Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанкнаас “Мазаалай” зоосыг гаргалаа

“Мазаалай” мөнгөн зоос гарлааМонголбанкнаас санаачлан дэлхийд ховордсон “Мазаалай” говийн баавгайг олон улсад сурталчлах зорилгоор “Мазаалай” нэртэй цэвэр мөнгөн зоосыг цутгуулжээ. Уг зоос нь 999 сорьц бүхий цэвэр мөнгө, 38.61 мм-ийн диаметртэй бөгөөд худалдаалах үнэ 300,000 мянган төгрөгөөр тогтоогдсон байна.

“Улаан ном”-д бүртгэгдсэн байдлаас харвал 1960-1970 онд 15-20 гаруй, 1980-аад оны эхээр 25-30 толгой тоологдож байсан бол хамгийн сүүлд гаргасан судалгаагаар 30 хүрэхгүй тоо толгой үлджээ. Мазаалай говийн баавгайн иддэг ургамал, шавьжнууд байгальд ховордсон нь тоо толгой нь буурах шалтгаануудын нэг болсон гэж үздэг. Эрдэмтэн, судлаачид мазаалайг аврахын тулд янз бүрийн тэжээлүүд орлуулан байгальд тавьдаг ч хүний гараар бэлтгэсэн тэжээлийг төдийлөн иддэггүй байна.

Ийн дэлхийд ховордож буй “Мазаалай” баавгайг хамгаалах, олон улсад сурталчлахын тулд Монголбанкнаас “Мазаалай” говийн баавгай зоосыг цутгуулж, олон улсын зоос цуглуулагчдад санал болголоо.

Categories
мэдээ нийгэм

Гэнэтийн үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр наймдугаар сарын 1-4-ний өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай усархаг бороо орох төлөвтэй байна. Тиймээс гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад онцгойлон анхааруулж байна.

Түүнчлэн:

  • Иргэд, аж ахуйн нэгж байгууллага аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай явж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх
  • Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх
  • Бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих
  • Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах
  • Голуудын усны түвшин буураагүй байгаа голын усанд орох /тогтоол ус/, сэлэх, голын эрэг дагуу удаан хугацаагаар байрлахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Categories
мэдээ нийгэм

Гурван уулзварын засвар энэ сарын 10-нд дуусна

Image result for Гурван уулзварын засвар

Хан-Уул дүүргийн 15-р хороо Богджавзандамбын уулзвар, ХААИС-ийн хойд талын уулзвар, Сүхбаатар дүүргийн тавдугаар хороо, “Өгөөж Чихэр боов” компанийн баруун урд уулзваруудыг өргөтгөх зам засварын ажлыг гүйцэтгэж байна. Дээрх гурван уулзварын өргөтгөлийн ажил наймдугаар сарын 10-ны өдөр дуусна гэдгийг Замын цагдаагийн газраас мэдээлжээ.

Харин Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт, Орбитын уулзвараас-Толгойтын эцэс-Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6 км авто замын засварын ажил хийгдэж байна.

Уг ажлын хүрээнд долдугаар сарын 31-ны 23:00 цагаас наймдугаар сарын 10-ны 23:00 цагийн хооронд 21 дүгээр хорооллын гэрлэн дохиотой уулзвараас Авто сургуулийн гүүр хүртэлх авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хэсэгчлэн хязгаарлаж байгаа талаар Нийслэлийн Автозамын хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөхөөр Ц.Хуланг томиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга захирамж гаргаж Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч, зохиолч Цоодолын Хуланг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөхөөр томиллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Цоодолын Хулан нь

Монгол үндэстэн зохиолчдын холбооны тэргүүн

Дэлхийн утга зохиол судлалын төвөөс тодруулсан ХХ зууны дэлхийн шилдэг 100 яруу найрагчийн нэг болж тус төвийн өргөмжлөлийг 2009 онд хүртсэн.

Ганжуур, Данжуур хөлгөн судрыг орчуулах төслийн ТУЗ-ийн гишүүн

ОХУ-ын Санкт-Петербург хотын Дорно дахины институтад “Буддын шашны утга зохиол дахь багш шавийн дүр” сэдвээр эрдмийн зэрэг горилж байгаа.

Улсын Хүүхэлдэйн театрын захирлаар ажиллаж байх хугацаандаа Монголын үндэсний соёл урлаг, драмын урлагийг хөгжүүлэх чиглэлд анхаарч “Монгол ардын суут”, “Мял богдын намтар” зэрэг дорвитой бүтээлүүдийг туурвин театрын тайзнаа тоглуулсан.

Яруу найраг, орчуулга, нийтлэлийн арав гаруй ном хэвлүүлсэн.

Орос, англи хэлтэй.

Categories
мэдээ цаг-үе

Ж.Номин: Сүүлийн үед удирдах ажил хийдэг хүмүүс карьерын зөвлөгөө их авдаг болсон

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн удирдах түвшний ажилтанд коачинг /coach/ хийх, карьерын зөвлөгөө үзүүлэх эрхтэй Монголын анхны мэргэжилтэн Ж.Номинг уншигчдадаа танилцуулж байна. Тэрээр Лондоны “International University of America” сургуулийг бизнесийн удирдлагын чиглэлээр төгсөж, эх орондоо сэтгэл зүйчийн мэргэбжил эзэмшсэн. Хувь хүний ажлын бүтээмж болон шинээр ажилд ороход юуг анхаарах вэ гэсэн сэдвийн хүрээнд Ж.Номинтой ярилцлаа.


-Та юуны өмнө хийж буй ажлынхаа талаар танилцуулахгүй юу?

-Би Сингапурт төвтэй “Mongolia Talent Network” компанид ажилладаг. Энэ компани хөдөлмөр зуучлал явуулдаг. Нэг талд байгууллагууд маш мундаг чадвартай ажилтныг хаанаас олох вэ гэж хайж байдаг. Нөгөө талд нь өндөр боловсролтой залуучууд өөрийн хүссэн ажилдаа орж чадахгүй ажил эрж байдаг. Энэ хоёрыг холбогч байгууллага бол манайх. Хүний нөөц юм шиг мөртлөө борлуулалтын ажил хийдэг. Өдөр тутамдаа хүмүүстэй уулзана, хүмүүсийг ажилд зуучилна. Тэр хүнтэй уулзаж ярилцаад, тухайн хүнд ажил “зарна” гэдэг тухайн хүний сэтгэлзүйг судалж байгаагаас ялгаагүй. Манайх олон улсын нэр хүндтэй компаниудад тэр дундаа захирлын удирдлагын түвшний ажилд зуучилдаг. Хийж буй ажилтайгаа уялдаад сүүлийн үед хувь хүний хөгжил, карьер зөвлөгөө хийдэг болсон. Карьерын зөвлөгөө үзүүлэх, удирдах түвшний ажилтанд коачинг /coach/ хийх олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургагч багшийн эрхийг авсан.

-Ажилд орох гэж буй хүмүүс юуг хамгийн түрүүнд анхаарах ёстой вэ. Ямар ажил хамгийн их эрэлттэй байна вэ?

-Олон улсын байгууллага, Монголын томоохон компаниудаас санал ирүүлсэн шалгуурт нь тэнцсэн хүнийг бид олж өгдөг. Тиймээс бид эхэлж уулзаж ярилцлага хийж хэлний мэдлэг, хувь хүний зан байдал бүх мэдээллийг нь шалгадаг. Англи хэлтэй малын эмч гэсэн захиалга орж ирвэл бид зайлшгүй хайж олох ёстой. Болохгүй бол Монголоосоо гарч хүнээ хайна. 20 гаруй мянган хүний мэдээллийн сантай. Олон улсын байгууллагуудын тавьдаг эхний гурван шаардлагын нэгд англи хэл зайлшгүй орж байна. Ажилд орохын тулд юуны өмнө CV буюу анкетаа зөв бичиж сурсан байх хэрэгтэй. Миний ажигласнаар уул уурхай хөгжиж байх үед гадаадад төгссөн хэлтэй залуучуудад ажил олдох боломж маш өндөр байлаа. Сүүлийн хоёр жилээс шалгуур өндөрссөн. Хэлний мэдлэгээс илүүтэй ажлын туршлага чадварыг нь үнэлдэг болсон. Компаниудын хувьд гадаад, дотоодод төгссөн нь тийм их хамаатай биш.

Хамгийн их чухалчилдаг зүйл нь: Нэгдүгээрт, ажлын туршлага. хоёрдугаарт, эерэг хандлага, хэр бүтээлч байж чаддаг юм. Гуравдугаарт, тогтвор суурьшилтай ажиллах эсэх, хэтийн зорилго. Дөрөвдүгээрт, өөртөө итгэх итгэл гэсэн дөрвөн зүйлийг чухалчилдаг. Хамгийн эрэлттэй мэргэжил гэвэл санхүүгийн менежер, нягтлан, борлуулалт маркетингийн менежерүүдийг нэрлэх байна. Мөн нарийн мэргэжлийг сонирхдог болсон. Малын эмч, агрономич, айтигийн тодорхой чиглэлийн инженер гэх зэрэг олноор сурдаггүй нарийн мэргэжлийг сонирхох хандлага байна.

Ажлаа хийж байгаа хүнд боломжийн санал тавьснаар тухайн хүн ажлаасаа шууд гардаг уу. Энэ нь ажлын байр хадгалж буй компанидаа сөрөг нөлөө үзүүлэх үү?

-Боловсролтой, чадварлаг хүн дийлэнхдээ ажилтай байж таардаг. Бидний гол зорилго бол ажиллаж байх хугацаанд нь тухайн хүнд бүх боломжийг нь танилцуулах. Ийм төрлийн ийм цалинтай ажил гарч ирлээ, танд ийм боломж байна гэдгийг танилцуулдаг. Зарим хүнийг харахад нэг газраа удаан ажиллахгүй үсчээд яваад байдаг. Энэ нь карьерын хувьд том алдаа юм. Бид тийм хүмүүст зөвлөхдөө “Та дор хаяж одоогийн ажиллаж байгаа газраа хоёроос дээш жил ажиллах хэрэгтэй” гэж зөвлөдөг. Ер нь тухайн хүн амьдралынхаа туршид хүсч мөрөөдөж байсан, зориглоод шийдвэр гаргаж чадахгүй байхад нь бүхий л боломжийг танилцуулж, шинэ ажил олж өгнө гэдэг сайхан. Хүмүүс мэдээлэлгүйгээсээ болоод өөрт бий болох боломжоо тэр болгон мэддэггүй. Хаана, ямар ажлын байр байгаа талаарх мэдээллийг гүйцэд аваагүй байдаг. Бид сургалт явуулж хувь хүнийг өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлдэг. Ажилд зуучилж байхдаа карьерын зөвлөгөөгөө ч өгдөг. Ихэнх хүмүүс амьдралыг маань өөрчиллөө гэж талархдаг.

Ажилдаа амжилт гаргаж, ахиж дэвших зөвлөгөө өгдөг гэлээ. Карьертаа өөрчлөлт хийх гэж буй хүмүүс юуг тооцож үзэх ёстой вэ?

-Хамгийн түрүүнд өөрийн карьерийн зорилгыг маш сайн тодорхойлох ёстой. Өөрийгөө илүү таньж мэднэ гэсэн үг. Би 10-20 жилийн дараа хаана баймаар байна, би карьерийн ямар төвшинд байх юм, би ямар ур чадвартай вэ гэдэг асуултыг өөрөөсөө байнга асуух хэрэгтэй. Санхүүгийн хувьд эрсдэл дагуулахгүйгээр шилжилт хийх нь чухал. Дан ганц мэдрэмжиндээ суурилаад өөр ажил хайна гэдэг карьерийн хувьд том алдаа. Тухайн ажиллах гэж буй компани, салбараа маш сайн судлах хэрэгтэй. Үнэхээр ажлаа солих гэж байгаа бол шалтгаанаа зөв ол, санхүүгийн хувьд эрсдэл дагуулахгүйгээр шилжилт хийх нь чухал. Ажлын газраа солихоосоо өмнө одоо байгаа газраа бүх боломжийг ашиглаж үзэх хэрэгтэй. Ихэнх хүмүүс байгууллага дотроо байгаа боломжийг олж хардаггүй. Гэтэл байгууллага дотор жинхэнэ хөрвөх, карьераа солих боломж байж байдаг. Олон улсын карьерийн зөвлөгч нар ажлаа богино хугацаанд солих нь сайн зүйл биш гэж зөвлөдөг. Ялангуяа нэг жилээс доош хугацаанд ажиллаж байгаа бол ажлаа солих тухай яриад ч хэрэггүй. Нөгөөтэйгүүр, тогтвор суурьшилтай байна гээд нэг байгууллага, нэг хэлтэстээ 10 жил ажиллаж байгаа бол карьерийн хувьд яав ч зөв биш. Энэ асуудлыг яаж шийдэх ёстой юм гэхээр, чиний хийж байгаа ажил хэт амархан санагдаад эхэлвэл чамд ямар нэгэн шинэ зүйл хэрэгтэй гэсэн үг. Зарим хүмүүс 10 жил нэг байгууллагад ажиллаж байгаа хэрнээ өөр өөр хэлтэс рүү орж үзээд, олон зүйл сураад, түүндээ их сэтгэл хангалуун байдаг. Салбарын ялгаа бас үүнд нөлөөлнө.

-Тэгвэл ажиллах компаниа сонгохдоо ямар хүчин зүйлүүдийг харгалзаж үзэх шаардлагатай вэ?

-Хамгийн түрүүнд компаниа сонгохдоо дараах асуултыг өөртөө тавьж, хариулт олох хэрэгтэй. Чи өөрийгөө тэр компанид 5,10 жилийн дараа хаана байхаар харж байна. Чиний зорилго компанийн зорилготой хэр нийцэж байна. Чиний зорилго, компанийн зорилготой ямар нэгэн байдлаар огтлолцох ёстой. Тухайн компани ямар соёлтой юм, тэр нь чиний эрхэмлэдэг зарчимтай хэр нийцдэг юм. Санхүүгийн хувьд чамд ямар боломж олгож байна. Өдөр тутам ажиллахад чамд шинэ зүйл сурах боломж хэр их байх вэ. Тухайн компани хэр найдвартай вэ, урт хугацааны турш тогтвортой үйл ажиллагаа явуулах уу, хэр ирээдүйтэй вэ гэх мэт зүйлсийг бодолцож үзээрэй гэж зөвлөх байна.

-Сүүлийн үед улстөрчид, бизнесмэнүүд шийдвэр гаргахдаа амжилтын зөвлөгөө авдаг болсон гэсэн үү?

-Гадаадын томоохон компаниуд дэргэдээ карьерийн амжилтын хөтлөгч сэтгэл зүйчтэй байдаг. Ийм шийдвэр гаргах гэж байна. Энэ зөв үү буруу юу гэдэг ч юм уу байнга асууж зөвлөгөө авдаг. Манай Монголд ч ялгаагүй удирдлагын түвшний хүмүүс карьерийн зөвлөгөө авах сонирхолтой болжээ. Сүүлийн нэг жилээс улстөрчид, бизнесмэнүүд карьерийн зөвлөгөө авахаар санал ирүүлж байна. Олон улсын карьерийн зөвлөх эрхтэй сургагч багшийн хувьд тогтмол уулзаж, шийдвэр гаргаж амжилтад хүрэхэд нь нөлөөлөхийг хичээж ажилладаг. Миний хувьд хувь хүний хөгжил ур чадварыг нь хөгжүүлж өөрөө чухам юу хүсч байна вэ гэдгийг нь нээн харуулахад түлхүү анхаардаг. Хүний хандлагыг өөрчлөх хамгийн хэцүү ч аажим аажмаар тухайн хүний юу хүсч, юунд хамгийн дурлаж, цаг заваа зарцуулдагийг нээж өгснөөр тухайн хүнээс хүлээж ч байгаагүй амжилт гардаг.

-Таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ. Их эртэч хүн гэж сонслоо?

-Өглөөний хүн гэж хэлж болно. Өглөө 4:30 цагийн үед босоод 30 минут орчим тухайн өдрийн хийх ажлын төлөвлөгөөгөө гаргана. Нэг цаг орчим дасгал хийнэ. Үүний дараа 1-1.30 минутыг ном уншихад зориулдаг. Ингээд 9:00 цагт ажилдаа очдог. Миний анзаарч байгаагаар өглөөний цагийг хэн ч авч чаддаггүй. Ажлын цаг бол их хурдан өнгөрнө. Манай ажлын онцлог их хурдацтай, олон ажлыг зэрэг амжуулах болдог. Тэгээд ажлын цагийн дараа 18.00 цагаас хойш Lean In, Global Shapers, Women Leadership

гэх мэт хүний хөгжлийн өөрийн сонирхдог нийгмийн үйл ажиллагаануудад идэвхтэй оролцдог. Мөн залууст зөвлөгөө өгөх, уулзалт хийх гэх мэтээр өнгөрдөг.

Өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх тал дээр анхаарч, үргэлж шинэ зүйл сурч, шинэ зүйл мэдэж авахыг эрмэлздэг. Би аливаа ажлыг хийж гүйцэтгэхдээ урт хугацаан дахь үнэ цэнэ, үр дүнг нь харахыг чухалчилдаг. Тийм учраас өнөөдөр бүтэхгүй байгаа, жижиг сажиг асуудлуудад сатаараад байдаггүй. Тууштайгаар урагшлах нь чухал гэж үздэг.

-Та оюутан, залууст үнэ төлбөргүйгээр лекц уншдаг юм билээ. Энэ нь таны хувьд ямар үнэ цэнийг дагуулдаг вэ?

-Би цаг зав багатай ч гэсэн оюутан залууст зориулж лекц уншихдаа дуртай байдаг. Ажил сурлагадаа яаж амжилтад хүрэх үү, гадаад руу сургуульд явахын тулд CV анкет яаж бөглөх үү, амжилтанд хүрэх нууц зэрэг хувь хүний хөгжлийн лекц голдуу уншдаг. Саяхан Анагаах ухааны сургуулийнхан лекц тавиад өгнө үү гэж урьсан. Миний хувьд нийгэмдээ оруулж буй өөрийн хийж чадах хөрөнгө оруулалт энэ гэж үзээд их сургуулийн оюутан, арван жилийн сурагч нарт үнэ төлбөргүйгээр сургалтаа явуулдаг. Оюутан залуус маань чиглүүлээд урмаар дэмжээд өгвөл бүхнийг сурч мэдэж, боловсрох боломжтой нь сайхан шүү. Аливаа хүн өөрөө өөрийгөө олох хэрэгтэй. Юу хүсч байгаагаа бүр цаг гаргаж тунгаан бодож, өөрийн сонирхол ур чадвараа танин мэдэж олох хэрэгтэй. Хүн гэдэг төөрч будилсаар зорилгодоо хүрч чадахгүй байх нь үнэхээр харамсалтай санагддаг.

-Цаг үргэлж сурч боловсорч, шинийг эрэлхийлдэг таны дадал зуршил юунаас эхтэй байв. Таны цаг хэмнэх сайн арга тань юу вэ?

-Би багадаа өвөө, эмээ дээрээ өссөн. Миний өвөө А.Дашдорж Завхан аймагтаа удирдах түвшний ажил олон жил хийсэн хүн. Өвөө маань намайг сургуульд ороогүй байхад самбар, шохой барьчихсан тоо бодуулж, уншуулж сургаж байсан. Анхны багш болсон өвөөгийнхөө буянаар аливаа зүйлийг ухаж ойлгох, сурч мэдэх хүсэлтэй болсон байх. Урьд нь миний бие өвдөж, олон цагаар хэвтэх шаардлагатай болж байсан үе бас бий. Тухайн үед юуг хамгийн сайн ойлгосон бэ гэвэл өөрийгөө сорьж суралцаж байж амьдралын амтыг, ажлын сайхныг мэдрэнэ гэдгийг анзаарч сонсч чадсан. Одоо миний хамгийн чухал зуршил бол нэгдүгээрт төлөвлөх. Төлөвлөгөөгөө гаргахдаа хувийн, ажлын гэж хоёр хуваагаад дотор нь хамгийн чухал хийх ёстой зүйл, хамгийн хурдан хийх ёстой зүйл, урт хугацаанд илүү үнэ цэнээ өгөх ёстой зүйл, хойшлуулж болох гэх мэтчилэн ангилдаг. Хоёр дахь чухал зуршил бол унших. Би жилд 100 ном уншина гэж төлөвлөдөг. Ойролцоогоор бодвол долоо хоногт 2-3 ном уншина гэсэн үг. Өдөрт ямар ч байсан 100 хуудсыг уншчихдаг. Гуравдугаарт, өдөрт нэг цаг тогтмол дасгал хийдэг. Хүн ер нь дасгал, хөдөлгөөн биеийн хүчний ажил хийхгүйгээр хурдан ядарч, сульддаг. Өдөр бүр дасгал хийгээд ирэхээр энергийн түвшин нэмэгддэг. Энэ гурван зуршлыг их олон жил, тууштай мөрдөж байна.

Image may contain: 1 person

-Унших номоо ямар шалгуураар сонгодог вэ. Тогтмол ном уншсанаар танд мэдрэгдсэн зүйл юу байв?

-Би ном уншихдаа гурав дөрвөн хэсэгт ангилчихдаг. Хувь хүний хөгжил, карьерт хэрэгтэй, уран зохиолын ном, түүхийн ном, намтар, хүнд төрлийн ном гэж хувааж байгаад бүгдийг зэрэгцүүлээд уншдаг. Ном уншсанаар өөрт мэдрэгдсэн хэд хэдэн мэдрэмжээ хуваалцъя. Ном унших тусам хүн илүү даруу төлөв болдог болов уу. Ном уншаад ирэхээр өөрийгөө үнэхээр юу ч мэддэггүй юм байна даа. Дэлхий ертөнцөд маш олон сурах зүйл байгаа юм байна. Амьдрал тэр чигээрээ эрдэнэс гэж хардаг. Мөн бүх зүйлийг эерэгээр хардаг болдог. Тогтмол ном уншаад байхаар хажууд байнга зөвлөгч дагаж яваа юм шиг санагддаг. Хүн гэдэг анхнаасаа би төвтэй байдаг. Би л сурч мэдье гэж зорьдог байсан бол одоо ахмад туршлагатай хүмүүстэй уулзаж санал бодлоо солилцоод ирэхээр аандаа би бол яах вэ. Хүн мөнх биш. Нэг өдөр үгүй боллоо гэхэд миний дотор байгаа ертөнц тэр чигтээ алга болно. Тэгэхээр сурсан мэдсэн зүйлээсээ нэг, хоёр хүнд ч гэсэн хэлж өгч, нийгэмдээ эерэг өөрчлөлтийг бага ч болтугай яаж оруулах вэ гэдэг дээр толгойгоо гашилгадаг болчихож.

Таны ойрын зорилтыг сонирхъё?

-Олон зорилттой байгаа. Хувь хүний хөгжлийн сургалтаар дэлгэрэнгүй программ хийж байгаа бөгөөд удахгүй дуусах гэж байна. Ингэхдээ карьерийн зөвлөгөө өгөх тодорхой арга барилыг гаргаж ирж, Монголын хөрсөнд буусан монгол хүний оюун ухаанд таарсан аргыг гаргах юм. Залуучууддаа зориулж хэрхэн амжилттай ажиллах тухай ном бичиж байгаа. Мөн сэтгэл зүйн багц сургалтын аргыг гаргая гэж төлөвлөж байгаа. Сэтгэл зүйн стресст орсон үед хэрхэн гарах вэ гэдэг судалгаагаа хийж байна. Миний хийж буй ажилтай холбоотойгоор удирдлагын түвшинд хэрхэн амжилттай ажиллах вэ, тухайн компани өөрийн гэсэн соёлыг хэрхэн бий болгож хэвшүүлэх вэ гэдгийг сонирхон судалдаг. Гадаад хүмүүс Монголд ирж хөрөнгө оруулж, бизнес эрхлэхдээ соёлын шоктой эхлээд нүүр тулгардаг. Манай компани монгол хүн бизнесийн ямар соёлтой юм бэ гэдэг судалгааг Монголд анх удаагаа хийж, бизнесийн соёлын сургалтыг хийсэн. Монгол хүн, гадаад хүн хоёрын дунд аливаа зүйлд хандах хандлага, итгэлцэл, хошин шогийн мэдрэмж зэрэг соёлын ялгаа маш өөр байдаг. Энэ чиглэлээр ОХУ, БНХАУ-д очиж амьдарч, ажиллаж туршлага судлахаар төлөвлөсөн байгаа.

Categories
мэдээ нийгэм

Өвөрхангай-Баянхонгор чиглэлийн замыг түр хаажээ

Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын зүүн талд 12 км зайд хүчтэй аадар бороо орсны улмаас гүүр болон асфальтон зам сэтэрчээ.

Тухайн зам одоогийн байдлаар хаагдсан байгаа бөгөөд жолооч, зорчигчид анхаарал болгоомжтой зорчихыг Авто тээврийн үндэсний төвөөс сануулж байна.

Үүссэн нөхцөл байдал Өвөрхангай аймгийн Авто зам засвар арчлалтын албаныхан Түргэн шуурхай арга хэмжээ авахаар авто ачигч нэг, үйлчилгээний машин нэг, мастер замчин таван хүний бүрэлдэхүүнтэй бригад түр зам гаргах, тогтсон усыг залах зэрэг арга хэмжээг авч ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Номоороо яваа бүхэн чимээгүй” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Манай сонины тэргүүн нүүрнээс барилгын материалын үнэ ханш ямар байгаа талаарх бэлтгэсэн сурвалжлагыг хүлээн авч уншаарай. Нийслэл хотод хаа сайгүй л авто зам, байшин барилгуудын засвар ид өрнөж байна. Энэхүү сурвалжлага барилгын ажил эхлэх гэж буй иргэдэд шаардлагатай мэдээ, мэдээлэл өгөх болно. Сурвалжлагын үргэжлэлийг зургаадугаар нүүрнээс сонирхоорой.

Улс төрийн хоёрдугаар нүүрнээс УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболтой Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд тодруулсан ярилцлагыг хүлээн авч уншаарай. Тэрбээр “Ардчилсан намынхан худлаа жүжиг тавих шаардлагагүй” хэмээн онцлон хэлжээ. Мөн энэ нүүрнээс БОАЖ-ын сайд Д.Оюунхоролтой цаг үеийн асуудлаар хийсэн ярилцлагыг хүлээн авч уншаарай. Сайдын ярилцлагын үргэлжлэлийг тавдугаар нүүрнээс харах боломжтой.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болж байдаг алдарт гуравдугаар нүүрэнд нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Номоороо яваа бүхэн чимээгүй” хэмээх эсээ хэвлэгдлээ.

Мөн энэ нүүрнээс Монгол Улсын Ерөнхийлөгч зарилгаар Хөдөлмөрийн баатар болсон Үндэсний шигшээ багийн тамирчин, дэлхийн хошой аварга, олимпийн хүрэл медальт Соронзонболдын Батцэцэгийн ярилцлагыг хүлээн авч уншаарай. Тэрбээр “2020 оны олимпийг харж бэлтгэл сургуулилтаа хийнэ” хэмээн хэлжээ.

Эдийн засгийн дөрөвдүгээр нүүрнээс нүүрсний үнийн өсөлт, зэс, алт, хар тугалга, цайрын үнэ ханш, тэдгээрийн эдийн засагт нөлөөлөх хүчин зүйлсийн талаарх нийтлэлийг сонирхон хараарай.

Дэлхийн 15 оронд үйл ажиллагаа явуулж буй “Амазон” компани нь 200 гаруй сая төрлийн бараа бүтээгдэхүүн зарж, 17 орны нийт 120 гаруй агуулахуудад бүх бараагаа байршуулан өөрсдийн гэсэн Ложистикийн компанитай болж, агаарын тээврээр бараа хүргэдэг зэрэг олон салбарт үйл ажиллагаагаа явуулсаар байгаа билээ. Тэгвэл энэ компанид А.Амарбаяр хэмээх монгол залуу ахлах инженерээр ажилладаг юм. Түүнийг амралтаараа эх орондоо ирсэн байхад нь уулзаж ийн ярилцлаа. Энэхүү сонирхолтой ярилцлагыг манай сонины 11 дүгээр нүүрнээс хараарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Хилийн цэргийн хоёр байлдагчийн цогцсыг цүнхээлээс олжээ

Завхан аймгийн Тэс суман дахь хилийн 0277 дугаар ангийн заставын хоёр байлдагч амь насаа алдсан байдалтай олджээ.

Тус ангийн хоёр байлдагч долдугаар сарын 24-ны өдөр хилийн харуулд гарч байгаад 16.00 цагт харуул солилцох үед ирээгүй бөгөөд 19.00 цагийн орчимд нэг байлдагчийн унаж явсан морь ангид эргэж ирснээр шуурхай дуудлагыг аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газарт өгчээ. Долдугаар сарын 25-ны өдөр Завхан аймгийн Онгой байдлын аврах бүрэлдэхүүн, Цагдаагийн газраас эрэлчид томилогдон хуурай газраар болон ойд самналт хийж эрэн хайжээ. Эрлийн баг Тэсийн голын сав дагуу газар цүнхээлээс хоёр байлдагчийн цогцсыг олжээ. Мөн хоёр байлдагчийн нэгнийх нь унаж явсан морийг олсон гэнэ.
Мөрдөн шалгах ажил үргэлжилж байна. Урьдчилсан байдлаар нэг байлдагч нь морио услаж байгаад тогтоол цөөрөмд живсэн, түүнийгээ татаж гаргах гэж байгаад нөгөөх нь мөн санамсаргүй живсэн гэсэн дүгнэлтийг гаргасан байна.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүд БНСУ-ын Үндэсний Ассамблейн Гадаад бодлого, нэгдлийн байнгын хорооны гишүүдтэй уулзлаа

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, О.Баасанхүү, Н.Оюундарь нар БНСУ-ын Үндэсний Ассамблейн Гадаад бодлого, нэгдлийн байнгын хорооны гишүүн Ким Гён Хёб, Вон Хэ Ён нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, манай орны “гуравдагч хөрш” бөгөөд бүс нутаг дахь хамгийн ойрын түнш БНСУ-тай хөгжүүлж буй харилцаанд Монгол Улс өндөр ач холбогдол өгдөгийг онцлон тэмдэглэлээ.

Тэрбээр 1990-ээд оны эхээр Монгол Улс шинэчлэлийн замд шилжих үед БНСУ-ын зүгээс олон талаар тусалж байсныг дурдаад өдгөө хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа худалдаа, эдийн засаг, иргэд, хүмүүнлэгийн зэрэг бүхий л салбарт амжилттай хөгжиж байгаад баяртай байдгаа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, БНСУ Монгол Улсад хөрөнгө оруулж буй топ таван орны нэгээс гадна монгол иргэд хамгийн олноороо оршин сууж, ажил хөдөлмөр эрхэлж буй орон гээд энэ бүхэн тус улсын зүгээс оруулж буй эдийн засгийн бодит хувь нэмэр хэмээн үзэж байгаагаа илэрхийллээ. Монгол Улс эдийн засгийн түр зуурын хүндрэл бэрхшээлтэй байгаа энэ үед монгол иргэдийн асуудлыг урьдын адил анхаарч, дэмжлэг үзүүлэхийг мөн хүссэн юм.

Түүнчлэн эрхэм гишүүн Зүүн хойд Азийн аюулгүй, тогтвортой байдлыг хангах асуудал манай улсын гадаад бодлогын тэргүүлэх байр суурийг эзэлдэг гээд Монгол Улс цөмийн зэвсэггүй статустай, Зүүн хойд Азид оршдог орны хувьд Солонгосын хойг цөмийн зэвсгээс ангид байх, аливаа маргаантай асуудлыг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэх ёстой гэсэн байр суурийг тууштай баримталж ирсэн хэмээлээ.

БНСУ-ын Үндэсний Ассамблейн Гадаад бодлого, нэгдлийн байнгын хорооны гишүүн Ким Гён Хёб, Монгол Улсын эдийн засаг Олон улсын валютын сангийн хөтөлбөрийн дэмжлэгээр хурдан сэргэнэ гэж найдаж буйгаа илэрхийлсэн.

Тэрбээр, 20-иод жилийн өмнө БНСУ ОУВС-ийн хөтөлбөрийг дөрвөн жилд хэрэгжүүлж, эдийн засаг нь хамгийн хурдан сэргэсэн орнуудын нэг болсон гээд эдийн засгаа сэргээн хөгжүүлэхэд БНСУ-ын зүгээс бүхий л талаар туслах болно гэж хэллээ.

Ноён Ким Гён Хёб, БНАСАУ пуужин харван туршиж буй нь санаа зовоож байгаа хэдий ч тус улстай нээлттэй харилцаж, харилцаагаараа дамжуулан хамтдаа хөгжих бодлого барьж байгаа гэлээ. Тэрбээр мөн Солонгосын хойг, цөмийн зэвсгээс ангид байх асуудлаар байр сууриа илэрхийлсэн.

БНСУ-ын Үндэсний Ассамблейн Гадаад бодлого, нэгдлийн байнгын хорооны гишүүн Ким Гён Хёб уулзалтын төгсгөлд БНСУ-д ажиллаж, амьдарч буй монгол иргэдийг онцгойлон анхаарах болно гэлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Японы поп соёлын өдөрлөг Үндэсний соёл амралтын хүрээлэнд болно

Зураг

“Японы поп соёлын өдөрлөг” арга хэмжээ ирэх сарын 12-ны Бямба гарагт Үндэсний соёл, амралтын хүрээлэнд болно.
Өдөрлөгийн үеэр анимэ дууны тэмцээн, косплэй тэмцээн, бие хамгаалах урлагийн үзүүлэх тоглолт зэрэг сонирхолтой арга хэмжээг зохион байгуулагдахаас гадна япон хоол болон соёлтой танилцах олон булангууд ажиллах юм. Мөн санал асуулгад хамарч дурсгалын зүйл авах боломжтой.
Өнгөрсөн жил энэхүү өдөрлөгт 6500 орчим хүн хүрэлцэн ирж японы поп соёлтой танилцсан байна.
Тус өдөрлөгийг Монгол Улсад суугаа Япон улсын ЭСЯ, Монгол дахь Японы соёл сонихогчдын холбоо, Үндэсний соёл амралтын хүрээлэн хамтран зохион байгуулах юм.