Categories
мэдээ нийгэм

116 дугаар сургуулийн сурагчид дахин хичээл хаялт зарлажээ

Нийслэлийн 116 дугаар тусгай сургуулийн ахлах ангийн сурагчид дахин хичээл хаялт зарлажээ.

Тэд өмнө нь тавдугаар сарын 10-нд сургуулийнх нь захирал, удирдлагууд сурагчдыг доромжилсон, үзэл бодлыг нь сонсдоггүй зэрэг шалтгаанаар хичээл хаялт зарлаж байсан юм. Улмаар сургуулийнхаа удирдлагуудад шаардлага хүргүүлж байсан. Тэгвэл уг шаардлагын хариуг заасан хугацаанд ирүүлээгүй учраас дахин хичээл хаялт зарлажээ. Хичээл хаялтад тус сургуулийн ахлах ангийн 5-6 сурагч оролцож байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Хотын захын гэр хороололд морьт, нохойтой болон дугуйт эргүүл үүрэг гүйцэтгэж байна

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.

Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэргийн шинжтэй 7637 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 10 нэгж буюу 0.1 хувиар, гэмт хэргийн шинжтэй 1948 үйлдэл бүртгэгдсэн нь 110 нэгж буюу 5.3 хувиар тус тус буурсан байна. Эргүүл дэд хөтөлбөрийн хүрээнд иргэдийн аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүлэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэв журам сахиулах зорилгоор иргэд олноор цуглардаг болон хотын захын гэр хорооллын гудамж талбай орчмын 20 чиглэлд морьт, нохойтой болон дугуйт эргүүл үүрэг гүйцэтгэж байна. Мөн нийслэл хотын гудамж, талбайд үйлдэгдэх гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор “Шөнийн эргүүл” нэгдсэн арга хэмжээг тавдугаар сарын 22-ны өдрөөс эхлүүлсэн. Нэгдсэн арга хэмжээ эхэлснээс хойш гэмт хэрэг, зөрчлийн гаралт буурсан эерэг үзүүлэлт гарч байгаа” гэж танилцуулав.

“Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 3651 дуудлага мэдээлэл ирснээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 136, зөрчлийн шинжтэй 1438 дуудлагад очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулан, 1574 ослыг материалжуулан шалгаж байна. Гудамж талбайд хийсэн шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 714 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 21 хувиар буурсан байна. “Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах” арга хэмжээний хүрээнд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд дүүргийн Татварын хэлтсүүдтэй хамтран татвар төлөөгүй нийт 1383 тээврийн хэрэгслийн гэрчилгээг хураан авч харьяа дүүргийн татварын хэлтсийн байцаагч нарт хүлээлгэн өгсөн” гэж Нийслэлийн цагдаагийн газрын Замын хөдөлгөөний хяналтын газрын дарга, дэд хурандаа Б.Эрдэнэбат хэллээ.

НОБГ-ын дарга, хурандаа Н.Уламбаяр “Цаг уурын байгууллагаас гаргасан урьдчилан сэргийлэх мэдээгээр ойрын өдрүүдэд нийслэл хот орчмоор агаарын хэм тогтвортой байх бөгөөд хуурайшилтын эрсдэлийн “аюултай” зэрэгт байна. Нийслэлийн бүс нутагт цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх ажлыг тавдугаар сарын 27-ны өдөр нэг удаа зохион байгуулсан. Өнгөрсөн 14 хоногт аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 124 удаагийн дуудлагаар Гал түймэр унтраах, аврах ангиуд гарч ажиллан болзошгүй аюулаас 12 хүний амь биеийг аварсан. Баянгол дүүргийн 20-р хороонд байрлах “Мон хөөс” ХХК-ийн хөөсөнцрийн үйлдвэрийн 54х18м хэмжээтэй сэндвичэн барилгад гал гарч, нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 5 ангийн 32 албан хаагч 8 авто машин техник хэрэгсэлтэй ажиллаж унтраасан. Тавдугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 13-р хороонд 9 давхар орон сууцны барилгаас согтуу иргэн амиа хорлох гэсэн дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын аврагч нар шуурхай ажиллаж 24 настай иргэнийг аварч цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн” гэж танилцуулав.

“Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гүний гаалийн хяналтын талбайд хяналт шалгалт хийж, 158 аж ахуйн нэгж байгууллагын 8300 тн бүтээгдэхүүн хяналт шалгалтад хамрагдлаа. “Юбийн кофе хаус” ХХК-ийн Хонконг улсын “Golden future trading” компаниас импортлосон Brazil green arabica, Indonesia green arabica гэсэн 2 нэр төрлийн кофений буурцагны чанар, аюулгүй байдалд хийсэн хяналт шалгалтаар лабораторийн шинжилгээгээр Монгол улсын стандарт “хүн, малын тэжээл дэх микотоксиний үлдэгдлийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ” MNS 6361:2012 стандартын шаардлагаас 16-19 дахин их афлотоксин зөрчил илэрсэн тул 2 нэрийн нийт 390 кг, 7.3 сая төгрөгийн кофены буурцагийг улсын ахлах байцаагчийн актаар хураалаа. “Агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний 5-9 сард хэрэгжүүлэх тусгай төлөвлөгөө”-ний хүрээнд Нарантуул худалдааны төвд ахуйн зуух худалдаалж буй ИААН-д хяналт шалгалт хийж, 5216:2016 MNS стандартын талаар танилцуулж, Нарантуул худалдааны төв болон худалдаачдад зөвлөмж хүргүүллээ. Мөн нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 207 ШТС, 40 АХЦС хяналт шалгалт хийхэд 4 ШТС, 8 АХЦС зохих зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсныг таслан зогсоосон” гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.

Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Маргаашнаас Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлнэ. Дүүрэг, хороодын дарга нар нэр дэвшигчдийн хийх уулзалтад иргэдийн оролцоог жигд хангахад, цагдаагийнхан уулзалт хурлын үеийн аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарч ажиллах хэрэгтэй” гээд нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалтын ажлын эрчмийг сулруулахгүй ажиллах, зургаадугаар сарын 15-ны дотор тендерийг зарлаж дуусгахыг дүүргүүдийн Засаг дарга болон холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов. Мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үе болон нийслэлд зохион байгуулагдах олон улсын арга хэмжээний үеэр аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн үйлчилгээний зарим чиглэлийн замналд өөрчлөлт оруулав

Нийтийн тээврийн үйлчилгээ зурган илэрцүүд

Шадивлангийн авто замын засвар, шинэчлэлтийн ажил бүрэн дууссан тул Ч:22 “Шадивлан-Бөмбөгөр-Чингис Соосэ-Далангийн зам” чиглэлийн замналыг 2.1 км, зуны улирал эхэлж иргэдийн зуслангийн чиглэлд зорчих эрэлт нэмэгдсэнтэй холбогдуулж нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Ч:7 “Нисэх- Төв номын сан-7 буудал” чиглэлийн замналыг “Зунжин худалдааны төв” хүртэл 4.1 км тус тус сунгаж, чиглэлийн замналд холбогдох өөрчлөлтийг оруулав.

Дээрх чиглэлүүдэд орсон өөрчлөлтийг 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс буюу өнөөдрөөс эхлүүлж байна.

Ч:22 “ШАДИВЛАНБӨМБӨГӨР-ЧИНГИС СООСЭ-ДАЛАНГИЙН ЗАМ

Үйлчлэх байгууллага: “Тэнүүн-Огоо” ХХК

Ажлын өдөр: Хүлээгдлийн хугацаа 9 минут, 18 автобус үйлчилнэ.

Амралтын өдөр:Хүлээгдлийн хугацаа 14 минут, 12 автобус үйлчилнэ.

Ч:7НИСЭХ-ТӨВ НОМЫН САН-7 БУУДАЛ-ЗУНЖИН чиглэлд

Үйлчлэх байгууллага: “Авто терминал трейд” ХХК

Ажлын өдөр: Хүлээгдлийн хугацаа 8 минут, 23 автобус үйлчилнэ.

Амралтын өдөр: Хүлээгдлийн хугацаа 11 минут, 16 автобус үйлчилнэ” гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.


Categories
гадаад мэдээ

Лондонд болсон цуврал халдлагыг үйлдсэн гэдгээ “Лалын улс” бүлэглэл хүлээжээ

ЗурагИх Британийн нийслэл Лондон хотод өнгөрсөн бямба гарагт болсон цуврал террорист халдлагын хариуцлагыг лалын босогчдын “Лалын улс” бүлэглэл өөртөө хүлээлээ.

Террорист халдлагыг үйлдсэн гэдгээ “Лалын улс” бүлэглэл өөрийн суртал нэвтрүүлгийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.

Өнгөрсөн бямба гарагийн 22:08 цагийн үед Лондоны гүүрэн дээр тээврийн хэрэгсэлтэй этгээдүүд явган зорчигчдыг дайрч мөргөөд, дараа нь “Borough Market” худалдааны төвөөс холгүй орших газарт болон тус төвийн хажуугийн ресторануудад хүмүүсийг хутгалан шархдуулсан юм.

Их Британийн холбогдох албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, энэ цувралын халдлагын улмаас 7 хүн амь үрэгдэж, 48 хүн эмнэлэгт хүргэгджээ.

Халдлага болсноос хэдхэн минутын дараа хэргийн газраас холгүй байсан гэмт этгээдүүдийг цагдаа нар буудан устгасан юм.

Халдлагатай холбогдуулан 12 хүн, тэдний дотор дөрвөн эмэгтэйг баривчлаад байна.
Categories
гадаад мэдээ

Чуй Сүн Шилийн охиныг суллав

БНСУ-ын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Пак Гын Хе төрийн нууц материалыг найз Чой Сүн Шилдээ задруулсан гэх хэргээр албан тушаалаасаа огцорч, эдүгээ цагдан хорих төвд саатуулагдаж байгаа билээ.

Тэгвэл түүний найз Чой Сүн Шилийн охин Чан Юу Раг өнгөрсөн долоо хоногт Даниас албадан эх орон руу нь буцаасны дараа Өмнөд Солонгосын цагдаа нар саатуулаад байсан юм.

Тэгвэл сүүлд авсан мэдээллээр охиныг нь энэ сарын 3-нд суллажээ. Чан Юу Раг тавдугаар сарын 31-нд Амстердамаас Инчён чиглэлийн онгоцонд сууж, нисэх онгоцны буудалд хүрэхэд нь баривчилжээ.

Прокурорууд түүнийг морин уралдааны бэлтгэл хийх зорилгоор Самсунг компаниас их хэмжээний мөнгө авсан, түүний ээж нь экс Ерөнхийлөгч Пактай дотно байдлаа ашиглан авлига авсан гэх хэрэгт буруутгаж байгаа. Гэхдээ Сөүлийн төв шүүх энэ сарын 3-нд “Баривчлах шалтгаан хангалттай бус” хэмээн үзэж, прокурорын баривчлах хүсэлтэд түдгэлзсэн хариулт өгснөөр түүнийг сулласан байна.

Categories
мэдээ нийгэм

Архангай аймагт хоёр иргэн автомашинтайгаа живж нас баржээ

Живж буй машин зурган илэрцүүдОрон нутгийн замд хурд хэвтрүүлэн яваад осолдож амиа алдах хэрэг гарсаар байгаа тул Замын цагдаагийн газраас хөдөө орон нутгийг зорьж байгаа амрагчдад хурдаа тохируулан явахыг анхааруулсаар байна.

Өнгөрсөн амралтын өдрөөр Архангай аймагт хоёр иргэн автомашинтайгаа живж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Архангай аймгийн Түвшрүүлэх сумын харьяа т Ц /эр.67н/, Д /эр.67н/ нар нь тус сумын Баян гэх нууранд “Эстима” автомашинтай живж нас баржээ. Одоогоор хэргийг шалгаж байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

Шадар сайд НҮБ-ын суурин зохицуулагчийг хүлээн авч уулзана

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийг өөрийн эх орондоо Онцгой байдлын албыг бэхжүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах салбарыг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулж ирсэнийг өндрөөр үнэлж НҮБ-аас “Манлайлагч-Төрийн түшээ”-гээр өргөмжилсөн билээ.

Мөн Монгол Улс Азийн бүс нутгийн болон олон улсын хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулах бодлого тодорхойлоход манлайлах үүрэгтэйгээр оролцох болсоны илэрхийлэл юм гэдгийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Тусгай төлөөлөгч Роберт Глассер онцлон тэмдэглэсэн.

Тэгвэл өнөөдөр Шадар сайд У.Хүрэлсүх Гамшгийн эрсдэлийг бууруулах НҮБ-ын Манлайлагч төрийн түшээгээр өргөмжлөгдсөнтэй холбогдуулан НҮБ-ын суурин зохицуулагч, хатагтай Беате Транкманныг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзах юм.

Уулзалтын үеэр НҮБ, Монгол Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны талаар ярилцана. Уулзалт Шадар сайдын өрөөнд 12:00 цагаас болно гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Сүхбаатарын талбай дахь тэмцээнд Серби улсын баг түрүүлээ

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн гран при “FIBA 3×3 ULAANBAATAR CHALLENGER” тэмцээн өнгсөрсөн амралтын өдрүүдэд Сүхбаатарын талбайд амжилттай зохион болж өнгөрлөө.

Тэмцээнд нийт 16 баг өрсөлдсөнөөс ялагчаар Сербийн Лиман баг шалгарч 10000 долларын шагнал гардан авлаа.

FIBA 3×3 ULAANBAATAR CHALLENGER тэмцээний 2-р байрт дэлхийн чансааг тэргүүлэгч Сербийн Novi Sad Al Wahda баг, 3-р байрт Испанийн Малага баг, 4-р байрт дэлхийн чансааны хоёрдугаарт эрэмбэлэгддэг Словений Ljubljana баг шалгарав.

Сүхбаатарын талбай дахь тэмцээнд Серби улсын баг түрүүлээ

Харин үнэ цэнэтэй тоглогчоор Сербийн Лиман багийн тоглогч Александер Ратков тодорлоо.

Тэмцээнийг 144 орны спорт сонирхогчдод шууд дамжуулан хүргэжээ.


Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа маргааш эхэлнэ

Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа зурган илэрцүүд

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа өнөө шөнийн 24:00 цагт эхэлнэ. МАН-аас УИХ-ын дарга М.Энхболд, АН-аас УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, МАХН-аас С.Ганбаатар нар өрсөлдөнө.

Тэдгээр нэр дэвшигч нь хуульд заасан Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд үзэл баримтлалаа тодорхойлсон сонгуулийн мөрийн хөтөлбөртэй байх үүргийг хуулиараа хүлээж байгаа. Тэдний сонгуулийн мөрийн хөтөлбөр нь Төсвийн тогтвортой байдлын тухай, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд нийцсэн байдалд болон хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийн талаарх тооцоо, судалгааг төрийн аудитын байгууллагаар хянуулсан аж.

Categories
мэдээ цаг-үе

Монголын хүндийн өргөлтийн рекордыг 119 удаа шинэчилсэн Н.Баярмаа гавьяатынх

Монгол Улсын гавьяат тамирчин Н.Баярмаагийнхаас энэ удаагийн “Танайд өнжье” булангаа бэлтгэлээ. азийн цомын аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хүрэл, Зүүн Азийн наадмын мөнгө, хүрэл медальт, хүндийн өргөлтийн спортын ОУХМ энэ мундаг бүсгүй “Олимп” хотхонд хань, охиныхоо хамтаар аж төрөн суудаг юм байна. Биднийг очиход тэрээр охины хамт угтлаа. Хань Р.Мөнх-Оргил нь хөдөө ажлаар явсан байж таарлаа. Түүнийг хараад энэ шавилхан биенээс тэр хүнд төмрийг сэвхийтэл өргөх хүч тэнхээ гардаг гэхээр итгэмээргүй юм хэмээн бодогдох ч тэрээр яах ч аргагүй Монголын хүндийн өргөлтийн спортын домог болсон тамирчин билээ. Н.Баярмаа 18 жил энэхүү спортоор хичээллэхдээ 58, 63, 69 кг-ын жингүүдэд Монголын хүндийн өргөлтийн спортын рекордыг 119 удаа эвджээ.

Ингээд бид цай, цүү уунгаа спортын тухай яриа эхлүүллээ. Түүнийг анх ээж нь спортын замнал руу оруулжээ. Тэрээр “Ээж минь хүүхдүүдийнхээ хүсэл сонирхол, онцлог зэргийг сайтар анзаарч хардаг байсан байгаа юм. Миний хувьд үг дуу цөөтэй, даруухан, намбалаг байрын охин байсан. Гэхдээ сүрхий бяр, тэнхээтэй. Үүнийг ээж минь ажиглаж, спортын хүн болбол тохиромжтой юм байна гэж бодож л дээ. Ингээд 14 настай байхад минь жүдо бөхийн секцэнд явуулахаар болсон юм” гэлээ. Түүний хувьд “Хоршоолол” нийгэмлэгийн жүдо бөхийн секцэнд Очирбат багш дээр явж эхэлжээ. Харин дараа нь “Мяндас” клубт Буядаа багшийн шавь болсон аж. Мэдээж бэлтгэл сургуулилтын үеэр хүчний бэлтгэл хийдэг байж. Гэтэл нэг удаа хүчний бэлтгэл хийж байтал С.Сүхээ гэх хүн “Чи бол яг л хүндийн өргөлтийн спортын хүн байна. Чи миний дүү спортын мастер С.Хөхөө гэдэг хүнтэй очиж уулзаарай. Яг одоо Спортын төв ордон дээр байгаа” хэмээн зөвлөжээ. Н.Баярмаа “Миний хувьд хүчний бэлтгэл хийж байгаа тамирчдаас анхаарал татахуйц байсан юм билээ. Ямартай ч тэр хүний зөвлөснөөр Спортын төв ордныг зорьсон доо. Ингээд л 1998 оны тавдугаар сарын 8-нд Спортын төв ордонд очиж С.Хөхөө багштайгаа уулзаж билээ. С.Хөхөө багш намайг хараад “Чи бол яг хүндийн өргөлтийн хүн байна. Энэ спортоор хичээллэх л хэрэгтэй.

Гэхдээ хоёр спортоор зэрэг хичээллэж болохгүй. Хүний оюун ухаан, бяр чадал хоёр зүйлд хуваагдах юм бол сарнидаг. Тиймээс чи хүндийн өргөлтийг сонгох хэрэгтэй” гэсэн. Би хэдий бөхийн төрлөөр хичээллэх сонирхолтой, багагүй амжилттай байсан хэдий ч ээж, аавтайгаа зөвлөлдсөний дагуу Хөхөө багшдаа итгээд хүндийн өргөлтийг сонгосон юм. Би 20 настайдаа хүндийг өргөлтөөр хичээллэж эхэлсэн юм шүү дээ” гэлээ.

С.Хөхөө багш нь түүнд маш их урам зориг өгсөн ч түүний хувьд өндөр амжилт гаргах эсэхдээ багахан эргэлзсээр байж. Харин гуравхан сар хичээллэснийхээ дараа Өвөрхангай аймагт болсон томоохон тэмцээнд оролцож хүндийн өргөлтийн спортын олон улсын хэмжээний мастерын болзол хангажээ. Энэхүү амжилт нь түүнд онцгой сэтгэгдэл төрүүлж, энэ спортод эргэлт буцалтгүй орох хөшүүрэг болсон байна. Ингээд 1999 онд Грекийн Афин хотноо болсон насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцжээ. Олон улсын тэмцээн уралдаанд нэг ч удаа орж үзээгүй түүний хувьд шууд дэлхийн аваргын тэмцээнд оролцсон нь энэ. Тухайн үед заал талбай тун хомс. Гэсэн ч тэрээр амжилт гаргах том зорилгоо нэг ч удаа умартаж байсангүй гэнэ. Тиймдээ ч харанхуй, бүгчим сургуулийн подвольд шантарч, төвөгшөөлгүй бэлтгэлээ хийдэг байж. Заримдаа бүр лаа асааж байгаад л бэлтгэлээ хийдэг байсан аж. Тэрээр “С.Хөхөө багштайгаа хамт 28 дугаар сургуулийн подвольд бэлтгэлээ хийдэг байлаа. Хэдий амаргүй байсан ч дэлхийн аварга шалгаруулах тэмцээндээ оролцохын тулд бэлтгэлээ заавал хийх ёстой шүү дээ. Харин хүнд нөхцөл байдалд бэлтгэл хийж байгааг минь Монголын олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн гуай дуулсан юм билээ. Тэрээр миний бэлтгэлээ хийж байгаа зааланд бүр өөрөө ирсэн шүү. Намайг хэд өргөж байгаа зэргийг тэрээр сайтар ажиглаж байгаад явсан юмдаг. Ингээд миний дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох зардлыг өгч, мөн хүндийн өргөлтийн спортыг маш сайн дэмждэг болсон. Түүнд үнэхээр их талархаж явдаг” хэмээн дурссан юм. Мөн түүнийг анх бэлтгэл сургуулилт хийж байх үед 15 кг-ын жинтэй зориулалтын эмэгтэй штангны гол Монголд байдаггүй байжээ. Тиймээс 20 кг-ын эрэгтэй штангны гол дээр бэлтгэлээ хийдэг байсан гэнэ. Харин олон улсын тэмцээн уралдаанд оролцоход эмэгтэй штангны голыг өргөхөд дадаж хэвшээгүй учир тун төвөгтэй байж. Харин энэ мэт асуудлаас эхлээд хүндийн өргөлтийн спортын хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан “Нарантуул” худалдааны төвийн захирал Ш.Сайхансамбууд тэрээр маш их баярлаж явдаг байна. “Ер нь хүнд сэтгэлээсээ туслах, дэмжих сэтгэлтэй хүмүүс олон шүү. Үүнээс “Өдрийн сонин”-ы нэрт сэтгүүлч агсан Жамбалын Гангаа ахыгаа дурсахгүй байхын аргагүй. Ж.Гангаа ах маань манай “Хүндийн өргөлтийн холбоо”-ны Удирдах зөвлөлд байдаг байлаа. Намайг маш их дэмждэг, тусалдаг, манай спортын хүнд хэцүүг ойлгодог байсан юм. Их сайн хүн дээ” хэмээн тэрээр дурслаа.

Н.Баярмаа 2004 оны Афин, 2008 оны Бээжингийн олимпод оролцсон билээ. Тэрбээр 2008 оны Бээжингийн олимпод оролцож чамгүй амжилт үзүүлж байсныг та бүхэн тод санаж байгаа болов уу. “2008 оны олимпод оролцоход харьцангуй туршлагатай болчихсон байлаа. Төрөөс ч гэсэн хүндийн өргөлтийн спортыг анхаардаг болчихсон байсан үе л дээ. Мөн багш дасгалжуулагчтайгаа хамтарч ажиллах, хамт олны дэмжлэг туслалцаа гээд маш олон зүйлийн үр дүнд боломжоороо амжилт үзүүлсэн гэж боддог” хэмээв. Хүндийн өргөлтөөр хичээллэсэн энэ хугацаанд бэлтгэлээ дийлэхгүй, ядарч, цуцаад шантарч байсан тохиолдол байгаагүй хэмээн тэрээр бардам хариулсан нь гайхал төрүүлэм. Бэлтгэлээ дуусгачихаад явж чадахгүй сөхөрч байсан ч больё гэж бодсон тохиол түүнд байгаагүй аж. “Эргээд бодоход би хүндийн өргөлтөөр хичээллэж эхэлсэнээсээ хойш нэг ч удаа бэлтгэл таслаагүй. Мөн нэг ч удаа амраагүй юм билээ. Бүх зүйлээ л зөвхөн бэлтгэлдээ зориулдаг байсан” хэмээв. “Таныг энэ спортод тэгтэл нь юу хамгийн ихээр татдаг байсан юм бэ” гэхэд “Үнэхээр тууштай байсан шүү. Ер нь зөвхөн би ч биш л дээ. Спортын төлөө зүрх сэтгэлээ өгсөн хүн бүр л тухайн спортдоо шунан дурладаг байх. Гэхдээ миний залуу нас нэлээд сүрхий дэглэм дунд өнгөрчихсөн байгаа юм. Зөвхөн бэлтгэл сургуулилт л гэсэн маршруттай. Түүнээс өөр ч бодож санах зүйлгүй. Мэдээж энэ бүхэн зорилгынхоо төлөө хийсэн миний алхам. Миний зорилго бол эх орныхоо нэрийг л дэлхийн тавцанд гаргах. Тэнд Намхайдоржийн Баярмаа гэхээс илүү Монгол гэх нэр гардаг. Тиймдээ ч маш том хариуцлага тамирчин бидэнд ирдэг. Үүнийгээ л ухамсарлаж, төрийн дууллаа эгшиглүүлэхийг зорьдог байлаа. Энэ л миний шантралгүй тэмүүлэх гол хүчин зүйл байсан. Ер нь маш олон жил бэлтгэл сургуулилт хийж, гадна дотны тэмцээнд их оролцдог тамирчдын хувьд эх оронч сэтгэлгээ яалт ч үгүй суучихсан байдаг шүү” гэв. Түүний гэрийн халаатны ард хүртэл “Mongolia” гэсэн бичиг байсан юм. Тэрээр “Халаатан дээрээ хүртэл Монгол гэсэн бичигтэй, их үндсэрхэг хүн байгаа биз” хэмээн инээмсэглэлээ.

Н.Баярмаагийн аав Хөвсгөл аймгийн Их-Уул сумынх. Харин түүний бага нас Сонгинохайрхан дүүргийн Баянхошуунд өнгөрчээ. Гэсэн ч тэрээр Хөвсгөл нутаг руугаа явах тун дуртай. Цэнгэг нуур, цэвэр агаар, үзэсгэлэнт байгаль нь түүнд эрч хүч энергийг харамгүй өгдөг гэсэн. 2008 оны Бээжингийн олимпийн бэлтгэлээ Хөвсгөлд хийсэн нь түүний хувьд их олзуурхууштай зүйл болсон хэмээн тэрээр дурссан юм.

Түүний аав Д.Намхайдорж нь Монгол Улсын гавьяат тээвэрчин цолтой, хөдөлмөрч нэгэн бөгөөд мөн л хүндийн өргөлтийн спортоор хичээллэдэг. “Аавын минь спортын замнал их сонирхолтой. Аав, ээж хоёр минь ОХУ-д сургууль төгссөн юм. Аав оюутан байхдаа сонгомол бөхөөр барилддаг байж. Тиймдээ ч сургуульдаа их нэр хүндтэй байсан гэдэг. Харин Монголдоо ирээд хүндийн өргөлтөөр хичээллэж байсан. Энэ нь намайг хүндийн өргөлтийн спортод эв, дүйтэй байхад нөлөөлсөн нь дамжиггүй. Гэхдээ аав минь тээвэрчин болсноосоо хойш тууштай явж чадаагүй юм билээ. Ингээд спортоо орхисон. Гэсэн ч тэтгэвэрт гарсан хойноо дахин хүчний гурван төрөлтөөр хичээллэж эхэлсэн юм. Ахмад, насанд хүрэгчдийн улсын аварга, бүр цаашилбал Ази, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож медаль авсан. Мөн өөрийнхөө насанд дэлхийн рекордыг эзэмшиж явна. Аав минь бидэндээ болоод хойч үедээ үлгэр дуурайл болж яваа сайхан хүн бий. Хүн хичээвэл бүх зүйл болдог гэдгийн тод жишээ бол аавын минь спортод гаргаж буй амжилт гэж би хэлнэ” гэсэн юм. “Аавтайгаа туршлага солилцоно биз” хэмээн асуухад “Би аавын охин л доо. Зүс царайны хувьд ч гэсэн бид хоёр тун чиг адилхан. Ер нь аавтайгаа их аминчхан. Тиймдээ ч бүхий л зүйлс дээр харцаараа ойлголцдог. Надад зааж, зөвлөж багш шиг л байдаг шүү” хэмээсэн юм. Харин түүний ээжийг Ц.Алтанцэцэг гэдэг. Тэрээр Баянхонгор аймгийн уугуул, санхүүч мэргэжилтэй юм байна.

Биднийг ийн ярилцаж байх зуур охин М.Буянхишиг нь хүүхэлдэйн кино үзэж, басхүү зураг зуран завгүй сууна. М.Буянхишиг хоёрдугаар ангид сурдаг аж. Харин сургуульд нь хүргэж өгөх, авах зэрэг ажлыг өвөө, эмээ нь хариуцдаг гэнэ. Өмнө нь шахуу бэлтгэл сургуулилттай байх үед нь өвөө, эмээ нь зээ охиноо харан их тус дэм болдог байжээ. Тэрээр аав, ээждээ үргэлж баярлаж, талархаж явдгаа илэрхийлж байсан. Түүний хань Р.Мөнх-Оргил нь хүндийн өргөлтийн тамирчин. Тиймдээ ч бие биеэ хамгаас их дэмжиж, ойлгодог байна. Энэ тухайд тэрээр “Амжилтад хүрэх ганц зорилготой явсан миний хувьд найз залуутай болно гэдэг боломжгүй зүйл мэт байдаг байсан л даа. Зөвхөн л бэлтгэл сургуулилт, тэмцээн уралдаандаа л бүх цагаа зарцуулдаг байсан болохоор ч аргагүй биз. Ингэж явсаар хүндийн өргөлтийн заалнаасаа л амьдралынхаа ханийг олсон юм шүү дээ. Ер нь бол нас ч 30 хэдийнэ гарчихсан байсан. Гэр бүл зохиох, үр хүүхэд тээж төрүүлэх цаг нь болсон гэж бодсон л доо. Бид хоёр эртнээс бие биенээ мэддэг л дээ. Намайг анх хүндийн өргөлтөөр хичээллэж эхлэхэд л хань маань энэ спортоор хичээллэдэг байсан. Тэгэхээр нэг зааланд л амьдралынхаа бүхий л цагийг хамт өнгөрүүлсэн байгаа юм. Ямартай ч миний хань хүндийн өргөлтийн тамирчин хүн учраас намайг хамгийн их ойлгодог. Хань минь “Алдар” спорт хороонд ажилладаг. Хүнд жингийн Монголын хамгийн сайн тамирчны нэг, спортын мастер цолтой залуу бий. Бид хоёрын хувьд Бээжингийн олимпийн дараа буюу 2009 онд хөөрхөн охинтой болсон. Сонирхуулахад, тэгэхэд О.Гүндэгмаа, Х.Эрдэнэт-Од гээд цөөнгүй эмэгтэй тамирчид маань хэдхэн хоногийн зайтай л үрийн зулай үнэрлэцгээсэн шүү” гэлээ. Түүний хувьд төрчихөөд сар гаруйн дараа нялх биетэй хэдий ч бэлтгэлдээ эргэн орж байжээ. Энэ нь түүнийг спортдоо чин сэтгэлээ зориулж, зорилгынхоо төлөө хэрхэн тууштай зогсдог вэ гэдгийг харуулах нь дамжиггүй. Тэрээр ханийнхаа нурууны бүс, гарын боолт зэргийг хоймрын тавиурынхаа хамгийн дээр тавьжээ. “Ханийнхаа бүс, малгай зэргийг туйлаас хүндэтгэж, дээр залдаг юм. Энд тэнд тавих тун дургүй шүү” хэмээлээ. Гэр бүлийн хоёр хоёулаа тамирчин болохоор ханаар дүүрэн медаль, цом, өргөмжлөл. Нэг ширхэг медаль бүрийн ард олон жилийн хүч, хөдөлмөр, хөлс урссан гэж бодохоор биширмээр.

Хүндийн өргөлтийн спортын уналттай, хүнд хэцүү үеэс эхлээд хөгжилд хүрэх зам хүртэл хамтдаа байсан түүний хувьд 2014 онд хүндийн өргөлтийн спортоосоо зодог тайлсан билээ. Хэрэв өнөөдрийнх шиг хүндийн өргөлтийн спортыг харж үздэг, дэмждэг хүн олон байсан бол түүний амжилт үүгээр ч хязгаарлагдахгүй байсан нь дамжиггүй. Гэсэн ч тэрээр хүнд, хэцүүг умартан Монголын хүндийн өргөлтийг нэгэн шат ахиулж чадсан гавьяатан юм. Монгол Улсын гавьяат тамирчин Н.Баярмаагийн сүүлийн тэмцээн нь Зүүн Азийн наадам байсан бөгөөд тэрээр алтын дайтай мөнгөн медаль хүртсэн. Учир нь алтан медаль хүртсэн тамирчинтай адилхан өргөсөн хэдий ч биеийн жингээс болоод мөнгөн медаль хүртсэн аж. Сүүлийн тэмцээн байсан тул алтан медаль авч, төрийн дуулаа дахин эгшиглүүлэхийг юу юунаас илүү хүссэн нь талаар болсонд багахан харамсч явдгаа тэрээр нуугаагүй юм. Гэхдээ тэрээр энэ спортдоо залуус нас, хүч хөдөлмөр гээд чадлынхаа хэрээр зүтгэсэн гэдгээ онцолж байлаа. Мөн тэрээр “Хүндийн өргөлтийн спорт маш сайн хөгжиж байна. Энэ үед бэлтгэгдэж байгаа тамирчдыг би маш их азтай гэж боддог. Заал талбай хангамж гээд бүх л зүйл байна. Өөрөө л хичээх юм бол амжилт гаргах бүрэн боломж бий. Үүний нэг жишээ манай М.Анхцэцэг. Эх орныхоо нэрийг дуурсгаж, амжилттай яваад нь маш их бахархаж байна. Гэхдээ зөвхөн М.Анхцэцэг гэлтгүй амжилт гаргах боломжтой залуус их байна. Тэднийхээ амжилт бүтээлийг харж бахдаад суух цаг удахгүй ирнэ гэж бодож байгаа. Ямартай ч Хүндийн өргөлтийн спортыг авч яваа тус холбооны удирдлагууд болон, М.Анхцэцэгийн дасгалжуулагч Хосбаяр, дэмжигч байгууллагууд, багш дасгалжуулагчид, нийт тамирчиддаа хамгийн сайн сайхан бүхнийг, их амжилтыг хамтаар хүсмээр байна. Миний хувьд ч тэр хүндийн өргөлтийн тамирчдыг бэлтгэх зорилготой явдаг даа” гэв.

Хүндийн өргөлтийн спорт нь хэдий хүчний спорт хэдий ч техник, сэтгэл зүй хамгаас чухал гэнэ. Мөн энэхүү спортоор хичээллэх гэж буй тамирчны гар, хөлний тэгшхэн байдлыг чухалчилдаг байна. Дайчин чанар, анхаарал төвлөрөл, хурд хүч гээд энэ бүх зүйл нэг шугам дээр давхцаж секунд хүрэхгүй хугацаанд тэсрэлт өгснөөр л тухайн хүнээс хүч гардаг хэмээн тэрээр онцолсон. Ямар ч спортод тодорхой хэмжээний эрсдэл байдаг. Тиймээс бэртэл гэмтлээс аль болох хол байхын тулд бэлтгэл сургуулилтаа зөв төлөвлөж явах нь зүйтэй гэнэ. Мөн намхан нуруутай болдог, тэр дундаа эмэгтэй хүнд таарахгүй спорт гэх зэрэг ойлголт байдаг. Энэ бол ташаа ойлголт гэнэ. Харин ч хүндийн өргөлтөөр хичээллээд бүр ч өндөр болсон хүн байдаг аж. “Олон жил хичээллэсэн ч үр хүүхдээ гаргаад, эрүүл саруул явж л байна. Тиймээс хүүхэд, залуустаа энэ сайхан спортыг сонгож хичээллээрэй гэж зөвлөмөөр байна” гэлээ.

Гадны орнуудаас легионер тамирчин болооч гэсэн хүсэлт сайн тамирчдад багагүй ирдэг. Энэ тухай ямар бодолтой явдаг талаар түүнээс асуухад “Намайг ид бэлтгэл хийж байх үед тийм санал олон ирдэг байсан. Надад бол тэр саналыг хүлээн авах бодол байгаагүй. Тайвань, Турк, Япон зэрэг орнуудаас ирсэн юм. Эдгээр орнуудыг цаг агаарын нөхцөл байдал манайхтай харьцуулахад тэс ондоо. Гэтэл эрс, тэс уур амьсгалтай орны хүн халуун оронд очоод бэлтгэл сургуулилт хийнэ гэдэг хэцүү л дээ. Мөн монгол хүн учраас эх орондоо байх нь л зөв гэж боддог. Тиймдээ ч гадагшаа явах бодол надад байдаггүй байлаа. Гэхдээ миний хувьд легионер тамирчин болоод явж буй хүмүүсийг буруутгахгүй. Өөрийн бодол өөртөө л зөв шүү дээ. М.Анхцэцэгийн хувьд эх орныхоо нэрийг дуурсгахыг хүссэн. Энэхүү саналыг нь ч тэр би хүндэтгэж байгаа” гэв.

Н.Баярмаа зодог тайлсныхаа дараа мэдлэг боловсролдоо анхаарч эрхзүйч мэргэжлээр суралцан мөн энэхүү мэргэжлээрээ магистр хамгаалжээ. Биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй байсан түүний хувьд ийнхүү хос мэргэжилтэй болсон байна. Тэрээр одоогоор Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хороонд бие бялдар хариуцсан сургагч, зааварлагчаар ажилладаг, ахмад цолтой. Хүссэн дуртай ажлаа хийх боломжийг олгосон “Хүч” спорт хорооны Батмөнх даргадаа болон ажлын хамт олондоо туйлаас баярлаж явдгаа илэрхийлсэн юм. Түүний хувьд өөрийн сурсан мэдсэн, туршлагаа бусдадаа харамгүй хуваалцаж 2015 онд Цагдаагийн дэлхийн тоглолтод алба, хаагчдыг бэлтгэн оруулжээ. Өөрөө алтан медаль хүртсэнээс гадна бэлтгэсэн таван тамирчин нь бүгд медаль хүртсэн байна.

Мөн түүнчлэн тэрээр саяхан болсон насанд хүрэгчдийн бодибилдингийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож алтан медаль хүртсэн билээ. Яагаад энэхүү спортыг сонгон хичээллэх болсон тухай асуухад “Би 20-иод жил өндөр ачаалалтай бэлтгэл хийсэн. Тэр ч утгаараа спортоо орхисноос хойш зүрх муудах аюултай байсан. Тийм ч учраас эрүүл, гоо зүйн үүднээс фитнессээр хичээллэж эхэлсэн л дээ. Миний хувьд “Хар ирвэс” клубийн Ш.Амарсайхан багшийн удирдлага дор хичээллэж байгаа. Харин саяхан болсон Улсын аваргад орооч ээ гэх саналыг “Монголын бодибилдингийн холбоо” болон Ш.Амарсайхан багш маань тавьсан. Багш маань “Өдөр тутамдаа хийж буй бэлтгэлээрээ л ороход болохоор байна” гэж урам хайрласан, басхүү дэмжиж тусласан. Ямартай ч тэднийхээ урмыг хугалалгүй амжилттай оролцсондоо баяртай байна. Цаашдаа энэ спортоороо хичээллэх болно. Мөн чадлынхаа хэрээр амжилт гаргахыг хичээнэ” гэсэн юм.

Мэргэжлийн тамирчны цаг наргүй шахуу хуваарьтай олон оныг үдсэн Н.Баярмаа гавьяатынд амралтын өдрөөр саатаж өнжихдөө хүндийн өргөлтийн спортын тухай олон сайхан зүйлийг сонссон юм. Хэдий амралтын өдөр ч гэлээ гавьяат маань гэртээ зүгээр суух дургүй бөгөөд бэлтгэлээ хийдэг юм байна. Ийнхүү Монголын хүндийн өргөлтийн спортын нүүр царай болж, тив, дэлхийд Монголынхоо алтан соёмбот далбааг нэр төртэйгээр өргөсөн гавьяатынхаас хийсэн тэмдэглэлээ энд хүргээд дуусгаж байна.