Categories
мэдээ улс-төр

МАН-аас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд хандивын дансаа нээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд хандивын дансаа нээжээ.

Тэрбээр “Эрхэм хүмүүн Та ЭВТЭЙ МОНГОЛОО ЦОГЦЛООХ үйлсэд итгэлийн дэмээ өргөнө үү” хэмээн уриалж, ард иргэдээсээ ийнхүү дэмжлэг хүсч байгаа аж.

Хэрэв Та МАН-аас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдод итгэлийн дэмээ өргөхийг хүсвэл хувь хүн 3 сая хүртэлх төгрөг, албан байгууллага 15 сая хүртэлх төгрөгийн хандив өгөх боломжтой юм. Ингэхдээ хандивлагч та овог нэр, регистрийн дугаараа заавал бичих хэрэгтэй ажээ.

Categories
мэдээ нийгэм

Хүй долоон худаг руу “Рэйлбус” үйлчилнэ

Хүй долоо худаг руу “Рэйлбус” үйлчлэнэ зурган илэрцүүд

Энэ жил Төв цэнгэлдэх орчмын аж ахуй нэгжүүдтэй тохиролцон 1660 машины зогсоол гаргахаар болжээ. Наадамчин олон А-У хүртэлх зэрэглэл бүхий зөвшөөрөл авч, наадмын талбайн ойролцоо машинаа тавих боломжтой юм байна.

Мөн энэ жил Хүй долоон худагт 5100 машины зогсоол гаргаж байгаа юм байна. Мөн Хүй долоо худаг руу “Рэйлбус” иргэдэд үйлчлэхээр болжээ. Үндэсний их баяр наадмын үеэр нийтийн тээврийн 702 автобус Төв цэнгэлдэх, Хүй долоон худаг болон бусад чиглэлд иргэдэд үйлчлэх ажээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сонгуулийн саналын хуудас хүлээлгэн өгөв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн саналын хуудас хэвлэх ажил эхэлжээ. Юуны өмнө гадаад улсад байгаа сонгогчдын саналыг энэ сарын 10-11-ний өдөр авах тул гадаадад байгаа иргэдээс авах саналын хуудсыг эхлэн хэвлүүлж дуусгасан байна

Саналын хуудсыг “Монгол үнэт цаас хэвлэл” ХХК хэвлэж байгаа бөгөөд хэвлүүлэх үйл ажиллагааны хамгаалалтыг цагдаагийн байгууллага хариуцаж, тагнуулын асуудал эрхэлсэн байгууллага хяналт тавьж ажиллажээ. Мөн хэвлүүлэх үйл ажиллагааг намуудын ажиглагчид байнга ажиглаж байгаа аж.

Сонгуулийн саналын хуудасны загвар бэлтгэх, тоо гаргах, хэвлэх компанитай байгуулах гэрээг бэлэн болгох, саналын хуудсыг хэвлүүлэх, түүний явцад хяналт тавих, хүргүүлэх, хүлээлцэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсэг Гадаад улсад байгаа иргэдээс сонгуулийн санал авах ажлыг зохион байгуулах Төв комисст саналын хуудсыг баталсан тоо ёсоор нь өнөөдөр хүлээлгэн өгсөн байна. Төв комисс баталсан хуваарийн дагуу саналын хуудсыг хүргэх итгэмжлэгдсэн төлөөлөгчдийг бүсчилсэн тодорхой 10 чиглэлд явуулах юм.

Ийнхүү саналын хуудсыг санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө 32 улс дахь нийт 45 салбар комисст хүргүүлсэн байхаар ажлыг зохион байгуулж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Ганц мод боомтын орчим шувууны томуугийн хүний өвчлөл гарчээ

Өмнөговь аймгийн Ханбогд сумтай хил залгаа БНХАУ-ын Баяннуур аймгийн Ганцмод боомтын орчим H7N9 вирүсээр үүсгэгдсэн шувууны томуугийн хүний өвчлөл гарсантай холбогдуулан ЭМЯ-аас дараах зөвлөмжийг өгч байна. Үүнд:

  • Онцын шаардлагагүй бол БНХАУ-ын Баяннуур аймагт зорчихгүй байх;
  • Гэрийн тэжээвэр амьтдаас аль болох хол байх, шувууны захаар явахгүй байх;
  • Шувуу, гэрийн тэжээвэр амьтдын өтгөн, сангасаар бохирлогдсон гадаргууд хүрэхгүй байх, үхсэн амьтадтай харьцахгүй байх;
  • Шувууны гаралтай бүтээгдэхүүний аль улсад үйлдвэрлэсэн, баталгаат хугацаа зэргийг сайтар нягтлах, өвчлөл гарсан бүс нутгаас ирсэн бүтээгдэхүүнийг худалдаж авахгүй байх;
  • Шувууны гаралтай мах, махан бүтээгдэхүүн, өндөгийг түүхий, хагас боловсруулан хүнсэнд хэрэглэхгүй байх;
  • Гол, булаг, шандны түүхий усыг уухгүй байх;
  • Гарыг тогтмол савандаж угаах;
  • Өвчлөл гарсан бүс нутгаас ирсэн хүнд гэнэт өндөр халуурах, ханиалгах зэрэг томуугийн шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандах.
Categories
мэдээ нийгэм

Монгол иргэд Сингапурт 30 хүртэл хоног визгүй зорчдог болно

Гадаад пасспорт зурган илэрцүүдМонгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Сингапур Улсын Засгийн газар хооронд хоёр улсын бүх төрлийн паспорт эзэмшигч иргэд харилцан визгүй зорчих хугацааг 14 хоног байсныг 30 хоног болгон өөрчлөх тухай ноот бичиг харилцан солилцов.

Ингэснээр хоёр орны иргэд энэ оны 6 сарын 08-ны өдрөөс эхлэн 30 хүртэл хоног визгүй зорчих боломжтой болох юм гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Гэмтлийн эмнэлгийн гадна нисдэг тэрэг хөөрч, буух зурвастай болно

Улсын томоохон клиникийн эмнэлгүүдийн гаднах орчны тохижилтыг нийслэлийн Засаг даргын Тамгын газар өөрийн хөрөнгөөр тохижуулах ажил хийж байна. НИТХ-ын дарга Ц.Сандуй болон бусад албаныхан Шастины нэрэмжит III төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн гаднах талбайд хийгдэж буй тохижилтын ажилтай танилцлаа. Хаврын тохижилтын ажлын хүрээнд Шастины нэрэмжит III эмнэлгийн гадна талбай автомашины зогсоол, иргэд, эмнэлгээр үйлчлүүлэгсэд тав тухтай үйлчлүүлэх тохижилтыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба өнгөрсөн сард хийж дуусган хүлээлгэн өгсөн. Түүнчлэн Гэмтэл согог судлалын үндэсний төв, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн гадна тохижилтын ажлууд эхэлжээ.

“Бумбат даваа” ХХК-ийн захирал н.Болд-Эрдэнэ “ГССҮТ-ийн гаднах 10 мянган м2 зам талбайн тохижилтын ажлыг манай компани гүйцэтгэж байна. Энэ ажлыг өнгөрсөн сарын 25-нд эхлүүлсэн. Энэ сарын 15-нд хүлээлгэн өгнө. Өнөөдрийн байдлаар үндсэн зогсоолуудын асфальт, бетон хучилтуудыг аваад маргааш гэхэд бүрэн дуусгана. Тохижилтын ажлыг ерөнхийдөө хугацаандаа дуусгаж хүлээлгэн өгнө. Уг эмнэлгийн нэг орц, гарцыг хоёр болгож, ИНЕГ, ЗТЯ, ЗАА, ГССҮТ-ийнхөн хоорондоо зөвшилцсөний үндсэнд нисдэг тэрэгний хөөрч, буух зурвасыг Монгол Улсад анх удаа хийхээр төлөвлөж, баталсан зураг төслийн дагуу бид ажлаа хийж байна. Бүх ажил хугацаандаа графикийн дагуу хийгдэж байгаа” гэсэн юм.

Харин Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн гаднах тохилтын хувьд мөн 80 орчим хувьтай явж байгаа гэнэ. Эмнэлгийн урд талын автомашины замыг өргөтгөж, ногоон байгууламжийг хийхээс гадна 70 орчим автомашины зогсоолын талбайн ажил хийгдэж байна.

Эмнэлэг орчмын орц гарцыг нэмэгдүүлж, иргэд тав тухтай үйлчлүүлэх орчныг хотын захиргаа анх удаа хийж байна. Учир нь төсөв хүрэлцдэггүйгээс эмнэлгүүд гадна тохижилтондоо төдийлөн анхаарч чадахгүй байсан бол хотын даргын санаачлагаар ийнхүү тохижилтын ажлууд хийгдэж эхэлжээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Сөүлийн гудамжийг “Шөнийн гэрэлт гудамж” болгох тохижилтын ажилтай танилцав

Сөүлийн гудамжийг “Шөнийн гэрэлт гудамж” болгох тохижилтын ажилтай танилцавНИТХ-ын дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр болон бусад холбогдох албаныхан Сөүлийн гудамжийг “Шөнийн гэрэлт гудамж” болгох тохижилтын ажилтай танилцав.

Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын боловсруулсан зургийн дагуу 440 метр урт газрын сул шороон хөрс бүхий талбайг хатуу хучилттай болгож явган замыг нэмэгдүүлэх, олон нийтэд зориулсан үзвэрийн дэлгэц, амралтын суудал бий болгох, ногоон байгууламжийн нөхөн сэргээлт, сэлгэлт, авто зам болон явган замын гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэл зэрэг орчны тохижилтын ажлыг хийж байна.

НИТХ-ын дарга Ц.Сандуй “Өнөөдөр НИТХ-ын төлөөлөгчид Улаанбаатар хотын хаврын тохижилт, ногоон байгууламжийн ажилтай танилцаад явж байна. Тухайлбал, Эскадрилийн хөшөөнөөс Сүлжмэлийн үйлдвэр хүртэлх 13.6 км авто замын хоёр талаар хийгдэж буй ногоон байгууламж орчны тохижилтын ажилтай танилцлаа. Мөн нийслэлийн томоохон эмнэлгүүдийн гаднах талбайн тохижилт, ногоон байгууламж, авто зогсоол зэрэг ажлын явцтай танилцлаа. Хамгийн сүүлд бид Сөүлийн гудамж буюу “Шөнийн гэрэлт гудамж” төслийн үйл ажиллагаатай танилцахаар ирээд байна.

НИТХ тохижилтын ажилд эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа хэдий ч иргэдийн тав тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор нэлээн зоригтой алхамуудыг төсвийн тодотголоор хийлээ. Удахгүй болох улсын баяр наадмаас өмнө эдгээр тохижилтын ажил бүрэн дуусах юм. Бидний төлөвлөсөн ажлын 80 гаруй хувь нь хийгдээд явж байна. Наадам гэхэд бүрэн дуусах боломжтой байна. Томоохон хотуудад Шөнийн гудамж гэж байдаг. Түүнтэй адил залуучуудын зүгээс Улаанбаатар хотод Шөнийн гудамж байх ёстой гэсэн үүднээс тус гудамжийг тохижуулж байна” хэмээсэн юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Лондонд террорист халдлага болж, хүний амь үрэгджээ

ЗурагИх Британийн нийслэл Лондон хотын Лондоны гүүрний явган хүний зам дээр нэгэн тээврийн хэрэгсэл хүмүүсийг дайрч мөргөсний улмаас нэг бус тооны хүн амиа алджээ.

Энэ хэрэг орон нутгийн цагаар бямба гарагийн 22:00 цагийн үед болсон байна. Гүүрнээс холгүй орших худалдааны төв орчимд хутгаар зэвсэглэсэн этгээд хүмүүсийг шархдуулсан гэх дуудлага ирснээс нэг цаг хүрэхгүй хугацааны дараа энэ хэргийн талаарх мэдээлэл цагдаа нарт иржээ. Уг хоёр хэргийг “террорист халдлага” гэж цагдаа нар үзэж байна.

Шархадсан 20 гаруй хүнийг эмнэлэгт хүргэсэн гэсэн мэдээлэл байна.

Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй энэ халдлагуудыг “аймшигт хэрэг” гэж тодорхойллоо. Тус улсын Засгийн газар эдгээр хэрэгтэй холбоотойгоор өнөөдөр яаралтай хуралдаан хийх аж.

Нүдээр харсан гэрчүүдийн хэлснээр, сэжигтнүүд хэргийн газраас оргон зугтсан бололтой.

Ойр орчимд нь түүхэн дурсгалтай олон байшин барилга байдаг учир Лондоны гүүр нь жуулчдын хөл хөдөлгөөн ихтэй байдаг газруудын нэг юм.

Их Британид сүүлийн саруудад нэг бус удаа террорист халдлага болсон билээ. Тухайлбал өнгөрсөн сард Манчестер хотын цэнгэлдэх хүрээлэнд Америкийн поп дуучин Арена Грандын тоглолтын дараа амиа золислогч этгээд тэсрэх бөмбөг дэлбэлсний улмаас 22 хүн амь үрэгдсэн юм. Мөн энэ оны гуравдугаар сард Лондон хотын төвд нэгэн этгээд цагдааг хутгалан хөнөөж, дараа нь автомашинаар таван явган зорчигчийг дайран хөнөөсөн хэрэг гарсан билээ.

Тус улсад ирэх долоо хоногийн пүрэв гарагт парламентын сонгууль болох юм гэж МОНЦАМЭ мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголчуудын бүтээсэн анхны бага оврын хиймэл дагуул “Мазаалай”-г хөөргөлөө

ЗурагМонгол хүний оюун ухаан, хүч хөдөлмөрөөр бүтсэн “Мазаалай” нэрт анхны бага оврын хиймэл дагуулыг өнөөдөр АНУ-ын Флорида мужийн Кеннедийн сансрын төвөөс Монголын цагаар 05:50 цагт хөөргөлөө. Эл түүхэн өдрийг тохиолдуулан МУИС-ийн хамт олон өглөөний 05 цагт сургуулийнхаа өмнөх талбайд өнгө, өнгийн бөмбөлөг хөөргөсөн байна.

ЮНЕСКО болон Япон Улсын Засгийн газрын ивээл дор хэрэгжиж буй “Joint Global Multi-Nation Birds” төсөл нь сансарт гарцгүй улс орнуудыг дэмжин анхны хиймэл дагуулаа бүтээж тойрог замд оруулахад нь туслах олон улсын төсөл юм. Төслийн хүрээнд Монгол, Япон, Нигери, Гана, Бангладеш зэрэг олон улсын таван хиймэл дагуулыг анх удаа нэг зөөгч пуужингаар тойрог замд оруулж байгаа юм.

МУИС-ийн залуу эрдэмтэн судлаачдын бүтээсэн анхны бага оврын хиймэл дагуул нь 400 км өндрөөр дэлхийг тойрч, Шинжлэх ухааны болон технологийн хэд хэдэн шинэ туршилтыг хийх юм. Тодруулбал нисч буй орчныхоо агаарын нягт, цацраг идэвхийн байдлыг тодорхойлох юм байна. Улмаар хиймэл дагуулын байрлалыг оролцож буй орнуудын газрын станцын тусламжтайгаар тодорхойлж, сүлжээ зохион байгуулах, соронзон бүртгэгч болон хурдан камерын тусламжтайгаар пассив навигаци хийх бөгөөд 100 метрийн нарийвчлалтай зураг авч илгээх аж.

Categories
мэдээ цаг-үе

Г.Эрдэнэбилиг: Орон нутгийн үзэгчдээс “Тэнгэрийн хүү”,“Гамлет”-аа тоглооч гэсэн санал ирсэн

УДЭТ-ын жүжигчин, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Г.Эрдэнэбилэгтэй ярилцлаа.


-Соёл урлагийн байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөг өчигдөр боллоо. Энэхүү өдөрлөгт Улсын драмын эрдмийн театр оролцлоо?

-Улсад данстай урлагийн байгууллагууд жил бүр их жанжин Д.Сүхбаатарынхаа талбайд ард түмэнтэйгээ уулздаг. Энэхүү уулзалтаар ард түмэнд урлаг, уран бүтээлээ танилцуулж, тайлагнадаг л даа. Мөн урлагийн бүхий л байгууллагууд нэг дороо цуглаж, холбоо сүлбээгээ нэмэгдүүлэх ач холбогдолтой ер нь их сайхан арга хэмжээ.

Харин манай театрын хувьд Дархан, Эрдэнэт, Дорнод, Сэлэнгэ гэсэн маршрутаар аялан тоглолтоор яваад ирлээ. Хөдөө орон нутгийнхаа үзэгчидтэй уулзаж уран бүтээлээ хүргэсэндээ сэтгэл өндөр байна. Үзэгчид маань ч сайхан хүлээж авсан. “Тэнгэрийн хүү”, “Гамлет” гэх мэт томоохон сонгодог жүжгүүдээ тоглооч ээ ч гэсэн санал ирсэн байгаа. Ямартай ч намрын налгар өдрүүдээр дахин орон нутгийн үзэгчидтэйгээ уулзах болно.

Түүнчлэн монгол түмний их баяр наадам удахгүй болно. Их баяр наадмын ерөнхий найруулагчаар төрийн соёрхолт Н.Наранбаатар ажиллахаар болсныг та бүхэн мэдэж байгаа байх. Мөн манай УДЭТ-ын хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох болно. Өвөрмөц, сайхан шийдэлтэйгээр уран бүтээлээ хүргэхээр зорьж байгаа.

-Таны хувьд тайз, дэлгэцийн шинэ бүтээлүүд дээр ажиллаж байна уу?

-Театрын уран бүтээлчид маань төгсөлтийн баяраа хийж байгаа оюутан залуустаа зориулж “Хэлж зүрхлээгүй хайр” хэмээх жүжгээ тавьсан. Миний хувьд энэхүү жүжигт тоглосон. Удахгүй “Тэнгэрийн хүү” жүжиг маань тоглогдох болно. Энэ мэтчилэн театрынхаа хуваарьт тоглолтууддаа оролцоод явж байна.

Харин дэлгэцийн бүтээлийн хувьд нэгэн кинон дээр ажиллахаар сэтгэл шулуудчихаад байна. Одоогооор бэлтгэл ажлаа базааж байгаа. Энэхүү уран бүтээл нь монгол морины тухай түүхэн кино байх юм.

-Та Драмын театртай хэзээнээс амьдралаа холбосон бэ?

-Би СУИС-ийг 1999 онд төгссөн юм. Төгсөөд л театрт ирсэн л дээ. Гэхдээ 2000 онд тушаал гарч “Театрын жүжигчин” гэсэн үнэмлэхээ гардан авч байлаа. Түүнээс хойш 17 жил тасралтгүй ажиллаж гол болон туслах дүрүүдэд тогложээ. 17 жил гэдэг бол багагүй хугацаа шүү дээ. Би ахмад үеийн гайхалтай жүжигчдээсээ суралцаж, үе тэнгийнхэнтэйгээ зөвлөлдөж, залуу уран бүтээлчдэдээ мэддэг, чаддагаасаа хуваалцаж энэ гал тогоонд буцалж, дэвэрч л амьдарч байна даа. Өнөөдрийг хүртэл театрын хамт олонтойгоо нэгэн гэр бүл мэт хамтдаа байж, халуун дулаан уур амьсгалыг мэдэрч яваадаа баярлаж явдаг. Ер нь тэгээд дуртай зүйлээ хийгээд сайхан хүмүүсээр хүрээлүүлж амьдарна гэдэг хүний амьдралын нэгэн аз жаргал гэж боддог.

-Таны хамгийн анх бүтээж байсан дүр санаанд тань тодхон байдаг уу?

-Намайг оюутан байхад Ч.Найдандорж найруулагч “Ижил хүйстэн” жүжиг тавьсан юм. Тэрхүү жүжгийн уран сайхны хэсэгт тоглох санал тавьсан нь оюутан миний хувьд их азтай тохиол болж билээ. Гэхдээ багахан хэсэгт л дээ. Харин дараа нь Х.Жамбалжамц найруулагчийн найруулсан Английн зохиолч Т.Вертенбекрийн “Манай сайхан эх орон” гэх жүжигт хошууч болон хоригдлын дүрд тоглож байлаа. Дөнгөж оюутны ширээнээс салаад л театрын тайзнаа хоёр ч дүрийг бүтээх даалгавар авч билээ. Тухайн жүжигт тоглосон хүн бүхэн хоёр дүр авснаараа онцлог байсан л даа. Их айж, сандарч байж билээ. Ямартай ч анх тоглосон жүжгүүд минь хэзээ ч мартагддаггүй.

-Театрын жүжигчин болсны дараа үнэтэй зөвлөгөөг хэн өгч байв?

-Би анх театрын жүжигчин болчихоод 21 номерийн өрөөнд орсон юм. Тэр өрөөнд МУГЖ Ч.Алтан-Өлзий ах минь байдаг байлаа. Надад их сайн. Ч.Алтан-Өлзий ах театрын жүжигчин байх тухай, театрын дэг жаяг гээд л үнэтэй зөвлөгөөнүүдийг их өгсөн дөө. Харин одоо МУГЖ Л.Дэмидбаатар, Ц.Цэрэнболд, Ж.Пүрэвдорж ах, Б.Отгонбат, залуу жүжигчин Алтангэрэл гэсэн хүмүүстэй 21 номерын өрөөндөө байна даа.

-Танд шантрах үе байсан уу?

– Ер нь шинэ жүжиг болгон сонирхолтой хийгээд их ажиллагаатай л даа. Бид нэг жүжиг дээр хоёроос гурван сар ажилладаг юм. Тэр бүрт шууд л үзэгчдийн хүртээлд хүрэхүйц сайн болно гэж байхгүй. Жүжиг болгоны цаана судалгаа, маргаан, мэтгэлцээн байдаг. Мөн олон хоногийн нойр хоол, жин хасах, нэмэх асуудал гээд л дүр бүхний ард зовлон шаналал, хүч хөдөлмөр шингэсэн байдаг юм. Тийм ч учраас жүжигчнээс маш их хүч, хөдөлмөр шаарддаг. Ер нь амар зүйл биш л дээ. Миний хувьд хатуу, хөтүү үг сонсоод эсвэл хийж чадахгүй үедээ өөртөө шаралхах тохиолдол байна шүү. Гэхдээ надад бүр больё гэж бодсон үе байхгүй. Харин миний жүжигчин болох ч хол байна даа гэж бодож байсан үе бий. Гэсэн ч аль болох болгохыг л хичээдэг. Найруулагчид болоод үеийнхнээсээ асууж, зөвлөдөг дөө.

-Танд тоглохыг хүсдэг дүр бий юу. Ямар дүрд хувирч, өөрийгөө сорихыг хүсдэг вэ?

-Би түүхэн кинонд монгол баатрын дүр бүтээх юмсан гэж их боддог. Ер нь жүжигчин залуус бүр л монгол хүн болж төрсөн юм чинь баатрын дүрд тоглохыг хүсдэг байх. Миний хувьд театрынхаа тайзнаа “Тэнгэрийн хүү” жүжгийн Модун Шаньюгийн дүрийг бүтээсэн. Үүндээ ч олзуурхаж, баярлаж явдаг. Энэ жүжиг минь монголчуудыг огшоосон сайхан бүтээл болсон гэж боддог. Гэхдээ би дэлгэцийн бүтээлд баатар эрийн дүрийг бүтээж байгаагүй. Богино хэмжээний шторкууд бий л дээ. Тэрхүү шторкуудаар л намайг ихэвчлэн баатрын дүр тоглосон л гэж бодоод байх шиг санагддаг юм.

-Ингэхэд та яагаад жүжигчин болохоор шийдсэн юм бэ?

-Би хамгийн анх зургийн дугуйланд явдаг байлаа. Зураач болох мөрөөдөлтэй байсан хэрэг. Ингээд ДУДС-д конкурс ч өгөхөөр боллоо. ДУДС, СУИС хоёр нэг байранд байдаг шүү дээ. Гэтэл СУИС-ийн кино, драмын ангийн оюутнууд сэргэлэн, цовоо, дуу шуу болсон хүүхдүүд байх юм. Надад тэр нь их гоё санагдсан. Би хэдий зурах дуртай ч шугамын радио сонсоод л зураг зураад суух уйтгартай санагддаг байлаа. Ингээд л СУИС-д шалгалт өгөөд бүр хамгийн өндөр оноог нь авч, МУУГЗ, найруулагч С.Сугар багшийнхаа шавь нь болсон доо. Мөн жүжигчнээс гадна найруулагчийн сонгонд явж, жүжигчин найруулагч мэргэжлээр төгссөн. Ингэж л жүжигчин болсон түүхтэй. Харин манай гэр бүлээс аав минь гитар тоглодог, бас сайхан дуулдаг. Бүр залуудаа урлагийн наадам, уралдаан тэмцээнд оролцож одон медаль авч байсан нь одоо ч байдаг шүү. Харин ээж минь цэргийн байгууллагад ажиллаж байсан. Ээж, аавдаа үргэлж баярлаж, талархаж явдаг юм. Ер нь тэгээд амьдрал гэдэг баялаг басхүү богинохон. Тиймээс сайн аав, сайн хань байхыг хичээдэг дээ.

-Таны хамгийн анхны найруулсан “Аав” кино багагүй амжилтыг дагуулсан. Мөн “Үргээлэг- 2” киног найруулсан байх аа?

-Найруулагч гэсэн мэргэжлээр төгссөн хүн байна үр шимийг нь үзье л гэж бодсон. Ямартай ч “Аав” кино маань маш амжилттай болж “Academy awards-2015” наадмын шилдэг киногоор шалгарсан. Энэ нь надад маш их урам болсон шүү. Сонирхуулахад, би “Аав” киногоо 2015 оны гуравдугаар сарын 6-нд нээж, харин хүү минь 8-нд нь төрсөн сайхан тохиол болж байлаа. Ер нь 2015 он миний хувь амьдрал болоод уран бүтээлд олз омог дүүрэн сайхан жил болсон доо. Харин дараа нь “Үргээлэг-2” киноныхоо гол дүрд тоглоод мөн найруулсан. Хоёр чухал үүргийг зэрэг гүйцэтгэнэ гэдэг амаргүй даваа юм билээ. Гэхдээ хэлье гэсэн санаагаа хэлж чадсан.

-Саяхан жүжигчин Г.Амгаланбаатарын “Хязгааргүй орон зай” хэмээн уран бүтээлийн цэнгүүн болсон. Энэхүү тоглолтод “Драмын дөрөв” хамтлаг ямар уран бүтээлээ хүргэсэн бэ?

-Г.Амгаланбаатар маань саяхан уран бүтээлийн цэнгүүнээ хийлээ. Мэдээж “Драмын дөрөв” хамтлаг оролцсон. Хамтдаа тоглосон жүжгүүдийнхээ хэсгээс цоморлиг болгон үзэгчдэдээ хүргэлээ. Мөн бусад уран бүтээлүүдээ хүргэсэн байгаа.

-Таны хувьд цэнгүүнээ хэзээ хийх бодолтой байгаа вэ?

-Яг одоогоор бол бодсон юм алга. Цаг нь болохоор хийх байх.