Categories
мэдээ улс-төр

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дуусч, Бага хурал эхэллээ

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дуусч, Бага хурал хуралдаж эхэллээ. Өчигдөр эхэлсэн Удирдах зөвлөлийн хурал өнөөдөр үргэлжлэн хуралдсан учраас Бага хурал товлогдсон цагтаа эхлээгүй юм. Удирдах зөвлөлийн гишүүд тус хурлаас Ө.Энхтүвшин, У.Хүрэлсүх, Н.Энхболд нарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр Бага хуралд оруулж байгааг баталлаа. Бага хурлын 331 гишүүнээс хамгийн өндөр санал авсан нэр дэвшигч Ерөнхий сайдаар тодрох магадлалтай байна.

Э.ЭНХ

Categories
мэдээ нийгэм

Жижиглэн худалдаа эрхлэгчид хуурай өлсгөлөн зарлаж эхлэв

Хар хорин захын гадаа гудамж талбайд жижиглэн худалдаа эрхэлдэг хүмүүс I хорооллын 32-ын автобусны буудлын орчимд гэр барьж, хуурай өлсгөлөн зарлаж эхлэв. 14 хүн өлсгөлөнд оролцож байна. Тэд морин цагт буюу өнөө өглөө 11.40 цагт эсэргүүцлээ эхэлсэн юм. Өлсгөлөнг зохион байгуулагч С.Мишиг хэлэхдээ “Одоогийн байдлаар 14 хүн хуурай өлсгөлөнд оролцож байна. Бид ажилгүйдэл, ядуурлаас ангижрахаар тэмцэж байгаа юм. Бид 100 гаруй хүний ажлын байрны төлөө тэмцэж байна. Биднийг цахим бүртгэлд хамруулж, улсад татвар төлөх байдлаар шийдэлд хүрэх боломж бий. Гэсэн ч энэ боломжийг засаг захиргааныхан бий болгохгүй байна” хэмээн ярив.

Баянгол дүүргийн удирдлагын зүгээс жижиглэн худалдаа эрхлэгчдэд ажлын байр санал болгосон хэмээн мэдээлсэн. Харин С. Мишиг хэлэхдээ “Баянгол дүүргээс бидэнд нэг ч удаа ажлын байрны санал тавиагүй” гэлээ.

Нийслэлийн нутаг дэвсгэрт ил задгай талбайд, зөвшөөрөлгүй бүсэд худалдаа эрхлэгчид, мөн ТҮЦ буюу түргэн үйлчилгээний цэг ажиллуулж байгаа иргэд хууль тогтоомж, захирамж, журмыг зөрчиж архи, тамхи хэрэглэх, ил задгай бие засах, хог хаях зэргээр орчин тойрноо бохирдуулдаг, оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулж байгаа хэмээх шалтгаанаар нийслэл болон дүүргүүдийн Засаг дарга нарын захирамж гаргаж, зөвшөөрөлгүй худалдаа эрхэлж байгаа иргэдийг нүүлгэх, газрыг албадан чөлөөлөх ажиллагаа явуулсан билээ.

Б.Эгшиг

Categories
мэдээ нийгэм

Бохир ус зайлуулах худагт химийн бодистой бохир асгасныг тогтоожээ

Химийн бодистой бохир асгасан байсныг олж тогтоосон байнаБаянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хорооллын 406, 414 дугаар байрны ойр орчмоос химийн бодис үнэртээд байна гэсэн мэдээллийг 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 17:52 цагт ирүүлсэн.

Дуудлагын дагуу Аврах тусгай ангийн бүлэг, УСУГ-ын шугам ашиглалт засварын газрын нийт 12 ажилтан хамтарч хайгуулын үйл ажиллагаа хийж, бодис хэмжигч багажаар агаарт хэмжилт хийхэд ямар нэгэн бодис илрээгүй байна.

Үргэлжлүүлэн хайгуулын ажлыг хийхэд тус дүүргийн 12 дугаар хороонд байрлах УСУГ-ын шугам ашиглалт засварын газрын Туул-1 коллекторын бохир ус зөөвөрлөх, татах зайлуулах 2 дугаар худагт химийн бодистой бохир асгасан байсныг олж тогтоосон байна. УСУГ-аас 2 автомашинаар цэвэр ус зөөвөрлөн хорт бодисыг саармагжуулах үйл ажиллагааг явуулан, мөн худгийн ойр орчмын газрыг хлороор ариутган ажилласан гэж Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Бүргэдийн баярыг гадаадын 750 жуулчин сонирхоно

ЗурагЖил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Бүргэдийн баяр” 9 дүгээр сарын 30, 10 дугаар сарын 1-ний өдрүүдэд Бугат сумын Саят толгой хэмээх газар болно гэж аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Д.Айбек мэдээллээ.

Энэ жил 18 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа уг үйл ажиллагаанд тус аймгийн 10 сумын 100 орчим бүргэдчин оролцох аж. “Бүргэдийн баяр-2017” арга хэмжээний үеэр морины тоноглолтой бүргэдчин шалгаруулах уралдаан, бүргэдийг алсаас дуудах, амьтны чихмэлд буулгах, амьд ан бариулах, көкпар буюу тулам булаалдах зэрэг төрөл бүрийн тэмцээнүүд зохион байгуулагдах юм.

Албаны хүний өгсөн мэдээллээр энэ удаагийн Бүргэдийн баярт 750 гаруй гадаадын жуулчин оролцохоор онгоцны тийз захиалсан байна.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид статусын 25 жилийн ойн хүрээнд илгээлт солилцов

1992 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Монгол Улс цөмийн зэвсгээс ангид статустай болж буйгаа Нэгдсэн Үндэстний Байгууллагын индрээс зарлан тунхагласан бөгөөд өнөөдөр уг статусын 25 жилийн ой тохиож байна. Үүнтэй холбогдуулан Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешээс илгээлт ирүүлсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хариу илгээлт хүргүүлэв.

——————————-

НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН

ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА

МОНГОЛ УЛСЫН ЦӨМИЙН ЗЭВСГЭЭС АНГИД СТАТУСЫН

25 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ИЛГЭЭЛТ

2017 оны 9 дүгээр сарын 25

Монгол Улс цөмийн зэвсгээс ангид статусаа зарлан тунхагласны 25 жилийн ойг тэмдэглэж буй энэ цаг мөчид цөмийн зэвсгийг хураах, үл дэлгэрүүлэх чиглэлээр гаргаж ирсэн Монгол Улсын Засгийн газар, ард түмний ололт амжилтыг Нэгдсэн Үндэстний Байгууллага гүнээ талархан дэмжиж байна.

Монгол Улсын статус нь онцгой бөгөөд энэ нь тус улс цөмийн зэвсгээс ангид энэхүү статусаа бэхжүүлж, дипломат санаачлагынхаа үр шимийг хүртэхийн тулд хөрш улсуудтайгаа урт удаан хугацаанд, үр дүнтэй хамтран ажиллаж ирсний илрэл мөн.

Өнгөрсөн 50 жилийн туршид дэлхий дахинаа цөмийн зэвсэггүй бүс байгуулах хүчин зүтгэл идэвхжиж, эдүгээ НҮБ-ын гишүүдийн 60 орчим хувь нь тийм бүсэд хамрагдах болов. Цөмийн зэвсэггүй бүсүүд нь цөмийн зэвсгээс ангид дэлхий ертөнцийг цогцлооход чиглэсэн үнэтэй бөгөөд дорвитой алхам мөн.

Цөмийн зэвсэггүй бүс байгуулах санаачлагууд нь бүс нутгийн улс орнууд өөр хоорондоо болон цөмийн зэвсэгтэй улсуудтай яриа хэлцээ өрнүүлэх боломжийг буй болгож, бүс нутгийн хэмжээнд итгэлцлийг бэхжүүлэхэд тус дөхөм үзүүлсээр ирэв.

Эдгээр санаачлагууд нь цөмийн зэвсгийг хураах, тийм зэвсгийг үл дэлгэрүүлэх дэглэмийг бэхжүүлэх, бүс нутгийн болон олон улсын тогтвортой, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулсаар байна.

Илүү амгалан тайван, хөгжил цэцэглэл бүхий дэлхий ертөнцийг цогцлон байгуулах их үйлсэд тус дөхөм үзүүлж буй Монгол Улсын тууштай хүчин чармайлтыг миний бие сайшаан дэмжиж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ

Улаанбаатар хот, 2017 оны 9 дүгээр сарын 25

Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид статусын 25 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлж, баярын илгээлт ирүүлсэн явдалд Танд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Монгол Улс энхийг эрхэмлэсэн, бие даасан гадаад бодлогынхоо хүрээнд 1992 оны 9 дүгээр сарын 25-нд цөмийн зэвсгээс ангид статустай болж буйгаа зарлан тунхаглаж, уг статусыг олон улсын түвшинд бэхжүүлэх чиглэлээр анхаарч ажиллахаа мэдэгдсэн билээ.

Монгол Улс энэхүү статусаа тодорхойлон бэхжүүлэх талаар багагүй хүчин чармайлт гарган ажиллаж, өнгөрсөн 25 жилийн хугацаанд тодорхой амжилтад хүрснийг тэмдэглэхэд таатай байна.

Монгол Улсын Их хурал 2000 онд “Цөмийн зэвсгээс ангид байх тухай хууль” батлан гаргаж, өөрийн статусаа үндэснийхээ хэмжээнд хуульчлан баталгаажуулж мөрдөж байна.

Цөмийн зэвсэгтэй хоёр улстай хил залгадаг манай улсын хувьд өөрийн статусыг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрүүлж, бэхжүүлэх амаргүй үйл хэргийг урагшлуулахад зарим тодорхой ахиц гаргасныг цохон тэмдэглэхэд таатай байна. Цөмийн зэвсэгтэй 5 гүрэн манай статусын асуудлаар 2000 онд хамтарсан мэдэгдэл, 2012 онд хамтарсан тунхаглал гаргаж, улс төрийн баталгаа олгосон нь ихээхэн ач холбогдолтой болсон.

Нэгдсэн Үндэстний Байгууллага манай санаачилгыг өндөрөөр үнэлж, асуудлыг хоёр жил тутам хэлэлцэж тогтоол шийдвэр гаргаж ирсэнд Монгол Улсын төр засаг, ард түмний нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлж буйг минь болгооно уу.

Дэлхий дахинаа цөмийн зэвсгийн аюул занал оршсоор буй энэ цаг мөчид цөмийн зэвсгээс ангид дэлхий ертөнцийг цогцлооход цөмийн зэвсэггүй бүсүүдийн үүрэг улам бүр нэмэгдэж байна. Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгийн хариуцлагатай гишүүнийхээ хувьд цөмийн зэвсэггүй статусаа олон улсын түвшинд баталгаажуулах замаар цөмийн зэвсгийг хураах, тийм зэвсгийг үл дэлгэрүүлэх дэглэмийг бэхжүүлэхэд цаашид ч өөрийн хувь нэмрийг оруулахад анхаарч ажиллах болно.

Монгол Улс цөмийн зэвсгээс ангид статусаа бэхжүүлэх чиглэлээр НҮБ болон гишүүн орнуудтай цаашид хамтран ажиллахад бэлэн байгааг илэрхийлэхийн ялдамд тус улсын гадаад аюулгүй байдлыг бэхжүүлэх талаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоол шийдвэрийн заалтуудыг НҮБ-ын холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхэд бэлэн буйгаа энэ дашрамд нотлоход таатай байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ

ХАЛТМААГИЙН БАТТУЛГА

Categories
мэдээ нийгэм

ХХААХҮ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгч П.Сэргэлэн тариалангийн бүс нутагт ажиллалаа

ХХААХҮ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгч П.Сэргэлэн, ХХААХҮЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга М.Мөнхбаясгалан, ГТБХЗГ-н дарга Ц.Болорчулуун, ТЭДС-ийн захирал В.Үнэнбат болон бусад албаны төлөөлөл Сэлэнгэ, Дархан, Эрдэнэт аймгийн тариалангийн бүс нутагт ажиллалаа.

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Сайхан сум, Булган аймгийн Сэлэнгэ сум, Орхон аймгийн Жаргалант сумын ургац хураалтын явцтай танилцаж, тариаланчдад тулгамдаж байгаа асуудлыг сонсч, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэв.

Categories
мэдээ нийгэм

Багш нар маргааш дахин сануулах ажил хаялт зарлана

Image result for Багш нар ажил хаялтОлон эцэг эх өнөө өглөө хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөхдөө маргааш багш нар сануулах ажил хаялт зарлах тухай сонссон буй за. Багшийн цалин нэмэх түр хорооноос Засгийн газарт багшийн цалинг 1.6 сая төгрөг хүртэл нэмүүлэх шаардлага тавьсан. Засгийн газраас үе шаттайгаар 30 хувь нэмэхээр ажиллаж байна гэсэн хариу ирүүлсэн боловч багш нар уг саналыг хүлээж авалгүй энэ сарын 21, 26-нд сануулах ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдсэн. Мэдэгдлийн дагуу өнгөрсөн пүрэв гарагт ерөнхий боловсролын сургууль болон сургууийн өмнөх боловсролын багш нар сануулах ажил хаясан билээ.

Уг ажил хаялтад нийслэлийн ерөнхий боловсролын сургууль 43 хувьтай, сургуулийн өмнөх боловсрол 28 хувьтай, улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургууль 56 хувь, сургуулийн өмнөх боловсрол 23 хувьтай оролцсон. Улсын хэмжээнд 654 сургуулиас 384 нь ажил хаялтад оролцсон байна.

Харин маргааш багш нар дахин сануулах ажил хаялт хийнэ. Ажил хаялт 08.00 цагаас эхэлж, 17.00 цаг хүртэл үргэлжилнэ. Энэ өдөр багш нар ажлын байран дээрээ байх ч хичээл заахгүй юм.

Image result for Багш нар ажил хаялт

Categories
мэдээ улс-төр

МАН-ын Удирдах зөвлөл Тусгаар тогтнолын ордонд хуралдаж байна

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр үдэш хүртэл хуралдсан ч Ерөнхий сайдын нэрийг тодруулж чадаагүй. Өнөөдөр үргэлжлүүлэн хуралдаж байна.

Удирдах зөвлөлийн шийдвэр гарсны дараа Бага хурал 11.40 минутаас хуралдахаар хойшлогджээ. Уг нь МАН-ын Бага хурал өнөөдөр 11.00 цагт эхлэхээр товлогдсон юм. Удирдах зөвлөлөөс Ө.Энхтүвшин, Н.Энхболд, У.Хүрсэлсүх гурвын нэрийг Ерөнхий сайдад дэвшүүлэхээр Бага хуралд оруулах мэдээлэл байна.

Categories
мэдээ улс-төр

Өвс тэжээлийн бэлтгэл 31.7 хувьтай хийгдээд байна

Өнөөдөр болох МАН-ын бага хурлыг иргэд сүрхий анзаарах юм шиг байна. Хүмүүс тус намын хэдэн том дарга дээр л анхаарлаа хандуулаад байгаа. Үнэндээ болж өнгөрсөн хэрүүлүүд том намаар нь харвал жижигхэн юм. Энэ жижигхэн хэрүүлд эцсийн цэгийг МАН-ын бага хурлын төлөөлөгч 331 хүн л тавчихна. Тэд бас гүйцэтгэх Засаглалын тэргүүнд хэний нэрийг дэвшүүлэх, Монголын хувь заяаны цулбуурыг хэнд атгуулахыг шийдэх болно. Үүгээрээ тус намын бага хурлын 331 төлөөлөгч их үнэ цэнтэй. Өнөөдөр МАН дотроо хоёр хуваагдаж, эвлэршгүй дайснууд болсон мэт харагдаж байгаа. Хэрэг дээрээ бол худлаа, тийм биш. Монгол Улсыг 20 дугаар зуунд бүтээсэн, 100 жилийн түүхтэй энэ нам хэдхэн сарын хэрүүлээр сөнөнө гэж юу байх вэ. Хагарч бутраад, дуусч байгаа юм шиг харагдуулахыг зорьсон тодорхой хүмүүс, бүлэглэл байхыг үгүйсгэхгүй. Аль ч намд, ямар ч цаг үед хэдэн “том гар” хэлбэр төдий хэрүүл хийж, хэвлэл мэдээллийг ашиглаж л байдаг. Ялангуяа сонгууль бүрийн дараа. Түүн шиг Ерөнхийлөгчийн сонгуулийн дараагаас жаахан газар авсан хэрүүл боллоо. Ордон дотор суудаг хэдэн хүний шөргөөцөлдөөнийг намын бага хурлын төлөөлөгч 331 хүн тас цохиод л шийдвэрээ гаргана. Басчиг МАН бол дотроо асуудлаа ярьдаг, эрүүл саруул сэтгэлгээтэй гишүүдтэй болчихсон, ядаж л АН-ыг бодвол дүрмийн хүрээндээ жайжигнадаг хүмүүс. Бага хурлын төлөөлөгчдийн хувьд үүсээд байгаа асуудлыг шийдэх эрх мэдэл нь 100 хувь бий. Тэгээд ч “том ах” нар чинь ойрын өдрүүдэд, орой үдшийн цагаар сэм уулзаад, сайдаж муудаад, 100 грамм татаад, хойдох урдахаа яриад өчнөөн юм болсон байлгүй.

Яаж ч бодсон бүтэн 25 жил улс төрийн тогоонд сайн муугаа дуудалцаж өнөөдрийг хүрсэн хүмүүс хоёр тийш харж, хонь чоно болохгүй. Улс төрийн орчны хамгийн том сорилт, гишүүний яс чанарын хамгийн том шалгуур болсон нам сонгуульд ялж, ялагдахын зовлон бэрхшээлийг МАН-ын томчууд бишгүй дээ үзэж туулсан. Хоёр сарын хэрүүл хоёр сар дотроо багтаад төгсөнө. Төгсөхгүй бол сөнөнө. Тийм учраас төгсгөлийг нь энэ удаад намын бага хурлын 331 төлөөлөгч нь шийднэ. Ердөө л энэ. Гэхдээ МАН-ын хувьд энэ цаг дор гарцаа байхгүй удирдан чиглүүлэх хүнээ сонгох хэрэгтэй болжээ. Намдаа хүлээн зөвшөөрөгдсөн, төрийн ажилд цагааширч, хор нь гарсан хүн байх нь мэдээж биз. “Тэр хэн байхыг тэнгэр мэднэ” гээд дээшээ харах бага хурлын төлөөлөгч нэг ч байхгүй нь тодорхой. Учир нь МАН-ын бага хурлын гишүүдийн үзэл бодол нь 100 жилийн замналтай намынхаа төлөвшлийг заавал дагаж байдгаараа АН-аас ялгардаг. Энэ удаагийн намын бага хурал нь урьдынхаас огт өөр, улс төрийн шинэ нөхцөл байдал дунд шийдвэр гаргах болж байна. Хэзээ байсан түүхэндээ МАН өөрсдийн байгуулсан Засгийн газраа өөрсдийн гараар унагачихаад, дахин эмхлэн байгуулахаар Бага хурлаа хийж байлаа даа. Ийм л ээдрээ, гогцоотой цаг үед энэ намын Бага хурлын 331 төлөөлөгчийн зүгээс хэр зэрэг хүлээцтэй, тэвчээртэй, ажил амьдралын туршлагатай, намдаа түшигтэй хүнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг нь харж дээ. Энэ намд уг нь улс төрийн зуд турхан, зуншлага ногоог хангалттай үзэж туулсан ноён нуруунууд бий л дээ.

П.ХАШЧУЛУУН

Categories
мэдээ нийгэм

Хүйтрэхээс өмнө шүлхий өвчний тархалтыг зогсоох үүрэг өгчээ

Улсын онцгой комиссын даргын тушаалаар томилогдсон комиссын Шуурхай бүлэг нийслэлийн Багануур дүүрэг, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь аймгуудад 2017 оны 9 дүгээр сарын 19-22-ны өдрүүдэд ажиллалаа.

Шуурхай бүлгүүдийг УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле нар ахлан ажиллаж байна.

Багануур дүүрэгт хяналтын постоор нэвтэрч байгаа тээврийн хэрэгслүүдээс хураамж авахгүй байх, дүүргийн Онцгой байдлын хэлтсээс офицер томилж, ээлжээр ажиллуулан удирдлагаар хангахыг үүрэг болголоо.Хэнтий аймагт 2017 он гарснаас хойш гамшгийн улмаас учирсан хохирлыг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд зориулж аймгийн Засаг даргын нөөц сангаас нийт 110,0 сая төгрөгийг зарцуулсан байна.

Мал, амьтны гоц халдварт шүлхий, цэцэг өвчний улмаас нийт 800 гаруй малыг зориудаар устгасан байна. Хэдийгээр Улсын онцгой комиссын 2017 оны 02 тоот албан даалгавраар шүлхий өвчин гарсан болон эрсдэл хадгалагдаж байгаа аймгуудаас эрүүл бүс рүү, эрүүл бүсээс өвчний голомттой аймгууд руу хийх малын шилжилт хөдөлгөөнийг хориглосон ч халдвар их байгааг аймгийн удирдлагууд хэлэв.

Мөн шүлхий өвчний вакцины чанарын асуудалтай холбоотой гомдол зарим малчидаас ирэх болжээ. Энэтхэг улсад үйлдвэрлэгдсэн шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинаар тариулсан мал дараагийн вакцин тарих хугацаа болоогүй байхад өвчний халдвар авсан, дархлаа муу тогтсон, харин ОХУ-аас оруулж ирсэн вакцинаар тариулсан мал хамгаалах чадвар өндөр байгаа гэж малчид, иргэд ярьж байна.

Уг асуудалтай холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле нэг эмчид ноогдох малын тоог тодорхой болгох, вакцины чанар, тээвэрлэлт, хадгалалт, хамгаалалтанд хяналт тавьж, шалгах, вакцин тарьж буй малын эмч нарын ажилд хяналт тавих, нарийн тооцоо судалгаа хийх, өвөл болохоос өмнө шүлхий өвчнийг бүрэн дарахыг аймгийн удирдлагуудад үүрэг өгчээ.

Энэ онд гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний 3 удаагийн тохиолдол Увс аймгийн Зүүнговь сум, Булган аймгийн Бүрэгхангай сум, Төв аймгийн Аргалант сумдаас ирсэн отрын айлуудын малаас илэрчээ. Вакцинжуулалтын ажлыг 4 сумын 209 өрхийн 57,000 гаруй малд зааврын дагуу хийж, 221,130 мкв талбайд ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийсэн. Одоогийн байдлаар нийт 500 гаруй малыг зориудаар устгасан байна.

Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин Дорноговь аймгийн Алтанширээ суманд гоц халдварт шүлхий өвчний шинж тэмдэг илэрчээ.

Өнөөдрийн байдлаар уг өвчнөөр өвчилсөн 75 малыг зориудаар устгаж, 28 малыг тусгаарлан, 27,600 мкв талбайг ариутгаж, халдваргүйжүүлж, нийт 43,360 малыг вакцинжуулахаас 27,365 малыг (63,1 хувь) вакцинжуулж, Алтанширээ, Дэлгэрэх, Сайншанд, Өргөн сумдыг бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн ажиллаж байна.

Санамсаргүй түүврийн аргаар 400 гаруй малд тандалт судалгаа хийхэд шүлхийн вакцин тариулсан малд 58 хувийн дархлаа тогтсон байсан.Гамшгийн үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Дорноговь аймгийн Засаг даргын нөөц сангийн хөрөнгөөс 85,8 сая төгрөгийг зарцуулжээ.