Categories
мэдээ нийгэм

Цаг агаарын аюултай үзэгдлийн сэрэмжлүүлэж байна

Улаанбаатар хотод өнөөдөр үүлэрхэг. Хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч 6-8 градус дулаан байна.

Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орно.

Өнөөдөр Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын нутаг, Төв, Хэнтийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна гэж Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.

Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 9-14 метр, говь болон зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 4-9 градус, говь болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр 18-23 градус, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор 14-19 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Төсвөөс тэтгүүлдэг Төрийн өмчит компанийн захирлуудын цалин ба багш нарын цалин

Төрийн өмчийн компанийн захирлын сард авч байгаа цалинг эгэл жирийн багш нар хоёр жил нойр хоолоо хасч, илүү цагаар ажиллаад ч авч чадахгүй байна. Ерөнхий боловсролын сургуулийн багш сардаа 650 мянган төгрөгийн цалин авдаг. Тэгэхээр жилд 7.8 сая төгрөгийг арай чүү авч байна. Тэгвэл төрийн өмчит компанийн захирлууд сард хэдэн төгрөгийн цалин авч байна вэ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэе.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор өнгөрсөн жил “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Х.Бадамсүрэн сард 10 мянган ам.долларын цалин авч байгаа талаар олон нийтэд мэдэгдэж шуугиан дэгдээж байв. Улмаар Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Х.Бадамсүрэн сард 25 сая төгрөгийн цалин авдаг нь тодорхой болсон. Үүний дараа Засгийн газраас гаргасан мэдэгдлээр “Хөгжлийн банк” ХХК-ийн Гүйцэтгэх захирал 10 сая төгрөг, “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн Гүйцэтгэх захирал 4.8 мянган ам.доллар, “МИАТ” ХК-ийн Гүйцэтгэх захирал долоон сая төгрөг, ХАА-н бирж ХХК-ийн Гүйцэтгэх захирал 9.5 сая төгрөг, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал зургаан сая төгрөг, “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын Гүйцэтгэх захирал 5.5 сая төгрөг, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Гүйцэтгэх захирал 3.5 сая төгрөгийн цалин авч байгааг албан ёсоор мэдэгдэж байлаа. Энэ тоо цаашид үргэлжилнэ. Зүгээр л зах зухаас нь дурдахад ийм байна. Эдгээр олон захирлууд авч байгаа цалин дээрээ нэмээд 150-200 сая төгрөгийн үнэтэй машин унана. Доод тал нь таван сая төгрөгийн үнэтэй утас барьдаг. Наад зах нь 70 сая төгрөгийн тавилга өрөөндөө тавьдаг гээд үргэлжлүүлбэл Төрийн өмчийн нэг компанийн захирлын хэрэглээний зардал 500-гаас нэг тэрбум төгрөгт эргэлдэх жишээтэй. Түүнчлэн “Эрдэнэс Таван толгой”-н гүйцэтгэх захирал гэхэд сард 10 мянган ам.долларын цалин авдаг гэнэ. Гэхдээ энэ юу ч биш бололтой. Учир нь Монгол Улсын хамгийн олон захиралтай байгууллага болох Төрийн банкны захирал, орлогч захирлууд хэдэн төгрөгийн цалин авдаг талаарх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж эхэллээ. Тодруулбал, Төрийн банкны ерөнхий захирал Д.Баярсайханы сарын цалин 18 сая, жилд 216 сая төгрөг,гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэнгийн сарын цалин 15 сая, жилд 180 сая төгрөг, гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Д.Ганбаатарын сарын цалин 12 сая, жилд 144 сая төгрөг авдаг гэнэ. Түүнчлэн сард 8-12 сая төгрөгийн цалин авдаг гурван ч орлогч захирал байдаг аж. Эндээс харвал УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн авга дүү Д.Баярсайхан захирлын сарын цалин нь Монгол Улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс даруй 75 дахин их байгаа. Бас УИХ-ын гишүүн асан Р.Содхүүгийн охин, УИХ-ын гишүүн Я.Содбаатарын төрсөн дүү гэхчлэн бүгдээрээ энэхүү Төрийн банкинд захирлын албууд хашиж хэдэн арван сая төгрөгийн цалин авч байна.

ТЭД ИЙМ ӨНДӨР ЦАЛИН АВАХААР ХЭМЖЭЭНД АЖИЛ ХИЙДЭГ ҮҮ

Төрийн өмчийн компанийн захирлууд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 50-80 дахин их цалин авч байна. Дээр нь унаа тэрэг, хоол унд гээд тэдний хэрэглэж болох бүхнийг улсаас өгч буй. Өөрөөр хэлбэл, төрийн өмчийн компани, банкны захирлууд тухайн газрынхаа хаан мэт авирлаж, бүх хэрэгцээгээ хангуулж байна. Тэгсэн атлаа тэд төрийн мөнгийг баруун солгойгүй зарцуулж, шатахуун тос хэмнэхгүйгээр хувийн болон хувьсгалын ажлаа амжуулдаг баримт мундахгүй. Гэтэл тэд үнэхээр авч байгаа өндөр цалингийнхаа хэмжээний ажил хийж байгаа юу. Баримт, тайлан баланс, улирлын дүн мэдээнүүдээс нь харахад төрийн өмчит компаниудын олонх нь он дамнасан алдагдалтай ажиллаж байгаа нь харагддаг. Өөрсдөө бүр үүнийгээ тодотгож ирээд хэвлэлд ярилцлага өгдөг. Өдгөө Монгол Улсад төрийн өмчит 80 орчим компани, банк бий. Үүнээс гарын арван хуруунд багтахаар цөөхөн нь ашигтай ажиллаж байгаа. Бусад нь алдагдалтай ажиллаж байна. Жилдээ багаар бодоход хэдэн тэрбум төгрөгийн алдагдал хүлээдэг байгууллага ч олон.Гэсэн ч дарга нарын цалин жил ирэх тусам өснө үү гэхээс буурч байсан тохиолдол үгүй. Дарга солигдох бүрт цалин нь нэмэгдэнэ. Томилогдож ирсэн дарга нь алдагдалтай ажиллаж байгааг нь мэдсээр байж огт тоодоггүй. Ажил нь бүр зогсчихгүй үлгэн салган явж л байвал болно гэсэн бодолтой байдаг нь нууц биш юм. Үүнээс гадна цалингаа огт ашигладаггүй, улсын мөнгөөр амьдралынхаа хэрэгцээг бүрэн хангадаг захирлуудын талаарх ноцтой мэдээлэл байдаг. Төрийн банк гэхэд чанаргүй зээл их хэмжээгээр өгсөн асуудал босч ирээд байгаа. Компанийн дарга нар өөрсдийнхөө ойр дотны хүмүүст өндөр мөнгөн дүнтэй зээл олноор нь олгосон ноцтой баримт дэлгэгдсэн. Гэсэн ч хууль хяналтынхан дорвитой арга хэмжээ авсан юм алга. Олонх нь хяналтын шатанд хэрэгсэхгүй болж байсан жишээ цөөнгүй. Үүний цаана төрийн компанийг алдагдалтай ажиллуулж, хууль бус шийдвэр үйлдвэрлэснийхээ төлөө сард 3.5-25 сая төгрөгийн цалин авч байна, захирлууд.

АРДЫН ХҮҮХДИЙГ СОЁН ГЭГЭЭРҮҮЛСЭН БАГШ ОРОЙ ГЭР РҮҮГЭЭ АЛХАЖ ХАРЬДАГ

Багш нарын 90 орчим хувь нь банкнаас цалингийн зээл авсан байна гэж өнгөрсөн сард цалингаа нэмүүлэхээр ажил хаялт зарлах үеэрээ багш нар мэдэгдэж байв. Үнэхээр багш нарын цалин амьдралын хаана нь ч хүрдэггүй нь тодорхой. Улс эдийн засгийн хямралд орсонтой холбоотойгоор төрийн алба хаагч нарын нэмэгдэл урамшууллыг хассан. Үүнээс болоод багш нар илүү цаг, анги удирдсан, дэвтэр зассан урамшууллаа авч чадахгүйд хүрсэн. Зөвхөн 650 мянган төгрөгийг сард хоёр хуваагаад, шимтгэл, суутгалаа хасуулаад авч байна. Авч байгаа цалингийнхаа ихэнх хувийг цалингийн, орон сууцны, хэрэглээний зээлэндээ төлдөг. Олонх нь 100 гаруй мянган төгрөгөөр дараагийн цалиндаа хүрэх болдог. Хоол хүнс, үр хүүхдийнхээ хувцас, өдөр тутмын хэрэглээний мөнгө зэргийг өгсөөр байгаад багш нар өдөр цайндаа орох, орой гэр рүүгээ харих автобусны мөнгөгүй өдөр хоногийг өнгөрөөж байгаа нь үнэн. Улсын сургуулийн бага ангийн багш гэхэд өдөр болгон 40 гаруй хүүхдэд хичээл зааж байна. Хүүхдүүдийн үймүүлж хашгирах чимээг үл анзааран хүүхэд бүрт хүрч ажиллах гэж үйлээ үздэг. Өглөө 07:00 цагт гэрээсээ гараад орой 20:00 цагт гартаа барьсан цүнхээ дааж ядсан хүн харьдаг. Гэртээ хоол, цайгаа идэж, уучихаад хүүхдүүдийн дэвтэр засаж суусаар шөнө хагаслаад унтдаг. Тэд “Цалин бага юм чинь би гарын амрыг харж ажиллана” гэж хойш суулгүй шавь нараа сурлагатай, сайн хүн болгохын төлөө сэтгэл зүрхээ зориулдаг. Өдөржин зогсож, хүүхдүүдэд хичээл заасан олон мянган багш нар ийм л борог амьдралыг туулж байна. Тэд зээлээс зээлийн хооронд, байхаас байхгүйн хооронд Монголын боловсролын салбарыг нуруундаа үүрч байгаа юм. Гэтэл төрийн өмчит компанийг дампуурлын ирмэгт авчирсныхаа төлөө дарга, захирлууд ард түмний татварын мөнгөөр халаасаа дүүргэж байна. Төрийн банк хийгээд өдгөө дэлгэгдээд байгаа дарга, захирлуудын цалингийн хэмжээ бол зөвхөн нийтэд илэрсэн нь. Үүний цаана өөрийнхөө бус түмний хүүхдийг Монголын боловсролтой, мундаг сэхээтэн болгохын төлөө цаг наргүй ажиллаж байгаа эгэл багш, ажилчдын мөрөөдөөд ч, хэдэн арван жил зүтгээд ч авахгүй их мөнгийг урамшуулал, сарын цалиндаа авчихаад сэтгэл нь ханахгүй суугаа зуу зуун дарга, захирал бий.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-ны пүрэв гаригийн дугаарт нийтлэлч Б.Цэнддоогийн “Шашин ба сүсэг” нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Нэгдүгээр нүүрэнд бид “Төсвөөс тэтгүүлдэг Төрийн өмчит компанийн захирлуудын цалин ба багш нарын цалин” сурвалжлагыг онцоллоо.

Улс төрийн хоёрдугаар нүүрнээс та бүхэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Оффшор данстай холбоотой асуудал дээр АТГ ажилллах ёстой. Харамсалтай нь тэд хуруугаа ч хөдөлгөхгүй байна” хэмээн ярьсныг хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болж байдаг алдарт гуравдугаар нүүрт нийтлэлч Б.Цэнддоогийн Шашин ба сүсэг” нийтлэл хэвлэгдсэн юм.

Эдийн засгийн нүүрнээс “Хармагтайн ордын бодит үнэн” болон “Аж үйлдвэрийн яам байгуулахыг бид гуйгаагүй шаардаж байна шүү” зэрэг нийтлэлүүд хэвлэгдсэн байна.

Харин спорт нүүрэнд Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн гишүүн О.Энхбаатар болон Үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн Д.Данзантай хийсэн ярилцлагууд нийтлэгджээ. Д.Данзан “Камерын бичлэг хардаг болвол дэвжээгээ жижиглэж, хоёр бөхийн арван талд нь камер байрлуулах шаардлагатай” хэмээн ярьсан юм.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

Та бүхэн манай сонины цахим хувилбарыг https://admin.dnn.mn/plugins/news/login/ хаягаар хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн ИТХ-ын даргын томилгооны асуудлыг хэлэлцжээ

Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчдийн хуралдаанаар НИТХ-ын даргын томилгооны асуудлыг хэлэлцжээ. НИТХ дахь МАН-ын бүлэг маргааш хуралдаж, Г.Төмөрбаатар, Ж.Батбаясгалан, Д.Баярсайхан нарын нэгнийх нь нэрийг НИТХ-ын нэгдсэн чуулганд оруулах бололтой. Гэсэн ч Ц.Сандуйг огцруулах өргөх бичигт гарын үсэг зурсан төлөөлөгчид НИТХ-ын даргад “Хотын фракциас” дэвшүүлсэн хүмүүсийг дэмжихгүй гэнэ. Тэд С.Амарсайханыг заалнаас нэр дэвшүүлж магадгүй байна. Нийслэлийн МАН-ын даргын албыг Су.Батболдод өгч, хотын фракциас НИТХ-ын даргын суудлыг авах тохироо хийгдэж байгаа талаар мэдээлэл өмнө нь цацагдаж байсан билээ.

Categories
мэдээ нийгэм

БСШУЯ-наас багш нарт хандан мэдэгдэл гаргав

БСШУСЯ-наас багш нарт хандан мэдэгдэл гаргав. Уг мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Багшийн цалинг нэмэгдүүлэх түр хорооноос хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээгээр цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиудад 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр сануулах ажил хаялт зохион байгуулах гэж байгаа тухай мэдээлэл гарч байна.

Ажил хаялтыг зохион байгуулах, хөдөлмөрийн хамтын маргааныг зохицуулах асуудал нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн “Хөдөлмөрийн хамтын маргаан зохицуулалт” гэсэн 10 дугаар бүлэгт заасны дагуу шийдвэрлэгдэнэ.

Хууль тогтоомжид заагдсан нөхцөл, шаардлагыг хангаагүй, хууль бус ажил хаялтыг зохион байгуулсны улмаас үүдэн гарах аливаа үр дагаврыг үүнийг зохион байгуулсан иргэн, хуулийн этгээд хариуцна. Хууль бус аливаа үйл ажиллагааг хууль хяналтын байгууллагуудаар шийдвэрлүүлэх болно.

БСШУСЯ-наас багшийн цалинг нэмэгдүүлэх асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд харилцан ойлголцол, хамтын оролцоо, нээлттэй зарчмаар хэлэлцэж, шийдвэрлэх байр суурийг баримталж байна.

Багшийн цалинг нэмүүлэх түр хорооноос цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш нарын үндсэн цалингийн доод жишгийг 1,600,000 төгрөгт хүргэх шаардлагыг тавьсан.

Засгийн газраас багшийн цалинг нэмүүлэх шаардлагыг хууль тогтоомжид заасны дагуу хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Улсын хэлэлцээрийн хүрээнд шийдвэрлэх, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос ирүүлсэн төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс үе шаттайгаар 30 хүртэл хувиар нэмэгдүүлэх саналыг холбогдох талуудын хэлэлцээг зохион байгуулж, нэмэлт хэлэлцээрийг байгуулан шийдвэрлэх байр суурийг илэрхийлээд байгаа билээ.

БСШУСЯ-наас багшийн цалин, хөлсний шинэ тогтолцоог нэвтрүүлэх гэж байгаатай холбогдуулан нээлттэй хэлэлцүүлгийг улсын хэмжээнд зохион байгуулж эхэлсэн бөгөөд багшийн хөдөлмөрийн үнэ цэнийг дээшлүүлэх, цалин хөлсийг нэмэгдүүлэх, ажлын үр дүнгээр цалинждаг цалин хөлсний шинэ тогтолцооны эрх зүйн багц зохицуулалтыг энэ ондоо багтаан хэлэлцүүлж, шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.

Иймд бүх шатны боловсролын сургалтын байгууллагын дарга, захирал, эрхлэгч нарт Боловсролын тухай, Бага дунд боловсролын тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд заасан сургалтын хэвийн үйл ажиллагааг хангах, Хөдөлмөрийн хуульд заасан хөдөлмөрийн хамтын маргаан, ажил хаялтыг зохион байгуулах тухай хуулийн зохицуулалтуудыг нийт багш, ажилтнуудад таниулах, хууль тогтоомжийн дагуу ажиллахыг зөвлөж байна” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд ДӨРӨВ ХОНОГ ажиллахгүй

Image result for Монгол, Хятадын хилийн авто замын боомтМонгол, Хятадын хилийн авто замын боомтууд ирэх сард дөрөв хоног амарна гэж ГХЯ-наас мэдэээллээ.

“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын хэлэлцээрийн дагуу Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд 2017 оны аравдугаар сарын 1,2,3,4-ний өдрүүдэд Хятад Улсын Үндэсний баяр болон Намрын баярын өдөр тус тус тохиож байгаатай холбоотойгоор ажиллахгүй.

Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих болно.

Categories
мэдээ нийгэм

“АЛТАН НАМАР” өртөөчилсөн сургалтыг зохион байгуулж байна

2017 оны эхний 8 сарын байдлаар гэхэд улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас 47 хүүхдийн амь нас хохирч, 129 хүүхэд хүнд, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртсэн байна.

Орон нутагт зам тээврийн ослын улмаас хүүхэд амь насаа алдсан тохиолдол 85 хувийг эзэлж байхад нийслэлд ослын улмаас гэмтсэн хүүхэд 64,3 хувийг тус тус эзэлж байна.

Үүнээс үзвэл нийслэлийн хэмжээнд хүүхдүүд гарцгүй газраар зам хөндлөн гарах, ойртон ирж байгаа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх, замын зорчих хэсэг болон ойролцоо тоглох түүнчлэн эцэг эхчүүд бага насны хүүхдийг харгалзах хүнгүй хөдөлгөөнд оролцуулдаг, хүүхэдтэйгээ хамт явж байхдаа замын хөдөлгөөнд аюулгүй, зөв оролцох мэдлэг олгодоггүй, буруу үлгэр дуурайлал үзүүлдэг, хүүхдүүд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгтэй байх боловч дадал суугаагүй, жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ биелүүлдэггүй зэрэг нь осолд өртөх нөхцлийг бүрдүүлж байна.

Иймд Замын цагдаагийн алба, “Хүүхэд зорчиж байна” төрийн бус байгууллагатай хамтран сургуулийн өмнөх насны буюу цэцэрлэгийн насны хүүхэд багачууд, тэдгээрийн эцэг эхэд Замын хөдөлгөөний хууль, дүрмийн мэдлэг олгох, хөдөлгөөнд аюулгүй, зөв оролцох дадал эзэмшүүлэх зорилгоор “АЛТАН НАМАР” өртөөчилсөн сургалтыг аялал хэлбэрээр Горхи Тэрэлжийн “Болор” зусланд зохион байгуулан явуулж байна.

Уг арга хэмжээнд өнөөдрийн байдлаар 160, 161, 191, 2, 68, 54 дүгээр зэрэг цэцэрлэгийн 900 гаруй хүүхэд, 320 орчим эцэг, эх, багш ажилтнуудыг хамруулаад байна.

Categories
мэдээ нийгэм

Баянхонгор аймгийн Галуут сумын иргэд нөхөн сэргээлт хийх нэрээр алт олборлохыг эсэргүүцлээ

Баянхонгор аймгийн Галуут, Бууцагаан сумын иргэд тус суманд “Тулгажаргалант” ХХК хууль бусаар алт олборлох гэж байгааг эсэргүүцэж хэвлэлийнхэнд хандлаа. Уг компани олборлолт явуулах газар нь дэрс, эмийн ургамал ихтэй газар гэдгийг онцлов.

Баянхонгор аймгийн Бөмбөгөр суман дахь Байдраг голын сав дагуу нийт 25 уурхай ажилладаг бөгөөд эдгээр уурхайг иргэд өнөөг хүртэл дэмжсээр иржээ. “Тулгажаргалант” компани олборлолтоо эхэлбэл Жаргалантын голд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж нутгийн иргэд үзэж байгаа бөгөөд энэ гол нь Галуутын хавцалд цутгадаг гэнэ. Мөн нэн ховордсон амьтан болох ирвэсийн тоо толгойд нөлөөлөх эрсдэлтэй түүнчлэн ирвэсийн нутагт ажиллаад эхэлбэл айлын мал руу дайрдаг аюултай ажээ.

Эдгээр иргэд Ерөнхийлөгч, БОАЖЯ, аймгийн удирдлагууд, Баянхонгор аймгийг төлөөлөн УИХ-д ажилладаг М.Билэгт, Н.Занданшатар, Л.Элдэв-Очир нарт гомдол саналаа хүргүүлсэн ч хариу аваагүй тул олон нийтэд мэдээлэл түгээхээр болжээ. Иргэд Галуут сумын газар нутгийг ухах биш, улсын хамгаалалтанд авах нь зүйтэй хэмээн аймгийн удирдлагуудадаа хандахад элдэв үг яриа гаргалаа гэж Зөрчлийн тухай хуулиар айлган сүрдүүлэх болжээ.

Сумын ИТХ-ын дарга, зарим багийн дарга болон иргэд хэвлэлийн хуралд оролцон, хууль бусаар алт олборлохыг эсэргүүцлээ. Хууль бус гэдэг нь Галуут сумын онгон дагшин газарт буюу өмнө нь уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаагүй газарт дээрх компани нөхөн сэргээлт хийнэ хэмээн машин техникээ долдугаар сард байрлуулж эхэлжээ. Одоогоор компанийн 11 гэрт ажилчид нь төвхнөсөн аж. Сумын ИТХ, тухайн газрын багийн дарга нар компанийн удирдлагуудтай уулзахад “Бид А лицензтэй, зохих зөвшөөрлийг аймаг, нийслэл дэх байгууллагаас авсан. Уулын ажлын төлөвлөгөөгөө батлуулсан. Удахгүй үйл ажиллагаагаа эхэлнэ” гэжээ. Гэвч лиценз гэх бичиг баримтуудаа үзүүлээгүй тул нийт хэчнээн га газарт үйл ажиллагаа явуулахыг мэдэхгүй байгаа юм байна.

“Уг нь орон нутагт уурхай эрхлэх бол юуны өмнө тухайн багийн иргэдийн саналыг сонсож, багийн иргэдийн хурлаар хэлэлцэн батлуулах ёстой. Гэтэл Бууцагаан сумын Нарангийн тавдугаар багийн дарга Ц.Батсайхан хууль бусаар ИНХ-ыг зарлан явуулсан гэв. Уг нь багийн иргэдийн нийтийн хуралд сонгуулийн насны иргэд оролцдог хуультай. Мөн дөрвөн өрх тутмаас нэг өрхийн гишүүн хуралд суух ёстой гэж заажээ. Гэтэл дээрх компани олон хүнтэй өрхүүдийг зориуд сонгон хуралд авчирсан, мөн нутгийн бөхчүүдийг айлуудаар явуулж, иргэдийг ятгаж, гарын үсэг цуглуулсан тул хурлыг хүчингүй гэж үзэж байгаа гэнэ.

Б.ҮРЖИГ

Categories
мэдээ нийгэм

Одоогоор 58 мянган золбин нохой устгажээ

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, “Базалт нэгдэл” ХХК, “Мөнхбуян оргил” ХХК зэрэг газрууд хотын хэмжээнд энэ онд 82 мянга орчим золбин нохой, муурыг устгах төлөвлөгөө гарган ажилж байна. Үүүнээс эхний есөн сарын байдлаар 58 мянга орчим золбин нохойг устгасан байна.

Устгалын ажилд “Бид туслая” ТББ нь энэ оны гуравдугаар сарын 27-оом эхлэн устгасан нохойг хот тохижилтын газрын мэргэжилтэнтэй хамтран нэг бүрчлэн тоолж, устгалд оруулах, дүүргүүдийн хороо бүрт хүрч ажиллах, сар бүр график гаргах, анчдад хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдөж ажиллуулах зэрэг шаардлагыг өдөр бүр хяналт тавин ажиллаж байна.

Мөн энэ оны тав, зургаадугаар сард Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдийн гэр хорооллын 15 мянган эзэнтэй нохойг бүртгэлжүүлэсэн.

Мөн нохдод пайз зүүх, паспортжуулах, вакцин хийх, ариутгал хийсэн юм. Үүнтэй холбоотой иргэдээс санал хүсэлт, сэтгэл ханамжийн судалгаа авч байгаа гэв.

С.ОЮУНЖАРГАЛ

Categories
мэдээ нийгэм

Хан-Уул дүүргийн ОБХ-ийн газар эрэлч нохойн албатай боллоо

Сүүлийн жилүүдэд байгаль, цаг агаарын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагаанаас болсон ослын тоо өссөөр байна. Тиймээс Онцгой байдлын ерөнхий газраас аврах үйл ажиллагаанд нохойг ашиглан сургаж дадлагажуулах, сургагч, хөтлөгчийг бэлтгэх ажлыг эхлүүлж байна. 282 дугаар тогтоолын дагуу ОБЕГ-ын харьяа Эрэлч нохойн албыг байгуулаад байна.

Нохой нь аврагчийн бүтэн хоногт хийх эрлийн ажлыг хоёроос дөрвөн цагт гүйцэтгэх чадвартай бөгөөд үнэрлэх чадвар нь хүнийхээс арав дахин илүү байдаг гэнэ.

Эрэлч нохойн албыг НОБГ-ын Хан-Уул дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн харьяа байгуулж, нээлтийн ажиллагааг өнөөдөр зохион байгууллаа. Энэ албыг байгуулснаар Онцгой байдлын гамшигтай тэмцэх, бэлэн байдлыг хангах, аврагчдын аюулгүй байдал болон тэдний ажлыг хөнгөвчлөх ажиллагааг шуурхай явуулах, эрлийн ажиллагаанд ашигладаг тоног төхөөрөмжийн зардлыг хэмнэх, аврах ажиллагаа явуулахад цаг хугацаа хожих зэрэг олон давуу талтай юм.

Тус алба нь дөрвөн сургагч багш, 7-13 сартай 10 нохойтой юм. Нохойг зургаан сартайгаас нь эхэлж сургаж эхэлдэг байна. Ингэж бэлтгэгдсэн эрэлч нохой нь долоогоос есөн жил үүрэг гүйцэтгэх боломжтой байдаг ажээ.