Categories
мэдээ цаг-үе

“Мөнгөн буйл”-ын Гочоо заан

Анх удаа сонсоход шууд л сэтгэлд бууж хэдэн ч өдөр амнаас гарахгүй аялагддаг дуу байдаг. Үг, аялгуу нь хэзээний л мэддэг дуу шиг дотно, санаанаас гарахгүй өнжинө. Үүнтэй адил тоглосон дүр болгон нь хүний анхаарлыг татаж, инээдэм бэлэглэдэг, бүтээсэн дүрүүд нь одоо ч мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авч, үзэгчдийн сэтгэлийг баясгадаг нэгэн жүжигчин бий. Тэр авьяаслаг жүжигчин бол “Мөнгөн буйл”-ын Гочоогийн дүрээр олонд танигдсан, Соёлын тэргүүний ажилтан Жанцангийн Дорлигжав агсан юм. “Мөнгөн буйл” кинонд Гочоо заан,

“Эрийн тэнгэр тэтгэвэл дээ

Гоогоо минь дээ хө

Эрсэн бүхнээ олно доо

Гочоо минь ээ хө

Сайны ерөөл байвал даа

Гоогоо минь дээ хө

Санасан бүхнээ бүтээнэ дээ

Гочоо минь ээ хө…” хэмээн хөгжилтэй дуулан жолоо барьдагсан. Барилдвал барилдчихдаг, наймаа байвал хийчихдэг, хэлэмгий гэж жигтэйхэн, хэлэх гэснээ толгой сүүл холбон хэлэхдээ эргэн тойрныхноо хөгжөөж, тэрэндээ таарсан нүүрний хувирал гаргачихдаг нэг тийм сүйхээтэй харчуул хөдөөгүүр байдаг даа. Гочоо заан бол Монголын хөдөөд байдаг тийм ховор эрсийн сонгодог дүр.

Гочоо заан хотод ирээд хотын улстай наймаа хийж ярьж хөөрч байгаа нь үнэхээр биширмээр. “Хотод юм элбэгшээд хөдөөний биднийг харахаа больжээ” гэхийн оронд “Хотод юм элбэгшээд хөдөөгийн бидний гарыг харахаа больж. Өөх ихтэй гахайн мах, үржил ихтэй тахианы мах гээд л дутуу юм алга шив дээ” хэмээн хээвнэг өгүүлэх.

Дээр үед цээжиндээ эрдэмтэй хүмүүс гэж бэлэн цэцэлдэг, уран цэцэн үгтэй хүмүүсээ монголчууд ихэд хүндэлдэг байсан сан. Тэр хүмүүсийн улбааг Ж.Дорлигжав асан Монгол кинонд мөнхөлж чадсан.

Тэрээр Баянхонгор аймагт 1943 онд төрсөн бөгөөд мэргэжлийн ямар нэг сургууль соёлд сураагүй ч төрмөл авьяасынхаа ачаар аймгийнхаа Соёлын ордонд жүжигчнээр ажилд орсноор их бүтээлийнхээ замыг нээсэн байдаг. Ж.Дорлигжав агсны бүтээсэн дүрүүдэд задаргаа хийж, судлаад мэргэжлийн сургуулиар ч сураад олж авч чадахгүй, донж маяг, хийц нуугдан байдгийг тогтоосон байдаг юм. Учир нь түүний бүтээсэн тайз, дэлгэцийн дөч гаруй дүрүүдийн дийлэнх нь монгол ахуйтай уялддаг. Жинхэнэ монгол эр, монгол хүний яс чанар, хэв маяг, донжийг яг байгаагаар нь, амьдлаг гаргасан байдаг бөгөөд үүгээр нь түүнийг “Монгол жүжигчин” хэмээн тодотгодог. Төрх байдал, хөдөлгөөний хэмнэл, нүүрний хувирал, хэлж буй үгс бүхэн нь хөдөөд буй эгэл монгол эрийн шинжийг агуулсан байдаг. Түүний тоглосон “Харуул занги” киног энд онцлох нь зүйтэй. Энэ кинонд Монгол хүний үнэн чанар, ур ухааныг Ж.Дорлигжав асан Цэрэнжав зангийн дүрээр тод томруун харуулсан. Харуул зангийн “Чандруу болон хийсмэрүүд. Монголыг монголоор нь барьж идүүлэх санаа бий вий” хэмээн хэлдэг алдартай үг бий. Харуул занги гэж чухам ямар хүмүүс байсан, монголчууд эх орныхоо тусгаар тогтнол, хил хязгаарын бүрэн бүтэн байдлын төлөө хэрхэн тэмцэж байсан, тэгэхдээ хүмүүст хэлэх гэсэн санаагаа яаж уран нарийнаар ойлгуулж, биеийнхээ хэлэмжээр өөрсдийгөө хэрхэн цэгцтэй илэрхийлдэг байсныг энэ киноноос бэлхнээ харж болно. Ж.Дорлигжав агсны кино бүр хүмүүсийн сэтгэлд хүрсэн бөгөөд бүтээсэн дүрүүд дундаас нь инээдмийн төрлийнх нь дүрүүдэд үзэгчид дуртай.

Ж.Дорлигжав агсан амьдрал дээрээ ч гүндүүгүй монгол эр. Аймгийнхаа Соёлын ордонд тасралтгүй арван жил ажиллаж байгаад 1976 оноос 1994 он хүртэл Улсын драмын театрт жүжигчнээр ажилласан бөгөөд урлагийн чиглэлээр ямар нэгэн сургуульд сураагүй түүнийг мэргэжил нэгтнүүд, найзууд нь “Төрмөл авьяастан, Монгол хөрстэй, монгол үнэртсэн уран бүтээлч байсан” хэмээн бахархан тодотгодог юм. Өнөөгийн монгол кинонуудын дүрүүд дунд түүнтэй эн зэрэгцэх нь бүү хэл бараадах хэмжээний дүрийг шинэ үеийн уран бүтээлчид хараахан гаргаж амжаагүй байна. Кино бүр дээр л бариу өмд өмсөөд, эмэгтэйлэг хоолойгоор налиганан зогсох эрчүүдийг гаргадаг болсон болохоор хайран сайхан Монгол эрс минь яачихав даа гэж сэтгэл эмзэглэхдээ хуучны сайхан кинонуудаа дахин дахин үзэж Гочоо заан, Далайцэрэн, Цахиур Төмөр мэтийн монгол эрсийг “эрдэг” билээ.

Монголын хошин урлагийн хамтлаг, продакшнууд сураггүй байхад хошин урлагт ганцаарчилсан үзүүлбэрээр толгой цохидог байсан нь Ж.Дорлигжав агсан. Дөрөвдүгээр сарын 1-нд болдог “Эв эе” хошин бүтээлийн тоглолтод зүг бүрээс л хошин шогийн чиглэлээр уран бүтээл туурвидаг жүжигчид цуглахад Ж.Дорлигжав агсныг гүйцэх нь үгүй. Тийм ч болохоор түүнийг Монголын хошин шогийн ганцаарчилсан төрлийг үндэслэгч гэдэг.

Түүний тоглосон дэлхийн болоод Монголын тайзны сод бүтээлүүд мөн дэлгэцийн олон арван кино бий. “Маш нууц”-ын Жамьяндоо, “Хоёр эзний ганц зарц”-ын Панталоне, “Отелло”-гийн Людовик, “Найрын ширээний ууц”-ын Дорж, “Алтан түлхүүр”-ийн Карабас Барабас, “Гарваа”-гийн Жамбаа, “Буцах хаяг”-ийн Балдорж, “Ээдрээ”-гийн Богд зэрэг дахин давтаж гаргаж чадахааргүй дүрүүдээс гадна “Ингэх гээд байсан юм”, “Тэнгэрийн муухай арилдаг”, “Тууврын замд” кино нь түүний уран бүтээлд дээгүүр байр суурь эзэлдэг. Угаас өөрөө хөдөөний эр, хөдөөний ахуйд өсч торнисон болохоор аливаа бүтээлд монгол эрийн дүрийг гаргахдаа тултал нь гаргаж, хийцийг нь яв тав шингээдэг уран бүтээлч байжээ, Ж.Дорлигжав агсан. Уран бүтээлч нь одоо бидний дунд байхгүй ч үлдээсэн бүтээлүүд нь Цагаан сар, баяр наадам, тэмдэглэлт өдрүүдээр цэнхэр дэлгэцээр амилж монголчуудад, монгол эрст монголоороо байхыг сануулсаар байдаг нь урлагийн нэг сайхан тал билээ.

Categories
мэдээ цаг-үе

Хармагтайн ордын БОДИТ ҮНЭН

Хармагтай гэж том ордтой болсон тухай мэдээлэл чих дэлсээд удаж байна. Хоёр дахь Оюу толгой ч гэдэг нэрийг хэдийнэ зүүгээд амжиж. Тийм учраас энэ ордыг эхлээд товчхон танилцуулъя. Улаанбаатараас 420 км, Цагаан суваргын ордоос 170 км, Оюу толгойгоос 120 км зайд Өмнөговь аймгийн Манлай сумын нутагт оршдог. Одоогоор алт, зэсийн баялаг орд гэдгээрээ нийтэд тархаад байна. Харин нөөцийг нь Оюу толгойтой жишээд нэг харъя.

ОЮУ ТОЛГОЙ

Оюу толгой ордын олборлолтын нөөц нь гурван тэрбум 380 сая тонн хүдэр, 31.1 сая тонн зэс, 1328 тонн алт, 7601 тонн мөнгө, 81600 тонн молибдени.

ХАРМАГТАЙ

680 мянган тонн зэс, 70 тонн алт, нийт 203 сая тонн хүдрийн нөөцтэй.

Нөөц гэдэг утгыг газар дор ийм хэмжээний цул алт юм уу зэс булаатай байгаа гэж ойлгож болохгүй. Хүдрийг нь баяжуулж байж зэс, алтны агууламжийг тогтоодог. Харамсалтай нь манайхан хүдрийг нь харуулчихаад цул алт мэтээр ухуулан сурталчилж тархи угаасаар иржээ. Хармагтайн хувьд порфирын орд мөн. Гэхдээ цагаан суваргаас жижигхэн. Хамгийн гол нь зэс, алтны агууламж маш ядуу орд. Жишээ нь Хармагтайн дундаж зэсийн агуулга нь 0.34 хувь байхад Оюу толгойнх 1.16 хувь. Оюу толгойгоос 100 дахин, Цагаан суваргаас 20 хувиар бага хүдэртэй, ийм л орд юм байна.

Гэхдээ нөөцөөсөө урьтаад тухайн ордын эдийн засгийн үнэлгээг нь чухалчлах шаардлагатайг уул уурхайн салбарын учир мэдэх хүмүүс хэлдэг. Энэ үнэлгээгээр нь аваад үзвэл Хармагтайн ордын лицензийг эзэмшиж буй “Занаду майнз” компани өнөөдөр 107 сая австрали долларын үнэлгээтэй байна. Энэ нь уул уурхайн салбартаа тийм ч ихэд тооцогдохгүй. Хөрөнгө оруулагчид ч тэдний төслийг эдийн засгийн өндөр өгөөжтэй байна гэдэгт нь эргэлзэж байгаа аж.

“Занаду майнз”-ын эзэмшиж байгаа Хармагтайн лиценз нь 30 жилийн хугацаатай. Тэд үүнийгээ ашиглалтын лиценз болгож, Засгийн газартай Тогтвортой байдлын гэрээ хийхээр хөөцөлдөж байгаа тухай мэдээлэл бий. Үүнийг дагаад хардлага, сэрдлэг ч хөврөөд эхэлжээ. Учир нь Монгол Улсын Засгийн газраас бидний мэдэх, манай нэр бүхий дөрвөн том орд дээр тогтвортой байдлын гэрээ байгуулсан нь цөм хэл ам дагуулсан түүхтэй. Тогтвортой байдлын гэрээгээр ордоо хамгаалж авч үлддэг. Эндээс угаасан мөнгөө оффшорт нуудаг гэх хэрүүл тасардаггүй. Үнэхээр Хармагтайд тогтвортой байдлын гэрээний асуудал яригдвал ийм маргаан өрнөх нь гарцаагүй.

Гэвч хайгуулын тусгай зөвшөөрөл ийм удаан, бүр 30 жилээр үргэлжилдэггүй. Үргэлжиллээ гэхэд зөвшөөрлийн хугацаа нь дууссан бол шууд ашиглалтын лиценз болгодог туршлага бий гэнэ. Тэгвэл Хармагтайн ордыг 2002-2003 онд өнөө Роберт Фридланд өрөмдөж байсан гэдэг юм билээ. Эндээс дүгнэхэд хайгуулын зөвшөөрлийнх нь хугацаа дуусах болоогүй байх магадлал өндөр. Дээрээс нь Хармагтайн ордод ямар нэгэн хөрөнгө оруулалтын гэрээ хийхдээ тулаад юу юугүй ухахад бэлэн болчихсон юм байхгүй. Тэгж яривал “Занаду Майнз”-ийн захирал Эндрю Стьюарт мөнгө хайгаад, хувьцаа босгочих санаатай Колорадод таваргаж яваа сурагтай. Хармагтай ордын тухай чин үнэн ердөө энэ.

Хармагтайтай зэрэгцээд “Хүрэл үнэг” гэдэг орд мөн дуулдаж эхэлсэн. Хятадын хилээс 190 км зайд Дорноговь аймагт оршдог. Оюу толгой, Цагаан суваргын ордтой геологийн тогтцоор нэг байршилд байдаг. Хайгуулын явцад тус ордоос 0.5-1.5 хувийн зэсийн агууламжтай хүдрийн дээж илэрсэн. Мөн алтны нөөц ч илрэх боломжтой. 1200 метрийн гүнд өрөмдлөг хийхэд тонн тутамд 1.5 грамм алт байгааг тогтоосон гэх зэргээр мэдээлэл хөвөрдөг. Гэхдээ энэ нь худлаа, нарийн яривал “Хүрэл үнэг” нь орд ч биш. Тэгвэл яагаад энэ ордуудын талаар шуугиад байгаа юм. Сандайлсан эрдэнэсээ мэдээгүй байхад дэлхий олчихжээ гэх мэтээр сүржигнээд байна вэ. Ердөө л монголчуудыг мэдлэг, мэдээлэлгүйгээр нь далимдуулж дарлаж байгаагийн нэг хэлбэр бололтой.

Гадны зарим нөхдүүд мөнгө босгохын тулд Монголд ийм том орд олчихлоо гэдэг сурталчилгааг хөрөнгө оруулагчдад зориулж шоуддаг. Уул уурхай эрчимтэй яригдаж эхэлсэн үеэс уул ус, газар шороогоо хайрлах дүр эсгэсэн эх орончид, улстөрчдөөр тархиа угаалгаж, баялгаа цөлмүүлэхгүй гэдэг бат итгэлтэй болчихсон монголчууд үүнийг нь өлгөж авдаг. Ингээд “Дахиад Оюу толгой шиг баялагтай орд олдож. Гадныхан манай хэдэн улстөрчидтэй нийлээд хувааж идэх нь” хэмээн шуугидаг аж.

Бодит байдал дээр өнөөдөр Монгол Улсад илэрчихээд байгаа орд шиг орд нь Оюу толгой, Таван толгой. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дэлхийн стандартаар үнэлүүлчихээд байгаа хүн тоох орд энэ хоёроос өөр бараг байхгүй гэдгийг судлаачид хэлж байна. Оюу толгой шиг том ордын олдох магадлал дэлхийд 100 мянгад нэг. Харин мянгад нэг тохиолдох магадлалтай дундаж ордын жишээ нь “Бороо гоулд”. Одоогоор Оюу толгойг давах орд Монголд илрээгүй. Тэгвэл Монгол Улс баялаг ихтэй, алт сандайлсан гуйлгачин гэдэг нь худлаа юм уу гэдэг асуулт ургаж таараа. Бид баялагтай нь үнэн. Гагцхүү дараа дараагийн Оюу толгойг олж илрүүлэх хайгуулын хөрөнгө оруулалт бараг байхгүй болчихсон л улс юм байна. Энэ бол нүцгэн үнэн.

Манай хайгуулын салбарт 2010 онд 173 сая, 2011 онд 300 сая, 2012 онд 326 сая ам.доллараар тоологдож байсан хөрөнгө оруулалт одоо эрс буурчээ. Хайгуулын салбарт хүч үзэж байгаа тоотой хэдэн компанийн зах зух нь дээр дурдсан “Хармагтай”, “Хүрэл үнэг”-ээр занималдсан компаниуд.

Өнөөдөр дэлхийд нийтдээ 3000 гаруй хайгуулын компани байдаг гэсэн тоо бий. Үүний 2000 гаруй нь Торонто, үлдсэн нь Австрали болон Лондонгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, санхүүжилт босгодог. Аз нь таарвал тэд хөрөнгийн бирж дээр мөнгө босгоод лиценз худалдаж авдаг. Лиценз аваад бүх юм болчихдог амар ажил биш.

Хөрсөнд ямар элементүүд агуулагдаж байгааг геофизикийн нарийвчилсан судалгаагаар тогтооно. Үүний тулд эхлээд газартаа өрөм тавина. Нэг өрөм нь өнөөгийн ханшаар 100 ам.доллар. Нэг цооногийг 100 метр гүн өрөмдлөө гэхэд арван мянган доллар. Бүтэн орд олохын тулд дор хаяж 200 цооног өрөмдөнө. Нэмж гарах зардлуудаа тооцоод бодоход хайгуулын нийт өртөг нь өнөөдрийн ханшаар дөрвөн сая ам.доллар болж байна. Ингэж мөнгө зарж хайгуул хийсний эцэст газар дороос юу ч олохгүй “шатаж” болдог өртөг өндөртэй, эрсдэл ихтэй бизнес ажээ. Юм илэрлээ гэхэд нөөцөө бодоод ТЭЗҮ-ээ хийгээд дуусахад багадаа 20, 30 сая ам.доллар шаардлагатай. Ийм өртөгтэй салбарт хөрөнгө оруулалт багасвал зогсох нь ойлгомжтой биз ээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Шашин ба сүсэг

Краковын нэгэн санваартан өнгөрөгч наяад оны дундуур монголоор аялжээ. Дашрамд дурдахад энэ хотынхон монголчуудыг сайн мэддэг юм. Хотын төвд байдаг эх дагинын сүмийн гонхноос цаг тутам бүрээдэн дохиолдог заншилтай. Найман зууны тэртээ монгол цэргүүд үерийн ус мэт нөмрөн ирэхэд хотын харуул энэ гонхноос түгшүүрийн дохио өгсөн байна. Сүбээдэй жанжны мэргэн харваачдын нэг, тэртээ өндөрт байгаа гонхноос түгшүүр зарлаж эхэлсэн бүрээчийн хоолойг тас харвачихсан гэдэг.

Ингээд амь насаа алдан байж төрөлх хотынхноо сэрээсэн бүрээчийн дурсгалыг Краков хотынхон цаг тутам дурсан хүндэлж, бас сэрэмжлүүлж байгаа нь энэ ажгуу. Манайхан үүнийг монгол харваачийн цэц мэргийг дурсаж байгаа мэтээр ухаарах дуртай, яая гэхэв.

Ер нь польшууд их сонор соргог ард түмэн. Герман, Орос мэтийн, асуудлыг болж л өгвөл булаах, байлдах аргаар шийдэж ирсэн түүхтэй том гүрний завсарт тусгаар тогтнолоо олон алдан явахдаа ийнхүү сортоотой болжээ. Краковын бүрээчийн сүнс ч гэсэн “Дайсан нэг л өглөө нөмрөөд ирдэг юм шүү” хэмээн хоногт 24 удаа сануулах бөлгөө.

Гэхдээ биднээс их өөр. Бид хартай бол тэд сэрэмжтэй. Бид хардаж сэрдээд нойр хүрдэггүй бол тэд хэзээд сэрэхэд бэлнээр нойрсож чаддаг бөлгөө. Уул нь гэгээн Будда үүнийг л сургасан юм шүү дээ. Үзэн ядалт хорслоор сэтгэлээ там болгож зоволгүй амар амгалан оршигтун. Харин үргэлжийн сонор соргог байж нисванис хэмээх сэтгэлийн гэмүүдээс сэрэмжил гэж.

Мөнөөх сонор ард түмний санваартан монгол орноор аялж үзээд ихэд гайхсан аж. Учир нь Буддизм анх дэлгэрээд мянгаад жил, дахин түгээд хэдэн зуун жил болсон энэ орноос итгэл бишрэлийн мөр бараг олсонгүй.

Үзүүлэн маягтай үлдээсэн Гандантэгчэнлин хийд дээр очиход нь санаандгүй байдлаар таарсан (тааруулсан) нэгэн “Манай шашныг оросууд устгаж өгсөн нь сайн юм болсон” тухай ярьж өгчээ.

Хүн болж хүзүү толгой бас загалмай зүүснээс хойш ийм юм үзээгүй Ягеллоны их сургуулийн теологийн профессор, санваартан бээр “Бурхан шашингүй орон” нэртэй ярилцлагыг өгсөн байдаг. Өрнөдийн нүдээр харвал энэ гарчиг “ерөөсөө зүрхгүй” эсвэл “огт уушгигүй” хүмүүс амьдардаг орон гэсэнтэй бараг дүйж очих юм. Коммунизм ийнхүү зүү орох зайгүй шигж, шашин суртлыг нь үлдэн хөөсөн газар өөр хаана ч хараагүй гэдгээ тэр бас дурссан байдаг.

Ямар ч байсан Гандан хийд өдөр бүр хурал номоо хурж, мянга мянган иргэд нууцаар мөргөн шүтэж, орон хязгаар нутагт хөгшид зулаа өргөсөөр насаа элээж, нууцлаг хувилгаадаасаа адис өршөөлийг нь хүртсээр ирсэн гэдэг утгаар авч үзвэл профессор худлаа хэлжээ.

Манай суманд л гэхэд тав зургаан насандаа гэгээнээр өргөмжлөгдсөн боловч цаг төрийн эрхээр хар болсон нэгэн өтгөс байлаа. Манайхан сумаараа, ер нь аймгаараа л сэм шүтэж байсан. Хол ойр одогсдоос эхлээд сургуульд соёлд явж буй багачууд хүртэл аянд мордохын өмнө “айл хэсэх”, “ахмад настай хүнтэй золгоод мордох” нэрийн дор мөргөөд явдаг байж билээ. Их сонин, хүн юу өргөнө яг адилхан юмыг бэлэг болгоод эргүүлээд өгдөг байсан юм. Хөдөөнийхөн дээлийн торго (нэг метр нь 18 төгрөгийн үнэтэй “арван наймын торго” голдуу) л ихэвчлэн барих тул арай өөр өнгийн торго эргүүлээд бэлэглэх…

Энийг олж харах “билгийн нүдгүй” польш санваартныг буруушаахад амархаан.

Гэвч шашин гэдэг нь итгэл үнэмшил үү? Ерөөсөө сүсэглээд явахын нэр үү? Шашин нь арчигдаад сүсэг үлдэж болох уу? Сүсэггүй шашин, шашингүй сүсэг байх уу, энэ хоёрын аль нь анхдагч вэ гэхчлэнгийн асуулт тавиад харахад өвгөн профессорын олж харсан зүйлс сонирхол татаад явчихдаг билээ.

Яаж ч бодсон хүнээс түрүүлж сүсэг үүссэн байх боломжгүй. Сүсэгтэй хонь, чоно мэтийн амьтан байх учиргүй. Хүн өөртөө байхгүй хүч чадлын эх сурвалжийг эрж хайх санаа бол амьдралын өмнө хүчин мөхөстөж буйгаа ухаарсан тэр цагаас эхтэй. Хэдийгээр гал олж, нум сум дархалж, араатнаас биеэ хамгаалж сурсан ч гэсэн амьдрал нь хорвоогийн мянга, мянган санамсаргүй тохиолдлоос хамаарч байлаа. Нум байлаа ч санасан зоргоор ан таараа ч билүү? Ан таарлаа гэхэд суманд нь оногдоо ч билүү?

Энэхүү түг түмэн санамсаргүй тохиолыг сайн сайхан, өндөр үр ашигтай болгох хүслээс сүсэг үүсчээ. Өндөр модонд, үхэгсдийн сүнсэнд мөргөөд байвал тэрүүгээр явах байсан гөрөөс энүүгээр хүрч ирээд занганд унана. Уул хадыг аргадаад байвал ужиг өвчин арилж мэднэ гэсэн горьдлого дээр анхны сүсэг, бөө мөргөл, онго шүтээн үүссэн байж таарна.

Хүн аливаа бэрхшээл зовлонгийн учир шалтгааныг өөрөөсөө эрэх дургүй амьтан. Ер нь миний бяргүйгээс, хурдан гүйж чаддаггүйгээс, хувийн сэрэмж дутсанаас ингэлээ гэж гунихын оронд онгон модны мөчир хугалсан, тахил шүтээнийг гомдоосон зэрэг хөндлөнгийн учир шалтгаантай хэмээн үзэх нь хамаагүй хялбар аж. Түүнчлэн модонд очиж мөргөөд асуудлыг шийдэх нь өөрөө хурдан гүйдэг болох, огт заяагаагүй овсгоо самбааг эзэмшихээс хямд төсөр авай.

Хүн чадал мөхөстөхийн хэрээр сүсэглэх хэрэгцээ гарна. Үүнийг өрнөдийн мэргэд “бодит боломж багасахын хэрээр хий горьдлого ихэснэ” хэмээн томьёолсон ч удаатай.

Харин одоогоос хоёр мянга таван зуун тавь гаруй жилийн өмнө хүн гэгээрсэн Бурхан Будда бээр энэ бүхний учир логикийг хүн төрөлхтөнд хэлж өгчээ. Тэр нь үйлийн үрийн тухай сургаал байлаа. Одоо өрнөж байгаа бүхэн өөрийн учир шалтгаантай бөгөөд үр хөврөл нь өнгөрсөн хугацаанд бүрэлджээ. Харин өнөөгийн чиний хийж байгаа бүхэн ирээдүйд учрах эдлэх бүхний чинь үрийг тарьж байгаа.

Амьдрал, хувь заяа хэмээх гайхамшигт, тайлагдашгүй программын бүхий л өгөгдөл нь удган модны мөчир, овгийн бөөгийн хэнгэрэгт огт байхгүй. Харин чиний гарт байгаа. Нэгэнт өнгөрсөн үед хийсэн үйлийн үрийг эргэж очих засах боломж эгэл хүмүүнд үгүй. Харин энэ цаг мөчөөс хойших ирээдүй чиний гарт байгаа. Ирээдүйгээ чи л тодорхойлно. Жишээлэхэд, айхавтар шидтэй бөө удган хараал хийгээд чамайг өвдүүлсэн явдал гарлаа гэж бодъё. Энэ нь бөөгийн хараалаас болж байгаа юм огт биш. Харин чи ийм учир шалтгаанаар өвдөх үйлийг өмнөх үедээ хийсэн байна. “Хараал” бол чиний үйлийн үр бүрэлдэж харагдах зөвхөн хэлбэр.

Чиний хувь заяаны өчүүхэн төдий элемент бүр ч чамаас хамааралтай. Эндээс ургаад чи хараагдашгүй учраас чиний амьдралд хөндлөнгөөс муугаар нөлөөлөх аргагүй. Түүний нэгэн адил ерөөгдөшгүй тул тэнгэрээс нөлөөлөн сайжруулах боломжгүй гэсэн дүгнэлт гарч байна. Тийм ч учраас гэгээрсэн Будда “Чиний зовлонг би угааж чадахгүй, чамд өөрийн гэгээрлээ юүлэн өгөх боломжгүй. Харин чамайг дагуулан багшилж хэрхэн өөрөө өөрийгөө гэгээрүүлэн Бурхан болгохыг зааж чадна” хэмээн айлдсан билээ л. Өнгөрсөн, одоо, ирээдүйн учир шалтгаанаас өөр хаанаас ч биш өөрийн сэтгэл зүрхнээс эрэгтүн гэж тэр бидэнд хэлж үлдээжээ.

Тэгэхээр шашин, Бурханы шашин гэдэг нь мухар сүсэг бус харин ухаарал, танин мэдэх замаар хүрсэн чанадын үнэн, Энэ үнэнд суурилсан итгэл үнэмшил, ёс суртахуун болж таарч байна. Үнэнд хүрэх зам бол танин мэдэж, ухааран гэгээрэхүй болохоос биш харанхуй мухар сүсэг биш гэж заажээ.

Үнэхээр ухаарч, таньж бишрэн байж хүрсэн үнэнийг юу ч баллуурдан арилгаж чадахгүй. Харин мухар сүсэг нь цаанаа үнэн мөний суурьгүй учраас хэврэг, бас өөр мухар сүсгээр солигдож төөрөх үндэстэй гэнэ. Богд Зонховын айлдсан “Бодь мөрийн зэрэг” сударт эргэлзээ бол үнэнд хүрэх зөв зам болохыг сургасан нь сонин. Мэдэж авсан юм болгоноо эргэлзээгээр дахин нягталж байж нуршгүй бат итгэл үнэмшил болгодог гэнэ. Өөрөө хэлбэл “эргэлзээ” бол аудит маягийн хяналт зүйл болж таарах нь. Ерөөсөө л ийм байдаг гэж цээжлэхийн оронд ийм учраас, тийм шалтгаанаар үүнд хүрч байна гэсэн логиктой оюун дүгнэлтэд хүрч байхын чухлыг Будда сургажээ.

Буддын шавь нар өөр бусад шашны ном сургаалыг уншихаас, сонирхохоос бүү цэрвэ, нөлөөнд орчих вий гэж битгий болгоомжил. Чи үнэхээр үнэнийг ухаарч байгаа бол тэднийг унших тутам миний сургаалын үнэн зөвд улам итгэх болно хэмээн омог бардам айлдсан ажгуу.

Энэ хорвоогийн бүх хүн эд хөрөнгө, алдар нэр, нас намбаар тэгшрэх ямар ч боломжгүй. Учир нь хүн бүр өөр өөрийн үйлийн үрийг эдэлж яваа. Харин бүгдээрээ адилхан жаргах боломжтой. Жаргал бол хүний сэтгэл зүрхэнд цогцлон дэлбээлдэг бурханы цэцэг. Сэтгэл зүрхгүй хүн гэж байхгүй шүү дээ. Харин сэтгэл зүрхнийхээ аз жаргалд Буддын заасан гэгээрлийн замаар хүрдэг. Энэ зам оюун санаагаа гэрэл гэгээгээр дүүргэхийг заадаг. Энэ гэгээг сэтгэл рүүгээ тусгаж чадвал чи аз жаргалын цэцэг хэрхэн дэлбээлэхийг харж “Өө ийм амархан, дэргэд минь байсан гайхамшгийг би хаа хамаагүй эрж, хичнээн их зүдрэв ээ” хэмээн гайхан дуу алдах болно оо.

Польш санваартны дүгнэлтийг энд хүрээд эргэн харахад бидний өмнөх бодол өөрчлөгдөхөд хүрч байна. ХХ зууны социалист дэглэмийн үзэл сурталчид санасандаа хүрсэн ажгуу. Шашин номоо түймэрдэж, сүм хийдээ нурааж, лам хуврагаа хядсаны үрээр олон түмний ой санамжаас шашны итгэл үнэмшил бараг арчигджээ. Харин аллага таллага, хувьсгалт хүчирхийллийн дор толгой бөхийсөн ард түмэнд мухар сүсэг л үлдсэн байна. Хүчгүйдэхийн хэрээр сүсэг ихэсдгийг бид өмнө ярьсан. Мянга мянган монгол хүн айдас хүчирхийллийн эсрэг сөрөн орших хүчийг чухамхүү энэ мухар сүсгээс олж байлаа. Ухаарал, танин мэдэхүйг огт нэхдэггүй мухар сүсэг нь нөгөө талаас улс үндэстний эсэргүүцэл, дургүйцлийн хэлбэрийг ч орлож байсан ч болов уу.

Оршин амьдрах философи, ёс суртаал нь байсан Буддизмын сургаал ба гэгээрлийн зам бүдэгрэн баларч, харин бурхан сахиус, ном судар, уул хад, лус, бөө удган ер юуг ч шүтэхэд бэлэн “сүсэг” үлдсэн байхыг харсан өвгөн санваартан “Бурхан шашингүй орон” хэмээн бодитой дүгнэсэн ажээ.

1990 оны ардчилсан хувьсгал бидэнд мухар сүсгээс шашны гэгээрэлд хүрэх замыг нээж өгсөн юм. Гэхдээ бид ч гэсэн хүн л юм хойно аж амьдралын бэрхшээлийн учир шалтгааныг өөрөөсөө хайхын хөндлөнгийн шалтгаанаас эрж, тэрийгээ янзлах замаар өөрийн тавиландаа засвар хийхийг амарт тооцож байна. Дээр нь зах зээл рүү хийх шилжилт, эдийн засгийн хямралаас үүдээд хүн ардын амьдрал ч бэрхшээлээр дүүрэн хэвээр. Бэрхшээл өөрөө мухар сүсгийн ээж тул бид гэгээрэхээсээ илүү мухраар сүслэх нэг үндэс болсоор л байгаа.

Манай үеийн мянга мянган хүний сэтгэлийг Бурхан руу татах олон сайхан судар номыг орчуулж байгаа П.Бадрал багш ерээд оны эхээр нэгэн ажил сэдэн байр түрээсэлжээ. Тэрээр мэргэ төлөг тавихын оронд Буддагийн сургаал номлолыг сурталчилж, үйлийн үрийг ухааруулах “үйлчилгээ” явуулдаг сүм нээсэн аж. Гэтэл орж ирсэн сүсэгтнүүд мэргэлэхгүй, засал хийхгүй гэдгийг дуулаад “хэзээ ийм лам байсан юм бэ” гэж гайхаад байсан гэсэн. Суртал номлодог сүм ч удалгүй дампууран хаагджээ. Үүнийг л Ягеллоны их сургуулийн профессор “Бурхан шашингүй орон” гэж нэрлэсэн байна. Ийм учраас энэхүү мянган бөө, удган, хар цагаан шидтэн хаанаас гараад ирвээ хэмээн гайхахад хүрч байгаа юм.

Уул нь Буддын шашны олон арван ном сургаал орчин цагийн монгол хэлээр, шинэ найруулгатайгаар бишгүй их гарч байна. Хүссэн хүнд Буддын ариун номын рашаанаас хүртэх боломж улам л нээлттэй болсоор…

Бид заримдаа лам хуврагуудын мораль, сүм хийдийн байдлаас хамаараад шашны гэгээрлийн үйл хэрэг явцгүй байгаа гэж тайлбарладаг. Оргүй ч биш. Гэхдээ манай сүм хийдийн менежмент, лам нарын байдал нь бидний сүсэг бишрэлийн шууд тусгал л шүү дээ. “Лам нь ямар байна сүм нь тийм байна” гэсэн зүйр үг бий. Харин сүсэгтэн ямар байна, лам нь тийм байдгийг бид мэдэхтэйгээ болоод авлаа.

2009 оны 11 сарын 17

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн ” Бахархал vs ялархал” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Тэргүүн нүүрнээс “Нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын 20 дугаар сургууль гурван ээлжээр хичээллэж байна. Өнгөрсөн жил энэ тоо 31 байжээ. Гурван ээлжээр хичээллэх нь хаана хаанаа асуудалтай. Ялангуяа хотын захын гэр хороолол дахь бага ангийн хүүхдүүд нар жаргасан хойно хичээлээ тараад гэр рүүгээ харина гэдэг маш эрсдэлтэй. Нохой шувуунаас эхлүүлээд согтуу хөлчүү хүмүүс, элдэв янзын этгээдүүдийн гарт өртөж мэднэ” хэмээх сурвалжлагыг хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болж байдаг алдарт гуравдугаар нүүрэнд нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн ” Бахархал vs ялархал” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Баримт, үйл явдлын зургаадугаар нүүрнээс “Монголын нам бус иргэдийн нэгдсэн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга А.Эрдэнэбаяртай ярилцлагыг хүлээн авч ушаарай.

Мөн энэхүү булангийн долдугаар нүүрнээс “Их сургуулийн эрдэм шинжилгээ, инновацийн газрын дарга бөгөөд их сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, цагдаагийн хурандаа О.Зоригттой хийсэн ярилцлагыг сонирхон хараарай.

Арвангуравдугаар нүүрний “Элэг нэгтэн” хэмээх нүүрнээс БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын “Талын дуу хоолой” радиогийн захирал Буяннэмэхийн Баясгалантай хийсэн ярилцлагыг хүлээн авч уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Эмнэлэгт хүргэгдэх замдаа амиа алджээ

Related imageЦагдаагийн байгууллага нийт 1089 мэдээлэл энэ сарын 26-нд шалгажээ. Үүнээс гэмт хэргийн 144, зөрчлийн 603, согтуугийн 161, зам тээврийн ослын 342, мэдээллээс гэмт хэргийн шинжтэй 78 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна. Тухайлбал, Төв аймгийн “Заамар сумын нутаг Улаан Уул гэх газарт “….” ХХК-ийн ажилтан 25 настай эрэгтэй Ж нь ковшийн дугуйнд дайрагдан хөл, гар нь хугарч гэмтсэн гэв. Улмаар Улаанбаатар хот руу хүргэгдэх замдаа нас барсан байна. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа эхэлжээ. Мөн Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо, “Улаанбаатар зочид буудлын урд сааданд гар утас дээрэмдсэн хүмүүс Саппорогийн автобусны буудал дээр байна” гэсэн мэдээллийг энэ сарын 26-нд авч шалгажээ. Ингэхэд Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд суух 22 настай эрэгтэй М-ийн “LG-6200”, “Samsung Trend” гар утсыг Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороонд суух 40 настай, Сонгинохайрхан дүүргийн 16-р хороонд суух 34 настай А, Хан-Уул дүүргийн тавдугаар хороонд суух 46 настай М нар согтуурсан үедээ айлган сүрдүүлж бүлэглэн дээрэмдснийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Categories
мэдээ нийгэм

Сэтгүүлч Э.Энэрэл шагналаа гардаж авлаа

Монгол Улс дахь
Канадын элчин сайдын яам “Балдорж” сантай хамтран ажилласан нь БАЛДОРЖ шагналын
энэ жилийн шалгаруулалтын нэг онцлог байсан билээ. Энэ хүрээнд “Охид,
эмэгтэйчүүдийн эрх, тулгарч буй бэрхшээл, шийдвэрлэх арга зам” сэдэвт шилдэг
нийтлэлийг шалгаруулж, 1000 ам.доллароор урамшуулсан юм. Дээрх болзолт сэдвийн
хүрээнд нийт 15 сэтгүүлч бүтээлээ ирүүлснээс сэтгүүлч Э.Энэрэл “Сэтгүүлчдийн
хандлага өөрчлөгдөж байж нийгмийн ойлголтыг засна” нийтлэлээрээ энэхүү шагналын
эзэн болсон юм. Хүндэтгэх шалтгааны улмаас тэрбээр ёслолын өдөр шагналаа авч
амжаагүй тул Канад улсаас Монгол Улсад суух Элчин сайд Дэвид Спрул, “Балдорж”
сангийн тэргүүн Б.Номинтүшиг нар өчигдөр түүнд гардуулан өглөө. Уг арга хэмжээ Канадын
Элчин сайдын яамны байранд болов. Канад улсад жендерийн тэгш байдлыг бататган,
эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хөхиүлэн дэмжих нь ядуурлыг бууруулах хамгийн үр
дүнтэй арга, энэ асуудлыг хүн төрөлхтний зөвхөн нэг хэсэг нь дангаараа шийдэх
боломжгүй, бүгдээрээ дуу хоолойгоо нэгтгэх ёстой гэж үздэг аж. Тиймээс тус
улсын Элчин сайдын яам Монголын сэтгүүлчдийн бүтээл туурвилаар дамжуулан олон
нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, тулгамдсан уг асуудлыг шийдвэрлэхэд дэлхийн бусад
орон, тэр дундаа Канад улсын туршлагыг хуваалцах зорилго тавьсан байна.

Categories
мэдээ нийгэм

Шон мөргөж амиа алдсан гэв

Сонгинохайрхан дүүргийн нутаг Баянхошууны зам, Хөтөлийн уулзварт өчигдөр ноцтой осол гарч хоёр хүн газар дээрээ амь насаа алджээ. Тодруулбал, “Sonata-6” маркийн автомашины жолооч Г нь камерын шон мөргөснөөс таван настай С хүүхдийнхээ хамт амиа алдсан гэв. Хүүхдийг тээвэрлэхдээ зориулалтын суудал, бүс бүслүүлээгүйгээс хүүхэд газар дээрээ амиа алдсан гэж холбогдох албаныхан үзэж буй аж. Ямар шалтгааны улмаас шон мөргөсөн, ослын шалтгаан юу байсныг Замын цагдаагийн албанынхан шалгаж байгаа гэнэ. Эцэг, эх, асран хамгаалагч нар хүүхдэдээ нас, биеийн жин, өндөрт нь тохирсон хамгаалалтын суудал, суудал өндөрсгөгч, хамгаалах бүс тохируулагчийг тогтмол хэрэглэж гарч болзошгүй зам тээврийн ослоос хүүхдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалахыг Замын цагдаагийн албанаас зөвлөлөө.

Categories
мэдээ нийгэм

Бэлчээрийн доройтлыг бууруулах талаар зөвлөлдөж байна

Зураг

Бэлчээрийн доройтлыг хязгаарлах, зүй зохистой ашиглах, хариуцлагаа өндөржүүлэх талаар малчид, салбарын мэргэжилтнүүд хамтран асуудлаа ярилцаж, шийдвэрлэх арга зам хайх зорилго бүхий “Монгол орны бэлчээрийн үндэсний форум” Тэрэлжид болж байна.

“Төрөлх нутаг бэлчээрээ хайрлацгаая” уриатай уг форумыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Швейцарийн хөгжлийн агентлаг, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо хамтран зохион байгуулж байгаа юм. Форумд аймаг, орон нутгийн бэлчээрийн менежментийн ажлын хэсгийн ахлагч, аймаг сумын бэлчээр ашиглагчдын холбоо, малчид зэрэг 80 гаруй хүн оролцож, туршлагаасаа хуваалцаж байна. Форумыг нээж УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн хэлсэн үгэндээ бэлчээрийн доройтлыг хязгаарлахын тулд эрх зүйн зохицуулалт, эдийн засгийн хөшүүрэг чухал бөгөөд эдгээр асуудлыг зохицуулсан Бэлчээр хамгаалах тухай бие даасан хуультай болох шаардлагатайг онцоллоо.

Форумын зорилго нь бэлчээрийн доройтлоос урьдчилан сэргийлэхийн тулд малчид өөрсдөө юу хийх, салбарын байгууллагууд бодлогын түвшинд тэднийг хэрхэн дэмжих талаар хамтдаа ярилцаж, нэгдсэн ойлголтод хүрэх явдал юм. Өөрөөр хэлбэл, малчид, судлаач, мэргэжилтнүүд мэдээлэл, туршлагаа хуваалцаж, солилцохын сацуу бэлчээрийг зүй зохистой ашиглах, хадлан тэжээл бэлтгэх чиглэлээр гаргасан эрдэмтэн судлаачдын шинэ бүтээл, технологитой танилцаж байгаагаараа онцлог болж байна. Хоёр өдөр үргэлжлэх энэхүү форумын үеэр Бэлчээр хамгаалах тухай хуулийн төслийг малчдад танилцуулж, санал бодлыг нь сонсож хэлэлцүүлэг өрнүүлнэ. Үүний дараа хуулийн төслийн талаар шат дараалсан хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, улмаар УИХ-д өргөн мэдүүлэх юм.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийг буруу тээвэрлэсний улмаас ноцтой осол гарчээ

Image result for замын цагдаагийн газар

Замын цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 343 дуудлага, мэдээ мэдээлэл энэ сарын 26-нд хүлээн авчээ. Зам тээврийн ослын 231 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас хоёр хүний амь нас хохирч, долоон хүн гэмтэж бэртсэн байна. Үүнээс зургаа нь бага насны хүүхэд байсан аж. Дийлэнх нь явган зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцож байх үедээ зам тээврийн осолд өртсөн гэв.

Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 41 жолоочийг илрүүлэн саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллажээ. Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн долоон осол, үл хөдлөх зүйл мөргөсөн нэг осол, мөргөлдсөн долоон осол тус тус бүртгэгдсэнийг шалгаж байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн нутаг Баянхошууны зам, Хөтөлийн уулзварт “H.Sonata-6” маркийн автомашины жолооч Г нь камерын шон мөргөж, жолооч 36 настай Г, таван настай С нарын хоёр хүний амь нас хохирсон ноцтой зам тээврийн хэргийг шалгаж байгаа гэнэ.

Эцэг, эх, асран хамгаалагч нар хүүхэддээ нас, биеийн жин, өндөрт нь тохирсон хамгаалалтын суудал, суудал өндөрсгөгч, хамгаалах бүс тохируулагчийг тогтмол хэрэглэж гарч болзошгүй зам тээврийн ослоос хүүхдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалахыг Замын цагдаагийн албанаас зөвлөлөө. Та хүүхдээ хайрладаг л бол арын суудалд хамгаалалтын бүс хэрэглэн суулгаарай гэдгийг анхааруулав.

Б.УРАН

Categories
мэдээ нийгэм

БНСУ-ын Сочу дүүргийн эмнэлэг Монголд

“Кто Улаанбаатар” БНСУ-ын аялал
жуулчлалын төрийн өмчит корпорацийн Монгол улс дахь төлөөлөгчийн газраас “Сочу
дүүргийн эрүүл мэндийн аялал жуулчлалын танилцуулга” арга хэмжээ энэ сарын 27, 28-нд зохион байгууллаж байна.
Уг арга хэмжээнд БНСУ-ын Сөүл хотын Сочу дүүрэгт байрлалтай Солонгосын
уламжлалт анагаах ухааны эмнэлэг, шүдний эмнэлэг, хавдар бүдүүн гэдэсний
мэргэшсэн эмнэлэг, эрүүл мэндийн үзлэг оношилгооны эмнэлэг зэрэг нийт зургаан
эмнэлгийн эмч мэргэжилтнүүд хүрэлцэн ирж эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага,
эмч, өвчтөнүүдтэй В2В, В2С уулзалтуудыг Holiday Inn зочид буудлын хоёр давхарт зохион
байгууллаж байгаа юм. 2009 онд Монгол улсаас 25 өвчтөн Сочу дүүрэгт хүрэлцэн
ирж эмчилгээ хийлгэсэн бөгөөд энэ үеэс эхлэн эрүүл мэндийн аялал жуулчлалын
зорилгоор эмчлүүлэх Монгол улсын иргэдийн тоо өсжээ.

YCH CANCER HOSPITAL БУЮУ ХОРТ ХАВДРЫН ЭСРЭГ ДАРХЛААНЫ ЭМЧИЛГЭЭНИЙ ЭМНЭЛЭГ

YCH Cancer Hospital нь хорт хавдар болоод дархлаатай холбоотой өвчнүүдийг голчлон эмчилдэг хорт хавдрын эмчилгээний төрөлжсөн эмнэлэг юм.

“YCH Cancer Hospital”-ийн эмч Юу Ёонг Сан

-Танай эмнэлэг бусад эмнэлэгтэй гол өрсөлдөх чадвар нь юу вэ?

-Манай эмнэлгийн ерөнхий эмч нь солонгостоо хамгийн анхны Хөнгөвчлөх эмчилгээгээр мэргэшсэн профессор ажилладаг, витамин “С”-г их хэмжээгээр хэрэглэх эмчилгээ, хавдрын эсрэг дархлааны эсийн эмчилгээ болох “Immuncell-LC”-г яаралтай тусламжийн эмчилгээнүүдийг Солонгос улсад анх удаа нэвтрүүлсэн, мөн АНУ-ын FDA-аас зөвшөөрсөн өндөр давтамжийн радио долгионоор шарах эмчилгээний төхөөрөмж “BSD-2000”, хорт хавдартай өвчтөнүүдэд зориулан “Раппелер” хяналтын төвийг ажиллуулж байгаагаараа онцлог юм.

-Ерөнхий эмчийнхээ талаар танилцуулана уу?

-Юм Чанг Ван профессор нь Солонгосын Витамин судлалын холбооны тэргүүн бөгөөд улсдаа анх удаа хорт хавдартай өвчтөнүүдэд витамин “С”-г их хэмжээгээр эмчилгээнд хэрэглэх эмчилгээг нэвтрүүлсэн юм. Тэрээр 3000 гаруй хорт хавдартай өвчтөнүүдийг эмчилсэн туршлагатай. Үүний зэрэгцээ олон улс орны эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд мэргэжил дээшлүүлсэн бөгөөд хорт хавдрын эмчилгээг мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэдэг билээ.

Хорт хавдартай өвчтөнүүдэд зориулсан тусгай бүтээгдэхүүн гэж байдаг уу?

Раппеллар буюу хорт хавдартай өвчтөнүүдэд зориулсан хяналтын төв юм. Үүнд зөвхөн хорт хавдартай өвчтөнүүдэд зориулан бүтээсэн гоо сайхны бүтээгдэхүүнүүд байдаг. Жишээ нь биеийн чийгшүүлэгч, нүүрний тос, шингэн гар, хөлний тос гэх мэт. Мөн хорт хавдартай хүмүүст зориулсан хоол тэжээлийн нэмэгдэл бий. Энэ нь дархлаа нэмэгдүүлэх үйлчилгээтэй юм. Өвчтөнүүдэд зориулсан хиймэл үс боолт, малгай, хиймэл хөх зэргээр хангахын зэрэгцээ бүтээгдэхүүнүүдийг мэргэжлийн түвшинд арчилж цэвэрлэн, худалдаалдаг билээ.

ТЭХАН БУЮУ БҮДҮҮН, ШҮЛУУН ГЭДЭСНИЙ ЭМНЭЛЭГ

Техан эмнэлгийн гадаад харилцааны албаны дарга Юү Шивон:

-Танай эмнэлэг үйл ажиллагаагаа эхлүүлээд хэдэн жил болж байна вэ?

-1990 онд Сөүл мэс заслын эмнэлэг нэртэйгээр үүсгэн байгуулагдсан. Манай эмнэлэг нь Солонгосын эрүүл мэндийн яамнаас “Бүдүүн,шулуун гэдэсний мэргэшсэн эмнэлэг”-ээр хоёр удаа магадлан итгэмжлэгдсэн эмнэлэг болж байсан. 27 их эмч, 119 сувилагч, 10 асрагч буюу туслах, бусад 94 ажилтантай үйл ажиллагаа явуулдаг. Тэхан эмнэлэг нь 2015 оноос Сөүл хотоос зохион байгуулсан эрүүл мэндийн аялал жуулчлалын хамтрагч байгууллагаар сонгогдсон. Иймээс олон улсад үйл ажиллаагаа танилцуулж байна.

-Танай эмнэлэг ямар бүтэц зохион байгуулалтай ажилладаг вэ?

-Тэхан эмнэлэг нь найман тасагтай. Тасаг бүр өөр өөрийн онцлогтойгоор өвчтөнүүдээ хүлээн авдаг урологийн тасагт АУИС-ийн алдартай багш эмч нар хамгийн орчин үеийн тоног төхөөрөмж ашиглан үзлэг эмчилгээ хийдэг, зүрх судасны тасаг нь орчин үеийн мэргэжлийн өндөр ур чадвар, арвин туршлагтай эмч нар эмчилгээ хийнэ, хөх бамбай булчирхайн тасаг эсийн шинжилгээний хариуг гурав хоногийн дотор гаргадаг. Эмэгтэйчүүдийн тасгийн хувьд эмэгтэйчүүдийн бүх төрлийн өвчний үзлэг оношилгоо өгөх, дотрын тасагт мэргэшсэн дөрвөн эмч эмчилгээ хийн зөвөлгөө өгдөг, эрүүл мэндийн үзлэг эмчилгээний төв нэгийг харьцах нэг харьцаагаар эелдэг найрсаг хамт олон таныг хүлээж аван, ходоод шулуун гэдэсний мэргэшсэн дөрвөн эмч эмчилгээ хийн зөвөлгөө өгдөг, бамбай булчирхайн тасагт 20 хүний бүрэлдэхүүнтэй нарийн мэргэжилийн баг шинжилгээ оношилгоог хийдэг зэрэг бүтэц зохион байгуулалтай ажиллаж байна.

Дашрамд дуулгахад маргааш буюу арван сарын 28-нд БНСУ-ын Сочу дүүргийн зургаан эмнэлгийн эмч нар “Holiday Inn” зочид буудлын хоёр давхарт анхан шатны үзлэг хийх ажээ.

Б.ҮРЖИГ