Categories
мэдээ нийгэм

​Цахилгаан шат унаснаас болж зорчиж явсан найман хүн битүү доргилт авсан гэв

pumaӨчигдөр 15:40 цагийн орчимд “Пума Империал” зочид буудлын 17 давхраас цахилгаан шат уналаа гэсэн мэдээлэл олон нийтэд хүрсэн. Тухайн үед цахилгаан шатаар найман хүн зорчиж явсан байна. Хэрэг явдал болсны дараа тэдгээр найман иргэн Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэсэгт гомдол гаргажээ.

Тэр бүр гардаггүй ийм осол яагаад гарах болсон талаар мэргэлийн лифтчин “Цахилгаан шатны даац хэтэрсэн. Тороос тасарсан юм байхгүй” гэв. “Пума Империал” зочид буудал “Dresdon Elevator” брэндийн есөн хүн суух боломжтой 630 кг ачааны даацтай хоёр цахилгаан шат байрлуулжээ. Осол гарах үед байсан иргэд өмнө нь тус байгууллагын цахилгаан шат нь гацдаг “Пума империал” зочид буудал үйлчлүүлэгч нарынхаа аюулгүй байдлыг хангаагүй тухай ярьж байна. Цахилгаан шат 17 давхраас бууж яваад 4-5 давхар орчимд гэнэтхэн тросс нь тасарчихсан гэнэ. Улмаар цахилгаан шатны дээрээс шороо унаад, гэрэл нь тасарсан аж. Доошоогоо маш хүчтэй унаад, дээшээ ойхдоо нэг давхрын талд нь ирээд гацчихсан. Дотор нь байсан хүмүүс дээшээгээ авирч гарч ирсэн хэмээн иргэд хэльж байна. Одоогийн байдлаар цахилгаан шатанд сууж явсан найман иргэний амь нас эрсдээгүй, хүнд гэмтэл аваагүй ч хүчтэй унасны улмаар битүү доргилт авчээ.

Categories
мэдээ нийгэм

​Архангайд 200 хүн багтах хуримын гэр барьжээ

Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн иргэн 52 настай Дагваагийн Базаррагчаа хөдөөгийн нөхцөлд тааруулан хоёр гэрийг холбож хуримын том гэрийг барьжээ. Энэ гэр нь 15 метрийн урттай, 6 метрийн өргөнтэй ба 200 гаруй хүн багтдаг байна.

Тэрээр жилийн өмнөөс энэ санаагаа олж, том хүүгийнхээ хуримыг саяхан хийхдээ аль болох олон хүн багтаах санаатай сэдэж энэхүү том гэрийг барьжээ. Өөрөөр хэлбэл, хоёр гэр холбох дунд талын холбоосны материалаа авснаас хойш хоёр сарын хугацаанд хийж дуусгасан байна.

Энэ гэрийг хөдөөгийн нөхцөлд хаана ч барьж, угсарч болохоор авсаархан, хөнгөн байдлаар хийжээ. Д.Базаррагчаа гуай ярихдаа “Нутаг усныхан их л бахдаж, таатайгаар хүлээж авсан. Бүр лимүзэн гэж нэрлэсэн шүү” хэмээн инээж байлаа. Д.Базаррагчаа жолооч мэргэжилтэй бөгөөд одоо сумын сургуулийн манаачийн ажил хийж байна хэмээн МОНЦАМЭ мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга 60 тэрбум болон оффшор данстай холбоотой асуудлыг шийдвэрлэхэд дэмжиж ажиллахаа дахин илэрхийлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын дарга тэргүүн комиссар Х.Энхжаргал, Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр иргэд, олон нийтийн зүгээс хүчтэй шаардаж, хэрхэн шийдвэрлэхийг нь хүлээж буй 60 тэрбум төгрөгийн асуудал болон төрийн өндөр албан тушаалтнууд, улстөрч 40 гаруй хүний нэр холбогдоод байгаа оффшор данстай холбоотой асуудлыг шийдвэрлэхтэй холбоотой сэдвээр ярилцлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын үеэр “Иргэдийн зүгээс чих тавин хүлээж буй эдгээр асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэх ажлыг гардан хийх ёстой хүмүүс нь та нар. Энэ ажилд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс тусалж дэмжихэд бэлэн байна.

АТГ, Монгол Улсын Ерөнхий прокурорын газар, ТЕГ, ЦЕГ хамтран эдгээр асуудлаар ажлын хэсэг гаргасан байна. Одоо ажиллах хэрэгтэй.

Пакистаны Ерөнхий сайдын хүүхдүүд гадаадад оффшор данстай байсан нь илэрч, зохих байгууллагууд шалгасны үр дүнд Ерөнхий сайд огцорсон байна. Энэ хэрэгтэй нэгэн зэрэг Панамын хуудсуудаар ил болсон Монголын 40 гаруй хүний оффшор данстай холбоотой асуудлыг нэн даруй шйидвэрлэх ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс тэдэнд 49 хоногийн хугацаа өгөөд байгаа. Энэ дээр шийдвэртэй ажиллахад Төрийн тэргүүн дэмжиж ажиллана” гэж байлаа.

АТГ-ын дарга тэргүүн комиссар Х.Энхжаргал, Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан нар хамтарсан ажлын хэсэг нэгэнт гаргасан тул одоо эдгээр асуудал дээр ажиллах боломж нээгдсэн гэдгийг хэллээ.

Мэдээний дүрсийг доорх хаягаар үзнэ үү

Categories
мэдээ улс-төр

​Экс Ерөнхийлөгчийн “EBI” бодлогын судалгааны хүрээлэн ирээдүйн Монгол судлаачдыг дэмжинэ

Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2008 онд үүсгэн байгуулсан “EBI” бодлогын судалгааны хүрээлэнгээс гадаадын их дээд сургуулийн бакалаврын түвшинд суралцаж буй оюутнуудын анхаарлыг Монгол Улс руу хандуулах санаачилга гаргажээ. Энэ хүрээнд гадаадын их дээд сургуулийн бакалаврын түвшний, Монголыг судлах сонирхолтой оюутнуудын дунд зарласан сонгон шалгаруулалтад долоон улсын есөн залуу шалгарсан байна.

Ирээдүйн Монгол судлаачдыг дэмжих “EBI” хөтөлбөрт тэнцсэн оюутнууд ирэх даваа гаригт буюу 2017 оны 08-р дугаар сарын 07-ны өдөр Монголд зочлох ажээ. Тэд арав хоногийн турш манай улсын түүх, ёс заншил, ардын урлагтай танилцах юм байна. Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь гадаадын их дээд сургуулийн бакалаврын түвшинд суралцаж буй оюутнуудыг цаашид Монгол улсыг сонгон судлах сэдлийг өдөөх ажээ.

Энэхүү арга хэмжээний нээлт ирэх даваа гаригт буюу 2017 оны наймдугаар сарын 07-ны өдрийн 14 цагт Монголын Үндэсний музейд болох юм.

Categories
мэдээ нийгэм

Налайх, Чойрын уулзвар хүртэлх авто замын ажлыг нэн даруй эхлүүлэхээр боллоо

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хаймин болон нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү нар өнөөдөр Улаанбаатар хотод өрнөж буй бүтээн байгуулалтын ажлууд болон цаашид хийж хэрэгжүүлэх хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20.9 км тусгаарлах зурвас бүхий дөрвөн эгнээ авто замын ажлыг нэн даруй эхлүүлэхээр ярилцаж, тохирлоо.

Ийнхүү шинэчлэлийн ажил хийгдсэнээр гуравдугаар ангилалын тус зам нэгдүгээр ангиллын зам болж өргөжих юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

С.Батболд: 2017-2018 оны хичээлийн жилд хоёр настай хүүхдүүдийн 70 хувийг цэцэрлэгт хамруулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон Засаг даргын зөвлөлийн гишүүд өнөөдөр нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх хүүхдүүдийн цахим бүртгэлийн ажлын явц, сургууль, цэцэрлэгийн засварын ажлын явц, нийслэлийн эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт, урсгал засварын талаар холбогдох хүмүүсээс мэдээлэл авч зарим үүрэг даалгаваруудыг өглөө.

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн бүртгэлийг цахимаар зохион байгуулах ажлын хэсэг байгуулан ажилласан. Ажлын хэсгийн хийж хэрэгжүүлсэн ажил, цахим бүртгэлийн явцын талаар нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг танилцууллаа. “Цахим бүртгэл өнгөрсөн сарын 25-ны өдөр эхэлсэн, өнөөдрийн байдлаар 15725 хүүхэд бүртгүүлсэн байна. Цахим бүртгэлийг энэ сарын 24-ний өдөр хаана. Мөн цахимаар бүртгүүлж чадахгүй байгаа иргэд цэцэрлэг дээр очиж бүртгүүлэх боломжтой. 3-5 насны хүүхдийг энэ сарын 21-24-ний өдөр уламжлалт аргаар буюу цэцэрлэг дээр нь бүртгэх ажил зохион байгуулагдана. Нийслэлийн Боловсролын газар, цэцэрлэгийн эрхлэгч нар наймдугаар сарын 25-ны өдрийн 10:00 цагт цахим элсэлтийг цэцэрлэг тус бүр дээр нь зохион байгуулна. Даац хэтэрсэн, хүүхдийн тоо давсан цэцэрлэгүүдэд бүртгүүлсэн хүүхдүүдийг түүврийн санамсаргүй аргаар сонгон элсүүлнэ. Энэ жилийн хувьд цэцэрлэгт шинээр элсэх 2015 онд төрсөн нийслэлд хаягтай 39 мянга гаруй хүүхэд байна гэсэн тоог Оюуны өмч, улсын бүртгэлийн газраас авсан. Үүнээс цахимаар 11 мянга 560 хүүхдийг элсүүлнэ. Мөн зорилтот бүлэг болон багш ажилчдын хүүхдүүдийг цэцэрлэг дээр бүртгэнэ” хэмээн цахим бүртгэлийн явцын талаар танилцуулав.

Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Ц.Отгончимэг “Энэ хичээлийн жилд гурван настай 1847 хүүхэд, дөрвөн настай 1439 хүүхэд, таван настай 2573 хүүхдийг нэмэлт элсэлтээр авна. Төрийн өмчийн цэцэрлэгт цахимаар бүртгүүлсэн хоёр настай хүүхдүүдийн 30 гаруй хувь нь хамрагдах боломжтой байгаа. Мөн төрийн бус өмчийн 443 цэцэрлэгт 12 мянга гаруй хүүхэд элсэх боломжтой. Ингэснээр энэ жил хоёр настнуудын 70 гаруй хувь нь цэцэрлэгт хамрагдах боломжтой” хэмээн ярилаа.

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С. Батболд хэлэхдээ “Энэ жил цахим бүртгэл явуулж байгаа нь техник технологийн дэвшлийг ашигласан боломжийн арга. Нийт бүртгүүлсэн хүүхдүүдийн дунд элсэлтийг санамсаргүй түүврийн аргаар зохион байгуулна. Санамсаргүй түүврийн аргаар сонгох нь хөндлөнгийн нөлөө, танил талаа харж, ар өврийн хаалга хэрэглэдэгийг таслан зогсоож байна гэсэн үг. Өнөөдөр цэцэрлэгийн насны хүүхдийн тоо, төрийн өмчит цэцэрлэгийн орны тоо эрс зөрүүтэй байгаа ч нийслэлийн удирдлагын баг аль болох олон хүүхдийг цэцэрлэгт хамруулж, эцэг эхэд нь ажил хөдөлмөрөө хийх боломжийг олгохын төлөө хичээж байна. Энэ жил шинээр 13 цэцэрлэг ашиглалтад орно. Мөн хувийн цэцэрлэгүүдэд хувьсах зардлыг нь өгөөд 3087 хүүхдийг шинээр авна.Нийт хоёр настай хүүхдийн 70 гаруй хувийг цэцэрлэгт хамруулах тооцоог бид гаргаад байна. Түүнчлэн нийслэлд 25 хороо цэцэрлэггүй байснаас 6 хороог нь цэцэрлэгтэй болгож байна. Бүрэн эрхийнхээ хугацаанд бүх хороог цэцэрлэгтэй болгох боломж бүрдэнэ. Энэ жил хувийн хэвшлийн 36 цэцэрлэгт шинээр зөвшөөрөл олгосон” гэдгийг онцолж, төр иргэдийнхөө өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн төлөө хүнд сурталгүй , шуурхай ажиллах ёстойг Нийслэлийн боловсролын салбарынханд хэлж, цахим бүртгэлийн ажлыг алдаа дутагдалгүй, иргэдэд хүндрэл учруулахгүйгээр зохион байгуулж намйдугаар сарын 26-ны өдөр ажлынхаа үр дүнг танилцуулах үүрэг даалгаварыг холбогдох албаны хүмүүст өглөө.

Сургууль, цэцэрлэгийн барилга барих, их засвар хийх ажлыг 8 сарын 15 гэхэд дуусгах үүрэг даалгавар өглөө

Нийслэлд хийгдэж буй сургууль, цэцэрлэгийн барилга, засварын ажлын явцын талаар нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Ц.Ариунбаяр Засаг даргын зөвлөлийн гишүүдэд танилцуулав. Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 108 тэрбум төгрөгийн өртөг бүхий 89 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байгаа юм. Үүнээс 34.3 тэрбум төгрөгийн өртөг бүхий 3770 ортой 26 цэцэрлэгэ, 67.4 тэрбум төгрөгийн өртөг бүхий 8120 хүүхдийн суудалтай 12 сургуулийн барилга баригдаж байна. Энэ онд хэрэгжиж дуусахаар 51 сургууль цэцэрлэгийн засварын ажил хийгдэж байгаа юм. Нийслэийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Ц.Ариунбаяр хэлэхдээ “Энэ онд багтааж дуусгах ажлыг дурдвал 1465 ор бүхий 12 цэцэрлэг, 7800 хүүхдийн суудал бүхий 10 сургуулийн барилга ашиглалтад орно. Мөн 21 сургууль, 30 цэцэрлэгийн засварын ажил мөн энэ онд багтаж бүрэн хэрэгжиж дуусна. Ирэх онд 2305 ортой 13 цэцэрлэг, 320 суудал, нэг спорт заал бүхий хоёр сургуулийн барилга, нэг бага сургууль цэцэрлэгийн цогцолбор барилга бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллан байна” хэмээв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Боловсролын салбарт хийгдэж байгаа их засварын ажлуудыг энэ сарын 15-ны дотор дуусгах хэрэгтэй. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар их засварын ажил болон шинээр баригдаж байгаа ажлуудад тавих хяналтаа сайжруул. Очиж талбайн инженертэй уулзаад буцдаг биш. Компаниудын удирдлагуудтай уулзаж, графикыг нь шахуулаад, чанар байдалд нь хяналт тавих хэрэгтэй. энэд онд багтаж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн сургууль цэцэрлэгийн барилгын ажлыг шахаж ирэх сарын 1-ний дотор ашиглалтад оруул. Гурван жил дамнан баригдаж байгаа ерөнхий боловсролын 14 дүгээр сургуулийн барилгын ажлыг энэ хичээлийн жилд дуусгаж, сурагчдын хүлээн авах орчныг бүрдүүлэхийг хотын дарга үүрэгдлээ. Сургуулийн сурагчид шинэ барилгаа хүлээгээд бүтэн 3 жил өөр сургууль дээр 3 ээлжээр хичээллэж байхад концессын гэрээгээр ажлын хийж байгаа компани хариуцлагагүй ажиллаж байгааг шүүмжилж, аравдугаар 1-нээс хэтрүүлэхгүй ашиглалтанд оруулах хэрэгтэй. Хэдийгээр концессийн гэрээгээр үүрэг хүлээж байгаа ч ажилдаа хариуцлагагүй хандаж байгаа компани байвал арга хэмжээг нь авна. Концессын гэрээний үүргийн дагуу 50 хувиа гүйцэтгэсэн комданиудад дараагийн санхүүжилтийн асуудлыг маш хурдан шийдвэрлэж өгөөд, гүйцэтгэлийг нь хурдан гаргаад явах хэрэгтэй. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар инженерүүдээ хуваарилаж бүх шинээр баригдаж байгаа болон засвар хийгдэж байгаа цэцэрлэг, сургуулийн ажилд хяналтаа тавиад, шургуу хугацаанд ажиллах хэрэгтэй” хэмээн нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Ц.Ариунбаярт үүрэг өглөө.

Энэ намар гурван дүүргийн эмнэлэг мэс заслын тасагтай болно

Үүний дараа эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтын явцын мэдээллийг нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга орлогч дарга О.Баяр өглөө.

“Энэ жилийн хувьд нийслэлийн эрүүл мэндийн салбарт улсын төсвөөс 493.6 сая төгрөг, нийслэлийн төсвийн 2.6 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж байгаа. Үүнээс нийслэлийн гурван дүүрэгт мэс заслын тасаг байгуулахад шаардлагатай тоног төхөөрөмж багаж хэрэгсэл худалдан авахад зориулсан. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт 357.5 сая, нийслэлийн Эрүүл мэндийн газарт эрх шилжүүлсэн хөрөнгө оруулалт одоогийн байдлаар 366.4 сая төгрөг байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийслэлд байгаа гурван амаржих газарт тус бүрт нь 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдэж өгсөн байгаа.

Бид Амгалан амаржих газарт шинээр Эмгэг нярайн тасгийг байгуулахаар ажиллаж, засварыг дуусгаад улсын комисс хүлээн авсан. Үйл ажиллагаагаа эхэлэхэд бэлэн болсон байгаа. Хүрээ амаржих газарт мэс заслын хэсэгт их засварыг хийсэн” хэмээн танилцууллаа. Дүүргийн эмнэлгүүдэд мэс заслын тасаг байгуулах ажлын хүрээнд засварын ажил хийгдэж, тоног төхөөрөмжийн тендерүүд зарлагдаад дууссан. 10 сарын 1-н гэхэд гурван дүүргийн эмнэлэг мэс заслын тасгаа нээнэ” гэдгийг Нийслэлийн эрүүл мэндийн газрын орлогч дарга О.Баяр хэллээ.

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэлэхдээ “Нийгмийн салбарын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг цаг тухайд нь шуурхай, чанартай гүйцэтгэж байх ёстой. Ирэх жилээс тендерүүдийн 1 сарын 1 гэхэд зарладаг тогтолцоонд шилжинэ. 8 сарын 15 гэхэд бүх ажил дуусч, ашиглалтанд орж, хяналт хийгдэх болно” гэдгийг хариуцсан агентлагийн дарга нарт үүрэг болгосон байна.

8 сарын 15 ны өдөр хотын дарга өгсөн үүрэг даалгаварын биелэлтээ өөрийн биеэр очиж шалгана гэдгийг ч санууллаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

​Мал худалдах түр цэгийг татан буулгав

Улаанбаатар хотын бүс нутагт буюу нийслэлийн гурван дүүрэгт малын гоц халдварт өвчин гараад байгаа билээ. Иймээс Баянзүрх дүүргийн Засаг дарга захирамж гаргаж, дүүргийн хэмжээнд малын гоц халдварт өвчнөөс сэргийлэх ажлыг зохион байгуулж байна. Ажлын хэсэгт дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс болон дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс зэрэг бусад мэргэжлийн байгууллагууд орж, зохих арга хэмжээг авч эхлээд байгаа юм.

Ажлын хэсэг өнгөрсөн сарын 30-ны өдрөөс эхлэн дүүргийн 11,20 дугаар хороонд байрлах мал худалдаалах түр цэгийг татан буулгаж, шаардах мэдэгдэх хуудсыг хүргүүлэн ажиллав. Зөвшөөрөлгүй бусэд мал худалдаалж байсан газруудыг мэргэжлийн байгууллагуудаас орчны цэвэрлэгээ, ариутгал халдваргүйжүүлэлтийг түргэн шуурхай хийж иргэдийн эрүүл, ая тухтай орчинд амьдрах нөхцлийг ханган ажиллалаа.

Дашрамд мэдээлэхэд, энэхүү ажил энэ сарыг дуустал үргэлжлэх бөгөөдмэргэжлийн чиг үүргийн байгууллагууд хуваарийн дагуу дээрх бүс нутаг бүхий хороодод эргүүл хийн зөвшөөрөлгүй мал худалдаалахыг зогсоох ажлыг үргэлжлүүлэн өрнүүлнэ. Болзошгүй аюул, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд иргэд та бүхэн зөвшөөрөлгүй газар болон хувь хүнээс мал, мах худалдан авахаас татгалзаж, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийг дүүргийн Засаг даргын Тамгын газар болон мэргэжлийн байгууллагуудаас сэрэмжлүүлж байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

​Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн парк байгуулах тусгай зөвшөөрлийг гардууллаа

Хан-Уул дүүргийн II хороонд байрлах арьс ширний үйлдвэрүүд орчны болон хөрс, ус, агаарын бохирдол үүсгэх гол шалтгаан болсоор ирсэн. Тус үйлдвэрүүдийг Хан-Уул дүүргийн XIII хорооны нутаг дэвсгэрт байрлах паркийн төлөвлөгдсөн газарт нүүлгэн шилжүүлэх ажлыг 2013 оноос хойш хийсэн юм. Энэ хугацаанд бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх, зураг төслийг бэлэн болгох, ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөг НИТХ-аар батлуулах, паркийн тусгай зөвшөөрлийг авах томоохон ажлууд төлөвлөгдсөнөөс “Тусгай зөвшөөрлийг авсан”-аар дээрх ажлууд 95 хувьтай болж, бүтээн байгуулалт хийгдэхэд бэлэн боллоо хэмээн “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ-аас мэдээллээ. Засгийн газрын 2017 оны зургадугаар сарын 20-ны өдрийн 178 дугаар тогтоолыг үндэслэн Хүнс, Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮ газарт тусгай зөвшөөрөл олголоо.

Categories
мэдээ нийгэм

ОБЕГ-т хандив тусламж үзүүлсэн иргэн, аж ахуй нэгжид талархал гардуулав

Энэ зун орон даяр гарсан түймрийн унтраахад ОБЕГ-ын алба хаагчдаас гадна иргэд аж ахуй нэгж, байгууллагууд гар бие оролцон хандив тусламж үзүүлсэн билээ. Одоогийн байдлаар ОБЕГ-т 770 гаруй иргэн аж ахуй нэгж байгууллагын 760 сая төгрөг цуглараад байгаа ажээ.

Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүх, ОБЕГ-ын дарга Хошууч генерал Т.Бадрал, ОБЕГ-ын дэд дарга, Бригадын генерал Г.Арвинбуян нар ОБЕГ-т хандив тусламж үзүүлсэн ААН, иргэдэд талархсанаа илэрхийллээ.
Улс оронд үүссэн гамшгийг даван туулахад чин сэтгэлийн туслалцаа үзүүлсэн Гал сөнөөгчдөд туслах фейсбүүк группын төлөөлөл, ЭХЯ, Петровис ХХК, Оюу Толгой ХХК, АПУ ХК, Шунхлай ХХК, ТЭСО групп, Эко Констракшн ХХК, Хас Банк, И-март, Атлан Дорнод ХХК, МИАТ ХК, ТЕГ-ын ТТХГ, Гутал ХК, Болор майнинг, Монос групп, Хүрээ ротари клуб түүнчлэн иргэн Б.Төгөлдөр, Ш.Солонго, Н.Чойжин, Д.Батсүрэн, Д.Цэлмэг нарын иргэн, аж ахуй нэгж байгууллагуудад талархлын бичиг гардуулсан юм.
“Гал унтраах үйлсэд халуус сэтгэлээр хандив тусламж үзүүлсэн нийт иргэд аж ахуй нэгж байгууллагууддаа баярлалаа. Орон даяр гал унтраах ажил явагдаж байх үед би ОБЕГ-ын гадаа нэгэн эмээтэй таарсан юм. Тэр эмээ нэг гар чийдэн барьчихсан тэрийгээ түймрийн голомтод ажиллаж байгаа хүмүүст өгөх гэсэн юм гээд явж байсан. Монголчууд байгаагаа барьдаг сайхан сэтгэлтэй ард түмэн. Хандив тусламжаар цугларсан мөнгөөр бид хоёр нисдэг тэрэг худалдан авах тухай ярилцаж байна. Худалдан авалт ойролцоогоор 30 мянган ам.доллар болох тооцоо гарсан” хэмээн Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүх онцлов.
Цагдаагийн байгууллага түймэр тавьсан байж болзошгүй 70 иргэнийг хуулийн дагуу 30 гаруй сая төгрөгөөр торгосон байна.
ОБЕГ-ын дэд дарга, Бригадын генерал Г.Арвинбуян “Одоогийн байдлаар Сэлэнгэ аймагт долоо, Булган , Хөвсгөл аймагт тус бүр нэг, нийт есөн түймэр асч байна. Түймрийн голомтод ОБЕГ-ын 300 орчим гал сөнөөгч ажиллаж байна” хэмээв.
Харин УЦУОШГ-аас авсан мэдээллээр сарын эхээр нийт нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байгаа учир ард иргэдийг болзошгүй үер усны аюулаас сэрэмжлэхийг ОБЕГ-аас анхаарууллаа
Categories
мэдээ нийгэм

Бүсчилсэн сургалт Баянхонгор аймгийн Галуут суманд зохион байгуулагдлаа

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи бүсчилсэн сургалт өнөөдөр Баянхонгор аймгийн Галуут суманд зохион байгуулагдав.

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Монгол Улсын 21 аймаг, бүсчилсэн сумд болон нийслэлийн 9 дүүрэгт хэлэлцүүлж эхлээд байгаа. Хэлэлцүүлгийн нэгдүгээр шатны хүрээнд УИХ-ын Тамгын газраас орон нутагт бүсчилсэн сургалт, хэлэлцүүлэг явуулж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн талаар танилцуулж, гарын авлагаар ханган сургагч багш нарыг бэлтгэж байна. Бэлтгэгдсэн сургагч багш нар нь сумдадаа, баг бүртээ хэлэлцүүлгийн хоёр, гуравдугаар үе шатыг зохион байгуулах юм.

Баянхонгор аймгийн Засаг даргын зөвлөх Ц.Энхтөр сургалтыг нээж хэлсэн үгэндээ, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх сургалт, хэлэлцүүлэг Баянхонгор аймгийн бүсчилсэн гурван хэсэгт зохион байгуулагдаж байна. Өнөөдөр та бүхэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд санал бодлоо илэрхийлж, дараагийн шатны хэлэлцүүлгийг ард, иргэдэд сурталчлан таниулах, иргэдийн саналыг авах хариуцлагатай ажлыг зохион байгуулах нь юу юунаас чухал. Бид эцэг хуульд өөрчлөлт оруулахад гар бие оролцож байгаа гэдэг түүхэн ач холбогдлоо бодож идэвхтэй, хариуцлагатай оролцохыг хүсье гэлээ.

Сургалт Монгол Улсын Их Хурал; Монгол Улсын Ерөнхийлөгч; Монгол Улсын Засгийн газар; Төрийн алба; Шүүх эрх мэдэл; Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага гэсэн зургаан багц сэдвийн хүрээнд явагдсан.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөөс:

11/ Тавин долдугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг:

1.Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэл, хотод, аймаг нь сум хот /орон нутгийн харьяалалтай/-д, сум нь баг болон тосгонд, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд, хот нь хороонд тус тус хуваагдана.

2. Хот тосгоны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.

Энэхүү өөрчлөлт нь Зөвлөлдөх санал асуулгын 4 дэх сэдвийн хүрээний 1 дэх дэд сэдэвт хамаарч байгаа бөгөөд дор дурдсан эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байна. Үүнд:

1.Дархан-Уул, Орхон аймгийг улсын зэрэглэлтэй хот болгож, засаг захиргааны тусгай нэгжийн эрх хэмжээ олгох боломжийг бүрдүүлнэ.

2.Дархан, Эрдэнэт хотын оршин суугчдаас байнга тавьдаг асуудлыг эерэгээр шийдвэрлэнэ.

3.Аймгийн төвийн сумд болон олон мянган хүн төвлөрөн суух томоохон сум (Мандал, Хархорин, Хатгал, Тосонцэнгэл, Замын-Үүд)-ыг орон нутгийн харьяалалтай хот болгоход ач холбогдолтой.

12/ Жардугаар зүйлийн 2 дахь хэсэг:

2. Засаг даргыг тухайн аймаг, нийслэл, хот, сум, хот /орон нутгийн харьяалалтай/, дүүргийн Хурлаас нэр дэвшүүлж, аймаг, нийслэл, хотын Засаг даргыг Ерөнхий сайд, сум, хот /орон нутгийн харьяалалтай/, дүүргийн Засаг даргыг харьяалах аймаг, нийслэлийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно. Баг, тосгон, хорооны Засаг даргыг харьяалах сум дүүрэг, хотын Засаг дарга дөрвөн жилийн хугацаагаар томилно.

Энэхүү өөрчлөлтийн эхний өгүүлбэр нь Үндсэн хуулийн Тавин долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн өөрчлөлттөөс үүдэлтэй бол хоёр дахь өгүүлбэр нь Зөвлөлдөх санал асуулгын 4 дэх сэдвийн хүрээний 2 дахь дэд сэдэвт хамаарч байгаа бөгөөд дор дурдсан дэвшлийг авчирна гэж үзэж байна. Үүнд:

1.Засаг захиргааны анхан шатны нэгжид удирдлага бэхжиж, хариуцлагыг бодитой тооцох боломжтой болно.

2.Ялангуяа уул уурхайн баялаг, ашигт малтмалыг хууль бусаар олборлох, бэлчээр нутаг, отрын болон хадлангийн газрын маргаан, нийгмийн халамжийн болон ажилгүйдэл, сургууль завсардал зэрэг асуудлыг Иргэдийн төлөөлөгчдийн хурал, түүнээс сонгогдсон Засаг дарга, сум дүүрэг, хотын Засаг даргын томилсон баг, хорооны Засаг дарга гэсэн шатлалаар хариуцлагажуулах, эзэнжүүлэх боломж бүрдэнэ.

3.Баг, хорооны иргэдийн нийтийн Хурал нь Засаг даргад нэр дэвшүүлэхээс бусад асуудлыг ардчиллын зарчмаар шийдвэрлэх боломж нь хадгалагдана.

4.Засаг захиргааны анхан шатны нэгжийн түвшинд улс төрждөг байдлыг тодорхой хэмжээнд хязгаарлана.

5.Баг, хорооны Засаг даргыг төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтын журмаар томилох боломж нээгдсэнээр мэдлэг боловсролтой, туршлагатай хүнийг сонгон ажиллуулах боломж бүрдэнэ гэж тусгагдсан болно.

Өнөөдрийн бүсчилсэн сургалтад Баянхонгор аймгийн Галуут, Баянбулаг, Баян-Овоо Бөмбөгөр, Бууцагаан, Жаргалант, Заг болон Хүрээмандал сумын Засаг дарга, ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга, багийн Засаг дарга, ИНХ-ын төлөөлөгч, ЗДТГ-ын мэргэжилтэн, Эрүүл мэнд, соёлын төвийн захирал, эрхлэгч зэрэг нийт 60 гаруй албан хаагчид оролцлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.