Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа ирэх мягмар гаригт эхэлнэ

Ерөнхийлөгчийн сонгуул зурган илэрцүүд

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн сурталчилгаа энэ сарын 6-нд буюу мягмар гаригт эхэлнэ.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 20 хоногийн өмнө эхлүүлж санал авах өдрөөс 1 хоногийн өмнө дуусгах ёстой. Тодруулбал сонгуулийн сурталчилгаа зургадугаар сарын 6-24-ны өдөр хүртэл 18 хоног үргэлжилнэ.

Харин сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00.00 цагаас өмнө зогсоох ёстой.

Categories
мэдээ улс-төр

Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр (2017.06.02) Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Батзориг өргөн мэдүүлэв.

Монгол Улсын Их Хурал 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Энэ хуулийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

2002 оны Эрүүгийн хуульд “Эх орноосоо урвах” гэж нэрлэн заасан “Монгол Улсын иргэн тус улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор гадаад улсын тагнуулын албанд элссэн, төрийн нууцыг гадаад улс, түүний тагнуулын албанд шилжүүлэн өгсөн, Монгол Улсын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг гадаад улсын байгууллагатай хамтран ажилласан, дайны байдалд буюу дайн бүхий байдал зарласан үед дайсны талд шилжин орсон бол арван зургаагаас хорин таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад 19.1 дүгээр зүйл “Эх орноосоо урвах”, 19.4 дэх хэсэг “Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах” гэсэн хоёр гэмт хэрэгт хуваан тодорхойлсон байна.

Эх орноосоо урвах болон гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах гэмт хэргүүдийн субьект нь Монгол Улсын иргэн, Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилго нь гэмт хэргийн субьектив шинж, дайны, дайн бүхий байдал, зэвсэгт халдлага, мөргөлдөөн, түрэмгийллийн үед дайсны талд дэмжлэг үзүүлсэн, хамтран ажилласан үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн обьектив шинж болдог. Дээрх 2 гэмт хэргийн субьект, субьектив, обьектив шинжүүд ижил байгааг УИХ-ын гишүүн Б.Батзориг хэллээ.

Иймд Үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах чиглэлийн байгууллагуудад ажиллаж байсан ахмадууд, мэргэжлийн судлаачид, холбогдох төрийн бус байгууллагуудаас Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 19.1 “Эх орноосоо урвах”, 19.4 “Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах” гэсэн гэмт хэргүүдийг нэгтгэж “Эх орноосоо урвах” гэсэн нэг гэмт хэргийн шинжид багтаах санал тавьж байгааг харгалзан энэхүү хуулийг төслийг боловсруулжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Баяр наадмын бэлтгэл ажлыг хангах асуудлаар хуралдав

Шадар сайд У.Хүрэлсүхийн удирдлага дор өнөөдөр Баяр наадмын комисс хуралдлаа. Хуралд зохион байгуулах хорооны гишүүд, салбар хороодын дарга, Нарийн бичгийн дарга нар оролцож, холбогдох асуудлуудаар мэдээлэл хийн, саналаа нэгтгэсэн юм.

Баяр наадмын комиссын өнөөдрийн хуралдаанаар бэлтгэл ажлыг хангах асуудлаар Үндэсний бөхийн салбар хороо, хурдан морины салбар хороо, сурын салбар хороо, урлаг, соёлын арга хэмжээний салбар хороо, тохижилт, засвар, худалдаа, үйлчилгээний салбар хороо, хэв журмын салбар хороо, төрийн ёслолын үйлчилгээний салбар хороо, шагайн харвайн салбар хороо, хэвлэл мэдээллийн салбар хороод ажлаа тайлагнав. Мөн баяр наадмын санхүүжилт, бусад чиглэлээр мэдээлэл өглөө.

Хуралдаанаар Шадар сайд У.Хүрэлсүх салбар хороодын дарга нарт үүрэг чиглэл өгч, бэлтгэл ажлыг сайтар хангахыг үүрэгдэв. Мөн тэрээр ирэх долоо хоногт Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг зэрэг наадам зохион байгуулагдах газруудаар явж бэлтгэл ажилтай танилцаж, тулгамдсан асуудал байвал газар дээр нь шийдвэрлээд явна гэдгээ онцоллоо гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Баянзүрхийн гүүрний шав тавих ёслол боллоо

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх Баянзүрхийн 321у/м гүүрний шав тавих ёслол өнөөдөр боллоо. “Туул гол дээгүүрх Баянзүрхийн 321 урт метр болон Сонсголонгийн 289,4у/м төмөрбетон гүүрийг шинээр барих” төсөл хэрэгжих юм.

Шинээр барихаар төлөвлөж буй гүүр нь Гачууртын уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх 3,4 км авто замд Туул гол дээр байрлах юм. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний менежментийг сайжруулахад 1960-1986 оны үед баригдаж, 40-өөс дээш жил болсон гүүрүүдийг засварлан шинэчлэх зайлшгүй шаардлага тулгарч байна. Тиймээс БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр дөрвөн том төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүнээс Яармагийн хуучин гүүрийг сэргээн засварлах болон шинээр барих төсөл, мөн Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарцын ажил эхлээд явж байна.

Өнөөдөр Туул гол дээгүүр барих Баянзүрхийн 321 урт метр гүүрний шавыг тавилаа. Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлхи авто зам нь1963, 1965 онуудад БНМАУ болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд баригдсан бөгөөд 50-иас дээш жил болж, ашиглалтын шаардлага хангахаа больсон тул Налайхын авто замын техник ашиглалтын түвшинг нэмэгдүүлж, нэг чиглэлдээ хоёр эгнээ болгон өргөтгөхөөр төлөвлөн энэ жил ажлыг нь эхлүүлэхээр бэлтгэл хангаж байна. Тиймээс тус замын хөдөлгөөний аюулгүй байдлыг уялдуулах үүднээс Туул гол дээрхи Баянзүрхийн гүүрийг дөрвөн эгнээ, дугуйн болон явган замтай барихаар төлөвлөж байна.

Гүүрийг шинээр барьснаар замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, аюулгүй байдлыг сайжруулах, зорчигч тээвэрлэгчдийн цаг хугацаа, шатахуун хэмнэх, ая тухтай байдлыг хангах эдийн засгийн өндөр ач холбогдолтой юм.

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх уг төслийн ажлыг Бээжин Юни-Констракшн групп компани гүйцэтгэх бөгөөд захиалагчаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар ажиллаж байна. Төслийн ажил хоёр жил үргэлжилнэ. Баянзүрхийн 321 у/м гүүрийн шавыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, УИХ-ын гишүүн Б.Батзориг, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шин Хай Мин, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр болон албаны бусад хүмүүс тавилаа гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Мэдээллийн технологийн салбарын “Нээлттэй хаалга”-ны өдөрлөг болж байна

“Нээлттэй хаалга”-ны үйл ажиллагаанд Харилцаа холбоо, Мэдээллийн технологийн газар, нийслэлийн Мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, “Монголын цахилгаан холбоо” ХК, “Мэдээлэл, холбооны сүлжээ” ТӨХК, Үндэсний дата төв, Мобиком, Скайтел, Жи Мобайл, Юнител, “Монгол Шуудан” ХК зэрэг байгууллага оролцож байна. Монгол Улсын Засгийн газар болон нийслэлээс мэдээллийн технологийн салбарт хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, хувийн хэвшлийн үйлчилгээ, дэвшлийн талаарх мэдээллийг уг өдөрлөгөөс ирж авах боломжтой.

Өдөрлөгийг нээж Харилцаа холбоо, Мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат “Энэ жилийг Харилцаа холбоо, Мэдээллийн технологийн салбарын хууль эрх зүйн орчныг шинэчлэх жилээр зарласан. Одоо Харилцаа холбооны тухай хууль, Радио долгионы тухай хууль, Шуудангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлууд хийгдээд явж байна. Хууль эрх зүйн орчноос гадна төрийн байгууллагуудын мэдээллийн солилцоог сайжруулах мэдээллийн систем хийгдэж байгаа. Ирэх жилдээ багтаад 36 үйлчилгээг цахим хэлбэрт оруулна” хэмээн онцоллоо гэж нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.

Categories
энтертаймент-ертөнц

“Big Bang” хамтлагийн дуучин Топ хамтлагаасаа гарч магадгүй

Солонгосын алдарт “Big bang” хамтлагийн дуучин 30 настай Топ буюу Чой Сэюн Хьюн хар тамхины төрлийн каннабис хэрэглэсэн тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарчээ.

Сөүл хотын цагдаагийн газрын Мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийг мөрдөх албанаас дөрөвдүгээр сард Топын үсэнд хийсэн шинжилгээний хариу эерэг гарч каннабис хэрэглэсэн нь тогтоогдсон гэж мэдэгдсэн байна. Мөн түүнийг өнгөрсөн оны аравдугаар сард хар тамхи хэрэглсэсэн ба 20 настай эмэгтэй дуучин А-г уруу татан хамт хэрэглэсэн тухай цагдаагийнхан хэлжээ.

Дуучин Топ цагдаагийн газар өгсөн мэдүүлэгтээ “Би электрон тамхи татсан. Тэрийг хар тамхины хольцтой байсныг мэдээгүй” хэмээжээ.

Түүний хэргийг мөрдөх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд урт хугацаанд үргэлжлэх магадлалтай учир түүний оронд шинэ гишүүн авах яриа гараад байгаа аж.

Мөрдлөгийн явцад хамтлагийн бусад гишүүд ч хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй баримтууд гарч иржээ.


Categories
мэдээ улс-төр

Монгол Улс, ОХУ-ын хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа

Петербургийн эдийн засгийн чуулга уулзалт өнөөдөр (2017.06.02) хоёр дахь өдрөө амжилттай үргэлжилж байна.

Чуулга уулзалтын хүрээнд өчигдөр (2017.06.01) Монгол Улс, ОХУ хооронд зарим салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.

Дулааны IV цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлнэ

Монгол Улсын эрчим хүчний зах зээлийг хөгжүүлэх, “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК болон “Уралын турбины завод” концерн хооронд хамтран ажиллах тухай баримт бичиг байгууллаа. Ингэснээр Дулааны IV цахилгаан станцын найдвартай ажиллагааг хангахаас гадна станцын ажиллах насыг 30 орчим жилээр уртасгаж, хүчин чадлыг нь 90 мвт-аар нэмэгдүүлэх юм. Цаашдаа ОХУ-ын эрчим хүчний салбарын үйлдвэрлэгчид, хөрөнгө оруулагчид Монголын зах зээлд орж ирж ажиллах боломжууд ч нээгдэж байна.

Дулааны IV цахилгаан станц нь Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний 70 орчим хувийг дангаараа хангадаг ч турбинууд нь 30-аас дээш жилийн настай, шинэчлэх шаардлага тулгарчээ.

ОХУ-аас 4 сая тун вакцин нийлүүлнэ

Монгол Улсад ОХУ-аас хүмүүнлэгийн тусламж үзүүлэх тухай хоёр улсын Хөдөө, аж ахуйн яам хооронд хэлэлцээрийн хүрээнд ОХУ-аас 4 сая тун вакцин нийлүүлэх боллоо. Вакцины ачиж авчрах шууд хийгдэж бэлтгэлээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хангасан байна.

Мөн энэ үеэр талууд махны экспортыг нэмэгдүүлэхэд онцгой үр дүн гаргаж ажиллахаар боллоо. Ингэхдээ Монгол, Оросын бизнесменүүд махны хамтарсан үйлдвэр байгуулж, бүтээгдэхүүнээ ОХУ-д экспортлох тохиролцоонд хүрчээ.

Хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхтэй холбоотой бас нэг асуудал нь “Ноолуур” хөтөлбөрт хамтарч ажиллах саналыг Засгийн газраас Оросын талд тавиад байна.

Хэдийгээр хэлэлцээр байгуулагдсан ч Монголын тал энэ чиглэлээр тодорхой ажил яаралтай хийх ёстой. Олон сая малтай улсын хувьд энэ салбарт өөрчлөлт шинэчлэлт хийж, эрүүл ахуй, аюулгүй байдлыг энэ тэргүүнд тавих зайлшгүй шаардлагатай гэж ОХУ-ын Хөдөө аж ахуйн орлогч сайд Евгений Громыко хэллээ. Удахгүй ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд А.Н.Ткачев манай улсад айлчлах үеэр ярилцахаар төлөвлөжээ.

Хэвлэл, мэдээллийн салбарт хамтарч ажиллана

Олон нийтийн харилцаа холбооны салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулснаар сэтгүүлчдийг харилцан солилцох, Монголын сэтгүүлчдийг ОХУ-д сургах, баримтат кино хийх, харилцан түгээх боломж нээгдэж байна.

ОХУ-ын Олон нийтийн харилцаа, холбооны сайд Н.А. Никифоров хэлэхдээ, “Энэ бол зөвхөн эхлэл гэж найдаж байна. Бид цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхээр тохиролцлоо. Тухайлбал ОХУ, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ-руу гарах холбооны шилэн кабелийн сүлжээ татах судалгааны ажлыг эхлүүлж, программ хангамж, интернет, кибер аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо” гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлгийн гишүүд Ерөнхийлөгчид албан бусаар “дүн тавив”

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн өмнөх “Монгол Улсын эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын талаархи мэдээлэл” сонсов. Уг мэдээллийг ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт танилцууллаа.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн өмнөх Монгол Улсын эдийн засаг, санхүү төлөв байдлын тайланг боловсруулан та бүхэнд мэдээлж байна. Тайланд 2013-2017 оны тоон мэдээллийн харьцуулалт болон 2018-2021 оны дунд хугацааны төсөөллийг тусгалаа.
2013-2016 оны эдийн засаг санхүүгийн байдлыг товч дурдвал эдийн засгийн өсөлт 2013 онд 11,6 хувь байсан бол 2014 онд 7,9 хувь, 2015 онд 2,4 хувь, 2016 онд 1 хувь болж буурлаа. Эдийн засгийн өсөлт ийнхүү буурахад 2016 оныг 2013 онтой харьцуулахад нэгдүгээрт эрдэс бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлд дунджаар 47 хувь буурсан. Хоёрдугаарт гадаад худалдааны гол түнш БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 1,2 хувиар саарсан зэргээс үүдэн манай улсын экспорт 2016 онд 2014 онтой харьцуулахад 15 хувиар буурсан. Гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ 1,9 тэрбум доллар буюу 93 хувиар багассан нь нөлөөлсөнөөс гадна 2013-2016 онуудад төсөв мөнгөний алдаатай бодлогын улмаас төсвийн алдагдал их хэмжээгээр өсч, алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор гадаад, дотоодоос их хэмжээний зээл авсан нь 2016 оны эцэст Засгийн газрын өрийн хэмжээ 2013 оны жилийн эцсийн үлдэгдэлтэй харьцуулахад 2,3 дахин нэмэгдэж, эдийн засаг хүндрэхэд хүргэсэн байна. Монгол Улсын Засгийн газар Монгол банктай хамтран нэг их наяд нэг зуун жаран долоон тэрбум төгрөгийн Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг 2012-2015 онд хэрэгжүүлсэн. Засгийн газраас “Сайн малчин”, “Сайн оюутан”, “Сайн хувьцаа” зэрэг хөтөлбөрүүдэд зориулж, 543 тэрбум төгрөгийг төсөвт тусгагдаагүй эх үүсвэрээс санхүүжүүлж, зах зээлд төгрөгийн нийлүүлэлтийг огцом нэмэгдүүлсэн нь төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2016 оны жилийн эцэст 2013 онтой харьцуулахад 40,9 хувиар суларч, макро эдийн засгийн тэнцвэрт байдал алдагдахад нөлөөлсөн байна. 2013 онд 12,5 хувьтай байсан инфляци 2016 онд нэг хувь болж огцом буурсан нь эдийн засгийн идэвхижил суларч, эрэлт хэрэглээний бууралт бий болсныг харуулж байна хэмээн танилцууллаа.
Үүний дараа гишүүд саналаа хэлсэн юм.

Ё.БААТАРБИЛЭГ: ТӨСВИЙНХӨӨ ЗАРДЛЫГ ГОЗОЙТОЛ ӨСГӨЧИХӨӨД БУУЛГАСАН
ДҮР ҮЗҮҮЛЖ ЖҮЖИГЛЭДЭГ

Ё.Баатарбилэг гишүүн: Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө нийгэм, эдийн засаг, санхүүгийн төлөв байдлыг ярьж байгаа нь үндсэндээ дөрвөн жил улс орныг удирдаж жолоодож ирсэн Ерөнхийлөгчтэй холбоотой яригдаж байгаа гэж ойлгож байна. Өнгөрсөн дөрвөн жил Монголын ард түмний алдсан зүйл олон л байгаа байх. Тэрийг түүх дэнслээд өгөх байх. Бидний хамгийн их алдсан зүйл төсөв мөнгөөр хэмжигдэхгүй хүний эрх, эрх чөлөө, хэвлэн нийтлэх эрх чөлөө хойшилсон ухарсан байдалтай дөрвөн жилийг үдлээ л дээ. Энэ бол үнэхээр ухралт болсон. Монголчууд “Түмэн засагт хааны үед хөл хөсөр гар газар энхжин жаргав” гэх мэтээр төр толгойлж байсан хүмүүстэйгээ холбож тухайн цаг үе, улс орныхоо байдлыг дүгнэж явдаг. Өнгөрсөн дөрвөн жилийг тэр маягаар дүгнэх байлгүй. Би Ерөнхийлөгчийн хаврын чуулганы нээлтэн дээр хэлсэн нэг үгийг онцгой анхаарч үзсэн юм. Ерөнхийлөгч төсвийн зардлыг бууруулах тал дээр чухал санаа хэлсэн. Жил бүр өөрийнхөө төсвийг танасаар байгаад сүүлийн дөрвөн жилд 11 тэрбумаас дөрвөн тэрбум болтол бууруулсан шүү, та нар үзээрэй гээд байхаар нь би үзсэн юм. 2009 онд 1,8 тэрбум байсан төсвийг 2013 он хүртэл долоон тэрбум болгож өсгөчихөөд, түүнийгээ бага багаар буулгаад, буулгах ч юу байхав, төсөв нь угаасаа хумигдмал байсан болохоор тэгсэн байлгүй дөрвөн тэрбум руу орсон байна лээ. Өөрсдөө ингэж төсвийнхөө зардлыг гозойтол өсгөчихөөд, түүнийгээ буулгасан дүр үзүүлж, жүжиглэдэг байдал өнгөрсөн дөрвөн жилд газар авсан л даа.

Ц.НЯМДОРЖ: АРДЫН ҮГ ГЭЭД ОНЦСАЙН ДҮН ТАВИУЛААД ЯВААД БАЙГАА
Ц.Нямдорж “Уг нь энэ илтгэлийг Ерөнхийлөгчийн үйл ажиллагаатай холбож, улс төрийн дүгнэлт хийх тал руу нь л явуулсан нь дээр дээ. Энэ талаар их хурал бодмоор байна. Хоёрдугаарт одоогийн Ерөнхийлөгчийн бүрэн эрх дуусч, түүнтэй холбогдуулж эдийн засгийн байдлын танилцуулга хийгдэж байна л даа. Том өнцгөөр нь харвал мэдээж хэрэг ажил хийсэн учраас ажил хийсэн харагдана. Ардын үг гээд онцсайн дүн тавиулаад яваад байгаа. Урьдчилан захиалсан бэлтгэсэн хүмүүсээр дүгнүүлээд яваад байна. Гурав дөрвөн том юм харагдаад байгаа юм. Нэгдүгээрт Ц.Элбэгдорж гэдэг хүний үед Монголын улс төрийн хоёр том нам ерөнхийдөө голомтонд орсон. АН-ын байдал ямар байгаа билээ. Энд сууж байгаа АН-ынхан бүгдээрээ дотроо гаслаад сууж байгаа. Хоёр удаа Ерөнхийлөгчийн сонгуулийг ахалж, Ерөнхийлөгч болгосон Ерөнхий сайдаа унагаж аваад түүгээр дамжуулж байгаад АН бүр комд орчихсон. Ардын намын нэрийг Н.Энхбаярт өгөх ажлыг Ц.Элбэгдоржийн томилсон шүүгч нар хийсэн шүү дээ. Энэ бол Ардын намыг дотроос нь задлах башир арга байсан. Үүнийхээ хүчинд 2013 оны сонгуульд будлиан хутгаж байж, 50,8 хувиар сонгогдсон л доо. Энэ сонгуулийн үеэр дахиад үүний хаялага нь гарна. Цаашдаа ч Монголын улс төрд үүний улбаа салахгүй. Би Ц.Элбэгдоржид үүнийг орж хэлсэн юм. “Чи энэ будлианыхаа учрыг хэзээ олох вэ. Энэ будлиан явж явж чиний ч үр хүүхдийн толгой дээр бууна шүү” гэдгийг нь хэлсэн. Ингээд Монголын улс төрийн хоёр гол хүчнийг самраад хаясан. Эдийн засгийг самрах ажлыг өнгөрсөн Засгийн газар хийсэн гээд байна. 2009 онд эхэлсэн юм ш дээ. Ашигт малтмалын хайгуулын лицензийг Аюулгүйн зөвлөлийн гурван хүн очиж, лацдаж тооллого хийгээд, хууль бус юм хийгээд эхэлсэн. Үүний хүчинд гадаадын хөрөнгө оруулагчид сигнал аваад, 500-гаад аж ахуйн нэгж гараад гадаадын хөрөнгө оруулалт тэглэсэн шүү дээ. Дээрээс нь АН-ынхан болсон хойно бусармаг, танхай юм хийнэ. Ингээд хоёр талаас нь самарсаар байгаад эдийн засгаа ноль болгоод хаячихсан ш дээ. Валютын санд хандахаас аргагүй болтол нь самарсан. Монгол банкин дээр өч төчнөөн ёс бус юм хийж байхад дээрээс хараад сууж байсан хүн.
Шүүх засаглалыг шинэчлэл нэрээр жинхэнэ захиалгат, дампуу болгож хаясан. Энэ хүний томилсон шүүгч, прокурорууд юу хийж байна. Гэгээн цагаан өдөр хаалттай хурал хийгээд хүнийг хэлмэгдүүлдэг. Хүссэн болгоноо аваачиж шоронд хийдэг, дараа нь гаргадаг. Юу болсон нь мэдэгдэхгүй хаядаг. Энэ юу болоод байна гэв.
Д.САРАНГЭРЭЛ: ОДООГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИД ЭДИЙН
ЗАСГИЙН УНАЛТЫН БҮХ БУРУУГ ТОХОЖ БОЛОХГҮЙ
Д.Сарангэрэл гишүүн: 2013 онд 11 хувьтай байсан эдийн засгийн өсөлт 2016 онд нэг хувь болж буурлаа л даа. Манай Сангийн яамныхан гадаадын хөрөнгө оруулалт саарсан, эрдэс бүтээгдэхүүний үнэ буурсантай уяж тайлбарлаж байна. Өнгөрсөн хугацаанд энэ чиглэлээр олон нийт, эрдэмтэн мэргэд үгээ хэлсэн. Сая Ж.Мөнхбат даргын хэлдгээр өмнөх Засгийн газрын хариуцлагагүй байдал, эдийн засгийн бүлэглэлийн эрх ашиг, хувийн сонирхол, шунал эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэн. Энэ бодит үнэнийг бид хэлэх ёстой. Дараагийн асуудал бид Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө улс орны санхүү төсвийн байдлын талаар сонсч байгаа юм байна. Одоогийн Ерөнхийлөгчийг би сонгоогүй, саналаа өгөөгүй. Би өөрийнхөө намын нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэд саналаа өгч байсан. Гэхдээ одоогийн Ерөнхийлөгчид эдийн засгийн бүх уналтын бурууг тохох ёстой гэж бодохгүй байна. Өнгөрсөн парламентад ч би сууж байсан. Эдийн засагтай холбоотойгоор Ерөнхийлөгч удаа дараа үг хэлж байсан. Олон төсвөө нэгтгээч, хариуцлагагүй байдлаа анхаараач. Энэ их өр тавьж байгаа байдалдаа дүгнэлт хийгээч. Зээл авахаасаа өмнө төлөвлөгөөгөө гаргаач. Төр засгаа тогтвортой байлгаач гэж олон удаа УИХ-д хандаж байсан. Тэр дундаа МАН-ыг богино хугацаанд Засгийн газарт хамтарч байсны дараа хөөж туухад одоогийн Ерөнхийлөгч эсрэг байр суурьтай, Засгийн газар тогтвортой байж хүндэрсэн эдийн засагтаа нэмэр тус болно шүү гэж үгээ хэлж байсан юм. Тийм болохоор бид эдийн засгийн хямралын хаягаа зөв онож хэлэх ёстой. Би айхавтар өмгөөлж хамгаалж, тал засах гэсэн юм алга. Өмнөх парламентад сууж, эдийн засгийн асуудалд одоогийн Ерөнхийлөгч яаж хандаж байсныг мэдэж байгаагийн хувьд хэлж байгаа юм. Хуультай юм болохоор бид энэ асуудлыг хэлэлцэж байгаа байх. Гэхдээ одоо зовлон ярьж суудаг цаг өнгөрсөн шүү. Эдийн засаг ямар байгааг бүгд мэдэж байгаа. Сонгуулийн өмнө бид энэ тухай өчнөөн ярьсан. Одоо Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ярьж л таарна. Харин ард түмэн биднээс цалин хэзээ нэмэх, ажлын байр хэзээ нэмэх, боловсрол эрүүл мэндийнхээ салбарыг хэзээ сайжруулах, хүртээмжтэй чанартай үйлчилгээ хэзээ үзүүлэх вэ гэж л харж байгаа. Сангийн яам, Засгийн газар энэ чиглэлээр түлхүү мэдээлэл өгч, түлхүү анхаарах ёстой гэв.
Б.ЭГШИГЛЭН

Categories
мэдээ улс-төр

Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг сонгоно

Улсын Дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн энэ сарын 6-нд болох тов нь гарчээ.

Уг зөвлөгөөнөөр Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэхээр тогтсон байна.

Улсын дээд шүүх цэцэд 3 хүнийг нэр дэвшүүлдэг. Одоогоор нэг орон тоо сул байгаа тул тэрхүү орон тоон дээр нэр дэвшилтийг явуулах аж.

Categories
мэдээ улс-төр

Н.Номтойбаяр Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг тэргүүлнэ

Н.Номтойбаяр зурган илэрцүүдУИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, “Эрүүл мэндийн даатгалын сан жилд тодорхой үлдэгдэлтэй байдаг тул үүнийг тухайн жилд нь зарцуулдаг байх хэрэгтэй. Мөн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг Эрүүл мэндийн сайд ахалдаг байх нь зүйтэй” гэсэн саналтай байгаагаа хэллээ.

Ингэхэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, “Эрүүл мэндийн сайд уг зөвлөлийг ахалж болохгүй. Учир нь хуулиндаа тийм заалт байхгүй” гэсэн тайлбарыг хийж байв.

Ингээд хуралдаанаас Н.Номбаярыг ЭМДҮЗ-ийн тэргүүнээр, Д.Дэмбэрэлийг дэд тэргүүнээр, зөвлөлийн гишүүнээр Б.Чойжилсүрэнг, А.Цогцэцэгийг, Ч.Цолмонгэрэлийг, Д.Чимиддамбыг, Х.Мягмарыг, Х.Ганбаатар, Ц.Ганхүү нарыг томилов.