Categories
мэдээ цаг-үе

Залуу эрдэмтэн Д.Заяабаатарынд өнжлөө

Амралтын өдрөөр нэлээд эртлэн “Олимп” хотхоныг зорьж нэгэн айлын хаалга тогшлоо. Биднийг хүлээж байсан бололтой “Хэн бэ” ч гэж асуусангүй гэрийн эзэн уриалгахан хаалга тайлав.Дуу хоолой цалгиун, алхаа гишгээ хөнгөн, үйл бүтээл арвин энэ эрхмийг Далайн Заяабаатар гэдэг. Заяабаатар Монголын залуу эрдэмтдийн төлөөлөл, монгол судлал, хэл шинжлэлийн салбарт хүчин зүтгэж яваа хүмүүсийн нэг билээ.

Тиймээс энэ удаагийн “Танайд өнжье” булангаа залуу эрдэмтний гэрээс бэлтгэхээр ирсэн нь энэ. Түүний товч танилцуулгыг хүргэвэл монгол хэл-уран зохиол судлаач, багш мэргэжилтэй, МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн захирал, хэл шинжлэлийн ухааны доктор (Ph.D), Монгол Улсын ерөнхий сайдын дэргэдэх Монгол судлалын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга гээд хашиж буй албан тушаалыг нь тоочоод барамгүй аж. Монгол Улсын ардын багш, төрийн шагналт, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Шаравын Чоймаа түүний нагац гээд удам дамжсан бичгийн хүмүүн гэж ч хэлж болох байх.

Гэрийн эзэд биднийг ирэхээр хамт өглөөний ундаа уухаар хүлээж байж. Ингээд хоолны ширээний ард хэсэг тухлан хөгжилтэй яриа дэлгэв. Д.Заяабаатарын эхнэрийг М.Түмэнжаргал гэдэг. Түмэнжаргалын аав багш мэргэжилтэй Х.Мягмардаш гэж хүн байдаг бол ээж нь малын эмч мэргэжилтэй Ж.Баасанхүү гэж хүн бий. Өдгөө алтай хотдоо амьдарч байгаа аж. Залуу хос ихэр хүүтэй.

Ихэр хөвүүдийн нэрийг Дөлгөөн, Долгион гэдэг юм байна. Өнөө жил есдүгээр ангид орно. Зэрвэс харахад андуурахаар ч тогтож ажиглавал Дөлгөөн ах нь учир арай биерхүү. Гэрийн эзэн Заяабаатар “Сүүлийн үед манай гэрийнхэн бууз, хуушуур, шөлтэй хоол гээд элдэв амтлагчгүй хоол идэхийг илүүд үзэх болсон.

Намайг урилгаар Солонгост багшилж байхад манай хэд кимчинд орохоо шахсан. Тухайн үед монголчууд ер нь солонгос хоолонд их дурлаж байлаа. Одоо харин монгол үндэсний хоолоо идэх их сонирхолтой болж” гээд өмнөө тавьсан тавагтай бууз руу заагаад Дөлгөөн хүүдээ хандан “Хоол сайн идэж харагдахгүй юм. Дахиад хоёрыг идчих” гэв. Энэ хооронд гэрийн эзэгтэй “Дөлгөөн Хойд солонгосын асуудал юу болж байна” хэмээн яриа дэлгэв. Хоёр ихэр хоёулаа япон хэлний мэдлэгтэй. Ялангуяа Дөлгөөн Японы сувгаар гарч буй мэдээ үзэх дуртай. Япон хэлээр дамжуулж буй гадаад мэдээг их сонирхдог аж. Тэр дундаа Хойд Солонгосын тухай мэдээллийг илүү сонирхдог гэнэ.

Дөлгөөн “Хойд Солонгосын удирдагч Ким Жөн Ун пуужин харвах туршилтаа түр зогсоогоод байгаа. Учир нь Америкийн ерөнхийлөгч Трампт энэ байдал нь таалагдаагүй. Бусад орнууд ч гэсэн Ким Жөн Уны гаргах шийдвэр, үйл хөдлөлийг их сонирхож байгаа” хэмээн дэлхий дахинаа өрнөж буй сүүлийн үеийн мэдээллээс ширээ тойрон суух хүмүүст сонирхуулав. Хоёр хүүгийн өрөөний хаалган дээр японоор “Осакагийн их сургуульд сурна” гэсэн бичиг наасан байлаа. Дөлгөөн, Долгион хоёр япон хэлний хамгийн дээд түвшний оноог өнгөрсөн жил авч чаджээ. Түүнчлэн физикийн хичээлд сонирхолтой төдийгүй чөлөөт цагаараа сагс тоглох дуртай юм байна.

Ингээд ундны дараа гэрийн эзний хамт номын өрөөнд нь зочиллоо. Учир нь залуу эрдэмтний гэрт зочилсон хэн ч бай номын өрөөнд нь саатахаас аргагүй. Номын сан дахь номыг тоолоод барамгүй. Гэхдээ их эмх цэгцтэй. Тэрээр ном болгоныг цуглуулаад байдаггүй. Зөвхөн өөрийн ажил мэргэжилд хэрэгтэй, чухал гэснийг л худалдаж авдаг. Эсвэл найз, нөхөд, багш нар нь бэлэглэдэг гэнэ. Номын шүүгээний наад буланд япон хэлний ном товхимол их харагдах аж. Хоёр хүүгийнх нь уншдаг номууд гэнэ. Бичгийн хүн болоод ч тэр үү гэрийн тохижилт их энгийн. Бурхан шүтээн гээд сүйд болдоггүй гэнэ. Зочны өрөөнд өвөөгийнх нь зураг байх бөгөөд жаазны дээр сэмэрч гандсан цагаан саарал хадаг харагдана.

Ардын багш Ш.Чоймаагийн хамт

Өвөөгийнх нь барьж байсан хадгийг ээж нь хүүдээ уламжлуулсан аж. Энэ гэрийн ганц шүтдэг бурхан бол өвөөгийнх нь хөрөг. Түүний өвөөгийн алдар нэрийг Шарав гэх бөгөөд нутгийн зон “Цагаанморьт” лам ах гэж авгайлан дууддаг байжээ. Д.Заяабаатар энэ тухай “Өвөө маань нэртэй лам хүн байсан юм билээ. Манай гэрийн ганц шүтдэг бурхан энэ зураг. Хөдөө, гадаа холыг зорихоор бол өвөөгийнхөө зурганд залбираад л гарна. Залуу улс мэдэхгүйгээсээ болж бурхан тахил буруу залчихвий гэж санаа зовдог юм. Ер нь хэдэн номоос өөр хүнд сонирхуулаад байх цуглуулга, хобби болсон юм байхгүй дээ. Харин хэл шинжлэл, сурвалж судлалын сонин содон ном бол бий шүү. Номын мөр хөөсөн бид чинь ном харж, ном ярьж баярлана. Хамгийн хүндэтгэлтэй, үнэ цэнтэй бэлэг ном. Басхүү номоо өгсөнгүй гэж нэгэндээ туньж гоморхоно” хэмээн инээмсэглэв. Түүний бусдаас авч байсан хамгийн том бэлэг нь Хөдөлмөрийн баатар Т.Дашцэдэн багш нь өөрийн хэрэглэж байсан хэл шинжлэлийн чиглэлийн ховор номуудаа өвлүүлэн үлдээсэн явдал гэнэ. Бичгийн хүрээнийхний дунд ховор, нандинд тооцогдох ном, бүтээлийг шавьдаа өвлүүлэн, захиж үлдээх ёсон бишгүй бий гэсэн. Энэ мэтчилэн сонин содон зүйлээс хөврөх яриа залуу эрдэмтний номын мөр хөөх болсон тэр он цаг руу эргэлт буцалтгүй оров.

СУМЫН ЗААНЫ ХҮҮ БИЧИГ, НОМЫН МӨР ХӨӨСӨН ТҮҮХ

Заяабаатар Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул. Түүний эцэг Ж.Далай сумын заан цолтой бөх төдийгүй хурдан моринд хорхойтой нэгэн байжээ. Харин эх нь Ш.Гампил нь нас сүүдэр 70 гарсан бөгөөд өдгөө ч Шарга сумандаа малын буян заяагаа түшиж яваа аж. Эхээс наймуулаа тэрбээр “Би одонгийн хүүхэд байхгүй юу” хэмээн хошигнох. Хөдөө нутгийн хүүхдүүд хангай, говиороо л ялгаатай болохоос биш өсч торнихдоо хийсч, тоглож гүйсэн ерөнхий дүр зураг адилхан хойно. Заяабаатар ч мөн Шаргын говийн халуунд халж, чөмөг царцам хүйтэн өвөлд жиндэж эрийн цээнд хүрсэн нэгэн. Харин эцэг эх нь олон хүүхдийнхээ дундаас онцгойлон хайрлаж хонь муулахаас эхлээд хуруу эвдрэх ажил хийлгэдэггүй байж. Одоо ч найз нөхөд нь хөдөө өссөн гэхэд хүүхэн хүнийх шиг гартай гэж цаашлуулдаг байна. Багынхаа дурсамжийг Заяабаатар ийн хуваалцав. “Аав маань их сайхан, хөдөөний хээгүй цөлх эр байлаа. Сумын заан гэдэг чинь зэлүүд нутгийн бидэнд тухайн үедээ улсын аваргатай л дүйх цол шүү дээ. Миний аав тийм л олон түмэнд хүндлэлтэй хүн байлаа. Харин би багаасаа бие жижиг болоод ч тэр үү барилдах, ноцолдоход огт сонирхолгүй байсан.Хурдан морь бол олон жил унасан шүү. Ер нь их хөдөлгөөнтэй хүүхэд байсан.

Гэхдээ найман наснаас урагших зүйлээ нэг их санадаггүй. Бодвол дурсаж санахаар онц гойд зүйл болоогүй юм байлгүй” гэж гэр дэх хүмүүсийг хөгжөөгөөд авлаа. Түүний санаанд үлдсэн тод дурсамж нь өсвөр насандаа голынхоо малчидтай тэмээгээ хураах аянд мордох ажил байлаа. Зундаа тэмээн сүрэг зэргэлдээ сум дамнан бэлчээрлээд явчихдаг байж. Харин намар гол саахалтаараа тэмээгээ хураахаар хэд хоногийн аянд хэдэн боорцог, ааруул өвөртлөөд л хээрээр гэр хийн явдаг байсан нь Заяабаатарт их сайхан санагддаг байжээ. Заяабаатарын хувьд Шарга суманд есдүгээр анги дүүргээд аймгийн төвд арван жилээ төгсчээ. Ингээд Алтайгаас Улаанбаатарын зүг эрдэм өвөртлөхөөр ирсэн байна. Аав нь түүнд цаг ямагт “Миний хүү багш болох ёстой” гэж захидаг байж. Тухайн үед хамгийн өв тэгш, үлгэр дуурайлал болсон хүмүүс бол багш нар байлаа. Тиймээс малчны хүү тэр мундаг хүмүүс шиг болно гэсэн мөрөөдөл өвөртлөн их хотыг зорьсон бололтой.

Шинжлэх ухааны гавьяат ажилтан, доктор профессор С.Дуламын хамт

ЭРДМИЙН ТАНХИМААСЭХНЭРЭЭЧ, ЭРДЭМ НОМОО Ч ОЛЖ АВСАН ОН ЖИЛҮҮД

Анх Заяабаатар МУИС-ийн түүхийн ангийн хуваарь авчээ. Сургуульдаа орохоор ирэхэд нь түүний нагац Чоймаа кирил бичгээр бичсэн жижиг текст монгол бичгээр буулгаадах гэсэн даалгавар өгч. Хөрвүүлгийг нь улаан эрээн болгож зассан боловч магтаал зэмлэл алиныг нь ч хэлсэнгүй. Маргааш нь МУИС-д дагуулж очоод түүхийн анги биш монгол хэл, уран зохиолын анги руу оруулсан аж. Ингээд1998 онд монгол хэл, уран зохиолын ангийг төгссөн байна. Тэрээр эхнэр Түмэнжаргалтайгаа нэг ангид сурдаг, басхүү оюутны байранд амьдардаг байсан гэнэ. Ингээд хосууд гуравдугаар курсээсээ албан ёсоор үерхэж эхэлсэн түүхтэй. Харин сургуулиа төгсөөд Заяабаатар Говь-Алтай аймагтаа хуваарилагдсан байна. Учир нь тухайн үедээ төрийн зээлээр сурсан бөгөөд хуваарилагдсан газраа хэдэн жил ажиллаж зээл барагдах гэрээтэй. Энэ нь хот газар төвхнөх санаатай хосуудын сэтгэлийг нэлээд чилээж. Ямартаа ч тухайн үеийн аймгийн боловсролын байгууллагын удирдлагад учир байдлаа ойлгуулж,тэд дэмжсэнээр хот руу явах эрхтэй болж. Яг энэ мөчид аз болоход МУИС-ийн Эх бичиг-Алтай судлалын тэнхимд туслах ажилтны орон тоо гарчээ. Ингэж л сургуулийнхаа мэргэдийн тогоонд анх багтаж байсан түүхтэй. Хоёр жил гаруй туслах ажилтнаар нойр хоолгүй ажиллаж хичээсний эцэст магистрын зэрэг амжилттай хамгаалж, багшлах эрхтэй ч болжээ.

Багш болохын тулд тийм ч амар байгаагүй талаар тэрээр ярьсан. “Намайг МУИС-д туслах ажилтнаар ороход аз болж орон тоо гарсан. Өөр нэг хүчин зүйл бол нагац ахын дэмжлэг ч гол нөлөө үзүүлсэн байж таарна. Ямар ч байсан ажлын гараагаа их сургуулиас, туслах ажилтнаас эхлэх болсон минь их завшаантай хэрэг байлаа. Туслах ажилтан байхдаа заавал багш, эрдэмтэн болно гэж өөрийгөө хэрдээ л хурцалж суудаг байсан. Миний өдий зэрэгтэй явж байгааг нагацын дэмжлэгтэй холбон ярих егөөдөл одоо хүртэл салахгүй дагадаг л юм. Гэхдээ өөрийнхөө амьдралыг босгох, өдий зэрэгт хүрэхийн тулд хувьдаа их л хичээсэн. Хүн ер нь өөрийнхөө юу хүсч байгааг мэдэж мэдэрч, түүндээ хүрэхийн төлөө чардайх ёстой. Хүсч буй мэргэжлээрээ сурсан хүн хамгийн дээд оргилд нь хүрэхийн тулд хамаг бүхнээ дайчлах эрмэлзэлтэй байх нь чухал.

Нэг хэсэг төрөөс улсын сургуулиудыг санхүүжүүлэхээ больж сургууль сургалтын төлбөрөөрөө амь зогоох болоход мөнгөтэй л бол хүссэн сургууль, ангидаа орж болдог байлаа. Сонирхолтой, сонирхолгүй нь хамаагүй. Хуулийн анги эрэлттэй бол хүн бүхэн тийшээ зүтгэнэ. Мэргэжлээ сайн эзэмшээгүй хүн ямар нэг газар ажилд орлоо гэхэд систем тэр чигээрээ доголдоно гэсэн үг. Харин одоо овоо дээр болсон.

Хүүхдүүд мэргэжлээ сонгочихоод зорилготой орж ирж байна. Энэ бас л урагштай алхам. Хүн хүссэн мэргэжлээ хичээж эзэмшсэн л бол амжилтад заавал хүрдэг. Би ийм л замаар явж ирсэн. Бусдаас онцгой гойд төрсөндөө өдий зэрэгт хүрээгүй. Би хүсэл тэмүүлэлтэй, энэ мэргэжлийнхээ эзэн нь байхын төлөө хичээсэн учраас л тэр. Аав, ээж маань миний бичгийн хүн болох суурийг тавьж өгсөн бол олон сайхан багш нар маань намайг зөв чиглүүлж өгсөн гэж би боддог. Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт,доктор, профессор Цэвэлийн Шагдарсүрэн, Хөдөлмөрийн баатар Т.Дашцэдэн,бага ангийн багш Тэрбиш, дунд ангийн багш Чулуунбат, арван жилийн ангийн багш Чинзориг гээд олон буянтай багш нарынхаа нэрийг энд дурдаж болно. Номын багш нартаа их талархаж явдаг даа” хэмээн яриа дэлгэв.

БНСУ-д урилгаар багшилж байх үе

АЖИЛ АМЬДРАЛЫН ИХ СОРИЛТ БУЮУ ӨӨР ЕРТӨНЦ

Тэрээр 2001-2004 онд МУИС-ийн Монгол хэл судлалын сургуулийн багш 2004-2006 онд БНСУ-ын Дангүг Их Сургуульд урилгын профессор, 2006-2008 онд Монгол хэл, соёлын сургуулийн Сургалтын албаны эрхлэгч, 2008-2011 онд Монгол хэл, соёлын сургуулийн захирал, 2011-2014 онд Япон улсын Осака их сургуульд урилгын профессор, 2014 оноос өнөөг хүртэл МУИС-ийн ШУС-д профессор хийхийн зэрэгцээ Ерөнхий сайдын дэргэдэх Монгол судлалын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байна. Үүний сацуу МУИС-ийн эрдмийн зөвлөлийн гишүүн, бүрэлдэхүүний сургуулийн эрдмийн зөвлөлийн дарга, “Монгол судлал”, “Акта Монголика” эрдэм шинжилгээний сэтгүүлийн эрхлэгч, Олон улсын Монгол Судлалын холбооны зөвлөлдөх товчооны гишүүн, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдмийн зөвлөлийн гишүүн, “Хэл зохиол судлал” сэтгүүлийн зөвлөлийн гишүүн, Японы Монгол судлалын нийгэмлэгийн гишүүн, Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн гишүүн, МУИС-ийн Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга, Монгол Улсад хэл бичгийн ухааны докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүн гээд залуу хүн гэхэд ахадсан гэмээр олон сонгуульт ажилд тэрбээр сонгогдон хариуцлагатайгаар ажиллаж яваа эрдэмтний нэг юм.

Харин БНСУ, Япон улсад урилгын профессороор ажиллахдаа ажлын ч, амьдралын ч туршлага хуримтлуулсан гэх. 28-хан насандаа Солонгосын Дангүг их сургуульд урилгаар ажиллахаар очиход тэндэхийн багш нар их гайхсан гэдэг. Тус улсад дор хаяхад 35 нас хүрч байж их сургуульд багшлах хэмжээнд хүрдэг нийтлэг жишиг бий. Гэтэл Монголоос хорин хэдхэн настай залуу ирэхэд ихэд гайхаж оюутан уу гээд л асуудаг байсан гэх. Солонгосоос ирээд салбар сургуулийнхаа Сургалтын албаны эрхлэгчээр ажилласан байна. Хүний нутагт өөр орчин, шинэлэг систем олж харсан залуу эрдэмтэн ирэнгүүтээ сургуульдаа ч мөн салхи оруулахаар нэлээд хичээж. Мэдээж түүний хүсэл болгон биеллээ олсонгүй. Сургуулийнхаа сургалт, орчин нөхцөлийг дээшлүүлэх, сайжруулахад эрх мэдэл дутаж байлаа. Эрх ямбаны төлөө бус бусдаас олж харсан ололттой зүйлийг нутагшуулахын тулд түүнд тамга дарах эрх мэдэл дутагдаж байсан болоод л тэр. Тиймээс бүрэлдэхүүн сургуулийнхаа захирлын сонгон шалгаруулалтад орж, хамт олныхоо үнэмлэхүй дэмжлэгээр захирал болсон байна. Олон ч шинэчлэлийг хийж. Мэдээж хүн бүр таатай хүлээн аваагүй нь ойлгомжтой. Дөнгөж 30 гарч байгаа залууд МУИС-ийн Монгол хэл, соёлын сургуулийг удирдана гэдэг чамгүй хүнд даваа.

Энэ талаар Заяабаатар “Би уйгагүй хичээл зүтгэлийн эцэст амжилтад хүрсэн. Гэхдээ залуу хүний омголон зан бас байдаг юм билээ. Нэг ёсондоо багахан амжилтдаа ханаад биеэ тоох өвчинд автаж л байсан. Эхнэрээсээ нэг удаа хүндхэн жавтий хүртсэн. Эхнэр нэг удаа “Чи ер нь биеэ тоож, их зан суух боллоо. Одоо наад ажлаа өгөөд гадагш явж өөрийгөө жаахан зас” гэж зэмлэж билээ. Тэр зэмлэл надад яггүй хүнд туссан. Тиймээс орчноо солиод гадагш явж жаахан цэнэг авъя гэж бодох болсон.Яг энэ үеэр Япон улсын Осака их сургуулиас урилгын профессорын сонгон шалгаруулалт зарласан. 20 орчим багш шалгаруулалтад материалаа явуулж, би тэнцсэн юм. Зарим хүн намайг захирлын албан тушаалаа ашигласан гэж боддог байх. Харин миний хувьд тийм албан тушаалаа урвуулан ашиглах бодол байгаагүй, Осака их сургууль ч юу гэж тийм шалгаруулалт хийхэв. Бусдын л адил шалгаруулалтад орсон. Ингээд 2011-2014 онд гурван жил Японд гэр бүлээрээ амьдарсан. Өөрийгөө нэг сайн чагнаж, оношилж, их ч зүйлийг сурсан даа” гэв. Харин хажуугаас эхнэр Түмэнжаргал “Харин аавыгаа дагаж явсан бид гурав нэг хэсэг нусаа хацартаа наасан. Хоёр хүү маань дөнгөж нэгдүгээр ангиа төгсөхөд Япон явсан. Томчууд ч яахав аливаад дасахад амархан. Харин хоёр хүү маань хэлний бэрхшээлээс эхлээд олон сорилттой тулгарсан. Гэхдээ аавтайгаа адилхан юм сурахдаа онцгой юм шиг байгаа юм. Зургаан сарын дотор чөлөөтэй япон хүүхдүүдтэй ярилцдаг болсон. Багш нь “Ийм онцгой ой тогтоолттой хүүхдүүд төрүүлсэн эцэг, эхэд нь баярлалаа” гэж хүртэл талархал илэрхийлсэн шүү. Гэвч орчиндоо яг дасч ирэхэд бид хэд нутаг буцах болсон. Энд ирээд дахиад л орчин солигдож, хүнд байсан” хэмээн ярив.

Заяабаатар доктор “Би үндсэндээ энэ гэрт үүрэг оролцоо багатай. Олсон хэдэн төгрөгөө сардаа тушаах үүрэгтэй. Харин хоёр хүүгийн хичээл сурлага, гэр орны ажил төрлийг Түмээ маань л амжуулдаг. Эр хүний амжилт эхнэрээс нь шалтгаалдаг гэдэгтэй би маргахгүй санал нийлнэ шүү” гэж ирээд инээлдэв. Эхнэр М.Түмэнжаргал нөхөртэйгээ монгол хэлний анги хамт төгссөн ч МУИС-д санхүү, эдийн засгийн мэргэжлээр сурчээ. Улмаар Үндэсний стандартчилал хэмжил зүйн газарт нягтлангаар ажиллаж байгаад нөхрийнхөө томилгоог дагаж Япон явсан аж. Хоёр ихэр “Шинэ Монгол” сургуулийн есдүгээр ангид орох тул нааш, цааш сургууль, дугуйланд хүргэж өгөх их ажилтай. Харин үүнээс өмнө хоёр хүүхдээ агаарт гаргах ажилтай гэсээр бидний яриа өндөрлөв.

Categories
мэдээ цаг-үе

Дугаарын хязгаарлалттай өдөр хөдөлгөөнд оролцвол сануулга өгөх нь зөв шийдвэр

НИТХ-ын 2012 оны шийдвэрээр тухайн оны есдүгээр сараас автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор замын хөдөлгөөнд хязгаарлалт хийж эхэлсэн билээ. Уг шийдвэрийг Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд нийслэлд бүсчлэл тогтоон хэрэгжүүлсэн юм. Ингэхдээ зун, өвлийн цагийн хуваариар мөрдөж байгаа. Шийдвэр хэрэгжсэнээс хойш авто замын хөдөлгөөний ачаалал 20-30 хувиар буурсан гэдэг. Иргэд ч уг шийдвэрийг нааштай хүлээж аваад хэдийнэ дасал болчихсон. Хэрэв дугаарын хязгаарлалттай өдрөө хөдөлгөөнд оролцвол замын цагдаа найман мянган төгрөгөөр торгодог байв. Харин УИХ-аар баталсан Зөрчлийн тухай хуульд энэ талаарх хуулийн хариуцлагын заалт тусгаагүй ажээ. Тиймээс дугаар нь явдаггүй өдрөө хөдөлгөөнд оролцвол цагдаа нарын зүгээс анхааруулга өгөөд явуулж байгаа гэнэ. Уг шийдвэр тун зөв юм. Учир нь манай цагдаа нараас юм л бол торгоно, шийтгэнэ гэсэн хандлага ажиглагддаг. Бүсээ зүүгээгүй, утсаар ярьсан, дохио өгөөгүй гэхчлэн ялих шалихгүй асуудлыг ч уулын чинээ болгоод заавал торгож байж явуулна. Анхааруулга өгөөд, сануулаад явуулна гэх ойлголт ер нь бол байсангүй. Ихэнх жолооч нарын хувьд замын хөдөлгөөний дүрмийг ягштал баримталдаг, зөрчил гаргахгүй байхыг хичээдэг. Харин ганц нэгхэн удаа санамсаргүйгээс болоод өчнөөн мянган төгрөгөөр торгуулах харамсалтай байдаг юм. Тиймээс анхааруулга, сануулга өгдөг шинэ дүрэм иргэдэд тун ээлтэй болжээ. Тэгээд ч цагдаа нарын үндсэн үүрэг бол торгож, шийтгэх биш анхааруулга өгч сануулах. Эхний удаа зөрчил гаргасан жолоочид зөвлөгөө өгч анхааруулаад явдаг байх ёстой. Одоо үед замын цагдаа нар хөдөлгөөний зохицуулалт хийхээс гадна юм л бол жолооч нарыг ээрч зогсоо харагддаг. Үнэмлэх бичиг баримтыг нь хурааж авчихаад яах гэж байгаа нь мэдэгдэхгүй дагуулаад алхаад л байна. Ер нь хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарыг заавал машинаас нь буулгаж өөрийгөө ээрүүлдэн зогсоох хэрэг байдаг ч юм уу, үгүй ч юмуу. Харин түүнийхээ оронд анхааруулга өгдөг тодорхой үе шаттай болмоор байна. Тухайн жолооч хэд дэх удаагаа зөрчил гаргаж байна вэ гэдгийг системдээ тэмдэглээд авчихдаг байх хэрэгтэй. Гурав ба түүнээс олон удаа зөрчил гаргасан бол өчиггүй торго. Сануулаад, хэлээд, анхааруулаад байхад үл тоож зөрчлөө давтсаар байгаа бол торгуулж байгаа жолоочид ч гомдолгүй. Дугаарын хязгаарлалтын сануулгыг ч гэсэн энэ жишгээр баримталдаг болмоор байна. Яахав зарим нэг хувиа хичээсэн хүмүүс торгохгүй юм чинь гээд дугаарын хязгаарлалттай өдрөө хөдөлгөөнд оролцох гэх л байх. Тэдэнд сануулга өгснөө бүртгэлдээ тэмдэглээд авчих. Дараагийн удаа дахиад тийм тохиолдол гаргавал хатуу анхааруул. Харин гурав дахь дээрээ торгочихож болно. Торгохдоо бүр өндөр дүнтэй байхад гэмгүй. Заавал цагдаагаар дүрэмдүүлэх биш өөрийн ухамсраар хөдөлгөөнд оролцдог хүнийг хотын соёлтойд тооцъё. Нийслэлийн Засаг дарга ч гэсэн дугаарын хязгаарлалтын тухай журмыг батлахдаа иймэрхүү зүйлийг давхар бодолцох хэрэгтэй. Угаасаа хотын дарга тун удахгүй дугаарын хязгаарлалтын журмыг шинээр батлах юм гэсэн. Тэр үед иргэдээс саналыг нь авахаар төлөвлөж байгаа юм билээ. Шинээр батлах журамдаа торгож, шийтгэхийг урьтал болголгүйгээр сануулж, анхааруулахыг тэргүүнд тавиасай.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Аврагчийн дүрээр ирсэн ОУВС ер нь яах гээд байна?

Тээр жилийн цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалаас хойш Монгол Улс маань Төв банк, арилжааны банкууд гэсэн банкны хоёр шатлалт тогтолцоотой болсон билээ. Эхнийх нь бодлого боловсруулан хэрэгжүүлэх зохицуулагчийн чиг үүрэгтэй, сүүлийнх нь иргэдийн итгэлийг нь татсаны үндсэн дээр тэднээс мөнгөн хуримтлал буюу хадгаламжийг нь татаж, түүнээсээ эдийн засаг дахь санхүүгийн хэрэгцээтэй хэсэгт нь зээл өгч, дундаас нь ашиг олдог ашгийн төлөө хуулийн этгээд болсноос хойш олон ч жил өнгөрч.

Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монголын эдийн засаг 30 дахин, гадаад худалдааны нийт эргэлт 10 дахин, улсын төсвийн орлого 40 дахин томорчээ. Ийнхүү аж ахуйн нэгжүүдийн бизнесийг санхүүжүүлж, иргэдийн санхүүгийн хэрэгцээг хангаж, ажлын байрыг нэмэгдүүлж, улсын төсвийн орлогыг өсгөж, эдийн засгийг томруулахад арилжааны банкууд “эдийн засгийн амин судас нь”, “судсаар гүйгч цусны эргэлтийг тасралтгүй хангагч нь” гэдэг утгаараа хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн байгууллага гэдэг нь маргашгүй үнэн юм.

Монголын банкууд энэ хугацаанд олон ч хямралын нүүр үзсэн юм. Банк санхүүгийн системийг бүхэлд нь хамарсан анхны хямрал 1997-1998 оны Азийн хямралтай давхацдаг бөгөөд 1996-2000 оны нэн хүнд бэрх цаг үед олон ч банк дампуурлаа зарлаж үүд хаалгаа барьсан байдаг. Дараа нь 2009 оны эдийн засгийн хямралаар Анод, Зоос гэх хоёр банк татан буугдаж, тэр нь банкны систем бүхэлдээ тогтворгүй байдалд ороход нөлөөлж байлаа. Тухайн үед банкуудын өөрийн хөрөнгө нь Монголбанкнаас тавьдаг шаардлагад ч хүрэхгүй болж, салбар бүхэлдээ хямралд өртөж байв. Хамгийн сүүлд 2012-2016 онд эдийн засгийн асар удааширсан, гүнзгий хүндрэл болоход харин ч банкны систем элдэв янзын эрсдэлд нэрвэгдэлгүй харьцангуй тогтвортой үлдэж чадав. Монголын бүх иргэн, аж ахуйн нэгжүүдийн мөнгө найдвартай хадгалагдсан хэвээр байв. Үүнд нэг талаас зохицуулагч байгууллагын хэрэгжүүлсэн бодлого нөлөөлсөн байх. Нөгөө талаас өмнө нь олон ч хямралын нүүр үзэж хатуужсан, “ухаан сууж” туршлагажсан банкууд өмнөх алдаагаа давтаагүй, эрсдэлээ сайн удирдаж ажилласан нь нөлөө үзүүлсэн нь дамжиггүй.

Ямар ч гэсэн сүүлийн 4-5 жилийн асар хэцүү цаг үеийг банкууд, тэдэнд мөнгөө хадгалуулсан иргэд, аж ахуйн нэгжүүд, банкнаас зээл авсан айл өрх, компаниуд маань давж гарчээ. Үүнийг банкуудын өөрийн хөрөнгө хүрэлцээтэй, иргэдийн анхны шаардлагаар мөнгийг нь гаргах, төлбөр гүйцэтгэх чадвар өндөртэй, чанаргүй зээл нь өссөн ч, тэрнийгээ тогтоон барьж удирдаж, цаашилбал чанаргүй зээлээ бууруулж чадаж байгаа, банкуудын олгож байгаа зээл өсч байгаагаас нь харж болно. Юутай ч 2009 оны хямралаас хойшхи хугацаанд Монголын банкуудын олгосон зээл тав дахин, нөөц хөрөнгө найм дахин, нийт хөрөнгө долоо дахин, банкуудад дотоодын иргэн, аж ахуйн нэгжийн хадгалуулсан мөнгө долоо дахин өсчээ. Эдийн засгийн өсөлт 17 хувиас нэг хувь болсон онцгой нөхцөлд ч банк тогтвортой үйл ажиллагаатай, боломжийн сайн үзүүлэлттэй ажиллаж ирлээ. Үүнийг мэргэжлийн хүмүүс эрсдэл даах чадвартай гэж нэрлэдэг. Мэдээж үүнд хямралын үед банкны системээ бүхэлд нь аварч авч гарах Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ, Төв банкны бодлого, шийдвэрүүд чухал нөлөөтэй байсныг хэлэх хэрэгтэй. Одоо бас юм бүхнийг үгүйсгэн харлуулж, цөөхөн монголчууд бие биенийхээ хийснийг муулж суух нь утгагүй юм. Хийсэн ажлыг хийснээр нь хүлээн зөвшөөрч сурах хэрэгтэй. Юу ч гэлээ хэдэн банкууд маань өнгөрсөн дөрвөн жилийн турш эдийн засагт тохиолдсон хар шуурганд нэрвэгдэж үхэж үрэгдсэнгүй, амиа аваад эсэн мэнд гараад л ирж. Амиа аварч гараад зогсохгүй Монголын эдийн засгийг цаашид улам томруулах их үйлсийг санхүүжүүлэхэд бүрэн бэлтгэлтэй, итгэлтэй, найдвартай харагдана.

Гэтэл 2016 оны сонгуульд ялалт байгуулсан, түүндээ хахаж цацсан, дангаараа эрх баригч МАН өнгөрсөн хугацааг үнэн зөвөөр үнэлж цэгнэхийн оронд, хямралын хүнд бэрх цаг үед олсон ололт, хүрсэн үр дүнг бататган үргэлжлүүлэхийн оронд, хийж чадаагүйг нь хийхийн төлөө зүтгэхийн оронд яг юу хийчвээ? Тэд өнгөрсөн бүхнийг буруутган яллах хийрхэл, солио өвчинд автаж, сүүлдээ жил хүрэхгүй хугацаанд бие биеэ албан тушаалын төлөө хөнөөх ажилд ханцуй шамлан орсоор бүтэн жилийн нүүр үзэв.

Тэд хямралын шалтгаан, үр дагавар, хямралын үеийн бодлогыг ойлгож мэдэх чадваргүй, ямар ч мэдлэггүйгээс болж жинхэнэ бодлогын алдаануудыг шат дараатай гаргаж эхэллээ. Үүний нэг нь эдийн засгийн хямралаас гаргагч аврагч бурхнаар Олон улсын валютын санг өргөмжилж, хэрвээ валютын сантай тохирсон үүрэг амлалтаасаа одоо буцвал дэлхийд, олон улсын хөрөнгө оруулагчдад, донор орнуудын Засгийн газарт, Монголтой эдийн засгийн харилцаанд ордог бусад орнуудад хамгийн муухай харагдах эрсдэлтэй байдалд Монгол Улсыг оруулж орхив. Олон улсын валютын сангаас мөнгө л авч байвал юуг ч байсан хамаагүй зөвшөөрөв. Эдгээрийн нэг нь татвар нэмэх бодлого байсан. Бүтэн 4-5 жил зовж зүдэрч, арай гэж амиа авч гарсан, орлого нь өсөөгүй ард иргэдээ, аж ахуйн нэгжүүдээ татвараар дарамтлаад, эрх баригчид өөрсдөө харин зардлаа багасгав уу гэтэл үгүй. Төсвөөс санхүүжүүлдэг хөрөнгө оруулалтуудыг царцааж, хүүхдүүдийг алагчлан үзэж, ахмадуудын тэтгэврийн насыг нэмж доромжлов. Гаргасан шийдвэрүүд нь ямар ч насгүй, эргэж буцсан шинжтэй байгаагаас олон нийтийн дургүйцэл, уур бухимдлыг төрүүлэв. Төрийн гэх шийдвэр бүр шүүх дээр очоод унадаг болов. Төр гэж байгаа юмуу гэдэгт хүртэл эргэлзээ үүсч тэр нь дэврэв.

Олон улсын валютын сангаас мөнгө л авч байвал банкны систем яах ийх нь хамаагүй гэж МАН үзэв. Эрх баригчдын сонгон шалгаруулсан Чехийн PWC гэх аудитын компани Монголын банкуудын зээлийг гадаадын стандартаар үнэлэх ажлаа нэгэнт эхлүүлжээ. Бүх зээлээ америк, европ стандартаар гаргадаг Монголын арилжааны банк гэж байхгүй нь ойлгомжтой. Тиймээс энэ шалгалт бүх банкинд бага зэрэг сөрөг, эсвэл сөрөг, эсвэл дэндүү сөрөг гэсэн нөлөө үзүүлэх нь дамжиггүй.

Мэдээж энэ шалгалтын мөрөөр банк болгонд өөр өөр үр дүн гарах байх. Гэхдээ л энэ шалгалтын дараа ашиг нь, өөрийн хөрөнгө нь, олгох зээл нь нүд ирмэх зуур шууд өсч, зээлийн хүү нь шууд буурчих нэг ч банк байхгүй. Зарим банкны хийсэн гэх ашиг нь тэглэгдэж алдагдалд орох биз. Зарим банкны өөрийн хөрөнгө буюу эздийн мөнгө дутагдаж, банкаа цааш оршин тогтнуулахын тулд хаанаас ч юм шинээр мөнгө олох шаардлага ч тавигдах байх. Зарим банк шууд татан буугдах ч биз. Ер нь олон улсын туршлагаас үзэхэд нэг иймэрхүү л юм болсон байдаг юм билээ. Юутай ч энэ үнэлгээ Монголын банкны системд эерэг нөлөө үзүүлэх гэхээсээ системийг бүхэлд нь муухай харагдуулах, системийн нэр хүндийг доройтуулах, банкууддаа шалгалт хийдэг Төв банкны нэр хүнд, түүнд итгэх итгэлийг бууруулах, бүр цаашилбал банкны системийг задалж нураах үр дагавар үүсгэх ч нигууртай байж болзошгүй. Бусад оронд ч бас ийм зүйл тохиолдож байжээ. Гэхдээ мөнгөтэй, хуримтлалтай оронд тэрнийг нь тэсвэрлээд даваад гардаг, шалгалтаас тэсч үлдсэн банкууд нь цаашлаад банк чигээрээ өсч хөгжөөд явдаг л юм байна. Харин мөнгөгүй, хуримтлалгүй Монгол шиг жижиг оронд банкууд, тэдний харилцагчид голдуу хохироод үлдэх вий дээ. Бүхнээ гадныхнаар заалгаж, бүх бодлогоо гадныханд өгчихсөн МАН үндэсний эрх ашгаа хамгаалж үлдэх үү? Эргэлзэж л байна.

Одоо нэгэнт галт тэрэг хөдөлсөн тул банкуудад хийж буй шалгалтыг аль болох хохирол багатай даван туулах ёстой болж байна. Эс бөгөөс энэ нь системийг тэр чигт нь нурааж ч мэдэх юм. Үеийн үед Төв банкууд өөрийн санхүүгийн салбарын тогтвортой байдлаа эрхэмлэн өмгөөлж хамгаалж ирсэн байдаг. Монголд 1996-2016 онд Монголбанкны Ерөнхийлөгчөөр таван өөр хүн ажиллажээ. Тэд банкны системийн тогтвортой байдал буюу эдийн засгийн амин судсыг хамгаалан бэхжүүлэх, тэр судсаар гүйх мөнгөн урсгалыг тасалдуулалгүй тасралтгүй явуулах хуулиар олгогдсон өөрсдийн үүргээ ухамсарлан ажиллаж ирсэн байлтай. Харин энэ удаад хэрхэхийг харах л үлдлээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Хонхолзсон гэдэстэй багш нар” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 24 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.


Манай сонины тэргүүн нүүрэнд уламжлал ёсоор “’Танайт өнжье” булангаа онцлон хүргэж байна. Энэ удаад Монголын дуурийн урлагийн алдан үеийнхний ар дээр шил даран гарч ирсэн цөөн уран бүтээлчдийн нэг Сэлэнгийн “том” Төрөө буюу Балжиннямын Баттөрийн гэрт зочиллоо. Эрхэм уншигч та хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болж байдаг алдарт гуравдугаар нүүрэнд сэтгүүлч М.Мөнхцэцэгийн “Хонхолзсон гэдэстэй багш нар” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Хууль, эрх зүйн дөрөвдүгээр нүүрнээс Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаагийн ярилцлагыг сонирхон хараарай. Тэрбээр “Залуус өрх гэрээ өөд татдаг, үр хүүхдээ төрүүлж өсгөдөг үе дээрээ салж, сарних шийдвэр гаргаж байгаа нь тун харамсалтай” хэмээн онцлон хэлсэн байна.

17 дугаар нүүрнээс Дэлхийн гарамгай найрагч Долгорын Нямаа гуайн талаарх хөрөг нийтлэлийг унших боломжтой.

Сүүлийн жилүүдэд хосолмол хөдөлгүүртэй автомашин хэрэглэгчдийн тоо эрс нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор “приус”-тай жолооч нарт зориулж, бартаат зам болон усаар хэрхэн туулах талаар зөвлөлөө. Эрхэм жолооч та бүхэн энэхүү зөвлөгөө, мэдээллийг 21 дүгээр нүүрний “Авто салон” булангаас хүлээн авч уншаарай.

Энэ жилийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай тамирчид амжилттай оролцож байгаа билээ. Хамгийн сүүлд олимпийн аварга Н.Түвшинбаяр, хүрэл медальт Д.Отгондалай, олон улсын хэмжээний мастер Б.Мөнгөнчимэг нар дэлхийн аваргын хүрэл медаль хүртээт байна. Эдгээр болон бусад спортын халуун үйл явдал, мэдээ мэдээлэл, ярилцлагыг манай сонины 23 дугаар нүүрнээс сонирхон хараарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
гадаад мэдээ

Умард Солонгос дахин 3 пуужин харвалаа

koreaУмард Солонгос орон нутгийн цагаар бямба гаригийн өглөө Зүүн тэнгис рүү чиглүүлэн гурван баллистик харвасан байна. Тэд орон нутгийн цагаар өглөөний 06:49 цагаас эхлэн Ганвон мужийн Гитдарён орчмоос баллистик пуужин нисгэсэн нь тогтоогджээ. Үүнийг батлан АНУ-ын Номхон далайн командлалаас “Хойд Солонгос ойрын зайн баллистик пуужин гурван удаа харвасан” гэж мэдэгдсэн байна. Умард Солонгос энэ онд нийтдээ 14 төрлийн баллистик пуужин харвсан талаар CNN мэдээлжээ.

Categories
мэдээ нийгэм

Томуугийн вакциныг хаана хэдээр хийх вэ?

Томуугийн вакциныг хаана хэдээр хийх вэ?Хүйтний улирал эхэлж ханиад, томууны өвчлөл ихэсч байгаатай холбогдуулан энэ жил томуугийн вакцин хийж байгаа эмнэлгүүдийн үнийн талаарх мэдээллийг хүргэж байна. ХӨСҮТ томуугийн эсрэг вакциныг есдүгээр сарын дундуур хийж эхлэх бөгөөд өнгөрсөн жилтэй харьцуулахад үнийн хувьд бага зэрэг нэмэгдэх гэнэ. Харин зарим хувийн эмнэлэгт томуугийн вакцин хийж эхэлжээ. Тухайлбал ‘Улаанбаатар Сонгдо’ эмнэлэг БНСУ-д үйлдвэрлэсэн томуугийн вакциныг 33 мянган төгрөгөөр хийх бөгөөд 08:30 цагаас 17:00 цагийн хооронд хийлгэх боломжтой юм байна.

Мөн ‘Интермед’ эмнэлэг 45 мянган төгрөгөөр, ‘Баянгол’ эмнэлэг 25 мянган төгрөгөөр хийж байна. ‘СОС Медика Монголиа’ эмнэлэг аравдугаар сарын 1-нээс эхлэн томуугийн вакцин хийх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Цахим дугаар олгохыг түр хойшлуулжээ

Цахим дугаар олгохыг түр хойшлуулжээТагнуулын ерөнхий газрын даргаас ирүүлсэн 2017 оны наймдугаар сарын 25-ны өдрийн 01/1096 тоот албан бичгээр’…хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаар олгох цахим системийг хянах, шалгах шаардлагатай тул 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулагдах сонгон шалгаруулалтыг хойшлуулах”тухай мэдэгдлийн дагуу Ашигт малтмал, газрын тосны газраас өнгөрсөн наймдугаар сарын 28-ны өдөр зохион байгуулагдах хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийн цахим дугаар олгох үйл ажиллагааг хойшлуулжээ. Цахимаар дугаар олгохтой холбоотойгоор холбогдох яам, газруудын нэр бүхий албан тушаалтнуудыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гүтгэн доромжлох, үндэслэлгүй мэдээллүүд гарсанд УУХҮЯ болон АМГТГ-ын зүгээс шаардлагатай арга хэмжээг авч, цагдаагийн байгууллагад хандсан байна.

Цахим дугаар олголтын системийг хэвийн ажиллагаанд орсон даруйд нь дугаар олголтын үйл ажиллагааг эхлүүлэх гэнэ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ихэнх нутгаар бороо орж, сэрүүхэн байна

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:Өнөө маргаашдаа ихэнх нутгаар бороо орж, сэрүүхэн байна.

2017 оны 09 дүгээр сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын зарим газраар, баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 23-28 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 18-20 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 9 градус дулаан, харьцангуй чийг 88 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Categories
мэдээ нийгэм

Оффшор дансыг мөрдөн шалгах ажлын хэсэг байгуулжээ

Монгол Улсын нэр бүхий иргэд оффшор бүсэд данс нээж, аж ахуй нэгж үүсгэн байгуулсан гэх асуудлыг шалгуулах тухай гомдол, мэдээллийн дагуу Монгол Улсын Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, Улсын ерөнхий прокурорын газрын 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн “Мөрдөн шалгах ажиллагааг хэд хэдэн байгууллага хамтран явуулах тухай” тогтоолын дагуу Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг байгуулагдан, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдаж байгаа талаа албаны эх сурвалж мэдээлжээ.

Categories
мэдээ нийгэм

​“Эрүүл зөв хооллолт ба фитнесс өдөрлөг” өнөөдөр болно

Image result for фитнесс төв

Энэ үеэр хэд хэдэн төрлийн хичээл зааж, лекц уншин эрүүл зөв хооллолт болоод фитнессээр хичээллэхийн ач тусын талаар лекц, семинар хийх аж.

Тухайлбал, фитнесс модель Анухай “Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдэд хүнс бэлтгэлээ яаж тохируулах” талаар, тамирчин Б.Хүсэлтүвшин “Тэмцээний бэлтгэл болон хооллолт”-ын талаар, тамирчин Ж.Галбадрах “Бэлтгэл хийх үед багш болон жимээ яаж зөв сонгох” талаар, фитнесс мисс, тамирчин Гансаруул, фитнесс мисс, модель Энхзул “Эмэгтэйчүүдийн фитнесс спорт болон тулгардаг гол асуудал”-ын талаар, химич, доктор Билгүүн “Зөв зохистой хооллолт ба эрүүл мэнд” сэдвээр тус тус лекц хийх юм байна.

Тус өдөрлөг Holiday Inn Ulaanbaatar Hotel & Conference Center 2 давхарт “Ballroom”-д 14:00-18:00 цагт болох аж. Өдөрлөгт оролцох хүний тоо хязгаартай тул оролцохыг хүссэн хүмүүс Повернутрэйшны facebook мэссэнжерээр өөрийн овог нэр утсаа явуулж бүртгүүлэхээс гадна 80118199 дугаарт холбогдох боломжтой юм байна.