Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ХЭЛЭХ ЭРХИЙН ИНДЭР: Бурхан манай улсаас алт авах уу, ухаан авах уу гэхэд нь алтыг нь сонгочихсон юм шиг

СБД-ийн иргэн Б.Пүрэвдэмбэрэл

Манай улс дэлхийд эхний аравт багтах газрын баялагтай улс. Үүнийг хэн хүнгүй л мэднэ. Мөн боловсролын түвшингээрээ дэлхийд дээгүүрт бичигддэг. Хамгийн том газар нутагтай, цөөхөн хүн амтай улс бол Монгол. Аугаа түүх, ардын соёл, амьдрах ухаан ихтэй л хүмүүс. Гэвч яагаад өдий XXI зуунд бид дэлхийн хөгжлөөс хорин алхмын зайд орхигдов оо. Хамгийн олон малтай хэрнээ бид өлсдөг. Хамгийн том газар нутагтай хэрнээ бидэнд аз жаргалтай амьдрах алга дарам нутаг олддоггүй. Хамгийн цөөхөн хүн амтай хэрнээ хэдхэн гэр бүл л баян. Хамгийн их байгалийн баялагтай улс хэрнээ өртэй. Үүний учрыг үнэхээр ойлгохгүй юм. Бурхан манай улсаас алт авах уу, ухаан авах уу гэхэд нь алтыг нь сонгочихсон юм шиг л хошин санагдаж байна. Яагаад бид ийм ядуу байгаа юм бэ, эрх баригчид аа. Яагаад бид ийм хүлцэнгүй юм бэ, ард түмэн минь. Яагаад. Өнөөдөр манай улсад хүний хөдөлмөрийг зүгээр л мөлжиж байна. Өгч байгаа цалин нь үнэхээр инээдэмтэй. Банкны зээлийн хүү өндөр, ирээдүйдээ итгэлтэй, зорилготой байх боломж бидэнд байна уу. Аль нэг даргын цүнхийг барьсан хүн л сайхан амьдарч байх шиг. Яахав ээ бор зүрхээрээ амьдралаа болгож байгаа хүн бий л дээ. Бид амьдарч буйгаасаа ч илүү аз жаргалтай, сайн сайхан амьдрах боломжтой. Гэтэл хичнээн хөдөлмөрлөөд ч санасан амьдралдаа хүрч чадахгүй байна. Үүнд төр засаг буруутай. Улс төрийн нам буруутай. Улстөрчид буруутай. Энэ хүмүүст дургүй хүрч байна. Ард түмний тэвчээр туйлдаа хүрсэн гэдгийг сануулмаар байна. Бүгд л их гэмгүй царайлж, нэг л их ард түмэн, улс эх орноо бодсон гэх худлаа дүр эсгэсэн луйварчид. Нам доторх, ордон дундах сандал суудал, нэгнийхээ хулгай, луйврыг л хоорондоо ярьж хэрэлдэхээс өөр ид шидгүй лууснууд. Та нар одоо болно. Монголчууд гурван зуу биш. Эх орон, ард түмнийхээ амьдралыг нэг бодох цаг нь болсон юм биш үү гэж дахиж хэлэхгүй ээ. Одоо ард түмний тэвчээр алдагдсан. Бид тэвчсэн. Залуучуудад ямар ч боломж харагдахгүй байна. Бид зөв сайхан амьдрахыг хүсч байна. Хуулиа дээдэлж, эрх тэгш байлгахыг хүсч байна. Уг нь гуравхан сая хүн шүү дээ. Тийм байхад сайхан амьдруулах боломж бүрэн бий шүү дээ.

“Өдрийн сонин”-ыХэлэх эрхийн индэр“-т оролцон үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл 99650208 дугаарын утсаар холбоо барина уу.

Тэмдэглэл хөтөлсөн Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ цаг-үе

М.Зоригт: Бид дэндүү цөөхүүлээ, жаахан гэдгээ ойлгохгүйгээсээ болоод том гүрнүүдийн тэргүүн баячууд шиг пээдэлзээд байна

“Өдрийн сонин”-ы 2017.08.24-ний пүрэв гаригийн №180(5747) дугаараас авч нийтлэв.

Зам, тээврийн сайд асан, “Бидний цөөхөн монголчууд” төслийн санаачлагч М.Зоригттой ярилцлаа.


-Таныг сүүлийн үед анзаараад байхад “Бидний цөөхөн монголчууд” гэдэг төслийн ажлаар баруун аймгуудаар гэрэл зураг аваад л яваад байх бололтой юм. Энэ чухам яадаг төсөл вэ?

-XXI зууны эхэн үе, өнөө цагийн монголчуудын өнгө төрхийг түүхэнд нэлээд цэгцтэйгээр авч үлдэх гэсэн зорилго тээсэн төсөл л дөө. Энэ төслийнхөө хүрээнд Монголын 21 аймаг, 320 гаруй сум, 1000 гаруй багт бүгдэд нь хүрч ажиллана. Гадаад дахь монголчууддаа ч хүрнэ. ОХУ-ын Халимаг, Тува, Буриад, Хятад дахь Өвөр Монгол ч юм уу, эсвэл баруун Европын орнууд, Америк, Солонгос. Ер нь хаа сайгүй л монголчууд байна шүү дээ. Тэр бүгдэд хүрч, өнөө цагийн монголчуудын өнгө төрх, энэ дэлхий дээр өөрсдийнхөө өв соёл, түүх, ёс заншлаа янз бүрийн нөхцөлд хэрхэн авч явааг л баримтжуулах юм. Гурван машин, гурван чиргүүлтэй, арав гаруй хүн явдаг. Гэрэл зурагчдын баг, баримтат киноны баг, телевизийн нэвтрүүлгийн баг гэсэн үндсэн гурван багтай.

-Одоогоор хэдэн аймаг, сумдад хүрчихээд байна вэ?

-Өнгөрсөн оноос бэлдсээр байгаад энэ оны гуравдугаар сараас анхны гараагаа эхлүүлсэн. Монголчууд аливаа ажлыг эхлүүлэхдээ бэлгэшээлээ боддог. Тэр утгаараа Монгол орны хоймор нутаг, Хөвсгөл аймгийн хоймрын хоймор Ханх сумаас төслөө эхлүүлсэн. Бид Хөвсгөл аймагт 57 хоног ажилласан байна билээ.

Одоо Баян-Өлгий, Ховд, Увс аймагт ажиллаж байна. Зуны хоёр сарын хугацаанд бид хоёр ч том хэмжээний баримтат киноны зураг авалтыг дуусгалаа. “Зэргийн нүүдэл” гэж ямар ч машин техник явах боломжгүй газраар нүүдэг нүүдэл шүү дээ. Нөгөө талаараа хамгийн ганган нүүдэл гэж хэлж болно. Хүүхнүүд нь нүүдлийнхээ үеэр ямар ч Цагаан сар, улсын баяр наадмаас илүүтэй гоёж гангалдаг тийм ёс уламжлалтай, их сонин.

Бид сая баруун гурван аймгийн байгалийн зургийг аваад ирлээ. Есдүгээр сарын нэгнээс дээр дурдсан гурван аймгийнхаа сумдаар явна. Нэг суманд 2-3 хоног ажилладаг. Тэгж бодохоор одоо биднийг багаар бодоход 3-4 сарын ажил хүлээж байна. Тэгээд л бууж ирнэ дээ.

-Тэгэхээр энэ төсөл хэдэн жил үргэлжлэх вэ. Их удах нь ээ?

-Цаг хугацааны хувьд төдөн жилд багтаана гэсэн зорилт тавихгүй байгаа. Бидний тавьж байгаа гол зүйл бол юмаа л хийх. Миний бодлоор багаар бодоход 10 жил болно. Өнөө жил Хөвсгөл, Баян-Өлгий, Увс, Ховд дээрээс нь Өмнөговиор явчихна. Тэгээд баруун Европын орнууд руу гарна. Монголчууд олноор суурьшиж байгаа газруудаар явна. Дараа жил дахиад тав, зургаан аймагт ажиллачихаад АНУ руу явчихна. Гэх мэтчилэнгээр явж ажиллах учраас нэлээд хугацаа орох байх л даа.

-Таныг зурагчин сайд гэдэг байсан. Хоббигоо хөөгөөд улс төрөөс гарчихлаа гэж хэлж болох уу?

-Монгол Улсын иргэн бүр өөр өөрийн түвшиндээ улс төрийн нийгмийн идэвхитэй байдаг. Тэр нь янз бүрээр илэрдэг.

Улс төрийн сонгуульд нэр дэвшихээс эхлүүлээд санал өгөх хүртэл бидний улс төрийн оролцоо янз бүр харагддаг. Энэ төслийг дуусах хүртэл би сонгуульд нэр дэвших ч юм уу тийм идэвхитэй улс төрийн үйл ажиллагаанаас татгалзаж байна. Манай төслийнхөн зөвхөн гэрэл зураг, дүрс аваад баримтат кино хийгээд явахаас гадна нэгэн зүйлийг монголчууддаа хэлэхийг их чармайдаг юм. Бид цөөхүүлээ шүү, цөөхүүлээ учраас бид эв эеийг сахиж амьдрах ёстой. Тийм болохоор хэн, хаана, юу хийж байгаагаас үл хамаараад урдаа байгаа ажилдаа л хариуцлагатай байх ёстой. Энэ хоёр шинжийг агуулж байж аливаа үндэстэн, нийгэм хөгждөг юм байна. Цөөхүүлээ учраас нэг монгол хүний амь амьдрал, амь нас, нэг айлын гал голомт дэндүү үнэ цэнэтэй. Тиймээс бид ядарсан нэгнээ түшээд, татаад авдаг, хайр энэрлээр дутаадаггүй тийм л монголчууд байх ёстой байхгүй юу. Үүнийг бид Монгол орноо бүтэн тойрохдоо хэлэхийг зорьж байгаа. Энэ бол эв нэгдлийн илэрхийлэл, эв нэгдлийн манлайлал, түүчээ болсон төсөл. Ийм учраас энэ төслийн дундуур аль нэг талд нь гарч нэр дэвших, сонгуульд өрсөлдөх нь эргээд уг төслийн үзэл санаанд сөрөг нөлөөтэй.

-Улс төрийн халуун тогоонд чанагдаж, буцалж байсан орчноос гараад хөдөөний эгэл амьдралд очихоор юу мэдрэгдэж байна вэ. Одоо үед ингэж улс төрөөс огцом гараад явчихдаг сэтгэлзүйтэй хүн алга шүү?

-Улс төр, улс төрийн хүрээлэл, улстөрчдийн дунд байна гэдэг чинь бас сонин шүү. Ер нь лам, улстөрч хоёр чинь адилхан ш дээ. Лам бол бурхны номоор хүн, нийгэмд дандаа л сайн сайхан зүйл хийж өгч засч янзлахыг хүсдэг. Мөнгөний төлөө биш хүний төлөө л гэж энэ замыг сонгосон хүмүүс. Улстөрчид ч нийгмийн идэвхи чармайлтаараа бусдын төлөө ажиллана гэж гарч ирдэг. Гэтэл сүүлийн үед шашин буруу яваад байгаа юм биш биз гэсэн эргэлзээ, тээнэгэлзээ яваад байна. Аргагүй ш дээ. Хүний сүсэг бишрэлийг эдийн засаг, ашиг орлоготойгоо хольж хутгаад АНУ-ын визний ном хүртэл уншаад байна гэхээр чинь болохгүй байгаа биз дээ. Улстөрчид нь ч тэр. Энэ нийгмийн төлөө, нийтийн төлөө чармайж ажиллана гэж гарч ирчихээд хувийн халаас, ашиг сонирхлынхоо төлөө явчихаар аль аль нь бараантаад явчихаж байгаа юм биш үү. Би хэдийгээр тэр бужигнаан дундаас гарч ирсэн ч нөгөө л хүмүүсийнхээ дунд яваад л байна. Магадгүй тэднээс илүү ч хүмүүсийн дунд яваад байж мэднэ. Би чинь өдөр болгон шинэ орчин, шинэ хүмүүстэй, шинэ нөхцөлд харьцаж явдаг. Амьдралын янз бүрийн түвшний хүнтэй харьцана. Явж байгаад л дуртай хөдөөний айлдаа хоночихдог. Хөдөө сум, багт уулзалт хийчихдэг. Хүн болгоны дотроо тээж яваа тэр тээнэгэлзээ, бодол санаа бүгдийг сонсч яваа учраас нөгөө л орчиндоо байгаад байна.

-Жирийн ард иргэдтэй уулзаад явахад тэд юу ярьж байна. Юу хэлж, яамаар байна гэнэ вэ?

-Анзаарагдаж байгаа юм бол ардчилсан хувьсгал гарсан хорин хэдэн жилд хүмүүсийн амьдрал эрс чанаржсан. Хэрэглээ, амьдралд хандах хандлага, хөдөлмөр, мал аж ахуйдаа хандах хандлага нь эрс өөр буюу эерэг тал руугаа өөрчлөгдсөн. Хөдөөний ард иргэдийн ашиг орлого нь дандаа нэмэгдэж ирсэн. Тэдний гол амьжиргаа бол мал аж ахуй шүү дээ. Жил болгон л Монголын мал таван төрлөөрөө өсч л байдаг. Энийг дагаад малчин айлуудын амьжиргаа дээшилж байдаг. Тийм учраас хөдөөнийхөн маань болохгүй, бүтэхгүй байна гэсэн муу юм амнаасаа ер гаргахгүй байна. Ер нь монголчууд амнаасаа муу юм гаргадаггүй, хэзээнээсээ. Өглөө цайгаа чанаад самарч байхдаа л сайныг боддог. Нүүдэлчин монгол хүний шинж чанар, сайн агуулга бүх сайхан юм тэнд л агуулагдчихсан байна. Хэдий чинээ сумын айлууд төвөөсөө алслагдмал амьдарна төдий чинээ бидний ярьдаг өнөө сайн чанарууд тэнд илүү байдаг. Төв суурин газраас хол байх тусам бие хаа эрүүл, хөдөлгөөний эвсэл сайн. Харин төв суурин руугаа ойртох тусам эсрэгээрээ бүх юм нь муудаад хүн чанар нь ч мууддаг.

Манай төслийн дуран авайны гол баатар нь хүн. Алс хязгаар газарт байгаа монголчууд, монгол хүн ямар үнэт зүйлийг дотроо тээж явдаг юм. Алс ирээдүйгээ юу гэж хардаг юм. Өнөөдөр яаж амьдраад байгаа юм. Юу бодоод байгаа юм. Үүнийг л ухаж төнхөж байгаа төсөл.

-Төслийн явцад олон сонирхолтой айл, содон түүхтэй хүнтэй тааралддаг байх. Хамгийн сүүлийн жишээ гэвэл ямар сонирхолтой хүнтэй уулзав?

-Ховдын Булган суманд очиход ахмад хүн болгон ахмад дайчин юм. Түүх яриулаад сонсоод байхаар зах хязгаар нутгийн настайчуул чинь тэр чигээрээ Монгол Улсынхаа тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал, хилийг хамгаалахын төлөө энэ олдсон насаа тэр чигээр нь зориулж яваа улсууд байдаг юм байна. Өөрсдийнхөө тэнд амьдарч байгаагийн ач холбогдол, үнэ цэнийг тэрүүгээрээ л ойлгодог. Ер нь тэгээд хөдөө, хил дагаад амьдарч байгаа малчид өөрсдийгөө Монгол Улсынхаа дархан хил, газар нутгийн бүтэн байдлыг хамгаалж яваа гэж үздэг. “Бид энд амьдрахгүй юм бол өөр хэн амьдрах юм” гэсэн сэтгэлгээ. Ингэж сэтгэж мэдэрнэ гэдэг өөрөө гоё байхгүй юу.

-Ийм төсөл хэрэгжиж байгаа юм аа гээд төслөө ярихаар хүмүүс яаж хүлээж авч байна вэ?

-Маш дотно хүлээж авдаг. Очсон газар болгондоо уулзалт хийдэг.

-Таныг сайд байсан болохоор ч юм уу, эсвэл АН-ынх гэдэг талаас нь хандах нь хэр байна?

-Намын өнцгөөс хардаг хүмүүс хаа сайгүй байлгүй л яахав. Гэхдээ машин техник болоод, тоног төхөөрөмжөө буулгаад олон залуус буугаад ирэхээр юун улс төр манатай. Үүх түүхээ яриад эхэлнэ. Бид дурангаар л хараад байгаа болохоос биш та нар өөрсдөө түүхээ бүтээж байгаа хүмүүс шүү гэдгийг ойлгуулж чаддаг. Та нарын оролцоотойгоор л түүх бүтдэг. 50, 100, 500 жилийн дараа үр хүүхдүүд тань бидний өвөг дээдэс ингэж амьдардаг байж гэдгийг харна. Энийг л үлдээх гэж явна. Гэр оронд тань түүхийн зүйл, түүхэнд үлдээх чухал зүйл байвал аваад ир түүхэнд үлдээгээд өгье гэхээр айл болгон шахуу юмаа гаргаад ирдэг. Сум, орон нутаг нь мэдэхгүй байсан юмыг хүртэл айлууд гаргаад ирнэ. Ингэж түүхийн боломжуудыг нээж чаддаг. Хийх ёстой зөв зүйлийг хийж байна шүү гэсэн тийм ойлголтоор бидэнд ханддаг учраас бид дандаа урам орж явдаг.

-Өнөөдрийн улс төрийн байдал бужигнаантай л байна. Та сайд, УИХ-ын гишүүн байсан хүний хувьд улстөрчийнхөө байр суурийг илэрхийлбэл?

-Бид их жижиг шүү, цөөхүүлээ шүү гэдгийг хүмүүс мартчихаад байна. Эзэн Чингисийн монголчууд гэж ярихдаа бид дэлхийг эзэлчихмээр ч юм шиг тийм омгорхлыг дотроо тээдэг байх л даа. Гэтэл бид өчүүхэн ш дээ. Бид Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд кино хийх гэж цаатнууд дээр тав, зургаа хоносон. Тэнд гурван зуухан цаатан байгаа шүү дээ. 3.2 сая монголчуудын хажууд гурван зуухан цаатан юу ч биш. Өчүүхэн асуудал. Тэр болгон бид тэрнийг ойшоож боддоггүй, санадаггүй. Олонлог нь цөөнхдөө ханддаг хандлага, хайр, арга аргачлал, соёл гэж юу ч байхгүй. Гурван сая монголчууд буруу шийдвэр гаргачихаад нэг л өдөр тэр 300 цаатан алга болно. Хилийн тухай хуулиар 15 км доторх отор нүүдлийг хорьчихсон. Үүнээс болж цаатнууд нүүхээ больсон. Нүүх нутаггүй болсноос цаанууд нь давжаараад, өөрсдийнх нь амьдрал, эрүүл мэндэд нь өөрчлөлт орж эхэлсэн. Суурин амьдралын хэв маяг илэрч зуух пийшинтэй болж эхэлж байна. Гурван зуухан цаатан бол өчүүхэн. Гуравхан сая монголчууд 1.4 сая Хятадын хажууд тэрнээс ч жаахан харагдана ш дээ. Бид дэндүү цөөхүүлээ, жаахан юм ш дээ гэдгээ ойлгохгүйгээс болоод энд том том машин унаж пээдийх юм. Ерөөсөө л том гүрнүүдийн тэргүүн баячууд шиг пээдэлзээд байна. Төслөө “Бидний цөөхөн монголчууд” гэж нэрлэсэн нь “Монголчууд аа, бид цөөхөн шүү дээ. Бид чинь өчүүхэн” гэдгийг ойлгуулах. Тэрийг ойлгуулбал эвэндээ ороход илүү дөхөм болно гэж дотроо найдлага тээж л ийм нэр өгсөн.

-Таныг сошиалаас харахаар нэг л их гэрэл зураг авсан хүн. Зураг авахаас өөр юм хийдэггүй чөлөөтэй хүн шиг л мэдрэмж төрүүлдэг?

-Тан шиг надтай ингэж ухаж төнхөж ярихгүй бол тэр болгон хүн ойлгохгүй л дээ. Ер нь намайг жаргачихсан баагий гэдэг ш дээ (инээв). Ер нь бол жаргаж байгаа л даа. Манай төслийн машинууд дээр “Мөнхчулуун сан” гээд биччихсэн байгаа. Миний аавын нэрэмжит сан. Аавыгаа алдчихаад, аавыгаа дурсаад түүнийхээ хийж байсан, бодож санаж байсан ажлуудыг үргэлжлүүлье гээд хүүхдүүд нь нийлээд энэ санг байгуулсан. Энэ төслийг манай аавын нэрэмжит сан хэрэгжүүлдэг юм. Бид чинь зөвхөн зураг авч, кино хийхээс гадна юм бичдэг. Хүн болгон тэмдэглэлийн дэвтэртэй.

Дөрөв, таван жил их, дээд сургуульд сурч болоод байдаг. Яагаад Монгол орноороо тийм хугацаанд явж болохгүй гэж. Ямар ч их, дээд сургуульд сураагүй эрдмийг олж мундаг чанартай хүн болж ирнэ. Манай багт яваа олон залуу нүдэн дээр хүн болоод байгаа юм чинь. Илүү чанаржаад. Хөдөөгийн монголчууд юмыг тунгааж холуур боддог. Хотод бужигнаж байгаа хүмүүс хэдэн метрийн цаадхаа л хардаг.

-Та гадны хичнээн орноор явсан бэ?

-Маш олон.

-Тэд нараас илүү байна уу?

-Би насаараа зураг авч байгаа. Гадаадад явахдаа зураг авч чаддаггүй. Монгол үнэртэй зураг авсаар байгаад сурчихсан. Гадаадад явахаар монгол үнэргүй зураг авч чадахгүй болохоор сүүлдээ сандал авч явдаг болсон (Гадаадад авч явдаг хээтэй, улбар шар, модон сандлаа заав. сурв). Энэ сандлаа авч явахад ямар ч улс оронд очсон бай зураг авч чаддаг болсон. Нөгөө муу сандлаа өхөөрдөнө. Гоё газарт тавина. Монголд бол сандал байх ёстой газраа л байгаа биз дээ. Харин гадаадын зочид буудлын өрөөнд орж ирээд сандал тавих гээд хоймор газар хайгаад байдаг байхгүй юу. Тэр чинь өөрөө гоё мэдрэмж. Хүн олон орноор аялна. Олон гоё юм үзнэ. Жаахан ч гэсэн монгол гэсэн зүйлийг агуулсан юмыг өөртөө авч явах хэрэгтэй. Тэр өөрийг чинь хэн гэдгийг сануулж байдаг юм шүү. Аав, ээждээ, ханьдаа, хүүхдэдээ хайртай гэсэн тэр хайраа мэдэрсэн мэдрэмжүүд үе үе орж ирэх гоё байдаг шүү дээ. Тэрэн шиг эх орондоо хайртай мэдрэмж төрдөг байхгүй юу. Тэр кайфыг авч л байх ёстой.

-Залуу охид, бүсгүйчүүлийн зургийг дурандаа их буулгахын сацуу тэдэнтэй зураг авахуулдгийг тань хүмүүс янз бүрээр тайлбарладаг. Үүнээс болж таныг гэр бүлийн тал дээр ямар нэг асуудалтай байж мэдэх юм гэж харддаг. Та гэр бүлээ танилцуулж болох уу?

-Аливаа нэг агшинг гэрэл зургаар баримтжуулдаг. Замын хөдөлгөөнд оролцож яваа хүн “Түгжрэл муухай байна шүү” гээд түгжрэлийн зураг оруулдаг. Олон жил зураг авчихаар гоо үзэсгэлэн, гоё сайхныг дурандаа буулгах гэсэн эрмэлзлэлтэй болчихдог. Өнөөдрийн Улаанбаатарын залуучуудын зургийг авъя гэхээр нэг л ядарсан байдалтай. Хөдөө гарахаар тэр ханхайсан сайхан, адуу малдаа явж давхилдсан залуусын зургийг авахад үнэхээр гоё. Хотын гудамжинд гарахаар надад ямар ч зураг авах хүсэл төрөхгүй байгаа. Үзэсгэлэн гоо монгол охидын зургийг авах хүсэл харин төрөөд байгаа. Тэр л өнцөг шүү дээ. Монголчууд намайг зураг авах дуртайг мэддэг. Камераа аваад кафед сууж байхад “Өө нөгөө Зоригоо ах ирчихэж. Одоо зураг авна даа” гэж инээлдээд л. Зургийг нь авахаар өөдөөс мэндчилээд л. Тэгээд орой нь фэйсбүүкээр “Та яагаад миний зургийг фэйсбүүктээ тавихгүй байгаа юм” гэнэ (инээв). Бас нэг брэндинг бий болчихсон юм уу даа.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Түвшинбаяр ДАШТ-ээс анхныхаа медалийг хүртлээ

Image may contain: one or more people and people sitting

Олимпийн алт, мөнгөн медалийн эзэн Н.Түвшинбаяр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс анхныхаа медалийг хүртэж, олимп, дэлхийн медальтан боллоо.

Риогийн олимпиос хойш анх удаа дэвжээнд гарахдаа жин өгсөн барилдаж, ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байна. Тэрбээр Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий +100 кг-ын жинд дөнгөж сая хүрэл медалийн төлөө Европ тивийн аварга, Бакугийн “Их дуулга”-ын аварга, Гүржийн бөх Гурам Тушишвилиг цэвэр дарж, ялалт байгууллаа.

“Бээжин-2008” олимпийн аварга, “Лондон-2018” олимпийн мөнгөн медальт Н.Түвшинбаяр ДАШТ-ий эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Казахстаны жүдоч Ержан Шынкеевийг цэвэр, дараа нь Австрийн залуу бөх Стефан Хегиг вазари үнэлгээгээр ялж, хэсгийн аваргын төлөөх барилдаанд 2017 оны Екатеринбургийн ‘Их дуулга’-ын аварга, Канкуны Гран-при тэмцээний аварга, Бразилын жүдоч Дэвид Муратай барилдаж, цаг дуусахын өмнөхөн вазари үнэлгээ алдсанаар ялагдал хүлээсэн юм.

Улмаар торгуулийн барилдаанд зодоглож, Дэлхийн аваргын хүрэл медальт, Европын аварга, Гүржийн жүдоч Адам Окруашвилиг торгуулиар ялснаар медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болсон билээ.

Categories
мэдээ цаг-үе

Ч.Жигжидсүрэн: Элс, шавар шороонд дарагдсан даац усыг лайдаж Ганга нуурыг хамгаалж болно

Өнгөрсөн зун Ганга нуур ширгэж байна гэж шуугисан ч намар нь буцаад ихэссэн. Гэвч энэ зун мөн л нуурын ус багассан байна. Энэ талаар Дарьганга сумын уугуул Ч.Жигжидсүрэнтэй ярилцлаа.


-Та “Ганга нуур тийм амархан ширгэхгүй” гэж ярих юм. Гэтэл өнгөрсөн жил бараг ширгээд алга болсон. Та энэ тухайд юу хэлэх вэ?

-Байгалийн жамаараа бол Ганга ширгэхгүй л гэж боддог. Ганга дэргэдээ усан сантай, зарим шургасан булаг уснууд нь даацлан нуураа сэлбэсээр байдаг. Усаа татрахаар Ганга нуур өөрөө бороо хур уриад сэлбэгддэг, өөрийгөө цэвэрлэдэг зэрэг онцлог чанарыг нь нутгийн бид мэднэ л дээ. Гэхдээ цөлжиж, элс нүүж, ургадаг ургамлын бүтэц нь өөрчлөгдөж, гангийн халуун нөлөөлж байна. Бас орчны ус ширгэж, агаарын температур ихсэж байгаа нь үнэн.

Хүмүүс бидний буруутай үйл ажиллагаа ч нөлөөлдөг байх. Олон мал усалж, булгийн усыг нуурандаа хүргэхгүй шалбааг болгож бэлчиж байна. Тархин дээр нь овоо босгож, газар доорх усан судлыг нь дарж, урсацыг багасгаж байна. Ингэхэд булгийн ус шургадаг, эсвэл эх ундаргаа сольдог. Улаанбаатарын хойно Шарга морьтод Дондогдуламын рашаан гэдэг сайхан булаг байсан, тархин дээр нь том овоо босгосноос хойш шургасан. Дарьгангад Дагшин булгийн тархин дээгүүр машин явдаг болсноос үүдэн Дагшин булаг эхээ гурван удаа солиод байгаа. Энэ булаг одоо эхээ солих боломжгүй болсон, булгийн эхийг хамгаалахгүй бол намагших замдаа орно гэсэн үг. Дагшин булгийг хамгаалахгүй бол Дуут нуур ширгэхэд хүрнэ гэдгийг сум орны удирдлагууд ойлгож байдаг болов уу.

Оргих булгийн тархин дээр босгосон овооноос болоод усны урсгал саарах, эх ундарга нь солигдох вий гэсэн айдас байдаг юм. Иймээс тэр овоог босгох эх үндсийг тавьсан хүмүүс лусын бумбаа зөөж, хойд мөргөцөг дээрх шувуун овоон дээр тахиасай гэж боддог. Ийм олон нөлөө байгаа учраас хүмүүс бид Гангадаа туслахгүй бол ганц байгалийн жам, Гангын хүч чадалд өөрийг нь даатгаж болохгүй болжээ.

-Ганга нууртаа нутгийнхан хэрхэн туслах вэ?

-Ганга нуурын зүүн урд, Оргих булгийн баруун хойно нуурынхаа хөвөөнд Гангын өрх гэж нэрлэдэг нэг том өрх байдаг юм. Тэр өрх нь хоёр метр орчим диаметртэй, хамгийн багадаа гурван метр гүн нүх. Энэ өрхийг Ганга нууртай газрын судлаар холбоотой, Гангын ус хэвийн байвал өрхний ус дүүрэн байна гэж өвгөд ярьдаг байсан. Гангын усны толь болсон өрхийг дарагдсан бол лайдаж, додомдож, усаар дүүргэх хэрэгтэй. Энэ өрх байнга устай байвал Гангад нэмэртэй. Энэ өрхөд хамгийн багаар бодоход есөн тонн ус багтана. Энэхүү өрхийг л Гангын усан сан гэж хэлж байна. “Өрх, нуур хоёр доогуураа усан судлаар холбоотой” гэдэг өвгөдийн домогт итгэвэл энэ нь харилцах сав л гэсэн үг. Харилцах савны нэг нь ажиллахгүй бол нөгөө нь ажиллагаагүй болно. Тэгвэл энэ эко систем бүхэлдээ ажиллахгүй, Гангыг доороос нь сэлбэдэг нэг суваг бөглөрчээ гэсэн үг. Уул уулаа түшдэг, ус усаа сэлбэдэг гэдэг билээ. Өрхний ус амсраасаа доош 40 см байлаа гэж бодвол Гангын усны түвшин мөн төчнөөн сантиметр буурсан гэж ойлгох хэрэгтэй. Өрх бол Гангын усан сан ч мөн, Ганга нуурын усны хэмжүүр ч болно.

-Ганга нуур 21 булагтай байсан домогтой гэдэг. Одоо хэд нь үлдсэн бэ?

-Би таван булгийн нэр мэднэ. Дөрвөн булгийг нь үзсэн. Дөрвөн булгийн нэг нь ширгэж, нөгөө нь шургасан. Үлдсэн хоёр булаг нь муухан амьтай байна. Гангад усаа өгдөг Оргих булаг, Баянбулаг, Хараатын булаг, Баруун, Зүүн нүдэн булгууд гэж байлаа. Хараатын булаг шургасан, Зүүн нүдэн булаг ширгэсэн. Баруун нүдэн булгийг үзээгүй, гэхдээ нэрийг нь мэднэ. Зүүн нүдэн булаг Гангын зүүн талаас түрж орсон мөргөцөгийн баруун хормойд байсан. Хараатын булаг нь Гангын баруун урд бургасны ёроолоос эх авдаг байсан. 1960-аад оны эхээр Ганга нуурын ус багасаж, ус нь зарим газраараа 3-4 метр дотогшилсон юм. Тэгэхэд Гангын баруун урд Хараатын булаг эх авч байсан бургасны чигт Ганга нуурын хатсан хэсэгт 16-18 даац ус нэвчин гарч ирсэн. Жижигхэн зууван дугуй хар нүхнүүдээс утас шиг нарийхан ус урсаж байв. Тэгэхэд манай өвгө эцэг дархан Т.Шонуу Гангын өрхийг очиж үзэж байлаа. Өвөө Гангын өрхийг очиж үзсэнийхээ дараа даац усыг үзэж, Хараатын булаг шургаад ус нь нэвчин гарч байж магадгүй гэж байлаа.

-Таны түрүүн хэлснээр нуурын баруун даац усыг лайдаж, додомдвол ус нэмэгдэх үү?

-Багахан тооцоо хийгээд үзэхээр нэмэгдэхээр харагдаж байгаа юм. Даацуудын нэгээс нэг минутад 100 грамм урсан гарна гэж тооцвол хагас жилд 420 тонн усаар нэмэгдэх боломжтой. Тэгэхээр элс, шавар шороонд дарагдсан эдгээр даац усыг лайдаж, сэргээн гаргаж ирэх хэрэгтэй байна.

Нутгийн ахмад хүмүүсээс сураглавал даац ус хаана байдагийг заагаад, хэлээд өгөх хүн байгаа даа. Гангын ус багассан тэр намар есдүгээр сарын сүүлээр хэд хоног бороо орж, усан манан татаад Ганга усаар дүүрсэн юм. Өнгөрсөн намар Ганга ширгэлээ, Гангын гаслан энэ тэр гэж байхад бороо орно, өвөл цас их орно гэсэн итгэл минь нэг ч хором буураагүй. Үнэхээр ч бороо орж, усан манан татаад Гангын ус сэргэлээ гэж зурагтаар харуулж байна лээ. Ганга тийм амархан ширгэхгүй ээ.

-Ганга нууранд хунгийн чуулган болдогоороо алдартай. Ус нь багассан сураг дуулсан болохоор хун чуулах болов уу гэж бодож байлаа. Гэтэл өнгөрсөн жил усны шувууд ирж чуулсан сурагтай. Өмнөх жилүүдэд чуулаагүй байж яаж мэдээд ирж байгаа юм бол?

-Хэн ч хариулах бэлээхэн нэг хариу байна. Хөдөөгийн гурван нуур, Холбоогийн хоёр нуур, Муруй нуур усгүй гэнэ. Дуут нуурын ус багассан сурагтай. Ийм учраас Ганга устай бол шувууд Гангад л бууж, сууна биз дээ. Ямар буцаад явалтай нь биш. Халуун орон руугаа нүүх нүүдлийн цаг нь арай болоогүй байдаг. Нөгөө нэг хариу нь Гангын ус бараг цэвэршсэн учир сэжигч, цээрч хун Гангадаа чуулж байгаа бололтой. 20 жилд Гангын усны ядаж 15-20 хувь нь цэвэршээ биз. Өнгөрсөн зун Гангын 70 хувь нь ширгэсэн гэсэн. Тийм үед борооны усаар сэлбэгдсэн болохоор усны 70 хувь цэвэршсэн. Сүүлийн 20 жилд Гангын усны 85-90 хувь цэвэршсэн гэсэн үг. Тийм болохоор хун чуулж, хунгаа дагаад бусад шувууд ирсэн байлгүй.

-Нуурын ус ширгэж байгааг лус савдаг хилэгнэсэнтэй холбоотой гэж ярих хүн байдаг юм билээ. Нутгийн олон түмэн нуураа тахих ёс, уламжлал байдаг болов уу?

-1995 онд лусын бумба тахиж, Оргих булгийн тархин дээр лусын бумба залсан гэдэг. Тэр тахилгыг зөв болсон эсэхэд эргэлздэг юм. Тахилгаас хойш хун шувууд Ганга нууранд чуулахаа больсон. Гангад жилийн жилд байнга байдаг хос мөнгөн шигтгээ мэт хоёр хун шувуунд Гангын лус савдаг амилан оршдог гэлцдэг. Гангын усанд байдаггүй зүйл нууранд орсон бол тэр хоёр хун Гангадаа ирэхгүй, бусад нь бас ирэхгүй гэсэн домог бий. 1995 оны есдүгээр сард Онгоны Хавиргын булаг, Шар бүрд, Дарьгангын Ганга нуурын лусыг тахиж гэнэ гэж сониноос уншсан. Тэрнээс сарын дараа Баяндэлгэр, Онгон, Дарьгангын нутгийг дамжсан их цасан шуурга болж зургаан хүний алтан амь үрэгдэж, үй олон мал үхэж, зарим нь хил давсан. Яагаад ийм юм болов гэдгийг бодох л хэрэгтэй. Ганга нуурыг буруу тахиж, Оргих булгийн тархин дээр овоо босгож, нуурын усанд буруу зүйл, бузар орсон учраас хун шувууд “сэжиглээд” өөр нуур усанд чуулдаг болсон гэж нутгийн иргэд ярьж байна.

-Ганга нуур өөрийгөө цэвэрлэдэг гэсэн. Яаж цэвэрлэдэг юм бол?

-Жилийн жилд намартаа салхигүй байсан ч Ганга нуур 2-3 өдөр саваа халин давалгаалж, нуурын зүүн тал тэр чигээрээ цагаан хөөсөөр эмжигддэг байлаа. Давалгаа зогсож, нуурын ус дотогшлон, цагаан хөөс арилахад түүний дороос өвс, хог, адуу малын баас, хонины хоргол зэргээс тогтсон жижигхэн шар гүвгэр гарч ирдэг. Тэр нь яваандаа хатаад малын хөл, салхины аясаар алга болдог юм билээ. Нуур давалгаалахад манай нутгийнхан Ганга нуур өөрийгөө цэвэрлэж байна, Ганга нүүрээ угааж байна гэдэгсэн.

-Хамгаалж байгаа нь тэр гээд тойруулаад хашаа татчихсан гэсэн. Ингэж хашаад байвал нуурын ус ширгэхгүй байхад нэмэртэй юу?

-Нуурынхаа хөвөөнд хэт ойр татвал ашиг муутай болов уу гэж санана. Хашааг Гангын хойд талаас эхлэн нар зөв тойруулан татахад миний бодлоор Гангын хойд дэрс, зүүн хойд дэрс, дэрстэй тойромыг, зүүн талаараа Оргих булгаас ихээхэн холуур нэг км орчим зайтай, урдуураа Баян булгийн зүлэг, баруун бургас, урд Олон модны хавь, ухнан шээгний бутнуудыг, Гангын баруун урдуур жумз ургадаг хэсэг талбайг, бас Хараатын булаг эх авч байсан хэсэг бургасыг, баруун талаараа Гангын нарийн хоолой руу явдаг замын зүүн талаар манхан дундуур, баруун хойд Олгой буланг шар манхтай нь багтаах хэрэгтэй. Харин Гангад мод тарихын тухайд би өөр бодолтой байдаг хүн. Ганга нуурын орчим мод тарих нь зөв боловч нуурандаа дэндүү ойрхон мод тарих нь ямар бол. Нуур, гол, булаг усанд хэт ойр мод тарих нь муу, хөрсний усыг ууршуулдаг гэж номоос уншсан. Ялангуяа улиасыг буруу таривал их муу гэнэ. Иймээс л хашаагаа том тат, тэгээд модоо нуур, булаг хоёроосоо жаахан зайтай тарь гэх гээд байгаа хэрэг. Тэгээд ч яг дэргэд нь тарьсан мод, бут тэр холоос ирж байгаа улаан шороог хорихгүй шүү дээ. Ганга нуурын баруун, баруун хойд талын дээр нь хэдэн суль ургаж, салхины аясаар тойрог зурсан, өөр ургамалгүй гөлөөн манхнуудын орой, ар шилээр л мод таримаар санагддаг юм. Бүр холоос Молцогийн уулны хавиас ч юм уу үелэн, үелэн мод, бут сөөг, өвс ургамал таривал хаврын улаан шорооноос Гангыг хамгаалахад нэмэртэй гэж санадаг. Тарих мод нь хайлаас байх. Усалгаа, арчилгаа багатай халуун дулаан, элсэрхэг хөрсөнд мэдээж хайлаас сайн ургана. Говьд ургадаг хөрс голдоггүй, ус бага шаарддаг жигд гэдэг мод байна лээ. Энэ мэтээс гадна элс сайн хорихыг нь бодвол бургас, гүйлсээ, морин харгана, харганаа таримаар санагдаж байна даа. Миний мэдэхээс элсэрхэг хөрсөнд сайн ургах нэг ургамал бол тэмээн хөх. Хуруугаар газар хонхойлоод гурван үр булахад гурвуулаа ургасан байсан.

-Одоо Засгийн газар Гангыг сэргээхэд зориулж хөрөнгө гаргана гэсэн. Таны бодлоор нуураа хамгаалъя гэвэл бодитой ямар ажил хийх хэрэгтэй вэ?

-Дээр ярьсан хэлснээ базаад хэлбэл, нэн яаралтай хийх бодитой үндсэн зургаагаас долоон ажил байгаа юм. Нэгдүгээрт, Гангын өрхийг гурван м-ээс доошгүй гүнтэй лайдаж, байнга усаар дүүргэж байх. Хоёрдугаарт, Гангын баруун урд, урд хатсан шавар элсийг хуулж, даац уснуудыг гаргаж ирэх. Гуравдугаарт,. Хашааг томсгон хашаан дотор болон баруун, баруун хойд манхнуудын орой, ар шилээр мод тарих. Дөрөвдүгээрт, Боломжтой үед нь цас, борооны усаар тогтмол сэлбэж байх. Цас зөөж Гангад хийхдээ эхлээд өрхөнд хий. Хараатын булаг эх авч байсан бургасны ёроолд асга, зүүн хойд, хойд талын дэрснүүдэд, Гангын зүүн талаас түрж орсон мөргөцөг дээр асга гэж хэлмээр байдаг. Асгасан цас чинь шууд хайлахгүй жаахан ч гэсэн тэснэ. Тавдугаарт, Оргих булгийн тархин дээрх овоог зайлшгүй зөөж, шилжүүлэх хэрэгтэй гэдэгт бат итгэж байна.

Монголчууд уул толгод, овоо, давааны оройд овоо босгодог болохоос ус, булгийн эхэн дээр овоо босгодоггүйг сануулах зөв шиг байна. Энэ тахилгыг санаачилж хэрэгжүүлсэн хүмүүс “Дагшин булгийн тархин дээр залаарай” гээд нутгийн гурван хүнд орхисон бумбаа эргэж сурагласан уу? Аливаа ажлыг хийвэл ул үндэслэлтэй тунгааж, угт нь тултал хийх хэрэгтэй. Түүнээс биш тийм юм байдаг гэнэ, тэгдэг гэнэ, тийм ийм ач тустай гэнэ гэсэн сураг төдийгөөр дур зоргоороо, хар муйхараар ажиллах нь хойшдоо хор хөнөөлтэй гэж боддог. Зургадугаарт, Гангын зүүн урд таван км орчим зайд нэг гүнийн худаг байсан. Түүнийг сэргээн засварлаж тэндээс Ганга руу хоолой татаж ус юүлж байж болох мэт. Хоолой татах боломжгүй бол нэг найдвартай хүнтэй хоёр тэмээн тэргээр ус, бас цастай үед цас зөөж байхаар гэрээ хийж болно. Нэг тэргэн дээр 200 л ордог тайлуу усны сав тавиад өдөрт тав эргэхэд нэг тонн ус Гангад орно.

Categories
мэдээ цаг-үе

Ерөнхийлөгчийн итгэлийг хүлээсэн бүсгүй

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп хэдхэн хоногийн өмнө өөрийн зөвлөх 28 настай Хоуп Хиксыг Цагаан ордны харилцаа, холбооны асуудал хариуцсан даргын үүрэг гүйцэтгэгчээр томилжээ. Америкийн төрийн тэргүүний шийдвэр хэвлэл мэдээллийнхний анхаарлыг ихэд татав. Цагтаа загвар өмсөгч байсан үзэсгэлэнт бүсгүй Ерөнхийлөгчийн итгэлийг хүлээжээ. Тиймээс ч хэвлэлийнхэн Хоуп Хиксийг Цагаан ордны найдвар гэх болсон. Сэтгүүлчид түүнийг ийнхүү нэрлэсэн нь учиртай бололтой.

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үеэр бүсгүй Бүгд Найрамдах намаас нэрдэвшсэн Д.Трампын хэвлэл мэдээллийн нарийн бичгийн даргаар ажиллаж олон нийтийн сүлжээн дэх хуудсыг сонгуулийн сурталчилгааны үеэр хөтөлж сэтгүүлчидтэй хийх уулзалтуудыг зохион байгуулдаг байжээ. Тэр үед нэг өдөрт 250 асуултанд хариулж байсан гэдэг. Өөрөөр хэлбэл сонгуулийн үеэр маш сайн ажилласан байна. Сонгуулийн дараа Ерөнхийлөгчийн стратегийн харилцааны асуудал хариуцсан даргаар томилогдсоноор Цагаан ордны хамгийн залуу ажилтан болжээ. Хоуп Хикс анх Д.Трампын охин Иванка Трамптай танилцаж түүний санаачилсан шинэ загварыг сурталчлах төсөл дээр хамтран ажилласан юм. Аажмаар Д.Трампын багт орсон гэдэг. Зорилгодоо хүрэхийн тулд тууштай байж чаддаг, дипломат зантай зэрэг олон чанарынхаа ачаар Цагаан ордны харилцаа холбооны асуудал хариуцсан даргын албанд томилогджээ.

Хамтран ажилладаг хүмүүсийнх нь ярьснаар Хоуп Хикс маш хөдөлмөрч бүсгүй гэнэ. “Newsweek” сэтгүүлийн судалгаагаар өнөөдөр Хоуп Хикс нь Цагаан ордны хамгийн өндөр цалинтай ажилтнуудын нэг. Тэр жилдээ 179 мянган ам.долларын цалин авдаг. Бүсгүйг маш зөөлөн, хүний учрыг олохдоо сайн хэмээн хамт ажиллагсад нь тодорхойлдог бөгөөд амаргүй ааштай Ерөнхийлөгчийн учрыг ч олж чаддаг гэнэ.

Түүнийг хариуцлагатай албанд томилсон явдлыг өнөөдөр олон хүн шүүмжилж байна. Ямар ч туршлагагүй эмэгтэйг ийм албанд томилсон хэмээн Ерөнхийлөгч Д.Трампыг буруутгаж буйн шалтгаан нь Хоуп Хикс загвар өмсөгч байсантай холбоотой. Гэхдээ бүсгүйн аав, өвөө нь олон нийттэй харилцах чиглэлээр ажиллаж энэ салбарт мэргэшсэн гэдгийг сануулахад илүүдэхгүй байх.

Түүний аав нь Үндэсний хөлбөмбөгийн лигийн дэд ерөнхийлөгч, олон нийттэй харилцах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Америкийн томоохон компаниудын нэг болох “Ogil­vy Public Relations Worldwide”- ийн орлогч захирлын албыг хашиж байсан. Харин ээж нь Конгрессын гишүүний хуулийн зөвлөхөөр ажиллаж байжээ. Аавынх нь аав буюу өвөө нь “Texaco” компанийн олон нийттэй харилцах асуудлыг хариуцсан дарга байсан бол нөгөө өвөө нь Жонсон, Никсон нарыг Ерөнхийлөгч байх үед Хөдөө аж ахуйн яаманд хариуцлагатай алба хашдаг байсан гэнэ. Манайхаар сэхээтэн гэж хэлж болох удамтай түүнийг багаас нь ихэд чөлөөтэй өсгөж, үргэлж хүслийг нь биелүүлдэг байсан гэдэг. Сургуульд байхад нь янз бүрийн дугуйланд явуулж, спортоор идэвхтэй хичээллэхийг нь дэмждэг байжээ. Тэрээр лакросс хэмээх нэлээд хүнд төрөлд тооццогддог спортоор хичээлэж сургуулийнхаа багийг ахалж байсан юм. Дасгалжуулагчийнх нь ярьснаар тэрээр багаасаа л зорилгодоо хүрэхийн тулд эцсээ хүртэл тэмцдэг байсан гэдэг. Хүүхэд байхдаа загвар өмсөгч болохыг мөрөөдөж 11 настайдаа “Ford” загварын агентлагтай гэрээ байгуулж эгчийнхээ хамт “Ralph Lauren” компанийн сурталчилгаанд зургаа авахуулж байжээ. Зураг нь хэд хэдэн номны эхний хуудсанд гарсан бөгөөд оюутан болтлоо энэ чиглэлээр нэлээд эрчимтэй ажилласан. Ингээд Даллас хотод Өмнөд Медотистийн их сургуульд англи хэлний факультетэд оржээ. Сургуулиа дүүргээд Нью-Йорк дахь “Zeno Group” маркетингийн агентлаг орсон боловч удаагүй. Дараа нь “Hiltzik Strategies” компанид ороод удалгүй “Trump Organization”-ийн харилцаа холбооны асуудал хариуцсан дарга болж Д.Трамптай хамтран ажиллах болсон ажээ. Өнгөрсөн жил Ерөнхийлөгч өөрийнхөө үзэсгэлэнт бөгөөд үнэнч туслахынхаа талаар “Түүнийг авч ажиллуулсан нь маш том аз. Тэр зөв дүгнэлт хийдэг. Зөвлөгөө өгөх нэрээр шахалт үзүүлдэггүй” хэмээн ярьсан байна.

2015 онд “The Washington Post” сонинд Хоуп Хиксийн тухай маш том нийтлэл гарсан юм. Түүнийг Д.Трампын багт ажилладаг хамгийн залуу бөгөөд Ерөнхийлөгчийн итгэлийг бүрэн хүлээсэн эмэгтэй хэмээн ихэд онцолсон. 2016 онд “OQ” сэтгүүл Хоуп Хикст ярилцлага авах хүсэлт тавихад Д.Трампаас яриа авахуулжээ. Энэ үеэр Америкийн Ерөнхийлөгч нь туслах Хоуп Хиксийнхээ талаар өөрийнх нь хажууд ярьсан байдаг.

Зарим хэвлэлүүд нэг хэсэг бүсгүйг Д.Трамптай холбоотой хэмээн бичиж байлаа. Үнэндээ бол Хоуп Хикс нь Д.Трампын сонгуулийн штабын дарга Кори Ливандовскитэй найзалдаг байжээ. Тэд зургаан жил үерхсэний эцэст хоёр тийш болсон юм. Зарим хэвлэлд бичсэнээр найз бүсгүй нь Д.Трампын байранд амьдардаг байсан нь залууд таалагдаагүй гэнэ. Хоуп Хикст найз нөхөдтэйгөө уулзаж гадуур явах зав байдаггүй бөгөөд энэ талаар ээж нь “New York Times” сонинд өгсөн нэгэн ярилцлагадаа ярьсан юм. Охин нь маш их ачаалалтай ажиллаж байгаад сэтгэл нь зовдгоо хэлжээ.

Цагаан ордны найдвар гэгддэг бүсгүй “Forbes” сэтгүүлээс гаргасан улс төрд хамгийн амжилттай яваа залуучуудын жагсаалтад багтсан. Тэрээр Ерөнхийлөгч Д.Трампыг ихэд хүндэлдэг бөгөөд түүнийг ямар шийдвэр гаргаж байгаагаа маш сайн мэддэг, алсын хараатай улстөрч хэмээн үздэг гэнэ.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаанбаатарт 19 хэмийн дулаан байна

Related image

09 дүгээр сарын 03-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө сэрүүсч 9-14 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 17-22 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө сэрүүсч 16-21 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бага зэргийн бороо орно, өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 17-19 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатар түншлэл-2017”-д Тайванийн шилдэг бүтээгдэхүүнүүд тавигдана

Тайпэйн Худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар нь Тайвань Монголын худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэхийн тулд Тайваниас 10 гаруй аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг урин, 9 дүгээр сарын 7-ноос 10-ны өдрүүдэд зохиогдох “Улаанбаатар Түншлэл-2017” намрын Олон улсын үзэсгэлэн яармагт (2017 Mongolian International Autumn Trade Fair) оролцуулан, Тайванийн шилдэг бүтээгдэхүүнүүдийг танилцуулахаар зорьж байна. Энэ удаагийн үзэсгэлэн яармагийн үеэр Тайванийн гоо сайхны бүтээгдэхүүн, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, эмнэлгийн тоног төхөөрөмж, барилгын материал, металл эдлэл, хутганы иж бүрдэл, малын нэмэлт тэжээл зэрэг бүтээгдэхүүн тавигдах бөгөөд эдгээр бүтээгдэхүүнийг сонирхож буй хувь хүн, аж ахуйн нэгж, албан байгууллагыг өргөнөөр ирж, үзэж сонирхохыг урьж байна.

Монголын аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн санхүүжилтийг нэмэгдүүлэх, Тайваниас бүтээгдэхүүн импортлоход дэмжлэг үзүүлэх үүднээс тус төлөөлөгчийн газар нь Монгол Улсын Голомт банк, Худалдаа, хөгжлийн банк, Хаан банк, Төрийн банк, Хас банк зэрэг арилжааны банкуудын төлөөллийг урин, Тайванийн Экспорт, импортын банкны Тайванийн бүтээгдэхүүн импортлох санхүүжилтийн зээлийн хөнгөлөлттэй нөхцөл, журмыг танилцуулсан болно. Тайваниас худалдан авалт хийхийг дэмжсэн энэхүү санхүүжилтийн зээлийн нийт дүн нь худалдан авалтын нийт дүнтэй адил хэмжээтэй байх боломжтой бөгөөд зээлийн эргэн төлөлтийн хугацаа нь 5 жил хүртэл байх боломжтой юм. Мөн түүнчлэн Монголын аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид Тайвань компаниас л захиалга хийсэн тохиолдолд өөр бусад улсаас бүтээгдэхүүн тээвэрлэн авч байгааг ч үл харгалзан энэхүү санхүүжилтийн зээлд хамрагдах боломжтой юм.

Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд Тайвань нь өндөр технологийн үйлдвэрлэлийн салбарт чухал үүрэг, роль гүйцэтгэж байна. Засгийн газрын зүгээс уламжлалт үйлдвэрлэлийн салбарын бүтээлч байдал, өөрчлөлт шинэчлэлийг дэмжиж байгаа тул Тайванийн уламжлалт үйлдвэрлэлийн салбарын бүтээгдэхүүнүүд ч бас зарим улс орнуудын сайшаалыг нийцсэн хэвээр байна. Энэ удаагийн үзэсгэлэн яармагт оролцох аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид нь Тайванийг төлөөлж чадахуйц, шагнал урамшуулал хүртэж байсан шилдэг бүтээгдэхүүнийг нийтэд толилуулах бөгөөд Монгол орны аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч нартай урт хугацааны, ойр нягт харилцаа холбоо тогтоохыг чухалчилж буй ажээ.

Categories
мэдээ нийгэм

Ил задгай худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагааг зогсоов

Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтжин” худалдааны төвийн урд талбайд зөвшөөрөлгүй худалдаа, “Содон бөмбөгөр” орчмын ил задгай худалдаа үйлчилгээ эрхэлж байсан иргэдийн үйл ажиллагааг зогсоолоо.

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2017 оны наймдугаар сарын 25-ны өдрийн А/134 тоот тушаалын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Газрын алба, хоёрдугаар хорооны Засаг даргын Ажлын албатай хамтран газар чөлөөлөх ажлыг зохион байгуулж байна.

Categories
мэдээ спорт

“Turkish Airlines World Golf Cup –Ulaanbaatar 2017”-д Н.Цогтоо аваргаллаа

“Turkish Airlines World Golf Cup-Ulaanbaatar 2017” гольфын тэмцээн “Mount Bogd Golf Club”-т боллоо. Тус тэмцээнд Монголын шилдэг 68 тамирчин өрсөлдсөнөөстэргүүн байрт Н.Цогтоо шалгарсан бөгөөд “Турк Эйрлайнс”-ын Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын захирал Али Өздэмир түүнд “Turkish Airlines World Golf Cup”-ын ДАШТ-д оролцох эрх болон замын зардал, таван одтой “Титаник” зочид буудалд байрлах эрхийн бичиг гардуулав.

"Turkish Airlines World Golf Cup –Ulaanbaatar 2017"-д Н.Цогтоо аваргаллаа"Turkish Airlines World Golf Cup –Ulaanbaatar 2017"-д Н.Цогтоо аваргаллаа

“Turkish Airlines World Golf Cup”-ын ДАШТ нь Туркийн Анталяа хотод арваннэгдүгээр сарын 5-нд болох юм. Удаах байрт орсон тамирчдад “Turkish Airlines World Golf Cup” нь 2013 оноос дэлхийн даяар зохион байгуулагдаж буй гольфын цуврал тэмцээн юм. Одоогоор дэлхийд хамгийн нэр хүндтэй гольфын клуб бөгөөд 62 оронд 100 гаруй тэмцээнийг зохион байгуулаад байна. Энэхүү тэмцээн нь манай улсад анх удаа болж байгаа нь энэ.

"Turkish Airlines World Golf Cup –Ulaanbaatar 2017"-д Н.Цогтоо аваргаллаа

Categories
мэдээ нийгэм

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна

Монголд анх удаа Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн “Investigative journalism dialogue” Олон улсын хурал болж байгаа билээ. Тус хурал өнөөдөр хоёр дахь өдрөө “Кемпински” зочид буудалд үргэлжилж байна.

Хэвлэлийн хүрээлэн, ХБНГУ-ын Дойче Велле академи болон “Монгол” телевиз хамтран зохион байгуулж буй тус хуралд гадаад дотоодын 100 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм. Хурлын эхний өдөр буюу өчигдөр “Бие даасан, хараат бус эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төвийн үүрэг” сэдвийн хүрээнд БНСУ-ын Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн Ньюстапа төв, Японы Васеда Хроникл төв болон ОУ-ын Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн сүлжээг товч танилцуулсан. Үүний дараа тус сэдвийн хүрээнд Хэвлэлийн хүрээлэнгийн захирал М.Мөнхмандах, БНСУ-ын Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төвийн сэтгүүлч Ёнг Жин Ким болон ХБНГУ-ын сэтгүүл зүйн багш, судлаач Маркус Линдеман оролцогчдын асуултад хариулсан билээ. Мөн “Монголыг эрэн сурвалжлахуй” сэдвийн хүрээнд туршлага солилцож, хэлэлцүүлэг өрнүүлсэн.

Тэгвэл өнөөдөр “Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн сургалт, зөвлөн чиглүүлэх үйл ажиллагааг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх вэ” хэлэлцүүлгээр үргэлжилж байгаа аж. Тус хурлын гол зорилго нь гадаад, дотоодын эрэн сурвалжлах сэтгүүлчид туршлага солилцож, олон улсын зөвлөх багш нар эрэн сурвалжлах арга зүйн зөвлөмж өгөх юм. Тухайлбал, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн бие даасан, хараат бус төв байгуулан ажиллуулж буй бусад улс орны сайн туршлага, нээлттэй мэдээллийн санг хэрхэн үүсгэх, түүнийг ашиглахын давуу тал, эрэн сурвалжлах бүтээлийг хэрхэн санхүүжүүлэх болон цахим орчинд мэдээлэл хайх, нягтлан шалгах арга барил зэрэг асуудлаар сайн туршлагаас суралцаж, сонирхсон асуултдаа хариулт авах боломжийг сэтгүүлчдэд олгох аж. Түүнчлэн, хуралд оролцогчид эрэн сурвалжлах сэтгүүл зүйн онцлог, Монголд эрэн сурвалжлага хийх боломж ба бэрхшээлийг хэлэлцэж, тэдгээрийг шийдвэрлэх арга замуудыг хамтдаа эрэлхийлэх юм байна.