Categories
мэдээ улс-төр

ДЭМБ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

ДЭМБ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзавУлсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан өнөөдөр (2017.09.26) Монгол Улсад ажлын айлчлал хийж байгаа Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон Далайн Баруун бүсийн захирал, доктор Шин Ян-су тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан уулзалтын эхэнд доктор Шин Ян-суг Монгол Улсад тавтай айлчлахыг хүсээд, эртний андын ёсоор дахин уулзаж байгаадаа талархал илэрхийлэв. Мөн тэрбээр, ДЭМБ Монгол Улсын эрүүл мэндийн салбарын шинэчлэлт өөрчлөлтийг тууштай дэмжин, байнга туслалцаа дэмжлэг үзүүлдэг хамгийн чухал донор байгууллагуудын нэг. ‘Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал -2030” бодлогын баримт бичиг нь, ДЭМБ-ын “Нэг ч хүнийг орхигдуулахгүй” гэсэн зорилт, зорилготой нэг байгаа. Энэ удаагийн УИХ, Засгийн газар “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-төө эрүүл мэндийн салбарт хамгийн том зорилтуудаа тавьсан. Тухайлбал, “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг батлан, амжилттай эхлүүлээд байгаа. Үүнийг 2020 он гэхэд амжилттай хэрэгжүүлж, элэгний С вирусын халдварыг зогсоож чадвал бүс нутаг дотроо сайн жишгийг тогтоох болно. Монгол Улсын Засгийн газраас халдварт болон халдварт бус өвчний эсрэг олон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа. Манай улс гурван сая гаруй хүн амтай. Ийм хэмжээний хүн амд бодлого нь тодорхой, хэрэгжилт нь үр дүнтэй байвал эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүн нэг бүрт хүргэх бололцоотой гэдгийг онцлон дурдлаа. Тэрбээр цааш нь, Миний хувьд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд парламентад сөрөг хүчний гишүүн байхдаа ч, Байнгын хорооны даргын хувьд ч эрүүл мэндийн салбарыг чухалд тооцож, бусад гишүүдийнхээ хамт энэ салбарт санаа тавьж, хувь нэмрээ оруулан ажиллаж ирсэн. Хэдийгээр Монгол Улсын Засгийн газар өөрчлөгдсөн ч МАН УИХ-д 65 суудалтай. Тиймээс өмнөх Засгийн газрын бодлого тогтвортой байж, гаргасан тогтоол, шийдвэрүүдээ амжилттай үргэлжлүүлэн хэрэгжүүлж ажиллана гэдгийг онцолж байлаа.

Монгол Улс 1962 онд ДЭМБ гишүүнээр элсэн орсноос хойш гурван удаа Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллажээ. Хамгийн сүүлд 2010-2013 онд Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр ажилласан байна. Иймд Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан ДЭМБ-ын Номхон Далайн Баруун бүсийн хорооны чуулганы үеэр Монгол Улс Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр 2018-2021 он хүртэл ажиллах хүсэлтэй байгааг дэмжихийг доктор Шин-Ян –сугаас хүслээ.

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал, доктор Шин Ян-су уулзалтын үеэр Байнгын хорооны даргатай дахин уулзаж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, УИХ-ын Байнгын хорооны даргаар ажиллах хугацаандаа манлайлан ажиллаж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиас эхлээд энэ салбарын томоохон хууль, тогтоомжийг эргэн харж, шинэчлэн баталсныг тэмдэглэн хэлэхэд таатай байгаагаа дурдав.

Мөн тэрбээр ‘Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал- 2030’ баримт бичгийг талархан хүлээн авснаа дурдав. Үргэлжлүүлэн, танай улс “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, 2020 он гэхэд элэгний С вирусыг устгах бүрэн бололцоотой. Энэ хөтөлбөрөө та бүхэн амжилттай хэрэгжүүлж чадвал бүс нутагтаа төдийгүй дэлхийд сайн жишгийг үзүүлсэн орон болно. Түүнчлэн Монгол Улс өмөн үү, зүрх судасны эмгэгээс болсон нас баралтын шалтгаан, үзүүлэлт өндөр байгаа. Энэ бүхэн хүн ам нь нэг газар олноор амьдардаг учир агаар, ус, хөрс зэрэг орчны бохирдолтой холбоотой. Энэ асуудал санааг минь зовоож байна. Иймд УИХ-ын гишүүд та бүхэн хүн амаа амьдрах таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн шинэ бодлого, шинэ гаргалгаа, гарц гаргаж ажиллахыг хүсэж байлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

“eDES” цахим системийг Нийслэлийн үйлчилгээнд нэвтрүүлжээ

Иргэн, хуулийн этгээд иргэний үнэмлэх, улсын бүртгэлийн гэрчилгээ болон холбогдох бусад албан бичгийг эх хувиар нь авчирсан тохиолдолд хуулбарыг нотариатаар баталгаажуулахыг зогсоох захирамжийг Хотын дарга гаргасан билээ. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас “eDES” цахим системийг Нийслэлийн үйлчилгээнд нэвтрүүлжээ.

“eDES” систем цахим үнэмлэх уншигчаар дамжуулан иргэний бүртгэлийн мэдээлэл, хуулийн этгээдийн мэдээлэл болон эд хөрөнгийн бүртгэлийн мэдээллийг эх, нотлох баримттай нь тулган шалгах боломжтой аж.

Ингэснээр иргэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах, хөрөнгө мөнгө, цаг хугацаа хэмнэх боломж бүрдэж байгаа аж.

“eDES” цахим системийг Нийслэлийн үйлчилгээнд нэвтрүүлжээ

Categories
мэдээ нийгэм

Булгийн эхийг тохижуулж хамгааллаа

Сонгинохайрхан дүүргийн “Найрамдал” шаврын ордод ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй “Шинэ тоосго” ХХК, “Сүмбэрхунтан” ХХК нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9.8-д заасан Байгаль орчны менежментийн төлөвлөгөө, түүний биелэлтийг хангуулах ажлын хүрээнд тус дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн турууны булгийг өөрсдийн хөрөнгөөр тохижууллаа. Уг аж ахуйн нэгжүүд нь ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу уурхайн нөөцийг олборлож дуусаагүй тул нөхөн сэргээлт хийх боломжгүй байгаа учраас байгаль орчны менежментийн төлөвлөгөө дагуу дүйцүүлэн нөхөн сэргээлт хийх талбайг нийслэлийн Байгаль орчны газраас заалгасны дагуу “Булгийн эхийг тохижуулж, хамгаалах” ажлыг хийж гүйцэтгэв. Тус ажлыг нийслэлийн Байгаль орчны газрын даргын 2016 оны А/95 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг 2017 оны есдүгээр сарын 20-ны өдөр хүлээн авсан юм. Булгийн эхийг хашиж хамгаалж, тохижуулснаар булаг бохирдохгүй, булгийн эх тасрахгүй мөн малын хөлөөр талхлагдахгүй, малын гоц халдварт өвчин болох шүлхий болон бусад халдварт өвчин усаар дамжин хүнд халдахгүй байх зэрэг сайн талуудтай. Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт нийт тохижуулаагүй 8 булаг бүртгэлтэй байгаагаас цаашид байнгын ундаргатай 4 булгийг тохижуулж хамгаалалтад авах шаардлагатай байна гэв.

Categories
мэдээ нийгэм

НИТХ-ын хуралдаан энэ сарын 29-нд болно

Есдүгээр сарын 29-ний Баасан гарагт НИТХ-ын XI хуралдаан болох билээ. Тодруулбал, НИТХ-ын XI хуралдаан есдүгээр сарын 22-нд болж НИТХ-ын даргыг сонгох ёстой байсан ч шийдэлд хүрч чадаагүй.

Учир нь НИТХ-ын даргад нэр дэвшигчид болох С.Амарсайхан, Д.Баярсайхан нарын саналын тоо тэнцсэн тул НИТХ дахь МАН тав хоногийн завсарлага авсан. Тэгвэл уг завсарлагын хугацаа дуусах өдөр буюу энэ сарын 29-нд НИТХ-ын даргаар хэн сонгогдох нь тодорхой болох юм.

Categories
мэдээ нийгэм

Хууль бус зар наасан иргэдэд хариуцлага тооцлоо

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн цагдаагийн газартай хамтран авто зам, замын байгууламжийн дагуух гэрлийн шон, түүний хамгаалалтын бүрээс дээр массаж болон бусад үйлчилгээний талаарх сурталчилгааны зарыг шөнийн цагаар байнга нааж байгаа иргэдийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох чиглэлээр хамтран ажиллаж байна.

УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Г.Ууганбаяр “Иргэд, аж ахуйян нэгжүүд нийтийн эзэмжлийн гудамж талбайн зөвшөөрөлгүйгээр суртчилгаа байршуулж, наах болсон. Энэ нь хотын өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлөж байна. Түүгээр барахгүй гэмт хэргийн чанартай зарлалын хуудас тавигдах болсон. УБЗАА-аас өдөр бүр зарлалын хуудсыг хуулж авч байна. Мөн нийслэлийн Цагдаагийн газарт зарлалын хуудас нааж буй хүмүүсийн талаар мэдээлэл өгч, хамтран ажиллах компанит ажлыг өрнүүлээд байна” гэв.

Нийслэлийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад З.Золбаяр “Нийслэлийн цагдаагийн газраас энэ сарын 6-ны өдрөөс эхлэн гудамж талбайд байрлуулсан зар дээрх нийт 59 утасны дугаарын эзэмшигчийг олж тогтоон 16 иргэнийг судалгаанд авч дахин ийм зөрчил гаргахгүй байх талаар холбогдох хуулийн талаар зөвлөгөө өгч баталгаа гаргуулан биеэ үнэлж болзошгүй 5 иргэнийг материалжуулан эрүүгийн цагдаагийн тасагт шилжүүлэн, 8 иргэнийг Монгол улсын Садар самуунтай тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.18 дах хэсэгт зааснаар тус бүр 50,000 нийт 400,000 /дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгосон” хэмээв.

Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг хариуцан ажилладаг Хот тохижилтын газар болон цэвэрлэгээ үйлчилгээний бусад байгууллагууд өглөө бүр тогтмол 200-300 зарыг хуулдаг ажээ. Дээрх арга хэмжээний хүрээнд дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүд “Массаж зар”, “Саун массаж” зэрэг хэсэгчилсэн арга хэмжээнүүдийг хариуцсан нутаг дэвсгэртээ зохион байгуулжээ.

Б.ҮРЖИГ

Categories
мэдээ нийгэм

Хамгийн эрт ургацын төмс “Шийр”-ийн суурингаас ирдэг

Найр наадмын хөл татарч, намрын ажил ундарч буй энэ өдрүүдэд
бид Монгол Улсын эрт ургацын төмсний зах зээлийг тодорхойлдог Орхон
сумын “Шийр” суурингийн намрын ажил амьдралтай танилцаад ирлээ.
Улаанбаатар хотоос Шийрийн хөндийг зорин явахдаа намрын ажилд
дайчлагдсан оюутан залуус шаагилдан гүйлдэж, шийрийн талд ёстой л ажил,
амьдрал буцалж байгаа хэмээн төсөөлөн очсон бидний бодол талаар боллоо.
Учир нь тэдний ажлын эд үе нь биднийг найр наадам хийж байхад буюу
долдугаар сарын 16-аас эхэлчихдэг юм байна. Өөрөөр хэлбэл, наадмын
өдрүүдэд нийслэлчүүдийн хүнсний хэрэгцээнд шийрийн бутарч унасан амттай
шар төмсийг аль хэдийн бэлтгэн нийлүүлээд эхэлчихдэг гэсэн үг. Тиймээс ч
бусад тариалан эрхэлдэг аймгуудад намрын ажилнь эхэлж байхад эрт
болцтой төмсний тариалан эрхэлдэг шийрчүүдийн хувьд есдүгээр сарын сүүлд
ажил нь шувтарч буй үе байдаг юм байна.

Энэ жилийн тухайд бусад тариалан эрхэлдэг аймгуудад зуншлага оройтож
төмс хүнсний ногооны болц оройтсон. Тэгвэл хамгийн эрт ургацын төмс
хурааж авахын тулд энэ жил Шийрийн суурингийнхан ч төмсөө 4-5 удаа
усалгаа хийсэн байна. Энэ талаар Сэлэнгэ аймгийн Орхон сумын “Буяндалай”
компанийн захирал Л.Сүхбаатар: “Манай нийт эргэлтийн талбай 25-26 га
талбайтай. Үүнээс 16 га газарт тариалалт хийсэн. Эрт ургацын төмс нэлээд
арчилгаа шаарддаг. Тиймээс олон га газарт тарьчихвал арчилж хүчрэхгүй.
Тухайлбал, энэ жил нийт талбайгаа дөрвөн удаа усалгаа хийж байж наадмын
үеэр хураалтаа хийх хэмжээнд төмсөө ургуулсан. Өмнө жилүүдэд 1-2 удаа
усалгаа хийгээд л хураалтаа хийдэг байсан. Ийнхүү хоёр удаа усалгаа
хийхээр нэг ширхэг төмсийг 300 гаруй төгрөгийн өртөгөөр ургуулсан
байсан. Мэдээж дөрвөн удаа усалгаа хийхээр тэр хэрээр өртөг нь нэмэгдсэн
байгаа. Энэ жилийн ажлаа дүгнэж, тооцоогоо гаргахаар мэдэгдэх байх”
гэлээ.

Ногоочдын хэлж буйгаар “Бид тарилалтаа хийчээд арчилгаа, тордолгоогоо
хийх гээд шөнийн 00:00 цагт унтаад л үүрийн 04:00 цагт босдог. Хур
бороо муутай жил бүр нойрч хүрэхгүй шүү дээ” хэмээн хуучилж байсан.
Гэтэл ийнхүү тэдний нойр, хоолоо хасан байж ургуулдаг ногоогоо
борлуулалт хийх дээрээ ирэхээр асуудал үүсч эхэлдэг байна. Учир нь
төмсний ченжүүд өөрсдөө худалдан авах үнэ ханшаа тогтоогоод авчихдаг
байна. Харин ногоочдоос худалдан авсан үнэ нэг дахин нугалж,
хэрэглэгчдэд борлуулаад, ногоочдын хүртэх ёстойг ченжүүд хүртээд байдаг
гэсэн үг. Тиймээс энэ тал дээр сум орон нутгийн нэгдсэн бодлого хэрэгтэй
байгаа гэдгийг дуулгаж байсан юм.

Энэ талаар “Их өнгөт” компанийн захирал С.Сүхбаатар “Бид
борлуулалтаа ченжүүдээр дамжуулан хийдэг. Тухайлбал, өнгөрсөн жил кг
төмс 150-300 төгрөгийн өртөг руу орж байсан. Ийм ханштай болчихоор бид
чинь бараг “боол”-ын хөдөлмөр эрхлэж байгаатай ялгаагүй болдог. Тэгэхээр
бидний авах ёстой ашгийг ченжүүд л хүртээд байгаа юм. Уг нь
тариаланчид, малчдыг дэмжих төрийн олон талын бодлого байдаг. Харин яг
хүнсний ногоо тариалдаг хүмүүсээ дэмжих бодлого дутагдалтай байсаар
байна. Гэтэл тэдгээр иргэд сум орон нутгийнхаа иргэдийг төдийгүй
нийслэлчүүдийг хүнсний ногоогоор хангаж, дээр нь Орхон сумынхаа
ойролцоох сумдынхаа иргэдийг түр болоод байнгын ажлын байраар хангаж
байдаг.

Бидний очсон “Их өнгөт” компанийн төмс хураалтын ажилд Дархан
МСҮТ-ийн оюутан сурагчид ажиллаж байлаа. Дархан МСҮТ-ийн багш Ц.Амгалан
“Дархан-Уул аймгийн МСҮТ-өөс 200 гаруй сурагчид, 20 гаруй багш нар
Шийрийн сууринд ирж ургаж хураалцаж байна. Шийрийн сууринд тариалж
байгаа төмсний онцлог нь шар үрийн буюу сайжруулсан үрийн төмс тарьж
байгаа гэнэ. Тиймээс төмс нь ялзралт багатай, амт чанар сайтай, түргэн
болцтой сайхан төмс байдаг юм байна” гэв. Харин Сэлэнгэ аймгийн Сайхан
сумын 12А ангийн сурагч н.Долгормаа “Миний хувьд ургац хураалтад гурав
дахь жилдээ оролцож байна. Өдрийн 20 мянган төгрөгийн цалинтай.
Амралтынхаа өдрүүдэд ирж ажиллаж байгаа. Төгсөх анги учир энэ мэтээр
өөрийн чадах зүйлийг хийж мөнгө олоод ээж, аавдаа нэмэр болж чадаж
байгаадаа баяртай байна” хэмээсэн юм.

Ийнхүү эрүүл хөрсөнд, ямар нэгэн химийн бордоогүй, Монгол хүний хөлс
хөдөлмөрөөр ургуулсан төмс, хүнсний ногоог жил бүрийн долдугаар сард
бэлэн болгож, чадаж байгаа нь өөрөө гайхамшиг. Гэтэл хэрэглэгчид нь
Шийрийн хөндийн үр шимийг хүртэж байгаа гэдгээ мэдэхгүй. Харин ч “Ийм
эрт буюу долдугаар сард манай Монголд эрт ургацын төмс гардаггүй” гэдэг
ойлголттой байдаг нь харамсалтай. Өөрөөр хэлбэл, экспортын төмс гэж
эндүүрдэг гэж байгаа. Тиймээс дахин хэлэхэд нийслэлчүүд бидэнд наадмын
үеэр амтат шар төмсийг Шийрийн ногоочид бэлгэн нийлүүддэг юм.

Categories
мэдээ нийгэм

Иргэдийн шүүхэд итгэх итгэл 63 хувь болон нэмэгджээ

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурлаар “Шүүхэд итгэх иргэдийн итгэл” судалгааны дүнг танилцууллаа. Энэ судалгааг Монгол Улсын хэмжээнд анх удаа, нийт 39 шүүхийн тамгын газраар дамжуулан иргэдээс авчээ.

ШҮҮХЭД ИТГЭХ ИРГЭДИЙН ИТГЭЛ 63.1 ХУВЬТАЙ БАЙНА

Энэхүү санал асуулгын судалгаагаар иргэдийн 63.1 хувь шүүхэд итгэдэг гэсэн үзүүлэлт гарсан нь шүүхэд итгэх иргэдийн итгэл сайн байгааг харуулж байна. Шүүхийн шинэтгэл эхлэхээс өмнөх 2007 оны судалгаагаар шүүхэд итгэх иргэдийн итгэл 30 орчим хувьтай байсан бол 2015 оны байдлаар иргэдийн итгэл 60-80 хувь болж өссөн гэсэн судалгааны үр дүнг энэ удаагийн судалгаа нотолж байна.

ШҮҮХИЙН ШИНЭТГЭЛ ИРГЭДЭД ХҮРЧ БАЙНА

Иргэдийн 47.4 хувь нь шүүх шинэчлэгдэн сайжирч байгааг мэдэрсэн гэсэн хариулт өгснөөс үзвэл шүүхийн шинэтгэл бодитой үр дүнд хүрснийг иргэдийн тал хувь нь шууд хүлээн зөвшөөрч байна гэж үзэж болохоор байна. Иргэд шинэтгэл ерөнхийдөө мэдрэгдэж байна, эвлэрүүлэн зуучлал үр дүнтэй хэрэгжиж байгаа, шүүхийн үйлчилгээ өмнөхөөсөө мэдэгдэхүйц сайжирсан гэдэгтэй хамгийн их санал нийлжээ. Түүнчлэн шүүхийн үйлчилгээнд цахим инноваци нэвтэрсэн, шүүхийн шийдвэр нээлттэй, үйл ажиллагаа нь ил тод болсон гэдэгтэй иргэдийн олонхи санал нийлжээ.

ШҮҮГЧДИЙН МЭДЛЭГ, УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ ГЭЖ ИРГЭД ҮЗЭЖ БАЙНА

Судалгаанд оролцогчдийн 32.5 хувь шүүгчийн мэдлэг, чадварт эргэлздэг гээд цаашид шүүгчид сайн хүнийг томилох (45 хувь), шүүгч, ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх (40 хувь) шаардлагатай гэснээс үзэхэд манай улс мэргэшсэн хуульч бэлтгэх тогтолцоог сайжруулах, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэд шүүгч, ажилтнуудыг бэлтгэдэг, дадлагажуулдаг коллежтэй болох зэрэг шүүхийн хүний нөөцийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх шаардлагатайг тус судалгаа дүн харуулж байна.

Categories
мэдээ нийгэм

А.Санжмятав: Багш нарын шаардлагад хариу өгөхгүй бол олон улсын шүүхэд хандана

Image result for Багш нар ажил хаялаа“Багшийн цалин нэмэх түр хороо”-ноос өнөөдөр дахин сануулах ажил хаялт зарласан билээ.

Өмнөх ажил хаялтад нийслэлийн ЕБС 43 хувьтай, сургуулийн өмнөх боловсрол 28 хувьтай, улсын хэмжээнд ЕБС 56 хувь, сургуулийн өмнөх боловсрол 23 хувьтай оролцсон байна.

Ингээд улсын хэмжээнд 654 сургуулиас 384 нь ажил хаялтад оролцсон аж. Өнөөдрийн ажил хаялт 08:00 цагаас эхлэх бөгөөд 17:00 цаг хүртэл үргэлжлэх юм.

Боловсрол Судлалын доктор А.Санжмятав-аас ажил хаялтын талаар тодруулаа.


-Өнөөдөр 08:00 цагаас эхлээд багш нар хугацаатай ажил хаялт зарласан. Улсын хэмжээнд хэдэн багш оролцож байна вэ?

-Багш нарын ажил хаялт нийслэлийн хэмжээнд 90 хувьтай бол орон нутгийн хувьд зарим аймгийн сургуулиуд нэгдэж оролцож байна. Сургуулийн захирлуудыг засаг дарга нар нь “Багш нараа дуугүй ажлын хийлгэ тэгэхгүй бол ажлаас нь халан” гэх дарамт, шахалт их байна гэж мэдэгдсэн. Зарим нэг талаас эцэг эхчүүд ажил хаялт зарлан гэдгээ мэдэгдэлгүй ажил хаялт зарласан тохиолдол гарсан. Энэ нь юу гэвэл эцэг, эхчүүдэд мэдэгдэж хүүхдүүдийг хүлээлгэн өгч гарын үсгийн зуруулах ёстой байдаг. Тодорхой хэмжээний багш нар ажил хаялтанд оролцож чадахгүй боловч бид нарыг дэмжиж байгаа гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Монголын улсын хэмжээнд 100 хувь ажил хаялт зарлаж чадахгүй байгаа ч гэсэн цалин нэмүүлэх ажил хаялтыг бүгд дэмжиж байгаа гэж болно.

Багш нарын цалинг эдийн засаг, төсвийн боломжтой уялдуулан шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаа гэсэн хариу засгийн газрын хэрэг эрхлэх газраас мэдэгдсэн. Яагаад үргэжлүүлэн ажил хаялт зарлаад байна вэ?

-Өнөөдөрийн байдлаар албан ёсны хариу өгөөгүй байна. Цахим ертөнцөөр 1600000 мянган төгрөгний цалинг 2017, 2018 оны төсвийн тодотголоор шууд суулгах хүсэл тавьсан гэх ташаа мэдээлэл яваад байна. 2017, 2018, 2019, 2020 онд үе шаттай нэмээд энэ хэмжээнд хүргээд өгөх хүсэлт өргөн барьсан. Өнөөдөр эдийн засгийн хүндрэлтэй байдлыг хүн бүхэн ойлгож мэдэрч байгаа байх. Гэхдээ өнөөдөр бидэнд ирүүлсэн албан бичиг дээр бол гуч орчим хувь нэмэх боломжийг эрэлхийлж хайж байгаа гэсэн тодорхойгүй мэдээлэл ирүүлсэн. Өмнө цалин нэмүүлэхэд нэмэх хугацаанд нь хагасаас бүтэн жилийг зарцуулахад тэр үед нь нь юмны үнэ өсөж эргээд үндсэн цалин дээрээ ирээд байгаа юм. Одоо монголын хөгжлийн гол асуудал бол боловсролын салбар гэтэл үүнийг орхигдуулж байна. Үндсэн хуулын 2 дугаар бүлгийн 16 дугаар зүйл дээр “Хүн бүр сурч боловсрох эрхтэй гэсэн заалттай” байдаг энэ заалт маань зөрчигдөөд байгаа юм. Учир нь хүүхдүүд маань боловсролыг зуун хувь эзэмшиж чадахгүй, яагаад гэвэл багш нар нь ажилдаа зуун хувь сэтгэл ханамжгүй учраас сурагчид тэр хэмжээнд мэдлэг боловсрол авахгүй байна. Өнөөдөр маш энгийн жишээ бол бага, дунд ангийн багш нар 30-35 хүүхэдтэй ажиллана гэж заацан байхад, 60-70 хүүхэдтэй ажиллаж байна. Ачааллыг нэг дахин нэмэгдүүлэхэд тэр хүүхэд зуун хувь боловсрол эзэмшихэд хэцүү асуудал энэ нь боловсролын хуулын сурч боловсрох эрх алдагдаж байгаа юм. Хүүхдүүд бол монголын улсын ирээдүйг авч явах боловсон хүчин юм. Багш нарын гол шаардлага нь багш нарын сайн ажиллах, илүү бүтээлтэй байх зүйл нь нийгмийн баталгаа буюу цалин хангамжаар хэмжигддэг гэж 40 мянга гаруй багш нар хоёр сарын хугацаанд илэрхийлээд байна. Багш нар туйлдаж эцэстээ хугацаатай ажил хаялт зарласан.

-Өнөөдөрийн хувьд албан ёсны хариу өгөхгүй бол цаашид ямар тэмцэлийн хэлбэрт шилжих вэ?

-Үйлдвэрчиний эвлэлийн хороотой хамтарч гурван талд хэлэлцээрээр олон улсын шүүхд хандах маргааныг эхлүүлэнэ. Энэ хугацаагүйгээр цалинтай ажил хаялт зарлах нөхцөл нь бүрдэж байгаа юм. Иймээс өмнө төр засаг маань ойлгохгүй, мэдэхгүй байгаа бол сануулах ажил хаялт зохион байгуулж байгаа юм. Магадгүй эрх баригчид томчуудын хүүхдүүд улсын сургуульд явдаггүй учраас мэдэхгүй байх шиг байна.

Б.ҮРЖИГ

Categories
мэдээ нийгэм

Зүүн гурван аймгийнхан Хэрлэн голоо тахижээ

herlen

Энэ сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо сумын “Хошуу бургас” хэмээх газарт зүүн гурван аймгийн удирдлагууд ард иргэдийн хамтаар Хэрлэн голоо тахисан байна. Тахилгын үеэр Ардын дуу бүжгийн “Хан Хэнтий” чуулгын уран бүтээлчид ая дуугаа өргөж, Хэнтий аймгийн Гүндүгаварлин хийдийн лам нар ном хуржээ.

Энэхүү тахилгад Хэнтий аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхан, Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Усны бодлого хариуцсан зөвлөх, Байгаль орчны гавъяат ажилтан, доктор Ц.Балдандорж, Хэрлэн голын сав газрын зөвлөлийн гишүүн, Урлаг судлалын ухааны доктор, зураач, яруу найрагч, Соёлын гавъяат зүтгэлтэн Ж.Саруулбуян, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын ИТХ-ын дарга Г.Энхбат, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Засаг дарга Н.Ганхуяг нар оролцсон байна.

Өнгөрсөн хавар Хэрлэн голын сав газрын зөвлөлийн анхдугаар хуралдаан болж, энэ үеэр Хэрлэн голын тахилгыг гурван аймгийн заагт зохион байгуулж байх санал санаачлага гарган дэмжигджээ. Дараа жилийн тахилга Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд болох аж.

Categories
мэдээ нийгэм

Туул, Улиастайн гол орчмын 45 тонн хогийг цэвэрлэжээ

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсээс Нийслэлийн өдрийг угтан Туул, Улиастайн гол орчмын хог хаягдлын цэвэрлэгээний аяныг сар гаруй хугацаанд амжилттай зохион байгууллаа.

Өнгөрсөн хугацаанд Туул, Улиастайн гол орчмын цэвэрлэгээг нийт таван удаа хийж, 2,420 ажилтан, албан хаагч оролцож 45,000 м.кв талбайн 45 тонн хог хаягдлыг цэвэрлэсэн байна.

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар болон 28 харьяа хэлтэс, Батлан хамгаалахын их сургууль, Гэмтэл Согог судлалын үндэсний төв, Худалдаа хөгжлийн банк, Ардчилсан залуучуудын холбоо, “KOICA” Олон Улсын байгууллага, Зэвсэгт хүчний Жанжин штабын Хужир-булангийн 015, Налайх дүүргийн 014, 337, 350, 353 дугаар цэргийн ангиудын бие бүрэлдэхүүн, хамт олон оролцлоо гэж Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.