Categories
мэдээ нийгэм

“Ид шидийн орон” маргааш нээлтээ хийнэ

“Ид шидийн орон” хүүхэд хамгаалал, хөгжлийн төвийн барилгын нээлт маргааш /2017.09.15/ болох гэж байна.

Барилгын ажил өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхэлсэн бөгөөд 8х15 метрийн харьцаатай хоёр давхар хоёр барилга ашиглалтад орж буй нь энэ юм.

Баянхошууны Зүүн салаанд байрлалтай, 200 метр квадрат талбайг хамарсан уг цогцолборт 50 хүүхэд тойрч суух саравч, өв соёл, уламжлалын зургаан ханатай гэр, тоглоомын талбай, усан оргилуур, ухаалаг агуулах, сургалтын танхим, номын сан, хөгжмийн өрөө, сагсан бөмбөгийн талбай, хүлэмж, зам талбайн гэрэлтүүлэг, бага оврын цэвэрлэх байгууламж, шалны халаалт гээд олон бүтээн байгуулалт хийжээ.

Энэхүү байгууламжтай есдүгээр сарын 15-17-ны өдрүүдэд танилцан “Зэрэгцээ ертөнц” гэрэл зургийн үзэсгэлэнг үзэх боломжтой. Мөн нээлтийн үеэр цаашдаа авч хэрэгжүүлэх ажил, төлөвлөгөөний талаар танилцуулах юм байна.

Categories
мэдээ нийгэм

“Монгол Улсын Тогтвортой санхүүжилт” форум болж байна

bank

Жил бүр зохион байгуулагддаг Монгол Улсын Тогтвортой санхүүжилт форум энэ удаа “Тогтвортой санхүүжилтийг түгээн дэлгэрүүлэх олон талт хамтын ажиллагаа” сэдвийг хөндөж байна.

Монголын банкны холбоо, Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран “Монгол Улсын Тогтвортой санхүүжилт /ТоС/-ийн Форум 2017” арга хэмжээг Шангри Ла зочид буудлын хурлын танхимд зохион байгуулж буй нь энэ юм. Форумд БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн дарга Эрик Солхайм тэргүүтэй гадаад, дотоодын 400 гаруй төлөөлөгч оролцож байна.

Энэ үеэр Монголын банкны холбооны Ерөнхийлөгч О.Орхон “Монголын банкны холбооны удирдах зөвлөлөөс банкнаас бусад бизнесийн салбарууд Тогтвортой санхүүжилтийг түгээн дэлгэрүүлэхэд нэгдэж хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх зорилгоор Тогтвортой санхүүжилтийн хөтөлбөрийг албан ёсоор тусад нь гаргахаар шийдвэрлэлээ.

Тун удахгүй Монгол Улсын Тогтвортой санхүүжилтийн холбоонд гишүүнээр элсэх урилга та бүхний гарт хүрэх болно. Олон талт хамтын ажиллагааны хүрээнд ТоС зөвхөн банкны салбарт төдийгүй Банк бус санхүүгийн байгууллага, даатгал зэрэг байгууллагад барилга, уул уурхай, хүнс хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэр гээд олон салбарт шинэ боломжийг бий болгоно” гэдгийг онцоллоо.

Categories
мэдээ нийгэм

Ослын үеэр цагдаа дуудаж давхар торгууль төлөх шаардлагагүй аж

Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа Э.Бөхбат “Иргэдэд мэдээлэл хүргэхэд жолооч зам тээврийн осолд холбогдоод иргэний маргаан гараагүй тохиолдолд заавал цагдаа дуудах шаардлагагүй. Даатгал ирээд даатгалаа олгох үүрэгтэй олгохгүй цагдаагийн тодорхойлолт нэхээд байгаа даатгалыг санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдэж үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авахуулж болно.

Иргэний маргаан гарсан тохиолдолд цагдаагийн үйлчилгээг авч Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрэм зөрчсөн нь эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр тогтоогдвол зөрчлийн хуулиар арга хэмжээ авч оноо хасагдах болно” хэмээн өөрийн цахим хуудастаа бичжээ. Өөрөөр хэлбэл, ослын үеэр цагдаа дуудаж, оноогоо хасуулах, давхар торгууль төлөх шаардлагагүй аж.

Categories
мэдээ нийгэм

Шүд цоорох өвчний хамгийн том шалтгаан нь хоол хүнсний буруу хэрэглээ

Шүд цоорох өвчний хамгийн том шалтгаан нь хоол хүнсний буруу хэрэглээМанай улсын хүн амын дунд сүүлийн үед эрчимтэй тархаж байгаа өвчлөл нь шүд цоорох өвчин юм. Ихэвчлэн бага насны хүүхдүүдийг хамрах болсон уг өвчнөөс хэрхэн сэргийлж, шүдэнд ээлтэй хүнсний бүтээгдэхүүнийг яаж сонгох талаар НЭМГ-аас дараах зөвлөмжийг гаргажээ.

Хүүхдийн шүд цоорох өвчин нь олон зүйлээс шалтгаалж үүсдэг. Хамгийн гол шалтгаан нь хоол хүнсний буруу хэрэглээ юм. Бидний эргэн тойронд худалдаалагдаж буй хүнсний бүтээгдэхүүний дийлэнх хувьд нь төрөл бүрийн хийжүүлсэн ундаа, чихэрлэг жүүс, хатуу болон зөөлөн чихэр, шоколад зэрэг элдэв амттан багтдаг гэхэд хилсдэхгүй. Харин эдгээр амтат ундаа, чихэрлэг хүнсний бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэснээр шүдний цоорол өвчнийг үүсгэх нөхцөл байдлыг бий болгодог аж.

Иймээс хүүхдийн шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд хоол хүнсний хэрэглээгээ зөв зохицуулах, хянах нь чухал нөлөөтэй юм. Тухайлбал, тогтсон дэглэмийн дагуу өдөрт гурван удаа хооллох нь шүд цоорох өвчнөөс хоолоор сэргийлэх алхам болдог байна.

Үүнд:

  • Шүд цоорох өвчинд өртөх эрсдэл үүсгэх байдлаараа тэнцвэржсэн хоол хүнсийг түлхүү хэрэглэх /жимс, ногоо, буудай г.м/
  • Шүд цоорох өвчинд өртөх эрсдлийг бууруулахын тулд чихэрлэг хоол хүнсийг цоорол үүсгэдэггүй бусад хүнсний бүтээгдэхүүнтэй хамт хэрэглэх
  • Сахар агуулсан амттаныг үндсэн хоолноос гадна хоол хоорондын зайд хэрэглэх нь шүд цоорох өвчнийг ихэсгэдэг тул хоол хоорондын зайд амттан хэрэглэх давтамжийг бууруулах
  • Шүдэнд наалдамхай, бөөгнөрч хуримтлагдах шинжтэй хоол хүнс нь шүд цоорох өвчнийг нэмэгдүүлдэг тул эдгээр бүтээгдэхүүнээс татгалзах, наалдсан тохиолдолд даруй цэвэрлэж байх
  • Паалангийн эргэн эрдэсжих үйл явцыг дэмжихийн тулд хоол хоорондын зайд шүлсний ялгарах хурдыг сайжруулах зорилгоор сахаргүй бохь зажлах, шүлс ихээр ялгаруулдаг исгэлэн амттай хүнс хэрэглэх
  • Унтах үед шүлсний ялгарах хэмжээ багасдаг тул орондоо орохын өмнө амттан болон чихэрлэг ундаа, жүүснээс татгалзах
  • Бага насны хүүхдийг унтах үед сүү, жүүс болон бусад сахар агуулсан шингэн зүйлийг угжаар өгөхгүй байх,
  • Ээжүүд аль болох шөнө хүүхдээ хөхүүлж унтуулахгүй байх. Хүүхэд унтаж байхдаа хөхсөн сүүгээ цааш гүйцэд залгилгүй, амандаа удаан байлгаснаас болж чихэрлэг сүү хуримтлагдан, шүд цоорох шалтгаан болдог.
Шүдэнд ээлтэй хоолны жор

Монголчууд бид цагаан идээгээ хэрэглэснээр шүд танан цагаан өнгөтэй, элдэв өвчлөлгүй, хатуу бат бэх байдаг гэдгийг мэддэг боловч хангалттай хэмжээнд хэрэглэдэггүй. Иймээс ээж нартаа зориулан цагаан идээгээр хүүхэддээ хэрхэн хоол бэлтгэж өгөх талаар зөвлөж байна.

Бяслагтай хуурга
Мах- 180 гр
Бяслаг- 25 гр
Төмс- 200 гр
Шар лууван- 15 гр
Бөөрөнхий сонгино- 20 гр
Ногоон сонгино- 6 гр
Гурил- 5 гр
Тос- 15 гр
Шөл- 50 гр
Хоолны гарц- 250 гр

Бэлдэх заавар:
Төмсийг хавтгай дөрвөлжин хэрчиж шарна. Лууван, сонгиныг хярж тосонд хуурч дээр нь чанаад нимгэн хавтгай хэрчсэн мах нэмж хуурна. Дараа нь шөлөөр зутагнасан гурил, амт оруулагч /давс/ зэргийг нэмж 3-4 минут битүү жигнэж болгоно. Бяслагийг хавтгай дөрвөлжин хэрчээд бэлэн болсон хуурганд хийж болгоно.

Categories
мэдээ спорт

Намрын нээлтийн барилдаан ням гарагт болно

Намрын нээлтийн барилдаан ням гарагт болно

Монгол бөх геннисийн дээд амжилтанд бүртгүүлсэн өдөр, Бизкон аудит ХХК-ны 15 жилийн баярт зориулсан Намрын нээлтийн барилдаан болох гэж байна. Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан есдүгээр сарын 17-ны өдрийн 14 цагаас Монгол бөхийн өргөөнд болох аж.

Энэ үеэр мөн Монгол бөхийн өргөөнд Өвөрхангай аймгийн Хужирт сумын айраг цагаан идээний баяр үзсэгэлэн худалдаа болно хэмээн МҮБХ-оос мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“ICT-EXPO-2017” Сүхбаатарын талбайд гурван өдөр үргэлжилнэ

“ICT-Expo-2017” Сүхбаатарын талбайд гурван өдөр үргэлжилнэ

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын “ICT-Expo-2017” 11 дэх удаагаа болох гэж байна. Тодруулбал, энэ сарын 15-17-ны өдрүүдэд “ТӨСӨӨЛЛӨӨ БҮТЭЭЦГЭЭЕ” уриан дор Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар болжээ. Уламжлал ёсоор Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран зохион байгуулж, Монголын цахилгаан холбоо ХК, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК болон Мобиком, Скайтел, Юнител компаниуд ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байгаа аж.

Мөн энэ жилийн “ICT-Expo-2017”-д арилжааны банкнууд идэвхтэй оролцож байгаагаараа онцлог гэнэ. Тухайлбал, Худалдаа хөгжлийн банк операторуудын нэгэн адил ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байгаа бол бусад банкууд оролцож, шинээр нэвтрүүлсэн үйлчилгээгээ олон нийтэд танилцуулахаар төлөвлөжээ. “ICT-Expo-2017” нь Сүхбаатарын талбайд болж байгаа нь энэ салбарын төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг үзэж сонирхох иргэд сонирхогчдын тоог нэмэгдүүлэхийг зорьсонтой холбоотой юм байна.

Экспогийн үеэр Цахим спортын улсын аварга шалгаруулах тэмцээн, Автомат Роботын улсын аварга шалгаруулах уралдаан болно. Мөн дэлхийн програм хангамжийн томоохон байгууллага болох Microsoft компанитай Хамтран ажиллах санамж бичиг байгуулах арга хэмжээ болох аж. Түүнчлэн Төрийн мэдээлэл солилцооны нэгдсэн систем ХУР-ын нээлт болох төдийгүй Үндэсний Дата төвөөс ТҮЦ машин ажиллуулж, зарим лавлагааг иргэдэд үнэ төлбөргүй олгохоор болсон байна. “ICT-Expo-2017” -ын хоёр дахь өдөр НХХЯ болон ХХЗХ хамтран үйл ажиллагаа зохион байгуулж, ирэдэд мэдээлэл өгөхийн зэрэгцээ, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас санаачлан хэрэгжүүлж буй “Цахим орчинд хүүхдийг хамгаалъя” аяныг нээнэ.

Түүнчлэн уламжлал ёсоор салбарын болон Экспод амжилттай оролцсон байгууллагуудаас шилдгүүдийг тодруулахаар төлөвлөсөн байна. “ICT-Expo-2017”-ын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.ictexpo.mn сайтаас авах боломжтой юм байна.

Categories
мэдээ нийгэм

Хүүхэлдэйн баатрууд сурагчдыг зам гарахад туслав

Хүүхэлдэйн баатрууд сурагчдыг зам гарахад туслав

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн боловсролын газар, ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс, Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтэс, Албан журмын даатгагчдын холбоо, Хүүхэлдэйн театр хамтран сурагчдад зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалсан арга хэмжээ зохион байгууллаа.

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 17-р сургууль, Баянзүрх дүүргийн 97-р сургууль, Хужирбулангийн 120-р сургуулийн сурагчдад Хүүхэлдэйн театрын хамт олон жүжигчилсэн тоглолт зохион байгуулж, үлгэрийн баатрууд сурагчдыг зам гарахад тусалсан байна. Энэхүү үйл ажиллагааны зорилго нь хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан бага насны хүхдийг замын хөдөлгөөнд бие даан оролцуулахгүй байх, жолооч нарын замын хөдөлгөөнд оролцох соёлыг дээшлүүлэх, эцэг эх, асран хамгаалагч, боловсролын байгууллагын бүх шатны ажилчдын үүрэг хариуцлагыг дээшлүүлэхэд оршиж байгаа аж.

Ийнхүү үлгэрийн баатрууд эцэг эхчүүд, багш, жолооч нарт хандан тээврийн хэрэгслээр хүүхдийг яаж аюулгүй тээвэрлэх, толгой гар гаргахгүй байх, явганаар гарахдаа чихэвчний хөгжим, гар утсаар оролдохгүй байх, сургуулийн орчинд хөөцөлдөн тоглохгүй байхыг уриалжээ.

Судалгаагаар дэлхий дээр жилд 186,300 хүүхэд, өдөр бүр 500 гаруй хүүхэд зам тээврийн ослын улмаас нас бардаг харамсалтай баримт байна. Харин манай улсад хүн амын нас баралтын гуравдугаарт, өвчлөлийн шалтгааны тавдугаарт осол гэмтэл орж байна. 2013 онд осол гэмтлийн тохиолдол 10,000 хүн амд 468.4 байсан бол 2014 онд 567.1 болж өссөн, зам тээврийн осол гэмтэл 2014 онд 13,567 тохиолдол бүртгэгдсэнээс 3637 нь хүүхэд байсан. 859 буюу 23,6 хувь нь 0-5 нас, 1889 буюу 51,9 хувь нь 6-14 нас, 889 тохиолдол буюу 24,5хувь нь 15-18 насны хүүхдүүд буюу сургуулийн насны хүүхдүүд осол гэмтэлд их өртжээ.

Замын хөдөлгөөнд оролцсон хэлбэрийг нь авч үзвэл 65,7 хувь нь явган зорчигч, 31,8 хувь нь тээврийн хэрэгслээр зорчигч 2,5 хувь нь дугуйгаар зорчиж явах үедээ бэртэж гэмтэж амь нас нь хохирчээ.

Categories
мэдээ нийгэм

Айл өрхийн халаалтыг маргааш өгөхөөр болов

Image result for Айл өрхийн халаалт

Эрчим хүчний яам маргаашнаас (2017.09.15) айл өрхүүдийн халаалтыг өгөхөд бэлэн болсныг мэдэгдлээ. Албан байгууллагын халаалтыг аравдугаар сарын 1-ний өдөрт багтаан өгч дуусахаар төлөвлөж байгаа бөгөөд “Улаанбаатар дулааны сүлжээ” дулааны төв шугам тоноглолд хийгдэх засварын ажлаа дуусгасан тул албан байгууллага, аж ахуйн нэгжийн хэрэглээнд тохирсон халаалт залгах ажлыг есдүгээр сарын 05-наас эхлүүлж, 800 гаруй барилга, объектын халаалтыг залгаад байгаа аж. Байгууллагууд хүсвэл аравдугаар сарыг хүлээлгүй, хэрэглээний халаалтаа өнөөдөр ч залгуулах боломжтой аж. Даваа гаригт болсон Эрчим хүчний салбарын шуурхай хуралдааны үеэр нийслэлийн гэр хорооллын дөрвөн байршлын 71 халаалтын зуухыг зогсоож, төвлөрсөн дулаан хангамжид холбох ажил хийгдэж байгааг албаны хүмүүс танилцуулсан.

Мөн шөнийн цахилгааны тарифыг хөнгөлөхтэй холбоотойгоор цахилгаан сүлжээ, дэд станцуудыг шинэчлэх, өргөтгөх ажлыг үргэлжлүүлж байгаа ажээ. Айл өрх, албан байгууллагуудын халаалт өгч байгаа энэ өдрүүдэд иргэд гэр болон байгууллагаа эзэнтэй байлгахыг зөвлөж байна. Дулаан хангамжтай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 7004-7005 утсаар холбогдох боломжтой. “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн вэб сайтад маргаашнаас халаалт залгах цагийн хуваарийг нийтлэх ажээ.

Categories
мэдээ нийгэм

Хоолгүй болсон хэрмүүд хотод айлчлах болжээ

Image result for хэрэмХотын ногоон бүс орчимд хэрэм олноороо бууж ирэх болсон байна. Уулын модонд эрх тааваараа амьдардаг эдгээр амьтад хотын захын айлуудын үүдний амбаар, хоолны саравчаар гийчилж сандаргасан тухай олон нийтийн сүлжээнд бичиж байгаа. Нийслэлийн Байгаль орчны газар болоод Мэргэжлийн хяналтын байгууллагын мэргэжилтнээс тодруулахад “Хэрэмнүүд уулнаас бууж ирж байгаа тохиолдол олон удаа гарсан. Эдгээр амьтдын хоол тэжээл дутмагтай холбоотой. Энэ намар самрын гарц муу байна. Тиймээс хэрэм хот руу орж ирж байна. Самар муу ургасан болохоор самарчид ч уул руу гарах нь цөөн байгаа. Тиймээс самарчид хэрэмний хоол булааж байна гэж үзэх үндэслэлгүй. Хот руу орж ирдэг товчоод дээр мэргэжлийн байгууллагууд хяналт шалгалт хийж байгаа. Уулын бүс, ойн захад байгаль хамгаалагч нар самарчдыг хянаж байгаа” гэж байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Ц.Сандуй ажлаас гарах өргөдлөө өгч байгаагаа албан ёсоор мэдэгдлээ

Image result for Ц.Сандуй

НИТХ-ын тэргүүлэгчдийн хурал өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд НИТХ-ын дарга Ц.Сандуй өөрийн хүсэлтээр ажлаа өгч байгаагаа албан ёсоор мэдэгдэв. Тэрбээр “Миний ажлаа өгч байгаа шалтгаан нь цахим орчинд гарч байгаа элдэв асуудал бус Нийслэлийн МАН-ын даргын хувьд өнгөрөгч Ерөнхийлөгчийн сонгуульд нийслэлийн долоон дүүрэгт ялагдал хүлээсэн болохоор ажлаа өгч байна. Үүнээс өөр шалтгаан байхгүй” гэв. Хуралдаанаар энэ сарын 22-нд болох НИТХ-ын ээлжит хуралдааны товыг зарлав. Уг хуралдаанаар НИТХ-ын дарга Ц.Сандуйгийн ажлаа өгөх өргөдлийг хэлэлцэхээс гадна цаг үеийн асуудал хэлэлцэх юм байна.