Categories
мэдээ цаг-үе

Их Богдын тэмдэглэл

Данзангийн нямаа (сгз, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч)

1.

“Гэгээний овоо”-н дээр дөрөө мултлан хадаг яндар уяж, идээ цагаа өргөн хүсэл юугаа шивнэн сүсэглэв. “Орог нуур”- ын хөвөөн дээр тачигнаж байсан салхи энд сиймхийн төдий ч үлдсэнгүй. Өглөөгүүр хувцас хунараа зузаалан гарсан бид бага үдийн тунгалаг аяс дор хөнгөлж нимгэлэн сэрүүцэв. Тэнгэр хангай уярч, лус савдаг баясанхан, зочид гийчидтэйгээ инээмсрэн золгож буйн учрыг холоос эрэх хэрэг ч байсангүй, ээ. ХХ зууны Монголын нэрт сэхээтэн, соён гэгээрүүлэгч, доктор, профессор, Сономын Лувсанвандан Баянхонгор аймгийн Богд суманд 1932 онд төрж, багаасаа сургууль соёлын мөр хөөн, анхны гоо зүйч эрдэмтэн, нэртэй утга зохиол судлаач, олон улсын хэмжээний нийгэм, соёлын зүтгэлтэн, төрийн сайд хүртэлх ажил амьдралын баялаг замыг туулсан бөгөөд түүний амьдралын гайхамшигт замналын эхлэл болсон төрсөн нутагт нь 85 насных нь ойг үр хүүхэд нь санаачлан хоёр өдөр тэмдэглэсэн юм. Их эрдэмтэн хүүгийнхээ насны ойг хүй цөглөсөн нутаг ус нь хайраа дэвсэн угтаж буй нь энэ буюу. “Гэгээний овоо”-н дээр дуу хуур үүсч, шүлэг найраг эгшиглэв. С.Лувсанвандангийн нэрэмжит гоо зүйн дээд шагналтан, жүжигчин Догмидын Сосорбарам Равжаа хутагтын “Үлэмжийн чанар”-аар шүншиглэж,Ану хатан киноны Ану хатан дүрээрээ олноо танигдсан, залуу дуучин Даваасүрэнгийн Отгонжаргал нэрт эрдэмтэнтэй нас чацуу, хонгор нутгийн бас нэгэн алдартан яруу найрагч Тангадын Галсангийн шүлэг, Б.Шаравын хөгжим “Аав ээж хоёр минь” дууг цуурайтуулав. Их Богдын хад чулуу бүхэн царгил мэт даган эгшиглэхүй дор алс хол Бээжин хотод эмчлүүлж буй хөгжмийн зохиолч андыг минь Их Богдын эзэн сахиус ивээлдээ багтаах болтугай гэж залбирч зогсов л…

2.

…Тэнгэр уужран цэнхэртэж, наран алтранхан инээмсэрч байв. Намрын шар сэвшээ хацар нүүрийг илбэмой. Тэртээ доор “ Орог нуур” толины цайрдас шиг тунаран хөхвөртмүй. Цэгцэрийн шар талаас хялганын гэгээ давалгаалнам бүлгээ. Их Богд уулын бэл хормойн айлууд мөөгөн хүрээ шиг цайрч, адуу мал ялгагдах төдий бүрэлзэх атал хонин сүрэг цацчихсан сувд шиг гялбалзмуй. Их Богдын тэхий дунд үүлэн зардас хэн нэгний үгийг тээж ирчихээд одоохон түүнээ задланхан тайлбарлах гэсэн мэтү сэмрэнхэн амьсгалах бүлгээ. Сэтгэлийн минь гуун доторхи их эрдэмтэн Сономын Лувсанвандангийн зөөлөн инээмсэглэлт танил хөрөг тодрон тодрох ажаам. Хаа нэгтээгээс илгээсэн үгс нь үүл хөлөглөн ирчихсэн ч юмсан уу? хэн мэдлээ. Үүлэн дүрсийг дээрээс нь сонирхон харж зогссон үүнийг тэрлэгч бээр 13 гэсэн тоо дурайж байсныг баттайяа харсансан билээ. Их эрдэмтэн маань энэ тоог ихэд билэгддэг ч байсан гэдэг, ээ. Их Богдын тэргүүн халил дээр зогсохуй хоёр өдрийн туршид болсон явдал учралууд тодронхон зурагдах ажаам. Сэтгэлийн толь минь тунгалагшин гялталзмуй.

3.

Баянхонгор аймгийн төв Ном соёлын өргөөний уншлагын танхимд “Сономын Лувсанвандан” баримт бичгийн эмхэтгэл номын хоёр ботийн нээлт болов. Энэ ботиуд бүхэлдээ их эрдэмтний ажил төрөл, бүтээл туурвилд холбогдох баримтын эмхэтгэл аж. Тэр нь зөвхөн түүнд холбогдох баримт биш харин Монголын ном, соёл, урлаг, гоо зүй судлалд хамрагдаж байгаа бөгөөд судалгааны эргэлтэд орж, түмний хүртээл болж буйгаараа онцгой ач холбогдолтой юм. Номын нээлтэнд эрдэмтний ах дүү, үр хүүхэд, ач зээ,ангийн нь охин, шавь нар, уншигчдын төлөөлөгчид, номын хорхойтнууд, эрдэмтэд, зохиолчид танхимд багтахгүй цуглалаа. Тэдэн дотроос С.Лувсанвандантай нэг ангид сурч байсан, эдүгээ 87 насыг зооглоод буй Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт ахмад багш Сангидоржийн Зуумаа гуайн ярьсан дурсамж номын баярт оролцогчдын сэтгэлийн хадгийг намируулав. Тэд үсэг бичигт тайлагдангуутаа бусдад багшилж явжээ. 10 орчим настай багш хүүхдүүдийн сурагчид гэмээ нь өөрсдөөс нь өчнөөн ах, эгч байж гэнэм. Ангийнхаа сурагч Лувсанванданг гоё тод бичигтэй, зураг сайхан зурдаг, гэрээ санамтгай, юм л бол ном шагайж суудаг, аядуу зөөлөн хүү байсан гэж дурсав. Чухамдаа “Шинэ үсгийн багш” кино бол бидний тэр үеийг санагдуулдаг гэж ерэн насны босго дөхсөн энэ буурал их л цовоо цолгиун хууч яриагаа дуусгана билээ.

Алга нижигнэж, хууч дурсамж өрнөж, шүлэг, яруу найраг эгшиглэсэн номын нээлт халуун дотно, эерүү элгэмсэг, эрдэм номын гэгээ цацарсан уулзалт болов.

4.

Сономын Лувсанвандангийн дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор 2005 оны 7 сарын 6-ны өдрийн Засгийн газрын 153 тоот тогтоолоороо Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрыг, 2015 оны 11 сарын 6-нд СУИС-ийн Соёл урлаг судлалын хүрээлэнг тус тус түүний нэрэмжит болгосон аж. С.Лувсанвандангийн нэрэмжит театр өнөө жил 40 жилийн ойгоо тэмдэглэжээ. Театрыг өнгөтэй өөдтэй болгоход Лувсанвандан сан хагас тэрбум шахуу төгрөгний ажил хийж өгчээ. Хөгжимт драмын театрын нүүрэн талын болон их засварын ажлыг санхүүжүүлсэн төдийгүй гэрэлтүүлэг, техник хэрэгсэл хандивлаж хүүхдийн “Тэмүүжин” чуулгыг хөгжим, тоног хэрэгслээр хангажээ. Мөн өнөө хавар театрын уран бүтээлчдийг нийслэлд айлчлан тоглоход томилолтын зардлыг нь шийдвэрлэжээ. Энэ мэт үргэлжид туслан дэмжиж байдагт нь түүний үр хүүхдүүдэд, театрын уран бүтээлчид ам сайтай байна билээ.

Театр гаднаа ч дотроо ч өнгө засчээ.Театрын өмнө их эрдэмтний хөшөө сүндэрлэх ажу. Хажууханд нь ардын найрагч Ч. Лхамсүрэн мөн “Хүрэн морь”- оо харуулдаж зогсоо нь үзэгдэнэ. Номын нээлтийг үргэлжлүүлээд энэ театрт С.Лувсанвандангийн мэндэлсний 85 насны ойн баярын хурал болж, театрын уран бүтээлчид их эрдэмтэндээ баярын концертоо өргөн барив.

Концертон дундаас С.Лувсанвандангийн шүлэг, Б.Шаравдоржийн хөгжим “Эх нутгийн уянга” дууг анх удаа сонслоо. Шүлэг ч сайхан, аялгуу ч сайхан дуу аж. Шаравдорж бол үнэхээр авьяаслаг хөгжмийн зохиолч байсан юм. Надтай ч мөн хэд гурван дуу хийсэн хонгор нутгийн минь андсан. Тэрбээр С.Лувсанвандан абугайн дээрх шүлгэнд аялгуу зохиосон нь зохиролыг олжээ. Эрдэмтэн зохиолчийн олон шүлэг эдүгээ тэмдэглэлийн дэвтэртээ байна. Нэгэнт л зохиолчийнхоо гараас гарсан тэдгээр бүтээлүүд өөрийн хувь тавилангаа бүтээн хэзээ нэгтээ уншигчдадаа хүрэх нь гарцаагүй. Хүрч ч байгаагийн нотолгоо нь энэ дуу. Мөн жүжигчин Д.Сосорбарам ч аян замын уртад шүлгийнх нь дээжээс бидэнд уншиж явлаа. Уран бүтээл яг л хүн шиг хувь тавилангаа хөөдөгдөө.

Театр үзэгчдээр пиг дүүрчухуй. Хурлын хүндэтгэлийн суудалд нэрт эрдэмтний төрсөн дүү С.Пагам, С.Цэдэвхүүхэн, С.Галтмай, С.Бямбаа, О.Үржинсүрэн нарыг урин суулгалаа. С.Лувсанвандан абугай анх үүсгэн байгуулсан “Соёл, урлаг судлалын хүрээлэн”-гийн захирлаар ажиллаж байсан доктор Б.Баатархүүгийн тавьсан илтгэл олны сонирхлыг ихэд татав. УИХ-ын эрхэм гишүүн Лу.Болд аавынхаа тухай сэтгэлийн сайхан үгс, халуун дурсамж хүүрнэж, олон арван хүнд төрийн дээд шагнал одон медаль гардууллаа.

5.

Шагнагдагсдын дотор Баян-Овоо сумын ахмад настан, аавын минь нэг голын унаган найз “адуучин” Д.Арвин гуай “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” гардчухуй. Аав минь байвал байж л байх шүү дээ. Нутгийнхан аавыг минь “уургач” Данзан гэдэгсэн. Нээрэн чиг аавынхаа морь уургалахыг хараад л баймаар байдагсан… Морь нь дөрөө шүргэн газар налан эргэж, тэр хоромд аав уургаа урагш сунган шидэх бөгөөд хуйв нь агаарт гогцоорон эргэж шав хийн морины толгойд ордогсон, энэ сацуу хойд хоёр хөл дээрээ чахран суусан уургын морь, эмээлийнхээ араар дөрөө жийн гэдийсэн аавруугаа хазаар барьсан би-вээр гүйж явдагсан. Ай, даа тань руугаа одоо нэг гүйхсэн дээ… Арвин гуайг тосон очиж, баяр хүргэн үнсүүлэв. Аавын үнэр ханхийх аж. Эднийх 10 банди, ганц охинтой айлсан. Жудо бөхийн дэлхийн аварга, сая дэлхийн аваргаас мөнгө хүртдэг, манай сумын охин Уранцэцэг чинь эдний бэр шүү дээ. Арвин гуай жүжигчин Д. Сосорбарам бид хоёрыг хоёр сугандаа хавчуулж байгаад зургаа татуулав. Том биерхүү түүний суганд бид хоёр баавгайн бамбарууш шиг л харагдсан болой.

6.

Бидний дундаас Баянхонгор аймагт хамгийн алдартай хүн нь “Миний мэдэх Женко” ном бичсэн зохиолч, сэтгүүлч Доржхандын Төрмөнх байв. Тэр бас “Бодлын хулгайч”, “Ларьдма” киноны зохиогч бүлгээ. Энэ бол саяхны явдал. Харин олон жилийн тэртээ “Нохойн орон” кино нь ихэд алдаршиж, дэлхийн нэр хүнд бүхий кино фестивалиудаас гранпри болон тэргүүн, дэд өргөмжлөлийг 23 удаа хүртсэнийг нь тэр бүр мэддэггүй явж. Аян замын нэгэн олз гэвэл, эрхэм андыгаа танихын дээдээр танив. Авьяас нь хальж бялхсан тэрбээр энэ удаа Лу.Болдын номыг бичих судалгааны ажлаар яваа аж. Гар дээр нь олон ч сайн киноны зохиол бичигдэн хадгалагдаж байна. “Санкара” хэмээх роман нь уншигчиддаа очиход бэлэн болжээ. “Миний мэдэх Женко”, “Санкара” номууд нь орос, энэтхэг, хятад хэл дээр гарахаар гэрээ хэлцэл нь хэдүйн хийгдсэн гэнэ. Тэрбээр хийж бүтээхийн урмаар цахилан бадарчээ. Лу.Болдын тухай нэгэн сайн ном мэндлэн гарах айсуй цагийн гэрч нь бид болов.

7.

С.Лувсанвандангийн мэндэлсний 85 насны ойн баярын хүрээнд Баянхонгор аймагт олон ажил зохиогдов. Тэр болгонд бид “цэргийн үлээвэр найрал хөгжим” эгшиглүүлж явав. Сумдын соёл урлагийн байгууллагуудын ажилтнуудын дунд С.Лувсанвандан сангаас зохиосон гар бөмбөгийн тэмцээний нээлтийг нь ч энэ л үлээвэр хөгжимийг аялгуун доор эхлүүлсэн болой. Энэ хаанахын хөгжим байсан вэ? гэвэл Баянхонгор аймаг дахь Зэвсэгт хүчний339-р ангийн хөгжмийн салаа байв. Тэд Батлан хамгаалахын сайд асандаа талархаж явдагаа тийнхүү илэрхийлсэн хэрэг. Лу.Болд 2008-2012 оны хооронд Батлан хамгаалахын сайд байхдаа Баянхонгор,Баян-Өлгий, Сүхбаатар аймгуудад барилга инженерийнцэргийн гурван анги байгуулсны нэг нь энэ анги юм. Тэрчлэн Лу.Болдын хийсэн бүтээсэн бодитой хүнд тустай ажил армид цөөнгүй үлджээ.Тэр төсвөөс ганц ч төгрөгний зардал гаргалгүйгээр энхийг сахиулагчдын нөхөн сэргээх төв Багабаянд бариулж, зэвсэгт хүчний 1000 шахам айлыг орон байртай болгосон зэрэг сайн үйлсийг бахдан дурсагчидтай ч таарч явав. Хийсэн бүтээсэн үйлс үлдэж, хэлж гүтгэсэн үгс замхардаг ажээ.

8.

Уг нь өвгөжөөр хүн юм, тэгсэн атлаа Лу.Болд гишүүнтэй ихэд хүндэтгэлтэй мэхийн уулзав. Хэн нэгэн сонгогч нь буй за гэж бодов. Лу.Болд бол шинэ Үндсэн хууль батлалцсан гишүүдээс одоо УИХ-д байгаа хоёрхон гишүүний нэг л дээ. Нөгөө нь Д.Лүндээжанцан. Ийм гишүүдийг танихгүй хэн ч байх билээ. Тэгсэн мөнөөх өвгөжөөр хүн гадаадад хоригдож байгаад эх орондоо ирж ялаа эдэлж байгаа хэн нэгний аав нь болж таарав. Лу.Болд Гадаад харилцааны сайдаар ажиллаж байхдаа өөр улс оронд ял эдэлж байгаа олон иргэдээ эргэж тойрч эх орондоо татжээ. Мөн гадаадад баримт бичиггүйгээс эхлээд элдэв долоон шалтагаар эх оронтойгоо холбогдох боломжгүй байсан монголчуудаа олж, тэднийг нутагтаа ирэх боломжоор хангажээ. Бүр африк тивээс ч хэдэн улс дамжиж ирсэн иргэн ч бий гэнэм. Ийм, эгэл жир амьдралд ойр шийдвэрүүдийг гаргахын зэрэгцээ, хоёр том хөршийн Ерөнхийлөгчид 7 хоногийн хугацаатай Монголд төрийн айлчлал хийсэн болон АСЕМ-ын 11 дэх чуулган эх оронд минь чуулахаар болсон зэрэг шийдвэрүүд түүнийг Гадаад харилцааны сайд байхад гарсан байдаг. Ямар ч албан тушаал түүний хувьд хийж бүтээх, шинийг эрж хайх, цогцлоон байгуулах боломж байдаг амуй.

9.

Өглөө сэрвэл “СӨҮЛ” буудалд цахилгаан байсангүй. Асуувал энэ өдрийн 07-19 цаг хүртэл гэрэл тасарчээ. Баянхонгор төдийгүй, Өвөрхангай аймаг ч тасарсан гэнэм. Номын нээлт, баярын хурал, концертоо яанам бэ? Ш. Сүхбаатар анд ийшээ тийшээ ярьж, элдэв зохицуулалт хийх бүлгээ. Дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, яам, тусгай газарт Тамгын газрын дарга хийж явсан түүний зохион байгуулах чадвар үнэхээр гайхалтай аж. 14 цаг гэхэд 380 вольтийн чадал бүхий зөөврийн станц олжээ. Тэр өдрийн бүх л ажил жин тан болов. Баярын хуралд аймгийн удирдлагуудыг бүгдийг урьсан ч хэн нь ч ирсэнгүй. Бүгдэд нь хувийн болон хувьсгалын ямар нэг ажил гарч давхацжээ. Орлогч нар нь ч харагдсангүй. Харин хэлтсийн нэг залуу дарга С.Лувсанвандан эрдэмтний ойд зориулж баяр хүргэж үг хэлсэн болой. Нутгийнх нь нэрт эрдэмтэн зохиолчийн ой тохиож байхад аймгийн удирдлагуудын хэн нь ч оролцъё гэж хичээсэнгүй. Тэр чинь АН-ын гишүүн Лу.Болдын аав шүү дээ гэж бодоогүй байлтай. Цахилгаан гэрэл саатдаг нь ч юусан билээ? Оюуны гэрэл хэзээ ч унтардаггүй нь сайхан, аа. Тийнхүү баярын хурал дуусах мөчид нэгдсэн гэрэл ирлээ болцгоогоод явчихлаа. Зөөврийн станцаа ч унтраачихав. Таван хормын дараа гэрэл ирнэ, баярын концертоо тухлан үзээрэй гэж энэ өдрүүдийн бүх л ажлыг зохион байгуулагч, хөтлөгч, сэтгүүлч Ш.Сүхбаатар хэллээ. Гэрэл унтрав. Үзэгчдийн суудалд гар утасны гэрлүүд харанхуйгаас үнэнийг хайх мэт энд тэнд тэнэн гялалзах бүлгээ. Харанхуй бүхнийг хуччухуй. 5 хором, 10 хором, 20 хором өнгөрөв. Юу болов? Гэрэл ирээгүй гэж үү. Тэгэхнээ нь аймагт гэрэл ирэх нь ирсэн, харин энэ хэсгийн гэрэл ирсэнгүй болоод явчихав. Ахиад л зөөврийн станцаа дуудан ирүүлэв. Гэрэл мэлсхийв. Харанхуй хулжин хөөгдөв. Баярын концерт эхэллээ…

10

Мөхөс бичээч би С.Лувсанвандан эрдэмтний 85 насны ойд зориулж “Лу багш минь дурсагдана” гэсэн дууны шүлэг бичсэн юм. Түүнээ л уулзалт болгонд уншиж явлаа. Их Богдынхоо орой магнай дээр ч уншсан. Уул ус, лус савдаг нь сонсогдээ гэж бодсон хэрэг. Угаас дурсамж өөрөө амьдрал шүү дээ. Дурсагдаж байгаа хүний амьдрал түүгээр уртасч байдаг. Дурсамж хаана дуусна, амьдрал тэнд дуусна. Аугаа их хүмүүс үхдэггүйн учир энэ.

ХХ зууны үндэсний сэхээтэн,их эрдэмтэн,

Сономын Лувсанвандангийн мэндэлсний 85 насны ойд Лу багш минь дурсагдана / Дууны шүлэг/

Их Богд уул нь

Тэнгэрээн дүүрээд цэнхэртэнэ

Эрдмийн хишигтэн- Лу багш минь

Эрдмээн түгээгээд дурсагдана

Хүмүүн заяанд мэндэлсэн

Бодийн хар усанд нь

Хөх л мөнх тэнгэр

Уужранхан тольдож мэлтийнэ

Ай, Бодлын жигүүр ургана, аа

Ноён Богд уул нь

Нартаан дүүрээд цэнхэртэнэ

Номын буянтан- Лу багш минь

Номоон түгээгээд дурсагдана

Элэнц хуланцаас нутагласан

Нарийн харын ууланд нь

Эргэх дөрвөн цаг

Дөмөлзөн шуранхайлж айлчлана

Ай, Билгийн оюун нээгдэнэ, ээ

Оргил Богд уул нь

Орчлонгоо дүүрээд цэнхэртэнэ

Оюуны суутан -Лу багш минь

Оюунаа түгээгээд дурсагдана

Удмаан дагаж нүүдэллэсэн

Жарангийн цэнхэр нуруунд нь

Урган мандах наран

Жаргалтайн дэлгэрхэн мишээнэ

Ай, цагийн судас булиглана, аа

2017. 04. 19.

Идэрийн барилдлагат хөх хулгана өдөр.

11.

С.Лувсанвандан эрдэмтний 85 насны ойд зориулж төрсөн нутаг Богд суманд нь хийсэн наадам орон даяарын наадам болов. Энэ наадамд улсын заан Б.Батмөнх, Б.Соронзонболд тэргүүт бөхчүүд барилдав. Лавтайяа тэн хагасаас илүү нь улс аймгийн цолтон бөхчүүд байв. Хоёр улсын заан, хоёр аймгийн арслан шөвгөрсөн тус барилдаанд Богд сумын харьяат аймгийн арслан Б.Бат-Орших, улсын заан Б. Соронзонболдыг хаяж түрүүлэв. Их насны морьдын уралдаанд С.Гонгорын бор зүст ажнай, соёолон насныхад П.Галдандоржийн ухаа халзан соёолон алтан жолоо өргүүлэв. Их насны түрүү бор морь энэ зуны Өвөрхангайн их хурдад хол түрүүлсэн ажнай аж. Харин үндэсний шагайн харвааны тэмцээнд Монгол улсын мэргэн Ж.Батмөнх ахлагчтай Жинст сумын харваачид магнайлж, Баян-Өндөр, Баянцагаан сумын шагайн багийнхан удаалчухуй. Зүг бүр тийш таран одох наадамчдын морьдын тоос тэнгэрт хадах нь босоо монгол бичгээр “Хойтон жилийн наадам хол байна даа…” гэж таталган бичсэн мэт харагдмуй.

12.

“Цонжин” овоон дээр ирлээ. “Гэгээний овоо” том, сүрлэг, хиур, дарцаг дэрвэж байдаг бол харин энэ овоо эгэлээс эгэл аж. Богд уулын эрс өөр төрхийг энэ овоон дээрээс харав. 1957 оны газар хөдлөлтөөс үүссэн нуранга эндээс тов тод үзэгдэнэ. Уулын энгэр хад чулуутайгаа халцран гулсчээ. Одоо тэр нь шороон хүрхрээ мэтү шаргалтан улаарч, улааран шаргалтаж харагдана. Нуранга Их Богдын тэргүүн орчмоос эх аван урсдаг уулын голыг хааснаас хоёр жижигхэн нуур үүсчээ. Нутгийнхан энэ нууруудаа “Оюу” нуур, “Номин” нуур хэмээн нэрлэжээ. Үнэхээр оюу нуур нь оюу мэт тунаран оюурч, номин нуур нь номин мэт номиронхон цэнхэртдэг гэж энэ нутгийн унаган хүү, цог золбоот, сайхан сэтгэлт эр Дэндэвийн Ширмэн бахархан ярьсансан…”Цонжин” овоон дээр сэтгэл уярам нэгэн үйл болов. “Лувсанвандан” сангийн гүйцэтгэх захирал, Хууль зүйн ухааны доктор Ш.Сүхбаатар их эрдэмтний 85 насны ойд зориулж хийсэн Лувсанвандангийн дүрт дурсгалын медалийг хүүгийнх нь энгэрт зүүх эрхийг бидэнтэй хамт аян зам нийлсэн Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд С.Хүрэлбаатарт өгвэй. Аавынхаа өвөр дээр эрхлэж өссөн хүү, зүрхэн талдаа аавынхаа дүрт тэмдэгийг зүүчухуй. Аав нь хүүгийнхээ энгэрт одон болов гялалзав. Угаас С.Лувсанвандан бээр ард түмнийхээ сэтгэлд гялалзсан эрдэм соёлын “одон” билээ. Аавын тухай сайхан дурсамжаа Лу.Болд хуучлав. Нүдэнд нь цийлсэн нулимс, бидний нүдэнд ч басхүү гялбав. Их Богд уул ч өндөлзөн чагнана билээ. Унаган үрс нь сайн явахад уул ус нь баясдаг ёсон хэзээ эртийнх шүү дээ.

13.

Их Богдынхоо орой тэргүүн дээр гарч хийморь лундаагаа сэргээж, их эрдэмтнээ дурссан бид Орог нуурынхаа эрэг хөвөөн дээр ирж өвөр бүлээн усанд нь буй биесээ булхан сэрүүцвэй. Хэдэн жилийн өмнө хүмүүний байгальтайгаа харьцах ёсон бусын үйлдлээс болж энэ нуур ширгэж, Богд нутгийн аугаа авьяастан, хөгжмийн зохиолч Ч.Сангидорж уйтайхан болоод айтайхан ирж- Нямаа.Дан минь хоюулаа Орог нуураа дуугаар даллан дуудахгүй бол болохгүй нь гэж “Орог нуур минь …” дуу хийж билээ. Тэгэхнээ нь тэр жилийн хавар нь л “Орог нуур” цэнхэртэн цалгисансан… “Сувилагч чамдаа баярлалаа…” дуугаар овоглосон нэрт дуучин Баянмөнхийн дуулсан тэр дуу одоо ч Монголын радиогоор эгшиглэн дуурссаар билээ… Тийнхүү энэ Богд нутгаас бас нэгэн уран бүтээлийн захиа даалгавар авах учиртай байжээ…, Богд уулын бэл хормойд хонь хариулж, хүлгийн зоонд дарцаглаж өссөн, Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Хүрэлбаатар абугай надад Их Богд хайрханы тухай шүлэг найраг бичих үүрэг өгвэй. Ерөөл оршиг ээ.

Гүйн тэлмэн урсгалтай Түйн гол минь ирж цутгадаг Орог нуурын эрэг дээрээс хөдлөхөд оройн нарны шижир туяа эрдэмтэн зохиолчийн дүрээр ханхайх – Их Богд уулын хяр сэрвээг мөнгөлөнхөн боронздож байвай.

Туул гол -Түйн гол – Номгон хайрхан-Их Богд- Орог нуур .

2017 оны 9 сарын 1- 11

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол-Хойд Солонгосын харилцаа сүүлийн гучин жилд

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ


Хойд Солонгос бол Монголтой дипломат харилцаа тогтоосон хоёр дахь улс юм. 1946 онд Хятад, Зөвлөлт хоёр БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн боловч Гоминданы Засгийн газар дипломат харилцаа тогтоолгүй явсаар 1950 онд БНХАУ Улаанбаатарт элчин сайдын яамаа байгуулсан. Монгол Улс ч Хойд Солонгосын хувьд дипломат харилцаа тогтоосон хоёр дахь улс нь юм.

Солонгосын дайны үеэр Монгол нь коммунист орны хувьд умардынхны талд баттай зогсон эд материал болон сэтгэл санааны хувьд ихэд дэмжиж байлаа. Дайны үед мал махаар тусалснаас гадна адуу амьдаар нь гаргаж байсан. Дайнд өнчирсөн олон хүүхдийг Монголд авч ирэн өсгөж өндийлгөсөн юм.

Монгол Улс НҮБ-д элсэх гэж олон жил зүтгэсэн боловч Тайваний зүгээс байнгын хоригт орж байлаа. Тайваньчуудын байнга тавьдаг хоригийн шалтгаан нь Монгол Улс Солонгосын дайны үеэр тийш цэрэг оруулж НҮБ-ын нэгдсэн хүчинтэй байлдсан гэх. Үнэндээ энэ нь эсвэл зориудын гүтгэлэг, эсвэл Солонгосын дайнд олноор татагдан орсон өвөр монгол цэргүүдийг эндүүрч буй хэрэг байх.

1990 он хүртэл хоёр орны харилцаа хэвийн, заримдаа халуун дотно байсан. Төрийн болон коммунист намуудын харилцааны хүрээнд нам төрийн дээд, дунд айлчлал байнга зохиогдож байсан. Ким Ир Сэн Монголд хоёр удаа айлчилсны сүүлчийнх нь 1988 онд тохиож байв. Монголын удирдагч Батмөнхийн 1987 онд Хойд Солонгост хийсэн айлчлал нэлээд дуулиан тарьж байв. Учир нь яг айлчлалын өмнө Ким Ир Сэн алагдсан гэх шуугиан дэлхий нийтээр тарж Батмөнхийн айлчлалыг нийтээр сонирхон харж байсан.

Хоёр орны худалдааны эргэлт төдий их биш боловч тасралтгүй үргэлжилж байсан. Цөөн тооны боловч оюутны солилцоо ч олон жил үргэлжилсэн. Соёл урлагийн солилцоо ч байнга. Тэр байтугай Үйлдвэрчний эвлэлийн шугамаар жуулчин биендээ явуулдаг байлаа. 1988 оны Ким Ир Сэний айлчлалын үеэр Монголын тал түүнд Таван толгойн коксжих нүүрсний уурхайг хамтран ашиглах санал тавьж хоёр тал ойлголцлын төвшинд хүрчээ.

1990 оны эхээр Монгол Улс Өмнөд Солонгосыг хүлээн зөвшөөрсөн төдийгүй дипломат харилцаа тогтоох шийдвэрийг тэр үеийн Улс төрийн товчоо гаргалаа. Бүхий л коммунист орнуудаас энэ гэнэтийн шийдвэр гаргасан орон нь Унгарын дараа Монгол байсан билээ. Үүний дараа Польш ийм шийдвэр гаргасан. Унгар, Польшийг Хойд солонгосчууд улс орон даяараа урвагчаар нь дуудах суртал нэвтрүүлгийн кампанит ажил зохиосон боловч Монголыг ингэж шившиглээгүй. Мэдээж Пхеньян дахь элчин сайдын Гадаад яаман дээрээ дуудан зүсэн зүйлээр буруутган шүүмжилсэн боловч үүнийгээ гадагш нь гаргаж сонин хэвлэлдээ мэдээлсэнгүй. Монгол, солонгосчууд нэн эртний харилцаатай, биенээ сайн мэддэг, хоёр ард түмэн тул сургаар ч болов биендээ симпаттай юм. Иймээс монголчуудыг гэнэт урвагчаар нь дуудах нь төдий л таатай сонсогдохгүйг бодолцсон байх магадлалтай.

1990 оноос Монгол Хойд Солонгосын идэвхтэй харилцаа үнэндээ бараг зогссон юм. Энэ нь Өмнөд Солонгостой маш өргөн идэвхтэй харилцаатай болсноос ч болсон байж магадгүй. Өмнөд Солонгосын виз, хилийн тамгатай иргэдийг Хойд Солонгос хилээрээ нэвтрүүлэхийг хориглосон. Өмнөд Солонгос ч мөн ийм арга хэмжээ авдаг байв. 1990 онд тасалдсан худалдааны өр гэгдэх 600 мянга орчим шилжих рублийн тооцоо үлдсэн юм. Улаанбаатар, Пхеньянд хоёр орны элчин сайдын яамд идэвхгүй боловч ажиллагаа явуулсаар байлаа. Монгол нь мэдээллийн эрх чөлөөтэй болсон учир Хойд Солонгосыг шүүмжилсэн шоолсон материал хэвлэл мэдээллийн хэрэгслэлд цөөнгүй үзэгдэх болж, тэр тоолонд нь Хойд Солонгосын элчин сайдын яам эсэргүүцлээ илэрхийлж байв. Ким Чэн Ир төрийн эрх мэдэл авсны дараа түүний төрсөн эхийн тухай номыг монгол хэлээр орчуулж тарааж байсан. Солонгосуудын санаачилга хөрөнгөөр Улаанбаатарт Дорно дахины гүн ухаан дээд сургууль гэдгийг байгуулж Чүчхэгийн анги нээн ажиллуулж байв.

1990 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Гунгаадоржийг БНАСАУ-д элчин сайдаар томилсон нь хоёр орны харилцааг цаашид өндөр хэмжээнд хадгалах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн хэрэг юм.

1996 онд Монголын Ардчилсан хүчин анх удаа засгийн эрхэнд гарлаа. Монгол-Солонгосын парламентын бүлэг байгуулагдав. 1997 онд Монгол-Хойд Солонгосын парламентын бүлгийн дарга туслах Баасанхүүгийн хамтаар Монголын Элчин сайдын Яамны урилгаар Пхеньянд очлоо. Үүний өмнө тэрээр Японд очиж зах зээлд хэт овоорсон тайланд будааг гуйсан юм. Японы албаны хүмүүс 4 сая тонн будаа амлаад хариуд нь Солоносын дайнаас өмнө солонгос хүнтэй суусан 1800 япон бэрийг нутагт нь айлчлуулах асуудлыг шийдүүлэхийг хүслээ. Мөн япончууд энэ асуудлаар америкчуудтай зөвлөөд Хойд Солонгост үнэхээр аймшигтай өлсгөлөн болж буйг батлахын тулд Ассосэйшэд Прэсс агентлагийн сэтгүүлчдэд сурвалжлага хийх эрх олгохыг хүсэв. Хойд Солонгосын ГЯЯ-ны орлогч сайд төлөөлөгчдийг найрсгаар хүлээн авч дээрх хоёр болзлыг зөвшөөрсөн юм. Ингэж 1800 эхнэрийн эхний ээлж болгон нэг хувь буюу 18 эхнэрийг Японд айлчлуулсан. Мөн “Ассосэйшэд прэсс” агентлагийн сэтгүүлчид анх удаа Солонгос орж өлсгөлөнд сөхөрч буй ялангуяа хүүхдүүд өлсгөлөнд хэлмэгдэж буй зураг бичлэг хийн дэлхий даяар үзүүлсэн билээ. Харин Японд Засгийн газар солигдож өнөөх амалсан будаагаа өгөхөөс татгалзсан. Эхний болзлоо чангатгаж хулгайлагдсан иргэдээ буцааж өгвөл будаа өгч болно гэсэн.

Энэ үед Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн (IAEA) захирлын сонгууль болж Египетийн иргэн нэр дэвшсэн байсан юм. Монголын Засгийн газар Өмнөд Солонгосын төлөөлөгчийг захиралд дэвшүүлсэн ба энэ асуудлаар хойд солонгосуудтай ярьж тэд өмнөдийн хүнийг дэмжихээр болсон билээ.

1998 онд Монголын парламентын гишүүдийн айлчлал болоход 21 гишүүн ба Монголын ГЯЯ-ны сайд оролцсон нь парламентын нийт гишүүдийн бараг гуравны нэг болж байсан нь ховор үзэгдэл билээ. Энэ үеэс Монголын Засгийн газраас Хойд Солонгост хүнсний тусламж үзүүлж эхэлсэн юм. 1999 онд МИАТ-ийн онгоцоор 10 тонн мах болон консерв ачин Пхеньянд хүргэж өгсөн ба МИАТ-Айр Кореа хоёрын хооронд шууд нислэг хийх агаарын шугамын гэрээ хийв. Жил болгон 10 тонноос багагүй мах Солонгост хүнсний тусламжаар нийлүүлж байхаар боллоо. Мөн онд 20 тонн цэвэр спиртийг бэлгийн журмаар өгсөн болно.

2000 онд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ким Дай Жун Монголд айлчилсантай холбогдуулан Хойд Солонгос Улаанбаатараас Элчин сайдын яамаа татав. Монголын ГЯЯ-ны төрийн нарийн бичгийн дарга даруй Пхеньянд очин хэлэлцээр хийж Элчин сайдын яамыг дахин нээхээр болов. Үүний тулд Яамны шинэ байр гаргаж өгөх, Монголын зардлаар байрыг тохижуулах, автомашинд нь зориулж Монголын тал шатахууныг нь даах зэрэг хөнгөлөлтийг амалсан юм. Мөн Монголд ажиллах хүчин оруулахад нь туслах, тэднийг гадаадын ажиллах хүчний татвараас чөлөөлөх болов. 2000 онд УИХ-аас Хойд Солонгосоос ирж ажиллах хүчнийг татвараас чөлөөлөх тогтоол батлав. Энэ нь Монголд ажиллах гадны ажиллах хүчнийг чөлөөлөх цорын ганц тогтоол ба одоо хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Эдгээр гэрээг тус улсад айлчилсан Ерөнхий сайд Амаржаргалын айлчлалын үед үзэглэсэн. Амаржаргал Хойд Солонгост айлчлаад тэндээсээ шууд Өмнөд Солонгост айлчилсан билээ.

Үүнээс хойш Монголын гурван Ерөнхийлөгч, гурван Ерөнхий сайд, гурван ГЯЯ-ны сайд Хойд Солонгост айлчлал хийсэн. Энэ хооронд Солонгосын талаас Ардын хурлын дарга Ким Ён Нам зочилсон нь хамгийн дээд хэмжээний айлчлал байлаа. Сайд нарын төвшинд Солонгосын зүгээс нэлээд хэдэн айлчлал болсон. Монголд Засгийн газар амархан солигддог болохоор гарч ирсэн болгон нь хоёр Солонгосыг нэгтгэх үйлсэд хүчин зүтгэж нэрээ гаргах горьдлогоор тийш морддог боловч Ким Чин Ир, Ким Чин Ун нартай биеэр уулзахыг оролдсон ч нэг ч тохиолдолд бүтээгүй. Солонгост өгөх ёстой өр гэдэг нэрээр бэлнээр 700 мянган доллар аваачиж өгөөд хууртагдан уулзаж чадаагүй ч тохиолдол гарч байлаа.

Хамгийн амжилттай айлчлалыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хийсэн. Түүний санаачилга зүтгэлээр Хойд Солонгос-Японы хаалттай уулзалтыг Улаанбаатарт хоёр удаа зохион байгуулсан. Мөн хулгайлагдсан охины хүүхдийг Улаанбаатарт авч ирж өвөө эмээтэй нь уулзуулсан. Элбэгдорж мөн Солонгост айлчлахдаа Монголын ардчилсан сонголтын тухай лекц уншсан юм.

Өнгөрсөн 20 жилд Монголд зохиогдсон олон улсын болон бүс нутгийн хурал зөвлөлгөөнд Хойд Солонгосын төлөөлөгчид олон удаа ирж оролцсон. Бүс нутгийн уулзалт хуралд Монголоос өөр газарт солонгосууд ирэх нь нэлээд хойрго, бараг оролцдоггүй юм. Улаанбаатар хотын мэрийн санаачилсан Хойд Азийн цас ордог хотуудын мэрийн уулзалтад Пхеньян хотын дарга ирж оролцсон.

Хоёр орны худалдааны харилцаа нэн ядмаг хэвээр. Монголын талаас Солонгосоос худалдан авах юм олддоггүй. Хөрөнгө оруулалтын хувьд тэдний хууль эргэлзээтэй, үнэмшил муутай учир Монголын бизнесчид болгоомжилдог. Пхеньянд дэлгүүр байгуулсан хүмүүс худалдааныхаа ашгийг солонгос воноор авах болсноор дахиж ийм зориг хэн ч гаргаагүй. Ражинсамбоны боомтод усан онгоцны зогсоол түрээслэх, эсвэл худалдан авах саналыг тэдний зүгээс удаа дараа тавьсан боловч хөрөнгө оруулалт, хуулийн орчин нь төдий л ойлгомжтой бус учир Монголын хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчид нэлээд ярилцаж байгаад татгалзсан болно. Харин Солонгосын зүгээс ердийн ганзагын наймаа хийж, эмнэлэг, ресторан Улаанбаатарт ажиллуулж ашигтай ажилласаар буй.

Монголын зүгээс Солонгосоос сонирхож буй зүйл нь ажиллах хүчин юм. Хоёр орны хооронд хийсэн гэрээгээр Солонгосоос 10 мянга хүртэл ажиллах хүчин авахаар тохирсон. Гэвч энэ тоо хэзээ ч 5 мянга хүрч байгаагүй. Гол шалтгаан нь ажиллах хүчин Монголын хөдөлмөрийн зах зээлд гологдоод байв. Тэндээс гол төлөв барилга, зам барих ажилчид авдаг. Гэвч авлига арын хаалгаас болдог байж магадгүй барилгатай ямар ч холбоогүй багш болон цэргийн дарга мэргэжлийн бус хүмүүсийг их явуулдаг. Мөн сүрьеэ зэрэг архаг өвчтэй хүн явуулсан нь ирээд удалгүй нас барсан тохиолдол хэд хэд гарсан. Уг нь мэргэжил нь таарвал, эсвэл ирээд дадлагажвал сайн ажилладаг, сахилга баттай зэрэг нь Монголын ажил олгогчдын талархлыг хүлээдэг.

Монгол–Хойд Солонгосын төрийн болон хувийн хэвшлийн хамтын ажиллагаа нь Өмнөд Солонгос болон АНУ-ын зүгээс эсэргүүцэл, тааламжгүй хандлага олон удаа гарч байлаа. Өмнөд Солонгос, АНУ аль алинд нь Засгийн газар солигдох хэрээр Хойд Солонгост хандах хандлага нь эрс өөрчлөгдөн зарим Засгийн газар манай харилцааг сайшаахад, зарим нь үл таалж байгаагаа илэрхийлж эсэргүүцэл үзүүлсээр ирлээ. Жишээ нь 2002 онд Өмнөд Солонгост болсон хөл бөмбөгийн дэлхийн аваргын үеэр Хойд Солонгос нь “Ариранг” хэмээх үндэсний наадам зохиосон юм. Энэ наадамд Өмнөд Солонгосыг оролцуулаад гадаадын жуулчлагчдыг Улаанбаатараар дайруулан Пхеньянд айлчлуулах саналыг хойд солонгосчууд тавьсан. Энэ саналыг Сөүлийн эрх баригчид тааламжтай хүлээн авсан боловч яг цагаа тулахаар гэнэт татгалзсан билээ.

Зүүн Хойд Хятадад Хойд Солонгосын 300 мянга орчим дүрвэгсэд амьдардаг гэсэн тоо бий. 1990-ээд оны дундаас эдгээр дүрвэгчид Монгол руу зугтан орж ирэх нь элбэг болсон. Монголын эзгүй говьд үхэж үрэгдэх явдал ч нэлээд тохиолдсон юм. Иймээс Монголын Засгийн газраас арга хэмжээ авч нэгэнт ороод ирсэн дүрвэгсдийг хамгаалалтдаа авах болсон. Дараа нь тэднийг өөрсдийнх нь хүсэлтийн дагуу Өмнөд Солонгос, АНУ-д хүлээлгэж өгөх болсон юм. 2008 оны байдлаар Өмнөд Солонгост нийтдээ 20 мянган дүрвэгч очсоны 7-8 мянга нь Монголоор дамжиж очсон билээ. 2008 оны Бээжингийн олимпоос эхлэн хятадууд хилийн асуудлаа чангатгаснаар Монгол руу дүрвэгчид эрс цөөрсөн.

Солонгосын талаас Монголын сайн харилцааг буруугаар ашиглах явдал нэг бус удаа гардаг. 2000 онд хойд солонгос иргэн Монголд 100 мянган хуурамч америк доллар зарж байгаад баригдсан. Улаанбаатарт Солонгосын хөөргөх пуужинг хянах төхөөрөмж ажиллуулж байсан. Монголын армийн зарим хариуцлагатныг хахуульдах замаар байлдааны онгоцны мотор худалдан авч нууцаар хил гаргах гэж байсан тохиолдол бий. Өөрсдийн иргэдэд очих ёстой цалинг тусгай хүмүүс бөөнөөр нь авч Монгол Улсын Хөдөлмөрийн хуулийг зөрчдөг явдал ч нэг бус удаа илэрсэн. Өөр олон асуудал байдаг ч Монголын тал тэр болгонд аль болох өршөөнгүй хандан сануулаад өнгөрдөг.

Өнөөдөртөө худалдаа эдийн засгийн ямар ч ашиг байхгүй Хойд Солонгос нь Монголын хувьд ямар хэрэгтэй вэ? Монгол нь ердөө хоёр аварга хөрштэй, 1990 он хүртэл эдийн засгийн хувьд ганцхан ЗХУ-тай харилцаатай байсан далайд гарцгүй боогдмол орон байлаа. 1990 онд ардчилал, зах зээлийн тогтолцоо руу шилжсэн. Гадаад бодлогодоо үндсэн өөрчлөлт оруулж хоёр хөрштэйгээ сайн харилцаатай байхын зэрэгцээ “гурав дахь хөршийн бодлого” тунхагласан. Энэ нь дэлхийн бүхий л улс оронтой сайн харилцаатай, өөрөөр хэлбэл Монгол Улс ямар ч оронтой дайсагналцахгүй, үзэл суртал, цэрэг дайны хувьд төвийг сахина гэсэн үг. Хэдийгээр Монгол нь газар зүйн хувьд Төв Азид хамаарах боловч интегралчлал, эдийн засгийн бүсчлэлийн хувьд Зүүн Хойд Ази руу илүүтэй хандах сонирхолтой. Ирээдүйд энэ бүс нутаг нь (Алс Дорнод, Солонгосын хойг, Зүүн хойд Хятад, Япон) дэлхийн эдийн засгийн хөгжлийн нэгээхэн том төв болох төлөвтэй. Иймээс Монгол нь энэ бүс нутагт болж буй нийтлэг эрх ашиг, энх тайван, худалдаа эдийн засгийн хэрэгт аль болох идэвхтэй оролцон бүсийн интеграцид нэгдэхийг чармайдаг. Олон жилийн нөхөрсөг харилцаатай Хойд Солонгостой харилцаагаа улам хөгжүүлж чаддаггүй юм гэхэд энэ хэлхээ холбоогоо ямар ч байсан тасалж болохгүй гэсэн итгэл үнэмшил нь Монголын Хойд Солонгос руу хандсан гадаад бодлого юм.

2017.9.6

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Төсвийн орлого их наяд давсан ч хүүхдэд өгөх мөнгө байхгүй гэнэ

Үндэсний статистикийн хороо мэдээлэл хийж улсын төсвийн орлого төлөвлөснөөс 904 тэрбум төгрөгөөр давж биелсэн тухай сайн мэдээ дуулгав. Орлого ингэж нэмэгдэхэд татвар чухал нөлөө үзүүлсэн гэнэ. Хэдийгээр зарим нэг татвар зуу гаруй тэрбум төгрөгөөр буурсан ч гэлээ нийгмийн даатгалын орлого, орлогын албан татварууд өссөн байна. Төсвийн орлого төсөөлж байснаас их наяд орчим төгрөгөөр өснө гэдэг эдийн засаг сэргэж буйн дохио. Хэдийгээр статистикийн тоо баримтыг хөөсрөлттэй гэх яриа байдаг ч дээрх эерэг үзүүлэлтийг баталсан мэдээлэл байна. Юу вэ гэвэл Монголын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ хоёр их наяд төгрөг давчихаж. Иймэрхүү эерэг үзүүлэлтүүд хэдийнэ гарч эхэлсэн нь эдийн засаг өсөлттэй байгаагийн илрэл. Харин хүүхдийн мөнгө өнөөдрийг хүртэл сураггүй байна. Уг нь бол өнгөрсөн хавраас хойш хүүхдийн мөнгийг олгоно, олгохгүй гэж ярьсаар ОУВС-гийн хөтөлбөрөөр далайлган зогсоочихсон. Дараа нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэмэх оноо авах зорилгоор хүүхдийн мөнгө олгож байлаа. Одоо харин таг чиг байна. Сангийн яамнаас хүүхдийн мөнгийг хэзээнээс эхэлж олгох вэ гэдгийг тодруулахад “УИХ-ын намрын чуулганаар төсвийн тодотгол хийнэ. Тэр үед хэлэлцэнэ” гэсэн хариу өгч байна лээ. Харин эрх барьж буй МАН-ынхан энэ асуудалд ямар нэгэн байр суурь илэрхийлэхгүй таг чиг болчихлоо. Уг нь Ардчилсан намынхан наймдугаар сарын эхээр “Ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулж хүүхдийн мөнгийг олго” гэж хичнээн шаардсан. Одоо бол МАН-ынхан хэн нь дарга болох вэ гэх өрсөлдөөнд хамаг анхаарлаа хандуулаад юун хүүхдийн мөнгө манатай л байна. Угтаа бол Монгол Улсын нэн тэргүүнд анхаарал хандуулах ёстой зүйл нь хүн амын өсөлт. Энэ өсөлтийг дэмжих хамгийн том хөшүүрэг нь хүүхдэд сар болгон олгодог 20 мянган төгрөг. Гэтэл төр засаг хүүхдэд энэ мөнгийг олгож чадахгүй байна. Уг нь бол дээрх статистикийн мэдээллээс харахад хүүхдийн мөнгө байтугайг шийдэж болохоор харагдаж байгаа юм. Гэтэл намынхаа дотоод хэрүүлээс болоод заавал ч үгүй төсвийн тодотгол хүлээх болчихлоо. Хэрэв эрх барьж буй МАН Монголын ирээдүйг, үр хүүхдээ гэж боддог бол ээлжит бус чуулганыг өнөөдөр ч хамаагүй зарлаж хуралдуулаад хүүхдийн мөнгийг олгочихож болмоор харагдаад байгаа юм. Ийм боломж бий гэдгийг эдийн засагчид ч хэлж байна лээ. МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, судлаачдаас энэ тухай тодруулахад “Хүүхдийн мөнгө олгох боломж бүрдэж байгаа” гэдгийг хэлж байсан. Ер нь төсвийн орлого их наядаар давна гэдэг чамлах зүйл биш. Тиймээс эрх баригчид хүүхдийн мөнгийг олгохгүй байгаагаа “Мөнгө байхгүй” гэж тайлбарлах аргагүй. Нэгэнт хоёр ч сонгуулийн ард гарчихсан болохоор тэдэнд хүүхдүүд мөнгөө авах эсэх огт хамаагүй болчихож.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​Нэрт нийтлэлч Баабарын “Монгол-Хойд Солонгосын харилцаа сүүлийн гучин жилд” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Тэргүүн нүүрт “Банкууд барилгын компанитай байгаа цагт байрны үнэ бууна гэдэг үлгэр юм байна” хэмээх нийтлэл хэвлэгдлээ. Мөн www.admin.dnn.mn сайтын орлогч эрхлэгчээр томилогдсон Я.Баярбаатарын талаарх мэдээллийг тус нүүрээс унших боломжтой.

Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж, нийгмийн нэгэн залуур чиг болж байдаг Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Монгол-Хойд Солонгосын харилцаа сүүлийн гучин жилд” нийтлэл хэвлэгдлээ.
Улс төрийн нүүрнээс УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн “Засаг унагаасан нөхдөд хэлэхэд уснаас хэзээ ч хуурай шардаггүй л байхгүй юу” хэмээх ярилцлага нийтлэгдсэн байна.
“Хэлэх эрхийн индэр” булан дөрөвдүгээр нүүрт хэвлэгдлээ.

“Нийтийн өмчийн эмгэнэл” буюу Монгол нутгийг хөмөрсөн бэлчээрийн талхагдал нийтлэлийг тавдугаар нүүрээс уншаарай.

“Баримт, үйл явдал” нүүрнээс УИХ-ын гишүүн Д.Гантулгын нэр холбогдсон хүчингийн хэргийн талаар хохирогчийн талын өмгөөлөгч, “Өмгөөллийн Верктас партнерс” хуулийн нөхөрлөлийн хуульч Э.Хашчулууны ярилцлага хэвлэгдлээ. Тэрээр “УИХ-ын гишүүн гэх багны ард нуугдчихаад хэргийг бүрэн гүйцэт шалгахад нөлөө үзүүлэх вий” гэжээ.

“Мария хар салхи Доминикийн хар салхийг сүйтгэжээ” хэмээн Дэлхийн мэдээ онцолжээ.
Дуучин М.Нарантуяагийн “500 төгрөгөөр өдрийн хоолоо аваад ипчих боломжтой” хэмээх ярилцлага 13 дугаар нүүрт хэвлэгджээ.

“Сонин хачин” буланд “Албинос хүн”-ий талаарх мэдээлэл нийтлэгджээ.

Улсын засуул Т.Хэнбат өнөө жилийн баяр наадмын маргаантай барилдааны талаар “Үнэндээ Ганжадын тохиог би ч хараагүй, Санжаадамба ч анзаараагүй” хэмээн өгүүлжээ. Энэхүү ярилцлагыг 19 дүгээр нүүрээс унших боломжтой.

Эдгээр болон бусад мэдээллүүдийн дэлгэрэнгүйг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлнэ үү. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Айдастай байгааг эцэг эхчүүд олон нийтийн сүлжээнд нийтэлжээ

Өнөөдөр БГД-ийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн тэргүүний 85-р цэцэрлэгийн тааз гэнэт нуран унасан байна. Азаар хүүхдүүд гэмтэж бэртээгүй ч эцэг эхчүүд айдастай байгаагаа бичжээ.

Categories
мэдээ нийгэм

116 дугаар сургуулийн сурагчдад 450 ширхэг Брайль ном хандивлав

“Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагаас “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн гэрэлт ирээдүй” төслийг хоёр жилийн хугацаатай хэрэгжүүлжээ . Энэхүү төслийн зорилго нь нийслэлд амьдарч буй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг жирийн боловсролын сургуульд сурч өөрсдийн нөөц бололцоогоо хөгжүүлэхэд чиглэх юм.

Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын төслийн зохицуулагч Б.Түмэнжаргал “Төслийн хэрэгжилтийн хүрээнд НЗДТГ, боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг, “Дэлхийн зөн Монгол” олон байгууллагын хүүхэд хөгжил, хамгаалал хөтөлбөрийн хамт олон зургаан төрлийн 450 ширхэг номыг брайль үсгээр хэвлэж хүүхдүүдэд өгч байгаа” гэв.

НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагатай хамтран 116 дугаар тусгай сургуулийн сурагчдад брайль бичиг бүхий ном гардуулав.

Тус сургууль нь харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол олгодог улсын хэмжээний ганц сургууль. Энэ хичээлийн жилд 21 аймаг, есөн дүүргээс нийт 107 хүүхэд суралцаж ,15 бүлэг хичээллэдэг байна.

Б.ҮРЖИГ

Categories
мэдээ нийгэм

Зуслангийн бүсийн 8,5 тонн хог цэвэрлэжээ

Нийслэлийн ногоон бүсийн зуслангийн хаалтын цэвэрлэгээг Сэлбэ голын дагуу Санзай, Хандгайт, Баянбулаг, Хуурай мухар, Шаргаморьт, Гүнт, Жигжид, Яргайт, Шадивлангийн зусланд зохион байгууллаа.

Авто зам дагуу болон жалганд үүссэн хог хаягдлыг ачиж, цэвэрлэх, тээвэрлэх ажилд Зуслан чиглэлийн байгаль хамгаалагчид хяналт тавьж Чингэлтэй дүүргийн зуслангийн бүсийн хог тээвэрлэлтийг хариуцан ажилладаг Найши Трэйд ХХК түүврийн 13 ажилтан, 4 ачигч, 2 жолооч, 2 байцаагч нийт 21 хүний бүрэлдэхүүнтэй 4.5 тонн хог хаягдал, Сүхбаатар дүүргийн зуслангийн бүсийн хог тээвэрлэлтийг хариуцан ажилладаг Сүхбаатар Дэвшил ОНӨААТҮГ түүврийн 6 ажилтан, 2 ачигч, 1 жолооч, 1 байцаагч нийт 10 хүний бүрэлдэхүүнтэй 4 тонн хог хаягдлыг ачиж тээвэрлэлээ гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв.

Б.ҮРЖИГ

Categories
мэдээ нийгэм

Г.Хайдав 90 насны ойд зориулсан сонгодог урлагийн баяр болно

МУ-ын Хөдөлмөрийн баатар , МУАЖ, СУИС-ийн хүндэт доктор, профессор Г.Хайдав нь 1947 онд улсын хэмжээнд зохиогдсон Дуучдын анхдугаар уралдаанд оролцон тэргүүн байрт шалгарсан нь түүний дуучин болох итгэл, хүсэл тэмүүллийн эхлэл байжээ. Дуучин мэргэжлийг эзэмшин ирсэн цагаасаа өнөөг хүртэл үндэсний болон сонгодог дуурийн 30-аад дүрийг бүтээж, урын сандаа 700 гаруй бүтээлтэй аж. Түүний 90 насны ойн баярын хэвлэлийн хурал боллоо.


СУИС-ийн захирал Сонинтогос:

-Монголын урлагийн ертөнцөд домог адил аж төрж байгаа Хайдав багшийн 90 насны ойг ес нь сарын 21-нд тэмдэглэх гэж байна. Уг 90 насны ойн баярыг нэгд Монголын дуурийн урлагт дуртай хүн бүхний баяр болоосой, хоёрт Монголын дуурийн урлаг дэлхийд ямар түвшинд явааг харж бахархаасай гэсэн зорилоготойгоор зохион байгуулж байна. Ойн баяр СУИС-ын “Оюутан” театрт “Монголын дуурийн дуулаачийн зуун дамнасан дэг сургууль” эрдэм шинжилгээний хурлаар эхлэх бөгөөд Монголын дуурийн дуулаачийн дэг өнөөдөр ямар түвшинд ирсэн, мөн чанар нь юу вэ гэдэг талаар манай сургуулын тэргүүлэх эрдэмтэд, профессор нар илтгэл тавина. Уг 90 насны ойн баярт зориулан бүтээсэн “Дамжуулах үг” баримтад киноны нээлт, “Г.Хайдав 90” фото зургийн үзэсгэлэн, “Монголын дуурийн хан хүү” хүндэтгэлийн тоглолт, номын баяр зэрэг үйл ажиллагаа зохион байгуулагдана.

Тоглолтын ерөнхий зохион байгуулагч, найруулагчаар МУАЖ А. Дашпэлжээ

Хайдав нь 1957 оны үед тухайн төр засгийн бодлого шийдвэрээр дуурийн дуулаачийн мэргэжил эзэмшсэн ЗХУ-ын анхны төгсөгч юм. Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын дэргэд гоцлол дуулаачийн студийг 1963 онд санаачлан байгуулж, дээд мэргэжлийн дуучидыг өөрийн оронд бэлтгэх анхны үндэс суурийг тавьсан билээ. Хүндэтгэлийн тоглолтонд манай монголын үе үеийн алдартай дуучин шавь нар нь оролцож багшдаа хүндэтгэл үзүүлэнэ.

-БСШУСЯ-ны Соёл, Урлагийн бодлогын газрын дарга Н.БОЛД

Монгол улсад дуурийн дуулаачийн монгол дэг сургууль бий болсоноор өнөөдрийн П.Ганбат, Э.Амартүвшин, Г.Ариунбаатар. Б.Батжаргал нарын дэлхийн дуучид төрөн гарах хөрсөн болсон. Хайдав гуай багшлах хугацаандаа МУАЖ Д.Жаргалсайхан, Төрийн шагналт, МУАЖ зууны манлай дуучин Х.Уртнасан, МУГБ Ц.Ерөө, МУАЖ Мөнхшүр, МУАЖ А.Энхтайван, МУГЖ Д.Баадайжав, МУГЖ Ж.Гантөмөр, МУГЖ Г.Эрдэнэбат, МУГЖ У.Далантай, МУГЖ Х.Болормаа, МУГЖ С.Жавхлан зэрэг алдартай дуучдыг бэлтгэн гаргажээ. П.И.Чайковскийн “Евгений Онегин”, “Иоланта”, Н.Римский-Корсаковийн “Садко”, А.Даргомыжскийн “Лусын дагина”, Дж.Вердийн “Травиата” зэрэг дуурийг монгол хэлнээ хөрвүүлэн, “Тавин дуурийн тухай” номыг орчуулан эмхэтгэсэн нь өнөөгийн дуулах урлагийн сургалтын хэрэглэгдэхүүн болсоор байна. Энэхүү 90 насны ойн баярын ерөнхий зохион байгуулагчаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Соёл урлагийн их сугууль, Дуурь бүжгийн эрдмийн театр , Хайдав багшийн үе үеийн шавь нар,“Гонгорын Хайдав” сан, Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын НЗ, Төрийн банк хамтран ажиллаж байна.

Хайдав гуайн отгон шавиудын нэг СТА, дуучин Ө.Цэрэнчунт

“12 настайдаа хүүхдийн дууны уралдаанд орж Хайдав багштайгаа танилцаж байсан. Хайдав багш маань зөвхөн дуучин гэхээсээ амьдрал дээр эрэгтэй хүн ямар байх ёстой, боловсролтой хүн ямар соёлтой байхыг сургасан соён гэгээрүүлэгч хүн юм. 90 настай хүн эрүүл саруул, сайн сайхан харагдаж, ажиллаж хөдөлмөрлөж болно гэдгийн үлгэр дууриалал бол багш маань ийм сайхан хүн бидний хажууд байгаад маш их баяртай байна. Би хүндэтгэлийн тоглолт дээр “Ээждээ” уран бүтээлээ өргөн барьхаар бэлдсэн” гэв.

Б.ҮРЖИГ

Categories
мэдээ нийгэм

11 сургууль, цэцэрлэг халаалтаа аваагүй байна

11 сургууль, цэцэрлэг халаалтаа аваагүй байнаУлаанбаатар Дулааны сүлжээ ТӨХК, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар, Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газраас ирүүлсэн мэдээгээр нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар орон сууцны 1616 байр, 76 сургууль, 73 цэцэрлэг, 2 эмнэлэг, 34 аж ахуй нэгж халаалтаа аваад байна.

Улаанбаатар Дулааны сүлжээ ТӨХК 8е магистралийн засварын ажил удаашралтай байгаагаас хоёр УДДТөвийн харьяа 32 байрны 1855 өрх, 33 аж ахуйн нэгж халуун ус, халаалт тавигдаагүй. Мөн 9, 12 дугаар сургууль, 34, 41, 55, 79, 84, 90, 91, 92, 148 дугаар цэцэрлэг нийт 11 сургууль, цэцэрлэг халаалтаа аваагүй байна.

Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нийслэлийн хэмжээнд Чингэлтэй, Хан-уул дүүргийн 12, 31, 124 дүгээр цэцэрлэг, 34, 39, 63 сургуулийг төвийн халаалтад холбожээ. 34 дүгээр сургууль залгагдаж, 12 дугаар цэцэрлэгийн засварын ажил дуусаагүй байна. Мөн 31, 124 дүгээр цэцэрлэг, 63 дугаар сургууль халаалтаа аваагүй, 39 дүгээр сургууль гэрээний дагуу есдүгээр сарын 20-нд залгагдана гэж Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төвөөс мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Бөхийн барилдааныг камераар шүүх асуудлыг судлах ажлын хэсэг байгууллаа

Бөхийн барилдааныг камераар шүүх асуудлыг судлах ажлын хэсэг байгууллаа

Монгол бөхийн барилдааныг дүрс бичлэгээр /камер/ шүүх эсэх асуудлыг судлах ажлын хэсэг байгуулжээ. Сүүлийн жилүүдэд хөлийн цэцийн буруу шийдвэрээс болж бөхчүүд хохирох, хэн нь түрүүлж унасан зэрэг маргаантай барилдаанаас болж үзэгчдийг талцуулах байдал гарах болсон. Энэ асуудалтай холбогдуулан ийм үед үзэгчид “Бөхийн өргөө” болон төв цэнгэлдэх хүрээлэнд том дэлгэц тавьж, камераар шүүх санал тавьдаг ч Бөхийн холбоо хүлээж авалгүй өнөөдрийг хүрсэн. Мөн камераар бөхийн барилдааныг шүүх саналыг бөх сонирхогчид удаа дараа гаргадаг.
Тэгвэл Бөхийн холбоо дээрх асуудлыг анхаарч, энэ асуудлыг судлах ажлын хэсэг байгуулсан байна. Ажлын хэсэгт дараах хүмүүс багтжээ.

АХЛАГЧ: МҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзан
Н.Б.Дарга: С.Мөнх-Эрдэнэ /БСШУС-ын яамны мэргэжилтэн/
ГИШҮҮД:
1. Д.Ганхуяг /МҮБХ-ны тэргүүлэгч, улсын арслан/
2. Т.Өсөх-Ирээдүй /”Алдар” СХ, улсын харцага/
3.М.Бөхбат /МЖБХ-ны ЕНБДарга, олон улсын шүүгч/
4.Б.Батзаяа /МХБХолбоо, спортын сэтгүүлч/
5.Р.Галбадрах /МУИС-ийн физикийн багш, доктор, профессор/
6.н.Гантөмөр /”Монгол” HD телеьизийн ерөнхий найруулагч/
7.Я.Цогтсайхан /ТҮ9 телевизийн операторын албаны дарга/
8.С.Шижирбат /”ЕТҮ” телевизийн редактор, спортын сэтгүүлч/
9.Б.Батзориг /”Медиа спорт” ХХК-ний захирал, бөх сонирхогч/
10. Д.Эрдэнээ /бөх сонирхогч/
11.Б.Батбаяр /”Бид Монгол” ХК-ний захирал/