Categories
мэдээ нийгэм

“Ази дахь геополитикийн өөрчлөлт, хэтийн төлөв” эрдэм шинжилгээний бага хурал болж байна

“Ази дахь геополитикийн өөрчлөлт, хэтийн төлөв ойрын 10 жилд” эрдэм шинжилгээний бага хурал ШУА-ын хурлын танхимд болж байна.

Тус хурлыг ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн, ШУТСантай хамтран зохион байгуулж байгаа юм.

Эрдэм шинжилгээний бага хуралд гадаадын долоон орны эрдэмтэн судлаачид оролцож байна. Хурлаар Орос, Монгол, Хятад гурван улсын эдийн засгийн коридор, Ойрхи Дорнод руу чиглэсэн Оросын гадаад бодлого, цэргийн ажиллагаа, Орос Америкын харилцаа, Ази дахь газар нутгийн маргаан, Солонгосын хойгийн аюулгүй байдал сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлэв.

Гурван улсын эдийн засгийн коридорийн тухай хэлэлцэж байна

Categories
мэдээ нийгэм

Төмөр замын их засварын ажил наймдугаар сард дуусна

Төмөр замын засварын ажилд холбоочин, өртөөчин, замынхан, худалдаа үйлчилгээнийхэн гээд бүхий л салбарынхан уялдаа холбоотой ажилладаг. Энэ оны төмөр замын их засварын ажлыг УБТЗ-ын зам засварын машинт станц болон замын албаны ажилтан албан хаагчид Дорноговь аймгийн Өргөн өртөөнөөс Улаан-Уул хүртэл 30 километр замын их засварын ажлыг гүйцэтгэж байна. Энэхүү зам завсарын ажлын явцтай Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат танилцлаа.

Засварын ажилд нийт 75 ажилчин, 52 машинизаторууд ажиллаж буй бөгөөд засвар хийгдэж буй 30 километрт 18 тахиртай, 9.6 км нь тахир эрчилж байгаа аж. Нийт зам засварын ажилчдад Зам тээврийн салбарт хийгдэж буй томоохон бүтээн байгуулалтын ажил, цаашдын бодлого үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэж, тэдний тулгамдаж буй асуудлыг шат дараатайгаар шийдвэрлэж ажиллахаа салбарын сайд илэрхийлээ.

Тавдугаар сард эхэлсэн засварын ажил наймдугаар сард дуусгах төлөвлөгөөтэй ажлаа амжилттай явуулж байна. Одоогийн байдлаар 9.4 км-ын засварыг гүйцэтгээд байна гэж Зам засварын машинт станцийн их засварын цуваан дарга О.Жигжидсүрэн салбарын сайддаа ажлаа танилцуулсан юм.

Categories
мэдээ нийгэм

Иргэдийн мэдэх эрхэнд онц аюул учирлаа

medeh erhХэвлэл мэдээллийн эрх чөлөө, иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхэд ноцтой халдах Зөрчлийн тухай хууль долдугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэллээ. Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөл, Глоб Интернэйшнл Төв энэ хуультай холбогдуулан дараах мэдэгдлийг гаргажээ.

-МЭДЭГДЭЛ-

Долоодугаар сарын 01

Монгол Улсын Их Хурлын 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хууль ӨНӨӨДРӨӨС хэрэгжиж эхэллээ.

Тус хуулийн 6.21-р зүйлд “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хувь хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” хэмээн заасан.

УИХ-аас нэр төр гутаахтай холбоотой зохицуулалтыг Эрүүгийн хуулиас хассан нь хэвлэл мэдээллийн зөрчлийг Иргэний хуулийн хүрээнд шийдвэрлэдэг олон улсын хэм хэмжээнд нийцсэн алхам байсныг бид дэмжсээр ирсэн, өнөөдөр ч бид дэмжиж байна.

Харамсалтай нь энэ зохицуулалт Зөрчлийн тухай хуульд буцаад тусгагдсан нь аливаа нэгэн шүүмжлэлт илэрхийлэл нь нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон үйлдэл болж, зарим тохиолдолд тухайн хувь хүн, байгууллагыг оршин тогтнох боломжгүй болгох хүртэл нөлөөлж болохуйц, ялангуяа улс төрчид, өндөр албан тушаалтны сэтгүүлчдийг айлган дарамтлах хэрэгсэл болгон ашиглаж болох нийгэмд халтай үр дагавар хэвээр үлдээж байна гэж бид үзэж байна.

Шинэ хууль нь олон нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилготой ч хамрах хүрээ, нэр томъёо, хариуцлага тооцох этгээдийг нарийвчлан тодорхойлоогүйгээс “гутаан доромжилсон” гэдгийг хэн нэгэн эрх бүхий албан тушаалтан тодорхойлох болж байгаа нь хуулийн заалтыг хэтрүүлэн хэрэглэхэд хүргэж болзошгүй тул энэ чиглэлээр Дээд шүүхийн тайлбарыг гаргахыг ШААРДАЖ БАЙНА.

Хэвлэл мэдээллийн байгууллага хэвлэн нийтэлсэн зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ гэж Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуулинд заасан байдаг бөгөөд Зөрчлийн хуулиар хувь хүн, байгууллагыг торгоно гэж байгаа нь сэтгүүлч болон хэвлэл мэдээллийн байгууллагад хариуцлагыг давхардуулан хүлээлгэх эрсдлийг дагуулж, сэтгүүлчдийг айдас хүйдэст автуулан байдлыг бодитоор мэдээлэхээс түдгэлзэхэд хүргэж, хэвлэл мэдээллээр дамжуулан эрх мэдлийг хянах иргэний эрх хохирох аюулыг авчирна гэж харж байна.

Маргааныг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хаан боогдуулах аргаар шийдвэрлэх зохисгүй уламжлал ардчилсан Монголын нийгэмд оршин тогтнох орон зайтай байж болохгүй. Ийм уламжлалыг цаашид хадгалан үлдээж бас болохгүй.

Харин үүнийг хэвлэл мэдээллийнхэн үүргээ гүйцэтгэх явцдаа хил хязгаарыг давж байгаа асуудлыг олж харж, шүүмжилж, шаардлага тавихдаа үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хааж боогдуулахгүйгээр шийдвэрлэдэг зохицуулалтаар халах ёстой.

Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөлөөс хэрэгжүүлж байгаа хэвлэл мэдээллийн сайн дурын өөрийн зохицуулалт нь ардчилсан засаглалтай улс орнуудад хүлээн зөвшөөрөгдсөн, олон улсын хэмжээнд туршигдаж, үр дүнгээ өгсөн зөрчлийг шийдвэрлэх арга механизм юм.

Энэ нь хэвлэл мэдээллийн байгууллагын оршин тогтноход хор хохирол үзүүлсэн, дарамт шахалт болсон арга хэмжээний оронд алдаагаа засах, олон нийтийн өмнө уучлал гуйх хэлбэрээр илэрхийлэгддэг. Бусдын нэр төр, алдар хүндэд ноцтой халдсан бол энэхүү үйлдлээ олон нийтийн өмнө өөрөө мэдэгдэж, тухайн хэвлэл мэдээлэл хариуцлагаа хүлээж буйгаа харуулах ёстой байдаг. Өөрийн зохицуулалт нь хэвлэл мэдээллийг төрийн хяналтаас иргэд, олон нийтийн хяналтанд шилжүүлэх үйл ажиллагаа гэдгийг ойлгон дэмжиж сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгуулагын эсрэг гаргах гомдлоо эхлээд МОНГОЛЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЗӨВЛӨЛД гаргахыг ёс зүйтэй, хариуцлагатай хэвлэл мэдээллийг, хэвлэлийн эрх чөлөөг эрхэмлэгч АРД ИРГЭДДЭЭ УРИАЛЖ БАЙНА.

Сэтгүүл зүйн мөн чанар, ёс зүйг дээдэлдэг Монголын олон мянган сэтгүүлч, хэвлэл мэдээллийн удирдлагын хүсэл зориг, эрмэлзэлийн үр дүн болох Монголын Хэвлэл Мэдээлийн Зөвлөл байгуулагдаад ГУРВАН ЖИЛ болж байна. Энэ хугацаанд тус зөвлөл нь иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас 90 хэвлэл мэдээллийн байгууллагад хаягласан 30 гомдлыг шийдвэрлэсэн нь өөрийн зохицуулалтын тогтолцоог нийгэмд хүлээн зөвшөөрч буйг харуулж байна. Хэвлэл мэдээллийн байгууллагын редакциуд нь иргэдийн ирүүлсэн гомдлыг нухацтай авч үзэж, ёс зүйн алдаа гаргасныхаа төлөө тухайн иргэдээс уучлал хүсэх, алдаатай мэдээллээ залруулах соёлыг төлөвшүүлж эхлээд байна.

МОНГОЛЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЗӨВЛӨЛ

ГЛОБ ИНТЕРНЭЙШНЛ ТӨВ

Categories
мэдээ нийгэм

Сүүлийн 10 хоногт ган огцом нэмэгджээ

Цаг уурын хүрээлэнгээс хиймэл дагуул ашиглан Монгол орны гангийн нөхцөл байдлыг 10 хоногийн давтамжтайгаар харуулдаг. Зургаадугаар сарын 20-30-ны өдөр буюу сүүлийн арван хоногт гангийн нөхцөл байдал өмнөх 10 хоногийнхоос эрс нэмэгдсэнийг та доорх зургаас харж болно.

Зураг 1: 2017 оны Зургаадугаар сарын 10-20-нд

Зургаас харахад зургаадугаар сарын 10-20-нд нутгийн төв хэсэг болон зүүн хэсгээс ган ихтэй байсан ч нийт газарт эзлэх хэмжээ нь бага байжээ.

Зураг 2: 2017 оны Зургаадугаар сарын 20-30-нд

Харин зургаадугаар сарын 20-30-ны өдрүүдэд гангийн хэмжээ огцом нэмэгдэж зүүн аймгууд тэр чигтээ, төвийн аймгууд болон баруун аймгууд гантай болсон байна. Энэ нь сүүлийн өдрүүдэд ихэнх нутгаар бүгчим халуун үргэлжилсэнтэй холбоотой.

Зургаадугаар сарын 20-30-нд хөрсний гадарга дээр өдөртөө ихэнх нутгаар 61-71 градус, Алтай, Хөвсгөлийн өндөрлөг уулсаар 45-50 градус, Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Хөхий, Хан Тайширын нуруу, Их нууруудын хотгор, томоохон голуудын хөндийгөөр 51-60 градус дулаан байжээ.

Цаг уурын байгууллагаас өгсөн мэдээллээр 6 дугаар сарын 30-ны байдлаар бэлчээрийн ургамлын ургалтын байдал нийт нутгийн

  • 10 орчим хувьд сайн,
  • 80 гаруй хувьд буюу Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Архангай, Өвөрхангай, Булган, Орхон, Сэлэнгэ, Төв, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын ихэнх, Баян-Өлгий, Ховд, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар дунд,
  • 10 гаруй хувьд буюу Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Булган, Төв, Дундговь, Дорноговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын зарим судын нутагт муу үнэлгээтэй байна.

2017 ОНЫ 7 ДУГААР САРЫН 4-НӨӨС 7 ДУГААР САРЫН 8-НЫГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ:

4-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 5-нд нутгийн төв хэсгээр, 6-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 7-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай.

Борооны өмнө салхи түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

4-нд нутгийн баруун хагаст, 5-нд ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

Хугацааны сүүлчээр нутгийн өмнөд хэсгээр хална.

Categories
мэдээ нийгэм

Боловсролын үзэсгэлэн яармаг болно

“Шинэ элсэлт- шилдэг боловсрол 2017” боловсролын үзэсгэлэн СТӨ-гийн Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдаж байна. Тус үзэсгэлэн яармагт БСШУСЯ-наас аттестатчлагдсан БМИҮ зөвлөлөөс магадлан итгэмжлэгдсэн дотоодын их, дээд сургууль коллежиуд, гадаадын сургуулийн төлөөлөгчийн газрууд үйл ажиллагаагаа танилцуулан оролцож байгаа юм.

Энэ жил монгол улсын нийт их дээд сургуулиуд 160 орчим хөтөлбөрийн хүрээнд 300 гаруй мэргэжлээр элсэлт авах бөгөөд БСШУСЯ-наас гаргасан журмын дагуу элсэгчдийн босго оноо 400-гаас дээш байх ёстой юм. ЕБС-ийн ЭЕШ-ийг энэ жил 40 387 сурагч өгсний 16 хувь нь өнгөрсөн оны төгсөгчид байгаа ажээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Элсэлтийн ерөнхий шалгалтын дүнг танилцуулж байна

Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн долоодугаар сарын 1-ний өдөр eec.mn цахим хуудаст нийтлэгдсэн байна. Улаанбаатар хотод нийт 6911 сурагч монгол хэлний шалгалтаа 100 хувь өгснөөс хоёр нь 800 буюу хамгийн өндөр оноог авсан байна.

Уг шалгалтанд 400 оноо буюу D- үнэлгээнээс дээш дүнгээр тэнцсэн 5973 сурагч байгаа бөгөөд тэд нийт монгол хэлний шалгалт өгөгсдийн 86,4 хувийг эзэлж байна. Харин 400-гаас бага оноо буюу F үнэлгээ авсан 938 сурагч байгаа ажээ.

Архангай аймагт 735 сурагч монгол хэлний шалгалт өгснөөс 800 оноо авсан нэг,Говь-Алтайд 439 сурагчаас гурав нь 800, Сэлэнгэд 907 сурагчаас нэг сурагч хамгийн өндөр оноог авсан байна.

Харин гадаад хэлний /гадаад хэл 100%/ шалгалтыг нийслэлд нийт 14001 сурагч өгснөөс 58 нь 800 оноо авчээ.

Сурагчид монгол, гадаад хэлний шалгалт өгөхдөө

монгол хэл 100 хувь,
гадаад хэл 100 хувь,
монгол хэл 70 хувь, гадаад хэл 30 хувь
монгол хэл 50 хувь, гадаад хэл 50 хувь гэх зэргээс сонголтоо хийсэн байна.

Жагсаалтыг доорх линк дээр дарж үзнэ үү.

ESH_dvn.pdf

Categories
мэдээ нийгэм

“Эмч нарын ослыг улс төртэй холбох шаардлагагүй” гэв

Гэмтэл, согог судлалын үндэсний төв /ГССҮТ/-ийн эмч нар орон нутагт осолдсон тухай албан бус мэдээлэл өчигдөр /2017.07.02/ олон нийтийн сүлжээнд цацагдсан билээ. Эмч нарыг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгийн тушаалаар сонгуулийн ажлаар орон нутгийг зорьсон байсан гэх энэхүү мэдээлэлтэй холбогдуулан албан ёсны тайлбар өгөхөөр ГССҮТ-ийн захирал Т.Мөнхсайхан болон эмч нар мэдээлэл хийлээ.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгийн тушаалаар сонгуулийн сурталчилгаа хийхээр орон нутгийг зорьсон Гэмтэл, согог судлалын үндэсний төв /ГССҮТ/-ийн эмч нар осолдсон тухай албан бус мэдээлэл өчигдөр /2017.07.02/ олон нийтийн сүлжээнд цацагдсан билээ.

“ГССҮТ-ийн Чанар албаны дарга Р.Гантуяа болон тус албаны хоёр мэргэжилтэн, Яс, үений гэмтлийн хоёр эмчийн зорчиж явсан УБН 89 79 улсын дугаартай ‘Приус’ машин Элсэн тасархайгаас нааш 10 гаруй км-ийн зайд зорчиж яваад зорчигч тээврийн автобустай мөргөлдөн, осолдсон нь үнэн. Гэхдээ улс төртэй ямар ч хамаагүй, таван эмчийн биеийн байдал хүнд, бүгд сэхээнд байхад ослыг сонгуультай холбон худал тайлбар хийхгүй байхыг хүсье” хэмээн тус эмнэлгийн ерөнхий захирал Т.Мөнхсайхан мэдээллээ.

Осол өчигдөр /2017.07.02/ 15.00 цагийн үед гарчээ. Тэд Өвөрхангай аймгаас Улаанбаатар руу зорчиж явсан байна. ГССҮТ-ийнхэн хамт олноороо амралтын өдөр Эрдэнэзуу хийдэд мөргөөд буцах замдаа ийн нэг машин нь осолдож, таван эмч хүнд гэмтжээ. Эсрэг урсгалд жуулчид тээвэрлэж явсан дунд оврын автобусны жолооч дүрэм зөрчиж, гэнэт урсгал сөрснөөр осол гарчээ.

“Автобус, приус машинтай халз мөргөлдсөнөөс машин нь авах юмгүй болно гэдэг дотор нь сууж байсан иргэд маш хүнд гэмтсэн нь тодорхой. Осолдсон машины ард ГССҮТ-ийн бусад ажилчин, эмч нарын сууж явсан автобус, машинууд ойрхон явсан учраас цаг алдалгүй осолд өртсөн эмч нартаа эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн. Зам дахь эмнэлгүүдэд орж, яаралтай тусламжуудыг үзүүлээд явсан. Хоёр цаг гаруйн дараа онцгой болон өөрийн хоёр түргэний машиныг дайчилж, ГССҮТ-ийн эмнэлэгтээ осолдсон эмч нараа авчирч, дотуур цус алдсан нэг эмчээ яаралтай хагалгаанд оруулсан. Үлдсэн дөрвөн эмч нь сэхээнд эмчлэгдэж байна” гэж тус эмнэлгийн зөвлөх эмч Б.Бүргэд ярив.

“Орон нутгийн зорчих эгнээ нарийнхан ийм үед жолооч нар дүрэм зөрчөөгүй бол өнөөдөр таван эмч ийнхүү эмнэлгийн орон дээр сэхээнд хэвтэхгүй байлаа. ГССҮТ-д өдөрт ирдэг 300-500 өвчтөний 80 хувь нь автын осолд орсон байдаг. Ослын гол шалтгаан нь орон нутгийн замын чанар болоод хурд хэтрүүлсэн, урсгал сөрсөн зэрэг дүрэм зөрчсөн ухамсаргүй жолооч нартай шууд холбоотой”-г ГССҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал О.Хишигсүрэн онцоллоо. Мөн тэрбээр “Олон нийтэд мэдээлж байгаачлан Эрүүл мэндийн сайдын тушаалаар намын сурталчилгаа зэрэг ажилд оролцож байсан гэх мэдээлэл ор үндэсгүй. Манай эмч нар энэ жилийн хувьд ‘Элэг бүтэн Монгол’ хөтөлбөрийн хүрээнд л орон нутагт ажилласан. Өөр хөдөөд албан ёсоор ажилласан тохиолдол байхгүй. Энэ удаагийн осол болсон тохиолдол уг хөтөлбөртэй хамаагүй. Эмч нар маань чөлөөт цагаараа явж байгаад харамсалтай осол боллоо. Ийм хүнд хэцүү үед олон нийтэд ташаа мэдээлэл хүргэхгүй байхыг иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагуудаас хүсч байна’ гэлээ.

Categories
мэдээ нийгэм

“Дээлтэй монгол наадам” энэ сарын 10-ны өдөр болно

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар хамтран 11 дэх жилдээ “Дээлтэй Монгол наадам” арга хэмжээг энэ сарын 10-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.

Тус наадам нь даяарчлалын зуунд хадгалагдан үлдсэн нүүдэлчдийн соёлын чухал хэсэг болсон Монгол үндэстэн ястны хувцас, гоёл чимэглэлээ дэлхийн нийтэд гайхуулан сурталчлах мөн жуулчдын сонирхлыг татсан томоохон баяр болж өргөжсөн төдийгүй Монголын ирээдүй болсон хүүхэд, залууст түүх, соёл өв уламжлалаараа бахархах ухамсрыг төлөвшүүлэх, таниулах, өвлүүлэх арга хэмжээ юм.

Наадмын энэ жилийн гол онцлог нь хамгийн том Хүннү дээлийг дэлгэж үзүүлэхээс гадна Киви хамтлагийн дуучин Ука ерөнхий дүр төрх болж байгаа бөгөөд ая дуугаа өргөнө. Арга хэмжээний үеэр “Монгол костюмс”, “Шилмэл загвар” зэрэг үндэсний хувцасны тэргүүлэх агентлагууд, чөлөөт уран бүтээлчид, үндэсний хувцас урладаг байгууллагууд, ӨМӨЗО-ны Алша аймгийн загвар зохион бүтээгч Шүрнээ нар үндэсний хувцасны коллекцууд танилцуулж уран бүтээлчид ардын урлагийн тоглолт, ёохор хатирах, Хүннүгийн дэвсэх бүжгийг толилуулахаар бэлдэж байгаа аж.

Түүнчлэн 22 цагаас Нийслэлчүүд болон Улаанбаатар хотод ирж буй гадаад, дотоодын жуулчдын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, тав тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор байгуулагдсан “Шөнийн гэрэлт гудамж”-д Дээлтэй Монгол наадмын хаалтын арга хэмжээ болох “Дээлтэй диско” фашион партиг зохион байгуулна.

Өмнөх жилүүдийн адил Нийслэлийн дүүргүүдийн шилдэг үндэсний хувцастай парад алхах юм байна. Мөн оролцогчдын дунд сонгон шалгаруулалт явуулж шилдэг зохион байгуулалттай оролцсон дүүрэг, хамгийн сайхан дээлтэй хос, шилдэг үндэсний хувцастай гадаад оролцогч, шилдэг эрэгтэй, эмэгтэй үндэсний хувцастай оролцогч, шилдэг хүүхдүүд, шилдэг байгууллагуудыг шагнах юм. Мөн үндэсний хувцастай ирсэн хүүхдүүдэд ивээн тэтгэгчийн шагнал гардуулна.

.

Categories
мэдээ спорт

МХӨХ-ны шинэ генсекээр Ц.Хасбаатарыг томиллоо

Монголын Хүндийн Өргөлтийн Холбооны хурал өнөөдөр боллоо. Уг хуралдаан шигшээ багийн зааланд болсон ба ахмад тамирчид, дасгалжуулагч, удирдагууд, тамирчид зэрэг өргөн бүрэлдэхүүнийг хамарсан хурал болсон байна.

Ээлжит хуралдаанаар тус холбооны ЕНБД Ч.Даваадоржийг өөрийнх нь хүсэлтээр албан тушаалаас нь чөлөөллөө. МХӨХ-ны ЕНБД-аар таван жилийн турш ажилласан Ч.Даваадорж нь үүрэгт ажлаа өндөр түвшинд хашиж, хүндийн өргөлтийн баг тамирчдаа олимп, дэлхийн түвшинд амжилт гаргахад онцгой үүрэг гүйцэтгэсэн билээ. Мөн баг хамт олноо чадварлаг удирдан, тус холбоог ажил үйлсээр нь тэргүүлэх байр сууринд аваачсан юм. МХӨХ Ч.Даваадоржийн цаашдийнх нь ажилд өндөр амжилт хүсээд дараагийн ЕНБД-аар “Монгол жонш” компанийн захирал Ц.Хасбаатарыг нэг жилийн хугацаатай томилсон байна. Монголын Олимпийн хорооны ерөнхийлөгч Н.Загдсүрэн шинээр томилогдсон ЕНБД Ц.Хасбаатарт холбооны тамгыг хүлээлгэн өгч ажлын өндөр амжилт хүсээд, одоо хүрээд буй амжилтыг улам дээшлүүлж ажиллахыг үүрэг болголоо.

Мөн Дэлхийн допингийн эсрэг холбооны /WADA/-гаас хэрэгжүүлж буй үйл ажиллагааг танилцуулж баг тамирчиддаа уралдаан тэмцээнд оролцохдоо хориотой эм бэлдмэлийг хэрэглэхгүй байх талаар зааварчилгаа өглөө. МХӨХ-ны томоохон зорилго бол ДАШТ-ээс анхныхаа медалийг хүртэх бөгөөд энэ амжилтанд хүрэхийн төлөө “Бид -Нэг баг” уриан дор улам сайн ажиллахыг хүсэн ерөөе.

Categories
мэдээ нийгэм

Усанд 53 хүн осолдож амь насаа алдаад байна

Image result for осолдож амь насаа алдаад байна

Өнөөдрийн байдлаар 12 аймгийн 29 сум, нийслэлийн дөрвөн дүүрэгт нийт 42 удаагийн усны осол гарч, 53 хүн амь насаа алдаад байна. Үүнээс 10 хүүхэд, 43 нь насанд хүрэгсэд юм байна.

Иймд иргэдийн санамсар болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхих, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаар осолдож байгаа аж. Цаашдаа ч хэт халуун өдрүүд үргэлжлэх төлөвтэй байгаа тул иргэд та бүхэн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй, тоглуулахгүй байх, тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.