Categories
мэдээ цаг-үе

Хамгаалал дутсан Хадран загас

Их нууруудын хотгорын Хар, Хар-Ус, Дөргөн, Айраг, Хяргас, Орог, Хотон, Хоргон, Даян, Толбо, Ачит, Үүрэг, Увс, Тэлмэн нуур, Дархадын хотгорын Шишхэд гол, Хөвсгөл нуур, Дорнод Монголын талын Буйр нуур, Хэрлэн, Онон голд хадран загас бий. Хадран загас нь Яргайтан багийн Хадрангийнхан овгийнх. Дотроо монгол хадран, Хөвсгөлийн хадран, Амарын хадран гэсэн нэршилтэй. Ер нь гол нуурын аль ай савд багтаж байгаагаасаа хамаарч хадран загас өөр өөр. Номхон далайн ай савын гол нуурт Амарын хадран нутагшсан. Шууд хэлбэл Монголын зүүн бүсээс Манжуураар дамжин Номхон далайд цутгадаг Онон, Хэрлэн гол, Буйр нуурт Амарын хадран бий. Гэхдээ устаж болзошгүй ангилалд аль хэдийнэ орсон. Халхын гол, Буйр нуурт сүүлийн 10 гаруй жил огт үзэгдээгүй гэсэн мэдээлэл ч бий. Тэгвэл Хойд мөсөн далайн ай сав буюу Монголоос хойшоо урсдаг гол нуурт нутагшсан хадранг Хөвсгөлийн гэж тодотгоно. Бас л устаж болзошгүй гэж 1980-аад оноос хойш ярьж, тэмдэглэж байгаа ч хамгаалах арга хэмжээ нэг ч удаа авч байсангүй. А.Дулмаа доктор судалгааныхаа ид үед “Хөвсгөл нуурт генетикийн хувьд алслагдмал хоёр хэлбэр тохиолддог”-ийг зарлаж байв. Түүнээс хойш хэрхсэн тухай мэдээлэл хомс бөгөөд ховордсоор байгааг, хүмүүс их хэмжээгээр агнасаар буйг л ярьсаар байна. Тэгвэл Их нууруудын хотгорт буюу гадагш урсгалгүй гол, нууруудад монгол хадран байдаг. Монгол хадран мөн л мөхлийн ирмэгт ирснийг хүн бүр ярих болсон. Сүүлийн арваад жилийн турш эрчимтэй судлагдаж байгаа ч амьдрах орчин нөхцлийн хувьд ихээхэн хумигдаад байгаа.

Амарын хадран 305 мм урттай, 320 грамм жин татдаг бол Хөвсгөлийн хадран уртаараа 310-350 мм, хамгийн хүнддээ 330 грамм жинтэй. Монгол хадрангийн хувьд бусдаасаа хавьгүй том биетэй. Эмийг атуу, эрийг нь атуух гэнэ. Амарын хадран хүчилтөрөгчийн хангамж ихтэй голын ширүүн урсгалт хэсгүүдээр, мөн бургасан шугуй бүхий өндөр эрэг орчмыг дагаж амьдардаг байна. Голын цүнхээл хэсэгт өвөлжих бөгөөд мөс хайлмагц голоо өгсөж нүүдэллэн голын эх рүү түрж үржинэ. Хөвсгөлийн хадрангийн хувьд нуурынхаа эрэг орчмын гүехэн хэсгээс 50 метр гүн хүртэлх хэсэгт идээшилдэг нь А.Дулмаа докторын судалгаагаар тогтоогдсон. Гэхдээ Хөвсгөл нуурт бус түүнд цутгах голуудыг өгсөж нүүдэллэн түрсээ шахдаг. Хамгийн багадаа 15 километрийн нүүдэл хийдэг байна. Монгол хадрангийн нутагшил, идээшил, амьдралын хэв маяг бусадтайгаа нэн ижил. Ширүүн урсгалтай голыг өгсөж нүүдэллэдэг, цүнхээлд өвөлждөг, гүехэн газарт ч саадгүй нутагшдаг гэх мэтээр. Их устай гол зарим хэсэгтээ нимгэрсээр хайрга цухуйж гүрвэлзэн урсдаг. Голын ийм хэсгийг ч хадран загас ямар ч саадгүй туулж чаддаг гэж байгаа. Үүний учир шалтгаан нь усны хамгийн ихээр хүчилтөрөгч агуулсан хэсэгт амьдардгийнх гэж тайлбарлах судлаач бий. Нэг ёсондоо агаарт хамгийн удаан байж чадах загасны нэгд зүй ёсоор орно.

Монголын хадрангийн хамгийн том нь 70 см урт, гурван килограмм хүрч байсан бол Хятадад 2013 онд 2.65 метр урттай, 341.5 кг жинтэйг барьсныг дэлхийн хамгийн том хадрангаар нэрлэжээ. Зөвхөн хэл нь 30 см байсан нь Амар болон Хөвсгөл хадрангийн жинтэй ойролцоо гэсэн үг. Дэлхийн хэмжээнд устаж болзошгүй ангилалд орсон бол Монголд буй гурван бүс нутагт бас л устаж болзошгүй ангилалд орсноор 20 гаруй жилийг үдсэн. Тулын түүхийг давтаж буй. Мэдээж бусад загас дотроо хадран хамгийн тансаг амттай учраас устах эхний шалтгаан болж байгаа. Тэр дундаа дөрөвдүгээр сарын 1-ээс зургадугаар сарын 15 хүртэл загасны үржлийн үе. Загас агнуурыг энэ үед хориглодог ч голын эх хадрангаар хахаж байхад хүн хажуугаар нь зүгээр өнгөрнө гэж юу байх вэ. Ойролцоогоор 60 мянган метр квадратад нэг байгаль хамгаалагч оногддог учраас бизнес эрхлэгчид шөнө дүлээр, эзгүй хойгуур ачааны машинаар зөөж байгаа тухай Монголын цөөн хэдэн судлаач сүүлийн 20 жил ярьж байна. Худалдаж ашиг олох зорилгоор, хууль бус агнуур хийсний улмаас үржлийн насны бодгалиудын тоо буурсан нь энэ зүйл загас ховордох шалтгаан болсон хэрэг. Үүний зэрэгцээ бүс нутаг бүрт өөр, өөр хүчин зүйл нөлөөлдөг. Амарын хадрангийн амийг алтны компаниуд тасалж байгаа. Түүний тархац нутагт алт олборлосноор гол, нуур тундасжин, органик бус бохирдлын улмаас амьдрах орчин нь хэт доройтолд орсон байна. Хөвсгөлийн хадрангийн хувьд үржлийн газар хязгаарлагдмалаас шалтгаалж хорогдох болсныг судлаачид тогтоожээ. Хөвсгөл нуурт цутгах голуудаас 76 нь байнгын усгүй байх болсноос уг загасны нүүдэлд саад учруулж устахад хүргэж байгаа аж. Шууд хэлбэл байгалийнхаа аясаар алга болох ангилалд хамрагдана. Тэгвэл монгол хадран монгол хүмүүсийн гарт устаж байгаа. Их нууруудын хотгорын ихэнх гол нуур усан холбоотой буюу бүгд хоорондоо гол горхиор холбогддог. Энэ нь монгол хадран загасны нүүдэл, селекцийг хангадаг байсан гэсэн үг. Гэтэл Чоно харайхын гол, Дөргөн нуурын усан цахилгаан станцыг барьсан нь монгол хадрангийн аялалд саад учруулж, амьдрах орчинг хумьж, амьд үлдэх нөхцөл боломжийг шавхсан явдал болжээ.

Манайхаас бусад дэлхийн ихэнх орнууд зэрлэг амьтдын байгалийн гарцтай. Тэд усан цахилгаан станц, далан барихдаа ч загасны нүүдлийг тасалдуулахгүйн тулд гарц хийж өгсөн байдаг. Энгийнээр тайлбарлавал шат шиг дээшээ ахисан усан тавцангууд хийж түүгээр нь загас дамжин үсчсээр даланг давдаг байна. Энэ технологийг 1830 оны үед Францчууд сэтгэж олсон гэдэг. Гэтэл Монголд, Дөргөний цахилгаан станц дээр ийм гарц баригдаагүй. Загасны нүүдлийн замыг тасалдуулахгүйн тулд стаканы ам шиг нүх бэлдэж түүндээ хавхлага хийжээ. Ингээд үржилгийн үе эхлэхэд хавхлагаа нээхэд бэлдсэн нүхээр нь загас үсэрч орно гэж тооцоолсон байна. Харамсалтай нь монголчуудын энэ санаа байгаа оносонгүй. Хавхлага нээхэд асар их даралттай ус өөдөөс нь шүршин гарснаар юун загас үсэрч орох, эсрэгээрээ даралттай усанд цохигдсон эрэгт шидэгдсэн загас үхэж, үрэгддэг ажээ. Ингээд усан цахилгаан станцын ханыг давж голын эх хүрч чадаагүй загас цементен хананд түрсээ үлдээгээд буцдагийг судлаачид онцолсоор ирсэн. Эндээс нэг ч загас амилан сэлдэггүйг эрдэмтэд ярьсаар байгаа. Даяннуур, Дөргөн нуурт их хэмжээний хадран загас үхлээ гэсэн мэдээллийн цаад шалтгаан энэ. Ийнхүү хадран загасанд хамгаалал хамгийн их үгүйлэгдэж эхэлжээ. Оросууд хадрангүй болох шахсан ба сэргээн үржүүлж чадсан туршлагатай орон.


Categories
мэдээ цаг-үе

Сюрреализмын учир хужир

…Хорьдугаар зууны эхэн цагаас “Сюрреализм” гэдэг нэгэн жигтэй хачин юм Хөгшин тивийн уран зохиолд гарч ирээд үтэр зуур яггүй газар авч, энд тэндгүй дэлгэрч байна гэнэ хэмээхүй сураг, мөнхүү зууны жар далаад онд бидний чихийг дэлсэхүй сацуу мөнөөхийг хөрөнгөтний зүдэг муухай, балмад хэрцгий явдал гэхчлэн орь дуу болон муулан гутааж, социалист реализмын уран зохиолд үл шургалуул хэмээн хорьж байсныг нэхэн санах хүмүүн өдгөө хэр мэр сэр байж магадгүй.

Чухамдаа Францын Аполлинер гэгч зохиолч юу ч гэлээ нэгэн адал жигтэй жүжиг бичээд тэрнээ “Сюрреалист” жүжиг гэчихсэн хэмээх. Саяхь эрхэм Эрик Сати гэгчийн нэгэн бүжгэн жүжгийг сюрреалист бүтээл байна гэчихсэн юмсанж. Аполлинер төдөлгүй ертөнцийн мөнх бусыг үзүүлчихсэн учир мөн л Францын зохиолч Андре Бретон мөнөөхийн улааг нэхэж аваад бүр чинагш “Сюрреализмын тунхаг” гээчийг угсруулан туурвиж онол ном болгон гаргаж бөөн шуугиан тарьсан аж. Сюрреализм гэгч энэ гайхал дэлхийн даяарт тархаж, уран зохиол, уран зураг, уран баримал, жүжиг, кино, хөгжим хийгээд ер урлагийн ертөнцийг тэр аяар нь дагуулан авах болсон юм байх.

“Санаа-оршихуйг амаар, бичгээр, тэрчлэн ондоо янз янзын аргаар илэрхийлэх, хүний сэтгэлд хар аяндаа буусан урам үүсэл мөн тийн хар аяндаа уран туурвил болон бүтэхийг сюрреализм хэмээнэ” гэсэн онол гарчихуй. Андре Бретон “Сюрреализмын тунхаг”-таа бүр “Автомат бичлэг” гэсэн нь ч бий. Бодож үзвээс маргууштай ч гэсэн Европын сюрреалист эрхмүүд тэгж л мэтгэж, зүтгэсэн байдаг. Сюрреализмыг ад үзэж, хавчин хяхаж байсан болохоор сюрреалистууд адарч хэдэрлэхдээ баахан хэтийдүүлэн маргалдаж асан буй заа. Түүнээс биш хүний санаа бодол, санаашрал бясалгал огоот орохгүй, өөрөө асгарах үсэг үгс, будаг шунх уран туурвил болчих нь юу л бол. Харин, хэрсүү ухаан, хашир баширт автаагүй, сул зэлүүд, билиг танхай уран сэтгэмж, урлан бүтээхүй гэх үү дээ.

Сюрреалист туурвил зүйн үндсэн арга ёс нь гэвээс, бод буй юм, болсон хэрэг явдлыг энэ орчлонд байдаггүй, болох учиргүй хийсвэр чанарт хувирган хүргэж дүрслэн бүтээх явдал гэнэ. Бодтой байгаа юм, болсон хэрэг явдлыг үнэн чигээр нь бичих зурахыг сюрреалистууд уран туурвил биш, болхи бүдүүн хуулга дуураймал хэмээн үздэг. Тэгээд ч уран сэтгэж урлан бүтээсэн туурвил биш ядмагхан хуулга дүрс төдий юм. Сюрреалист бутээл бол болсон явдлаас үүдсэн л төдий байх учиртай. Нэгэн сонин жишээ татъя: Сюрреалист зураач Макс Эрнст нэгэнтээ, эмнэлгийн мэс заслын ариун ширээн дээр хурьцал үйлдэж болох уу хэмээн бодоод болно гэж сэтгэжээ. Чингээд мань хүн яг зурахдаа эр эм хоёр хүн бус харин оёдлын машин, эр хүний нарны шүхэр хоёр хурьцалдаж буйгаар зурсан гэдэг. Хэрэв зэ эмч эр сувилагч хүүхэн хоёрыг хурьцуулсан ахул сюрреализм биш болхи реализм л болох асан. Уран зохиол дахь сюрреализм ч иймэрхүү л байдаг жишээ захаас аван замаас үргэлж бий.

Сюрреализм тухай тухайн агшны төсөө саналга (Оросоор ассиацация), зүүд зөн (грёза)-д дулдуйдна. Ийн, сэтгэлийн орноо хар аяндаа үүссэн уран санаагаа туурвилч хууль цааз, шашин шүтлэг, үзэл суртал, ёс дэг, заншил уламжлал, айдас хүйдэс, ичиг сэжиг тэргүүтэн элдэв долоон хорио цээрт огоот авталгүй төгс бүрэн сул чөлөөтөй уран бүтээл болгож чадваас сюрреалист туурвил мөн аж. Чингэхүйд янз янзын олон зүйл саад тотгор учрахын дотроос уран туурвилчийн ухамсар гэх албархуу нэртэй, өөрийн нь хашир башрын цээр л гэтлэх гатлахад хамгийн балагтай нь юм. Хөндлөнгийн албан хорио бол уран бүтээлийг хэвлэх, гаргахыг л цагдахаас биш сэтгэх бодох, туурвих бүтээхийг саатуулж чаддаггүй л дээ.

Сюрреалист урам сэрэл, уран туурвилд зүүд нойр, зөн мэдрэмж, ёр цондон, төсөөт үүсэл (ассицация), хоосон саналга (воображение), мөрөөдөл хүслэн, дурлал хайр, дур тачаал, хуял хурьцал, ерөөл бэлгэдэл, төөрөг тавилан, совин билиг тэргүүтэн нэн ч учиртай. Тэр ч атугай, хий үзэгдэл (галюцинация), илбэ хувилгаан, ид шид, зуурхан цагийн солиорол дэмийрэл, дон хэнээ, буг сүнс, ад зэтгэр, албин чөтгөр, тийрэн дэрий, роолон хүүр, гай түйтгэр, галав гамшиг, онго шүтээн, тэнгэр бурхан мэт ч сюрреализмын хужир болох нь бий. Жинхэнэ сюрреалист туурвилч бол авьяас увдисын адбиш хийморь хөлөглөөд хүй орчлонгийн чинад гарч, хүмүүний сэтгэлийн огторгуйд төгс бүрэн эрх дураараа исгэрэнхэн хатируулахын ид хавыг эдэлдэг анам. Сюрреалист туурвилч нар баахан дур зоргоороо, омог бардам, билиг танхай байдгийн учир энэ. Тэрэндээ ч өөрснөө шатах нь элбэг. Францын сюрреалистуудын олонхи нь ч ийм хувь тавиланг тойрч гарч чадаагүй байдаг.

Сюрреализм уг чанараараа уран зохиол,урлаг дахь классицизм,нийгэмд зуу зуун жил ноёрхож ирсэн язгууртны хөшүүн дээрэнгүй хямсгар ихэмсэг авир ёсыг сөрж гарч ирсэн болохоор тэр цагт Европт нилээд газар авч асан зүүний үзэлтэй хөл нийлж байжээ. Чухам зүүний үзэл л эрх чөлөө олгож, хөшүүн ёсыг эвдэж өөрчлөнө гэж сюрреалистүүд найдаж байсан хэрэг. Тэд социал-демократ болон коммунист үзлийг ихэд шохоорхон тэр орчинд эргэлддэг байсан бололтой. Гэтэл мөнөөх санаж сарвайж явсан социалист үзэл нь уран бүтээлийн эрх чөлөө хайрлах нь атугай аллага хядлага эрээ цээргүй үйлддэг цусан гартай, эрх чөлөөг хяхан боомилдог харгис дэглэм мөнийг Германы национал социализм, Зөвлөлт Оросын большевик социализм хоёр харуулж, чухам л “Их санасан газар есөн шөнө хоосон хонов” гэгч болгожихуй. Энэ хар гай сюрреалист уран бүтээлчдийн, угаасаа баахан гэнэн цайлган, уян эмзэг сэтгэл өөд угаадас цацаж, хямрал хөнөөл үүсгэжихүй. Ийн бээр тэд, урам хугарч, гутарч гунихарч, архи дарсанд автаж, хар тамхинд орж, өвөр зуураа эв эмтэрч, орох гарах орон газар олж ядахдаа энд тэндхийн энэ тэр урсгал бүлэглэл бараадаж, Луй Аргон мэт зарим нэг нь социалист реализмд хүртэл цагаачлан толгой хоргодосон хийгээд Рене Кревель зэрэг коммунист намын гишүүн нь бүр амиа хорлосон ч байдаг. Харин Сальвадор Дали нарын уран зураач Америкт цагаачилж эрх чөлөөт орчинд уран бүтээлээ туурвин нэр цууд гарч, бэлжиж баяжсан нь бий.

Францын сюрреалист нарын олонхийн хувь заяа ийн бүтэлгүйтсэн нь сюрреализмын сүйрэл биш. Эрхмүүд бээр гэгээн сайхан үйлсийнхээ язгуур сурвалжийг мөчид ухаарч гагц ”Би”-д барих гэж оролдоод, тансаг ариун, эмзэг эрхэмсэг чанарыг нь умартаж, омог бардам, омой сагуу, аашилж омтгойрсноосоо болсон байж магадгүй. Тэд хэдийвээр “Свифт ёжлохуйн сюрреалист, Гюго мунгаглаагүй цагтаа сюрреалист, Сад тамлахуйн сюрреалист, Констан улс төрийн сюрреалист, Рабб үхлийн сюрреалист, По хорхой хүргэхүйн сюрреалист, Малларме нууцын сюрреалист, Нуво озолдохуйн сюрреалист, Сан-Поль Ру бэлгэ дэмбэрлийн сюрреалист гэхчилэн өмнөх үеийнхнээ цухасхан дурдсан ч гэлээ сюрреализмыг чухам өөрснөө л үүсгэн бүтээсэн мэт баахан дэгс загнадаг асан бололтой байдаг. Тэд Бальзакийг нэрлээгүй нь гайхмаар. “Зогой шир”-ийг сюрреалист роман биш гэхэд хэцүү дээ.

Өрнийн уран зохиолын ундарга болсон эртний Грегийн Тэнгэрсийн домог тэр аяараа сюрреализм л байдаг. Аянга цахилгаан тас татан авч илд сэлэм хийж бариад эргүүлэн гялалзуулж Олимп уулын оргил дээр догширон залрагч Зэвс Тэнгэр, манцуйтай байхдаа Аполлон Тэнгэрийн үхрийг хулгуусан Хермес, төлөгч мэргэн гоо үзэсгэлэнт Касандра гүнжийн домог тэргүүтнийг хэн сюрреализм биш гэх юм бэ?

Буддагийн шашны Улааны ёснышидэт тарнийн ном судар, эртний Жагарын хөлгөн туульс, эртний нанхиадын бэнсэн үлгэр, Монголын аман зохиол, домог үлгэрийн шим рашаан нь сюрреализм л бөлгөө. Монгол шуламсын үлгэрт шуналт эм шулам эр хүмүүнийг хуялаараа автуулан мөлжин завшиж бүхүйг гаргахдаа аман урууландаа зэс хошуу хийж байгаад эрийн хавирга руу шааж амин цусыг нь сорж буйгаар дүрсэлсэн байдаг. Орчлон ертөнцөд ийм юм яавч болдоггүй агаад чухам л сюрреалист сэрэл сэтгэмж юм даа. Арван таван толгойт атгаалж хар мангасын үлгэр хийгээд дөрвөн хөлөөр явдаг, газрын амьтан гоо бугыг тэнгэр өөд дүүлэн нисэж буйгаар дүрслэн үлдээсэн чулуун хөшөөний зураг тэргүүтэн уран дүрслэл ч мөн л тийн.

Тэр ч атугай арван гуравдугаар зуунаа туурвисан “Монголын нууц товчоон” хэмээхүй их хөлгөнд сюрреалист дүрслэл цөөн бус бий. Чингис хаан бээр чухаг бэрх цагт Бурхан Халдун уулын оргил дээрээс Мөнх Тэнгэр өөд санаа одуулж бясалгаад хариу зангийг дуулж, хэрэг үйлээ тийн соёрхон шийтгэж, үйлдэн бүтээдэг нь совин билгийн чинад увдист дулдуйдан буйг дүрсэлсэн хэрэг мөн байх. Найманы Хорисүвээч Хэрээдийн Ван хаан Тоорилыг Дадиг сахлын Нэхүүн уснаа барьж алсныг Таян хааны эх Гүрбэсү хатан мэдэж, толгойг нь огтлон авчруулж цагаан эсгий олбог дээр залан тахиж идээ шүүс архи дарс болон цэнгэж ахуйд дур мөнөөх толгой тохуурхан инээв хэмээн бичсэн байдаг. Үхсэн хүмүүний толгой инээнэ гэж яагаад ч баймгүй атал ийн дүрсэлсэн нь далд цаанаа машид гүнзгий давхар санаа бүхүй эгэл орчлонгийн чинад гарсан уран сэтгэмжийн үр юм. Энэ мэт сюрреалист санаа дүрслэл “Монголын нууц товчоон”-оос олныг ажиглан олж болно. Найман зууны тэртээ “Монголын нууц товчоон” хөлгөн туульсыг туурвигч бичгийн их хүмүүн бээр сюрреалист сэтгэгч байжээ хэмээн бодохуй хойч үеийн бид юутай бахдам бэ.

XX зууны социалист реализмынуран зохиолын ертөнц тэр аяараа коммунист үзэл суртлын хорио цагдаан дор байсан болохоор “Хөрөнгөтний урсгал” гэж хочлоод сюрреализмыг цухуйлгадаггүй байлаа. Гэвч “Там тэрүүхэндээ нэг зайтай”-н үлгэрээр бас ч огоот оргүй байгаагүй ээ. Орост сүүл хэр цагт Михаил Булгаковын “Нохойн зүрх”, “Мастер Маргарита хоёр”, Владимир Орловын “Эрдүү хийлч Данилов” гэх мэт сюрреалист зохиол мэр сэр гарч байсаан. Манай уран зохиол харин хусран даа.

“Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би

Хөмсгөн сарны аялах алсын алс тойрогт

Холын хоёр одны тохиох бяцхан чөлөөнд

Хоёр нүдний үзүүрт цэнхэртэх төдий тэртээд

Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би…

Аадар хур бороог эзэгнэнхэн төрлөө би

Амгалан тэнгэрийг цочиох аянгын дошгин гялбаанд

Ариун агаарт шүхэрлэх мөндрийн цагаан ширхэгт

Алтан талд татах солонгын долоон өнгөнд

Аадар хур бороог эзэгнэнхэн төрлөө би” (“Би хаана төрөө вэ”)гэсэн тав таван мөрөөр шадалсан хоёр бадаг шүлгийн дунд гурав гурван мөрийн төгсгөлийн нэр үгэнд өгөх оршихын тийн ялгалын нөхцөл залган орны байц үүсгэж, эх адаг хоёр мөрийн сүүлчийн нэр үгийг заахын тийн ялгалын нөхцлөөр хувиргаад “эзэгнэнхэн төрлөө би” гэсэн нь өнгөцхөн харвал өгүүлбэр зүйн буруу найруулгатай мэт боловч үнэндээ тэнгэрийг ч, бороог ч хүмүүн эзэгнэх, тэр тусмаа бүр эзэгнэнхэн төрөх боломжгүй учир оршихуй орчлонгийн чинад гарган сэтгэж туурвисан, сюрреалист аястай шүлэг гэж болмоор санагддаг. Даанч бусад арван бадгийг нь ийм чинад уран санаагүй мөнөөх л болхи реализмаараа бичсэн нь,”Тоогүй дээ” гэмээр. За тэгээд “Чи бидэн хоёр үүлэн дээр унтнам”, “Үр могой”, “Бүлээн нурам” (киноны зохиол), “Барамнас” (бэсрэг роман) гэх мэт ганц нэгхээн зохиолд л цухалзсан болохоос биш бүхэл бүтэн сюрреалист зохиол XX зуунд манайд гараагүй. Уран зохиол, урлаг соёл хорио цээрийн дөнгөнөөс суларсан өдгөө цагт харин туурвил зүйн янз бүрийн барил хэлбэрийн зохиолын зэрэгцээ сюрреалист бүтээлч мэр сэр гарч байна. ”Үлэмжийн цагаан бороо”, “Чорос”, “Чингис хаан буюу Тэнгэрийн увдис”, ”Эрлэгийн бошго” гэхчлэн. Эдгээр зохиол сайн муу алин болсныг хожим Хөхсахалт авгай л мэргэн болгоох нь магад аа. Сюрреализм уран санаа, урлан туурвихуйн хярхаг хязгааргүй агуудам дайд, асар огторгуй юм. Дадайзм, абсурдизм, символизм, натурализм, конциптуализм, кубизм, авангардизм, модернизм, постмодернизм, эскапизм магизм тэргүүтэн туурвил зүйн олон олон барил хэлбэрийг сюрреалист уран бүтээлд хэрэглэхэд өлхөн багтчихдгийн учир энэ бөлгөө. Гагцхүү туурвилчийн авьяас эрдмийн шандас л мэддэг аж. Сюрреалист уран бүтээлийн нэг чухаг учир гэвэл байж боломгүй, санаанд багтамгүй үйл дүрслэлийн цаана заавал нэг давхар санаа далд байдаг. Тэрнийг нь хэр баргийн хүн тааж ухдаггүй,тайлж ухаардаггүй. Манай дарга нар бол бүр ч шонгүй.

Харин,сюрреализм хэмээх үгийн учир нэгэн санаа хэлье. Энэ нэрийтгэлийн реализм нь эртний латин хэлний “Бод юм”, “Буй юм” гэсэн утга бүхүй үг агаад шинжлэх ухааны латин үгийг дэлхийн аль ч хэлнээ орчуулахгүй хэрэглэдэг. Харин сюр гэдэг нь франц хэлний дээд, хамгийн гэх утга гаргадаг угтвар юм гэнэ билээ. Тийм ч болохоор сюрреализмыг оросууд сверхреализм гэж бичих ярих нь элбэг бий. Сюрреализмыг монгол хэлээр “Чинадреализм” хэмээн бичиж, хэлж заншвал буруу гэх газаргүй буюу.

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч Лувсангийн Пүрэвдорж

Categories
гадаад мэдээ

Хятадад хиймэл оюун ухаан математикийн шалгалт өгнө

Зураг“Al-MATHS” хиймэл оюун ухаан математикийн хичээлээр сургуулийн сурагчдын төгсөлтийн ерөнхий шалгалтыг өгөх гэж байна. “Синьхуа” агентлагийн мэдээлснээр уг шалгалт 6 дугаар сарын 7-нд товлогджээ.

хиймэл оюун ухаант робот шалгалтын хоёр цагийн хугацаанд математикийн бодлого даалгаврын хэд хэдэн хувилбарыг бодон шийдэх юм. Зохион бүтээгчдийн ярьж байгаагаар, Al-MATHS энэ оны 2 дугаар сард ийм шалгалт өгч үзжээ. Гэхдээ тэр удаад робот ердөө 93 оноо авч чадсан нь шаардагдах босго онооноос ердөө гуравхан пунктээр илүү байжээ.

“Бид хиймэл оюун ухааны логик сэтгэлгээг боловсронгуй болгох мөн алгоритмын даалгавруудыг шийдэх хүрээг өргөжүүлэх дээр ажиллаж байна” хэмээн уг роботыг зохион бүтээгч компанийн Гүйцэтгэх захирал Линь Хуэй ярьжээ. Программ зохиогчдын батлаж байгаагаар, одоо болох шалгалтын үеэр робот тестийг илүү өндөр үр дүнтэй биелүүлэхийг хичээх аж.

Уг төслийг БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн яамны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа бөгөөд тус яам 2020 он гэхэд ерөнхий шалгалтыг Хятадын шилдэг их дээд сургуулиудад элсэн ороход хангалттай хүрэлцэхүйц дүнтэй өгөх чадвар бүхий роботуудыг зохион бүтээх зорилт тавьж байгаа юм.

5 дугаар сард “Goolgle DeepMind” компанийн “AlphaGo” нэртэй компьютерийн программ “Го” ширээний логик тоглоомын дэлхийн аварга Кэ Жэ-г илүүрхэн хожсоноос хойш Хятадын олон нийтийн зүгээс хиймэл оюун ухааны салбарын бүтээлүүдийг ихээр сонирхох болсон юм.
Дэлхийн аварга Кэ Жэ хэлэхдээ, уг программ өмнө нь ийм их төгс боловсронгуй байгаагүй, харин одоо бол “AlphaGo”-ийн гаргаж буй бүх үйлдэл, шийдлүүд нь хүний ойлголт, боломжоос давж байна гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Хүнсний ногооны ханш 180-300 төгрөгөөр буурчээ

ЗурагСтатистикийн мэдээллээр долоон нэрийн барааны үнэ өмнөх долоо хоногоос өссөн байна.

Тавдугаар сарын 31-ний байдлаар 36 нэр төрлийн хүнсний бараа, бүтээгдэхүүнд хийсэн ажиглалтаар 25 нэрийн барааны үнэ тогтвортой, дөрвөн нэр төрлийн барааны үнэ буурсан үзүүлэлт гарчээ.

Тодруулбал Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулбал 1.9 хувиар буюу 150 төгрөгөөр, үхрийн цул махны үнэ 3.2 хувиар буюу 300 төгрөгөөр өссөн байна. Харин хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулбал 0.5 хувиар буюу 35 төгрөгөөр буурч, харин хонины цул махны үнэ 2.4 хувиар буюу 170 төгрөгөөр өсчээ. Хонины ястай килограмм мах 7165 төгрөг, үхрийн ястай мах кг нь дунджаар 8240 төгрөгийн ханштай байна.

Монгол лууван 0.6 хувиар буюу таван төгрөгөөр өссөн бол байцаа 180 төгрөг, хүрэн манжин 290 төгрөгөөр буурсан байна.

Categories
мэдээ нийгэм

Дөрөвдүгээр цахилгаан станцын хүчин чадлыг 80-90 мвт-аар нэмэгдүүлнэ

ЗурагСанкт-Петербургийн Олон улсын эдийн засгийн чуулга уулзалтаар Эрчим хүчний сайд П.Ганхүү “Уралын Турбины үйлдвэртэй дөрөвдүгээр цахилгаан станцын турбиныг шинэчлэх” санамж бичигт гарын үсэг зурлаа.

Эрчим хүчний сайд П.Ганхүү хэлэхдээ, “Монгол Улсын эрчим хүчний салбарыг ОХУ-ын дэмжлэгээр байгуулсан. ОХУ-д сурч төгссөн боловсон хүчнүүд Монголын эрчим хүчний системийг авч явж байна. Уралын Турбины үйлдвэртэй дөрөвдүгээр цахилгаан станцын турбины шинэчлэлийн талаарх санамж бичгийг байгууллаа. Ингэснээр дөрөвдүгээр цахилгаан станцыг найдвартай ажиллахад дэм үзүүлэх бөгөөд хүчин чадал 80-90 мВт-аар нэмэгдэх юм. Мөн станцын ажиллах насыг 30 жилээр уртасгах санамж бичиг байгуулав” хэмээн онцлов.

Дашрамд дурдахад ОХУ-ын эрчим хүчний яам, Монгол Улсын эрчим хүчний яамтай хамтарч ажиллах гэрээ, санамж бичгийг ойрын хугацаанд байгуулахаар тохирлоо.

Categories
мэдээ спорт

Б.Алтангэрэл пауэрлифтингийн дэлхийн аварга болов

ЗурагМонголын пауэрлифтингийн спортын түүхэнд ДАШТ-ээс хүртсэн анхны алтан медалийг Б.Алтангэрэл хүртлээ.

Тэрбээр, пауэрлифтингийн хэрэглэлтэй төрлийн -120 кг-д 352,5 кг-ыг шахсанаар аваргын алтан медалийн эзэн болов. Тавдугаар сарын 22-27-нд Литви улсад пауэрлифтингийн хэрэглэлтэй төрлийн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид, мастер ангиллын ДАШТ-ийг зохион байгуулсан юм.

Энэ тэмцээнд Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны найман тамирчин өрсөлдсөнөөс нэг алтан медаль буюу нийт гурван медаль хүртэж, Литвийн тэнгэрт төрийн дуулалаа эгшиглүүлэв.

Тодруулбал, тус тэмцээний мастер-1 ангиллын +120 кг-д П.Болдбаатар 305 кг-ыг шахсанаар мөнгөн медаль авсан нь Монголын багийн уг тэмцээнээс хүртсэн анхны медаль байв. Мөн -105 кг-д Д.Түмэнжаргал 330 кг-ыг, Б.Цэрэнчимэд 347.5 кг-ыг шахаж мөнгөн медаль хүртсэн байна. Тус жинд Монголын хоёр тамирчин өрсөлдсөн нь мөн анхдагч болов.

Categories
мэдээ спорт

Өнөөдөр Нийтийн монгол болон өсвөрийн бөхчүүдийн барилдаантай

өсвөрийн бөхчүүдийн барилдаан зурган илэрцүүд

МҮБХ-ноос энэ сард зохиох барилдааны хуваарийг хүргэж байна. Улсын их баяр наадмын өмнөх сар учир зургаадугаар сард болсон барилдаанууд үзэгчдийн анхаарлыг зүй ёсоор татдаг. Бөхчүүд маань одооноос наадмын бэлтгэлдээ гарч эхэлдэг уламжлалтай.

VI.03- Нийтийн монгол болон өсвөрийн бөхчүүдийн барилдаан болно.

VI.10- Чингэлтэй хайрханы хишиг өндөр чансаатай 128 бөхийн барилдаан энэ сарын 10-нд болно. Наадмын өмнөх томоохон барилдаан энэ болох юм.

VI.11- МҮБХ-ноос сар бүр зохион байгуулдаг сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан болно.

VI.17- Бүх цэргийн баяр энэ сарын 17-нд болно. Аймаг цэргийн цолтой бөхчүүд цолоо баталж, ахиулахын төлөө, сумын цолтой бөхчүүд цол авахын төлөө барилдана. Тиймээс барилдаан жил бүр тун сонирхолтой болдог уламжлалтай.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ариунаа Сүри: Чи гаднаа энгийн харагддаг ч дотоод ертөнц тань огт өөр байж болно. Тэгэхээр түүнийгээ л бүтээдэг

Энэ цагийн монголын загварын ертөнцийг өнгөлж яваа авьяаслаг загвар зохион бүтээгчийг зочны ярилцлагынхаа буланд урилаа. Түүнийг “Ариунаа Сүри” хэмээх нэрээр нь олон түмэн мэднэ. Тэрээр ХБНГУ-д загварын чиглэлээр сургуулиа төгсөж ирээд өөрийн урлангаа нээн хувь хүнд зориулсан цор ганц загваруудаараа фенүүддээ танигдан чамгүй амжилттай ажиллаж яваа нэгэн.

-Дизайнер Ариунаа Сүри энэ зуны загвараа тодорхойллоо-


-Зун цаг ирлээ. Бүсгүйчүүдийн хувьд зуны улиралд өөрийн гоо сайхан байдал, дүр төрхөө тодотгож хувцаслахад хамгийн таатай байдаг. Энэ зуны загварын чиг хандлага ямар байгаа вэ, трэнд болж буй гоёлын талаар танилцуулаач?

-Зуны загварт тайван харагдуулах өнгө зонхилж байна. Зөөлөн, биеийн өнгө, цайвар саарал, номин өнгийг шилж сонгон хувцсаа урлаж байгаа. Мэдээж, зарим үйлчлүүлэгчийнхээ хүсэлтийг харгалзан тод өнгийн хувцас хийх тохиолдол гарч байна. Харин загварын хувьд ‘’Ariunaa Suri’’-г илэрхийлэх бейсик болон шинэ төрлийн загварууд нэмж байна. Тэр нь монгол үндэсний хувцасны хэв шинжийг агуулсан жижиг минимал хэлбэрийн болоод тэгш бус хэмт загварыг агуулж байгаа юм. Түүнчлэн шинэ зүсэлт, сонирхолтой өнцөг, хэрчилтүүд дээр илүү тулгуурлан энэ зуны загварыг тодорхойлж байна.

-Ямар материалыг сонгон ашиглаж байгаа вэ?

-Маш нимгэн материал. Тааран, торгомсог силк, цэвэр хөвөн даавуу. Ийм материалаар хувцас хийх нь хүний бие эрүүл байхад тустай байдаг юм.

Мода эргэдэг гэдэг. Тэгвэл та өмнө нь хийж байсан загваруудаасаа, эсвэл хуучны загвараас санаа авдаг уу?

-Дандаа эргэж хардаг. Нэг загвар зохион бүтээгч дээр тулгуурласан брэнд байж болдог. Харин ‘’Zara’’, ‘’Mango’’ гэхээр өөр болчихдог. Тэд масс статистик дээр тулгуурлаж өнөөдөр юу илүү худалдаалагдаж байна вэ гэдгийг хардаг. Нэг ёсондоо худалдан авагчдадаа захирагддаг. Харин Ёожи ямомото, зэрэг нэртэй дизайнерууд худалдан авагчдаа “хүмүүжүүлж”, тэднийг “өөрийн хүн” болгодог загвараа гаргадаг. Загвар зохион бүтээгчийн ‘’би’’-г бий болгодог гэсэн үг. Хүн болгон, уран бүтээлч бүр өөрийн ‘’би’’-г бүтээдэг. Яг л зураачид шиг өөрийнхөө дотоод ‘’би’’-г гаргадаг. Магадгүй, чи гаднаа энгийн харагддагч дотоод ертөнц тань огт өөр байж болно. Тэгэхээр түүнийгээ л бүтээдэг.

Цаг хугацааны эрхээр, нийгэм, соёлын нөлөөллөөр хүн өөрчлөгддөг. Тэр өөрчлөлтийг ч уран бүтээлдээ тусгадаг. Гэвч суурь болсон зүйлээ эргэж харах ёстой. Хааяа оюутан байхдаа хийсэн зүйлүүдээсээ ч гэсэн харах юм байдаг. Ерөөсөө л гарын авлага шиг санагддаг даа.

-Танайх бэлэн болсон загваруудаа хаагуур худалдаалдаг вэ?

-‘’Viva city’’-гийн урланд маань худалдаалж байна. Мөн тун удахгүй Улсын их дэлгүүрийн зургаан давхарт жижигхээн хэсэгт худалдаалагдаж байна. Австри, Герман зэрэг улсад мөн худалдаалагдаж байна.

-Энэ зуны коллекцид тань хуучны хандлагаас давтагдаж орсон элементүүд бий юу?

-Өмнө хэлсэнчлэн үндэсний хувцасны загвараас жижиг деталиудыг оруулж, охид бүсгүйчүүд өмсөхөд маш амар хэлбэрээр хийж байна.

Зураач Х.Энхномингийн зургуудыг зохиогчийн эрхтэйгээр авч, дээр нь өөрсдийн санааг нэмэн загвар болгож байгаа. Яагаад энэ ажлыг эхлүүлсэн бэ гэхээр яг монгол хүмүүсийн онцлогийг тодотгож гаргах гэсэн юм. Монгол үндэсний хувцаснаас санаа аван баяжуулж, жишээлбэл силкэн алчуурыг гаргасан.

-Зохион бүтээсэн хувцсандаа тохируулан акксессорууд гаргаж байгаа юу?

-Шаардлагатай үед бол хийдэг. Хүзүүний зүүлт, цүнх зэргийг хийнэ. Гутал ч хийж байсан.

Үйлчлүүлэгчид бэлэн загвар барьж ирээд яг үүнийг л хийлгүүлье гэдэг үү.

Тийм тохиолдол гардаггүй. Бид ч хүлээн зөвшөөрдөггүй. Яагаад гэхээр бид өөрсдийн брэндийг хийгээд явж байна. Харин би ийм зүйл өмсвөл илүү зүгээр байдаг, ийм загвар илүү зохидог гэх зэрэг хараад өөрсдийн шигтгээ санааг нэмээд, шинэ загвар гаргадаг.

-Салоныхоо ажлыг эхлүүлээд багагүй хугацаа өнгөрлөө. Манайд энэ ажил амжилттай үргэлжлэх ирээдүй ямар гэж харагддаг вэ?

-Тийм ээ. Монголын маань дизайнерууд энэ салбарт хүчтэй байх ёстой. Манай улс таван хошуу мал, газар нутаг гээд энэ их баялгийг зөв ашиглаж чадвал бидэнд олон боломж бий гэж хардаг. Малаасаа түүхий эдийг авч зөв ашиглавал өөрсдөдөө нэмүү өртгөө нэмэгдүүлж амьдарвал ашигтай шүү дээ. Газар шороогоо ухсанаас л дээр. Үүнийг бүр ч идэвхтэй сайхан байлгая гэвэл сайн загвар гаргаж, мундаг бүтээгдэхүүн болгоод бусад улс оронд өндөр үнээр худалдаалах хэрэгтэй. Энд тоо чухал биш. Угаасаа ч бөөнөөр нь үйлдвэрлээд Энэтхэг, Хятад, Туркийг давсан тоогоор хийж чадахгүйгээс хойш өөрсдийн гэсэн өвөрмөц стильтэй, өндөр үнээр борлуулж чаддаг чанартай бүтээгдэхүүн гаргаж ирэх хэрэгтэй.Ийм л чиглэлийг барьж явбал ашигтай байх. Хүн хоол иднэ, хувцас өмсөнө шүү дээ. Энэ бол мэдээжийн асуудал. Энэ нөхцөлүүд Монголд бүрэн байна. Хамгийн чухал нь эдгээрийг зөв зохион байгуулах. Хэрэв тэгвэл зах зээл нь хөлгүй далай мэт л боломжтой байна. Үүнийг нь ч бизнес хийгээд явж байгаа мундаг хүмүүс нотлоод байна.

-Гадаадад загварын долоо хоногоо хийхдээ гадны хүмүүсийн бие, арьсны онцлог зэрэгт нь тохируулан загвараа өөрчлөх тохиолдол гардаг уу?

-Жилд хоёр удаа коллекц гаргадаг. Тэр маань л гадаад, дотоод гэхгүй ижилхэн танилцуулагдаад явдаг. Дотоодын худалдан авагчид маань ойрхон байгаагийнх зөвхөн өөртөө зориулсан цор ганц ‘’ARIUNAA SURI’’ загвартай болдгоороо тавуу талтай.

Гадаад хэрэглэгчид маань тэр дундаа япон хүмүүс ч юм уу дизайнертайгаа биеэрээ ирж уулзаад санал зөвлөгөө аваад, өөртөө зориулсан загвараа гаргуулаад аваад явна гэдэг маш ховор зүйл байдаг. Ийм боломж зөвхөн чинээлэг хүмүүст л байдаг. Тэдний хувьд олзуурхууштай, сэтгэл өндөр сайхан байдаг.

-Таны бодлоор монгол хүмүүсийн загварын мэдлэг, боловсрол хөгжиж дэвшиж байгаа юу?

-Анх Германд ажиллаж байгаад Монголдоо ирэхэд манай загварын хүрээ ганц нэгхэн л дизайнераар хэмжигддэг, хэдхэн модель харагддаг байлаа. Хэн гэдэг хүн загвар зохиогоод буй нь ч мэдэгдэхгүй, мэдсэн ч нэр хүндтэй биш байсан. Түүнээс зургаа долоон жилийн дараа эргээд харахад хүмүүсийн загварын үнэлэмж өндөр болсон байна. Гадаад, дотоод гэхгүй манай загваруудыг мэддэг, ийм сонин загварууд, дизайнерууд Монголд байдаг юм байна гэдгийг мэдэж үнэлж эхэлсэн байна.

Манайхан ч гэсэн зөв ойлголттой болжээ. Дан ганц модель гэхгүй түүний ард загвар зохион бүтээгч, баг хамт олон байдаг гэдгийг мэддэг болж. Бас олон ч брэндтэй болсон. Энэ хэрээр өрсөлдөөн явагдаж, мөн түүний хэрээр чанар нь сайжирч байгаа. Дахиад тодорхой хугацааны дараа эргээд харвал илүү өндөр түвшинд очих суурь тавигдлаа гэж харж байгаа.

Анх ‘’ARIUNAA SURI’’ брэндийг маань юу хийгээд байгаа юм бол гэж гайхдаг байсан. Харин одоо хөгшин залуугүй үнэлж ойлгодог болчихсон. Мөн хувцсыг хэрхэн яаж зөв тохируулан өмсөх вэ гэдгээ ч мэддэг болоод байгаа. Тэр нь надад урамтай санагддаг.

-Гадаад орнуудад ноос ноолуур, савхин материалаар хувцас хийгээд танилцуулахад хэр хүлээж авдаг вэ?

-Арьс ширнийхээ чанарыг дахин дээшлүүлэх хэрэгтэй. Гэхдээ чанаржуулна даа гээд хүлээгээд сууж болохгүй. Одоо байгаа материалаа зөв зохистой ашиглаж түүнд нь тохирсон загвар гаргах донжийг нь олох хэрэгтэй. Тэгээд зөв маркетинг хийх хэрэгтэй.

Ангилын нэг загвар зохион бүтээгч Монголд ирээд сарлагийн хөөвөр аваад гараараа утас ээрээд, ээрсэн утсаараа оймс нэхээд, зарахдаа маш өндөр үнээр борлуулдаг. Зарахдаа зөвхөн таны хүүхдэд зориулаад хаа байсан Монголоос очиж ноос ноолуурыг авчран сүлжиж хамгийн эвтэйхэн загвараар цэвэр эко оймс хийлээ гээд дээд зиндааны хүмүүст зардаг. Энэ нь сайн маркетинг. Монголчууд үүн шиг харах хэрэгтэй. Ноорхой цоорхойтой арьс шир гээд муулах хэрэггүй. Ядаж л дэлхий дахинд ийм байгальлаг, эко зүйлс ховордож байна гэдгийг ойлгуулах хэрэгтэй.Хурдацтай хөгжсөн улсууд эргээд эко зүйлс рүүгээ тэмүүлж байгаа шүү дээ. Үүнийг л бид боломж болгох хэрэгтэй

-Та энэ салбарын нэгэн төлөөлөл болоод явж байгаа. Танд салбартаа дорвитой юм хийе гэтэл саад болоод байгаа асуудал, бэрхшээл хэр тулгардаг вэ?

-Асуудалгүй байна гэж юу байхав. Гадагшаа зах зээлийн хүрээг тэлье гэхэд тухайн улс өөрөө үүрэг өндөр байх ёстой гэдгийг бусад улсын жишгээс анзаарч байна. Жишээлбэл Германд жижиг хэмжээнд гарсан брэндээ Япон, Франц гээд өөр улсад гаргая гээд улсдаа хандахад түүнийг нь хүлээж авах, хандах газар, биелүүлэх байгууллага хангалттай байдаг. Заавал барьцаа, том том зүйл шаардаад байхгүй. Манайх хөдлөх ямарч боломжгүй болтол нь олон зүйл шаарддаг. Бидэн шиг урд хормойгоороо хойд хормойгоо нөхөөд явдаг хүмүүст боломж нь жилээс жилд багассаар байдаг.

Би тав зургаан жилийн өмнө зоригтойгоор том ажлуудыг эхлүүлдэг байсан бол одоо тэр маань жаахан цөөрөөд эхэлж байна шүү дээ. Жилд хоёроос гурван удаа гадагшаа шоу, арга хэмжээнд оролцдог байсан бол эдгээр маань багасаж байна. Улс маань бодлогоор дэмждэггүй. Ийм шалтгаануудаас болоод жижиг газрууд байрандаа байгаад байна. Гэхдээ яахав бид болгох гээд л явдаг хүмүүс.

-Энэ зун хийхээр төлөвлөсөн ажил юу байгаа вэ?

-Бид өөрсдийн борлуулалтын цэгийг нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байна. Үйлчлүүлэгчид маань зорьж ирж байгаа ч гэсэн танайх хотын төвдөө байх боломжгүй юм уу гэх мэтчилэн санал ирж байгаа учраас энэ зун салбараа нэмэх санаатай байгаа.

Мөн ‘’Single lady’s 3’’ киноны зураг авалт эхэлсэн байгаа. Киноныхоо загварыг хариуцан ажиллаж байгаа.

Б.УЯНГА


Categories
мэдээ нийгэм

Сонгуультай холбоотой “Бусдыг илт гүтгэсэн” хэргээр иргэн Б-д эрүү үүсгэн шалгаж байна

Зарим хэвлэл мэдээллээр нийтэд цацагдсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуультай холбоотой олны анхааралд өртсөн үйл явдлын талаар ЦЕГ-ын ХМТ-ийн дарга цагдаагийн хурандаа Н.Ганбадралаас тодрууллаа.


-Сүүлийн өдрүүдэд зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр хувь хүн сонгуулийн санал тоолох төхөөрөмж буюу хар машиныг худалдаж авахыг завдсан гэх мэдээлэл цацагдсан. Энэ асуудлыг цагдаагийн байгууллагад шалгаж байгаа талаар мэдээлэл өгнө үү?

-Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээллийн технологийн төвөөс цагдаагийн байгууллагад “Сонгуулийн ерөнхий хороотой хамтарч ажилладаг Канад улсын “Доминион вөүтинг системс” гэх компанид “Шинэ яармаг” ХХК-ийн захирал, Монгол Улсын иргэн У сонгуулийн санал тоолох машиныг худалдаж авах, хамтарч ажиллах хүсэлт тавьсан байдал нь Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос тус компанитай байгуулсан гэрээг зөрчсөн учир шалгаж өгнө үү” гэсэн хүсэлт тавьсан. Хүсэлтийг үндэслэн цагдаагийн байгууллагаас материалжуулан шалгаж байна.

-Хувь хүн эсвэл аж ахуйн нэгж байгууллага санал тоолох төхөөрөмжийг худалдаж авах нь хуулиар зөвшөөрөгдсөн байдаг уу?

-Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаа цаг үетэй давхцаж энэ асуудал үүссэн. Хоёрт, Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо Канад улсын нэр бүхий компанитай байгуулсан гэрээнд яг ийм үйлдэл хийхийг хориглосон байдаг юм билээ. Мөн энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Сонгуулийн үйл ажиллагааг будилаантуулах, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан хийх” гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй тул цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа юм.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн нэр төр, алдар хүндэд халдсан гэх гомдлыг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан гэж иргэн Анар өөрийн цахим хуудсаараа олон нийтэд мэдээлж байсан. Иргэн Анарын гомдлыг яасан бэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн нэр төр, алдар хүндэд халдсан гэх гомдлыг иргэн Анар цагдаагийн байгууллагад гаргасан. Энд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлд заасан “Бусдыг илт гүтгэсэн” гэмт хэргийн шинжтэй үйлдэлд иргэн Б-д эрүүгийн хэрэг үүсгэн шалгалтын ажиллагааг эхэлсэн.

-Д.Сүхбаатарын талбай дээр “Приус” маркын автомашин шатаасан үйлдлийг харьяа дүүргийнх нь цагдаагийн хэлтэс шалгаж эхэлсэн. Ямар нөхцөл байдал тогтоогдсон, шалгалтын явцын талаар мэдээлэл өгнө үү?

-Энэхүү үйлдлийг харьяаллынх нь дагуу Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгасан. Машин шатаасан хүмүүс албан тушаалтнаар тодорхой шийдвэр гаргуулахын тулд хийсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 177 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байгаа учраас иргэн Х, Б нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, хуулийн дагуу прокурорын байгууллагад шилжүүлсэн. Ер нь иргэд маань аливаа үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд явуулж хуулиа дагаж мөрдөн ажиллах нь зүйтэй байна.

Categories
мэдээ нийгэм

Аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт Сүхбаатарын талбайд болно

Үндэсний аялал жуулчлалын “Улаанбаатар-2017” үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр 15 цагаас Сүхбаатарын талбайд болно. Энэ удаагийн үзэсгэлэнд ОХУ, БНСУ, АНЭУ, БНЭУ, БНКУ-ын Монгол Улсад суугаа Элчин сайдын яамд, Баян-Өлгий, Баянхонгор, Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, тус аймгуудад үйл ажиллагаа эрхэлдэг жуулчны бааз, рашаан сувиллын газрууд, Хил хамгаалах ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Гэрлэх ёслолын ордон, Улаанбаатар төмөр замын “Аялал жуулчлалын товчоо”, Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаад, Монголын Уулчдын үндэсний холбоо, Монголын Рафтингийн холбоо, Аялал жуулчлалын Боловсрол хөгжлийн нийгэмлэг, тур оператор компаниуд зэрэг 80 гаруй байгууллага оролцож, үйл ажиллагаа бүтээгдэхүүнээ сурталчилна.

Үзэсгэлэнгийн хамтран зохион байгуулагчаар “Төрийн банк”, “Юнител” компани оролцоно. “Юнител” компани Сүхбаатарын талбайд өндөр хурдын интернэт тавина. Мөн дугуй, авто мото, уулын аялал, фото зураг, анхан шатны тусламжийг үзүүлэх, хээрийн хоолыг хэрхэн бэлтгэх, загасчлах, зөв хувцаслалт, аялагчдын соёлын талаарх мэдээлэл, зөвлөгөөг өгч, аяллын хувцас, хэрэгслүүдийн хямдралтай худалдаа зохион байгуулагдана.

Түүнчлэн Хил хамгаалах ерөнхий газраас хил орчмын газар нутагт аялал жуулчлал эрхлэх зөвшөөрөл хүссэн байгууллагуудад зөвлөгөө өгөх юм байна.