Categories
мэдээ нийгэм

​Согтуу жолоочоос болж хоёр хүн гэмтжээ

Согтуу жолоочоос болж хоёр хүн гэмтжээ зурган илэрцүүд

Баянзүрх дүүрэг VI хороо Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, Натур төвийн хойд замд амины “Toyota Harrier” автомашины жолооч Т нь явган зорчигч 35 настай Н гэх эмэгтэйг мөргөж гэмтээжээ. Тус машины жолооч Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байжээ. Мөн СХД-22 Орбитын зам, 151-р ангийн хойд замд Б жолоочтой Hyundai Accent автомашины онхолдож, зорчигч ЧД-ийн 8-р хороонд оршин суух З /20н.эм/ нь гэмтсэн байна. тус машины жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байна.

Categories
мэдээ улс-төр

​ ЭСЯ-ны Элчин зөвлөх Игорь Николаевич Аржаевыг ”Найрамдал” медалиар шагнажээ

Монгол Улсын Ерөнхийлөгч
Х.Баттулга зарлиг гаргаж ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх Игорь
Николаевич Аржаевыг “Найрамдал” медалиар шагналаа. Шагналыг өнөөдөр
гардуулан өгөв.

Categories
мэдээ нийгэм

​Автомашины зогсоол дээр дээрэмдүүлжээ

зогсоол зурган илэрцүүд

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо “Нарантуул” ОУХТ-ийн зүүн талын автомашины зогсоол дээр дээрэмдүүлсэн хүн байна” гэсэн дуудлага энэ сарын 27-ны 17:00 цагт цагдаагийн байгууллагад иржээ. Хэргийг шалгахад БЗД-8 хороонд суух 49 настай эрэгтэйБ-ын “Nokia-2610” гар утас, 50.000 төгрөгийг СБД-13 хороонд суух С /эр.49н/ нь согтуурсан үедээ дээрэмдсэн байсныг илрүүлжээ.

Categories
гадаад мэдээ

​ Дэлхийн хамгийн баян хүнээр тодорчээ

“Amazon” компанийн эзэн Жефф Безос
пүрэв гарагт дэлхийн хамгийн баян хүнээр тодорлоо. Тэрбээр Forbes сэтгүүлийн
тэрбумтнуудын жагсаалтад Microsoft компанийн эзэн Билл Гейтсийг гүйцэж
түрүүлсэн байна.

“Amazon”-ын хувьцаа 2,3
хувиар өссөнөөр Ж.Безосын хөрөнгө чинээ 2 тэрбум доллароор нэмэгдэж, Б.Гейтсийн
хөрөнгөнөөс 1,4 тэрбум доллароор давсан байна.

“Amazon” нь дэлхийн
хамгийн том онлайн худалдааны компаниудын нэг юм. Тус компани АНУ, Европын орнууд,
Канад, Хятад, Энэтхэг, Мексик, Япон болон бусад орнуудад үйл ажиллагаагаа
явуулдаг байна.

Categories
мэдээ нийгэм

Урт гэзэгтэй бүсгүйчүүдийн наадам болов

Сүхбаатар аймагт “Урт гэзэг-бүсгүйн гоёо” нэртэй урт үстэй бүсгүйчүүдийн сонирхолтой наадам болж өнгөрсөн байна. Тодруулбал, Сүхбаатар аймаг байгуулагдсаны 75 жилийн ой, Баруун-Урт сум байгуулагдсаны 60 жилийн ойн баяр өчигдөр болж баяр наадмын үеэр дээрх арга хэмжээг зохион явуулсан аж.

Урт үстэй бүсгүйчүүдийн наадамд 110-140 см урт гэзэгтэй бүсгүйчүүд оролцсон бөгөөд дөрвөн үеэрээ ч урт үстэй бүсгүйчүүд байсан гэдгийг наадамд оролцогчид мэдээлж байна. Тэдний хамгийн бага нь дөрөвдүгээр ангийн сурагч , 85 см үстэй н.Энхзаяа гэх охин байсан гэв.

Categories
мэдээ нийгэм

​Улсын арслан Ц.Содномдорж бөхийн спортод хөтөлсөн багшдаа азарга адуу, таван сая төгрөг бэлэглэжээ

Улсын арслан Ц.Содномдоржийн цолны мялаалга зурган илэрцүүд

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 512 хүчтэн зодоглосноос Хөвсгөл Аймгийн Тосонцэнгэл сумын харъяат Цэдэвийн Содномдорж ес даван түрүүлж, Монгол Улсын арслан цол хүртсэн билээ.

Арслан цолны мялаалгын наадам өчигдөр буюу энэ сарын 27-түүний төрлөх нутаг болох Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд ёслол төгөлддөр болж өнгөрлөө. Ц.Содномдорж арсланд ангийнхан нь азарга адуу бэлэглэсэн байна. Мөн Ц.Содномдорж арслан бөхийн спорттой амьдралаа холбоход нь чухал нөлөө үзүүлсэн “Монгол газар” клубийн дасгалжуулагч Мөнхсүх багшдаа азарга адуу, таван сая төгрөг бэлэглэж, хүндэтгэл үзүүлжээ.

Түүнчлэн Улсын арлсан Ц.Содномдоржид аймаг орон нутгийн зүгээс 30 сая Тосонцэнгэл сумын нутгийн зөвлөлөөс 33 сая тус тус бэлэглэжээ.

Categories
мэдээ нийгэм

​Өнөөдрийн цахилгаан хязгаарлах хуваарь

Өнөөдрийн цахилгаан хязгаарлах хуваарь зурган илэрцүүд

Өнөөдөр буюу 2017 оны долоодугаар сарын 28-ны Баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.

Баянгол дүүрэг

  • 10:30-17:00 цагт: 6-р хороо 10-р хороолол К102-107-р байр болон ойр орчмоор, 4, 5, 6-р хороо 10-р хороолол 101-105, 16-25, ТЭЦ-47, АОС, ХД-36, 20-3, 26, 3, 33, 34, 34А, 56, 56-1, 56-2, ХД-28-р байр болон эдгээрийн ойр орчмоор

ХАН-УУЛ ДҮҮРЭГ

  • 12:30-13:00 цагт: 10-р хороо МТ ШТС

Сонгинохайрхан дүүрэг

  • 10:00-16:00 цагт: 7, 10, 24-р хороо Зээлийн 24-27, 33-34-р гудамж, эдгээрийн ойр орчмоор.
Categories
мэдээ спорт

​Төвийн бүсийн уралдаан эхэллээ

Төвийн бүсийн уралдаан эхэллээ зурган илэрцүүд

Засгийн газрын тогтоолтой “Хангарьд-2017” төвийн бүсийн хурдан морины уралдаан, баяр наадам Багануур дүүрэгт эхэллээ. Наадам энэ сарын 28-30-ны өдрүүдэд зохион байгуулагдах ажээ.

Сонгинохайрхан дүүрэгт мал, амьтны гоц халдварт өвчин гарсантай холбогдуулан энэхүү уралдааныг нийслэлийн нутаг дэвсгэрт хийх боломжгүй гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас энэ сарын 28-30-ны өдрүүдэд Багануур дүүрэгт зохион байгуулахаар байршлыг өөрчилж шийдвэрлэсэн юм байна.

Categories
мэдээ цаг-үе

​Б.Бат-Эрдэнэ: Зэвсэгт хүчний 300 гаруй цэргийн албан хаагч гал түймрийг унтраахаар үүрэг гүйцэтгэж байна

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэтай ярилцлаа.


-Батлан хамгаалахын сайд, улсын онцгой комиссын орлогч даргын хувиар тань ярилцах гэсэн юм. учир нь улсын хэмжээнд хуурайшилт ихтэй байгаа тул түймэр их гарч байна. Засгийн газар үүнд анхаарал хандуулан ажилласан. Араас нь Ерөнхийлөгч зарлиг гаргалаа. Батлан хамгаалахын салбарын цэрэг дайчдыг дайчлахаар болж байна…

-Энэ жилийн хувьд хуурайшилт ихтэйн дээр хур бороо багатай байгаа тул ихэнх нутгаар гандуу байгаа. Үүн дээр нэмээд хэт халалт үргэлжилж байна. Байгалийн энэ хүчин зүйлс, хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан гал түймрийн аюул өнгөрөгч хавраас хойш огт тасарсангүй. Тиймээс гал түймэртэй тэмцэх энэ асуудалд Засгийн газар онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа юм. Манайхан наадмын дараагаас л Засгийн газар түймэрт анхаарал хандуулж байна гэж ойлгоод байх шиг байна. Өнгөрсөн хавраас хойш түймрийн аюулд тухай бүрт нь шаардлагатай арга хэмжээг авч ирсэн. Мөн түүнчлэн зургадугаар сарын дундуур ой хээрийн түймэртэй тэмцэх ажилд Зэвсэгт хүчний дөрвөн ангийн 200 гаруй цэргийн албан хаагч, 20 гаруй техник гарч ажиллаж үүрэг гүйцэтгэсэн. Саяхан түймрийн дэгдэлт ихээр нэмэгдэж онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан Засгийн газрын хуралдааны шийдвэрийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргасан. Ингэснээр Зэвсэгт хүчний 300 гаруй цэргийн албан хаагч, 30 гаруй техник гал түймрийг унтраах, түүний дэгдэлтийг тогтоох, онцгой байдлын алба хаагчдад дэмжлэг үзүүлэх үүргийг гүйцэтгэж одоо ч ажилласаар байна.

-Манайхан бол түймэр наадмын дараа л гарсан мэт ойлгоод байна л даа?

-Нийслэлийн ойролцоо түймэр гарсан болохоор түймрийн утаа Улаанбаатарт орж ирэхэд иргэд сошиалаар түргэн шуурхай мэдээлэл түгээж байгаа. Иргэд наадмын дараа том хэмжээний түймэр гарсан юм шиг ойлгоод байгаа юм. бид хаваржингаа түймэртэй тэмцсэн. Энэ он гарсаар нийтдээ 151 удаагийн ой хээрийн түймэр бүртгэгдээд байна. Тухай бүрт нь түймрийг унтраах арга хэмжээ авсан юм шүү дээ. Гал түймэртэй тэмцэх энэ ажил тасралтгүй үргэлжилж байгаа. Түймэр цурманд орсон гээд анхаарал суларна гэж байхгүй. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат бүх удирдлагаар хангаж бид наадмын өдрүүдээр ч гэсэн ажиллаж л байсан. Онцгой байдлын зүгээс “Яг одоо зэвсэгт хүчний ангиудын дэмжлэгийг авах шаардлагагүй байна. Говийн бүс нутгуудын аймгуудынхаа онцгой байдлын албан хаагчдыг татан оролцуулж байна. Өөрсдийн хүч боломжоор түймрийг хяналтдаа байлгаж байна” гэдэг мэдээллийг өгч байсан л даа. Долдугаар сарын 15-нд Ерөнхий сайд өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн хийж шаардлагатай арга хэмжээ авах үүрэг даалгавар өгсөн. Энэ хүрээнд надаар ахлуулсан ажлын хэсгийг Батсүмбэрт очиж ажиллах үүрэг өгөөд, өөрөө Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгонд гарсан түймрийн голомтод ажиллахаар хуваарь гарган явцгаасан. Тухайн үед шадар сайд У.Хүрэлсүх мөн Төв аймгийн түймрийн голомтод ажиллаж байсан. Тухайн үед Ус цаг уур, орчны шинжилгээний газрын мэргэжилтнүүд манай орны нийт нутгийн баруун хэсгээс зүүн хойшоо чиглэлтэй нэлээд устай, чийгшилтэй үүл орж ирж байгаа мэдээллийг өгсөн тул шуурхай арга хэмжээ авахыг Ерөнхий сайд үүрэг болгосон. Үүлэнд нөлөөлж бороо оруулах экспедициудыг нэмэлт хүчээр дуудан ирүүлж бэлтгэл хангасны дүнд үүл буудаж бороо оруулсан.

-Гэхдээ энэ бүгдийг хүмүүс тэр бүр мэдэхгүй байна л даа. Үүл буудаж бороо оруулсангүй гэсэн бухимдал ч мөн гарч байсан?

-Үүлэнд зориудаар нөлөөлж бороо оруулахын тулд ус, чийгтэй үүл байх шаардлагатай байдаг. Төрийн ажил алба гэдэг байнга сурталчилаад байдаг зүйл биш. Төрийн ажил тасралтгүй үргэлжилж байдаг юм. Ерөнхийлөгч Баянхонгор аймагт ажиллаж байгаад буцах замаараа мөн Батсүмбэрт очиж түймрийн голомтод ажилласан гээд бүхий л шуурхай арга хэмжээг авсан. Хэт хуурайшилттайн дээр дусал ч бороо орохгүй байсан нь наадмын үеэр түймэр хүрээгээ тэлэх эрсдэлийг бий болгосон. Иргэдийн зүгээс сайхан санаачилга гарган цэргийн албан хаагчид, онцгой байдлын албан хаагчдаа дэмжих, түймрийн бүст очиж ажиллах гэх мэтээр том тус хүргэсэн. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын зүгээс иргэдийн энэ санаачилгыг дэмжихийн дээр иргэдийг эрсдэлд оруулахгүй байх талаар онцгой арга хэмжээ авч ажиллахыг тодорхой үүрэг болгосон. Ойн түймэр тийм амар унтарчихдаггүй. Онцгой байдлын мэргэжлийн албад зэвсэгт хүчнээс дэмжлэг авъя гэхээсээ илүү бусад газруудаас хүн хүчээ татаж ажиллуулж байна гэдэг чинь цэргүүдийг эрсдэлд орж болзошгүй гэдэг утгаараа тэгсэн хэрэг. Хүний амь наснаас эхлээд газрын зүг чиг баримжаа алдан төөрөхөөс эхлээд эрсдэл бий. Монгол Улсын байгалийн тэнцвэр маш амархан алдагддаг. Тиймээс цаашид ч гэсэн гал түймрийн аюул биднийг заналхийлсээр байх болно. Хоёр жилийн өмнө Зүүн аймгуудад том түймэр гарч сүйдлэх дөхсөн дөө. Тийм учраас өмнөх парламентын үед чуулганы хуралдаан дээр би онцгой байдлын албыг чадавхжуулах асуудалд анхаарах хэрэгтэй гэдгийг сануулж байсан. Онцгой байдлынхаа албанд нэг ам.доллар зарцуулж чадаагүй улс орон гамшиг ослын үед долоон ам.доллар зарцуулдаг гэдэг тооцоо байдаг.

-Тэгээд Засгийн газар анхаарал хандуулж байгаа юм уу?

-Бусад орнуудад байгаль цаг агаарын өөрчлөлт, дэлхийн дулааралтай холбоотой аюул занал гарсаар байна. аюулыг зайлуулахын тулд хэрхэн тэмцэж байгаа болон шинэ техник, технологи ямар арга зүйг нэвтрүүлэв гэдгийг судлаад засгийн газарт оруулж ирэх үүрэг даалгаврыг өгсөн. Энэ тал дээр анхаарал хандуулан ажиллаж байна. Гал түймрийн үед үүлэнд зориудаар нөлөөлж чадсаны хүчинд бороо хур сайн орж түймрүүд цурмандаа орсон. Гэхдээ ойн түймэр хөвдөн доогуураа явдаг тул хуурайшилт, халалт үргэлжилбэл дахин дэгдэх магадлалтай байгаа. Монголчууд гал түймрээс сэргийлэх уламжлалт арга зүйтэй явж ирсэн ч сүүлийн жилүүдэд энэ алга болсон. Гал түймрийн 70-80 хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас болж гарч байгаа судалгаа бий. Тиймээс иргэд туйлын анхаарал болгоомжтой байх хэрэгтэй нь харагдаж байгаа юм. Өчүүхэн төдий анхаарал болгоомжгүй байдлаас болж ямар айхтар аюул болж ямар их хэмжээний хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө урсаж байгааг мэдэж байгаа, манайхан.

-Онцгой байдлынхан цэргүүдийн амь нас эрсдэлд орохоос сэргийлж өөрсдийн нөөц боломжоороо ажиллаж байгаа гэлээ. Тэгэхээр цаашид цэргүүдэд ч гэсэн түймэр унтраах талын мэдлэг олгох шаардлагатай болж байх шиг байна, тийм үү?

-Бүх зүйлийг ил яриад байж болдоггүй юм. 2016 оны намар УИХ Батлан хамгаалах салбарын багц хуулиудыг батласан. Уг хуулиар Төрийн цэргийн байгууллагуудад Онцгой байдлын алба, Хилийн цэрэг, зэвсэгт хүчин нэгдэж ажиллах боломжийг бий болгосон. зуд, түймэр, үер усны гамшиг боллоо гэхэд онцгой байдлын алба нь тэргүүлээд зэвсэгт хүчин нь дэмжлэг үзүүлж ажиллана. Нэг үгээр хэлбэл харилцан уялдаатай ажиллахаар хуульчилсан. Зэвсэгт хүчний анги байгууллагууд байнгын бэлэн байдалд байдаг. Тухайлбал, зэвсэгт хүчний ангиудад томилгоот бүлгүүд бий. Гал түймрийн томилгоот бүлэг тэнд байнгын бэлтгэл сургуулилттай байдаг юм. Томилгоот бүлгүүд дээр дахин хүн хүч, техник нэмэх шаардлагатай гэвэл нэмэлтээр хүн гаргадаг. Мөн нэг зүйлийг нэмж хэлэхэд, хэвлэл мэдээлэл маш хүчтэй. Гэтэл сошиалаар мэдээлэл бодит бус байсан ч маш хурдан, хүчтэй тарж байна. Харж байхад Төрийн цэргийн байгууллагууд хоорондоо огт уялдаа холбоогүй, ямар ч бэлтгэл байхгүй мэт мэдээлэл гарч байгаа. Үнэндээ тийм биш. Нягт уялдаатай ажилладаг. Нарийн төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Энэ нь өөрөө нууцын зэрэглэлтэй учраас тэр бүр дэлгээд байж болдоггүй л дээ.

-Гал түймрийн үед ашиглах ямар тоног төхөөрөмж авахаар болсон юм бол?

-Засгийн газраас шийдвэр гарч хамгийн орчин үеийн онгоц, тоног төхөөрөмж, судлаад иж бүрэн хөтөлбөр төсөл болгон боловсруулаад оруулж ирэхийг үүрэг болгосон. Хувийн хэвшлийн нисдэг тэрэгтэй хүмүүс түймэр унтраах ажилд оролцъё гэж байгаа. Хүмүүсийн дунд, эрх баригчид хувийн хэвшлийн онгоцуудыг ашиглуулахгүй байна гээд мэдээлэл байна. Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат засгийн газрын хурал, Онцгой комиссын хурал дээр маш тодорхой хэлсэн. Хувийн хэвшлийн нислэгийн компаниуд бүгд оролцъё гэж байгаа. Зарим онгоц нь хоёр тонны ус зөөвөрлөн даацтай. Үнэ төлбөргүй нислэг үйлдье гэдэг санал тавьсан гэж байсан. Тэр онгоц нь түймэр унтраах ажилд оролцож байгаа шүү. Даанч түймэр унтраах зориулалттай биш ойн хортон шавьж устгах гэх мэт өөр зориулалтынх тул түймрийн голомтод төдий л нөлөө үзүүлж чадахгүй байгааг онцгойгийнхон хэлж байна лээ. Хоёр тонн усыг бороожуулах маягаар цацаж байгаа тул нөлөө үзүүлэхгүй байгаа юм. Доор нь улаан гал дүрэлзэж байхад дээрээс нь цэцэг усалж байгаа мэт ус бороожуулж цацахаар нөлөөлөхгүй байгаа юм билээ. Гадаадын орнуудын хувьд том хэмжээний онгоцоор бөмбөгдөх маягаар түймрийн голомтод их хэмжээний усыг тэр чигт нь дээрээс нь асгаж цохилт өгдөг. Энэ нь илүү үр дүнтэй юм билээ. Цаашид бусад орнуудад ашиглаж буй онгоцноос зүүдэг ус хутгах томоохон нөөц савтай онгоцтой болох ёстой. Тэр нь тодорхой усан сан нуураас 4-5 тонн усыг шууд хутган аваад түймрийн голомт дээр цохилт хийж унтраадаг. Ер нь газар нутгуудыг бүхэлд нь хяналтдаа байлгаж байгаад түймэр илрэнгүүт мэргэжлийн бүлгүүдийг аваачин буулгаж түймрийг унтраах, дахин дэгдэхгүй байх ажлуудыг хийгээд явах шаардлагатай байгаа юм.

-Танай салбараас түймэрт ашиглачихаар нисдэг тэрэг байхгүй юу?

-Манай зэвсэгт хүчний мэдэлд хоёр нисдэг тэрэг байна. ноднин ашиглалтын хугацааг нь сунгах ээлжит их засвар хийгдсэн нисдэг тэрэг бий. Онцгой байдлын албантайгаа хамтран шүхэрчид, мэргэжлийн бүлгүүдийг хүргэж өгөх, буцааж авах ажлуудыг тасралтгүй хийж байгаа.

Categories
мэдээ цаг-үе

Б.Ууганбаяр: Манай иргэд яасан ч хайхрамжгүй, амь насандаа хайргүй, үр хүүхдээ хайрладаггүй юм

ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Б.Ууганбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Одоогоор түймрийн нөхцөл байдал ямар байна?

-2017 он гарсаар 151 удаагийн ой хээрийн түймэр гарсан. Өнөөдрийн байдлаар бол долоон түймэр асч, 12 түймрийг цурманд оруулчихлаа. Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр сумдуудад гарч байгаа түймэр, Төв аймгийн Эрдэнэ суманд хоёр түймэр асч байгааг унтраахаар ажиллаж байна. Одоогоор түймрийн голомтод онцгой байдлын 448 алба хаагч, хүчний байгууллагаас 308 алба хаагч, орон нутгийн гамшгаас хамгаалах алба хаагч, дайчилгаагаар ажиллаж байгаа 432 хүн байгаа. Нийтдээ 1200 орчим бие бүрэлдэхүүн түймрийг унтраах ажилд дайчлагдаж байна. Нийт түймрийн 68 нь долдугаар сар гараад тохиолдсон байгаа. Бид Монгол Улсын Шадар сайдын өгсөн үүргийн дагуу зургадугаар сарын 27-нд улсын хэмжээнд бүх түймрийг унтраасан байсан. Энэ их утаа униар тэр тусмаа долдугаар сарын 10-наас хойш гарсан. 20 гаруй түймэр шинээр гарсан байх жишээтэй.

-Засгийн газраас ч холбогдох байгууллагуудаас ч тэр түймрийг унтраах арга хэмжээг оройтуулсан нь нөхцөл байдал хүндрэхэд нөлөөлсөн гэх шүүмжлэл байна?

-Аливаа ажлыг зохион байгуулахдаа сэтгэлийн хөдөлгөөнөөр шийдвэрлэж болохгүй. Бид чинь улстай, улс нь удирдлагатай. Бүх зүйлийг шат дараалсан зохион байгуулалттайгаар хийх ёстой. Түймэр гарлаа гэхэд эхний ээлжинд тухайн орон нутгийн харьяа онцгой байдлын алба хаагчид ажиллана. Үүнтэй зэрэгцэн орон нутгийн Засаг дарга түймэр унтраах арга хэмжээ зохион байгуулна. Хэрвээ хүч хүрэхгүй бол бид хоёр шатны арга хэмжээ буюу үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудтай хамтарч ажиллана. Улсын онцгой комисс хуралдаж чиг үүрэг өгнө. Үүний дагуу түймрийн нөхцөл байдалтай холбогдуулаад шуурхай арга хэмжээ авч Шадар сайд тодорхой үүрэг даалгавар өгсөн. Засгийн газар ч энэ асуудлыг хэлэлцлээ. Улсын онцгой комиссын хуралдааныг зохион байгуулж чиглэл бүрт тодорхой үүргүүдийг өгсөн. Хууль зүйн сайдад түймэр дэгдээсэн нөхдүүдэд хариуцлага тооцох, Эрүүл мэндийн сайдад түймрийн голомтод ажиллаж байгаа алба хаагчдад шаардлагатай эрүүл мэндийн тусламжийг үзүүлэх хэрэгтэй, Зам тээврийн сайдад яаралтай нисдэг тэрэг галын голомтод ашиглах хэрэгтэй байна гэх мэтчилэн салбар бүрт үүрэг өгсөн. Ингээд түймрийн нөхцөл харьцангуй тайван байдаг Дундговь, Дорноговь, Өмнөговь, Говьсүмбэр зэрэг аймгуудаас хүч нэмж, тэндээ нэг ээлжийн бүрэлдэхүүн ар талаа хариуцаж үлдээсэн. Дээр нь Өвөрхангай, Архангай аймгуудаас нэмж алба хаагчдаа татсан. Манай аврах тусгай ангийн бүрэлдэхүүн Сэлэнгэ аймаг дахь Хүдэр, Ерөө гээд гурван том түймэр дээр, Төв аймгийн Батсүмбэр суманд гарсан түймрүүдэд одоо ч ажиллаж байгаа. Мөн зэвсэгт хүчний 300 гаруй бие бүрэлдэхүүн түймрүүд дээр ажиллаж байна. Маш богино хугацаанд дайчилгаа зохион байгуулаад түймрийн голомтуудыг дарж авлаа.

-Суурин газартай ойрхон байна гэсэн яриа гарсан. Ийм тохиолдол байна уу?

-Сэлэнгийн Түнхэлд ой хээрийн түймэр суурин газартай нэлээд ойртсон тохиолдол бол гарсан. Түнхэл тосгон нь ой модон дунд байдаг онцлогтой учраас түймэр нэлээд ойртсон. Гэхдээ яг айлын иргэн, аж ахуй нэгжийг хохироосон, айлын хашаа галд өртсөн зүйл бол гараагүй. Хажууханд нь Мандал суман дээр онцгой байдлын хэлтэс байдаг. Тиймээс энэ бие бүрэлдэхүүн шуурхай очиж ажиллаж түймрийг унтраасан. Батсүмбэр суманд бол суурин газраас 6-7 км зайтай түймрийг дарсан байгаа.

-Долдугаар сар буюу наадмын үеэр ихэнх түймрүүд дэгдсэн гэсэн. Гол шалтгаан юу байв?

-Түймрийн эцсийн шалтгааныг цагдаагийн байгууллага тогтоодог. Өмнөх жилийн цагдаагийн байгууллагаас гаргасан түймрийн шалтгааны дүн мэдээллийг харж байхад нийт түймрийн 70-80 хувь нь хүний буруутай үйлдлээс болж гардаг. Татсан тамхиа дутуу унтраагаад орхидог, аялал зугаалгаар явж байхдаа галаа дутуу унтраадаг, бага насны хүүхдүүдийг шүдэнзтэй их ойр байлгадаг. Үүнээс болоод хөдөөний айлын хүүхдүүд гэрээсээ шүдэнз авч гараад жалганд зурж гал алддаг тохиолдол гарсан. Цогтой үнсээ гаргаад асгачихдаг, машин техникийнхээ аюулгүй байдлыг хангадаггүй. Зарим машины яндан оч баригчгүй явснаас болж түймэр гардаг. Байгалийн хүчин зүйлүүд бас байна. Салхитай үед мод хоорондоо үрэлт үүссэнээс болж гал гарсан тохиолдол хүртэл бий. Гэхдээ энэ бүх шалтгаанаас 80 хувь хүний буруутай үйлдлээс болж гал гарсан байдаг. Мэдээж халалт нөлөөлсөн.

-Өнөө жил арай л их түймэртэй байх шиг. Хэдий хэмжээний га талбай түймэрт өртөөд байна вэ?

-Энэ жил өмнөх жилүүдийг бодвол түймрийн гаралт 80 хувиар илүү байна. Гэхдээ 1996 онд Монгол Улс 450 гаруй түймэртэй байсан. Үндсэндээ бүхэлдээ шатаж байсан. Яг тиймэрхүү цаг агаарын нөхцөл өнөө жил тохиолдож байна.

-ОХУ-аас агаарын тусламж авах талаар яригдаад чимээгүй болчихлоо. Энэ асуудал юу болсон бэ?

-ОХУ-аас энэ талын дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна гэсэн хариу ирүүлсэн. Гэсэн хэдий ч энэ цаг мөчид байгаль, цаг агаарын хувьд таатай нөхцөл бүрдсэн. Бороо хур орсон. Ер нь олон жилийн туршлагаас харахад байгалийн хүчин зүйл бороо түймрийг унтраахад асар их нөлөөлдөг. Тухайн үед Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс орон нутгуудад ажиллаж тодорхой хэмжээгээр үүлэнд нөлөөлж пуужингаар харвах ажиллагааг зохион байгуулсан. Үүний дүнд бороо орлоо. Зөвхөн онцгой байдлын газар бус бүхий л салбар байгууллагуудын хамтын ажиллагаа чухал л даа. Олон хүний хүч хөдөлмөр орж байгаа. Байгалийн таатай боломж үүссэн учраас бид дэмжлэг авахаа түр азнасан.

-Монголд жижиг эйр компани олон бий. Тэдний онгоцыг ашиглах боломж байгаагүй юм уу?

-“Томас эйр” гээд компани хоёр онгоцоор өөрсдийнхөө зардлаар түймрийн голомттой газруудад ус цацсан. Өөрсдөө санаачилга гаргасан, бид дэмжсэн.

-Энэ удаагийн нөхцөл байдал ямар ч байсан нэн түрүүнд онгоцтой болох хэрэгтэй гэдгийг харууллаа. Онгоцтой болох талаар яриа хэр урагштай байна вэ?

-Ой хээрийн түймэр, энэ нөхцөл байдал үүсэхээс өмнө онгоцны асуудал яригдаж байсан. Онцгой байдлын газар нисэх нэгжтэй болох асуудлыг тавьсан байгаа. Онцгой байдлын газарт нисдэг тэрэг маш хэрэгтэй. Зөвхөн ой хээрийн түймэр гэлтгүй бусад болзошгүй аюулын үед нисдэг тэрэг хамгийн чухал үүргийг гүйцэтгэнэ. Газар хөдлөлөө гэхэд маш хурдан хугацаанд газар хөдлөлтийн бүст өртсөн иргэдийг зөөх, нүүлгэн шилжүүлэх, гэмтсэн хүмүүсийг зөөх гээд ач холбогдол өндөр. Өмнө нь бид түймэрт өртсөн, төөрөөд алга болсон, хүнд гэмтсэн хүмүүсийг нисдэг тэргээр зөөж байсан тохиолдол бий. Усанд хүн осолдлоо гэхэд маш шуурхай очоод аврагч хүргээд аврах боломж байх юм, ой хээрийн түймрийг гарахаас нь өмнө тандалт хийж болж байна.

-Түймрийн үеэр монголын төр хөрөнгөтөн ихтэй байж ганц нисдэг тэрэг авч чадахгүй бол ард иргэд хандив босгоод авч өгье гэсэн яриа газар авсан. Ер нь хэр их хөрөнгө шаардах вэ?

-Нисдэг тэрэгний үнэ харилцан адилгүй. Тухайлбал, “МИ-171” гээд нисдэг тэрэгний орчин үеийн хүчин чадал сайтай нь 20 орчим тэрбум төгрөгийн үнэтэй байгаа. Зөвхөн нисдэг тэрэгний үнэ. Үүнийг бид авахын тулд захиалга өгнө. Түргэн тусламж үзүүлэх, өвчтөн зөөх хэлбэрээр ашиглана гэвэл дотор нь суурилуулах тоног төхөөрөмж нэмж захиална, эсвэл ус цацах, гал түймрийн чиглэлээр гэвэл мөн л нэмэлт тоноглол захиална гээд үнэ нь нэмэгдээд явна. Жижиг оврын нисдэг тэргүүд аль улсад үйлдвэрлэгдснээсээ шалтгаалаад арай бага үнэтэй байх жишээтэй. Маш олон улс орны нисдэг тэрэгний судалгааг хийж байна. Илүү тохиромжтой нь “МИ-171” гээд ОХУ-д хэрэглэж байгаа нисдэг тэрэг. Манай улсад ч хоёр ажиллаж байгаа. Нисдэг тэрэгний асуудал тун удахгүй шийдэгдэх байх.

“МАНАЙ ЗАЛУУС
ҮНЭХЭЭР НЭГДЭЖ, ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ТЭМЦЭЖ ЧАДДАГ ЮМ БАЙНА ГЭДГИЙГ БИД ХАРЛАА”

-Ард иргэд сайн дураар түймэрт дайчлагдсан. Гэхдээ сайн дураараа оролцсон иргэдийг түймрийн голомт руу орохыг хориглосон нь иргэдийн урмыг хугаллаа гэж их яригдсан…?

-Иргэнийхээ амь насыг нэн түрүүнд хамгаалах нь бидний үүрэг. Шаардлагатай тохиолдолд хувь хүн, аж ахуй нэгжийг дайчилна гээд Засгийн газрын тогтоолд тусгаад өгчихсөн байгаа. Гамшгаас хамгаалах тухай хуульд иргэн хүн дээрх мэргэжлийн байгууллагуудын чиг үүргийг дагана гэж. Энэ хүрээнд бид ард иргэдийг түймэрт дайчилсан. Гол нь энэ удаа ард иргэд түймэрт их санаа зовниж, түймэр унтраах ажилд идэвхитэй нэгдлээ. Гэхдээ манайхаас сайн дураараа түймрийн голомт руу явахыг хориглосон. Учир нь бид хамгийн түрүүнд иргэнийхээ амь насыг хамгаалах үүрэгтэй. Түймрийн голомтод ажиллана гэдэг иргэн бүрийн очоод хийчих зүйл биш. Өнгөрсөн онд салхитай шуургатай үед зургаан метр өндөр галын багана үүсчихээд хуйларч байсан. Тэгэхээр дэмжье, тусалъя гээд ирсэн иргэдийг галын фронт руу оруулчихвал ямар ч нөхцөл байдал үүсэхийг хэлж мэдэхгүй шүү дээ. Ойн түймэр гурван хэлбэрээр шатдаг. Нэгдүгээрт модны дээд үзүүрээр асдаг. Биднийг унтрааж байхад дээгүүр шатаад цаана тархчихдаг. Хоёрдугаарт газрын доогуур модны үндэс, хөвд шатаад газар авчихдаг. Зарим газраа хөвд өвс хүний бэлхүүсээр татдаг. Гурав дахь нь газар дээр ил харагдаж байгаа түймэр. Харагдаж байгаа галыг цохиод унтраагаад байж байтал ард 20, 30 метрийн цаана газар доороос гал авалцаад ирдэг. Ингээд галд хашигдах аюул гарах нь бий. Энэ талаар би Сүхбаатарын талбайд цугларсан залууст хэлсэн. Тэдний зарим нь сандаалтай, шорттой ирсэн байх жишээтэй. Залуус түймрийн талаар мэдлэг мэдээлэл дутмаг явж гэж маш сайхан хүлээж авсан. Харин бид хоол хүнс, хандив тусламж үзүүлэхийг хориглоогүй. Үнэхээр манай иргэд сайхан сэтгэлийн угаас боломж бололцоогоороо бээлий, хүрз, чийдэн бариад ирж байсан. Хоёрхон хоногийн өмнө талбай дээр цугларсан залуус яриад “түймэрт ажилласан хүмүүсээ татахаар хоёр автобус явуулчихлаа” гээд их сайхан зохион байгуулалттай оролцож байгаа залуус. Тиймээс Засгийн газар, Онцгой комисс, Онцгой байдлын байгууллагын нэрийн өмнөөс энэхүү тусламжийн аян өрнүүлсэн, хандив өргөсөн, гар биечлэн оролцсон хүмүүстээ талархсанаа илэрхийлье. Монголчууд, манай залуус үнэхээр нэгдэж, эх орныхоо төлөө дуугарч, босч чаддаг юм байна гэдгийг бид харлаа.

-Зуны улиралд усанд осолдож амиа алдах тохиолдол эрс нэмэгддэг. Өнөө жил ч гэсэн усны ослоор амиа алдах тохиолдол их байгаа гэсэн?

-Өмнөх жилүүдтэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй байна. Он гарсаар 72 хүн усанд амь эрсэдсэн байна. Үүнээс 13 нь хүүхэд байна. Зургаан сард хүн усанд үйж амиа алдсан 30 тохиолдол гарлаа. Өдөр бүр нэг хүн усанд осолдсон гэсэн үг. Олон жилийн судалгаанаас харахад баяр наадмын өдрүүдэд усны ослын тоо нэмэгддэг. Нийслэлийн хэмжээнд өнөө жил энэ байдал гайгүй байсан бол хөдөө орон нутагт ослын тоо их байсан.

-Ослын шалтгааныг тодруулвал?

-Амь эрсэдсэн 72 тохиолдолд дүн шинжилгээ хийгээд үзэхэд усанд сэлэх гээд осолдож байна, голд тоглож байгаад осолдож байна, амиа хорлох гээд осолдож байна. Тэрбүү хэл нууранд хонио угаах гэж ороод хонь нь живэнгүүт дагаж ороод амиа алдсан тохиолдол гарлаа. Гэр бүлийн ах дүү хүүхдүүд усанд осолдож байна. Тогтоол усанд осолдох тохиолдол гарлаа. Гэртээ хүүхдээ торхтой усанд оруулж байгаад осолдох тохиолдол гарлаа. Аав ээж нь хөзөр тоглож байхад хүүхэд нь усанд осолдсон тохиолдол хүртэл гарч байсан.

-Усны осол ч тэр, зам тээврийн осол ч тэр иргэдийн хайнга, хайхрамжгүй үйлдлээс л үүсч байна. Энэ байдлыг хэрхэн цэгцлэх ёстой юм бол оо?

-Сэтгэл эмзэглүүлэм осол их байна. Онцгой байдлын газраас гол усны ослоос сэрэмжлүүлэг хүргэдэг хэдий ч манай иргэд нэг чихээрээ сонсоод нөгөө чихээрээ гаргачих юм. Хайхрамжгүй, амь насандаа хайргүй юм, үр хүүхдээ хайрлахгүй юм, өөрийгөө хайрлахгүй юм. Өнөөдөр манай улсад хямрал, янз бүрийн аюулт гамшиг тохиолдоогүй. Гэтэл зүгээр явж байгаад усанд явж ороод амиа алдчих юм. Ер нь энэ тал дээр томоохон үндэсний хэмжээний бодлого гаргахгүй бол төрийн байгууллага, мэргэжлийн байгууллага тайлбарлаж, сэрэмжлүүлээд байсан ч жилдээ 100 гаруй хүн усанд осолдож байна. Буурахгүй байна. Авто ослууд байна. Дийлэнх нь эцэг, эхээ дагаж хөдөө орон нутаг яваад осолдож байна. Өвөл болно. Салхи, шуурга, хальтиргаа гулгаатай байна гээд хэлээд байхад замд гарч төөрч, осол аваарт ордог. Иргэдийн оюун санааг өөрчлөх, ёсзүйтэй болгох, эх орноо хайрлах, иргэнийхээ үүрэг хариуцлагыг ухаарах зэрэг асуудлыг бодлогоор нь, системээр нь өөрчлөх хэрэгтэй гэж би хувьдаа бодох болсон. Иргэдийг зөв систем, бодлогоор зохион байгуулаад, уриалаад ажиллавал үр дүнд хүрч болно гэдгийг бид сая түймрээр харлаа шүү дээ.