Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

НӨАТ-ын сугалааны тохирлоос нэг азтан 100 сая төгрөг хожив

Image result for НӨАТ-ын сугалааны тохирлоос

НӨАТ-ын урамшууллын энэ сарын сугалааны тохирол өнөөдөр орон даяар шууд явагдлаа.
Энэ удаагийн тохиролд 2017 оны 8-р сарын 1-нээс 8-р сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдсан юм. Энэ удаагийн супер шагналын сан 450 сая төгрөг. Энэ удаад 100 сая төгрөг нэг, 20 сая төгрөг нэг, дөрвөн сая төгрөгийг 17 азтан тус тус хожжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улсын харцага О.Хангай түрүүллээ

Монгол бөх геннисийн дээд амжилтанд бүртгүүлсэн өдөрт зориулсан намрын нээлтийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд боллоо. Өдгөөгөөс зургаан жилийн өмнө энэ өдөр дэлхий дахинд улс эх орон, соёл түүх, зан заншил, үндэсний спортоо сурталчлан анх удаагаа 6000 бөх барилдуулж геннисийн дээд амжилтыг тогтоосон билээ.

Энэхүү түүхэн ойд зориулсан барилдаанд улсын арслан Р.Пүрэвдагва, улсын заан Н.Жаргалбаяр, улсын харцага Уламбаяр, Бат-Эрэдэнэ, Бадарч, О.Хангай, улсын начин Цэрэнтогтох, Ганзориг, Б.Хишигбаатар, Б.Серик, Д.Анар нарын хүчит 256 бөх зодоглов. Өнөө жилийн үндэсний их баяр наадмаар шинээр улсын цол хүртсэн бөхчүүдээс улсын начин Б.Серик хоёрын даваанд аймгийн начин Дүгэрдоржид өвдөг шороодлоо. Улмаар энэхүү барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын харцага Оригхын Хангай түрүүлж, Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат улсын начин Д.Анар үзүүрлэлээ.

Их шөвөгт Булган аймгийн Могод сумын харьяат бөх аймгийн заан Э.Энх-Амгалан, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат бөх аймгийн харцага Б.Зоригтбаатар нар шалгаран үлдэв. Энэхүү барилдааны зургаагийн даваанд улсын арслан Р.Пүрэвдагва үзүүрлэсэн улсын начин Д.Анарт өвдөг шороодсон юм. Харин улсын залуу заан Н.Жаргалбаяр аймгийн заан Э.Энх-Амгаланд тахим өгсөн билээ.

Бөхийн барилдааны дүйз

ЗУРГААГИЙН ДАВАА

Р.Пүрэвдагва у\а – Д.Анар у\н

Н.Жаргалбаяр у\з – Э.Энх-Амгалан а\з

О.Хангай у\х – Амарсайхан у\н

Ч.Ганзориг у\н – Ц.Зоригтбаатар а\х

ДОЛООГИЙН ДАВАА

О.Хангай у\х – Э.Энх-Амгалан а\з

Д.Анар у\н – Д.Зоригтбаатар а\х

НАЙМЫН ДАВАА

О.Хангай у\х – Д.Анар у\н

Э.МӨНХ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Манай сагсчид дэлхийн оюутны лигийн аварга боллоо

БНХАУ-ын Шиамень хотод болж буй 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн оюутны лигт Монгол Улсын баг алтан медаль хүртлээ. Алтан медалийн төлөөх тоглолтод Монголын сагсчид Сербийн багийг 21:15 хожиж нэгэн түүхэн амжилт үзүүллээ.

Монголын сагсчид хэсгээсээ гурваар гарч хасагдах шатны тоглолтоо Аргентиний багтай хийж 19:13 хожиж наймд шалгарсан.

Хагас шигшээд үлдэх хариуцлагатай тоглолтоо Ираны эсрэг тоглож 20:19 ялсан юм. Улмаар медалийн төлөөх тоглолтод Чилийн багийг 19:13 хожиж шигшээд шалгарсан.
Тэмцээний албан ёсны нэр нь 3×3 FISU World Universiy League-2017 Final ба 2017 онд зохион байгуулагдсан тивийн аваргууд, тэмцээнүүдээс шалгарсан шилдэг багуудын тулаан юм.

Categories
мэдээ нийгэм

Баянгол дүүрэг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртлээ

Баянгол дүүрэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор нэрээ чимлээ.

Энэхүү түүхэн арга хэмжээнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, дүүргийн Тамгын газрын дарга Д.Дэлгэрмаа, дүүргийн ИТХ-ын дарга Г.Энхболд, Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, Ш.Анхмаа, НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг, Л.Нарантуяа болон дүүргийн үе үеийн ИТХ-ын дарга, засаг дарга, ажлын алба мөн Баянгол дүүргийн хэлтсүүдийн үе үеийн дарга, ажилтан, албан хаагчид урилгаар оролцсон юм.

Энэхүү түүхэн арга хэмжээнд Баянгол дүүргийн гурван мянга гаруй иргэн хүрэлцэн ирж оролцсон бөгөөд тэд уухайн дуутайгаар “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одонгоо хүлээн авлаа.

Тус дүүрэг байгуулагдсан цагаасаа эхлэн иргэдийнхээ амьдрах амар тайван аюулгүй орчныг бий болгож, эрүүл аж төрөх нөхцөлийг бий болгоход гарт баригдаж нүдэнд харагдах бүтээн байгуулалт олноор хийсэн. Мөн салбар бүрт жишиг дүүрэг болох эхлэлийг тавьсан нь энэхүү одонг авах гол амжилт болжээ. Мөн нийслэлийн бусад дүүргүүдээс хамгийн анх удаа “Одонтой дүүрэг” болж байгаа нь түүхэнд тэмдэглэх үйл явдал юм.

Баянгол дүүрэг сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 422 тэрбумын төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий бүтээн байгуулалтын ажил өрнүүлсэн бөгөөд “Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын төв”, Олон улсын Азийн сангаас хийсэн нийслэлийн дүүргүүдийн өрсөлдөх чадварын судалгаагаар тэргүүн байрыг эзэлсэн байна. Энэхүү өрсөлдөх чадварыг амьдралын чанар, амьдрах орчин, аюулгүй байдал, засаглал, эдийн засаг гэсэн таван үндсэн бүлэг, тэдгээрийг нарийвчилсан 150 шалгуур үзүүлэлтийн хүрээнд тодорхойлдог байна.

Тус дүүргийн энэхүү амжилт, ололт, их бүтээн байгуулалтууд нь ийнхүү өнөөдрийн төрийн дээд шагнал авахад хүргэжээ.

Анх 1965 онд Ардын их хурлын тэргүүлэгчдийн 79 дүгээр зарлигаар нийслэл Улаанбаатар хотод Сүхбаатар, Октябрь, Найрамдал, Ажилчин гэсэн район бий болсноор Баянгол дүүргийн эх үндэс буурь тавигдаж, 1992 онд Октябрийн районыг хуваан Сонгинохайрхан болон Баянгол дүүрэг болгон шинээр зохион байгуулж, Баянгол дүүрэг байгуулагдаж байжээ. Өдгөө Баянгол дүүрэг нийт 23 хороотой, 58 мянга гаруй өрхтэй, 214 мянган гаруй иргэнтэй нийслэлийн томоохон дүүрэг болжээ.

2012 оноос бүтээн байгуулалтын оргил үеүд эхэлсэн. 2012-2017 онд Баянгол дүүрэг улс, нийслэл, дүүрэг болон бусад эх үүсвэрүүдээс 422 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтыг татан авч, иргэн рүүгээ чиглэсэн, хүн төвтэй бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлжээ. Үүний дотроос эрүүл мэндийн салбарт 30 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж, 2013 онд хүүхдийн 35 ортой “Эмүүжин” эмнэлэг, 2015 онд 150 ортой хүүхдийн нэгдсэн эмнэлэг, 2014 онд өдөртөө 700 гаруй иргэдийг хүлээн авч, үзлэг шинжилгээнд хамруулах, 160 өвчтөнийг хүлээн авч хэвтүүлэн эмчлүүлэх боломжтой өрхийн эрүүл мэндийн цоо шинэхэн цогцолбор, 2017 онд 60 ортой ахмадын эмнэлэг, мөн 60 ортой хүүхдийн хоёрдугаар эмнэлгийг хүлээн аваад байна. Ингэснээр Баянгол дүүрэгт 14 эмнэлгийн байр шинээр баригдаж, 440 ортой олон улсын стандарт шаардлагыг хангасан эмнэлэгтэй Монгол улсын анхны жишиг дүүрэг болж чадсан юм.

Нийгэм, соёл, спортын салбарт нийт 103 тэрбум төгрөгийн 32 төслийг хэрэгжүүлэн ажиллажээ. 2016 онд “Гэр бүл ёслолын ордон”, “Хүүхэд залуучуудын соёлын ордон”-г ашиглалтад оруулаад байна. Үүнээс гадна дөрвөн улирлын турш үйл ажиллагаа явуулах боломжтой нэг ээлжиндээ 350-400 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай “Баянгол хүүхдийн зуслан”-г 5.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьсан бол 8.8 тэрбум төгрөгөөр “Усан спорт сургалтын төв” “дугуйн зам”-ыг байгуулсан.

Бүгд найрамдах Хятад ард улсын 60 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаар ээлжиндээ 350-400 хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хүлээн авах, сэргээн засах, цогцолборын ажлыг эхлүүлж, ЖАЙКА Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдүүдэд үзүүлэх эрүүл мэнд боловсрол, нийгмийн хамгааллыг сайжруулах” төслийг хэрэгжүүлснээр Баянгол дүүрэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй загвар дүүрэг болох боломж бүрдлээ.

Боловсролын салбарын хувьд 2012 оноос хойш 54 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийжээ. Найман сургуулийн өргөтгөлийн барилга, хоёр шинэ сургууль, найман цэцэрлэгийг ашиглалтад оруулж, сургуулийг 8300 суудлаар, цэцэрлэгийг 1810 ороор тус тус нэмэгдүүллээ. Үүнээс гадна зам тээвэр дэд бүтцийн хувьд 11 шинэ уулзвар өргөтгөлөөр зорчдог болж, “Гудамж төсөл”-ийн хүрээнд 26.7 км замыг өргөтгөн шинэчиллээ. Үүнд “Гудамж төсөл”-ийн нэгжээс 204 тэрбум, нийслэл дүүргийн төсвөөс 35 тэрбум төгрөгийг тус тус зарцуулжээ.

Гэмт хэрэг зөрчлийн тоог бууруулах, иргэдээ аюулгүй орчин аж төрөх нөхцөлийг нь бүрдүүлэх зорилгоор 2013-2015 онд 4.3 тэрбум төгрөгийн ажил хийжээ. Дүүргийнхээ гэр хорооллын гудамжийг бүрэн гэрэлтэй болгож, 2600 гаруй гэрэл шинээр суурилууснаас гадна хяналтын камер байрлуулах ажлыг санаачлан 425 камер суурилуулан, нэгдсэн системд холболоо. Үүнээс гадна Баянгол дүүргийн алслагдсан хорооны тоонд ордог 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Цагдаагийн хоёрдугаар хэлтсийг нээн ажиллуулж байна. Энэ мэтчилэн нийслэлийнхээ хөгжилд хувь нэмрээ оруулан, хэдэн аравныг хөгжлөөрөө тэргүүлэн байгаа Баянгол дүүрэг өнөөдөр “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнуулж байна.

Баянгол дүүрэг энэхүү хүндэт одонгоор мялаалгах учиртай гэдгийг “Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын төв”-ийнхөн ч батлан гаргажээ. Тус төвөөс гаргасан өрсөлдөх үндсэн чадвар болох “Амьдралын чанар”, “Амьдрах орчин”, “Аюулгүй байдал”, “Засаглал”, “Эдийн засаг”-ийн хувьд, түүнд багтах 15 дэд сэдвийн хүрээний 150 индексээр Баянгол дүүрэг Нийслэлийн дүргүүдээс тэргүүн байр эзэлсэн байна.

Categories
мэдээ спорт

Гавьяат тамирчин Д.Мөнхбаяр түрүүллээ

1992 оны Барселоны Олимпиор буудлагын төрөлд хүрэл медаль хүртсэн Д.Мөнхбаяр нэгэн шинэ тэмцээн санаачлан зохион байгууллаа. Олимп, дэлхийн аваргуудын дунд зохион байгуулсан уг тэмцээн өнөөдөр буудлагын спортын “Аварга” клубт боллоо. Тэмцээнд дэлхийн аварга, Олимпийн хошой алт, гурван хүрэл медальт Болгарын тамирчин Мария Гроздева, дэлхийн гурван удаагийн аварга, Олмипийн алт, хүрэл медальт Гүржийн Нино Салуквадзе, Олимпийн хошой хүрэл медаль Д.Мөнхбаяр, Олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмаа нар оролцсон байна.

Уг тэмцээнд Д.Мөнхбаяр 192 оноогоор тэргүүллээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын начин Г.Цэрэнчимэд таалал төгсөв

Монгол улсын начин Гомбын Цэрэнчимэд өвчний улмаас 2017 оны 09-р сарын 11-ний өдөр бурханы орондоо заларчээ.

Тэрээр 1947 онд Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд төрсөн бөгөөд Политехникум төгсч, 1968 оноос Улаанбаатарын дулааны шугам сүлжээний газар тасралтгүй 30-аад жил бригадын дарга, ашиглалтын мастер зэрэг албыг хашиж байгаад өндөр насны тэтгэвэртээ гарсан байна.

Г. Цэрэнчимэд нь бага залуу наснаасаа бөхийн спортыг сонирхон хичээллэж, 1973 онд улсын баяр наадамд тав даван шөвгөрч улсын начин цол авч, 1974, 1975, 1977 онд дөрөв давж байжээ. Зүүн талтай, шуудагдаж татан дотуур хавирах, халз хутгах, давхар ачих үндсэн мэхүүдтэй. Чөлөөт бөхийн спортын мастер цолтой ахмад бөхчүүдийн нэг байлаа.

Хариуцсан ажил албаа олон жил үр бүтээлтэй, нэр төртэй хашиж ирсэнийг нь төр засгаас үнэлж Эрчим хүчний салбарын тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнажээ.

Хариуцсан ажил албаа олон жил үр бүтээлтэй, нэр төртэй хашиж ирсэнийг нь төр засгаас үнэлж Эрчим хүчний салбарын тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнажээ.

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн хамгийн урт гольфийн тоглолт Улаанбаатарт өндөрлөлөө

Өчигдөр буюу Бямба гарагийн өглөөний 10:00 цагт Улаанбаатарын Богд Хаан Гольфийн клубын 18 дахь нүхэнд бөмбөгөө оруулснаар дэлхийн гольфийн түүхэнд дээд амжилт тогтоосон тоглолтоо 28 настай Адам Ролстон өндөрлөлөө.

Тэр Монгол орны баруун хил дээр оршдог Хүйтний оргилын дэргэдээс анхны цохилтоо хийсэн бөгөөд эндээс эхлэн 80 хоногийн турш 2,000 км зам туулан 20,093 удаа бөмбөг цохиж явсаар дуусгасан нь энэ юм.

Categories
мэдээ нийгэм

Дэд хэвшилд таарсан малын шүлхий өвчний вакцин энэ сарын 28-нд ОХУ-аас нийлүүлэгдэнэ

ХХААХҮЯ-наас өнөөдөр малын гоц халдварт шүлхий өвчинтэй холбоотой цаг үеийн мэдээлэл өглөө. 2017 онд долоон аймаг, нийслэлийн 29 сум дүүрэгт мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарчээ. Өнөөдрийн байдлаар Төв, Дундговь Сүхбаатар, Хэнтий Дорноговь аймгийн 10 сум, нийслэлийн 2 дүүрэгт хорио цээрийн дэглэм үргэлжилж байна. Шүлхий өвчин туссан малаас дээж авч нийцлийн шинжилгээ хийлгэхээр ОХУ руу явуулсан бөгөөд дэд хэвшилд таарсан вакциныг энэ сарын 28-нд ОХУ-аас нийлүүлэх юм.

Энэ талаар ХХААХҮЯ-ны харьяа МЭҮГ-ын дарга П.Ганхуяг ”ОХУ-ын Мал эрүүлжүүлэх хөтөлбөрийн хүрээнд буцалтгүй тусламжаар 4,1 сая тун вакциныг нийлүүлэхээр болж эхний ээлжийн вакцин долдугаар сард ирсэн. Харин дараагийн ээлжийн вакцин энэ сарын 28-нд ирнэ. Сүүлийн үед чанаргүй гэх мэдээлэл гарах болсон. Энэ асуудлыг шалгуулахаар АТГ, Эрүүгийн цагдаагийн газарт хандаж материал мэдээллээ хүргүүлсэн. Мөн тус вакцины дээжийг олон улсын лабораториор шинжлүүлэхээр болсон. Шинжилгээний эцсийн хариу ирээгүй байгаа. Шалгалтын үр дүн гарсны дараа буруутай этгээдэд хууль хяналтын дагуу хариуцлага тооцно” гэв.

Categories
мэдээ нийгэм

“Намар” шоу тоглолт болно

“НАМАР” шоу тоглолт есдүгээр сарын 22-ны өдөр болно. Энэхүү шоу тоглолтын талаар “Корпорэйт энтертаймент” хэмээх мэргэжлийн найруулагч, уран бүтээлчдээс бүрдсэн баг есдүгээр сарын 15-ны өдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

Хэвлэлийн бага хуралд ерөнхий найруулагч Д.Энхбаяр, продюссер Б.Ганхөлөг, М.Болд, event менежер Г.Батцэцэг, маркетингийн менежер Э.Солонго нар оролцож, зохион байгуулж байгаа уран бүтээлийнхээ онцлогоос ярьсан юм.

Oдоогоос жил гаруйн өмнө Монголын хамгийн сүүлийн үеийн концерт заалны нээлт болсон. Тэр үед ОХУ-ын нэрт төгөлдөр хуурч Эльмар Гасановыг урин нээлтийн “элит тоглолт” болж байсан. Тэр цагаас хойш Корпорэйт зочид буудлын концертын танхимд маш олон мэргэжлийн тоглолтуудыг амжилттай зохион байгуулсан юм. “Корпорэйт энтертаймент” хэмээх мэргэжлийн төрөл бүрийн уран бүтээлчдээс бүрдсэн баг Монголдоо анх удаа тайз дэлгэц, хөгжим техник, тоног төхөөрөмжийн хувьд дэлхийн стандартад нийцсэн уг концертын танхимд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн тухайгаа энэ үеэр ярилаа.

“Бид үндэснийхээ өв соёл урлагаа одоо цагийн хэв маягтай хоршуулж үзэгч та нарт “Наадам” шоуны дараачийн хэсэг болох “Намар” шоуг бэлэн болгоод бна… Мэргэжлийн мэдрэмжийн сэтгэлийн өндөр төвшинд хийгдсэн тоглолт гэдгийг үзэгчид мэднэ” хэмээн Корпорайт зочид буудлын ерөнхий менежер Д.Энэрэл хэлсэн.

Хариг ерөнхий найруулагч Д.Энхбаяр “Монгол хүний сэтгэлгээгээр бүтэж байгаа урлаг, уран бүтээл бол бүгд өв соёлтой холбоотой байдаг. Бид өв соёлоо шингээсэн урлаг, уран бүтээлээ дэлхийд таниулах, мөн өв соёлдоо тулгуурлан орчин үедээ тохируулж бүх төрлийн урлагаа хослуулан олон түмэнд хүргэх нь гол зорилго оршиж байна. Ер нь урлаг судлаач хүн л заавал судлаач байдаггүй, уран бүтээлч бид ч гэсэн уран бүтээлээ хийхийн тулд байнга судалгаа хийдэг учир судлаачид юм. “ гэж онцлосон юм.

Тус баг нь энэ зун хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, техник, технологиор тоноглогдсон концертын танхим, гэрэл, дуу, дүрс дуугаралтын онцгой шийдэл, гайхалтай найруулгатай тоглолтыг Үндэсний баяр наадмын үеэр хүргэсэн нь гадаад, дотоодын олон хүмүүсийн таашаалд хүрч, өндөр үнэлгээ авч байсан талаар энэ үеэр дурдлаа.

Харин намрын улирал ирсэн үеийг тохиолдуулж есдүгээр сарын 22-ны өдөр“Корпорэйт энтертаймент”, “Корпорэйт конвеншн центр” баг нь улирлын ээлжит шоугаараа үндэсний язгуур урлаг, орчин үеийн урлагтай хэрхэн төгс хосолж, уран бүтээл болдогийг харуулах юм байна. Энэхүү бүрэн хэмжээний шоу тоглолт хоёр хэсгээс бүрджээ. Эхний хэсэгт нь хамтлаг, дуучдын үзүүлбэр багтсан бол хоёр дахь хэсэг нь үдэшлэгээр үргэлжлэх юм байна.

“Бүх урлагийг нэгтгэсэн манай баг Монголд танигдаагүй, нээгдээгүй, олон түмэнд ил гараагүй авъяастай, мундаг олон чиглэлийн уран бүтээлчид олон бий. Тэднийг бид олж, дэмжих нь чухал юм. Ер нь бидний уран бүтээлд бүжиг, хөгжим зэрэг бүх урлагийн төрлүүд ч хослон орж байгаа. Тоглолтын оройн үдэшлэгийн үзэгч, зочид уран бүтээлчидтэй хамт амьд хөгжимтэй, зоог, коктейлтэй үдшийг өнгөрүүлнэ. Манай Корпорэйт танхим дэлхийн жишигт нийцсэн бөгөөд 1100 хүний суудалтай. “гэж Б.Ганхөлөг тайлбарлав.

Тэгвэл М.Болд хэлэхдээ “Хамгийн гол нь бид монголын уламжлалт өв соёлоос судалж, урлагтаа шингээж, олон түмэнд хүргэж байгаа юм. Өв соёлоо судлах явцад та бидний сайн мэдэхгүй олон зүйл хадаглагдаж байдаг юм байна гэдгийг олж мэдсэн. Тиймээс өв соёлынхоо эдгээр хэсгээс сонгож, бид уран бүтээлээр илэрхийлж байх юм” хэмээн тодотгож хэллээ.

Categories
мэдээ нийгэм

Тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрнэ

Тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрнэ

Булган, Сэлэнгэ, Төв аймгийн газар тариалангийн бүс нутгаар өнөө шөнө хөрсөн дээр цочир хүйтрэх тул ил задгай төмс, хүнсний ногоо хайрагдаж болзошгүйг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулав. Харин Хөвсгөлийн уулс болон Халх голын саваар, 18-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 20-нд баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно.

Салхи 17-нд нутгийн хойд хэсгээр, 18-нд нутгийн зүүн хагаст, 20-нд нутгийн баруун хагаст түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 18-19-нд нутгийн зүүн хагаст сэрүүхэн. Бусад хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.