Categories
мэдээ спорт

Маргааш манай улсын хөлбөмбөгчид Солонгосыг зорино

holbombog

Энэ сарын 5-ны өдөр “Азийн 23 хүртэлх насны АШТ”-ий урьдчилсан шатанд өрсөлдөх Монголын залуучуудын хөлбөмбөгийн шигшээ баг нэгдсэн бэлтгэл хийхээр БНСУ-ыг зорихоор болжээ.

Монголын хөлбөмбөгийн холбоо, Солонгосын хөлбөмбөгийн холбооны хамтын ажиллагааны хүрээнд манай шигшээ баг мэргэжлийн хөлбөмбөгийн “Мокпо” бэлтгэлийн баазад 12 хоногийн бэлтгэл хийх аж. Герман дасгалжуулагч Майкл Вайссаар удирдуулсан залуус бэлтгэлийнхээ хугацаанд БНСУ-ын 19 хүртэлх насны шигшээ баг болон БНСУ-ын гуравдугаар лигийн багтай нөхөрсөг тоглолт хийж ур чадвараа сорих юм. Ази тивийн АШТ-ий “H хэсэг”-т багтсан залуучуудын шигшээ баг долдугаар сарын 19-нд Тайланд, 21-нд Индонези, 23-нд Малайзын багтай тоглох хуваарьтай байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Хойд хөршөөс газар тариалангийн тоног төхөөрөмж нийлүүлэхээр болжээ

HHAY

ОХУ хөдөө аж ахуйн зориулалттай техникийг худалдан авахад зориулж ОХУ-ын Хөгжлийн банкнаас 3-5 жилийн хугацаатай эргэн төлөх нөхцөлтэйгөөр 10.0 сая долларын зээлийг Монгол Улсын Хөгжлийн банкаар дамжуулан өгөхөөр болсон. Тэгвэл энэ хэлэлцээр ажил хэрэг болж эхэлжээ. Тодруулбал, ОХУ-ын ”ТК Казаньсельмаш” ХХК-иас газар тариалангийн техник нийлүүлэх гэрээнд хоёр тал гарын үсэг зурсан байна.

Гарын үсэг зурах ажиллагаанд ХХААХҮЯ-ны ГТБХЗГ-ын дарга Ц.Болорчулуун, ТЭДС-ийн захирал В.Үнэнбат, ОХУ-ын ”ТК Казаньсельмаш” ХХК-ийн ерөнхий захирал Мифтахов болон бусад албаны төлөөлөл оролцсон аж. Ингэснээр ОХУ-д 2017 оноос хойш үйлдвэрлэгдсэн газар тариалангийн хор цацагч техник төхөөрөмж манай улсад нийлүүлэх юм.

Categories
мэдээ нийгэм

Хэт халуунаар хэрхэн сэрүүцэх вэ

Ойрын өдрүүдэд нийт нутгаар халуун нар шарж, агаарын темпартур ихсэж байна. Нийслэл хотод шөнөдөө бороо орж, өглөө нь нар гарч байгаа хэдий ч халуун нар төөнсөөр. Хүн цэв хүйтэнд дулаацах аргаа олдог ч хэт халуунд сэрүүцэх аргыг төдийлөн мэдэхгүй. Юутай ч ус, сүүдэр бодогддог. Тэгвэл хэт халуун өдөр хэрхэн сэрүүцэх талаар хэдэн зөвлөгөө өгье. Зуны бүгчим халуунд торгон, торгомсог, гялгар, нийлэг материалтай ор дэрний хэрэглэлээс татгалзаарай. Зөөлөн, дулаан өнгөтэй, агаарыг чөлөөтэй нэвтрүүлэх цэвэр даавуун материалтай цагаан хэрэглэл танд бага ч болов тус болно. Мөн унтахаар хэвтэхээсээ хэдэн минутын өмнө хөнжил, дэвсгэрээ хөлдөөгчид хийгээд түр байлга. Гялгар уутанд хийхээ мартав аа. Энэ арга таныг бүхэл шөнийн туршид сэрүүцүүлж чадахгүй ч орондоо ороод гүн нойрондоо автах хүртэлх хугацаанд бол хангалттай. Хүйтэн, халуун аль ч улиралд нэг супер арга байдаг. Усны саванд ус хийгээд жин болгож ашиглах. Усны саванд ус хийж хөлдөөгөөд хүйтэн жин байдлаар ашиглаж болно. Бас унтахдаа дэрнийхээ хажууд тавьчихаж болно. Халууцаж байна гээд заавал нүцгэлэх хэрэггүй. Харин сул загвартай, зөөлөн, даавуун дотуур хувцас, шорт, цамц өмсөөрэй. Зарим хүмүүс халууцлаа гээд хувцсаа тайлаад нүцгэлчихдэг. Ингэснээрээ сэрүүцэж байна гэдэг ч үнэн хэрэгтээ бие хөлөрч, хөлс биед наалдсан хэвээрээ л байдаг. Эсрэгээрээ нимгэн даавуун хувцас өмсвөл хөлсийг ядаж шингээж авах болно. Өрөөгөө сэрүүцүүлэхээр тавьсан сэнс чинь халуун агаар үлээж, байдлыг бүр ч дордуулж байгаа мэт санагдаж байна уу. Тэгвэл томоохон аяганд, эсвэл задгай амсартай саваар дүүрэн мөстэй ус хийгээд сэнснийхээ яг урд нь тавиарай. Ингээд сэнс үлээж эхэлмэгц сэрүүн сэнгэнсэн агаар таныг илбэх болно. Асар богино хугацаанд сэрүүцэхийг хүсвэл нимгэн арьстай, судас тодрон харагддаг бугуйн дотор тал, чихний ар тал, тахим, тохойны нугалам, цавь, хөлийн шагай орчимд мөстэй хүйтэн жин тавиарай. Биеийн дулаан богино хугацаанд буурах болно. Орондоо орохын өмнө нэг аяга ус уух нь шингэний дутагдлаас сэргийлнэ. Халуун, бүгчим орчинд шөнийн турш нааш цааш хөрвөөж, эргэж, хөлөрснөөр бие их хэмжээний шингэнээ алдана. Үүнээс сэргийлэх зорилгоор унтахынхаа өмнө багахан ус уухыг эмч нар зөвлөж байна. Харин шөнө дунд босож, угаалгын өрөө орохгүйн тулд нэг аягаас хэтрүүлэхгүй байх хэрэгтэй гэнэ. Мөн унтахын өмнө хүйтэн бүлээн шүршүүрт орсноор биеийн дулаан буурч, улмаар хөлрөх нь ч багасна. Энэ нь таныг амар тайван нойрсоход тань туслах болно.

Э.МӨНХ

Categories
мэдээ улс-төр

Төсвийн байнгын хороо таван асуудал хэлэлцэв

Төсвийн байнгын хороо таван асуудал хэлэлцэвУлсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 10 цаг 10 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, таван асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр тогтлоо.

Хуралдааны эхэнд Засгийн газраас 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг танилцуулав. Харин Засгийн газрын 2016 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын тайланг Үндэсний аудитын газрын дарга, Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар танилцууллаа.

Тэрбээр танилцуулгадаа, Засгийн газраас ирүүлсэн Монгол Улсын 2016 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайланд тусгасан 5 их наяд 835.0 тэрбум төгрөгийн орлого, 9 их наяд 495.3 тэрбум төгрөгийн зарлагын гүйцэтгэлийг аудитаар баталгаажуулснаас гадна Засгийн газрын 2016 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд “Хязгаарлалттай” дүгнэлт өгсөн. Мөн Байнгын хорооны харьяа Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2016 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар “Зөрчилгүй” дүгнэлт өгсөн гэдгийг онцлов.

Түүнчлэн төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайлангийн аудитаар илэрсэн алдаа, зөрчлийг арилгах, Татварын ерөнхий газрын аппаратын нэг тэрбум 748.8 сая төгрөгийн он дамжиж, хуримтлагдсан авлагыг барагдуулах, аудитаар өгсөн зөвлөмжийн биелэлтийг хэрэгжүүлэх талаар хийсэн ажил хангалтгүй байгааг анхаарч Үндэсний аудитын газраас өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх, дотоод хяналт, дотоод аудитын ажлын үр нөлөөг сайжруулахаар нийт гурван зөвлөмжийг төсвийн ерөнхийлөн захирагч Сангийн сайдад хүргүүлсэн гэдгийг Үндэсний аудитын газрын дарга Д.Хүрэлбаатар танилцуулгадаа дурдлаа.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин Үндэсний аудитын газрынхнаас асуулт асуув. Тэрбээр “Тайлангийн 6.2-т 2015 оны 12 дугаар сараас 2016 оны гуравдугаар сар хүртэл Өмнөговь аймгийн Ханбогд, Дархан-Уул аймгийн Шарын гол, Ховд аймгийн Булган, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Архангай аймгийн Хайрхан сумдад нийт 2.2 тэрбум төгрөгөөр сум дундын нийгмийн даатгалын тасгийн барилга барьсан нь хэр бодитой тоо вэ. Таван аймагт барилга барихад ийм хэмжээний хөрөнгө зарцуулсан гэдэг нь эргэлзээтэй” гэж байлаа. Үндэсний аудитын газрынхан энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг УИХ-ын гишүүнд бичгээр хүргүүлэхээ мэдэгдэв. Энэ үеэр Төсвийн байнгын хорооны дарга Ч. Хүрэлбаатар “Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөр өмнөх дөрвөн жилд Нийгмийн даатгалын хэлтсийн барилга байшин барьдаг байсан замбараагүй явдлыг зогсоосон. Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгалын сангийн хөрөнгө зөвхөн өндөр настнуудын тэтгэвэр тэтгэмжид зориулагдаж байхаар болсон” гэдгийг онцгойлон анхааруулж байлаа.

Ингээд “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 80.0 хувь дэмжих нь зүйтэй гэж үзэв. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр болсон.

САНХҮҮЖИЛТИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТӨСДҮҮДИЙГ ЗӨВШИЛЦӨХИЙГ ДЭМЖИВ

Үргэлжлүүлэн Засгийн газраас 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөрийн Хөгжлийн бодлогын зээл 1”-ийн санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг хэлэлцлээ. Төслийн талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулсан.

Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь Улсын Их Хурлаар 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр батлагдсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг дэмжих, төсвийн тогтвортой байдлыг сайжруулж, сахилга батыг бэхжүүлэх, төсвийн алдагдлыг бууруулах, нэгдмэл байдлыг бий болгох, нийгмийн халамжийн хөтөлбөрийг зорилтот бүлэг рүү чиглүүлэжээ. Монгол Улсын Засгийн газар “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр”-ийн хэрэгжилт, ОУВС-ийн хөтөлбөрийн санхүүжилтийн багцыг ажил хэрэг болгох зорилгоор Дэлхийн банктай хамтран гурван жилийн хугацаанд гурван үе шаттайгаар хэрэгжих “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөгжлийн бодлогын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр тохирсон аж.

Хөтөлбөрийн нийт 29 бодлогын арга хэмжээнээс эхний жилд есийг нь авч хэрэгжүүлэх юм. Хөтөлбөрийн “Хөгжлийн бодлогын санхүүжилт 1”-ийн эхний шатны арга хэмжээг голлон Сангийн яам, Монголбанк, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон бусад яамдууд хариуцан хэрэгжүүлэх юм байна. Хөтөлбөрийн “Хөгжлийн бодлогын санхүүжилт 1”-ийн бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр Дэлхийн банкны хөнгөлөлттэй эх үүсвэрийн санхүүжилт буюу Олон улсын хөгжлийн ассоциацийн 120 сая ам.долларын зээлийг төсвийн алдагдал нөхөх төсвийн дэмжлэг байдлаар авахаар болжээ. Дэлхийн банкны ОУХА-ийн зээл нь 30 жилийн хугацаатай, үүнээс эхний таван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх бөгөөд зээлийн хүү нь жилийн 1.25 хувь, бусад шимтгэл 1.25 хувийг нэмсэнтэй тэнцүү юм байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж асуулт асуух гишүүн байгаагүй тул Хөгжлийн бодлогын зээл 1”-ийн санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 90.0 хувь нь дэмжив. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

Үргэлжлүүлэн Засгийн газраас 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “Төсөв, нийгэм, эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг хэлэлцлээ. Энэ талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулсан.

Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн санхүүжилтийн багцын хүрээнд Япон Улсын Засгийн газраас төсвийн дэмжлэг болгож 850 сая ам.доллартай тэнцэх хэмжээний иений зээлийг ОУВС-ийн хөтөлбөр хэрэгжих гурван жилийн хугацаанд хэсэгчлэн авч байгаа билээ. Энэхүү санхүүжилтийн эхний шат болох “Төсөв, нийгэм, эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл”-ийн нийт санхүүжилтийн хэмжээ нь 32,0 тэрбум иен. Зээлийн хүү нь жилийн 0,8, урьдчилгаа шимтгэл нь 0,1 хувь, эргэн төлөгдөх хугацаа 20 жил бөгөөд үүнээс үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь зургаан жил юм.

Энэхүү бодлогын зээл нь Макро эдийн засгийн тогтвортой удирдлагыг хангах, нийгмийн эмзэг бүлэгт туслалцаа үзүүлэх болон эдийн засгийг тогтворжуулах замаар эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор Монгол Улсын төсвийн зардлыг санхүүжүүлнэ гэдгийг онцолсон.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж асуулт асуух гишүүн байгаагүй тул “Төсөв, нийгэм, эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл”-ийн санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 80.0 хувь нь дэмжив. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2018 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭВ

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын 2018 оны төсвийн төслийг хэлэлцэв. Энэ талаар Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон танилцууллаа.

Тэрбээр танилцуулгадаа, “Улсын Их Хурлын 2018 оны төсвийн төслийг боловсруулахдаа улс орны төсөв санхүүгийн хүндрэлтэй нөхцлийг харгалзан УИХ-ын 2018 оны урсгал төсвийг 2017 оны түвшингээс нэмэгдүүлэхгүй байх, Монгол Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбоотой зардлыг УИХ-ын 2008 оны 28 дугаар тогтоолоор баталсан хэмжээгээр бүрэн тооцох, Байнгын хороодын төсвийн төслийг 2017 оны түвшинд тооцох, ингэхдээ Байнгын хороодод ажил хэмжээтэй төсөв байх, Улсын Их Хурал дахь намын бүлгийн төсвийн төслийг бүлгийн ажлын алба, болон бүлгийн гишүүдэд оногдох зардлын хэмжээ нь нэг хүнд адил байх, орон тоо, цалингийн хэмжээ, хоол унааны хөнгөлөлтийн зардлыг одоо мөрдөгдөж байгаа хууль эрх зүйн хүрээнд тооцох, хөрөнгө оруулалтаар 2018 онд авах шаардлагатай техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, эд хөрөнгийг нэр, төрөл, тоогоор гаргаж, шаардагдах төсвийг тооцох зэрэг зарчмыг баримталсан гэдгийг дурдлаа.

Түүнчлэн Улсын Их Хурлын 2018 оны төсвийн төслийг нийт дүнгээр 28123.0 сая төгрөг, үүнээс урсгал төсвийн төслийг 23491,9 сая төгрөг, хөрөнгө оруулалтын төсвийн төслийг 1913.3 сая төгрөг, гадны орны санхүүжилтээр хэрэгжүүлэх төслийн орлого, зардлыг 2717.8 сая төгрөг байхаар тооцсныг Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон танилцуулгадаа онцлов.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Иймд уг төсвийн төслийг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90.0 хувь нь дэмжсэн.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ АУДИТОРЫН 2018 ОНЫ ТӨСВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ

Хуралдааны төгсгөлд Монгол Улсын Ерөнхий аудиторын 2018 оны төсвийн төслийг хэлэлцлээ. Энэ талаарх танилцуулгыг Үндэсний аудитын газрын дарга Д.Хүрэлбаатар хийв.

Тэрбээр, Төрийн аудитын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “Төсөв нь төрийн аудитын байгууллага үйл ажиллагаагаа хараат бусаар хэрэгжүүлэх шаардлагыг хангасан байх бөгөөд … төрийн аудитын байгууллагын үйл ажиллагааны зардлаас гадна лабораторийн шинжилгээ хийлгэх, гэрээт аудитор, мэргэжлийн байгууллага, шинжээч ажиллуулах зардал, ажилтнуудын мэргэшил мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, байгууллагын хөрөнгө оруулалтад шаардагдах хөрөнгийг тусгана.” гэж заасны дагуу төрийн аудитын байгууллагын 2018 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, төрийн аудитын хөгжлийн хөтөлбөр, төрийн аудитын ажилтны ажиллах нөхцөл, нийгмийн баталгааны хөтөлбөрийг үндэслэн боловсруулсан гэж байлаа.

Монгол Улсын Ерөнхий аудиторын төсвийн багцын 2018 оны нийт зардлыг 21,598.7 сая төгрөг байхаар тооцсон 2017 оны батлагдсан төсвөөс 12,286.2 сая төгрөгөөр буюу 57.0 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөлөө. Үүнээс урсгал зардалд 14,047.3 сая төгрөг, хөрөнгийн зардалд 7,551.4 сая төгрөг төлөвлөсөн болно. Урсгал зардлын 61.3 хувийг цалин хөлс болон нэмэгдэл урамшууллын зардал, 38.7 хувь буюу 5437.1 сая төгрөгийг бусад зардал эзэлсэнийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар танилцуулгадаа дурдлаа.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар “Үндэсний аудитын газрын төсөв 9.3 тэрбум байсныг ирэх жил 21 тэрбум төгрөг болохоор төлөвлөжээ. Улс орны эдийн засаг хүнд байхад орон сууцны дэмжлэг үзүүлэх, барилга байгууламж барих төсвийн боломж байхгүй. Тиймээс энэхүү төсөв нэмсэн асуудлаа хасаад Үндэсний аудитын газрын төсвийн төслийг оруулж ирэх шаардлагатай” хэмээн байр сууриа илэрхийлэв.

Ингээд УИХ-ын гишүүдээс гаргасан саналыг тусгасан Үндэсний аудитын газрын төсвийг төслийг зөвшөөрье гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ эдийн-засаг

Нефтийн ханш дэлхийн зах зээлд унажээ

Image result for Нефтийн ханш

Дэлхийн зах зээл дээр нефтийн ханш суларч байна. Европ, Хойд Америкийн аль алинд нь энэ байдал ажиглагдаж эхэлжээ. Хойд Америкт худалдаалагддаг WTI маркийн баррель газрын тос Нью Йоркийн бирж дээр 0.51 хувиар унаж, 46.83 ам.доллараар зарагдаж байгаа юм байна. Европт зарагддаг Брент маркийн баррель газрын тосны гурван сарын гэрээ Лондоны бирж дээр 0.54 хувиар буурч, 49.41 ам.доллар болсон байна. ОПЕК болон газрын тос экспортлогч бусад орнууд энэ жил үнийг 60 ам.долларт барих сонирхолтой байгаа ажээ.

Categories
мэдээ нийгэм

Гачууртын замд автобусны 6 зогсоол шинээр нэмэгдлээ

Баянзүрх дүүргийн 23, 28 дугаар хорооны иргэдийн нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, автобусны зогсоол хоорондын зайг ойртуулж, стандартын шаардлагад нийцүүлэх, иргэдийн эрэлт хэрэгцээг хангах үүднээс Гачууртын замд “15-ын зогсоол”, “Пост”, “120-р сургууль” зогсоолыг шинээр байгуулан тэмдэгжүүллээ.

Тус зогсоолуудыг дайран өнгөрөх Ч:11 “Хужирбулан-Офицеруудын ордон”, Ч:31 “Улиастай-Баянбүрд-Зам гүүрийн авто бааз”, Ч:32 “Улиастай-БаянМонгол хороолол-ТЭЦ3”, Ч:36 “Гачуурт-Офицеруудын ордон-Зайсан” чиглэлийн замналын зураглалд тусгаж, 2017 оны долоодугаар сарын 4-ний өдрөөс эхлэн тус зогсоолуудад зогсоож үйлчлэхээр боллоо.

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтээ 11323176, 11326352 дугаарын утсанд мэдэгдэнэ үү гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.


Categories
мэдээ улс-төр

АНУ-аас 60 тэрбумын бичлэг эвлүүлэг биш гэх дүгнэлт ирсэн талаар мэдээлэл хийлээ

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, хуульч О.Алтангэрэл нар мэдээлэл хийж байна. Тэд МАН-ын дарга М.Энхболд, нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, А.Ганбаатар нарын 60 тэрбум болон төрийн албыг наймаалцах тухай ярьсан 90 минутын бичлэгийн талаар мэдээлэл хийлээ. Тухайлбал, тус бичлэгийг эвлүүлэг эсэхийг нь тогтоолгохоор гадаадын хэдэн байгууллага руу хүсэлт явуулсан байна. Эхний ээлжинд АНУ-ын Нью-Йорк хотоос эхний хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт иржээ.

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн хэлснээр “долоон хуудас дүгнэлт ирсэн, шүүхийн шинжилгээний статустай, дууны инженер хүн шалгасан дүгнэлтээ ирүүлсэн. Энэ бичлэгт ямар, ямар хүн орсон талаар хэлээгүй. Зөвхөн эвлүүлэг байна уу, үгүй юу гэсэн ганцхан асуулт асуусан. Хариу нь ямар нэгэн хасалт хийгдээгүй, эвлүүлэг хийгдээгүй, нэг цагт, нэг орчинд хийгдсэн, бичлэг хийсэн төхөөрөмжөө хөдөлгөөгүй байна гэсэн дүгнэлтийг ирүүлсэн” гэдэг тайлбар өглөө.

Categories
мэдээ нийгэм

Хоолны хордлогоос сэрэмжлүүлж байна

Related image

Жил бүрийн баяр наадмын өдрүүдэд хүн амын дунд хоол, архины хордлого, гол усанд осолдох, осол гэмтэл, тэр дундаа зам тээврийн осол, наршилт, артерийн даралт ихсэх тохиолдлууд нэмэгддэг. Үүнтэй холбогдуулж Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв Замын цагдаагийн алба хамтран сэрэмжлүүлэг, зөвлөмж мэдээллийг хүргэж байна.

Зуны улиралд артерийн даралт ихсэлт, зүрх судасны өвчлөл ихэсдэг тул эмчийн зөвлөсөн эмийг ууж өөртөө анхаарал тавих зайлшгүй шаардлагатай. Тухайлбал, улсын хэмжээнд 2016 оны байдлаар бактерийн гаралтай хоолны хордлогот халдварын 430, сальмонеллёзын 181, цусан суулгын 2848 тохиолдол бүртгэгджээ. Хоол хүнсээр дамжих өвчлөл нь дөрөвдүгээр сараас ихсэж, 5-7 дугаар сард дээд цэгтээ хүрч, 9 дүгээр сараас буурдаг.

Энэ сарын 3-ны өдрийн байдлаар 12 аймгийн 29 сум, нийслэлийн дөрвөн дүүрэгт нийт 42 удаагийн усанд живсэн осол гарч, 53 хүн амь насаа алдсаны 10 нь хүүхэд, 43 нь насанд хүрэгсэд байжээ. Мөн 2016 онд зам тээврийн ослоор 17197 хүн гэмтэж, 484 хүн нас баржээ. Зам тээврийн ослын улмаас гэмтэгсэд нийслэлд их байгаа болов ч нас баралтын түвшин орон нутагт өндөр байна.” гэлээ. Улмаар иргэдийг баяр наадмын өдрүүдэд анхаарал болгоомжтой амарч зугаалан дээрх болзошгүй эрсдлүүдээс сэргийлж, 8-аас дээш сартай бие давхар эхчүүдийг хол замд зорчихгүй анхаарууллаа.

Categories
гадаад мэдээ

Хоёр улсын тэргүүнүүд уулзлаа

ruХятадын удирдагч Си Зиньпин ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины урилгаар Москвад албан ёсны айлчлал хийж буй талаар ТАСС агентлаг мэдээлэв. Өнгөрсөн даваа гаригт БНХАУ-ын удирдагчийн тусгай онгоц Внуково онгоцны буудалд газардсан байна. Си Зиньпин онгоцны буудалд ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Игор Моргулов, Хятад улс дахь ОХУ-ын Элчин сайд Андрей Денисов, ОХУ дахь Хятадын Элчин сайд Ли Хуэй нартай уулзжээ.Энэ үеэр Хятад, ОХУ-ын төрийн дуулал эгшиглэсэн байна.

Кремлийн ордонд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Москвад айлчилж буй Си Зиньпинийг хүлээн авч уулзжээ. Удирдагчид Кремлийн ордны Сүлдэт танхимд гар барин инээмсэглэн, зургаа татуулсан байна. Хятадын удирдагч “Би энэхүү айлчлал Хятад Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааны хөгжилд тодорхой хувь нэмэр оруулах, маш үр өгөөжтэй байх болно гэдэгт итгэж байна” хэмээн хэлжээ.

Categories
мэдээ нийгэм

Наадмын өдрүүдэд өрхийн эмнэлгүүд ажиллана

Image result for өрхийн эмнэлгүүд ажилланаНийслэлийн эрүүл мэндийн газар, Нийгмийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн удирдлагууд баяр наадмын үеэр хэрхэн ажиллах болон иргэдэд зориулсан сэрэмжлүүлэг, мэдээлэл өглөө. Тэндээс гаргасан тушаалаар долоодугаар сарын 10-ны 20:00 цагаас долоодугаар сарын 17-ны 09:00 цаг хүртэл нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд харицлагатай жижүүрээр ажиллана. Мөн энэ үеэр 24 цагийн эмнэлэгийн тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлэх ажээ.

Энэ сарын 11-нээс долоодугаар сарын 17-ныг хүртэлх хугацаанд дүүргийн эрүүл мэндийн төв, Нийслэлийн Шүд Эрүү Нүүрний Төв дээр 10:00-15:00 цагийн хооронд шүдний эмч ажиллана.

Мөн дотор, мэдрэл, мэс заслын эмч нар амбулаторийн үзлэг 10:00-15:00 цагийн хооронд хийнэ. Иймд иргэд шаардлагатай тусламж үйлчилгээг авах боломжтой юм. Өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж үйлчилгээ үзүүлж хэвийн ажиллах ажээ.