Categories
мэдээ нийгэм

Иргэдэд эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ үнэ төлбөргүй хийнэ

Зураг

Сонгинохайрхан дүүрэг үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд Сонгинохайрхан эрүүл мэндийн төв, П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлэгтэй хамтран “Сонгинохайрхан 25 жил – Эрүүл мэндийн өдөрлөг” зохион байгуулах болжээ.

Өдөрлөгийн үеэр зүрхний шигдээс, мэдрэлийн мэс засал болон чих, хамар, хоолойн эмчийн үзлэгийг үнэ төлбөргүй хийх юм. Мөн нүдний эмч нар үзлэг хийж, иргэдэд эрүүл зөв хооллолтын зөвлөгөө өгч, цусан дахь сахар, артерийн даралт үзэх аж. Өдөрлөг энэ сарын 16-нд буюу ирэх бямба гарагт “Соёмбо” кино театрын гадаа талбайд 10.00-16.00 цагийн хооронд болно.

Categories
мэдээ соёл-урлаг

“Улаанбаатар” Олон Улсын IX кино наадам болно

Нийслэлийн засаг Даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын урлагийн зөвлөл, Монголын кино урлагийн зөвлөл хамтран кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн сор болсон киног Монголын үзэгчдэд хүргэх зорилготой “Улаанбаатар” Олон Улсын IX кино наадмыг 2017 оны 10 дугаар сарын 10-15-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Тус кино наадамд Монгол, Америк, Ази, Европын кино уран бүтээлчид болон олон Улсын нэр хүндтэй кино наадмын зохион байгуулагчид оролцоно.

Наадмын нээлт 2017 оны 10-р сарын 10-нд 18:00 цагаас зохион байгуулагдах бөгөөд 2017 оны 10 сарын 10-15-ны хороонд болно. Энэ удаагийн наадмын хүрээнд Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан “Улаанбаатар” олон Улсын кино наадмын Монгол киноны уралдааныг зарлаж байна. Тус уралдаан нь “Уран сайхны кино”, “Баримтат кино”, “Хүүхдийн кино бүтээл”, “Нээлтийн кино” гэсэн дөрвөн төрөлд тус бүр нэг кино бүтээлийг шалгаруулж, цом, өргөмжлөл, мөнгөн шагналтай.

Үндсэн шаардлага:

Монгол кино уралдаанд 2016 оны 1 дүгээр сарын 1-нээс 2017 оны 09 дүгээр сарын 15-ны дотор бүтээгдсэн “Уран сайхны кино”, “Баримтат кино”, “Хүүхдийн кино бүтээл”, “Нээлтийн кино” гэсэн дөрвөн төрлийн кино бүтээл байна. Нээлтийн киноны шалгаруулалт нь огт нээлтээ хийгээгүй, шинэ бүрэн хэмжээний Монголын уран сайхны кино оролцох боломжтой. Урьд өмнө нь нээлтээ хийгээгүй шалгарсан кино бүтээл нь “Улаанбаатар” Олон Улсын кино наадмын албан ёсны нээлтийн бүтээл болох эрхийн эзэн болох ба 2017 оны 9 сарын 20-нд олон нийтэд зарлана.

Сонгон шалгаруулах шалгуур:

  • Монголын кино урлагийн салбарын өнөөгийн хөгжил, урлаг, уран сайхан болон дуу дүрсний өндөр чанартай бүтээл байх,
  • Киноны баг нь уран сайхны кино бүтээх чиглэлээр гурваас доошгүй жил бүр бүтээлтэй ажилласан дадлага туршлагатай байх,
  • Англи субтитртай байвал давуу талтай, шалгарсан кинонууд субтитр хийх үүрэг хүлээх,

Сонгон шалгаруулалт:

Сонгон шалгаруулалтыг Нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын кино урлагийн зөвлөл болон тус салбарын төлөөлөл хийж “Улаанбаатар” Олон Улсын IX кино наадмын ажлын хэсэгт танилцуулна. Нээлтийн киноноос бусад шалгаруулалтын эцсийн дүнг 2017 оны 10 дугаар сарын 10-нд зарлана.

Бүрдүүлэх материал болон өргөдлийн маягт

  • Өргөдлийн маягт (Тусгай өргөдлийн маягт хавсаргасан болно, мөн
    Нийслэлийн Соёл, урлагийн газрын доорх хаягаар авах боломжтой)
  • Киноны товч түүх
  • Kино багийн танилцуулга
  • Уран бүтээлчийн намтар болон бүтээлийн жагсаалт
  • Кино компани, студийн танилцуулга
  • Киноны DVD хувь

Хугацаа

  • Өргөдлийг холбогдох материалын хамт 2017 оны 9 дүгээр сарын 18-ыг дуустал Нийслэлийн Соёл, урлагийн газарт ирүүлнэ үү.
  • Өргөдөлтэй холбоотой асуудлаар Нийслэлийн Соёл, урлагийн газрын
    11-321529 утсаар холбогдоно уу.
  • Монголын Кино Урлагийн Зөвлөл. Утас 99011145, 99767176
Categories
мэдээ нийгэм

НДШ төлөхөд баримтлах хөдөлмөрийн хөлсний ДЭЭД хэмжээг тогтоолоо

Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 болон 5 дахь хэсэгт заасан хувь хэмжээгээр ажил олгогчийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тухайн ажил олгогчийн сарын нийт хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоор тогтоов.

Мөн хуулийн 15 дугаар зүйлийн 1 болон 2 дахь хэсэгт заасан хувь хэмжээгээр даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос баталсан сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй байхаар тогтоолоо.

Даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж тогтоох, цэргийн алба хаагчийн тэтгэвэр тогтоох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 2011 оны 04 дүгээр сарын 05-ны өдийг хүртэл хугацаанд “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүр, тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 201 оны 153 дугаар тогтоолын 2 дахь хэсгийн “В”-д зааснаар, мөн өдрөөс хойших хугацаанд сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар тооцлоо.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн өвлийн бэлтгэл 90 гаруй хувьтай байна

Эдгээр өдрүүдэд өвөлжитийн бэлтгэл ажил ид дундаа өрнөж байна. Тэгвэл өчигдөр Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар болон бусад албаныхан нийтийн тээврийн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй компаниудын өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгаж, үүрэг даалгавар өгөв.

Энэ үеэр НЗД-ын орлогч П.Баярхүү “Нийслэлийн иргэдийн хамгийн их үйлчлүүлдэг тээврийн хэрэгсэл бол нийтийн тээвэр. Тиймээс нийтийн тээврээр үйлчлүүлэгсдийн эрүүл, аюулгүй байдлыг хангахын тулд нийтийн тээврийн хэрэгсэл өнгө үзэмжтэй, цэвэр тохилог, хамгийн гол нь өвөлдөө дулаахан байх шаардлагатай. Олон нийт, иргэдээс ирсэн санал хүсэлтийн дагуу өнгөрсөн наймдугаар сард нийтийн тээврийн үйлчилгээний чанар, цэвэрлэгээ, жолоочийн ёс суртахууны асуудалтай холбоотой саналууд ирсэнтэй холбогдуулан нийтийн тээврийн автобусуудад үзлэг, шалгалт хийж, үүрэг даалгавар өгсөн. Гэвч өнөөдөр иргэдээс цэвэрлэгээ, жолоочийн соёлын асуудал дээр санал, гомдол тасрахгүй ирсээр байна. Тиймээс энэ тал дээр нийтийн тээврийн байгууллагууд онцгойлон анхаарч ажиллах, цэвэрлэгээ үйлчилгээгээ сайжруулах хэрэгтэй байна. Нийслэлийн зүгээс мөн туслаж, дэмжих тал дээр анхаарч, зайлшгүй шийдвэрлэх ганц хоёр асуудлыг шийдвэрлэж өгөх болно” хэмээлээ.

Нийтийн тээврийн компаниудын зүгээс “Автобусны эцсийн зогсоолууд дээр цэвэрлэгээ хийхэд төвлөрсөн хогийн цэг, хогийн цэгийн асуудал хүндрэлтэй байдаг гэлээ. Тиймээс хогийн төвлөрсөн цэг, савны асуудлыг шийдэж өгөхийг хүслээ. Мөн нийслэлээс тавьж буй шаардлагын дагуу автобусны суудлын бүрээсийг арчиж, цэвэрлэхэд хялбар байх тал дээр анхаарах болно. Тогтмол хөнгөн цэвэрлэгээг хийх тал дээр анхаарья” хэмээж байсан юм.

Нийтийн Тээврийн газрын даргын А/71 тоот тушаалын дагуу нийтийн тээврийн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй компаниудын өвөлжилтийн бэлтгэл ажлыг ажлын хэсэг үе шаттайгаар шалгаж байгаа аж. Энэ үеэр албаныхан нийтийн тээврийн компаниудын өвөлжилтийн бэлтгэл ажил 90 гаруй хувьтай байгааг хэллээ. Ирэх сарын 1 гэхэд өвөлжилтийн бэлтгэл бүрэн дуусах юм байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Чойжилсүрэн: Шинээр байгуулагдах Засгийн газар ОУВС-ийн хөтөлбөр үргэлжлүүлэх үгүйг шийднэ

Image result for Б.Чойжилсүрэн

Монгол Улсын Засгийн газэр огцорсонтой холбоотойгоор ОУВС-гийн хөтөлбөрийн асуудал хөндөгдөөд байгаа билээ. Тэгвэл энэ талаар Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэнгээс тодруулахад “Засгийн газар огцорсонтой холбоотойгоор ОУВС хүлээлтийн байдалд орж таарна. Шинэ байгуулагдах Засгийн газар ОУВС-гийн хөтөлбөр цаашид үргэлжлэх үгүйг шийднэ” гэсэн юм. Мөн төсвийн орлого 500 тэрбум төгрөгөөр давсан тул төсвийн тодотголоор хүүхдийн мөнгийг нэмж суулгана гэлээ.

Э.ЭНХ

Categories
мэдээ нийгэм

Энхийг сахиулагчдад Төрийн дээд одон медаль гардуулав

sudan

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад НҮБ-ын мандаттай энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн VII ээлжийн мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүнийг Зэвсэгт хүчний Жанжин штабын жагсаалын талбайд өнөөдөр хүлээн авч Төрийн дээд одон медаль гардууллаа.

Тус арга хэмжээнд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, ЗХЖШ-ын орлогч дарга хошууч генерал Ж.Бадамбазар болон БХЯ, ЗХЖШ, ХХЕГ, ОБЕГ, ЦЕГ, ТЕГ-ын удирдлага болон албаны хүмүүс, хүндэт зочид, үүрэг гүйцэтгэх цэргийн багуудын бие бүрэлдэхүүн, тэдний ар гэрийн төлөөлөл оролцов.

Categories
мэдээ нийгэм

Ухаалаг утас, компьютерээс болж харааны эмгэгтэй хүүхдүүд олширчээ

Эрүүл мэндийн сайдын тушаалаар жил бүрийн есдүгээр сарын 15-ны өдрийг “Хүүхдийн харааг хамгаалах өдөр” болгон үндэсний хэмжээнд зарлажээ. Эл өдрийг угтаж Монголын нүдний эмч нарын нийгэмлэгийн тэргүүн Ч.Чимгээ, Эрүүл мэндийн яамны нүд судлалын салбар зөвлөлийн дарга Т.Булган, ЭХЭМҮТ-ийн нүдний мэс заслын тасгийн эрхлэгч Ч.Цэнгэлмаа, Хүүхдийн нүд судлал ба хялрын нийгэмлэгийн тэргүүн М.Алтанхүү нар мэдээлэл хийлээ.

Манай улсын хувьд 2013 оны тоон мэдээллээр харааны бэрхшээлтэй 14800 гаруй хүн байгаагаас тав хүртэлх насны 314, сургуулийн /6-15/ насны хүүхдүүд 1209, 16-35 насныхан 3384, 60-аас дээш насны 3903 хүн байна. Хөдөлмөрийн чадвар алдалтын тэргүүлэх таван өвчинд нүдний эмгэг багтаж цаашид нэмэгдэх хандлагатай байгаа нь анхаарал татаж буй юм.

Техник, технологийн хөгжил дэвшилтэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд бага насны хүүхдүүдийг ухаалаг гар утас, зөөврийн компьютер, Ipad зэргээр хараа хяналтгүй тоглуулсанаар харааны сулралтай хүүхдийн тоо нэмэгдэж байгааг эцэг, эх асран хамгаалагч нар анхаарах шаардлагатай байгааг мэргэжилтнүүд хэлж байлаа. Дэлхийн өндөр хөгжилтэй улс оронд хүүхдийн харааг 3-5 настайгаас нь шалгуулж, урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамруулдаг байна.

Сургуулийн өмнөх насны /3-5/ хүүхдийн нүдний харааг жил бүр шалгаж, нүдний эмгэгийг эрт илрүүлснээр хүүхдийн болор цайх өвчин, нүдний хорт хавдар, нүдний хугарлын гажиг, хялар харах, зовхины эмгэг зэрэг сохрол сул хараанд хүргэдэг өвчнүүдээс сэргийлэх боломжтой бөгөөд эцэг эхчүүд хүүхдүүдэд тавих анхаарлаа нэмэгдүүлэхийг тэд уриаллаа.

Сургуулийн өмнөх нас /3-5 нас/-ны хүүхдийн нүдний харааг шалгах, нүдний эмгэгийг эрт илрүүлэх, мэдээлэх тогтолцоог бий болгож хэрэгжүүлэх зорилготой юм байна.

Дээрх зорилгын хүрээнд:

  • Хүүхдийн хараа хамгаалах өдрийг угтан ЭХЭМҮТ-ийн нүдний мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн харааг оношилж, шил тааруулж өгчээ.
  • Цаашид хүүхдийн нүдний эрүүл мэндийн талаарх энгийн ойлголтыг ард иргэдэд эзэмшүүлэх, сумын эмч , сувилагч нар өрхийн эмч нар цэцэрлэгийн багш нарт хүүхдийн нүдний эрүүл мэнд харааг шалгах чадварыг эзэмшүүлэх юм байна.
Categories
мэдээ спорт

Д.Сумьяа, П.Орхон, Д.Отгондалай нарт хүндэтгэл үзүүлнэ

МУБИС-ийн БТС-ийн төгсөх ангийн оюутан, МУГТ Дэлхийн аварга Д.Сумьяа, МУГТ Дэлхийн аварга П.Орхон, МУГТ Дэлхийн аваргын хүрэл медальт Д.Отгондалай нарт хүндэтгэл үзүүлэх ёслол МУБИС-ийн Б байрны 3 давхарт 311 тоот буюу Урлагийн зааланд 14:00 цагт болно.

Categories
мэдээ нийгэм

Израйлийн авирагчид Алтай Таван богдын цасанд боогдоогүй нэг нь таталт өгсөн байжээ

Image result for Алтай Таван богд

Израйл улсын таван жуулчин, Монгол Улсын нэг иргэн Алтай Таван Богд ууланд аялж явахдаа цасанд боогдсон байж болзошгүй тухай мэдээлэл цацагдсан. Тэдгээр иргэнийг хайхаар эрлийн баг гаргасан тухай өчигдөр албаныхан мэдэгдэж байсан.

Дуудлагын дагуу Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 8, цагдаагийн газрын нэг, нийт 9 алба хаагч, нэг автомашин, техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн юм.

Дээрхи авирагчид болон гадаадын иргэд нь цасанд боогдоогүй бөгөөд нэг нөхрийнх нь эрүүл мэндийн байдал муудаж, таталт өгсөн учир авиралтыг зогсоосон байжээ. Израйль улсын таван иргэнийг Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн “Ми-171” загварын нисдэг тэргээр өнөө өглөө үүрээр Улаанбаатарт авчирсан тул эрэн хайх ажиллагааг зогсоосон байна.

Categories
мэдээ улс-төр

Ж.Эрдэнэбат: Хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг эх орондоо үйлдвэрлэхийг зорьж байна

Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбат өнөөдөр БНПУ-ын “Полмот холдинг”-ийн Хөгжлийн газрын захирал Марек Полыг хүлээн авч уулзлаа. Манай хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрийн хүрээнд Польш улсаас 50 сая еврогийн хөнгөлөлттэй зээл авч 32 саяыг нь хөдөө аж ахуйн салбарт зарцуулахаар болоод байсан. Энэ зээлийн хүрээнд “Полмот холдинг” манай улсад трактор угсрах үйлдвэр байгуулах саналаа тавьж Засгийн газрын зүгээс дэмжлэг хүссэн байна. Тус компани хэд хэдэн тракторын үйлдвэр байгуулсан туршлагатай бөгөөд ирэх намар гэхэд “Монголд үйлдвэрлэв” гэсэн тодотголтой трактор худалдаанд гаргахаар төлөвлөжээ. Үүний хариуд Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбат “Монгол Улсын Засгийн газар хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээрээ дотоодынхоо хэрэгцээг хангаж улмаар экспортын чиглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьж байна. Хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжийг эх орондоо үйлдвэрлэхийг зорьж байгаа. Үүнд танай санал чухал түлхэц болж байна” гэв.

С.АЛТ