Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Мягмарсүрэн: Бүх л гэрэл зурганд минь сэтгэл, хөдөлмөр шингэсэн байдаг

Нийслэлийн Засаг даргын тамгын газраас хэвлэл мэдээллийн байгууллагуудын гэрэл зурагчин болон гэрэл зураг сонирхогч, уран бүтээлчдийн дунд “Орчин үеийн Улаанбаатар” сэдэвт уралдаан зохион байгуулсан билээ. Уралдааны тэргүүн байрын шагналыг “Өдрийн сонин”-ы гэрэл зурагчин Ц.Мягмарсүрэн “Үд дунд” бүтээлээрээ хүртсэн юм.

Ингээд түүний сэтгэгдлийг хүргэе.

Өөрийн тань авсан “Үд дунд” хэмээх нэртэй гэрэл зураг шилдэг бүтээлээр тодорлоо, баяр хүргэе.

-Энэ гэрэл зургийн уралдаан тавдугаар сард зарлагдсан байсан. Гэрэл зурагчин найз нөхөд маань Нийслэлээс уралдаан зарласан байна, зургаа өгсөн үү гээд байсан юм. Тэгээд хамгийн сүүлд нь шахуу, дуусах хугацаатай нь уралдан очиж зургаа өгсөн. Тэгж хэлсэн найз нартаа одоо их талархаж байна.

Та урьд нь ямар тэмцээн уралдаанд оролцож байв?

-Өмнө нь “Press photo” болон “Монголчууд миний нүдээр” зэрэг гэрэл зургийн уралдаанд оролцож тусгай байрын шагнал авч байсан. Ер нь олон тэмцээн уралдаанд оролцож байсан шүү. Харин Нийслэлийн уралдаанд анх удаа оролцоод түрүү байрыг нь хүртсэндээ их баяртай байна. Энэ уралдаанд “Үд дунд” гэдэг нэг зургаа сойсон. Энэ зургийг өнгөрсөн намар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гэр бүлийнхээ хамт зугаалж байгаад санаандгүй дарсан зураг юм.

Өдөр тутмын сонины гэрэл зурагчны ажил бусдаасаа юугаараа онцлог байдаг вэ?

-Өдөр тутмын сонины гэрэл зурагчин сэтгүүлчидтэйгээ зэрэгцэн ажиллаж, тухайн үйл явдлыг гэрэл зурагт үлдээх байдаг. Бид өглөө сонины редакциасаа томилсны дагуу хамгийн онцлох үйл явдлуудад очиж сурвалжлага хийнэ. Төрийн ордонд чуулганы зураг авч байтал гэнэт дуудагдан өөр газар очиж сурвалжлага, ярилцлага, үйл явдлын зураг авах гээд л ажил маань өглөөнөөс орой хүртэл үргэлжилж байдаг. Тэгэхээр өдөр тутмын сонины гэрэл зурагчны онцлог нь өдөр бүр гэрлээр түүхийг бичиж үлдээх юм даа.

-Та “Өдрийн сонин”-д найм дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд сэтгэлд тань үлдсэн хамгийн хайртай зургаа нэрлэвэл…?

-Бүх л зурганд маань сэтгэл, хөдөлмөр шингэсэн байдаг даа. Гэхдээ 2012 оны аравдугаар сарын 15-нд Хон Хэрэйдийн гэх Б.Энхбатыг ШШГЕГ-ын хорих 415-р ангид байхад нь авсан зургаа онцолмоор байна. Мөн “Хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж” гэдэг зургандаа хайртай. Гэрэл зураг гэдэг эргээд харахад яг тэр үеийнхээ байр байдлыг тэр чигээр нь хадгалаад үлдчихсэн байдаг болохоор үнэ цэнэтэй санагддаг юм.

О.ӨНӨР

Categories
мэдээ улс-төр

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэнийг хөгжүүлэх төвийг аймаг, дүүрэгт байгуулахаар тусгав

УИХ-ын өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын нэг нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг байлаа. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа танилцуулсан юм.

Монгол Улсын Засгийн газраас 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурал 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлсэн.

Төсөлд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох тэтгэмжийг амьжиргааны доод түвшинд хүргэх, улсын төсвийн зарлагын ангилалд шинээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдийг дэмжих тухай эдийн засгийн ангиллыг нэмэх, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тооноос хамааран хувьсах зардал болон багш, ажилтан, албан хаагчдын цалин урамшууллыг ажилласан жил, ажлын туршлагыг харгалзан нэмэгдүүлэн тооцох, зардлыг холбогдох төсөвт жил бүр тусгах, хөгжлийн бэршээлтэй хүүхэд, иргэнийг хөгжүүлэх төвүүдийг аймаг, дүүрэгт байгуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан мэдээллийн нэгдсэн сан байгуулах, дэд бүтэц, тэдгээрийн мэдээллийн хүртээмжийг сайжруулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох зэрэг саналуудыг тус тус тусгасан гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа танилцуулгадаа дурдав.

Дараа нь уг тогтоолын талаар зарчмын зөрүүтэй 13 саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд Байнгын хорооны гишүүдээс гаргасан саналуудыг бүхэлд нь дэмжлээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Г.Тэмүүлэн нараас төслийн 1 дүгээр заалтын 10 дахь хэсэгт “хөгжлийн бэршээлтэй хүүхэд, иргэнийг хөгжүүлэх төвүүдийг аймаг, дүүрэгт байгуулах”, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Л.Энх-Амгалан нар төслийн 1 дүгээр заалтыг 11-т “хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучууд болон иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, дэмжих зорилгоор мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагад хамран сургах, сургалтын ээлтэй орчин нөхцөлийг бүрдүүлэх, сургалтын шаардлагатай хэрэглэгдэхүүнээр хангах, сургалтын зардал болон тэтгэлгийг улсын төсвөөс олгох” гэсэн хэсэг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжив. Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, Ц.Цогзолмаа, Л.Энх-Амгалан нар төслийн 1 дүгээр заалтад 12-т “хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээллийн нэгдсэн сан байгуулах”, Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, Ц.Цогзолмаа, Л.Энх-Амгалан нарын төслийн 1 дүгээр заалтын 13-т “хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтэц, тэдгээрийн мэдээллийн хүртээмжийг сайжруулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох” гэж нэмэх саналууд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжих нь зүйтэй гэж үзэв.

Иймд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Categories
мэдээ нийгэм

Үндэсний аялал жуулчлалын “УЛААНБААТАР” үзэсгэлэн маргааш нээгдэнэ

Үндэсний аялал жуулчлалын “Улаанбаатар-2017” үзэсгэлэн энэ сарын 03,04-ний өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд гарна. Дотоодын аялагч нарт нэгдсэн мэдээллийг олгох зорилготой тус үзэсгэлэнг нийслэлийн Аялал жуулчлалын газраас Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Улаанбаатар аялал жуулчлалын холбоотой хамтран гурав дахь жилдээ зохион байгуулж байна.

Энэ удаагийн үзэсгэлэнд ОХУ, БНСУ, АНЭУ, БНЭУ, БНКУ-ын Монгол улсад суугаа Элчин сайдын яамд, Баян-Өлгий, Баянхонгор, Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, тус аймгуудад үйл ажиллагаа эрхэлдэг жуулчны бааз, рашаан сувиллын газрууд, Хил хамгаалах ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Гэрлэх ёслолын ордон, Улаанбаатар төмөр замын “Аялал жуулчлалын товчоо”, Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаад, Монголын Уулчдын үндэсний холбоо, Монголын Рафтингийн холбоо, Аялал жуулчлалын Боловсрол хөгжлийн нийгэмлэг, тур оператор компаниуд зэрэг 80 гаруй байгууллага оролцож, үйл ажиллагаа бүтээгдэхүүнээ сурталчилах юм.

Үзэсгэлэнгийн хамтран зохион байгуулагчаар “Төрийн банк”, “Юнител” компани оролцоно. “Юнител” компани Сүхбаатарын талбайд өндөр хурдын интернэт тавина. Мөн дугуй, авто мото, уулын аялал, фото зураг, анхан шатны тусламжийг үзүүлэх, хээрийн хоолыг хэрхэн бэлтгэх, загасчлах, зөв хувцаслалт, аялагчдын соёлын талаарх мэдээлэл, зөвлөгөөг өгч, аяллын хувцас, хэрэгслүүдийн хямдралтай худалдаа болох юм. Түүнчлэн Хил хамгаалах ерөнхий газраас хил орчмын газар нутагт аялал жуулчлал эрхлэх зөвшөөрөл хүссэн байгууллагуудад зөвлөгөө өгнө гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Ирэх сарын 8-наас эхлэн Сингапур руу 30 хоног визгүй зорчино

Сингапур зурган илэрцүүд

Зургадугаар сарын 8-наас эхлэн Монгол Улс, Сингапур улсын иргэд 30 хүртэл хоног харилцан визгүй зорчих боломжтой боллоо.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Сингапур Улсын Засгийн газар хооронд хоёр улсын бүх төрлийн паспорт эзэмшигч иргэд харилцан визгүй зорчих хугацааг 30 хоног болгон өөрчлөх тухай ноот бичиг харилцан солилцсон гэдгийг Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Өмнө нь визгүй зорчих хугацаа 14 хоног байсан.

Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-ы гэрэл зурагчин Ц.Мягмарсүрэнгийн бүтээл шилдгээр шалгарлаа

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хэвлэл мэдээллийн байгууллагуудын гэрэл зурагчин болон гэрэл зураг сонирхогч, уран бүтээлчдийн дунд “Орчин үеийн Улаанбаатар” сэдэвт уралдааныг амжилттай зохион байгууллаа. Уралдааныг 2017 оны дөрөвдүгээр сарын 10-аас тавдугаар сарын 14 хүртэлх хугацаанд зарлаж, 27 оролцогч 165 бүтээлээр өрсөлдлөө. Баримтат уран сайхны гэрэл зураг буюу Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, өдөр тутмын амьдрал, түүх, өв соёлыг харуулсан байх гэсэн үндсэн гол шалгуураар уралдаанд ирүүлсэн бүтээлийн эхний гурван байрыг тодруулсан юм. Уралдаанд оролцож өрсөлдсөн бүтээлчдээс “Өдрийн сонин”-ы гэрэл зургийн сурвалжлагч Ц.Мягмарсүрэн “Үд дунд” бүтээлээрээ тэргүүн байрт, Itoim.mn сайтын гэрэл зургийн сурвалжлагч Э.Ганзориг “Их хотын амьдрал аз жаргалаар дүүрэн” бүтээлээрээ дэд байрт, гэрэл зурагчин С.Бат-Эрдэнэ “Туулын хөндийн шөнө” бүтээлээрээ гутгаар байрт шалгарав. Тэмцээний тэргүүн байрын эздэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд шагналыг гардуулж, амжилт бүтээлийн дээдийг хүслээ. Тэрбээр “Нийслэл маань өдрөөс өдөрт өнгө орж, шинэ барилга багууламж, бүтээн байгуулалтаар хүрээлэгдсээр байгаа билээ. Бид ажил хөдөлмөрөө хийж явсаар хотын хөгжлийн зарим сайхан зүйлсийг анзааралгүй өнгөрөөдөг. Тэгэхээр та бид хотын түүхийг бичиж, хадгалж үлдэх учиртай. Хот ямар байж байгаад ямар болсон. Хотын хуучин гудамж ямар байсныг яаж тохижуулсан гэх баримт зайлшгүй бидний хойч үед үлдэх шаардлагатай. Тиймээс гэрэл зурагчидаа дэмжих үүднээс хотын зүгээс энэ уралдааныг зарласан. Нөгөө талаас Улаанбаатар хотын өнгө төрхийг гадна дотнын гэрэл зураг сонирхогчид, иргэд, жуулчдад харуулах үүднээс гэрэл зургийн фонд үүсгэх зорилгоор уралдааныг зарласан. Идэвхтэй оролцсон гэрэл зурагчиддаа баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэв.

“Орчин үеийн Улаанбаатар” гэрэл зургийн тэмцээний тэргүүн байрын шагналт Ц.Мягмарсүрэн “”Өдрийн сонин”-ы гэрэл зурагчнаар найм дахь жилдээ ажиллаж байна. “Энэхүү тэмцээнд ирүүлсэн зургийн маань агуулга өгөгдсөн сэдвийнхээ хүрээнд аз жаргалтай гэр бүлийг их хотын шинэ содон бүтээн байгуулалтын хамт цогцлоож харуулахыг хичээсэн. Хамгийн сүүлд хоёр жилд нэг удаа болдог “Монголд монголчууд-Нэг өдөр” тэмцээнд оролцож тусгай байрыг эзэлсэн” гэлээ.

Itoim.mn сайтын гэрэл зургийн сурвалжлагч Э.Ганзориг “Хэвлэлийн салбарт 3 дахь жилдээ ажиллаж байна. Фото зургийн уралдаанд багагүй оролцдог. Энэ удаагийн тэмцээнд ирүүлсэн “Их хотын амьдрал аз жаргалаар дүүрэн” бүтээлээрээ хотын амьдрал нэгэн хэвийн үргэлжилж, бидний дунд аз жаргал, инээд хөөр, зовлон гунигаар ээлжилдэг ч хамгийн чухал нь элэг бүтэн гэр бүлийн аз жаргал байдаг юм шүү гэдгийг харуулахыг зорьсон” хэмээлээ.

Гэрэл зурагчин С.Бат-Эрдэнэ “Энэхүү уралдаанд оролцоод гуравдугаар байр эзэлсэндээ маш их баяртай байна. “Туулын хөндийн шөнө” зургаараа Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлтээс гадна байгаль буюу Туул голын хөндийн үзэсгэлэнг тодруулан харуулахыг зорьсон” гэв хэмээн нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

АН-2 онгоц хөөрч чадалгүй унасан гэв

“Чингис хаан Олон улсын нисэх онгоцны буудлаас хөөрөх гэж байсан АН-2 онгоц уналаа” гэх мэдээлэл цахим орчинд цацагдлаа. Сошиалд идэвхитэй “жиргэдэг” Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл “Хөөрч чадаагүй гэдэг мэдээлэл ирлээ. Хүний амь нас хохироогүй. ОХУ-ын нисгэгч нар байсан байна. Шинжлэн шалгах баг ажилдаа оржээ” хэмээн тайлбарлав.

“Зургадугаар сарын 2-ноос орон нутагт нислэг үйлдэнэ” хэмээн мэдээлж байсан тус онгоц Сэлэнгийн Ерөө, Хүдэр, Хэнтийн Дадал, Өндөрхаан сумдаар тойрох нислэгээ эхлэх гэж байсан ч ийнхүү гэнэтийн саатал гарчээ.

Саяхан жанжин Сүхбаатарын талбайд болсон Зам тээврийн яамны нээлттэй өдөрлөгийн үеэр хуучин “АН-2” онгоцыг хүмүүст сонирхуулсан билээ. Тус онгоцны шинэчилсэн загвар болох “ТВС-2МС” онгоцыг Монголдоо үйлдвэрлэх бэлтгэл ажил хангагдсан” хэмээн мэдээлж байсан юм.

Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл “Далавчинд гэмтэл гарснаас нисэх гээд хөөрч чадаагүй байна, унаж, осолдсон зүйлгүй” гэлээ. “ТВС-2МС” загварын онгоц өмнө нь манай улсад ашиглаж байсан “АН-2” загварын онгоц бөгөөд бүрэн засвар хийж, шинэчилснээр олон талаар ашиглаж болохуйц хэмжээнд шинэчлэгдсэн гэж албаныхан мэдээлж байсан юм. Орос, Монгол мэргэжилтнүүдийн хамтран угсарсан гэх “АН-2 онгоцны шинэчилсэн загвар ТМС-2МС ямарч нөхцөлд бууж, суух боломжтой,ашиглалт сайтай зэргээрээ давуу талтай” гэж мэргэжилтнүүд онцолж байсан юм.

Уг онгоцоор аймгууд болон алслагдсан сумдуудад нислэг үйлдэхээр зэхжээ. Онгоц унахад нэг талын далавчинд эвдрэл үүссэн гэнэ. Онгоцонд ОХУ-ын нисгэгчид болон ИНЕГ-ын захиргаа, хүний нөөцийн газрын дарга Т.Батжаргал, Ерөнхий зориулалтын нисэхийн газрын дарга Г.Энхзориг нар байжээ.

Categories
мэдээ спорт

Амралтын өдрүүдэд “Мазаалай” цом болно

Дэлхийд ховордоод буй мазаалайг хамгаалахад бүх нийтийн анхаарлыг хандуулах зорилготой “Мазаалай цом 2017” тэмцээн хоёр дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.

Тодруулбал, Монголын бартаат замын авто спортын холбооны цомын аварга шалгаруулах тус тэмцээн ирэх амралтын өдрүүдэд буюу энэ сарын 3,4-нд Морингийн даваанд болох юм. Тус тэмцээн дөрвөн ангиллаар аваргуудаа тодруулна. Үүнд:

Сонирхогчийн ангилал буюу TR1

Мэргэжлийн ангилал буюу TR3

Truck ангилал буюу Том оврын автомашин 4*4, 6*6

UTV ангилал гэсэн дөрвөн ангиллаар зохиогдоно.

Тэмцээний эхний өдөр сонирхогчийн болон utv ангилал болох бол хоёр дахь өдөр Мэргэжлийн болон Truck ангиллын аваргууд тодорно. Тус тэмцээний хамтран зохион байгуулагчаар “Зөв Монгол Ирээдүй” төрийн бус байгууллага, Цагдаагийн Ерөнхий газар ажиллаж байгаа аж.

Categories
мэдээ спорт

Ө.Гантөмөр: “Мастер тулаанч” шоу маань энэ сарын 4-нд шилдгээ тодруулна

“Монголын тулааны шилдэг тамирчид”-ын холбооны гүйцэтгэх захирал Ө.Гантөмөртэй ярилцлаа.


-“Мастер тулаанч” реалити шоуны шилдгүүд тун удахгүй тодрохоор болжээ. Энэхүү шоу нь хэзээнээс эхлэн үзэгчдэд хүрч эхэлсэн бэ?

-Манай холбоо “VTV”-тэй хамтран гуравдугаар сараас эхлэн Монголын хамгийн анхны холимог тулааны реалити шоуг хийж эхэлсэн. “Мастер тулаанч” шоу маань энэ сарын 4-нд Бөхийн өргөөнд шилдгээ шалгаруулахаар болоод байна. Тэр үдэш нийт зургаан тулаан болно. Нэг сар гаруйн хугацаанд гал гарсан ширүүн тулалдаанаас гарч ирсэн шилдгүүд маань аваргын төлөө тулалдах юм.

Ер нь бол энэхүү шоуны гол зорилго нь Монгол Улсын гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг, Олон улсын хэмжээний мастер Б.Дамланпүрэв, Д.Батгэрэл гээд Монголд төдийгүй дэлхийд танигдсан тамирчдынхаа залгамж халааг гаргаж ирэхэд оршиж байгаа юм. Ямартаа ч дэлхийд өрсөлдөх монгол тамирчдыг төрүүлэх зорилготой шоу амжилттай үргэлжилж байгаад тун таатай байна.

-Нийт хичнээн тулаанч шилдгийн шилдэгт өрсөлдөж байгаа вэ?

-Шоуны сонгон шалгаруулалтад Монголын өнцөг булан бүрээс 120 тамирчин ирж оролцсон. Эдгээр тамирчдын хувьд холимог тулааны төрлөөр олон улсын болон дотоодын тэмцээн уралдаанд оролцож байгаагүй сонирхогч гэдгээрээ онцлог байсан. Харин эдгээр тамирчдаас эхний ээлжинд 20 залуу шалгарч үлдсэн юм. Ингээд хорин залууг хоёр багт хуваан бүтэн сарын турш бэлтгэл хийлгэн дахин тулалдуулсан байгаа. Ийнхүү одоогоор 12 тамирчин шилдгийн шилдэгт өрсөлдөхөөр үлдээд байна. Үүнээс холимог тулааны аварга шалгаруулах тэмцээний аварга төрөхөөс гадна, “Мастер тулаанч” реалити шоуны ялагч төрөх юм.

-Тулаанчид дэлхийн жишигт байх холимог тулааны дүрмээр өрсөлдөх үү. Эсвэл өөр дүрэмтэй юу?

-Хамгийн анх холимог тулаан нь дүрэмгүй зодоон гэх нэртэй байсан. Зэвсэг барихгүй л бол яаж ч зодолдох бүрэн боломжтой байсан юм. Бокс шиг тодорхой дүрэм зааж өгөөгүй гэсэн үг л дээ. Харин одоо бол холимог тулаан нь спорт болоод хөгжчихлөө. Тиймээс зохисгүй гэж хэлж болохуйц үйлдлүүдийг хориглосон. Тухайлбал, мөргөх, хазах, эмзэг эрхтэн рүү өшиглөх, уначихсан тохиолдолд өшиглөх гэх мэт үйлдлүүд үүнд багтаж байгаа. Харин бид үүн дээр нэмээд тохойдох, сөхөж өшиглөх, нүд рүү чичих зэргийг зөвшөөрөөгүй байгаа. Хэдий спорт болон хөгжиж, зарим зохисгүй үйлдлүүдийг хориглосон ч холимог тулаан нь тулааны оргил хэмээгддэг. Энэ тулааныг шимтэн үзэгч сонирхогчид улам олширч байна. Монголд ч сүүлийн үед эрчимтэй хөгжиж байгаа.

-Дараа жил “Мастер тулаанч” шоу дахин үргэлжлэх үү?

-Холбооны зүгээс төлөвлөсөн зүйл бий. Ямартаа ч энэхүү шоу маань миний төсөөлж байснаас илүү хандалттай байлаа. Мэдээж шоуныхаа үр дүнгээс шалтгаалаад дараа, дараагийн төлөвлөгөөнүүд цаашдаа үргэлжилнэ. Залуус маань ч маш идэвхтэй тууштай байгаад тун урам орж явна. Ер нь бол Монгол хүний дайчин чанар яг энэхүү тулааны урлагт илүү ажиглагддаг. Түүний жишээ бол эдгээр 120 залуус байлаа. Өмнө нь ринген дээр гарч үзээгүй мөртлөө маш зоригтой байсан. Хэн нь ч бууж өгөөгүй. Тэрхүү төмөр торон дотор орж тулалдана гэдэг сэтгэл зүйн хувьд маш том шалгуур байдаг. Тэр бүхнийг давна гэдэг амаргүй даваа л даа.

-“Монголын тулааны шилдэг тамирчид” холбоо ныхоо тухай яриач. Хэд дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна вэ?

-Манай холбоо 2009 онд үүсгэн байгуулагдсан юм. Холбооны зорилго нь бол маш энгийн. Учир нь манай тамирчид тухайн үед мэргэжлийн кикбоксын тулаанд багагүй оролцдог байлаа. Гэсэн ч төдийлөн амжилт үзүүлдэггүй байсан л даа. Мэдээж мэргэжлийн тамирчид очдоггүй байсан учраас тэр шүү дээ. Үүнийг гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг болон миний бие ажиглаж “Монголын тулааны шилдэг тамирчдын холбоо” гэж байгуулсан юм. Харин энэхүү холбооноос зохион байгуулсан аварга шалгаруулах тэмцээнээс төрөн гарсан шилдэг тамирчнаа гадны тэмцээнүүдэд оролцуулъя гэсэн зорилготой нэгдсэн юм. Энэ нь үр дүнгээ өгсөн гэж боддог. Мөн хэдий залуу холбоо ч гэсэн манайхаас хоёр гавьяат тамирчин төрсөн. Тодруулбал, холимог тулааны дэлхийн аварга Ж.Нарантунгалаг болон Хууль сахиулахын их сургуулийн багш Хаянхярваа нар юм.

“Монголын тулааны шилдэг тамирчид” холбоо маань 2009, 2010 онуудад кикбоксын аварга шалгаруулах тэмцээн зохиодог байсан бол улмаар холимог тулааны аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулдаг болсон л доо. Ингээд ес дэх удаагийн холимог тулааны аварга шалгаруулах тэмцээнээ зохион байгуулахад бэлэн болчихоод байгаа нь энэ юм. Энэ жилийн тэмцээний хувьд реалити шоу хийж байгаагаараа болон аваргын бүстэй болсноороо онцлог байгаа.


Categories
мэдээ нийгэм

Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч наадмын өмнөх өдөр тангараг өргөнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо өнөөдөр хуралдлаа.

Баяр наадмын нээлт, хаалт болон төрийн хүндэтгэлийн концертод 4000 гаруй хүн оролцуулах бөгөөд “Улаанбаатарын үдэш” цэнгүүн, Хүй долоон худаг дахь урлаг, соёлын цэнгүүн, уран зургийн үзэсгэлэн зэрэг уламжлалт арга хэмжээ болохоос гадна Гурван баритоны концерт зохион байгуулах аж.

Наадмаар үйл ажиллагаа явуулах нийтийн хоол, худалдаа үйлчилгээний тусгай зөвшөөрлийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар өгдөг байхаар шийдвэрлэжээ. Мөн хоолны эрүүл, аюулгүй байдалд хяналт тавихад онцгой анхаарч ажиллахаа салбар хорооны дарга мэдэгдэв.

Хуралдааны үеэр Шадар сайд “Шинэ Ерөнхийлөгч долдугаар сарын 10-ны өдөр тангараг өргөнө. Мөн өдөр Төрийн далбааны өдрийн арга хэмжээ, цэргийн парад болдог учир наадам эхэлсэнтэй адил өдөр болно. Тиймээс баяр наадмын хөтөлбөрийг зургаадугаар сарын 20-ны өдөр гэхэд бэлэн болгохыг Баяр наадам зохион байгуулах комиссынхонд үүрэг болголоо.

Баярын үеэр иргэдийн амгалан тайван байдлыг хангахаар 86 заалт бүхий хамгаалалтын төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгаа аж. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоох аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцсөнөөр 1660 машины зогсоол гаргахаар болсон бөгөөд наадамчин олон А-гаас У хүртэлх зэрэглэл бүхий зөвшөөрөл авч, наадмын талбайн ойролцоо машинаа тавих боломжтой аж. Хүй долоон худагт 5100 машины зогсоол гаргасан. Баярын үеэр том оврын 702 автобус иргэдэд үйлчилнэ.Хүй долоон худаг руу Рэйлбус үйлчилнэ” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол хүү Германы “Чик” кинонд тогложээ

Монсудар хэвлэлийн газраас дэлхийн олон улс орны өсвөр насны хүүхдүүдэд уншихыг зөвлөдөг “Чик” хэмээх зохиолыг монгол хэл дээр хэвлэн гаргажээ. Уг номд Майк, Чик гэх хоёр хүүгийн сонирхолтой адал явдалтай аяллын тухай гардаг аж.

Дунд сургуулийн сурагчдад тулгамддаг асуудлууд, шохоорхол, нөхөрлөл зэрэг тойрч гарах аргагүй хамгийн чухал бүхэн тусгагдсанаас гадна өсвөр насны хүүхдүүдийн сэтгэлзүйг хамгийн чадамгай дүрсэлсэн энэ романаар Германд ижил нэртэй кино хийгдсэн ажээ.

Сонирхолтой нь “Чик” киноны гол дүрд монгол жүжигчин Б.Ананд тоглосон бөгөөд тэрээр тун удахгүй Монголд ирэх юм байна.

Үүнтэй холбогдуулсан Монсудар хэвлэлийн газар Гёте институт хамтран энэ сарын 7-ны 18 цагаас Интерномын төв салбарт “Чик” номын танилцуулга хэлэлцүүлгийг хийх ажээ. Уг хэлэлцүүлэгт киноны гол дүрийн жүжигчин Б.Ананд хүрэлцэн ирж сонирхолтой ярилцлага өрнүүлэх бол 6-р сарын 9-нд “Чик” кино монгол үзэгчдийн хүртээл болох аж.

Ном, кино сонирхогч та бүхэн уг арга хэмжээнд нэгдэж сонирхсон асуултандаа хариулт аваарай.

Хэзээ: 2017-06-07-нд, 18 цагаас
Хаана: Internom Bookstore-ын төв салбарт