Categories
мэдээ цаг-үе

С.Молор-Эрдэнэ: Ц.Гомбосүрэн та Чингис хааныг түүхийн ном, музейд нь үлдээгээд орчин үе, XXI зуунд хүрээд ир

Философич С.Молор-Эрдэнэтэй ярилцлаа.


-Манай сонинд нийтлэгдсэн “Чингис хаан эх орондоо юу ч бүтээгээгүй“ гэх гарчигтай ярилцлага тань шуугиан тарьсан шүү. Олон хүн үзэл бодлоо илэрхийлсэн?

-Тэгсэн үү.

-Тэгсэн.

-Би мэдээгүй шүү дээ. Фэйсбүүк хаягаас эхлүүлээд миний хамаг юм хаагдчихсан.

-Тэрэн дунд Ц.гомбосү-рэн гэдэг хүн таны ярилцлагатай санал нэгдэхгүй байгаагаа илэрхийлж манай сонинд томоохон нийтлэл хэвлүүлсэн. Та тэр нийтлэлийг харсан уу?

-Сая л гарчигласан төдий гүйлгэж харлаа. Ц.Гомбосүрэн гэж хэн юм бол. Санал гээд шууд тулгачихсан болохоор тэр нийтлэлийг унших ямар ч шаардлага байхгүй. Хоёрдугаарт, надад өөр чухал сайхан сайхан номууд байна. Миний амьдралын цаг бага. Тиймээс би цагаа хэрэгтэй, зөв, надад ухаан өгөх, оюуны таашаал өгөх тийм л зүйлсийг уншихад зориулна уу гэхээс ингэж санал нийлэхгүй байна, эсэргүүцэж байна гэж бичсэн нийтлэлийг унших ёстой ч биш. Хүн хэн нэгэнтэй санал нийлэхгүй байж болно. Надтай санал нийлэхгүй байгаа хүмүүс гадаа гудамжаар дүүрэн л алхаж байгаа. Тэр болгон ингэж Молор-Эрдэнэтэй санал нийлэхгүй байна гэж бичээд байх уу. Хэрвээ онол, философийн мэргэжлийн түвшинд надтай ярилцах гэж байгаа бол арай өөрөөр нэрлэх хэрэгтэй. Гарчиг нь ч өөр, бичиж байгаа хэлбэр нь ч өөр байх хэрэгтэй. Олон ургальч үзэлтэй ямар ч хамаагүй. Олон ургальч үзэл байж болохгүй юм байгаа юм. Хэрвээ монгол оронд бүгд олон ургальч үзэлтэй байвал бид хөгжихгүй. Бид нэгэнлэг үзэлтэй байж улс орон минь хөгжинө.

-Ц.гомбосүрэн гэх хүн таныг онол, түүх, улс төр, түүхийн талаар мэдлэггүйн дээр солиорч дэмийрч байна гэж бичсэн байна билээ. Тус бүрт нь дэд гарчиг өгч байгаад тодорхой жишээнүүд авч тайлбарласан байсан шүү?

-Би Германы Мюнхений их сургуульд философийн докторын цол хамгаалсан. Хэрвээ би дэмийрсэн бол Германы тэр их сургуулийг дэмийрсэн хүмүүсийг үйлдвэрлэдэг гэж хэлэх байх. Миний герман профессорыг бас дэмийрсэн гэх байх. Тэгэхээр би тэр хүмүүсийн нэрийг бодоод өөрийгөө хамгаална. Би дэмийрээгүй. Яагаад гэвэл би тэр хүмүүсийн заасан философийн докторын түвшиндээ номоо бичсэн. Би герман, англи хэл дээр ном уншдаг.

Би бүр хэд хэдэн удаа номуудаа тавьж байгаад you¬tube дээр ярилцлагаа оруулж байсан. Наад Ц.Гомбосүрэн гэдэг хүн чинь ямар хэлтэй юм, ямар ном уншсан юм. Англи хэл дээр ном уншдаг хүн юм уу, намайг шүүхээр, миний мэдлэгийг шалгахаар тийм олон гадаад хэл дээр өчнөөн мэргэжлийн ном уншсан олон улсын түвшинд ярьчихаар тийм хүн мөн үү, биш үү. Би олон улсын философийн хурал дээр илтгэл ч тавьдаг. Миний докторын ажил интернэтэд герман хэлээр байж л байгаа. Хэн ч ороод үзэж болно. Миний хоёр ч докторын ажил байгаа. Би чинь Германд хоёр ч докторын ажил хийсэн. Нөгөөтэйгүүр би чинь инженер техникийн мэргэжилтэй хүн. Тийм болохоор би яагаад ч дэмийрч чадахгүй л дээ. Дэмийрэх эрх ч байхгүй.

-Таныг Германчуудын “илгээлт”-ээр ирж энд Монголын үүх, түүх эзэн дээдсийг доромжилж байгаа. Тиймээс таныг ер нь Герман руу явж амьдар гэх утгатай зүйлийг бичсэн байна лээ?

-Ингэсэн бол энэ нийтлэлийг барьж аваачаад Гадаад харилцааны яаманд үзүүлэх хэрэгтэй. Германчууд бидэнд маш их тусалж байгаа, хоёр орны харилцаа сайжирч, манай маш олон залуус тэнд сурч байгаа. Доктор болох гээд олон залуу Германд байж байгаа. Энэ бүгдийг одоо тэгээд яахав. Энд байгаа германчуудыг яахав. Герман хүнтэй гэр болсон олон хүн байгаа. Германы Элчин сайдын яам, Германы олон байгууллага байна. Тэр бүгдийг үгүйсгэж байна шүү дээ. Энэ нийтлэлийг бичсэн хүн надаар далимдуулж Германы ард түмэн, Европын холбоог авч яваа, дэлхийн том том философичдыг төрүүлсэн Германыг доромжилж байна. Хэрвээ энэ хүн өөрөө филисофич хүн юм бол Германы Кант, Ницше нарыг хүндэтгэх ёстой. Тэгтэл тэгсэнгүй. Тэгэхээр наад хүн чинь философич хүн биш байна.

-Ер нь өвөг дээдсээ муухайгаар хэлж, үүх түүхээ дээдлээгүй хүнийг урвагч гэдэг. Тиймээс таныг урвагч гэж цохсон байна, уг нийтлэлд?

-Философич хүн ийм л байдаг. Философич хүн нийгмийг айхавтар гярхай харж, шүүмжилж бичдэг хүмүүс байхгүй юу. Ер нь аль ч улс оронд ийм хүмүүс байдаг л даа. Герман, Италийн алдартай философичид ийм замыг туулсан. Ярьсан хэлсэн нь таалагдаагүй хүмүүс гудамжинд чулуу шидэж, лекцийг нь сонссон оюутнууд нь шөнөөр очиж байшингийнх нь цонхийг хагалж дургүйцлээ илэрхийлж байсан гээд философичдод тохиолдсон хэцүү зүйл олон байдаг. Гэтэл одоо намайг тэгэхэд бэлэн болчихож. Миний фэйсбүүк сүүлдээ бүр болохоо байгаад тэгснээ ажиллагаагүй болчихсон. Цахим ертөнцөд над руу дайрсан хүмүүстэй ойрхон байвал намайг цохиод авахаар байсан шүү. Гэхдээ нөгөө талаар нэг зүйл байна. Би нэг найзтайгаа уулзахаар гудамжаар явахад над руу хүмүүс хараад байсан. Бүр айхавтар таньж байна. Хүмүүс над дээр ирээд үг хэлсэн. Хэлсэн үг нь нэг их айхавтар эсрэг байгаагүй шүү, “Ер нь л хэлэх хэрэгтэй шүү дээ”, “Чи харин ч зоригтой байгаарай” гэж намайг зоригжуулсан юм хэлж байсан. Би нийгэм, улс орныхоо эсрэг тийм ч их аюултай ноцтой буруу, эсрэг зүйл хэлээгүй л байхгүй юу, яг үнэнийг хэлэхэд. Яахав философичийн нүдээр харахад Улаанбаатар хот, өнөөдрийн Монгол орны хөгжил, эрх чөлөөт орчин үеийн амьдрал, бүгд байр, машинтай болчихлоо, гадаадад сурцгааж байна, олон улсын харилцаатай болчихлоо. Энэ сайхан орчин үеийн хөгжлийн суурийг хэн тавьсан юм бэ гэдгээ л асуух хэрэгтэй болчихсон байхгүй юу. Бид орчин үеийн амьдралд ороод ирчихсэн байж тэр 800 жилийн тэртээх Чингис хааныг яриад байвал эргээд бидэнд саад болж, биднийг хойшоо л татна. Бид урагш харж, улам л орчин үеийн болох ёстой байхгүй юу. Тэгтэл энэ мухар сүсэг, Чингис хаан, энэ шашны янз бүрийн юмнууд, ээж, аав, эмээ, өвөөгийн ламд очиж ном уншуулна гэдэг зүйл хэцүү болоод байна. Одоо шалгалт дөхөөд ирсэн чинь МУИС, ШУТИС-аар дүүрэн ламд ном уншуулсан оюутнууд. Ламаас “Би шалгалтдаа тэнцэх болов уу”, “Дипломын ажил маань сайн дүн авах нь уу” гээд л асуух нь өөрийнхөө хүчинд итгэхгүй , өөрийнхөө чадалд итгэхгүй, цаанаасаа зурсан хувь тавилан, зураг төөрөгтөө итгэхгүй, ламаар ном уншуулбал шалтгалтдаа тэнцчихнэ гэсэн ийм орчин үеийн биш өнөө л арчаагүй, эртний хоцрогдсон амьдралдаа хорогдоод байгааг нь харахаар философич хүний хувьд шүүмжлэлтэй л байдаг юм.

-Таныг Солонгост очоод тасалбартай лекц тавихад хүмүүс ирж үзээгүй учир түүнд бухимдаад монголчуудыг доромжилсон юм ярилаа гэсэн байна лээ?

-Би БНСУ-д очиж лекц тавьсан. Олон хүн ирж суусан. Интернэтэд уг лекцийн үеэр авсан зураг хөрөг дүүрэн байгаа. Харж болно.

-“Чингисийн этик” ном тань амжилтад хүрээгүй учир хорсож хонзогносондоо ингэж Чингис хаан, эх түүхээ доромжилдог гэжээ, бас?

-“Чингисийн этик” чинь 2012 оны ном байхгүй юу. Таван жилийн турш хорсож хонзогноно гэдэг чинь бас л удаан хугацаа биз. Энэ номд би юу гэж бичсэн бэ гэхээр “Ард түмнийг хоол ундтай, байр орон сууцтай, мэргэжил мэдлэгтэй болгож, авч явах тийм хүн чанартай, сэтгэлийн тэнхээтэй төрийн удирдагч хэрэгтэй” гэсэн. Бүр ингэж байгаа юм. “Ганзагын наймаанаас өгсүүлээд Өмнөд Солонгосын хар ажилчин болох хүртлээ монгол хүн эзэнгүй явна гэдэг ямар их түүхийн завхрал вэ” гэж. Намайг Солонгост очиход тэнд ажилладаг монголчууд надтай ирж уулзсан. Манай монголчууд хүнд ажил хийдэг. Тэр ажилд бараг монгол хүнийг л ажиллуулдаг гэсэн. Өөр орны хүмүүсийг ажиллуулахаар өнөөдүүл нь чаддаггүй гэж байгаа юм. Монголчууд минь ийм болчлоо, удирдагч маань хаана байна вэ гэж би асуугаад байгаа байхгүй юу. “Чингисийг шүтэхдээ эсвэл магтахдаа биш. Чингис шиг эрхэм хүн яаж болох вэ гэдэг л чухал” гээд эрхэм хүн болохын хэд хэдэн шинжийг уг номондоо дурдсан. Үүнд шулуун зан, гүргэр ааш, шударга ёс, хүн хүндээ тусч, нийтэч, шуналтай биш, эвтэй, тэгэхдээ амбийцтай, хатуужилтай байдаг ийм л удирдагч бидэнд хэрэгтэй гэдгийг бичсэн юм. Түүнээс биш энд математик, физикийн мэргэжилтэй хүн гэж бичээгүй. XXI зууны монголчуудад бүгдийг тунгаан бодох хариуцлагатай цаг ирсэн. Гэтэл миний ярилцлагын эсрэг нийтлэл бичсэн энэ хүн хариуцлагатай цаг ирчихээд байхад тэрийг ухаарахгүй байна шүү дээ. Хуучнаараа байгаад байна. Би бол шинэ үеийн сэхээтэн. Шинэ үеийн сэхээтнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Шинэ үеийн сэхээтэн айхавтар хурц үг хэлнэ. Номтой, ардаа хамгаалах сургуультай. Өнөөдөр бидэнд нийгэм, улс төрийн онол хэрэгтэй болоод байна. Социализм гээд болсонгүй, ардчилал гээд бүр болсонгүй, баларлаа шүү дээ. Тэгэхээр одоо бид энэ дэлхийн бүх онолыг уншиж байгаад өөрсдөдөө таарсан изм-тэй болох хэрэгтэй байна. Тэр измээрээ явах хэрэгтэй гэдгийг л би яриад байгаа юм. Изм нь ямар ч байсан Чингис байхаас өөр аргагүй юм байна гэдэг рүү явсан. Гэхдээ нэг хүнийг бариад байх хэцүү гэдэг нь харагдсан. Гадны зарим оронд очиход Чингист дургүй байна ш дээ. Манай номын санг шатаасан гэж гомдоллодог. Эх орондоо номын сан барьж бүтээхийнхээ оронд хүний номын санг шатааж явсан тэр хүмүүсийг бид одоо улаан цайм хамгаалаад байж болохгүй шүү дээ. Дэлхийн түүх гэдэг чинь хоорондоо уялдаатай байдаг. Нэг ард түмний тусдаа түүх гэж байдаггүй байхгүй юу. Бид Монголын түүхийг ярихын тулд Хятад, Араб, Түвд, Оросын түүхийг ярихаас өөр аргагүй. Орос түүхээ яривал Монгол, Хятад, Европыг ярихаас өөр арга байхгүй. Хятад түүхээ яривал Азийн орнууд, Япон, Солонгосыг ярихаас өөр боломжгүй. Тиймээс ганцаараа түүхтэй орон гэж байхгүй.

-Сэтгэлгүй хүн л Чингис хаан, түүхээ муулдаг. Тиймээс таныг ямар ч сэтгэлгүй муу хүн гэсэн байна?

-Сэтгэлгүй байсан бол ийм юм бичихгүй, ингэж явах ч үгүй. Би маш их тэнхээтэй хүн. Энэ бүхний эсрэг бид хөгжих ёстой, урагшлах ёстой шүү. Дэмий, хоцрогдсон, хойно үлдсэн, мухар сүсгийн, түүх гэж нэрлэсэн зохиомол номноосоо салах ёстой. Шинэ замд гарах цаг нь болчихсон. Энэ зуунд бүгд ирэх ёстой. Гэтэл энэ хүн яагаад энэ зуунд ирэхгүй байгаа юм. Яагаад татгалзаад байгаа юм. Яагаад орчин үеэс татгалзаад байгаа юм.

Шинэ үеийн залуучууд энэ хүний нийтлэлийг уншаад дотор муухай оргино. Уг нь ийм хүмүүс шинэ үеийн хүмүүсээ, шинэ хөгжил рүү явж байгаа үеэ дэмжиж хамтарч хамт явах хэрэгтэй. Би энэ Ц.Гомбосүрэн гэдэг хүний бичсэн юмыг ойлгохгүй л байна. Яагаад ийм юм бичсэн юм бол. Би Чингисийг муулаагүй. Харин түүний талаар юу гэж бичсэн бэ гэхээр бүгд л Чингис, Чингис гэх юм. Хаа л бол хөшөө босгохоор Чингис, зураг зурахаараа Чингис, архи үйдвэрлэхээрээ Чингис. Нэг үндэстэн, тодорхой ард түмэн нэг л хүний нэрээр хоол олж идэх гээд байгаа юм уу. Өөрсдөө хоол олж идэж чадахгүй юу. Өөрсдөө хөгжөөд явчихаж чадахгүй юу. Чингисийг түүхийн ном, музейд нь үлдээчих. ХXI зууны монголчууд арай өөр. Энэ зуундаа хүрээд ирцгээ. Таны тэр үе тэр үедээ л байсан. Өнөөдөр цаг үе, шаардлага өөр. Тиймээс үүндээ нийцсэн, таарсан, ухаантай хөгжилтэй болох ёстой. Хүн бүр хөгжих ёстой. Бидэнд эзэн ч хэрэггүй.

-Бусдаас өөрөөр сэтгэж, өөрийгөө илэрхийлж, үзэл бодлоо хэнээс ч айлгүй хэлсэн рүүгээ ноход шиг боорлодог цаг үед бид амьдарч байна. Та үүнийг биеэрээ мэдэрч яваа?

-Үргэлж.

-Энэ бүхнийг та философи талаас нь тайлбарлахгүй юу. Нэгэн рүүгээ ингэж хайр найргүй дайрдаг нь сайн юмны илрэл биш болов уу. Яачихсан нийгэм юм бэ?

-Яачихсан нийгэм юм бэ гэдэгтээ ч биш. Бид ерөөсөө боловсрол гэдэг юмыг устгачихсан. Диплом авахад дэндүү амархан. Диплом өгч байгаа нь багш нь ч боловсролтой биш. Хэн нь мэдэгдэхгүй хүн надад зориулж доромжилсон нийтлэл бичээд сууж байна. Яг л ийм байна. Энэ бол Монгол. Өнөөдрийн Монгол яг л ийм байгаа. Хүн шинэ юм, хэрэгтэй юм, өөр юм ярихаар шууд л солиотой, галзуу өвчтэй гэдэг. Сүүл рүүгээ намайг урвагч гэж байна. Намайг Монголын нутгаас бараг хөөж гаргах нь байна шүү. Миний эх нутагтаа эрх чөлөөтэйгээр амьдрах эрх минь зөрчигдөж эхэлж байна. Ийм юм бичиж байгаа хүнийг би бараг шүүхэд өгөх нь байна шүү. Энэ хүн намайг урвагч гэлээ. Энэ үгийг чинь хүн болгон хэлээд байдаггүй. Энэ нийтлэлээр шүүхэд гомдол гаргах бүрэн боломжтой. Миний нэр төрд халдаж, дайрч доромжилсон байна. Хэрвээ намайг автобусанд хэн нэгэн ингэж доромжилсон бол хэцүү. Би гэрч хайгаад гүйнэ. Харин энэ нийтлэл бичсэн хүнийг олоод өгнө. Өөрийгөө бариад өгчихөж байна. Энэ бүхэн чинь боловсрол үгүйлэгдэж байгаагийн шинж. Боловсролыг социализмын юм гээд ойлгочихсон. Уул нь социализмын юм биш байхгүй юу.

Хүн төрөлхтөний юм. Дипломыг бид дэндүү амархан авчихдаг. Их сургуулиа төгслөө гээд талбай дээр баяраа тэмдэглэж байгаа залуус юу сурсан гэж баярлаж байгаа билээ. МУИС-ийг төгсч байгаа хүн сэхээтэн мөн үү. Уул нь энэ сургуулиас сэхээтэн төрөх ёстой, тийм биз дээ. Гэтэл манайд сэхээтэнтэй болох боломж алга. Сэхээтний давхарга байхгүй. 1960, 1970-аад оны үед хэдхэн сэхээтэнтэй байсан. Сэхээтэн, хэлж өгөх, зааж өгөх хүнгүй болчихсон. Юу нь болохгүй байна, бүтэхгүй байна гээд асуух гэхээр өнөө л хэд. Мухар сүсэгтэй, эсвэл худлаа яруу найрагчид, эсхүл улстөрийн намын лобби ч юм уу тийм л хүмүүсээс очиж асуугаад байгаа юм. Олон нийтийн сэхээтэн гэж гоё үг бий. Би чинь чөлөөт философич хүн учраас ардаа хэн ч байхгүй. Энэ чинь надаас авах нэг гоё юм байхгүй юу (инээв). Фиоософич хүн хэлэх ёстойгоо хэлнэ. Энэ миний үүрэг. Олон нийтийн сэхээтэн, нийгмийн сэхээтэн хүний үүрэг бол үргэлж хэлж байх ёстой. Хэлж бай гэж надад хэл заяасан. Тийм учраас би хэлэх л ёстой. Хэлэхдээ би онолтой, номтой л хэлнэ. Сэтгэлийн хөдлөлдөө автаад хашгирчихаж байгаа юм биш шүү дээ.

-Таныг эсэргүүцэж байгаа энэ мэт хэсэг байгаа ч эергээр хүлээж аваад дэмжиж байгаа хүмүүс байна. “Бид хэтэрхий туйлширчихсан байна. Энэ хүн юмыг арай өөрөөр хараасай гэсэндээ ингэж ухаалаг ярьж байна” гэж өмөөрөад “Ганц Молор-Эрдэнэ багадаад байна. Дахиад түүн шиг хоёр гурван хүн гарч ирээд монголчуудыг сэрээх хэрэгтэй” гэсэн сэтгэгдэл, пост их харагдлаа.

-Яг үнэн. Үүн шиг үнэн юм байхгүй. Би түрүүлж гарч ирсэнээрээ маш их эрсдэл үзэж байгаа. Дараагийн хүмүүс ийм юм үзэхгүй л дээ. Тэд бөөн баяр болно. Хамаг юмыг нь би цээжээрээ хамгаалчихсан юм чинь. Дараагийн үе, шинэ үеийн залуус ёстой азтай. Над шиг ийм юм үзэхгүй. Монголын нийгэмд голидролдоо орох гээд худлаа, буруу, сонин юм дуусч байгаа гэдэг нь энэ бүхнээс харагдаж байгаа юм. Хүмүүс намайг ухаалаг гэж харж, миний талд хүмүүс орж байна гэдэг чинь хүний үгийг даган гүйдэг, өөрийн гэсэн бодолгүй, айхавтар сэтгэлийн хөдөлгөөнтэй, юм л бол Чингис ярьдаг, нэг л их түүхээрээ бахархаад байдаг яг үнэндээ юугаараа ч бахархаад байгаагаа мэдэхгүй бахархлуудтай тэр үе үүгээр дуусгавар болж байгаа байхгүй юу. Та бүхэнд яваандаа мэдэгдэнэ.

Categories
мэдээ цаг-үе

Уул уурхайн салбарын идэвхжил, сайн мэдээ эдийн засаг өсөхөд нөлөөлжээ

-ТОРОНТО, ХОНГКОНГ, АВСТРАЛИЙН БИРЖИД БҮРТГЭЛТЭЙ КОМПАНИУДЫН ХУВЬЦААНЫ ХАНШ ЧАНГАРЧ БАЙНА-

Валютын харилцах хадгаламж 56.2 тэрбум төгрөгөөр буурсан гэж Монголбанкнаас зарласан ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр мэдээллээ. Төгрөгийн хадгаламж 88.4 тэрбум төгрөгөөр өссөн байна. Нийт хадгаламжийн 73.4 хувийг иргэдийн төгрөгийн хадгаламж, үлдсэнийг нь валютын хадгаламж эзэлж байгаа аж. Валютын хадгаламжаа төгрөгт шилжүүлэх явц он гарснаас хойш эрчимжсэн гэнэ. Хугацаа хэтэрсэн зээл түрүү сарынхтай ижил, нийт зээлийн долоо гаруй хувийг эзэлж байгаа юм байна. Ипотекийн зээлийн 1.8 хувь нь л чанаргүй зээл гэсэн ангилалд багтжээ. Төгрөгийн хувьд ам.доллар, юанийн эсрэг чангарч, евротой харьцах ханш нь тогтворжсон гэж төв банкнаас мэдээлэв. Олон улсын валютын сангийн хөтөлбөр хэрэгжсэнээр валютын нөөц нэмэгдэж дөрвөн тэрбум ам.доллар хүрэх, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтворжих, гадаад өрийн зохистой бүтэц, өрийн тогтвортой байдал хангагдах зэрэг эерэг өөрчлөлтүүд бий болох хүлээлттэй байгаа гэж Монгол банкнаас мэдээлсэн юм.

Эдийн засгийн өсөлтийн гол шалтгаан нь уул уурхайн салбарын идэвхжил, сайн мэдээ гэсэн тайлбар анхаарал татав. Нүүрсний үнэ өссөний дээр экспорт нь нэмэгдсэн, зэсийн үнэ муугүй байгаа, төмрийн хүдрийн үнэ өсөлттэй гэх зах зээлийн эерэг орчин уул уурхайн салбарын идэвхжилд нөлөөлжээ. Мөн энэ салбарт дуулдаж буй сайн мэдээнүүд ч эдийн засагт эергээр нөлөөлсөн аж.

Хонгконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй MMC-гийн хувьд хувьцааны ханш нь энэ сарын 25-нд хамгийн өндөр буюу 24 орчим хувиар өсч арилжааг хаасан бол Хөшөөтөд нүүрс олборлодог “Mongolian energy corporation”-ий хувьцаа 5.7 хувиар өсчээ. Хөшөөтийн хувьд Шинжаан Уйгарын автомат бүсийн баруун хойд хилийн боомтоор хийдэг нүүрсний экспортоо зогсоосон ч удахгүй үргэлжлүүлэх хүлээлттэй байгаа юм. “ММС”-гийн тухайд Таван толгойн нүүрсний экспорт сэргэсэн нь сайн мэдээ болж буй. Үүнээс гадна “Энержи ресурс” компанийн Өмнөд Монголын гангийн хамгийн том үйлдвэр Bao­tou Iron & Steel групптэй 10 жилийн, урт хугацааны хамтын ажиллагааны гэрээ байгуулсан нь хувьцааны өсөлтөд нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байна. Baotou Iron & Steel группийн тухайд бидний ярьж заншсанаар Бугатын гангийн үйлдвэр юм. Бугатыг Хятаддаа Монголын хилтэй хамгийн ойр байрлалтай, ган үйлдвэрлэлийн төв бүс, гол зах зээл гэдгийг уншигчид андахгүй. Гэрээний хүрээнд “Энержи ресурс” жил бүр таван сая хүртэлх тонн баяжуулсан коксжих нүүрсэн бүтээгдэхүүнийг Бугатын гангийн үйлдвэрт шууд нийлүүлнэ. Монголын Таван толгойн нүүрсэн бүтээгдэхүүн ямар нэгэн дундын зуучлагчгүйгээр, эцсийн хэрэглэгчдэд шууд хүрнэ гэсэн мэдээ зах зээлд сайн мэдээ болж хүрсэн хэрэг. Нүүрсээ дотооддоо өртөг шингээн баяжуулж, бүтээгдэхүүн болгосны эцэст экспортлоод, эцсийн хэрэглэгчдэд шууд нийлүүлэх нь эдийн засагт шууд эерэг нөлөө үзүүлэх юм. Төмөр зам, дэд бүтэцгүй, дээр нь Таван толгойд нэгдсэн менежмент, үнийн бодлого байхгүйгээс нүүрсээ уурхайн амнаас түүхийгээр нь гаргаж, Хятадын ченжүүдэд ашиг, орлогоо алдаж буй ийм үед Бугатын гангийн үйлдвэртэй шууд харилцаж эхлэх гэрээ сайн мэдээ болж байгааг МMC-гийн хувьцааны огцом өсөлт харууллаа.

Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эрдэнэресурс девелопмент” компанийн хувьцааны ханш ч өгсч байна. Энэ сарын 25-ны мэдээгээр хувьцааных нь ханш 2.5 хувиар өсчээ. “Эрдэнэресурс девелопмент”-ийн хувьд Алтаннаран, Баянхөндийн алт зэсийн ордод хайгуул хийж буй. Тус компани өнөө жил Торонтогийн хөрөнгийн бирж дээр 13.8 сая канад долларын хөрөнгө босгосон нь Монголын хайгуулын салбарт 2012 оноос хойш дуулдсан хамгийн том санхүүжилт болсон юм. Канадын “Эрдэнэ ресурс”-ийн хайгуул хийж буй төслүүдээс хамгийн их анхаарал татаж байгаа Баян хөндийн алтны орд газрын нөөцийн хэмжээ өмнө нь төсөөлж байснаас үлэмж их болох нь батлагдсан гэх мэдээлэл сүүлд дуулдсан. “Алтан нар” төслийн хувьд 2011 оны дунд үед компанийн геологичид уг ордыг илрүүлж өнөөг хүртэл хайгуул хийж байна. Алтан нар орд манай улсын баруун өмнөд хэсэгт байрлах Тиан Шан зэс-алтны бүсэд багтдаг, Хятадын Сэкэ хотоос 250 км-т байрладаг юм. Энэ бүсэд Оюу толгой орд ч багтдаг.

Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Профес девелопмент” компанийн хувьцаа ч 2.65 хувиар чангараад байна. Улаан овоогийн нүүрсний ордод олборлолтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Профес девелопмент” компани нүүрснийхээ боломжит хэрэглэгчдийн судалгааг хийж эхэлжээ. Үүнээс гадна Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Монголд үйл ажиллагаа явуулдаг ихэнх компаниудын хувьцааны ханш өссөн дүнтэй байна.

Нэмж онцлоход өнгөрсөн оны төгсгөлд нүүрсний үнэ огцом өссөн нь манай эдийн засагт эерэг нөлөөлсөн бол өнөө жил уул уурхайн салбарт металлын хайгуул ба олборлолтын төслүүд дажгүй амжилттай хэрэгжих таамаг байна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ам чөлөөлөх хөдөлгөөнийг улам өргөжүүлэх хэрэгтэй

Богд уулын ам чөлөөлөх хөдөлгөөн нийгэм даяар өрнөж байна. Манай сонин ч энэ асуудлыг хөндсөөр өнөөг хүрсэн. Дархан цаазат уулын аманд газартай хүмүүсийн газрыг хураа гэж байгаа юм биш л дээ. Ард түмэнтэйгээ л хуваалц гэсэн санаагаар энэ асуудлыг хөндөж байна. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн уулын бүхэл бүтэн нэг аманд ганц хүн эзэн суудгийг болиулъя, нийтээрээ амарч зугаалдаг, алжаалаа тайлдаг, үр хүүхэд, гэр бүлээрээ зорьдог газар болгоё гэж дээр дооргүй яриад эхэлсэн нь сайн хэрэг. Богд уулын амыг олноороо ашиглахын эерэг жишээ цөөн ч гэлээ бий. Хүрхрээгийн ам байна. “МСS” тэнд “Sky resort” гэж цанын бааз байгуулсан. Нийслэлчүүдийн чөлөөт цагаа аятайхан өнгөрөөдөг газруудын нэг. Улаанбаатарчууд олноороо цэвэр агаарт гарангаа цана, чаргаар гулгах гэж “Sky resort”-ийг зорьдог. Төлбөрийн хувьд жаахан үнэтэй байж магадгүй ч Богд уулын аманд ийм газар байгуулна гэдэг сайн жишээ.

Ганц хүн эзэн суусан амнуудыг “Sky resort” шиг хүн зоноороо чуулдаг газар болгох хэрэгтэй. “MCS”-ийн байгуулсан цанын бааз шиг том бүтээн байгуулалт өрнүүлж чаддаггүй юмаа гэхэд амныхаа тодорхой хэсгийг чөлөөлөөд иргэдийн машинаа тавиад цааш алхдаг авто зогсоол, шорлог хийгээд тухалж амардаг хэсэг гарга гэсэн шаардлага тавихад болохгүй юм огтоосоо байхгүй. “Дүнжингарав” амралтын газраас дээш Дугуй цагаан, Дашийн хад руу аялагчид цувдаг. Уулын бэлээс оргил хүртэл тун аятайхан жим гаргачихсан учраас тийш алхдаггүй хүн ч гэж байхгүй болж. Өгсч яваад амрах цэг гэхэд л хоёр, гурваараа. Байсхийгээд чиг, метр заасан самбартай, ер нь л тун давгүй тохижуулсан жим. Амуудыг эзэгнэнхэн төрсөн эрхмүүд ам бүрдээ ийм жим гаргаад өгчихвөл ядаж л өнөөдрийнх шиг хэл ам гараад байхгүй.

Жаргалантын амны наахна Нүхтийн ам гэж бий. Тансаг хаусууд, хүн орж болдоггүй том цогцолборуудтай учраас жирийн иргэдийн хувьд хориотой бүс болчихсон газар. “Ажнай” Д.Бат-Эрдэнийн гэгддэг “Нүхт” цогцолбор гэхэд л мөнгөө төлсөн бийлэгжүү нөхдөөс бусдад нь хаалттай. Сүүлд тэнд өрнөсөн бүтээн байгуулалт гэвэл “Корпорэйт” зочид буудал. Мөн л мөнгөө төлөөд ирсэнд нь нээлттэй. Улстөрч, бизнес эрхлэгчдийн тухалж амардаг тансаг хаусууд бол энд өчнөөнөөрөө. “Гачуурт”-ын Л.Чинбат байшингийнхаа хашаанд ихрүүдийн цэцэрлэг гэж байгуулсан нь харин олзуурхам жишээ. Тоглоомын талбайтай тэр цэцэрлэгт хүрээлэн ихрүүдэд нээлттэй. Энгийн олон ойртож болдоггүй энэ амыг иргэдэд нээлттэй болгох боломж мэдээж бий. Аяллын жим, амарч зугаалах хэсэгхэн талбай гаргах бүрэн боломжтой. Мөнгөтэй цөөхүүл эзэн суухаас өмнө энэ ам нийслэлчүүдийн салхинд олноороо гардаг газар байсан юм. Түүх өгүүлсэн хөшөө дурсгалтай багахан цэцэрлэгт хүрээлэн байгуулчихад л нийслэлчүүд Нүхтийг гэр бүлээрээ зориод эхэлнэ. Түүхэн явдал өрнөсөн ам учраас ийм цэцэрлэгт хүрээлэн байгуулахад болохгүй гэх газаргүй. 1911 оны нэгэн түүх энэ амтай холбоотой. Монголын ноёд Богд хаанд Бат-Оршил өргөнө гэдэг нэрээр хүрээнд цуглаж энэ газар нууцаар чуулж байв. Энд л монгол ноёд Манж Чин улсаас тусгаарлах асуудлыг хэлэлцэж, Орос улсаас тусламж гуйх шийдэлд хүрсэн юм. Чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд, Хайсан гүн нарыг Орос улс руу томилон илгээх шийдвэр гаргасан энэ амны нэгэн модны доор Өндөр гэгээн Занабазар шүншиг хийж үйлдсэн гэх домог ч дуулддаг. Гэгээнтний сүүдэрт нь сууж асан модны нэр нь Жанчивсэмбэ, тэр модонд шар, хөх өнгийн навчис ургадаг, шар навчнаас хүртвэл шашны номд, хөх навчнаас хүртвэл төрийн номд сайжирна хэмээн домоглодог. Ийм газарт түүхэн хөшөө дурсгалтай цэцэрлэгт хүрээлэн байгуулахад яг тохирно. Машины зогсоол байгуулах ёстой амнуудын нэг нь Нүхт. Иргэдэд машинаа тавиад алхах боломж олгочихвол “Нүхтэд баячууд эзэн суужээ” гэх элдэв мэдээлэл хөврөхөө байна.

Арцатын ам байна. Бурхан багшийн хөшөө энэ тэр гэсхийгээд ажин түжин болчихсон газар. Иргэдэд алхдаг, зугаалдаг жим гаргаж өгөх ёстой газруудын нэг. Богинын аманд ч уул руу алхдаг жим гаргамаар байгаа юм. Зайсангийн аманд “Энигма” гэж компани 2003 оноос 41 га газар эзэмшиж байна. Зайсан толгойн түүхийг мэдэхгүй хүн үгүй байх аа. 1800-гаад оны үед Богд хаанд бараалхах шавь, отгийн захирагч нар энэ толгойн ар өврөөр түр нутагладаг байж. Богд хаан захирагчдын цол хэргэмийг харгалзан үзэж Зайсан толгой хэмээн нэрлэх болсон гэдэг. Төрөөс Зайсан хэмээх цол олгосон гэж ам дамжин яригдаж ирсэн энэ толгойн элгийг цөмлөж цемент цутгасан компанийн эзэмшдэг газраас гурван га-д нь автомашины зогсоол барих асуудал яригдаад эхэлсэн нь сайн хэрэг. Цаг алдалгүй хурдан барих хэрэгтэй. Зайсан-Баруун ширээтийн чиглэлд аялагч олонтой учраас Зайсангийн аманд автомашины бөөгнөрөл аль хэдийнэ том асуудал болчихсон. Энэ чиглэлд амралтын өдрүүдэд 300-400 машинтай, дөрөв, таван мянган иргэн явган аялахаар ирдэг гэдэг. Зайсанд барих автомашины зогсоолыг хөрөнгө мөнгө гаргаж барих учраас төлбөр мөнгөтэй байх нь тодорхой. Зогсоол барихад их мөнгө орсон гээд өндөр төлбөр тогтоочихвол утгагүй. Аажимдаа зардлаа нөхөх нь тодорхой учраас энгийн зогсоолууд шиг төлбөр мөнгө тавиад ажиллуулахад машинууд хэдэн зуугаараа үйлчлүүлээд эхэлнэ.

Уул ус, ургамал ногоо тэгширсэн гэж ярьдаг даа, яг тийм газар бол Их тэнгэрийн ам. Их тэнгэрийн амыг гуравхан айл эзэгнэдэг. Богдын энэ аманд амьдардаг гурван айлыг нүүлгэмээр байна. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нь нэг дороо, нийслэлээсээ зайдуу амьдарна гэдэг аюулгүй байдал талаасаа ч байж боломжгүй шийдэл. Ганц бөмбөг хаяхад л төр толгойлдог гурав маань цугаараа сүйдэх учраас төр улсад аюултай. Ард түмнийхээ дунд аж төрвөл аюул багатай гэдгийг хэн ч ухаад ойлгочихно. Адаглаад гурван айл бөмбөгөнд өртлөө гэвэл дэлхий тэгтлээ анхаарч сүйд болохгүй. Харин ард түмнийхээ дунд байгаад ямар нэг осолд өртвөл олноороо сүйдэж гээд анхаарал хандуулна. Тэгээд ч төр толгойлдог гурав маань иргэдийнхээ дунд амьдарвал утаа, замын түгжрэл гээд болохгүй, бүтэхгүй зовлон, асуудлыг нь илүү мэдрэх сайн талтай. Их тэнгэрийн ам онцолж хэлмээр тавиу уужуу, байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар. Туулаас ус татаж хиймэл нуур байгуулж, битүү гэрэл гэгээ болсон амралт аялал жуулчлалын цогцолбор байгуулчихвал түмний зорих дуртай газрын нэг болно. Бага тэнгэрийн амыг ч иргэдэд нээгээд өгчих хэрэгтэй. Ер нь бүх л амыг иргэдэд энэ мэтээр нээлттэй болгох аян цаашид илүү хүчтэй өрнөх нь тодорхой байна.

Төр хурах, Шажин хурах гэж түүх өгүүлсэн, байгалийн сайхан жигдэрсэн амнууд байна. Төр хурахын амны наана түр саатуулах байр бий. Баривчилсан улсыг заавал ийм газарт шорон барьж саатуулах шаардлагагүй. Өөр газарт шилжүүлээд иргэддээ нээж өгөх хэрэгтэй.

Иргэдэд нээлттэй болгох ёстой газрын нэг нь Төв аймгийн дунд насныхны дурсамж шингэсэн Жаргалантын ам. Тэдний зугаалж, ууланд авирч, залуу насны дурсамжаа үлдээсэн энэ газар өдгөө ганцхан эзэнтэй. Богд уулын Хустай, Жаргалантын ам, Түргэний голын хооронд А.Сүхбат аварга томоо гэгчийн хашаа татаад удаж байна. Богд уулын баруун урд хэсгийг тэр чигт нь хашаалсан гэсэн үг. Бүхэл бүтэн уулыг хашаалж авсан хэрнээ бугын хөшөөнөөс өөр гавьтай зүйл хийгээгүй нь олны дургүйцлийг хүргэдэг. УИХ-ын гишүүний суудалд тухалсан А.Сүхбат аварга дэлхий шиг том энэ газрын татварыг өдий олон жил яг таг төлж ирсэн үү. За бараг үгүй болов уу. Газрыг хашаалаад авч болно л доо. Гэхдээ өдий олон жил хэнийг ч аялуулахгүй, цэцэрлэгт хүрээлэн, аялал жуулчлалын цогцолбор гэх мэт олонд өгөөжтэй төсөл хэрэгжүүлэхгүй, ганцаараа хав дарна гэдэг арай л боломгүй явдал. Төв аймагчуудыг аялдаг, зугаалдаг газартай болгооч, хэдэн арван жилийн турш аялж зугаалж ирсэн газрыг нь чөлөөлж өгөөч гэж аваргаас хүсч байна. Өчнөөн жил зүгээр л хашаа хатгаснаас өөрийг хийгээгүйг нь бодохоор газраа чөлөөл гэж хүсэх биш бүр шаардах ёстой байх. Хатуухан хэлэхэд тэнд бугын хөшөөнөөс өөр юм алга. Буга үржүүлэх нэрээр торлож хашаалсан ч тэр энэ гээд хэлчих аятайхан мэдээ лав дуулдсангүй. Хэнийг ч оруулахгүй он удаан жилээр байгалийг хашаалчихаар экосистемийн доройтол гээч болдог гэдэг. Амьтны хөлөөр тоос хүртээлт явагдаж зүсэн бүрийн ургамал дэлгэрдэг нь байгалийн хууль. Хүн, амьтангүй удсан байгальд нэг л төрлийн ургамал давамгайлж, бусад нь ургахаа больдог гэдгийг ургамал судлалын наад захын ойлголттой хэн ч хэлнэ. Хамгийн аюултай нь устаж магадгүй ургамлын төрөл зүйлүүд хогийн ургамалдаа дийлдэж эхэлдэг юм билээ. Шуудхан хэлэхэд А.Сүхбат аварга уулыг хашаалж, хэнийг ч оруулахгүй хөл хорио тавьснаараа байгалийн унаган төрхийг үгүй хийж байна гэсэн үг. Тэгэхээр байгалийг байгалиар нь аварч үлдэх ганц л боломж байна. Жаргалантын ам хавийн хашааг буулгаж иргэдэд нээлттэй болгох.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Зөвхөн эрх барьж байгаа намын хүн сайд болно гэдэг үзэл дэлхийд хоцрогдоод байна” хэмээн “Өдрийн сонин”-д өгүүлжээ

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар хэвлэгдэн, гарлаа.

Уламжлалт “Танайд өнжье” нүүрт Японоос ирсэн аварга робот Скелетоникс”-ийн тухай онцолжээ.

“Эх сурвалжийн мэдээллийн мөрөөр үнэнийг хайсан нь” буланд ЭМЯ, эмнэлгийн дарга нарыг гартаа атгасан “Сетунари”, “Бона вита” компани улсын төсвөөс хэдэн турбумаар нь мөнгө идэж байна” хэмээн өгүүлжээ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “90 минутын бичлэг бүхэлдээ бодит баримт” хэмээн ярьжээ. МАН-ын 60 тэрбумтай холбоотой асуудлаар АН-ын бүлгээс нээлттэй сонсгол хэлэлцүүлэг хийсэн байна.

“Баримт, үзэл бодол” нүүрт “Зөвхөн эрх барьж байгаа намын хүн сайд болно гэдэг үзэл дэлхийд хоцрогдоод байна” хэмээн өгүүлжээ.

“УИХ-аас Парисын хэлэлцээрийг соёрхон баталсан учраас Монгол Улсын бодлогод ямар нэгэн өөрчлөлт орохгүй” хэмээн Д.Оюунхорол сайд ярьжээ.

“Дэлхийн мэдээ” Лондонд шинэ халдлага болсон ч сонгуулиа үргэлжлүүлнэ хэмээн онцолжээ.

“Уран бүтээлч” нүүрт “Яг түүн шиг” шоуны хөтлөгч Э.Цолмонбаяр уригджээ. Тэрбээр “Яг түүн шиг шоу”-г хөтлөхөө больдог ч юм уу гэж бодсон хэмээн ярьжээ.

Доктор Я.Жамбалжав “Монгол орны мөнх цэвдгийн дийлэнхи нь 2060 он гэхэд хайлж дуусах төлөвтэй байна” хэмээн ярьжээ.

“Наадам айсуй” нүүрт үндэсний бөхийн түүх сонирхогч, улсын шүүгч Ж.Цэрэв хууч дэлгэжээ. Тэрбээр “Наймаас арван жилийн давтамжтайгаар дархан аварга цолтон төрдөг” гэж ярьжээ.

“Тояа” хүүхдийн хөгжлийн академиас зохион байгуулдаг Цээж тоолол, соробон сампингийн үндэсний аварга шалгаруулах тэмцээн болсон. Тус академийн захирал Т.Туяа “Спорт” нүүрт “Сампингаар бодож сурсанаар илүү өргөн хүрээнд сэтгэх чадварыг эзэмшдэг” хэмээн ярьжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ спорт

ФОТО: 3*3 сагсан бөмбөгийн тэмцээний нэг агшин

Categories
мэдээ нийгэм

Ирэх өдрүүдэд төв болон говийн аймгуудын нутгаар бороотой

5-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгаар, 6-нд нутгийн зүүн хагаст, 7-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 8-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо орно. Салхи 5-нд ихэнх нутгаар, 6-нд говь талын нутгаар секундэд 15-17 метр, 7, 8-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Бага зэрэг сэрүүсч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. Хугацааны эцсээр говийн бүсийн нутгаар өдөртөө хална гэж Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

“Сагсан бөмбөгийн 3х3” тэмцээн Сүхбаатарын талбайд болж байна

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Гранпри тэмцээн Монгол улсад анх удаа болж байна. Монголын сагсан бөмбөгийн үндэсний холбоо, Олон улсын сагсан бөмбөгийн холбоотой хамтран зохион байгуулж буй тус тэмцээнд 12 орны баг оролцож буй юм. Сүхбаатарын талбайд болж буй тус тэмцээнд Серб, Словени, Бразил, Испани, Голланд, Австрали, Япон, БНАСАУ, Франц, Чех, ОХУ-ын шилдэг багууд дээр зохион байгуулагч орны давуу эрхийн дагуу манай улсаас дөрвөн баг багтсан. Өчигдөр хэсгийн тоглолт болсон бол өнөөдөр медалийн төлөөх шийдвэрлэх тоглолтууд болж байна.

Тэмцээнийг дэлхийн 100 гаруй оронд шууд дамжуулж байгаа бөгөөд Сүхбаатарын талбайд өндөр хурдны интернетийг холбож, 468 хүний суудалтай талбайг зассан байна. Энэхүү тэмцээний шилдэг хоёр баг ирэх долоодугаар сард Японд болох “FIBA 3×3 World Tour”-д оролцох эрхийг авах юм.

Categories
мэдээ нийгэм

Захууд НӨАТ-ын баримт олгодог болно

НӨАТ-ын тухай хууль хэрэгжиж байгаа хэдий ч худалдааны төв, захууд баримт өгдөггүй. Иргэд хүнсний ногоо, мах, гурил будаа болон өргөн хэрэглээний бараагаа захаас ахиухан хэмжээгээр худалдан авдаг. Харин татварын албанаас ирэх долдугаар сараас эхлэн худалдааны төв, захуудыг НӨАТ-ын баримт хэвлэгч машинтай болохыг шаардаж байгаа аж.

Төвлөрсөн зах худалдааны төвүүдийг цахим төлбөрийн системд холбуулахын тулд Татварын ерөнхий газар Нийслэлийн засаг даргатай хамтарсан санамж бичиг байгуулжээ. Санамж бичгийн хүрээнд захууд НӨАТ-ын баримт хэвлэгчтэй болохыг шаардах юм байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхий сайдын мэдээллийг сонсоно

Ерөнхий сайдын мэдээллийг сонсоно зурган илэрцүүд

УИХ-ын даргын зөвлөл хуралдаж, ирэх долоо хоногт чуулган, байнгын хорооны хуралдах хуваарь, хэлэлцэх асуудлыг баталжээ.

НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

06 дугаар сарын 05-ны Даваа гарагт:

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис Хаан” танхимд.

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

06 дугаар сарын 05-ны Даваа гарагт:

  • Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 09.30 цагаас 334 тоот өрөөнд;
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;
  • Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
  • Үндэсний хөгжлийн газрын даргын мэдээллийг сонссонтой холбогдуулан Байнгын хорооноос гарах шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд.

06 дугаар сарын 06-ны Мягмар гарагт:

  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх ажлын талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, холбогдох албан тушаалтнууд оролцсон хэлэлцүүлэг 10.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд.

06 дугаар сарын 07-ны Лхагва гарагт:

  • Эх, хүүхдийн эрүүл мэндийн тухай хуулийн төслийг танилцуулах уулзалт, хэлэлцүүлэг 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
  • Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгтгэн хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд.

06 дугаар сарын 09-ний Баасан гарагт:

  • “Монгол Улсын хүн амын хүнс, шим тэжээлийн өнөөгийн нөхцөл байдал” сэдэвт хэлэлцүүлэг 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд.

ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

06 дугаар сарын 06-ны Мягмар гарагт:

1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны тухай 2016-2017 оны хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Нэмэлт зээлийн болон төслийн гэрээний төсөл /Засгийн газар 2017.05.29-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;
  • Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиудын төсөл /Засгийн газар 2017.05.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

2.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2017.04.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2017.04.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар 2017.06.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/.

3.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа нарын 7 гишүүн 2017.04.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төсөл;
  • Боловсролын тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар санал, дүгнэлт гаргах шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайлан;
  • Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоол, Боловсролын тухай, Дээд боловсролын тухай, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайлан.

06 дугаар сарын 07-ны Лхагва гарагт:

1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны тухай 2016-2017 оны хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Нэмэлт зээлийн болон төслийн гэрээний төсөл /Засгийн газар 2017.05.29-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;
  • “Монголбанканд хийсэн шалгалттай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны үйл ажиллагааны тайлан;
  • Үндэсний статистикийн хорооны 2016 оны үйл ажиллагааны тайлан;
  • Үндэсний хөгжлийн газрын даргын мэдээллийг сонссонтой холбогдуулан Байнгын хорооноос гарах шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт /Байнгын хорооны тогтоолын төсөл/;
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын чиглэлээр 2017 оны Улсын төсөв, Эдийн засгийг сэргээх хөтөлбөрт туссан зорилт, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний хэрэгжилт, стратегийн томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлын явцын талаархи Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын мэдээлэл.

2.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Олон улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.05.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны тухай 2016-2017 оны хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Нэмэлт зээлийн болон төслийн гэрээний төсөл /Засгийн газар 2017.05.29-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх/;
  • Монгол Улсын Засгийн газар, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн хооронд байгуулсан “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.06.02-ны өдөр ирүүлсэн, соёрхон батлах/;
  • Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт-Импорт банк хоорондын хөнгөлөлттэй зээлийн Ерөнхий хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.06.02-ны өдөр ирүүлсэн, соёрхон батлах/;
  • Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Ард Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.06.02-ны өдөр ирүүлсэн, соёрхон батлах/.

06 дугаар сарын 08-ны Пүрэв гарагт:

1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиудын төсөл /Засгийн газар 2017.05.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.

ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

06 дугаар сарын 08, 09-ний Пүрэв, Баасан гарагт:

  • “Монголбанканд хийсэн шалгалттай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиудын төсөл /Засгийн газар 2017.05.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар 2017.06.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2017.04.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2017.04.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа нарын 7 гишүүн 2017.04.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын Засгийн газар, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн хооронд байгуулсан “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.06.02-ны өдөр ирүүлсэн, соёрхон батлах/;
  • Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт-Импорт банк хоорондын хөнгөлөлттэй зээлийн Ерөнхий хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.06.02-ны өдөр ирүүлсэн, соёрхон батлах/;
  • Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Ард Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.06.02-ны өдөр ирүүлсэн, соёрхон батлах/;
  • Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Олон улсын гэрээний тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.05.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиудын төсөл /Засгийн газар 2017.05.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: “Эрчим хүчний салбарт хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын явцын талаар”.
Categories
мэдээ улс-төр

Хөнгөлөлттэй зээлийг дэд бүтцийн салбарт зарцуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Бүгд найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Модитой уулзаж, хоёр орны харилцаа хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

Халуун дулаан уур амьсгалтай болсон энэ уулзалтын үеэр өнө эртний уламжлалт түүхэн болон соёлын хэлхээ холбоотой манай хоёр орны өнөөгийн хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн зарчмаар тууштай өргөжин хөгжиж байгаад хэн хэн нь сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

Эрхэмсэг ноён Ерөнхий сайд Н.Модигийн 2015 оны 5 дугаар сард Монгол Улсад хийсэн айлчлал манай хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан түүхэн үйл явдал болсныг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат онцолсон.Эрхэмсэг ноён Нарендра Модигийн айлчлалыг Монголчууд халуун дотноор дурсдаг бөгөөд айлчлалын үеэр тохирсон асуудлууд амжилттай хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байгааг тэмдэглэлээ.

Ерөнхий сайд Нарендра Моди дээрх айлчлалын үеэр түүнд бэлэглэсэн морийг дурсаж, мөн Гандантэгчэнлин хийдийн хашаанд тарьсан түүний мод хир ургаж байгааг лавласан. Гандантэгчэнлин хийд гол дугандаа зориулж Бурханбагш, түүний хоёр шавийн сэрэг дүрийг Энэтхэгийн талаар хийлгэж байгаа. Мөн дээрх айлчлалын үеэр бэлэглэсэн хорт хавдрын эсрэг тоног төхөөрөмж Монголчуудын эрүүл мэндэд чухал дэмжлэг болж байгааг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэлсэн.

Айлчлалын чухал үр дүнгийн нэг болох БНЭУ-аас Монгол Улсад олгож буй 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг төмөр замын салбарт зарцуулах төлөвлөгөөтэй байсан ч Монгол Улсын Засгийн газар зарцуулалтыг өөрчилж дэд бүтцийн олон салбарт зарцуулах төлөвлөгөөтэй байгаа юм. Энэ өөрчлөлтийг БНЭУ-ын тал дотоод журамдаа нийцүүлэн хэлэлцэх ёстой бөгөөд аль болох Монгол Улсын талд ашигтай зарцуулалтыг дэмжинэ гэдгээ эрхэмсэг ноён Ерөнхий сайд хэлсэн.

Монгол Улсын Засгийн газрын зүгээс БНЭУ-аас авах нэг тэрбум ам.долларын хөнгөлттэй зээлээр төмөр зам, автозам, нефьт боловсруулах үйлдвэрийг барьж, импортоор авч байгаа энэ нэр төрлийн бүтээгдэхүүний гадагшаа гарах урсгалыг дотооддоо үлдээх төлөвлөгөөтэй байгаа аж.

Хоёр орны Ерөнхий сайд нарын уулзалтын үеэр шийдэгдсэн бас нэг томоохон шийдвэр бол БНЭУ-ын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотноо мэргэжлийн Энэтхэг багш нар бүхий иж бүрэн сургууль байгуулах тухай асуудал юм. Мэдээллийн технологи, IT чиглэлийн мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр дэлхийд тэргүүлж байгаа тус улсын туршлага шинээр байгуулах сургуулиар дамжин Монголын залууст үлдэх юм.

Манай хоёр орны худалдааны эргэлт 2016 оны байдлаар 27 сая ам.доллар, үүнээс экспорт 2.2 сая ам.доллар, импорт 24.8 сая ам.долларт хүрчээ. Энэтхэг Улс манайхаас уул уурхайн бүтээгдэхүүн, тухайлбал, коксжих нүүрс, хайлуур жонш, зэсийн баяжмал, уран, төмрийн хүдэр зэрэг ашигт малтмал, ноос ноолуур авах сонирхолтой байгааг энэ үеэр илэрхийллээ. Монгол, Энэтхэгийн худалдаа, эдийн засгийн харилцаа нөөц бололцооноосоо хавьгүй доогуур байгаа ч цаашид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх сонирхол хэн хэнд нь байгааг энэ удаагийн уулзалтаар нотоллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.