэргэхгүй” хэмээн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэцийн их эмч Ө.Анхболд ярьжээ. Ийнхүү хүний биед асар их хор хөнөөлтэй атал саваагүй, тоомжиргүй зангаас үүдэн хар тамхины хэрэгт холбогдох залуусын тоо буурахгүй байгааг холбогдох албаныхан сануулж байна. Хар тамхи байнга хэрэглэж мансуурдаг хүний тоо 76 мянгад хүрээд буй. Энэ талаар Тагнуулын ерөнхий газар, цагдаагийн байгууллага болон хар тамхи, мансуурлын эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллага хамтарч өнгөрсөн жил судалгаа хийсэн байдаг. Судалгаагаар нийт 76 мянга гаруй хүн хар тамхи хэрэглэж мансуурч байна. Үүний 60 гаруй мянга нь өсвөр насны хүүхдүүд болон 19-35 насны залуус байна гэх нарийвчилсан судалгааг гаргажээ. Хууль хяналтын байгууллага мансуурагчдыг хяналтаасаа алдаад олон жил болж байгааг холбогдох газрынхан хүлээн зөвшөөрдөг байна. Нэг ёсондоо тэд нүдэн балай, чих нь дүлий өнгөрдөг болжээ. Монголд хар тамхинд мансуурагчдын тоо 2005 оноос өмнө тэгтлээ их биш байсан. Анх урлагийнхан хар тамхи хэрэглэж, ар араасаа цагдаа нарт баригдах болсон. Мөн мансуурах нь хамгийн дээд мэдрэмж авдаг. Хамгийн гоё зүйл нь мансуурах гэх утга агуулсан дуу хийж, түүнийгээ олон нийтэд түгээх болсон. Тайзан дээр гарч ирээд л “Нүдээ аниад тэнгэрт нис. Хүчтэй сороод үз мансуурна, чи” гээд л дуулах болсон. Түүнчлэн олны хайр хүндлэлийг хүлээсэн дуучид хар тамхи хэрэглэж байгаа талаарх яриа 2000 оны дунд үеэс эхлэн урлагт анх хөл тавьж байгаа залуусын дунд гарч байсан.

Сүүлдээ дуучдын хар тамхи хэрэглэж байгаа нь өсвөр насны сурагч, залууст хүрч эхэлсэн байдаг. Дуучид хар тамхи хэрэглэж эхэлснээс хойш монголын хүүхэд, залуус хэдэн мянгаараа хар тамхинд орж донтох болсон байдаг. Ийнхүү хар тамхитай холбоотой ноцтой гэмт хэргийг холбогдох хууль хяналтын байгууллагууд үл тоомсорлож, зүгээр л чихнийхээ хажуугаар өнгөрөөдөг болж, тоон мэдээлэл гаргахаас хэтрэхээ больжээ.

Мансууруулах бодис хэрэглэвэл Монгол Улсын Эрүүгийн хуулийн 192-т заасны дагуу 15-20 хүртэлх жилийн хугацаанд хорих ялаар шийтгэдэг. Иймээс эцэг эхчүүд өсвөр насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, зан ааш өөрчлөгдөж буй эсэх, чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөж байгаа болон нийлж буй хүүхдүүдийг нь таньж мэдэх, хар тамхины хэрэглэгч болохоос сэрэмжлэхийг сануулж байна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нийгэм төлөвшихөд бидэнд дахиад олон жилийн хугацаа хэрэгтэй байна

Хөгжиж буй хоцрогдонгуй орнуудын нийгмийн сэтгэлгээний нийтлэг зовлонг тоочвол:

-Орчин үеийн төр байгуулж амжаагүй, байгуулж эхлэх шатандаа яваа

-Иргэдийн нийтлэг сэтгэлгээ нь дундад зууны ойлголттой

-Өөрийнхөө улсын сул дорой, хоцронгуй яваагаа мэддэг, үүндээ комплекстой

-Өмнөх түүхийнхээ аль нэг гялайж гялтайсан үе байвал түүнийгээ үндэсний бахархал болгох гэж тэмүүлдэг. Өнөөдрөөр амьдардаг, өчигдрөөр бахархдаг, маргаашаа боддоггүй.

-Хоцрогдлынхоо шалтгааныг юун түрүүн гаднаас хайдаг, маш амархан олдог. Тэр нь голдуу хөрш орон, эсвэл хэзээ нэг цагт үзэл суртал дайн байылдаанаар зөрчилдөж байсан улс байдаг.

-Өөрсдийгөө асар их баялагтай, эсвэл маш их бололцоотой авч үүнд нь саад болсон, эсвэл баялгийг нь булаах гэсэн гадны хүчин байгаад итгэдэг.

-Сонгогдсон ч бай, диктаторын ч бай төрөө үргэлж харддаг. Ямар ч шийдвэрийг нь хардах эсэргүүцэх хандлага хавтгай.

-Дотроосоо дайсан эрэмтгий. Баялаг бүтээгчдэдээ илүү дайсагнан ханддаг.

-Худалдаа, зуучлал, банкны үйлчилгээг мөлжлөг гэж хардаг.

-Зорилготой зорилгогүйгээр тараасан хуйвалдааны онол маягийн цуурхал болоод зориудын мушгин гуйвуулалтад нэн автамхай.

Энэ байдлаас болоод бодитоор буй болдог хүндрэл гэвэл:

-Сул дорой төртэй. Шийдвэр гаргагч нь эсвэл ганц дарангуйлагч, эсхүл үй олон давхардсан инстүүц, түүнийг төлөөлсөн түшмэд байдаг. Аль нь ч бай төрийн шийдвэр цуцлагдах, эргэж буцах нь туйлын амархан.

-Авлига маш дэлгэрсэн. Төрийн алба, албан тушаал нь худалдагдах, хишиг хүртээх, хахуульдах гэх мэт нөхцөлөөр шийдэгдэнэ.

-Хөгжил дэвшилд хандсан шийдвэр гаргаж чаддаггүй.

-Нийгэм нь овог отгийн маягийн хуваагдал руу тэмүүлсэн.

-Ард түмэн, нийгэм, улс орны хөгжил, байгаль экологи гэх мэт ариун уриа болгон рэкет, шамшигдуулал, хулгай, авлигыг халхлах нэр томьёо болдог.

-Ард түмэн төрдөө, төр нь ард түмэндээ итгэдэггүй.

-Төрийн татвар хураах чадвар нэн ядмаг.

-Улс төрийн хүрээнд ашиг сонирхлын бүлэглэлүүд байнга үүсэх ба энэ нь үргэлж өөрчлөгдөж байдаг хувирамхай шинжтэй.

-Улс төрийн аль ч намд нь тогтсон үзэл суртал чиглэл зорилго байдаггүй учир хоорондоо популизмаар өрсөлддөг.

-Сонгууль нь намын болон төрийн авлигын шинжтэй. Шударга сонгууль гэхээсээ ард түмнээ, эсвэл тодорхой нутаг бүлэглэлийг худалдан авах зарчмаар явагддаг.

-Хуулийг үл хүндэтгэх, үл тоох зэрэг нь нийтийг хамарсан үзэгдэл болсон. Алив хууль амьдралд хэрэгждэггүй. Хэрэгжих гэхээр маш олон янзын тайлбартай, яаж ч гуйвуулж болохуйц.

-Нийгмийн баялгийн хуваарилалт дэндүү шударга бус. Иймээс баян хоосны ялгаа маш их.

-Байгаль орчинд маш зэрлэг ханддаг. Энэ нь хамгийн хялбар аргаар олз олох гэсэн төрийн болон иргэдийн сонирхлоос үүдэлтэй.

Хоцрогдсон орнуудын энэ нийтлэг зовлон нь үндсэндээ байгалийн баялагтай ба баялаггүй гэж хоёр хуваагдана. Хэдийгээр өөр өөр шалтгаантай боловч хариу нь адилхан гарч байна. Үүнээс гадна түүх, уламжлал, тухайн үндэстний онцлогоос болж газар зүйн шинжтэйгээр Латин Америкийн, Африкийн, Далайн орнуудын, Өмнөд Европын, Төв Азийн гэх мэтээр ангилан үзэж болно. Гэхдээ л ерөнхийдөө эцэст нь гарах үр дүн адил, эсвэл төстэй. Эрнанда Сато, Жэфри Закс зэрэг томоохон эдийн засагчдын судалгаанаас үзэхэд эрүүл эдийн засгийн бодлогын талаар хоцрогдсон орны удирдагчид маш сайн мэддэг ажээ. Харин тийм бодлого явуулахаас татгалздаг гол шалтгаан нь нэгдүгээрт хоцрогдсон нийгмийн сэтгэлгээ нь шинэ алхмыг хүлээж авдаггүй, хоёрдугаарт засгийн эрх барьж байгаа хэсэгт буруу бодлого явуулах нь өөрсдөд нь ашигтай, унацтай учир зөв бодлого явуулахыг хүсдэггүй гэнэ.

Өнөөгийн Монгол оронд нийтлэг нийгмийн сэтгэлгээ, үүнээс гарсан үр дүн дээрхтэй бараг тэр чигээрээ адилхан. Монголчууд өөрсдийгөө төрийн хоёр мянга гаруй жилийн уламжлалтай, Чингисийн төрийн дэг журамтай гэж түүгээрээ ихэд бахархдаг. Гэвч үнэндээ 200 жил Манж Чин улсын, 100 жил Оросын эрхшээлд вассал явсан учир орчин үеийн төр өөрснөө байгуулах бололцоо ердөө гуч хүрэхгүй жилийн өмнөөс бүрджээ. Нэг үгэндээ энэ хооронд өөрийн мэдэлгүйгээр бусдын нөөлөг, эрхшээлд байсан учир хэдэн мянган жилийн өмнөх уламжлал таг мартагдсан. Тэгээд ч тэр нь орчин үеийн төрийн тогтолцоотой огт хавьтахгүй. Дэндүү өргөн уудам нутагт маш цөөн хүн амьдардаг нүүдэлчдийн дунд бэлчээрийн маргаан зөрчил мөнхөд оршиж байсан нь харин баттай уламжилж ирсэн учир биенийгээ болон гадны улсын алив хамтын ажиллагаа болгоныг бэлчээрт өнгөлзөх явдал гэж үзэн хардана, харамлана. Өдгөө хүн амын 80 хувь нь бэлчээрийн мал аж ахуйтай ямар ч холбоогүй амьдарч байгаа мөртөө бухал манасан нохой мэт.

Хамтын эрх ашиг, хамтын ашиг сонирхол гэдэг ойлголтоос нь гадуур учир ийм юмыг зөвхөн хардлагын нүдээр тодорхойлно. Оюутолгойн гэрээг маш шударга бус болсон, ясандаа тултал дээрэмдүүлж байна гэж хүн амын 90 хувь нь баттай үнэмшиж байгаа. 1990-2000 оны хооронд Япон улс ЗХУ-ыг орлож энэ оронд тусламжийн гараа сунгасан. Харин үүнийг Японы арал удахгүй живэх гэж байгаа учир тэд сайндаа биш ирээдүйд Монголд суурьших санаатай гэсэн үзэл бодол нийтийг хамарч байсан. Монголд хөрөнгө оруулаад олон улсын бирж дээр мөнгө босгосон олон тохиолдолд тэр цугласан мөнгийг өөрсдийнх гэж ойлгодог ба үүнийгээ дээрэмдүүлчихлээ гэсэн бодол бараг монгол хүн болгонд бий. Бидний нээсэн хамгийн том нээлт бол “Гадаадынхан бидэнд туслах гэж ирээгүй, цөлмөх гэж байна” гэсэн аксиом. Мэдээж хэн ч зүгээр л туслах гэж ирээгүй нь ойлгомжтой ч, хамтарч ажиллаад бий болсон ашгаа шударгаар хуваая гэж байгаа. Шударгаар хуваана гэдгийг шууд л шулна гэж ойлгодог учир дайсагнана, хөөж тууна. Энэ нь нийгмийн тодорхой хэсэгт ашиг өгдөг үндсэн ажил хэрэг нь болсон.

Ер нь байгалийн баялагтай хоцрогдсон оронд хөрөнгө оруулна гэдэг маш эрсдэлтэй алхам. Үүний жишээ дэндүү элбэг, дэндүү тодорхой. Ийм нийгэмд нэр хүндтэй арвин туршлагатай шударгаар өрсөлддөг компани орж ирдэггүй, орж ирсэн ч нэг удаа алдаад дахиж шагайдаггүй. Харин элдэв заль мэхтэн, хуурамч нэр зүүгчид ханддаг нь коммунизмын задарлын дараах бүхий л орнуудад элбэг харагдаж байлаа.

Сүүлийн хориод жилийн туршлагаас харахад Монгол улс нь гадны хөрөнгө оруулахад нэн аюултай, эрсдэлтэй орон гэдгээ харуулсан. Эндээс нэг бус гадны хөрөнгө оруулагч маш их хохирол амсан гарсан. Энэ байдал лавтай ойрын 10-15 жилд засрахгүй. Монголд хөрөнгө оруулж болох ганцхан салбар буй нь уул уурхай. Бидэнд гадагш нь зарах өөр юу ч байхгүй. Хивс, мах, гэр, ноолуур, сүүлний тосон саван, жамц давс гээд тоолж болох авч үүний бүх нийлбэр нь үнэ цэнэтэй ганц гайгүй уурхайн үнэд хүрэхгүй.

Гэхдээ Монгол улсад, монголчуудад хоцрогдсон бусад орнуудтай харьцуулахад өөрийн олон давуу чанар бий.

-Нийтээр бичиг үсэгтэй болоод жар шахам жил болж байна. Юутай ч чанар биш гэхэд тоон утгаараа 10 мянган хүнд ноогдох оюутан, сэхээтэн, доктор профессорын тоогоор дэлхийд тэргүүлэх эгнээнд яваа.

-Ямар ч шинэ нөхцөлд дасан зохицож өөрийгөө аваад гарах монгол хүний чадвар маш өндөр.

-Ямар ч юмыг хурдан сурч, түргэн эзэмшиж өөрийн болгох авьяастай.

-Худлаа ч бай, үнэн ч бай юутай ч юун түрүүн боловсрол мэдлэгтэй болох ёстой гэсэн нийтийн ойлголт давамгайлдаг.

-Маш их бардам, биеэ тоосон, индвид сэтгэлгээ нь зөв голдиролд орох юм бол хөгжлийн асар том капитал юм.

-Монголчууд бараг дан ганц үндэстнээс бүрдсэн учир хэрэвзээ омог отгийн хуваагдал руу хальтрахгүй бол нийгмийн зөвшилд амархан хүрч болно.

-Монгол хүн хэр баргийн хүнд нөхцөлийг даван туулах тэвчээрлэг чанартай.

-Монгол хүний шинэ содон юм, техник технологийн дэвшилд сонирхон шимтэх нь их сайн тал.

-Эрх чөлөөний мэдрэмж монгол хүнд бараг төрөхтэй нь хамт буй болдог. Монголчууд ямар нэг шашин, ёс заншил, үзэл суртлын дарамтаас үргэлж ангид байж чаддаг, хэрэв тийм дарамт ирвэл аргалаад өнгөрөөн ард нь гарч чадна.

-Өөр нэг сүрхий сонирхолтой онцлог гэвэл хэдийгээр авлига луйврын олон бүлэглэлтэй боловч аль нь ч удаан ноёрхож чаддаггүй. Монгол бол чөлөөт ардчилсан орон. Чухам үүний буянаар бүлэглэлүүд хэнийгээ ч дээш гаргах хүсэлгүй учраас харилцан биенээ илчилж “ямар нэг” гэж хэлж болохуйц шударга байдлыг тогтоогоод байна. Энд биенээ хэлмэгдүүлээд байгаа юм байхгүй, шударга үнэний нэр дор биенийхээ булхайг амархан илчилдэг. Энэ бол бас л сайн талтай үр дүн үзүүлдэг.

Үндэсний эдгээр онцлог, давамгай чанарууд нийлж нийгмийнхээ хөгжил дэвшил рүү ханддаг тийм цаг үе ирнэ гэж найдаж байна. Эдгээр давуу чанараа ашиглаад Монгол улс монгол үндэстэн мандан бадрах болно. Гэхдээ өнөө маргаашдаа биш. Үүнд дахиад дор хаяхад дараагийн 27 жил хэрэгтэй. Иргэншсэн залуу үе нийгмийн удирдлагад гарах, тэднийг гаргаж ирэх иргэншсэн иргэдтэй болоход бидэнд нэлээд олон жилийн туршлага зүтгэл, хичээл, тэвчээр шаардлагатай. Орчин үеийн төр байгуулах, төр нь инстүүчлэгдэх, нийтээр нийгмийн зөвшилд хүрч чаддаг болоход өнөөгийн хөгжингүй олон орон ч нэлээд цаг хугацаа зарцуулсан шүү дээ.

Монгол орныхоо алс ирээдүйг би маш өөдрөгөөр харж төсөөлдөг. Харин XX, XXI зууны дэлхийн хандлага, нөхцөл байдал, соёл иргэншил, тогтолцоо, авир ааш, эрэмбэ дараанд манай нийгэм дэндүү нялхдаж, өсөлтийн өвчин, нялхын гэнэн авираа засаж залруулан хөл дөрөөнд гар ганзаганд хүрэхэд бас өдий байна гэж боддог.

2017-9-4

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нэрт нийтлэлч Баабарын “МАНАН-ын мөхлийн эхлэл” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Манай сонины тэргүүн нүүрнээс “Угтаалцайдам сумын кварцын чулуун ордыг ашиглах зөвшөөрлийг Засаг дарга Н.Гантулга, ИТХ-ын дарга Р.Батбаяр нар хууль зөрчин олгосон уу” хэмээх баримтад сурвалжлагыг хүлээн авч уншаарай.

Улс төрийн хоёрдугаар нүүрнээс УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэтэй хийсэн ярилцлагыг хүлээн авч уншаарай. Тэрбээр “Өнгөрсөн нэг жилийн хугацаанд М.Энхболд УИХ-ын дарга, Ерөнхий сайдын албыг хамтад нь хашсан” хэмээн хэлжээ.

Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болж байдаг алдарт гуравдугаар нүүрэнд нэрт нийтлэлч Баабарын “МАНАН-ын мөхлийн эхлэл” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Мөн улс төрийн тавдугаар нүүрнээс УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайтай хийсэн ярилцлагыг хүлээн авч уншаарай. Тэрбээр “Ерөнхий сайдын албанд Ж.Эрдэнэбат үнэндээ жулдсан” хэмээн онцлон хэлжээ.

Арваннэгдүгээр нүүрнээс цаг үеийн үйл явдлын мэдээ, мэдээллүүдийг сонирхон хараарай.

Эдийн засгийн 17 дугаар нүүрнээс “Төсвийн орлого долоон татвараар нэмэгдсэн, харин иргэдийн амьдрал сайжирсан уу” хэмээх эдийн засгийн нийтлэлийг хүлээн авч уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээ, мэдээллийг цахимаар уншихыг хүсвэл дараах линкэд бүртгүүлнэ үү. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Энхмарт “Балдорж” шагналын эзэн боллоо

Image may contain: 3 people, people smiling, people standing

Сэтгүүлчдийг бүтэн жилийн турш уяа сойлгоо тааруулж, байнгын формтой байхыг “шаарддаг” их хурд өнөөдөр барианы зурхайд хурдан “хүлгүүдээ” тосож авлаа. Жил бүрийн есдүгээр сард болдог “Балдорж” шагнал гардуулах ёслолын ажиллагаа бол Монголын хэвлэл мэдээллийн салбарынхны хамгийн том баяр, хамгийн их хүсэн хүлээдэг наадам нь яах аргагүй мөн. Ес дэх удаагийн тэргүүн шагналтныг тодруулах арга хэмжээнд уламжлал ёсоор Монголын үе үеийн Төрийн тэргүүн нар хүрэлцэн ирснээс гадна улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын салбарын нэрт зүтгэлтнүүд хуран чуулсан юм. Сэтгүүл зүйн шилдэг бүтээлд ‘Балдорж шагнал’ гардуулах ёслол “Улаанбаатар” зочид буудалд боллоо. Ес дэх удаагийн “Балдорж” шагналын гранприг ‘Үндэсний шуудан’ сонины сэтгүүлч Б.Энхмарт хүртэв.

Image result for Хүрэлбаатар балдорж-ШИЛДЭГ АРАВТ “ӨДРИЙН СОНИН”-Ы
СЭТГҮҮЛЧ Э.ХҮРЭЛБААТАРЫН
“БИЧИГТИЙН БООМТ ДЭЭР ЦЭВДЭГ СЭТГЭЛТЭЙ
МОНГОЛЧУУДЫН ГАРТ АДУУН СҮРЭГ МААНЬ ӨЛДӨЖ, ХӨЛДӨЖ ТАРЧИЛСААР ҮХЭЖ БАЙНА”
ХЭМЭЭХ ЦУВРАЛ НИЙТЛЭЛ ШАЛГАРЛАА-

Нэрт нийтлэлч Ж.Гангаа агсан энэхүү нэр хүндтэй шагналыг 2011 онд хүртэж байсан бол 2012 оны шилдэг 10-ын нэгээр шалгарч байсан билээ. Тэгвэл долоо дахь удаагийн “Балдорж” шагналтнаар “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Э.Хүрэлбаатар “Зүүн гурван аймгийн хуульгүй ардууд зээрийн сүргээ хүйс тэмтрээд дуусаж байна”, “Би Монгол Улсаа дэлхийн хамгийн том орон гэж боддог буюу Хануйн бага сургуулийн сурагчид”, “Бөгтөр бөхөнгийн мөхөл ирэв үү” бүтээлээрээ тодорч, болор цом, өргөмжлөл гардан авч байсан билээ.

Тэгвэл өнөө жилийн “Балдорж” наадмын шилдэг аравт манай сонины сэтгүүлч Э.Хүрэлбаатарын “Бичигтийн
боомт дээр цэвдэг сэтгэлтэй монголчуудын гарт адуун сүрэг маань өлдөж, хөлдөж
тарчилсаар үхэж байна” хэмээх цуврал нийтлэл шалгарлаа.

Image may contain: 5 people

2017 ОНЫ ШИЛДЭГТ БАГТСАН СЭТГҮҮЛЧИД

  • Г.Одгарав, “Хар тугалга” нийтлэл (GoGo.mn сайт)
  • Ц.Оюундарь, Х.Шинэ-Од, “Дүрвэгсдийн жимээр” баримтат кино (МҮОНТВ)
  • Г.Батзаяа, Ж.Золзаяа, Б.Отгон-Эрдэнэ, ‘Хүчирхийлэлд өртсөн хөвгүүд хайчдаг вэ’, ‘Гомдох эрхгүй хүмүүс’) цуврал сурвалжлага, ярилцлага, нийтлэл (МҮОНР)
  • Б.Баярмаа, Б.Ганбаяр, “Амины үнэтэй халуун тогоо” гэрэл зургийн сурвалжлага (‘Засгийн газрын мэдээ” сонин)
  • Ж.Сувдмаа, ‘Хүдэрийг самарчид самарч байна’ сурвалжлага (‘Өнөөдөр’ сонин)
  • Б.Энхзаяа, ‘Хогонд дарагдсан Хөвсгөл, Туулын тахинд цахилгаан хөрөө тачигнаж байна’ (‘Зууны мэдээ’ сонин)
  • Э.Хүрэлбаатар, ‘Бичигтийн боомт дээр цэвдэг сэтгэлтэй монголчуудын гарт адуун сүрэг маань өлдөж, хөлдөж тарчилсаар үхэж байна’ (‘Өдрийн сонин’)
  • Б.Ерөнтэй, ‘Эмээлийн мөнгөн Эврика’ (‘Open Door’ сонин)
  • Э.Харцага ‘Халдлагад өртсөн туул’ гэрэл зургийн сурвалжлага (‘Өнөөдөр’ сонин)
Харин “Балдорж” шагналын анхны эзнээр 2009 онд “Үндэсний шуудан” сонины тоймч, сэтгүүлч Б.Ганчимэг тодорч байсан түүхтэй.

Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ нийгэм

БНХАУ-д тураах эм хуурамчаар үйлдвэрлэж байжээ

Манай орны хувьд хэрэгцээт хүнсний бүтээгдэхүүнийхээ 70 хувь, аж үйлдвэрийн барааны 90 хувь, шатахуун, техник, төхөөрөмжийг 100 хувь гадны орноос импортлодог. Үүний дотор хүнсний нийт бүтээгдэхүүний 20-иос илүүтэй хувийг урд хөршөөсөө импортолдог юм. Тэгвэл тус улсад хуурамчаар тураах эм үйлдвэрлэж байсан зөрчил илэрсэн байна. БНХАУ-ын Хунань мужийн Лоуди хотын захиргаа тус хотын нийтийн аюулгүй байдлын товчоо болон хүнс, эмийн бүтээгдэхүүний хяналтын газар хамтран явуулсан шалгалтаар хүний биед хортой бодис ашиглан хуурамч тураах эм үйлдвэрлэн, худалдаж байсан зөрчил илэрсэнийг олон нийтэд зарлаад байна.

Хунань мужийн Иян хотоос 20 километр алслагдсан ууланд 20 гаруй насны залуус хааш хаашаа 10 метр.кв талбайтай жижиг өрөөнд нэг цагт 10 мянган ширхэг хортой хуурамч тураах эм үйлдвэрлэн, худалдан борлуулж байжээ. Лоуди хотын цагдаагийн газар хууль бус эмийн үйлдвэрлэлийн гол цэгт нь шалгалт хийж, холбогдох сэжигтнүүдийг баривчилсан аж. Хэсэг залуусын хувиараа үйлдвэрлэж, худалдан борлуулсан тураах эм нь 19 өнгийн капсултай нийтдээ 100 мянган хайрцаг бөгөөд нийт дүн нь 100 сая юаныг давжээ. Цагдаа нар одоо хотын бүх зах, худалдааны төвүүдэд шалгалт хийж, хуурамч эмийг хурааж байгаа аж.

Хуурамч тураах бүтээгдэхүүнтэй холбоотой мэдээллийг Алибаба худалдааны сайт цагдаад мэдэгдсэн байна. Тус компанийн хуурамч бүтээгдэхүүний хяналтын багийн ахлагч Чен Ли Хунань мужийн нутаг дэвсгэрт “Green” гэх тураах эм интернэтээр худалдаалагдаж байсныг илрүүлсэн тухайгаа мэдэгджээ. Улмаар найрлагад нь хууль бус, хортой бодис орсон байж болзошгүй гэж үзэн цагдаад мэдэгдсэн аж.

Харин цагдаагийн газар хэргийг хагас жил орчим хугацаанд мөрдөн шалгасны эцэст гэмт хэрэгтнүүдийг үйлдэл дээр нь баривчилсан гэнэ. Цагдаагийн газраас мэдээлснээр, энэ удаагийн хэрэгт холбогдон саатуулагдсан залуус Хунань мужийн Иян хотоос гаралтай байжээ. Тэд хоёр жилийн өмнөөс хуурамч тураах эм үйлдвэрлэн, интернэтээр дамжуулан худалдаалж, их хэмжээний ашиг олдог байсан аж.

Сэжигтнүүд Гуандун, Зежианаас капсул дүүргэгч машин, эмийн найрлагад орсон бодис, капсул, сибутрамин зэргийг худалдан авч, ууланд байрлах байшиндаа хуурамчаар үйлдвэрлэдэг байсан байна. Сибутрамин гэх бодис нь хар тамхины төрлийнх бөгөөд тарган, жин ихтэй хүмүүсийн хоолны дуршлыг бууруулах зорилгоор хэрэглэдэг гэнэ. Гэвч, уг бодис нь хүний биед маш муу сөрөг нөлөөтэй аж. Үүнийг хэргийн сэжигтнүүд мэдсээр байж, хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэлдээ ашигладаг байжээ.

Лоуди хотын Хүнс, эмийн хяналтын газрын дарга Хоу Дифаны хэлж буйгаар сибутрамин нь төв мэдрэлийн системд сөргөөр нөлөөлж, хоолны дуршлыг дарангуйлах үйлчилгээтэй бодис гэнэ. Улмаар даралт ихэсгэх, зүрхний цохилтын тоо олшрох, хоолонд дургүй болгох, нойргүйдэх, элэгний үйл ажиллагааг гэмтээх зэргээр хүний биед ноцтой хохирол учруулах эрсдэлтэй юм байна. БНХАУ-д 2010 онд сибутрамин болон түүний найрлагатай эмийн үйлдвэрлэл, худалдаа, ашиглалтыг хориглосон юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

МАН-ын бүлэг маргааш хуралдана

МАН-ын бүлгийн гишүүд Засгийн газраа огцруулснаас хойш усанд хаясан чулуу шиг алга болсон. Тэгвэл өнөөдрөөс Төрийн ордноор зарим гишүүд ирсэн байна. Маргааш өглөө 10 цагт бүлгийн хуралдаанаа хийхээр тов зарлажээ. Бүлгээр хэлэлцэх асуудал одоогоор тодорхой болоогүй байгаа ч хоёр хуваагдсан намын бүлгээ нэгтгэх асуудлыг ярилцах бололтой. Дараа нь МАН-ын Удирдах зөвлөлийн хурлыг хуралдуулахаар товлосон гэх мэдээлэл байгаа юм. Удирдах зөвлөлийн хурлаасаа Бага хурлаа хуралдуулах товыг тогтоно. Бага хурлаар харин шинэ Загсийн газрын бүтцийг хэлэлцэх юм.

Э.ЭНХ