Categories
мэдээ нийгэм

“НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛ – 2020” дэд хөтөлбөр батлагдлаа

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны тавдугаар сарын 30-ны өдрийн 81 дүгээр тогтоолоор “Нийслэлийн боловсрол-2020” дэд хөтөлбөр батлагдлаа. Хөтөлбөрийн үндэслэл, хэрэгцээ, шаардлагыг тодорхойлохын тулд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн ЕБС, СӨББ, насан туршийн боловсролын төвийн удирдлага, багш нарын 97,3 хувийг хамруулсан нээлттэй хэлэлцүүлэг, Стратеги академи, нийслэлийн Боловсролын газраас хамтран 2016-2017 оны хичээлийн жилд зохион байгуулсан түүвэрчилсэн судалгааны нэгдсэн дүн, дүгнэлт, зөвлөмж, нийслэлийн Боловсролын газрын даргын А/91 тушаалаар батлагдсан ажлын хэсгийн СӨБ, бага, дунд боловсролын өнөөгийн байдалд хийсэн “SWOT” шинжилгээний тайлан, боловсролын салбарт эрх зүйн шинэчлэл хийх чиглэлээр зохион байгуулсан нээлттэй хэлэлцүүлгээс гарсан санал дүгнэлтийг хэлэлцэх ажлыг тус тус зохион байгуулсан болно.

“Нийслэлийн боловсрол-2020” дэд хөтөлбөр нь сургалтын орчин, чадварлаг боловсон хүчин, боловсролын чанартай үйлчилгээ гэсэн 3 чиглэл, 5 зорилтын хүрээнд 63 ажил үйлчилгээг хэрэгжүүлэх юм.

Дэд хөтөлбөр нь:

  • Хавсралт 1: Хөгжлийн бодлогын баримт бичгүүдийн уялдаа
  • Хавсралт 2: Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн хэмжээ, санхүүжилтийн эх үүсвэр
  • Хавсралт 3: Хэлэлцүүлгийн саналын багц товъёог
  • Хавсралт 4: Нөлөөллийн урьдчилсан үнэлгээ
  • Хавсралт 5: Шалгуур үзүүлэлтийн хүснэгт
  • Хавсралт 6: Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө

зэргээс бүрдэх бөгөөд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын 225 сургууль, 623 цэцэрлэг, 8 насан туршийн боловсролын төвүүдийг хамран хэрэгжинэ.

“Нийслэлийн боловсрол – 2020” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлснээр:

  • Нийслэлийн бүх сургууль 2 ээлжинд бүрэн шилжиж, сургуулийн өмнөх боловсролд хамрагдалтын хувь эрс нэмэгдэнэ. “Нийслэлийн сургууль”, “Нийслэлийн цэцэрлэг” жишиг шалгуур үзүүлэлттэй болж сургуульд “Монгол зан заншил, соёлын төв”, цэцэрлэгт “Эцэг эхэд зөвлөгөө өгөх төв” байгуулагдана.
  • Багш, боловсролын ажилтны мэргэжил, ур чадвар, ёс зүйн хандлагыг сайжруулахад дэд хөтөлбөрийн зорилго чиглэгдэнэ. Мэргэжлийн зэрэгтэй багшийн эзлэх хувийг нэмэгдүүлж, 100% мэргэжлийн багшаар хангана. Багшийн ёс зүйн чиглэлээр сургалт зохион байгуулж, зөвлөмж гаргана. Нийслэлийн багшийн эрхэмлэх зүйлийг түгээн дэлгэрүүлнэ. Гадаадад мэргэжил дээшлүүлэх, олон улсын шилдэг мэргэжилтнийг урих, олон улсын байгууллагатай хамтын ажиллагааг өргөжүүлэх, багш солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх замаар удирдах ажилтны мэргэжил, ур чадварыг дээшлүүлнэ.
  • Тусгай хэрэгцээт боловсролын төв байгуулж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулж, тусгай хэрэгцээт боловсролын чанар хүртээмжийг сайжруулна.
  • Мөн ЕБС-ийн байршил, бүтэц хэв шинжийг боловсронгуй болгох замаар сургуулийн хүртээмж, орчин нөхцөлийг сайжруулна.
  • Сургууль цэцэрлэг бүрээр судалгаа гарган, гэрэлтүүлэг, гарц, гэрлэн дохио, камер, хурд сааруулагчтай болгож, хүүхдийг зам тээврийн осол, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлнэ.
  • Төрийн өмчийн цэцэрлэгийн элсэлтийг цахим системд шилжүүлнэ. Цэцэрлэгийн хүнсний цахим захиалгын систем нэвтрүүлж, хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлт, хадгалалтын тогтолцоог боловсронгуй болгоно.
  • Олон улсын хөтөлбөрт сургуулийн тоо нэмэгдүүлж, ЕБС-уудад “Ухаалаг анги” кабинет, лаборатори, робот, тоног төхөөрөмж цахим болон сургалтын хэрэглэгдэхүүний хүртээмжийг сайжруулна.
  • Боловсролын удирдлага, багш сурагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, хөдөлгөөнт эрүүл амьдралын хандлагыг төлөвшүүлнэ. Монгол ахуй, үндэсний бахархал, эх түүх соёл уламжлалаа түгээн дэлгэрүүлэх замаар хүүхэд багачуудын хүмүүжил төлөвшлийг дэмжсэн нэгдсэн аян өрнүүлнэ.

НИТХ-ын дарга Ц.Сандуй “Нийслэлийн боловсрол–2020” хөтөлбөрийг баталснаар нийслэлийн иргэдийн хүсэн хүлээж буй боловсролын чанартай, хүртээмжтэй үйлчилгээг шуурхай хүргэх бодлогын баримт бичигтэй болж байгаа бөгөөд эн тэргүүнд захын хорооллын сургууль, цэцэрлэгийн хөрөнгө оруулалт, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил, хамгаалал, боловсролын салбарын багш ажилтнуудын хариуцлага, багш нарын хөгжил, нийгмийн хамгааллын асуудалд онцгой анхаарал хандуулан ажиллах болно” хэмээн онцлов гэж нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатар Авто Шоу 2017” өнөөдөр үргэлжилнэ

Монголын автомашины салбарын чиг хандлага, дэлхийн шилдэг автомашины брэндүүдийн 2017 оны цоо шинэ загвар, салбарын тэргүүлэх байгууллагуудын бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулдаг Улаанбаатар Авто Шоу 2017 Мишээл Экспо төвд 2 дахь өдрөө үргэлжилнэ.

Нийслэл хотоороо овоглосон 3 дахь удаагийн үзэсгэлэнд Монголын Автомашины Дистрибьюторуудын Ассоциаци ТББ-н гишүүн компаниудын албан ёсны эрхтэйгээр борлуулдаг бүх брэндүүд буюу

  • Форд, Лэнд Ровэр /Вагнер Ази Автомотив ХХК/
  • Киа /Киа Моторс Монгол ХХК /
  • Ниссан /Моннис Моторс ХХК /
  • Хьюндай /Монгол Хьюндай Автомотив ХХК/
  • Тоёота /Мөнххада ХХК болон Таванбогд ХХК/
  • Жийп, Мерседес Бэнц /МСМ Групп ХХК/
  • Фотон, Боргвард /Оч Моторс ХХК/
  • Порше /Порше Улаанбаатар төв/
  • Шевролет /Номин Моторс ХХК/ брэндүүд нэгдэн шинэ оны шилдэг загваруудаа танилцуулж байна.

Түүнчлэн адал явдалт бартаат замын аялал сонирхогчдод Can-Am брэнд нэрийн хуудас болсон 4-н дугуйтаа танилцуулж байгаа бол салбарын бусад үйлчилгээний хувьд:

  • Банк санхүү – Хаан банк, Хас Лизинг оролцож санхүүгийн түрээсийн үйлчилгээг газар дээр нь шийдвэрлэх нөхцлийг бүрдүүлэн зөвлөгөө өгнө.
  • Тос тосолгоо авто хими, авто арчилгаа – Францын Total, ХБНГУ-ын Liqui Moly, ОХУ-н Газпромнефть, авто арчилгааны Gras, Lavr зэрэг бүрэндээс өөрийн автомашинд тохирох бүтээгдэхүүнийг сонгох боломжтой.
  • Авто гоёл, нэмэлт тоноглол – Япон улсын автомашины тоноглол үйлдвэрлэгч Wald брэнд оролцох бол бидний эртний танил ARB, автомашины салоныг тансаг болгон тохижуулах үйлчилгээ үзүүлж буй GerLuxe Motors, хамгаалалтын болон гоёлын хуулганы салбарт тэргүүлэгч Авто Граф, Германы цорын ганц шилний хамгаалалтын хуулга үйлдвэрлэгч Haverkamp брэнд нэгдсэн.
  • Авто электроник, сэлбэг хэрэгсэл – Таны автомашины зүрхийг халаах Defa, урагшлах замыг тань тод гэрэлтүүлэх Philips, авто аялалын турш сонор сэрэмжтэй байлгах автомашины хар хайрцаг HiBox, ХБНГУ-ын өндөр чанарын амортизатор Bilstein, Австрали Улсын хамгийн шилдэг яндангийн систем үйлдвэрлэгч Manta брэндүүдтэй танилцана.

ВИДЕО:

Мөн зохион байгуулагчдын зүгээс дараах үйлчилгээг танд санал болгож байна. Үүнд:

  • Үйлчилгээ: Нийслэлийн Татварын Газраас хуулийн хугацаандаа буюу 2017.05.31-ны өдрийн дотор тээврийн хэрэгслийн татвараа төлж амжаагүй жолооч нарт зориулан зөвхөн үзэсгэлэнгийн өдрүүдэд татвараа төлөх боломжийг олгоно. Мөн Автотээврийн Үндэсний Төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн цэг ажиллаж байгаа тул хэрэгцээт үйлчилгээгээ авах боломжтой.
  • Хөнгөлөлтийн эрх: Үзэсгэлэнгийн тасалбар бүрт “МАДА” ТББ-ын гишүүн байгууллагуудын аль ч засварын төвд тохирох брэндийн автомашиндаа нэг удаа 10%-ийн хөнгөлөлттэй үнээр компьютер оношлогоо хийлгэх эрх дагалдана.
  • Нийгмийн хариуцлага: Таны тасалбар худалдан авсан үнийн дүнгийн тодорхой хувь нь хүүхэд багачуудын төлөө сайн үйлс бүтээж буй “Лантуун Дохио” ТББ-ын “Ид Шидийн Орон” төсөлд хандивлагдах болно.

Урин дулаан, аялал зугаалгын улирал ирж байгаа энэ цагт автомашиныхаа бэлтгэлийг нэг доороос базаах сайхан боломж олдож байгаа тул Мишээл Экспо төвд 06-р сарын 02-04-ны өдрүүдэд зохион байгуулагдах Улаанбаатар Авто Шоу 2017-г үзэж сонирхохыг урьж байна. Нээлтийн үйл ажиллагаагаа өнөөдөр буюу 2017.06.03-ны өдрийн 13.00 цагаас болно.

Categories
мэдээ нийгэм

ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр эдийн засгийн төлөв байдал сайжирна гэсэн хүлээлттэй байна

ОУВС зурган илэрцүүдМонголбанкнаас ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн талаарх түүвэр судалгаа иргэдээс авчээ. Бид уг судалгааны тайланг Монголбанкнаас авч иргэд хөтөлбөр болон татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн асуудлаар ямар байр суурь, хүлээлттэй байгааг сонирхлоо.

2017 оны дөрөвдүгээр сарын 3-наас 7-ны өдрүүдэд Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн нийт 149 иргэнийг санамсаргүй түүврийн аргаар сонгож, судалгаа авсан байна. Судалгаанд оролцсон иргэдийн 60 хувь нь эмэгтэй, 40 хувь эрэгтэй бөгөөд насны байдлаар нь авч үзвэл:

  • 9 хувь нь 18-25,
  • 38 хувь нь 26-35,
  • 32 хувь нь 36-45,
  • 17 хувь нь 46-55,
  • 5 хувь нь 56-аас дээш гэсэн насны ангилалд хамрагдаж байна.

Ингээд судалгааны үр дүнтэй танилцана уу.

Санал асуулгын дүнгээр судалгаанд оролцогчдын 64 хувь нь ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зөв, 11 хувь нь буруу гэсэн бол 25 хувь нь мэдэхгүй гэж хариулжээ. Эндээс харахад иргэд ОУВС-ын хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг дэмжиж байгаа нь харагдаж байна. Спиртлэг ундааны татвар нэмэхийг судалгаанд хамрагдсан иргэдийн дийлэнх буюу 83 хувь дэмжсэн бол 12 орчим хувь нь эсрэг саналтай байна

Судалгаанд оролцсон иргэдийн дийлэнх буюу 87хувь нь тамхины татварыг нэмэх нь зүйтэй, 9 хувь нь нэмэх шаардлагагүй гэсэн бол 3 хувь нь мэдэхгүй гэсэн хариултыг өгчээ. Хүн амын орлогын албан татвар (ХАОАТ)-ыг 5 шатлалтай болгохыг судалгаанд оролцогчдын тал орчим хувь буюу 49 хувь нь дэмжсэн бол 29 хувь нь уг татварыг нэмэх нь буруу гэж үзсэн байна.

Өндөр орлоготой иргэдээс их татвар авахыг судалгаанд хамрагдсан иргэдийн 71 хувь нь дэмжсэн бол 21 хувь нь эсрэг саналтай байна. Мөн түүнчлэн бага орлоготой иргэдээс бага татвар авах нь зүйтэй гэж судалгаанд оролцсон иргэдийн 72 хувь нь хариулжээ.

Хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтод бүлэг (хамгийн бага орлоготой 40%)-ийн хүүхдүүдэд олгохыг судалгаанд оролцсон иргэдийн 40 хувь нь дэмжсэн бол талаас илүү буюу 57 хувь нь эсрэг саналтай байгаагаа илэрхийлжээ. Хэмнэгдсэн мөнгийг хүнсний талон болгож ядуу гэр бүлд олгохыг судалгаанд оролцсон иргэдийн 58 хувь нь дэмжсэн байна.

Жийп машины онцгой албан татварыг нэмэгдүүлэхийг санал асуулгад оролцсон иргэдийн олонх буюу 65 хувь нь дэмжсэн бол 22 хувь нь дэмжээгүй байна. Судалгаанд хамрагдсан иргэдийн талаас илүү буюу 58 хувь нь хос хөдөлгүүрт автомашины татварын хөнгөлөлтийг цуцлах нь буруу гэж хариулжээ.

Судалгаанд хамрагдсан иргэдийн дийлэнх буюу 85 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл (НДШ)-ийг нэмэгдүүлэх шийдвэрийг эрс эсэргүүцсэн байна. Мөн тэтгэврийн насыг нэмэгдүүлэх нь буруу гэж судалгаанд оролцогчдын 58 хувь нь хариулжээ.

Шатахууны онцгой албан татварын хөнгөлөлтийг хүчингүй болгох, хадгаламжийн хүүний орлогоос татвар авах саналыг судалгаанд оролцсон иргэдийн ихэнх нь дэмжээгүй байна.

Санал асуулгад оролцсон иргэдийн 41 хувь нь ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр эдийн засгийн төлөв байдал сайжирна гэсэн эерэг хүлээлттэй байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Улс Евразийн эдийн засгийн зөвлөлтэй чөлөөт худалдааны гэрээ байгуулахад бэлэн

Петербургийн олон улсын эдийн засгийн форумд оролцож буй Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр Евразийн эдийн засгийн комиссын тэргүүн Тигран Саркисянтай уулзалт хийжээ. Тэрээр уулзалтын үеэр, хэд, хэдэн чухал асуудлыг хөндөж ярилцсан байна.

Тухайлбал, хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдааны харилцаанд учирч буй саад бэрхшээлийг арилгах тал дээр хамтарч ажиллахын төлөө байгаагаа илэрхийлсэн байна. Мөн Евразийн эдийн засгийн зөвлөлтэй чөлөөт худалдааны бүс байгуулах гэрээ байгуулахад бэлэн гээд энэ асуудлыг судлуулахаар хамтарсан ажлын хэсэг гаргах саналыг Тигран Саркисянд тавьжээ. Түүнээс гадна БНХАУ-МОНГОЛ-ОХУ-ын нутгаар дайрсан тээвэр, ложистикийн сүлжээг байгуулах нь хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх том боломж гэж харж байгаагаа илэрхийлсэн байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ХЭЛЭХ ЭРХИЙН ИНДЭР: Нийслэлийг нүүлгэх асуудлаар миний бодол

СБД-ийн ахмад настан Р.Намсрай

Манай улсын хувьд нийслэлээ нүүлгэж өөр газар байгуулалх зайлшгүй шаардлагатай. Энэ янзаараа байвал тун удахгүй Монголын бат

хүн амын 70-80 хувь нь Улаанбаатар хотод төвлөрөхөөр байна. Улаанбаатар хотын хувьд оршин суугчдын тоог энэ хэмжээнд нь барьж, хөрсний бохирдол, утаа, цэвэрлэх байгууламжийн асуудлуудаа шийдэн дэлхийн жишигт нийцсэн, хүмүүс оршин суухад таатай эко хот болох ёстой. Нийслэлээ өөр тохиромжтой газар нүүлгэж шилжүүлсэнээр Улаанбаатарын төвлөрлийг сааруулж, хоёр дахь том хоттой болж, улс орноо тогтвортой хөгжүүлэх боломж дээшилнэ. Орон нутагт хөрөнгө оруулалт нэмэгдэж, үйлдвэр аж ахуйн газрууд олноор баригдаж, хүмүүсийн амьдрах орчин сайжирсан тохиолдолд ч Улаанбаатар нийслэл хэвээрээ байх юм бол хүн амын өсөлт нь улсын дундчаас хэзээд өндөр байх юм. Өмнөд Солонгосоор жишээ авахад тус улсын хүн амын тоо 40 сая, тэдний 20 сая нь нийслэл Сөүл хотод оршин суудаг. Ядахдаа Сөүл нь үргэлж зэвсгээр занал хийж байдаг Хойд Солонгосын хилийн хажууханд байдаг учир толгойгоо өвтгөх асуудал ихтэй. Хэдийгээр Өмнөд Солонгос улс нь суурин соёл иргэншилтэй, сүүлийн цөөхөн жилийн дотор гайхамшигтай бүтээн байгуулалт хийж хөгжлийн өндөр түвшинд хүрсэн орон хэдий ч хүн амын хагас нь нийслэлдээ шавааралдан сууж байна. Хүн ам цөөхөнтэй манайх шиг орны хувьд хүн амын олонх нь нэг газар бөөгнөрөн суух нь үндэсний аюулгүй байдлын хувьд байж болошгүй асуудал юм. Муугаар бодоход хэн нэгэн дайсан, террорист санаатай санамсаргүйгээр цөмийн бөмбөг Улаанбаатар хотод хаяхад Монгол Улс мөхөхөөр ийм эмзэг байдалтай байна. Одоогоор улс орны эдийн засгийн байдал хүнд, боломж муу байгаа ч гэсэн хүсэл байвал эрдэмтэн мэргэжилтнүүдийн дунд хэлэлцүүлэг явуулах, тооцоо судалгааг хийх, шийдэх зэрэг ажлыг яаралтай эхлүүлэх шаардлагатай гэж бодож байна.

“Өдрийн сонин”-ы “Хэлэх эрхийн индэр“-т оролцон үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл 99650208 дугаарын утсаар холбоо барина уу.

Тэмдэглэл хөтөлсөн Э.МӨНХТҮВШИН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Усан спортод дурлах олон шалтгаан

Усан спорт зурган илэрцүүд

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага усанд живж амиа алдах явдлыг санамсаргүй бөгөөд хамгийн түгээмэл нас баралтаар нэрлэжээ. 8942 тохиолдолд нэг хүн энддэг гэсэн магадлал хүртэл гаргачихаж.

Монголчуудын хувьд ч ялгаагүй, золгүйгээр нас баралтын нэг том шалтгаанд гол ус багтдаг. Түрүү жилийн наймдугаар сард лав ОБЕГ-ынхан “Он гарсаар дал гаруй хүн усанд осолдож амиа алдлаа” гэсэн мэдээлэл өгч байсан. Жил хүрэхгүй хугацаанд хэдэн арваараа усанд осолдоно гэдэг харамсалтай хэрэг. Усанд живж амиа алдагдсдын тоо дэлхийд өндөр гараад байгаа нь манайх шиг олноороо усанд сэлж сураагүй үндэстнээс үүддэг гэж ДЭМБ зүгээр ч нэг тодотгодоггүй. Далайн орны, хар багаасаа усанд сэлж өссөн хүмүүс барагтай л бол усанд эндэхгүй нь хэнд ч тодорхой зүйл. Уснаас үүдсэн аюулыг багасгах арга уг нь тун энгийн л дээ. Гол уснаас хол, суурингийн улс хүүхдүүдээ багаас нь усан спортоор хичээллүүлж, ядаж сэлээд сургачихмаар байгаа юм. Усан спортоор хичээллэсэн хүүхдүүд усанд загас шиг болохоос гадна эрүүл чийрэг залуус болж өсч өндийх сайн талтай. Усанд сэлэх нь биеийн хэлбэр галбир засч, зүрхний булчингийн үйл ажиллагааг сайжруулж, хүчилтөрөгчийг булчингуудад тарааж, цусны эргэлтийн системийг сайжруулдаг болохыг анагаах ухаан аль хэдийнэ баталчихсан. Хуучны цаг шиг “Хаана усанд сэлэх вэ” гэж гомдоллох шалтаг үнэндээ алга.

Нийслэлд дор хаяж 20 бассейн идэвхтэй ажилладаг гэсэн статистик бий. Наад зах нь дүүрэг бүр бассейнтай болсон шүү дээ.


Categories
мэдээ цаг-үе

Ерөнхийлөгчийн сонгууль ирцдээ хүрэхгүй бол дахина

Ерөнхийлөгчийн сонгууль зурган илэрцүүдМонгол Улсын 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль ирэх зургадугаар сарын 26-ны өдөр болно. Гадаадад байгаа монголчуудын санал өгөх хүсэлтийн бүртгэл энэ тавдугаар сарын 1-нээс эхлээд 20-ны өдрийн 18:00 цагт дуусгавар болсон. Ингээд гадаадад байгаа монголчууд зургадугаар сарын 10, 11-нд саналаа өгнө. Урьдчилж саналаа өгсөн хэдий ч санал тоолох ажиллагааг зургадугаар сарын 26-ны өдрийн 22.00 цагт явуулна. Сонгуулийн ерөнхий хорооноос Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд МАН-аас М.Энхболд, АН-аас Х.Баттулга, МАХН-аас С.Ганбаатар нарын нэр дэвших хүсэлтийг энэ сарын 17-ны дотор хүлээн авч нэр дэвшихээр болсныг нь албан ёсоор зарласан байгаа. Нэр дэвшигчдийг СЕХ-нд албан ёсоор бүртгүүлсэн өдрөөс эхлэн төрийн тусгай хамгаалалтад авдаг. Одоо нэр дэвшигч солигдох нэг хуулийн заалт бий. Энэ нь зайлшгүй тохиолдолд буюу нэр дэвшигч нас нөгчсөн, эсвэл шүүхээр ял шийтгүүлсэн тохиолдолд тавдугаар сарын 27-ны дотор нөхөн нэр дэвшүүлж болно. Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн үнэмлэхийг энэ сарын 27-ны өдөр албан ёсоор гардуулна. Энэ тавдугаар сар бол нэр дэвшигчдийг бүртгэх ажиллагаа үндсэндээ явагдаад дуусдаг. Зургадугаар сард болохоор сонгуулийн сурталчилгаа, саналын хуудас хэвлүүлэх, техник хэрэгслийг хүргүүлэх, санал авах, дүн мэдээ гаргах зэрэг ажиллагаа хийгдэнэ. Сонгуулийн сурталчилгаа зургадугаар сарын 6-ны өдрөөс эхэлнэ. Энэ өдрөөс хойш нэр дэвшигчид сонгогч нартайгаа уулзалт хийж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр албан ёсны сурталчилгаагаа гаргаж эхэлнэ. Сонгуулийн сурталчилгаа дуусах хугацаа сонгууль явагдах өдрөөс 24 цагийн өмнө буюу зургадугаар сарын 24-ний өдөр дуусгавар болно. Ерөнхийлөгчийн сонгуулийн хувьд сурталчилгаа явуулах 18 өдөр байгаа нь харьцангүй богино хугацаа. УИХ-ын 2016 оны сонгуулийн тухайд можаритор буюу жижиглэсэн тойрогт сонгууль явагдсан учраас дээрх заасан хугацаа цөөдөөгүй байсан бол одоо бүхэл бүтэн Монгол Улсын хэмжээнд нэр дэвшигч мөрийн хөтөлбөрөө таниулахад хангалттай хугацаа биш юм. Ядаж 21 аймгаараа бүтэн тойрч амжихгүй хугацаа гэж яригдаж байна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн зардалд зарцуулах мөнгөний дээд хэмжээг хуулиар тогтоосон байгаа. Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох нам, эвсэл 6.8 тэрбум төгрөг, нэр дэвшигч 3.9 тэрбум төгрөг зарцуулах боломжтой. Нэр дэвшигч сонгуульд оролцохдоо хандив авч болно гэж заасан. Энэ нь мөнгөн ба мөнгөн бус хэлбэртэй байх бөгөөд иргэн гурван сая төгрөг хүртэл, хуулийн этгээд 15 сая төгрөг хүртэл хандив өгөхийг хуулиар зөвшөөрдөг. Мөнгөн бус хандивт хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг үнэ төлбөргүй ашиглуулах, эзэмшүүлэх үнэ төлбөргүй үйлчилгээ хамаарна.

Одоогоор сонгуулийг зохион байгуулах аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороо, сум, дүүргийн 339 сонгуулийн хороо, нийт 2078 хэсэг байгуулагдаад байна. Санал авах ажиллагааг бидний нэрлэж заншсанаар “хар машин”-аар буюу “New Im­age cast” нэртэй төхөөрөмжийг уншуулж санал авна. Нийт мэдээллийн технологийн 30 багт 140-өөд хүн сонгуулийн автоматжуулсан системийн ашиглалтыг хариуцан ажиллах ажээ. Хэрэв сонгуулийн ирц хүрээгүй бол дахин сонгууль явах уу, үгүй юү гэдэг нь анхаарал татдаг. Хуулийн заалтаас харахад нэр дэвшигч нь Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн санал авч байж сонгогдохооор заасан. Энэ нь ирц 50 хувиас дээш байж сонгууль хүчинтэйд тооцогдоно гэсэн үг. Хэрэв нэр дэвшигчдийн хэн нь ч олонхийн санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүнийг дахин санал хураалтад оролцуулна гэж Үндсэн хуульд заажээ. Ийм учраас аль нэг нэр дэвшигч нь заавал олонхийн санал авч байж сонгогдох нь. Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг СЕХ-ны төв серверээс шууд дамжуулан сонгуулийн дүнг орон даяар онлайнаар шууд дамжуулан үзүүлэх юм байна. Дашрамд дурдахад Европийн аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудаас 24 ажиглагч манай улсын сонгуулийг ажиглахаар ирэх юм байна. Энэ нь Монгол Улсын сонгуулийн үйл ажиллагаанд итгэх олон нийтийн болон гадаадын улс орнуудын итгэлийг нэмэгдүүлэх, цаашид сонгуулийн үйл ажиллагааг улам боловсронгуй болгон сайжруулахад үнэлгээ, зөвлөмж хувь нэмрээ оруулна гэж үздэг юм байна.


Categories
мэдээ цаг-үе

Ж.Батбаясгалан: Төсвийн хөрөнгөөр янз бүрийн зуух авч тараахгүй гэдгийг хэлье

Холбоотой Зураг

Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдол хариуцсан орлогч Ж.Батбаясгалантай ярилцлаа.


-НИТХ-аар“Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 5-9 дүгээр сард хэрэгжүүлэх үйл ажиллагааны тусгай төлөвлөгөө”-г баталлаа. Энэ хугацаанд ямар ажлууд хийгдэх вэ?

-“Агаар орчны бохирдлыг бууруулах” үндэсний хөтөлбөрийг өнгөрсөн гуравдугаар сарын 20-ны өдөр баталсан. Сүүлийн 20 гаруй жил агаарын бохирдлын асуудпыг Монголын төр ярьж, маш их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулсан. Гэхдээ өнөөдрийг хүртэл энэхүү асуудал Үндэсний хөтөлбөргүй буюу стратегигүй явж ирсэн.Тиймээс анх удаа Үндэсний хөтөлбөр боловсруулсан.Үндэсний хөтөлбөрийн хүрээнд НИТХ-аас зуны болоод дулааны улиралд сэрүүний улирал хүртэлх бэлтгэл ажлын шуурхай төлөвлөгөөг гарган ажиллаж байна. Энэ нь 2017-2018 онд агаарын бохирдол ид байх үеийн бэлтгэл ажлыг ханган ажиллах төлөвлөгөө юм. Өнөөдөр эдийн засгийн нөхцөл байдал бодитоор оршин байгаа хөрсний бохирдол, агаарын бохирдлыг бууруулахад хаанаа ч үгүй байна. Нийслэлд нийт 220 мянган өрх төвийн болоод дэд бүтцийн шугам сүлжээнд холбогдоогүй байгаа. Түүхий нүүрсний хэрэглээ асар өндөр байна. Агаарын бохирдлын гол эх үүсвэрт хүн амын хэт төвлөрөл, автомашины хэрэглээ, дулааны цахилгаан станцуудын утаа орж байна. Агаарын бохирдлын ид үе болох хүйтний улирал эхлэхээс өмнө бид нар яг юүг хийж чадах вэ гэдгийг нарийвчлан гаргасан төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Жишээлбэл, есдүгээр сарын 1-нээс өмнө агаарын бохирдлын гол бүсэд байгаа сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлгийн анги танхимд дотоод агаарын чанарыг хангах тусгай тоног төхөөрөмж байрлуулахад багахан байгаа төсвийнхөө хүрээнд анхаарч ажиллаж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч хэд хэдэн чухал шийдвэрүүдийг гаргасан.

-Гэр хорооллын айл өрхүүд зуухны шинэ стандарт мөрдөхөөр болжээ. Өмнө нь стандарт баталж, иргэдэд зуух олгох ажилд их хэмжээний хөрөнгө зарцуулсан. Гэтэл дахиад л шинэ стандартын зуух хэрэглэх болох нь. Үүнд хариулт өгнө үү?

-Дөрөвдүгээр сарын 1-нээс ахуйн хэрэглээний зуухны стандарт мөрдөгдөж эхэлсэн. Өмнөх стандарт нь зөвхөн халаалтыг шийдэх зорилготой байсан.

Одоогийн мөрдөх шинэ стандарт нь халаалт болон хоол хүнсээ бэлтгэх нөхцлийг хамтад нь шийдвэрлэсэн. Байгаль орчинд ээлтэй, бүрэн шаталтат, агаарт очих дэгдэмхий бодисыг бууруулах стандарт батлагдсан. Өмнөх Засгийн газрын үед захиалга өгөөд өөрчилсөн стандарт. Гэрээ яаж дулаалах, бохироо хаана хийх, хог хаягдлаа хаана хадгалах, зөөвөрлөх гэх зэрэг асуудал ямар ч стандартгүй явж ирсэн. Бага оврын буюу нүүрс түлдэг 3300 уурын зуух ажиллаж байгаа бөгөөд аж ахуйн нэгж, байгууллагуудад Монгол Улсын стандартад нийцүүлж ажиллахыг шаардаж байна. Ялангуяа хүйтэн сэрүүн бүсэд хамаардаг хотын хувьд түүхий нүүрсийг агаарт бага ялгаруулдаг технологи руу шилжүүлэх вэ зэрэгт анхаарч ажиллаж байна.

-Өнгөрсөн хугацаанд агаарын бохирдлыг бууруулахаар утаагүй зуухнаас эхлээд олон төсөл хэрэгжүүллээ. Гэтэл агаарын бохирдол буурсан үр дүн ажиглагдахгүй байна. Энэ жил агаарын бохирдлыг бууруулахад ямар асуудлыг голлон барьж ажиллах вэ?

-Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн гол чиглэл нь ногоон хөгжил, өндөр технологийг нэвтрүүлж агаарын бохирдолтой тэмцэх юм. Монгол Улсын их хурал Парисын хэлэлцээрийг баталлаа. Ингэснээр байгальд ээлтэй технологи хэрэглэсэн аливаа ажлыг дэмжье гэдэг дээр нэгдэж байгаа юм. Энэ нь агаарын бохирдлоос гадна хөрс, уур амьсгал гээд бүх асуудлыг цогцоор шийдвэрлэхэд түлхэц болох юм. Энэ чиглэл рүү бүх улс орнууд явж байгаа.Хоёр дахь том асуудал бол эрхзүйн орчин юм. Өнөөдөр нэг сая 300 мянган хүн нийслэлд ажиллаж, амьдарч байна.Үүн дээр нэмэгдээд оюутнууд, ажиллагсад, гадныхан гээд тооцохоор нэг сая 700-800 мянган хүн ажиллаж амьдарч байгаа. Гэтэл хүн амын талаас илүү хувь амьдарч буй нийслэлийн эрхзүйн статус нь 30-40 мянган хүн амьдардаг аймагтай ижил хэмжээнд байна.Ийм нөхцөлд агаарын бохирдол, хөрсний бохирдол гээд бүх л үйлчилгээ хүнд хүрч, бүрэн цогцоор хэрэгжиж чадахгүй.Тиймээс суурийг нь бүрэлдүүлье гэдэг дээр ярьж байна. Эрхзүйн орчноо шинэчлэх нь цаашаа ажил явуулахад, иргэдэд хүрэх үйлчилгээг ойртуулахад томоохон түлхэц, суурь болно гэж харж байгаа юм. Манай улс агаарын бохирдлыг бууруулах үндсэн стратегиа боловсруулж, төрийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоо сайжирч, нэгдсэн ойлголтод хүрч чадсан нь сайшаалтай.

-Өнгөрсөн жилүүдэд хэрэгжүүлж байсан утаагүй зуух, агаарын чанарын бүс гэх мэтчилэн төсөл, хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэх үү?

-Өмнөх багийн зөв ажлыг үргэлжлүүлнэ. Хэрвээ Монгол Улсын стандартыг буюу бүрэн шаталттай гал түлж байгаа айл болгон мөрдөж чадах юм бол 80 хүртэлх хувиар жижиг ширхэгт тоосонцрыг бууруулж чадна гэсэн шинжлэх ухааны байгууллагуудын судалгаа гарсан байна.

-Хотын дарга шилжилт хөдөлгөөний хязгаарласан шийдвэр гаргасан. Энэ шийдвэр ямар үр өгөөж өгч байна вэ?

-2018 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл шилжилт хөдөлгөөнийг зогсоосон. Агаар орчны бохирдол дээрдтэл шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авсан. Орон сууцанд амьдрах гэж байгаа бол нээлттэй. Харин яндан, нүхэн жорлон нэмэх гэж байгаа бол боломжгүй гэдэг утгаар хязгаарласан.

-Шөнийн тарифийг тэглэснээр агаарын бохирдол буурсан уу?

-Засгийн газраас шөнийн тарифыг тэглэх томоохон шийдвэрийг гаргасан.Өнөөдрийн байдлаар УБЦТСК-иас ирүүлсэн мэдээллээр 2.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг иргэддээ үзүүлжээ.

-Энэ жил агаарын бохирдлыг бууруулах ажилд хичнээн төгрөг зарцуулах вэ?

-Нийслэлийн төсөвт агаар, хөрсний бохирдлыг бууруулах ажилд нийтдээ 3.1 тэрбум төгрөгийг тусгасан. Өнөөдрийн байгаа бохирдолтой тэмцэхэд мөнгө бага хэдий ч бид үйл ажиллагааны боломж нөөцөө ашиглан олон ажил хийж болно. Нийслэл харьяа 96 байгууллага төлөвлөгөө гарган 18 дэд зорилт 100 гаруй ажлыг хийхээр өөрсдийнхөө чиг үүргийн дагуу ажиллаж байна.Агаарын бохирдолд дангаар нь мөнгө зарцуулахад учир дутагдалтай гэдгийг өмнө нь хэлсэн.Тиймээс энэ жилээс агаарын бохирдол үүсгэж буй бусад хүчин зүйлтэй хамтатгаж цогц байдлаар ажиллана.Агаарын бохирдлоос гадна гэр хорооллын дэд бүтцийг сайжруулах гэх мэтчилэн олон төсөл хөтөлбөр хэрэгжинэ. Энэ бүх ажлыг агаарын бохирдлын эсрэг хийж байна гэж ойлгох хэрэгтэй.

-Гэр хорооллынхон түүхий нүүрс түлж агаарыг их хэмжээгээр бохирдуулдаг учир орон сууцжуулах шаардлагатай гэж үздэг.Үүнийг хөтөлбөрт хэрхэн тусгасан бэ?

-Үндэсний хөтөлбөрт Монгол Улсын Засгийн газраас Барилга хот байгуулалтын яам, Эрчим хүчний яамтай хамтарч хийх ажлуудыг тусгасан. Нийслэлийн хүн амын 60 гаруй хувь нь гэр хороололд амьдарч байгаа бөгөөд тэд төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй орчинд амьдарч байна. Агаар орчны бохирдлын эх үүсвэрийн хамгийн том шалтгаан энэ юм. Орон сууцжуулах талаар ярихаар дэд бүтцийн асуудал давхар хөндөгддөг. Бид төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд түшиглэж, олон улсын байгууллагууд, зарим улс оронтой хийсэн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд томоохон ажлууд хийнэ. Тухайлбал, Баянхошуу, Сэлбэ дэд төвийн ажил нэлээд эрчимтэй явж байна. Олон эх үүсвэрээс хөрөнгийн асуудлыг шийдэж хэрэгжүүлж буй ажил. Гэр хорооллын орчны бохирдлыг бууруулах, дэд бүтцэд хэсэгчилж холбох зорилт дэвшүүлж байгаа. Хамгийн их хөрөнгө оруулалт хийж байгаа хэсгүүдээ төвийн дулаанд холбохоор болсон. Баянхошууг төвийн системд холбохоор том оврын 20 гаруй зуух төвийн системд давхар холбогдчихно. Үндэсний хөтөлбөрт инженерийн дэд бүтцийн чиглэлээр бичил дэд төвийн тоог нэмэгдүүлэх, инженерийн шугам сүлжээнд холбогдох боломжийг гэр хорооллын өрхүүдэд олгох ажлыг тусгасан.

-Аж үйлдвэр, технологийн паркийг хөгжүүлэх тухай яригдаад байгаа. Ямар ажлууд хийгдэж байна?

-Нийслэлийн хэмжээнд Багануурын үйлдвэр технологийн парк, Эмээлтийн аж үйлдвэр технологийн парк, Налайхын барилгын материал үйлдвэрлэл түүнийг ложистикийн төвтэй нийлүүлэх гэсэн үндсэн гурван нэгж ажиллаж байгаа. Эдийн засгийн нөхцөл байдлаас хамаараад дэд бүтцийн зарим хэсгийг хэрэгжүүлээд байна. Аж үйлдвэр технологийн паркийг төр, хувийн хэвшлийн хамтын дэмжлэгээр хийх нь зүйтэй гэж үзэж байгаа.Зөвхөн Эмээлтийн үйлдвэр технологийн паркийн ТЭЗҮ-ээс харахад 10 мянган ажпын байр бий болохоор тооцоо харагдаж байна. Эдийн засгийг тогтвортой, аж ахуйн нэгж иргэдийг орлоготой байлгах, агаар, орчны бохирдлыг бууруулахад ихээхэн нөлөөтэй ажил болно.

-Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих асуудал юу болсон бэ?

-Энэ 2017 оноос цэвэрлэх байгууламжийн ажлыг эхлүүлнэ.

Б.ДОЛЗОДМАА

Categories
мэдээ цаг-үе

Л.Ганболд: Гахайнд зүрх шилжүүлэн суулгах мэс заслыг бид шат дараатай хийнэ

Улсын нэгдүгээр төв эмнэлэгт эрхтэн болон үүдэл эс шилжүүлэн суулгах өндөр технологийг нутагшуулах хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Энэ удаа тус эмнэлгийн эмч нар амьтанд зүрх шилжүүлэн суулгах туршилтын мэс засал хийжээ. Академич Н.Баасанжаваар удирдуулсан туршилтын мэс заслыг цаашид үргэлжлүүлэн хийх юм байна. Одоогоор Улсын нэгдүгээр төв эмнэлэг амьгүй донороос гурван хүнд нэгэн зэрэг эрхтэн шилжүүлэн суулгах түвшинд хүрээд байгаа аж. Гэхдээ одоогоор эрхтний донорын асуудлыг дэмжих иргэдийн оролцоо чухал байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, донорын тухай хуулиар амьд болон амьгүй донороос эд, эрхтэн авч болохыг зөвшөөрсөн ч монголчуудын сүсэг бишрэлээс шалтгаалан эрхтэн шилжүүлэн суулгах үйлчилгээ төдийлөн хөгжиж чадахгүй байгаа гэж ойлгож болох нь.

Амьтнаас эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд оролцсон Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эрхтэн шилжүүлэн суулгах багийн гишүүн, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Мэдээгүйжүүлэг судлалын тэнхимийн эрхлэгч, профессор Л.Ганболдтой ярилцлаа.


-Улсын нэгдүгээр төв эмнэлэгт өнгөрөгч долоо хоногт манай улсад анх удаа амьтанд зүрх шилжүүлэн суулгах туршилтын мэс заслыг хийжээ. Та энэ хагалгаанд ямар үүрэг гүйцэтгэв?

-Миний хувьд гахайг унтуулах, зохиомол амьсгал хийх, хүчилтөрөгчийн хангамж, цусны эргэлтийг хэвийн байлгах үүрэгтэй ажилласан. Олон улсын хуулиар гахайн дээр туршилтын хагалгаа хийхийг зөвшөөрсөн байдаг. Гэхдээ туршилт хийхдээ амьтныг өвтгөхгүй, зовоохгүй байх ёстой. Энэ дагуу бид хүнд хэрэглэдэг аргаар булчинг нь суллаад, зохиомол амьсгал хийсэн.

-Мэс заслын баг хичнээн хүний бүрэлдэхүүнтэй байв. Аль эмнэлгийн эмч хагалгааг гардан хийсэн бэ?

-Энэ удаагийн мэс заслыг Улсын гуравдугаар эмнэлгийн зөвлөх эмчээр ажиллаж байсан академич Н.Баасанжаваар удирдуулж хийсэн. Манай эмнэлгийн хувьд зүрхний мэс заслаар мэргэшээгүй ч эрхтэн шилжүүлэн суулгах хөтөлбөрийнхөө хүрээнд амьтанд зүрх шилжүүлэн суулгах мэс заслыг анхлан хийж, амьдралд нэвтрүүлэхийг зорьж байна. Энэ удаагийн хагалгааг нэгдүгээр эмнэлгийн О.Ганбат, Б.Батсайхан эмч нар гардан хийсэн.

-Зүрх шилжүүлэн суулгах мэс засал хийх сэдэл анх яаж төрсөн юм бол?

-Гадны улс оронд хүмүүс “Намайг ямар нэг гэнэтийн аюул, осолд орвол миний зүрх, элэг, бөөрийг ашиглаж болно” гэсэн гарын үсэгтэй бичиг халаасандаа хийгээд явдаг гэж байгаа. Тэгвэл тархины эргэшгүй өөрчлөлтөд орсон хүний эрүүл элэг, бөөр, уушиг, нойр булчирхай, зүрх, нүдний эвэрлэг гэх мэт найман эрхтэнийг хүнд шилжүүлэн суулгаж болдог. Улсын нэгдүгээр төв эмнэлэг одоогоор амьгүй донороос элэг, бөөрийг амжилттай шилжүүлэн суулгаж байгаа. Бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг 2006 оноос хойш 130 гаруй хүнд, элэг шилжүүлэн суулгах мэс заслыг 35 хүнд шилжүүлээд байна. Энэ хугацаанд бид тархины эргэшгүй өөрчлөлтөд орсон зургаан хүний 12 бөөр, нэг элгийг өөр хүнд шилжүүлсэн. Гэтэл эдгээр хүмүүсийн эрүүл зүрхийг бид ашиглаж чадахгүй байсан. Ингээд бид зүрх шилжүүлэн суулгах мэс заслыг хүнд хийдэг болохын тулд анхны алхмаа хийж эхэллээ.

-Тэгвэл энэ мэт хагалгааг дахиад хичнээн удаа хийх шаардлагатай вэ?

-Энэ удаад бид нэг гахайн зүрхийг авч угаагаад буцаагаад оёсон байгаа. Харин сарын дараа хоёр гахайг мэс засалд оруулж нэг гахайнаас нөгөө гахайд зүрх шилжүүлэх юм. Хоёрдугаар шат гэж хэлж болно. Энэ хагалгаанаас бид илүү их зүйлийг сурах боломжтой. Тухайлбал, зүрхээ өгч буй гахайн цусыг авч нөгөө гахайнд юүлэх, цусны нөөцтэй болох зэрэг ач холбогдолтой. Хэсэг хугацааны дараа есөн сард дахиад хийнэ. Энэ маягаар нэг гахайн зүрхийг нөгөө гахайнд саадгүй авч тавьдаг болохыг бид зорьж байна. Ингэж чадвал хүнд зүрх шилжүүлэн суулгах урьдач нөхцөл бүрдэх юм.

-Хагалгааны үед ямар нэгэн хүндрэл гарсан уу. Хэдэн цаг үргэлжлэв?

-Таван цаг үргэлжилж амжилттай болсон. Гахайн зүрхний хана хүнийхээс нимгэн, судас нь илүү торгомсог юм билээ. Зүрхний анатоми, физиологи өөр учраас уушиг руу гуурс тавиад зохиомол амьсгал хийгээд амьдруулахад хүнийхээс өөр байх, чадахгүй байх, будилах, оёдол тавихаар сэтрэх гэх мэт гахайны зүрх судасны бүтэц хүнийхээс нилээд өөр байсан. Үүнийг бид урьдчилан тооцоолж, ямар нэг хүндрэл тохиоход бэлтгэлтэй байсан. Зүрхний хагалгаа амар биш. Мэс заслын шинжлэх ухааны оргил нь зүрх судас байдаг. Зүрхний эмгэгүүд нь дотрын талдаа ч, мэс заслын талдаа ч хамгийн түвэгтэй. Энэ ч утгаараа хамгийн их шинэ технологи, эмийн бодис хэрэглэгддэг. Гуравдугаар эмнэлэг зүрхний мэс заслаар мэргэшсэн тул цаашдаа тэдэнтэй хамтарч зүрхний мэс заслыг хийнэ гэж бодож байгаа.

-Энэ удаагийн мэс засалд хичнээн төгрөг зарцуулав. Ямар технологи ашигласан бэ?

-Зүрх уушигны хиймэл эргэлтийн аппарат гэх мэт олон технологийг энэ хагалгаанд зориулж бид бэлтгэсэн. Хагалгаанд сая 600 мянган төгрөг зарцуулагдсан. Хоёр зуун мянган төгрөгөөр гахайгаа авч, үлдсэнийг эм тариа, багаж материалд зориулсан.

-Хүнд зүрх шилжүүлэн суулгах мэс заслыг хийхийн тулд хичнээн төгрөгөөр, ямар технологи оруулж ирэх шаардлагатай вэ?

-Элэг шилжүүлэн суулгах хагалгааны тоног төхөөрөмжид хоёр тэрбум төгрөг, цусны улаан чөмөг шилжүүлэн суулгах мэс заслын тоног төхөөрөмжид дөрвөн тэрбум төгрөг зарцуулагдаж байсан. Зүрхний мэс засал дээр мөн тийм хэмжээний хөрөнгө мөнгө хэрэг болох нь дамжиггүй.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ам.доллар 2393 төгрөгийн ханштай байна

Ам.доллар зурган илэрцүүдӨнөөдрийн долларын ханшийн мэдээллийг хүргэж байна. 2017 оны зургадугаар
сарын 02-ны 10:59 минутын байдлаар “Найман шарга” валют арилжааны төв дээр
ам.долларыг 2.387 төгрөгөөр авч, 2393 төгрөгөөр борлуулж байв. Харин еврог 2688
төгрөгөөр авч, 2695 төгрөгөөр борлуулж байсан бол хятадын юанийг 351 төгрөгөөр
авч, 352.2 төгрөгөөр худалдан борлуулж байв.