Categories
мэдээ нийгэм

Малчид 471 тонн өвс бэлджээ

Энэ жил улсын хэмжээнд нийт 1629 багийн 164.0 мянган малчин өрхөд дотоодын хэрэгцээнд хэрэглэх болон экспортонд гаргах махаа тооцон 66.0 сая толгой мал өвөлжих, үүнээс 9.2 сая мал отроор өвөлжих урьдчилсан тооцоо гарч орон нутагт мал өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангуулан ажиллаж байна.

2017 онд шаардагдах тэжээлийг тэжээлийн нэгжид шилжүүлснээр 700,6 мянган тэжээлийн нэгж бүхий өвс, сүрэл, ногоон тэжээл, үйлдвэрийн тэжээл, гар тэжээл, дарш, давс, хужир шүү хэрэгтэй байна.

Манай улс жилд 1.2-1.4 сая тонн өвс бэлтгэдэг байсан бол энэ жилийн хувьд 850.0 мянга орчим тонныг бэлтгэж 400-аад мянган тонн өвс дутагдах төлөвтэй байна. Дутагдаж буй өвсийг тэжээлд шилжсэн үр тариа, хаягдал буудай, ногоон тэжээл, рапсын шахдас болон гар тэжээлээр нөхөх боломжтой.

Энэ жил тэжээлийн ургамлаас 47.0 мянган тн ногоон тэжээл, улаан буудайнаас 14.7 мянган тн буудай тэжээлд, үтрэмийн цэвэрлэгээнээс 20.7 мянган тн буудай тэжээлд, шилжих төлөвтэй байна. Ингэснээр энэ жил 150.0 мянган тн хүчит тэжээл, 100.0 мянган тн гар тэжээл, 100.0 мянган тн эрдэст тэжээл бэлтгэгдэнэ.

Одоогийн байдлаар малчдын түвшинд 471.0 мянган тн өвс, 525 тн сүрэл, 1622.7 тн ногоон тэжээл, 5413.6 тн үйлдвэрийн тэжээл, 6374.0 тн гар тэжээл, 47.7 тн дарш, 13.2 мянган тн давс, хужир бэлтгэж өвс, тэжээлийн бэлтгэл 31.7 хувьтай байна. Баян-Өлгий, Увс, Ховд аймгууд 50.0-иас дээш хувьтай байна.

Засгийн газрын 186 дугаар тогтоолоор аймаг, сумын аюулгүйн нөөцөд 30.8 мянган тн өвс, 11.7 мянган тн тэжээл бэлтгэх үүрэг өгсөн. Одоогийн байдлаар 6836.4 тн өвс буюу 22.2 хувьтай, 1431.5 тн тэжээл буюу 12.2 хувьтай бэлтгэж байна.

2017 онд тэжээлийн нэгжид шилжүүлснээр 649.6 мянган тэжээлийн нэгж бүхий өвс, үр тариа, хаягдал буудай, хивэг, ногоон тэжээл, рапсын шахдас, гар тэжээл, эрдэст тэжээл үйлдвэрлэх боломжтой байна.

2017 онд бэлтгэх өвс, тэжээлийн балансаас үзэхэд 2017-2018 оны малын өвөлжилт, хаваржилтад 51.0 мянган тэжээлийн нэгж тэжээл буюу 50.0 гаруй мянган тн хүчит тэжээл эсвэл 110.0 мянган тн өвс дутагдалтай байна.

Categories
мэдээ нийгэм

ОХУ-д хүний мах идсэн дуулиан дэгдэв

hereg

ОХУ-ын Мөрдөн байцаах хорооноос цочирдом нэгэн мэдээлэл хийжээ. Тус хорооноос мэдээлснээр, Кубанд 1996 оноос хүмүүсийг хулгайлж, амийг нь хороосныхоо дараа мөчилж тасдан, улмаар иддэг байсан байж болзошгүй эхнэр, нөхөр хоёрыг баривчилсан байна. Энэ талаар “Pravda” мэдээлжээ.

Өнөөдрийн байдлаар, тус улсын хууль сахиулах байгууллагын ажилтнууд долоон аллага үйлдэгдсэнийг баталгаажуулаад байгаа аж. “Mash” мэдээллийн сувагт бичсэнээр, тус гэр бүлийг санамсаргүй байдлаар олж илрүүлэн баривчилсан байна. ОХУ-ын хууль сахиулах байгууллагын ажилтнууд Краснодарын гудамжнаас олдсон гар утсыг шалгаж үзээд, хачирхалтай зургууд хадгалсан байхыг олжээ. Тус утсанд мөчилж тасалсан эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн цогцосны зургууд байсан аж.

Цагдаагийнхан утасны эзнийг яаралтай эрэн сурвалжилсны эцэст олж тогтоожээ. Саатуулагдсан гэр бүлийнхнийг 1996 оноос хойш 30 хүн хөнөөж, улмаар махыг нь идсэн байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн байна.

“CNN” агентлагийн мэдээлснээр, дээрх зураг дээр мөчилж, тасалсан эмэгтэй хүний цогцосны хажууд гар утасны эзэн зогсож байсан аж. Тэрээр “Өөрийгөө хүний амь хороогоогүй, цогцос олоод дэргэд нь зогсож зургаа авахуулсан, удалгүй гар утсаа гээсэн” гэж мэдүүлсэн байна. ОХУ-ын хууль, хяналтын байгууллагынхан мөн шилэн саванд хадгалсан хүний гар олсон гэж мэдээлжээ.

Categories
мэдээ нийгэм

БХЯ будилаан ихтэй нь илэрлээ

Батлан хамгаалах яаманд албан тушаалын томилгоо нь будилаантай, тендер сонгон шалгаруулалт нь ашиг сонирхлын зөрчилтэй, худалдан авах ажиллагаа нь хуулиас давсныг Авлигатай тэмцэх газар /АТГ/-ынхан илрүүлжээ. Гэхдээ АТГ-аас яг хэн гэдэг дарга яаж хууль бус томилгоо хийсэн, тендер сонгон шалгаруулалт нь хэрхэн будилаантсан, худалдан авах ажиллагааг дарга нар нь хэрхэн өөртөө ашигтайгаар явуулсан зэргийг одоогоор нийтэд зарлахгүй гэж тайлбарлав. Учир нь, Батлан хамгаалах яаманд илэрсэн зөрчил, дутагдлаа арилгаж, төрийн ажлыг хууль ёсны дагуу хийх боломжийг олгожээ. 14 хоногийн дараа Батлан хамгаалахын яам дээрх зөрчлөө арилгахгүй бол нийтэд мэдээлэх боломжтойг албаны эх сурвалж хэлэв.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор АТГ-аас тусгай ажлын хэсэг томилж, яам агентлагуудад авлига, хууль бус томилгоо хэр байгааг тогтоохоор гэнэтийн шалгалт хийж эхэлжээ. Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабт анхны шалгалтыг хийж, ажилласан дүнгээ өчигдөр /2017.09.25/ хэлэлцсэн юм. Хэлэлцүүлэгт Төрийн албаны зөвлөл, Үндэсний Аудитын газрын болон Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдах албан тушаалтнууд, мэргэжилтнүүд оролцсон. Энэ үеэр АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Батлан хамгаалах яаманд ажиллах явцдаа албан тушаалтнуудаас гаргасан хууль бус шийдвэр, албан тушаалын томилгоо, тендер сонгон шалгаруулалт, худалдан авах ажиллагаатай холбоотой нэлээд зөрчил, дутагдал илрүүлснээ танилцуулав.

БХЯ-НЫ ДАРГА НАР ХУВИЙН АШИГ ХАРЖ, ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААГ ЯВУУЛДАГ БАЙЖЭЭ

АТГ-ын ажлын хэсэг Батлан хамгаалах яамны 2015 оноос хойших үйл ажиллагаа, гаргасан шийдвэр, тусгагдсан төсвийн хөрөнгийн зарцуулалт, хэрэгжилтийг нэг бүрчлэн шалгасан байна.

Улмаар Батлан хамгаалах яамны дарга, албан тушаалтнууд тендер сонгон шалгаруулахдаа хууль зөрчин шууд гэрээ байгуулдаг, нэр бүхий цөөн тооны компаниуд байнга сонгон шалгаруулалтад оролцож шалгардаг, худалдан авах ажиллагааг хэн нэгэн албан тушаалтны хувийн үзэмжээр шийдвэрлэдэг, бусдад давуу байдал олгодог, хуулийн заалтыг буруу хэрэглэдэг, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг АТГ-аар хянуулахгүйгээр томилдог байсныг нь тогтоожээ.

Илэрсэн зарим хууль бус ажиллагааг нь лавшруулан шалгах шаардлагатайг АТГ-ын дарга Х.Энхжаргал онцолсон. Ингээд шалгалтыг гүнзгийрүүлэн хийх хоёр ажлын хэсэг гаргахаар болсон юм.

“Но”-той нь тогтоогдсоныг АТГ-ынхан танилцуулахад, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батбилэг “Санаатай гэхээсээ илүү санамсаргүй, хуулийн мэдлэггүйгээс болж алдах явдал байна. Тиймээс Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэстэй хамтарч ажиллая” гэсэн юм.

Categories
мэдээ улс-төр

БНСУ-ын иргэн Шин Ён Сүг “Найрамдал” медалиар шагнав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж БНСУ-ын иргэн Шин Ён Сүг “Найрамдал” медалиар шагналаа. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр гардуулан өгөв.

БНСУ-ын иргэн Шин Ён Сүг “Найрамдал” медалиар шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт “Монгол Улсын эрүүл мэндийн салбарт оруулсан хөдөлмөр, зүтгэлийг нь өндрөөр үнэлж БНСУ-ын иргэн, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн төвийн захирал Шин Ён Сүг Монгол Улсын төрийн дээд шагнал “Найрамдал” медалиар шагнасугай” гэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгч Доналд Трампын хүргэн Жеред Кушнерийн хувийн е-мэйлд шалгалт хийж байна

АНУ-ын конгресс дахь Ардчилсан намын гишүүд Ерөнхийлөгч Доналд Трампын хүргэн Жеред Кушнерийн хувийн е-мэйлд шалгалт хийж эхэллээ. Энэ талаар конгресс дахь Адчилсан намын гишүүн Елиа Куммингс, Ерөнхийлөгчийн хүргэн хүү буюу ахлах зөвлөх Жеред Кушнерт хандан, өөрийн хувийн мэйлүүдийг бүгдийг нь хадгалж байхыг шаардсан захидал илгээхдээ “Олон нийт нийтийн албан бичигтэй танилцах эрхтэй” гэж бичсэн байна.

Ингэхдээ тэрбээр Хиллари Клинтоны мэйлд Бүгд найрамдах намынхан шалгалт хийж байсныг дурдаж, Хиллари Клинтонд бичиж байсан захидлын хэсгээс сануулжээ.

Өнгөрөгч ням гарагт Доналд Трампын хүргэн, Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Жеред Кушнерийн өмгөөлөгч нь энэ оны нэгдүгээр сараас хойш наймдугаар сарын хооронд Жеред Кушнер болон түүний эхнэр Иванка Трампын үүсгэсэн хувийн мэйлээр 100 орчим албан мэйл буюу цахим шуудан явсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм.

“Гэхдээ эдгээр нь ихэвчлэн нэгээс нөгөөд дамжуулсан мэдээ мэдээллүүд, улс төрийн тайлбарууд байснаас гадна тэр хүнд илгээсэн мэйлээр харилцаа үүсгэсэн тохиолдолд тухай хүнийг буруутгадаг” гэж Жеред Кушнерийн өмгөөлөгч Аббе Ловелл хэлж байсан юм.

АНУ-ын төрийн өндөр албан тушаалтан “Цагаан ордон”-той холбоотой ажлаа хувийн мэйлээрээ явуулахыг хориглодог төдийгүй АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Доналд Трамп сонгуулийн сурталчилгааныхаа үеэр өрсөлдөгчөө яг ийм асуудлаар эрс шүүмжлэн буруутгаж байсан юм. Тодруулбал, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгч Хиллари Клинтоныг Төрийн нарийн бичгийн дарга байхдаа албан ажилд хувийн е-мэйлээ ашигласныг нь буруутгаж, түүнд ял оноох болно гэж мэдэгдэж байсан юм.

Холбооны дүрэмд Ерөнхийлөгч болон Засгийн газрын бусад үйл ажиллагаатай холбоотой баримт сэлтийг хэрхэн хадгалахыг тусгайлан заасан байдаг юм. Энэ дүрмээр АНУ-ын өндөр албан тушаалтнууд, сэтгүүлчид болон хуульчид, нийтэд хамааралтай мэдээлэл авахыг хүссэн хүмүүстэй хувийн мэйлээр харьцахыг зөвшөөрдөг байна.

Categories
мэдээ нийгэм

Жинань хотын Ардын их хурлын байнгын хорооны дарга тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа БНХАУ-ын Жинань хотын Ардын их хурлын байнгын хорооны дарга Ин Иү Чианыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтад НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн, нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, Жинань хотоос Ардын их хурлын Байнгын хорооны нарийн бичгийн дарга Чин Жүн Вэн, Худалдаа, аж үйлдвэрийн хэлтсийн дарга Сүн И Хуэ, Гадаад харилцааны хэлтсийн орлогч дарга Жан Ши Пин, Худалдаа, аж үйлдвэрийн хэлтсийн гадаад эдийн засаг, хамтын ажиллагааг хариуцсан газрын дарга Хү Ан Жиан болон бусад албаныхан байлцав. Тэд Улаанбаатар, Жинань хотын хоорондох харилцааг хөгжүүлэх суурийг тавих, хоёр хотын бизнес эрхлэгчдийн хоорондох харилцааг гүнзгийрүүлэх, Аялал жуулчлал болон соёл урлагийн хамтын ажиллагааг ахиулах, Жинань хотын Монгол Улсад хийх хөрөнгө оруулах боломжийн талаар санал солилцсон юм. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа “Та бүхэнтэй уулзаж байгаадаа баяртай байна. Хоёр хотын хамтын ажиллагаа аль ч салбарт хөгжих бүрэн боломжтой. Тиймээс өнөөдрийн уулзалтад нийслэлийн нэлээн томоохон салбарын дарга нартай оролцож байна. Бид бүхэн үр дүнтэй хамтын ажиллагааг үргэлжлүүлхийн тулд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах нь зүйтэй гэж бодож байгаа. Манай хотын хувьд та бүхнээс туршлага судалж хамтран ажиллахдаа таатай байх болно” хэмээн онцоллоо.

Жинань нь БНХАУ-ын баруун хэсэгт байрлах Шаньдүн мужийн төв хот юм. Хятадын гурван том эртний соёлын нэг болох Лүншань соёл нь Жинаниас үүсэлтэй аж. Энэ нь дэлхийн орнуудад “дөрвөн мянган жилийн өмнөх дэлхийн бөмбөрцөг дээрх соёл иргэншлийн хамгийн шилдэг бүтээл”-ийн төлөөлөгч гэгджээ.

Түүнчлэн Жинхү, Жаожи төмөр зам Жинаньд нийлэх бөгөөд өндөр хурдтай Жинхү төмөр зам мөн удалгүй нээгдэх гэж байна. Жинаниас галт тэргээр хоёр цаг явбал Бээжин, Шанхай зэрэг том хотод хүрнэ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 30-наас ирэх сарын 1-ний өдрүүдэд

ЗурагАмерикийн “Интербрэнд” компани дэлхийн хамгийн шилдэг 100 брэндийн 2017 оны жагсаалтыг даваа гарагт танилцуулжээ.

Японы “Никкей” сэтгүүлд мэдээлснээр, энэ оны дэлхийн хамгийн шилдэг 100 брэндийн тоонд Азиас өмнөх оны адил 11 брэнд багтсаны нэгдүгээрт нь “Самсунг” орсон байна. Өөрөөр хэлбэл, тус компани анх удаагаа Азийн хамгийн шилдэг компани боллоо.

“Самсунг” корпораци өнгөрсөн онд 100 брэндийн жагсаалтын долдугаарт жагсаж байсан бол энэ онд нэг байр ахин жагсаалтын зургадугаарт оржээ. Эндээс үзвэл, “Самсунг”-ийн өв залгамжлагч бөгөөд дэд тэргүүн И Ён Жэ авлигын хэргээр ял сонссон, худалдаанд гаргаад хоёрхон сар болж байсан “Галакси Нөүт 7” ухаалаг гар утас нь шатаж дэлбэрсэн тохиолдол цөөнгүй гарснаар уг бүтээгдэхүүнээ өнгөрсөн оны 10 дугаар сард зах зээлээс татахаас өөр аргагүйд хүрсэн зэрэг нь тус компанийн нэр хүндэд төдийлөн сөргөөр нөлөөлөөгүй бололтой.

“Өмнөд Солонгосын хамгийн том конгломерат болох “Самсунг” нь сүүлийн 10 жилийн хугацаанд олон улсын зах зээлд нөлөөгөө бэхжүүлэх бодлого баримталсаар ирсэн. Энэ бодлогоо одоо ч өөрчлөөгүй хэвээр байна. Энэ нь тус компанийг янз бүрийн дуулиан шуугианыг хялбархан даван туулахад тус болж байна” гэж дэлхийн хамгийн шилдэг 100 брэндийн жагсаалтыг гаргасан “Интербрэнд” компанийн Япон дахь салбарын захирал Масахито Намики ярьжээ.

Харин өнгөрсөн онд дэлхийн хамгийн шилдэг 100 брэндийн жагсаалтын тавдугаарт жагссан Азийн анхны компани болж байсан Японы “Тоёота” энэ онд тивийнхээ компаниудаас долдугаарт бичигджээ. Хоёр байраар ухарсан нь Японы автомашин үйлдвэрлэгч тус компанийн АНУ-ын зах зээл дэх борлуулалт буурсантай холбоотой гэнэ.

Азиас дэлхийн хамгийн шилдэг 100 брэндийн тоонд багтсан 11 компанийн зургаа нь Японых байна.

Дэлхийн хамгийн шилдэг брэндүүдийн жагсаалт

  1. “Эппл” компани /АНУ/
  2. “Гүүгл” компани /АНУ/
  3. “Майкрософт /АНУ/
  4. “Кока-Кола” /АНУ/
  5. “Амазон” /АНУ/
  6. “Самсунг” /Өмнөд Солонгос/
  7. “Тоёота” /Япон/
  8. “Фэйсбүүк” /АНУ/
  9. “Мерседес-Бенз” /Герман/
  10. “Ай-Би-Эм” /АНУ/

20. “Хонда” /Япон/
35. “Хьюндай” /Өмнөд Солонгос/
39. “Ниссан” /Япон/
52. “Кэнон” /Япон/
61. “Сони” /Япон/
69. “Киа Моторс” /Өмнөд Солонгос/
70. “Хуавэй” /Хятад/
75. “Панасоник” /Япон/
100. “Ленова” /Хятад/

Categories
мэдээ улс-төр

МАН-ын албан мэдээлэл тодорхойгүй хугацаагаар хойшлов

МАН-ын Бага хурал өчигдөр үүрийн 04 цаг хүртэл хуралдаж, Монгол Улсын Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлэхээр болсон билээ. Энэ тухай хэвлэлийн хурал зарлаж, 11 цагт олон нийтэд албан ёсны мэдээлэл хүргэх товтой байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшилсоор байна. Зарим эх сурвалжийн мэдээгээр ялсан У.Хүрэлсүхийг дэмжигчид баяраа тэмдэглэж, түүнээс 87 санал дутуу авсан Ө. Энхтүвшинг дэмжигчид бухимдлаа тайлж байгаа бололтой. Ийм учраас МАН-аас албан мэдээлэл хийх ажил өнгөрөв бололтой.

Categories
мэдээ нийгэм

Бүргэдийн баяр энэ сарын 30-наас ирэх сарын 1-ний өдрүүдэд болно

Бүргэдийн баяр болно

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Бүргэдийн баяр” энэ сарын 30-наас ирэх сарын 1-ний өдрүүдэд Баян-өлгий аймгийн Бугат суманд болох гэж байна.

18 дахь удаагийн уг үйл ажиллагаанд тус аймгийн 10 сумын 100 орчим бүргэдчин оролцох аж. “Бүргэдийн баяр-2017” арга хэмжээний үеэр морины тоноглолтой бүргэдчин шалгаруулах уралдаан, бүргэдийг алсаас дуудах, амьтны чихмэлд буулгах, амьд ан бариулах, көкпар буюу тулам булаалдах зэрэг төрөл бүрийн тэмцээнийг зохион байгуулах юм байна.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дэд дарга Я.Санжмятав ӨМӨЗО-ны удирдлагатай уулзав

Image result for УИХ-ын дэд дарга Я.Санжмятав

“Монгол-Хятадын хоёр дахь удаагийн Экспо”-д Монгол Улсын төлөөлөгчдийг тэргүүлэн оролцож буй УИХ-ын дэд дарга Я.Санжмятав БНХАУ-ын ӨМӨЗО-ны Намын хорооны Нарийн бичгийн дарга Ли Жихөн, ӨМӨЗО-ны тэргүүлэгч Бу Шяолинь нартай 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр уулзав.

УИХ-ын дэд дарга Я.Санжмятав“Монгол, Хятадын экспо”арга хэмжээг хоёр дахь удаагаа Хөх хотод өндөр түвшинд зохион байгуулж, хамтран ажиллаж буйд хятадын талд талархал илэрхийлж, энэхүү арга хэмжээ нь хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, иргэд хоорондын солилцоог идэвхжүүлэхэд түлхэц өгч буйг тэмдэглэв.

Тэрээр Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны хүрээнд хоёр улсын парламент хоорондын харилцаа идэвхтэй өрнөж буй бөгөөд БХАТИХ-тай байгуулсан байнгын уулзалтын механизмын ээлжит уулзалтыг ойрын хугацаанд хийхээр төлөвлөж буйг дурдав.

УИХ-ын дэд дарга Я.Санжмятав ӨМӨЗО нь Монгол, Хятадын худалдаа, эдийн засаг, соёл хүмүүнлэгийн хамтын ажиллагаанд онцгой үүрэг гүйцэтгэж ирснийг тэмдэглээд 2020 он гэхэд хоёр орны худалдааны хэмжээг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтод хүрэхийн тулд худалдаанд тулгарч буй саад бэрхшээлүүдийг хамтран шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийлэв. Хоёр улсын худалдааны гол нэр төрлийн бүтээгдэхүүний нэг болох нүүрсний худалдаанд холбогдох зохицуулалт хийх, тухайлбал Гашуун сухайт-Ганц мод боомтоор нэвтрүүлэх нүүрс ачсан машины тоо сүүлийн саруудад буурч буй асуудлыг шийдвэрлэх үүднээс хоёр талаас Тусгай ажлын хэсэг байгуулж ажиллахыг санал болгов. Түүнчлэн манай улсын төвийн бүсээс мах, махан бүтээгдэхүүн Хятад руу экспортлох нөхцлийг бүрдүүлэх чиглэлд анхаарч ажиллахыг санал болгов.

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Намын хорооны Нарийн бичгийн дарга Ли Жихөн ӨМӨЗО нь цаашид ч Монгол, Хятадын харилцааг хөгжүүлэхэд идэвхтэй хувь нэмрээ оруулахын төлөө ажиллахыг тэмдэглээд “Монгол, Хятадын экспо” арга хэмжээний хэлбэр, агуулгыг баяжуулан үргэлжлүүлэн зохион байгуулах, дэд бүтцийн хамтын ажиллагаа, боомтын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, хүмүүнлэгийн солилцоог өргөжүүлэх, хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг хоёр талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чиглэсэн санал дэвшүүлэв.