Categories
мэдээ нийгэм

Найман иргэнийг садар самуунтай тэмцэх хуулиар шийтгэжээ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн цагдаагийн газартай хамтран автозам, замын байгууламжийн дагуух гэрлийн шон, түүний хамгаалалтын бүрээс дээр массаж болон бусад үйлчилгээний талаарх сурталчилгааны зарыг шөнийн цагаар байнга нааж байгаа иргэдийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох чиглэлээр хамтран ажиллаж байна.

Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг хариуцан ажилладаг Хот тохижилтын газар болон цэвэрлэгээ үйлчилгээний бусад байгууллагууд өглөө бүр тогтмол 200-300 зарыг хуулж байгаа бөгөөд уг арга хэмжээний хүрээнд дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүд “Массаж зар”, “саун массаж” зэрэг хэсэгчилсэн арга хэмжээнүүдийг хариуцсан нутаг дэвсгэртээ зохион байгуулсаар байгаа билээ.

Нийслэлийн цагдаагийн газраас 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдрөөс эхлэн гудамж талбайд байрлуулсан зар дээрх нийт 59 утасны дугаарын эзэмшигчийг олж тогтоон 16 иргэнийг судалгаанд авч дахин ийм зөрчил гаргахгүй байх талаар холбогдох хуулийн талаар зөвлөгөө өгч баталгаа гаргуулан биеэ үнэлж болзошгүй 5 иргэнийг материалжуулан эрүүгийн цагдаагийн тасагт шилжүүлэн, 8 иргэнийг Монгол улсын Садар самуунтай тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.18 дах хэсэгт зааснаар тус бүр 50,000 нийт 400,000 /дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгосон байна.

Categories
мэдээ нийгэм

Монгол иргэд Солонгост бэлгийн хүчирхийлэл үйлдсэнээрээ 3-рт бичигджээ

Image result for бэлгийн хүчирхийлэл

Сүүлийн зургаан жилийн турш БНСУ-д ажиллаж, амьдардаг гадаадын иргэдийн үйлдсэн бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн тоо хоёр дахин нэмэгджээ. Энэ тухай тус улсын Их Хурал дахь Үндэсний аюулгүй байдлын байнгын хорооны гишүүн Ким Ёнг Жин өнөөдөр мэдээлсэн талаар “Mgl radio” уламжлав.

Ким Ён Жин “Манай улсад 2011 оны байдлаар гадаадын 318 иргэн бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн хэргээр саатуулагдаж байсан бол 2016 оны 12-р сарын байдлаар, гэмт хэрэг үйлдэгсдийн тоо хоёр дахин нэмэгдэж 646 болсон.

Гэмт хэргийн дийлэнх нь Сөүл хотод үйлдэгдэж байгаа бол гэмт хэрэг үйлдэгсдийн 251 нь Хятад, 52 нь АНУ, 42 нь Узбекстан болон Монгол улсын иргэд байна. Хохирогчдын 90% нь солонгос эмэгтэйчүүд байгааг энд онцлох хэрэгтэй. Бид өөрийн орны иргэдийг гэмт хэргийн хохирогч болгохгүйн тулд анхаарах цаг болжээ” хэмээн хэлжээ.

Categories
мэдээ цаг-үе

“Будаггүй бас баггүй эмэгтэй”

-СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ-

Монгол Улсад телевизийн салбар үүсч хөгжсөн хагас зуун жилийн түүхэн ололт амжилт,МҮОНТ-ийн 50 жилийн ойн баярыг тохиолдуулан Глоб интернейшнл ТББ-ын тэргүүн Хашхүүгийн Наранжаргалтай ярилцсан ярилцлагаа “сэтгүүлчийн тэмдэглэл” болгон буулгаж: “Өдрийн сонин”, Үндэсний телевизийн мянга, мянган үзэгч, уншигч таны өмнө дэлгэж байна. МҮОНТ-ийн таван арван жилийн түүх бол үе үеийн уран бүтээлчдийн сэтгэл оюуны шим мандал юм. Энэ л оюунлаг мандлын дунд өөрийн гэсэн он цагийг эзлэн оршиж, өөрийн гэсэн өнгө төрхөө алдахгүй явсаар ирсэн хүчирхэг уран бүтээлч эмэгтэйчүүдийн нэг нь Глобын хэмээн овоглогддог Наранжаргал. Энэ хүн надад телевизийн сэтгүүл зүйн онолын суурь мэдлэгийг заасан миний багш. Нараа багштай анх холбож өгсөн хүн бол Намхайцэрэнгийн гэхээсээ илүү “Урамын Ганбаа” хэмээх нэрээр олонд танигдсан Н.Ганбат. Телевизийн уран бүтээлийн мөн чанарыг ойлгуулж, өөрийгөө таньж, өөрийнхөө ертөнцийг бүтээхийн учир ухааныг таниулсан эрхэм хүн, хайрт багштай маань үзэл бодол нийлдэг байсан аз завшаанаар Наранжаргал гэгч “будаггүй бас баггүй эмэгтэйтэй” учирсан юм. Нийгмийн байдлыг дагаж хүний мөн чанар өөрчлөгдсөн үү? эсвэл нийгмийн өөрчлөлтийг дагаж хүний мөн чанар ил гарч ирсэн үү? Юутай ч үнэн төрх, санаа бодлыг нь танихын аргагүй олон янз хувирах, таахын аргагүй олон нүүртэй амьдрах энэ цагийнхны дунд “байгаагаараа чин үнэнээрээ оршсоор буй” цөөхөн хүний нэг нь Наранжаргал багш. Түүнд илүү дутуу будаг шунх зохихгүй, элдэвлэн хувирах олон нүүр байхгүй. Тиймээс л тэмдэглэлээ “Будаггүй бас баггүй эмэгтэй” гэж гарчиглалаа.

Багш маань “Надад телевизийн онцлогийн тухай хичээл заасан гурван хүн байдаг” гэлээ. Аварга малчин Г.Аюурзана, эрдэмтэн зохиолч Э.Оюун, МУСГЗ Х.Цэвлээ гэх гурван эрхмийг тэр ийн хэлжээ.

АВАРГА МАЛЧНААС СУРАЛЦСАН НЬ

Биднийг Аюурзана гуайнд ирэхэд үд хэвийж байв. Аюурзана малчин отроосоо ар гэрээ эргэхээр ирсэнтэй тааралдаж тэндээсээ Хяргас нуурын хөвөөнөө оторлох хонин сүрэг рүү нь явахаар боллоо. Тэр үед бид СП хэмээх хар цагаан хальсны аппараттай, гэрэлгүй бол шөнө орой зураг авах боломжгүй байсан үе. Отрын бэлчээрт юуны гэрэл байх вэ. Хяргас нуур хүртэл бас нэлээн зайтай тул нар шингэсэн хойно очиж, зураг авч чадахгүйд ч хүрч мэдэхээр байв. Зураглаач бид хоёр ярилцаж байгаад намын даргад учраа хэллээ. “Бидний тоилолтын хугацаа давчуу, аваргынд очвол хугацаа алдах нь. Замд тааралдсан аль нэг хонин сүргийн дэргэд зурагаа авчихъя” гэлээ. Намын дарга ч дэмжиж байна. Харин аваргад хэлбэл дуугарсангүй. Замд хэд хэдэн хонин сүрэгтэй тааралдлаа. Бид ч албатай юм шиг зогсоно. Намын дарга “Энэ хэдэн хонь ямаа дэлгэцийн цаанаас “Би аваргын хонь ямаа биш” гэх биш. Чи энд зураг авахуул” хэмээн Аюурзана гуайг ятгаж ухуулна. Аварга нуур өөд хэд дурандаад дуугаралгүй машиндаа суухад бид араас нь бачимдан хөдөлнө. Явж явж аваргын хонин дээр ирлээ. Баяд омгийн түмпэн шиг том сүүлтэй хонийг хараад би өмнө нь хэлснээсээ өөрийн эрхгүй ичиж билээ. Аваргын хоньд өмнө нь бидний тааралдаж байсан хонинуудаас өөр байлаа. Үнэхээр ч аварга өөрийнхөө ажлын үр дүнг хүмүүст харуулах гэж махран зүтгэж байсныг ухаарсан даа. Аз болоход бид нар шингэхээс өмнө хүрсэн бөгөөд туршлагатай зураглаачийн авсан дүрс сайн гарсан байж билээ. Жирийн малчин ингэж сэтгүүлчийн диплом өвөртөлсөн надад “телевизийн онцлогийн тухай” хичээл зааж билээ. Хүн өөрийнхөө хийж бүтээсэн зүйлийн үнэ цэнийг яаж хайрлаж тэрнээсээ аз жаргал, ажил хөдөлмөрийн сайхныг мэдэрч болдгийг тэр хүнээс анх олж харж билээ.

Э.ОЮУН ГУАЙН ҮГ ОДОО БОЛТОЛ ЗҮРХЭНД СОНСОГДДОГ

ЮНЕСКО-гийн Үндэсний Комиссын 55 жилийн ойд зориулан анхных нь дарга эрдэмтэн, зохиолч, нийгмийн зүтгэлтэн Э.Оюуны тухай “Зэрлэг ургамлыг тасдаж хаях хэрэгтэй” дурсамжаас:

-Наранжаргал аа, чи жаахан биеэ тоох гээд байна аа даа?

Улсын драмын театрын хашаанд явж байтал араас гүйцэж ирээд Э. Оюун гуай ингэж хэлэв.

-Яалаа гэж дээ, Оюун гуай.

-Телевизийн дуран хүний дотоодод нэвтрэх увидастай. Чи хичнээн үгүй гэсэн ч дуран чамайг илчилж байна даа. Чи гайгүй байгаа. Гэхдээ ямар ч сайхан юм хэтрэхээрээ л муухай болдог. Бодоорой.

-За

-Биеэ тоох гэдэг уран бүтээлч хүнд байх ёсгүй зүйл. Энэ бол юу ч мэдэхгүй хүний зан юм. Хүн бүр өөрийнхөө сэтгэлээс зэрлэг ургамлаа тасдаж хаях хэрэгтэй.

Ингэж хэлээд тэрээр намайг орхин, тожигнон одов. Би түүнийг театрын хаалга татан ортол араас нь харан нэг хэсэгтээ хөдөлгөөнгүй хөшив. Магадгүй, миний дотор байсан жаахан аархал, хийрхлийг олж харсан байх. Тэгэхэд би Монгол телевизийн Соёл урлагийн редакцид ажиллаж байв. Түүнээс хойш нэвтрүүлэг хөтлөхөөр, эсвэл ярилцлага авахаар дурангийн өмнө суух, зогсох бүрт энэ явдал санаанд орогсон.

Нараа багштай ярилцаж суухад тэр бас нэг явдлыг хуучиллаа.

“1990 ондсон. Би “Томчууд хүүхэд байгаагүй гэж үү?” хэмээх хүүхдийн нийгмийн асуудлыг хөндсөн нэвтрүүлэг хийлээ. Нэвтрүүлэг зарлагдахаас хоёр долоо хоногийн өмнө манай том дарга нар хөтөлбөрийг батална. Х.Цэвлээ дарга дуудаж байна гэв. Манай нэрт сэтгүүлч, Соёлын гавъяат зүтгэлтэн Х.Цэвлээ гуай “Үнэн” сонины орлогч эрхлэгчээр ажиллаж байгаад МРТУХ-ны даргаар томилогдоод удаагүй байлаа.

-Наранжаргал аа, би бол “Та хүүхэд байгаагүй гэж үү?” гэж хэлнэ дээ. Телевиз айл гэрт шууд очдог. Томчууд гэвэл хол, харин та гэвэл үзэгчид шууд хүрнэ” гэлээ. Арав гаруй жил телевизэд ажиллаж, бас ч ажлаа гайгүй хийж байгаа гэж бодож явсан би телевизийнхээ онцлогийг яс махандаа шингэтэл ойлгоогүй л явж. Манайхны зарим нь Х.Цэвлээ гуайг “Сонины хүн, телевиз мэдэхгүй” хэмээн гоочлох хандлагатай байсан. Гэтэл тэр биднээс илүү телевизийг мэддэг, мэдэрдэг байжээ.

Хуучнаар Монгол телевиз одоогийн МҮОНТ-ийн 1980-аад оны ид залуухан шижгэнэсэн сэтгүүлчдийн нэг, 1990-ээд оны ухаан бодол нь цэгцэрсэн дарга удирдлагуудын нэг. Хэдэн арван нийтлэл нэвтрүүлгийн зохиогч, редактор, хөтлөгч. жүжгийн зохиолч. Тэгээд зогсохгүй одоогийн үндэсний телевизийг төрд биш иргэндээ үйлчилдэг “Олон нийтийн телевиз” болгох их ажлын эхлэл санаачлагын эзэн нь Х.Наранжаргал байв. Түүний үүсгэн байгуулсан Глоб интернейшнл ТББ-ын үйл ажиллагааны хамгийн том чиглэл “хэвлэлийн эрх чөлөөг хэрэгжүүлэх, сэтгүүлчдийн эрхийг хамгаалах” ажил. Ингээд бодохоор Наранжаргал багш мэргэжлээ ч солиогүй, салбараа ч орхиогүй юм билээ. Мэргэжил гэснээс Нараа багшийн үндсэн мэргэжил “дулааны инженер”, өөр нэг мэргэжил нь “сэтгүүлч”. Тэрээр 1979 онд хуучнаар ЗХУ-ын Уралын Политехникийн дээд сургуулийг төгсөж ирэхдээ хос дипломтой буусны нэг нь УПИ-гийн Нийгмийн ухааны оройн факультетийн сэтгүүлчийн ангийн диплом байв. Техникийг биш телевизийг сонгох болсон учир шалтгаан бага насных нь мөрөөдөл дунд нуугдсан “сэтгүүлч болохын хүсэл” байсан гэдэг. “Хөнгөн дэврүү, залуу халуун, гэнэн томоогүй миний хөлийг дөрөөнд, гарыг ганзганд хүргэж, телевизийн хүн болгож өгсөн ачтан бол Жаргал дарга” хэмээн ач санаж, хүндэтгэл шингээж бичсэн “Телевизийн буурал Жаргал” дурсамж нийтлэлд анх телевизэд орсон тухайгаа дурссан бол “Сансрын мартагдашгүй өдрүүд” , “Соёл урлагийн редакцид ирсэн нь”, “Хараат бус телевизийн төлөө ажилласан” зэрэг дурсамж тэмдэглэлд тэр үеийн Монгол телевиз одоогийн МҮОНТ-тэй холбогдсон он жилүүдийн түүхээ дурсан сийрүүлжээ. Асуух асуулт бүхний хариулт энд байна. Байх байхдаа бас л будаггүй бас баггүй чин үнэн түүхээрээ байна.

“Телевизийн буурал Жаргал” дурсамж тэмдэглэлийн хэсгээс…

Сургуулиа төгсөж ирээд Дулааны шугам сүлжээний газарт туслах инженер хийсээр дөрвөн сар болж, телевизэд ажилд орно гэх итгэл алдарч байх мөчид Монгол телевизийн Программын захиргааны дарга Жаргал гэдэг хүн ярьж:

-Телевизэд ажиллах сонирхол чинь хэвээрээ байгаа бол ирж уулзана уу? гэлээ.

Жаргал даргатай уулзаж мэдлэгээ сориулсны дараа Хүүхдийн редакцид ажилд орж, “Оноо хурд хурам” “Теле-олимпиад” нэвтрүүлгүүдэд ажиллаж, “Нүгэл буян”, “Агуйн нууц” киноны дүрээр олны танил болсон жүжигчин найруулагч Дуламсүрэн эгчтэй хамт анхны бие даасан нэвтрүүлэг“Шинжлэх ухаан техник”нэвтрүүлгээ бэлдэж, 1980 оны 01-дүгээр сарын 08-нд эфирт гаргасан юм. Нэвтрүүлгийн зохиолыг Жаргал дарга уншина аа. Би текстээ уншаад л байна. Уншаад л байна. Боллоо гэж бодоод л Жаргал даргад өгнө. Дарга хар бэхтэй үзгээр цоохорлоод л байна, цоохорлоод л байна. Би засаад л байна, засаад л байна. Модон хэлтэй намайг “монголжуулж” байсан нь тэр.1980 оны эхээр Майн баярын жагсаалын зохиол бичих үүрэг даалгавар өгөв. Баярын жагсаалын зохиол бичих нь дадлага туршлагагүй залуу редакторт тэр бүр олддоггүй ажил л даа. Би айж, гайхаж байв.

“Сансрын мартагдашгүй өдрүүд” -ийн тухай дурсамжийн хэсгээс…

1980 оны сүүлээр Монгол телевизийн захиргаа сансарт хүн ниссэний 20 жилийн ойд зориулсан “Сансарт хүрэх зам” долоо хоног тутмын цуврал нэвтрүүлэг бэлтгэх баг байгуулж, Программын захиргааны дарга Жаргалаар ахлуулав. Энэ багийн бүрэлдэхүүнд сэтгүүлч Ц.Пунсаа, найруулагч А.Машмаа, миний бие багтсан билээ. Энэ нь Монгол телевизэд ажилд ороод дөнгөж жил болох гэж байсан миний хувьд асар их хариуцлага, том аз завшаан байсан юм. Бид 1981 оны 3 сарын 21 хүртэл нийт 10 нэвтрүүлэг бэлтгэж, дараагийн өдрөөс эхлэн Монголын иргэн Ж.Гүррагчаа сансарт ниссэн түүхт долоо хоногийн турш өдөр бүр эфирт гаргаж байлаа. Сансрын багийн ажил үндсэндээ дууссан ч миний ажил үргэлжилж байв. 1982 онд Пунсаа, Машмаа бид гурав хамтарсан нислэгийн нэг жилийн ойд зориулан “Сансрын мартагдашгүй өдрүүд” таван цуврал хийсэн. “Сансар энхийн үйлст” нэвтрүүлгийн нэг дугаарыг Вена хотод болсон НҮБ-ын хоёрдугаар бага хуралд зориулан найруулагч Даваасүрэнтэй хамтран орос хэл дээр бэлтгэн, нэвтрүүлэгч Д.Нарантуяа тайлбарыг уншиж байв. Мөн“Телевиз амьдралд гүнзгий нэвтэрч байна”, “Телевизийн өчигдөр өнөөдөр, маргааш” гэх мэт нэвтрүүлгүүд хийж өөрийн эрхгүй телевизийн сэтгүүл зүй, телетеатрын онол дадлагыг сонирхон судлах болсон юм. Энэ туршлага хожим их, дээд сургуульд хичээл зааж, хэд хэдэн шүүмж, өгүүлэл, “Телевизийн сэтгүүл зүй” номоо бичих үндэс суурь болсон. Монгол телевизээс гарснаасаа хойш найруулагч Янжмаагийн хүсэлтээр телевизийн анхдагчдын тухай “Эргэн санахын учир” нэвтрүүлгийн зохиол бичсэн нь телевиздээ хоргодох сэтгэлийн илэрхийлэл байсан болов уу..

“Соёл урлагийн редакцид ирсэн нь” тэмдэглэлийн хэсгээс…

Наяад оны дундуур би соёл урлагийн редакцийн хүн болов. Хариуцлагатай нарийн бичгийн даргаар хүүхдийн зохиолч Т.Жамьянсүрэн ажиллаж байлаа. Би “Соёл эрдэнэ”, Теле аялал”, “Урын сан”, “Уран бүтээлчийн хөрөг”, “Үгийн увидас” зэрэг нэвтрүүлэг дээр, найруулагч Ц.Жандал, Б.Жаргал нартай хамтран ажиллаж эхэлсэн юм. Монголын нэрт хошин зохиолч асан Ж.Барамсай манай редакцид байв. Манай ассистент найруулагч “Алтан өргөө” киногоор олны танил болсон Норжмаа, туслах найруулагч Батнасан байсан.Энэ редакцид ажилласандаа би өөрийгөө туйлын аз жаргалтайд тооцдог. Зохиолч Д.Цэвэгмид, Ч.Лодойдамба, С.Эрдэнэ, Ч.Чимид, Л.Лхамсүрэн, Ц.Гайтав, найруулагч, эрдэмтэн зохиолч Э.Оюун, найруулагч Ж.Жигмид, Ж.Бунтар, Г.Доржсамбуу, Б.Мөнхдорж, И.Нямгаваа, зураач Ү.Ядамсүрэн, Д.Чойдог, Сэнгэцохио, уран барималч Ц.Амгалан, циркийн алдартан Т.Цэнд-Аюуш, Л.Нацаг, мөн олон тооны ахмад, залуу жүжигчин гээд монголын урлагийн сор болсон хүмүүсийн тухай хөрөг хийж, заримаас нь ярилцлага авч өөрөө ч тэдний уран бүтээлээс суралцаж байсан юм. Бас зөвлөлтийн алдарт кино найруулагч Ю.Озеров, алиалагч О.Попов, хөгжмийн зохиолч С.Шаинский нартай уулзаж ярилцлага хийх ховор боломж олдсон юм. 1986 оны 11 сарын 1-нээс намайг Соёл, урлагийн редакцийн хариуцлагатай редакторын үүрэг гүйцэтгэгчээр томилов.Бид сүлжээт нэвтрүүлгийн зэрэгцээ бүрэн, богино хэмжээний жүжиг, драмын бүтээл бэлтгэх үүрэгтэй. Зөвхөн 1986-1987 онд нийт бүрэн хэмжээний 9 жүжиг, драм, богино хэмжээний 25 жүжиг, драмын бүтээл туурвисан юм. Энэ онд бид телевизийн хөдөлмөрийн аварга редакци болж, хүндэт самбарт зургаа тавиулж билээ.

1986 онд найруулагч, шог зураач Ц.Жандал бид хоёр “Номын хувь заяаг хэн шийддэг вэ?” асуудал дэвшүүлсэн гурван нэвтрүүлэг бэлтгэв. Ийм төрлийн нэвтрүүлэг ховор байсан тул Эрдэнэтуяа дарга уриалгахан хүлээж авлаа. 1987 онд бид нэвтрүүлгийнхээ бодлого, төрөл хэлбэр, өнгө төрх, ур хийцийг өөрчлөх талаар нэлээн удаан санал солилцож, удирдлагад саналаа танилцуулсан юм. Ингээд 1988 онд долоо хоног тутмын “Урилга”, “Миний бодлоор бол…”, “Бага тайз” гэх мэт хэд хэдэн шинэ нэвтрүүлгийг эхлүүлсэн. Эрдэнэтуяа дарга мэдээ, мэдээллийн нэвтрүүлэгт их анхаарна. Чухам түүний үед манайх АНУ-ын CNN сувагтай холбоо тогтоосныг санаж байна. Тэрээр телетеатрын хорин жилийн ой тэмдэглэх, хожим нь өөрийн найруулагч, жүжигчин бүхий “Мэлмий” нэгдэл болон өргөжсөн жүжиг, киноны групп байгуулах зэргээр олон бүтээлч үйл ажиллагааг зохион байгуулсан юм. Намайг удирдах ажлын дөртэй болоход энэ хүн үнэлж баршгүй тус болсон билээ. Дарга гэдэг захирахаас илүү зохион байгуулагч, доод хүмүүстээ үйлчлэхийн нэр гэдгийг би түүний удирдлагад ажиллаж байхдаа яс махандаа шингэтэл ойлгосон юм.

1990 онд Монгол телевиз захиргаа зохион байгуулалтын өөрчлөлт хийж, “Уран сайхны нэвтрүүлгийн ерөнхий редакци”байгуулан намайг ерөнхий редактораар томилов.

Ерөнхий найруулагч маань С.Бадрах, Утга зохиолын нарийн бичгийн дарга нь Ш.Гүрбазар нар байсан. Бид Монголд хамгийн анхны теле марафоныг 1990 оны 3 сарын 8-нд МҮЭ-ийн Төв Ордноос дамжуулсан юм. Гурван цагийн турш үргэлжилсэн уг нэвтрүүлэг дээр техник, уран бүтээлчдийн нэлээн олон хүнтэй, том баг ажиллаж, телевизийн нэвтрүүлэх танхим, МҮЭСТО-г холбон, гудамжинд явж буй үзэгчдийг ч хамруулсан нь уран бүтээл, техникийн хувьд ч телевизийн түүхэнд тэмдэглүүштэй томоохон ололт болсон юм. Нэвтрүүлгийн ерөнхий найруулагчаар Ө.Цэвэлсүрэн ажиллаж, сэтгүүлч Ш.Гүрбазар, О.Энхтуяа нар хөтөлсөн.

“Хараат бус телевизийн төлөө ажилласан” хэмээх дурсамж тэмдэглэлийн хэсгээс…

1991-1992 онд Лондон хотод англи хэлний сургалтанд сурахын хажуугаар “Би-Би-Си”-д дадлага хийх боломж олдсон юм. Эргээд ирэхэдЗ.Алтай ерөнхий захирал,Жаргал дарга Монгол телевизийн дарга болсон байв. Тэгээд надад Программын захиргааны даргын үүрэг хүлээлгэв. Улс эх орон зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжээд удаагүй төрийн санхүүгийн чадавхи сул, манайд хуваарилдаг төсвийн хэмжээ буурсан амаргүй үе байлаа. Зар сурталчилгаа, пи-ар дөнгөж эхлэлийн төдий, тэдгээрийн тухай бидний мэдлэг дульхан. Нөгөөтэйгүүр, ардчилсан, төр засгаас хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгслийн тухай ойлголт бүрхэг, ХМХ-тэйгээ хэрхэн харьцахаа мэдэхгүй, ерөнхийд нь чөлөөтэй орхисон, хараат бус байдал давамгайлсан цаг үе байсан. Программын захиргааны даргаар ажиллах хугацаандаа: Монгол телевизийн программ солилцоог өргөжүүлэх, уран бүтээлээ олон улсын их наадамд явуулах, гадаадын зах зээл дээр өөрийн нэвтрүүлгийг борлуулах, гадаад харилцааг хөгжүүлэх. ABU буюу Азийн өргөн нэвтрүүлгийн холбооны хүүхдийн уран бүтээлийн уралдаанд зориулан монгол хүүхдүүд зуныхаа амралтыг үндэсний соёл, ёс заншлаас суралцах, судалдаг тухай цуврал баримтат кино бүтээж эхэлсэн юм. Энэ хүрээнд “Цам дагасан ухаан”, “Таван настай Тавдай хүү” зэрэг баримтат киног Д.Чулуунбаатар, Д.Долгорсүрэн, найруулагч О.Соёл, Д.Хишигт, Д.Баярсайхан нарт захиалан хийлгэсэн билээ. “Халтар царайт” киног монголын үзэгчдийн хүртээл болгосон.

Энэ бүх хугацаанд Монгол Телевизийн статусын тухай үргэлж боддог байв. Би-Би-Си-гийн үйл ажиллагаа гүн сэтгэгдэл төрүүлж, нөлөөлсөн байх л даа. Олон нийтийн телевиз бол улс орны хөгжилд асар их нөлөөлдөг, иргэдийг соён гэгээрүүлэх, нийгмийн ухамсар, үзэл бодлыг төлөвшүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэдэг, уран бүтээлийн том үйлдвэрлэл гэдгийг сайн ойлгосон байлаа. Хараат бус хэвлэл мэдээллийн үзэл баримтлалыг сэтгэлдээ бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрч байв. Төрөөс санхүүждэг хэрнээ түүнд бус олон нийтэд үйлчилдэг телевизийн тухай дотроо мөрөөдөж, өөрчлөлт хийхийг хүсэж байв.Ингээд 1994 оны эхээр “Монгол телевизийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөн шинэчлэх хөтөлбөр” боловсруулж, түүний хүрээнд хараат бус телевизийн дүрэм, шинэ бүтэц, нэвтрүүлгийн шинэ бодлого, сүлжээ, шинэ төсвийн төслийг иж бүрэн бэлэн болгох нэлээн цар хүрээтэй ажил эхлэв. Ажлын хэсэгт редактор Ц.Пунсаа, Ц.Мөнхтөр, Г.Золжаргал, Н.Ганбат, Д.Сарангэрэл, С.Дашням, найруулагч С.Мягмар, эдийн засагч Г.Энхчимэг нар байлаа. Тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлын тухай хууль санаачлахаар ажиллаж байсан ерөнхийлөгч П.Очирбат, түүний хуулийн зөвлөх, УИХ-ын гишүүн асан Отгонбаяр, Хэвлэл мэдээллийн албаны дарга Ч.Чулуунбаатар, МАХН-ын даргаДаш-Ёндон, МСДН-аас Баабар зэрэг албаны хүмүүстэй уулзаж, өөрсдийн бодлоо танилцуулж, санал солилцов.

Ингээд 1994 оны 6-р сарын 10-нд хариуцлагатны өглөөний шуурхай, МРТХЭГ-ын дарга Б.Өвгөнхүү, дэд дарга Ш.Алтансүх нарт, гурав хоногийн дараа нийтийн шуурхай дээр хамт олондоо танилцуулав. Ажлын хэсгийн судалгаагаар хамт олны 97 хувь нь өөрчлөлтийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байлаа. Өөрчлөлт хэрэгтэй гэдгийг РТХЭГ-ын удирдлага ч, уран бүтээлчид ч, УИХ, Засгийн газар, улс төрийн намууд, олон нийт бүгд ойлгон ухамсарлаж байсан. Үүнээс хойш арван нэгэн жилийн дараа буюу 2005 онд УИХ-аас Олон нийтийн радио, телевизийн хуулийг баталсан юм. Энэ бүхнийг эргэн дурссанаар 50 жилийнхээ ойг тэмдэглэж буй телевиз маань “олон нийтийн” болж өөрчлөгдөх явцдаа олон олон үйл явдлыг туулж, олон хүний сэтгэл зүтгэлийн дундаас өнөөдрийн дүр төрхөө олсон юм шүү гэж тэрээр тодотгож хэлсэн.

Наранжаргал гэгч энэ эмэгтэй хэрвээ уран бүтээлчийнхээ хувьд дан ганц өөрийгөө бодсон бол: Сайн урлаг судлаач, уран бүтээлийн сайн орчуулагч, жүжиг киноны сайн зохиолч, телевизийн сайн сэтгүүлч болж үлдэх боломж байсан. Гэхдээ Нараа багш маань Монгол үндэстний оюун санааны хөтөч болж, олон нийтийн эрх ашгийг хамгаалж зогссоор байх хүчирхэг телевизийн төлөө бүх итгэл үнэмшлээ зориулсан. Одоо МҮОНРТ-ийн мөрдөж буй ОНРТ-ийн тухай хуулийн үг өгүүлбэр бүрт энэ хүний сэтгэл зүтгэл нэвт шингэсэн юм. Цаг үе бүхэнд оюун санааны манлайлагчид байсаар ирсэн. Тэд гаднаа ч дотроо ч элдэв чимэггүй чин үнэн төрхөөрөө амьдарсаар байдаг. Хашхүүгийн Наранжаргал ийм л хүн. Хэзээ ч хаана ч явсан элдэв чимэггүй, энгэсэг будаггүй, хэнтэй ч яаж ч уулзсан нэг л зангаараа. Хуулах баггүй үнэн төрхөөрөө, гууль нь цухуйх худал хуурмаггүй ихэмсэг. Хэлэх үг нь шулуухан, бодож санах нь саруулхан энэ эмэгтэй “хэвлэл мэдээллийн салбар”-ын шинжээчийн хэмжээнд хүртлээ өөрийгөө хөгжүүлж оюунаа цэнэглэсэн хүчирхэг нэгэн. 50 жилийн түүхт ойн баяраа тэмдэглэж буй уугуул телевизийнхээ хамт олонд дамжуулах түүний ерөөл: Олон нийтийн телевиз гэх эрхэм нэр төрөө дараагийн тавин жилдээ улам улам өнгөлөн гялалзуулж, жинхэнэ олон нийтийн телевиз байгаарай гэх үгс .

Сэтгүүлч Дэмбэрэлийн НАРАНТУЯА

Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд хадлан, тэжээлийн бэлтгэл 31.7 хувьтай байна

Related image

Улсын хэмжээнд хадлан тэжээлийн бэлтгэл ажил 31.7 хувьтай байна. Мөн 400 мянган тонн тэжээл дутах эрсдэлтэй байгаа талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам мэдээллээ. Тиймээс дутагдаж байгаа өвсийг тэжээлийн зориулалтаар ашиглах үр тариа, хаягдал буудай зэргээр нөхөх төлөвлөгөө гаргаад байна.

Ингэснээр 14.7 мянган тонн улаанбуудайг тэжээл болгон ашиглах төлөвтэй байгаа юм.Харин гурилын дотоодын хэрэглээг хангах 200 мянган тонн улаан буудайг ОХУ-аас импортолбол нэмж 50 мянга орчим тонн хивэг болон багсармал тэжээл үйлдвэрлэгдэх боломжтой. Гэвч импортын тээвэрлэлтийн зардал өндөр гарах тооцоотой байгаа нь хүндрэл учруулж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан хэлмэгдэгсдийн хохирлыг барагдуулах хүсэлт гаргажээ

“Хүний эрх, шудрага ёсны хөгжлийн төв ТББ” өнөөдөр үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийллээ. Тэд Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан хэлмэгдэгсдийн хохирлыг барагдуулах тухай хүсэлтийг албан бичгээр илгээжээ. Мөн хууль бусаар их хэмжээний ашиг олсон, татвараас нуусан байдлыг таслан зогсоох зорилгоор аж ахуй нэгж, давхардуулан газар олгож хүний эрх зөрчиж буй байдлыг таслан зогсоох зорилготой юм.

“Хүний эрх, шудраг ёс хөгжлийн төв ТББ”-ыг үүсгэн байгуулагч эрх зүйч А.Эрдэнэбаяр “Хүний эрх гэдэг бол эмэгтэй, эрэгтэй гэж ялгахгүй. Ер нь нийгэмд ямар үе шатлалтай үйл ажилгаанаас болж тэр хүний эрх зөрчигдөж байгаагаас шалгаалж хууль зүйн туслалцаа үзүүлдэг. Гэхдээ эрэгтэй хүнээс илүү эмэгтэй хүний эрх гэр бүлийн хэмжээнд илүү хязгаарлагдмал байдаг. Тийм болохоор манай байгууллагаас хуулийн хүрээнд мөн хуулийг сурталчилан таниулах зорилгоор гомдол гаргасан иргэддтэй хамтран ажилж байгаа” гэв.

Мөн тэд “Хэлмэгдсэдэд зориулж жил бүр арга хэмжээ зохион байгуулдаг. Зөвхөн өргө хэмжээ зохиогоод өнгөрөх биш харин төрийн зүгээс ар гэрт нь хохиролыг барагдуулах ёстой. Гэмт бүлэглэлийн захиалгаар ажилж иргэдийг хэлмэгдүүлсэн хуулийн байгуулгын ажилтануудыг шүүн хэлэлцүүлж хуулийн хариулцлага хүлээлгэж хүний эрх, эрх чөлөөг хамгааллахын төлөө манай байгууллага ажилна“ хэмээн хэвлэлийн хурлаараа мэдэгдлээ.

Хуульч профессор Ё.Бямбацогт “Хүний эрхийн үндэсний комиссоос явуулсан судалгаагаар хүний эрх тэр дундаа үнсэн хуулиар олгогдсон эрх хамгийн их зөрчигдөж байна гэсэн үр дүн байна. Өнөөдөр хариуцлагын тогтолцоо гэж байхгүй болсон. Нэг хүнийг хэлмэгдүүлсэн, хохироосон гэм буруутай албан тушаалтан хариуцлага хүлээдэггүй. Тиймээс ард иргэд хохирч, нийгэм хариуцлагын тотолцоогүй аль нэг улс төрч эсвэл намаас хараат болсон гэв.

Тус байгууллагынхан хүний эрхийг зөрчсөн буруутай үйл ажилгааны төлөө тууштай тэмцэж, олон нийтэд суртачилан таниулах, иргэдэд эрхзүй, сэтгэлзүйн чиглэлээр зөвлөгөө өгөх тусгай хөтөлбөр сургалтыг зохион байгуулан ажилж байгаа гэнэ.

Categories
мэдээ соёл-урлаг

Сэтгүүлч П.Алтанцэцэгийн “Сүүтэй дөрөө” номын нээлт боллоо

МҮОНТ-ийн Нийгэм соёлын албаны сэтгүүлч Пэрэнлэйн Алтанцэцэг “Сүүтэй дөрөө” номынхоо нээлтийг өнөөдөр хийлээ. Түүний номын нээлтэнд тус албаны редактор Ж.Эрдэнэцогт, ивээн тэтгэгчээр оролцсон Хэнтий аймгийн Батноров сумын харьяат, аймгийн аварга малчин О.Төрмөрбаатар гэргий Н.Нямсүрэнгийн хамт оролцсон юм.

Харин зочдоор ах дүүс нь ажлын хамт олон саатжээ. П.Алтанцэцэг өмнө нь “Борог өвсний шивнээ”, “Бүүвэй цагаан саран”, “Сэтгэл зүрхний бичлэг” зэрэг номыг бичээд байсан бол энэ удаагийнхаа МҮОНТ-ийн 50 жилийн ойд зориулж бүтээсэн байна. Номны редактороор МҮОНР-ийн захирал, зохиолч, яруу найрагч Б.Баярсайхан, хэвлэлийн дизайнаар Д.Өлзийхутагт ажиллажээ.

Categories
мэдээ нийгэм

АХБ ирэх онд эдийн засаг 3 хувьтай байна гэсэн таамаг дэвшүүллээ

ahb

Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсын энэ оны эдийн засгийн ерөнхий төлөв байдал болоод 2018 оны эдийн засгийн ерөнхий прогнозын талаар мэдээлэл хийлээ.

Уг мэдээлэлд “Өндөр хөгжилтэй орнуудын хувьд эдийн засгийн төлөв байдал нь тогтвортой, хэвийн үргэлжилж байна. АНУ, Япон зэрэг улс орнуудын 2017 болон 2018 оны эдийн засгийн өсөлт нь тогтвортой байх төлөвтэй байгаа. АНУ-ын мөнгөний бодлогын огцом өөрчлөлт нь Азийн бүс нутагт сөрөг нөлөөлөл үзүүлж болзошгүй хэмээн үзэж байсан ч Холбооны банкны зүгээс цаашид авч хэлэлцэх арга хэмжээнийхээ талаархи мэдэгдлийг цаг тухайд нь гаргаж байсны үр дүнд зах зээл дээр гарч болзошгүй эрсдлийг бууруулахад нөлөөлсөн.

Азийн хөгжлийн банкны тайланд эдийн засгийн төлвийн талаарх таамаг тооцооллоо танилцуулж, дэвшүүлэхийн зэрэгцээ тодорхой нэг сэдвийг оруулдаг. Энэ жилийн сэдвийн тухайд “Төр хувийн хэвшлийн түншлэл” гэсэн сэдэв юм. Дэд бүтцийн дутмаг байдлыг шийдвэрлэх чухал асуудал гэдэг утгаар энэ сэдвийг хэлэлцэхээр болж байна. Азийн хөгжлийн банкнаас энэ сэдвийн хүрээнд судалгаа хийсэн байдаг. Манай бүс нутагт дэд бүтцийн эрэлт хэрэгцээг бүрэн дүүрэн хангахын тулд 2030 он хүртэл жил бүр 1.7 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт хийх шаардлагатай гэсэн тооцоо гарсан байдаг” гэв.

Мөн “Оны эхний хагасаас харахад Монгол Улсын эдийн засгийн өсөлт 5.3 хувьд хүрсэн нь ноднин жилийн 1.2 хувьтай харьцуулахад үлэмж өсөлт бөгөөд хүчтэй сэргэсний шинж юм. Үүнд экспортын гүйцэтгэл сайн байсан, нүүрсний борлуулалт нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж болох юм.

Эдийн засгийн нийт өсөлтөд эерэг нөлөөлөл үзүүлсэн салбаруудын мэдээллээс харахад, үйлдвэрлэлийн салбар 13 хувь, хэрэглээний салбар 1.6 хувь, экспорт 9.6 хувь, мөн импорт 37 хувиар өссөн нь нөлөөлжээ. Оны эхний хагас жилээр авч үзэхэд төсвийн алдагдал 34.1 хувиар буурсан нь ДНБ-ий 5.8 хувьтай дүйцэхүйц хэмжээтэй байна. Мөн төсвийн орлого 41.1 хувиар өссөн бол, төсвийн зарлага 9.6 хувиар өссөн үр дүнтэй гарлаа. Оны эхний хагаст нүүрсний экспорт огцом нэмэгдэж гадаад худалдааны ашиг өнгөрсөн оны түвшинтэй харьцуулахад 69.5 хувиар нэмэгдэж, урсгал дансны алдагдал 42.8 хувиар буурсан ДНБ-ий 5.6 хувьтай тэнцэж байна.

Азийн хөгжлийн банкны гол гол үзүүлэлтэд тулгуурласан Монгол Улсын энэ оны болоод ирэх оны эдийн засгийн ерөнхий төлөв байдалд ямар таамаг дэвшүүлж байгааг хэлэхэд “2017 болон 2018 онд энэ оны эхний хагаст үзүүлсэн гүйцэтгэл сайн байгаа нь цаашид үргэлжилнэ гэж үзэж энэ онд эдийн засаг 4 хувьтай, ирэх онд 3 хувьтай байна гэж харж байна. Инфляци 3.4 хувьтай байна гэсэн таамаг дэвшүүлж байгаа” гэв.

Categories
мэдээ нийгэм

Дүүхээ төвийн урд талбайн задгай худалдааг зогсоожээ

Баянгол дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу Нийтийн эзэмшлийн зам талбайд ил задгай худалдаа наймаа хийж буй иргэдийн үйл ажиллагааг зогсоож, холбогдох арга хэмжээг авч ажилласаар байна.

Өчигдөр буюу есдүгээр сарын 25-ны өдөр 3,4 дүгээр хорооллын эцсийн Дүүхээ төвийн урд талбайд адууны мах, төрөл бүрийн жимс, гэр ахуйн бараа зэргийг гар дээрээс худалдаалж байсан иргэдийн үйл ажиллагааг зогсоожээ. Баянгол дүүргийн хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, дүүргийн мэргэжлийн хяналтын байцаагч нар өнгөрсөн баасан гарагт тус байршилд худалдаа хийж буй иргэдэд мэдэгдэх хуудас өгсөн боловч худалдаа эрхлэгчид зөвшөөрөлгүй худалдаа хийсээр өнөөдрийг хүрсэн байна.

Баянгол дүүргийн цагдаагийн II хэлтсийн алба хаагчид,мэргэжлийн хяналтын байцаагч нар, дүүргийн хүнс худалдаа үйлчилгээний мэргэжилтнүүд ийнхүү газар дээр нь очиж шаардлагатай арга хэмжээг авч ажиллалаа.

Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу дээрх арга хэмжээг авч ажиллаж байгаа хэдий ч нөгөө талаар иргэдийн гомдлын дагуу ажиллаж буйгаа мэргэжлийн хяналтын байцаагч нар хэлж байлаа. Сүү, сүүн бүтээгдэхүүн, мах болон махан бүтээгдэхүүн, жимс зэрэгт иргэдээс хамгийн их гомдол ирдэг байна.

Худалдаа эрхлэгчид ажлын байр байхгүй, ажил олдохгүй амьдрахын тулд ийнхүү зогсч байна гэсэн тайлбарыг хэлдэг. Тэдэнд хорооллын Корал төв, Ачлал, Апекс төвүүд, Барс-2 захад хямд үнээр түрээслэх боломжтой лангуу байгаа ч худалдаа эрхлэгчид түрээс өндөр гэсэн шалтгаанаар тус газруудад худалдаа хийхээс татгалздаг гэдгийг албаны хүмүүс хэлж байлаа.

Categories
мэдээ нийгэм

Өөртөө туслах бүлгийнхэн спортын бага наадамд амжилттай оролцлоо

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Донтох эмгэг судлалын клиникийн Өдрийн эмчилгээний “Өөртөө туслах бүлэг”-ийн 40 гаруй гишүүд 2017 оны 09 дүгээр сарын 23-24-ний өдрүүдэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Мааньт дахь албадан эмчилгээний газарт зохиогдсон спортын бага наадамд хамт олноороо амжилттай оролцож Теннисны төрөлд алт, Дартсны төрөлд хүрэл медал мөн шилдэг хөгжөөн дэмжигч багаар шалгарч амжилттай оролцлоо. Энэхүү үйл ажиллагаа нь архинд донтох эмгэгтэй эмчлүүлэгчийн эмчилгээний хугацааг уртасгах, идэвхи санаачлагыг өрнүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Донтох эмгэг судлалын клиникийн Өдрийн эмчилгээний Өөртөө туслах бүлэг нь 2017 онд Хөвсгөл, Завхан, Төв аймгуудад сургалт зохион байгуулж өөртөө туслах бүлгүүдийг үүсгэн байгуулсан.

Categories
гадаад мэдээ

Парламент хоорондын холбооны ассамблейд хоёр солонгос оролцохоо мэдэгджээ

ЗурагАравдугаар сарын 14-18-нд Санкт-Петербург хотод болох Парламент хоорондын холбооны 137 дугаар ассамблейн хуралдаанд Өмнөд Солонгос болон БНАСАУ-ын төлөөлөгчид оролцоно гэж ОХУ-ын Холбооны Зөвлөлийн дарга Валентина Матвиенко “Российская газета” сонинд ярилцлага өгөхдөө мэдээлжээ.

ТАСС агентлагийн уламжилснаар, “Бүгд найрамдах Солонгос Улс уг ассамблейд оролцох төлөөлөгчдийнхөө бүрэлдхүүнийг томилоод байгаа бол БНАСАУ оролцохоор төлөвлөж байгаагаа мэдэгдсэн” гэж Матвиенко хэлсэн байна.

“Ассамблейн үеэр уулзах эсэхээ хоёр улсын төлөөлөгчид өөрсдөө шийднэ. Зохион байгуулагч улсын хувьд ОХУ яриа хэлэлцээнд дөхөм үзүүлэхийг эрмэлзэх болно. Солонгосын хойг дахь сөргөлдөөн нь Аеи-Номхон далайн бүс нутаг төдийгүй дэрхийн хэмжээнд хүнд уршигт хүргэж болзошгүй тул хурцадмал байдлыг намжаах дипломат бүх арга хэрэгслийг ашиглахыг хичээх нь зүйтэй” Матвиенко тэмдэглэв.

Парламент хоорондын холбоо нь бүр 1889 онд байгуулагдсан бөгөөд олон улсын парламентын нэлээд нэр хүндтэй, нөлөө бүхий байгууллага юм. Уг холбоонд 173 гишүүн улс болон парламент хоорондын 11 нэгдэл багтдаг аж.