Categories
гадаад мэдээ

Цөмийн зэвсгийг хуулиар хориглох тухай гэрээнд 50 улс орон гарын үсэг зуржээ

ЗурагЦөмийн зэвсгийг хуулиар хориглох тухай олон улсын гэрээнд 50 улс орон гарын үсэг зурлаа гэж Японы “Киодо” агентлаг мэдээлжээ.

Уг гэрээнд гарын үсэг зурах ёслол лхагва гарагийн орой Нью-Йорк хотноо НҮБ-ын төв байранд болсон байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш ёслолын дараа мэдэгдэл хийхдээ “Дэлхий нийтийг цөмийн зэвсгээс ангижруулах зорилгод хүрэхэд бид нэгэн чухал алхмаар ойртлоо. Дэлхий нийт, бидний үр хойчид аюул учруулах ийм зэвсгийг бид хэрхэвч хүлээн зөвшөөрөх учиргүй” гэжээ.

Энэ гэрээний талаарх хэлэлцээг даргалсан Коста-Рикагийн Ерөнхийлөгч Луис Гуиллеро Солис Ривера “Цөмийн зэвсгийн улмаас хүн төрөлхтөн байнгын айдастай амьдарч байна” гэж хэлээд, гэрээнд нэгдэхийг цөмийн зэвсэгтэй улс орнуудад уриалжээ.

Гэрээнд 50 улс орон гарын үсэг зурж, соёрхон баталснаас хойш 90 хоногийн дараа хүчин төгөлдөр болох аж.

Уг гэрээгээр цөмийн зэвсэгтэй холбоотой үйл ажиллагаа явуулах, тухайлбал цөмийн зэвсэг үйлдвэрлэж, турших, цөмийн зэвсгээр айлган сүрдүүлэхийг бүрэн хоригложээ.

Гэхдээ энэ гэрээнд цөмийн цөмийн зэвсэгтэй улс орнууд, тэдгээрийн дотор Япон улс гарын үсэг зураагүй байна. Учир нь тус улс цөмийн зэвсгийг улс орноо болон ард түмнээ “хамгаалах хэрэгсэл” гэж үзэж байгаа аж.

Categories
гадаад мэдээ

“Мария” хар салхины улмаас пуэрто-рико бүхэлдээ гэрэл цахилгаангүй болжээ

Зураг“Мария” хар салхи дайрсны улмаас 3.5 сая хүн амтай Пуэрто-Рико арал бүхэлдээ гэрэл цахилгаангүй болоод байна гэж тус арлын Онцгой байдлын ерөнхий газрын /ОБЕГ/ албаны хүмүүс мэдэгдсэнийг “Ройтерс” агентлаг уламжилжээ.

Пуэрто-Рикогийн ОБЕГ-ын дарга Абнер Гомес лхагва гарагийн орой мэдэгдэл хийхдээ “Энд гэрэл цахилгаан ашиглаж байгаа нэг ч хүн алга” гэжээ.

“Мария” хар салхинаас үүдэлтэй үерт Пуэрто-Рико арлын бараг тэн хагас нь автаад байна гэж АНУ-ын Хар салхинаас анхааруулах үндэсний төв мэдэгдсэн байна.

АНУ-ын удирдлага дор байдаг тус арлын захирагч Рикардо Роселло орон нутгийн цагаар лхагва гарагаас бямба гараг хүртэлх хугацаанд 18:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл хөл хорио тогтоожээ.

“Мария” нь сүүлийн бараг 100 жилийн хугацаанд тус арлыг дайрч өнгөрсөн хамгийн хүчтэй хар салхи аж.

Арлын захирагчийн ярьснаар, 250 км/ц-ийн хурдтай “Мария” хар салхи замд таарсан бүхнээ сүйтгэж, модыг үндсээр нь сугалж, цахилгааны шугамуудыг унагаажээ.

Өнгөрсөн даваа гарагт энэ хар салхи Доминика улсыг дайрсны улмаас 7 хүн амиа алдаж, их хэмжээний эд материалын хохирол учирсан юм.

Засгийн газрын өр нь 73 тэрбум доллар даваад буй Пуэрто-Рикогийн санхүүгийн хямралыг энэ хар салхинаас учирсан хохирол улам гүнзгийрүүлж болзошгүй гэж шинжээчид үзэж байна.

Тус арал гамшиг зарласан тохиолдолд АНУ-ын Засгийн газраас сэргээн босгох ажлын санхүүжилтийг гаргуулах боломжтой гэнэ.

Categories
мэдээ спорт

Өсвөрийн хөлбөмбөгчид австралийн багт хожигдлоо

ЗурагНийслэл хотноо Ази тивийн 16 хүртэлх насны аварга шалгаруулах тэмцээний эрхийн төлөөх тэмцээнд ур чадвараа сорьж Монголын шигшээ баг өчигдөр Австралийн шигшээ багтай эхний тоглолтоо хийж хожигдлоо.

Насанд хүрэгчдийн шигшээ баг нь ДАШТ-д тогтмол оролцдог Австралийн өсвөрийн баг энэ тоглолтод 10:1-ээр Монголын өсвөрийн шигшээ багийг илүүрхэн хожсон юм. Манай шигшээ багийн ганц гоолыг Э.Ган-Эрдэнэ нэгдүгээр үеийн 33 дахь минутад оруулав. Манай шигшээ хоёрдугаар үеийн эхэнд 11 метрийн торгуулийн цохилт алдсан байна.

Тус тоглолтыг Австрали улсын Элчин сайд Жон Лангтри болон МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар нар үзэж сонирхжээ. Монголын хөлбөмбөгчид маргааш Вьетнам, 24-нд Камбож улсын шигшээ багтай тус бүр 16 цагаас МХБХ-ны хөлбөмбөгийн талбайд тоглоно.

Монголын шигшээ баг Бээжин хотод болсон Зүүн Азийн 15 хүртэлх насны хөвгүүдийн фестивальд оролцон, туршлага судалсан. Мөн энэ зуны турш “Хүрхрээ нэгдүгээр лиг”-ийн шилдэг клубүүд, 19 хүртэлх насны шигшээ багийн ах нартайгаа нөхөрсөг тоглолт хийж энэ тэмцээндээ бэлдсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Байгууллагын дэргэдэх цэцэрлэгт 1000 орчим хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна

2017-2018 оны хичээлийн жилд нийт найман байгууллага дэргэдээ 710 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай төрийн өмчийн цэцэрлэгийн 28 салбар бүлгийг нээн ажиллуулж, өнөөдрийн байдлаар 987 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна.

2016-2017 оны хичээлийн жилд

  • Гадаад харилцааны яам,
  • МУБИС-ийн харьяа СӨБС,
  • Тагнуулын Ерөнхий газар,
  • Хууль сахиулахын их сургууль дэргэдээ цэцэрлэг ажиллуулсан бол

Энэ жил

  • Гэрлэх ёслолын ордон,
  • Хан-Уул дүүргийн ЗДТГ,
  • ТЭЦ-3
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нэмж дэргэдээ цэцэрлэгтэй болсноор найман цэцэрлэгийн хүрээнд нийт 102 ажлын байр нэмэгджээ.

Өнөөдөр Нийслэлийн Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагаар удирдуулсан баг байгууллагын дэргэдэх цэцэрлэгүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тухайлбал, БЗД-ийн 32 дугаар цэцэрлэг өнгөрсөн жилээс эхлэн Хууль сахиулахын их сургуулийн дэргэд 7 бүлэг нээн ажиллуулж байгааг тус цэцэрлэгийн эрхлэгч танилцууллаа. Өнөөдрийн байдлаар нийт 11 бүлэг, 50 гаруй багш ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж, 541 хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгож байна. Хууль сахиулахын их сургуулийн дэргэдэх бүлгүүдийг байгуулснаар анги дүүргэлтийн тоо буурч, хүүхдүүд сурч боловсрох болон багш нар ажиллах таатай нөхцөл давхар бүрджээ.

Сүхбаатар дүүргийн 143 дугаар цэцэрлэгийн Гэрлэх ёслолын ордны дэргэдэх салбарт 25 хүүхэд суралцаж байна. Үүнээс 13 нь Гэрлэх ёслолын ордны ажилтнуудын хүүхэд, үлдсэн нь хамран сургах тойргийн хүүхдүүд аж. Өмнө нь хүүхдээ цэцэрлэгт өгч чадахгүй байсан эцэг эхчүүд одоо стандартад нийцсэн цэцэрлэгт хүүхдээ өгч, тайван ажиллах боломж бүрдсэн талаар тус ордны ажилтнууд ярьж байсан юм.

Нийслэлийн Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа хэлэхдээ “Төрийн болон хувийн байгууллагууд дэргэдээ цэцэрлэг ажиллуулах хүсэлтээ ирүүлдэг. Үүний дагуу холбогдох мэргэжлийн байгууллагууд ажиллаж, стандарт хангасан байгууллагад зөвшөөрөл олгож байна. Цаашид ч стандартын шаардлагад нийцсэн цэцэрлэг байгуулах цэцэрлэгүүдийг хотын зүгээс дэмжинэ.” хэмээлээ.


Categories
мэдээ спорт

Г.Отгонжаргал ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Литвын Клайпеда хотноо өчигдөр эхэлсэн Бөхийн төрлүүдийн цэргийн ДАШТ-ний 53 кг-ын жинд зодоглосон ОУХМ Ганбаатарын Отгонжаргал алтан медаль хүртэж, Литвын тэнгэрт Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүллээ.

32 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа тэмцээнд 26 орны тамирчид өрсөлдөж байгаа бөгөөд тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 57, 61, 65, 70, эмэгтэйчүүдийн 48, 53, 55 кг-ын жингийн барилдаан болов.

Тэмцээнд эх орноо төлөөлөн Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны есөн тамирчин оролцож буйгаас эхний өдөр гурав нь зодоглож бүгдээрээ медаль хүртлээ.
Тухайлбал эрэгтэйчүүдийн 65 кг-д спортын мастер Г.Ханбүргэд, эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд ОУХМ Б.Болор-Эрдэнэ нар хүрэл медаль хүртжээ.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн 74, 86, 97, 125, эмэгтэйчүүдийн 58, 60, 63 кг-ын жингийн барилдаан болно.

Categories
мэдээ нийгэм

Багш нарын 60 гаруй хувь нь ажил хаялтад оролцож байна

Засгийн газарт багшийн цалинг 1.6 сая төгрөг хүртэл нэмүүлэх шаардлага тавьсан билээ. Үе шаттайгаар 30 хувь нэмэхээр ажиллаж байна гэсэн хариу Засгийн газраас ирүүлсэн боловч багш нар уг саналыг хүлээж аваагүй. Улмаар багш нар өнөөдөр буюу есдүгээр сарын 21-нд ажил хаялтаа эхлүүлжээ. Ажил хаялт 08:00 цагаас эхэлсэн бөгөөд 17:00 цаг хүртэл үргэлжилнэ. Улсын хэмжээнд ЕБС-ийн багш нарын 60 хувь нь, цэцэглэгийн багш нарын 50 хувь нь, Улаанбаатар хотын хэмжээнд ЕБС-ийн багш нарын 55 хувь нь, цэцэрлэгийн багш нарын 40 хувь нь ажил хаяж байгаа гэж түр хорооны баруун бүс хариуцсан зохицуулагч Г.Энх-Амгалан мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Сүрьеэгийн тасгийн ажилтнуудад 30 хувийн нэмэгдэл олгоно

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар сүрьеэгийн тасгийн ажилтнуудад 30 хувийн нэмэгдэл олгохоор шийдвэрлэжээ. Тодруулбал, Засгийн газрын 2012 оны “Эрүүл мэндийн ажилтанд нэмэгдэл, мөнгөн урамшуулал олгох журам батлах тухай” 150 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт оруулсан байна.

Нэмэгдлийг энэ сарын нэгний өдрөөс эхлэн төсвийн багцдаа багтаан олгохыг холбогдох сайдын үүрэг гүйцэтгэгч нарт даалгав.

Улсын хэмжээнд 105 их эмч сүрьеэгийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг гэвч энэ нь байвал зохих орон тооноос 61-ээр дутуу ажээ. Сүрьеэгийн салбарт ажиллагсад халдвар авах өндөр эрсдэлтэй нөхцөлд байдаг бөгөөд өвчлөх, нас барах тохиолдол бусад мэргэжлийн эмч, мэргэжилтнүүдтэй харьцуулахад их байгаа нь судалгаагаар тогтоогджээ.

Дашрамд дуулгахад Казахстан, Киргизстан зэрэг улс сүрьеэгийн эмч, мэргэжилтнүүддээ ижил түвшний эмч нарынхтай харьцуулахад 190, олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн эмч нартаа 220 хувиар илүү цалин өгч сүрьеэгийн тархалтыг бууруулж амжилт олжээ.

Categories
мэдээ нийгэм

Торгуулийн төлбөр төлөхөд хүндрэлгүй болжээ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Гар утасны хэтийдсэн хэрэглээ эмэгтэйчүүдийг овортой харагдуулдаг гэнэ

Японы эрдэмтэд ийм судалгаа хийжээ. Гар утас барьдаг, түүнийгээ байнга ухаж төнхөж байдаг эмэгтэйчүүд наснаасаа илүү овортой харагддаг талаар дуу нэгтэй баталсан байна. Тэд албан ажил эрхэлдэг мянга гаруй бүсгүйчүүдийн дунд судалгаа хийжээ. Судалгаанд хамрагдсан бүсгүйчүүдийн талд нь хүссэн үедээ утсаараа оролдох боломж олгосон байна.

Нэг ёсондоо утасны хэрэглээнд нь хязгаарлалт тавьсангүй. Нөгөө хэсэгт нь зөвхөн шаардлагатай тохиолдолд мессэж бичих, утсаар ярихыг зөвшөөрчээ. Хоёр сарын дараа бүсгүйчүүдийн нүүр, хүзүүний арьсыг харьцуулж үзэхэд гар утаснаас салдаггүй хүүхнүүдэд хялгасан үрчлээ, булчин сулралт хэд дахин илүү байж.

Учир нь гар утсаа их ашигладаг хүмүүс байнга хагас тонгойдог учраас нүүрний булчин нь суларч унждаг гэнэ. Суларч, унжсан арьс мэдээж хэрэг амархан үрчлээтнэ. Тиймээс арьсаа гоё сайхан, залуу байлгахыг хүсвэл гар утсаа “маажихаа” багасгахыг Японы эрдэмтэд зөвлөжээ.

Сонирхолтой нь гар утасны хэтийдсэн хэрэглээ, түүнээс ялгарах долгионоос болж хөгширсөн арьсыг эргэн сэргээхэд байгалийн жамаараа үрчлээтэж буйгаас хэд дахин илүү хугацаа зарцуулдаг гэнэ.


Categories
мэдээ нийгэм

Багш нар өнөөдөр хичээл заахгүй

Цалингаа нэмүүлэх хүсэлт гаргасан багш нар энэ сарын 21, 26-ны өдрүүдэд ажил хаяхаар болсон. Тодруулбал, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн “Төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэгдүгээр сарын 1-нээс эхлэн үе шаттайгаар, 30-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх саналын дагуу асуудлыг эдийн засаг, төсвийн боломжтой уялдуулан шийдвэрлэхээр ажиллаж байна” гэх тайлбарыг энэ сарын 19-нд багш нарыг төлөөлж буй хүмүүс Түр хорооныхонд хүргүүлсэн байдаг. Тэдний ажил хаялт зарлах болсон шалтгаан нь Засгийн газраас цалин нэмүүлэх албан шаардлагад нь хариу өгөөгүйтэй холбоотой юм. Иймээс Нийслэлийн сургууль, цэцэрлэгийн багш нар өнөөдөр ажил хаях шийдвэрээсээ буцаагүй байна. “Багшийн цалинг нэмүүлэх Түр хороо”-ныхон төрөөс бодитой, дорвитой алхам хийх хүртэл тэмцлээ үргэлжлүүлнэ гэв. Тус хорооны тэмцэлд Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 40 орчим мянган багш нэгдсэн бөгөөд өчигдөр сургуулиудаас эцэг, эхчүүдэд хандан “Хөдөлмөрлөх эрх ашгаа хамгаалах, цалин хөлсөө нэмэгдүүлэх зорилгоор ажлын байрны ажил хаялт хийхээр болсон тул та бүхэн энэ сарын 21-ний өдөр хүүхдээ харгалзан хамгаална уу” гэсэн мэдэгдлийг хүргүүлжээ.