Categories
мэдээ нийгэм

Дэлхийн аялал жуулчлалын өдрийг угтсан арга хэмжээ

ДЭЛХИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ӨДРИЙГ УГТСАН АРГА ХЭМЖЭЭ

9 дүгээр сарын 27 буюу Дэлхийн аялал жуулчлалын өдрийг тохиолдуулан Монголын аялал жуулчлалын салбарынхан нэгдэж дараах үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Үүнд:
– “Нүүдлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх нь” эрдэм шинжилгээний бага хурал /Цэнгэг ус, байгаль хамгаалах төвийн хурлын танхимд/

– “Аял. Таашаа. Хүндэл” сэдэвт хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй аялан жуулчлахыг сурталчлах өдөрлөг /Сүхбаатарын талбайд/
– “Бүх нийтийн аялал жуулчлалын боловсрол” сэдэвт их дээд сургуулийн аялал жуулчлалын оюутнуудын дунд зохион байгуулагддаг Гранд тур улсын олимпад
– Аялал жуулчлалд ээлтэй сэтгүүлчдийн “…” клуб байгуулагдах
– Аялал жуулчлалын компани, уул, аяллын клубүүдийн “Эко аялал” танилцуулга арга хэмжээ

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайдад нэр дэвшигчийн талаар зөвшилцөх хүсэлтийн хариуг өгөв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигчийн талаар зөвшилцөх хүсэлтийн хариуг УИХ-ын дарга М.Энхболдод сая өгөв.

Ерөнхий сайдаар томилох санал оруулах тухай уг бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд гардуулан өгсөн юм.

Уг хариу албан бичигт “Монгол Улсын Их Хуралд

Ерөнхий сайдаар томилох санал оруулах тухай

Монгол Улсын Их Хурлын 2016 оны сонгуулийн дүнгээр байгуулагдсан Засгийн газрыг огцруулсан тул Монгол Ардын Нам нь Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан бүрэн эрхийнхээ дагуу Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг Монгол Улсын Их Хуралд оруулж байна.

Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох асуудлыг яаралтай хэлэлцэн шийдвэрлэхийг Улсын Их Хурлаас хүсье.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

‘’Архи, тамхигүй Монголын төлөө’’ залуучууд нэгдлээ

‘’Архи, тамхигүй Монголын төлөө’’ залуучууд нэгдлээБаянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс дүүргийн Соёлын ордонтой хамтран ‘’Архи, Тамхигүй Монголын төлөө хамтдаа’’ сургалт өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа. Уг өдөрлөгөөр архи, тамхины хор уршиг, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар 300 гаруй залууст мэдээлэл өгсөн юм.

Мөн өсвөр насны охид, эмэгтэйчүүд мансууруулах бодис болон согтууруулах ундааг хэрэглэж эрүүл мэнд, амьдралаараа яаж хохирч байгааг, сонирхолдоо хөтлөгдөж архи, тамхийг хэрэглэж эхэлсэнээр нийгэмд тарьж буй сөрөг нөлөөллийн талаархи мэдлэгийг өдөрт оролцсон залууст өгчээ.

Түүнчлэн ХСИС-ийн 50 оюутнаас архи тамхины хор уршиг, түүнээс ангижрахад иргэн таны хувь оролцоо гэсэн социологийн судалгааг авч дүгнэсэн байна. Судалгаанд оролцсон нийт оюутнуудын 50 хувь нь архины үйлдвэрлэлийг багасгах, татварыг ихэсгэх, мөн долоо хоногт нэг өдөр архи зарахгүй байх зэрэг саналыг дэвшүүлж байсан юм хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

НҮБ-ын хүний эрхийн шинжээч Жон Х.Нокс: Улаанбаатарын агаарын бохирдол хүний эрх зөрчигдөхөд хүргэж байна

Монголд ажилласан НҮБ-ын Хүний эрхийн шинжээч Жон X.Нокс мэдээлэл хийж, дүгнэлтээ танилцууллаа. Тэрбээр ярихдаа “Дэлхийн дулаарлаас шалтгаалж Монгол орны уур амьсгал бусад орнуудынхаас ч илүү эрс хурдацтай өөрчлөгдөж байна” гэж дүгнэлээ. Хүнд хэцүү цаг уур болон уул уурхай, газар тариалангийн үйл ажиллагаанаас үүдсэн бэлчээрийн хомсдлоос болж дэлхийд алдартай нүүдлийн мал аж ахуйн уламжлалт соёлд аюул нүүрлэж байна гэв.

Монголчууд байгаль орчноо хамгаалах талаар онцгой зүтгэл гаргаж байгааг тэрээр сайшааж, байгаль орчны талаар баримтлах стандарт, хамгаалалтын баталгааг тогтоосон байгаль орчны багц хууль тогтоомжтой болох ёстойг тэмдэглэлээ.

Тэрээр цааш нь агаарын бохирдлыг арилгах, нөөцийг сайжруулах, байгаль орчинд хор хөнөөл учруулж болзошгүй шинээр төлөвлөж буй алтны томоохон төслөө нухацтай авч үзэж, үнэлэн цэгнэх шаардлагатайг зөвлөлөө. Батлагдсан хууль тогтоомжоо чанд хэрэгжүүлэх, байгаль орчны талаарх мэдээлэл, гомдол хянан шийдвэрлэх асуудал хариуцсан Байгаль орчны төлөөлөгчийг томилж ажиллуулах шаардлагатай гэв.

Нийслэл хотын агаарын бохирдол нь Монголд хүний эрх зөрчигдөхөд хүргэж буй нэгээхэн том шалтгаан болж байна хэмээн шинжээч дурьдлаа.

Уул уурхайн үйл ажиллагаа нь ундны усны эх үүсвэр болох гол мөрнийг бохирдуулж, байгаль орчныг доройтуулах олон шалтгаан бий болгож байна. Эдийн засагт ашигтай ч, байгаль орчинд хор хөнөөлтэй байж болзошгүй уул уурхай нь Монгол Улсын онцгой анхаарал хандуулах салбар” гэдгийг тэрбээр онцлов. “Уул уурхайн үйл ажиллагаанд баримтлах стандартууд нь уул уурхайн аюулгүй ажиллагааг хангасан, хүрээлэн буй орчинд үзүүлэх хор хөнөөлийг хамгийн доод хэмжээнд нь хүргэсэн, уул уурхайн үйл ажиллагаа дууссаны дараа тухайн газрыг анхны байдалд нь оруулж, нөхөн сэргээсэн байхыг баталгаажуулах ёстой. Тэвчишгүй хор хохирлыг бүрэн арилгах буюу нөхөн төлсөн байх учиртай. Энэ бүхнийг зөв хийсэн тохиолдолд уул уурхайн үйл ажиллагаа нь улс орны хувьд төдийгүй хамаарал нөлөөнд нь шууд автаж буй орон нутгийн иргэдэд үр өгөөжөө өгөх болно. Өргөн тархсан хууль бус олборлолтыг зогсоож, байгаль орчны нөлөөллийн үнэлгээг нухацтай хийх хэрэгтэй” хэмээн тэмдэглэв.

“Нөлөөллийн үнэлгээг алаг цоог хийж байгаа мэдээлэл надад ирсэн. Говьд явуулж буй уул уурхайн үйл ажиллагааны үнэлгээнд, жишээлбэл, Монгол орны хойд хэсэгт байдаг ойн санд үзүүлэх нөлөөллийг авч үзсэн байх жишээтэй. Уул уурхайн үйл ажиллагаа эхлэхээр ухагч бульдозерууд ирэх үед л орон нутгийнхан юу болох гэж байгааг мэддэг байна гэв.

Алт-2 нэртэй шинэ төслийг эхлүүлснээр Төв аймгийн Заамар сумын нутагт үлдсэн бэлчээр устаж, байгаль орчинд илүү их хохирол учруулж болзошгүй юм. Орон нутгийн иргэд энэхүү төслийг эсэргүүцэж байсан ч төсөл батлагдсан байна. Энэ нь хүний эрхийн хэм хэмжээтэй зөрчилдөж байна. Хүний эрхийг хамгаалах үүргээ биелүүлэхийн тулд Засгийн газар Алт-2 төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн бүрэн хэмжээний нарийвчилсан үнэлгээг хийх хэрэгтэй гэв.

Тэрбээр мөн “Монголын цоохор ирвэс хамгаалах сантай хамтран ажиллаж байсан байгаль хамгаалагч Т.Лхагвасүмбэрэл агсныг эргэн дурслаа. Т.Лхагвасүмбэрэл агсны шарилыг Хөвсгөл нуураас 2015 оны 11-р сарын 11-нд олсон байдаг. Ихэнх ажиглагчдын гайхшийг төрүүлсэн зүйл түүний үхлийг цагдаагийнхан амиа хорлолт хэмээн тогтоосон явдал юм. Гэтэл өмнөх хоёр жилийн хугацаанд Говь цөлийн Алтайн нурууны уулархаг нутаг дахь Тост уулаа тусгай хамгаалалтад авхуулахын төлөө түүний зүтгээд дор хаяж гурван удаа халдлагад өртсөн байдаг. Энэхүү үйл явц нь дэлхийн өнцөг булан бүрт тохиолдцог байгаль орчны хамгаалагчдын аюул занал, хүчирхийллийн улмаас гардаг цаг бусын үхлийн шалтгаантай тун төстэй. Энэ залуугийн үхлийн талаарх албан ёсны тайлбарт олон хүн сэтгэл дундуур байгаа нь ойлгомжтой. Засгийн газар энэ хэргийн мөрдөн байцаалтыг дахин хийж, хамгаалалтын албаны бусад гишүүд нь болзошгүй эрсдлээс хамгаалагдсан байх ёстой” гэдгийг онцоллоо.

Categories
мэдээ нийгэм

Багш нар хугацаагүй ажил хаялт зарлана гэв

“Багшийн цалин нэмэх түр хороо”-ноос Засгийн газарт цалинг 1.6 сая төгрөг хүртэл нэмүүлэх шаардлага тавиад байгаа юм. Үүний хариуд Засгийн газраас үе шаттай 30 хувь нэмэхээр ажиллаж байна гэсэн хариу ирүүлсэн боловч багш нар уг саналыг хүлээж аваагүй юм.

Өмнөх ажил хаялтад улсын хэмжээнд ЕБС 56 хувь, сургуулийн өмнөх боловсрол 23 хувьтай оролцсон бол өчигдрийн ажил хаялтад улсын хэмжээнд ЕБС 90 хувь, сургуулийн өмнөх боловсрол 23 хувьтай оролцжээ.

“Багшийн цалин нэмэх түр хороо”-ноос Засгийн газраас ямар нэгэн дорвитой шийдвэр өгөхгүй тул нэлээд өргөн хэмжээний жагсаал цуглаан хийхээр бэлтгэж байгаа мэдэгдлээ. Тэд ирэх сарын тавны өдөр Сүхбаатар талбайд хот хөдөөгийн 3000 гаруй багш нарыг хамарсан жагсаал хийх гэж байгаа аж. Үүгээр зогсохгүй ирэх сарын 10-ныг хүртэл Засгийн газар багш нарын шаардлагыг хүлээн авахгүй бол хугацаагүй ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдлээ.

Categories
мэдээ нийгэм

“Алтан цамхаг”-ийн эзэд өнөөдөр тодорно

Монголын Үндэсний телевизийн ахмадууд, гадаадын төлөөлөгч, урлаг соёлын алдартан, эрхэм зочид, МҮОНТ-ийн уран бүтээлчид, UBS, NTV, SBN, MNC, EAGLE, BLOOMBERG, MN25, Боловсрол, TV5, TV9 зэрэг телевизийн төлөөлөл оролцох “Алтан цамхаг” ёслолын ажиллагааны “Улаан хивсний ёслол” өнөөдөр Корпорейт зочид буудлын “Конвейшн центр Event Hall” их танхимд болно.

Арга хэмжээний хүрээнд телевизийн салбарын 50 жилийн түүхэнд мөнхөрсөн шилдгүүд “Алтан цамхаг” гардана. Ёслолын ажиллагаа УГЗ, хөгжмийн зохиолч Т.Сэр-Одын хөгжим “Алтан цамхаг” шинэ бүтээлээр эхэлнэ. МҮОНТ-ийн 50 жилийн ойд зориулан зохиосон энэхүү шинэ бүтээл анх удаа эгшиглэх юм. Ёслолын арга хэмжээний үеэр УГЗ, найруулагч Д.Хишигтийн 1978 онд найруулсан “Учиртай гурван толгой” анхны теле дуурийн хэсгийг үзүүлнэ. “Алтан цамхаг”-ийн эздийг телевизийн салбарын 50 жилийн түүхэн дэх онцгой үйл явдлыг 5 номинацаар шалгаруулан өргөмжилнө.

Ёслолын арга хэмжээг өнөөдөр 17 цаг 30 минутаас МҮОНРТ-ийн Үндэсний телевиз, “Монголын мэдээ” телевиз шууд дамжуулан үзэгч олонд хүргэнэ.


Categories
мэдээ нийгэм

Багш нар “сургагч багшаар” бэлтгэгдэж байна

Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран сургуулийн өмнөх наснаас эхлэн бүх насны суралцагчдад зориулсан сургалтын хөтөлбөр, сэдэвчилсэн төлөвлөгөөг боловсруулсан юм.

Улмаар сургалтын хөтөлбөр, сэдэвчилсэн төлөвлөгөөний дагуу их, дээд сургууль, коллежийн оюутнуудад зориулсан сургалтын хөтөлбөрт гамшгаас хамгаалах мэдлэг, чадвар олгох хичээлийн хөтөлбөрийг тусгах саналыг БСШУСЯаманд хүргүүлсэн.

БСШУС-ын сайдын А/103 дугаар тушаалаар 2017-2018 оны хичээлийн жилээс эхлэн оюутнуудад гамшгаас хамгаалах мэдлэг, чадвар олгох “Гамшгаас хамгаалах менежментийн үндэс” хичээлийг их, дээд сургуулиудын заавал судлах суурь хичээлийн хөтөлбөрт оруулсан юм. Энэхүү хичээлийг ийнхүү их, дээд сургуулиудын заавал судлах хичээлийн хөтөлбөр оруулсан нь оюутнуудад гамшгаас хамгаалах, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны үндсэн ойлголт, эрх зүй, удирдлага зохион байгуулалтын талаар мэдлэг олгож, тохиолдож болзошгүй аюул, ослын эрсдэлийг үнэлж, урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах арга хэмжээг удирдан зохион байгуулах чадвар, дадал эзэмшүүлэх, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг дэмжих хандлагыг төлөвшүүлэх ач холбогдолтой юм.

Өөрөөр хэлбэл, их, дээд сургууль төгссөн хүн бүр аливаа гамшиг ослын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, өөрийгөө болон бусдыг хамгаалах, тохиолдож болзошгүй аюул, ослын эрсдэлийг үнэлж, урьдчилан сэргийлэх мэдлэгтэй болно.

Онцгой байдлын ерөнхий газраас Нийгмийн хамгаалах хөдөлмөрийн яамтай хамтран улсын хэмжээний бүх политехник, коллеж, МСҮТ, их дээд сургуулийн багш нарыг хамруулан гамшгаас хамгаалах мэдлэг олгох” сургалтыг өнөөдөр НОБГ-ын харьяа Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвд зохион байгуулж байна. Сургалтад 120 гаруй багш хамрагдаж, гамшгаас хамгаалах чиглэлээр хичээл заах эрх бүхий “Сургагш багш” болох юм Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Европын сэргээн босголт хөгжлийн банкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Европын сэргээн босголт хөгжлийн банкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Фил Беннетт болон бусад албаныхныг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад НЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр, НЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн Төсөл хамтын ажиллагааны тасгийн дарга И.Батхүү, ЕСБХБ-ны Нидерланд, Монгол, Македон, Армени болон Хятад улсыг төлөөлсөн захирал Франс Вийкерс, ЕСБХБ-ны дэд бүтэц хариуцсан ахлах Банкир Светлана Радченко болон бусад албаныхан байлцав. Тэд “Улаанбаатар хотын Хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх” төслийн талаар онцлон ярилцсан юм.

Тус төслийг хэрэгжүүлэх ажлын хэсгийнхэн Улаанбаатар хотын хог хаягдлын судалгааг хийж, төсөл хөтөлбөрөө боловсруулж дуусчээ. “Улаанбаатар хотын Хатуу хог хаягдлыг боловсруулах, байгууламжийг шинэчлэх” төслийн хүрээнд Улаанбаатар хот болон хотын эргэн тойрны оршин суугчдад байгаль орчин, эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны ихээхэн үр ашиг авчрах, Европын холбооны стандарт шаардлагыг хангах, хатуу хог хаягдлын цэг мөн барилга болон барилга нураалтын хог хаягдлыг дахин боловсруулах барилга байгууламж байгуулахаар төлөвлөж байгаа юм байна. Одоогоор уг төслийн зээлийн гэрээ болон, буцалтгүй тусламжийн гэрээг Улаанбаатар хоттой шууд байгуулахаар ажиллаж буйг ЕСБХБ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Фил Беннетт хэлж байв. Уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Улаанбаатар хотын Хатуу хог хаягдлыг боловсруулах, байгууламжийг шинэчлэх” төслийг ЕСБХБ-тай хамтарч хэрэгжүүлэх болсонд баяртай байгаа. Уг төсөл амжилттай хэрэгжиж нийслэлийн иргэд удахгүй төслийн үр дүнг хүртэн гэдэгт итгэлтэй байна. Хамтын ажиллагаа санхүүжилтын гэрээнд гарын үсэг зурах хамгийн сүүлийн шатанд явж байгаа. Бидний энэ үйл ажиллагаа ЕСБХБ-аас орон нутаг зээл авч буй анхны тохиолдол юм. Энэхүү төсөл хэрэгжсэний дараагаар нийслэлд агаарын бохирдлыг бууруулах болон нийтийн тээврийн салбарт шинэ дэвшилтэт, эко төсөл хэрэгжинэ. Одоогийн байдлаар тус ажлыг хэрэгжүүлэх судалгаанууд хийгдэж байна” гэв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр зөвшилцөх саналыг Ерөнхийлөгч Х.Баттулгад өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Ардын Намын дарга М.Энхболд МАН-ын Бага хурлын гишүүдийн олонхийн санал авсан МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр зөвшилцөх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өргөн барилаа.

Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу УИХ-д олонхи суудал авсан намаас нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч тав хоногийн дотор УИХ-д оруулах бүрэн эрх эдэлдэг билээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Одоо УИХ-ын даргаар Д.Сумьяабазарыг тавимаар байна

Тэгэхээр ийм байна нөхөд өө, сая Ерөнхийлөгчийн сонгууль болж монголчууд сонголтоо хийсэн. Үүнийг нь харахад манай ард түмний дийлэнх нь булчинлаг, бялдаржуулах урлагаар хичээллэдэг, эр хүнлэг байдлаа их илэрхийлдэг эрчүүдийг сонгодог болчихсон юм байна. Үүнийг нь бид ер нь ойлгоогүй явсан байна шүү. Жишээ нь манай шинэ Ерөнхийлөгч маань жүдоч, дэлхийд данстай тамирчин хүн. Өнөөдөр ч спортлог байдлаа хадгалдаг, гүйж харайдаг, хэвтээгээс 300 кг шахдаг гэж сонссон. Ийм булчинлаг хүнийг бид Ерөнхийлөгчөөр сонгож, төрийн тэргүүний сэнтийд залжээ. Тэгвэл өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигчээр У.Хүрэлсүхийг тодруулсан байна. МАН-ын бага хурлын гишүүн 331 хүний эмэгтэй төлөөлөгчид нь бүгдээрээ У.Хүрэлсүх рүү сонин сонин харж байгаад түүнд саналаа өгчихсөн гэж дуулдлаа. Үүнээс үзвэл У.Хүрэлсүхийн ялалтад түүний булчин шөрмөслөг бие, фитнесст хичээллэж, боксын бээлийтэй мишок нүдэж байгаа бичлэг зэрэг нь их нөлөөлжээ. Үүнтэй маргашгүй, учир нь У.Хүрэлсүх чинь мөн л хэвтээ шахалтаас 300 кг-ыг өргөдөг гэж байна. Ийм хоёр бяртай амьтны дэргэд бусад нь яах болж байна вэ. Өнөөдрийн УИХ-ын гишүүд дотор энэ хоёр шиг 300 кг-ыг өргөх нь байтугай 30 кг даах нөхөд цөөхөн. Ингээд юу бодогдож эхлэв гэхээр энэ хоёр булчин шөрмөстэй нөхөртэй эн тэнцэхүйц Их Хурлын дарга сонгох зайлшгүй шаардлагатай болжээ. Их хуралд байгаа эрэмбээрээ бол Баагий аварга зүтгэж болно. Гэвч нөхөр эсрэг ажиллачихсан учраас бүтэхгүй. Ингэхээр Д.Сумьяабазарыг л УИХ-ын даргаар тавья. Бөхийн аварга цолтой мань эр ядаж 200 кг-ыг өргөх байх. Ингэж л баланслахгүй бол жинхэнэ утгаараа Монголд засаглалын тэнцвэр алдагдана гээч болох гээд байна. Ээдээ, засаглалын тэнцвэрт байдал чухал шүү. Төрийн гурван өндөрлөг гурвуулаа л булчинтай байхгүй бол…