Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 15.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. Хуралдаанаар сайд нар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.

  • Журам шинэчлэн батлах тухай,
  • УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн санаачлан боловсруулсан Цэцэрлэг, сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай,
  • УИХ-ын гишүүн Н.Оюундарийн санаачлан боловсруулсан Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай,
  • Шийтгэлийн хуудасны маягт батлах тухай,
  • Журам батлах, тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай болон бусад асуудлуудыг хэлэлцэхээр товложээ.
Categories
гадаад мэдээ

Хойд Солонгос дахин пуужин туршчээ

Image result for пуужин туршчээ

Хойд Солонгос өнөө өглөө дахин пуужингийн туршилт явуулсан талаар Японы болон Өмнөд Солонгосын эрх баригчид мэдээлж байна.

Орон нутгийн цагаар 09:40 цагт Хойд Солонгосын Хойд Пёнган мужид байрлах Бангхён агаарын нисэр хүчний баазаас пуужинг хөөргөсөн тухай БНСУ-ын Ёнхап агентлагаас мэдээлжээ.

Японы ЭнЭйчКэй сувгаар пуужин Японы эзэмшлийн далайд унасан хэмээн тус улсын Батлан хамгаалах яамнаас мэдэгдсэн болохыг мэдээлсэн байна.

Сүүлийн саруудад Хойд Солонгосын зүгээс пуужингий болон цөмийн зэвсгийн туршилтаа идэвхжүүлээд байгаа билээ. Энэ удаагийн пуужингийн туршилт 2017 он гарснаас хойш Хойд Солонгосын явуулсан 11 дэх туршилт болж байгаа юм.

Өнгөрсөн баасан гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Хойд Солонгосын тал дээр АНУ-ын тэвчээр барагдсан хэмээн мэдэгдэж, ням гарагт БНХАУ болон Японы төрийн тэргүүнүүдтэй уг асуудлаар утсаар ярилцсан юм.

Categories
мэдээ нийгэм

Цогтцэций сумынхан шиг Есөн хөлт цагаан тугийг дуурайлган хийж, орон нутгийн наадмуудад ашиглах хориотой

Монгол Улсын төрийн хүндэтгэлийн бэлгэдэл Есөн хөлт Их цагаан тугийг аймаг орон нутгийн баяр наадмын үеэр дуурайлган хийж, ашиглах болсон. Энэ нь хүндэтгэн дээдлэх хуулийн заалтыг чанд мөрдөөгүйгээс хүндэтгэл нь гутаах үйлдэл болох тохиолдол гарах болсон билээ. Тухайлбал, өнгөрсөн жил Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ойн баяр наадмаар дуурайлган хийсэн есөн хөлт цагаан тугаа залахаар морьтой залуус наадмын талбайд орж иртэл морьд нь үргээд, цагаан тугаа алдаж, морьноосоо унасан зүйл болсон. Энэ мэт байж боломгүй зүйл удаа дараа ажиглагдах болжээ.

Уг нь Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн тугийг Монгол Улсын бүх аймгийн адуун сүргийн дотроос шилж сонгосон цагаан зүсмийн азарганы 80,0 см-ээс доошгүй урттай, дэл сүүлээр, ганц хувь үйлдэнэ”. 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн тугийг өнгийн чулуу шигтгэж, дотор нь Монгол Улсын бүх аймгийн хөрсний дээжийг байрлуулан цутгасан, шаталсан хэлбэртэй хот, улсыг бэлгэдсэн хүрээ мандлын байдалтай суурь дээр залж Төрийн ордонд байрлуулна” гэсэн байна. Мөн хоёр дахь хэсэгт “Төрийн тугийг газарт хүргэхийг цээрлэнэ” хэмээн заасан байдаг аж. Гэтэл аймаг, сумд, зарим олон нийтийн байгууллага, хувь иргэн Төрийн Есөн хөлт цагаан тугийг дууриалган үйлдэж, төрийн ёслол, олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд ашиглах байдал гарсаар байсан тул дахин ашиглахыг хатуу хориглосон байгаа. Орон нутгийн наадмын үеэр дахин цагаан туг харагдвал иргэд холбогдох хуулийн байгуллагуудад хандаж мэдээлэл өгөх хэрэгтэй.

Н.ГАН

Categories
мэдээ нийгэм

Монгол эмэгтэйг Интерполоор эрэн сурвалжилж байна

Дэлхийн Интерполийн төвөөс Б.Энхмаа гэх монгол эмэгтэйг эрэн
сурвалжилж байна. Түүнийг Монгол улсын шүүхийн эрх бүхий байгууллагаас
хүссэн хүсэлтийн дагуу хайж байгаа бөгөөд түүнийг өмч хөрөнгийг зүй бусаар
ашигласан хэмээн буруутгаж байгаа юм
байна. Манай улс Интерполд элсэн
орсноос хойш манай улсаас олны анхаарлын төвд орсон ҮХААЯ-ны Төрийн нарийн
бичгийн дарга асан Д.Сүрэнхор, “Анод” банкны гүйцэтгэх захирал асан Л.Уламбаяр,
“90 сая”-ын гэх тодотголтой мөнгө залилсан Т.Гансүх, удаа дараа улсын хил
зөрчин, хууль бусаар оргон зайлсан У.Болд нарыг энэ шугамаар эрэн сурвалжилж
хуулийн дагуу хариуцлага хүлээлгэсэн.

Categories
мэдээ нийгэм

Гудамжинд хог хаявал 30 мянган төгрөгөөр торгуулна

Энэ сарын нэгнээс Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн билээ. Энэ хуулийн Тавдугаар бүлэгт хог хаягдлыг зориулалтын бус газар хаясан бол хувь хүн 30 мянга, албан байгууллага 300 мянган төгрөгийн торгууль төлөхөөр заасан байна. Харин олон нийтийн газар бие зассан, тамхины иш, нус, цэрээ хаясан бол 10 мянган төгрөгийн торгуультай.

Тухайлбал, дараах заалтууд үйлчилж байна.

ЗОРИУЛАЛТЫН БУС ГАЗАР ХОГ ХАЯСАН БОЛ

1. Хог хаягдлыг зориулалтын цэгээс бусад газарт хаясан, ил задгай шатаасан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр /30 мянган төгрөг/, хуулийн этгээдийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр /300 мянган төгрөг/ торгоно.

ХОРИОТОЙ ГАЗАР ХОГИЙН ТӨВЛӨРСӨН ЦЭГ БАЙГУУЛСАН БОЛ

2. Хүн амын төвлөрсөн суурьшлын бүс, усны эх үүсвэрийн хамгаалалтын бүс, эрүүл ахуйн бүс, ашигт малтмалын нөөц тогтоогдсон газарт зөвшөөрөлгүйгээр, эсхүл хуулиар хориглосон бусад газарт хог хаягдлын төвлөрсөн цэг байгуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр /300 мянган төгрөг/, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр /3 сая төгрөг/ торгоно.

Зөрчлийн тухай хуульд 1600 орчим зөрчлийг зохицуулахаар тусгажээ. Хулгай хийсэн, олон нийтийн газар танхайрах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зэрэг дөрвөн тохиолдолд баривчлах шийтгэл ногдуулах бол бусад тохиолдолд торгох шийтгэл ногдуулах ажээ.

Categories
мэдээ спорт

М.Түмэнбаяр Япон улсын тамирчдыг ялж аваргаллаа

БНСУ-ын Чунчон мужид энэ сарын 2-ны өдөр эхэлсэн “Korea Open 2017” олон улсын нэр хүнд бүхий тэмцээнд Монголын таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин М.Түмэнбаяр -58кг жинд хүч үзэн алтан медаль хүртлээ. Тэрбээр хэсгийн тоглолтуудад БНСУ-ын шилдэг дөрвөн тамирчинг хожиж, шигшээ тоглолтод Япон улсын шилдэг тамирчинг хожсоноор жиндээ аваргалжээ. Мөн Монголын үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, багш Hur Inyon шилдэг дасгалжуулагч болов. Түүний жинд нийт 59 тамирчин хүч үзсэн юм. Энэхүү алтан медаль нь насанд хүрэгчдийн ангилалд авч Монгол Улсын анхны алтан медаль болж Монголын таеквондогийн спортын түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээлээ. Таеквондогийн спорт нь Солонгос улсаас үүсэлтэй гэдгийг сонирхогчид мэдэх биз. Тийм ч болохоор энэ спортоор Солонгосчууд дэлхийд тэргүүлдэг. Ийм хүчтэй орны тамирчдыг ялж, аварга болсон нь түүхэн үйл явдал хэмээн М.Түмэнбаярын багш дасгалжуулагчид ярьж байна.

Уг тэмцээн нь G2 ангиллын буюу Олимп, дэлхийн чансааны өндөр оноо олгодог тэмцээн бөгөөд дэлхийн 70 гаруй орны 3000 гаран тамирчин оролцож байна.

Э.МӨНХ

Categories
мэдээ нийгэм

Гол усны ослоос болгоомжил

Image result for Гол усны ослоос болгоомжил

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар 30-35 хэм хүртэл халж, бүгчим халуун байгаатай холбоотойгоор иргэд гол ус бараадан амарч зугаалах нь ихсэж, санамсар болгоомж алдсаны улмаас усанд осолдох, амь насаа алдах тохиолдол нэмэгдэх хандлагатай байна.

Он гарсанаас хойш өнөөдрийг хүртэл улсын хэмжээнд нийт 42 удаагийн усны осол гарч, нийт 53 хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гараад байна. Үүний 43 нь насанд хүрсэн хүн бол 10 бага насны хүүхэд байсан юм.

Гол усны осол иргэдийн санамсар болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орох зэрэг шалтгаанаас гарч байна.

Тиймээс амралт,аялал зугаалгын улирал эхэлж, хэт халуун өдрүүд үргэлжилж байгаа тул иргэд та бүхэн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ аль болох гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх мөн бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулж голын эрэг дагуу хүүхдийг тоглуулахгүй байж зөв боловсон амрахыг анхаарууллаа.

Мөн тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Э.МӨНХ

Categories
мэдээ нийгэм

Хилийн боомтууд 11-ээс дөрөв хоног амрана

Image result for хилийн боомтуудҮндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын өдрийг тохиолдуулан Монгол-Орос, Монгол-Хятадын улсын хилийн боомтууд дараах хуваарийн дагуу амарна.

Монгол-Оросын хилийн боомт:

Цагааннуур-Ташанта боомт 7 дугаар сарын 11-15-ны өдөр

Тэс-Шар суурь боомт 7 дугаар сарын 11-13–ны өдөр

Ханх-Монд боомт 7 дугаар сарын 10-13-ны өдөр

Ульхан-Дээд ульхан боомт 7 дугаар сарын 10-13-ны өдөр

Боршоо-Хандгайт боомт 7 дугаар сарын 10-13-ны өдөр

Арцсуурь-Цагаантолгой боомт 7 дугаар сарын 10-13-ны өдөр тус тус амарна.

Харин олон улсын авто замын Алтанбулаг-Хиагт, Эрээнцав-Соловьевск, төмөр замын Сүхбаатар-Наушки, Эрээнцав-Соловьевск боомтууд хуваарийн дагуу ажиллах юм байна.

Монгол-Хятадын хилийн боомт:

Монгол, Хятадын хилийн автозамын боомтууд 2017 оны 7 дугаар сарын 11-15-ны өдөр амарна. Олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих юм байна.

Categories
мэдээ нийгэм

Согтууруулах ундаа худалдах болон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглолоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дахин санал авахтай холбогдуулан гаргасан захирамжаар архи согтууруулах ундаа худалдах болон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглолоо.

Тодруулбал, долдугаар сарын 6-ны өдрийн 00.00 цагаас 8-ны 00.00 цаг хүртэл нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаагаар үйлчлэхгүй, худалдахгүй.

Мөн дээрх хугацаанд Сүхбаатарын талбайд нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах зөвшөөрөл олгохгүй байхыг холбогдох албаныханд үүрэг болгожээ.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Categories
мэдээ цаг-үе

СУУ АЛДАРТНУУДЫН ӨЛГИЙ: Дэлхийн дуурийн ноён оргилуудын нэг, зууны манлай дуучин Х.Уртнасангийн унаган нутгаар (III)

Түрүүч нь №138(5705), 140(5707), 141(5708) дугаарт

Хангинахын хошуунаас Хунцал зурамтай руу хөдөллөө. Уул ус нь тэгширсэн үнэхээр сайхан газар юм. Шүд хага ташим хүйтэн булаг хоржигнон урсах, торго шиг ногоон зүлгэн дээр хээрийн цэцэгс алаглан ургажээ. Модны захад идээшилж байсан 20 гаруй тооны хээр зүсмийн азаргатай адуу усанд ирж байгаа харагдлаа. Улаан зээрд зүстэй гүү цагаан хонгор эр унага гаргажээ. Эхээс төрөөд удаагүй цагаан хонгор унага эхийнхээ араас ээдрээ нь гараагүй хөлөө энд тэнд гишгэлсээр цогих аж. Х.Уртнасан гуай “Эхийгээ дагаж яваа нялх амьтныг харах болгондоо ээжийгээ маш их санадаг. Би ээжийнхээ хайранд хүн болсон юм шүү дээ. Нас ахих тусам эх хүний үрээ гэх сэтгэл юутай ч зүйрлэмгүй гэдгийг улам ихээр мэдэрч байна даа” гээд л хоолой нь зангирч байна. Хунцал зурамтайд Х.Уртнасан гуайн аав Ц.Хорлоогийнх олон жил зусч байсан гэнэ. Зуны эхэн сар гарч, дэлхий дэлэгнэх дэлгэр цагаар Мандал хайрханы хойд арын хөх бууцнаас ийшээ нүүж ирдэг байжээ. Шинэ нутагт буурь сэлгэж сэргэлэн ногоон дэнж дээр гэрээ барьж байхдаа “Ундаа миний охин булагаас ус аваад ир. Цай чаная” гээд л ээж нь аядуу зөөлнөөр хэлдэг байсан гэнэ. Х.Уртнасан ч хүйтэн булгийн усыг шанага дүүрэн хутгаж залгилсныхаа дараа хувиндаа ус дүүргээд гэр рүүгээ алхдаг байсан талаараа ярилаа. Мөн зуны гурван сар энэ л цэцэгт хөндийгөөр дүү нартайгаа хөл нүцгэн уралддаг байсан, хоржигнон урсах голын эргийн зүлгэн дээр бүртийх ч үүлгүй хөх тэнгэр ширтээд мөрөөдөлдөө умбан хэвтдэг байснаа ч дурсав. Магадгүй тэр нэртэй дуучин болоод аав, ээжийгээ баярлуулна даа гэж хүүхэд насны гэгээн хүслээр жигүүрлэн мөрөөдөж хэвтсэн байх. Тэр мөрөөдөлдөө ч хүрч, дэлхийн шилдэг дуучин болсон биз ээ.

Х.Уртнасанг анх дэлхийн томоохон театруудад дуулахаар очиход “Азийн дуучин сонгодог урлаг, тэр тусмаа дуурийн дууг дуулна гэж юу байх вэ дээ” гээд тоодоггүй байсан гэнэ. Тэгсэн мөртлөө дуулаад эхлэхээр нь бүгд л ангайчихдаг байсан аж. “Юун Азийн нэг муу дуучин. Энэ хүн чинь үнэхээр гайхалтай дуулдаг хүн байна. Хаана сурахаараа сонгодог дуурийн дууг ингэж төгс дуулж чадаж байна вэ” гээд шүтэн биширдэг байсныг нь үеийнхэн нь, багш нар нь ам уралдан ярьдаг билээ. Ингэж л тал нутгийн малчин айлын охин дэлхийн дуурийн урлагт цахиур хагалсан аж. Х.Уртнасанг дэлхийн томоохон театруудад дуулна гэдгийг сонссон үзэгчид түүний инээж, хөхөрч, баярлаж хөөрч, уйлж, гунигтайгаар дуулж байхыг үзэх гэж ирдэг болсон байна. Тоглолт үзэхээр ирсэн үзэгчид Х.Уртнасанг дуулахдаа хоолойн цар хүрээ нь дээшээ аль өнгөн дээр очиж байгаа, харин доод өнгийг хэрхэн авч чихэнд сонсголонтой хүргэж байгааг сонсох гэж л ирдэг болжээ. Х.Уртнасан маш богино хугацаанд “Чио Чио Сан” дуурийн эрвээхэй хатагтайн дүрээрээ дэлхийн шилдэг дуучин болж чадсан байдаг. Сонгодог урлаг тэр тусмаа дуурийн дууг хөгжүүлж байгаа улс орнууд “Чио Чио Сан”-г Монголын Х.Уртнасан шиг дуулуулах гэж, түүнийг үлгэр жишээ болгон ярьдаг болсон гэдгийг урлаг судлаачид онцлон ярьж байна лээ. Хагас зуун жилийн хугацаанд Х.Уртнасан шиг “Чио Чио Сан” дуурийн эрвээхэй хатагтайн дүрийг үзэгчдийн сэтгэл, зүрхэнд хүргэх дуучин төрөхгүй байгаа гэдгийг ч уулзсан хүн бүр ам бардам хэлэх юм.

ТЭР МОНГОЛЫН ДУУРИЙН УРЛАГТ ӨӨРИЙНХӨӨ ЗАЛГАМЖЛАГЧ “ЧИО ЧИО САН”-Г “ТӨРҮҮЛСЭЭР” БАЙНА

Х.Уртнасан 50 настай, хоолой нь цуцаагүй байхдаа гэнэт л тайзнаас буучихсан. Зодог тайлах болсон талаараа Х.Уртнасан гуай “Урлагт нэг бичигдээгүй хууль байдаг юм. Ерөөсөө ид гялалзаж байгаа, сайн байгаа, сайхан байгаа бүтээлчдийг л тайзан дээрээ тогтоож байдаг. За тэгээд жаахан гундаад ирвэл бичигдээгүй хуулиар бага багаар алсарсаар холддог. Тэгвэл миний хувьд тэгж бага багаар алсрах тэвчээр надад хүрээгүй юм. Миний багш, ардын жүжигчин, зууны манлай эмэгтэй Л.Цогзолмаа гуай намайг бүр арван хэдтэй байхад хэлж байсан. “За, жүжигчин байна гэдэг сайхан. Жүжигчин хүн цагаа олж тайзнаас буух явдал бол өөрийнхөө хийсэн бүтээлийг мөнхлөх агуу их ухаан байдаг юм шүү. Тэрэнд сайн суралцдаг юм шүү. Ээ дээ, тайзнаас бууна гэдэг хэцүү шүү” гэж. Тэгж байхад би хүүхэд байсан болохоор юу ч бодохгүй байсан. Гэтэл насны эрхээр миний алтан портнёрууд маань яваад яваад өглөө. Хавлааш маань гэж ардын жүжигчин байлаа, ардчилал эхлээд тэр маань Казахстан явчихлаа. Тэгж байтал Пүрэвдорж гуай маань багш болоод явчихлаа. Хайдав багш маань, Банди маань бас багш болоод явчихлаа. Ингээд ер нь миний портнёр цөөрөөд байнаа. Нэг харсан чинь, өө би гэдэг хүн гавьяат жүжигчин Ганхуяг эд нартай дуулж байна аа. Тэгээд бодсон чинь нэг л биш юмаа. Ганхуяг гэдэг чинь надаас бараг хорь дүү хүн биз дээ. Ингээд л дахиж тайзан дээр гарахгүй байх шийдвэр гэнэт гаргасан даа. Чулуун багшийгаа амьд сэрүүн дээр багштайгаа “Чио Чио сан”-аа нэг дуулаад л буусан. “…Одоо би арван тавтай..” гэж зохиол дээрээ дуулдаг хэсэг дээр “ ..Одоо би яг тавьтай” гээд дуулсан чинь үзэгчид нирхийгээд явчихсан. Тэгснээ чимээгүй болцгоочихсон. Тэгсэн дараа нь Чулуун багш “Үгүй чи юу гэж хэлээд үзэгчид хөхрөлдөөд унав аа” гэж билээ. Түүнээс хойш “Чио чио сан”-д гараагүй. Тэгэхийгээ ч мэдэж би хоёр гурван сайхан “Чио чио сан” бэлдсэн хүн дээ” гэв.

Х.Уртнасан зөвхөн дуулаад яваад байгаагүй. Өөрийнхөө дараагийн үеийг бэлтгэх гэж амьдралынхаа ихэнх цаг хугацааг зарцуулж явна. 1974 оноос хойш дуурийн сайн дуучин бэлтгэж байна. Түүний мундаг шавь нарын нэг нь Ардын жүжигчин Б.Жавзандулам. Х.Уртнасан өөрийн хамгийн хайртай дүрийн нэг “Чио Чио Сан” дуурийн эрвээхэй хатагтайн дүрээ шавьдаа залгамжлуулж өгсөн. Өөрийнхөө мэдэж, чадах бүх зүйлээ шавьдаа зааж өгсөн байдаг. Олон жил гадаадад хүүхдүүдтэйгээ амьдарч байгаад ирснийхээ дараа шавь Б.Жавзандуламыгаа дуулахыг үзэгчийн суудлаас сонсоод уйлж байсан гэдэг. Дорноговийн “Саран хөхөө” театрт ажиллаж байгаа гавьяат жүжигчин Л.Нарантуяа гэж дуучин бий. Сэлэнгэ аймгийн “Сэлэнгийн долгио” чуулгын дуучин гавьяат жүжигчин Д.Дагийсүрэн, гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг, Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Б.Энхнаран гээд л түүний шавь олон. Залуу дуучин Б.Энхнарантай холбогдож багшийнх нь талаар асуухад “Багш маань их нарийн мэдрэмжтэй хүн шүү дээ. Аливаа зүйлд үргэлжид сэтгэлээсээ ханддаг. Сэтгэлд нь хүрэхгүй зүйлд дургүй. Бүх л зүйлийг хэмжээнд нь тултал гоё байлгах гэж хичээдэг. Тийм болохоор шавь нарыгаа аль ч талаар нь сайхан байлгах гэсэн сэтгэл нь үргэлж явж байдаг. Түүнийг шавь нар нь эхэн үедээ ойлгохгүй ч жил өнгөрөх тусам багшийгаа ихээр мэдэрч, сэтгэлд нь хүрэхээр их баярладаг. “Х.Уртнасан багш дээр чамайг хуваариллаа гэхэд нь би дотроо мундаг том хүн дээр очиж байна даа, одоо яана даа” гэж бодож байсан. Гэвч эхний өдрөөсөө л багшийгаа биширсэн. Багш их сайхан зүйл ярьж, зааж өгнө. Өөрийнх нь дуулсан бичлэгийг нь үзээд хэзээ ингэж дуулдаг болно доо гэж боддог. Багш шигээ дуулдаг болно гэдэг маш том уулын өндөр оргилд хүрэхтэй адил юм. Тиймээс анх багш дээрээ очсон өдрөөс эхлээд л сүр хүчийг нь мэдэрч эхэлсэн. Одоо ч мэдэрч байна. Цаашид ч мэдэрсээр байх болно. Миний багш Дуурийн урлагт маш том оргилыг бий болгосон дуучин. Тэр оргилыг гүйцэж давах дуучин одоогоор байхгүй” хэмээн ярилаа. Х.Уртнасан гуай 1984 онд Б.Ямпилов “Шидэт ваар” жүжгийг, 1991 онд өөрийнхөө гол дүрд нь тоглож дэлхийн шилдэг дуучин болсон “Чио Чио Сан”, 2002 онд Хөдөлмөрийн баатар Д.Лувсаншаравын “Хар Хорум” дууриудыг найруулан тавьсан байдаг.

АРДЧИЛАЛ СОНИНЫ АНХНЫ ЭРХЛЭГЧ С.АДЪЯАХҮҮ БУЮУ Х.УРТНАСАНГИЙН НАСАН ТУРШИЙН ХАНЬ

Х.Уртнасан гуай ээжийгээ дагуулаад дуучин болохоор хөдөөнөөс ирж, Ардын ансамбльд шалгалт өгчээ. Монгол Улсын ардын жүжигчин, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Д.Мяасүрэн, Хөдөлмөрийн баатар Л.Цогзолмаа нарт шалгуулж байхад нь түүний ирээдүйн нөхөр Сандуйдоржийн Адъяахүү шүүгчдийн дунд сууж байсан гэдэг. Дуучны нөхөр Монголын залуучуудын төв хорооны зааварлагч хийж байгаад одоогийн Драмын театрын буюу Залуучуудын ордны орлогч даргаар ажиллаж байсан аж. Х.Уртнасан өрөөндөө дуучдын хамт сууж байтал Сандуйдоржийн Адъяахүү гуай ороод ирсэн гэнэ. Өрөөнд орж ирснээ “Цаг хэд болж байна вэ” гэж асуухад нь Х.Уртнасан гуай 10:11 цаг болж байна гээд бусдаасаа түрүүлээд хариулчихсан гэнэ. Тэр цагаас хойш тэдний хайр сэтгэлийн сэжим эхэлсэн гэдэг. Гэхдээ Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Н.Норовбанзад гуай С.Адъяахүү, Х.Уртнасан нарыг хооронд нь ойртуулж, дотно танилцуулж байжээ. Н.Норовбанзад гуайн нөхөр Банзрагч, түүний нөхөр С.Адъяахүү нар МУИС-ийн сэтгүүл зүйн нэг ангийн хоёр аж. Мөн Б.Явуухулангийн гарынх нь хоёр шавь юм байна. С.Адъяахүү, Х.Уртнасан нар хамтдаа нийтийн бүжгэнд явж, бүр чуулгын нийтийн бүжгийн аварга хосоор шалгарч байсан гэнэ. Тэдний хайр сэтгэл насан туршийн хамтын амьдрал ингэж л эхэлж байжээ. Тэд 1964 онд гэрлэж, дараа жил нь том охин А.Дамаа нь төрсөн байна. Мөн А.Гүнжав А.Жавзмаа нар нь хоёр насны зөрүүтэй аж. Түүний нөхөр С.Адъяахүү Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын хүн. “Ардчилал” сонины анхны эрхлэгч юм байна. 1990 онд Ардчилсан хувьсгал өрнөж байхад “Хонхны дуу”-ны Х.Цогтсайхан, Баасан лам, зураач Тэнгисболд, Д.Сосорбарам нарыг гэртээ цуглуулаад оройжин ярьж суудаг байсан аж. Бүр “Ардчилал” сонинг ганцаараа хийж байсан тохиолдол ч байдаг гэнэ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн бие төлөөлөгчөөр хүртэл ажиллаж байжээ.

Х.Уртнасан гуайг нөхөр С.Адъяахүү нь хайрлаж хүндэтгэж, аав, ээжээс нь дутахааргүй эрх дураар нь байлгадаг байсан гэдэг. Энэ талаар Х.Уртнасан гуай “Норовбанзадын нөхөр Банзрагч бид хоёр шиг тор бариад 20 дугаар дэлгүүрээс салдаггүй хүн алга гээд манай хүн хааяа гомдоллоно. Тэгэхээр нь “Одоо тэгээд яах билээ 45 хоног гадаад явна. 50 хоног бригад явна. Тэгээд гурван хүүхэд маань өлсөөд үхэх юм уу. Адилхан таван цагт тардаг эхнэртэй бол хамтдаа тороо бариад л явахсан” гэхээр чимээгүй болчихдог байсан. Би гурван хүүхдээ тээсэн, төрүүлсэн нь л үнэн. Миний өвгөн чинь их сайн хүн байлаа. Үе тэнгийнхнээсээ сонсдог л байсан. Нөхөр маань хардсан, зодсон гээд л. Миний өвгөнд ёстой тийм юм байгаагүй” гэсэн юм. Хүний амьдралд жаргал, зовлон ээлжилдгийн адилаар Зууны манлай дуурийн эмэгтэй дуучин, Ардын жүжигчин, Төрийн шагналт Х.Уртнасангийн ганц хүү А.Гүнжав, нөхөр С.Адъяахүү нь бурхны оронд очоод олон жил болж байгаа юм билээ. Одоо тэрбээр үр хүүхэд, ач, зээ нараараа хүрээлэгдэн жаргалтай амьдарч байна.

ТӨРСӨН ӨДРИЙН БЭЛГЭНД НОХОЙ АВСАН НЬ

Тэрбээр Узбекстаны дуурийн театрт уригдан “Тоска”, “Чио Чио Сан”, “Евгений Онегин” дуурьт дуулжээ. Хоёр дуурьт дараалан дуулаад дууссаны дараа тус театрын хамт олон төрсөн өдрийн мэнд хүргэсэн байна. Түүний санаанаас тэр төрсөн өдрийн баяр гардаггүй гэнэ. Түүнд театрынхан Чарли нэртэй овчарк бэлэглэж, удамшил болон эрүүл мэндийнх нь бичгийн хамт өгсөн байна. Ингээд Узбекээс Ленинградад очиж, дуулах ёстой байсан учраас нохойгоо Москва руу онгоцоор авч явж, Консулын газарт хүргэж өгсөн гэнэ. Ажлаа дуусгаад Монгол руу буцахдаа Чарлийг галт тэргээр авч явсан байна. Түүнээс хойш Чарли олон жил тэдний гэр бүлийн гишүүн болон амьдарсан тухай тэр дурссан юм.

Нар хэдийнэ жаргаж, бүрэнхий болж байхад бид Батсүмбэр сумаас Улаанбаатар руу хөдөллөө. Хаваржин ороогүй бороо биднийг явж байхад орсон юм. Шившээ зөөлөн бороо хөшиглөн намирч, ангасан хөрсөнд чийг өгч, бороо цайрсаар байлаа. Дэлхийн дуурийн ноён оргилуудын нэг, зууны манлай дуучин Х.Уртнасан “Нутагт минь сайхан бороо орж ган тайлагдлаа. Одоо ч малын зоо тэнийсэн сайхан зун болно доо” гээд л сэтгэл нь сэргэсэн байдалтай инээмсэглэн ярьж явлаа.