Categories
мэдээ цаг-үе

Ө.Энхтүвшин: Улс орны төлөө надад хойш суух эрх алга

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

УИХ-ын гишүүн, МАН-ын дарга асан Өлзийсайханы Энхтүвшинтэй ярилцлаа.


-МАН-ынхан сүүлийн хоёр сарын хугацаанд хоорондоо толхилцоонтой байна. Монголын улс төр гэхээсээ илүүтэй нэг намын улс төр давамгайлсан тийм нөхцөл байдал бий болсон. Өнөөдөр хуралдах танай намын Бага хурлаар Ерөнхий сайдын нэр тодорхой болох учиртай. Та Ерөнхий сайдад нэр дэвшинэ гэдгээ мэдэгдээд байгаа. Нэр дэвших болсноо зарлах хүртэл та хэр их бодсон бэ? Эсхүл гэнэтийн шийдвэр байв уу?

-Энэ тухай нэлээд удаан бодсон. Засгийн газар огцорсны дараахнаас УИХ-ын гишүүд, намын Бага Хурлын болон жирийн гишүүд, дэмжигчдийн зүгээс “Та Ерөнхий сайдад өрсөлдөөч” гэдэг саналыг маш их тавьсан. Гэхдээ би албан тушаалын сураг сонсонгуут, гуяа алгадаад гүйдэг хүн биш л дээ. Шинээр байгуулагдах Засгийн газар ямар нөхцөлд ажиллах гэж байгаа юм гэдгээс эхлээд бодсон л доо. Нэлээд бодсоны эцэст, нэрээ дэвшүүлэх нь зүйтэй юм байна гэж шийдвэр гаргасан.

Хүнд үед нь зүтгэх ёстой шүү дээ. Тэгэхгүй юм бол, нам, төрдөө хэзээ туслах юм бэ?, яах гэж 20 гаруй жил улс төрд юуны төлөө явсан юм бэ гэдэг асуулт гарнаа даа. Өөрийнх нь нам дотор маш эгзэгтэй нөхцөл байдал үүсээд байхад юу ч болоогүй юм шиг гараа эвхээд сууж болохгүй биз дээ!

-Ер нь нэр дэвшинэ гэж баахан явж байгаад эцсийн мөчид хүмүүс нэрээ татдаг байдал гардаг. Та тэгэхгүй гэх баталгаа бий юу?

-Би сая хэлсэн. Шийдвэрээ гаргах хүртэл долоо хэмжиж, нэг огтолсон. Нэгэнт шийдсэн бол чигээрээ зүтгэдэг хүн дээ би.

-Танай намын дотоод байдал маш хүнд байна шүү дээ. Та үүнийг сайн тооцсон уу?

Тооцсон. Үнэхээр наадмаас хойш бужигнаантай байгаа. Уг нь энэ чинь манай намын цэвэр дотоод асуудал шүү дээ. УИХ-д 65 суудал авсан том нам, улс төрийн тулхтай хүчин мөн л юм бол дотооддоо үүссэн асуудлаа дотроо ярилцаад шуурхай шийдэх ёстой юм. Тэгж чадалгүй өнөөдрийг хүрлээ. Намын доторх энэ хүндрэл ард түмний зовлон болчих гээд байгаад л би хамгийн их эмзэглэж байна. Хэн нь хэнийгээ дийлэх вэ? гэдэг асуудал ард түмэнд ёстой хүртээлгүй сонирхолгүй зүйл. Бие биенээ гутааж, дотоодын аахар шаахар асуудлаа ард түмний шаналал мэт болгож болохгүй шүү дээ. Заримдаа сонгогчдоосоо ичих шиг болох юм.

-Толгой хагаравч малгайн дотроо гэдэг шиг МАН-ынхан уг нь асуудлуудаа дотооддоо шийддэг ч энэ удаа тэгж чадсангүй. Танай намын нэг хэсэг нь “Манай намын идээ бээр шахагдаж байна” гэх юм. Үүнээс үзэхэд, МАН буруу замаар явж ирсэн байх нь уу. Намын удирдлагууд нь муу ажиллаж байсан гэсэн үг үү. Өмнө нь та намын даргаар ажиллаж байсан хүний хувьд байр сууриа илэрхийлээч?

-Алдаа бий. Тийм болохоор Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан. Алдаа байгаа тул намын дотор ийм асуудал үүсч байгаа юм. Хаалгаа түгжиж байгаад ч хамаагүй бие биеэ зад шүүмжилж, сэтгэлээ онгойтол ярилцаад, ойлголцож, түүнээ олонхийн шийдвэр болгоод явдаг, нэгэнт олонх шийдвэр гаргасан бол дуртай ч дургүй ч бүгд захирагддаг нэг ийм алтан дүрэм манай намд байдаг юм. Үүнийг МАН-ын үнэт зүйл гэж үздэг.

-Та улс орны нөхцөл байдал ямар байгааг мэдэж байгаа болохоор Ерөнхий сайдад нэр дэвшиж байна гэсэн. Огцорсон Засгийн газраас илүү ачаа үүрч магадгүй. Засгийн тогтворгүй байдлаас болж валютын ханш 50 төгрөгөөр нэмэгдсэн гээд үр дагавар нэлээд гарч эхэллээ. Ер нь танд ямар давуу тал байгаа вэ?

-Тооцсон, тооцсон, бүгдийг тооцсон. Ямар ч хүн Ерөнхий сайд боллоо гэхэд маш хүнд ачаа үүрнэ. Гэхдээ би чадна. Нэгдүгээрт, нөхцөл байдлаа ойлгодог, тэндээс гарах арга замаа олдог, “би чадна” гэсэн итгэл үнэмшилтэй байх ёстой. Хоёрдугаарт, аль нэг тийшээ холбирдоггүй, туйлширдаггүй, туршлагатай хүн байх шаардлагатай. Гуравдугаарт, Өөрийн болон өрөөлийн алдаанаас суралцаж, сургамж авсан, алдаагаа дахин хэзээ ч давтаж болохгүй гэсэн хатуу үнэмшилтэй хүн байх хэрэгтэй. Дөрөвдүгээрт, ард түмэн хүлээж авахаар нэр хүндтэй байх ёстой юм. Янз бүрийн бохир асуудалд нэр холбогдсон хүн байх юм бол эхнээсээ л дэмжлэг авахгүй дээ. Ерөнхий сайд нь дэмжлэг авч чадахгүй бол Засгийн газар нь дэмжлэг авч чадахгүй. Тавдугаарт, намын бүлгийн гишүүд маань талцаад хоёр тийшээ хараад суучих хандлагатай болсон үед эвлэрүүлж чадах эрмэлзэлтэй, төвч байр суурьтай байх ёстой гэж боддог. Тиймээс энэ бүх шалгуурыг би хангана гэдэгтээ итгэлтэй байгаа. Ерөнхий сайд болж аваад хөрөнгөжчихье, тэрийгээ энийгээ албан тушаалд тавьчихъя гэдэг бодол надад байхгүй. Бас дамжаад цаашаа ийм, тийм өндөр албан тушаалд очно гэсэн шунал байхгүй


-Таныг намаа хүнд үед гарч ирээд сайн сайхан болох эхлэл тавигдангуут явдаг гэх юм билээ. Хүнд үед нь гарч ирчихээд, алга болдог тань ямар учиртай юм бэ. Харин ч эсрэгээрээ, би хүнд үед тэгж ажилласан гээд явах ёстой юм биш үү?

-Үнэхээр, энэ намыг хүнд байх тэр цаг үед гарч ирдэг гэж нөхөд маань хэлдэг юм. 1996 онд нам ялагдахад, Н.Энхбаяр ерөнхий нарийн бичгийн дарга, би намын нарийн бичгийн даргаар ажилласан, 2000 онд 72 суудал авч манай нам үнэмлэхүй олонх болж байлаа. 2012 оны сонгуульд нам ялагдахад “Та л намын даргаар ир. Танаас өөр хүн алга,танд туршлага байна, зүтгэ” гэсэн. Намын дарга болсон. Нөхцөл байдал үнэхээр хүнд байсан. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ гаргаж чадаагүй л дээ. Тиймээс зарчим гэж нэг юм байна. Нэр дэвшигчээ ялуулж чадаагүй тул “хариуцлагаа хүлээгээд явъя” гээд өөрөө шийдвэрээ гаргаж, албаа өгч байсан. Одоо бас нэг тийм цаг ирчихлээ. Надад хойшоо гишгэх газар ч алга, эрх ч алга.

-Та бол нэгэнт Ерөнхий сайдад өрсөлдөнө гэдгээ зарлачихсан. Ямар мөрийн хөтөлбөр, зарчим барьж орж байгаа бол?

-Ард түмний хүсэн хүлээж буй том том асуудлуудыг барьж авна, бас мэргэжлийн Засгийн газар байгуулна гээд манай нам амлачихсан. Чадвартай, шударга, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй хүмүүсээс бүрдсэн Засгийн газрыг эхлээд бүрдүүлэх хэрэгтэй. Ажил эндээс эхэлнэ. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн ямар байх вэ гэдгээс ард түмэн эхний дүнгээ тавина. Хамгийн түрүүнд, дотоодын маргаан, сөргөлдөөнөө зогсоох хэрэгтэй. Бидэнд боломж, бодит бололцоо их бий. 65 хүнтэй бүлэг гэдэг чинь маш том хүч шүү дээ. Түүнийг бүтээн байгуулах их хүч болгож, зохион байгуулах л шаардлагатай.

-МАН-ын дотоод хагарал юунаас эхэлсэн бэ. Анх харж байхад, Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдлын дараахь сэтгэлзүйн хувьд шок-нд орж байх шиг байна гэж харсан ч үнэндээ албан тушаалын төлөөх тэмцэл байж гэж харагдах болсон. М.Энхболд дарга бол хариуцлагаа хүлээж, намын даргаа өгнө гээд мэдэгдчихсэн байсан. Эцэстээ улс орны эрх ашиг гэхээс илүү Ерөнхий сайд болох гэсэн хүсэлтэй хүмүүсийн эрх ашгийн төлөөх тоглолт болчихсон…

-Ямар ч асуудалгүй, сайхан нам байсан чинь 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд гэнэт ялагдаад, тэгээд л бүх юм болохоо байсан гэж ярьж болохгүй л дээ. Цаанаа асуудал их байж, тэр нь л гарч ирж байна. Мөсөн уулын ил харагдаж байгаа нь түүний өчүүхэн хэсэг, ихэнх нь далд оршдог гэж ярьдаг шүү дээ. Үүнийгээ одоо болох Бага Хурал болон Их Хурлаар сайн ярих шаардлагатай. Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн ч үүнтэй маш холбоотой. Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан шалтгаан нь маш олон зүйлсээс хамааралтай. Зөвхөн Засгийн газраас болоод сонгуульд ялагдчихсан ч юм биш. Хэрэв Засгийн газар муу ажилласан бол 65 хүнтэй бас холбоотой. Энэ засгийн газрыг 65-ын бүлэг дэмжиж байгуулсан. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэлэлцэхэд 65-ын бүлэг дэмжсэн. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах уу яах вэ гэхэд “Ор,ор” гэж 65-ын бүлэг л шахсан. “ Орохын тулд ийм ийм болзлуудыг тавьж байна. Татвар нэм гэж байна. Хүүхдийн мөнгөний тодорхой хэсгийг нь хязгаарла гэж байна, тэтгэврийн насыг нэм гэж байна” гэхэд тэгэлгүй яах вэ гээд л олонхи нь дэмжсэн. Бүх зүйлийг бүлэгтэйгээ ярьж байгаад л хийсэн. Үнэн бол энэ.

-Ганц жишээ авахад л ОУВС-д хамрагдсан нь буруу болсон. Эдийн засгийн эрх мэдлээ гадныханд өгчихлөө гээд танай бүлгийн гишүүд яриад байсан л даа…

-Одоо бол хамрын доорх хагархай гэдэг шиг сайхан бурж байна л даа. ОУВС-гийн дэмжлэггүйгээр өөр яаж явах байсан юм бэ? Энэ их өр ширийг яаж зохицуулах вэ?, төсвийн алдагдлыг хаанаас нөхөх вэ? Ийм асуултуудыг тавихаар хэн ч, юу ч хэлж чаддаггүй. Манайх анх удаа ийм байдалд орсон юм биш. Өмнө нь хэд хэдэн удаа хөтөлбөрт хамрагдаад босч ирсэн түүхтэй юм. Бид ядрахаараа ОУВС-д ханддаг, жаахан чадал тэнхээ суугаад ирэхээрээ зангаа хувиргадаг. ОУВС болон Олон улсын санхүүгийн байгууллагуудын дэмжлэгийг авахаас өөр зам байхгүй. Нэг их шидтэй хүн төрж, шидэт саваагаар дохиж асар их мөнгөөр бороо оруулдаггүй л юм бол өөр боломж байхгүй л дээ.

-Засгийн газраас гарсан шийдвэр бүр иргэдийн халаас, тэдний амьдралд хамгийн их нөлөөлдөг. Тэр утгаараа Засгийн газар гэж институци маш сайн ажиллах хэрэгтэй байдаг нь ойлгомжтой. Гэтэл өнөөдөр Засгийн газар ажиллах боломж тэр бүр олддоггүй. Юм л бол огцруулна гэх. Засгийн газар бие даагаад шийдвэр гаргахаар УИХ нь дургүйцэж, нөгөө талаас Ерөнхийлөгч орж ирдэг. Тэгэхээр Засгийн газрын эрх мэдлийг нэмэгдүүлэхэд Үндсэн хуулийн өөрчлөлт чухал гэдэг л дээ?

-Одоо нэгэнт асуудал шийдэгдсэн юм чинь цаашаа яах вэ? гэдгээ бодож бас хүндрэлийг боломж болгон харах хэрэгтэй. АНУ-ын нэг Ерөнхийлөгчийн бичсэн номын уншиж байхад, Хятадууд хямралыг “бэрхшээл”, “боломж” гэсэн утгатай хоёр ханзаар тэмдэглэдэг гэжээ. Агуу ард түмэн сүрхий харсан бодсон байгаа биз. Өөрөөр хэлбэл, ард түмний хүсэн хүлээж байгаа хэмжээнд хүртэл засах боломж болгон ашиглая. Түүнээс биш нэг Ерөнхий сайдыг нөгөөгөөр, нэг сайдыг өөр нэг сайдаар солиод санаа амарч болохгүй. Нилээд том том өөрчлөлт их шаардлагатай. Энэ нь хүн бүрт таалагдах албагүй. Нилээд яам, албан газар нэг баг болж чадахгүй байна. Орон нутагт ч ялгаагүй. Сайд гэхэд яг өөрөө мэдээд доод тушаалын хүмүүсээ тавьж чадсан уу, үгүй юу? Энд тэндээс чаддаг, чаддаггүй баахан хүн шахаад тавиулчихсан юм биш үү?Тэгээд, нэг баг цул хүч болж чадаагүй бололтой. 65 дотроос ч маш их шахсан. Дарга, сайд нь ажлын шаардлага тавихаар нөгөө шахаасны нөхөр чинь шууд “эзэн”-дээ ховолчихно. Намайг шахаад, хавчаад байна…гэхчлэн. Тэгэнгүүт, “эзэн” нь уурлаж, дээдэх даргыг нь “огцруулна” гэж айлгана. Иймэрхүү дүр зураг л харагдаад байгаа юм даа. Үндсэн хуулийн өөрчлөлт гэхээс илүү иймэрхүү завхралуудаа засах ёстой.

-Энэ чиглэлд ажиллах бодлогоо тодорхойлчихсон гэж ойлгож болох уу, Таныг?

-Бодлогоо тодорхойлчихсон.

-Нэг жилийн өмнөх танай намд өгсөн иргэдийн итгэл яагаад буурчихав. Ганцхан жилийн өмнө 65 суудалтай олонхийг бүрдүүлэн баярлаж байсан эрх баригчид буюу 65 гишүүн өөрсдөө зовлон болоод эхэлчихлээ гэж байна. Хэт олонх болчихсон үед тэдний санаа оноог шигтгээд явна гэдэг бас л амаргүй ажил байх. Гэхдээ үүнийг хийчих хүн л Ерөнхий сайд болох хэрэгтэй гээд байгаа…

-Нэг суут хүний үг байдаг юм. Тэр нь: “Дээшээ гарахын тулд тулгуураа олох хэрэгтэй. Дээшээ гараад тогтохын тулд тэнцвэрээ олох ёстой” гэж. Тэнцвэрээ олж чадахгүй, толгой хавьдаа савлаад байгаа юм биш үү? Манай намынхан энэ үгийг сайн ухаарах хэрэгтэй. Академич Б.Чадраа агсан нэг удаа намын Бага Хурал дээр “Аавдаа алгадуулсан хүүхэд сайн хүн болдог” гэж хэлж байсан юм. Ер нь бид нар Бага, Их хурлуудаа хуралдуулаад тэднээрээ нэг сайн алгадуулах цаг болчихсон даг шүү.

-Ерөнхий сайдад нэр дэвших хүмүүсийн олон нэр яригдаж байлаа. Таныг нэр дэвшинэ гэхэд талархан хүлээж авах хэсэг байхад нөгөө талд нь “60 тэрбумынхныг хамгаалахаар орж ирлээ” гэж байна л даа…

-Тэгнэ л дээ. Дургүй хүмүүс юу ч гэж ярина. Хүн алсан ч гэж бичиж магад. Өнөөдөр 60 тэрбумыг хамгаалаад байгаа хүн хэн байгаа юм. Бүгд л сэтгэл зовж байна шүү дээ. Үүнийг шалгасан хуулийн байгууллага нь яагаад тодорхой хариу өгөхгүй байгаа юм бэ гэдгийг гайхаж л байна. 60 тэрбумын тухай яриа хэсэг хүмүүсийн хооронд болчихож. Харин тэр яриа хэрэгжсэн юмуу, үгүй юу гэдэг л гол нь шүү дээ. Прокуророос хэд хэдэн дүгнэлт гаргасан юм билээ. Яагаад ийм дүгнэлтүүд гарав гэдгийг нь бид сонсмоор байна. 2016 оноос хойш төрд ажилласан хүмүүсийг АТГ-т хэд хэдэн дуудаж асуусан юм билээ. Бараг 600-гаад хүнийг дуудаж, асуусан, байцаасан гэсэн. Шалгаад дууссан юм бол үүнийгээ ард түмэнд мэдээлэх хэрэгтэй. Үүнийг би удахгүй чуулган дээр шаардах болно.

-Ерөнхий сайдад нэр дэвшиж байгаа хүмүүс Бага хурлын гишүүдтэйгээ уулзаж байна гэх юм. Зарим нь гадуур тэр Ерөнхий сайд болчихвол ийм албан тушаал надад өгнө гээд ярьж яваа тухай танай намын гишүүд ярьж байна л даа. Ингээд эхлэхээр өнөө 60 тэрбумаас ялгаа байна уу, ер нь?

-Иймэрхүү байдлаар Бага Хурлын гишүүдээ татах гэж оролдох юм бол үнэхээр жинхэнэ завхарсан заваан юм болно. Нөгөө 60 тэрбум чинь ёстой үнэн юм байна гэдэг яриа жинхэнэ бодитой болно шүү дээ. Ц.Нямдоржийн хэлдгээр, ёстой “түмпэн, түмпэнгээр бөөлжинө” гэдэг л болох байх даа.



Categories
мэдээ улс-төр

МАН-ын Бага хурал өнөөдөр Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулна

МАН-ын Бага хурал өнөөдөр 11.00 цагт эхэлнэ. Энэ удаагийн Бага хурлаар намын даргыг сонгохгүй. Харин Ерөнхий сайдад нэр дэвшигчдийг албан ёсоор тодруулна. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах санаачилга гарахтай зэрэгцээд дараагийн Ерөнхий сайдад МАН-ын нөлөө бүхий гишүүдийн нэрс дуулдаад эхэлсэн билээ. Тодруулбал, У.Хүрэлсүх, Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж, Н.Энхболд нарын нэг нь л Бага хурлаас гарч ирнэ. Ямартай ч Ө.Энхтүвшин, У.Хүрэлсүх нар Ерөнхий сайдад хүч үзнэ гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Тэгвэл Н.Энхболд гишүүний хувьд нэрээ татсан гэх цуу яриаг үгүйсгэж, намын нөхөд рүүгээ ярьсан сурагтай. Тэрбээр өчигдөр Бага хурлын гишүүдтэйгээ утсаар холбогдож “Би Ерөнхий сайдад нэрээ дэвшүүлнэ ээ. Намайг нэрээ татсан гэдэг худал мэдээлэл шүү. Дэмжээрэй” гэсэн агуулгатай яриа өрнүүлснийг хэлэх хүмүүс байлаа. Гэхдээ МАН-ын Удирдах зөвлөл Бага хурлынхаа өмнө тохиролцоонд хүрэхээр өчигдөр хуралдсан юм. Удирдах зөвлөл өчигдөр орой 18.00 цаг өнгөрч байхад эхлээд 22.00 цагт дуусаагүй байлаа. Тэд Бага хурлаар хэлэлцэх сэдвүүдээ тогтох нэрийн дор ийн цуглаж, хэнийгээ Ерөнхий сайдад дэвшүүлэх асуудлыг голдуу ярьцгаасан бололтой. Удирдах зөвлөл шөнө дөл болтол сунжирсан нь МАН-ын фракци бүлэглэлүүд тохиролцоонд хүрч чадахгүй байсантай холбоотой болохыг дотроосоо мэдээлж байв. Эх сурвалжуудын хэлснээр Ө.Энхтүвшин, У.Хүрэлсүх нар Ерөнхий сайдад нэр дэвших нь тодорхой болжээ. Харин Н.Энхболд гишүүний хувьд заалнаас нэр дэвших тухай мэдээлэл байна.

Зунжин дуншиж байгаад зарлагдсан МАН-ын Бага хурлаар юун түрүүнд Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг хэлэлцэнэ. Дараагаар нь МАН-ын Их хурлынхаа товыг зарлаж, зохион байгуулах комиссын гишүүдийг батлах юм. Энэ өдрийн хамгийн гол хүлээлт болох Ерөнхий сайдад нэр дэвшигчийн тодруулах ёстой. Эндээс Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад нэр дэвшигч тодорхой болох юм. Харин МАН-ын даргыг намын Их хурлаар сонгоно.

М.МӨНХ

Categories
мэдээ нийгэм

“Ар Монгол буюу төв Монгол нь өмнөд, хойд монголчуудынхаа хувьд диваажин нь байх ёстой” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 24 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж, нийгмийн нэгэн залуур чиг болж байдаг Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт нийтлэлч Н.Гантулгын “Ар Монгол буюу төв Монгол нь өмнөд, хойд монголчуудынхаа хувьд диваажин нь байх ёстой” нийтлэл хэвлэгдлээ.

Улс төрийн нүүрт УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “У.Хүрэлсүхийг “хариуцлага тооцож, ажиллаж чадах” Ерөнхий сайд байна гэж дэмжиж байгаа” хэмээсэн ярилцлагыг уншаарай. Мөн УИХ-ын гишүүн, МАН-ны дарга асан Ө.Энхтүвшинтэй хийсэн ярилцлагыг хүлээн авч унших боломжтой.

“Танайд өнжье” буланд Монголын урлаг, соёлын түүчээ С.Бадралынд өнжсныг унших боломжтой.

“Баримт, үйл явдал” нүүрт “Төрийн банкны салбарын захирал О.Нарандэлгэр үйлчлүүлэгчээ доромжилсон нь тогтоогджээ” , “Оффшорчдод хариуцлага тооцох ёстой хэмээн жагсав” гэсэн сурвалжлага нийтлэгджээ.

“Уран бүтээлч” нүүрнээс Гурван охин хамтлагийн ахлагч, дуучин Д.Солонго ““Надтай хамт өглөөг угтаач” дуу маань төсөөлж байгаагүй их амжилт дагуулсан” хэмээх сонирхолтой ярилцлагыг уншаарай.

Энэ тухай нүүрнээс “Будаггүй бас баггүй эмэгтэй” гэсэн сэтгүүлчийн тэмдэглэлийг унших боломжтой.

“Спорт” нүүрнээс Монгол Улсын Волейболын шигшээ багийн тамирчин, спортын мастер Э.Алтангэрэл: “Волейболын спортоор дэлхийд тэргүүлэх багуудыг хожих боломжтой гэх итгэлийг олж авсан нь хамгийн том амжилт” хэмээх сонирхолтой ярилцлага болон бусад мэдээллийг хүлээн авч уншаарай.

“Эдийн засаг” нүүрнээс Зээлийн хүүг бууруулах боломжтой юу, ХХААХҮЯ-ны сайдын үүрэг гүйцэтгэгч П.Сэргэлэн тариалангийн бүс нутагт ажиллалаа, Мянгат малчин 10000 ажлын байрыг бий болгох хөдөлгөөн өрнүүллээ зэрэг мэдээллүүдийн дэлгэрэнгүйг хүлээн авч унших боломжтой.

Эдгээр болон бусад мэдээллүүдийн дэлгэрэнгүйг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлнэ үү. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ спорт

Д.Батсүрэн шатрын ДАШТ-ийг тэргүүлж байна

Уругувай улсын Монтевидео хотноо зохиогдож буй 14, 16, 18 хүртэлх насны Өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын шатарчид амжилттай оролцож байна.

Тэмцээн энэ сарын 16-26-ны хооронд зохиогдож буй бөгөөд 53 орны орны шилдэг 400-аад шатарчид Дэлхийн аваргын төлөө гурван насны зургаан ангилалаар өрсөлдөж шилдэгүүдээ тодруулахад гурван өрөг үлдсэн гэв.

МУ-ын тамирчид тэмцээний найман өргийн дараах байдлаар дараах амжилтыг үзүүлээд байгаа юм.
~ Нээлттэй 14 насны ангилал ДШХ-ны мастер, Дагшаахүү клубын шатарчин Д.Батсүрэн 7 оноотойгоор тэмцээнийг хошуучилж (86-1)

~ Охидын 14 насны ангилал Хан-Алтай клубын шатарчин М.Мандуухай 5.5 оноотойгоор 12-р байр (59-12)

~Нээлттэй 16 насны ангилал Хан-Алтай клубын шатарчин Ү.Агьбилэг 5.5 оноотойгоор 10-р байранд (72-10) тус тус өрсөлдөж байна.

Categories
мэдээ нийгэм

“Азийн ирээдүй” форумд Ц.Мөнх-Оргилын тавьсан илтгэл шилдгээр шалгарав

Азийн улс орнуудын хөгжил, бодлогын зангилаа асуудлуудыг хэлэлцдэг “Азийн ирээдүй” форум өнгөрсөн зургаадугаар сарын 5-6-ны өдрүүдэд Токио хотноо болсон юм. Энэхүү форумд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил оролцож, Монгол Улсын эдийн засаг, нийгмийн байдал, хөгжлийн зорилт, Ази, Номхон далайн бүс нутагт явуулж буй гадаад бодлого, үйл ажиллагаа, тус бүс нутгийн хөгжил, төлөвийн талаарх манай улсын байр суурийн тухай танилцуулан илтгэл тавьжээ. Түүний тавьсан илтгэл 28 илтгэлээс Сингапурын Ерөнхий сайд асан Го Чак Тон, Малайзын Ерөнхий сайд асан М.Махатир нарын дараа III байрт шалгарсан байна. “Азийн ирээдүй” форумд оролцогчид Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилыг улс төрчийнх нь хувьд сонирхолтой гэж 28 илтгэгчээс хоёрдугаарт нэрлэжээ.

Тус форумыг Японы “Никкей” сонины газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд 23 дахь удаагийн энэхүү хуралдаанд Япон, Индонез, Вьетнам, Лаос, Малайз, Тайланд, Сингапур, Филиппин зэрэг улсаас дээд, өндөр төвшний төлөөлөгчид оролцсон байна.

Categories
мэдээ спорт

Улсын харцага М.Бадарч түрүүлэв

Монгол Улсад телевизийн салбар үүсч хөгжсөний 50 жилийн ойн нэрэмжит хүчит бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болж өндөрлөсөн билээ. Тус телевизийнхэн ойгоо тохиолдуулан олон үйл ажиллагаа зохион байгуулж буйн нэг нь энэхүү хүчит бөхийн барилдаан юм.

Хүчит бөхийн барилдаанд Улсын арслан Н.Батсуурь, Улсын харцага Ш.Уламбаяр, М.Бадарч тэргүүтэй 256 бөх зодоглов. Барилдаанд Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат Улсын харцага М.Бадарч түрүүлж, Увс аймгийн Ховд сумын уугуул Монгол Улсын арслан Н.Батсуурь үзүүрлэлээ.

Барилдааны шөвгийн дөрөвт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Монгол Улсын харцага Б.Бат-Өлзий, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат, Монгол Улсын начин Б.Батжаргал нар шалгарч шагналт байрын эзэд болов.

Categories
мэдээ нийгэм

Дэрэвгэр жиргэрүүг экспортлохыг хориглоно

Дэрэвгэр жиргэрүүг зурган илэрцүүд

Дэрэвгэр жиргэрүүг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс 2022 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл таван жилийн хугацаанд түүн бэлтгэж, гадаад улсад экспортлохыг хориглох БОАЖ-ын сайдын шийдвэр гаргалаа.

Монгол Улсын ховор ургамлын жагсаалтад багтсан дэрэвгэр жиргэрүүг устах аюулд орохоос урьдчилан сэргийлэх, биологийн нөөцийг хамгаалах, экологийн шаардлагыг харгалзан ийнхүү шийдвэрлэсэн байна.

Дэрэвгэр жиргэрүү нь ургамлын шүхэртний овог багтах Монгол орны Хэнтий, Хангай, Дорнодын тал хээрийн бүсэд тархсан ургамал. 80 см-ээс нэг метр хүртэл нь эгц доош орсон голлосон үндсийг нь эмийн түүхий эд болгон ашигладаг байна. Ингэж ашиглах явцдаа тухайн газар нутгийн хөрсний хуурайшилт үүсгэж, хөрсний шинж чанарт сөрөг нөлөө үзүүлэх улмаар газрын доройтол, цөлжилт нэмэгдэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлөх магадлалтай юм.

Анх 2015 онд тус ургамлыг түүж бэлтгэх, гадаад улсад гаргахыг таван жилээр хориглосон шийдвэр гарч байсан. Гэвч хориглох шийдвэр гарахаас өмнө аж ахуйн нэгж, байгууллагуудын зүгээс Дэрвэгэр жиргэрүү ургамлыг ихээр түүж нөөцөлсөн учраас эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг шийдвэрлэж өгөх хүсэлтийг салбарын яаманд ирүүлэх болсон юм. Улмаар хоёр жилийн хугацаатай түүж бэлтгэх асуудлыг шийдвэрлээд, ийнхүү буцаан таван жилийн хугацаатай түр хориглож байгаа аж.

Categories
мэдээ соёл-урлаг

Драмын эрдмийн театрт ирэх сард түүхэн жүжгүүд амилна

Холбоотой ЗурагУлсын драмын эрдмийн театрын тайзнаа ирэх сард түүхэн жүжгүүд тоглогдох аж. Үндэсний түүхэн жүжгийн өдрүүдийг аравдугаар сарын 6-нд Ш.Гүрбазарын “Жаргаагүй нар” эмгэнэлт жүжгээр нээх гэнэ. Ингээд “Тэнгэрийн хүү” , “Тамгагүй төр” , “Саран хөхөө” , “Тэмүүжин” жүжгийг тус тус театрын уран бүтээлчид толилуулах юм байна. Улсын драмын эрдмийн театрын аравдугаар сарын үзвэрийн хуваарийг танилцуулъя.

Categories
мэдээ нийгэм

Хүчингийн хэрэгтнийг баривчилжээ

Холбоотой Зураг

Өвөрхангай аймгийн Тарны гүүрний постод энэ сарын 13 -ны өдөр үүрэг гүйцэтгэсэн Өвөрхангай аймгийн цагдаагийн газрын мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Баасансүрэн, замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Бямбацэрэн, цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч О.Мягмарсүрэн нар хүчингийн хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан Т-г илрүүлжээ. Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг руу зорчиж явсан хүн тээврийн автобусанд шалгалт хийж, ийнхүү олж тогтоосон байна. Түүнийг Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт иргэн Б бусдад хүчиндүүлсэн эрүүгийн хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан бөгөөд холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

О.Үйтүмэн хүрэл медаль хүртсэн байна

О.Үйтүмэн зурган илэрцүүд

Чөлөөт бөхийн “Шахтерская Слава” эрэгтэйчүүдийн олон улсын уламжлалт тэмцээн энэ сарын 22-23-нд ОХУ-ын Кемерово хотын “Кузбасс” спортын ордонд боллоо.

Тэмцээнд Монгол, ОХУ, АНУ, Армени, Беларусь, Болгар, БНХАУ, Герман, Казахстан, Канад, Румын, Унгар, Украин, Узбекистан, Литва, Латви, Польш, Словак, Финланд, Энэтхэг, Эстони гэсэн 21 орны 186 тамирчин эрэгтэйчүүдийн найман жинд өрсөлдөв. Тав дахь удаагийн тэмцээнд манай улсаас зургаан тамирчин хүч үзсэнээс 86 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин, “Алдар” спорт хорооны бөх, ОУХМ Оргодолын Үйтүмэн хүрэл медаль хүртлээ. Тэрбээр Кемеровогийн дэвжээнд эзэн орны Дмитрий Екименког 13:1-ээр, Красноярскийн Александр Зеленковыг 9:0-ээр, Узбекистаны Икром Бохомуродовыг 10:0-ээр тус тус ялсан ч хагас шигшээд Германы Ахмед Дударовт 5:7-гоор ялагдсан. Харин хүрэл медалийн төлөөх барилдаанд Кемеровогийн Иван Костеринийг 8:4-өөр ялж, энэ жилийн “Уурхайчдын цом”-оос Монголын багийн цорын ганц медалийг авчирлаа. Тус тэмцээнд манай улсаас өмнө нь Гавьяат тамирчин П.Өнөрбат 2014 онд мөнгө, ОУХМ Н.Золбоо 2014, ОУХМ Д.Цогтбаатар, Д.Гомбодорж 2015, гавьяат тамирчин Э.Ням-Очир 2016 онд хүрэл медаль хүртэж байжээ.

Тэмцээний 61 кг-д өрсөлдсөн Азийн АШТ-ий хүрэл медальт, оюутны дэлхийн аварга ОУХМ Т.Түвшинтулга шагналт тавдугаар байрт орсон юм. Тэрбээр “Сингапур-2010” залуучуудын олимпийн аварга Буриадын Алдар Бальжинимаевыг 3:1-ээр, Эрхүүгийн Антон Евдокимовыг 11:1-ээр, 2013 оны ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн аварга Энэтхэгийн Амит Кумарыг 2:1-ээр тус ялсан ч хагас шигшээд Буриадын Юлиан Гергеновт 0:10-аар, хүрэл медалийн төлөөх барилдаанд Якутын Айхаан Антоновт 2:4-өөр ялагдав.

Харин 65 кг-д хүч сорьсон спортын мастер Ч.Жамсранжав Кемеровогийн Бобуржон Абдусаматовыг 7:5-аар ялсан ч 1/8 шигшээд тус тэмцээнд хүрэл медальт Хакасиягийн Алексей Медведевт 0:6-гаар ялагдсан бол 70 кг-д спортын мастер Ц.Чингэс эхлээд Кемеровогийн Никита Куклинийг 4:4-ээр ялсан ч энэ жингийн дэд аварга Чечений Алибек Акбаевт 0:7-аар ялагдсан байна. Дагах барилдаанд Ц.Чингэс эзэн орны Миличенког 5:4-өөр ялсан ч удаах барилдаанд хүрэл медалийн эзэн АНУ-ын Томми Грантад 6:9-өөр дийлдсэн юм.

Тэмцээний 97 кг-д ОУХМ Л.Төртогтох өрсөлдсөн. Тэрбээр 1/8 шигшээд эзэн орны Владимир Калашниковыг 5:1-ээр ялсан ч хагас шигшээд Анзор Уришевт 0:3-аар, дагах барилдаанд Румыны Влад Клачад оноогоор цэвэр (0:10) ялагдлаа. Харин 125 кг-д хүч үзсэн залуу тамирчин О.Мөнх-Эрдэнэ 1/8 шигшээд АНУ-ын Майк Косоуд 5:6-гаар, дагах барилдаанд Латвийн Дмитрис Михайловсод ялагдсанаар тэмцээнээ дуусгажээ.