Categories
мэдээ нийгэм

НОБГ-ын алба хаагчид 1.4 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ

НОБГ-ын алба хаагчид 1.4 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээНийслэлийн Онцгой байдлын газрын бүтцийн нэгжүүд энэ оны эхний есөн сард хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа хэлэлцлээ.

НОБГ-ын харьяа бүтцийн нэгжүүдийн дарга, захирагч нар офицерын бүрэлдэхүүнд мэдээллийг хүргэсэн юм.

Нийслэлийн Засаг Даргын 2017 оны эдийн засаг нийгмийн зорилт, Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын 2017 онд дэвшүүлсэн зорилтын хэрэгжилт, бүтцийн нэгжүүдийн хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудын гүйцэтгэлийн чанар, хүртээмжийн талаар тэд онцолж байлаа.

НОБГ-ын бие бүрэлдэхүүн нь энэ оны эхний есөн сарын байдлаар ой, хээрийн түймрийн 18, объектын гал түймрийн 1934, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагааны 223 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ.

Дээрх дуудлагыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт аюулт үзэгдэл техникийн холбогдолтой ослын тоо 7,5 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Нийслэлийн хэмжээнд гарсан аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос 693 хүний амь бие, аж ахуйн нэгж байгууллага, төр, иргэний 1,4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран, хамгаалж ажилласан байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа өнөөдөр эхэлнэ

“Намрын ногоон өдрүүд” өнөөдөр эхэлнэ“Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” уриан дор “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээ өнөөдөр эхэлнэ. Уг арга хэмжээ нь ХХААХҮЯ, НЗДТГ хамтран хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчдын шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгч түмэнд хүргэх зорилготой юм.

Тус үзэсгэлэн худалдааг энэ сарын 19-25-ны өдөр “Мишээл экспо” төвд зохион байгуулна. Нэгдсэн арга хэмжээний хүрээнд хүнсний бүтээгдэхүүний “Эрүүл Монгол хүнс-2017” үзэсгэлэн худалдаа, шинэ ургацын “Алтан намар” өргөтгөсөн худалдааг зохион байгуулна. Мөн нийслэлд төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний борлуулалтыг дэмжих зорилгоор дундын зуучлалгүйгээр шууд худалдан борлуулах нөхцөл боломжийг бүрдүүлэх юм

Б.ҮРЖИГ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ирэх өдрүүдэд улс төр хэрхэн өрнөх вэ?

Шинэ Засгийн газрын бүтэц болон Нийслэлийн МАН-ын даргын томилгоо олны анхаарлын төвд орсон халуун сэдэв болоод байгаа билээ. Ойрын өдрүүдэд улс төрд ямар үйл явдал өрнөхийг тоймлон хүргэе. Өнгөрсөн долоо хоногт МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж намын бага хурлаа энэ сарын 25-ны өдөр хуралдуулахаар товлосон тухайгаа зарласан. Харин ямар асуудлууд хэлэлцэх дээрээ эцэслэн тогтоогүй байгааг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлж байлаа. Иймд МАН-ын Удирдах зөвлөл энэ долоо хоногт дахин хуралдаж, Бага хурлаар хэлэлцэх асуудлуудаа тодорхой болгох юм байна. Ямартай ч өчигдөр МАН-ын бүлэг хуралдах байх гэсэн хүлээлт байсан ч Төрийн ордон эль хуль байв. Эх сурвалжийн мэдээлснээр МАН доторх фракци бүлэглэлүүд тус бүрнээ уулзацгааж, яамдыг хувааж авах тохиролцоондоо хүрч чадахгүй байгаа сурагтай. Хүний хөл хөдөлгөөнөөс зайдуу зуслан, амралтын газар, зочид буудал гээд эрхэм гишүүд өөрсдийн эзэмшлийн газраа нууцаар уулзалт зохион байгуулж жинхэнэ “найраа”-гаа хийж буй бололтой. Албан бус мэдээллээр засаг унагаах төлөвлөгөөнд оролцсон хүмүүстээ хишиг хүртээхийн тулд одоогийн 13 яамыг задалж, өргөтгөх тухай дуулдаж эхэллээ. Үүнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсрол, шинжлэх ухаан, спортын яамдыг хуваах санал ч яригдсан байна. Тухайлбал, Хөдөлмөрийн яам, Хүн ам, нийгмийн хамгааллын яам, Боловсрол, соёл шинжлэх ухаан, Соёл урлаг, спортын яам болгох бүтцийн зураглал хийгдсэн гэнэ.

МАН-ын дүрэмд Бага хурлаас хойш 45 хоногийн хугацаанд Их хурлын товыг тогтох ёстойг заасан нь бий. Харин Ерөнхий сайдыг огцруулснаас 30 хоногийн дотор дараагийн Засгийн газрын тэргүүнийг томилох хуулийн заалттай. Тэгэхээр МАН-ын зүгээс энэ хуулийн хугацаанд багтааж Ерөнхий сайдын асуудлыг Бага хурлаараа хэлэлцэнэ гэж байгаа. МАН дотроо засгаа унагаах хөдөлгөөн өрнүүлж эхлэхтэй зэрэгцээд дараагийн Ерөнхий сайдад Ц.Нямдорж, У.Хүрэлсүх, Н.Энхболд, С.Бямбацогт, Ч.Хүрэлбаатар нарын нэр дуулдаад эхэлсэн. Гэхдээ бүлгийн гишүүдийн хувьд шинэ Засгийн газрын тэргүүнийг туршлагатай, олонд нэр хүндтэй, мэргэжлийн хүн байх ёстой гэсэн шалгуурыг тавина хэмээн мэдээлсэн ч үнэн хэрэгтээ хөшигний ард бүх тохироо явагдаж байгааг хэлэх хүн олон байна. Мэдээж хоёрдугаар ээлжийнхэн хоолны дугаарт орохын тулд засгийг унагах санаачилгыг сэдсэн болохоор дотроо бүгд аль нэг яамыг толгойлно гэсэн мөрөөдөл тээж яваа нь ойлгомжтой. Харин нийгэм тэднийг хүлээж авахгүй. Халаасныхаа хүний шахааг хийхийн тулд МАН-ынхан хэсэг бүлгээрээ шөнө дөл болтол сэм уулзаж байгаа бололтой юм.

Улс төрийн намуудын дүрэмд ялсан намын дарга нь Ерөнхий сайд байна гэж тодотгосон байдаг. Тэгэхээр МАН Бага хурлаараа Ерөнхий сайдыг эхлээд томилчихоор тэр хүн Их хурлаас сонгогдохгүй бол намын даргын суудлыг авч чадахгүй. Иймд хэн ч МАН-ын даргад өрсөлдөх боломж Их хуралд нээлттэй байх юм байна.

Долоо хоногийн дараа хуралдах МАН-ын Бага хурлаар шинэ Засгийн газрын тэргүүн болоод түүний танхимыг хэрхэн бүрдүүлэх талаар авч хэлэлцэх юм. Ингээд аравдугаар сарын 2-ны өдөр нээлтээ хийх намрын чуулганы эхний хуралдаанд асуудлыг оруулж шийдүүлнэ гэсэн мессэжийг өгөөд байгаа.

Харин Нийслэлийн намын хорооны дарга, НИТХ-ын даргынхаа ажлыг Ц.Сандуй албан ёсоор өгөөд удаагүй байна. Энэ сарын 22 буюу энэ баасан гаригт Нийслэлийн иргэдийн хурлын ээлжит хуралдаан болно. Энэ хурлаар Ц.Сандуйгийн оронд Нийслэлийн иргэдийн хурлыг хэн толгойлохыг шийдэх бөгөөд хэд хэдэн хүний нэр яригдаж байгаа. НИТХ-ын даргаас гадна нийслэлийн намын хорооны даргын ажил суларсан тул орны хүнийг нь ярих юм байна. Тиймээс НИТХ-аас өмнө Нийслэлийн намын хорооны удирдлагууд хуралдана гэсэн мэдээлэл байна. Нийслэлийн намын тэргүүнд хамгийн магадлалтай нь хотын дарга Су.Батболд гэж эх сурвалж мэдээлж байна. Энэ мэтээр энэ долоо хоногт далд уулзалтын тохироонууд өндөрлөж, улс төрийн үйл явц ил өрнөж эхэлнэ.

М.МӨНХ



Categories
мэдээ нийгэм

Цахилгаан хязгаарлах дүүргүүд

Өнөөдөр буюу 2017 оны есдүгээр сарын 19-ний Мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ

09.00-17.00 цагт: УСУГ-ын худгууд,

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

10:30-18:00 цагт: 14-р хороо Алтайн 6 Т-2 Иргэн Содномжамц болон ойр орчмоор
11:00-18:00 цагт: 7, 10, 24-р хороо Зээлийн 24-27, 33-34-р гудамж болон ойр орчмоор,

НАЛАЙХ ДҮҮРЭГ

09.00-17.00 цагт: Тэрэлж, У булан хэсгээр, Городокын ойр орчмоор
09.00-18.00 цагт: Нарны орон, Морьтон шанкур, Иргэн Бадамханд, Александр, Жадамба, Иргэн Отгонбаяр, Илд Бамбай, Уян хайрхан, Бамбай секюрити ХХК-ууд, Шилийн булаг дэд станцууд болон эдгээрийн ойр орчмоор.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ханшийн өсөлтөд огцом нөлөөлсөн Засаг огцруулах жүжиг монголчуудыг туйлдуулж байна

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр валютын ханш огцом өсч нэлээд савласан тул өчигдөр “Найман шарга” валют арилжааны төв болон зарим арилжааны банкуудаар орж ханшийн талаарх сурвалжлага бэлтгэлээ. 17:30 цагийн үед биднийг очиход “Найман шарга”-д долларыг 2477 төгрөгөөр авч, 2482 төгрөгөөр худалдаалж байв. Тус захад өглөөний 12:00 цагийн үед ам.долларыг 2480 төгрөгөөр авч, 2486 төгрөгөөр арилжаалж байсан бол үдээс хойш 2481, 2482 болж нэг буураад, эргэж нэг өсөөд, дахин буугаад байгаа нь энэ гэнэ. Ченжүүд ярихдаа “Таван минутын дараа эргээд ороод ирэхэд чинь ханш хэд байхыг таашгүй. Огцом өсч, их савлагаатай байна. Энэ үед бид яаж алдагдалд орохгүй тав, арван төгрөг олох вэ гэж сандарч байна. Дэлхийн зах зээл дээрх ханш болон Монголбанк, арилжааны банкуудын ханшийг маш гярхай ажиглаж байхгүй бол болдоггүй юм” гэцгээж байв. Уржигдар оройны “Найман шарга”-ын хаалтын ханшаар ам.долларыг 2476-гаар авч, 2483 төгрөгөөр худалдаалж байсан билээ.

Харин энэ сарын 14-16-ны өдрүүдээс эхлэн долларын ханш 20-30 төгрөгөөр огцом нэмэгдчихсэн нь энэ. Өчигдөр арилжааны банкуудад нэг ам.долларыг 2460 төгрөгөөр худалдан авч 2471-2486 төгрөгөөр арилжаалж байлаа.

Валют огцом өссөн энэ өдрүүдэд “Монгол банк гадаад худалдааны тэнцэл болоод төлбөрийн тэнцэл хэвийн хэмжээнд байна. Түүнчлэн Монголбанкны зүгээс ам.долларын ханшийн савлагаа үүсгэхгүйн тулд долоо хоногт хоёр удаа дуудлага худалдаанд оролцож байгаа. Энэ сарын 12-нд 23 сая ам.доллар, 14-нд 26 сая ам.доллар зах зээлд нийлүүлсэн нь ханшийн огцом савалгаа үүсгэхгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн ажил” хэмээх мэдээллийг гаргажээ.

Долларын ханш яагаад өсөх болсон талаар валютын ченж О.Мөнхбатаас тодрууллаа.


-Валютын ханш яагаад огцом өсч, буурч савлах болов. Үүнийг ченжүүдтэй холбоотой гэх хүмүүс ч байх юм?

-Заримдаа ханш өсч, заримдаа буурч байдаг. Валютын үнийн савлагаанд эзэн бие, нэг гар гэж байдаггүй. Хий, хоосон зүйл гэж ойлгож болно. Зах зээлийн эрэлт, нийлүүлэлттэй л холбоотой. Зогсонги байсан эдийн засаг хөдөлгөөнд орсон гэсэн үг байх. Мөн үнэ ханш маш олон зүйлээс шалтгаалдаг. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ өссөн нь долларын ханш өсөх шалтгаан болсон гэж учир мэдэх хүмүүс хэлж байна. Ер нь валютын ханшийг ченжүүд өсгөдөг гэсэн ойлголт байхгүй. Бид Монгол банк, арилжааны банкуудын ханшийг харж хэлбэлзүүлдэг. Хамгийн эхлээд л арилжааны банкууд л ханш нэмдэг шүү дээ.

-Ханш өслөө бэлэн мөнгөө валют болгоод, хадгалчихъя гэх хүмүүс байна. Ханш цаашид хэр байх вэ. Уг нь өнгөрсөн саруудад үнэ тогтвортой байсан?

-Нэг хэсэгтээ ханш өсөх байх. Гэхдээ барьцгүй шүү дээ. Ингэж их эргэлдүүлдэг бид л ашиг олох гэж хэцүүдэж байхад. Жирийн иргэд мөнгөө валют болгох нь оновчгүй. Түүний оронд хэзээд үнээ алдахгүй үл хөдлөх зэрэг хөрөнгө болгосон нь илүү ашигтай байдаг юм. Дэлхийн зах зээлд эрдэс баялгийн үнэ ханш, нефтийн үнэ өсөхөд валют өснө. Улстөрийн байдал тогтворгүй байх тусам ханш савлана. Энэ сарын 25-нд Ерөнхий сайд болох хүмүүсийн нэрс тодорно гэсэн. Тэгэхээр ханш тогтворжуулах байх. Дараагийн Ерөнхий сайд гараад ирэхэд байдал өөр болно байх гэсэн юм.

Зарим ченжүүд “Долларын ханш өссөн, улстөрийн тогтворгүй байдал ханшийн савлагаанд нөлөөлсөн гэдгийг мэдээлэхгүй байвал сайн байна, зун эдийн засгийн эргэлт багатай байсан болохоор үнэ тогтвортой байлаа. Хэвлэлээр мэдээлэл гараад эхлэхээр, ханшид зохицуулалт хийгээд, бидний тооцоолсон үнэ өөрчлөгдөнө, ер нь дэмий. Өвлийн бэлтгэл ажил, наймаачид өвлийн хувцсаа татах, иргэд машин техникээ авах, хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөх зэрэг байдлаар нэлээд мөнгө гаргаж байгаа учраас ханш өсч байгаа юм” гэж байв.

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны иргэн У.Отгонцэцэгээс зарим зүйлийг тодруулахад “Наймдугаар сард ханш тогтвортой байхад Эрээнээс баахан бараа татчихсан. Бараагаа борлуулчихаад, дахин хавар намрын гутландаа явах гэтэл юань өсчихлөө. Юань өссөн учраас бэлэн хувцсаа хямдруулж болдоггүй, хямдрахгүй болохоор иргэд худалдан авалт хийж чадахгүй юм. Ер нь бэлэн хувцасны ихэнх лангуу ийм л зовлонтой байгаа. Тиймээс шинэ загварын хавар намрын шинэ хувцас дэлгүүрүүдэд тун ховор, өнгөрсөн жилийн үлдэгдэл бараагаа худалдаалж байгаа” гэлээ.

Мөн иргэн Г.Цэцэг “Долларын ханш өсчихөөр, бүх бараа бүтээгдэхүүний үнэ өсчих юм. Үнийг огцом савлуулах нь хэдэн банкууд, ченж нарт л ашигтай юм шиг байна. Чоно борооноор гэгчээр, үүнд хяналт тавих, хянах засаг байхгүйг далимдуулж байгаа байх. Нэг талаараа энэ ханшийг улстөржүүлэх ч сонирхол байдаг юм болов уу” гэв.

Засгийн газаргүй байгаа хоёрхон долоо хоногийг далимдуулж, арилжааны банкууд ингэж ашиг хийж, жирийн иргэдийн санхүүгээр наадаж буй увайгүй үйлдэл гэж ойлгож болно. Мөн хамгийн их ашиг хийхээр, хулгана барих гэж буй муур мэт царайлж буй нөхөд бол цаад ОУВС-гийнхан. Засгийн газар огцронгуут дараагийн засаг гартал манайд өгөх санхүүжилтээ түр хойшлуулсан. Хавар манай зах зээлд ОУВС-гаас 38.6 сая ам.доллар орж ирсэн тул ханшийн хөөсрөлт зогсонги тогтвортой байлаа. Дараагийн засаг гарч ирээд, ОУВС-гаас 38.6 сая ам.доллараа төлөвлөсөн ёсоор авна. Тэр үед долларын ханш өсчихсөн байвал ОУВС-нд ашигтай, манайхаас авах мөнгө нь нэмэгдэнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, нэг долларыг 2450 төгрөгийн үнэтэй байхад манайд энэ санхүүжилтээ өгвөл 94 тэрбум 570 сая орчим төгрөг болно. Харин долларын ханшийг зохиомлоор өсгөөд, өссөн үнээр нь буюу нэг доллар 2482 төгрөг байхад, санхүүжилтээ оруулж ирвэл 95 тэрбум 805 сая орчим төгрөг болно. Үүний зөрүүнээс ОУВС нэг тэрбум 235 сая гаруй төгрөг завших нь. Бид ийм мөнгө илүү төлөх болно. Уг нь өндөр хөгжилтэй оронд гадаад валютын ханш нь хэдэн жил болсон ч тогтвортой байдаг бодлоготой тул ингэж бусдын хоол болдоггүй онцлогтой юм билээ.

Нэг талаар валютын сан ингэж ашиг олдог гэнэ билээ.

Үүнээс гадна долларын ханшийг өмнө нь арилжааны банкууд үгсэн хуйвалдаж нэмсэн байдаг. Үүний учрыг тайлбарлахдаа Б.Чойжилсүрэн сайд “Анхааралтай ажиглаж байна” гэж хэлж, олны шүүмжлэлд өртөж байсан билээ. Үгсэн хуйвалдаж үнэ нэмсэн тохиолдолд тухайн байгууллагын нэг жилийн орлогынх нь зургаан хувиар торгоно гэх хуулийн заалт байдаг ч үйлчилдэггүй нь харамсалтай.

Ашиг харж байгаа арилжааны банк, хэдэн ченжүүдийг буруутгах аргагүй. Ерөөсөө л Монголчууд бидний байгаа байдал, тогтсон чанар нь энэ. Монголын төр засаг, аж байдал, амьдралын байгаа царай. Угаас Монголын төр засаг болоод банк санхүүгийн системд хувь хүний зан чанар, хувь улстөрчийн шударга байдалд найдаж, горьдох хэрэггүйг харуулж буй нэгэн том жишээ шүү. Дахин хэлэхэд Монгол хувь хүний үндсэн натурт найдалтгүй гэсэн үг.

Тиймээс аливаа нөхцөл байдлыг урьдчилан харах зөв бодлого явуулах хууль эрхзүйн орчинд л итгэж найдах хэрэгтэй байгаа юм. Хуулиа зөв гаргаж байж хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж валютын ханш болон банк санхүүгийн эрүүл орчныг бүрдүүлнэ. Арилжааны нөхөд нэг сиймхий гарангуут ханш өсгөж, эсвэл иргэдээс илүү татвар суутгаж ашиг олдог, иргэд хохироод үлддэг. Хохироогчид ямар ч хариуцлага үүрдэггүй. Энэ нь эх орны хөгжлийг бүх цаг үед хойш нь чангааж байдаг улстөрийн тогтворгүй байдалтай холбоотой болж таарч байгаа юм. Ханшийн өсөлтөд огцом нөлөөлсөн Засаг огцруулах жүжиг Монголчуудыг үнэхээр туйлдуулж, тэвчээрийг нь барж байна.

Categories
мэдээ нийгэм

“Малчин Монголчууд малын хараал хүрсэн мэт тамын амьдралаар амьдардаг” нийтлэл хэвлэгдлээ

Өдрийн сонин”-ы 2017 оны есдүгээр сарын 19-ний мягмар гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэн уншигч таны гар дээр очиж байна. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэе.

Нэгдүгээр нүүрэнд “Ханшийн өсөлтөд огцом нөлөөлсөн Засаг огцруулах жүжиг монголчуудыг туйлдуулж байна” гэсэн Өдрийн сурвалжлагыг онцолжээ. Мөн Хүмүүнлэгийн их сургуулийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуулийн захирал доктор, профессор Д.Уламбаяртай хийсэн сонирхолтой ярилцлагыг унших боломжтой.

Хоёрдугаар нүүрнээс УИХ-ын гишүүн С.Жавхлан “Би Монголын их хэрүүлчдийн хар гэрт сууж байна” гэсэн ярилцлага, “Ирэх өдрүүдэд улс төр хэрхэн өрнөх вэ” гэсэн нийтлэлийг тус тус хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болж байдаг гуравдугаар нүүрт “Малчин Монголчууд малын хараал хүрсэн мэт тамын амьдралаар амьдардаг” нийтлэл хэвлэгдсэн байна.

Харин зургаадугаар нүүрнээс өдрийн сурвалжлагын үргэлжлэлийг уншаарай.

Баримт, үйл явдлын долдугаар нүүрнээс “Дээрмийн хэрэгт шалгагдаж байсан Н.Гэлэгбаатар бусдыг хутгалжээ”, “НӨАТ-ын баримт бүртгүүлэх системд ямар нэг эвдрэл, гэмтэл гараагүй” гэдгийг хүлээн авч уншина уу.

Дэлхийн мэдээ нүүрэнд “С.Лавров, Р.Тиллерсон нар уулзсан байна” болон бусад гадаад мэдээлэл нийтлэгдсэн байна.

Эмч нүүрнээс Монголын радиологийн нийгэмлэгийн нарийн бичгийн дарга, Хавдар судлалын үндэсний төвийн Интервенционал радиологийн эмч, доктор Б.Эрдэнэбулгантай хийсэн ярилцлагыг уншаарай.

Уран бүтээлч нүүрнээс “Тагтаа” хэвлэлийн газрын үүсгэн байгуулагч, зохиолч, орчуулагч Батсуурийн Баясгалантай хийсэн “Манайд уран зохиолын боловсролыг үнэлдэг нэг ч хүн байдаггүй” хэмээх сонирхолтой ярилцлагыг шимтэн уншаарай.

Танин мэдэхүй нүүрнээс “Биотехнологичид бактер, мөөгөнцрөөс түлш гаргах боломжийг хайж байна” хэмээснийг хүлээн авч унших боломжтой.

Эдгээр болон бусад мэдээллүүдийн дэлгэрэнгүйг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлнэ үү. https://admin.dnn.mn/plugins/news/login/ Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завьяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

iOS 11 нийтэд гарна

Өнгөрсөн 7 хоногт iPhone X танилцуулах үеэр Apple энэ сарын 19-нд iOS 11 нийтэд гарна гэж зарласан. харин яг хэзээ, хэдэн цагт бол гэсэн асуултууд хэрэглэгчдээс их ирсэн тул энэхүү мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

Мэдээж Apple яг хэзээ гаргахаа зарлаагүй ч өмнөх үйлдлийн системүүдийн шинэчлэлээс харахад АНУ-н Баруун эргийн цагаар өглөөний 10 цагт гаргаж байсан.

Тухайлбал 2010 оноос хойших бүхий л томоохон өөрчлөлтүүд энэ цагт нийтэд татаж авахад бэлэн болсон билээ. Гэхдээ энэ цаг нь бидний байгаа газрын цагаар хэд юм бол? Доорх хүснэгтээс харахад манай Улаанбаатартай ижил цагийн бүс дэх Хонгконг, Бээжингийн цагаар Лхагва гарагийн шөнийн 01 цагт таарч байна.

iOS 11 дараах төхөөрөмжүүдийн хувьд дэмжих болно:

  • iPhone X, iPhone 8, iPhone 8 Plus, iPhone 7, iPhone 7 Plus, iPhone 6s, iPhone 6s Plus, iPhone 6, iPhone 6 Plus, iPhone SE, iPhone 5s
  • 12.9-inch iPad Pro 2nd generation, 12.9-inch iPad Pro 1st generation, 10.5-inch iPad Pro, 9.7-inch iPad Pro, iPad Air 2, iPad Air, iPad 5th generation, iPad mini 4, iPad mini 3, iPad mini 2
  • iPod Touch 6th generation

Мөн та бидний бэлтгэсэн iOS 11-н хүн бүрт таалагдах 13 функц нийтлэлийг уншин уг шинэ үйлдлийн системийн хэрэглэгчдийн хувьд хамгийн их хүлээгдэж буй цоо шинэ функцуудтай танилцаарай.

Categories
мэдээ нийгэм

“ICT EXPO-2017” үзэсгэлэнгийн шилдэг шийдэл

Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарын тэргүүлэгчид оролцдог “ICT EXPO 2017′ үзэсгэлэн 11 дэх удаагаа “Төсөөллөө бүтээцгээе” уриан дор 2017 оны есдүгээр сарын 15-ны өдрөөс гурван өдрийн турш Монгол Улсын төв цэг болох Жанжин Сүхбаатарын талбайд амжилттай зохион байгуулагдаж, шилдгүүдээ шалгарууллаа.

Тус үзэсгэлэнгээр төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд орчин үеийн техник технологийн дэвшил, шийдэл болон өөрсдийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон нийтэд танилцуулан оролцдог билээ. Үзэсгэлэнгийн үеэр танилцуулагдсан үйлчилгээнүүдээс “Үндэсний дата төв” УТҮГ-ын монгол инженерүүдийн хөгжүүлсэн, шинэ систем болох “ХУР” Төрийн мэдээлэл солилцооны системийг онцгойлон сонгож, түүний талаарх мэдээллийг та бүхэндээ хүргэж байна.

“Үндэсний дата төв” УТҮГ нь тус арга хэмжээнд 2010 оноос хойш тасралтгүй оролцож ирсэн билээ. Тус байгууллага нь бидний цаг завыг хэмнэсэн, хамгийн сайшаалтай үйлчилгээ болох Төрийн үйлчилгээний цахим машин /ТҮЦ машин/-ны ашиглалт, үйлчилгээг хариуцан ажилладгийг та бүхэн мэдэх билээ.

Тэгвэл тус газраас 2017 онд техник технологийн дэвшилтэд шийдэл бүхий “ХУР” нэртэй төрийн мэдээлэл солилцооны системийг танилцуулсан байна. ХУР гэдэг нь хурах, цуглах гэдэг үгийн үндэс бөгөөд цугласан, хурсан их хэмжээний мэдээллийг харилцан солилцох системийн илэрхийлэл юм байна. Тус систем нь “ХУР” төрийн мэдээлэл солилцооны систем дээр тулгуурласан “Төрийн цахим үйлчилгээний портал”, “Төрийн цахим үйлчилгээний платформ” гэсэн системүүдээс бүрдэж байна.

“ХУР” систем үйлчилгээнд нэвтэрснээр:

  • Төрөөс иргэд болон аж, ахуй нэгжид үзүүлэх бүх үйлчилгээг цахим хэлбэрээр түргэн шуурхай хүргэх боломж бүрдэнэ.
  • Иргэн та интернетэд холбогдон гэрээсээ, ажлаасаа хаанаас ч төрийн үйлчилгээг хүссэн цагтаа түргэн, шуурхай, дараалалгүй авах боломж бүрдэнэ.
  • Та бид нэг үйлчилгээ авахын тулд олон төрлийн баримт бичиг цуглуулах шаардлагагүй болно.
  • Өөрийн авч буй үйлчилгээний түүх болон явцыг хянах боломжтой болно.
  • Иргэн та өөрийн мэдээллийг бүрэн хянах боломж бүрдэх зэрэг олон талын ач холбогдолтой юм байна.

Энэхүү үйлчилгээ бүрэн нэвтэрснээр тухайлбал арилжааны банкинд үйлчилгээ авахдаа бүрдүүлж өгдөг материалууд болох хорооны тодорхойлолт, төрсний гэрчилгээ, гэрлэлтийн тодорхойлолт зэрэг баримт бичгүүдийн талаарх мэдээллийг тухайн банкны ажилтан иргэн таны зөвшөөрлийн дагуу иргэний цахим үнэмлэх эсвэл хурууны хээгээр дамжуулан тусгай системд нэвтрэн харах боломж бүрдэх юм.

Ийнхүү төрийн болоод хувийн хэвшлийн байгууллагуудын үзүүлж буй үйлчилгээний уялдаа холбоог сайжруулж, хэрэглэгч бидэнд хялбаршуулсан үйлчилгээг нэвтрүүлж буй уг систем нь “ICT EXPO-2017” үзэсгэлэнгийн “Шилдэг шийдэл” номинацад тэргүүн байр хүртсэн байна.

Тун удахгүй өөрт хэрэгтэй хур их мэдээллийг та, бид “ХУР” төрийн мэдээлэл солилцооны системээр дамжуулан авах боломж бүрдэх нь.

Categories
мэдээ улс-төр

С.Жавхлан: Монголын цус цэвэр ариухан болтол нь тэмцэнэ

УИХ-ын гишүүн С.Жавхлан Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийлээ.

Тэрбээр ”УИХ-ын ээлжит бус чуулган есдүгээр сарын 07-нд болж, 08-нд Засгийн газрыг огцруулах талаар хэлэлцсэн. Би энэ үед улс орон даяар өвлийн бэлтгэлдээ яараад цаг хугацаатай уралдаж байна. Та бүхэн өвлийг хэр өнөтэй давах вэ гэдгийг хэлэлцэх ёстой. Гэтэл Засгийн газраа огцруулж, элдэв хэрүүл хийснээс болж монголчууд хохирч байна. Та бүхнийг ингэж хэрэлд, хувиа хичээ гэж монголчууд төрд гаргаагүй. Өөрсдийн амин хувийн асуудлыг 2-3 цагийн дотор хэлэлцэж, баталдаг. Түмэн олны өмнө тулгамдсан асуудлыг хэлэлцэж, анхаарал тавих болохоор Засгийг эзгүй орхиод явж болохгүй гэж хэлсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл хэрүүл дуусахгүй, засгийг эзэнгүйдүүлж байна. Тиймээс 10 хоногийн дотор Засгийн газраа эмхлэн байгуулахыг шаардаж байна.

Өнөөдөр багш, эмч нарын хэлж байгаа асуудлыг хар. Зарим нутагт үер усны аюултай байгаагийн дээр малын гоц халдварт өвчин асар их тархаж буй өдгөө цагт хариуцах эзэнгүй байгаа нь хамгийн буруу. Мал тарга тэвээрэг маш муу авсан байна. Үүний бүх хариуцлагыг эрх баригчид хариуцна. Би Монгол Улсын Ерөнхийлөгчид албан бичиг хүргүүллээ. Миний бие хэдийгээр нам, бүлэггүй ч гэлээ энэ асуудалд анхаарал тавьж байна. Тиймээс надад бичгээр албан ёсоор хариу өг” гэв.

Ийнхүү мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Та УИХ-ын чуулган хуралдах хугацаанд маш цөөхөн оролцсон байдаг. Энэ удаагийн чуулганд хэр зэрэг идэвхтэй оролцох вэ?

-Би бол хамгийн идэвхтэй хуралдаа сууж байгаа гишүүдийн тоонд орох байх. Энэ хүмүүс чинь гадаадаар зугаалж байгааг томилолт, өвчтэй чөлөөтэй гэж тэмдэглүүлээд байдаг юм байна. Миний хувьд оролцсон бүх чуулган дээрээ улс орны асуудлыг хөндөж байгаа. Ингэснээр түмэн олны талархал, сэтгэлийг булаагаад байгаа учраас надад атаархсан хоёр намын хийж байгаа ажил. Би Төрийн ордонд сууж ажиллахгүй, явж ажиллана гэж анхнаасаа хэлсэн. Төрийн ордонд хонож ажилласан хүн сонссон уу. Мэдэхгүй, би лав Төрийн ордонд хонож архидсан гэдэг зүйлийг л сонсож байсан юм байна. Би бол ганц дайчин ганцаардахгүй гэгчээр тэмцэнэ.

-Та өмнө нь Бурхан Халдун ууланд гарч, чуулганы нээлт хийж байсан. Энэ удаагийн чуулганы нээлтэд оролцох уу?

-Энэ чуулганы нээлтийг харж л байя. Бурхан Халдун ууланд яагаад гарсан гэхээр чуулганы индэр дээрээс зөвхөн намын бүлэг мэдэгдэл хийдэг. Тиймээс би үүнийг сийргээр олж хараад, Монголдоо болж байгаа зүйлийг жинхэнэ үнэнээр нь хэлэхээр шийдсэн. Тэр үед ярьсан есөн асуудлыг одоо хэн ч ярихгүй байгаад сэтгэл эмзэглэж байна.

-Та УИХ-д орж ирээд нэг жил болж байна. Асуудлыг хөндөн ярьж байгаа ч үр дүн нь хэр байна вэ?

-Монголчуудын оюуны дархлаа, зөн сэрэхүй, сэтгэл дотор байгаа нянгууд арилах ёстой. Энэ нянгуудыг арилгахын тулд ярих ёстой. Жавхлан зүгээр суугаагүй. Энэ 65 гишүүн хэрэлдэж байхын оронд өвөлжилтийн бэлтгэл яаж байгаа талаар тойргоороо явж үз гэж хэлмээр байна. Би энэ долоо хоногоос тойргийнхоо төлөөлөлтэй уулзана. Суусан цэцнээс явсан тэнэг дээр гэдэг.

-Засгийн газрыг огцруулах кнопыг дарахдаа хэн нэгний нөлөөнд автсан уу?

-Хамаг Монголыг ярьж, Монгол орноо сурталчилж явсан надад нутаг усны асуудал тулгахаа боль. УИХ дээр намайг үг хэлэхээр инээгээд байдаг улс над дээр ирж кноп дараад өгөөч гэж гуйсан. “Би та нарын хэрүүл дотор хавчуулагдахгүй, өөрсдөө учраа олцгоо” гэсэн. Би өөрийн үзэл бодлоороо явсан.

-Та УИХ дотор ганцаарддаг юм шиг санагддаг?

-Төрийн ордон дотор ороод би сэтгэлээрээ даардаг, гадагшаа гараад дулаацдаг хүн. Төрийн ордныг гал орсон гэр шиг дулаахан болгоно. Би нэг зүйл рүү зорьсон бол зорьсон шиг зүтгэдэг. Тийм учраас би Бурхан халдун хайрханд очиж андгай тангараг өргөсөн. Монгол орныхоо төлөө андгай тангараг өргөсөн. Надад няцах сэтгэл байхгүй.

-Та нэг хэсэг чуулганд харагдаад, нэг хэсэг байхгүй болдог. Яагаад?

-Дуучнаар бол өдөр болгон Бөхийн өргөөнд тоглолт хийгээд байвал хүмүүс ирж үзэх үү. Түүнтэй адил. Шат дараатай судалгаа хийж, явж байна.

-Шинэ Засгийн газар байгуулагдаад хамгийн түрүүн юу хийх ёстой гэж боддог вэ?

-Монголын цус цэвэр ариухан болтол нь С.Жавхлан тэмцэнэ. Тасалсан гэж яриад байгаа нөхөд явуулга хийж байна. Энэ намрын чуулганы нээлтийг харж л байя. Эх орноо гэсэн сэтгэлтэй хүмүүсийг шинээр томилон гаргаж ирэх нь чухал. Тэгэхгүй бол оффшор данстай, ах дүү нартайгаа хувааж иддэг хүмүүсийг гаргахын эсрэг би тэмцэнэ. Одоо энэ бууж байгаа сайд нарт хариуцлага тооцох хэрэгтэй. Өнгөрсөн 27 жилийн турш олон Засгийн газар унасан байдаг. Гэтэл идсэн, уусан нөхдөд хэзээ ч хариуцлага тооцдоггүй.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Ерөнхий сайдаар томилогдох магадлал өндөр байна

Related image

Засгаа унагасан МАН-ынхны тэмцэл өнөөдөр ч дарагдаагүй байна. Зүүний хүч, хот, увсаараа талцсан өдрүүд үргэлжилсээр, нууц уулзалтууд хийгдсээр байгааг нийгэм гадарлаж байгаа. Улстөрчдийн өгч буй мэдээллээр удирдлагуудаа унагахад оройлон оролцсон У.Хүрэлсүх гавьяа шагналгүй үлдэж байгаа сурагтай. Монгол Улсын Засгийн газрын тэргүүн, МАН-ын дарга болоход бичигдээгүй хэрнээ тогтсон дүрэм гэж бий. Тэр нь УИХ-ын гишүүнээр сонгогдож иргэдийн итгэлийг хүлээсэн хүн гүйцэтгэх засаглалыг тэргүүлнэ гэсэн ойлголт. МАН-ын дарга болоход ч иймэрхүү шалгуур тавигддаг. Ядаж УИХ-ын гишүүн хүнд тамгаа атгуулах нь тэдний нэр хүндийн асуудал юм. Энэ болоод бусад шалтгаанаар У.Хүрэлсүх сайд горилогсдын жагсаалтаас хасагдаж байгаа гэх.

Олны салхинааас олж сонссоноор сүүлийн хэдэн жил төрийн өндөр дээд албан тушаал хүртээгүй Увсын гэгдэх фракц энэ удаа хүчтэй дайрч байгаа бололтой. Увсынхнаас Ц.Нямдорж гишүүн Ерөнхий сайд болох магадлал хамгийн өндөр байгааг зарим хүмүүс өгүүлж байна. Ер нь ч нөхцөл байдал ингэж эргэсэн учраас л У.Хүрэлсүх шадар, М.Энхболд дарга хоёр сэм уулзалдсан гэдгийг өгүүлэх хүн цөөнгүй. Нэг ёсондоо Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагахын тулд Зүүний хүчний холбоо Увсын фракц хүч хавсарсан бол одоо эргээд Хотын Фракц, Зүүний хүчний холбоо Увсынхны эсрэг нэгдсэн гэх шуум саарал ордонд дэгджээ.

Зүүний хүчний холбоо, Хотын фракц ойлголцолд хүрч чадахгүй бол дундаас нь Увс аймгаас Ерөнхий сайд төрөх нь бараг тодорхой болчихоод байгаа юм байна. Увсын фракцаас хэн нь вэ гэсэн асуултад хоёр хувилбар яригдаж байгаа. Одоогийн байдлаар Ч.Хүрэлбаатар болоод Ц.Нямдорж гишүүний харилцаа таарамжгүй байгаагаас үзэхэд хоёулаа Ерөнхий сайд болох том амбийцтай байгааг нь илтгэнэ. Тэгээд ч эл хоёр эрхэмийн нэр хэдийнээс дуулдаж л байсан. Ц.Нямдорж гишүүн Ч.Хүрэлбаатар дүүдээ “Нэрээ татчих. Надад дахиад боломж олдохгүй. Чиний өмнө урт зам байна” гэсэн утгатай үг дайж гуйсан ч Ч.Хүрэлбаатар гишүүн хүлээн зөвшөөрөөгүй гэж учир мэдэх хүмүүс яриад эхэлчихсэн байна.