Categories
мэдээ нийгэм

Оюутнууд хулгайн гэмт хэрэг илрүүллээ

Оюутнууд хулгайлах гэмт хэрэг шуурхай илрүүллээ

Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 1, 2, 3 хэлтсээс БХИС, ХСИС, ИЗИС-иудтай хамтран “ЭРГҮҮЛ 1000” нэгдсэн арга хэмжээг энэ сарын 18-30-ны өдрийн хооронд зохион байгуулж байна.

Нэгдсэн арга хэмжээний хүрээнд өчигдөр Нарантуул ОУХТөвд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэсгийн цагдаа, цагдаагийн ахлагч А.Чөдөрпүрэв, Батлан хамгаалахын Их сургуулийн оюутан М.Амартүвшин, Л.Ганбат, М.Бат-Очир нар автомашинаас эд зүйл бүлэглэн хулгайлсан гэмт хэргийг шуурхай эрэн сурвалжилж илрүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Улсын онцгой комиссын хоёр ажлын хэсэг шүлхий өвчний хорио цээр тогтоосон бүс нутагт ажиллаж байна

Улсын онцгой комиссын хоёр ажлын хэсэг шүлхий өвчний хорио цээр тогтоосон бүс нутагт ажиллаж байна

Улсын онцгой комиссын хоёр ажлын хэсэг малын гоц халдварт шүлхий өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа сумдад өнөөдрөөс/2017.09.18/ эхлэн ажиллаж эхэллээ. Тодруулбал, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амараар ахлуусан ажлын хэсэг Төв, Хэнтий, Дундговь, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговь аймгуудад сумдад ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар манай улсын 7 аймаг 10 сум, нийслэлийн хоёр дүүрэгт шүлхий өвчний хорио цээрийн дэглэм үргэлжилж байна. Мөн малын гоц халдварт өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоосон бүс нутгаас малын туувар болон тээвэрлэлтийг хориглосон бөгөөд заавал үзлэг шинжилгээнд хамруулан нэвтрүүлж байна. Үзлэг шинжилгээ, ариутгалд хамрагдалгүй тухайн бүс нутгаас гарсан малчинд нөхөн олговор олгохгүй байх юм.

Түүнчлэн ОХУ-аас “Мал эрүүлжүүлэх” хөтөлбөрийн хүрээнд буцалтгүй тусламжаар нийлүүлэгдэж буй хоёр дахь ээлжийн вакцин энэ сарын 28-нд ирнэ гэж ХХААХҮЯ-аас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-ы www.dnn.mn сайтын орлогч захирлаар Я.Баярбаатарыг томиллоо

“Өдрийн сонин”-ы дэргэдэх www.admin.dnn.mn сайтын орлогч захирлаар Я.Баярбаатар ажиллахаар боллоо.

Я.Баярбаатар нь 2001 оноос эхлэн тус сонинд IT инженер, Дизайн компьютерийн төвийн даргаар ажиллаж байгаа манай туршлагатай боловсон хүчний нэг юм. Тэрбээр төрийн дээд шагнал “Алтан гадас” одон, байгууллагын болон салбарын шагналуудыг удаа дараа хүртэж байсан. Я.Баярбаатарын нэг онцлог нь IT инженерээс гадна сэтгүүлзүйд ч мэргэжлийн сэтгүүлчдээс дутахгүй бичдэг чадварлаг нэгэн. Түүний бичсэн “Дорноос мандсан гүн ухааны нар Күнз”, “Помпейн сүүлчийн шөнө буюу Визуви галт уул”, “Сэрүүн тунгалагийн орон Умард Солонгос”, “Гудамжинд нь гулгаж өссөн Дэнжийн мянга минь” зэрэг танин мэдэхүйн болоод аян замын нийтлэлүүдийг нь уншигчид шимтэн унших дуртай байдаг юм. Ялангуяа шинжлэх ухааны сүүлийн үеийн ололт, шинэ нээлт, од эрхэсийн тухай хамгийн сүүлийн үеийн мэдлэг мэдээллийг Я.Баярбаатар соргогоор мэдэрч уншигч түмэндээ хүргэдэг юм.

Categories
мэдээ нийгэм

Орон сууцны үнийн индекс өмнөх сараас өслөө

Үл хөдлөх хөрөнгийн “Тэнхлэг Зууч” ХХК Монгол банктай хамтран орон сууцны үнийн индексийг судлан гаргадаг. Тус компаниас наймдугаар сарын дүн мэдээг танилцууллаа. Судалгаанд нийт хуучин, шинэ байрны 90 хувь буюу 4986 орон сууцны хамарагджээ. Зах зээл дэх судалгааны үнэн бодит байдлыг 95 хувь гэж үзэж байгаагаа “Тэнхлэг Зууч” ХХК-ийн захирал Д.Должинсүрэн онцлов.

Судалгаагаар орон сууцны индекс 1.01 байна. Өнгөрсөн сараас 0.6 хувь өссөн ч өмнөх оныхоос 0.6 хувиар буурчээ. Шинэ орон сууцны үнэ өссөн нь индекс өмнөх сараас бага зэрэг өсөхөд нөлөөлжээ. Шинэ орон сууцны нэг метр кв-ын дундаж үнэ 2 сая 91 мянган төгрөг байна. Энэ нь өмнөх сараас 3.8 хувиар, өнгөрсөн оноос 3 хувиар өссөн дүн юм. Өнгөрсөн сард энэ үзүүлэлт 2 сая 20 мянга байжээ.

Долдугаар сард бүх нийтээр амардаг тул орон сууцны худалдаа, түрээс зогсонги байдалд орж, найм, есдүгээр сард эргээд эрэлт хэрэгцээ их болсон. Иймд шинэ орон сууцны дундаж үнэ өсчээ. Харин хоёр өрөө хуучин орон сууцны дундаж үнэ 72 сая төгрөг болж, өмнөх сараас болон өмнөх оныхоос буурчээ.

Сүхбаатар дүүрэгт хуучин орон сууцны үнэ хамгийн өндөр 88.8 сая төгрөг байгаа бол Сонгино хайрхан дүүрэгт хамгийн хямд 54.8 сая төгрөг байна.

С.ОЮУНЖАРГАЛ

Categories
мэдээ спорт

Озеки Гоэйдо Аки башёг тэргүүлж байна

Японы мэргэжлийн сүмо бөхийн есдүгээр сарын Аки башё ес дэх өдрийн барилдаан болж өндөрлөлөө.

Мэргэжилийн сүмогийн 70 дэх их аварга Харүмафүжи Д.Бямбадорж маэгаширигийн 5-аас барилдаж байгаа Шодайтай барилдаж давлаа. Ингэснээр зургаан даваа гурван унаатай болж байна. Тус башёг бол маэгаширигийн 3-аас барилдаж байгаа Оношо, маэгаширигийн 3-аас барилдаж байгаа Чиёотарю, маэгаширигийн 9-аас барилдаж байгаа Таканойва А.Баасандорж, маэгаширигийн 12-аас барилдаж байгаа Дайшомарю нар хоёр унаатайгаар башёг араас нь нэхэж явна.

Өнөөдөр Харүмафүжи Д.Бямбадорж маэгаширигийн 5-аас барилдаж байгаа Такакейшотой барилдана.

Бусад бөхчүүд Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 0-0 гэмтсэн, Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 6-3, Ёкозүна Какүрю М.Ананд 0-0 гэмтсэн, Озеки Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ 1-5 Гэмтсэн, Комүсүби Тамаваши Б.Мөнх-Оргил 3-6, Маэгашири-6 Ичиножү А.Ичинноров 5-4, Маэгашири-8 Чиёошома Г.Мөнхсайхан 3-6, Маэгашири-9 Таканойва А.Баасандорж 7-2, Маэгашири-9 Араваши Э.Дөлгөөн 6-3 харицаатай байна.

С.ОЮУНЖАРГАЛ

Categories
мэдээ нийгэм

Гоо сайхны газруудад шалгалт хийжээ

Гоо сайхны газруудад шалгалт хийжээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас гоо заслын газруудад хийсэн хяналт шалгалт хийжээ. Шалгалтад 86 аж ахуй нэгж иргэн хамрагдсан бөгөөд 3.16 кодтой гоёлын гоо заслын газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг шалгах хяналтын хуудсаар үнэлгээ дүгнэлт өгөхөд 50 нь их дунд эрсдэлтэй гарчээ.

Дээрх газрууд “Эрүүл ахуйн тухай хуулиар хориглосон арьс салст гэмтээх үйлчилгээ г үзүүлж цусаар дамжих халдварыг тараах эрсдэлийг бий болгож байна. Иймд гоёлын гоо заслын газруудад хийж буй арьс гэмтээх үйлчилгээг зогсоох улмаар салбарууд хамтын ажиллагаагаа сайжруулах талаар хэлэлцэж санал зөвлөгөөн боловсруулах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулсан байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Энэ долоо хоногийн сүүлчээр эрс хүйтэрч хасах хэм рүү орно

Image result for эрс хүйтэрч хасах хэм рүү орноОйрын өдрүүдийн цаг агаарын талаар Ус, цаг уур, орчны хүрээлэнгээс тодрууллаа. Энэ сарын 21-ний өдрөөс эхлэн нийт нутгаар цочир хүйтэрнэ. Цаашдаа энэ сарын 26-нд дахин хүйтрэх төлөвтэй байна. Тиймээс тариаланчдад хандан өнөө маргаашдаа амжиж ногоогоо хураахыг ус цаг уур, орчны хүрээлэнгээс зөвлөж байна.

Ойрын өдрүүдэд намрын налгар өдрүүд үргэлжилж дулаан байлаа. Төв болон Зүүн аймгуудын нутгаар 15, 16-нд бага зэргийн хур тунадас орсон. Үүнийг эс тооцвол есдүгээр сарын дунд арав хоногт намрын налгар өдрүүд үргэлжилж, цаг агаар тогтуун байв. Харин маргаашаас эхлэн нийт нутгаар цаг агаар хүйтрэх төлөвтэй байна. Тодруулбал, энэ сарын 20-нд Төвийн аймгуудын баруун хагас, энэ сарын 21-нд Төвийн ихэнх нутгаар, говийн болон Зүүн аймгуудын бүс нутгаар бороо орж, уулархаг нутгуудаар нойтон цас орно. Мөн салхи ихэсч, энэ сарын 20-нд Алтайн салбар уулс болон энэ сарын 21-нд нийт нутгаар салхины хүч 16-18 м/секунд хүрнэ. Говь, талын нутгаар зарим үед салхины хүч 20-24 м/секунд хүрч, шороон болон цасан шуурга шуурах болозошгүй төлөвтөй байгаа гэнэ.

Цочир хүйтэрнэ гэдэг нь агаарын температур шөнөдөө ажиглагдаж буй дундаж температур тогтвортой нэмэх байж байгаад хасах хэм рүү орохыг хэлнэ. Энэ өдрүүдэд агаарын хэм доошилж, сэрүүснэ. Ялангуяа энэ сарын 20-нд Баруун аймгуудынхаа хойд тал, энэ сарын 21-нд Төвийн аймгууд, энэ сарын 22-нд Зүүн аймгуудаар сэрүүснэ. Уулархаг нутгаараа өдөртөө гурван хэмийн дулаанаас -2 хэм хүйтэн байна. Говийн бүс нутгаар 8-13 хэм дулаан, тал хээрийн бүс нутгаар 3-8 хэмийн дулаан байна. Харин шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулс, Хэнтийн ууланд -3 хэмээс -8 хэм хүйтэн хонох бол тал хээрийн бүс нутагт 0-5 хэм дулаан, зарим газраараа -2 хэм хүрч цочир хүйтрэх төлөвтэй байна. Энэ сарын 22, 23-нд шилжих шөнө хүйтэн хононо.

Есдүгээр сарын үлдэж буй хоногуудад улс орон даяар тариа, ногоо хураах ажил өрнөж байгаа. Тариалангийн бүс нутгаар өнөө маргаашдаа дулаан өдрүүд үргэлжилнэ. Энэ хэдэг өдөрт амжиж тариаланчидаа ажлаа амжуулахыг зөвлөж байна. Хур тунадас орж, цочир хүйтэрсэн үед тариа, ногоо цасанд дарагдаж, хөлдөх эрсдэлтэй юм.

Categories
мэдээ нийгэм

Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх дадлага сургууль зохион байгууллаа

Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/594 дүгээр захирамж, дүүргийн Засаг даргын 2017 оны А/184 дүгээр захирамжаар нийслэл, дүүрэгт байгалийн голомтот болон мал амьтнаас хүнд халдварладаг өвчин зөөгдөн орохоос сэргийлэх, гамшгаас хамгаалах албадын харилцан ажиллагааг сайжруулах зорилгоор тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх дадлага сургуулийг 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Багахангай дүүрэгт зохион байгууллаа.

Тус дадлага сургуулийн үйл ажиллагаанд мэргэжлийн чиг үүргийн дагуу НОБГ-ын хурандаа А.Дашням, Э.Эрдэнэбаатар, НЭМГ-ын мэргэжилтэн Ж.Энхцэцэг, Э.Навчаа, НЦГ-ын ахмад Ганбаяр, дүүргийн онцгой комиссын дарга С.Эрдэнэбаяр болон онцгой комиссын гишүүд оролцсон ба дүүргийн Эрүүл мэндийн төв, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын тасаг, цагдаагийн тасаг, Нийслэлийн зоонозын өвчин судлалын төв хамтран тарваган тахалын шинж тэмдэг илэрсэн үед авах арга хэмжээ, ариутгал халдваргүйжүүлэлт, автомашин сэжигтэй мах тээвэрлэсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар дадлага сургуулийг хийлээ.

Дадлага сургууль бүрэн явагдаж дууссаны дараа НОБГ-ын хурандаа А.Дашням, НЭМГ-ын мэргэжилтэн Ж.Энхцэцэг, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын мал эмнэлэгийн хяналтын улсын байцаагч У.Жавхлант, НЦГ-ын ахмад Ганбаяр нар мэргэжлийн заавар зөвлөмж, санал дүгнэлт өгч ажиллалаа.

Categories
мэдээ нийгэм

“Байгаль орчинд ээлтэй дэвшилтэт техник технологи” үзэсгэлэн болно

Нийслэлийн засаг даргын мөрийн хөтөлбөр, Нийгэм эдийн засгийн 2017 оны зорилтын хүрээнд агаарын чанарыг сайжруулах бүсэд авч хэрэгжүүлж буй ажлаа олон нийтэд танилцуулах, өвлийн улирлын бэлтгэл ажил хангах зорилгоор “Байгаль орчинд ээлтэй дэвшилтэт техник технологи ” үзэсгэлэн зохион байгуулах гэж байна. Тус арга хэмжээ энэ сарын 28-30-нд Сүхбаатарын талбайд болох юм.

Жил бүр болдог энэхүү үзэсгэлэнд орчны бохирдлыг бууруулах байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи бүхий цахилгаан болон хийн халаагуур, гэр болон байшингийн дулаалга, сэргээгдэх эрчим хүч, сайжруулсан болон био түлш, агаар цэвэршүүлэгч зэрэг бүтээгдэхүүнүүдийг оруулж ирдэг эсвэл зохион бүтээсэн аж ахуйн нэгж, байгууллага, иргэд оролцох боломжтой. Тиймээс уг үзэсгэлэнд оролцох хүсэлтэй аж ахуйн нэгж, байгуулага, иргэд саналаа нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газарт ирүүлнэ үү гэж нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Соёлын ордны хамт олон Туул гол дагуух хогийг цэвэрлэв

Манай улс 1993 оноос хойш эдүгээ 24 дэх жилдээ Соёл, урлагийн ажилтны өдрийг тэмдэглэж байна. Уг өдрийг тохиолдуулан Баянзүрх дүүргийн иргэдэд урлаг соёлыг тасралтгүй түгээж, уламжлан хөгжүүлж, соён гэгээрүүлж буй Соёлын ордны хамт олон багагүй ажлуудыг санаачлан хийжээ.

Тухайлбал, тус Соёлын ордны хамт олны санаачлагаар Туул гол орчмоор их цэвэрлэгээ хийж, гол дагуух хог хаягдлыг цэвэрлэсэн байна. Мөн Нийслэлийн Соёл урлагийн газраас есөн дүүргийн Соёлын ордны уран бүтээлчдийн дунд олон төрөлт спортын арга хэмжээ зохион байгуулжээ. Тус тэмцээний гар бөмбөгийн төрөлд Баянзүрх дүүргийн Соёлын ордны баг тамирчид гутгаар байр эзэлсэн амжилтыг үзүүлсэн байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ